Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 10-Р САРЫН 30 ӨДӨР
УЛААНБААТАР
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хүн бүрийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүгийн хүндрэлгүйгээр авах эрхийг хангах хүрээнд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх төрийн бодлого, үндсэн зарчим, эрүүл мэндийн тогтолцооны бүтэц, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц, инновац, технологи, цахимжилт, салбар дундын хамтын ажиллагаа болон хяналтын харилцааг нэгдмэл байдлаар зохицуулахад оршино.
2. дугаар зүйл.Эрүүл мэндийн хууль тогтоомж
2.1. Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Дархлаажуулалтын тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3. Тусгай зөвшөөрөлтэй холбогдох харилцааг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиар зохицуулна.
3. дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “эрүүл мэнд” гэж хүний бие бялдар, сэтгэц, нийгмийн сайн сайхан байдал, өдөр тутмын амьдралд оролцох үйл ажиллагааны чадвар, өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг хамарсан, өвчин, архаг эмгэг эсхүл хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамаарах сайн сайхан байдлыг;
3.1.2. “эрүүл мэндийг хамгаалах” гэж хүн амыг хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн нөхцөл, хорт бодис, хүнсний аюулгүй байдал болон бусад эрүүл мэндийн аюулаас хамгаалах, өртөлтийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг;
3.1.3. “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” гэж нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ, түүнчлэн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн технологийн чанар, хүртээмжийг;
3.1.4. “эрүүл мэндийн байгууллага” гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
3.1.5. “эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, зүүний их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, уламжлалт анагаахын засалч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтнийг;
3.1.6. “эрүүл мэндийн ажилтан” гэж эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтныг;
3.1.7. “олон улсын хэмжээнд анхаарал татах нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” гэж Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан, өвчний төрлөөс үл хамааран бусад улсад тархах эрсдэлтэй бөгөөд олон улсын зохицуулалттай хариу арга хэмжээ шаардаж болзошгүй нийгмийн эрүүл мэндийн үйл явдлыг;
3.1.8. “идэвхэжсэн голомтыг цомхотгох” гэж мал, амьтнаас хүнд халдварлах байгалийн голомтот халдварт өвчний байгалийн голомт идэвхжих буюу өвчин гарсан үед голомтыг эрүүлжүүлэх арга хэмжээ авахыг;
3.1.9. “эмчлэх” гэж өвчнийг оношлох, илааршуулах, шинж тэмдэг болон шаналлыг бууруулах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эмчлүүлэгчийг сэргээн засахад чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.10. “сувилах” гэж эрүүл мэндийг дэмжих, өвчин болон хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эмчлүүлэгчийг асрах, эмчлэх, сэргээн засах, хөнгөвчлөх тусламж үзүүлэхэд чиглэсэн сувилагчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.11. “эх барих” гэж жирэмсний, төрөх, төрсний дараах үед эх, ураг, нярайг оношлох, хянах, төрөлтийг удирдах, эмчлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.12. “эм барих” гэж эм зүйн шинжлэх ухааны дагуу эмийг найруулах, савлан бэлтгэх, шалгаж олгох үйл ажиллагааг;
3.1.13. “эмнэлгийн тоног төхөөрөмж” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.10.б-д заасныг;
3.1.14. “эмнэлгийн хэрэгсэл” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.10-т заасныг;
3.1.15. “эрүүл мэндийн инновац” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн шинэ мэдлэг, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, арга зүй, зохион байгуулалтын шийдлийг;
3.1.16. “эрүүл мэндийн технологийн үнэлгээ” гэж эрүүл мэндийн технологи, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, эмчилгээний арга, эмнэл зүйн үр нөлөө, аюулгүй байдал, эрсдэл-ашиг тусын үнэлгээ, зардал-үр ашгийн харьцаа, ёс зүй, нийгэм, эдийн засаг болон байгууллагын нөлөөллийг олон салбарын оролцоотой, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр иж бүрэн үнэлэх үйл ажиллагааг;
3.1.17. “эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл” гэж өмчийн хэлбэр, зохион байгуулалтын төрлөөс үл хамааран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний технологи, чанар, аюулгүй байдал нь тогтоосон стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэхэд хөндлөнгийн үнэлгээ хийж, баталгаажуулахыг;
3.1.18. “донор” гэж Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн 4.1.2-4.1.4-т заасныг;
3.1.19. “эрүүл мэндийг дэмжих” гэж хүн, гэр бүл, хамт олон өөрийн эрүүл мэнд болон түүнийг тодорхойлогч хүчин зүйлсийг хянах, сайжруулах боломж, чадавхыг нэмэгдүүлэх, эрүүл сонголт хийхэд дэмжлэг үзүүлэх нийгэм, эдийн засаг, орчны нөхцөлийг бүрдүүлэх цогц үйл ажиллагааг;
3.1.20. “эмнэлгийн бусад мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдахгүй бусад мэргэжилтнийг;
3.1.21. “сэргээн засах” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах болон эмнэлгийн бусад мэргэжилтний хамтын цогц үйл ажиллагааг;
3.1.22. “үндсэн мэргэшил” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллеж төгссөн их эмчийн анагаахын шинжлэх ухааны нэг салбарын чиглэлээр дагнан ажиллах мэдлэг, чадвар, дадлыг;
3.1.23. “төрөлжсөн мэргэшил” гэж анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн эмнэлгийн мэргэжилтний анагаахын шинжлэх ухааны нэг салбарын нарийвчилсан төрлөөр ажиллах мэдлэг, чадвар, дадлыг;
3.1.24. “хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ” гэж амь насанд аюултай өвчинтэй хүн, түүний гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор өвдөлт болон бие махбод, сэтгэл зүйн болон бусад зовуурийг эрт илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, бууруулах цогц тусламж, үйлчилгээг;
3.1.25. “эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээ” гэж сувилахуйн болон сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээг нэг сар ба түүнээс дээш хугацаагаар үзүүлэх үйл ажиллагааг;
3.1.26. “хүн амын хэрэгцээний үнэлгээ” гэж хүн амын эрүүл мэндийн байдал, өвчлөлийн бүтэц, эрсдэлт хүчин зүйл, хүн ам зүйн онцлогт үндэслэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ, эрэлтийг тодорхойлох судалгаа, дүн шинжилгээ хийх үйл ажиллагааг;
3.1.27. “нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” гэж хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн болон арилжааны хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, гэмтэл, эмгэгээс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын бэлэн байдал, хариу арга хэмжээг хангах цогц үйл ажиллагааг;
3.1.28. “алсын зайн эрүүл мэнд” гэж мэдээлэл, харилцаа холбооны технологид тулгуурлан зайнаас эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх болон удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх цогц үйлчилгээ, тогтолцоог;
3.1.29. “алсын зайн анагаах ухаан” гэж алсын зайнаас эрүүл мэндийн мэргэжилтэн мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан оношилгоо, эмчилгээ, өвчин болон гэмтлээс урьдчилан сэргийлэх, хяналт, зөвлөгөө, мэргэжилтний хооронд мэдээлэл солилцох замаар иргэн, хамт олны эрүүл мэндийг сайжруулах тусламж, үйлчилгээний хэлбэрийг;
3.1.30. “их сургуулийн эмнэлэг” гэж гуравдагч шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ анагаах ухааны сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагааг нэгдмэл байдлаар хэрэгжүүлдэг эмнэлэг, сургалт, судалгааны цогц байгууллагыг;
3.1.31. “цахим эрүүл мэнд” гэж орчин үеийн цахим технологид суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, нэвтрүүлэх, бүх нийтээр ашиглах боломжийг бүрдүүлж буй үйл ажиллагааг;
3.1.32. “эрүүл мэндийн мэдээлэл” гэж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.15-д заасныг;
3.1.33. “үр дүнд суурилан санхүүжүүлэх” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүн болон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд үндэслэн санхүүжилтийн хэмжээ, олголтыг тогтоох санхүүжилтийн тогтолцоог;
3.1.34. “нэг худалдан авагчийн зарчим” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг нэг санд төвлөрүүлэн цуглуулж, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчидтэй нэгдсэн нөхцөл, стандартаар гэрээ байгуулан санхүүжилт олгохыг;
3.1.35. “стратегийн худалдан авалт” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ, чанар, үр дүн, зардал-үр ашгийн харьцааг урьдчилан үнэлж, хүн амын эрүүл мэндийн байдал болон тэргүүлэх чиглэл, төсвийн хэмжээнд тулгуурлан ямар тусламж, үйлчилгээг, ямар байгууллагаар, ямар нөхцөлөөр, ямар үнээр, хэдий хэмжээгээр санхүүжүүлэхийг шийдвэрлэн, худалдан авах үйл ажиллагааг;
3.1.36. “эрүүл мэндийн үндэсний тооцоо” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр, санхүүгийн урсгал, зарцуулалтыг тусламж, үйлчилгээний чиг үүрэг, санхүүжилтийн эх үүсвэр болон үйлчилгээ үзүүлэгчээр ангилан тооцож, нэгтгэн мэдээлэх тогтолцоог;
3.1.37. “уламжлалт анагаах ухаан” гэж Монголын уламжлалт онол, оношилгоо, мэдлэг, арга зүйд тулгуурласан, шинжлэх ухаанд нийцүүлэн хөгжүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний салбарыг.
4. дүгээр зүйл.Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчим
4.1. Төрөөс хүн амын эрүүл мэндийн талаар дараах бодлогыг хэрэгжүүлнэ:
4.1.1. хүн амын эрүүл мэндийг төрийн онцгой анхаарал, хамгаалалтад авах;
4.1.2. хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш боломжтой, хүртээмжтэй, хүн төвтэй, чанартай, аюулгүй үзүүлэх, иргэнийг эрүүл мэндийн зардлаас шалтгаалах санхүүгийн хүндрэлээс хамгаалах;
4.1.3. өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад адил тэгш хандах;
4.1.4. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн зарим төрлийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцах;
4.1.5. нийгмийн эрүүл мэнд, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бодлогыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэх.
