Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 6-Р САРЫН 16 ӨДӨР
УЛААНБААТАР

Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь төрөөс нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар өмчлөгч, газрын эрх бүхий этгээдээс газрыг бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлНийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хууль тогтоомж
2.1Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэний хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 51 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа газрыг чөлөөлөх харилцаанд энэ хууль үйлчлэхгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна.
3.2Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн зөвхөн гадаадын зээл, тусламж, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний газар чөлөөлөх харилцаанд энэ хууль үйлчилнэ.
3.3Газрыг гэрээгээр ашиглагч этгээдийн газрыг чөлөөлөхөд Иргэний хууль болон энэ хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтална.
4 дүгээр зүйлГазар чөлөөлөхөд баримтлах зарчим
4.1Газар чөлөөлөх үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:
4.1.1хот байгуулалтын болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан газар чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
4.1.2нийгмийн зайлшгүй хэрэгцээг бодит үндэслэлтэйгээр тогтоох;
4.1.3нийтийн эрх ашгийг хангах;
4.1.4газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанаас үүсэх сөрөг үр дагаврыг багасгах;
4.1.5газар чөлөөлөлтөд өртөгчтэй зөвшилцөх замаар оновчтой шийдэлд хүрэх;
4.1.6газар чөлөөлөлтөд өртөгчид сонсох ажиллагаа явуулж, иргэдийн оролцоог хангах, газар чөлөөлөх үйл ажиллагааны талаар урьдчилан мэдэгдэж, танилцуулах;
4.1.7нөхөх олговрын үнэлгээ хийх аргачлал, арга зүй нь ижил тэгш, ил тод байх;
4.1.8газар чөлөөлөх үйл ажиллагаа хуульд үндэслэх;
4.1.9газар чөлөөлөх үйл ажиллагаатай холбоотой төрийн болон хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээлэл, үйл ажиллагаа сонирхогч этгээд болон олон нийтэд нээлттэй байх.
4.2Энэ хуулийн 4.1-д заасан зарчим газар өмчлөгч, газрын эрх бүхий этгээд болон газар чөлөөлөлтөд өртөгч бусад этгээдэд нэгэн адил хамаарна.
5 дугаар зүйлХуулийн нэр томъёоны тодорхойлолт
5.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1"нийгмийн зайлшгүй хэрэгцээ" гэж нийтэд зайлшгүй шаардлагатай, тэдний эрх ашиг, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зориулалттай инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам, сүлжээ зэрэг энэ хуулийн 6.1-д заасан нийтээр ашиглах нийгмийн суурь үйлчилгээний барилга байгууламжийг;
5.1.2"газар чөлөөлөх" гэж энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу газар өмчлөгч, газрын эрх бүхий этгээдтэй харилцан тохиролцож, зөвшилцөх замаар, хэрэв тохиролцоонд хүрээгүй бол шүүхийн шийдвэрийн дагуу газрыг төрийн мэдэлд эргүүлэн авахыг;
5.1.3“газар чөлөөлөлтөд өртөгч” гэж энэ хуулийн дагуу газрыг чөлөөлөхөд хүрсэн, үүний улмаас өмчлөлийн болон газрын эрхээр олгогдсон газар, үл хөдлөх эд хөрөнгөө алдаж байгаа нь нотлогдсон хүн, хуулийн этгээдийг;
5.1.4“газар чөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулагч” гэж аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг;
5.1.5“нөхөх олговор” гэж чөлөөлөлтөд өртсөн газар, үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх орлуулалтын үнэ, эсхүл үнэлгээгээр тооцсон хөрөнгийн үнэ цэнэ, учирсан алдагдлыг нөхөхөд шаардлагатай мөнгөн хөрөнгө, нүүх туслалцааны мөнгөн илэрхийллийг;
5.1.6“төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч” гэж нийгмийн зайлшгүй хэрэгцээний барилга байгууламжийн барилгын ажлын захиалагч, эсхүл газар чөлөөлөлтийн үйл ажиллагааны зардлыг захиран зарцуулах эрх бүхий байгууллага, тэдгээрээс эрх олгосон этгээдийг;
5.1.7“тасалбар болгох өдөр” гэж газар чөлөөлөх судалгаа хийх, нөхөх олговрын үнэлгээ хийх, газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, тооллого эхлэх хугацааг.
6 дугаар зүйлГазар чөлөөлөх үндэслэл
6.1Зөвхөн дор дурдсан зориулалтаар нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлнө:
6.1.1сургуулийн өмнөх боловсрол;
6.1.2ерөнхий боловсрол;
6.1.3эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ;
6.1.4нийгмийн халамжийн үйлчилгээ;
6.1.5нийтийн номын сан, соёлын байгууллага;
6.1.6спортын байгууламж;
6.1.7цахилгаан эрчим хүч;
6.1.8дулаан хангамж;
6.1.9ус хангамж, ариутгах татуурга, нийтийн аж ахуйн үйчилгээ;
6.1.10харилцаа холбооны шугам;
6.1.11авто болон төмөр зам, гүүр;
6.1.12гамшгаас хамгаалах үйл ажиллагаа;
6.1.13гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах;
6.1.14хог зайлуулах, хадгалах, устгах;
6.1.15тохижилт, цэцэрлэгжүүлэлт;
6.1.16явган зам;
6.1.17дугуйн зам;
6.1.18нийтийн тээврийн үйлчилгээ;
6.1.19хийн болон газрын тос дамжуулах хоолой.
