Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 6-Р САРЫН 16 ӨДӨР
УЛААНБААТАР

Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт кадастр эрхлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлКадастрын тухай хууль тогтоомж
2.1Кадастрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын ерөнхий хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1“кадастрын зураг” гэж нэгж талбар, түүний гадаргуугийн дээрх болон доорх үл хөдлөх эд хөрөнгийн байршил (дэд нэгж талбар), хэмжээ, эзлэхүүн, хил зааг, хаяг, эрх, эрхийн хязгаарлалт, эрх бүхий хүн, хуулийн этгээдийн мэдээлэл бүхий баталгаажсан зургийг
3.1.2“нэгж талбар” гэж тодорхой байршил, хил зааг бүхий дахин давтагдашгүй дугаартай эрхийн кадастрын бүртгэл бүхий газрыг;
3.1.3дэд нэгж талбар” гэж тухайн нэгж талбарын дотор байрших, газар ашиглалтын төрлөөр ялгагдах, хил заагласан газрыг;
3.1.4“нэгж талбарын эргэлтийн цэг” гэж нэгж талбарыг хязгаарласан хил заагийг газарт болон кадастрын зурагт тодорхойлсон цэгийг;
3.1.5“газрын мэдээллийн систем” гэж Газрын ерөнхий хуулийн 27.2-д заасныг;
3.1.6“кадастрын мэдээллийн систем” гэж Газрын ерөнхий хуулийн 27.2.4-т заасныг;
3.1.7“газрын үнэлгээ, татвар, төлбөрийн мэдээллийн систем” гэж Газрын ерөнхий хуулийн 27.2.5-т заасныг;
3.1.8“кадастрын гурав болон дөрвөн хэмжээст бүртгэл” гэж нэгж талбар, дэд нэгж талбарын кадастрын мэдээлэл болон түүний өндөржилт, өндөр, тэдгээрийн өөрчлөлтийг цаг хугацаагаар түүхчлэн илэрхийлснийг;
3.1.9“газрын нэгдмэл сангийн тооллого” гэж газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын газрын байршил, хил зааг, тоо хэмжээг тодорхойлох цогц үйл ажиллагааг;
3.1.10“газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ” гэж зах зээлийн харилцаанд оролцогч талуудын харилцан тохиролцсон үнийг;
3.1.11”газрын ерөнхий үнэлгээ” гэж газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын газрыг үнэлгээний бүс тус бүрээр газрын чанар, чадавх, эдийн засгийн үр өгөөжийг илэрхийлсэн үзүүлэлт болон газрын зах зээлийн үнээр харьцуулан загварчилж, газрын суурь үнийг тогтоох үйл ажиллагааг;
3.1.12суурь үнэ” гэж тухайн бүс дэх нэгж талбаруудын үнэлгээний нийлбэрээс тогтоосон дундаж үнийг;
3.1.13“суурь үнийн бүс” гэж суурь үнийг баримтлах тодорхой нутаг дэвсгэрийн хил заагийг;
3.1.14”газар ашиглалтын дэглэм” гэж газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал бүрт газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу зөв зохистой ашиглах хэм хэмжээг.
4 дүгээр зүйлКадастрын үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1Кадастрын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1шинжлэх ухаан, дэвшилтэд техник технологид суурилсан байх;
4.1.2ил тод, хараат бус байх;
4.1.3мэдээлэл тасралтгүй шинэчлэгдэж байх;
4.1.4мэдээллийн системд суурилсан, нууцлал, аюулгүй байдлыг хангасан байх;
4.1.5мэдээлэл нь гурав болон дөрвөн хэмжээстээр илэрхийлэгддэг байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
КАДАСТРЫН ТӨРӨЛ
5 дугаар зүйлКадастрын төрөл
5.1Кадастр нь дараах төрөлтэй байна:
5.1.1эрхийн кадастр;
5.1.2санхүүгийн кадастр.
5.1.3нөөцийн кадастр;
5.2Кадастрын мэдээлэл нь төрийн мэдээллийн эх сурвалж байна.
6 дугаар зүйлНэгж талбар
6.1Нэгж талбар нь газар ашиглалтын зориулалтаас хамаарч дэд нэгж талбарт хуваагдаж болно. Дэд нэгж талбар нь хил заагтай байх ба түүнийг агуулж буй нэгж талбараас хамаарсан дугаартай байна.
6.2Нэгж талбарын хил зааг, тэдгээрийн эргэлтийн цэгийн байрлалыг байгалийн болон барьж байгуулсан объект, тусгай тэмдэгтийг ашиглан газар дээр нь тэмдэглэж, кадастрын зурагт буулгана.
6.3Нэгж талбар болон дэд нэгж талбар, түүнийг дугаарлах журам болон нэгж талбарын эргэлтийн цэгийн төрөл, загварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЭРХИЙН КАДАСТР
7 дугаар зүйлЭрхийн кадастр, түүнд хамаарах үзүүлэлт
7.1Газрын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлд заасан газар өмчлөх эрх, 47 дугаар зүйлд заасан газрын хязгаарлагдмал эрх, 68 дугаар зүйлд заасан газар ашиглах гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу үүссэн үл хөдлөх эд хөрөнгийн эрх, эрхийн хязгаарлалтыг кадастрын мэдээллийн системд бүртгэнэ.
