Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 5-Р САРЫН 11 ӨДӨР
УЛААНБААТАР

ХОТ, СУУРИН ГАЗРЫН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь хот, суурин газрын ногоон байгууламжийг төлөвлөх, байгуулах, хамгаалах, арчлах, нөхөн сэргээх, ашиглах, санхүүжүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2Энэ хууль нь хүний эрүүл, аюулгүй, таатай орчныг бүрдүүлэх, орчны бохирдлыг бууруулах, хотын экологийн тэнцвэр, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон тогтвортой хөгжлийг хангахад чиглэнэ.
2 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
2.1Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хот, суурин газрын ногоон орчин, хотын ой, ногоон дэд бүтэцтэй холбогдсон дараах харилцаанд үйлчилнэ:
2.1.1нийтийн болон хувийн эзэмшлийн ногоон байгууламж;
2.1.2авто зам, төмөр зам, инженерийн болон шугаман дэд бүтцийн зурвас дахь ногоон байгууламж;
2.1.3мод үржүүлэг, моджуулалт, зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлт;
2.1.4ногоон байгууламжийн кадастр, мониторинг, хяналт, санхүүжилт.
2.2Энэ хуулийг Газрын тухай, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжтой уялдуулан хэрэгжүүлнэ.
2.3Хот, суурин газрын хөгжлийн төлөвлөлт, газар ашиглалт, барилга байгууламж, дэд бүтцийн төсөл, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд энэ хуульд заасан ногоон байгууламжийн шаардлага, стандартыг мөрдөнө.
3 дугаар зүйлНэр томьёоны тодорхойлолт
3.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1“ногоон орчин” гэж агаар, хөрс, ус, экологийн тэнцвэрийг хамгаалах, тоосжилт, дуу чимээ, бохирдлыг бууруулах зориулалттай ногоон байгууламж бүхий орчныг;
3.1.2“ногоон байгууламж” гэж хот, суурин газрын орчны чанар, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг хангах зориулалт бүхий мод, бут, сөөг, зүлэг, цэцэг, усан болон бусад байгалийн элементээс бүрдсэн нийтийн болон хувийн эзэмшлийн тохижуулсан орчныг;
3.1.3“ногоон дэд бүтэц” гэж экологийн тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох зориулалт бүхий ногоон дээвэр, босоо ногоон байгууламж, ус нэвтрүүлэх гадаргуу, борооны ус шингээх байгууламж болон байгальд түшиглэсэн инженерийн шийдлийг;
3.1.4“хотын ой” гэж хот, суурин газрын экологийн хамгаалах, орчны чанарыг сайжруулах, иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх зориулалт бүхий ой, хамгаалалтын ойн зурвасыг;
3.1.5“моджуулалт” гэж мод, бут, сөөг тарих, ургуулах, нөхөн тарих, хамгаалах, арчлах үйл ажиллагааг;
3.1.6“зүлэгжүүлэлт” гэж ургамлан бүрхэвч бий болгох, хөрс хамгаалах, орчны тохижилтыг сайжруулах үйл ажиллагааг;
3.1.7.“байгальд түшиглэсэн шийдэл” гэж экосистемийн зарчимд тулгуурлан орчны эрсдэл, бохирдол, уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг;
3.1.8''ногоон байгууламжийн кадастр” гэж ногоон байгууламжийн байршил, хил зааг, талбай, нэгж талбарын дугаар, төрөл, хэмжээ, төлөв байдал, эзэмшил, ашиглалтын мэдээллийн цахим системийг;
3.1.9арчилгаа” гэж ногоон байгууламж дахь мод, бут, сөөг, зүлэгний ургах, амьдрах чадварыг хангах зорилгоор услах, бордох, танах, тайрах, хэлбэржүүлэх, хамгаалах, нөхөн тарих үйл ажиллагааг;
3.1.10“нөхөн сэргээлт” гэж доройтсон, устсан, гэмтсэн ногоон байгууламжийг сэргээх үйл ажиллагааг.
4 дүгээр зүйлТөрөөс баримтлах зарчим, бодлогын чиглэл
4.1Энэ хуулийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
4.1.1ногоон байгууламжийн тогтвортой байдлыг хангах;
4.1.2ногоон байгууламжийн алдагдлыг бууруулах, сэргээх;
4.1.3хот төлөвлөлт, газар ашиглалт, барилга байгууламжийг ногоон дэд бүтэцтэй уялдуулах;
4.1.4шинжлэх ухаанд суурилсан, байгальд ээлтэй шийдвэр гаргах;
4.1.5хүн, хуулийн этгээдийн оролцоог хангаж, хамтын хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх;
4.1.6ногоон байгууламжийн ил тод, хүртээмжтэй сайн засаглалыг төлөвшүүлэх;
4.1.7мод тарих, арчлах үйл ажиллагааг дэмжих, хөнгөвчлөх.
4.2Төрөөс ногоон байгууламжийг дэмжих талаар дараах бодлогын дараах чиглэлийг баримтална:
4.2.1хот, суурин газрын ногоон бүрхэвчийг үе шаттай нэмэгдүүлэх;
4.2.2иргэдийн ногоон байгууламжийн хүртээмжийг сайжруулах;
4.2.3хотын ой, ногоон орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах;
4.2.4уур амьсгалд дасан зохицсон ногоон дэд бүтцийг хөгжүүлэх;
4.2.5мод үржүүлэг, арчилгаа, мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих;
4.2.6ногоон технологи, инноваци, байгальд түшиглэсэн шийдлийг нэвтрүүлэх;
4.2.7иргэн, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны оролцоог дэмжих;
4.2.8ногоон байгууламжийн санхүүжилт, эдийн засгийн урамшууллын тогтолцоог бүрдүүлэх;
4.2.9усалгааны дэвшилтэт болон ус дахин ашиглах технологийг нэвтрүүлэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТӨЛӨВЛӨЛТ
5 дугаар зүйлНогоон байгууламжийн төрөл, ангилал
5.1Ногоон байгууламж нь дараах төрөлтэй байна:
5.1.1нийтийн эзэмшлийн;
5.1.2байгууллага, орон сууцны хэрэгцээний;
5.1.3тусгай зориулалтын;
5.1.4хотын ой.
