Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2023 ОНЫ 4-Р САРЫН 19 ӨДӨР
УЛААНБААТАР

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж
2.1Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэхтэй холбогдсон харилцаанд үйлчилнэ.
3.2Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар энэ хуульд зааснаас гадна бусад хуульд илүү тааламжтай нөхцөл олгож байгаа бол уг зохицуулалтыг баримтална.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4 .1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4 .1.1“соёлын бүтээлч үйлдвэрлэл” гэж Соёлын тухай хуулийн 3.1.6-д заасныг;
4 .1.2“соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч” гэж соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэх хувь хүн, хуулийн этгээдийг;
4 .1.3“соёлын бүтээгдэхүүн” гэж Соёлын тухай хуулийн 3.1.4-д заасныг;
4 .1.4“соёлын үйлчилгээ” гэж Соёлын тухай хуулийн 3.1.5-д заасныг;
4 .1.5"соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтэц" гэж соёлын бүтээлч үйлдвэрлэлд хөрөнгө, нөөцийн болон дэмжлэг үзүүлэх зорилго бүхий барилга байгууламж, бусад зохион байгуулалтын бүтцийг;
4 .1.6"соёлын бүтээлч үйлдвэрлэлийн парк" гэж тодорхой зорилтыг хэрэгжүүлэх тусгайлсан нутаг дэвсгэр, дэд бүтцийн хангамж, болон бизнесийн таатай орчин бүхий үйл ажиллагаагаар харилцан уялдсан цогцолборыг;
4 .1.7"соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор" гэж соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тодорхой чиглэлийн дэд бүтцийн хангамж, бизнесийн таатай орчин, зохион байгуулалт бүхий байгууламжийг;
4 .1.8"соёлын бүтээлч үйлдвэрлэлийн кластер" гэж газар зүйн байршлын хувьд нэмүү өртөг бий болгох боломжтой зорилго, үйл ажиллагаагаар хорших, төрөлжих хэлбэрээр нэгдсэн зохион байгуулалтад орж хамтран ажиллахыг;
4 .1.9"соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүс" гэж соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, хүний нөөцийг бэлтгэх, хамтарсан үйлдвэрлэл явуулах зэргийг кластержуулах замаар дэмжсэн, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч иргэн, хуулийн этгээд, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагын төвлөрлийн түвшин бусад бүс нутгаас өндөр байгаа байршил, орон зайг;
5 дугаар зүйлСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилго
5.1Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилго нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дэмжиж, үндэсний эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.
6 дугаар зүйлСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд баримтлах зарчим
6.1Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихэд дараах зарчмыг баримтална:
6.1.1нийгмийн түншлэл, иргэдийн оролцоог дэмжсэн байх;
6.1.2орон нутгийн өвөрмөц онцлог, чадавхид үндэслэсэн байх,
6.1.3өрсөлдөх чадварыг дэмжсэн байх;
6.1.4байгаль орчинд ээлтэй байх;
6.1.5судалгаа, шинжилгээнд үндэслэн, дэвшилтэт технологи, инновацад тулгуурласан байх;
6.1.6хөдөлмөр эрхлэлт, аялал жуулчлалыг дэмжсэн, эдийн засгийн үр ашигтай байх;
6.1.7салбар хоорондын уялдааг хангах;
6.1.8ил тод, нээлттэй, тэгш, хүртээмжтэй байх.
7 дугаар зүйлСоёлын бүтээлч үйлдвэрлэлийн хамрах хүрээ, чиглэл
7.1Соёлын бүтээлч үйлдвэрлэлд технологи, инновац, оюуны өмчид суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүтээх, үйлдвэрлэх, түгээх үйл явцыг хамааруулна.
7.2Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хамрах хүрээг дараах байдлаар тодорхойлно:
7.2.1хөгжим, тайзны урлаг, гүйцэтгэн тоглох урлагтай холбоотой бусад салбарууд;
7.2.2кино, дэлгэцийн урлаг, дижитал контент, тоглоом хөгжүүлэлттэй холбоотой салбарууд;
7.2.3дурслэх урлаг, архитектур, дизайн, хувцас загвар, гар урлалтай холбоотой салбарууд;
7.2.4утга зохиол, ном, хэвлэлтэй холбоотой салбарууд;
7.2.5соёлын өв, соёлын үнэт зүйлтэй холбоотой болон бүтээлч орон зай, чөлөөт цагийн үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой салбарууд.