7.2Эрхийн кадастр нь дараах мэдээллээс бүрдэнэ:
7.2.1нэгж талбарын дугаар;
7.2.2нэгж талбар болон дэд нэгж талбарын өндөржилт, солбицол, хил зааг;
7.2.3нэгж талбарын болон дэд нэгж талбарын талбайн хэмжээ;
7.2.4нэгж талбарын болон дэд нэгж талбарын хаяг;
7.2.5аймаг, нийслэл, сум, дүүргийн нэр;
7.2.6тухайн нэгж талбарт хамаарах газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал;
7.2.7шийдвэр гаргасан этгээдийн албан тушаал, нэр, шийдвэрийн дугаар, огноо;
7.2.8газар ашиглалтын зориулалт;
7.2.9газар ашиглалтын дэглэм;
7.2.10газар дээрх болон доорх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх;
7.2.11эрхийн хязгаарлалт;
7.2.12газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, суурь үнэ;
7.2.13газрын төлбөр, татвар;
7.2.14үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын зориулалт;
7.2.15үл хөдлөх эд хөрөнгийн хийцийн төрөл;
7.2.16үл хөдлөх эд хөрөнгийн баригдсан огноо;
7.2.17үл хөдлөх эд хөрөнгийн давхрын тоо, өрөөний тоо;
7.2.18үл хөдлөх эд хөрөнгийн талбай, хэмжээ, өндөржилт, өндөр;
7.2.19газар өмчлөх эрх, газрын хязгаарлагдмал эрхтэй хүн, хуулийн этгээд болон газрыг гэрээгээр ашиглагчийн регистрийн дугаар, иргэний бүртгэлийн дугаар, овог нэр, оноосон нэр;
7.2.20бусад.
7.3Энэ хуулийн 7.2-т заасан мэдээллийг нэгж талбар бүрээр кадастрын мэдээллийн системд бүртгэнэ.
7.4Хуульд заасны дагуу нууцад хамаарахаас бусад эрхийн кадастрын мэдээлэл нээлттэй байна.
8 дугаар зүйлГазар ашиглалтын дэглэм
8.1Газар ашиглалтын дэглэмийг кадастрын мэдээллийн системд бүртгэнэ
8.2Газар ашиглалтын дэглэмийг Газрын ерөнхий хуульд заасны дагуу тогтоооно.
9 дүгээр зүйлЭрхийн кадастр эрхлэх
9.1Эрхийн кадастрт дараах үйл ажиллагаа хамаарна:
9.1.1шинээр газар өмчлөх болон газрын хязгаарлагдмал эрх олгох, газар ашиглах гэрээ байгуулах;
9.1.2газрын эрхийг дуудлага худалдаагаар олгох;
9.1.3газрын эрхийг төсөл сонгон шалгаруулалтаар олгох;
9.1.4дундын мэдлийн газрын эрх үүсгэх;
9.1.5сервитут тогтоох;
9.1.6газрын талбайн хэмжээг өөрчлөх;
9.1.7газар өмчлөх болон газрын хязгаарлагдмал эрхийг хэсэгчлэн шилжүүлэх;
9.1.8газрын зориулалтыг өөрчлөх;
9.1.9газар өмчлөх болон газрын хязгаарлагдмал эрхийг бусдад шилжүүлэх, нэгтгэх;
9.1.10газар өмчлөх болон газрын хязгаарлагдмал эрхийг барьцаалах;
9.1.11газар өмчлөх болон газрын хязгаарлагдмал эрхийг бусдад ашиглуулах;
9.1.12газрын эрхийн хугацааг сунгах;
9.1.13газрын эрхийг нөхөн олговортойгоор эргүүлэн авах;
9.1.14газрын эрхийг дуусгавар болгох;
9.1.15газрын эрхийг хүчингүй болгох;
9.1.16газрын эрхийг шүүхийн шийдвэрээр цуцлах, сэргээх;
9.1.17хаяг олгох, өөрчлөх
9.1.18бусад.
9.2Энэ хуулийн 9.1-д заасан кадастрийн үйл ажиллагааг гүйцэтгэхэд дараах дэс дараалал баримтална.
9.2.1хүсэлт хүлээн авах, хариу мэдэгдэх;
9.2.2суурин судалгаа хийх;
9.2.3хээрийн судалгаа хийх;
9.2.4хээрийн хэмжилтэд бэлтгэх, гүйцэтгэх, хэмжилтийн үр дүн, акт, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн кадастрын зураг үйлдэж мэдээллийн системд оруулах;
9.2.5эрх бүхий этгээдээр шийдвэр гаргуулах,
9.2.6эргэлтийн цэгийг газарт бэхлэх
9.2.7кадастрын мэдээллийн санд бүртгэх,
9.2.8нэгж талбар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах;
9.2.9эрх бүхий этгээдийн шийдвэрийг эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэх;
9.2.10гэрээ байгуулж, гэрчилгээ, кадастрын зураг, газрын хянан баталгааны дүгнэлт олгож, газрын төлбөр, татварыг ногдуулах;
9.2.11нотлох баримт, материалыг бүрдүүлж нэгж талбарын цаасан болон цахим хувийн хэрэг үүсгэх.
9.3Шинээр газар өмчлөх болон газрын хязгаарлагдмал эрх олгох, газар ашиглах гэрээ байгуулах, төрийн өмчийн газрыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтаар бусдад шилжүүлэх, дундын мэдлийн газрын эрх үүсгэхэд энэ хуулийн 9.2.1, 9.2.2, 9.2.5-9.2.11-д заасан үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
9.4Газар өмчлөх болон газрын хязгаарлагдмал эрхийг хэсэгчлэн шилжүүлэх, газрын талбайн хэмжээг өөрчлөх, сервитут тогтооход энэ хуулийн 9.2.1-9.2.11-д хамаарах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
9.5Газар өмчлөх болон газрын хязгаарлагдмал эрхийг бусдад шилжүүлэх, нэгтгэх, газрын зориулалтыг өөрчлөх, хугацаа сунгах тохиолдолд энэ хуулийн 9.2.1, 9.2.2, 9.2.5, 9.2.7, 9.2.10, 9.2.11-д хамаарах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
9.6Газар өмчлөх болон газрын хязгаарлагдмал эрхийг бусдад ашиглуулах, газрын хязгаарлагдмал эрхийн хугацаа дуусахаас өмнө газрыг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээ, нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулж нөхөн олговортойгоор эргүүлэн авах, эрхийг хүчингүй болгох, эрхийг шүүхийн шийдвэрээр цуцлах, сэргээх тохиолдолд энэ хуулийн 9.2.1, 9.2.2, 9.2.5, 9.2.7, 9.2.11-д заасан үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
9.7Улсын тусгай хамгаалалтай газар нутаг болон Чөлөөт бүсийн газар нутагт газар ашиглуулахад энэ хуулийн 9.2.1-9.2.11-т заасан үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээд гүйцэтгэнэ.