5.2Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид парк, цэцэрлэгт хүрээлэн, бичил цэцэрлэг, төгөл, гэр хорооллын гудамж, талбай, сул шороон болон эвдэрсэн газрын тоосжилтыг бууруулах зориулалттай ургамалжилт, зүлэгжүүлэлт, хамгаалалтын ногоон зурвас хамаарна.
5.3Хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламжид сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон нийтийн үйлчилгээний байгууллага, албан газар, үйлдвэрийн бүс ногоон байгууламж хамаарна.
5.4Тусгай зориулалтын ногоон байгууламжид авто зам, төмөр зам, инженерийн дэд бүтцийн хамгаалалтын зурвас, ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, оршуулгын газрын ногоон байгууламж хамаарна.
5.5Энэ хуульд заасан ногоон байгууламжийг байгуулах, төлөвлөхөд тавигдах шаардлагыг стандартаар зохицуулна.
5.6Аж ахуйн нэгж, байгууллага бүр барилгын нормоор тооцсон ногоон байгууламжтай байх бөгөөд түүнийг арчлах, хамгаалах, нөхөн тарих арга хэмжээний зардлыг жил бүрийн төсөв төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.
5.7Ногоон байгууламжийн зориулалт, төрөл, талбайн хэмжээг аймаг, нийслэлийн ногоон байгууламж хариуцсан газар хэлтэс жил бүр тоолж бүртгэнэ.
6 дугаар зүйлНогоон байгууламжийн төлөвлөлт
6.1Хот, суурин газрын ногоон байгууламжийг улсын болон орон нутгийн хөгжлийн бодлого, газар ашиглалт, хот байгуулалтын төлөвлөлттэй уялдуулна.
6.2Ногоон байгууламжийн төлөвлөлтийг хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөнд тусгана.
6.3Ногоон байгууламжийн төлөвлөлт нь тухайн нутаг дэвсгэрийн уур амьсгал, хөрс, усны нөөц, экосистемийн онцлогт нийцсэн, шинжлэх ухаанд суурилсан байна.
6.4Хот, суурин газрын ерөнхий болон хэсэлчилсэн төлөвлөгөөнд дараах ногоон байгууламжийг тусгана:
6.4.1нийтийн эзэмшлийн парк, цэцэрлэгт хүрээлэн, төгөл, бичил цэцэрлэг;
6.4.2орон сууц, олон нийтийн болон үйлдвэрийн бүсийн ногоон байгууламж;
6.4.3авто зам, төмөр зам, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын ногоон зурвас;
6.4.4хотын ой, ногоон орчин;
6.4.5гол, нуур, усны эх үүсвэрийн хамгаалалтын ногоон орчин;
6.4.6ногоон дэд бүтцийн шийдэл;
6.4.7гэр хороолол, сул шороон талбай, салхи, тоосжилт ихтэй бүсэд тоосжилт бууруулах зориулалттай ногоон байгууламж, хамгаалалтын ногоон зурвас, хөрс бэхжүүлэх ургамалжилт.
6.5Хот, суурин газрын ногоон байгууламжийн эзлэх хувь, нэг хүнд ногдох хэмжээ, хүртээмжийн шалгуур, хамгаалалтын бүсийн хэмжээг холбогдох стандарт, техникийн зохицуулалтаар тогтооно.
6.6Хот төлөвлөлтөд ногоон байгууламжийн хүртээмжийг хангах зорилгоор олон улсын нийтлэг зарчим, шалгуур үзүүлэлтийг үе шаттай нэвтрүүлнэ.
6.7Шинэ суурьшлын болон дахин төлөвлөлтийн бүсэд байгуулах ногоон байгууламжийн батлагдсан хэмжээг бууруулах, байршлыг өөрчлөхийг хориглоно.
7 дугаар зүйлНогоон байгууламжийн мастер төлөвлөгөө ба олон нийтийн оролцоо
7.1Аймаг, нийслэл, хот, суурин нь ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөтэй байна.
7.2Ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:
7.2.1ногоон байгууламжийн нөөц, кадастр, өнөөгийн төлөв байдлын үнэлгээ;
7.2.2ногоон бүрхэвч, хүртээмжийн зорилтот үзүүлэлт;
7.2.3ногоон байгууламжийн байршил, төрөл, хэмжээ, үе шат;
7.2.4хотын ой, ногоон орчин, экологийн холбоос;
7.2.5хэрэгжилтийн үе шат, санхүүжилтийн эх үүсвэр, мониторинг.
7.3Ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг таваас доошгүй жилийн хугацаатай боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
7.4Ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө боловсруулах, өөрчлөхөд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэлэлцүүлэг зохион байгуулна.
7.5Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны оролцоог хангана.
7.6Мастер төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад жил бүр мониторинг хийж, сайжруулах арга хэмжээг авна.
7.7Иргэн, хуулийн этгээд ногоон байгууламжийн төлөвлөлт, хэрэгжилттэй холбоотой санал, гомдлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
8 дугаар зүйлГазрын ашиглалт, хотын ой, ногоон орчин
8.1Хот, суурин газрын газарт ашиглалтын бүсчлэлд хотын ой, ногоон орчныг тусгайлан тогтооно.
8.2Хотын ой, ногоон орчин нь агаарын бохирдол, тоосжилт, дуу чимээг бууруулах, уур амьсгалын зохицуулалт, хөрс, усны хамгаалалт, биологийн олон янз байдлыг хадгалах, иргэдийн амралт, аялал, зугаалгын орчныг бүрдүүлэх зориулалттай байна.
8.3Хотын ой, ногоон орчинд дараах үйл ажиллагааг хориглоно:
8.3.1байнгын барилга байгууламж барих;
8.3.2мод, бут, сөөгийг зөвшөөрөлгүй устгах, гэмтээх;
8.3.3экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах.
8.4Хотын ой, ногоон орчны хил зааг, ашиглах горим, хамгаалах дэглэмийг зохицуулсан журмыг Засгийн газраас тогтооно.
