Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Отгоны САРАНЧУЛУУН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 7-Р САРЫН 3 ӨДӨР
УЛААНБААТАР

ХАМТЫН САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх зүйн үндсийг тодорхойлж, түүний үйлчилгээтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлХамтын санхүүжилтийн тухай хууль тогтоомж
2.1Хамтын санхүүжилтийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хууль, Инновацийн тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хуулиар хувьцаа, зээл, урамшуулал, хандивт суурилсан хамтын санхүүжилтийн харилцааг зохицуулна.
3.2Урамшуулал болон хандивт суурилсан санхүүжилтийг хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчээр зуучлуулахгүйгээр татан төвлөрүүлж болно.
4 дүгээр зүйлНэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“хамтын санхүүжилтийн үйлчилгээ” гэж тусгай программ хангамжаар дамжуулан төсөл хэрэгжүүлэгчийн санал болгох төслийг нэг болон түүнээс дээш санхүүжүүлэгчээс хөрөнгө татан төвлөрүүлэх замаар санхүүжүүлэх үйлчилгээг;
4.1.2“харилцагч” гэж хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчээс хамтын санхүүжилтийн үйлчилгээ авсан, эсхүл авахыг сонирхож буй төсөл хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгчийг;
4.1.3“хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч” гэж хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч компанийн хэлбэртэй хуулийн этгээдийг;
4.1.4“төсөл хэрэгжүүлэгч” гэж хамтын санхүүжилтийн тусгай программ хангамжаар дамжуулан санхүүжилт татан төвлөрүүлэх хүсэлт гаргасан хувь хүн, хуулийн этгээдийг;
4.1.5“санхүүжүүлэгч” гэж хамтын санхүүжилтийн тусгай программ хангамжаар дамжуулан хөрөнгө оруулах, зээл олгох, урамшуулал авах, эсхүл хандивлах этгээдийг;
4.1.6“төсөл” гэж хамтын санхүүжилтийн үйлчилгээг ашиглан санхүүжилт татан төвлөрүүлэх зорилгоор тодорхой хугацаа, зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлсон, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагаа хэрэгжүүлэх, эсхүл урамшуулал олгох, хандивлах зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн санал, санаачилгыг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХАМТЫН САНХҮҮЖИЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
5 дугаар зүйлХамтын санхүүжилтийн үйлчилгээ, түүнд тавих шаардлага
5.1Хамтын санхүүжилтийн үйлчилгээ дараах төрөлтэй байна:
5.1.1.хувьцаанд суурилсан хамтын санхүүжилт; 5.1.2.зээлд суурилсан хамтын санхүүжилт; 5.1.3.урамшуулалд суурилсан хамтын санхүүжилт; 5.1.4.хандивт суурилсан хамтын санхүүжилт
5.2Хандивт суурилснаас бусад хамтын санхүүжилтийн төсөл нь аж ахуйн үйл ажиллагааны зорилготой байна.
5.3Хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн төсөл хэрэгжүүлэгч нь нэг цаг хугацаанд нэг төсөл хэрэгжүүлнэ.
5.4Төсөл хэрэгжүүлэгчийн санал болгох төсөл нь хууль тогтоомжоор хориглоогүй, хууль бус зорилго агуулаагүй байна.
5.5Хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр татан төвлөрүүлсэн санхүүжилтийг зөвхөн зориулалтын дагуу ашиглана.
5.6Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь төсөл тус бүрийн санхүүжилтийн мөнгөн хөрөнгийг өөрийн үйл ажиллагааны дансанд байршуулахгүй бөгөөд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан зөвшөөрөл эзэмшигч дээр үүсгэсэн тусгайлсан дансаар дамжуулан хүлээн авч, шилжүүлнэ.
5.7Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь энэ хуулийн 5.6-д заасан мөнгөн хөрөнгийг хүлээн авах, шилжүүлэх тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан холбогдох зөвшөөрлийг авсан байна.