9.8Газар өмчлөх болон газрын хязгаарлагдмал эрхийг барьцаалах тохиолдолд энэ хуулийн 9.2.1, 9.2.7, 9.2.11-д хамаарах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
9.9Газрын эрхийг дуусгавар болгох тохиолдолд энэ хуулийн 9.2.2, 9.2.3, 9.2.5, 9.2.7, 9.2.11-д хамаарах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
9.10Хаяг олгох, өөрчлөх тохиолдолд энэ хуулийн 9.2.1, 9.2.7, 9.2.8-д хамаарах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
9.11Энэ хуулийн 9.3-9.10-т зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.2.1-9.2.11-д хамаарах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
9.12Газрын ерөнхий хуулийн 58, 61 дүгээр зүйлд заасны дагуу дундын мэдлийн газрын эрхийг үүсгэхэд болон мөн хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу сервитут тогтооход эрх бүхий этгээдийн хүсэлтийг үндэслэнэ.
9.13Шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх, газрын хязгаарлагдмал эрх өөрчлөгдөж байгаа бол эрх олж авч байгаа этгээд хүсэлт гаргах ба хүсэлтэд шүүхийн шийдвэрийг хавсаргана.
9.14Газар өмчлөх эрх, газрын хязгаарлагдмал эрхийг дуусгавар болгох эсвэл хүчингүй болгоход эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэнэ.
9.15Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрхийн кадастр эрхлэх нарийвчилсан журмыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.16Шинээр газар өмчилсөн тухай мэдээллийг Газрын ерөнхий хуулийн 27.6 болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9.2-т заасан дундын мэдээллийн санд сумын газар зохион байгуулагч, дүүргийн хэлтэс оруулах ба түүнийг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.
9.17Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгийн эрхэд өөрчлөлт оруулах хүсэлтийг дундын мэдээллийн санд тухай бүр илгээх ба кадастрын мэдээллийн системд өөрчлөлт хийгдэсний дараа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгоно.
10 дугаар зүйлХүсэлт хүлээн авах, хариу мэдэгдэх
10.1Хүн, хуулийн этгээд нь эрхийн кадастр хийлгэх хүсэлтээ кадастрын мэдээллийн системээр харьяа дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагчид гаргана.
10.2Хүсэлтэд хавсаргах материалыг газрын мэдээллийн системээс авах боломжтой бол хүсэлт гаргасан хүн, хуулийн этгээдээс хавсралт материал шаардахгүй байж болно.
10.3Дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч нь хүсэлтийг кадастрын мэдээллийн системд үнэн зөв, бүртгэж, хүсэлт гаргагчид цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэнэ
11 дүгээр зүйлСуурин болон хээрийн судалгаа хийх, хаягжуулах
11.1Дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч нь хүн, хуулийн этгээдийн хүсэлтийг кадастрын мэдээллийн системд бүртгэсний дараа суурин судалгааг гүйцэтгэнэ.
11.2Суурин судалгааны үе шатанд газрын эрхийг бүртгэхэд шаардлагатай мэдээллийг харьцуулан судлах, тулгах, нягтлах, үнэлэх үйл ажиллагаанд газрын мэдээллийн системийг ашиглана.
11.3Суурин судалгааны үе шатанд хүн, хуулийн этгээдийн мэдээлэл, хүсэлтэд хамаарах газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газар ашиглалтын бүсчлэлийн дүрэм, дэглэм, эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр, гэрээний хэрэгжилт, инженерийн шугам сүлжээ, ойн болон усны сан, үер, усны ам, далан, ундны усны эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын болон хязгаарлалтын бүс, татвар, төлбөртэй холбоотой мэдээллийг тулган шалгаж, холбогдох хууль тогтоомжид нийцсэн бол хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэнэ.
11.4Шинээр газрын эрхийг олгоход энэ хуулийн 11.3-т заасан үйл ажиллагаа хамаарахгүй.
11.5Хээрийн судалгааны үе шатанд хүсэлтэд дурдсан газрын хил заагийг урьдчилсан байдлаар тогтоож, суурин судалгаагаар хийгдсэн ажлыг газар дээр нь хянан шалгаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй бол аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргана.
11.6Шинээр газрын эрх үүсэж байгаа бол Хаягжуулалтын тухай хуулийн дагуу нэгж талбар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгөд хаяг олгоно.
11.7Дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч нь энэ хуулийн 11.1-11.5-д заасан ажлыг ажлын 3 хоногт, эрхийн өөрчлөлт хийх ажлыг ажлын 1 хоногт багтаан гүйцэтгэнэ.
12 дугаар зүйлГазрын эрх олгох шийдвэр гаргах, эргэлтийн цэгийг газарт бэхлэх
12.1Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 9.3-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор газар өмчлөх, газрын хязгаарлагдмал эрх олгох, газар ашиглуулах гэрээ байгуулах тухай шийдвэр гаргана.
