Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Тогтмолын МӨНХСАЙХАН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 1-Р САРЫН 23 ӨДӨР
УЛААНБААТАР

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилго
1.1Энэхүү хуулийн зорилго нь эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдлыг тодорхойлох, тэдгээрийн нийтлэг болон тусгай эрх, үүргийг тогтоох, нийгмийн баталгааг хангах, мэргэжлийн үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх замаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд оршино.
2 дугаар зүйлЭрүүл мэндийн ажилтны тухай хууль тогтоомж
2.1Эрүүл мэндийн ажилтны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХууль үйлчлэх хүрээ
3.1Хуульд өөрөөр заагаагүй бол, энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн, орон нутгийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд хамаарна.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1"эрүүл мэндийн ажилтан" гэж эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтныг;
4.1.2“эмнэлгийн мэргэжилтэн” гэж хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалч, сэтгэцийн эмч, зүү төөнө заслын эмч, гоо заслын эмч зэрэг мэргэжлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлж буй мэргэжилтнийг;
4.1.3“эмнэлгийн бусад мэргэжилтэн” гэж нийгмийн эрүүл мэнд, сэтгэл судлал, эрүүл ахуй, тархвар судлал, био-анагаах, хоол судлал,эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, нүүр ам судлал, лабораторийн техникч, эм найруулагч, жор баригч ,цацраг эмчилгээ зэрэг эрүүл мэндийг дэмжих чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлийн үйл ажиллагааг эрх бүхий байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр эрхэлж буй мэргэжилтнийг;
4.1.4“эрүүл мэндийн бусад ажилтан” эрүүл мэндийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцсан захиргааны болон үйлчилгээний ажилтнуудыг;
4.1.5"эрүүл мэндийн байгууллага" гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг.
4.1.6“эмнэлгийн алдаа” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад эсхүл түүнтэй шууд холбоотойгоор эрүүл мэндийн ажилтны үйл ажиллагаа, байгууллагын зохион байгуулалт, тоног төхөөрөмж, технологийн алдаа, доголдлоос шалтгаалан өвчтөнд амь нас, эрүүл мэндийн хохирол учирсан үйл явдлыг.
5 дугаар зүйлЭрүүл мэндийн ажилтны үйл ажиллагааны үндсэн зарчим
5.1Эрүүл мэндийн ажилтан нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
5.1.1тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй, нээлттэй байх;
5.1.2ур чадвараа тогтмол дээшлүүлж, үйлдэл бүртээ хариуцлагатай байх;
5.1.3эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүний эрхэд суурилсан хандлагаар үзүүлэх;
5.1.4үйлчлүүлэгчийн хувийн болон эрүүл мэндийн нууцыг хадгалах;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА БА АЖИЛЛАХ ОРЧИН
6 дугаар зүйлЭрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн удирдлага
6.1Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь улсын хэмжээнд эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийг зохистой байлгах нэгдсэн төлөвлөгөөг 4 жилээр боловсруулж, хэрэгжүүлнэ.
6.2Эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн нэгдсэн төлөвлөгөөнд дараах агуулгыг заавал тусгана:
6.2.1эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн бодлогын зорилго, зорилт;
6.2.2Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний онцлог, өөрчлөлттэй уялдсан хүний нөөцийн эрэлт хэрэгцээ, шаардлага;
6.2.3эрүүл мэндийн ажилтныг бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх бодлого;
6.2.4эрүүл мэндийн ажилтны ур чадвар, чанарыг дээшлүүлэхтэй холбоотой мэргэшүүлэх болон давтан сургалт, дадлага;
6.2.5хөдөлмөрийн нөхцөл болон нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээ;
6.2.6эрүүл мэндийн ажилтны дутагдалтай эсхүл ачаалалтай нутаг дэвсгэрт хүний нөөцийг бэлтгэх, хуваарилах төлөвлөгөө;
6.2.7эрүүл мэндийн ажилтныг урт хугацаанд тогтвортой ажиллуулах арга хэмжээ;
6.2.8шаардлагатай гэж үзсэн бусад.
6.3Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ хуулийн 6.2-т заасан нэгдсэн төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилгоор жил бүр аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавина.
6.4Аймаг, нийслэлийн Засаг дарга нь Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан энэ хуулийн 6.3-т заасан гэрээний хэрэгжилтийн явц, үр дүнг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тайлагнана.
6.5Энэ хуулийн 6.4-т заасан тайланг хүлээн авсан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь хэрэгжилтийг үнэлж, дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
6.6Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь 4 жил тутам эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн талаар дараах судалгааг гүйцэтгэж, байгууллагын цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
6.6.1эрүүл мэндийн ажилтныг бэлтгэх болон хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж буй байдал;
6.6.2зөвшөөрөлтэй эрүүл мэндийн ажилтны тоо, бүртгэл, мэргэшүүлэх болон давтан сургалтад хамрагдсан байдал;
6.6.3аймаг, нийслэл, сум, дүүрэг болон эрүүл мэндийн байгууллага тус бүрийн эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн нөхцөл байдал;
6.6.4эрүүл мэндийн үйлчилгээ дутмаг эсхүл хэт ачаалалтай нутаг дэвсгэр дэх эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн хуваарилалтын нөхцөл байдал;
6.6.5эрүүл мэндийн ажилтны ажлын нөхцөл, цалин хөлс, ачаалал, нийгмийн баталгааны хэрэгжилт, ажлаас чөлөөлөгдөх эсхүл шилжиж буй шалтгаан, ажилтны сэтгэл ханамж зэрэг хөдөлмөрийн нөхцөл байдлын шинжилгээ.
6.6.6шаардлагатай гэж үзсэн бусад судалгаа.
6.7Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ хуулийн 6.6-д заасан судалгааны үр дүнг үндэслэн энэ хуулийн 6.1-д заасан нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэн батална.
7 дугаар зүйлЭрүүл, аюулгүй эрүүл мэндийн байгууллагын орчин
7.1Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл, аюулгүй эрүүл мэндийн ажилтан мэргэжлийн үйл ажиллагаагаа гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
7.2Эрүүл мэндийн ажилтан нь эмчилгээ, оношилгооны үйл ажиллагаа эрхлэхэд нэн тэргүүнд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл, эм, бэлдмэл болон бусад байгууламж, материал хэрэгслээр хангагдах эрхтэй.
7.3Энэ хуулийн 7.1 болон 7.2-т заасан үүргээ эрүүл мэндийн байгууллага зөрчсөнөөс үйлчлүүлэгч эсхүл эрүүл мэндийн ажилтны амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол эрүүл мэндийн байгууллага хариуцан хохирлыг барагдуулна.
7.4Эрүүл мэндийн байгууллага нь цахим орчинд болон ажлын байранд эрүүл мэндийн ажилтны хувийн халдашгүй байдал зөрчигдөхөөс сэргийлэх арга хэмжээг авна.
8 дугаар зүйлЭрүүл мэндийн ажилтны мэргэжлийн аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага
8.1Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой халдвар, үйлдвэрлэлийн осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчин, сэтгэл зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлнэ.
8.2Эрүүл мэндийн байгууллага нь эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, шаардлагатай хамгаалах хэрэгсэл, сургалт, зааварчилгаагаар эрүүл мэндийн ажилтныг хангана.
8.3Мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой үйлдвэрлэлийн осол, ажлын байран дах эрсдэл үүссэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллага нь нэн даруй хариу арга хэмжээ авч, хуульд заасан тохиолдолд харьяалах улсын байцаагчид мэдээлнэ.
9 дүгээр зүйлЭрүүл мэндийн ажилтны ажлын ачаалал, ажлын цагийн зохицуулалт
9.1Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтны ажлын цаг, ээлж, жижүүр, дуудлагын зохицуулалтыг хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох стандарт, нормд нийцүүлэн тогтоож, хэт ачааллаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй.
9.2Эрүүл мэндийн ажилтны ажлын ачаалал нь түүний мэргэжил, тусламж үйлчилгээний төрөл, шатлал, үйлчлүүлэгчийн урсгалд нийцсэн байна.
9.3Илүү цагаар, амралтын болон шөнийн цагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд хуульд заасан нөхөн олговор, нэмэгдэл хөлсийг олгоно.
9.4Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтны ажил, амралтын тэнцвэрийг хангах, ажлын ачааллаас үүдэх эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
10 дугаар зүйлЭрүүл мэндийн ажилтны хүний эрхийг хамгаалах дотоод тогтолцоо
10.1Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад аливаа хүчирхийлэл, бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхалт зэрэг хүний эрхийн зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
10.1.1дотоод журам, ёс зүйн дүрэм, сургалт, хяналт, гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх;
10.1.2хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, танилцуулгыг ажилтнуудад тогтмол хүргэх;
10.1.3гомдол, мэдээллийг хүлээж авах нууцлалыг хангасан дотоод суваг ажиллуулах;
10.1.4хохирсон эрүүл мэндийн ажилтанд хууль зүйн болон сэтгэл зүйн туслалцаа авахад дэмжлэг үзүүлэх;
10.1.5хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнд тулгуурлан дотоод тогтолцоогоо сайжруулах;
10.1.6эрүүл мэндийн ажилтны хүний эрхийн зөрчилтэй холбоотой тухайн байгууллагын дотоод судалгааг жил бүр гүйцэтгэж, үнэлэх.
10.2Энэ хуулийн 10.1-д заасан үүргээ хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн байгууллага нь хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллага болон Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоотой хамтран ажиллаж болно.
11 дүгээр зүйлЭрүүл мэндийн ажилтны сэтгэл зүйн эрүүл мэнд, мэргэжлийн халшралаас урьдчилан сэргийлэх
11.1Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, мэргэжлийн халшрал, стрессээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлнэ.
11.2Эрүүл мэндийн ажилтанд сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг авах боломжийг нууцлалыг хангасан нөхцөлөөр бүрдүүлнэ.
