Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 4-Р САРЫН 6 ӨДӨР
УЛААНБААТАР

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилго
1.1Энэ хуулийн зорилт нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшил эрсдэлийн оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд оршино.
2 дугаар зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль тогтоомж
2.1Төр, хувийн хэвшлийн түншлэл /цаашид “ТХХТ”, эсхүл “түншлэл” гэх/-ийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол тухайн олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх ТХХТ-ийн төслийг төлөвлөх, боловсруулах, үнэлэх, судлан шинжилсний үндсэн дээр төслийг сонгох, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, түншлэлийн гэрээг байгуулах болон хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаанд үйлчилнэ.
3.2Дараах үйл ажиллагаа нь энэ хуульд заасан түншлэлд хамаарахгүй:
3.2.1үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа;
3.2.2банк, санхүүгийн зах зээлийн бүх төрлийн үйлчилгээ, үйл ажиллагаа;
3.2.3уул уурхайн салбарын дэд бүтцээр дамжуулан олон нийтэд үйлчилгээ үзүүлэхээс бусад ашиг олох зорилготой ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа;
3.2.4хуулиар хориглосон бусад үйл ажиллагаа.
3.3ТХХТ-ийн төсвийн удирдлага, санхүүжилт, тайлагналт болон болзошгүй өр төлбөрийн хяналттай холбоотой энэ хуульд зааснаас бусад асуудлыг Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулиар зохицуулна.
3.4Түншлэлийн зүйлийн эзэмших, ашиглах, өмчлөх эрх нь шилжсэн, шинээр бий болсон хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх, төрийн болон орон нутгийн өмчид авахтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна.
3.5ТХХТ-ийн хүрээнд газар өмчлөх, эзэмших, ашиглах болон нийтийн ашиг сонирхол, нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газрыг нөхөх олговортой солих буюу эргүүлэн авах асуудлыг түншлэлийн гэрээ, Газрын тухай болон холбогдох хууль тогтоомжид зааснаар зохицуулна.
3.6ТХХТ-ийн хүрээнд ил тод байдлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг энэ хууль болон Шилэн дансны тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар зохицуулна.
3.7ТХХТ-ийн хүрээнд түншлэлийн төсөл хэрэгжүүлэгч хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээний мэргэжлийн зөвлөхтэй гэрээ байгуулах, сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжид зааснаар зохицуулах бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалт хамаарахгүй.
4 дүгээр зүйлТүншлэлийн зарчим
4.1Түншлэлд дараах зарчмыг баримтална:
4.1.1ТХХТ-ийн төсөл нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлэх, олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн, олон нийтэд үйлчлэх зорилгыг дэмжсэн байх;
4.1.2төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсөв, санхүүгийн удирдлагад хяналт, зохицуулалтын тэнцвэрийг хангаж, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн байх;
4.1.3түншлэл нь төр, хувийн хэвшлийн хооронд эрх, үүргийг тодорхойлж, эрсдэлийг оновчтой хуваарилах, сайн засаглалын зарчимд тулгуурлах, урт хугацаанд төсвийн зардлыг чанар, үр дүн, гүйцэтгэлд үндэслэн хуваарилах, төрийн үйлчилгээг хангах санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэх;
4.1.4түншлэлд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, үр ашигтай байдал болон хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, урт хугацаанд гарах зардлын хэмнэлттэй хувилбарыг сонгон хэрэгжүүлэх;
4.1.5хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг шударга, эрх тэгш, ил тод, өрсөлдөөнд суурилсан, нээлттэй, үр дүнтэй, хариуцлагатайгаар зохион байгуулж сонгон шалгаруулалтын бүх үе шатны явц, үр дүнг нийтэд нээлттэй мэдээлж байх;
4.1.6хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалт нь энэ хууль болон холбогдох журам, аргачлалд бүрэн нийцсэн байх;
4.1.7төслийг түншлэлээр хэрэгжүүлэх эсэх шийдвэрт төсөвт үзүүлэх эрсдэлийг үнэлж, тогтоох, түншлэлийн төслийн хэрэгжилтийн явцад санхүүжилтийн гүйцэтгэлийн хяналтыг тогтмол хэрэгжүүлдэг байх;
4.1.8түншлэл нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, оролцоог дэмжих, төсөв, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, урт хугацаанд тогтвортой байх;
4.1.9ТХХТ-ийн төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлсэн, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байх.
Тайлбар:“ногоон эдийн засаг” гэж байгаль орчны эрсдэл, доройтлыг багасгахын зэрэгцээ хүний сайн сайхан байдал, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилго бүхий эдийн засгийг.