5.8.Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч болон санхүүжүүлэгчийн хооронд байгуулсан гэрээ, хэлцэлд дараах нөхцөлийг тусгана:
5.8.1санхүүжүүлэгч нь хувьцаанд суурилсан хамтын санхүүжилтийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулахдаа түүнээс үүдэн гарах эрсдэлээ өөрөө бүрэн хариуцахыг илэрхийлсэн баталгаа;
5.8.2хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч татан буугдсан тохиолдолд авах арга хэмжээ;
5.8.3хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч, санхүүжүүлэгчийн эрх, үүрэг;
5.8.4хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр хөрөнгө оруулж буй компанийн хөрөнгийн үнэ цэн нь компанийн ашигт үйл ажиллагаанаас хамаарч тодорхойлогдох тул үнэ цэнийн хэлбэлзлээс хамаарч алдагдал хүлээх эрсдэлийн талаарх мэдээлэл.
5.9Төсөл хэрэгжүүлэгчийн санал болгосон төслийн танилцуулгад туссан санхүүжилт татан төвлөрүүлэх эцсийн хугацаанаас ажлын гурван өдрийн өмнө хүртэлх хугацаанд санхүүжүүлэгч нь оруулсан хөрөнгөө аливаа торгууль, шимтгэлгүйгээр буцаан татаж болно.
5.10Төсөл хэрэгжүүлэгчийн санал болгосон төслийн танилцуулгад туссан санхүүжилт татан төвлөрүүлэх нийт хугацаа нь ажлын гурван өдрөөс бага байх тохиолдолд санхүүжүүлэгч нь оруулсан хөрөнгөө энэ хуулийн 5.9-д заасны дагуу буцаан татах эрхгүй.
5.11Төсөл хэрэгжүүлэгчийн санал болгосон төслийн танилцуулгад туссан санхүүжилт татан төвлөрүүлэх хугацаа дуусгавар болохоос өмнө төслийн санхүүжилт амжилттай бүрдсэн тохиолдолд санхүүжүүлэгч нь оруулсан хөрөнгөө энэ хуулийн 5.9-д заасны дагуу буцаан татах эрхгүй.
5.12Төсөл хэрэгжүүлэгч нь хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр хоёр хүртэлх сарын хугацаанд хөрөнгө татан төвлөрүүлнэ.
6 дугаар зүйлХувьцаанд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ
6.1Хувьцаанд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр төсөл хэрэгжүүлэгч нь хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан бизнесийн төсөл, хөтөлбөрөө хөрөнгө оруулагчид танилцуулж, хувьцаа санал болгох замаар санхүүжилт татан төвлөрүүлнэ.
6.2Хувьцаанд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр санхүүжилт татан төвлөрүүлэх төсөл хэрэгжүүлэгч нь гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч компанийн хэлбэртэй хуулийн этгээд байна.
6.3Хувьцаанд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр хөрөнгө татан төвлөрүүлсэн компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн тоо 50-аас хэтрэхгүй байна.
6.4Төсөл хэрэгжүүлэгч нь хөрөнгө оруулагчийн хувьцааны өмчлөх эрхийг хөрөнгө оруулагч тус бүрээр компанийн дүрэмд тусгаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.
6.5Энэ хуулийн 6.4-д заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, компанийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбарыг үйлчилгээ үзүүлэгчид хүргүүлнэ.
6.6Төсөл хэрэгжүүлэгч тогтоосон хугацаанд татан төвлөрүүлэхээр зарласан хөрөнгийг бүрдүүлж чадаагүй тохиолдолд хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь банкны шимтгэлийг хассан дүнгээр санхүүжүүлэгчид ажлын таван өдрийн дотор хөрөнгийг буцаан шилжүүлнэ.
6.7Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаанд авах үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтооно.
6.8Санхүүжүүлэгч иргэн, хуулийн этгээдэд дараах шаардлагыг тавина:
6.8.1.хамтын санхүүжилтийн үйл ажиллагаагаар дамжуулан санхүүжилт татаж буй компанийн хувьцаанд гадаадын болон Монгол Улсын иргэн, хуулийн этгээд хөрөнгө оруулж болно. 6.8.2.Монгол Улсын иргэн хувьцаанд суурилсан хамтын санхүүжилтийн төсөлд хөрөнгө оруулах хэмжээ нь түүний татвар ногдуулсны дараах жилийн орлогын 30 хувиас хэтрэхгүй байна.