4.2. Энэ хуулийн 4.1-д заасан бодлогыг хэрэгжүүлэхэд дараах үндсэн зарчим баримтална:
4.2.1. хүний нэр төр, эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хүмүүнлэг, энэрэнгүй ёсыг баримтлах;
4.2.2. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагын бие даасан, нээлттэй, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах;
4.2.3. эрүүл мэндийн бодлого, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, гэр бүл, иргэний нэгдмэл оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх;
4.2.4. шинжлэх ухааны мэдлэг, ололт, нотолгоо, эмнэл зүйн удирдамж, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны дэвшилтэт аргад тулгуурлан хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО
5. дугаар зүйл.Эрүүл мэндийн тогтолцооны нэгдмэл байдал
5.1. Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд чиглэсэн нэгдмэл систем байна.
5.2. Эрүүл мэндийн тогтолцоо нь дараах харилцан уялдаатай бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэнэ:
5.2.1. эрүүл мэндийн тогтолцооны удирдлага, зохион байгуулалт;
5.2.2. нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ;
5.2.3. эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалт;
5.2.4. эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн технологийн чанар, хүртээмж;
5.2.5. эрүүл мэндийн цахимжилт, мэдээллийн тогтолцоо;
5.2.6. санхүүжилт, эрүүл мэндийн даатгал.
5.3. Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн эрүүл мэндийн, эмнэлгийн тусламж, үйлчилгээний, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн, анагаах ухааны боловсрол, эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа хариуцсан төрийн, хувийн хэвшлийн, холимог өмчийн эрүүл мэндийн байгууллагаас бүрдэнэ.
5.4. Эрүүл мэндийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүд нь салангид бус, харилцан уялдаа, залгамж чанартайгаар төлөвлөгдөж, хэрэгжиж, үнэлэгдэнэ.
6. дугаар зүйл.Эрүүл мэндийн тогтолцоог хангах төрийн үүрэг
6.1. Төр нь эрүүл мэндийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүдийн тогтвортой, тасралтгүй, үр нөлөөтэй ажиллагааг хангах үүрэгтэй.
6.2. Төрөөс эрүүл мэндийн тогтолцооны аливаа бүрэлдэхүүн хэсгийг орхигдуулах, зохицуулалтгүй үлдээх, түүнчлэн санхүүжилт, хүний нөөц, чадавхын системийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
6.3. Эрүүл мэндийн тогтолцооны тэнцвэр алдагдах, хүний эрүүл мэндийн эрхийн хэрэгжилт ухрах, эсхүл нийгмийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсэх нөхцөлд төр боломжит нөөцийг дээд хэмжээгээр дайчлан эрхийн хэрэгжилтийг шатлан ахиулах, ухралтаас зайлсхийх бодлого, арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлнэ.
7. дугаар зүйл.Эрүүл мэндийн тогтолцоонд суурилсан бодлого, төлөвлөлт
7.1. Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө нь энэ хуулийн 5.2-т заасан эрүүл мэндийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа холбоонд суурилсан байна.
7.2. Эрүүл мэндийн тогтолцооны аль нэг бүрэлдэхүүн хэсгийг дангаар нь өөрчлөх бодлого, шийдвэр нь бусад бүрэлдэхүүнд үзүүлэх нөлөөллийг урьдчилан үнэлсэн байна.
7.3. Эрүүл мэндийн тогтолцоотой холбоотой бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэхдээ шинжлэх ухааны нотлох баримт, мэдээлэл, үнэлгээнд тулгуурлаж, иргэн, хамт олон, мэргэжлийн байгууллага, иргэний нийгэм болон бусад оролцогч талтай ил тод, өргөн хүрээнд зөвлөлдөнө.
8. дугаар зүйл.Эрүүл мэндийн тогтолцооны тэсвэртэй, тогтвортой байдал
8.1. Эрүүл мэндийн тогтолцоо нь халдварт өвчин, гамшиг, онцгой нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн хямрал болон нийгмийн эрүүл мэндэд заналхийлэх бусад аюул, эрсдэлийн бүх төрлийг хамруулан урьдчилан сэргийлэх, бэлтгэл болон бэлэн байдлыг хангах, эрт илрүүлэх, дасан зохицох, хариу арга хэмжээ авах, сэргээн хэвийн байдалд орох чадавхтай бөгөөд аливаа нөхцөлд чанартай, зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангана.
8.2. Төрөөс нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдэлийг үнэлэх, шуурхай удирдлага, хариу арга хэмжээний тогтолцооны бэлэн байдлыг хангах, шаардлагатай нөөц бүрдүүлэх, дадлага, сургуулилалт зохион байгуулах, хэрэгжүүлсэн арга хэмжээнд үнэлгээ хийх замаар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, сэргээн хэвийн болгох үндэсний чадавхыг тогтмол бэхжүүлнэ.
8.3. Эрүүл мэндийн тогтолцооны тэсвэртэй байдлыг төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэн, хамт олны оролцоонд тулгуурласан салбар дундын хамтын ажиллагаагаар хангана.
9. дүгээр зүйл.Эрүүл мэндийн тогтолцооны тэгш, хүртээмжтэй байдал
9.1. Эрүүл мэндийн тогтолцоо нь хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нийгэм, эдийн засгийн байдал, оршин суугаа газар, нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл болон бусад ялгаатай нөхцөл байдлаас үл хамааран тэгш, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг хангана.
9.2. Эрүүл мэндийн тогтолцооны зохион байгуулалт, санхүүжилт, үйлчилгээний хүртээмж нь эрүүл мэндийн хэрэгцээ хамгийн их, үйлчилгээ авахад саад бэрхшээлтэй хүн амын бүлэгт нэмэлт нөөц хуваарилах, санхүүгийн хүндрэлээс хамгаалах, ялгаварлан гадуурхалт болон бүтцийн саадыг арилгахад чиглэнэ.
10. дугаар зүйл.Эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээ, сайжруулалт
10.1. Эрүүл мэндийн тогтолцооны үйл ажиллагаа, гүйцэтгэл, үр нөлөөг тогтмол үнэлж, сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
10.2. Эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээ нь чанар, хүртээмж, үр ашиг, тэгш байдлын шалгуурт тулгуурлана.
10.3. Эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээний дүнг бодлого боловсруулах, санхүүжилт, зохицуулалтын шийдвэр гаргахад заавал харгалзан үзнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
11. дүгээр зүйл.Эрүүл мэндийн удирдлагын тогтолцоо
11.1. Эрүүл мэндийн удирдлагын тогтолцоо нь эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтнаас бүрдэнэ.
11.2. Эрүүл мэндийн удирдлагын тогтолцоонд дараах байгууллага, нэгж хамаарна:
11.2.1. Монгол Улсын Их Хурал;
11.2.2. Монгол Улсын Засгийн газар;
11.2.3. эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
11.2.4. нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
11.2.5. эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
11.2.6. эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
11.2.7. эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
11.2.8. нутгийн өөрөө удирдах байгууллага;
11.2.9. бүх шатны Засаг дарга;
11.2.10. аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар;
11.2.11. эрүүл мэндийн байгууллагын удирдлага.
11.3. Удирдлага нь ил тод, нотолгоонд суурилсан, хариуцлагатай, иргэн төвтэй байна.
12. дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх
12.1. Монгол Улсын Их Хурал эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1. төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг тодорхойлох;
12.1.2. эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
12.1.3. онцгой нөхцөл байдал, гамшиг, тахал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хүн амын эрүүл мэнд, амь насыг хамгаалахтай холбогдох эрх зүйн зохицуулалтыг шуурхай батлах;
12.1.4. эрүүл мэндийн асуудлаар олон улсын гэрээнд нэгдэх, соёрхон батлах, цуцлах асуудлыг шийдвэрлэх;
12.1.5. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
13. дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
13.1. Монгол Улсын Засгийн газар /цаашид “Засгийн газар” гэх/ эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1. төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;
13.1.2. эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
13.1.3. эрүүл мэндийн талаар батлагдсан бодлого, хөтөлбөрийг санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
13.1.4. эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд бусад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр хийх;
13.1.5. зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмыг батлах;
13.1.6. эрүүл мэндийн тогтолцооны үр дүн, тэгш байдал, санхүүгийн хамгаалалт, чанар, аюулгүй байдал болон нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлын талаар Улсын Их Хуралд тогтмол тайлагнаж, тайланг олон нийтэд нээлттэй мэдээлэх;
13.1.7. осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, сэтгэцийн эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл мэнд болон эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх;
13.1.8. гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хэрэглэх эм, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлд ашиглах түүхий эд, сав, баглаа боодол, тоног төхөөрөмжид гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, хувь хэмжээг бууруулах жагсаалтыг батлах;
13.1.9. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
14. дүгээр зүйл.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
14.1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчний сэргийлэлт, хяналтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.1.1. эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
14.1.2. хүн амын эрүүл мэндийн байдлыг судлах, хянах, үнэлэх, эрэлт хэрэгцээг үндэслэн эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох;
14.1.3. хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчний сэргийлэлт, хяналтын талаар иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
14.1.4. эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, давтан сургах бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хангуулах, эрүүл мэндийн мэргэжлийн чиглэл, индекс, анагаах ухааны боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн хяналтын тоо, сургалтын түшиц эмнэлгээр хангах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэх;
14.1.5. аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хянах;
14.1.6. эрүүл мэндийн удирдлага, мэдээллийн тогтолцооны бодлогыг тодорхойлох, мэдээллээр хангах;
14.1.7. магадалгааны нэгдсэн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээ авах, хэвийн, найдвартай үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах;
14.1.8. эрүүл мэндийн статистик мэдээллийг нэгтгэн гаргах, мэдээлэх;
14.1.9. төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, нэгдсэн болон тусгай эмнэлэг, өмчийн хэлбэрээс үл хамааран эрүүл мэндийн бусад байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
14.1.10. эрүүл мэндийн салбарын хөгжил, эрүүл мэндийн ажилтны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах, түүнтэй холбогдох судалгаа хийх;
14.1.11. иргэний эрүүл мэндээ хамгаалах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчин, эмгэг, гэмтлийн улмаас эрүүл мэндэд үүсэх үр дагаврыг багасгах, арилгах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг зохион байгуулах;
14.1.12. эрүүл мэндийн ажилтныг төгсөлтийн дараах сургалтад хамруулах, мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах;
14.1.13. эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах;
14.1.14. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох үйл ажиллагааг зохион байгуулах;
14.1.15. эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг захиалан гүйцэтгүүлэх;
14.1.16. эрүүл мэндийн үндэсний тооцоог тогтмол боловсруулж, үр дүнг салбарын бодлого, төлөвлөлт, санхүүжилтийн шийдвэрт ашиглах;
14.1.17. уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны нотолгоонд суурилан хөгжүүлэх, энэ чиглэлийн судалгаа, инновацыг дэмжих арга хэмжээ авах.