5 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
5.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1барилга байгууламж” гэж энэ хуулийн хамрах хүрээнд хэрэгжих Барилгын тухай хуулийн 4.1.1-д заасныг;
5.1.2болзошгүй өр төлбөр” гэж Төсвийн тухай хуулийн 4.1.48-д заасныг;
5.1.3дэд бүтцийн төсөл” гэж дэд бүтцийн барилга, байгууламжийн зураг төсөл зохиох, барих, ашиглалтад оруулах, ашиглах, ашиглаж байгаа дэд бүтцийн барилга байгууламжийг засах, сайжруулах, өөрчлөх, өргөтгөх, ашиглах байдлаар түншлэлээр хэрэгжүүлэх төслийг;
5.1.4Засгийн газрын өрийн баталгаа” гэж Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.7-д заасныг;
5.1.5төрөөс үзүүлэх дэмжлэг” гэж түншлэлд Засгийн газраас энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл, хөрөнгө болон газрын асуудлыг шийдвэрлэх, төрд төлөх хураамж, төлбөрийг бууруулах, эсхүл чөлөөлөх, тусгайлан тодорхойлсон нөхцөл байдал үүссэн тохиолдолд татварын болон татварын бус бусад нөхцөлөөр үзүүлэх хөнгөлөлт, дэмжлэгийг;
5.1.6Засгийн газрын зөвшөөрөл” гэж ТХХТ-ийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн байгууллагаас олгох шаардлагатай зөвшөөрөл, лиценз, тусгай зөвшөөрөл, бүртгэлийг;
5.1.7санхүүжүүлэгч” гэж хувийн хэвшлийн түншлэгчид төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан зээл олгож байгаа болон түншлэлийн төсөлд санхүүгийн баталгаа гаргах, санхүүгийн бусад дэмжлэг үзүүлж байгаа хувьцаа эзэмшигчээс бусад банк, санхүүгийн байгууллагыг;
5.1.8инноваци” гэж Инновацийн тухай хуулийн 3.1.1-д заасныг;
5.1.9нийтийн зориулалттай дэд бүтэц” гэж нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын доор, дээр байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг;
5.1.10.“мөнгөний үнэ цэн” гэж ТХХТ-ийн төслийн хэрэгжилтийн бүх үе шатанд төслийн нийт өртгөөр төслийн үйлчилгээг чанар, хүртээмж, үр ашиг, өгөөжтэй байх хувилбарыг тогтоохыг;
5.1.11.“санхүүгийн чадавхад нийцсэн” гэж түншлэлийн хүрээнд үзүүлж байгаа үйлчилгээнд хэрэглэгчээс авах хураамж, төсвөөс санхүүжүүлэх санхүүжилт нь хэрэглэгчийн болон төсвийн чадавхад нийцсэн байх, төсвийн хувьд зардал болон болзошгүй өр төлбөр нь орлогоос шийдвэрлэх боломжтой байхыг;
5.1.12төр, хувийн хэвшлийн түншлэл” гэж хувийн хэвшлийн түншлэгч нь төрийн түншлэгчтэй хийсэн түншлэлийн гэрээний дагуу нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг олон нийтэд, төрийн түншлэгчид урт хугацаанд үзүүлэх, түншлэгч талууд эрсдэлийг оновчтой хуваарилах, түншлэлийн төлбөрийг түншлэлийн төрлөөс хамаарч санхүүжүүлэн хэрэгжүүлэх замаар төслийг урт хугацаанд тогтвортой, үр ашигтай хэрэгжүүлэх хамтын ажиллагааг;
5.1.13“төрийн түншлэгч” гэж түншлэлийн гэрээг хэрэгжүүлэх тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түншлэлийн гэрээнд заасны дагуу энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан бусад этгээдийг;
5.1.14төрийн үйлчилгээ” /нийтийн үйлчилгээ/ гэж иргэдийн ая тухтай амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор дэд бүтэц, эрчим хүч, зам, тээвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл болон холбогдох бусад салбарт төрөөс иргэдэд тэгш, чанартай, үр ашигтай, хууль тогтоомж, стандартын дагуу үзүүлж байгаа олон нийтэд зориулсан үйлчилгээг;
5.1.15“төсөвт үзүүлэх нөлөө” гэж төслийг хэрэгжүүлэхэд төсөв, санхүүд үзүүлэх нөлөөллийг тооцох, шууд болон шууд бус байдлаар төлбөрийн үүрэг хариуцлагыг бий болгох болзошгүй нөхцөл байдлыг;
5.1.16төсвийн эрсдэлийн үнэлгээ” гэж түншлэлийн төслийн төсөвт үзүүлэх нөлөө, болзошгүй өр төлбөрийг тооцсон төсвийн эрсдэлийг энэ хуулийн 9.2-т заасан загварын дагуу тооцож, судлах дүн шинжилгээг;
5.1.17төсөл хөгжүүлэх сан” гэж төслийн урьдчилсан үнэлгээ, төслийн бүрэн шинжилгээ, ТХХТ-ийн эх төсөл боловсруулах болон төсөвт үзүүлэх нөлөөллийн тооцоо, шинжилгээ хийхэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах, төслийн бэлтгэл ажил, төлөвлөлт, сонгон шалгаруулалт, хэрэгжилт, хяналт, тайлагналттай холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх зорилгоор хуульд заасан эх үүсвэрээр бүрдүүлсэн ТХХТ-ийн санг;
5.1.18“төслийн баримт бичиг” гэж түншлэлийн гэрээ, барилгын гэрээ, ханган нийлүүлэх гэрээ, худалдан авах ажиллагааны баталгааны гэрээ, үйлчилгээний гэрээ болон бусад дагалдах гэрээ, барилга, ашиглалт, эрх бүхий байгууллагатай байгуулсан техник хяналтын гэрээ, засвар үйлчилгээ болон төслийн удирдлагатай холбоотой бүх баримт бичгийг;
5.1.19“төслийн орлого” гэж хэрэглэгчийн төлбөр, хураамж, болон түншлэлийн гэрээний хүрээнд бий болсон төслийн орлогын эх үүсвэрийг;
5.1.20“тусгай зориулалтын компани” гэж түншлэлийн гэрээний хүрээнд хувийн хэвшлийн түншлэгчийн үүргийг хүлээж, түншлэлийн төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтаар хувийн хэвшлийн түншлэгчээс үүсгэн байгуулсан төслийн компанийг;