7.3Энэ хуулийн 7.2-д заасан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хамрах хүрээг Соёлын тухай хуулийн 9.1-д заасан үйл ажиллагааны чиглэлтэй нийцүүлэн соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүтээх, үйлдвэрлэх, түгээх үйл явцтай уядуулан нарийвчлан тодорхойлно.
7.4Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хамрах хүрээ, үндсэн чиглэлийг энэ хуулийн 7.3-д заасны дагуу Засгийн газар тогтооно.
7.4Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг Соёлын тухай хуулийн 34.1-д заасны дагуу тогтооно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ТӨРӨӨС ДЭМЖИХ
8 дугаар зүйлҮндэсний соёлын агуулгыг дэмжих
8.1Төрөөс үндэсний соёлын агуулгыг судлах, хөгжүүлэх, хадгалах, түгээн дэлгэрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
8.2Энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийг төсөл шалгаруулах замаар олгох бөгөөд төслийн хамрах хүрээг тодорхойлох, сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батална.
8.3Үндэсний соёлын агуулгыг түгээх, таниулах болон соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор энэ хуулийн 8.4-т заасан Монгол Улсын иргэнд соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичиг (цаашид “эрхийн бичиг” гэх)-ийг төрөөс үнэ төлбөргүй эзэмшүүлнэ
8.4Энэ хуулийн 8.3-д заасан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг 15-18 хүртэлх насны иргэнд жил бүр олгоно.
8.5Энэ хуулийн 8.3-т заасныг хэрэгжүүлж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичиг олгох, хянах, хэрэглэгчийн статистик мэдээлэлд үндэслэн хязгаарлалт тавих, шаардлага тавихтай холбоотой журам болон эрхийн бичгийн санхүүжилтийн хэмжээг Засгийн газар батална.
8.6Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд үндэсний соёлын агуулгыг дэмжих зохицуулалтыг Монгол Улсын олон улсын гэрээний хүрээнд хийж болно.
9 дүгээр зүйлХүний нөөцийн хөгжлийн дэмжлэг
9.1Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх сургалт-үйлдвэрлэлийн уялдааг хангасан тогтолцоог мэргэшлийн үндэсний хүрээнд тулгуурлан хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, төлөвлөгөөг соёлын, боловсрол, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн гишүүн хамтран баталж, хэрэгжүүлнэ.
9.2Аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
9.3Энэ хуулийн 9.1, 9.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллага, боловсролын байгууллага, ажил олгогчдын хамтын ажиллагаанд тулгуурлана.
9.4Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн эрэлттэй мэргэжлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэхэд гарсан зардлыг бүрэн болон хэсэгчлэн олгоно.
9.5Энэ хуулийн 9.4-т заасан арга хэмжээ, журмыг Засгийн газар батална.
9.6Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих чиглэлээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
9.6.1соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл олгох ажлыг зохион байгуулах, холбогдох журмыг батлах;
9.6.2Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт, Засгийн газар хоорондын гэрээтэй орнуудад тэтгэлгээр сургах хөтөлбөрүүдийн тэргүүлэх чиглэлд энэ хуулийн 7.3-д заасан чиглэлийн мэргэжлийг хамруулах арга хэмжээ Боловсролын тухай хуульд нийцүүлэн авах;
9.6.3бүх шатны боловсролын хөтөлбөрт иргэний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, оюуны өмчийн боловсрол олгох агуулгыг тусгах;
9.6.4соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагын эрдэм шинжилгээ, инновацын чадавхыг бэхжүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийн ажилд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах.
9.7Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих чиглэлээр хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
9.7.1мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, дагалдан сургах, ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах, мэргэжлийн ур чадварын тэмцээн, уралдаан зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
9.7.2соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийг туршлага солилцох, гадаад улсад дадлагажих, гадаад ажилтны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;
9.7.3соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолтыг олон улсын аргачлалаар боловсруулах, холбогдох хуульд заасны дагуу батлуулах.
9.8Энэ хуулийн 9.6-д заасан дэмжлэгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр, 9.7-т заасан дэмжлэгийг Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгөөр тус тус санхүүжүүлнэ.
10 дугаар зүйлТехнологийн судалгаа, хөгжүүлэлтийн дэмжлэг
10.1Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүтээх, үйлдвэрлэхэд шаардлагатай технологийг шинээр нэвтрүүлэх, дамжуулах, хөгжүүлэх төсөлд дэмжлэг үзүүлнэ.