6.9Төсөл хэрэгжүүлэгч дараах шаардлагыг хангасан байна:
6.9.1.зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх; 6.9.2.татварын өр, төлбөргүй байх; 6.9.3.санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн чадваргүй болоогүй байх; 6.9.4.Эрүүгийн хуульд заасан авлига, эдийн засгийн болон терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх.
7 дугаар зүйлЗээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ
7.1Зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр төсөл хэрэгжүүлэгч нь бизнесийн төсөл, хөтөлбөр болон зээл авах хэрэгцээ, шаардлагаа санхүүжүүлэгчид танилцуулж, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг тодорхой хугацаанд эргэн төлөх үүрэгтэйгээр санхүүжилт татан төвлөрүүлнэ.
7.2Санхүүжүүлэгч нь хуулийн этгээд, байнга ашиг олох зорилготой мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн байна.
7.3Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь төсөл хэрэгжүүлэгчийн орлого, өр төлбөр, санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан зээлийн эргэн төлөх чадварыг үнэлнэ.
7.4Төсөл хэрэгжүүлэгч татан төвлөрүүлэхээр зарласан хөрөнгийг бүрдүүлж чадаагүй тохиолдолд хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч банкны шимтгэлийг хассан дүнгээр санхүүжүүлэгчид ажлын таван өдрийн дотор хөрөнгийг буцаан шилжүүлнэ.
7.5Төсөл хэрэгжүүлэгчийн санал болгосон төсөл санхүүжилтийн зорилтот хэмжээнд хүрсэн үед зээлийн гэрээг байгуулсанд тооцно
7.6Төсөл хэрэгжүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:
7.6.1гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь Монгол улсад бүртгэлтэй компанийн хэлбэртэй хуулийн этгээд, эсхүл үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн байх;
7.6.2зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
7.6.3татварын өр, төлбөргүй байх;
7.6.4санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн чадваргүй болоогүй байх;
7.6.5Эрүүгийн хуульд заасан авлига, эдийн засгийн болон терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх.
7.7Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь зээлд суурилсан хамтын санхүүжилтийн төсөл хэрэгжүүлэгчийн мэдээллийг Зээлийн мэдээллийн тухай хуульд заасны дагуу зээлийн мэдээллийн санд нийлүүлнэ.
7.8Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаанд авах үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтооно.
8 дугаар зүйлУрамшуулалд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ
8.1Урамшуулалд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр төсөл хэрэгжүүлэгч олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж, хариу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, эсхүл ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, эсхүл бусад эдийн болон эдийн бус урамшууллыг санхүүжүүлэгчид олгоно.
8.2Урамшуулалд суурилсан хамтын санхүүжилтийн төсөл нь тодорхой, хэрэгжих боломжтой, санхүүжүүлэгчид зардлын хувьд үр ашиг бий болгох, зах зээлд нийлүүлэгдсэн ижил төрөл, шинж чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй харьцуулахад чанар, бүтээмжийг сайжруулсан зэрэг шинэлэг санаа, шийдэлд тулгуурласан байна.
8.3Дахин худалдах, дамжуулан борлуулах зорилготой зах зээлд өмнө нийлүүлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь энэ хуулийн 8.2-т заасан төсөлд хамаарахгүй.
8.4Төсөл хэрэгжүүлэгч хэрэгжүүлэх төсөл болон түүнд хамаарах эдийн засаг, санхүүгийн тооцоо, бараа бүтээгдэхүүн, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, эсхүл бусад эдийн болон эдийн бус урамшуулалтай холбогдох үнийн талаар нарийвчилсан, бодит судалгаа, тооцоолол хийж, төслийн танилцуулгад тусгасан байна.