14.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь эрүүл мэндийн үйл ажиллагаанд хяналт тавих, шалгалт, шинжилгээ хийх хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.2.1. эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар шалгалт хийх, шалгалтын дүнг олон нийтэд мэдээлэх;
14.2.2. илэрсэн зөрчил, дутагдлыг буруутай албан тушаалтнаар арилгуулах;
14.2.3. хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд захиргааны хариуцлага ногдуулах.
14.3. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 14.2-т заасан бүрэн эрхээ энэ хуульд заасан төрийн захиргааны байгууллагад шилжүүлж болно.
15. дугаар зүйл.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
15.1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1. хүн амын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тооцох;
15.1.2. эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх;
15.1.3. эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх;
15.1.4. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн бодлогыг тодорхойлох, төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
15.1.5. эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн бодлогыг холбогдох байгууллагатай хамтран тодорхойлох;
15.1.6. хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг салбарын хэмжээнд төлөвлөх, зохион байгуулах, эрүүл мэндийн байгууллагын байршил, бүтэц, зохион байгуулалт, тусламж, үйлчилгээний төрөл, шатлал, эмнэлгийн болон сувиллын орны дээд хязгаарыг тогтоох;
15.1.7. эрүүл мэндийн салбарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд зааснаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих;
15.1.8. хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
15.1.9. аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, эмнэлгийн даргад тавигдах мэргэжлийн шаардлагыг тогтоох;
15.1.10. аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг энэ хуулийн 15.1.9-д заасан шаардлага болон Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалтын шалгалтын дүнг үндэслэн томилж, хуульд заасны дагуу чөлөөлөх;
15.1.11. аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог тухайн нутаг дэвсгэр дэх хүн амын тоо, төвөөс алслагдсан байдлыг үндэслэн батлах;
15.1.12. эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг батлах;
15.1.13. төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг улсын болон бүсийн хэмжээнд бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангах үйл ажиллагааг зохицуулах журам, тусламж, үйлчилгээний чиглэл, хамрах хүрээг батлах;
15.1.14. хүний амь насанд аюултай, хөгжлийн бэрхшээлд хүргэдэг ховор тохиолдох өвчин, эмгэгийг тодорхойлох аргачлалыг батлах;
15.1.15. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавих албаны дүрмийг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;
15.1.16. Монгол Улсын Үндэсний фармакопейг эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоодын саналыг үндэслэж хоёр жил тутамд шинэчлэн батлах;
15.1.17. “Монгол Улсын Эмийн үндэсний лавлах”-ыг эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоодын саналыг үндэслэж жил тутамд шинэчлэн батлах;
15.1.18. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
15.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулахад зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулан ажиллуулж болно.
15.3. Энэ хуулийн 15.2-т заасан мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.4. Эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг боловсрол, нийгмийн халамжийн үйлчилгээтэй хослуулан үзүүлэх журам, жагсаалтыг эрүүл мэндийн, боловсролын болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
16. дугаар зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
16.1. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эрүүл мэндийн чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.1.1. эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
16.1.2. харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн асуудлаар Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэн дүгнэлт өгөх;
16.1.3. харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар хөтөлбөр, шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих;
16.1.4. харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний хамтын оролцоог хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;
16.1.5. орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх жил бүрийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих арга хэмжээний төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийн тайланг хүлээж авч дүгнэлт өгөх;
16.1.6. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
17. дугаар зүйл.Бүх шатны Засаг даргын бүрэн эрх
17.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга эрүүл мэндийн чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1. эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
17.1.2. харьяалах нутаг дэвсгэртээ хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, ойрын ба хэтийн төлөвийг тодорхойлсон хөтөлбөр, төсөл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
17.1.3. эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, оновчтой байршуулах, материаллаг бааз, хүний болон санхүүгийн нөөцийг зохистой хуваарилах;
17.1.4. байгалийн онц аюултай үзэгдэл болон олон улсын хөл хориот өвчин гарсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг шуурхай авах;
17.1.5. эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа хамт олон, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, сурталчлах ажлыг зохион байгуулах;
17.1.6. харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
17.1.7. харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад нэмэлт санхүүжилт олгох;
17.1.8. тухайн шатны нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөх;
17.1.9. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
17.2. Сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.2.1. эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, дээд шатны Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
17.2.2. харьяалах нутаг дэвсгэрийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хангах;
17.2.3. эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр нийтийг хамарсан арга хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах;
17.2.4. харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагатай боловсон хүчин, хөрөнгө, санхүүгийн нөөцийг бэхжүүлэх;
17.2.5. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
18. дугаар зүйл.Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын бүрэн эрх
18.1. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1. эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
18.1.2. эмнэлгийн орыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон хязгаарт багтаан зохицуулах;
18.1.3. харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих;
18.1.4. харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн статистик мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагын тайлан, мэдээ, мэдээллийг нэгтгэн холбогдох байгууллагад өгөх.
18.2. Хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, аймаг, дүүрэг, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦОО
19. дүгээр зүйл.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл
19.1. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ дараах төрөлтэй байна:
19.1.1. нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;
19.1.2. эмнэлгийн тусламж, үйлчилгээ;
19.1.3. эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн технологийн чанар, хүртээмж.
19.2. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоо нь нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ, түүнчлэн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн технологийн чанар, хүртээмжийн харилцан уялдаа, залгамж чанарт тулгуурлана.
Нэгдүгээр дэд бүлэг Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
20. дугаар зүйл.Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл
20.1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоонд тулгуурлан хангах зорилгоор Ерөнхий сайдын дэргэд орон тооны бус Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллана.
20.2. Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
20.2.1. нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлыг хэлэлцэж, баримтлах бодлогыг тодорхойлох;
20.2.2. холбогдох яам, агентлаг болон бусад байгууллагын нийгмийн эрүүл мэндтэй хамааралтай үйл ажиллагааны уялдааг хангах;
20.2.3. нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, хөтөлбөрт салбар дундын байр суурь, саналыг тусгах;
20.2.4. Засгийн газрын богино болон дунд хугацааны хөтөлбөр, арга хэмжээнд тусгагдсан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зорилтот шалгуур үзүүлэлтийн биелэлтэд хяналт тавих, үнэлгээ өгөх;
20.2.5. нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийн салбар дундын эрсдэлийн үнэлгээ, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний үр дүнг хэлэлцэж, холбогдох байгууллагад зөвлөмж хүргүүлэх;
20.2.6. нийгмийн эрүүл мэндийн үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшнийг батлах талаар Засгийн газарт санал хүргүүлэх.
20.3. Зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд байх бөгөөд орлогч дарга нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нарийн бичгийн дарга нь нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан байна. Зөвлөлийн гишүүд нь дараах төлөөллөөс бүрдэнэ:
20.3.1. эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, санхүү, хууль зүй, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд;
20.3.2. нийслэлийн Засаг дарга;
20.3.3. хангайн, баруун, хойд, төвийн, зүүн, говийн бүс тус бүрээс нэг аймгийн Засаг дарга;
20.3.4. эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл.
20.4. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд хуралдаанаас гарсан тогтоолын хэрэгжилтийг Засгийн газрын гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуцна.
20.5. Зөвлөл нь цахимаар эсхүл танхимаар жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал болон салбар хоорондын шуурхай зохицуулалт шаардсан тохиолдолд Зөвлөлийн дарга эсхүл орлогч дарга ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулна.
20.6. Зөвлөлийн хуралдааныг Зөвлөлийн дарга, түүний эзгүйд орлогч дарга даргалах бөгөөд хуралдааны дэгийг хуралдаанд оролцогчдын олонхын саналаар тогтооно.
21. дүгээр зүйл.Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
21.1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилт, зохион байгуулалтыг хүн амын эрүүл мэндийн тандалт, эрдэм шинжилгээ, судалгаа, эрсдэлийн үнэлгээ, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын бэлэн байдал, хариу арга хэмжээг шинжлэх ухаан, нотолгоонд суурилан хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.
21.2. Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан Улсын онцгой комиссын гишүүн байна.