10.2Энэ хуулийн 10.1-д заасан дэмжлэгийг өндөр бүтээмжтэй, салбарын инновацын чадавхыг нэмэгдүүлэх эсхүл олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх байдлыг харгалзан үзүүлнэ.
10.3Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн технологи дамжуулалтын шалгуур үзүүлэлт, технологийн үнэлгээ хийх аргачлал, төслийг үнэлэх, шалгаруулах, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журмыг Засгийн газар батална.
10.4Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн технологийн судалгаа, хөгжүүлэлтэд татварын дэмжлэгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үзүүлнэ.
11 дүгээр зүйлСудалгаа, хөгжүүлэлтийн дэмжлэг
11.1Төрөөс соёлын бүтээлч үйлдвэрлэлийн судалгаа, хөгжүүлэлтэд дараах хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ:
11.1.1соёлын бүтээлч үйлдвэрлэлийн судалгаа, хөгжүүлэлтийн төсөл хөтөлбөрийг гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээнд тэргүүн ээлжид хамруулах;
11.1.2соёлын бүтээлч үйлдвэрлэлийн судалгаа, хөгжүүлэлтийн төсөл хөтөлбөрт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлэх;
11.1.3соёлын бүтээлч үйлдвэрлэлд нэвтрүүлэх, нутагшуулах үндэсний болон олон улсын стандартыг боловсруулан батлуулахад дэмжлэг үзүүлэх;
11.1.4энэ хуулийн 10 дугаар зүйлд зааснаас бусад соёлын бүтээлч үйлдвэрлэлийн судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулах зардлын тодорхой хэсгийг санхүүжүүлэх эсхүл зарцуулсан зардлын тодорхой хувийг нөхөн олгож санхүүжүүлэх;
11.1.5соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлого, статистик, инновац, оюуны өмчийн үнэлгээ, технологиийн судалгаа, хөгжүүлэлтийн суурь болон хавсрага судалгааг гэрээний үндсэн дээр дээд боловсролын болон эрдэм шинжилгээий байгууллагаар гүйцэтгүүлэх.
11.3Энэ хуулийн 11.1, 11.2-д заасан судалгаа, хөгжүүлэлтийн шалгуур тогтоох аргачлал, зарцуулсан зардлын тодорхой хувийг буцаан олгох болон судалгааны байгууллагын үйл ажиллагааны журмыг Засгийн газар батална.
12 дугаар зүйлОюуны өмчийн хамгаалалтын дэмжлэг
12.1Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
12.1.1оюуны өмчийн эрх зүйн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, эрхийн зөрчилгүй соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээг дэмжих чиглэлээр соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулах;
12.1.2соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах, мэдээллээр хангах;
12.1.3соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн оюуны өмчийг бүртгэх, хамгаалах, олон улсын эрхийн хамгаалалтын хүсэлт гаргахад дэмжлэг үзүүлэх;
12.1.4соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг хууль бусаар хуулбарлах, түгээхээс урьдчилан сэргийлэх;
12.1.5оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой санал боловсруулж эрх бүхий байгууллагад хүргүүлэх, дэмжлэг үзүүлэх;
12.1.6соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үр дүнд бий болсон оюуны өмчид үнэлгээ хийх, зах зээлд сурталчлан таниулах, хөрөнгө оруулалтад татах.
12.2Төсвийн санхүүжилтээр бий болсон оюуны өмчийг холбогдох журмын дагуу төрийн болон орон нутгийн өмчид бүртгэх бөгөөд уг бүртгэгдсэн бүтээл ашиглах онцгой эрхийг соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлттэй нөхцөлөөр бүрэн болон хэсэгчлэн ашиглуулж, ил тод мэдээлнэ.
12.3Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах систем, дэд бүтэцтэй байна. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас соёлын бүтээгдэхүүний төрөл, уялдааг харгалзан дэд бүтэц, системийг нэвтрүүлнэ.
12.4Энэ хуулийн 12.2, 12.3-т заасан тодорхой нөхцөл, дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.
12.5Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах этгээд нь хамтын удирдлагын байгууллага эсхүл эрх эзэмшигчтэй бүтээл ашиглах гэрээ байгуулж, энэ хуулийн 12.3-т заасан систем, дэд бүтцэд холбогдсон байна.