9 дүгээр зүйлБарилга байгууламжид тавигдах ногоон байгууламжийн шаардлага
9.1Барилга байгууламжийн зураг төсөлд ногоон байгууламж, ногоон дэд бүтцийг заавал тусгана.
9.2Барилга байгууламжийн эзэмшил, ашиглалтын газрын ногоон байгууламжийн доод хэмжээ, эзлэх хувь, шаардлагыг холбогдох стандартаар тогтооно.
9.3Барилга байгууламжид ногоон дээвэр, босоо ногоон байгууламж, ус нэвтрүүлэх гадаргуу, борооны ус шингээх болон хуримтлуулах байгууламж, бичил цэцэрлэг зэрэг ногоон дэд бүтцийг төлөвлөж хэрэгжүүлнэ.
9.4Энэ хууль болон холбогдох стандартад заасан ногоон байгууламжийн шаардлага хангаагүй барилга байгууламжид ашиглалтад оруулах зөвшөөрөл олгохыг хориглоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МОДЖУУЛАЛТ, ЗҮЛЭГЖҮҮЛЭЛТ
10 дугаар зүйлМоджуулалт, зүлэгжүүлэлт
10.1Хот байгуулалтын төлөвлөлт, ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөнд үндэслэн экосистемийн онцлогт нийцүүлэн хот, суурин газарт моджуулалт, зүлэгжүүлэлтийг хийнэ.
10.2Моджуулалт, зүлэгжүүлэлтийг энэ хуулийн 5.1-д заасан ангилалд хамаарах ногоон байгууламжаас гадна хот суурингийн газар доторх сул шороон, эвдэрсэн болон нөхөн сэргээх шаардлагатай газарт хийнэ.
10.3Тухайн бүс нутгийн уур амьсгал, хөрс, усны нөхцөлд тохирсон, ус бага шаарддаг, агаарын бохирдол, тоосжилтод тэсвэртэй, экологийн ач холбогдол бүхий мод, бут, сөөг, зүлэг, ургамлын төрөл, зүйлээр моджуулалт, зүлэгжүүлэлтийг хийж, нөхөн сэргээнэ.
10.4Гэр хорооллын бүсэд ус бага шаарддаг, хөрс бэхжүүлэх, салхи, тоосжилт бууруулах чадвартай ургамлын төрөл, зүйлийг түлхүү ашиглана.
10.5Харь мод, ургамлыг нутагшуулахдаа байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийж, Зөвшөөрлийн хуульд заасны дагуу зөвшөөрөл авна.
10.6Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгаар мод тарих, арчлах, ногоон байгууламж бий болгох үйл ажиллагааг төрөөс дэмжиж, оролцоог хангана. /
11 дүгээр зүйлМод үржүүлэг, суулгац, стандарт
11.1Хот, суурин газрын моджуулалт, зүлэгжүүлэлтийн хэрэгцээг хангах зорилгоор мод үржүүлэг, суулгацын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
11.2Аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт мод үржүүлэг хийж болох ба түүнийг төрөөс дэмжинэ.
11.3Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан газарт иргэн, хуулийн этгээд мод үржүүлгийн газар байгуулж болно
11.4Мод үржүүлгийн газар нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.4.1.тарьц, суулгац үйлдвэрлэх, нийлүүлэх; 11.4.2.ургамлын генетик нөөц, уугуул болон ховор төрөл зүйлийг хамгаалах; 11.4.3.судалгаа, туршилт, инноваци нэвтрүүлэх; 11.4.4.мэргэжлийн сургалт, зөвлөгөө зохион байгуулах. 11.4.5.хуулиар хориглогдоогүй бусад
11.5Ногоон байгууламжид дараах шаардлагыг хангасан мод, бут, сөөг болон бусад ургамлын төрөл, зүйлийг ашиглана:
11.5.1.гарал үүслийн цахим гэрчилгээтэй байх 11.5.2.стандартын шаардлага хангасан байх 11.5.3.хөнөөлт организмд өртөөгүй, тухайн орчны нөхцөлд дасан зохицох чадвартай байх
11.6Энэ хуулийн 11.5-д заасан шаардлага нь импортлох тарьц, суулгацад адил үйлчилнэ.
11.7Импортоор оруулж ирэх харь, эсхүл устсан унаган зүйлийн тарьц, суулгацыг Монгол Улсын нутаг дэвсгэрт нутагшуулах туршилт судалгаа (цаашид “нутагшуулах туршилт судалгаа”)-г батлагдсан арга зүйн дагуу ойн эрдэм шинжилгээний байгууллагаар хийлгэнэ.
11.8Нутагшуулах туршилт судалгааг хийсэн эрдэм шинжилгээний байгууллага нь үр дүнгээ нөөцийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, цаашид тарималжуулах боломжтой эсэх талаар зөвлөмж гаргаж, тухайн мод үржүүлгийн төвд хүргүүлнэ.
11.9Мод үржүүлгийн газар нь энэ хуулийн 11.8-д заасны дагуу тарималжуулах боломжтой тарьц, суулгацын мэдээллийг ногоон байгууламжийн мэдээллийн цахим системд оруулна.
11.10Ногоон байгууламжийн асуудал хариуцсан газар/хэлтэс тарьц, суулгацыг ногоон байгууламжийн мэдээллийн цахим санд баталгаажуулж, нийтэд мэдээлнэ.
11.11Ойн тухай хуулийн 30.5-30.7-д заасан харь болон устсан унаган зүйлийн тарьц, суулгацыг туршилт судалгааны зориулалтаар импортлоход тавигдах шаардлага нь ногоон байгууламжид нэгэн адил үйлчилнэ.
11.12Мод, ургамлын төрөл зүйл сонгохдоо уур амьсгал, хөрсний нөхцөл, усны хэрэгцээ, ургалтын онцлог, экологийн ач холбогдлыг харгалзан үзнэ.
11.13Гарал үүсэл нь тодорхойгүй, стандартын шаардлага хангаагүй тарьц, суулгацыг үйлдвэрлэх, импортлох, худалдах, ашиглахыг хориглоно.