11.3Эмнэлгийн осол, хүчирхийлэл, онцгой нөхцөл байдлын дараа эрүүл мэндийн ажилтанд шаардлагатай сэтгэл зүйн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАНД ХОЛБОГДОХ НИЙТЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ
12 дугаар зүйлЭрүүл мэндийн ажилтны нийтлэг эрх
12.1Эрүүл мэндийн ажилтан нь дараах нийтлэг эрхтэй:
12.1.1эрүүл мэндийн үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн хараат бусаар эрхлэх, аливаа хүчирхийлэл болон дарамт шахалтаас ангид байх;
12.1.2аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын орчинд ажиллах;
12.1.3эрүүл мэндийн ажилтны хувийн халдашгүй байдлыг хамгаалах, зөвшөөрөлгүйгээр эрүүл мэндийн ажилтны хувийн мэдээллийг аливаа хэлбэрээр цуглуулах, боловсруулах, дамжуулах, ашиглахаас зайлсхийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авхуулах, мэргэжлийн нэр хүнд, эрх ашиг нь хууль бусаар хөндөгдөхөөс хамгаалуулах;
12.1.4мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх сургалт, давтан сургах хөтөлбөрт хамрагдах;
12.1.5мэргэжлийн стандарт, заавар, протоколын дагуу шийдвэр гаргах;
12.1.6мэргэжлийн байгууллагад сайн дураараа нэгдэх;
12.1.7ажиллаж буй байгууллага болон Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоогоор дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хууль зүйн болон мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг авах;
12.1.8хөдөлмөрийн шударга нөхцөл, зохистой цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгаагаар хангагдах;
12.1.9хуульд заасан бусад.
13 дүгээр зүйлЭрүүл мэндийн ажилтны нийтлэг үүрэг
13.1Эрүүл мэндийн ажилтан нь дараах нийтлэг үүрэгтэй:
13.1.1хүний амь нас, эрүүл мэндийг дээдлэн хамгаалах;
13.1.2мэргэжлийн ёс зүйг сахих;
13.1.3өвчтөнд чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээ үзүүлэх;
13.1.4хууль тогтоомж, мэргэжлийн стандарт, заавар, удирдамжийг мөрдөх;
13.1.5өвчтөний нууц, хувийн мэдээллийг хамгаалах;
13.1.6мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй сайжруулах;
13.1.7ажлын байрны аюулгүй ажиллагаа, халдварын хяналтын дэглэмийг чанд сахих;
13.1.8албан үүргээ шударгаар гүйцэтгэж, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх;
13.1.9эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч болон хамт олонтойгоо хүндэтгэлтэй харилцах;
13.1.10хуульд заасан бусад.
13.2Эрүүл мэндийн ажилтан энэ хуулийн 12.1.4-т заасны дагуу мэргэжлийн стандарт, заавар, протоколыг мөрдөх нь үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд ашиггүй буюу үр дүнгүй байх тохиолдолд үндэслэл бүхий тайлбар үйлдэн, тухайн стандарт, заавар, протоколыг мөрдөхөөс татгалзаж болно.
14 дугаар зүйлЭрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа
14.1Эрүүл мэндийн ажилтны цалингийн тусгай сүлжээний доод жишгийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, онцлогийг харгалзан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
14.2Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг баримтлан тогтооно.
14.3Үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй 20-с доошгүй жил ажилласан эмч анхан шатны эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай гэж үзсэн чиглэлээр тасралтгүй 5 доошгүй жил үргэлжлүүлэн ажилласан тохиолдолд тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөн дүнг Төрийн албаны хууль тогтоомжоор тогтоосон хэмжээнээс 40 хувиар нэмэгдүүлэн олгоно.
14.4Энэ хуулийн 14.2, 14.3,14.6-д заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоход шаардагдах зардлыг тухайн байгууллага төсөвтөө тусгасан байна.
14.5Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага нь эмнэлгийн мэргэжилтэнд урамшуулал олгох, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
14.6Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно.
14.7Эрүүл мэндийн ажилтныг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд төлбөргүй хамруулна.
14.8Эрүүл мэндийн ажилтанд ажилласан 5 жил тутамд нь Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр нь 1 өдрийн нэмэгдэл амралт олгоно.
14.9Сум, тосгоны эрүүл мэндийн төв, багийн эмчийн салбар, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад 5 жил тутамд улсын зардлаар хамруулна.
14.10Энэ хуулийн 14.6-д заасан мөнгөн тэтгэмжийг олгох журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
14.11Төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан эрүүл мэндийн ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
14.12Эрүүл мэндийн ажилтны амьдрах нөхцөлийг сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дараах дэмжлэг үзүүлнэ:
14.12.1орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлд тусгай дарааллаар хамруулах;
14.12.2орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах урьдчилгаа төлбөрийг тухайн байгууллага эсхүл бусад эх үүсвэрээр урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх боломжит арга замыг тодорхойлох;
14.12.3хуулиар хориглоогүй бусад арга хэлбэрээр.
15 дугаар зүйлОлон улсын хөл хориот халдварт өвчний голомтод ажилласан эрүүл мэндийн ажилтанд олгох нэмэгдэл хөлс, нөхөн төлбөр
15.1Олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод болон гамшгийн үед дайчилгаагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд тухайн дайчилгааг зохион байгуулсан газар 1 сарын дотор ажилласан хугацааны цалин хөлсийг нь З дахин нэмэгдүүлж олгоно.
15.2Эрүүл мэндийн ажилтан нь олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод ажиллаж халдвар авсны улмаас болон ажил үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдвал ар гэрт нь түүний 5 жилийн үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох бөгөөд ажил үүрэг гүйцэтгэхтэй нь холбогдуулан бие махбодод нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, авч байсан цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгоно.
15.3Олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод дайчлагдан ажилласан иргэнд нөхөн төлбөр, цалин хөлсний зөрүүг эрүүл мэндийн ажилтны нэгэн адил олгоно.
15.4Энэ хуулийн 15.3-т заасан иргэн тогтмол ажил эрхэлдэггүй бол цалин хөлсийг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцно.
15.5Эрүүл мэндийн ажилтанд хууль тогтоомжид заасны дагуу цалин хөлсний нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох бөгөөд тэдгээрийн төрөл, хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД ХОЛБОГДОХ ЗОХИЦУУЛАЛТ
Нэгдүгээр дэд бүлэг
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалт
16 дугаар зүйлЭмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалт
16.1Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн этгээд нь энэ хуульд заасан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалт өгч тэнцсэн байна.
16.2Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтыг дараах мэргэжлийн чиглэл тус бүрээр авна:
16.2.1хүний их эмч;
16.2.2хүний бага эмч;
16.2.3нүүр амны их эмч;
16.2.4уламжлалт анагаах ухааны их эмч;
16.2.5сувилагч;
16.2.6эх баригч;
16.2.7эм зүйч;
16.2.8эм найруулагч;
16.2.9сэргээн засах чиглэлийн мэргэжилтэн;
16.2.10хууль тогтоомж, Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны дүрэмд заасан бусад.
16.3Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалт нь тухайн мэргэжлийн заавал эзэмшсэн байх суурь мэдлэг, ур чадвар, ёс зүй, өвчтөний аюулгүй байдлын чадамжийг үнэлэхэд чиглэнэ.
16.4Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтыг зохион байгуулахад тэгш эрх, шударга ёс, ил тод байдал, хараат бус байдал, хууль дээдлэх, олон нийтийн итгэлийг хангасан байх зарчмыг баримтална.
17 дугаар зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад орох эрх
17.1Эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллеж төгссөн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад орох эрхтэй.
17.2Гадаад улсад анагаах ухааны боловсрол эзэмшсэн этгээдийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад оруулах журмыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо батална.
17.3Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад орох өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
17.3.1Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хувьд паспорт буюу түүнийг орлох баримт бичгийн хуулбар;
17.3.2анагаах ухааны боловсролын дипломын хуулбар;
17.3.3баталсан маягт бөглөсөн байх;
17.3.4шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичиг.
17.4Шалгалтын комисс нь өргөдөлд хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг шалгах зорилгоор холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл гаргуулах эрхтэй.
18 дугаар зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад оруулахаас татгалзах үндэслэл
18.1Дараах үндэслэл байвал Шалгалтын комисс мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад оруулахаас татгалзана:
18.1.1энэ хуульд заасан шалгуур, шаардлагыг хангаагүй;
18.1.2баримт бичгийг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн;
18.1.3шалгалтын бүртгэлийн хугацаанд бүртгүүлээгүй;
18.1.4мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон шийтгэлийн хугацаа дуусаагүй.
19 дүгээр зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалт зохион байгуулах журам
19.1Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны дэргэдэх шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос байгуулсан Шалгалтын комисс жилд хоёроос доошгүй зохион байгуулна.
19.2Шалгалтын тов, бүртгэлийн хугацаа, газар, шалгалтын удирдамжийг шалгалтаас 90-ээс доошгүй хоногийн өмнө нийтэд зарлана.
19.3Шалгалтын комисс байгуулах, гишүүнд тавигдах шаардлага, шалгалтын арга, үе шат, үнэлгээний шалгуур, дүн гаргах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
20 дугаар зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцсэнд тооцох, батламж олгох
20.1Шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувь авсан этгээдийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцсэнд тооцно.
20.2Шалгалтад тэнцсэн этгээдэд Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны шалгалт дууссанаас хойш ажлын 10 хоногийн дотор батламж олгоно.
21 дүгээр зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад дахин орох
21.1Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцээгүй этгээд дахин шалгалтад орох эрхтэй.
21.2Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатайгаар хүчингүй болгосон этгээд нь шийтгэлийн хугацаа дууссанаас хойш шалгалтад дахин орох эрхтэй.
22 дугаар зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалттай холбоотой гомдол гаргах
22.1Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрсөн этгээд уг шалгалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоонд гомдол гаргана.
22.2Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь гомдлыг шалгалт эхлэхээс гурваас доошгүй хоногийн өмнө эцэслэн шийдвэрлэнэ.
Хоёрдугаар дэд бүлэг
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
23 дугаар зүйлЭмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
23.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зөвхөн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд эмнэлгийн мэргэжилтэн нь зөвхөн зөвшөөрөл олгосон төрөл, чиглэл, хүрээнд тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
23.2Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь дараах төрөлтэй байна:
23.2.1эмчлэх;
23.2.2эм барих;
23.2.3сувилах;
23.2.4эх барих;
23.2.5сэргээн засах.
23.3Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан этгээд тухайн төрлийн мэргэжлийн нэршлийг хэрэглэх эрхтэй байна.
23.4Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, нөхөн олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
23.5Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 23.4-т заасан чиг үүргээ хууль тогтоомжийн дагуу болон захиргааны гэрээний үндсэн дээр харьяалах төрийн байгууллага, эсхүл энэ хуульд заасан Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоонд шилжүүлж болно.
24 дүгээр зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үндэслэл, журам
24.1Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор холбогдох Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоонд гишүүнээр элсэх өргөдлийг цахимаар гаргана.
