Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Жигжидийн БАТЖАРГАЛ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 1-Р САРЫН 29 ӨДӨР
УЛААНБААТАР

МАЛЧИН ӨРХИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилго нь малчин, мал, бэлчээрийн харилцан шүтэлцээнд тулгуурлан бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт соёлыг хадгалах, малчдын хамтын менежментийг төлөвшүүлж малчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах, байгалийн нөөц, бэлчээрийг даацад нь тохируулан зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
1.2Энэ хуулийн зорилт нь малчин өрхийн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлМалчин өрхийн холбооны эрх зүйн байдлын хууль тогтоомж
2.1Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль , Газрын тухай хууль , Байгаль орчныг хамгаалах тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээгээр ашиглуулах, гэрээт бэлчээрийн газар дахь байгалийн нөөцийг хууль тогтоомжид заасны дагуу ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд малчдын оролцоог хангах, малчин өрхийн холбооны тогтолцоог өөрөө удирдах ёсны зарчимд нийцүүлэн зохион байгуулахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2Малчин өрхийн эрх зүйн байдалтай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
3.3Гэрээт бэлчээрийн газрыг ашиглахтай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Газрын тухай хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“малчин” гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасныг;
4.1.2“малчин өрх” гэж мал аж ахуй эрхэлж, мал, түүний ашиг шимээр үндсэн орлогоо олдог өрхийг;
4.1.3“Малчин өрхийн анхдагч холбоо” гэж сайн дурын үндсэн дээр, малчдын нийтлэг эрх ашгийн төлөө өөрөө удирдах зарчимд үндэслэн энэ хуулийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдийг.
4.1.4“гэрээт бэлчээрийн газар” гэж Газрын тухай хуулийн 3.1.13-т заасныг;
4.1.5“байгалийн нөөц” гэж гэрээт бэлчээрийн газар дахь байгалийн ургамал, ой, ойн дагалт баялаг, уст цэг, булаг шанд, ан амьтан зэргийг;
5 дугаар зүйлМалчин өрхийн холбооны эрх зүйн байдал, үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1Малчин өрхийн холбоо нь гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус хуулийн этгээд байна. Малчин өрхийн холбоо нь малчин өрхийн анхдагч холбоо, сумын, аймгийн, нэгдсэн холбооны зохион байгуулалттай байна.
5.2Төрийн зарим чиг үүргийг малчин өрхийн холбоогоор хуульд заасны дагуу, эсхүл гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
5.3Малчин өрхийн холбоо үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
5.3.1гишүүдийн оролцоо, үүрэг, хариуцлагын тэгш, шударга байдлыг хангах;
5.3.2үйл ажиллагаа гишүүдэд ил тод, нээлттэй байх;
5.3.3улс төрөөс ангид байх.
6 дугаар зүйлМалчин өрхийн холбооны дүрэм
6.1Малчин өрхийн холбооны дүрэмд дараах асуудлыг тусгана:
6.1.1холбооны оноосон нэр;
6.1.2холбооны бүтэц, зохион байгуулалт;
6.1.3холбооны санхүүжилт, түүнийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах;
6.1.4гишүүний эрх, үүрэг;
6.1.5гишүүн элсүүлэх, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, сэргээх үндэслэл, гишүүнээс гарах;
6.1.6холбооноос хоршоо, нөхөрлөл, компани зэрэг бусад этгээдтэй харилцах зарчим, журам
6.1.7холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах;
6.1.8дүрэм зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага;
6.1.9энэ хуульд заасан бусад.
6.2Дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ. Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар холбогдох татварын албанд бичгээр мэдэгдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МАЛЧИН ӨРХИЙН АНХДАГЧ ХОЛБОО, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
7 дугаар зүйлМалчин өрхийн анхдагч холбоог үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх
7.1Тухайн сумын нутаг дэвсгэр дэх зэргэлдээ малчин өрхүүд бэлчээрийг зохистой ашиглаж, амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, Малчин өрхийн анхдагч холбоо /цаашид “Анхдагч холбоо” гэх/-г үүсгэн байгуулж болно. Анхдагч холбоо нь газар нутгийн онцлог, бэлчээрийн нөхцөл байдлаас хамаарч 20-оос доошгүй малчин өрхийн гишүүнчлэлтэй байна.
