Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2021 ОНЫ 10-Р САРЫН 14 ӨДӨР
УЛААНБААТАР

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоох, олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
2.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1.“үйлдвэрлэлийн осол” гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-д заасныг;
2.1.2.“хурц хордлого” гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.10-т заасныг;
2.1.3.“мэргэжлээс шалтгаалсан өвчин” гэж хөдөлмөрлөх явцад хөдөлмөрийн нөхцөл, үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэсэн архаг болон хурц эмгэгийг;
2.1.4.“протез” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.16-д заасныг;
2.1.5.“ортопед” гэж нуруу, мөчдийн бүтцийн өөрчлөлт болон үйл ажиллагааны алдагдлын үед хөдөлгөөнийг дэмжих, хязгаарлах, хянах, ясыг шугаман дагуу байрлуулж, засахад зориулагдсан хэрэгслийг.
З дугаар зүйл.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчин
3.1.Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх дараах явцад гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөнд тооцно:
3.1.1.ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед;
3.1.2.ажил олгогч болон эрх бүхий этгээд, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажиллаж, үүрэг гүйцэтгэж байх үед;
3.1.3.ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;
3.1.4.ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед;
3.1.5.ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;
3.1.6.хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах аюулт үзэгдлийн үед;
3.1.7.үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж ноцтой эвдрэх, нурах, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах, дэлбэрэлт болох ослын үед;
3.1.8.олон улсын болон улсын зэрэглэлтэй дотоодын спортын тэмцээн, уралдаанд оролцох явцад.
3.2.Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед гэмт хэрэг үйлдэх, эсхүл санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан тохиолдолд үйлдвэрлэлийн осолд тооцохгүй.
3.3.Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, тогтоох харилцааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулна.
3.4.Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь, хугацааг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ШИМТГЭЛИЙН ТӨЛБӨР
4 дүгээр зүйл.Даатгуулагчид олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, ажил олгогчид үзүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт
4.1.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан (цаашид “даатгалын сан” гэх)-аас дараах тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ:
4.1.1.хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр;
4.1.2.тэжээгчээ алдсаны тэтгэвэр;
4.1.3.хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж;
4.1.4.нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж;
4.1.5.хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлбөр;
4.1.6.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөр;
4.1.7.даатгуулагчийн эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр;
4.1.8.ажил олгогчид үзүүлэх шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт.
5 дугаар зүйл.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх, тэтгэврийн хэмжээ
5.1.Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
5.2.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар тогтооно.
5.3.Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг Эрүүл мэндийн магадлалын зөвлөл тогтооно.
5.4.Даатгуулагчийн тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дараах байдлаар тодорхойлно:
5.4.1.даатгуулагч 12 сар ба түүнээс дээш хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол түүний хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж хэмжээгээр;
5.4.2.даатгуулагч 12 сараас доош хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол түүний хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх шимтгэл төлсөн нийт хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг шимтгэл төлсөн сарын тоонд хуваасан хэмжээгээр;
5.4.3.даатгуулагч 1 сараас доош хугацаанд ажиллаж байх үед хөдөлмөрийн чадвараа алдсан бол ажилд томилсон шийдвэрээр тогтоосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээгээр.
5.5.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш 12 сараас доошгүй хугацаанд хөдөлмөр эрхэлж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол тухайн шимтгэл төлсөн нийт сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 12 сар тутамд 2.0 хувиар, сар тутам 0.167 хувиар тооцон тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ.
6 дугаар зүйл.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр олгох хугацаа, тэтгэврийг нөхөн олгох
6.1.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нас барсан бол нас барсны дараагийн сар дуустал олгоно.
6.2.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан тэтгэврийн ердийн насанд хүрсэн өдрөөс эхлэн суурь тэтгэврийг олгоно.
6.3.Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар тогтоолгож чадаагүй байсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсаныг нөхөн тогтоосон бол 6 хүртэлх сарын тэтгэврийг нөхөн олгож болно.
6.4.Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон хугацаа нь дууссанаас хойш хүндэтгэн үзэх шалтгаанаар тэтгэвэр авагч 6 сарын дотор хөдөлмөрийн чадвараа алдсан хувь, хугацааг нөхөн сунгуулсан бол түүний 2 хүртэлх сарын тэтгэврийг нөхөн олгоно.