12 дугаар зүйлМод, бут, сөөг, зүлэг тарих, арчлах, хамгаалах
12.1Мод, бут, сөөг, зүлэг тарих, арчлах, хамгаалах үйл ажиллагааг холбогдох стандарт, технологийн шаардлагын дагуу хэрэгжүүлнэ.
12.2Мод, бут, сөөг, зүлэг тарьсан иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:
12.2.1.усалгаа, арчилгааг тогтмол хийх; 12.2.2.хамгаалалтын арга хэмжээ авах; 12.2.3.модны ургалт, амьдрах чадварийг хангах; 12.2.4.гэмтэл, хорогдлыг бууруулах.
12.3Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтыг тухайн шатны Засаг дарга хариуцна.
12.4Мод, бут, сөөгийг тарьсан иргэн, хуулийн этгээд тэдгээрийн арчилгаа, хамгаалалтыг гурваас доошгүй жилийн хугацаанд хариуцна.
12.5Мод, бут, сөөгийг тайрах, шилжүүлэн суулгах үйл ажиллагааг тухайн шатны Засаг дарга зөвшөөрсний үндсэн дээр холбогдох стандартын дагуу хэрэгжүүлнэ.
12.6Тайралт, устгалын улмаас ногоон байгууламжийн алдагдал үүссэн тохиолдолд нөхөн тарилт, нөхөн сэргээлтийг холбогдох стандартад нийцүүлэн хэрэгжүүлнэ.
13 дугаар зүйлНогоон байгууламжийн хяналт, мониторинг
13.1Хот, суурин газрын ногоон байгууламжийн төлөв байдал, моджуулалт, зүлэгжүүлэлт, тайралт, нөхөн тарилт, нөхөн сэргээлтийн хэрэгжилтэд тасралтгүй хяналт, мониторинг хийнэ.
13.2Хяналт, мониторингийг газар дээрх үзлэг, дижитал болон зайнаас тандан судлах технологи, хиймэл дагуул, дрон зураглал, иргэдийн мэдээлэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлж болно.
13.3Зөвшөөрөлгүй мод тайралт, ногоон байгууламжийн алдагдлыг илрүүлэх, мэдээлэх цахим хяналтын системийг үе шаттай нэвтрүүлнэ.
13.4Ногоон байгууламжийн үнэлгээг мод, бут, сөөг, зүлэг, зүлэгний амьдрах чадвар, ногоон бүрхэвчийн хэмжээ, арчилгааны чанар, экологийн үр өгөөжийн үзүүлэлтээр хийнэ.
13.5Хяналт, мониторингийн үр дүнг ногоон байгууламжийн цахим мэдээллийн системд бүртгэж, төлөвлөлт, бодлого, шийдвэр гаргалтад ашиглана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ ХАМГААЛАХ
14 дүгээр зүйлНогоон байгууламжийг хамгаалах үйл ажиллагаа
14.1Хот, суурин газрын ногоон байгууламжийн удирдлага, зохион байгуулалтыг аймаг, нийслэлийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан хэрэгжүүлнэ.
14.2Хот, суурин газрын ногоон байгууламжийн арчилгааг сум, дүүргийн Засаг дарга хариуцан зохион байгуулна.
14.3Иргэн, хуулийн этгээд нь өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газрын ногоон байгууламжийг хамгаалах, арчлах, гэмтээхгүй байх үүрэгтэй.
14.4Ногоон байгууламжид дараах үйл ажиллагааг хориглоно:
14.4.1.мод, бут, сөөгийг зөвшөөрөлгүй тайрах, устгах, гэмтээх; 14.4.2.модны үндэс, холтос, хөрсөн бүрхэвчийг гэмтээх; 14.4.3.барилга, инженерийн ажлын явцад хамгаалалтын арга хэмжээ авахгүйгээр ногоон байгууламжид хохирол учруулах; 14.4.4.химийн бодис, бохир ус, хог хаягдлаар ногоон байгууламжийг бохирдуулах; 14.4.5.хотын ой, ногоон орчны экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах.
14.5Энэ хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд мод, бут, сөөг тарих, ногоон байгууламж бий болгох үйл ажиллагааг чөлөөтэй хэрэгжүүлж болно.
14.6Нийтийн эзэмшлийн талбай, инженерийн шугам сүлжээ бүхий газарт мод, бут, сөөг тарих тохиолдолд ногоон байгууламжийн асуудал хариуцсан газар/хэлтэст, хязгаарлагдмал ногоон байгууламжид мод, бут, сөөг тарих бол хариуцсан байгууллага, этгээдэд мэдэгдэнэ.
15 дугаар зүйлМод, сөөг тайрах, шилжүүлэн суулгах
15.1Хот, суурин газрын нутаг дэвсгэрт мод, сөөг тайрах, шилжүүлэн суулгах ажиллагааг ногоон байгууламжийн асуудал хариуцсан газар/хэлтсийн зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.
15.2Дараах тохиолдолд мод, сөөг тайрах, шилжүүлэн суулгах зөвшөөрөл олгож болно:
15.2.1.хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулах; 15.2.2.өвчилсөн, хатсан, доройтсон; 15.2.3.нийтийн зориулалттай дэд бүтэц, барилга байгууламжийн төсөл хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн; 15.2.4.нөхөн сэргээх боломжгүй болсон.
15.3Мод, бут, сөөг тайрах, шилжүүлэн суулгах зөвшөөрөлд нөхөн тарилт, нөхөн төлбөр, хэрэгжүүлэх хугацаа, арчилгаа, хяналтын нөхцөлийг тусгана.
15.4Яаралтай аюултай нөхцөл үүссэн тохиолдолд урьдчилсан зөвшөөрөлгүйгээр мод тайрч болох бөгөөд 24 цагийн дотор ногоон байгууламжийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагад мэдэгдэж бүртгүүлнэ.
15.5Мод, бут, сөөг тайрах, шилжүүлэн суулгах зөвшөөрлийг ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэж, татгалзсан тохиолдолд үндэслэлийг бичгээр мэдэгдэнэ.