7.2Анхдагч холбоог үүсгэн байгуулах хурлыг энэ хуулийн 7.1-д заасан малчин өрхийн төлөөлөл зохион байгуулж, уг хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
7.2.1холбоо үүсгэн байгуулах тухай шийдвэр гаргах;
7.2.2холбооны дүрмийг батлах;
7.2.3холбооны удирдлагын бүтцийг тогтоож, бүрэлдэхүүнийг сонгох, томилох.
7.3Малчин өрх нэг Анхдагч холбооны гишүүн байна.
7.4Холбоог үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
8 дугаар зүйлАнхдагч холбоо, түүний үйл ажиллагаа
8.1Анхдагч холбоо нь хуульд заасны дагуу дараах үйл ажиллагаанд гишүүдийнхээ эрх, ашиг сонирхлыг илэрхийлж, зохион байгуулж оролцоно:
8.1.1малчин өрхийн гишүүнийг боловсрол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдгээрт төрийн мэдээллийг хүргэх;
8.1.2гэрээт бэлчээрийн газар, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;
8.1.3малын эрүүл мэнд, үржил, чанар, ашиг шимийг дээшлүүлэх;
8.1.4мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулахад дэмжлэг үзүүлэх.
8.2Анхдагч холбоо гишүүдийн бүртгэлийг хөтөлнө.
8.3Анхдагч холбооны гишүүн өрхийн малчин нь бусад нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгжийн гишүүн байж болно.
9 дүгээр зүйлБоловсрол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн мэдээллийг хүргэх
9.1Анхдагч холбоо нь малчин өрхийн гишүүдийг боловсрол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн мэдээллийг хүргэх чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ:
9.1.1малчин өрхийн гишүүдийн нарийн мэргэжлийн болон эрүүл мэндийн бусад тусламж, үйлчилгээ авах хүсэлтийг сумын эрүүл мэндийн төвд уламжилж, хамтран ажиллах;
9.1.2малчин өрхийн гишүүдийг албан болон албан бус сургалтад хамруулах;
9.1.3холбогдох байгууллагаас зохион байгуулах мал аж ахуйн үйлдвэрлэлийн арга, технологи, бизнесийн үйл ажиллагааны талаар мэдлэг түгээх, малчдын ур чадварыг сайжруулахад чиглэсэн мэргэжил, арга зүйн зөвлөн нэвтрүүлэх үйлчилгээнд гишүүдийг хамруулах;
9.1.4орон нутгийн удирдлагаас мэдээлэл хүргэх.
9.2Энэ хуулийн 9.1.1-д заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой асуудлыг Эрүүл мэндийн тухай хуулиар , 9.1.2-т заасан боловсрол олгох, сургалтад хамруулахтай холбоотой асуудлыг Боловсролын ерөнхий хууль , Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулна.
10 дугаар зүйлГэрээт бэлчээрийн газар, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх
10.1Анхдагч холбоо нь гэрээт бэлчээрийн газар, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр дараах үйл ажиллагаанд Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу гишүүдийг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ:
10.1.1байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, хөрсний үржил шимийг сайжруулах ажлыг зохион байгуулах;
10.1.2бэлчээрийн ургамлын ургалт, нөхөн сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлаар гэрээт бэлчээрийн газрыг гишүүн малчин өрхөд хуваарьтай ашиглуулах;
10.1.3малын тоог бэлчээрийн даацад тохируулах;
10.1.4байгалийн гамшгаас хамгаалах нөөц бүрдүүлэх, хадлан, тэжээл бэлтгэх;
10.1.5гэрээт бэлчээрийн газар, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглахад хяналт тавих;
10.1.6гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өөр аймаг, сумын малчдын малыг сумын засаг даргын шийдвэрийн дагуу бэлчээрийн даацад тохируулан гэрээт бэлчээрийн газрыг түр ашиглуулахад хяналт тавих;
10.1.7гэрээт бэлчээрийн газарт хорио цээртэй өвчин гарах, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал тархахаас урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд холбогдох арга хэмжээг авах;
10.1.8бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, хөв цөөрөм байгуулах;
10.1.9мал, амьтны сэг зэм устгал, орчны халдваргүйтгэлийн арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
10.1.10газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн хадлан, тариалангийн талбайг ашиглах;
10.1.11гэрээт бэлчээрийн газарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эргүүл хийх, баримтжуулах, таслан зогсоох, мэдээлэх зэргээр эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах;
10.1.12тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх байгаль хамгаалах хөтөлбөр, төлөвлөгөөний төсөлд санал өгөх;
10.1.13байгалийн нөөцийг хамгаалахтай холбогдсон хуульд заасан бусад үүрэг.