7 дугаар зүйл.Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх, хэмжээ, олгох хугацаа, тэтгэврийг нөхөн олгох нөхцөл
7.1.Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
7.2.Энэ зүйлийн 7.1-д заасан тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх бүхий гишүүнийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 17.1-д заасныг баримтална.
7.3.Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос доор дурдсан хувь хэмжээгээр тогтооно:
Хөдөлмөрийн чадваргүй гишүүний тоо Тэтгэвэр бодох хувь хэмжээ 3 ба түүнээс дээш 100 2 75 1 50
7.4.Даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг энэ хуулийн 5.4-т заасны дагуу тодорхойлно.
7.5.Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгчийн асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнд нэгтгэн нэг тэтгэвэр тогтооно.
7.6.Энэ зүйлийн 7.5-д заасны дагуу тогтоосон тэтгэврийг тэжээгчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүний хүсэлтээр гишүүн бүрт тэнцүү хэмжээгээр хуваан олгож болно.
7.7.Тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхдэд 19 нас хүртэл, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэнд хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, тэтгэврийн ердийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал тус тус олгоно.
7.8.Даатгуулагчийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсныг нь нөхөн тогтоосон бол 6 сараас илүүгүй хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэврийг нөхөн олгож болно.
8 дугаар зүйл.Тэтгэврийн доод хэмжээ
8.1.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэврийн доод хэмжээ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 6.1.1-д заасан хэмжээтэй адил байна.
9 дүгээр зүйл.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээ, олгох хугацаа
9.1.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.
9.2.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан түүний сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 100 хувиар тооцно.
9.3.Даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг доор дурдсанаар тодорхойлно:
9.3.1.даатгуулагч 3 сар ба түүнээс дээш хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан бол түүний хөдөлмөрийн чадвар түр алдахын өмнөх 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж хэмжээгээр;
9.3.2.даатгуулагч 3 сараас доош хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан бол түүний хөдөлмөрийн чадвар түр алдахын өмнөх шимтгэл төлсөн нийт хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг шимтгэл төлсөн сарын тоонд хуваасан хэмжээгээр;
9.3.3.даатгуулагч 1 сараас доош хугацаанд ажиллаж байх үед хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол ажилд томилсон шийдвэрээр тогтоосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээгээр.
9.4.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.
9.5.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацаанд олгоно.
9.6.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны дээд хязгаар нь дараалсан 12 сарын дотор 180 хоногоос хэтрэхгүй байна.
9.7.Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг ерөнхий эмч, их эмч, эрүүл мэндийн байгууллагын эмнэлэг хяналтын комисс тогтоож, эмнэлгийн хуудас олгоно.
9.8.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид тухайн тэтгэвэр тогтоолгосон өвчний оношоор хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг давхардуулан олгохгүй.
10 дугаар зүйл.Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээ
10.1.Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгоно.
10.2.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан тэтгэвэр авагч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгоно.
10.3.Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 8.3-т заасны дагуу тогтоосон хэмжээтэй адил байна.
11 дүгээр зүйл.Тэтгэвэр, тэтгэмж авах өргөдөл гаргах, түүнийг шийдвэрлэх хугацаа
11.1.Даатгуулагч, иргэн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг бүрдүүлсэн баримт бичгийн хамт дараах хугацаанд нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-д цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана:
11.1.1.хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох даатгуулагч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоолгосноос хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 сарын дотор;
11.1.2.тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн тэжээгчээ нас барснаас хойш 30 хоногийн, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор;
11.1.3.хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах даатгуулагч эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас болон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн баталгаажуулсан үйлдвэрлэлийн ослын акт, мэргэжлээс шалтгаалсан өвчний тодорхойлолт авснаас хойш 4 долоо хоногийн, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор;
11.1.4.нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж авах иргэн даатгуулагчийг нас барснаас хойш 6 долоо хоногийн, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор.
11.2.Нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчид хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох асуудлыг түүний тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг 14 хоногийн дотор, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг 24 цагийн дотор тус тус шийдвэрлэнэ.