12.2Газрын ерөнхий хуульд заасны дагуу газрын эрх олгох шийдвэрийг кадастрын мэдээллийн системд бүртгэнэ.
12.3Энэ хуулийн 6.3-д заасан журмын дагуу эргэлтийн цэгийг газарт бэхлэх ажлыг зохион байгуулна.
12.4Энэ хуулийн 12.1-д заасан шийдвэрийг үндэслэн нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, кадастрын зураг хийлгэх хүсэлтээ хүн, хуулийн этгээд газрын мэдээллийн системийг ашиглан кадастрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд илгээж болно.
12.5Кадастрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага холбогдох норм, дүрмийн дагуу нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхэлж, кадастрын зураг үйлдэж, холбогдох материалыг актын хамт газрын мэдээллийн системд илгээнэ.
13 дугаар зүйлУлсын бүртгэлд бүртгэх, гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх
13.1Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газрын эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн дундын мэдээллийн санд мэдүүлэх ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын бүртгэлд бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн дугаар олгон, дугаарыг дундын мэдээллийн санд автоматаар илгээнэ.
13.2Дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч нь газрын мэдээллийн систем дэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаарыг газрын эрхийн гэрчилгээ, газар ашиглах гэрээнд тэмдэглэж, Кадастрын мэдээллийн системд бүртгэж, цаасан болон цахим хувийн хэрэг үүсгэн баталгаажуулна.
13.3Хүн, хуулийн этгээд нь эрх үүссэн газрынхаа мэдээлэл, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газрын хянан баталгааны дүгнэлтийг газрын мэдээллийн системээс хэвлэн авна.
13.4Газрын эрх үүссэн нэгж талбар бүрт нэгж талбарын хувийн хэрэг нээнэ.
13.5Газрын хязгаарлагдмал эрхийн гэрчилгээний загвар, төрөл болон нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагааг энэ хуулийн 9.15-д заасан журмаар зохицуулна.
14 дүгээр зүйлКадастрын зураг
14.1Кадастрын зургийг геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон кадастрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд хийнэ.
14.2Кадастрын зургийг Геодези, зураг зүйн тухай хуульд заасан эрх бүхий этгээдийн баталсан солбицол, өндрийн нэгдсэн тогтолцоонд хийнэ.
14.3Кадастрын зураг нь энэ хуулийн 3.1.1-т заасан агуулгатай байх ба нэгж талбар, дэд нэгж талбар, эргэлтийн цэгүүдийн солбицол, өндөр, тэдгээрийн хоорондох зай, талбай, хил зааг, хаяг, эрхийн төрөл, эрхийн хязгаарлалт, түүний хил хязгаар, газар өмчлөгч болон газрын хязгаарлагдмал эрхтэй иргэн, хуулийн этгээд, гэрээгээр газар ашиглагчийн мэдээлэл, харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, нэгж талбарын дугаар, зургийн масштаб, огноо болон кадастрын зургийг үйлдсэн хуулийн этгээд, түүнийг баталгаажуулж бүртгэсэн албан тушаалтны нэрийг тусгасан байна.
14.4.Шаардлагатай тохиолдолд түүхчилсэн мэдээлэл, төлөвлөлт, газар ашиглалтын стандарт, газрын үнэ, төлбөр, татвар, төлөв байдал, чанартай холбоотой мэдээллийг харуулж болно.
14.5Кадастрын зураг хийх аргачлалыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15 дугаар зүйлГурав болон дөрвөн хэмжээст кадастрын бүртгэл
15.1Энэ хуулийн 7.2.10-д заасан эрхийг гурав болон дөрвөн хэмжээст кадастрын мэдээллийн системд бүртгэнэ.
15.2Энэ хуулийн 15.1-д заасан бүртгэлийн нэгж нь дэд нэгж талбар байна.
15.3Дэд нэгж талбарын эргэлтийн цэг, хил зааг нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан талбайгаар тодорхойлогдоно.
15.4Гурав болон дөрвөн хэмжээстээр кадастрын мэдээллийн системд өндрийн загвар агаар, сансрын зураг, өндрийн загварчлал, нэгж талбарын мэдээлэл, барилга байгууламжийн зураг төслийг үндэслэн бүртгэнэ
15.5Гурав болон дөрвөн хэмжээст кадастрын бүртгэл хийх аргачлалыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
16 дугаар зүйлЗуучлуулан бүртгүүлэх
16.1Энэ хуулийн 9.1.1, 9.1.6-9.1.12, 9.1.14-д заасан эрх, түүнтэй холбоотой өөрчлөлтийг иргэний эзэмшиж буй кадастрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл дээр үндэслэж хуулийн этгээдээр төлөөлүүлэн хийлгэж болно.
16.2Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын мэргэжлийн байгууллага зуучлах үйл ажиллагааны хүсэлтээ цахимаар газрын мэдээллийн системд гаргана.
16.3Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын мэргэжлийн байгууллага газрын мэдээллийн системд хандах сургалтанд хамрагдаж, үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хаяг, эрх, түүний өөрчлөлт, зөрчил, маргаан, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, татвар, төлбөр болон газрын мэдээллийн системийн бусад мэдээллийн санд хандах эрхтэй байна.
16.4Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын мэргэжлийн байгууллага гэрээний үндсэн дээр газрын мэдээллийн системд хандах эрхээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас авна.
16.5Кадастрын мэдээллийн системд хандах эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын мэргэжлийн байгууллага зуучилсан газар, үл хөдлөх эд хөрөнгийнхөө үнийн мэдээллийг газрын мэдээллийн системд оруулах үүргийг хүлээнэ.