24.2Өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
24.2.1мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцсэн батламж;
24.2.2ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
24.2.3энэ хуулиар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон үндэслэл байхгүйг нотолсон баримт бичиг.
24.3Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь өргөдөл, хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг шалгаж, энэ хуулийн шаардлагыг хангасан эсэхийг шийдвэрлэнэ.
24.4Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь өргөдөл гаргагчийг гишүүнээр бүртгэж авсан тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно.
24.5Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан этгээд “эмнэлгийн мэргэжилтэн” гэсэн нэршлийг ашиглах эрхтэй болох бөгөөд зөвшөөрөл аваагүй этгээд “эмнэлгийн мэргэжилтэн” гэсэн нэршлийг ашиглахыг хориглоно.
24.6Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан эмнэлгийн мэргэжилтэн нь холбогдох тусгай мэргэжлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд тухайн төрлийн мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн нэршлийг ашиглах эрхтэй болно.
25 дүгээр зүйлЗөвшөөрөл олгох хугацаа
25.1Анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий их, дээд сургууль, коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах хугацаагаар олгоно:
25.1.1резидент эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар;
25.1.2үндсэн мэргэшлийн сургалтыг дүүргэсэн мэргэшсэн эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;
25.1.3бага эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;
25.1.4эм зүйч, эм найруулагчид эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;
25.1.5сувилагчид сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;
25.1.6эх баригчид эх барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;
25.1.7сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнд сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар.
25.2Энэ хуулийн 25.1.1-д заасан резидент эмч нь төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлэгт үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана.
25.3Энэ хуулийн 25.1.1-д зааснаас бусад зөвшөөрлийг жил тутам тасралтгүй сургалтад хамрагдаж, багц цагаа бүрдүүлсэн эмнэлгийн мэргэжилтэнд 5 жилийн хугацаагаар сунгана.
25.4Тасралтгүй сургалтын багц цагийн доод хэмжээ, тооцох аргачлал, нотлох баримт бичгийн шаардлага, сунгалтын шалгуурыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл энэ хуулийн 23.5-т заасны эрх шилжүүлэн авсан байгууллага батална.
26 дугаар зүйлГадаад улсад боловсролын байгууллага төгссөн иргэн болон гадаад улсын иргэнд зөвшөөрөл олгох
26.1Гадаад улсад анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн Монгол Улсын иргэн, эсхүл Монгол Улсад анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн гадаадын иргэн Монгол Улсад резидент эмчийн сургалтад хамрагдах тохиолдолд энэ хуулийн 25.1.1, 25.2-т заасан шаардлагыг хангаснаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авна.
26.2Гадаад улсын эрх бүхий байгууллагаас олгосон эмчлэх, сувилах, эх барих, эм барих, сэргээн засах чиглэлийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй Монгол Улсын иргэнд тухайн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хялбаршуулсан журмаар олгож болно.
26.3Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах шалгуурыг хангасан гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд олгоно:
26.3.1Монгол Улсын анагаах ухааны боловсролын зэрэгтэй дүйцэх боловсрол эзэмшсэн;
26.3.2эх орондоо мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй, эсхүл түүнтэй адилтгах баримт бичигтэй;
26.3.3төрөлжсөн мэргэшлээр 5 ба түүнээс дээш жил ажилласныг нотлох баримт бичигтэй;
26.3.4Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагатай ажиллах гэрээ, хэлэлцээртэй.
26.4Энэ хуулийн 26.3-т заасан гадаадын иргэнд Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2 жил хүртэл хугацаагаар дараах нөхцөлөөр хялбаршуулсан журмаар олгож болно:
26.4.16 сар хүртэлх зөвшөөрлийг зөвшөөрлийн шалгалтгүйгээр зөвхөн нэг удаа;
26.4.26 сараас дээш хугацааны зөвшөөрлийг зөвшөөрлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд.
26.5Энэ хуулийн 26.4-т заасан зөвшөөрөлтэй гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол Улсын нутаг дэвсгэрт мэргэжлийн үйл ажиллагаагаа монгол хэл дээр, шаардлагатай тохиолдолд орчуулгатай явуулна.
26.6Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл олгох, сунгах, хяналт тавих, шаардлага зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн эрхийг шилжүүлэн авсан төрийн болон Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо батална.
27 дугаар зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох
27.1Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороо нь Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно:
27.1.1мэргэжилтэн өөрөө хүсэлт гаргасан;
27.1.2гэмт хэрэг үйлдсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
27.1.3тасралтгүй сургалтын багц цагийг хангаагүй;
27.1.4зөвшөөрлийн хугацаа дууссан боловч мэргэжлийн шалгалтад ороогүй, эсхүл тэнцээгүй;
27.1.5хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жилээс дээш хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй;
27.1.6төгсөлтийн дараах сургалтын гэрээний үүргээ биелүүлээгүй;
27.1.7энэ хуулиар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд болох нь тогтоогдсон.
28 дугаар зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сэргээх
28.1Зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэл арилж, холбогдох шаардлагыг хангаж, гэрээний үүргээ биелүүлсэн бол мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сэргээж болно.
28.2Өөрийн хүсэлтээр зөвшөөрлөө хүчингүй болгосон этгээд дахин зөвшөөрөл авах бол мэргэжлийн шалгалтад дахин орно.
29 дүгээр зүйлЭмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэл
29.1Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэл нь эмнэлгийн мэргэжилтний талаарх албан ёсны мэдээллийн сан байна.
29.2Эмнэлгийн мэргэжилтэн бүр дахин давтагдашгүй бүртгэлийн дугаартай байна.
29.3Нэгдсэн бүртгэлд мэргэжил, мэргэшил, зөвшөөрлийн байдал, сургалт, ажилласан байгууллага, албан тушаалын мэдээллийг жил бүр шинэчилнэ.
29.4Нэгдсэн бүртгэлийг хөтлөх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн эрхийг шилжүүлэн авсан Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо батална.
30 дугаар зүйлЭмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд
30.1Дараах этгээд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй:
30.1.1сэтгэцийн өвчтэй нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;
30.1.2мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай;
30.1.318 насанд хүрээгүй;
30.1.4ял эдэлж байгаа.
Гуравдугаар дэд бүлэг
Эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг, хариуцлага
31 дүгээр зүйлХүний их эмчийн тангараг
31.1Анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий их, дээд сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн хүн бүр “Эмч би, эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая, тангараглая, тангараглая” гэсэн тангараг өргөнө.
31.2Энэ хуулийн 31.1-д заасан тангараг өргөх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоотой зөвшилцөн батална.
31.3Энэ хуулийн 31.1-д заасан тангараг өргөсөн хүний их эмч нэрийн тэмдэг хэрэглэнэ.
32 дугаар зүйлЭмнэлгийн мэргэжилтний нийтлэг эрх
32.1Эмнэлгийн мэргэжилтэн нь энэ хуулийн 3 дугаар бүлэгт зааснаас гадна дараах эрх эдэлнэ:
32.1.1мэргэжлийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, түүний удирдлага, иргэнд шаардлага тавих, зөвлөгөө өгөх;
32.1.2гэнэтийн өвчин, осол гэмтлээс хүний амь насанд аюултай байдал бий болсон, төрөх зэрэг яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг дайчлан ашиглах;
32.1.3эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг болон өвчтөний амь нас, эрүүл мэндэд харш үйлдэл хийлгэхээр шаардах, эсхүл хууль тогтоомж зөрчихийг шаардсан тохиолдолд эмчлэх, үйлчлэхээс татгалзах;
32.1.4албан үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлийн хамгаалах хэрэгслээр хангагдах;
32.1.5мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, төгсөлтийн дараах болон тасралтгүй сургалтад хамрагдах;
32.1.6хууль тогтоомжид заасан бусад эрх.
32.2Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн онцлогтой холбоотой тодорхой эрхийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож болно.
32.3Энэ хуулийн 32.1.2-т заасан эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг холбогдох эмнэлгийн байгууллага түргэн тусламжийн үйлчилгээний тарифаар нөхөн олгоно.
33 дугаар зүйлЭмнэлгийн мэргэжилтний нийтлэг үүрэг
33.1Эмнэлгийн мэргэжилтэн дараах үүрэг хүлээнэ:
33.1.1эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх;
33.1.2гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд хуульд заасан үндэслэлгүйгээр ямар ч нөхцөлд эмнэлгийн тусламж үзүүлэх;
33.1.3үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах;
33.1.4хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
33.1.5мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх, нотолгоонд тулгуурласан арга барил хэрэглэх;
33.1.6үйлчлүүлэгчийн өвчин, эмгэг, эмчилгээний мэдээлэл болон нас барагчийн талаарх мэдээллийг хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх;
33.1.7хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
34 дүгээр зүйлЭмнэлгийн тусламж, үйлчилгээний түүхийн бүртгэл
34.1Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний түүхийн бүртгэлийг хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, журмын дагуу хөтөлнө.
34.2Эмнэлгийн тусламж, үйлчилгээний түүхийн бүртгэлд өвчтөний өвчин, эмгэг, онош, зовуурь, эмчилгээний явц, эмнэлгийн үйлдэл, хэрэглэсэн арга хэмжээ, мэргэжлийн санал, дүгнэлтийг үнэн зөв, бүрэн тусгаж гарын үсэг эсхүл түүнтэй адилтган үзэх арга хэлбэрээр баталгаажуулна.
34.3Эмнэлгийн мэргэжилтэн нь бүртгэлийг хуурамчаар хөтлөх, санаатайгаар бодит байдлаас зөрүүтэй нэмэлт бичилт хийх, үндэслэлгүй засвар оруулахыг хориглоно.
34.4Эмнэлгийн тусламж, үйлчилгээний түүхийн бүртгэлийг цахимаар хөтлөх, хадгалах, хамгаалах, архивлах, нэвтрэх эрхийн түвшин тогтоох, аудитын мөр бүрдүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
35 дугаар зүйлҮйлчлүүлэгчид асаргаа, сувилгаа болон эрүүл мэндийн зөвлөгөө өгөх
35.1Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгч, эсхүл түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчид асаргаа, сувилгаа хийх арга, эмчилгээний дэглэм, эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай мэдээллийг зааварлан зөвлөх үүрэгтэй.