10.2Өвөлжөө, хаваржааны орчны газар дахь малын бууцтай холилдсон үүсмэл хөрсөнд тэжээлийн ургамал тариалж болно.
10.3Гэрээт бэлчээрийн газарт энэ хуулийн 10.2-т зааснаас бусад таримал ургамал тарихыг хориглоно.
10.4Гэрээт бэлчээрийн газраас бусад газарт тэжээлийн болон бусад таримал ургамал тариалах асуудлыг Тариалангийн тухай хуулиар зохицуулна.
11 дугаар зүйлМалын эрүүл мэнд, үржлийн ажил, чанар, ашиг шимийг дээшлүүлэх
11.1Анхдагч холбоо нь малын эрүүл мэнд, үржлийн ажил, чанар, ашиг шимийг дээшлүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагаанд гишүүдийг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ:
11.1.1мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж, гарал үүслийг бүртгэх;
11.1.2мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал, амьтны өвчинтэй тэмцэх, малыг эрүүлжүүлэх;
11.1.3малын тарилга, туулга, дархлаажуулалт болон мал эмнэлгийн бусад үйлчилгээнд малыг тогтоосон хугацаанд бүрэн хамруулах, малын эрүүл мэндийн дэвтрийг тогтмол хөтлөх;
11.1.4бүс нутгийн онцлог, уур амьсгалд дасан зохицсон ашиг шим сайтай малыг сонгож, өсгөн үржүүлэх;
11.1.5нэмэлт ажиллах хүч шаардагдах ажлын үед дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
11.1.6малын индексжүүлсэн даатгалд хамруулах.
12 дугаар зүйлМал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулахад дэмжлэг үзүүлэх
12.1Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулах чиглэлээр дараах үйл ажиллагаанд гишүүдийг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ:
12.1.1мал, малын гаралтай түүхий эдийг нэг цэгт төвлөрүүлэн анхан шатны ангилалт, тордолт хийж, чанар, гарал үүслийг хянан баталгаажуулах;
12.1.2чанар, гарал үүслийн баталгаатай мал, малын гаралтай түүхий эдийг хоршоогоор дамжуулан боловсруулах үйлдвэрт борлуулах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
АНХДАГЧ ХОЛБООНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТ
13 дугаар зүйлАнхдагч холбооны удирдлага, зохион байгуулалт
13.1Анхдагч холбооны эрх барих байгууллага нь бүх гишүүдийн хурал, түүний чөлөөт цагт Тэргүүлэгчид байна.
13.2Анхдагч холбооны бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий, бүх гишүүдийн хурлаас сонгогдсон ахлагч /цаашид “Ахлагч” гэх/-тай байна. Ахлагч үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа бүх гишүүдийн хуралд жил бүр хэлэлцүүлнэ.
13.3Анхдагч холбоо Хяналтын зөвлөлтэй байна. Хяналтын зөвлөлийн эрх, үүргийг дүрмээр тогтооно.
14 дүгээр зүйлАнхдагч холбоог төлөөлөх эрх
14.1Ахлагч нь сумын малчин өрхийн холбоонд болон бусад этгээдийн өмнө Анхдагч холбоог төлөөлнө.
14.2Анхдагч холбооны Тэргүүлэгчдийн шийдвэрээр Ахлагчийн эрх, үүргийг аль нэг Тэргүүлэгчид түр шилжүүлж болно.
15 дугаар зүйлБүх гишүүдийн хурлын бүрэн эрх
15.1Анхдагч холбооны бүх гишүүдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
15.1.2Ахлагч болон Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх, огцруулах;
15.1.3гишүүний хураамжийн хэмжээг тогтоох;
15.1.4Анхдагч холбооны жилийн төлөвлөгөө, төсвийг батлах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх;
15.1.5гишүүн малчин өрх гэрээт бэлчээрийн газрыг ашиглах, сэлгэх, нөхөн сэргээх хуваарийг батлах;
15.1.6гишүүн элсүүлэх, гишүүнээс гаргах, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, сэргээх тухай шийдвэр гаргах;
15.1.7Анхдагч холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах;
15.1.8хууль болон холбооны дүрэмд заасан бусад бүрэн эрх.