15.6Мод, бут, сөөг тайрах, шилжүүлэн суулгах журам, зөвшөөрөл олгох, бүртгэх, хяналт тавих аргачлалыг Засгийн газар батална.
16 дүгээр зүйлНөхөн тарилт, нөхөн төлбөр
16.1Мод, бут, сөөг тайрсан, устгасан, гэмтээсэн этгээд нөхөн тарилт хийх үүрэгтэй.
16.2Нөхөн тарих үйл ажиллагаанд дараах шаардлага тавигдана:
16.2.1нэг модны оронд тухайн модны экологийн үнэлгээ, төрөл, насжилтанд тохирсон хэмжээгээр нөхөн тарих;
16.2.2тухайн орчны экологийн нөхцөлд тохирсон, гарал үүслийн гэрчилгээтэй мод, бут, сөөгний төрөл, зүйл ашиглах;
16.2.3ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн асуудал хариуцсан газар/ хэлтсээс тогтоосон байршилд тарих;
16.2.4тарьсан модыг гурваас доошгүй жилийн хугацаанд арчлах.
16.3Нөхөн тарилтыг тухайн байршилд хийх боломжгүй тохиолдолд нөхөн төлбөр төлнө.
16.4Нөхөн төлбөрийн хэмжээг модны төрөл, насжилт, хэмжээ, байршил, экологийн үнэлгээг харгалзан тогтооно.
16.5Нөхөн төлбөрийн хэмжээ, экологийн үнэлгээ хийх аргачлалыг Засгийн газар батална.
16.6Энэ хуульд заасан үүргийг биелүүлээгүй, эсхүл ногоон байгууламжид хохирол учруулсан тохиолдолд байгаль орчны хяналтын улсын байцаагч /байгаль хамгаалагч/ хуульд заасны дагуу дараах албадлагын арга хэмжээ авч болно:
16.6.1.хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох; 16.6.2.хугацаатай үүрэг даалгавар өгөх; 16.6.3.нөхөн тарилт, нөхөн сэргээлт хийлгэх; 16.6.4.учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах; 16.6.5.энэ хуульд заасан үйл ажиллагааны зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох.
16.7Энэ зүйлд заасан үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ногоон байгууламжийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллага нөхөн тарилт, нөхөн сэргээлтийг албадан гүйцэтгэж, гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
16.8Энэ зүйлд заасан нөхөн төлбөрийг ногоон байгууламжийг хамгаалах, нөхөн сэргээх зориулалт бүхий санхүүжилтийн эх үүсвэрт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулна.
16.9Нөхөн тарилт болон шинээр тарьсан модны арчилгаа, хамгаалалтын үүргийг биелүүлээгүйгээс мод, ургамал хорогдсон тохиолдолд буруутай этгээдээр дахин нөхөн тарилт хийлгэнэ.
17 дугаар зүйлХяналт, мэдээллийн ил тод байдал
17.1Мод тайралт, шилжүүлэн суулгалт, нөхөн тарилт, нөхөн төлбөрийн мэдээллийг нэгдсэн цахим системд бүртгэж, олон нийтэд нээлттэй байршуулна.
17.2Иргэн, хуулийн этгээд энэ хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар мэдээлэх, гомдол гаргах эрхтэй.
17.3Ногоон байгууламжийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллага иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн мэдээлэл, гомдлыг хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэнэ.
17.4Ногоон байгууламжийг хамгаалахтай холбоотой мэдээлэгчийг хуульд заасан журмын дагуу хамгаална.
ТАВДУГААР БҮЛЭГ
БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ИЛ ТОД БАЙДАЛ
18 дугаар зүйлНогоон байгууламжийн мэдээллийн тогтолцоо
18.1Мэдээллийн тогтолцоо нь дараах бүрэлдэхүүнтэй байна:
18.1.1.ногоон байгууламжийн улсын нэгдсэн бүртгэл; 18.1.2.газарзүйн мэдээллийн систем; 18.1.3.зайнаас тандан судлах болон зураглалын мэдээлэл; 18.1.4.хяналт, мониторингийн дижитал платформ; 18.1.5.олон нийтэд нээлттэй цахим мэдээллийн сан.
18.2Холбогдох төрийн байгууллагууд хооронд ногоон байгууламжийн талаар цахимаар мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлнэ.
18.3Хот, суурин газрын ногоон байгууламжийн бүртгэл, кадастр, төлөвлөлт, хяналт, мониторинг, тэдгээртэй холбоотой тайланг мэдээллийн цахим системд оруулна.
18.4Мэдээллийн цахим системийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн хөтөлнө.
18.5Төрийн байгууллага, орон нутгийн захиргаа, ногоон байгууламжийн асуудал хариуцсан байгууллага нь мэдээллийн нэгдсэн стандартын дагуу мэдээлэл солилцож, мэдээллийн санг тогтмол шинэчилнэ.
18.6Мэдээллийн цахим санд дараах мэдээллийг бүртгэнэ:
18.6.1.ногоон байгууламжийн байршил, нэгж талбар, газарзүйн солбицол; 18.6.2.мод, бут, сөөг, ургамлын төрөл зүйл, нас, хэмжээ, тоо хэмжээ; 18.6.3.эрүүл мэнд, ургалт, арчилгаа, хамгаалалтын төлөв байдал; 18.6.4.мод тайралт, шилжүүлэн суулгалт, нөхөн тарилтын мэдээлэл; 18.6.5.өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн мэдээлэл; 18.6.6.ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө болон холбогдох төлөвлөлтийн мэдээлэл.
18.7Ногоон байгууламжийн мэдээллийн цахим сан нь нэгдсэн ангилал, кодчилол, өгөгдлийн стандарттай байх бөгөөд өгөгдлийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг мэдээлэл оруулсан байгууллага хариуцна.
18.8Нэгдсэн мэдээллийн цахим тогтолцоо нь мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг хангасан байх бөгөөд хувийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаална.
18.9Мод тарих боломжтой байршил, ногоон байгууламжийн төлөвлөлт, хамгаалалт, нөхөн тарилт болон энэ хуульд заасан бусад мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулна.