12.6Энэ хуулийн 12.3-т заасан систем хөгжүүлэлтийг тодорхой хугацаанд тогтмол хийх чиг үүргийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шалгарсан этгээд, мэдээллийг бүрдүүлэх, хэрэглэх чиг үүргийг хамтын удирдлагын байгуулга гүйцэтгэж, санхүүжүүлэх, нэгдсэн мэдээлэл гаргуулах, журмын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүргийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
12.7Энэ хуулийн 12.6-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд гэрээ байгуулах, цуцлах арга хэмжээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.
12.8Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 12.3-12.6-д заасан чиг үүргийг бусад төрийн байгууллага, хуулийн этгээд шилжүүлэн гүйцэтгүүлж болно.
12.9Соёлын бүтээгдэхүүний зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болон түүнд хамаарах эрх эзэмшигчийн чиглэлээр хамтын удирдлагын байгууллагын энэ хуулийн 12.4-т зааснаас бусад үйл ажиллагаанд төрөөс санхүүжилт олгож болно.
12.10Энэ хуулийн 12.6-д заасан санхүүжилтийн хэмжээ, санхүүжилт олгох шалгуур, үзүүлэлт болон санхүүжилт олгох журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
13 дугаар зүйлТөсөв, хөрөнгө оруулалт, санхүүжилт, хөнгөлттэй зээлийн дэмжлэг
13.1Төсөв, хөрөнгө оруулалт, санхүүжилт, хөнгөлттэй зээлийн дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно:
13.1.1төсвийн дэмжлэг үзүүлэх;
13.1.2хөрөнгө оруулалт, санхүүжилт, зээл олгох, зээлийн батлан даалт гаргах;
13.1.3Засгийн газрын баталгаа гаргах;
13.1.4төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн тодорхой хэсгийг гаргах;
13.1.5татварын дэмжлэг үзүүлэх;
13.1.6төслийн санхүүжилтэд санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх;
13.1.7бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтад төрийн худалдан авалтаар дэмжлэг үзүүлэх.
13.2Энэ хуулийн 13.1.3-т заасан Засгийн газрын баталгаа нь дараах төрөлтэй байж болно:
13.2.1өрийн баталгаа;
13.2.2олох орлогын хамгийн доод хэмжээнд баталгаа гаргах;
13.2.3үйл ажиллагааны тогтвортой байдлын баталгаа;
13.2.4төрийн байгууллагаас зөвшөөрөл, дэмжлэг үзүүлэх баталгаа;
13.2.5Хөрөнгө оруулалтын хуульд заасан татварын болон татварын бус дэмжлэг.
13.3Энэ хуулийн 13.1-д заасан дэмжлэгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу эдлүүлнэ.
14 дүгээр зүйлМэдээлэл солилцох, олон улсын зах зээлд нэвтрэхэд үзүүлэх дэмжлэг
14.1Энэ хуулийн 7.3-т заасан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндсэн чиглэлийн хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийг олон улсын зах зээлд нэвтрэхэд соёлын болон холбогдох асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас дараах бодлогын болон санхүүгийн дэмжлэгийг үзүүлнэ:
14.1.1маркетингийн сурталчилгааны үйл ажиллагааг дэмжих, олон улс, бүс нутгийн түвшинд маркетингийн үйл ажиллагааг эрхлэдэг байгууллага, продьюсертэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх;
14.1.2олон улсын арга хэмжээ, худалдааны үзэсгэлэнд оролцуулах, олон улсын арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулах;
14.1.3олон улсын зорилтот зах зээлийн судалгаа хийх, үндэсний соёлын агуулга бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай зөвлөх үйлчилгээ үзүүлэх.
14.2Энэ хууулийн 14.1-д заасан арга хэмжээний жагсаалт, дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.
14.3Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүртгэл, мэдээллийн сан (цаашид “бүртгэл, мэдээллийн сан” гэх)-тай байна.
14.4Бүртгэл, мэдээллийн санг цахим хэлбэрт оруулах, мэдээллийн сан үүсгэх, мэдээллийн төрлийг тодорхойлох, ашиглах, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах журмыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь цахим хөгжил болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
14.5Төрөөс соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээх платформ бий болгох, түгээлтийн олон сүлжээнд холбогдох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тодорхой төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлж болно. Холбогдох журмыг Засгийн газар батална.
14.6Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн статистик мэдээллийг олон улсын аргачлалаар бүрдүүлэх, мэдээллийн сан үүсгэх, соёлын статистикийн тогтолцоог хөгжүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА
15 дугаар зүйлТөр, хувийн хэвшлийн нийгмийн түншлэлийг хэрэгжүүлэх
15.1Засгийн газрын шийдвэрээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг мэргэжлийн байгуулага, хамтын удирдлагын байгууллага, хувийн хэвшлийн этгээдээр гүйцэтгүүлж болно.
