Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 5-Р САРЫН 14 ӨДӨР
УЛААНБААТАР

ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮД

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн бодлогын дагуу орон сууцыг хөгжүүлэх, санхүүжүүлэх, үндэсний орон сууцны корпорац, орон сууцжуулах санг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг тогтоох, хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлОрон сууцжуулах тухай хууль тогтоомж
2.1Үндэсний орон сууцжуулах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Орон сууцжуулах үйл ажиллагааны харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2Орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сангийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн энэ хуульд зааснаас бусад удирдлага, зохион байгуулалттай холбогдсон харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулна.
3.3Энэ хуульд зааснаас бусад ипотекийн зээл олгохтой холбогдсон харилцааг Монгол Улсын Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1“Орон сууцжуулах сан” гэж иргэдийг төрөөс орон сууцжуулах төсөл, хөтөлбөр, арга хэмжээг урт хугацаанд, тогтвортой санхүүжүүлэх зориулалттай санг;
4.2“Орон сууцжуулах” гэж иргэдийг ипотекийн зээл, түрээсийн орон сууц, түрээслээд өмчлөх орон сууцаар хангах, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг;
4.3“Зорилтот бүлгийн иргэн” хүн амын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тодорхойлсон Монгол Улсын иргэнийг;
4.4“Төлбөрийн чадварт нийцсэн” гэж өрхийн сарын орлогын тодорхой хувиар ипотекийн зээл, түрээсийн төлбөрийг төлөх чадамжийг;
4.5“Ипотек” гэж Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасныг;
4.6“Түрээсийн орон сууц” гэж Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан гэрээний үндсэн дээр эрх бүхий байгууллагаас иргэнд түр хугацаагаар шилжүүлэн ашиглуулах сууцны зориулалттай байшинг;
4.7“Түрээслээд өмчлөх орон сууц” гэж Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан гэрээний дагуу урт хугацаагаар эзэмшигч иргэнд эрх бүхий байгууллагаас шилжүүлэн өмчлүүлэх сууцны зориулалттай байшинг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ОРОН СУУЦЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
5 дугаар зүйлОрон сууцжуулах үйл ажиллагааны зарчим
5.1Орон сууцжуулах үйл ажиллагаанд Орон сууцны тухай хуулийн 4.1-д зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
5.1.1өрхийн орлогын түвшнийг харгалзан энэ хуулийн 5.2-т заасан орон сууцжуулах төрөлд хамруулах;
5.1.2төвлөрлийг сааруулах, хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах зорилгоор сум, тосгон, аймаг, дагуул хот, чөлөөт бүсэд тэргүүн ээлжид орон сууцжуулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
5.2Орон сууцжуулах үйл ажиллагаа нь өрхийн орлогоос хамаарч дараах төрөлтэй байна:
5.2.1ипотекийн зээл олгох;
5.2.2төрийн болон орон нутгийн өмчийн орон сууцыг иргэнд энэ хуулийн 4.6-д заасны дагуу түр хугацаагаар шилжүүлэн ашиглуулах;
5.2.3түрээслээд өмчлөх орон сууцаар хангах.
5.3Энэ зүйлийн 5.2.2, 5.2.3-т заасан орон сууцны төрөл нь иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн байна.
5.4Энэ зүйлийн 5.2-т заасан орон сууцжуулах үйл ажиллагааны төрөлд хамруулах иргэн, өрхийн орлогын хэмжээг хүн амын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхойлж, мэдээллийн сан үүсгэнэ.
6 дугаар зүйлИпотекийн зээл олгох үйл ажиллагаа
6.1Ипотекийн зээл олгох үйл ажиллагаанд баримтлах ерөнхий нөхцөл, шаардлагыг тогтоох журмыг Монголбанк батална.
6.2Ипотекийн зээл олгох шалгуур үзүүлэлт, санхүүжилт, барьцаа хөрөнгөд тавигдах шаардлагыг тодорхойлох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална.
6.3Ипотекийн зээлийг дараах байдлаар эрэмбэлж олгоно:
6.3.1орон сууц анх удаа худалдан авч байгаа иргэн;
6.3.2ипотекийн зээл анх удаа авч байгаа иргэн;
6.3.3нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн.
6.4Зээлдэгчийн хүсэлтээр ипотекийн зээлийн урьдчилгаа, барьцаа хөрөнгөд дараах хөрөнгийг тооцож болно:
6.4.1Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9.1.3-т заасны дагуу гаргасан батлан даалт;
6.4.2тэтгэврийн нөөц санд байршуулсан даатгуулагчийн мөнгөжүүлсэн орлого;
6.4.3хуримтлалын нэрийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгө.