19 дүгээр зүйлИл тод байдал, тайлагнал
19.1Ногоон байгууламжийн төлөвлөлт, бүртгэл, тайралт, нөхөн тарилт, зөвшөөрөл, нөхөн төлбөр, тайлангийн мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
19.2Иргэн, хуулийн этгээд дараах эрхтэй:
19.2.1.ногоон байгууламжийн бүртгэл, төлөвлөлт, зөвшөөрөл, нөхөн тарилтын мэдээлэлтэй танилцах; 19.2.2.энэ хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар мэдээлэх, гомдол гаргах; 19.2.3.зураг, байршил болон бусад нотлох мэдээлэл хүргүүлэх.
19.3Ногоон байгууламжийн асуудал хариуцсан байгууллага иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн мэдээлэл, гомдлыг хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэнэ.
19.4Хот, суурин газрын ногоон байгууламжийн төлөв байдал, хамгаалалт, нөхөн сэргээх арга хэмжээ, санхүүжилтийн гүйцэтгэлийн талаар жил бүр тайлан гаргаж, олон нийтэд мэдээлнэ.
19.5Энэ зүйлийн 22.4-т заасан тайланд дараах мэдээллийг тусгана:
19.5.1.ногоон бүрхэвчийн хэмжээ, өөрчлөлт; 19.5.2.моджуулалт, хорогдол, нөхөн тарилтын гүйцэтгэл; 19.5.3.арчилгаа, хамгаалалтын арга хэмжээ; 19.5.4.санхүүжилт, зарцуулалтын мэдээлэл; 19.5.5.экосистемийн болон орчны үзүүлэлт; 19.5.6.илэрсэн зөрчил, авсан арга хэмжээ.
19.6Ногоон байгууламжийн санхүүжилт, зарцуулалт, үр ашигт холбогдох хууль тогтоомжийн дагуу аудит хийж, дүнг олон нийтэд ил тод мэдээлнэ.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
САНХҮҮЖИЛТ, ЭДИЙН ЗАСАГ, ГАЗАР АШИГЛАЛТЫН ЗОХИЦУУЛАЛТ
20 дугаар зүйлНогоон байгууламжийн санхүүжилтийн тогтолцоо
20.1Хот, суурин газрын ногоон байгууламжийг хөгжүүлэх, хамгаалах, арчлах, нөхөн сэргээх үйл ажиллагааг төр, орон нутаг, хувийн хэвшил, олон улсын хамтын ажиллагаанд тулгуурласан олон эх үүсвэрт санхүүжилтийн тогтолцоогоор хэрэгжүүлнэ.
20.2Ногоон байгууламжийн санхүүжилтийн эх үүсвэр нь дараах төрөлтэй байна:
20.2.1.улсын болон орон нутгийн төсөв; 20.2.2.ногоон байгууламжийн сан; 20.2.3.нөхөн төлбөр, торгууль, хураамж; 20.2.4.олон улсын байгууллага, хандивлагч, хамтын ажиллагааны санхүүжилт; 20.2.5.хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт; 20.2.6.ногоон бонд, нүүрстөрөгчийн зах зээл болон бусад санхүүгийн хэрэгсэл; 20.2.7.хуульд заасан бусад эх үүсвэр.
20.3Хот, суурин газрын ногоон байгууламж шинээр байгуулах ажпыг улсын болон орон нутгийн төсөв, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хөрөнгөөр хийхээс гадна гадаад дотоодын төсөл, хөтөлбөрт хамрагдаж болно.
20.4Аймаг, нийслэл ногоон байгууламжийг хөгжүүлэхэд ногоон бонд, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний төлбөр болон хуульд нийцсэн бусад санхүүгийн хэрэгслийг ашиглаж болно.
20.5Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа, хамгаалалтын тогтвортой санхүүжилтийг орон нутгийн төсөв болон бусад эх үүсвэрээр жил бүр төлөвлөнө.
21 дүгээр зүйлЭдийн засгийн дэмжлэг, урамшуулал
21.1Иргэн, хуулийн этгээдийн ногоон байгууламж бий болгох, мод тарих, мод үржүүлэх, арчлах, хамгаалах үйл ажиллагааг татвар, төлбөр, санхүүгийн бодлогоор дэмжинэ.
21.2Дараах үйл ажиллагаанд эдийн засгийн дэмжлэг, урамшуулал олгож болно:
21.2.1.хотын ой, ногоон орчин, нийтийн зориулалттай ногоон байгууламж байгуулах; 21.2.2.ногоон дээвэр, босоо ногоон байгууламж, ус нэвтрүүлэх гадаргуу зэрэг ногоон дэд бүтэц бий болгох; 21.2.3.мод үржүүлэг, тарьц суулгац, усалгааны дэвшилтэт технологи нэвтрүүлэх; 21.2.4.нөхөн тарилт, нөхөн сэргээлт хийх; 21.2.5.нийтийн эзэмшлийн талбайд мод тарих, арчлах; 21.2.6.ногоон бүрхэвчийн хэмжээг нэмэгдүүлэх; 21.2.7.ус хэмнэлттэй болон байгальд ээлтэй усалгааны технологи ашиглах.
21.3Энэ зүйлд заасан дэмжлэг, урамшуулал нь дараах хэлбэртэй байж болно:
21.3.1.хуульд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, газрын төлбөрийн хөнгөлөлт; 21.3.2.ногоон зээл, хөнгөлөлттэй зээл, батлан даалт; 21.3.3.буцалтгүй тусламж, санхүүгийн дэмжлэг; 21.3.4.экосистемийн үйлчилгээний урамшуулал.
21.4Эдийн засгийн дэмжлэг, урамшууллыг дараах шалгуурт үндэслэн олгоно:
21.4.1.ногоон байгууламжийн хэмжээ, чанар; 21.4.2.мод, бут, сөөгний амьдрах чадвар, арчилгааны түвшин; 21.4.3.ногоон бүрхэвчийн өсөлт, зүлэгжүүлэлт; 21.4.4.орчны чанар, экосистемийн үр өгөөжид үзүүлсэн нөлөө. 21.4.5.гэр хороолол, сул шороон талбай, салхи, тоосжилт ихтэй бүсэд тоосжилт бууруулах зориулалттай ногоон байгууламж, хамгаалалтын ногоон зурвас, хөрс бэхжүүлэх ургамалжилт.