15.2Хуулиар хориглоогүй буюу оюуны өмчийн эрхийг зөрчихгүй бол холбогдох шийдвэрийн үндсэн дээр төр, нийтийн хамгаалалтад байдаг соёлын үнэт зүйлийн загварыг бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, бүтээх, үйлдвэрлэх, түгээхэд соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид төлбөртэйгөөр ашиглуулж болно. Энэ тохиолдолд тухайн соёлын үнэт зүйлийг хадгалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага нь холбогдох бүртгэлийг хийж, олон нийтэд мэдээлнэ
15.3Энэ хуулийн 15.2-т заасны дагуу ашиглахад Соёлын тухай хуулийн 35 дугаар зүйлийг мөрдөнө.
15.4Соёлын тухай хуулийн 35.3-т зааснаас бусад соёлын үнэт зүйлийн загварыг бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, бүтээх, үйлдвэрлэх, түгээх, ашиглуулах тохиолдолд тухайн соёлын үнэт зүйлийг эзэмших, ашиглах чиг үүрэг бүхий төрийн байгууллага холбогдох хууль тогтоомж болон Иргэний хуулийн 3381 дугаар зүйлийн дагуу гэрээ байгуулж ашиглуулна.
15.5Энэ хуулийн 15.4-д заасан эрх бүхий байгууллага нь соёлын үнэт зүйлийн загварыг ашиглуулснаас бий болсон орлогын тодорхой хувийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.13-д заасан тусгай санд төвлөрүүлж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, технологийн судалгаа, хөгжүүлэлт, бизнесийн зөвлөх үйлчилгээ, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтад зарцуулна.
15.6Соёлын үнэт зүйлийн загварыг арилжааны бус зорилгоор ашиглаж байгаа бол эрх бүхий байгууллага соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид таатай үнээр санал болгож болно.
15.7Энэ хуулийн 15.4-д заасны дагуу ашиглах журам болон 15.6-д заасан хөнгөлөлт үзүүлэх нөхцөл, журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
15.8Төр, хувийн хэвшлийн түншлэлээр соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
15.9Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт, төслийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмыг Засгийн газар батална.
15.10Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл авах, гадаад ажилтны тоог нэмэгдүүлэх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрийн талаарх лавлагаа, тодорхойлолтыг гаргаж үйлчилнэ.
16 дугаар зүйлСоёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцийг нэмэгдүүлэх, ашиглуулах
16.1Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэх төлөвлөлтийг боловсруулан, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт тусгах, хэрэгжүүлэх ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналын дагуу эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.
16.2Энэ хуулийн 16.1-д заасан зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг барих, ашиглах зардлыг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
16.3Төр өөрийн мэдэлд байгаа дэд бүтцийн байгууламжийг соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид гэрээний үндсэн дээр ашиглуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
16.4Төрөөс шинээр барьж байгуулах чөлөөт бүс, хилийн боомт, нисэх онгоцны болон галт тэрэгний буудал болон хот, суурин газрын төлөвлөлтөд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцийн төлөвлөлтийг тусгасан байна.
16.5Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцийг барих, түүнд хөрөнгө оруулалт хийсэн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуулийн хүрээнд татварын дэмжлэг үзүүлнэ.
17 дугаар зүйлСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зохион байгуулалтын хэлбэр
17.1Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг зохион байгуулалтын хувьд дараах хэлбэрээр хөгжүүлнэ:
17.1.1соёлын бүтээлч үйлдвэрлэлийн кластер, парк, цогцолбор, инкубатор байгуулахад дэмжлэг үзүүлэх;
17.1.2соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих бүс тогтоох, дэд бүтцийн хангамжийг сайжруулах;
17.1.3үйл ажиллагаагаараа хорших, төрөлжих, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, экосистем, бүтээлч орон зайг бий болгох;
17.2Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн парк, цогцолбор байгуулах саналыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсны үндсэн дээр Засгийн газарт хүргүүлж, шийдвэрлүүлнэ.