5.1.21.“түншлэлийн гэрээ” гэж төрийн болон хувийн хэвшлийн түншлэгч талуудын хооронд түншлэлийн төслийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, талуудын эрх, үүрэг болон холбогдох бусад асуудлыг тодорхойлж байгуулсан, иргэний эрх зүйн гэрээг;
5.1.22түншлэлийн зүйл” гэж түншлэлийн гэрээнд хамаарах эд хөрөнгийн эрх, ажил, үйлчилгээний үр дүн, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг;
5.1.23“түншлэлийн төсөл” гэж нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт нийтийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хувийн хэвшлийн түншлэгч хөрөнгө оруулалт хийх, зураг төсөл боловсруулах, дэд бүтцийн барилга, байгууламжийг барих, санхүүжүүлэх, сэргээн босгох, сайжруулах, засвар арчлалт хийх, нийтийн үйлчилгээг үзүүлэх, төрийн үйлчилгээний удирдлагыг хариуцах зэрэг үйл ажиллагааг багтаасан нийтэд чиглэсэн төслийг;
5.1.24.“ТХХТ-ийн эх төсөл” гэж түншлэлийн төслийн хувьд нийтийн зориулалттай дэд бүтэц, барилга байгууламж, нийгмийн суурь үйлчилгээг түншлэлээр үзүүлэхэд шаардагдах техник, эдийн засаг, санхүү, хууль, эрхзүй, нийгэм болон байгаль орчны үндэслэл, нотолгоо, тоон баримт зэргийг тусгасан төслийн баримт бичгийг;
5.1.25“түншлэлийн үе шат” гэж түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ болон тохиромжтой байдлын үнэлгээг хийх, урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл болон ТХХТ-ийн эх төсөл боловсруулах, түншлэлийн төслийг тодорхойлох, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, түншлэлийн гэрээг байгуулах, гэрээний удирдлагыг хангах, төслийг хэрэгжүүлэх буюу гэрээний дагуу нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг үзүүлэх, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, мониторинг хийх, төслийн үйл ажиллагаа болон үр дүнд аудит хийх тайлагнах, хувийн хэвшлийн түншлэгч түншлэлээс гарах, дэд бүтцийг төрийн түншлэгчид шилжүүлэх зэрэг түншлэлийн төслийн төлөвлөлт, хэрэгжилтийн бүх үе шатыг;
5.1.26“хөгжлийн бодлогын баримт бичиг” гэж Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг;
5.1.27“хувийн хэвшлийн түншлэгч” гэж төрийн түншлэгчтэй түншлэлийн гэрээ байгуулж, энэ хуульд заасан түншлэлийн төслийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Компанийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болон хуулийн этгээдийн нэгдлийг;
5.1.28“хувийн хэвшлээс төсөл санаачлах” гэж нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт түншлэлийн үндсэн дээр хэрэгжүүлэхээр хувийн хэвшлээс энэ хуульд заасны дагуу санаачилсан төслийн саналыг;
5.1.29“хэрэглэгчийн төлбөр” гэж нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг ашигласны төлөө хэрэглэгчээс төлөх төлбөр, хураамжийг;
5.1.30“эрсдэлийн шинжилгээ” гэж энэ хуульд заасан аргачлалын дагуу тухайн төслийн санхүү, хууль, нийгэм, байгаль орчин болон төсөвт үзүүлэх нөлөөлөл, тооцох үнэлгээ, шинжилгээг;
5.1.31“төслийн бүрэн шинжилгээ” гэж ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол, төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэл болон төслийн эрсдэлийг тооцох, түншлэлийн төрөл, төсөл хэрэгжих хэлбэр, хугацааг тодорхойлох зорилгоор энэ хуулийн 20.4-т заасан шинжилгээг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРЭН ЭРХ
6 дугаар зүйлУлсын Их Хурлын бүрэн эрх
6.1Улсын Их Хурал түншлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, тухайн жилийн төсвийн төслийг батлахдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх стратеги, бодлого болон мэдээллийг хэлэлцэж, хамт батлах;
6.1.2ТХХТ-ийн төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх тайлан мэдээллийг нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлантай хамт хэлэлцэх, хэрэгжилтэд хяналт тавих, чиглэл өгөх;
6.1.3ТХХТ-ийг хэрэгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэгтэй холбогдуулан Газрын тухай хуульд нийцүүлэн газар ашиглуулах асуудлаар шийдвэр гаргах.
7 дугаар зүйлЗасгийн газрын бүрэн эрх
7.1Засгийн газар түншлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1энэ хуульд заасан төслийн бүрэн шинжилгээ хийгдсэн ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
7.1.2түншлэлийг хэрэгжүүлэх нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбар, чиглэлийг батлах;
7.1.3түншлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг, Засгийн газрын баталгааны асуудлыг энэ хуульд заасны дагуу шийдвэрлэх;
7.1.4түншлэлийн төслийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авах, чиглэл өгөх;
7.1.5түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох;
7.1.6түншлэлийн тухай хууль тогтоомж, түншлэлийн хэрэгжилт, үр дүн болон гэрээний биелэлтийн явцад төслийн эрсдэл болон төсөвт үзүүлэх нөлөөллийн талаарх тайланг хэлэлцэж, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлантай хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
7.1.7ТХХТ-ийг хэрэгжүүлэхэд хэрэглэгчийн төлбөрийг бодит зардалд нийцүүлэх зорилгоор зарим салбарт үнийн зохицуулалт хийх.