8.5Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч төсөл хэрэгжүүлэгчийн талаарх бүртгэл хөтлөх бөгөөд санхүүжүүлэгчийг төслийн талаарх мэдээллээр хангаж ажиллана.
8.6Төсөл хэрэгжүүлэгч урамшуулалд суурилсан хамтын санхүүжилтийн төсөл амжилтгүй болсон тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчид хүргүүлнэ.
8.7Төсөл хэрэгжүүлэгчийн санхүүжүүлэгчид хариу өгөх бараа бүтээгдэхүүн, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, эсхүл бусад эдийн болон эдийн бус урамшуулал биет байдлын болон чанарын доголдолгүй байна.
8.8Төсөл хэрэгжүүлэгч тогтоосон хугацаанд татан төвлөрүүлэхээр зарласан хөрөнгийг бүрдүүлж чадаагүй тохиолдолд хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь банкны шимтгэлийг хассан дүнгээр хөрөнгийг ажлын таван өдөрт багтаан санхүүжүүлэгчид буцаан шилжүүлнэ.
9 дүгээр зүйлХандивт суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ
9.1Хандивт суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр төсөл хэрэгжүүлэгч байгалийн гамшиг, эмнэлгийн тусламж, боловсрол, соёл, спорт, хүмүүнлэгийн тусламж, энэрлийн үйл ажиллагаа, олон нийтийг соён гэгээрүүлэх зэрэг зорилгоор нийгмийн тусын тулд санхүүжүүлэгчээс буцаан төлөх үүрэг хүлээхгүйгээр хөрөнгө татан төвлөрүүлнэ.
9.2Хандивлагч бэлэн бус мөнгөн хэлбэрээр хандив өгнө.
9.3Төсөл хэрэгжүүлэгч хандиваар татан төвлөрүүлэх нийт мөнгөн дүнг үнэн бодит тооцоолол, судалгаанд үндэслэн гаргана.
9.4Төсөл хэрэгжүүлэгч хандивын үйл ажиллагааны зорилго болон зарцуулалтаа үнэн зөвөөр илэрхийлэх талаарх баталгааг хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчид гаргана.
9.5Хандивлагч нь төсөл хэрэгжүүлэгчийн санал болгосон төсөлд оруулсан хандив буцаагдахгүйг хүлээн зөвшөөрсөн байна.
9.6Хандивт суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр татан төвлөрүүлсэн хандивыг төсөл хэрэгжүүлэгч зарцуулах боломжгүй нөхцөл бий болсон тохиолдолд хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь тусгайлсан дансны үлдэгдэл хөрөнгийг банкны шимтгэлийг хассан дүнгээр ажлын таван өдөрт багтаан хандивлагчид хувь тэнцүүлэн буцаан шилжүүлнэ.
9.7Санхүүжүүлэгч хандивын төсөлд оруулсан хөрөнгийн зарцуулалтын талаар мэдээлэл шаардах, хяналт тавих эрхтэй байна.
9.8Энэ хуулийн 16.1-т заасан этгээд нь хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчээс ирүүлсэн хандивлагч этгээдийн мэдээллийн бүртгэлийн сан үүсгэж, хандивлагч этгээдэд цахим хэлбэрээр лавлагаа, гэрчилгээ олгож болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХАМТЫН САНХҮҮЖИЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ, ТҮҮНД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ
10 дугаар зүйлХамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчид тавих шаардлага
10.1Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь дараах бүтэц, зохион байгуулалт, мэргэшсэн хүний нөөцтэй байна:
10.1.1.мэдээллийн технологи, аюулгүй байдал хариуцсан ажилтантай, эсхүл уг чиг үүргийг мэргэшсэн гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр гэрээгээр тохирсон байх; 10.1.2.хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн хувьд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих болон комплайнс, дотоод хяналт, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хариуцсан ажилтантай байх; 10.1.3.төсөл хэрэгжүүлэгчийг болон төслийн талаарх баримт бичиг, мэдээллийг бодит, үнэн зөв байдалд нийцсэн эсэх, хэрэгжих боломжтой эсэхийг нягтлан шалгах, төслийг сонгон шалгаруулах, хэрэгжилтэд хяналт тавих ажилтантай байх.