36 дугаар зүйлЭрсдэлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ явуулах үед мэдээлэл өгөх, зөвшөөрөл авах
36.1Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн амь нас, эсхүл бие махбодод ноцтой хохирол учрах эрсдэлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ явуулах тохиолдолд үйлчлүүлэгчид дараах мэдээллийг тайлбарлаж, бичгээр эсхүл цахимаар зөвшөөрөл авна:
36.1.1онош, магадлал, эрсдэлийн үндэслэл;
36.1.2эмнэлгийн тусламж, үйлчилгээний зайлшгүй шаардлага, аргачлал, агуулга;
36.1.3тайлбар өгч буй эмч болон голлон оролцох эмч нарын нэр;
36.1.4нийтлэг хүндрэл, гаж нөлөө, эрсдэлийн мэдээлэл;
36.1.5эмнэлгийн тусламж, үйлчилгээний өмнө болон дараа мөрдөх заавар, анхаарах зүйлс.
36.2Энэ хуулийн 36.1-т заасан үйлчлүүлэгч нь шийдвэр гаргах чадваргүй бол түүний хууль ёсны төлөөлөгчөөс зөвшөөрөл авна.
36.3Зөвшөөрөл авсны дараа эмнэлгийн тусламж, үйлчилгээний арга, агуулга өөрчлөгдөх, эсхүл голлон оролцох эмч солигдох бол өөрчлөлтийн шалтгаан, агуулгыг мэдээлж дахин бичгээр эсхүл цахимаар зөвшөөрөл авна.
36.4Яаралтай нөхцөл байдлаас шалтгаалан энэ хуулийн 36.1, 36.2, 36.3 дах хэсгийг хэрэгжүүлэх нь тусламжийг хэт саатуулж амь насанд аюул учруулах, эсхүл сэтгэцэд хүнд хор уршиг үүсгэх бодит нөхцөл байдал үүссэн бол уг шаардлага тавигдахгүй бөгөөд үндэслэлийг түүхийн бүртгэлд тэмдэглэнэ.
37 дугаар зүйлНууц хадгалах үүрэг
37.1Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн үүргээ хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн үйлчлүүлэгч болон түүний гэр бүлийн талаарх хувийн мэдээлэл, эрүүл мэндийн мэдээллийг тухайн этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг хориглоно.
37.2Энэ үүрэг нь эмнэлгийн мэргэжилтэн ажил үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш мөн хүчинтэй байна.
37.3Хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх нь энэ хуулийн 37.1-д хамаарахгүй.
38 дугаар зүйлАшиг сонирхлын зөрчлөөс ангид байх, урамшуулал авахыг хориглох
38.1Эмнэлгийн мэргэжилтэн нь эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгч, импортлогч, ханган нийлүүлэгч, түрээслүүлэгчээс шууд болон шууд бусаар урамшуулал, хөнгөлөлт, ашиг хүртэхийг хориглоно.
38.2Эрдэм шинжилгээ, сургалт, клиник туршилт, бүтээгдэхүүний танилцуулга, хэрэглээний сургалт зэрэг үйл ажиллагаанд хууль, журмын дагуу үзүүлсэн дэмжлэг үзүүлсэн нь энэ хуулийн 38.1-д хамаарахгүй.
39 дүгээр зүйлХэвийн бус нас баралт байж болзошгүй үед мэдэгдэх үүрэг
39.1Эмнэлгийн мэргэжилтэн нь хүний цогцсыг үзэж хэвийн бус нөхцөлд нас барсан байж болзошгүй гэж сэжиглэвэл холбогдох цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
40 дугаар зүйлМэргэшсэн эмч, резидент эмчийн нэмэлт эрх, үүрэг
40.1Мэргэшсэн эмч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нийтлэг эрх, үүргээс гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
40.1.1үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх;
40.1.2эмийн жор бичих;
40.1.3нас барсныг тогтоох;
40.1.4хүйсийг тогтоох;
40.1.5хуульд заасан нөхцөлд иргэний эрүүл мэндийн талаар тодорхойлолт гаргах;
40.1.6шүүх, прокурорын байгууллагын шийдвэрээр эмчийн үзлэг хийх, шинжилгээ авах, эмчилгээ хийх, дүгнэлт гаргах;
40.1.7өөрийнх нь шууд хяналт, удирдлагад ажиллах резидент эмчид мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
40.1.8оношлох, эмчлэх зорилгоор резидент эмчээр тодорхой үйл ажиллагааг гүйцэтгүүлэхдээ хяналт тавих, шаардлагатай тохиолдолд бичгээр үүрэг даалгавар олгож байгууллагын удирдлагад мэдэгдэх;
40.1.9хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
40.2Резидент эмч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нийтлэг эрх, үүргээс гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
40.2.1Энэ хуулийн 40.2.2, 40.2.3-т заасан ажлыг гүйцэтгэхдээ мэргэшсэн эмчээс арга зүйн туслалцаа авах;
40.2.2байгууллагын баталсан резидент эмчийн бие даан үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтын дагуу үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх;
40.2.3мэргэшсэн эмчийн шууд хяналт, удирдлага дор эмчилгээ, мэс засал, ажилбар хийх;
40.2.4хүндрэл гарсан тохиолдолд мэргэшсэн эмчид цаг алдалгүй мэдэгдэх;
40.2.5хууль, тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
40.3Резидент эмчийн ажиллах үлгэрчилсэн журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
41 дүгээр зүйлЭмнэлгийн мэргэжилтэнд хориглох үйл ажиллагаа
41.1Эмнэлгийн мэргэжилтэн нь зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх, эсхүл эрхгүй этгээдээр эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлүүлэхийг хориглоно.
41.2Эмнэлгийн мэргэжилтэн биш этгээд нь эмч, шүдний эмч, уламжлалт анагаахын эмч, эх баригч, сувилагч болон эдгээртэй төстэй нэршлийг ашиглан төөрөгдөл үүсгэхийг хориглоно.
41.3Эмнэлгийн мэргэжилтний хориглох зар сурталчилгааны хэлбэр, шаардлагыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
42 дугаар зүйлЭмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзахыг хориглох
42.1Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах хүсэлт хүлээн авсан тохиолдолд хуульд заасан үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй.
42.2Яаралтай тусламж шаардлагатай өвчтөнд эмнэлгийн мэргэжилтэн хамгийн боломжит, зохистой арга хэмжээг нэн даруй авна.
42.3Татгалзах боломжтой онцгой тохиолдол, түүний журам, баримтжуулалтыг холбогдох хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын журмаар зохицуулна.
43 дугаар зүйлМэргэжлийн хараат бус байдал, аюулгүй орчин
43.1Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэхэд энэ хууль болон бусад хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд хэн ч аливаа байдлаар хөндлөнгөөс оролцож үл болно.
43.2Хэн боловч эмнэлгийн байгууллагын эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмж, хэрэгсэл, эм бэлдмэл, бусад эд зүйлсийг эвдэх, гэмтээх, эсхүл эмнэлгийн байгууллагын эмчилгээний үйл ажиллагаанд саад учруулах, хүчирхийлэл, дарамт үзүүлэхийг хориглоно.
43.3Энэ зүйлд заасан хориг зөрчсөн үйлдэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Дөрөвдүгээр дэд бүлэг
Төгсөлтийн дараах сургалт
44 дүгээр зүйлТөгсөлтийн дараах сургалтын төрөл, хүрээ
44.1Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт нь мэргэшүүлэх болон тасралтгүй гэсэн төрөлтэй байна.
44.2Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад үндсэн мэргэшлийн болон төрөлжсөн мэргэшлийн сургалт хамаарна.
44.3Тасралтгүй сургалт нь эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадвар, ёс зүй, чанарын шаардлагыг хадгалах, ахиулах зорилготой бөгөөд багц цагийн тогтолцоонд үндэслэнэ.
45 дугаар зүйлТөгсөлтийн дараах сургалтын удирдлага, зохион байгуулалт
45.1Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалт, мэргэшлийн зэрэгтэй холбогдсон үйл ажиллагааны бодлого, нэгдсэн удирдлагыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
45.2Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хуульд нийцүүлэн тодорхой чиг үүргийг эрх олгох, гэрээгээр шилжүүлэх хэлбэрээр төрийн болон төрийн бус байгууллагаар хэрэгжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд хяналт, тайлагнал, ил тод байдлын шаардлагыг хангана.
46 дугаар зүйлСургалт эрхлэх байгууллагад тавих шаардлага, сонгон шалгаруулалт
46.1Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллага нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
46.1.1сургалтын хөтөлбөр, сургалтын үр дүнгийн шалгуур, үнэлгээний аргачлалтай байх;
46.1.2сургалтын багшлах бүрэлдэхүүний мэргэшил, туршлагын шаардлага хангагдсан байх;
46.1.3клиникийн сургалтын бааз, тоног төхөөрөмж, шаардлагатай тохиолдолд симуляцийн орчинтой байх;
46.1.4сургалтын чанарын дотоод баталгаажуулалт, гомдол шийдвэрлэх журамтай байх;
46.1.5ашиг сонирхлын зөрчил, тэтгэлэг, санхүүжилтийн ил тод байдлыг хангах.
46.2Сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
47 дугаар зүйлБагц цаг тооцох, бүртгэх, хүлээн зөвшөөрөх
47.1Тасралтгүй сургалтын багц цаг тооцох тогтолцоо нь сургалтын төрөл, хэлбэр, үр дүн, үнэлгээнд суурилна.
47.2Багц цагийг цахим бүртгэлээр нэгтгэн хөтөлж, сургалт зохион байгуулагч байгууллага нь оролцогчийн мэдээллийг хугацаанд нь бүртгүүлэх үүрэгтэй.
47.3Дотоод, гадаадын сургалт, эрдэм шинжилгээ, ур чадварын үнэлгээ, клиник сургалт, цахим сургалтыг багц цагт тооцох шалгуур, дээд хязгаар, нотлох баримтын шаардлагыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо батална.
47.4Багц цагийн бүртгэлд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бүрдүүлэхийг хориглоно.
48 дугаар зүйлМэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох нийтлэг үндэслэл
48.1Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаа нь мэргэшүүлэх сургалтын төгсөлт, ур чадварын үнэлгээ, ажлын дадлага туршлага, ёс зүйн шаардлага, чанарын шалгуурт үндэслэнэ.
48.2Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, сунгах, хүчингүй болгох журам, үнэлгээний шалгуур, баримт бичгийн бүрдэл, шийдвэр гаргах журмыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо батална.
48.3Мэргэшлийн зэрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэх дотоод журам, гомдол хянан шийдвэрлэх шат дарааллыг 49.2-т заасан журмаар зохицуулна.