15.2Бүх гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус хуралдааны хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
15.3Шилжиж ирсэн малчин өрхийг анхдагч холбоонд элсүүлэх шийдвэрийг бэлчээрийн даацад тохируулан сумын Засаг даргын гаргасан саналыг үндэслэн бүх гишүүдийн хурал шийдвэрлэнэ.
16 дугаар зүйлАнхдагч холбооны гишүүнчлэл дуусгавар болох
16.1Анхдагч холбооны гишүүнчлэл дараах үндэслэлээр дуусгавар болно:
16.1.1өөрийн хүсэлтээр холбооны гишүүнээс гарсан;
16.1.2холбооны үйл ажиллагаа дуусгавар болсон;
16.1.3холбооны гишүүнчлэлээс гаргасан.
16.2Гишүүнчлэл нь дуусгавар болсон этгээдийн Анхдагч холбоонд төлсөн гишүүний хураамжийг буцаан олгохгүй.
16.3Дүрэмд өөрөөр заагаагүй бол холбооны гишүүнчлэлээс гарахдаа энэ тухайгаа бичгээр мэдэгдэнэ.
16.4Анхдагч холбооны гишүүнчлэлээс гаргах асуудлыг шийдвэрлэх хуралд тухайн гишүүн өрхийн төлөөллийг оролцуулна. Түүний эзгүйд, өөрийнх нь зөвшөөрснөөр уг шийдвэрийг гаргаж болно.
16.5Гишүүнчлэлээс гаргасан тухай шийдвэрийг тухайн этгээдэд даруй бичгээр мэдэгдэнэ.
16.6Анхдагч холбооны гишүүнээс түдгэлзүүлэх, сэргээх, гишүүнчлэлээс гаргах үндэслэл, журмыг дүрэмд заана.
16.7Гишүүнчлэлээс гаргасантай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх журмыг холбооны дүрэмд зааж болох бөгөөд дүрэмд заагаагүй бол шүүхэд гомдол гаргаж болно.
17 дугаар зүйлБүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах
17.1Дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн ээлжит хурлыг жилд хоёроос доошгүй удаа хуралдуулна.
17.2Дүрэмд заасан бол бүх гишүүдийн ээлжит хурлыг цахимаар явуулж болно.
17.3Хурлын тов, хэлэлцэх асуудлыг Ахлагчийн саналыг үндэслэн Тэргүүлэгчид тогтооно.
17.4Анхдагч холбооны нийт гишүүдийн гуравны нэгээс дээш хувийн саналаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
17.5Дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн хурлын зарыг хурал болохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргэнэ. Хурлын зард хурал болох газар, огноо, цаг, хэлэлцэх асуудлыг тусгана.
17.6Дүрэмд өөрөөр заагаагүй бол Тэргүүлэгчид ээлжит бус хурлын товыг энэ хуулийн 17.4-т заасан санал гарснаас хойш 10 хоногийн дотор багтаан тогтоож, хурал болох газар, огноо, цаг, хэлэлцэх асуудлыг гишүүдэд мэдэгдэнэ.
17.7Тэргүүлэгчид ээлжит бус хурлын товыг энэ хуулийн 17.6-д заасан хугацаанд багтаан товлоогүй бол санаачилга гаргасан гишүүд хурлын товыг тогтоож болно.
17.8Анхдагч холбооны гишүүдэд хурлын зар хүрээгүй бөгөөд үүнийг санаатайгаар хүргүүлээгүй гэж үзвэл гишүүн хяналтын зөвлөлд гомдол гаргаж болно.
17.9Хяналтын зөвлөл энэ хуулийн 17.8-д заасан гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл удирдах зөвлөлийн хурлыг дахин хуралдуулах шийдвэр гаргаж, үүнтэй холбогдон гарах зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.
18 дугаар зүйлБүх гишүүдийн хурал болон түүний шийдвэр хүчин төгөлдөр болох
18.1Анхдагч холбооны нийт гишүүдийн олонх оролцсоноор бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр болсонд тооцно.
18.2Бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүн тус бүр нэг саналын эрхтэй байна.
18.3Бүх гишүүдийн хуралд оролцох малчин өрхийн төлөөлөл нь эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна.
18.4Бүх гишүүдийн хурлаас гарах шийдвэр хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар хүчин төгөлдөр болно.