6.2Газар чөлөөлөх байршил, талбай нь хот байгуулалтын норм, стандарт, хот байгуулалтын болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан байна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
7 дугаар зүйлГазар чөлөөлөх хүсэлт гаргах
7.1Төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа холбогдох төрийн захиргааны байгууллага, эсхүл түүнээс эрх олгогдсон байгууллага нь газар чөлөөлөх хүсэлтээ аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
7.2Хүсэлт нь дараах шаардлагыг хангасан байна:
7.2.1тухайн төсөл, арга хэмжээ нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин, инженер, техникийн шийдлийн хувьд зайлшгүй талаарх үндэслэл, нотолгоо, танилцуулгыг хавсаргах;
7.2.2тухайн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газрын байршлын хоёроос доошгүй хувилбарыг тодорхойлсон байх.
8 дугаар зүйлГазар чөлөөлөх судалгаа хийх
8.1Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх үндэслэлийг тогтоох болон газар чөлөөлөхөд шаардлагатай төсөв, санхүүжилт, үйл ажиллагаа, газар чөлөөлөлтийн нийгмийн нөлөөллийг урьдчилан тодорхойлох зорилгоор аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгчтэй хамтран газар чөлөөлөх судалгааг хийнэ.
8.2Судалгаа нь бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны тооцоо судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсвийн баримт бичгийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тэдгээр баримт бичгийг батлах, газар чөлөөлөх шийдвэр гаргах үндэслэл болно.
8.3Судалгаанд дараах зүйлийг тусгана:
8.3.1газар чөлөөлөлтөд өртөгчдийн хувьд нөлөөлөл нь хамгийн бага болохыг нотолсон хоёроос доошгүй хувилбарын тооцоо, судалгаа, танилцуулга;
8.3.2чөлөөлөх газрын хэмжээ, байршил, хил зааг;
8.3.3чөлөөлөлтөд өртөх нэгж талбар, эд хөрөнгийн тоо, бүртгэл, тэдгээрийн үнэлгээний төсөөлөл;
8.3.4газар чөлөөлөлтөд шаардагдах зардал, нөхөх олговрын тооцоо;
8.3.5газрын төлбөр төлсөн байдал;
8.3.6нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох;
8.3.7хуульд заасан бусад.
8.4Газар чөлөөлөх, судалгаа хийхэд газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, эд хөрөнгийн бүртгэл тооллого, кадастрын хэмжилт, зураглал болон бусад шаардлагатай мэргэжлийн ур чадвар шаардсан ажлыг зохих зөвшөөрөл бүхий мэргэжлийн этгээдээр хийлгэж болно.
8.5Судалгаагаар газар чөлөөлөлтөд өртөгчийн газрын эрхийн зөрчил нь газрын эрхийг хүчингүй болгох үндэслэлтэй нь тогтоогдсон бол газар чөлөөлөлтөд өртөгчид тооцохгүй бөгөөд газрын эрхийг цуцлах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.
8.6Судалгааг энэ хуулийн 25.1.2-д заасан журмын дагуу хийнэ.
9 дүгээр зүйлГазар, барилга, байгууламжид нэвтрэн орох
9.1Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагч, эсхүл уг байгууллагаас эрх олгосон мэргэжлийн этгээд мэдээлэл цуглуулах үүднээс газар, барилга байгууламжид нэвтрэн орох эрхтэй.
9.2Газар, барилга байгууламжид нэвтрэн орох бол газрын өмчлөгч, газрын эрх бүхий этгээд болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчид урьдчилан мэдэгдэл хүргүүлж, зөвшөөрөл авна.
9.3Газар, байгууламжид нэвтрэн орохдоо газар өмчлөгч, газрын эрх бүхий этгээд болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эсхүл тэдгээрийн төлөөний этгээдийг байлцуулна.
9.4Мэдээлэл цуглуулах явцад зохион байгуулагч байгууллага, холбогдох бусад мэргэжлийн байгууллага, этгээдээс газар чөлөөлөлтөд өртөгчийн газар, үл хөдлөх болон бусад эд хөрөнгөд хохирол учруулсан бол зах зээлийн үнээр тооцож барагдуулна.
10 дугаар зүйлГазар чөлөөлөх үйл ажиллагааны зардал, санхүүжилт
10.1Газар өмчлүүлэх болон газрын хязгаарлагдмал эрхийг олгосон шийдвэр гаргасан, газар ашиглах гэрээ байгуулсан төрийн эрх бүхий байгууллагын харъяалах шатны төсөвт нь тухайн газар чөлөөлөх үйл ажиллагааны зардлыг тусгана.
10.2Газар чөлөөлөх үйл ажиллагааны зардал нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллагын төсөвт тусгагдсан бол тухайн байгууллага нь газар чөлөөлөх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж болох бөгөөд энэ хуульд заасан нөхцөл, журмыг баримтална.
10.3Газар чөлөөлөх үйл ажиллагааны төсөвт дараахь зардлыг оруулна:
10.3.1хөрөнгийн үнэлгээг хийх зардал;
10.3.2газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ;
10.3.3газар зохион байгуулалт, кадастрын хэмжилт зураглал хийх зардал;
10.3.4газар дээрх эд хөрөнгийг буулгах, нүүлгэн шилжүүлэх зардал;
10.3.5газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд өөрчлөлт орохтой холбогдох төлбөр, хураамж.
10.4Газар чөлөөлөх үйл ажиллагааг шаардлагатай бол санхүүжилт шийдэгдэх хүртэл түдгэлзүүлж болно.