7 дугаар зүйлТүрээсийн орон сууц
7.1Түрээсийн орон сууцанд иргэнийг хамруулах, түрээсийн хугацаа, төлбөр тогтоох аргачлалыг орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална.
7.2Түрээсийн орон сууцны нийт төлбөрийн хэмжээг анхны оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, хүүгийн төлбөр, ашиглалтын зардлын нийлбэрээс багагүй байхаар тооцно.
7.3Түрээсийн орон сууцны төлбөрийн хэмжээг жил бүр шинэчилж гэрээг байгуулна.
7.4Түрээсийн гэрээг байгуулах, эсхүл хугацааг сунгахад түрээсийн төлбөрийг энэ зүйлийн 7.1-д заасан аргачлалын дагуу тооцож тогтооно.
7.5Түрээсийн орон сууцыг дамжуулан хөлслүүлэх, түр суугч оруулахыг хориглоно.
7.6Түрээсийн орон сууцыг энэ хуулийн 5.2.3-т зааснаас бусад хэлбэрээр өмчлүүлэхийг хориглоно.
7.7Зорилтот бүлгийн иргэн, өрхийн түрээсийн төлбөрийн зөрүүг иргэн, өрхийн амьжиргааны түвшинтэй уялдуулан хүн амын хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон аймаг, нийслэлийн тухайн жилийн төсвийн төсөлд бүрэн болон хэсэгчилэн тусгаж болно.
8 дугаар зүйлТүрээслээд өмчлөх орон сууцаар хангах
8.1Түрээслээд өмчлөх орон сууцанд иргэнийг хамруулах журамыг орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална.
8.2Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийн хэмжээг анхны оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, үндсэн болон хүүгийн төлбөр, ашиглалтын зардал зэргийг тооцон тогтооно.
9 дүгээр зүйлСонгон шалгаруулалт
9.1Түрээсийн орон сууц, түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах иргэнийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг цахимаар зохион байгуулна.
9.2Түрээсийн орон сууцанд нэг асран хамгаалагчид ногдох хүүхэд болон байнгын асаргаа шаардлагатай иргэний тоогоор нь эрэмбэлж тухайн өрхийг тэргүүн ээлжид хамруулна.
9.3Түрээслээд өмчлөх орон сууцанд өрхийн орлогын түвшингээр эрэмбэлж, бага орлоготой өрхөөс нь эхлүүлэх дарааллаар хамруулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦ
10 дугаар зүйлҮндэсний орон сууцны корпорац
10.1Үндэсний орон сууцны корпорац /цаашид "Корпорац" гэх/ нь орон сууцны төсөл хөгжүүлэлт, санхүүжилтийн үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн өмчит хуулийн этгээд байна.
10.2Корпорац нь Монголбанканд төгрөгийн болон валютын харилцах, хадгаламжийн данстай байна.
10.3Корпорац өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахтай холбоотойгоор банканд харилцах данс нээж болно.
10.4Корпорац нь эрсдэлийн удирдлагын нөөц сантай байна.
11 дүгээр зүйлКорпорацын үйл ажиллагаанд баримтлах зарчим
11.1Корпорацын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
11.1.1санхүүгийн үр ашигтай байх;
11.1.2хараат бус байх;
11.1.3хөндлөнгийн хяналттай байх;
11.1.4ил тод байх;
11.1.5хариуцлага, эрх, үүргийн хувьд бие даасан байх.
12 дугаар зүйлКорпорацын чиг үүрэг
12.1Корпорац дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүгийн хэрэгсэл гаргах;
12.1.2санхүүгийн үйл ажиллагааны эрсдэлийн нөөц сан бүрдүүлэх;
12.1.3төр, нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй орон сууцны төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, удирдлага, зохицуулалтаар хангах;
12.1.4түрээсийн, түрээслээд өмчлөх орон сууцыг захиалан бариулах, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн зарцуулалтад хяналт тавих;
12.1.5энэ хуулийн 22.1-д заасан сангийн хөрөнгийг бүрдүүлэх, удирдах;
12.1.6сангийн болон корпорацын санхүүгийн эрсдэлийг үнэлж, хянах;
12.1.7улсын хэмжээнд орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг захиалан гүйцэтгүүлэх.
12.2Энэ хуулийн 12.1.1-д заасан санхүүгийн хэрэгсэл болгох үнэт цаасыг гаргахад Засгийн газрын өрийн баталгаа гаргаж болно.