18.5Дүрэмд өөрөөр заагаагүй бол хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлыг хурлаар хэлэлцэх эсэхийг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
18.6Бүх гишүүдийн хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байх бөгөөд дүрэмд өөрөөр заагаагүй бол түүнд хурал даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.
18.7Хуралдааны тэмдэглэлд дараах мэдээллийг тусгана:
18.7.1хурал болсон, газар, огноо, дугаар;
18.7.2хурал даргалагчийн нэр;
18.7.3хурлаар хэлэлцсэн асуудал;
18.7.4хурлын ирц;
18.7.5хэлэлцсэн асуудал тус бүрээр зөвшөөрсөн, татгалзсан саналын тоо, гарсан шийдвэрийн бүрэн томьёолол.
18.8Бүх гишүүдийн хурлын шийдвэр хууль, холбооны дүрэмтэй зөрчилдсөн гэж үзвэл гишүүн энэ тухай шүүхэд гомдол гаргаж болно.
19 дүгээр зүйлТэргүүлэгчид, түүний эрх, үүрэг
19.1Анхдагч холбоо нь гурваас таван Тэргүүлэгчтэй байх бөгөөд тэдгээрийг хоёр жил тутамд бүх гишүүдийн хурлаас шинэчлэн сонгоно.
19.2Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг Ахлагч зохион байгуулж удирдана.
19.3Тэргүүлэгчид үйл ажиллагаагаа хуралдааны хэлбэрээр явуулна.
19.4Энэ хуульд зааснаас бусад Тэргүүлэгчдийн эрх, үүргийг тухайн холбооны онцлогт тохируулан дүрмээр тодорхойлно.
20 дугаар зүйлАхлагч, түүний эрх, үүрэг
20.1Ахлагчийг гишүүд дундаасаа нэр дэвшүүлж, бүх гишүүдийн хурлаас 2 жилийн хугацаатай сонгоно.
20.2Ахлагч дараах эрхтэй:
20.2.1Тэргүүлэгчдээс олгосон бүрэн эрхийн хүрээнд холбоог төлөөлөн гэрээ, хэлцэл хийх;
20.2.2дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд холбооны эд хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах;
20.2.3дүрэмд заасан бусад.
20.3Ахлагч дараах үүрэгтэй:
20.3.1холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
20.3.2холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг жил бүр бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;
20.3.3холбооны гишүүдийн бүртгэлийг хөтлөх ажлыг зохион байгуулах;
20.3.4Нягтлан бодох бүртгэлийг хуульд заасан журмын дагуу хөтлөх ажлыг зохион байгуулах;
20.3.5санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хуульд заасан журмын дагуу гаргаж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;
20.3.6дүрэмд заасан бусад.
20.4Ахлагчид урамшуулал олгож болох бөгөөд урамшууллын хэмжээг бүх гишүүдийн хурлаас тогтооно.
21 дүгээр зүйлАнхдагч холбооны санхүүжилт
21.1Холбооны санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
21.1.1гишүүний хураамж;
21.1.2хууль тогтоомжийн дагуу олгосон санхүүжилт;
21.1.4энэ хуульд заасан үйл ажиллагаа эрхэлж олсон орлого;
21.1.5гадаад, дотоодын хуулийн этгээд, хувь хүний хандив, тусламж;
21.1.6хууль тогтоомж, дүрэмд заасан бусад эх үүсвэр.
21.2Холбооны хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулна:
21.2.1энэ хуулийн 8.2-т заасан үйл ажиллагаа;
21.2.2дүрэмд заасан бусад.
21.3Малчин өрхийн анхдагч холбоо нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх явцад олсон орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгыг хэрэгжүүлэхэд зарцуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СУМ, АЙМГИЙН БОЛОН УЛСЫН МАЛЧИН ӨРХИЙН НЭГДСЭН ХОЛБОО, ТЭДГЭЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
22 дугаар зүйлСумын малчин өрхийн холбоо, түүний зохион байгуулалт
22.1Анхдагч холбоод нэгдэж, сумын малчин өрхийн холбоог байгуулна.
22.2Сумын малчин өрхийн холбоо /цаашид “Сумын холбоо” гэх/ нь гишүүн Анхдагч холбоо бүрийн Ахлагч нараас бүрдэнэ.
22.3Сумын холбоог үүсгэн байгуулах хурлыг Анхдагч холбоодын саналыг үндэслэн сумын Засаг дарга зохион байгуулна.