17.3Энэ хуулийн 17.2-т заасан төрөөс санхүүжүүлэх парк, цогцолборыг дараах зорилгоор байгуулна:
17.3.1үндэсний соёлын агуулга бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээний олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
17.3.2импортыг орлох соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох бүтээх, үйлдвэрлэлийг дэмжих;
17.3.3соёлын бүтээлч үйлдвэрлэлийн инновацын чадавх, технологийн түвшнийг нэмэгдүүлэх судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих.
17.3.4соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдэд инкубатораар дамжуулан бизнес, технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх.
17.4Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэхэд дараах тохиолдолд бодлого, татвар, санхүүгийн цогц дэмжлэг үзүүлнэ:
17.4.1орон нутгийн онцлогоос хамаарч соёлын өв, эдийн засаг, дэд бүтцэд нь тохирсон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн кластер;
17.4.2олон улсын зах зээлд өрсөлдөх үндэсний соёлын агуулга бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээний нэмүү өртгийн сүлжээ бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийн кластер.
17.5Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн кластерын техник эдийн засгийн үндэслэлийг үндэслэн дараах дэмжлэгийг үзүүлнэ;
17.5.1дэд бүтцийн хангамжийг сайжруулах;
17.5.2үйл ажиллагаагаараа хорших, төрөлжих, хамтран ажиллахад нь бизнесийн болон технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
17.5.3хүний нөөцөө бүрдүүлэх, мэргэшүүлэхэд дэмжих
17.5.4хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээл олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх;
17.5.5олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцуулах;
17.5.6бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын сувгийг бүрдүүлэх.
17.6Энэ хуулийн 17.5-д заасан дэмжлэгийг олгохдоо техник эдийн засгийн үндэслэлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлнэ.
17.7Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн инкубаторыг их дээд сургууль, мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн санаачилгаар байгуулахад төрөөс дараах дэмжлэгийг үзүүлнэ:
17.7.1санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
17.7.2үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай дэд бүтцийн хангамжийг үзүүлэх;
17.7.4хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээл олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх;
17.7.5төрийн зарим чиг үүргийг хариуцуулах.
17.8Энэ хуулийн 17.3-17.7-д заасан асуудлаар төсөл сонгон шалгаруулалт зарлах болон төслийн саналыг дүгнэсний үндсэн дээр менежмент хийх мэргэжлийн багийн зардлыг санхүүжүүлэх, нэгдсэн бодлогоор хангах арга хэмжээг Засгийн газар, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга хэрэгжүүлэх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
17.8Аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд өөрийн онцлог, дэд бүтэц, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн төвлөрлийн түвшинг харгалзан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх тодорхой байршил, орон зайг тогтоон, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулан, төлөвлөлтийг хийж, дэмжлэг үзүүлнэ.
17.9Засгийн газраас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүс, түүний байршил, үйлчлэх хөнгөлөлт, урамшуулал, тэдгээрийн хэлбэр, хэмжээг тогтоон, кластер, парк, цогцолбор, инкубаторын үйл ажиллагаатай холбогдох дүрэм, журам баталж мөрдүүлнэ.
18 дугаар зүйлҮндэсний соёлын агуулга, үнэт зүйлийг илэрхийлэн таниулах орчин бүрдүүлэх
18.1Хот төлөвлөлт, суурин газар, чөлөөт бүс, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөө болон шинэ хороолол, барилга байгууламж төлөвлөх, барихад үндэсний соёлын онцлогийг тусгах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтэц, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжсэн орон зайг Соёлын тухай хуулийн 30 дугаар зүйл болон холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөвлөж, хэрэгжүүлнэ.
18.2Иргэн, хуулийн этгээд, сууц өмчлөгчдийн холбоо нь амьдарч байгаа болон үйл ажиллагаа явуулж байгаа байршил эсхүл байр, орон сууцны тодорхой хэсэгт үндэсний соёлын онцлогийг харуулсан хүн ам чөлөөт цагаа өнгөрүүлэх, соёлын боловсрол эзэмших бүтээлч орон зай, бүтээлч дүр, төрхийг бий болгоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ, ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
19 дүгээр зүйлБүртгэл
19.1Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ болон түүнийг бүтээх, үйлдвэрлэх, түгээх, ашиглах үйл явцыг бүртгэхэд олон улсын стандарт, ангиллыг баримтална. Олон улсын стандарт, ангиллыг нэвтрүүлж, мөрдөх үйл ажиллагааг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулна.
19.2Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэж, тодорхойлолт олгох бөгөөд соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох журмыг батална. Хуулийн этгээдийн улсын бүртгэл болон татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн бүртгэх, бүртгэлээс хасах арга хэмжээ авна.