12.3Орон сууцжуулах зориулалтаар олгосон санхүүжилтийн эцсийн тайланд алдагдалгүй байлгахаар хөрөнгийг оновчтой хуваарилна.
12.4Корпорацын үйл ажиллагааны үр дүнгийн тайланг хагас жил тутамд орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
12.5Корпорац нь энэ хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
13 дугаар зүйлКорпорац үнэт цаас гаргах, зээл авах
13.1Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих хуваарийг батлах бөгөөд зээл төлж барагдуулах төлөвлөгөө, хуваарийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлнэ.
14 дүгээр зүйлКорпорац газар эзэмших эрхийн харилцаа
14.1Корпорацад Газрын тухай хуулийн 33.1.1, 33.5-д заасны дагуу газрыг эзэмшүүлнэ.
14.2Корпорац нь орон сууц барих, орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалттай газраас бусад газрыг худалдаж авах, эзэмшихийг хориглоно.
14.3Корпорац нь ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээдтэй харилцан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр газар эзэмших, өмчлөх эрхтэй газрыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 25.1.2, 25.1.4-д заасан аргаар шилжүүлж авна.
15 дугаар зүйлКорпорацыг тайлан, мэдээ, мэдээллээр хангах талаарх бусад байгууллагын үүрэг
15.1Банк, нутгийн захиргааны байгууллага нь корпорацын хүсэлтээр, түүний хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай орон сууцны хангамж, зээлийн үнэн зөв мэдээ, мэдээллээр хангана.
16 дугаар зүйлХяналт, шалгалт
16.1Корпорацын үйл ажиллагаанд орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
16.2Корпорац нь аудитын хороо болон дотоод аудитын нэгж, хөндлөнгийн аудиттай байна.
17 дугаар зүйлҮйл ажиллагааны болон санхүүгийн тайлан
17.1Корпорац өөрийн хөрөнгө болон сангийн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг тус тусад нь бүртгэнэ.
17.2Корпорацын хөндлөнгийн хөрөнгө оруулалтын менежментийн компаниар гэрээгээр гүйцэтгүүлж байгаа хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг менежментийн компани тус бүрээр бүртгэнэ.
17.3Корпорац санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг тус бүр улирал, бүтэн жилээр гаргана.
17.4Корпорацын санхүүгийн болон үйл ажиллагааны улирлын тайланд дараах зүйлийг тусгана:
17.4.1Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан;
17.4.2Корпорацын санхүүгийн тайлан;
17.4.3Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн;
17.4.4Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааны зардал, өгөөжийн үзүүлэлтүүд;
17.4.5Сангийн төсвийн орлого, зардлын гүйцэтгэл;
17.4.6Корпорацын үйл ажиллагааны төсвийн гүйцэтгэл.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
КОРПОРАЦЫН УДИРДЛАГА
18 дугаар зүйлКорпорацын хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх
18.1Корпорацын төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байна.
18.2Энэ хуулийн 18.1-т заасан төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхтэй:
18.2.1холбогдох хуульд заасны дагуу Корпорацын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх;
18.2.2Корпорацыг үүсгэн байгуулах, татан буулгах, өөрчлөн байгуулах, эзэмшлийн хувьцааг худалдах, шилжүүлэх, төрийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх асуудлаар Засгийн газарт санал хүргүүлэх;
18.2.3энэ хуулийн 22.1-д заасан сангийн хөрөнгийг бүрдүүлэх, удирдах эрхийг төлөөлөн удирдах зөвлөлд шилжүүлэх;
18.2.41хуульд заасан бусад.
19 дүгээр зүйлТөлөөлөн удирдах зөвлөл
19.1Корпорацын төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн гурав нь хараат бус гишүүн байна.
19.2Төлөөлөн удирдах зөвлөл дараах албан тушаалтны санал болгосон тус бүр 1 гишүүнээс бүрдэнэ:
19.2.1Орон сууцны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосон;
19.2.2Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосон;
19.2.3Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосон;
19.2.4Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосон;
19.2.5Монголбанкны Ерөнхийлөгчийн санал болгосон;
19.2.6Санхүүгийн зохицуулах хорооны даргын санал болгосон;
19.3Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь дараах шалгуурыг хангасан байна:
19.3.1зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
19.3.2банк, санхүү, эдийн засаг, инженер, хууль эрх зүйн чиглэлээр дээд боловсролтой, уг мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, түүний 5-аас доошгүй жилд уг салбартаа удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх;
19.3.3Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын, хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, залилах, хөрөнгө завших болон эдийн засгийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
19.3.4төрийн улс төрийн албан болон улс төрийн намын удирдах албан тушаал хашдаггүй байх.