11 дүгээр зүйлГазар чөлөөлөх ажлыг эхлүүлэх, түүнийг мэдэгдэх
11.1Төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, газар чөлөөлөх судалгаа, санхүүжилт батлагдахтай зэрэгцэн газар чөлөөлөх ажлыг эхлүүлнэ.
11.2Газар чөлөөлөх ажлыг аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллагатай хамтран дараах дарааллын дагуу зохион байгуулна:
11.2.1газар чөлөөлөлтөд өртөгч нэг бүрт газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэх;
11.2.2газар чөлөөлөлтөд өртөгчтэй хэлцэл хийх, зөвшилцөх;
11.2.3газар чөлөөлөлтөд өртөгчтэй газар чөлөөлөх гэрээ байгуулах;
11.2.4нөлөөлөлд өртөж буй нэгж талбарын эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах;
11.2.5өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг Газрын ерөнхий хуулийн 27.6-д заасан дундын мэдээллийн сангаар дамжуулан холбогдох төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
11.2.6нөлөөлөлд өртөж буй нэгж талбар бүрийн хувийн хэрэгт өөрчлөлтийг бүртгэх.
11.3Газар чөлөөлөлтөд өртөгчид газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлэхийн өмнө Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасныг баримтлан сонсох ажиллагаа явуулах бөгөөд сонсох ажиллагааг энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан судалгааны шатанд хийж болно.
11.4Сонсох ажиллагаагаар газар чөлөөлөлтөд өртөгч этгээдэд тухайн газарт хэрэгжих төсөл, арга хэмжээ нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин, инженер техникийн шийдлийн хувьд зайлшгүй талаарх үндэслэл, нотолгоог танилцуулсан байна.
11.5Сонсох ажиллагаа хийгдсэн тохиолдолд дараах мэдээлэл бүхий газар чөлөөлөх мэдэгдлийг газар чөлөөлөлтөд өртөгчид хүргүүлнэ:
11.5.1газар чөлөөлөлтөд өртөгчийн эрх, үүрэг;
11.5.2чөлөөлөх газрын тойм зураг;
11.5.3газар чөлөөлөх хэлцэл хийх байршил, хугацаа;
11.5.4нөхөх олговор авах эрхийг тасалбар болгох өдөр.
11.6Газар чөлөөлөх мэдэгдлийн маягт, түүнийг хүргүүлэх болон хүргүүлсэнд тооцох журмыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12 дугаар зүйлНөхөх олговор авах эрхийг тасалбар болгох өдрийг тогтоох, тооцох
12.1Газар чөлөөлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулагч нь газар чөлөөлөх үйл ажиллагааны санхүүжилт, газар чөлөөлөх үйл ажиллагаатай уялдуулан нөхөх олговор авах эрхийг тасалбар болгох өдрийг тогтоож, энэ хуулийн 11.5-д заассан мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс эхлэн тооцно.
12.2Тасалбар болгох өдрөөс чөлөөлөх байршилд газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлэхийг хориглох бөгөөд холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.
12.3Нөхөх олговрын үнэлгээг тасалбар болгох өдрөөс өмнө хийнэ.
12.4Нөхөх олговрын үнэлгээг хийснээс хойш нэг жилийн дотор нөхөх олговор олгогдоогүй бол үнэлгээг шинэчлэн тогтоох бөгөөд үнэлгээг дахин хийхэд нөхөх олговрын үнэлгээ буурсан бол анхны үнэлгээгээр гарсан үнээр олгоно.
13 дугаар зүйлНөхөх олговрыг тогтоох
13.1Нөхөх олговрыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан зарчим, арга, аргачлалын дагуу тогтоох бөгөөд нөхөн орлуулалтын үнийг тооцох зарчмаар, эсхүл тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр хийнэ.
13.2Үнэлгээг хийхэд өмчлөлийн газрыг зах зээлийн үнэлгээгээр, газрын хязгаарлагдмал эрхийн газрыг тухайн газрын суурь үнэлгээгээр, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээгээр тус тус тооцож үнэлнэ.
13.3Нөхөх олговрын үнэлгээг хийх зарчим, аргачлал, арга нь бүх нөхөх олговрын үнэлгээнд ижил, нээлттэй, ил тод байна.
13.4Газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд хийх бөгөөд газар чөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулагч байгууллагаас томилсон хөрөнгийн үнэлгээ хийх зөвшөөрөл бүхий үнэлгээчин, үнэлгээний байгууллага хийнэ.
13.5Газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын үнэлгээг газар, үл хөдлөх хөрөнгийн талаарх нотлох баримтад үндэслэн хийх бөгөөд газар, үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаанд бүртгэлтэй тохиолдолд барьцаалагч этгээдэд мэдэгдэнэ.
13.6Нөхөх олговрын үнэлгээг газар чөлөөлөлтөд өртөгч нэг бүртэй зөвшилцөнө.
13.7Газар чөлөөлөлтөд өртөгч нөхөх олговрын үнэлгээг зөвшөөрөөгүй бол өөрийн сонгосон үнэлгээчнээр дахин хийлгэж болно.
13.8Газар чөлөөлөлтөд өртөгчийн болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас сонгосон үнэлгээчний хийсэн үнэлгээний зөрүү таван хувь, эсхүл 10 сая төгрөгийн аль багаас хэтрээгүй бол зөрүүгийн дунджаар тогтооно.