10.2Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч санхүүжүүлэгчийн хувийн мэдээлэл, системийн хувьд нууцлал, аюулгүй байдлын стандартыг хангасан, зах зээлийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, бодит цагийн горимоор санхүүжилтийн үйл явц харагдах боломжтой тусгай программ хангамжтай байна.
10.3Энэ хуулийн 10.2-т заасан программ хангамж шуурхай, тасралтгүй байх ба гэмтэл, саатал гарсан, эсхүл давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд түүний мэдээллийн бааз, бусад өгөгдлийг давхар хадгалах, сэргээх боломжтой байна.
10.4Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч энэ хуулийн 10.2-т заасан программ хангамжийг мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал, нууцлалын хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо, шаардлагын стандарт болон веб контентын хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлалд нийцүүлж хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байна.
10.5Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч дараах мэдээллийг тусгай программ хангамжид ил тод, нээлттэй байршуулна:
10.5.1.үйлчилгээний нөхцөл, төслийг сонгон шалгаруулах шалгуур, эрсдэлийн удирдлагын бодлого; 10.5.2.жил бүр өөрийн тусгай программ хангамжаар дамжуулан сүүлийн 36 сарын хугацаанд хамтын санхүүжилт авсан төслүүдийн тоо, амжилттай хэрэгжсэн төслийн хувь; 10.5.3.зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр татан төвлөрүүлсэн хөрөнгийн эргэн төлөлтийн мэдээлэл; 10.5.4.жил бүр дараагийн санхүүгийн жилийн эхний улиралд багтаан үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайлан.
11 дүгээр зүйлХувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчид тавих шаардлага
11.1Хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчид дараах шаардлагыг тавина:
11.1.1.Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ ... төгрөг байх бөгөөд зээлийн эх үүсвэрээс бусад мөнгөн хөрөнгөөс бүрдсэн байх; 11.1.2.гурав болон түүнээс дээш гишүүнтэй төлөөлөн удирдах зөвлөлтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй нь хараат бус гишүүн байна. 11.1.3.энэ хуулийн 11.1.2-т заасан төлөөлөн удирдах зөвлөл нь дараах баримт бичгүүдийг баталсан байна:
11.1.3.1.төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам; 11.1.3.2.компанийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, зах зээлийн судалгаа, тооцоолол, төсөл; 11.1.3.3.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, эрсдэлийг бууруулах, удирдах талаар хэрэгжүүлэх төлөвлөгөө; 11.1.3.4.мэдээллийн ил тод байдал, тайлагналын журам; 11.1.3.5.Кибер аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлсэн мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны журам; 11.1.3.6.дотоод мэдээллийг хууль бусаар ашиглахаас сэргийлэх журам; 11.1.3.7.төслөөр татан төвлөрүүлсэн санхүүжилтийг төсөлд тусгаснаас бусад зориулалтаар ашиглахаас сэргийлэх, хяналт тавих журам; 11.1.3.8.дампуурах, татан буугдах, кибер халдлага, түрэмгийлэлд өртөх зэрэг онцгой нөхцөл байдал үүссэн үед авах арга хэмжээний талаар болон үйл ажиллагаанд хүндрэл үүссэн тохиолдолд үйл ажиллагааг зогсоох нарийвчилсан төлөвлөгөө; 11.1.3.9.үйлчилгээ үзүүлэгчтэй холбоотой харилцагч болон хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журам.
11.2Хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх бүхий албан тушаалтан нь дараах шаардлагыг хангасан байна:
11.2.1.банк, санхүү, бизнесийн удирдлага, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, мэдээллийн технологи, математик, статистик, инженерчлэл, хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; 11.2.2.Эрүүгийн хуульд заасан болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, албан тушаал, эдийн засгийн болон терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх; 11.2.3.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20, 21, 22 дугаар зүйлд харшлаагүй байх; 11.2.4.санхүүгийн үйлчилгээ, үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлд оногдуулсан зөрчлийн шийтгэл, торгууль, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж, барагдуулсан байх.