7.2Засгийн газар ТХХТ-ийн хүрээнд дараах журам, аргачлалыг баталж, мөрдүүлнэ:
7.2.1ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээ хийх журам;
7.2.2.хувийн хэвшлийн түншлэгчийг болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам, жишиг баримт бичиг;
7.2.3ТХХТ-ийн гэрээ байгуулах журам, гэрээний стандарт загвар, гэрээний иж бүрдэл баримт бичиг;
7.2.4түншлэлийн хүрээнд эрсдэл тооцоолох, хуваарилах аргачлал;
7.2.5түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд энэ хуульд заасныг баримтлан төрөөс дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын баталгаа гаргах журам;
7.2.6ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээг хянах болон түншлэлийн гэрээ байгуулах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахад зөвшөөрөл олгох журам;
7.2.7түншлэлийн төслийн хэрэгжилт, санхүүжилт, зохион байгуулалт, тайлагналт болон хяналт тавих журам.
7.3Засгийн газар төр болон хувийн хэвшил хоорондын үр дүнтэй, тогтвортой түншлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төрийн байгууллагын хамтын ажиллагааг хангаж ажиллана.
8 дугаар зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түншлэлийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн саналыг тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн авах, төслийн саналд хийсэн урьдчилсан үнэлгээнд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран үнэлгээ өгч, хянан баталгаажуулах;
8.1.2урьдчилсан үнэлгээ хийгдсэн, түншлэлээр хэрэгжүүлэх төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах;
8.1.3энэ хуулийн 20.4-т заасан төслийн бүрэн шинжилгээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, Засгийн газраар хэлэлцүүлэх зөвшөөрлийг авах;
8.1.4Түншлэлийн төсөл хөгжүүлэх санг удирдах, сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах, төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн төсөлд тусгуулах санал хүргүүлэх;
8.1.5хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах болон түншлэлийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах;
8.1.6түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох, түншлэлийн гэрээг төрийн түншлэгч талыг төлөөлж салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран байгуулах;
8.1.7төр болон хувийн хэвшил хоорондын үр дүнтэй, тогтвортой түншлэлийн орчинг бэхжүүлэх, түншлэлийг хөгжүүлэх, түншлэлийн төсөлтэй холбогдуулан мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
8.1.8ТХХТ-ийн хууль тогтоомж, түншлэлийн төслийн хэрэгжилт, гэрээний биелэлтийн талаарх жилийн тайланг боловсруулж, Засгийн газарт жил бүр танилцуулах;
8.1.9хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтын журам, жишиг баримт бичгийг боловсруулах;
8.1.10түншлэлийн гэрээний стандарт загвар, гэрээ байгуулах иж бүрдэл баримт бичиг болон гэрээ байгуулах журмыг боловсруулах;
8.1.11түншлэлийн хүрээнд эрсдэл тооцоолох, хуваарилах аргачлалыг боловсруулах;
8.1.12түншлэлийн төслийн хэрэгжилт, санхүүжилт, зохион байгуулалт, тайлагналт болон хяналт тавих журмыг боловсруулах;
8.1.13түншлэлийн талаарх мэдээлэл, сурталчилгааг ТХХТ-ийн төвтэй хамтран зохион байгуулах, түншлэлийн ил тод байдлыг хангах, түншлэлийн төслийн талаарх мэдээллийг энэ хуульд зааснаар олон нийтэд хүргэх;
8.1.14ТХХТ-ийн төсөлд бүрэн шинжилгээ хийх төслийн багийг ТХХТ-ийн төв дээр тулгуурлан энэ хуульд зааснаар байгуулах;
8.1.15хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох чиг үүргийг хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг энэ хуульд зааснаар байгуулах;
8.1.16түншлэлийн гэрээ байгуулах болон түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, Засгийн газраар хэлэлцүүлэх зөвшөөрлийг авах;
8.1.17түншлэлийн дагуу бий болсон болон түншлэлд хамаарах аливаа хөрөнгийг түншлэлийн гэрээ, энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчид шилжүүлэх, бүртгэх арга хэмжээг зохион байгуулах;
8.1.18түншлэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэрээний биелэлтийг хангах, хяналт тавих.
8.2ТХХТ-ийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь ТХХТ-ийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл хүлээн авах, бүртгэх, тайлагнах журмыг баталж мөрдүүлнэ.
8.3ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ТХХТ-ийн төслийн төлөвлөлт, үнэлгээ, судалгаа шинжилгээ, сурталчилгаа, хэрэгжилт, хяналт, тайлагналт болон мэдээллийн асуудал хариуцсан нэгжтэй байна.