13.9Нөхөх олговрын үнэлгээг харилцан хүлээн зөвшөөрөөгүй, эсхүл энэ хуулийн 13.8-д зааснаас хэтэрсэн бол эцсийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага, эсхүл хөндлөнгийн гуравдагч үнэлгээний байгууллагаар хийлгэх бөгөөд энэ нь эцсийн үнэлгээ болно.
13.10Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.2-д заасны дагуу газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын үнэлгээний аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
14 дүгээр зүйлНөхөх олговрын үнэлгээнд харгалзах хүчин зүйлс
14.1Газар чөлөөлөлтөд өртөгчийн нөхөх олговрын үнэлгээг тогтооход түүний агуулга, орон зай, цаг хугацааны хүчин зүйлсийг харгалзан дараах байдлаар ангилна:
14.1.1байршлын, эсхүл эдийн засгийн хувьд нүүн шилжих;
14.1.2бүтэн, эсхүл хэсэгчилсэн;
14.1.3байнгын, эсхүл түр.
14.2Байршлын хувьд нүүн шилжих гэж газар чөлөөлөлтийн улмаас амьдрах газар болон орон байраа алдаж өөр газарт нүүн суурьшихийг хэлнэ.
14.3Эдийн засгийн хувьд нүүн шилжих гэж газар чөлөөлөлтийн улмаас газар, эд хөрөнгө, орлого, амьжиргааны эх үүсвэрээ алдах болон газар, эд хөрөнгөө ашиглах боломж нь хязгаарлагдахыг хэлнэ.
14.4Газар чөлөөлөлтийн улмаас газар, үл хөдлөх эд хөрөнгөө бүрэн хэмжээгээр ашиглах боломжгүй болох болон газраа хэсэгчлэн алдаж байгаа боловч үлдсэн хэсгийг тухайн зориулалтаар үргэлжлүүлэн ашиглах боломжгүй болж, үнэгүйдсэн бол бүтэн гэж үзнэ.
14.5Хэсэгчлэн алдах гэж газар чөлөөлөлтийн улмаас газар, үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг алдсан боловч үлдсэн хэсгийг тухайн зориулалтаар үргэлжлүүлэн ашиглах боломжтой байхыг хэлнэ
14.6Газар чөлөөлөлтийн улмаас газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг дахин сэргээх боломжгүй болсон бол байнгын гэж үзнэ.
14.7Газар чөлөөлөлтийн улмаас газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрх нь хэвээр хадгалагдах боловч тухайн газар, үл хөдлөх эд хөрөнгийг тодорхой хугацаанд хэвийн ашиглах боломжгүй бол түр зуурын гэж үзнэ.
14.8Газар чөлөөлөх нөлөөлөлд өртөгчид учирсан хохирлыг зах зээлийн үнэ, нөхөн орлуулалтын үнийн аль өндрөөр тооцож барагдуулна.
14.9Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, эсхүл газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх тохиолдолд энэхүү үнэлгээг нөхөх олговрын үнэлгээнд харгалзан үзнэ.
14.10Нөхөх олговрын үнэлгээг энэ хуулийн 14.1-д заасныг харгалзан газрыг нөхөх олговортойгоор бүрэн чөлөөлөх, газрыг газраар солих, үл хөдлөх хөрөнгийн үнийг авч ижил нөхцөлтэй газарт суурьших зэрэг хувилбаруудыг харгалзаж үзэх бөгөөд эдгээр хувилбаруудад холбогдох үнэлгээ, тооцоог энэ хуулийн 24.1.3-д заасан журмын дагуу тогтооно.
14.11Газар, үл хөдлөх эд хөрөнгө, орлогын эх үүсвэрийн болон аж ахуйн үйл ажиллагааны алдагдал, газар тариалан, бэлчээрийн үнэлгээ, нүүх, нөхөн сэргээх туслалцаа болон бусад холбогдох үнэлгээ, тооцоог хийх журмыг энэ хуулийн 24.1.3-д заасан журамд тусгасан байна.
14.12Газар чөлөөлөлтөд өртөгчид олгосон нөхөх олговор, дэмжлэг, туслалцаанд аливаа татвар, төлбөр, хураамж ногдуулахгүй бөгөөд холбогдох татварын хуулиар зохицуулна.
15 дугаар зүйлХэлцэл хийх
15.1Газар чөлөөлөлтөд өртөгч нь хэлцэл хийх огноо, байршил, олгох нөхөх олговор, дэмжлэг туслалцааны талаарх мэдээллийг агуулсан газар чөлөөлөх мэдэгдлийн дагуу газар чөлөөлөх асуудлаар хэлцэл хийх бөгөөд газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, холбогдох бусад нотлох баримтыг үзүүлнэ.
15.2Хэлцэлийг тохиролцоонд хүртэл хэд хэдэн удаа хийж болох бөгөөд хэлэлцээр хийж дуусах хугацаа нь хэлцэл эхэлснээс хойш нэг сараас илүүгүй байна.
15.3Газар чөлөөлөлтөд өртөгчтэй хийсэн хэлцэл, уулзалтыг тэмдэглэл үйлдэн баталгаажуулна.
15.4Хэлцэл хийхдээ газар чөлөөлөлтөд өртөгчийг шаардлагатай мэдээ, тооцоо судалгаагаар хангана.
16 дугаар зүйлГэрээ байгуулах, нөхөх олговрыг олгох
16.1Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан хэлцэлийн дүнд зохион байгуулагч байгууллага, газар чөлөөлөлтөд өртөгч тохиролцоонд хүрсэн бол талууд газар чөлөөлөх гэрээ байгуулна.