19.3Соёлын бүтээлч үйлдвэрлэлд үзүүлэх дэмжлэгийг энэ хуулийн 19.2-т заасан этгээдэд үзүүлнэ.
20 дугаар зүйлСоёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг
20.1Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч дараах эрх эдэлнэ:
20.1.1энэ хууль, бусад хууль тогтоомжид заасан дэмжлэг авах;
20.1.2соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн төсөлд санал өгөх, мэдээллээр хангагдах;
20.1.3үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээг экспортлох, зах зээлийн үнээр борлуулах;
20.1.4холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших, ашиглах, дэд бүтцээр хангагдах;
20.1.5оюуны өмчийн бүтээлээ ашиглах, үр шимийг хүртэх, оюуны өмчийн эрхээ хамгаалуулах, эрхийн шимтгэлийн орлого авах;
20.1.6мэдээллийн сангаас өөрт хамаарах мэдээллээр хангагдах, мэдээллээ шинэчлэх;
20.2Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч дараах үүрэг хүлээнэ:
20.2.1хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, дүгнэлт, зөвлөмжийг биелүүлэх;
20.2.2шударгаар өрсөлдөх;
20.2.3соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй холбоотой хэрэглэгчийн үндсэн эрх, ашиг сонирхлыг хамгаалах;
20.2.4хүний нөөцийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх;
20.2.5энэ хуулийн дагуу авсан дэмжлэгийг зориулалтын дагуу ашиглах, ашиглалтын явц, үр дүнг холбогдох эрх бүхий этгээдэд тайлагнах;
20.2.6мэдээллийн санд мэдээллийг оруулах, үнэн зөв байдлыг хангах, хууль, журамд заасан хугацаанд хүргүүлэх.
ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
21 дүгээр зүйлЗасгийн газрын бүрэн эрх
21.1Засгийн газар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.1.1соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
21.1.2соёлын бүтээлч үйлдвэрлэлд үзүүлэх төрийн дэмжлэгийг хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой арга хэмжээг авах;
21.1.3соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
21.1.4соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дотоодын зах зээлийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх;
21.1.5Монгол Улсад бүтээгдсэн соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын зах зээлд тэргүүн ээлжид нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
21.1.6хөрөнгө оруулалт татах, инновац, дэвшилтэт технологи нэвтрүүлэх таатай орчныг бий болгох;
21.1.7соёлын бүтээлч үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх;
21.1.8олон улсын чиг хандлагад нийцүүлж соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэр хүндийг өсгөх, соёлыг үнэлэх иргэдийн чадавхийг дээшлүүлэх;
21.1.9улс орны хөгжлийн онцлогт нийцүүлэн соёлын бүтээлч үйлдвэрлэл дэх технологийн хөгжлийг дэмжих;
21.1.10соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой оюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэх, менежмент хийх нөхцөлийг бүрдүүлэх;
21.1.11соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх төлөвлөгөөний биелэлттэй танилцах;
21.1.12соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний зөвлөлийг төрийн байгууллага, дээд боловсрол, эрдэм шинжилгээний байгуулага, мэргэжлийн холбоодын төлөөллийн оролцоотой байгуулах, ажиллах журмыг батлах;
21.1.13хуульд заасан бусад.
22 дугаар зүйлСоёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
22.1Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.1.1соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжих, салбар хоорондын уялдааг хангах;
22.1.2соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөтөлбөр, арга хэмжээ, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, тайлагнах;
22.1.3энэ хуулийн 22.1.2-т заасан төлөвлөгөөг боловсруулах хэрэгжүүлэх асуудлаар иргэн, хуулийн этгээд, төр болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатай хамтран ажиллах;
22.1.4соёлын бүтээлч үйлдвэрлэлд төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг бодлого, удирдлагаар хангах;
22.1.5соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй холбоотой хуульд заасан дүрэм, журам, аргачлал батлах;
22.1.6соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зах зээлийн эрэлт, нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээг системтэйгээр судлах, хөгжлийн чиг хандлага, ирээдүйд бий болох эрэлт, хэрэгцээтэйуялдуулан хөгжүүлэх, инновац дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах;
22.1.7соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаарх тайланг Засгийн газарт танилцуулах;
22.1.8хуульд заасан бусад.
22.2Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн брэндийг хөгжүүлж, олон улсын зах зээлд гаргах, өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нэр хүндтэй олон улсын үзэсгэлэн, уралдаан, наадам зэрэг арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлэх арга хэмжээг Монгол Улсын гадаад улс дахь Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулна.