49 дүгээр зүйлРезидент эмчийн мэргэшүүлэх сургалтад хамрагдах үеийн эрх зүйн байдал
49.1Резидент эмч нь төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлэгт үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана.
49.2Резидент эмчийн ажлын ачаалал, хяналт-удирдлага, сургалтын чанарын шаардлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын доод стандартыг эрх бүхий байгууллага батална.
50 дугаар зүйлСанхүүжилт, зардлын жишиг, төлбөр
50.1Төгсөлтийн дараах сургалт, мэргэшлийн зэргийн үйл ажиллагааны зардлын жишиг, сургалтын тэтгэлэг олгох шалгуур, тэтгэлгийн хэмжээ, шалгалтын төлбөр, зардлын жишгийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо хамтран батална.
50.2Улсын төсвөөс санхүүжүүлэх сургалтын төрөл, хамрах хүрээ, сонгон шалгаруулах шалгуур, тайлагналын журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
50.3Сургалтын төлбөр, санхүүжилттэй холбоотой мэдээлэл ил тод байх бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөлийг хориглоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН БУСАД МЭРГЭЖИЛТНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
Нэгдүгээр дэд бүлэг
Эмнэлгийн бусад мэргэжилтнийг бүртгэх, бүртгэхээс татгалзах үндэслэл
51 дүгээр зүйлЭмнэлгийн бусад мэргэжилтнийг бүртгэх ажиллагаа
51.1Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоонд цахимаар бүртгүүлсний үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагааг эрхэлнэ. Эрүүл мэндийн байгууллага нь холбоонд бүртгэлтэй эмнэлгийн бусад мэргэжилтнийг ажиллуулна.
51.2Эмнэлгийн бусад мэргэжилтний цахим бүртгэлийг дараах мэдээлэл, баримт бичигт үндэслэн хийнэ. Үүн:
51.2.1Эмнэлгийн бусад мэргэжилтний овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар, татвар төлөгчийн дугаар, хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг агуулсан хувийн мэдээлэл;
51.2.2Тухайн чиглэлээр дээд боловсролын эзэмшсэн болохыг нотолсон дээд боловсролын диплом
51.2.3Ажлын газрын тодорхойлолт, эсхүл хувиараа арилжаа эрхлэгчийн гэрчилгээ, эсхүл өөрийн өмчлөлийн хуулийн этгээдийн гэрчилгээ
51.3Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь цахимаар хүсэлт ирүүлснээс хойш ажлын 7 хоногийн дотор энэ хуулийн 52.2-т заасан мэдээлэл, баримт бичгийн үнэн зөвийг шалгасны үндсэн дээр эмнэлгийн бусад мэргэжилтнийг эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлд бүртгэж, бүртгэл баталгаажсан талаар цахимаар хариу мэдэгдэнэ.
51.4Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь бүртгэл баталгаажсан өдрөөс эхлэн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэх бөгөөд бүртгэлийн мэдээлэл өөрчлөлт орох бүрд Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоонд цахимаар мэдэгдэж, бүртгэлийн мэдээллийг үнэн зөвийг хариуцна.
51.5Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн эмнэлгийн бусад мэргэжилтний овог, нэр, ажил эрхлэлтийн байдлын мэдээллийг нээлттэй, ил тод байршуулна.
52 дугаар зүйлЭмнэлгийн бусад мэргэжилтнийг бүртгэхээс татгалзах
52.1Эмнэлгийн бусад мэргэжилтнээс энэ хуулийн 52.2-т заасан мэдээлэл, баримт бичгийг цахимаар дутуу, бүрэн бус илгээсэн тохиолдолд Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь бүртгэхээс татгалзаж, бүрэн бус, дутуу байгаа мэдээллийг зааж, зөрчлийн талаар хариу мэдэгдэнэ.
52.2Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь бүртгэхээс татгалзсан мэдэгдэлд заасан зөрчлийг арилган, дахин шинээр бүртгүүлэхээр хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.
Хоёрдугаар дэд бүлэг
Эмнэлгийн бусад мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанд хамаарах хэм хэмжээ
53 дугаар зүйлЭмнэлгийн бусад мэргэжилтэнд үзүүлэх дэмжлэг
53.1Эмнэлгийн бусад мэргэжилтэнд энэ хуулийн 3 дугаар бүлэгт заасан дэмжлэгээс гадна эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас дараах дэмжлэгийг үзүүлнэ:
53.11 Жил бүр тухайн чиглэлийн дотоодын болон олон улсын сургалтад хамрагдаж, мэргэжлийн ур чадварыг ахиулах;
53.12 Тухайн чиглэлийн олон улсын судалгааны хурал, судалгааны төсөлд оролцох, суурь судалгааны төсөлд грант хүртэх;
53.13 Улс хоорондын мэргэжилтэн солилцооны хөтөлбөрт хамрагдах;
53.14 Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр Монгол Улсын болон олон улсад оюуны өмчийн байгууллагад бүртгүүлсэн патентад мөнгөн болон мөнгөн бус урамшуулал олгох;
54 дүгээр зүйлЭрүүл мэндийн бусад мэргэжилтний эрх
54.1Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь энэ хуульд заасан эрүүл мэндийн мэргэжилтний эрхээс гадна дараах эрхийг эдэлнэ:
54.11 Бүртгүүлсэн чиглэлд хамаарах асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан, хувь хүнд шаардлага тавих, мэргэжлийн зөвлөгөө өгөх;
54.12 Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах;
54.13 Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, 5 жил тутамд мэргэжлийн сургалтад байгууллагын зардлаар хамрагдах;
54.14 Энэ хуульд заасан нийгмийн баталгаагаар хангагдах;
55 дугаар зүйлЭрүүл мэндийн бусад мэргэжилтний үүрэг
55.1Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь энэ хуульд заасан эрүүл мэндийн мэргэжилтний үүргийг хүлээхээс гадна дараах үүргийг хүлээнэ:
55.11 Бүртгүүлсэн чиглэлд хамаарах хууль тогтоомжийг чанд мөрдөж, мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэх;
55.12 Эрүүл мэндийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мэргэжлийн үйл ажиллагаандаа нэг мөр хэрэгжүүлэх, сахин биелүүлэх;
55.13 Мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх;
55.14 Бүртгүүлсэн чиглэлийн хүрээнд үүссэн эрүүл мэнд, амь насанд аюултай тохиолдол, орчны нөхцөл байдлын талаарх холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэх;
55.15 Хувийн мэдээлэл өөрчлөлт орсон нөхцөлд нэн даруй мэдэгдэж, эрүүл мэндийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлд өөрчлөлт оруулах;
55.16 Үйлчлүүлэгч, өвчтөний эрүүл мэндийн мэдээллийг зөвшөөрлийн үндсэн дээр цуглуулж, боловсруулж, ашиглах;
56 дугаар зүйлМэргэшлийн зэрэг олгох
56.1Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь эмнэлгийн бусад мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журмыг батална.
56.2Энэ хуулийн 35.1-т заасан журмаар эмнэлгийн бусад мэргэжилтний мэргэшлийн шатлал, хугацаа, чиглэл, мэргэшлийн зэргийн удирдлага, зохион байгуулалт, мэргэшлийн зэрэг горилоход бүрдүүлэх баримт бичиг, мэргэшлийн зэргийн шалгалтыг зохион байгуулалт, холбооны чиг үүрэг, мэргэшлийн зэргийн шалгалтын агуулга хэлбэр, мэргэшлийн зэргийн шалгалтын үнэлгээ, шалгалтын комиссын бүрэлдэхүүн болон мэргэшлийн зэргийн гэрчилгээ, хүчинтэй хугацаа, мэргэшлийн зэрэг хүчингүй болгох, нөхөн олгох харилцааг зохицуулна.
Гуравдугаар дэд бүлэг
Эмнэлгийн бусад мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанд хамаарах хэм хэмжээ
57 дугаар зүйлЭмнэлгийн бусад мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээ
57.1Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь дараах үйлдэл, эс үйлдлийг гаргахыг хориглоно:
57.1.1Бүртгүүлсэн чиглэлд хамаарах асуудлаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл тараах;
57.1.2Бүртгүүлсэн чиглэлийн хүрээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлэхээс татгалзах;
57.1.3Холбогдох хууль, дүрэм, журам, стандартаар тогтоосон шаардлагыг хангаагүй техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан үйл ажиллагааг эрхлэх;
57.1.4Үйлчлүүлэгч, өвчтөний эрүүл мэндийн мэдээллийг олон нийтэд задруулах, хуулиар эрх олгогдоогүй этгээдэд дамжуулах, бусад этгээдэд арилжааны зорилгоор худалдах, бэлэглэх;
57.1.5Хөдөлмөрийн аюулгүй байдлын журам, зааварчилгааг дагаж мөрдөхгүй байх, зөрчих
57.1.6Бүртгүүлсэн чиглэлд хамаарах хууль, дүрэм, журмаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, эсхүл зөрчсөн үйлдэл гаргах
57.1.7Эрүүл мэндийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг зөрчих
57.1.8Үйлчлүүлэгч, өвчтөний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах
57.1.9Бүртгүүлсэн чиглэлээс өөр чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагааг үзүүлэх, эсхүл үзүүлэх эрхтэй мэтээр бусдыг төөрөгдөлд оруулах
57.1.10Мэргэшлийн зэрэг олгогдоогүй байхад мэргэшлийн зэрэгтэй гэсэн сурталчилгааг түгээх, эсхүл бусдад олгосон мэргэшлийн ашиглах
57.1.11Бүртгэлийн үндсэн дээр явуулж буй мэргэжлийн үйл ажиллагааг бусдад шилжүүлэх
57.112 Мэргэшлийн зэргийг бусдад ашиглуулах, түрээслэх
57.1.13Бүртгэлээс хассан хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх
57.2Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь энэ хуульд зааснаас гадна өөрийн бүртгүүлсэн чиглэлд хамаарах стандартын шаардлагыг нэг мөр хэрэгжүүлнэ.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ НЭГДСЭН ХОЛБОО
58 дүгээр зүйлЭмнэлгийн мэргэжилтний холбоо, түүний гишүүнчлэл
58.1Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо (цаашид “Холбоо” гэх) нь эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтний мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, ёс зүй, хариуцлагын нэгдсэн стандартыг тогтоох, мөрдүүлэх, мэргэжилтний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
58.2Монгол Улсад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрхтэй эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн нь Холбооны гишүүн байна.