22. дугаар зүйл.Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
22.1. Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд дараах бүрэн эрхтэй:
22.1.1. халдварт болон халдварт бус өвчин, гэмтэл, нянгийн тэсвэржилт, орчны болон хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийн үндэсний нэгдсэн тандалтын тогтолцоог олон эх сурвалжид тулгуурлан хөгжүүлэх, тандалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах;
22.1.2. нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдэл, бэлэн байдлыг улсын хэмжээнд үнэлэх, эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээг удирдан зохион байгуулах, шуурхай удирдлагын төв болон шуурхай хариу арга хэмжээний багийг ажиллуулах, эрт сэрэмжлүүлгийн мэдээллийг Улсын онцгой комисс, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох байгууллагад шуурхай хүргүүлэх;
22.1.3. дархлаажуулалтын хэрэгжилт, үр дүнг улсын хэмжээнд үнэлэх, вакцины хэрэгцээг тооцох, нөөцийг бүрдүүлэх, хуваарилах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар хангах, аюулгүй байдлын шаардлагын хэрэгжилтийг хангуулах;
22.1.4. эрүүл мэндийн эрсдэлийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, уг үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн оролцоог хангах;
22.1.5. нийгмийн эрүүл мэндийн лабораторийн сүлжээний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, лабораторийн шинжилгээний чанарын хяналтыг зохион байгуулах, өсгөврийн сан бүрдүүлэх, био аюулгүй байдлыг хангах арга хэмжээг зохион байгуулах;
22.1.6. хүрээлэн буй орчин, хүнс, ус, хөдөлмөрийн нөхцөл дэх хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт хүчин зүйлийн талаарх судалгаа, тандалтын үр дүнг нэгтгэн үнэлэх, эрсдэлийг бууруулах санал, зөвлөмж боловсруулах, үнэлгээний дүгнэлтийг хяналт шалгалтын эрх бүхий байгууллагад хүргүүлэх;
22.1.7. нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын стандарт, удирдамжийн төслийг боловсруулж, эрх бүхий байгууллагад санал хүргүүлэх;
22.1.8. нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, мэдээллийн сангуудын уялдаа холбоог хангах, их өгөгдөл, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан шийдлийг ашиглан хүн амын эрүүл мэндийн эрсдэлийг урьдчилан таамаглах, тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, үр нөлөөг үнэлэх;
22.1.9. нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр инновац, шинэ технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, нийгмийн эрүүл мэндийн байдлын үндэсний илтгэлийг жил бүр боловсруулж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлд хүргүүлэх, олон нийтэд нээлттэй мэдээлэх;
22.1.10. нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төгсөлтийн дараах болон талбарын тархвар судлалын сургалтыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;
22.1.11. нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, санхүүжилтийн хэрэгцээ, хөрөнгө оруулалт, төлбөрийн аргын талаар тооцоо, судалгаа хийж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал хүргүүлэх;
22.1.12. Монгол Улсын гадаад бодлоготой уялдуулан олон улсын гэрээгээр хүлээсэн нийгмийн эрүүл мэндийн үүргийн хэрэгжилтийг эрх хэмжээнийхээ хүрээнд хангах, хил дамнасан өвчний эрсдэлээс сэргийлэх, хил нэвтрэх цэгийн бэлэн байдлыг хангахад оролцох, гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
22.1.13. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
Хоёрдугаар дэд бүлэг Эмнэлгийн тусламж, үйлчилгээ
23. дугаар зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээ
23.1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь шаталсан зохион байгуулалттай байх бөгөөд дараах шатлалаас бүрдэнэ:
23.1.1. анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ;
23.1.2. хоёрдогч шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ;
23.1.3. гуравдагч шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ.
23.2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь тусламж, үйлчилгээний шатлалаас хамааран дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
23.2.1. анхан шатны тусламж, үйлчилгээ нь хүн амын оршин суугаа газарт ойр эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, түгээмэл тохиолдох өвчнийг оношлох, эмчлэх, архаг өвчнийг хянах, сэргээн засах, хөнгөвчлөх тусламжийг тасралтгүй, цогц үзүүлэх;
23.2.2. хоёрдогч шатны тусламж, үйлчилгээ нь анхан шатнаас илгээсэн, эсхүл яаралтай тохиолдолд нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ, хэвтүүлэн эмчлэх тусламж үзүүлэх;
23.2.3. гуравдагч шатны тусламж, үйлчилгээ нь өндөр технологи, төрөлжсөн мэргэшил шаардсан оношилгоо, эмчилгээ үзүүлэх, доод шатлалын байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангах.
23.3. Анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг хот, суурин газарт өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгонд сум, тосгоны эрүүл мэндийн төв үзүүлнэ.
23.4. Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд үзүүлэх анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг төрийн захиалгаар, гэрээний үндсэн дээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан хувийн хэвшлийн байгууллага байна.
23.5. Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
23.6. Иргэн анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон бүртгүүлэх бөгөөд тухайн байгууллагын санхүүжилтийг бүртгэлтэй иргэний тоонд үндэслэн энэ хуулийн 29.2.4-т заасны дагуу олгоно.
23.7. Анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь өөрийн чадавхын хүрээнд оношлох, эмчлэх боломжгүй эсхүл үндсэн мэргэшлийн тусламж шаардлагатай тохиолдлыг зохих шатлалын байгууллагад илгээнэ.
23.8. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэрэгжилтийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.
23.9. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл, чиглэл, тэдгээрийн удирдлага, зохион байгуулалт болон эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбогдох бусад харилцааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон бусад холбогдох хуулиар зохицуулна.
24. дүгээр зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
24.1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, тусламж, үйлчилгээний тогтолцооны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий байгууллага байна.
25. дугаар зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
25.1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.1.1. хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний сүлжээ, хүчин чадал, үйлчилгээний төрөл, хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох судалгааг дөрвөн жил тутам хийх;
25.1.2. эмнэлгийн тусламж, үйлчилгээний шаталсан тогтолцооны төлөвлөлт, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, анхан, хоёрдогч, гуравдагч шатны тусламж, үйлчилгээний уялдаа холбоог хангах;
25.1.3. эрүүл мэндийн технологийн үнэлгээг хараат бус, ил тод, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байдлыг ханган зохион байгуулах, хэрэгжүүлэх;
25.1.4. эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, эмчлүүлэгчийн аюулгүй байдал, эмнэл зүйн стандарт, удирдамжийн хэрэгжилт, тусламж, үйлчилгээний гүйцэтгэл, тэгш хүртээмж, уялдаа холбоо, цахим эрүүл мэнд болон алсын зайн анагаах ухааны хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх;
25.1.5. эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад олгох тусгай зөвшөөрлийн талаар энэ хуулийн 25.1.1-д заасан судалгаанд үндэслэн мэргэжлийн дүгнэлт гаргах;
25.1.6. эрүүл мэндийн байгууллагаас бүрдүүлэх мэдээллийг нэгтгэн боловсруулах, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
25.1.7. орон нутгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилт, зохион байгуулалтыг аймаг, дүүрэг, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан хангуулах;
25.1.8. хүн амыг олноор хамарсан халдварт өвчний дэгдэлт, гамшиг, онцгой нөхцөл байдлын үед эмнэлгийн байгууллагын бэлэн байдлыг хангуулах, шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг холбогдох байгууллагатай хамтран хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;
25.1.9. иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх;
25.1.10. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
Гуравдугаар дэд бүлэг Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн технологийн чанар, хүртээмж
26. дугаар зүйл.Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн технологийн чанар, хүртээмж
26.1. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн технологийн чанар, хүртээмжийг хангахад дараах үйл ажиллагаа хамаарна:
26.1.1. эм, биобэлдмэл, тэдгээрийн түүхий эд болон уламжлалт эмийн түүхий эдийг бэлтгэх, уламжлалт эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох;
26.1.2. эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн импортлох, ханган нийлүүлэх;
26.1.3. эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах;
26.1.4. эм, эмнэлгийн хэрэгслийн төрийн хяналт, зохицуулалт хийх;
26.1.5. эмнэл зүйн эм зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх;
26.1.6. эм, эмнэлгийн хэрэгслээр тогтвортой, хүртээмжтэй хангах;
26.1.7. эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх.
26.2. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хяналт, зохицуулалтыг эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.
26.3. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зарим чиг үүргээ төрийн бус байгууллагаар ашиг сонирхлоос ангид, гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
26.4. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн технологийн чанар, аюулгүй байдал, эмчилгээний идэвх, хангамж, хүртээмж, үнийн зохицуулалттай холбогдох харилцааг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулна.
ТАВДУГААР БҮЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦОО
27. дугаар зүйл.Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо
27.1. Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны зорилго нь хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянахад чиглэх бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэх нөхцөлийг бүрдүүлж, иргэнийг эрүүл мэндийн зардлаас үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалан, салбарын төсвийн төлөвлөлт, санхүүжилтийг гүйцэтгэл, үр дүн, хариуцлагатай уялдуулж, үр ашиг болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад оршино.
27.2. Эрүүл мэндийн санхүүжилт нь нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ, түүнчлэн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн технологийн чанар, хүртээмжийн санхүүжилт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр нь хоорондоо нягт уялдаатай байна.
27.3. Эрүүл мэндийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хуваарилах, зарцуулах, үр дүнг үнэлэхэд ил тод, хариуцлагатай, үр ашигт суурилсан байх зарчмыг баримтална.
27.4. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнд ногдуулсан албан татвараас энэ хууль болон бусад холбогдох хуульд заасан хувь, хэмжээгээр эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлд зарцуулна.
27.5. Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо нь ялгаварлан гадуурхалтгүй байх зарчимд үндэслэх бөгөөд насны бүлэг, нийгмийн байдал, газарзүйн байршлаас үл хамааран бүх иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүгийн хүртээмжийг тэгш хангана.
28. дугаар зүйл.Эрүүл мэндийн санхүүжилтийн эх үүсвэр
28.1. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
28.1.1. улсын төсөв;
28.1.2. эрүүл мэндийн даатгал;
28.1.3. орон нутгийн төсөв;
28.1.4. Эрүүл мэндийг дэмжих сан;
28.1.5. олон улсын байгууллага болон дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, тусламж;
28.1.6. эрүүл мэндийн байгууллагын төлбөртэй тусламж, үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны орлого;
28.1.7. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
28.2. Энэ хуулийн 28.1.6-д заасан төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөлийг тогтоохдоо иргэнийг эрүүл мэндийн зардлаас шалтгаалсан санхүүгийн хүндрэлд оруулахгүй байх зарчмыг баримтална.
28.3. Эрүүл мэндийн санхүүжилтийн эх үүсвэрүүдийн хуваарилалтыг тодорхойлох тухайн жилийн тэргүүлэх чиглэлийг Засгийн газар тогтоох бөгөөд нийт хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ, өвчлөлийн дарамт, нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах тэргүүлэх зорилтыг харгалзана.
28.4. Эрүүл мэндийг дэмжих санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.