21.5Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалт, мод, бут, сөөгний амьдрах чадвар, зүлэгжүүлэлтийн үр дүнд суурилсан эдийн засгийн урамшуулал олгох журмыг баталж, хэрэгжүүлж болно.
21.6Эдийн засгийн дэмжлэг, татварын хөнгөлөлт, урамшуулал олгох журам, шалгуурыг Засгийн газар батална.
21.7Ногоон байгууламжийн хэмжээ, чанарыг бууруулахгүй нөхцөлд барилга, хот байгуулалтын төсөлд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн төлөвлөлтийн болон эдийн засгийн дэмжлэг үзүүлж болно.
22 дугаар зүйлНогоон байгууламжийн газар ашиглалт
22.1Ногоон байгууламжийн зориулалттай газрыг өмчлөх, эзэмших, ашиглах харилцааг Газрын тухай хууль болон энэ хуульд нийцүүлэн зохицуулна.
22.2Иргэн өөрийн өмчлөлийн газрын гадна орших нийтийн эзэмшлийн талбайд батлагдсан стандарт, төлөвлөлт нийцүүлэн мод тарих, арчлах, зүлэгжүүлэх үйл ажиллагааг ногоон байгууламжийн асуудал хариуцсан байгууллагад мэдэгдэж, үнэ төлбөргүй хэрэгжүүлж болно.
22.3Энэ хуулийн 22.2-т заасан үйл ажиллагаа нь тухайн газрын зориулалт, инженерийн шугам сүлжээ, нийтийн ашиглалтын нөхцөлд саад учруулахгүй байна.
22.4Мод үржүүлэг, тарьц суулгац, цэцэрлэгжүүлэлт, хотын ой, нийтийн зориулалттай ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах газрыг Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу дуудлага худалдаагүйгээр эзэмшүүлж, ашиглуулж болно.
22.5Энэ хуулийн 22.4-т заасан газрыг дараах нөхцөлөөр олгоно:
22.5.1.нийтийн ашиг сонирхолд нийцсэн байх; 22.5.2.ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах батлагдсан төлөвлөгөөтэй байх; 22.5.3.газрын зориулалтыг өөрчлөхгүй байх; 22.5.4.арчилгаа, хамгаалалтын үүргийг гэрээгээр хүлээсэн байх.
22.6Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг арчлах, хамгаалах, мод тарих зорилгоор иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж болно.
22.7Ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлсэн, ашиглуулсан газрын хэмжээг дур мэдэн бууруулах, зориулалтыг өөрчлөхийг хориглоно.
22.8Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтыг иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж болно.
23 дугаар зүйлХувийн хэвшлийн оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэл
23.1Хувийн хэвшил хот, суурин газрын ногоон байгууламжийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, төсөл хэрэгжүүлэх, арчилгааны гэрээ, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх, инноваци, технологи нэвтрүүлэх, урт хугацааны менежмент хэлбэрээр оролцож болно.
23.2Төрөөс хувийн хэвшлийн оролцоог татвар, төлбөр, санхүүгийн бодлого болон төр-хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр дэмжинэ.
23.3Ногоон байгууламжийг хөгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж болно.
23.4Төр-хувийн хэвшлийн түншлэлийн гэрээнд ногоон байгууламжийн хэмжээ, чанар, хүртээмжийг бууруулахгүй байх нөхцөлийг тусгана.
ДОЛДУГААР БҮЛЭГ
САЛБАРЫН ХӨГЖИЛ, СУДАЛГАА, ХҮНИЙ НӨӨЦ
24 дүгээр зүйлСалбарын хөгжил, судалгаа, инноваци
24.1Хот, суурин газрын ногоон байгууламжийн хэрэгцээг хангах зорилгоор мод үржүүлэг, тарьц суулгац, судалгаа, инноваци, дэвшилтэт технологийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.
24.2Судалгаа, инновацийг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:
24.2.2.хөрс, усны нөөц, усалгааны технологи; 24.2.3.уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, дасан зохицол; 24.2.4.экосистемийн үйлчилгээ, ногоон дэд бүтцийн үр өгөөж; 24.2.5.дижитал технологи, зайнаас тандан судалгаа, мониторинг.
24.3Судалгаа, инновацийн үр дүнг салбарын бодлого, төлөвлөлт, стандарт боловсруулахад ашиглана.
24.4Хот, суурин газрын ногоон байгууламжийн салбарын хөгжил, үр нөлөөнд тогтмол үнэлгээ хийж, үр дүнг олон нийтэд мэдээлнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН БҮРЭН ЭРХ, ХАМТЫН АЖИЛЛАГАА
25 дугаар зүйлТөрийн байгууллагын бүрэн эрх
25.1Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.1.1.санхүүжилт, эдийн засгийн дэмжлэгийн бодлогыг хэрэгжүүлэх; 25.1.2.салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг зохион байгуулах; 25.1.3.газрын ашиглалт, хот байгуулалт, байгаль орчны бодлогын уялдааг хангах.
25.2Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.2.1.ногоон байгууламжийн мэдээллийн системийг хөгжүүлэх 25.2.2.судалгаа, инноваци, хүний нөөцийн хөгжлийг дэмжих;
25.3Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.3.1.ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх; 25.3.2.орон нутгийн санхүүжилт, дэмжлэг, хамтын ажиллагааг зохион байгуулах; 25.3.3.гэр хорооллын гудамж, талбайн тоосжилтыг бууруулах ногоон байгууламж, зүлэгжүүлэлт, усалгааны арга хэмжээг орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө, төсөвт үе шаттай хэрэгжүүлэх.
25.4Хяналт шалгалтын байгууллага энэ хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчил шалган шийдвэрлэх, таслан зогсоох, албадлагын арга хэмжээ авах бүрэн эрхийг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.