9 дүгээр зүйлСанхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
9.1Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түншлэлийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналд хийсэн урьдчилсан үнэлгээ болон түншлэлийн төслийн бүрэн шинжилгээг хянах, дүгнэлт гаргах, баталгаажуулах;
9.1.2түншлэлээр хэрэгжүүлэх төслийн төсвийн эрсдэлийн үнэлгээг хянах, тухайн төслийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр болон төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдлийн талаар дүгнэлт гаргах;
9.1.3түншлэлийн гэрээний төрлөөс хамаарч гэрээний дагуу төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтийг хэрэгжилт, гүйцэтгэлийн үнэлгээнд үндэслэн төсвийн төсөлд тусгах, төслийн санхүүжилтийг төсөвтэй уялдуулах;
9.1.4ТХХТ-ийн төслийн бүрэн шинжилгээнд үндэслэн түншлэлийн гэрээний хүрээнд төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл, Засгийн газрын өрийн баталгаа, нөхөх олговор болон төсвийн эрсдэл, санхүүгийн чадавхын асуудал болон Засгийн газрын өрийн хэмжээнд үзүүлэх нөлөөллийг тооцож, дүгнэлт гаргах;
9.1.5ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээг хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрөл өгөх, зөвшөөрөхгүй тохиолдолд үндэслэл, тайлбарыг ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
9.1.6түншлэлийн гэрээний төсөлтэй танилцах, төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдлийн тооцоо, шинжилгээг хянах, түншлэлийн гэрээ байгуулах болон түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад зөвшөөрөл өгөх, зөвшөөрөхгүй тохиолдолд үндэслэл, тайлбарыг ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
9.1.7түншлэлийн төслийн хүрээнд тухайн жилийн болон түншлэлийн төслийн нийт хугацаанд хүлээсэн санхүүгийн болон төлбөрийн нийт үүргийг хянах, төсвийн төлбөрийн үүрэг бүхий түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох, дүгнэлт гаргах, түншлэлийн төслийн төсвийн төлөвлөлт, зардал, эрсдэлтэй холбоотой асуудлаар холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах, шаардлагатай мэдээллийг гаргуулж авах;
9.1.8түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд энэ хуульд заасныг баримтлан төрөөс дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын баталгаа гаргах журмыг боловсруулах;
9.1.9ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээг хянах болон түншлэлийн гэрээ байгуулах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад зөвшөөрөл олгох журмыг боловсруулах.
9.2Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ТХХТ-ийн хүрээнд төсвийн нөлөөлөл, эрсдэл тооцох загварыг баталж, мөрдүүлнэ.
9.3Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ТХХТ-ийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдлийн тооцоо, шинжилгээг хянах, төсвийн эрсдэлийн талаар дүгнэлт гаргах, ТХХТ-ийн төслүүдийг төсөвтэй уялдуулах асуудал хариуцсан нэгжтэй байна.
10 дугаар зүйлСалбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
10.1ТХХТ-ийн төслийг хэрэгжүүлэхэд тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1түншлэлээр хэрэгжүүлэх төслийн санал гаргах;
10.1.2түншлэлээр хэрэгжүүлэх төсөлд урьдчилсан үнэлгээ хийх;
10.1.3урьдчилсан үнэлгээний тайланг ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
10.1.4хувийн хэвшлээс санаачилсан төслийн саналыг хүлээн авах, энэ хуульд зааснаар үнэлэх, тухайн төслийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох, дүгнэлт гаргах;
10.1.5урьдчилсан үнэлгээ нь хянан баталгаажсан төслийн саналыг хөгжлийн бодлогын баримт бичигт тусгуулах;
10.1.6түншлэлийн төсөлд бүрэн шинжилгээ хийх төслийн багийн бүрэлдэхүүнд ажиллах, төслийн багтай хамтран бүрэн шинжилгээг хийх;
10.1.7хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах болон түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох;
10.1.8хувийн хэвшлийн түншлэгчтэй төрийн түншлэгч талыг төлөөлж түншлэлийн гэрээг энэ хуульд зааснаар байгуулах;
10.1.9түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд төрийн түншлэгчийн чиг үүргийг энэ хууль болон гэрээнд зааснаар хэрэгжүүлэх, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах;
10.1.10түншлэлийн төслийн хэрэгжилт, гэрээний биелэлтийн талаарх жил бүрийн тайланг бэлтгэх, ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
10.1.11түншлэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэрээний биелэлтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих;
10.1.12түншлэлийн төслийн дэлгэрэнгүй мэдээлэл, төслийн баримт бичиг, түншлэлийн гэрээ, санхүүжилтийн талаарх мэдээллийг ТХХТ-ийн мэдээллийн нэгдсэн санд оруулах, олон нийтэд мэдээлэх, ил тод байдлыг хангах;
10.1.13түншлэлийн төсөлд оролцогчдод шаардагдах мэдээлэл, сонгон шалгаруулалтад бүрдүүлэх баримт бичиг, заавар, маягт, түншлэлийн гэрээний стандарт маягт, холбогдох мэдээллийг цахим хуудсанд байршуулах, олон нийтэд ил тод, тогтмол, хүртээмжтэй хүргэх, мэдээлэх.
11 дүгээр зүйлАймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх
11.1Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түншлэлийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1түншлэлийн хууль тогтоомж, тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжүүлэх төслийн түншлэлийн гэрээний биелэлтэд хяналт тавих;
11.1.2тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэх;
11.1.3тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтийг дэмжиж, хамтран ажиллах.
11.2Аймаг, нийслэлийн Засаг дарга түншлэлийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.2.1тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналыг боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх,
11.2.2ТХХТ-ийн төслийн саналыг тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
11.2.3тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтийг хангах, түншлэгч талуудад дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах, түншлэлийн гэрээний биелэлтэд энэ хууль болон түншлэлийн гэрээнд заасны дагуу хяналт тавих;
11.2.4төслийн бүрэн шинжилгээ хийх төслийн багийн бүрэлдэхүүнд болон түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох, түншлэлийн гэрээг төрийн түншлэгч талыг төлөөлж ТХХТ-ийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран байгуулах;
11.2.5түншлэлээр бий болсон болон түншлэлд хамаарах аливаа хөрөнгийг түншлэлийн гэрээ, энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу орон нутгийн өмчид шилжүүлэх, бүртгэх.