19.4Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ хуулийн 19.4, Компанийн тухай хуулийн 79.1.1-79.1.5-д зааснаас гадна дараах шалгуурыг хангасан байна:
19.4.1сүүлийн 5 жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй байх;
19.4.2өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь банк, барилга, орон сууцны санхүүжилтийн компанийн эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;
19.4.3өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь банк, барилга, орон сууцны санхүүжилтийн компанийн хувьцааны 5 ба түүнээс дээш хувийг эзэмшдэггүй байх.
20 дугаар зүйлТөлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх
20.1Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
20.1.1Корпорацын дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан батлах;
20.1.2Корпорацын тухайн жилийн бизнес төлөвлөгөөг батлах;
20.1.3Корпорацын үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах;
20.1.4Корпорацын гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах журам батлах, түүнтэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх;
20.1.5Корпорацын зохион байгуулалтын бүтэц, жилийн төсөв, орон тооны дээд хязгаарыг батлах;
20.1.6Корпорацын хөрөнгө оруулалтын, эрсдэлийн удирдлагын, актив, пассивын удирдлагын бодлогыг батлах;
20.1.7Хувьцаа эзэмшигчээс олгосон энэ хуулийн 22.1-д заасан сангийн хөрөнгийг бүрдүүлэх, удирдах эрхийг хэрэгжүүлэх;
20.1.8Орон сууцжуулах сангийн хөрөнгийн зарцуулалтын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох;
20.1.9хуульд заасан бусад.
20.1.10Корпорацын дотоод аудитын нэгжийг гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар зохион байгуулж, түүний үйл ажиллагааны журам, төсөв, орон тоог батлах, ажилтныг томилох, цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
20.1.11аудитын байгууллагыг сонгох.
20.2Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх, үүрэгт Компанийн тухай хуулийн 76.1.2, 76.1.3-т заасан эрх, үүрэг хамаарахгүй.
20.3Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн ирцтэйгээр хуралдааныг хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
20.4Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд гаргасан саналынхаа төлөө Компанийн тухай хуулийн 84.8, 84.9, 85 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээнэ;
21 дүгээр зүйлГүйцэтгэх удирдлага, түүний бүрэн эрх
21.1Гүйцэтгэх захирлыг энэ хуулийн 20.1.4-т заасан журмын дагуу сонгон шалгаруулалтаар сонгож, төлөөлөн удирдах зөвлөлөөс томилж, чөлөөлнө.
21.2Гүйцэтгэх захирлын гэрээний үр дүнгийн гүйцэтгэлийн үнэлгээг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөл гэрээг сунгах, эсхүл цуцлах шийдвэр гаргана.
21.3Гүйцэтгэх захирал нь дараах шаардлагыг хангасан байна:
21.3.1банк, санхүү, эдийн засаг, барилга, архитектурын дээд боловсролтой, тухайн чиглэлээр удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
21.3.2ял шийтгэлгүй, ёс зүй болон бизнесийн нэр хүнд нь Корпорацыг удирдахад харшлахгүй байх;
21.3.3хууль болон төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон бусад шаардлага.
21.4Гүйцэтгэх удирдлага дараах үүрэг хүлээнэ:
21.4.1Корпорацын үйл ажиллагааны дунд, урт хугацааны стратеги, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
21.4.2Корпорацын санхүүгийн сахилга батыг сахиулах, хэвийн үйл ажиллагааг хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
21.4.3хөрөнгө оруулах төсөл, хөтөлбөрийн болон зээлийн шинжилгээ, үнэлгээ хийх зориулалтаар мэдээллийн сан бүрдүүлэх;
21.4.4дотоод хяналт, шалгалтын тогтолцоо бүрдүүлэх;
21.4.5сангийн эх үүсвэрийн чөлөөт үлдэгдлийг зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
21.4.6Корпорацын санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр, зээлийн талаарх мэдээллийг цаг тухайд нь гаргаж, тэдгээрийн үнэн зөв байдлыг хариуцах;
21.4.7Корпорацын санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр, гаргасан үнэт цаас, түүний борлуулалтын хэмжээ, эх үүсвэр татан төвлөрүүлэлт, үр ашгийн байдал, цаашдын төлөв хандлагын талаар санал боловсруулан төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулах;
21.4.8төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө ажлаа улирал бүр тайлагнах.
ТАВДУГААР БҮЛЭГ
ОРОН СУУЦЖУУЛАХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, УДИРДАХ
22 дугаар зүйлОрон сууцжуулах сан
22.1Орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Орон сууцжуулах сан /цаашид “Сан” гэх/-г байгуулж, сангийн үйл ажиллагааг корпорац зохион байгуулна.