11.3.Даатгуулагч энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах өргөдөл гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбоотой бусад харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.
12 дугаар зүйл.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлбөр
12.1.Хөдөлмөр эрхлээгүй, энэ хуулийн дагуу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авч буй тэтгэвэр авагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлбөрийг түүний хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас төлнө.
12.2.Шимтгэлийн төлбөрийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18.1-д заасан даатгуулагчийн төлбөл зохих хувь хэмжээгээр тооцож даатгалын сангаас тэтгэврийн даатгалын санд төлнө.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
13 дугаар зүйл.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ
13.1.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дараах сургалт, сурталчилгаа, судалгааны ажлыг хамааруулна:
13.1.1.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын үйл ажиллагаа, хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх сургалт, сурталчилгаа;
13.1.2.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар даатгуулагч, ажил олгогчид зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт;
13.1.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлсэн ажил олгогчийн шилдэг туршлага, ололт, амжилтыг олон нийтэд сурталчлах;
13.1.4.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний чиглэлээр хийх тандан судалгаа, эрсдэлийн болон хяналт-шинжилгээ, үнэлгээ.
13.2.Урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөр нь даатгалын сангийн тухайн жилийн шимтгэлийн орлогын 2 хувиас багагүй байна.
13.3.Урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах байгууллагыг сонгох, арга хэмжээний зардлын төлбөрийг санхүүжүүлэх, хяналт тавих зэрэг харилцааг зохицуулсан журмыг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ
14 дүгээр зүйл.Эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр
14.1.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид даатгалын сангаас дараах эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг олгоно:
14.1.1.хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон протез, ортопедийн;
14.1.2.рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувиллын тусламж, үйлчилгээний;
14.1.3.рашаан, сувилалд ирэх, буцах унааны.
14.2.Даатгалын сангаас олгох протез, ортопедийн жишиг үнийг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
14.3.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид протез, ортопедийн зардлын төлбөрийг энэ зүйлийн 14.2-т заасны дагуу баталсан жишиг үнийг баримтлан 3 жил тутамд нэг удаа олгоно.
14.4.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу зайлшгүй шаардлагаар протез, ортопедийг гадаад улсад хийлгэсэн бол түүний зардлын төлбөрийг энэ зүйлийн 14.2-т заасны дагуу баталсан протез, ортопедийн жишиг үнийг баримтлан 3 жил тутамд нэг удаа олгож болно.
14.5.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч эрүүл мэндийн даатгалын, эсхүл нийгмийн халамжийн сангаас протез, ортопедийн зардлын төлбөрийг гаргуулсан бол үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас зардлын төлбөрийг давхардуулан олгохгүй.
14.6.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид сувилалд эмчлүүлсэн болон сувилалд ирэх, буцах унааны зардлын төлбөрийг жилд нэг удаа олгоно.
14.7.Рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн даатгалын сангаас олгох хэмжээг нийгмийн даатгал болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.
14.8.Рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувилалд ирэх, буцах унааны зардлын төлбөрийг галт тэрэг, хот хоорондын нийтийн тээврийн тухайн үед мөрдөж байгаа үнийг үндэслэн тооцно.
14.9.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид тусламж, үйлчилгээ үзүүлэх рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувиллыг сонгох, гэрээ байгуулах, санхүүжүүлэх, тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавих журмыг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
14.10.Даатгуулагч энэ зүйлд заасан зардлын төлбөр авах өргөдөл гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон төлбөрийг олгох, санхүүжүүлэхтэй холбоотой бусад харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.
ТАВДУГААР БҮЛЭГ
АЖИЛ ОЛГОГЧИД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ
15 дугаар зүйл.Ажил олгогчид үзүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт
15.1.Ажил олгогчид дараах тохиолдолд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ:
15.1.1.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан тохиолдолд шимтгэлийн хөнгөлөлт;
15.1.2.үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон болон энэ хуулийн дагуу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтнаа тохирсон ажлын байраар хангасан тохиолдолд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлт.