23 дугаар зүйлСоёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
23.1Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж, Засгийн газрын болон сайдын шийдвэрийн биелэлтийг хангуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
23.1.2соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний судалгаа, хөгжүүлэлтийг зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
23.1.3төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагын соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүртгэх, хадгалах, түгээх, ашиглахад дэмжлэг үзүүлэх;
23.1.4холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд телевиз, радиогийн уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн орчинд эрх бүхий байгууллагатай хамтран хяналт тавих.
24 дүгээр зүйлАймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
24.1Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах;
24.1.2тухайн орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө, дэд бүтцийн хөгжил, төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх байршлыг тогтоох, дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, төсөв батлах;
24.1.3соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтэц, цогцолбор, кластер, инкубаторын төлөвлөлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгах, хэрэгжилтийг хангуулах;
24.1.4харьяалах нутаг дэвсгэртээ соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутгийн онцлог бүхийн соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
25 дугаар зүйлАймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
25.1Аймаг, нийслэлийн Засаг дарга соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.1.1соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих талаарх хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлого, зорилтот хөтөлбөр, журмын хэрэгжилтийг хангах, бодлогын баримт бичигт нийцүүлэн орон нутгийн нийгэм, эдийн хөгжлийн онцлогтой уялдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх хөтөлбөр, төсөв баталж, хэрэгжүүлэх;
25.1.2харьяалах нутаг дэвсгэртээ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтэц, парк, цогцолбор, кластер, инкубатор хөгжүүлэх, орон нутгийн онцлог бүхий соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, хөгжүүлэх, бүтээх, үйлдвэрлэх, түгээхэд дэмжлэг үзүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, төсөв, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
25.1.3соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтэц, цогцолбор байгуулах газрыг ашиглуулах асуудлыг Газрын тухай хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр шийдвэрлэх;
25.1.4нутаг дэвсгэрт соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар олгогдсон газрыг зориулалтаар ашиглуулах, түүнд хяналт тавих.
26 дугаар зүйлСум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
26.1Сум, дүүргийн Засаг дарга соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
26.1.1соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих талаарх хууль тогтоомж, бодлого, зорилтот хөтөлбөр, журмын хэрэгжилтийг хангах, төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн, орон нутгийн нийгэм, эдийн хөгжлийн онцлогтой уялдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх төлөвлөгөө, төсөв баталж, хэрэгжүүлэх;
26.1.2соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтэц, парк, цогцолбор, кластер, инкубатор байгуулах, нутаг дэвсгэрийн онцлогт нийцсэн соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, хөгжүүлэх, бүтээх, үйлдвэрлэх, түгээхэд дэмжлэг үзүүлэх, санхүүжүүлэх, сурталчлах арга хэмжээ авах;
26.1.3хуульд заасан бусад.
27 дугаар зүйлАймаг, нийслэлийн соёл урлагийн газрын бүрэн эрх
27.1Аймаг, нийслэлийн соёл урлагийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ
27.1.1соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас болон холбогдох бусад байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
27.1.2тухайн орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө, дэд бүтцийн хөгжил, төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нутаг дэвсгэр, байршлыг тогтооход дэмжлэг үзүүлэх;
27.1.3соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтэц, цогцолбор, кластер, инкубаторыг байгуулах төлөвлөлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх ;
27.1.4хуульд заасан бусад бүрэн эрх.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД
28 дугаар зүйлСоёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагаан дахь тайлагнал, ил тод байдал
28.1Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч, хөрөнгө оруулагч, хамтын удирдлагын байгууллага нь энэ хуулийн дагуу авсан дэмжлэг, үйл ажиллагааны тухайн жилийн тайлангаа дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, төрийн захиргааны байгууллага нь тайланг нэгтгэн соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.
28.2Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 28.1-д заасан тайланг тухайн жилийн 2 дугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
28.3Энэ хуулийн 14.3-т заасан мэдээллийн сангаар дамжуулж энэ хууль болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангана.
28.4Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч, хөрөнгө оруулагч болон хамтын удирдлагын байгууллагын бүртгэл, төрөөс авсан дэмжлэгийг ил тод мэдээлнэ.
29 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
29.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
29.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
30 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
30.1Энэ хуулийг ... оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(СБҮДТХ үзэл баримтлал.pdf)