58.3Эмнэлгийн мэргэжилтнүүд сайн дураараа нэгдэн мэргэжлийн чиглэлээр төрийн бус байгууллага байгуулж болох бөгөөд уг байгууллага нь энэ хуультай зөрчилдөхгүй бол Холбооны үйл ажиллагаанд хороо эсхүл салбар нэгжийн эрх эдэлж, үүрэг хүлээх байдлаар оролцож болно.
58.4Холбоо нь эмнэлгийн мэргэжилтний болон эмнэлгийн бусад мэргэжилтний нэгдсэн бүртгэлийг хөтөлнө.
58.5Энэ хуулийн 44.5-д заасан бүртгэлийн журам, бүртгэлийн мэдээллийн төрөл, шинэчлэх хугацааг Холбооны Зөвлөл батална.
58.6Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй шууд холбоогүй аливаа төрийн албан тушаалд томилогдсон тохиолдолд Холбооны гишүүнчлэлийг түдгэлзүүлж болно.
59 дүгээр зүйлЭмнэлгийн мэргэжилтний холбооны чиг үүрэг
59.1Холбоо нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
59.1.1эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн дүрэм, мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг боловсруулах, батлах санал гаргах, мөрдүүлэх;
59.1.2тасралтгүй мэргэжлийн хөгжлийн тогтолцоог зохион байгуулах, багц цагийг бүртгэх, баталгаажуулах;
59.1.3эмнэлгийн мэргэжилтний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн болон мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
59.1.4мэргэжлийн хариуцлага, сахилгын асуудлыг хянан шийдвэрлэх бүтцийг байгуулж ажиллуулах;
59.1.5эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, төгсөлтийн дараах сургалт, мэргэшлийн зэрэг олгоход арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөмж гаргах, хяналт-шинжилгээ, аюулгүй байдлыг сайжруулах бодлого, зөвлөмж боловсруулах, судалгаа хийх;
59.1.6мэргэжлийн маргаан, ёс зүйн зөрчлийн талаар дүгнэлт, зөвлөмж гаргах;
59.1.7эрүүл мэндийн хууль тогтоомж, бодлого боловсруулах үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх;
59.1.8гишүүдийн нэгдсэн бүртгэл, ёс зүйн болон сахилгын шийдвэрийн мэдээллийн санг хуульд нийцүүлэн хөтлөх;
59.1.9олон нийтэд эрүүл мэндийн боловсрол, мэргэжлийн мэдээлэл түгээх, нийтэд тустай үйл ажиллагаа зохион байгуулах;
59.1.10хууль тогтоомжид заасан эсхүл, төрийн байгууллагын шийдвэрээр Холбоонд шилжүүлсэн чиг үүрэг;
59.1.11Холбооны дүрэмд заасан бусад чиг үүрэг.
59.2Холбоо нь хууль тогтоомж эсхүл, төрийн байгууллагын шийдвэрээр эмнэлгийн мэргэжилтний эрх олгох чиг үүргийг хэрэгжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд эрх олгох шалгалтыг зохион байгуулна.
59.3Төрийн байгууллага, албан тушаалтнаас эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдох чиглэлээр шинжээч томилуулах хүсэлтийг Холбоонд гаргаж болох бөгөөд Холбоо нь тухайн чиглэлээр мэргэшсэн гишүүд бүхий мэргэжлийн дүгнэлт гаргах шинжээчийн баг эсхүл шинжээчийг тухайн мэргэжилтний зөвшөөрснөөр томилж болно.
59.4Тасралтгүй мэргэжлийн хөгжлийн сургалт, багц цагийн журам, шаардлагыг Холбооны Зөвлөл батална.
60 дугаар зүйлЭмнэлгийн мэргэжилтний их хурал
60.1Холбооны өөрөө удирдах ёсны эрх барих дээд байгууллага нь Эмнэлгийн мэргэжилтний Их хурал (цаашид “Их хурал” гэх) байна.
60.2Их хурлын ээлжит хуралдаан хоёр жилд нэгээс доошгүй удаа хуралдана.
60.3Их хурал төлөөлөгчдийн олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр байна.
60.4Их хурлын төлөөлөгч сонгох журмыг Холбооны дүрмээр тогтооно.
60.5Их хурлын тов, хэлэлцэх асуудлыг хуралдаан эхлэхээс 21 хоногийн өмнө нийтэд мэдээлнэ.
61 дүгээр зүйлИх хурлын бүрэн эрх
61.1Их хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
61.1.1Холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
61.1.2ёс зүйн дүрэм, мэргэжлийн стандарт батлах, өөрчлөх;
61.1.3Холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх;
61.1.4Холбооны Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх;
61.1.5Мэргэжлийн хариуцлагын хороог байгуулж, бүрэлдэхүүнийг батлах, чөлөөлөх;
61.1.6гишүүний татвар, хураамжийн хэмжээг тогтоох;
61.1.7үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан сонсох;
61.1.8дүрэмд заасан бусад бүрэн эрх.
62 дугаар зүйлЭмнэлгийн мэргэжилтний холбооны Ерөнхийлөгч
62.1Эмнэлгийн мэргэжилтний холбооны Ерөнхийлөгч (цаашид “Ерөнхийлөгч” гэх) нь Холбоог хууль заасны дагуу төлөөлөх бөгөөд эрүүл мэндийн салбарын бодлогыг энэ хууль болон Холбооны дүрэмд заасны дагуу хэрэгжүүлэх албан тушаалтан байна.
62.2Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байх бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.
62.3Ерөнхийлөгч дараах бүрэн эрхтэй:
63.3.1Их хурлыг зарлан хуралдуулах;
63.3.2Зөвлөлийн хуралдааныг даргалах;
63.3.3Холбоог дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
63.3.4Тамгын газрын даргад нэр дэвшүүлэх;
63.3.5дүрэмд заасан бусад бүрэн эрх.
62.4Ерөнхийлөгч нь Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагаанд нөлөөлөхийг хориглоно.
63 дугаар зүйлЭмнэлгийн мэргэжилтний холбооны Зөвлөл
63.1Зөвлөл нь Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох хамтын удирдлагын байгууллага байна.
63.2Зөвлөлийн гишүүдийн тоог мянган эмнэлгийн мэргэжилтэн тутамд нэгээс доошгүй байхаар Холбооны дүрэмд тусгах бөгөөд нийт гишүүдийн тоо сондгой байна.
63.3Зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.
63.4Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
63.4.1Холбооны жилийн төлөвлөгөө, төсөв батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
63.4.2Холбооны дүрэм, журам батлах;
63.4.3чиг үүргийн хороо байгуулах, даргыг томилох;
63.4.4Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх;
63.4.5санхүүгийн тайланг хэлэлцэж батлах;
63.4.6салбар нэгж байгуулах, татан буулгах;
63.4.7дүрэмд заасан бусад бүрэн эрх.
63.5Зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
63.6Зөвлөлийн шийдвэрийг нийтэд мэдээлэх журмыг Холбооны дүрмээр тогтооно.
64 дүгээр зүйлХороод, салбар нэгж
64.1Холбоо нь чиг үүргээ хороодоор дамжуулан хэрэгжүүлнэ.
64.2Холбоо нь дараах чиг үүргийн хороотой байна:
64.2.1Ёс зүйн хороо;
64.2.2Тасралтгүй мэргэжлийн хөгжлийн хороо;
64.2.3Мэргэжлийн хариуцлагын хороо;
64.2.4Чанар, аюулгүй байдлын хороо;
64.2.5Шалгалтын хороо;
64.2.6дүрэмд заасан бусад.
64.3Хорооны хуралдаан гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэй болж, шийдвэрийг олонхын саналаар гаргана.
64.4Мэргэжлийн чиглэл, мэргэшлээр гишүүд сайн дураараа нэгдэн энэ хуулийн 49.2-т зааснаас бусад хороо байгуулж болно.
64.5Сайн дурын хорооны хамгийн бага гишүүний тоо, нэршлийн давхцалгүй байх, чиг үүргийн хороотой зөрчилдөхгүй байх шаардлагыг дүрмээр тогтооно.
64.6Холбоо нь чиг үүргээ орон нутагт салбар нэгжээр дамжуулан хэрэгжүүлнэ.
65 дугаар зүйлТамгын газар
65.1Холбооны Тамгын газар (цаашид “Тамгын газар” гэх) нь Холбоо болон хороодын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулна.
65.2Тамгын газрыг Тамгын газрын дарга удирдана.
65.3Тамгын газрын бүтэц, орон тоо, ажилтны чиг үүргийг Зөвлөл батална.
66 дугаар зүйлХяналтын зөвлөл
66.1Хяналтын зөвлөл нь Холбооны хөрөнгө, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавина.
66.2Хяналтын зөвлөл нь таван гишүүнтэй байх бөгөөд гишүүдийг нийт эмнэлгийн мэргэжилтнээс нээлттэй цахим санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг гурван жилийн хугацаагаар сонгон томилно. Хяналтын зөвлөлийн гишүүнийг улируулан томилохгүй.
67 дугаар зүйлМэргэжлийн хариуцлагын хороо
67.1Мэргэжлийн хариуцлагын хороо нь эрүүл мэндийн байгууллагын ажилтан үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн алдаа гаргасан эсэх талаар дүгнэлт гаргана.
67.2Мэргэжлийн хариуцлагын хороо нь аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, талуудыг сонсох, нотлох баримтыг үнэлэх, шинжээч болон бусад шаардлагатай этгээдийг оролцуулж үндэслэл бүхий дүгнэлт гаргах үүрэгтэй.
67.3Мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлтэд үндэслэн хохирогч тал хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй бөгөөд тухайн дүгнэлт нь талуудыг шүүх эсхүл бусад эрх бүхий байгууллагад хандахад саад болохгүй.
67.5Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журмыг Холбооны Зөвлөл батална.
68 дугаар зүйлХолбооны санхүүжилт
68.1Холбооны санхүүжилт нь гишүүний татвар, хандив, сургалт болон Холбооноос зохион байгуулсан шалгалтын төлбөр, хэвлэн нийтлэлийн орлого болон хуульд хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
68.2Холбоо нь төрөөс гэрээгээр тодорхой чиг үүрэг гүйцэтгэхээр санхүүжилт авч болно.
68.3Холбооны санхүүгийн тайлан нээлттэй байх бөгөөд аудитыг хоёр жил тутамд нэг удаа хийлгэж, Их хуралд тайлагнана.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ
69 дүгээр зүйлЭмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгалын зорилго
69.1Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгал (цаашид “даатгал” гэх)-ын зорилго нь эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанаас шалтгаалан өвчтөн, үйлчлүүлэгч болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эдийн болон эдийн бус хөрөнгөд учирсан хохирлыг шуурхай арилгах, учирч болзошгүй хохирлыг нөхөн төлүүлэх санхүүгийн баталгааг бүрдүүлэх замаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шударга, хариуцлагатай байлгахад оршино.