11.3Хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь урамшуулал болон хандивт суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээг хавсран эрхэлж болно.
12 дугаар зүйлХамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг
12.1Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэгтэй:
12.1.1.энэ хуульд заасан үйлчилгээ болон түүнд хамаарах сургалт, судалгааны чиглэлээс бусад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх; 12.1.2.хамтын санхүүжилтийн үйлчилгээг тасралтгүй, ил тод, алдаагүй, шударгаар зохион байгуулах; 12.1.3.хамтын санхүүжилтийн үйлчилгээг зохион байгуулахад шаардлагатай ажлын байр, хүний нөөц, программ хангамж болон техник, тоног төхөөрөмжийг бүрдүүлэх; 12.1.4.хамтын санхүүжилтийн үйлчилгээг урвуулан ашиглах, дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах, санхүүжилт татах тусгай программ хангамжид доголдол үүсэхээс сэргийлэх зорилгоор тандан судалгаа хийх, бодит цагийн хяналт тавих; 12.1.5.харилцагчийн эрх ашгийг зохих ёсоор хамгаалж, харилцагчтай шударга, ойлгомжтой, төөрөгдөлд оруулахгүйгээр харилцах;
12.1.6.ажилтан болон гэрээний үндсэн дээр үйлчилгээ авч буй гуравдагч этгээд нь харилцагчийн мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах талаар шаардлагатай арга хэмжээг авах; 12.1.7.энэ хуулийн 5.6, 5.7-д заасны дагуу санхүүжилтийн мөнгөн хөрөнгийг хүлээн авах, шилжүүлэх; 12.1.8.төсөл хэрэгжүүлэгчийн болон татан төвлөрүүлсэн санхүүжилтийн бүхий л мэдээллийг аюулгүй хадгалах, бүртгэл хөтлөх; 12.1.9.хамтын санхүүжилтийн үйлчилгээнд хяналт тавих төрийн эрх бүхий байгууллага болон олон нийтийг мэдээ, мэдээллээр хангах; 12.1.10.төсөл хэрэгжүүлэгч мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, банк, санхүү, эдийн засаг, мэдээллийн нууцлалтай холбоотой зөрчил, гэмт хэрэг үйлдэж байсан эсэхийг нягтлан шалгах;
12.1.11.хамтын санхүүжилтийн үйлчилгээний талаар нэмэлт мэдлэг, мэдээлэл шаардлагатай санхүүжүүлэгчийг тогтоох зорилгоор санхүүжүүлэгчээс асуумж авах, үнэлэх, үнэлгээ хангалтгүй тохиолдолд шаардлагатай зөвлөгөө, мэдээллээр хангах, дахин асуумж авах, үнэлэх; 12.1.12.хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч үйл ажиллагаа эрхлэхдээ хуульд заасан болон Хороо, түүний эрх бүхий албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгаврыг бүрэн хангаж ажиллах; 12.1.13.хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон бол энэ талаарх мэдээллийг харилцагчдад нэн даруй мэдэгдэх.
12.2Хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч доор дурдсан тайлан, мэдээллийг дараах хугацаанд Хороонд ирүүлнэ:
12.2.1.төсөл хэрэгжүүлэгчийн танилцуулга болон санхүүжилтийн тайланг сар бүр цахим хэлбэрээр; 12.2.2.төсөл хэрэгжүүлэгчийн татан төвлөрүүлсэн санхүүжилтийн зарцуулалтын тайланг улирал бүр цахим хэлбэрээр; 12.2.3.санхүүжүүлэгчийн мэдээллийг сар бүр цахим хэлбэрээр.
12.3Хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайланг дараа жилийн 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Хороонд цахим хэлбэрээр ирүүлнэ.