15.2.Энэ зүйлийн 15.1.1-д заасан шимтгэлийн хөнгөлөлтийг дараах нөхцөлийг 3 жил дараалан хангасан ажил олгогчийн сүүлийн жилд төлсөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 15 хүртэлх хувиар тооцож ажил олгогчид 3 жил тутамд нэг удаа үзүүлнэ:
15.2.1.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас төлбөр гаргуулаагүй;
15.2.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт хийсэн;
15.2.3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.5-д заасны дагуу хийлгэсэн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний үр дүнд үндэслэн ажлын байран дахь эрсдэлийг арилгасан.
15.3.Ажил олгогчид үзүүлэх энэ зүйлийн 15.1.1-д заасан шимтгэлийн хөнгөлөлтийг дараа жилийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс хасч тооцно.
15.4.Энэ зүйлийн 15.1.2-т заасан сул зогсолтын хугацааг ажил олгогчийн санал, холбогдох мэдээлэл, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн байгууллагын дүгнэлтийг үндэслэн нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.
15.5.Энэ зүйлийн 15.1.2-т заасан тохирсон ажлын байраар хангагдсан ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцон ажил олгогчоос хариуцан төлөх шимтгэлийг 12 хүртэлх сарын хугацаанд чөлөөлнө.
15.6.Ажил олгогчид үзүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлтийн нийт хэмжээ нь ажил олгогчийн тухайн жилд төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.
15.7.Ажил олгогчид хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, хяналт тавих журмыг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛИЙН САН
16 дугаар зүйл.Мэдээллийн сангийн бүрдүүлэлт
16.1.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын мэдээллийн сан /цаашид “мэдээллийн сан” гэх/ нь ажил олгогчийн шимтгэл төлөлт, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоо, мэдээлэл, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн болон эрсдэлийн үнэлгээ, ажил олгогчид үзүүлсэн хөнгөлөлт, чөлөөлөлт, даатгуулагчид олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөр болон холбогдох бусад мэдээллийг агуулсан байна.
16.2.Мэдээллийн сан нь нийгмийн даатгалын мэдээллийн сангийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд даатгалын сангийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ, тооцоолол хийх, шимтгэлийн хувь хэмжээ тогтоох нөхцөлийг бүрдүүлсэн байна.
16.3.Мэдээллийн санг дараах байгууллага бүрдүүлнэ:
16.3.1.ажил олгогчийн шимтгэл төлөлтийн мэдээллийг татварын алба;
16.3.2.даатгалын сангаас даатгуулагчид олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөр болон ажил олгогчид үзүүлсэн хөнгөлөлт, чөлөөлөлт, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоо, холбогдох бусад мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага;
16.3.3.үйлдвэрлэлийн ослын тоо, шалтгаан, нөхцөл, холбогдох бусад мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллага;
16.3.4.ажил олгогчийн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, эрсдэлийн үнэлгээний мэдээллийг уг үнэлгээг хийж буй эрх бүхий байгууллага болон ажил олгогч.
16.4.Мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хянах, хадгалах, хамгаалах журмыг нийгмийн даатгалын болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
17 дугаар зүйл.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон бусад харилцааг зохицуулах
17.1.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна.
18 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
18.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
18.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
19 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
19.1.Энэ хуулийг 20. . . оны … дугаар сарын ..-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Танилцуулга
(Танилцуулга.pdf)
Дагасан хуулиуд
(Дагасан 3 хууль.pdf)
Тандан судалсан судалгааны тайлан
(Тандан судалсан судалгааны тайлан .docx)
Үр нөлөөг үнэлсэн тайлан
(Үр нөлөөний үнэлгээ.docx)
Санал дүгнэлт /Хэлэлцэх эсэх /
(4.1.НДСОҮОМШӨТТТ-хэлэлцэх-эсэх-СД.pdf)
Санал дүгнэлт /Анхны хэлэлцүүлэгт/
(4.2.НДСОҮОМШӨТТТтХ-анхны-хэлэлцүүлэг-СД.pdf)
Эцсийн хэлэлцүүлэгт /Танилцуулга/
(4.3.НДСОҮОМШӨТТТтХ-эцсийн-хэлэлцүүлэг-танилцуулга.pdf)
Анхны хэлэлцүүлэгт /Зарчмын зөрүүтэй саналын томьёолол/
(ҮОМШ-ЗЗСТ.pdf)