22.4Сумын холбоог үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
22.4.1холбоо үүсгэн байгуулах тухай шийдвэр гаргах;
22.4.2холбооны дүрмийг батлах;
22.4.3холбооны зохион байгуулалтыг тодорхойлж, удирдлагыг сонгох.
22.5Сумын холбоог үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
22.6Сумын холбооны хурлыг жилд 1-ээс доошгүй удаа хуралдуулна.
22.7Сумын холбооны даргыг гишүүд дундаасаа нэр дэвшүүлж, 2 жилийн хугацаатай сонгоно.
22.8Сумын холбооны удирдлага, зохион байгуулалт, санхүүжилттэй холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг дүрмээр тогтооно.
22.9Сумын холбоо үйл ажиллагаагаа явуулахад сумын Засаг дарга дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.
23 дугаарСумын холбооны үйл ажиллагаа
23.1Сумын холбоо дараах үйл ажиллагааг явуулна:
23.1.1гишүүдийн үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;
23.1.2энэ хуулийн 8.2-т заасан үйл ажиллагааны хүрээнд сумын түвшинд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, энэ талаарх саналаа сумын удирдлагад тавьж шийдвэрлүүлэх;
23.1.3гишүүдийн мал, малын гаралтай түүхий эд бэлтгэх, борлуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
23.1.4сумын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөний төсөлд санал гаргах;
23.1.5сумын төсвийн төсөл, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх мал аж ахуй, бэлчээр, байгаль хамгаалах арга хэмжээний талаар санал гаргах;
23.1.6гишүүдийн саналд тулгуурлан гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
23.1.7энэ хуулийн 8.2-т заасан үйл ажиллагааны хүрээнд гишүүд, бусад аймаг, сумын холбооны сайн туршлага, үйлдвэрлэлийн шинэ арга технологийг зөвлөн нэвтрүүлэх үйлчилгээг зохион байгуулах.
24 дүгээр зүйлАймгийн малчин өрхийн холбоо, түүний зохион байгуулалт
24.1Сумын малчин өрхийн холбоод нэгдэж, аймгийн малчин өрхийн холбоог байгуулна.
24.2Аймгийн малчин өрхийн холбоо /цаашид “Аймгийн холбоо” гэх/ нь Сумын малчин өрхийн холбоо бүрээс сонгогдсон 2 гишүүний төлөөллөөс бүрдэнэ.
24.3Аймгийн холбоог үүсгэн байгуулах хурлыг сумын холбоодын саналыг үндэслэн аймгийн Засаг дарга зохион байгуулна.
24.4Аймгийн холбоог үүсгэн байгуулах хурлаар энэ хуулийн 22.4.1-22.4.3-т заасан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
24.5Аймгийн холбоог үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
24.6Аймгийн холбооны даргыг гишүүд дундаасаа нэр дэвшүүлж, Аймгийн холбооны хурлаас 3 жилийн хугацаатай сонгоно.
24.7Аймгийн холбооны удирдлага, зохион байгуулалт, санхүүжилттэй холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Аймгийн холбооны дүрмээр тогтооно.
25 дугаар зүйлАймгийн холбооны үйл ажиллагаа
25.1Аймгийн холбоо дараах үйл ажиллагааг явуулна:
25.1.1сумын холбооны үйл ажиллагааг дэмжих, гишүүдийн хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;
25.1.2энэ хуулийн 8.2-т заасан үйл ажиллагааны хүрээнд аймгийн түвшинд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа аймгийн удирдлагад тавьж шийдвэрлүүлэх;
25.1.3аймгийн төсвийн төсөл, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх мал аж ахуй, бэлчээр, байгаль хамгаалах арга хэмжээний талаар санал гаргах;
25.1.4аймгийн хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт санал гаргах.
26 дугаар зүйлМалчин өрхийн нэгдсэн холбоо, түүний зохион байгуулалт
26.1Аймгийн малчин өрхийн холбоод нэгдэж, улсын хэмжээнд Малчин өрхийн нэгдсэн холбоог /цаашид “Нэгдсэн холбоо” гэх/ байгуулна.
26.2Нэгдсэн холбоонд аймгийн холбоодыг аймгийн холбооны дарга нар төлөөлнө.
26.3Нэгдсэн холбоог үүсгэн байгуулах хурлыг аймгийн холбоодын саналд үндэслэн хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн зохион байгуулна.