29. дүгээр зүйл.Санхүүжилтийн хэмжээг тооцох аргачлал
29.1. Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн хэмжээ тухайн жилийн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас доошгүй байна. Тайлбар: “Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн хэмжээ” гэдэгт Төсвийн тухай хуульд заасан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний багцад хамаарах нийт зарлага болон эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн төсвийн давхардаагүй нийт хэмжээг ойлгоно. /Энэ заалтыг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
29.2. Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтэд хамаарах бүрэлдэхүүн хэсгийн санхүүжилтийн хувь, хэмжээг дараах байдлаар тооцно:
29.2.1. даатгуулагч, ажил олгогч хамтран сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ, тусламж, үйлчилгээний багцын өртөг, төсөөлсөн зардал, сангийн орлогын хэрэгцээ болон урт хугацааны тогтвортой байдлын үнэлгээ, санхүүгийн шинжилгээнд үндэслэн тогтоож, тогтмол хянан шинэчлэх бөгөөд уг хэмжээ нь даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувиас доошгүй байна;
29.2.2. иргэн өөрөө бүрэн хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 4-өөс доошгүй хувиар сар бүр;
29.2.3. эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь улсын төсвөөс хариуцан төлөх иргэдийн жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар тодорхойлох бөгөөд тухайн иргэний төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6-аас доошгүй хувиар сар бүр;
29.2.4. анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн хэмжээг тооцохдоо тухайн жил Монгол Улсад оршин суугаа нийт хүн амын тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 4-өөс доошгүй хувиар, улсын төсвөөс сар бүр;
29.2.5. эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын судалгаа, үнэлгээ, инновац, технологийн үйл ажиллагаа болон энэ хуулийн 28.1.4-т заасан эх үүсвэрийн нийт санхүүжилтийн хэмжээг тооцохдоо чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, бүх төрлийн согтууруулах ундаа, бүх төрлийн тамхины онцгой албан татвар болон эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хувиар жил бүр;
29.2.6. нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг орон нутагт хангахад шаардлагатай санхүүжилтийн хэмжээг тооцохдоо тухайн жилийн орон нутгийн нийт төсвийн 1-ээс доошгүй хувиар жил бүр;
29.2.7. эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт болон бодлого, удирдлага, нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны байгууллагын үйл ажиллагааны зардлыг Төсвийн тухай хуульд заасны дагуу жил бүр.
29.3. Засгийн газар нь энэ хуулийн 29.2.1-29.2.4-т заасныг баримтлан Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, татварын болон эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл, салбарын нийт санхүүжилтийн хэмжээтэй уялдуулан санхүүжилтийн хувь, хэмжээг жил бүрийн 12 дугаар сард багтааж тогтооно.
29.4. Энэ хуулийн 29.3-т заасан хувь, хэмжээ нь тухайн жилийн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас доошгүй хувийг эзлэхгүй тохиолдолд энэ хуулийн 28.1.1-д заасан эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
29.5. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар нь энэ хуулийн 29.2.6-д заасан төсвийг зарцуулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг хангана.
29.6. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын төлбөртэй тусламж, үйлчилгээний төрөл, жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл болон төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Уг журамд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн болон төлбөрийн чадваргүй иргэнийг төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх нөхцөлийг тусгана.
29.7. Эрүүл мэндийн санхүүжилтийн эх үүсвэр бүрийг нэгдсэн мэдээллийн санд бүртгэх, хянах, тайлагнах журмыг эрүүл мэндийн болон санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж, хэрэгжилтийг хангана. Тайлбар: Энэ заалтын зорилго нь энэ хуулийн 29.1-д заасан эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн хэмжээ тухайн жилийн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас доошгүй хувьд хүрч буй эсэхийг тогтооход оршино.
29.8. Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтэд хамаарах бүрэлдэхүүн хэсгийн санхүүжилтийн дагуу тухайн жилийн батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнг аудит болон бусад эрх бүхий байгууллага хангалтгүй гэж үнэлсэн тохиолдолд үргэлжлүүлэн санхүүжүүлэхийг хориглоно.
29.9. Энэ хуулийн 29.2.3, 29.2.4-т заасан санхүүжилт нь эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан худалдан авах санхүүжилтэд хамаарах бөгөөд энэ хуулийн 30.4.1, 32.2.4-32.2.6-т заасан тусламж, үйлчилгээг дээрх санхүүжилтийн бүрэлдэхүүн хэсэгт багтаана.
29.10. Энэ хуулийн 29.9-т зааснаас бусад энэ хуулийн 28.1.1-т заасан эх үүсвэрээс санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний худалдан авалтыг улсын төсвөөс шууд санхүүжүүлнэ.
30. дугаар зүйл.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн зохицуулалт
30.1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн үндсэн эх үүсвэр нь энэ хуулийн 28.1.1, 28.1.2, 28.1.3, 28.1.4-т заасан эх үүсвэр байна.
30.2. Эрх бүхий байгууллагаас баталсан арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан үр дүн, чанар болон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд үндэслэн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан төлбөрийн арга, санхүүжүүлэх болон хяналт тавих журмыг мөрдөнө.
30.3. Төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллага нийгмийн эрүүл мэндийн лаборатори, нийгэм, сэтгэц-зан үйл, орчны эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, шим судлалаас бусад төрлийн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ иргэнээс төлбөр авахыг хориглоно.
30.4. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
30.4.1. ураг, нярай, хорт хавдар, цэргийн алба хаагч болон сургуульд суурилсан оношилгоо, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн зардлыг энэ хуулийн 28.1.1-д зааснаар;
30.4.2. өвчний тандалт хийх, тархвар судлалын мэдээлэл цуглуулах, боловсруулах, дэгдэлтийг судлах, лабораторийн шинжилгээ хийх, дархлаажуулалтыг зохион байгуулах, эрсдэлийн талаар олон нийтэд мэдээлэх, нянгийн тэсвэржилттэй тэмцэх, орчны болон хөдөлмөрийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах зэрэг нийгмийн эрүүл мэндийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг энэ хуулийн 28.1.4-т зааснаар;
30.4.3. нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах үндэсний чадавх болон хил нэвтрэх цэгийн бэлэн байдлыг хангах, шуурхай удирдлагын төв, шуурхай хариу арга хэмжээний багийг ажиллуулах, дадлага, сургуулилалт зохион байгуулах, бэлэн байдлын нөөц бүрдүүлэх, хадгалах, нөхөн бүрдүүлэхэд шаардагдах зардлыг энэ хуулийн 28.1.1, 28.1.4 болон 28.1.6-д зааснаар;
30.4.4. нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны байгууллагын үйл ажиллагааны зардлыг энэ хуулийн 28.1.1-д зааснаар;
30.4.5. үндэсний хэмжээний нийгмийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгаа, үнэлгээ хийх үйл ажиллагааны зардлыг энэ хуулийн 28.1.4-т зааснаар.
30.5. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг энэ хуулийн 30.4-т заасан эх үүсвэрээс гадна хуулиар хориглоогүй бусад нэмэлт эх үүсвэрээр санхүүжүүлж болно.
31. дүгээр зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн зохицуулалт
31.1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн үндсэн эх үүсвэр нь энэ хуулийн 28.1.1, 28.1.2, 28.1.6-д заасан эх үүсвэр байна.
31.2. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн арга, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн хэмжээ, санхүүжүүлэх болон хяналт тавих журмыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
31.3. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн бодлого нь иргэний шууд төлөх төлбөрийг бууруулах, эрүүл мэндийн зардлаас шалтгаалсан санхүүгийн хүндрэлээс хамгаалах, шаардлагатай тусламж, үйлчилгээг төлбөрийн чадвараас үл хамааран хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ.
31.4. Монгол Улсын иргэн эрүүл мэндийн даатгалтай эсэхээс үл хамааран анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээнд бүрэн хамрагдах эрхтэй бөгөөд анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ иргэнээс төлбөр авахыг хориглоно.
31.5. Анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, хянах, сэргээн засах, хөнгөвчлөх, гэрээр болон иргэний оршин суугаа орчинд үзүүлэх тусламж, үйлчилгээ хамаарах бөгөөд тэдгээрийг энэ хуулийн 29.2.4-т зааснаар санхүүжүүлнэ.
31.6. Анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй зарим эмнэлгийн тусламж, үйлчилгээг үр дүнд суурилан санхүүжүүлж болох ба уг харилцааг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
31.7. Монгол Улсын иргэн эрүүл мэндийн даатгалтай эсэхээс үл хамааран төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх хоёрдогч болон гуравдагч шатны эмнэлгийн дараах тусламж, үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдана:
31.7.1. жирэмсний, төрөлтийн болон төрсний дараах үетэй холбоотой эх барихын тусламж, үйлчилгээ;
31.7.2. эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж;
31.7.3. халдварт өвчний оношилгоо, эмчилгээ;
31.7.4. гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;
31.7.5. аргагүй хамгаалалт болон гарцаагүй байдалд хүний амь нас аврах ажиллагааны явцад гэмтсэн, өвчилсөн хүний эмчилгээ;
31.7.6. бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогчид үзүүлэх эрүүл мэндийн болон сэтгэцийн сэргээн засах тусламж, үйлчилгээ;
31.7.7. сүрьеэгийн оношилгоо, лабораторийн шинжилгээ, эмчилгээ, эм, дагаж хянах үйлчилгээ, эмд тэсвэртэй сүрьеэгийн менежмент болон урьдчилан сэргийлэх эмчилгээ;
31.7.8. сэтгэцийн эмгэгийн тусламж, үйлчилгээ.
31.8. Хоёрдогч болон гуравдагч шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн үндсэн эх үүсвэр нь энэ хуулийн 28.1.1, 28.1.2, 28.1.3, 28.1.6-д заасан эх үүсвэр байх бөгөөд бусад эх үүсвэрээс хуульд заасны дагуу нэмэлт санхүүжилт авч болно.
31.9. Иргэн энэ хуулийн 23.7-д заасныг мөрдөхгүйгээр өөрийн хүсэлтээр дээд шатлалын эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ шууд авч болох бөгөөд энэ тохиолдолд журмаар тогтоосон нэмэлт төлбөрийг өөрөө хариуцна. Яаралтай болон хойшлуулшгүй тусламж шаардлагатай, тухайн тусламж, үйлчилгээ доод шатлалд байхгүй, эсхүл газар зүй, тээвэр, хөгжлийн бэрхшээл болон иргэнээс үл хамаарах бусад шалтгаанаар анхан шатны тусламж, үйлчилгээ авах боломжгүй тохиолдолд нэмэлт төлбөр ногдуулахгүй.
31.10. Амбулаториор эмчлэх боломжтой өвчин, эмгэгийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тухайн иргэн нэмэлт хамтын төлбөр төлөх бөгөөд үүнтэй холбогдох харилцааг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
31.11. Эрүүл мэндийн инновацад суурилсан эмнэлгийн тусламж, үйлчилгээг энэ хуулийн 28.1.1-д заасан эх үүсвэрээр санхүүжүүлэх ба уг харилцааг зохицуулах журмыг эрүүл мэндийн болон санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
31.12. Эрүүл мэндийн технологийн үнэлгээний санхүүжилтийг энэ хуулийн 28.1.4-т заасан эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
31.13. Энэ хуулийн 31.7-д заасан тусламж, үйлчилгээг энэ хуулийн 29.2.3-т заасны дагуу бүрдүүлсэн санхүүжилтаар хариуцна.