70 дугаар зүйлДаатгуулах этгээд
70.1Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн нь мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал даатгуулна.
70.2Эмнэлгийн байгууллага нь тухайн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний даатгалын хүчинтэй байдлыг хангах, даатгалгүй мэргэжилтнийг өвчтөнд тусламж, үйлчилгээ үзүүлэхэд ажиллуулахгүй байх үүрэгтэй.
70.3Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй тохиолдолд тухайн этгээд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн байгууллагад мэргэжлийн ажил гүйцэтгэхийг хориглоно.
70.4Эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн бусад эрүүл мэндийн ажилтан хариуцлагын даатгалд сайн дураараа хамрагдаж болно.
71 дүгээр зүйлДаатгалд үл хамрагдах нөхцөл
71.1Монгол Улс гишүүнээр нь элсэн орсон олон улсын албан журмын даатгалын тогтолцоонд хамрагдсан эсхүл Монгол Улсад хүчин төгөлдөр хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн хариуцлагын даатгалтай этгээд энэ бүлэгт заасан даатгалд хамрагдахгүй байж болно.
71.2Энэ хуулийн 72.1 нь энэ тухайн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийн хэмжээнээс давсан хохирлыг буруутай этгээдээс Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй.
71.3Даатгалын тохиолдолд хамаарахгүй хохирол, нөхцөлийг энэ хууль болон даатгалын гэрээгээр тогтооно.
72 дугаар зүйлДаатгалын гэрээ, түүний хугацаа
72.1Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн үйл ажиллагааны явцад бусдын амь нас, эрүүл мэнд, эдийн болон эдийн бус хөрөнгөд учирч болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор даатгагчтай даатгалын гэрээ байгуулна.
72.2Даатгалын гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулж болно.
72.3Даатгалын гэрээнд заавал тусгах гэрээний стандарт нөхцөлийг Эмнэлгийн мэргэжилтний холбооны саналыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо батална.
72.4Даатгалын гэрээ нэг жил хүртэл хугацаанд хүчинтэй
72.5Даатгуулагч нь даатгалын хураамжаа өөрөө төлөх тохиолдолд даатгагчаа чөлөөтэй сонгох эрхтэй.
72.6Даатгалын хураамжийг байгууллага нь төлөх тохиолдолд байгууллагатайгаа зөвшилцсөний үндсэн дээр даатгагчийг сонгоно.
72.6Даатгалын хураамжийг улсын төсөв эсхүл төрийн байгууллага төлөх тохиолдолд Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооноос нээлттэй, ил тод, шударга сонгон шалгаруулалтаар шалгарсан даатгагчтай гэрээ байгуулна. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь нээлттэй, ил тод, шударга сонгон шалгаруулалтаар даатгагч эсхүл даатгагчдыг сонгохын тулд даатгалын зуучлагчаар зуучлуулж гэрээ байгуулж болно.
72.7Энэ хуулийн 75.6-д заасан даатгагчийг сонгон шалгаруулахдаа даатгуулагчид хамгийн ашигтай нөхцөлийг санал болгосон эсэхийг үндсэн шалгуур болгоно.
73 дугаар зүйлДаатгалын үнэлгээ
73.1Даатгалын үнэлгээ болон даатгалын тохиолдол бүрд нэг удаа олгох нөхөн төлбөрийн доод хэмжээг эрсдэлийн ангилал, тусламж, үйлчилгээний төрөл, мэргэжлийн чиглэл, байгууллагын түвшинг харгалзан Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны саналыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
73.2Даатгуулагч эсхүл Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь даатгагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр даатгалын үнэлгээг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон доод хэмжээнээс өндрөөр тогтоож болно.
73.3Даатгуулагч эсхүл түүний байгууллага сайн дураараа даатгалын хураамжаа нэмэгдүүлэх замаар даатгалын үнэлгээг нэмэгдүүлж болно. Энэ тохиолдолд даатгагч энэ хуулийн 75 дугаар зүйлд заасан итгэлцүүрт үндэслэн даатгалын үнэлгээг тогтоох бөгөөд даатгалын үнэлгээг нэмэгдүүлэхээс татгалзах эрхгүй.
73.4Даатгуулагч энэ хуульд зааснаас илүү үнэлгээгээр даатгуулах тохиолдолд илүү гарсан хэсгийг сайн дураар даатгуулж болно.
73.5Даатгалын үнэлгээнээс давсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу даатгуулагчийн ажиллаж буй байгууллага хариуцна.
74 дүгээр зүйлДаатгалын суурь хураамж, итгэлцүүр
74.1Даатгалын суурь хураамжийг эрсдэлийн ангилал, тусламж, үйлчилгээний төрөл, мэргэжлийн чиглэл, байгууллагын түвшин, даатгуулагчийн ажилласан жил, үйл ажиллагааны хүрээ, ажлын цаг буюу ачаалал, өмнөх нөхөн төлбөрийн түүх, байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоог харгалзан Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
74.2Даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
74.3Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын суурь хураамжийг даатгуулагч ... хувийг, даатгуулагчийн ажиллаж буй байгууллага ... хувиар төлнө.
74.3Даатгуулагч нь төрийн байгууллагад ажилладаг бол даатгалын хураамжийн 90 хувийг байгууллага хариуцна.
74.4Энэ хуулийн 75.3-т заасан даатгалын хураамжийн санхүүжилтийг эрүүл мэндийн сайдын зардалд тусган улсын төсвөөс санхүүжүүлнэ.
75 дугаар зүйлДаатгалын тохиолдолд үл хамаарах хохирол
75.1Дараах хохирол даатгалын тохиолдолд үл хамаарна:
75.1.1энэ хууль болон даатгалын гэрээнд заасан хэмжээнээс давсан хохирол;
75.1.2даатгуулагчийн санаатай үйлдэл, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд учирсан хохирол;
75.1.3даатгалын гэрээнд тусгайлан хассан үндэслэл бүхий бусад эрсдэл.
75.2Даатгалын гэрээгээр хассан эрсдэл нь үндэслэлтэй эсэхийг Санхүүгийн зохицуулах хороо тогтоох бөгөөд үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд даатгалын гэрээнд заавал тусгах гэрээний стандарт нөхцөлд энэ агуулгыг тусгах замаар нэмэлт, өөрчлөлт оруулна.
76 дугаар зүйлДаатгуулагчийн хүлээх үүрэг
76.1Даатгалын тохиолдол гарсан, эсхүл гарч болзошгүй нөхцөл үүссэн тохиолдолд даатгуулагч дараах үүрэгтэй:
76.1.1даатгалын тохиолдлын талаар даатгагч болон ажил олгогч байгууллагад шуурхай мэдэгдэх;
76.1.2хохирлын хэмжээг тогтооход шаардлагатай мэдээлэл, баримтыг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөх;
76.1.3баримт бичгийг засварлах, устгах, нотлох баримтыг гуйвуулах үйлдэл хийхгүй байх.
76.2Энэ зүйлд заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс үүсэх нэмэгдэл хохирлыг даатгагч хариуцахгүй.
77 дугаар зүйлХохирогчийн хүлээх үүрэг
77.1Хохирогч нь хохирлоо нотлох мэдээлэл, баримтыг эмнэлгийн мэргэжилтэнд нэн даруй гаргаж өгөх үүрэгтэй.
78 дугаар зүйлНөхөн төлбөр олгох, шийдвэрлэх хугацаа
78.1Даатгагч нь даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авснаас хойш нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох ажиллагааг эхлүүлнэ.
78.2Нөхөн төлбөр олгох эцсийн хугацаа, шаардлагатай баримтын жагсаалт, үнэлгээ хийх журам, маргаан шийдвэрлэх дотоод журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
78.3Эмнэлгийн байгууллагын дотоод маргаан шийдвэрлэх нэгж, эсхүл Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрээр даатгуулагч буруутай нь тогтоогдсон, эсхүл талууд эвлэрсэн бол даатгалын тохиолдол үүссэнд тооцож хохирлыг гэрээнд заасан хэмжээгээр нөхөн төлнө
79 дүгээр зүйлНөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх
79.1Даатгагч нь даатгуулагчийн санаатай үйлдэл, худал мэдүүлэг, эсхүл даатгалын гэрээгээр хориглосон нөхцөлийг зөрчсөн нь тогтоогдсон бол олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхтэй.
80 дугаар зүйлДаатгалын мэдээллийн сан
80.1Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний бүртгэл, даатгалын тохиолдол, нөхөн төлбөрийн мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн санг даатгагчид хамтран бүрдүүлж, Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо хариуцна.
80.2Мэдээллийн сан дахь хувийн мэдээллийг хамгаалах, ашиглах, дамжуулах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо тогтооно.
НАЙМДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА
Нэгдүгээр дэд бүлэг
Маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа
81 дугаар зүйлӨмгөөлүүлэх эрх
81.1Эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн нь өөрийн ажил, үүргийг гүйцэтгэхтэй холбоотой аливаа үйлдэл, эс үйлдлийн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэрэг үүсгэн шалгагдаж эхэлсэн тохиолдолд өмгөөлөгчөөр хангуулах хүсэлтийг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоонд гаргах эрхтэй.
81.2Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь энэ хуулийн 82.1-т заасан хүсэлтийг тэр даруйд шийдвэрлэж, өмгөөлөгчийг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах арга хэмжээг зохион байгуулна.
82 дугаар зүйлМэргэжлийн үйл ажиллагаанд холбогдох гомдлыг хүлээн авах
82.1Аливаа хувь хүн, хуулийн этгээд нь энэ хууль, холбогдох ёс зүй болон мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтний үйлдэл, эс үйлдэхүйд холбогдох гомдлыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны дэргэдэх Мэргэжилийн хариуцлагын хороонд гаргана.
82.2Эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн нь энэ хууль, холбогдох ёс зүй болон мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороонд тухай бүр мэдэгдэх үүрэгтэй.
83 дугаар зүйлМэргэжлийн хариуцлагын хороо
83.1Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороо нь энэ хуульд заасан гомдлыг хүлээн авч, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлсний үндсэн дээр зөрчил гаргасан эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Мэргэжлийн хариуцлагын хороо нь орон тооны нэгж байх бөгөөд бие даасан, хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулна.