16.2Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан хэлцэлийн дүнд зохион байгуулагч байгууллага, газар чөлөөлөлтөд өртөгч тохиролцоонд хүрсэн бол талууд газар чөлөөлөх гэрээ байгуулна.
16.3Газар чөлөөлөх гэрээний үлгэрчилсэн загварыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
16.4Нөхөх олговрын 30 хувийг газар чөлөөлөлтөд өртөгчтэй газар чөлөөлөх гэрээ байгуулснаар, үлдэгдэл 70 хувийг газраа чөлөөлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсний дараа олгоно.
17 дугаар зүйлГазар, үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлэх
17.1Газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газар чөлөөлөх гэрээг байгуулж, олговол зохих нөхөх олговрыг бүрэн олгосны дараа шилжүүлэх бөгөөд энэ тухай газар чөлөөлөх гэрээнд тусгана.
17.2Газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлэх асуудлыг энэ хуулийн 28.1.2-т заасныг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна.
18 дугаар зүйлБаримтжуулалт
18.1Газар чөлөөлөх үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан эсэхийг хянах, нотлох баримт цуглуулах, тайлагнах болон бусад шаардлагын үүднээс аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газар чөлөөлөх үйл явцыг баримтжуулна
18.2Газар чөлөөлөх үйл ажиллагаанд дараах баримтыг бүрдүүлж хадгална:
18.2.1батлагдсан зураг, төсөл;
18.2.2газар зохион байгуулалтын төлөвлөгөөний холбогдох хэсэг;
18.2.3газар чөлөөлөх судалгааны баримт бичиг;
18.2.4газар чөлөөлөлтөд өртөгч болон холбогдох бусад этгээдэд хүргүүлсэн мэдээлэл, мэдэгдэл;
18.2.5сонсох ажиллагаа явуулсан зар, тэмдэглэл;
18.2.6тасалбар болгох өдөр, хэлэлцээр хийх, нэвтрэн орох тухай мэдэгдэл;
18.2.7газар чөлөөлөлтөд өртөгчийн эрх, үүрэг;
18.2.8нөхөх олговор, түүний үнэлгээ;
18.2.9чөлөөлөх газарт оршин суугч, өртөгч хүн ам, өрх, газар, үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, бүртгэл, холбогдох асуулгын хуудас;
18.2.10нөхөх олговор хүлээн авсан санхүүгийн баримт;
18.2.11газар чөлөөлөх гэрээ;
18.2.12гарсан гомдол, санал, түүний шийдвэрлэлт;
18.2.13үл хөдлөх эд хөрөнгө, хуулийн этгээдийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;
18.2.14үл хөдлөх эд хөрөнгийн эрх дуусгавар болгосон болон өөрчлөлт оруулсан баримт;
18.2.15нөлөөлөлд өртсөн газар, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн, аливаа өр төлбөргүй болохыг нотолсон бичиг;
18.2.16газар хүлээлцсэн акт.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТӨД ӨРТӨГЧ, ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
19 дүгээр зүйлГазар чөлөөлөлтөд өртөгч
19.1Тасалбар болгох өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөлтөд хамрагдах байршилд байгаа дараах этгээдийг газар чөлөөлөлтөд өртөгчид тооцно:
19.1.1газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч;
19.1.2газрын хязгаарлагдмал эрх бүхий хүн, хуулийн этгээд;
19.1.3дундын мэдлийн газрын эрх бүхий хүн, хуулийн этгээд;
19.1.4газрыг гэрээгээр ашиглагч.
19.2Энэ хуулийн 19.1.4-д заасан газрыг гэрээгээр ашиглагч гэдэгт Газрын ерөнхий хуулийн дагуу нэг талаас төр, нөгөө талаас газар ашиглагч хооронд байгуулсан гэрээний хүрээнд газар ашиглагч этгээдийг хэлэх бөгөөд Иргэний хуулийн дагуу ашиглагч гуравдагч этгээдэд хамаарахгүй.
20 дугаар зүйлГазар чөлөөлөлтөд өртөгчийн эрх, үүрэг
20.1Газар чөлөөлөлтөд өртөгч нь дараах эрх эдэлнэ:
20.1.1нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газрыг чөлөөлөх үндэслэл нь бодитой, зохистой эсэх, тухайн газрыг зайлшгүй чөлөөлөх шаардлагатай эсэх талаар тайлбар, нотолгоо шаардах;
20.1.2чөлөөлөлтөд өртсөн газар, үл хөдлөх эд хөрөнгөө үнэлүүлэх, мөнгөн хэлбэрээр нөхөх олговор авах, эсхүл газар, үл хөдлөх эд хөрөнгөө орлуулах буюу ойролцоо хэмжээ, чанар, ашигт шинж чанартай газар болон барилга байгууламжаар солих;
20.1.3зөвшилцсөний үндсэн дээр энэ хуулийн 16.2-т заасан нөхөх олговрыг үнэлгээний дүнд нийцүүлэн хослуулан авах;
20.1.4газар чөлөөлөх ажиллагааны улмаас алдагдсан орлогын эх үүсвэрээ буюу татвараар нотлогдсон цалин хөлс, бизнесийн цэвэр ашгийн 3 сарын нөхөх олговор авах;
20.1.5нүүн шилжихэд туслалцаа авах;
20.1.6газар чөлөөлөлтийн аливаа асуудал болон нөхөх олговрын үнэлгээ, хэмжээ, нөхцөлийн талаар хэлцэл хийх;
20.1.7газар чөлөөлөх ажиллагааны аль ч үе шатанд эрх бүхий этгээдтэй зөвлөлдөх, санаачлага гаргах, хүсэлт, гомдол гаргах, хариу авах;
20.1.8эрх бүхий байгууллагаас томилсон үнэлгээчний хийсэн нөхөх олговрын үнэлгээг зөвшөөрөөгүй бол түүнээс татгалзах, өөрөө үнэлгээчин сонгох;
20.1.9газар чөлөөлөх ажиллагаатай холбоотой төрийн болон байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг эрх бүхий этгээдээс гаргуулан авах;
20.1.10газар чөлөөлөх, нүүлгэн суурьшуулах, нөхөх олговор зэрэг аливаа асуудлаар мэргэжлийн зөвлөгөөг үнэ төлбөргүй авах;
20.1.11Захиргааны ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу өөрсдийн төлөөлөгчийг итгэмжлэлийн үндсэн дээр газар чөлөөлөх ажиллагаанд оролцуулах;
20.1.12хуульд заасан бусад.