31.14. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг энэ хуулийн 31.1-д заасан эх үүсвэрээс гадна хуулиар хориглоогүй бусад нэмэлт эх үүсвэрээр санхүүжүүлж болно.
32. дугаар зүйл.Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн технологийн чанар, хүртээмжийг хангах санхүүжилтийн зохицуулалт
32.1. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн технологийн чанар, хүртээмжийг хангах санхүүжилт нь хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний идэвхтэй эм, эмнэлгийн хэрэгслээр тогтвортой, хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ.
32.2. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн технологийн чанар, хүртээмжийг дараах эх үүсвэр болон аргачлалаар санхүүжүүлнэ:
32.2.1. зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний хяналтын дагуу хэрэглэх эмийн үнийн хөнгөлөлтийн зардлыг энэ хуулийн 28.1.2-т зааснаар;
32.2.2. Дархлаажуулалтын тухай хуульд заасны дагуу заавал хийх дархлаажуулалтад хамаарах урьдчилан сэргийлэх тарилга, эм, бэлдмэл, зүү, тариур бэлтгэх, хадгалах, ханган нийлүүлэх зардлыг энэ хуулийн 28.1.1-д зааснаар;
32.2.3. сүрьеэ, дархлалын олдмол хомсдол, хүний дархлал хомсдолын вирус, гепатит вирусийн тусламжид шаардлагатай эм, оношлуур, лабораторийн урвалж болон бусад дагалдах хэрэгслийг худалдан авах, хадгалах, ханган нийлүүлэх зардлыг энэ хуулийн 28.1.1-д зааснаар;
32.2.4. жирэмсэн эмэгтэй, хүүхдэд зориулсан зарим амин дэм, бичил тэжээлийн бэлдмэл болон эмнэлгийн орчинд мэс ажилбараар суулгах жирэмснээс сэргийлэх орчин үеийн арга хэрэгслийн нөөц бүрдүүлэх, хадгалах, ханган нийлүүлэх зардлыг энэ хуулийн 29.2.4-т зааснаар;
32.2.5. эд, эрхтэн шилжүүлэн суулгасны дараах татгалзлын урьдчилан сэргийлэлт болон эмчилгээнд зайлшгүй шаардлагатай дархлаа дарангуйлах эмийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд зардлыг энэ хуулийн 28.1.1-д зааснаар;
32.2.6. энэ хуулийн 31.7.8-д заасан сэтгэцийн эмгэгийн урт хугацааны эмчилгээнд хэрэглэх зайлшгүй шаардлагатай эмийн зардлыг энэ хуулийн 28.1.1-д зааснаар;
32.2.7. эмийн чанарт хийх хяналт, тандалтын лабораторийн урвалж, оношлуур, хэрэгслийн зардлыг энэ хуулийн 28.1.1-д зааснаар;
32.2.8. Монгол Улсын Үндэсний фармакопей, Монгол Улсын Эмийн үндэсний лавлахыг боловсруулах, шинэчлэх үйл ажиллагааны зардлыг энэ хуулийн 28.1.4-т зааснаар.
32.3. Улсын төсвөөс санхүүжүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг нэг байгууллагаар дамжуулан төвлөрсөн байдлаар зохион байгуулах бөгөөд нэгдсэн худалдан авалтыг хэрэгжүүлэх байгууллага, түүний бүрэн эрх, худалдан авалтын журам, ил тод байдлыг хангах харилцааг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулна.
32.4. Нэгдсэн худалдан авалтад оролцох эм, эмнэлгийн хэрэгслийн сонгон шалгаруулалтад чанар, аюулгүй байдал, үр нөлөө нь баталгаажсан ерөнхий нэршлийн эмийг патентлагдсан эмтэй тэгш нөхцөлөөр оролцуулна.
32.5. Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх эмийн үнийн хөнгөлөлтийн жагсаалтад ерөнхий нэршлийн буюу олон эх үүсвэртэй эмийг нэн тэргүүнд бүртгэх бөгөөд хөнгөлөх журам, давуу эрхийн нөхцөлийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
32.6. Зайлшгүй шаардлагатай эм, эрүүл мэндийн технологийн үндэсний жагсаалтыг нотолгоо, зардал болон үр ашиг, хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд үндэслэн боловсруулж, тогтмол шинэчилнэ. Эм, эмнэлгийн хэрэгслийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийн жагсаалт, улсын төсвөөс хариуцах жагсаалт болон нэгдсэн худалдан авалтад оруулах шийдвэрийг эрүүл мэндийн технологийн үнэлгээнд үндэслэн гаргах бөгөөд нарийвчилсан харилцааг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулна.
32.7. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эрүүл мэндийн технологийн үнэлгээ хийлгэхгүйгээр эм, эмнэлгийн хэрэгслийг санхүүжилтийн жагсаалтад түр оруулж болно. Ийнхүү түр оруулсан эм, эмнэлгийн хэрэгсэлд ноцтой байдал дуусгавар болсноос хойш нэг жилийн дотор эрүүл мэндийн технологийн үнэлгээг заавал хийлгэнэ.
32.8. Эмийг зах зээлд гарсны дараах тандалт, судалгааг энэ хуулийн 28.1.4-т заасан эх үүсвэрээс санхүүжүүлэх бөгөөд судалгааны дүнд үндэслэн зохицуулалтын арга хэмжээг эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага авна.
32.9. Эрүүл мэндийн байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг ил тод, нээлттэй, өрсөлдөөнт зарчмаар зохион байгуулна.
32.10. Хуульд заасан үндэслэлээр нэг эх үүсвэрээс худалдан авах ажиллагаанд өрсөлдөөнт зарчим хамаарахгүй бөгөөд нарийвчилсан харилцааг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай болон төрийн худалдан авах ажиллагааны холбогдох нарийвчилсан хуулиар зохицуулна.
32.11. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн технологийн чанар, хүртээмжийг хангах санхүүжилтийг энэ хуулийн 32.2-т заасан эх үүсвэрээс гадна хуулиар хориглоогүй бусад нэмэлт эх үүсвэрээр санхүүжүүлж болно.
33. дугаар зүйл.Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын зарчим
33.1. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг энэ хуулийн 28.1.1, 28.1.3, 28.1.5-д заасан эх үүсвэр болон хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх бөгөөд дараах зарчмыг баримтална:
33.1.1. хөрөнгө оруулалт нь эрүүл мэндийн салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөтэй уялдсан байх;
33.1.2. бүх төрлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын шинэ барилга байгууламж, тоног төхөөрөмжид хийх хөрөнгө оруулалтын шийдвэрийг тухайн үеийн хүчин чадлын ашиглалт, эрүүл мэндийн технологийн үнэлгээний дүгнэлт болон хүн амын хэрэгцээний үнэлгээнд үндэслэн гаргах;
33.1.3. хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо хот, хөдөөгийн тэнцвэрт байдал, салбарын хүний нөөцийн бодлого болон нийгмийн эмзэг бүлгийн хүртээмжийг тэргүүн ээлжид харгалзах;
33.1.4. хөрөнгө оруулалтын дараах үйл ажиллагааны зардлыг урьдчилан тооцож, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байх.
34. дүгээр зүйл.Эрүүл мэндийн салбарын төсвийн төлөвлөлт, санхүүжилтийн гүйцэтгэл, үр дүн, үр ашиг, ил тод байдал
34.1. Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ бүрийн хүрэх үр дүн, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг үндэсний тооцоолол болон бусад аргачлалын дагуу жил бүр тогтмол үнэлнэ.
34.2. Энэ хуулийн 34.1-т заасан үнэлгээгээр шалгуур үзүүлэлтийн зорилтот түвшинд хүрээгүй хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг бүрэн эсхүл хэсэгчилсэн байдлаар бууруулах ба үндэсний тооцоолол, хөтөлбөр, арга хэмжээний гүйцэтгэлийг үнэлэх журам болон аргачлалыг эрүүл мэнд, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
34.3. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, өөрчлөн зохион байгуулахдаа эрүүл мэндийн технологийн үнэлгээнд үндэслэн хэрэгжүүлнэ.
34.4. Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг хүн амын дунд зонхилон тохиолдож буй халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн тархалтыг бууруулахад чиглэгдэж буй үр дүн бүхий дунд болон урт хугацааны хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулна.
34.5. Эрүүл мэндийн санхүүжилтийн үр ашгийг санхүүжилтийн дүн болон хүн амын эрүүл мэндийн байдалд гарсан үр дүнгийн үзүүлэлтээр хэмжих ба эрүүл мэндийн байгууллага, орон нутаг, үндэсний түвшинд үнэлнэ.
34.6. Эрүүл мэндийн санхүүжилттэй холбоотой мэдээллийг нэгдсэн цахим тогтолцоогоор нийтэд нээлттэй байлгана.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО
35. дугаар зүйл.Эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн удирдлага
35.1. Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийг зохистой байлгах нэгдсэн бодлоготой байна.
35.2. Эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн нэгдсэн бодлогод дараах агуулгыг заавал тусгана:
35.2.1. хүн амын одоогийн болон ирээдүйн эрүүл мэндийн хэрэгцээ, тусламж, үйлчилгээний онцлог, өөрчлөлттэй уялдуулсан хүний нөөцийн эрэлт хэрэгцээний төсөөлөл;
35.2.2. эрүүл мэндийн ажилтныг бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх бодлого;
35.2.3. эрүүл мэндийн ажилтны ур чадвар, чанарыг дээшлүүлэх, мэргэшүүлэх болон тасралтгүй мэргэжлийн хөгжил, давтан сургалт, дадлага, мэргэжлийн үйл ажиллагааны зөвшөөрөл, бүртгэл;
35.2.4. хөдөлмөрийн нөхцөл болон нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээ;
35.2.5. эрүүл мэндийн ажилтны дутагдалтай эсхүл ачаалалтай нутаг дэвсгэрт хүний нөөцийг бэлтгэх, хуваарилах төлөвлөгөө;
35.2.6. эрүүл мэндийн ажилтныг урт хугацаанд тогтвортой ажиллуулах арга хэмжээ;
35.2.7. шаардлагатай гэж үзсэн бусад.