11.3Аймаг, нийслэлд энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй түншлэлийн төслийг батлах, гэрээ байгуулах, хэрэгжүүлэхийг хориглоно.
12 дугаар зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэлийн төв, түүний чиг үүрэг
12.1ТХХТ-ийн төвийг Засгийн газрын шийдвэрээр ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байгуулна.
12.2ТХХТ-ийн төв түншлэлийн хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.2.1ТХХТ-ийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төр болон хувийн хэвшил хоорондын үр дүнтэй, тогтвортой түншлэлийг хэрэгжүүлж, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
12.2.2ТХХТ-ийн төслийн саналыг түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой эсэх судалгаа хийх, түншлэгч талуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
12.2.3түншлэлээр хэрэгжүүлэх төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ, урьдчилсан болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, эрсдэлийн шинжилгээ, үнэлгээг төрийн түншлэгч байгууллага болон мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран мэргэжлийн түвшинд төслийн багтай хамтран боловсруулах;
12.2.4энэ хуулийн 12.2.3-т заасан судалгаа, шинжилгээний үр дүнг тухайн салбарын болон ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж, төслийг үнэлж, түншлэлээр хэрэгжүүлэх тохиромжтой эсэхийг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллээр хангах;
12.2.5түншлэлийн төслүүдийн боломжийг тодорхойлж, хувийн хэвшлийн оролцоо, чадамж, сонирхлыг тандан судлах, хөрөнгө оруулагч болон бусад сонирхогч талуудад зориулсан танилцуулгыг боловсруулах;
12.2.6судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийхэд мэргэжлийн эксперт болон зөвлөхийн үйлчилгээ авах, гэрээ байгуулах;
12.2.7хувийн хэвшлээс санаачилсан төсөлд тухайн хувийн хэвшлийн санхүүжилтээр төсөлд шаардлагатай дүн шинжилгээ хийж, үр дүнг тухайн салбарын болон ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах;
12.2.8түншлэлээр хэрэгжүүлэх төслийн төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцоход санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
12.2.9энэ хуулийн 49.3-д заасан журмын дагуу сангийн эх үүсвэрийг Түншлэлийн төсөл хөгжүүлэх санд төвлөрүүлэх;
12.2.10төслийн хэрэгжилтийн санхүүгийн болон эрсдэлийн хяналт шинжилгээг тайлагнах;
12.2.11түншлэлийн төсөлд шаардлагатай мэдээлэл, журам, сонгон шалгаруулалтад бүрдүүлэх баримт бичиг, зааварчилгаа, маягт, түншлэлийн жишиг гэрээний загвар болон түншлэлд оролцогч этгээдэд шаардлагатай холбогдох баримт бичгийг боловсруулах, мэдээллийг ТХХТ-ийн мэдээллийн нэгдсэн санд тогтмол байршуулах, олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэх.
12.3ТХХТ-ийн төв нь аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу Засгийн газар байгуулж, дүрмийг батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТӨРӨЛ, ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ, БЭЛТГЭЛ АЖИЛЛАГАА БОЛОН ТАВИГДАХ ШААРДЛАГА
13 дугаар зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх салбар
13.1ТХХТ-ийг энэ хуулийн 3.2-т зааснаас бусад салбарт хэрэгжүүлэх нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбар, чиглэлүүдийг энэ хуулийн 7.1.2-т зааснаар Засгийн газар тогтооно.
14 дүгээр зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэлийн төрөл
14.1ТХХТ-ийг санхүүжүүлэх хэлбэрээс нь хамааран дараах 3 төрлөөр хэрэгжүүлнэ:
14.1.1түншлэлийн төслийн зардлыг хэрэглэгчийн төлбөр, хураамж болон төслийн орлогоор санхүүжүүлэх;
14.1.2түншлэлийн төслийн зардлыг түншлэлийн гэрээнд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх;
14.1.3энэ хуулийн 14.1.1, 14.1.2-т заасны холимог төрөл.
14.2Энэ хуулийн 14.1.1-д зааснаар хувийн хэвшлийн түншлэгчээс түншлэлийн төслийн зардлыг тухайн төслийн нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний хэрэглэгчийн төлбөр, хураамж болон төслийн орлогоор гэрээнд заасны дагуу санхүүжүүлж, хэрэгжүүлнэ.
14.3Энэ хуулийн 14.1.2-т зааснаар хувийн хэвшлийн түншлэгчийн түншлэлийн төслийн зардлыг тухайн төслийн үр ашиг, үйлчилгээний чанар, хүртээмж, гүйцэтгэлийн үнэлгээ, төлбөрийн хуваарьт үндэслэн төсвөөс санхүүжүүлж, хэрэгжүүлнэ.
14.4ТХХТ-ийн төслийн бүрэн шинжилгээний дүгнэлтээр хэрэглэгчийн төлбөр, хураамж дангаар төслийн зардлыг санхүүжүүлэх боломжгүй, тодорхой хэсгийг төсвөөс зайлшгүй санхүүжүүлэх шаардлагатай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 14.1.3-т заасан төрлийг хэрэгжүүлж болно.
14.5Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээ, төслийн үйл ажиллагаа, онцлогоос хамаарч энэ хуулийн 14.1-д заасан түншлэлийн төрлийг түншлэгч талуудын хооронд байгуулах ТХХТ-ийн гэрээгээр тодорхойлно.