12.4Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч олон нийтэд худал мэдээлэл түгээсэн, төөрөгдүүлсэн, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зэрэг өөрийн буруутай үйл ажиллагаанаас төсөл хэрэгжүүлэгчийн төсөл хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд холбогдох хууль тогтоомж, гэрээнд заасан хариуцлага хүлээнэ.
12.5Хуульд өөрөөр заагаагүй бол төсөл хэрэгжүүлэгч үүргээ биелүүлээгүйн улмаас харилцагчид учирсан хохирлыг хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч болон төр хариуцахгүй.
13 дугаар зүйлХувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчид зөвшөөрөл олгох
13 .1Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах өргөдөлд энэ хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4, 11.1, 11.2-т заасан шаардлагыг хангаснаас гадна дараах баримт бичгийг нотлох баримтын хамт хавсаргаж Хороонд цаасан, эсхүл цахим хэлбэрээр ирүүлнэ:
13.1.1.компанийн дүрмийн хуулбар, хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр; 13.1.2.хамтын санхүүжилтийн үйлчилгээнд ашиглах тусгай программ хангамжийн танилцуулга, мэдээлэл, технологийн дэд бүтцийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдлыг хангасан талаарх мэдээлэл, мэдээлэл хадгалах системийн талаар танилцуулга; 13.1.3.хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотлох баримт бичиг, гарал үүслийн талаарх тодорхойлолт; 13.1.4.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах тогтолцоо, түүний талаарх танилцуулга; 13.1.5.энэ хуулийн 11.1.3-т заасан журмын төсөл, төлөвлөгөө. 13.1.6.харилцагчдаас авах үйлчилгээний хураамжийн хувь хэмжээ, санхүүжүүлэгчтэй байгуулах гэрээний төсөл.
14 дүгээр зүйлХувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
14.1Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна Хороо, түүний эрх бүхий албан тушаалтнаас өгсөн албан шаардлага, үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол түдгэлзүүлнэ.
14.2Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгоно.
15 дугаар зүйлХорооны бүрэн эрх
15.1Хороо хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1.зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох 15.1.2.хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, үүрэг, даалгавар хүргүүлэх, биелэлтийг хангуулах; 15.1.3.хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчээс тайлан, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд, эсхүл шаардлагатай гэж үзсэн үед ирүүлэхийг шаардах; 15.1.4. хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйл ажиллагаанд авах үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг бууруулахыг санал болгох, саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл, хураамжийн хувь, хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох бөгөөд энэ тухайгаа нийтэд мэдээлэх; 15.1.5.хуульд заасан бусад.
16 дугаар зүйлУрамшуулал болон хандивт суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээний хяналт
16.1Урамшуулал болон хандивт суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа эрхлэхийн өмнө хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
16.2Урамшуулал болон хандивт суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага хяналт тавина.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ
17 дугаар зүйлХарилцагчид өгөх мэдээлэл
17 .1Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч харилцагчид дараах мэдээллийг үнэн зөв, тодорхой бөгөөд ойлгомжтой байдлаар өгөх үүрэгтэй:
17.1.1.төсөл болон түүний санхүүжилтийн талаарх мэдээлэл; 17.1.2.хамтын санхүүжилтийн үйлчилгээ болон хөрөнгө оруулалттай холбогдсон зардал, шимтгэл, санхүүгийн эрсдэл; 17.1.3.хамтын санхүүжилтийн агуулга, эрсдэл, хамтын санхүүжилтийн төсөлд тавигдах шалгуур; 17.1.4.хамтын санхүүжилтийн үйлчилгээ нь эрсдэлгүй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, санхүүгийн хэрэгсэл биш болох тухай анхааруулга; 17.1.5.төсөл хэрэгжүүлэгч санал болгох төслөө өмнө нь өөр хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан татан төвлөрүүлсэн тохиолдолд энэ тухай мэдээлэл.
17 .2Энэ хуулийн 17.1-т заасан мэдээллийг харилцагчтай гэрээ байгуулахын өмнө өгөх ба энэ хуулийн 17.1.4-т заасан мэдээллийг хамтын санхүүжилтийн саналыг байршуулсан тусгай программ хангамжид тодоор байршуулна.