21.2Газар чөлөөлөлтөд өртөгч дараах үүрэг хүлээнэ:
21.2.1газар чөлөөлөх асуудлаар саналаа гаргах, зөвлөлдөх, сонсох ажиллагаанд оролцох;
21.2.2газар чөлөөлөлтөд өртөх байршилд газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч болохыг нотлох баримтыг үнэн зөвөөр зохион байгуулагч байгууллагад гаргаж өгөх;
21.2.3газар чөлөөлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
21.2.4газрын төлбөрийн өргүй байх;
21.2.5газар чөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулагч байгууллага, түүнээс эрх олгогдсон этгээдийг газар, барилга байгууламжид саадгүй нэвтрүүлэх;
21.2.6хуульд заасан бусад.
22 дугаар зүйлГазар чөлөөлөлтөд өртөгчид хориглох зүйл
22.1Газар чөлөөлөлтөд өртөгчид дараах зүйлийг хориглоно:
22.1.1тасалбар болгох өдрөөс хойш зохион байгуулагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар чөлөөлөлтөд өртсөн талбайд газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд нөлөөлөхүйц хэмжээний сайжруулалт, хөрөнгө оруулалт хийх;
22.1.2тасалбар болгох өдрөөс хойш чөлөөлөлтөд өртсөн газар, үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх;
22.1.3газар чөлөөлөх үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ
23 дугаар зүйлУлсын Их Хурлын бүрэн эрх
23.1Улсын Их Хурал нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний газар чөлөөлөх зардлын эх үүсвэрийг газрын асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад тусган батална.
24 дүгээр зүйлЗасгийн газрын бүрэн эрх
24.1Засгийн газар газар чөлөөлөх асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1газар чөлөөлөх талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
24.1.2газар чөлөөлөхөд шаардлагатай зардлыг шийдвэрлүүлэх;
24.1.3газар чөлөөлөх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журмыг батлах.
24.2Засгийн газар нь газар чөлөөлөх үйл ажиллагааны улсын хэмжээний нэгдсэн тайланг Хүний эрхийн үндэсний комисст жил бүрийн 5 дугаар сард багтаан хүргүүлнэ.
25 дугаар зүйлГазрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг
25.1Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газар чөлөөлөх асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.1.1газар чөлөөлөх үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
25.1.2газар чөлөөлөх үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
26 дугаар зүйлХүний эрхийн үндэсний комиссын бүрэн эрх
26.1Хүний эрхийн үндэсний комисс нь Засгийн газраас ирүүлсэн газар чөлөөлөх үйл ажиллагааны улсын хэмжээний тайланд үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 7.1.8-д заасны дагуу өөрийн санаачилгаар хүний эрх зөрчигдсөн эсэх талаар шалгалт, дүн шинжилгээ, гүйцэтгэлийн мониторинг хийж болно.
26.2Энэ хуулийн 26.1-д заасан шалгалт, дүн шинжилгээ, гүйцэтгэлийн мониторингийг тухайн газар чөлөөлөх үйл ажиллагаа дууссанаас хойш нэг жилээс доошгүй хугацааны дараа хийнэ.
26.3Энэ зүйлд заасны дагуу газар чөлөөлөх үйл ажиллагаанд шалгалт, дүн шинжилгээ, гүйцэтгэлийн мониторинг хийсэн тайланг Засгийн газарт хүргүүлнэ.
27 дугаар зүйлГазрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
27.1Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газар чөлөөлөх, нүүлгэн суурьшуулах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
27.1.1газар чөлөөлөх үйл ажиллагаанд улсын хэмжээнд хяналт тавих, зохион байгуулах, аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг мэргэжил, арга зүй, нэгдсэн удирдлагаар хангах;
27.1.2аймаг, нийслэл, хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээний газарт газар чөлөөлөх судалгаа хийх, газар чөлөөлөх үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах;
27.1.3газар чөлөөлөх үйл ажиллагааны тайланг улсын хэмжээнд нэгтгэн дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах.