16.6Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын мэргэжлийн байгууллага газрын мэдээллийн системийг хуульд заасны дагуу зөвхөн албаны хэрэгцээнд ашиглах ба бусдад задруулахыг хориглоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН КАДАСТР
17 дугаар зүйлСанхүүгийн кадастр, түүнд хамаарах үзүүлэлт
17.1Санхүүгийн кадастр нь газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, суурь үнэ, үнэлгээний бүс, төлбөр, татвар болон үнэд нөлөөлөгч хүчин зүйлийн талаарх мэдээллээс бүрдэнэ.
17.2Энэ хуулийн 17.1-д заасан мэдээллийг нэгж талбар бүрээр газрын үнэлгээ, татвар, төлбөрийн мэдээллийн системд бүртгэнэ.
18 дугаар зүйлГазрын үнэлгээний зүйл, төрөл, аргачлал
18.1Газрын үнэлгээний зүйл нь газар, үл хөдлөх эд хөрөнгө байна.
18.2Газрын үнэлгээ нь дараах төрөлтэй байна:
18.2.1ерөнхий үнэлгээ;
18.2.2нэг бүрчилсэн үнэлгээ.
18.3Ерөнхий үнэлгээг газрын суурь үнэ тогтооход болон энэ хуулийн 19.3-т заасан тохиолдолд хийнэ.
18.4Энэ хуулийн 18.3-т зааснаас бусад тохиолдолд нэг бүрчилсэн үнэлгээг хийнэ.
18.5Нэг бүрчилсэн үнэлгээг газрын төлөв байдал, чанар, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон энэ хуулийн 18.6-д заасан аргачлалын дагуу хийнэ.
18.6Газрын нэг бүрчилсэн үнэлгээ хийх аргачлалыг газрын асуудал эрхэлсэн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
18.7Ерөнхий үнэлгээ хийх аргачлалыг Засгийн газар батална.
19 дүгээр зүйлЕрөнхий үнэлгээ
19.1Ерөнхий үнэлгээгээр газар ашиглалтын бүсчлэл бүрээр газрын төлөв байдал, чанар, чадавх, эдийн засгийн үр өгөөжийг илэрхийлсэн үзүүлэлт, газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг харьцуулан загварчилж, газрын суурь үнэ, бүсийг тодорхойлно.
19.2Ерөнхий үнэлгээг Газрын ерөнхий хуулийн 27.2-д заасан газрын мэдээллийн системийн мэдээлэлд үндэслэн ерөнхий үнэлгээ хийх ажлыг хот, тосгон, бусад суурин газарт 3 жил тутамд, бусад ангиллын газарт 5 жил тутамд хийнэ.
19.3Шинээр хот суурин газар үүсэх, тэлэх, дахин төлөвлөлт хийх зэрэг тохиолдолд ерөнхий үнэлгээ хийж болно. Ерөнхий үнэлгээг энэ хуулийн 18.7-д заасан аргачлалаар хийнэ.
19.4Ерөнхий үнэлгээ хийх ажиллагааг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах дарааллын дагуу зохион байгуулна:
19.4.1ерөнхий үнэлгээгээр тогтоосон газрын суурь үнэ, бүсийн хил заагийг урьдчилсан байдлаар боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, иргэд, олон нийтэд мэдээлэх;
19.4.2газрын суурь үнэ, бүсийн хил заагийг энэ хуулийн 19.2-т заасан хугацаанд Засгийн газарт хүргүүлж, батлуулах;
19.4.3газрын суурь үнэ, бүсийн хил заагийг Кадастрын мэдээллийн системд бүртгэж, нийтэд мэдээлэх.
19.5.Ерөнхий үнэлгээг кадастрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хувь хүн, хуулийн этгээд хийж болно.
20 дугаар зүйлГазрын үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээлэл
20.1Газрын үнэлгээнд газрын төлөв байдал, чанар, чадавх, эдийн засгийн үр өгөөжийг илэрхийлсэн дараах мэдээллийг ашиглана.
20.1.1эрхийн болон нөөцийн кадастрын мэдээлэл;
20.1.2байр зүйн зураг;
20.1.3агаарын ортофото болон сансрын зураг;
20.1.4газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгийн мэдээлэл;
20.1.5газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үр дүн;
20.1.6газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэл;
20.1.7нийгэм, эдийн засаг, байгаль орчин, дэд бүтэц, инженерийн хангамжийн мэдээлэл;
20.1.8газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ;
20.1.9ойн мужлал, усны ай сав газрын хил зааг болон ой, усны экологи-эдийн засгийн үнэлгээний мэдээлэл;
20.1.10газар дээрх болон доорх барилга, байгууламжийн талаарх мэдээлэл;
20.1.11газарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тусгасан техник эдийн засгийн үзүүлэлтийн тайлан, мэдээлэл;
20.1.12газрын суурь үнэлгээ, түүний бүс;
20.1.13бусад.
20.2Энэ хуулийн 20.1.1-20.1.9-д заасан мэдээллийг газрын мэдээллийн системийн мэдээллийг үндэслэн бүрдүүлнэ.
20.3Хөрсний үржил шимийг бүрдүүлэгч гол үзүүлэлтүүд, газарзүй болон байгаль цаг уурын онцлог, тогтоц, таримал, ургамлын гарал үүсэл, төрөл, газрын чадавх зэрэг мэдээллийг тухайн оны газрын хянан баталгааны мэдээг үндэслэн бүрдүүлнэ.
20.4Ой, усны сан бүхий газар, зам, шугам сүлжээний газар, улсын тусгай хэрэгцээний газрын үнэлгээ хийхтэй холбоотой мэдээллийг холбогдох төрийн захиргааны байгууллага нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
20.5Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийг ашиглахдаа энэ хуулийн 19.2-т заасан хугацаанд хамаарах мэдээллийг баримтлана.