18 дугаар зүйлТөслийн баримт мэдээлэлд хяналт тавих, хүсэлт, гомдол шийдвэрлэх
18 .1Хамтын санхүүжилтийн төслийн үнэн зөв байдлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцах бөгөөд хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч түүнд хяналт тавьж, бодит бус мэдээллийг илрүүлсэн тохиолдолд залруулахыг шаардана.
18 .2Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч хүсэлт, гомдол хүлээн авах, шийдвэрлэх журмыг хамтын санхүүжилтийн тусгай программ хангамжид нийтэд нээлттэй, ил тод байршуулна.
18 .3Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч харилцагчийн гаргасан хүсэлт, гомдлыг боломжит бүхий л хэлбэрээр хүлээн авч шууд шийдвэрлэх боломжтой бол ажлын гурав хүртэл өдөр, бусад гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.
18 .4Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч хүлээн авсан хүсэлт, гомдлын агуулга, түүний шийдвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж, хадгалах бөгөөд хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтэд хамаарах бүртгэлийг Хороонд, урамшуулал болон хандивт суурилсан хамтын санхүүжилтэд хамаарах бүртгэлийг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагад улиралд нэг удаа хүргүүлнэ.
18 .5Энэ хуулийн 18.3-т заасан гомдлыг хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч шийдвэрлээгүй, эсхүл харилцагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах эрхтэй.
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД
19 дүгээр зүйлАшиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх
19.1Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь хамтын санхүүжилтийн тусгай программ хангамждаа өөрийн төслийг хэрэгжүүлэх санал гаргах, хамтран оролцохыг хориглоно.
19.2Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч хамтын санхүүжилтийн тусгай программ хангамжид дараах этгээдийг төсөл хэрэгжүүлэгчээр оролцуулахыг хориглоно:
19.2.1хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон компанийн эрх бүхий албан тушаалтан, төсөл сонгон шалгаруулах ажилтан;
19.2.2энэ хуулийн 19.2.1-т заасан этгээдтэй Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.30-д заасан холбогдох этгээд.
19.3Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд зохих этгээдэд мэдэгдэх талаар дотоод журам, хяналтын тогтолцоотой байна.
19.4Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь ажилтан, эрх бүхий албан тушаалтандаа олгох цалин хөлс, урамшуулал, шагнал, нэмэгдэл зэргийг тооцоолохдоо хамтын санхүүжилтийн тусгай программ хангамжид нийтэлсэн, амжилттай санхүүжилт татсан төслийн тоо, татан төвлөрүүлсэн санхүүжилтийн хэмжээ, эсхүл төсөл хэрэгжүүлэгчээс авсан шимтгэл, төлбөрийн хэмжээтэй шууд болон шууд бусаар уялдуулахыг хориглоно.
20 дугаар зүйлБаримт мэдээлэл хадгалах
20.1Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч баримт мэдээлэл хадгалах талаар дараах үүргийг хүлээнэ:
20.1.1өөрийн үзүүлж буй үйлчилгээ, холбогдох гэрээ, хамтын санхүүжилтийн тусгай программ хангамж дээр хийгдсэн хэлцлийн талаарх баримт мэдээллийг таваас доошгүй жил хадгалах;
20.1.2харилцагчийг өөрийн авсан үйлчилгээтэй холбоотой баримт мэдээлэлтэй хэдийд ч танилцах боломжоор хангах.
21 дүгээр зүйлЗар сурталчилгаа
21.1Хамтын санхүүжилтийн үйлчилгээтэй холбогдох зар сурталчилгааны шинжтэй мэдээллийн агуулга энэ хуулийн 18.1-т заасан төслийн баримт, мэдээлэлд үндэслэсэн байна.
22 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
22.1Энэ хуулийг зөрчсөн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
23 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
23 .1Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Танилцуулга
(ХСтХ дэлгэрэнгүй танилцуулга (1) (2).docx)
Товч танилцуулга
(ХСтХ товч танилцуулга (1) (1).docx)