28 дугаар зүйлУлсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
28.1Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газар чөлөөлөх асуудлаар дараах үүрэг хүлээнэ:
28.1.1тасалбар болгох өдрөөс хойш газар чөлөөлөлтөд хамрагдаж буй нутаг дэвсгэр дэх газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрх, тэдгээртэй холбоотой бусад эрхийн бүртгэлд аливаа өөрчлөлт хийхгүй байх;
28.1.2газрын асуудал эрхэлсэн байгууллагын мэдэгдэл, нотлох баримтын дагуу чөлөөлсөн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрх дуусгавар болсныг бүртгэж хаах, өөрчлөлт хийх, эсхүл уг эрхийг шилжүүлэн авч буй этгээдийн нэр дээр бүртгэх;
28.1.3газар чөлөөлөлтөд өртөгч болон өртөх обьект нэг бүрээр тухайн эд хөрөнгөд үүрэг ногдуулсан бүртгэл, тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдсэн талаарх энэ хуулийн 30.1.8-д заасан нэгдсэн лавлагааг эд хөрөнгийн бүртгэлийн дугаарын хамтаар дэлгэрэнгүй байдлаар цахимаар, эсхүл бичгээр үнэ төлбөргүй гаргаж өгөх;
28.1.4газар чөлөөлөлтөд өртөгч этгээд болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд улсын бүртгэлийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх.
29 дүгээр зүйлАймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг эрх, үүрэг
29.1Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь газар чөлөөлөх асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
29.1.1төсөл, арга хэмжээг санаачлах, зохион байгуулах, хэрэгжүүлэх;
29.1.2газар чөлөөлөлтөд өртөгч болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад газар чөлөөлөхтэй холбогдох шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
29.1.3газар чөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулагч байгууллагаас гаргасан газар албадан чөлөөлөх нэхэмжлэл гаргах хүсэлтийг шийдвэрлэх;
29.1.4хуульд заасан бусад.
30 дугаар зүйлАймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
30.1Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газар чөлөөлөх шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд дараах нийтлэг эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
30.1.1газар чөлөөлөх судалгаа хийх;
30.1.2газар чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээлэл, баримт бичиг, материалыг холбогдох иргэн, хуулийн этгээдээс бүрэн хэмжээгээр, чөлөөтэй, шуурхай авах;
30.1.3газар чөлөөлөх асуудлаар холбогдох талуудтай зөвлөлдөх, мэдээлэл өгөх, санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх, тэдний оролцоо, хяналтыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
30.1.4газар чөлөөлөх шийдвэр батлагдсанаас хойш газар чөлөөлөлтөд өртөгчдийг оролцуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, тэдний оролцоог хангах, санал, гомдол гаргах боломжийг бүрдүүлэх;
30.1.5төрийн болон байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад газар чөлөөлөх үйл ажиллагаатай холбогдох мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох;
30.1.6газар чөлөөлөлтөд хамрагдаж буй нутаг дэвсгэрт байгаа хүн, хуулийн этгээд болон нийтэд газар чөлөөлөх тухай шийдвэр, тасалбар болгох өдрийг мэдэгдэх;
30.1.7тасалбар болгох өдрөөс хойш газар чөлөөлөлтөд хамрагдаж буй нутаг дэвсгэрт байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхтэй холбоотой эрхийн бүртгэлд өөрчлөлт хийхгүй байх талаар эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх;
30.1.8газар чөлөөлөх судалгаа хийх, газар чөлөөлөхтэй холбоотой ажлыг зохион байгуулах зорилгоор газар чөлөөлөлтөд өртөгчдийн эд хөрөнгө өмчлөх эрхийн талаарх нэгдсэн лавлагааг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас цахимаар, эсхүл бичгээр, үнэ төлбөргүй гаргуулан авах;
30.1.9чөлөөлсөн газар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон тухай эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж бүртгэлийг хаалгах, эсхүл уг эрхийг шилжүүлэн авч буй этгээдийн нэр дээр бүртгүүлэх;
30.1.10чөлөөлсөн газартай холбоотой эрхийн болон газрын нэгдмэл сангийн бүртгэл, тооллогод орох өөрчлөлтийг бүртгэх;
30.1.11газар чөлөөлөлтөд өртөгчөөс чөлөөлсөн газрыг актаар хүлээн авах;
30.1.12газар чөлөөлөх нэхэмжлэлийг шүүхэд гаргах;
30.1.13газар чөлөөлөх үйл ажиллагааны нэгдсэн тайланг аймаг, нийслэлийн хэмжээнд нэгтгэн 12 дугаар сарын 15-ны дотор газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тайлагнах.
31 дүгээр зүйлТөсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч, түүний үүрэг
31.1Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч нь дараах үүрэгтэй:
31.1.1газар чөлөөлөх судалгаа хийх;
31.1.2төсөл, арга хэмжээний төсвийг боловсруулахдаа газар чөлөөлөхтэй холбоотой үйл ажиллагаа, зардлыг төсөвлөх, батлуулах;
31.1.3газар чөлөөлөх шийдвэр, газар чөлөөлөлтөд өртөгчтэй байгуулсан газар чөлөөлөх гэрээг үндэслэн нөхөх олговрыг эрх бүхий этгээдэд шилжүүлэх;
31.1.4газар чөлөөлөх асуудлаар аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах.
32 дугаар зүйлДотоод мэдээлэл эзэмшигчийн үүрэг, хариуцлага
32.1Энэ хуульд заасан нийтийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд удирдах, гүйцэтгэх, туслах, зөвлөх байдлаар оролцож байгаа бүх этгээдийг тухайн газар чөлөөлөх үйл ажиллагааны дотоод мэдээллийг эзэмшигч гэж үзнэ.
32.2Дотоод мэдээлэл эзэмшигч, түүнтэй нэгдмэл сонирхол бүхий этгээд нь газар чөлөөлөх үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хувийн зорилгоор ашиглан газар чөлөөлөх нутаг дэвсгэрт газрын эрх авах, гэрээгээр ашиглах болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг аливаа хэлбэрээр олж авах замаар ашиг олох, нөхөх олговор авах буюу завдахыг хориглоно.