15 дугаар зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх түншлэлийн гэрээний төрөл
15.1ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн онцлогоос хамаарч түншлэлийн гэрээ дараах төрөлтэй байна:
15.1.1зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх;
15.1.2барих, ашиглах, шилжүүлэх;
15.1.3барих, шилжүүлэх, ашиглах;
15.1.4барих, өмчлөх, ашиглах, шилжүүлэх;
15.1.5түрээслэх болон түрээслүүлж төрийн үйлчилгээг үзүүлэх;
15.1.6ашиглалт болон засвар арчлалтыг хэрэгжүүлэх;
15.1.7сэргээн засварлах, эзэмших, ашиглах, шилжүүлэх;
15.1.8удирдлагыг хэрэгжүүлэх;
15.1.9төслийн бүрэн шинжилгээгээр тодорхойлсон түншлэлийн гэрээний бусад төрлүүд.
15.2Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээ, төслийн үйл ажиллагаа, онцлогоос хамаарч энэ хуулийн 15.1-д заасан гэрээний төрлийг түншлэгч талуудын хооронд байгуулах ТХХТ-ийн гэрээгээр тодорхойлно.
15.3Энэ хуулийн хүрээнд “барих-шилжүүлэх” төрлөөр барьж байгуулаад шууд шилжүүлэх нөхцөлтэй, богино хугацаанд хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтаас үл ялгагдах төрлийн гэрээг байгуулах болон түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглоно.
16 дугаар зүйлТөрийн болон хувийн хэвшлийн түншлэгч талууд
16.1Дараах этгээд төрийн түншлэгч байна:
16.1.1Монгол Улсын яам;
16.1.2аймаг, нийслэлийн Засаг дарга;
16.1.3төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд.
16.2Хувийн хэвшлийн түншлэгч нь энэ хуулийн 5.1.27-д заасан этгээд байна.
17 дугаар зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн үе шат
17.1ТХХТ-ийн төсөл дараах үе шаттай байна:
17.1.1төслийг төлөвлөх буюу төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэх эсэхийг судлан шинжлэх үе шат:
17.1.1.1түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ хийх;
17.1.1.2урьдчилсан үнэлгээний дүгнэлтэд үндэслэн ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслүүдийг хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах.
17.1.2ТХХТ-ээр хэрэгжүүлэхээр хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан төсөлд бүрэн шинжилгээг хийх, үнэлэх үе шат:
17.1.2.1түншлэлийн төслийн дүн шинжилгээг хийх;
17.1.2.2төслийн урьдчилсан болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах;
17.1.2.3ТХХТ-ийн эх төслийг боловсруулах;
17.1.2.4төслийн эрсдэлийг судалж тодорхойлох;
17.1.3түншлэлийн төслийг тодорхойлж, хэрэгжүүлэх шийдвэр гаргах;
17.1.4хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах;
17.1.5хэлэлцээр хийж, түншлэлийн гэрээ байгуулах;
17.1.6түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, гэрээний удирдлагыг хангах төслийн хэрэгжилтийн үе шат;
17.1.7төслийн хэрэгжилтийн хяналт, үнэлгээ, мониторингийг хэрэгжүүлэх;
17.1.8түншлэлийн гэрээ дуусгавар болох, түншлэлийн зүйлийг төрийн болон орон нутгийн өмчид авах, бүртгэх.
18 дугаар зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөлд тавигдах шаардлага
18.1ТХХТ-ийн төсөл дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
18.1.1Энэ хуульд заасан үнэлгээ, шинжилгээ, судалгаагаар төсөл нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт ТХХТ-ээр хэрэгжүүлэхэд тохиромжтой болох нь тодорхойлогдсон байх;
18.1.2хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг, бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгагдсан болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх;
18.1.3хөгжлийн тэргүүлэх ач холбогдолтой төсөл байх, энэ хуульд заасан түншлэлийн төрөл, хэлбэрүүдэд нийцэж байх;
18.1.4хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад үндэслэн дэд бүтцийг байгуулах, засвар үйлчилгээ үзүүлэх, нийтэд зориулсан төрийн үйлчилгээг гүйцэтгүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, инноваци, шинэ технологийг нэвтрүүлэх боломжтой байх;
18.1.5байгаль орчинд сөрөг нөлөөгүй, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байх;
18.1.6тухайн төслийн хувьд хөрөнгө оруулагч болон санхүүжүүлэгч талууд төслийг хэрэгжүүлэх сонирхолтой болохыг зах зээлийн судалгаагаар тогтоосон, өрсөлдөөнт шалгаруулалт явуулах нь тодорхой болсон байх.