21 дүгээр зүйлГазар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ
21.1Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийг цуглуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллэх ажлыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
21.2Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээний эх үүсвэр нь эд хөрөнгийн эрхийн услын бүртгэлийн мэдээллийн сан, нотариатын мэдээллийн сан болон газрын биржийн мэдээллийн сан байх ба дундын мэдээллийн сан байгуулах замаар цахимаар тухай бүр үнэлгээ, татвар, төлбөрийн мэдээллийн системд бүртгэнэ.
21.3Газрын зах зээлийн үнийг нэгж талбар бүрээр гаргаж газрын мэдээллийн систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
21.4Энэ хуулийн 21.3-д заасан бүртгэлийг тухайн нэгж талбарын газрын суурь үнэ болон энэ хуулийн 21.2-т заасан мэдээллийн санд байгаа үнийн аль өндөр үнээр хийнэ.
21.5Газрын бирж нь энэ хуулийн 21.4-т заасан газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн мэдээг жилд хоёр удаа хагас, бүтэн жилээр нийтэд мэдээлнэ.
21.6Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн мэдээнд газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ, түүний өөрчлөлт, зах зээлийн нийт багтаамж, түүний ДНБ-нд эзлэх хувийн жин, нөлөөлж буй голлох хүчин зүйл, эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар тусгана.
21.7Газрын мэдээллийн системээс газар, үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг нэгж талбар бүрээр товхимол байдлаар гаргана.
21.8Энэ хуулийн 21.5-д заасан товхимол нь тухайн нэгж талбарын эрх, эрхийн хязгаарлалт, түүний өөрчлөлт, үнэ, үнийн өөрчлөлт, газрын шинж чанар, төлөв байдал, төлөвлөлт, инженерийн дэд бүтэц, нийгмийн дэд бүтэц зэрэг эрхийн, санхүүгийн, нөөцийн кадастрын олон талын мэдээллийг агуулна.
21.9Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн мэдээ болон мэдээллийн товхимлыг бэлтгэх, нийтэд гаргах үйл ажиллагааны журмыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
21.10Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээлэл нийтэд нээлттэй байна.
22 дугаар зүйлГазар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын бүртгэл
22.1Газар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын бүртгэлийг өмчлөгч тус бүрээр энэ хуулийн 17.2-т заасан мэдээллийн санд дараах үзүүлэлтээр бүртгэнэ:
22.1.1төлөх татварын хэмжээ;
22.1.2төлсөн татварын хэмжээ;
22.1.3хөнгөлсөн татварын хэмжээ;
22.1.4чөлөөлсөн татварын хэмжээ;
22.1.5илүү төлсөн татварын хэмжээ;
22.1.6дутуу төлсөн татварын хэмжээ;
22.1.7алданги;
22.1.8торгуулийн хэмжээ.
22.2Газар, үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулалтыг сумын газар зохион байгуулагч, дүүргийн хэлтэс газар өмчлөх эрх шинээр үүсэх, түүнд өөрчлөлт орох тухай бүр татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
22.3Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газар, үл хөдлөх эд хөрөнгийн татвар хураалтыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухай бүр ирүүлнэ.
22.4Энэ хуулийн 22.2, 22.3-т заасан үйл ажиллагааг Газрын ерөнхий хуулийн 27.6-д заасан дундын мэдээллийн сангаар зохион байгуулна.
22.5Газар, үл хөдлөх эд хөрөнгийн татвар, төлбөр ногдуулах, хураах, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг газар болон татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран батална.
23 дугаар зүйлГазрын төлбөрийн бүртгэл
23.1Газрын төлбөрийн бүртгэлийг газрын хязгаарлагдмал эрхтэй хүн, хуулийн этгээд, гэрээгээр газар ашиглагч тус бүрээр газрын үнэлгээ, татвар, төлбөрийн мэдээллийн системд дараах дараах үзүүлэлтээр нэмж бүртгэнэ:
23.1.1төлөх төлбөрийн хэмжээ;
23.1.2төлсөн төлбөрийн хэмжээ;
23.1.3хөнгөлсөн төлбөрийн хэмжээ;
23.1.4чөлөөлсөн төлбөрийн хэмжээ;
23.1.5илүү төлсөн төлбөрийн хэмжээ;
23.1.6дутуу төлсөн төлбөрийн хэмжээ;
23.1.7алданги;
23.1.8торгуулийн хэмжээ.
23.2Газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн 8.1-д заасны дагуу дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч газрын мэдээллийн системээр ногдуулж, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх ба түүний төлөлтийн мэдээг татварын асуудал эрхэлсэн төрийн байгууллага тухай бүр ирүүлнэ.
23.3Энэ хуулийн 23.2-т заасан үйл ажиллагааг Газрын ерөнхий хуулийн 27.6-д заасан дундын мэдээллийн сангаар зохион байгуулна.
23.4Энэ хуулийн 23.2-т заасан газрын төлбөрийн төлөлтийг үндэслэн дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч газрын эрхийн гэрээг дүгнэнэ.
23.5Газрын төлбөр ногдуулах, хураах, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 22.5-т заасан журмын дагуу зохицуулна.
ТАВДУГААР БҮЛЭГ
НӨӨЦИЙН КАДАСТР
24 дүгээр зүйлНөөцийн кадастр
24.1Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол улсын нийт нутаг дэвсгэрийг нөөцийн кадастрт хамруулах ажлыг зохион байгуулна.
24.2Нөөцийн кадастр нь газрын нэгдмэл сангийн тооллого болон газрын төлөв байдал, чанар, чадавхийн мэдээллээс бүрдэнэ.
24.3Энэ хуулийн 24.2-т заасан газрын нэгдмэл сангийн тооллогын мэдээллийг нэгж талбар дээр үндэслэн кадастрын мэдээллийн системд бүртгэнэ.