26.4Нэгдсэн холбоог үүсгэн байгуулах хурлаар энэ хуулийн 22.4.1-22.4.3-т заасан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
26.5Нэгдсэн холбоог үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
26.6Нэгдсэн холбооны Тэргүүнийг гишүүд дундаасаа нэр дэвшүүлж, 4 жилийн хугацаатай сонгоно.
26.7Нэгдсэн холбооны гишүүдийн хурлыг жилд 1-ээс доошгүй удаа хуралдуулна.
26.8Нэгдсэн холбооны удирдлага, зохион байгуулалт, санхүүжилттэй холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг дүрмээр тогтооно.
27 дугаар зүйлНэгдсэн холбооны үйл ажиллагаа
27.1Нэгдсэн холбоо дараах үйл ажиллагааг явуулна:
27.1.1малчин, мал аж ахуй, байгалийн нөөцийн менежментийн чиглэлийн хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох талаар гишүүдийн саналыг нэгтгэн боловсруулж, хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгуулах арга хэмжээ авах;
27.1.2нүүдлийн мал аж ахуйн уламжлалт өв соёл, заншил, мал маллах арга ухааныг сурталчлах;
27.1.3бүс нутгийн болон олон улсын хэмжээнд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай хамтран ажиллах;
27.1.4мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх нэгдсэн сүлжээ бий болгох талаар эрх бүхий байгууллагад санал гаргах;
27.1.5Нэгдсэн холбооны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг хууль тогтоомжийн хүрээнд олж бүрдүүлэх;
27.1.6холбооны мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх.
28 дугаар зүйлМалчин өрхийн холбоонд хориглох үйл ажиллагаа
28.1Малчин өрхийн холбоо нь доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
28.1.1улс төрийн нам, улс төрийн намын байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх;
28.1.2шашин номлох, ухуулан дэлгэрүүлэх зэрэг шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах;
28.1.3үндсэн зорилго, үйл ажиллагаагаа өөрчилж, ашгийн төлөө ажиллах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмнөөс хөрөнгийн баталгаа гаргах.
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД
29 дүгээр зүйлМалчин өрхийн холбооноос төрийн байгууллага, албан тушаалтантай харилцах
29.1Нэгдсэн холбоо нь зорилгодоо хамаарах аливаа асуудлаар бүх шатны төрийн байгууллага, албан тушаалтантай харилцах эрхтэй байна.
29.2Аймгийн болон сумын холбоо нь орон нутгийн зохих шатны удирдлагад холбооны үйл ажиллагааны тайланг танилцуулна.
30 дугаар зүйлМалчин өрхийн холбоонд төрөөс үзүүлэх дэмжлэг
30.1Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын үед Анхдагч холбоонд өвс тэжээлийг хөнгөлөлтэй үнээр олгох болон бусад дэмжлэг үзүүлж болно.
30.2Мал аж ахуйн үйлдвэрлэлд зохистой дадал нэвтрүүлэхэд залуу малчдад зориулсан сургалтын тогтолцоог бий болгох, хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.
31 дүгээр зүйлХолбоог өөрчлөх, татан буулгах
31.1Холбоог өөрчлөх, татан буулгах асуудлыг Иргэний хуульд нийцүүлэн баталсан Холбооны дүрмээр зохицуулна.
32 дугаар зүйлХолбооны тайлан
32.1Холбоо нь үйл ажиллагаагаа хууль, дүрэмд заасны дагуу тайлагнана.
32.2Холбоо үйл ажиллагааны болон санхүүгийн жилийн тайлангаа гишүүдэд нээлттэй байлгана.
32.3Холбоо дүрэмдээ заасны дагуу үйл ажиллагаа, санхүүжилт, түүний зарцуулалтыг гишүүддээ тайлагнана.
32.4Холбоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу татварын тайлан гаргаж, харьяа татварын албанд тайлагнана.
32.5Холбоо үйл ажиллагааны тайлангаа цахимаар хүргүүлж болно. Энэ тохиолдолд тайлан хүлээн авах байгууллагад мэдэгдэнэ.
32.6Холбоо албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаандаа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан албан хэрэг хөтлөлт болон байгууллагын архивт баримтлах журмыг мөрдөнө.
33 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
33.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
33.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
34 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох хугацаа
34.1Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(Танилцуулга дэлгэрэнгүй 24.01.16.docx)