32.3Дотоод мэдээлэл эзэмшигч нь газар чөлөөлөх үйл ажиллагааны нийтэд задруулж үл болох мэдээллийг бусдад дамжуулах, мэдэгдэхийг хориглоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
ГАЗРЫГ АЛБАДАН ЧӨЛӨӨЛӨХ НЭХЭМЖЛЭЛ
33 дугаар зүйлАлбадан чөлөөлөх нэхэмжлэл гаргах зөвшөөрөл
33.1Албадан чөлөөлөх нэхэмжлэл гаргах зөвшөөрөл
33.2Газрыг албадан чөлөөлөх нэхэмжлэл гаргах хүсэлтэд газар чөлөөлөх үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийснийг нотлох баримтыг хавсаргана.
33.3Газар чөлөөлөх үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлсэн тохиолдолд хүсэлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор газар албадан чөлөөлөх нэхэмжлэл гаргах зөвшөөрөл олгосон шийдвэр гаргана.
33.4Төсөл, арга хэмжээ, газар чөлөөлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулагч нь газар чөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомж болон энэ хуулийг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд албадан чөлөөлөх зөвшөөрөл өгөхөөс татгалзаж, үйл ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлэхийг үүрэг болгон түүнд буцаана.
34 дүгээр зүйлГазар албадан чөлөөлөх нэхэмжлэл гаргах
34.1Газрыг албадан чөлөөлөх шийдвэрийг зөвхөн шүүх гаргах бөгөөд шүүхийн шийдвэргүйгээр газар албадан чөлөөлөхийг хориглоно.
34.2Эрх бүхий байгууллага нь энэ хуулийн 33.3-д заасан зөвшөөрлийг үндэслэн газар чөлөөлөх гэрээ байгуулаагүй газар чөлөөлөлтөд өртөгчид газрыг албадан чөлөөлүүлэх тухай эрх бүхий этгээдийн зөвшөөрөл гарсныг мэдэгдэнэ.
34.3Энэ хуулийн 34.2-д заасан мэдэгдэлд газар чөлөөлөх хугацааг зааж, тухайн газар чөлөөлөлтөд өртөгчид олгох нөхөх олговор, туслалцаа, дэмжлэгийг дахин санал болгоно.
34.4Энэ хуулийн 34.3-т заасан газар чөлөөлөх хугацаа нь газрыг албадан чөлөөлөх мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногоос хэтрэхгүй байна.
34.5Газар чөлөөлөлтөд өртөгч нь энэ хуулийн 34.3-т заасан саналыг зөвшөөрвөл энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан гэрээг байгуулан нөхөх олговор, туслалцаа, дэмжлэгийг газар чөлөөлөлтөд өртөгчид олгоно.
34.6Газар чөлөөлөлтөд өртөгч нь энэ хуулийн 34.3-т заасан саналыг зөвшөөрөхгүй байгаа боловч нөхөх олговор, туслалцаа, дэмжлэгийг авч болох бөгөөд нөхөх олговор авах болон бусад шаардлагаа үргэлжлүүлэн тавьж болно.
34.7Газар албадан чөлөөлөлтөд өртөгч нь энэ хуулийн 34.2-т заасан мэдэгдэлд дурдсан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол эрх бүхий байгууллага нь газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг харъяалах шүүхэд гаргана.
34.8Газрыг шүүхийн журмаар албадан чөлөөлөх ажлыг 05 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд явуулна.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
35 дугаар зүйлГомдол шийдвэрлэх, хариуцлага
35.1Газар чөлөөлөлтөд өртөгч газар чөлөөлөхтэй холбогдох асуудлаар түүний хэрэгжилтийн аль ч шатанд эрх бүхий этгээдэд гомдол гаргаж болно.
35.2Гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх асуудлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай болон Захиргааны ерөнхий хуульд тус тус заасан журмын дагуу зохицуулна.
36 дугаар зүйлХууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, хохирлыг нөхөн төлүүлэх
36.1Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхтэй холбогдсон хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай албан тушаалтанд зөрчлийн шинж байдал, хохирлын хэмжээг харгалзан эрүүгийн, зөрчлийн болон сахилгын шийтгэл хүлээлгэнэ.
36.2Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхтэй холбоотой хууль тогтоомжийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
36.3Чөлөөлөх газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын үнэлгээг хийх эрх бүхий этгээд буруу хийсэн нь нотлогдвол үнэлгээ хийлгэсэн зардал болон учирсан шууд хохирлыг нөхөх төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.
36.4Дотоод мэдээлэл эзэмшигч нь энэ хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрхийн хувьд хохирсон буюу дордсон этгээд нь өөрт учирсан хохирлоо төлүүлэхээр шаардсан тохиолдолд түүнд учирсан хохирлыг нөхөн төлнө.
36.5Газар зохион байгуулалтын болон хот байгуулалтын баримт бичигт тусгагдаагүй газарт газар чөлөөлөх, нийгмийн зайлшгүй хэрэгцээнээс бусад зориулалтаар газар чөлөөлөх, эсхүл чөлөөлсөн газрын зориулалтыг өөрчлөхийг хориглох бөгөөд зөрчсөн бол буруутай албан тушаалтнаар нөхөх олговрыг буцаан төлүүлж холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
37 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
37.1Энэ хуулийг 2022 оны .......дугаар сарын ...... өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Албан бичиг
(Албан бичиг.pdf)