24.4Энэ хуулийн 24.2-т заасан газрын төлөв байдал, чанар, чадавхийн мэдээллийг хянан баталгааны нэгж талбар дээр үндэслэн Газрын ерөнхий хуулийн 27.2.6-т заасан газрын төлөв байдал, чанарын мониторингийн мэдээллийн системд бүртгэнэ.
25 дугаар зүйлГазрын нэгдмэл сангийн тооллого, түүнд хамаарах үзүүлэлт
25.1Газрын нэгдмэл сангийн тооллого нь Газрын ерөнхий хуулийн 2 дугаар бүлэгт заасан үндсэн болон дэд ангилалд хамаарч байгаа газрын нэгдмэл сангийн зураг, түүн дээр үндэслэсэн бүртгэлээс бүрдэнэ.
25.2Газрын нэгдмэл сангийн бүртгэлийг дараах үзүүлэлтээр хөтөлнө:
25.2.1нэгж талбарын дугаар;
25.2.2аймаг, нийслэл, сум, дүүргийн нэр;
25.2.3газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал;
25.2.4газрын нэгдмэл сангийн дэд ангилал;
25.2.5газар ашиглалтын зориулалт;
25.2.6талбайн хэмжээ.
26 дугаар зүйлГазрын нэгдмэл сангийн мэдээллийн санг хөтлөх
26.1Газрын нэгдмэл сангийн тооллогоор үндсэн болон дэд ангиллын зураг үйлдэж, тэдгээрийн байршил, талбайн хэмжээг тодорхойлж, газрын нэгдмэл сангийн мэдээллийн санг бүрдүүлнэ.
26.2Газрын нэгдмэл сангийн мэдээллийн санг газрын эрхээс үл хамааран засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрээр газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэд ангиллын дагуу хөтөлнө.
26.3Газрын нэгдмэл санд гарч буй өөрчлөлтийг газрын мэдээллийн системд бүртгэж, баталгаажуулна.
26.4Газрын нэгдмэл сангийн тооллогыг 5 жил тутамд хийнэ.
26.5Нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийн тооллогыг тухайн шатны Засаг даргын болон газрын хязгаарлагдмал эрхтэй хүн, хуулийн этгээд, гэрээгээр газар ашиглагчийн захиалгаар хугацаа харгалзахгүйгээр хийж болно.
27 дугаар зүйлГазрын нэгдмэл сангийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах
27.1Газрын нэгдмэл сангийн мэдээллийн санд дараах тохиолдолд өөрчлөлт оруулна:
27.1.1энэ хуулийн 26.4-т заасан тооллогын үр дүнгээр;
27.1.2газрын нэгдмэл сангийн үндсэн, дэд ангиллыг энэ хууль болон Газрын ерөнхий хуулийн дагуу өөрчлөх шийдвэр гарсан;
27.1.3газрын хязгаарлагдмал эрхтэй хүн, хуулийн этгээд, гэрээгээр газар ашиглагчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу газрыг ашиглах зориулалтыг өөрчлөх асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэсэн.
27.2Газрын нэгдмэл сангийн мэдээллийн санг хөтлөх журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батална.
28 дугаар зүйлГазрын нэгдмэл сангийн ангилалд өөрчлөлт оруулах
28.1Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал шилжүүлэх тухай шийдвэрийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар гаргана.
28.2Газрын нэгдмэл сангийн дэд ангилал шилжүүлэх тухай шийдвэрийг газар зохион байгуулалтын ерөнхий болон жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргана.
29 дүгээр зүйлХот, тосгон бусад суурин газрын хилийн заагийг өөрчлөхөд газрын ангилал шилжүүлэх
29.1Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хот, тосгон бусад суурины эдэлбэр газрын хилийн заагийг шинээр тогтоох, өөрчлөх саналыг тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хамт газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
29.2Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага саналыг судлан үзээд дүгнэлт гаргаж, уг асуудлыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уламжлуулан Засгийн газарт хүргүүлнэ. Дүгнэлтэд хот, тосгон бусад суурин газрын хилийн заагийг шинээр тогтоох, өөрчлөх үндэслэл, шаардлагыг дэлгэрэнгүй тусгаж, хилийн заагийг харуулсан зураг, шилжүүлэх үндсэн болон дэлгэрэнгүй ангиллын газрын хэмжээг тодорхойлж хавсаргана.
29.3Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Засгийн газрын шийдвэрийг үндэслэн шинээр тогтоосон буюу өөрчилсөн хилийн заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, эргэлтийн цэгүүдийн солбицлыг тодорхойлон аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага, дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагчид актаар хүлээлгэн өгнө.
29.4Нэг ангиллаас нөгөө ангилалд шилжүүлж байгаа газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэлгэрэнгүй ангиллын талбайн хэмжээг үндэслэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Газрын нэгдмэл сангийн мэдээллийн санд өөрчлөлт оруулна.
30 дугаар зүйлГазрын төлөв байдал, чанар, чадавхийн бүртгэл, хамаарах үзүүлэлт
30.1Газрын төлөв байдал, чанар, чадавхийн бүртгэл, хамаарах үзүүлэлт
30.1.1газрын гадаргуу (өндөржилт, налуужилт, зүг зовхис);
30.1.2хөрс;
30.1.3ургамал;
30.1.4ой;
30.1.5гадаргын болон гүний ус;
30.1.6гадаргын болон гүний ус;
30.1.7байгаль, цаг уурын муж;
30.1.8газар хөдлөлт.
30.2Энэ хуулийн 30.1.1-30.1.8-т заасан мэдээллийг Газрын ерөнхий хуулийн 27.2.1-т заасан эрдэс баялаг, нөөцийн мэдээллээс бусад мэдээллийн системийг үндэслэн бүрдүүлнэ.