832 Мэргэжлийн хариуцлагын хороо нь эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд холбогдох ёс зүй болон мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг боловсруулж, Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоогоор батлуулна.
83.3Эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд холбогдох ёс зүй болон мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтний ёс зүй болон мэргэжлийн үйл ажиллагааны баримтлах зарчим, хэм хэмжээг тусгана.
83.4Мэргэжлийн хариуцлагын хороо нь 25 хүний бүрэлдэхүүнтэй байна. Мэргэжлийн хариуцлагын хороо нь эмнэлгийн мэргэжилтний төлөөлөл 9, эмнэлгийн бусад мэргэжилтний төлөөлөл 8, хүний эрх, сэтгэл судлал, хуулийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтний төлөөлөл 4, эрүүл мэндийн салбарын нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын төлөөлөл 4 байна.
83.5Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:
83.5.1Анагаах ухаан, эрх зүйч, хүний эрх, сэтгэл судлал чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 8 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан;
83.5.2Эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хуульд заасан гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй;
83.5.3Хөдөлмөрийн сахилгын зөрчилд гаргаж байгаагүй;
83.5.4Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх;
83.5.5Сүүлийн таван жилд захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байгаагүй байх;
83.6Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг сонгон шалгаруулах зарыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны цахим хуудсаар олон нийтэд нээлттэй зарлана.
83.7Нэр дэвшигчдийн ирүүлсэн материалыг хүлээн авч, Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хянан шалгасны үндсэн дээр холбогдох Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь шийдвэртэй танилцсаны үндсэн дээр Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг томилно.
83.8Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байна. Мэргэжлийн хорооны гишүүний бүрэн эрх сонгогдож, томилогдсоноор эхэлж, дараагийн гишүүний бүрэн эрх сонгогдож, томилогдсоноор дуусгавар болно.
83.9Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны анхны хурлыг хамгийн ахмад гишүүн даргалж, гишүүдийн олонхын саналаар даргыг сонгоно.
83.10Мэргэжлийн хариуцлагын хорооны нийт гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байх бөгөөд ээлжит хурлыг улиралд 1-ээс доошгүй удаа, ээлжит бус хурлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны даргын саналаар хуралдуулна. Мэргэжлийн хариуцлагын хорооны нийт гишүүдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
83.10.1Гомдлыг хүлээн авч, санамсаргүй байдлаар гомдол хуваарилах журам, дараалал
83.10.2Гомдол шийдвэрлэх бүрэлдэхүүн, хуралдаан даргалагчийг тодорхойлох дараалал
83.10.3Хараат бус шинжээч томилох журмыг тодорхойлох
83.10.4Гомдлыг шийдвэрлэх хуралдааныг дэгийг батлах
83.10.5Маргааныг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай журмыг энэ хуульд нийцүүлэн батлах
83.11Мэргэжлийн хариуцлагын хороо нь хэвлэмэл хуудас, тамга тэмдэгтэй байна.
83.12Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, гишүүн нь дараах бүрэн эрхтэй:
83.12.1Гомдлыг хүлээн авч, хянан шалгаж, хуралдаанаар шийдвэрлэх
83.12.2Хуралдааныг товлох, оролцогчдод мэдэгдэх, даргалах
83.12.3Хуралдаанаар шийдвэр гаргах, бичгээр үйлдэж, оролцогчдод гардуулах
83.12.4Хуралдааны дэгийг сахиулах
83.12.5Эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх болон багшлах
83.12.6Гомдолд холбогдох нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх, шинжээч томилох, оролцогчдоос тайлбар
83.13Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга нь дараах бүрэн эрхтэй:
83.13.1Мэргэжлийн хариуцлагын хороог дотоод болон гадаад харилцаанд төлөөлөх;
83.13.2Мэргэжлийн хариуцлагын хорооны нийт гишүүдийн хурлыг товлох, зарлах, хуралдуулах, гарсан шийдвэрийн биелэлтийг хангах
83.13.3Маргаантай холбоогүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, хүсэлтэд хариу өгөх ажлыг удирдан зохион байгуулах
83.13.4Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны тайланг Эрүүл мэндийн сайдад танилцуулах
83.13.5Маргаан хянан шийдвэрлэх явцад оролцогчдоос ирүүлсэн гишүүнээс татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэх
84 дүгээр зүйлМаргаан хянан шийдвэрлэх ажиллагаа
84.1Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр нь тогтоол хэлбэр хэлбэртэй байна.
84.2Мэргэжлийн хариуцлагын хороо нь иргэний болон эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлэж байгаа эсэхээс үл хамааран иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бус мэргэжилтэнд холбогдох мэргэжлийн үйл ажиллагаа болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай гомдлыг хүлээн авч, гишүүнд хуваарилж, маргаан үүсгэх эрхтэй.
84.3Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн нь хуваарилагдсан гомдлыг хүлээн авч, дараах маргаантай тохиолдлыг хүлээн авч, маргаан үүсгэх тухай захирамж гаргана:
84.3.1эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бус мэргэжилтэн болон үйлчлүүлэгч, өвчтөний хооронд үүссэн маргааны үйлчлүүлэгч, өвчтөний гомдлоор
84.3.2эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бус мэргэжилтэн Мэргэжлийн үйл ажиллагааны болон ёс зүйн хэм хэмжээ, дүрмийг зөрчсөн маргааныг эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бус мэргэжилтний гомдлоор
84.4Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн нь маргаан үүсгэснээс хойш ажлын 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэхэд холбогдох тайлбар, нотлох баримтуудыг бүрдүүлж, хурлын товыг зарлана. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг 15 хоногоор сунгаж болно.
84.5Маргааныг хянан шийдвэрлэх хуралдаан нь танхимаар эсхүл цахимаар зохион байгуулагдана. Хурлын товыг хуралдаан болохоос ажлын 7 хоногийн өмнө оролцогчдод мэдэгдэх бөгөөд оролцогчид хуралдаанд ирсэн эсэхээс үл хамаарч хуралдаанаар маргааныг таслан шийдвэрлэнэ.
84.6Маргааныг шийдвэрлэх хуралдааны бүрэлдэхүүнд гурван гишүүн байна. Маргаан үүсгэсэн гишүүн нь хуралдаанд илтгэгч гишүүнээр оролцоно. Хуралдааныг илтгэгч гишүүнээс бусад хоёр гишүүний аль нэг гишүүн даргална.
84.7Маргааны шийдвэрлэх хуралдаанд дараах дарааллыг баримтална:
84.7.1Даргалагч хуралдааныг нээж, гомдол гаргагчийн нэр, холбогдогчийн нэр ажил үүрэг, маргааны товч агуулгыг танилцуулна.
84.7.2Хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга танилцуулна
84.7.3Даргалагч хуралдаанд оролцогчдыг танилцуулж, төлөөлөх бүрэн эрхийг шалгаж, эрх, үүргийг тайлбарлана.
84.7.4Даргалагч маргааны шийдвэрлэх бүрэлдэхүүнийг танилцуулж, оролцогчдоос татгалзах хүсэлт байгаа эсэхийг тодруулна.
84.7.5Илтгэгч гишүүн гомдлын талаарх дүгнэлт, маргаан шийдвэрлэх саналыг танилцуулна.
84.7.6Хуралдаанд оролцогчдын тайлбарыг сонсоно.
84.7.7Маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүн оролцогчдоос асуулт асууж, хариулт сонсоно.
84.7.8Хуралдаанд оролцогчдоос нэмэлт тайлбар сонссоноор хурлыг завсарлаж, бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орно.
84.8Маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнээс дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:
84.8.1гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох;
84.8.2олон нийтэд сануулах;
84.8.2эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хүчингүй болгох;
84.8.3эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хүчингүй болгох;
84.8.4эмнэлгийн бусад мэргэжилтний бүртгэлийг 1 сараас 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;
84.8.4эмнэлгийн бусад мэргэжилтний бүртгэлээс хасах;
84.8.5эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох;
84.9Маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүн нь гарсан шийдвэрийг хуралдаанд оролцогчдод танилцуулна. Хурал болсон өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор бичгээр үйлдэж, тогтоол хэлбэрээр гаргана. Тогтоолыг оролцогчдод цахимаар хүргүүлнэ.
84.10Оролцогчид тогтоолыг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Хоёрдугаар дэд бүлэг
Үйлчлүүлэгч, өвчтөнд учирсан хохирлыг барагдуулах
85 дугаар зүйлДаатгалын нөхөн төлбөр авах
85.1Үйлчлүүлэгч, өвчтөн нь эмнэлгийн мэргэжилтний дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг мэргэжлийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр авах замаар барагдуулахыг эмнэлгийн мэргэжилтнээс шаардах эрхтэй:
85.1.1Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээнд заасан тохиолдол;
85.1.2Эмнэлгийн мэргэжилтэн, бусад мэргэжилтний хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол
85.2Үйлчлүүлэгч, өвчтөн нь энэ хуулийн 86.1-т заасан хохиролд хамаарах нотлох баримтыг нэн даруй эмнэлгийн мэргэжилтэнд гаргаж өгөх үүрэгтэй.
85.3Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн хариуцлага гэрээ, холбогдох журмын дагуу баримтыг бүрдүүлэн Даатгагчид хүргүүлж, хохирлыг даатгалын журмаар барагдуулна.
85.4Мэргэжлийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр нь үйлчлүүлэгч, өвчтөнд учирсан хохирлыг бүрэн барагдуулаагүй тохиолдолд иргэний хэргийн шүүхэд хандах эрх нээлттэй.
86 дугаар зүйлИргэний хэргийн шүүхийн журмаар хохирлыг барагдуулах
86.1Үйлчлүүлэгч, өвчтөн нь эрүүл мэндийн ажилтны үйлдэл, эс үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлоо эрүүл мэндийн ажилтны харьяалах, ажил олгогч эрүүл мэндийн байгууллагаас иргэний хэргийн шүүхэд хандах замаар шаардаж, нөхөн төлүүлнэ.
86.2Эрүүл мэндийн ажилтан нь Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль эсхүл Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрээр хариуцлага хүлээсэн эсэх нь иргэний хэргийн шүүхийн журмаар үйлчлүүлэгч, өвчтөн өөрт учирсан хохирлоо барагдуулах ажиллагаанд саад болохгүй.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
87 дугаар зүйлХууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
87.1Энэ хуулийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
88 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
88.1Энэ хуулийг 2026 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА.docx)
(ХУУЛИЙН ТӨСЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ.docx)