26 дугаар зүйлтөрийн бус байгууллагын оролцоо
26.1Төрийн бус байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлж болно:
26.1.1.мод тарих, арчлах, хамгаалах; 26.1.2.нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, үйлчилгээ; 26.1.3.мод тайрах, шилжүүлэн суулгах, эрсдэлийн үнэлгээ хийх; 26.1.4.ландшафт, усалгааны болон ногоон дэд бүтцийн ажил гүйцэтгэх; 26.1.5.судалгаа, сургалт, олон нийтийн мэдлэг, мэдээллийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх; 26.1.6.бүртгэл, мониторингийн мэдээлэл хүргүүлэх.
26.2Мэргэжлийн үйл ажиллагааг энэ хууль, холбогдох стандарт, техникийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлнэ.
26.3Төрийн байгууллага, орон нутгийн захиргаа, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр ногоон байгууламжийг хөгжүүлэх, хамгаалах, арчлах үйл ажиллагааг хэрэгжүүлж болно.
27 дугаар зүйлИргэн, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг
27.1Иргэн, аж ахуйн нэгж дараах эрхтэй:
27.1.1.мод тарих, ногоон байгууламж бий болгох санаачилга гаргах; 27.1.2.ногоон байгууламжийг хуульд заасан журмын дагуу ашиглах; 27.1.3.ногоон байгууламжийн талаарх мэдээлэл авах; 27.1.4.хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар мэдээлэх, гомдол гаргах; 27.1.5.төр, орон нутгийн байгууллагатай гэрээний үндсэн дээр нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг арчлах, хамгаалах үйл ажиллагаанд оролцох.
27.2Иргэн, аж ахуйн нэгж дараах үүрэг хүлээнэ:
27.2.1.ногоон байгууламжийг хамгаалах, гэмтээхгүй байх; 27.2.2.өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газрын ногоон байгууламжийг арчлах; 27.2.3.энэ хууль болон холбогдох стандартыг мөрдөх; 27.2.4.нөхөн тарилт, нөхөн сэргээлтийн үүргийг биелүүлэх.
27.3Хот, суурин газрын ногоон байгууламжийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт нь хот байгуулалт, газрын харилцаа, байгаль орчин, усны менежмент, эрүүл мэнд, уур амьсгалын бодлоготой уялдсан байна.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА, ШИЛЖИЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТ
28 дугаар зүйлХууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт
28.1Энэ хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд төрийн хяналт тавина.
28.2Хяналтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутгийн байгууллага болон хуульд заасан бусад эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.
28.3Хяналтын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
28.3.1хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх;
28.3.2зөрчил илрүүлэх, таслан зогсоох;
28.3.3нөхөн тарилт, нөхөн сэргээлт, албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах;
28.3.4шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг гаргуулан авах;
28.3.5хуульд заасан үндэслэлээр акт, дүгнэлт гаргах.
28.4Хяналт шалгалтыг Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.
29 дүгээр зүйлХариуцлага
29.1Энэ хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
29.2Дараах үйл ажиллагааг энэ хууль зөрчсөнд тооцно:
29.2.1мод, бут, сөөгийг зөвшөөрөлгүй тайрах, устгах, гэмтээх;
29.2.2нөхөн тарилт, нөхөн сэргээлтийн үүргээ биелүүлэхгүй байх;
29.2.3ногоон байгууламжийн зориулалтыг дур мэдэн өөрчлөх;
29.2.4ногоон байгууламжийн бүртгэл, мэдээллийг санаатайгаар зөрүүтэй гаргах;
29.2.5энэ хуульд заасан стандарт, техникийн шаардлагыг зөрчих.
29.3Хууль зөрчсөн этгээдэд дараах арга хэмжээ авч болно:
29.3.1торгууль, нөхөн төлбөр ногдуулах;
29.3.2үйл ажиллагааг түр зогсоох;
29.3.3зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
29.3.4нөхөн тарилт, нөхөн сэргээлтийн үүрэг хүлээлгэх;
29.3.5албадан гүйцэтгэх арга хэмжээ хэрэгжүүлэх.
29.4Ногоон байгууламжид их хэмжээний хохирол учруулсан, эсхүл санаатайгаар устгасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
29.5Давтан болон зохион байгуулалттайгаар зөрчил гаргасан тохиолдолд хуульд заасан хариуцлагыг хүндрүүлэн ногдуулна.
30 дугаар зүйлШилжилтийн болон бусад зохицуулалт
30.1Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаа, олгогдсон зөвшөөрөл, батлагдсан төлөвлөгөө, хэрэгжиж байгаа төсөлд тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийг хэрэглэнэ.
30.2Энэ хуулийн шаардлагад нийцээгүй, хэрэгжиж байгаа төсөл, үйл ажиллагаанд нөхөн тарилт, хамгаалалт, бүртгэл, мониторингийн шаардлагыг үе шаттайгаар мөрдүүлнэ.
30.3Засгийн газар энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө дараах бэлтгэл арга хэмжээг хэрэгжүүлнэ:
30.3.1ногоон байгууламжийн улсын хэмжээний суурь судалгаа, тооллого хийх;
30.3.2нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим тогтолцоог бий болгох;
30.3.3энэ хуульд заасан дүрэм, журам, стандарт, аргачлалыг батлах;
30.3.4төрийн байгууллага, орон нутгийн байгууллага, мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх;
30.3.5мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, сургах.
30.4Энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш:
30.4.1нэг жилийн дотор ногоон байгууламжийг нэгдсэн бүртгэлд хамруулна;
30.4.2хоёр жилийн дотор аймаг, нийслэл, хот, тосгон ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг баталж хэрэгжүүлнэ;
30.4.3гурван жилийн дотор нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн бүртгэл, мониторинг, хяналтын тогтолцоог бүрэн нэвтрүүлнэ.
30.5Энэ хууль батлагдсантай холбогдуулан Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу нийцүүлнэ.
30.6Энэ хуулийн хэрэгжилттэй холбоотой маргааныг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
(11.05.2026_Үзэл баримтлал-Ногоон байгууламж-last.docx)