35.3. Энэ хуулийн 35.1-д заасан нэгдсэн бодлогыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран хэрэгжүүлнэ.
36. дугаар зүйл.Хүний нөөцийг тэнцвэртэй хуваарилах, тогтвортой ажиллуулах дэмжлэг
36.1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь эрүүл мэндийн ажилтны дутагдалтай, үйлчилгээ дутмаг, эсхүл хэт ачаалалтай шатлал, нутаг дэвсгэрт хүний нөөцийг татах, тогтвортой ажиллуулах зорилгоор санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг, урамшууллын арга хэмжээг хэрэгжүүлнэ.
ДОЛООДУГААР БҮЛЭГ ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГО, ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
37. дугаар зүйл.Цахим эрүүл мэндийн бодлогын зорилго
37.1. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчний сэргийлэлт, хяналтын үйл ажиллагааны үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн мэдээллийн систем, алсын зайн эрүүл мэнд, алсын зайн анагаах ухаан, хиймэл оюун ухаан болон бусад цахим эрүүл мэндийн технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, ашиглах, түүнд суурилсан үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хүн бүрд хүртээмжтэй хүргэх эрх зүйн болон зохион байгуулалтын нөхцөлийг бүрдүүлнэ
38. дугаар зүйл.Цахим эрүүл мэндийг дэмжих бодлого
38.1. Цахим эрүүл мэндийн үндэсний тогтолцоог хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, олон улсын сайн туршлага, инновацыг нэвтрүүлэх, цахим эрүүл мэндийг улсын хэмжээнд тасралтгүй хөгжүүлэх бодлогыг эрүүл мэндийн болон цахим хөгжил, инновац, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран хэрэгжүүлнэ.
39. дүгээр зүйл.Цахим эрүүл мэндийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх
39.1. Цахим эрүүл мэндийн үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн олон улсын сайн туршлага, орчин үеийн технологид суурилан хөгжүүлсэн цахим эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, ашиглахыг дэмжих бодлогыг нэн тэргүүнд баримтална.
39.2. Цахим эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний программ хангамж болон бусад мэдээллийн технологийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг тогтоох, нийцлийн үнэлгээ хийх, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг бүртгэх, мэдээлэх журмыг цахим хөгжил, инновац, харилцаа холбооны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
39.3. Техникийн шаардлага хангасан, ашиглалтад зөвшөөрөгдсөн цахим эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт болон түүнийг хөгжүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан ёсны цахим хуудсаар олон нийтэд мэдээлж, тогтмол шинэчилнэ.
39.4. Эрүүл мэндийн байгууллага нь хуулийн этгээд, хувь хүнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд энэ хуулийн 39.3-т заасан жагсаалтад багтсан цахим эрүүл мэндийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг ашиглана.
39.5. Энэ хуулийн 39.2-т заасан журмын дагуу байгуулагдсан ажлын хэсэг цахим эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээ техникийн шаардлагад нийцсэн эсэхийг үнэлж, дүгнэлт гаргана. Уг дүгнэлтэд үндэслэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бүртгэх, бүртгэхээс татгалзах, бүртгэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох шийдвэрийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.
40. дүгээр зүйл.Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан
40.1. Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан нь төрөлжсөн мэдээллийн санд хамаарах бөгөөд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, хувь хүний мэдээлэл авах эрхийг хангах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг бүрдүүлэх, бүртгэх, хадгалах, боловсруулах, ашиглах, солилцоход хэрэглэгдэнэ.
40.2. Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн мэдээлэл цуглуулах бусад хуулийн этгээдийн мэдээллээс бүрдэнэ.
40.3. Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж Засгийн газар батална.
40.4. Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл нийлүүлэгч нь өөрийн үүсгэсэн, хүргүүлсэн мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг, мэдээлэл хариуцагч нь мэдээллийг нэгтгэх, боловсруулах, хадгалах, хамгаалах ажиллагааны аюулгүй байдлыг тус тус хариуцна.
41. дүгээр зүйл.Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах
41.1. Хуульд өөрөөр заагаагүй бол эрүүл мэндийн байгууллага нь хувь хүний хувийн мэдээллийг зөвшөөрлийн үндсэн дээр цуглуулна.
41.2. Эрүүл мэндийн байгууллага нь дараах тохиолдолд хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулж болно:
41.2.1. амь насанд аюултай нөхцөл байдалд түүний хувийн байдлыг тодорхойлох зайлшгүй шаардлага үүссэн;
41.2.2. эмнэлгийн тусламж, үйлчилгээг яаралтай үзүүлэх нөхцөлд эмчлүүлэгчийн хууль ёсны төлөөлөгч, харгалзан дэмжигч, асран хамгаалагчийг тодорхойлох шаардлага үүссэн;
41.2.3. хуульд тусгайлан заасан тохиолдолд эрүүл мэндийн статистик, бүртгэл, өвчний тандалт болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад зайлшгүй шаардлагатай бол.
42. дугаар зүйл.Эрүүл мэндийн статистик мэдээлэл боловсруулах, нийтлэх
42.1. Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээлэлд үндэслэн тухайн жилийн хүн амын эрүүл мэндийн статистик үзүүлэлтийг боловсруулж, жил бүр олон нийтэд ил тод мэдээлэн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан ёсны цахим хуудсанд нийтэлнэ.
42.2. Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэх статистикийн мэдээллийн ангилал, жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Мэдээллийн ангилал, жагсаалтад олон нийтэд нээлттэй нийтлэх, мэдээллийн эзнийг дахин тодорхойлох боломжгүй болгосон мэдээлэл болон хуульд заасан хяналт, баталгаажуулалтад ашиглах, хяналттай нөхцөлд боловсруулах мэдээллийг зориулалт, ашиглах нөхцөлөөр нь ялгамжтай тогтооно.
42.3. Эрүүл мэндийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж гүйцэтгэх, эрүүл мэндийн статистик мэдээллийг цуглуулах, эрүүл мэндийн бодлого тодорхойлох зорилгоор эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний харьяа байгууллагын албан хаагчид мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгосон дараах мэдээлэлтэй танилцах эрхтэй:
42.3.1. халдварт болон бусад өвчний нөхцөл байдлын талаарх мэдээлэл;
42.3.2. эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл;
42.3.3. хэвтэн эмчлүүлэх үйлчилгээний мэдээлэл;
42.3.4. амбулаторийн болон өдрийн эмчилгээний мэдээлэл;
42.3.5. оношны мэдээлэл;
42.3.6. эмийн мэдээлэл;
42.3.7. эмчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох үзүүлэлтүүд;
42.3.8. хийсэн мэс ажилбар, шинжилгээ, эмчилгээний үйл явц.
42.4. Энэ хуулийн 42.3-т заасны дагуу хүнийг тодорхойлох боломжгүй болгосон мэдээллийг ашиглан мэдээллийн эзнийг дахин тодорхойлох, эсхүл тодорхойлох боломж бүрдүүлэхийг хориглоно.
42.5. Эрүүл мэндийн мэдээллийн чанарын баталгаажуулалт нь мэдээллийн бүрэн, үнэн зөв, хугацаандаа ирсэн байдал, уялдаа, давхардал, нууцлал болон эх сурвалжтай нийцлийг шалгах, илэрсэн алдаа, зөрүүг засварлуулах үйл ажиллагаанаас бүрдэнэ. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд эх өгөгдөлд хуульд заасан зорилго, хүрээ, хугацаагаар хязгаарлагдан, хандалтыг бүртгэх нөхцөлтэйгөөр хандана.
43. дугаар зүйл.Эрүүл мэндийн мэдээллийг дамжуулах
43.1. Эрүүл мэндийн мэдээлэл цуглуулж буй байгууллага нь дараах мэдээллийг эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд тогтмол хүргүүлэх үүрэгтэй:
43.1.1. энэ хуулийн 42.3-т заасан мэдээлэл;
43.1.2. эрүүл мэндийн ажилтны бүртгэлийн мэдээлэл;
43.1.3. хувь хүнд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний мэдээлэл.
43.2. Шүүх шинжилгээний байгууллага нь хувь хүний нас баралтын шалтгааны мэдээллийг тогтмол дамжуулах үүрэгтэй.
43.3. Эрүүл мэндийн байгууллага нь шүүгчийн захирамж, прокурорын тогтоолыг үндэслэн хувь хүнд хамаарах эрүүл мэндийн мэдээллийг дамжуулах үүрэгтэй.
44. дүгээр зүйл.Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд нэвтрэх эрх
44.1. Эрүүл мэндийн мэдээллийг эрүүл мэндийн салбарын мэдээлэл солилцооны системээр дамжуулан солилцох бөгөөд уг систем нь төрийн мэдээлэл солилцооны үндсэн системийн бүрэлдэхүүн хэсэг байна.
44.2. Хувь хүн нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем эсхүл эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд цахимаар нэвтэрч, өөрийн эрүүл мэндийн бүртгэлийн мэдээлэлтэй танилцах эрхтэй.
44.3. Эрүүл мэндийн байгууллага болон бусад салбарын төрийн байгууллага нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд өөрт хамаарах мэдээллийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргуулан авах эрхтэй. Гэрээнд мэдээллийн төрөл, ашиглах зорилго, хугацаа, хамгаалалтын нөхцөлийг тодорхой тусгана.
44.4. Хувь хүн нь өөрийн хувийн халдашгүй байдлыг хамгаалах зорилгоор эрүүл мэндийн байгууллагад өөрийн хувийн мэдээлэлд нэвтрэхэд хязгаарлалт тогтоох хүсэлт гаргах замаар нэвтрэх эрхэд хязгаарлалт тогтоохыг шаардах эрхтэй.
44.5. Шүүх эмнэлгийн шинжээч нь гэмтлийн зэрэг, нас барсан шалтгааныг тодорхойлох зорилгоор эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд хандаж, хувь хүний хувийн мэдээлэлд нэвтрэх эрхтэй.