30.3Энэ хуулийн 30.1-д заасан улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн мэдээллийг холбогдох эрх бүхий этгээд газрын мэдээллийн системд тухай бүр хүргүүлэх үүрэг хүлээнэ.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
31 дүгээр зүйлТөр болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын түншлэл
31.1Кадастрыг улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, дүүрэгт газрын хэлтэс, суманд газар зохион байгуулагч тус тус эрхэлнэ.
31.2Газрын харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн төрийн бус байгууллага нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр энэ хуулийн 31.3-д заасан үйл ажиллагааг төрийн нэрийн өмнөөс эрхэлж болно.
31.3Энэ хуулийн 31.2-д заасан төрийн бус байгууллага нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
31.3.1энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, чадавхижуулах, Кадастрын мэдээллийн системийн мэдээллийг ашиглах ёс зүйн болон мэдээллийн системд хандах сургалт зохион байгуулах;
31.3.2энэ хуульд заасан тусгай зөвшөөрлийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас авсан шалгалтын дүнг үндэслэн олгох, цуцлах;
31.3.3хүний нөөцийн мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх;
31.3.4эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, бодлогын санал, зөвлөмж өгөх.
31.4Энэ хуулийн 31.2-д заасан төрийн бус байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.
31.4.1дүрэмтэй байх, өөрийн гэсэн байр, тоног төхөөрөмжтэй байх;
31.4.2үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байх;
31.4.3аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрт гишүүнчлэлтэй байх;
31.4.4тэргүүнээ гишүүдийн саналаар таван жилд нэг удаа томилдог байх;
31.4.5гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үндсэн зорилготой байх;
31.4.6дотоод ардчилалтай байх.
31.5Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, дүүргийн хэлтсийн мэргэжилтэн, сумын газар зохион байгуулагч нь 31.3.1-д заасан сургалтанд хамрагдсан байх үүрэгтэй.
31.6Кадастрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь энэ хуулийн 9.2.2-9.2.3-т заасан үйл ажиллагааг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэж болно.
31.7Кадастрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь энэ хуулийн 9.2.2-9.2.3-т заасан үйл ажиллагааг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэж болно.
31.8Кадастрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь мэргэжлийн туршлага бүхий боловсон хүчин, кадастрын хэмжилт, боловсруулалт хийх багаж, тоног төхөөрөмж, програм хангамжаар бүрэн хангагдсан байна.
31.9Кадастрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь кадастрын мэдээллийн системд хандах эрхтэй байна.
31.10Кадастрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдийн эрхийг кадастрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл дээр үндэслэж олгох ба эрх олгох асуудлыг хүсэлт хүлээж авснаас хойш 20 хоногт шийдвэрлэнэ.
31.11Кадастрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдийн эрхийг кадастрын муж, тойрог бүрт олгоно.
31.12Кадастрын муж, тойрогт кадастрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хуулийн этгээдийн тоог хүн амын болон нэгж талбарын тоог харгалзан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.
32 дугаар зүйлКадастрын мэдээллийн сангийн мэдээлэл бүртгэгчийн хариуцлагын даатгал
32.1Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч Кадастрын мэдээллийн системд бүртгэлийн алдаа гарган газрын эрхтэй хүн, хуулийн этгээд хохирсон нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хариуцлагын даатгалд даатгуулж болно.
32.2Хариуцлагын даатгалын хураамжийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон мэдээлэл бүртгэсэн албан хаагч тэнцүү дүнгээр төлнө.
33 дугаар зүйлКадастрын хяналт шалгалт болон магадлан хэмжилт
33.1Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч болон газрын кадастрыг хийх эрхлэх нөхцөл шаардлагыг хангасан хуулийн этгээдийн гүйцэтгэсэн кадастрын хэмжилтийн ажилд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага магадлан хэмжилт хийнэ.
33.2Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага кадастр эрхлэхтэй холбоотой хяналт шалгалтыг жилд нэг удаа хийнэ.
34 дүгээр зүйлКадастрын үйл ажиллагаанд хориглох зүйл
34.1Кадастрын талаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
34.1.1газар өмчлөгч, газрын хязгаарлагдмэл эрхтэй иргэн, хуулийн этгээд болон гэрээгээр газар ашиглагч нь газартаа геодезийн цэг, тэмдэгт болон нэгж талбарын хил заагийн эргэлтийн цэгийн тэмдэглээсийг гэмтээх, устгах, зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлэх;
34.1.2аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, дүүргийн хэлтэс, газар зохион байгуулагч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Кадастрын мэдээллийн системийн өгөгдөл, мэдээллийг засварлах, бусдад дамжуулах;
34.1.3газар дээр нь хэмжилт хийлгүйгээр Кадастрын мэдээллийн системд өөрчлөлт оруулах;
34.1.4өргөдөл, хүсэлтийг хүлээж авахгүй, шийдвэрлэхгүй байх;
34.1.5Нэгж талбарын хувийн хэргийн мэдээллийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр иргэн, хуулийн этгээдэд өгөх;
34.1.6газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас холбогдох ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаанаас бусад лавлагааг авалгүйгээр газрын эрх, газар ашиглахтай холбоотой шийдвэр гаргах, нэгж талбарт өөрчлөлт оруулах, газрын эрхийг шилжүүлэх.
35 дугаар зүйлМаргааныг хянан шийдвэрлэх
35.1Кадастртай холбогдсон маргааныг Газрын ерөнхий хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
36 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
36.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
36.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
37 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
37.1Энэ хуулийг 2022…. оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Албан бичиг
(Албан бичиг.pdf)