22.2Сангийн хөрөнгө гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
22.2.1Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.1.2-6.1.4-д заасан;
22.2.2Монголбанкнаас шилжүүлсэн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас;
22.2.3Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын чөлөөт үлдэгдлээс хуваарилсан хөрөнгө;
22.2.4нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс хуваарилсан хөрөнгө;
22.2.5хуульд заасан бусад.
23 дугаар зүйлСангийн хөрөнгийн удирдлага
23.1Сангийн хөрөнгийн удирдлагын бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа дараах шаардлагыг хангасан байна:
23.1.1санхүүгийн хөрөнгө оруулалт хөрвөх чадвартай байх;
23.1.2Сангийн хөрөнгийг барьцаалах, зээлийн баталгаа, батлан даалт гаргах болон бусад хэлбэрээр Сангийн хөрөнгөөр бусдын үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээ хэлцэл байгуулахгүй байх;
23.1.3санхүүгийн хөшүүрэг оролцсон гэрээ, хэлцэл хийхгүй байх.
23.2Сангийн актив хөрөнгийг аюулгүй, хөрвөх чадвартай, ашигтай байх зарчмыг баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд байршуулж болно:
23.2.1Засгийн газраас гаргасан болон батлан даасан үнэт цаас;
23.2.2Монголбанкны үнэт цаас;
23.2.3ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас;
23.2.4Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан арилжааны банк /цаашид "арилжааны банк" гэх/-нд байршуулах мөнгөн хадгаламж.
23.3Энэ зүйлийн 23.2-т заасан санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагааг Корпорацын төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хэрэгжүүлнэ.
23.4Сангаас хөрөнгө оруулах, арга хэмжээнд зарцуулах харилцааг зохицуулсан журмыг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны саналыг тусган Засгийн газар батална.
23.5Сангийн хөрөнгийг энэ хуульд зааснаас бусад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахыг хориглоно.
23.6Гүйцэтгэх удирдлага төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр Сангийн хөрөнгийн зарим хэсгийг гэрээний үндсэн дээр хөндлөнгийн хөрөнгө оруулалтын менежментийн компаниар гүйцэтгүүлж болно.
24 дүгээр зүйлСангийн хөрөнгийн зарцуулалт
24.1Сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна.
24.1.1Монголбанкнаас шилжүүлсэн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны төлбөр;
24.1.2Хөрөнгө оруулагчаас санд төвлөрүүлсэн санхүүжилтийн буцаан төлөх төлбөрт;
24.1.3Үнэт цаасны бүртгэл, төлбөр тооцоотой холбоотой шимтгэл; хураамж;
24.1.4Энэ хуулийн 12.1.2-12.1.4-д заасан үйл ажиллагааны санхүүжилт;
24.1.5Сан хөрөнгийг удирдахтай холбоотой корпорацын зардал.
24.2Сангийн хөрөнгийн зарцуулалтад Санхүүгийн зохицуулах хороо, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
25 дугаар зүйлСангийн үйл ажиллагааг тайлагнах
25.1Корпорац Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг тус бүр улирал, бүтэн жилээр гаргана.
25.2Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланд дараах зүйлийг тусгана:
25.2.1энэ хуулийн 25.1-д заасан улирлын тайланд тусгасан зүйлс;
25.2.2Сангийн эрсдэлийн удирдлагын тайлан;
25.2.3аудитын дүгнэлт.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД
26 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
26.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
26.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
26.3Энэ хуулийг зөрчигчид торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
27 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
27.1Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Цахим эх хувь
(Цахим эх хувь_compressed (2).pdf)
()
Хуулийн төсөл
(Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл.docx)
Дагасан хуулийн төслүүд
(дагалдах хуулийн төсөл.docx)
Үзэл баримтлал
(ҮОСТХ_Үзэл-Баримтлал.pdf)
Танилцуулга
(ҮОСТХ-ийн_Товч-Танилцуулга.docx)
Дэлгэрэнгүй танилцуулга
(04_ҮОСТХ_ийн_Дэлгэрэнгүй_Танилцуулга.docx)
Үр нөлөөний тайлан
(07_ҮОСТХ_ийн_ҮР_НӨЛӨӨЛЛИЙН_ТАЙЛАН.docx)
Тандан судалгаа
(ҮОСТ-тандан судалгаа.pdf)
Зардлын тооцоо
(ҮОСТХ-ийн ЗАРДЛЫН ТООЦОО.docx)