44.6. Нэгдсэн санд нэвтрэх эрхийг ажил үүрэг, мэдээллийн төрөл, нэвтрэх зорилго, хугацаанд үндэслэн тухайн чиг үүргийг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийн хүрээнд олгож, мэдээлэлд нэвтэрсэн болон мэдээлэлд хийсэн өөрчлөлтийг бүртгэж, хянана.
НАЙМДУГААР БҮЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ, ДЭМЖИХ ТАЛААРХ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРОЛЦОО
45. дугаар зүйл.Иргэний эрх, үүрэг
45.1. Иргэн эрүүл мэндээ хамгаалах талаар дараах эрх эдэлнэ:
45.1.1. эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах;
45.1.2. анхан шатны эмч, эрүүл мэндийн байгууллагаа сонгон бүртгүүлэх;
45.1.3. өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг өөрөө болон төлөөллөөрөө дамжуулан эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах;
45.1.4. халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмч, эрүүл мэндийн байгууллагаас эмчилгээ, оношилгоо, шинжилгээний талаар хангалттай мэдээлэл авсны үндсэн дээр өөрийн шийдвэрийг гаргах;
45.1.5. хүний эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний талаар холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргах;
45.1.6. эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллага, ажилтнаас мэдээлэл авах;
45.1.7. хуулийн хүрээнд өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн нууцыг хадгалуулах.
45.2. Иргэн эрүүл мэндээ хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:
45.2.1. эрүүл мэндийн боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх;
45.2.2. хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцох;
45.2.3. халдварт өвчин тархахаас сэргийлж, хөл хорионы дэглэмийг сахиж мөрдөх;
45.2.4. хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол, гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх;
45.2.5. хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт зан үйлээс татгалзах, сэргийлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйлдлийг таслан зогсоох талаарх эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг биелүүлэх;
45.2.6. халдварт өвчний үзлэг, шинжилгээнд өөрийн санаачилгаар болон эмч, эмнэлгийн байгууллагын шаардлагаар орох;
45.2.7. эмнэлгийн яаралтай тусламжаас бусад эмнэлгийн тусламжийг өрх, сум, тосгон, сум дундын эрүүл мэндийн байгууллагын ерөнхий мэргэжлийн эмчийн цаасан, эсхүл цахим илгээх бичгээр авах;
45.2.8. эрүүл мэндийн ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байхад саад учруулахгүй, нэр хүнд, бие махбодод нь халдахгүй байх;
45.2.9. эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг унагаах зорилго бүхий ташаа мэдээлэл өгөхгүй байх;
45.2.10. урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамрагдах.
46. дугаар зүйл.Эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаарх аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
46.1. Эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага дараах үүрэг хүлээнэ:
46.1.1. эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газар, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр, эрүүл мэндийн байгууллага, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх;
46.1.2. өөрийн байгууллагын ажилтны эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу зохион байгуулах;
46.1.3. хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, эрүүл ахуйн шаардлагыг хангах, өвчин, эмгэг, хордлого, осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах арга хэмжээ авах, эрх бүхий байгууллагаас баталсан эрүүл ахуйн стандарт, норм, журмыг мөрдөх;
46.1.4. хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага уг нөлөөллөөс сэргийлэн хамгаалах арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүр төсөв, төлөвлөгөөндөө тусгаж, үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуй, технологийн нөхцөл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа зарцуулах;
46.1.5. хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул учруулах халдварт өвчин, хордлого, осол, гэмтэл гаргахгүй байх нөхцөл бүрдүүлж, аюулгүй байдлыг хангасан ажил, үйлчилгээ явуулах;
46.1.6. өөрийн байгууллагын ажилтныг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамруулах.
46.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь эмчлүүлэгч, түүний гэр бүл, асран хамгаалагчийн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өвчний онош, дүгнэлт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, эмчлүүлэгчийн эрүүл мэндийн талаар мэдээлэл өгөхийг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтнээс шаардах, олон нийтэд мэдээлэхийг хориглоно.
47. дугаар зүйл.Эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд төрийн бус байгууллагын оролцоо
47.1. Эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар төрийн бус байгууллага дараах үйл ажиллагаа явуулж болно:
47.1.1. эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх;
47.1.2. эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд хамт олон, иргэнийг оролцуулах, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг дангаар болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулах.
47.2. Эрүүл мэндийн салбарын зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам, төрийн бус байгууллагад тавих нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
48. дугаар зүйл.Салбар дундын хамтын ажиллагаа
48.1. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг бууруулах, хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагааг салбар дундын хамтын ажиллагааны үндсэн дээр хэрэгжүүлнэ.
48.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь шаардлагатай тохиолдолд хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх асуудлаар бусад салбарын төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах, санал хүргүүлэх, хамтарсан арга хэмжээ, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулна.
48.3. Бусад төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тавьсан санал, зөвлөмжийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах, шаардлагатай мэдээллээр хангах, хамтарсан арга хэмжээнд оролцох үүрэгтэй.
48.4. Төрийн байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хүсэлтээр шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгаа, тайлан, тоон мэдээлэл, лавлагааг тогтоосон хугацаанд үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.
48.5. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр хамтран хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөв, санхүүжилтийг оролцогч төрийн байгууллага хамтран төлөвлөж, шийдвэрлэнэ.
48.6. Энэ хуулийн 48.5-д заасан арга хэмжээний хэрэгжилтийг хангахад шаардлагатай төсвийг тухайн салбарын Засгийн газрын гишүүн эсхүл Төсвийн тухай хуульд заасан төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсөвт тусгаж батлуулна.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ
49. дүгээр зүйл.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
49.1. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн зохих шаардлага хангасан өмчийн аливаа хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид “зөвшөөрөл” гэх/ олгоно.
49.2. Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар /цаашид “зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага” гэх/ тусгай зөвшөөрөл олгоно.
49.3. Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан эрүүл мэндийн чиглэлээр зөвшөөрөл олгох эрхээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.7-д заасан хуулийн этгээдэд шилжүүлж болно.
49.4. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн мэдээлэлд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаас гадна эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага, тусламж, үйлчилгээний төрлийг тусгана.
49.5. Эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна өргөдөлд дараах мэдээлэл, баримт бичгийг хавсаргана:
49.5.1. зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны төрөл, чиглэл;
49.5.2. барилга байгууламжийн зориулалтыг нотлох баримт бичиг;
49.5.3. ажлын байрны дотоод, гадаад орчны төлөвлөлтийн зураглал;
49.5.4. хүний нөөцийн мэдээлэл, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл;
49.5.5. техник, технологи, тоног төхөөрөмжийн хүчин чадал, баталгаажилт, стандарт болон өмчлөлийн талаарх мэдээлэл.
49.6. Тусгай зөвшөөрлийн баримт бичиг дараах шаардлагыг хангасан байна:
49.6.1. энэ хуулийн 49.5.2-т заасан баримт бичиг нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, шинээр ашиглалтад орсон барилга бол улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан актын хуулбар байх;
49.6.2. энэ хуулийн 49.5.4, 49.5.5-д заасан баримт бичиг нь эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартын шаардлага хангасан байх.
49.7. Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 49.5-д заасан хүсэлт гаргагчийн баримт бичгийг хүлээн авч, өргөдлийг хянан үзэх орон тооны бус шинжээчийн баг томилон ажиллуулна.
49.8. Энэ хуулийн 49.7-д заасан шинжээчийн баг баримт бичгийн бүрдлийг дараах байдлаар хянан үзнэ:
49.8.1. энэ хуулийн 49.5.2, 49.5.3, 49.5.4, 49.5.5-д заасан баримт бичиг, түүний хэрэгжилтийг газар дээр нь магадлан шалгах;
49.8.2. тусгай зөвшөөрөл олгох эсэх дүгнэлтийг зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.
49.9. Тусгай зөвшөөрлийг тухайн байгууллагад анх удаа олгож байгаа бол гурав, сунгаж байгаа бол таван жилийн хугацаагаар олгоно.
49.10. Зөвшөөрлийн хугацааг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасан журмын дагуу сунгана.
49.11. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
49.11.1. нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүссэн хүсэлт;
49.11.2. эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүний мэдээлэл, хөдөлмөрийн гэрээ;
49.11.3. техник, технологи, тоног төхөөрөмжийн хүчин чадал, чанар, стандарт болон өмчлөлийн талаарх мэдээлэл;
49.11.4. барилга байгууламж болон хаяг, байршил өөрчлөгдөж байгаа тохиолдолд барилга байгууламжийн зориулалт, зураг төслийн дагуу баригдсан эсэх, улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан акт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, ажлын байрны дотоод, гадаад орчны төлөвлөлтийн зураглал.
50. дугаар зүйл.Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, худалдах
50.1. Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг бүртгэх, худалдах зөвшөөрөл олгох үйл ажиллагааг эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
50.2. Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг бүртгэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд уг журамд дараах агуулгыг тусгана:
50.2.1. бодисыг бүртгэх үйл ажиллагааны дараалал;
50.2.2. хэрэгцээний үнэлгээ хийх, мэргэжлийн үйл ажиллагааны төслийг үнэлэх ажиллагаа;
50.2.3. хэрэгцээний тодорхойлолт гаргах, олгох ажиллагаа;
50.2.4. шинжээчийг сонгон шалгаруулах, томилох, ажиллуулахтай холбогдсон зохицуулалт;
50.2.5. хэрэгцээний тодорхойлолт олгох үйлчилгээний төлбөрийн хэмжээ, уг үйлчилгээтэй холбогдох зардлын жишиг;
50.2.6. шинжээчид олгох зардлын жишиг.
51. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
51.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ
52. дугаар зүйл.Шилжилтийн зохицуулалт
52.1. Энэ хуульд заасны дагуу шинээр болон шинэчлэн батлах холбогдох дүрэм, журмыг дагаж мөрдөж эхлэх хүртэл хугацаанд 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдөр баталсан Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу баталсан, хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрэм, журмыг энэ хуульд нийцсэн хэмжээнд үргэлжлүүлэн дагаж мөрдөнө.
53. дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
53.1. Энэ хуулийг 2027 оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