18.2ТХХТ-ийн гэрээ байгуулж, хэрэгжүүлэх төсөл нь дараах тусгай шаардлагыг хангасан байна:
18.2.1төслийн төсөв, санхүүгийн үнэлгээ, урьдчилсан болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг энэ хуулийн 19.4, 19.6-д нийцүүлэн гүйцэтгэсэн байх;
18.2.2төслийн хэмжигдэхүйц зорилтуудад үндэслэн төслийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон байх;
18.2.3хууль зүйн дүн шинжилгээ, нийгмийн болон байгаль орчны нөлөөллийн шинжилгээ хийгдэж баталгаажсан байх;
18.2.4төслийн бүрэн шинжилгээгээр түншлэлийн төслийн хүрээнд олон нийтэд үзүүлэх төрийн үйлчилгээ нь холбогдох стандартын шаардлагыг хангасан байх;
18.2.5техникийн шаардлага, төслийн орц, гарц болон хүрэх үр дүнг тодорхойлсон байх;
18.2.6хувийн хэвшлийн түншлэгчийн гэрээний дагуу гүйцэтгэх төслийн үйл ажиллагаа, арга хэмжээ, хамрах хүрээг тогтоосон байх;
18.2.7төслийн үйл ажиллагаанд шаардлагатай аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу олгогдох зөвшөөрлийг тодорхойлсон байх;
18.2.8төслийн эрсдэлийг үнэлж, гэрээний хүрээнд эрсдэлийг бууруулах арга хэмжээг тодорхойлсон байх;
18.2.9төсөл хэрэгжүүлэхэд төрөөс үзүүлэх шаардлагатай дэмжлэгийн төрөл, хэлбэрийг тодорхойлсон байх;
18.2.10төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдлийн тооцоо, шинжилгээ нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянагдсан байх;
18.2.11төсөл хэрэгжих хугацаанд хувийн хэвшлийн түншлэгчийн үйл ажиллагаа, хэрэгжилт, гүйцэтгэлд гэрээний дагуу хяналт тавих, үнэлэх асуудлыг тусгасан байх;
18.2.12түншлэлийн гэрээг байгуулахаас өмнө хувийн хэвшлийн түншлэгчтэй гэрээний хэлэлцээр хийж, гол нөхцөлүүдийг харилцан тохиролцсон байх;
18.2.13төслийн нийт зардлыг тухайн төслийн үе шатны бүх зардлыг оролцуулан нэгдсэн дүнгээр тодорхойлсон байх;
18.2.14түншлэлийн төслийн дагуу үзүүлж байгаа төрийн үйлчилгээ нь нийтэд зориулсан, төлбөр нь зах зээлийн үнэтэй уялдсан, бүртгэл хийх боломжтой байх;
18.2.15байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлсэн байх;
18.2.16ТХХТ-ийн өмчлөлийн зүйлийг зохистой удирдахад тавигдах түншлэлийн гэрээ болон төслийн баримт бичигт тавигдсан бусад шаардлагыг хангах.
18.3Энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэхийг хориглоно.
19 дүгээр зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн төлөвлөлт, урьдчилсан үнэлгээ
19.1Тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хувийн хэвшлээс энэ хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцсэн төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэх санал гаргах эрхтэй.
19.2Энэ хуулийн 19.1-д заасан саналыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
19.3ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн саналыг ТХХТ-ийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхэд тохиромжтой эсэхийг энэ хуульд заасан урьдчилсан үнэлгээгээр тогтооно.
19.4Энэ хуулийн 19.3-т заасан төслийн саналд тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ТХХТ-ийн төв хамтран урьдчилсан үнэлгээг жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрийн дотор хийж, дүгнэлтийг ТХХТ-ийн болон санхүү, төсвийн асуудал асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.
19.5ТХХТ-ийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хянасан ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийг хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах асуудлыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан цаглабарын дагуу хэрэгжүүлнэ.
19.6Энэ хуульд заасны дагуу урьдчилсан үнэлгээ хийгдээгүй, хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдаагүй төслийг ТХХТ-ийн бүрэн шинжилгээнд хамруулахыг хориглоно.
20 дугаар зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн бүрэн шинжилгээ
20.1ТХХТ-ээр хэрэгжүүлэхээр хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан төсөлд ТХХТ-ээр хэрэгжүүлэх үр ашиг, ач холбогдлыг нарийвчлан судалж тогтоох, хэрэгжүүлэх боломжийн талаар дүгнэлт гаргах, түншлэлийн төрөл, төслийг хэрэгжүүлэх гэрээний төрөл, хэлбэрийг тодорхойлох зорилгоор төслийн бүрэн шинжилгээг хийнэ.
20.2ТХХТ-ийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төслийн бүрэн шинжилгээ хийх төслийн багийг хамтран ТХХТ-ийн төвийн дэргэд байгуулах бөгөөд бүрэн шинжилгээ хийх хугацааг холбогдох журамд заасан байна.
20.3Энэ хуулийн 20.2-т заасан төслийн багийн бүрэлдэхүүнд ТХХТ-ийн болон тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түншлэлийн төслөөс хамааран холбогдох төрийн байгууллага, төсөл хэрэгжих орон нутгийн байгууллагын төлөөлөл, эдийн засаг, хууль, эрх зүй, нийгмийн болон байгаль орчны холбогдох салбарын мэргэжлийн үндэсний болон олон улсын судлаач, зөвлөхүүдийг оролцуулах бөгөөд төслийн багийн бүрэлдэхүүний 30-аас доошгүй хувь нь хөндлөнгийн хараат бус зөвлөхүүд байна.
20.4Төслийн баг холбогдох аргачлал, журмын дагуу дараах байдлаар тухайн төслийн хэрэгцээ, шаардлага, санхүү, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол, төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэл, санхүүгийн болон бусад нөөц, боломжийг бүрэн шинжилгээгээр тодорхойлж дүгнэлт гаргана:
20.4.1мөнгөний үнэ цэнийн шинжилгээг хийх;
20.4.2урьдчилсан болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл,
20.4.3ТХХТ-ийн гэрээний төрөл, загвар, гол нөхцөл, төсөлд тавигдах шаардлагыг хангасан эсэх үнэлгээ;
20.4.4хууль зүйн дүн шинжилгээ, нийгмийн болон байгаль орчны нөлөөллийн шинжилгээ;
20.4.5төслийн эрсдэл, түүнийг бууруулах арга хэмжээг тодорхойлсон эрсдэлийн шинжилгээний дүгнэлт;
20.4.6төслийг хэрэгжүүлэх түншлэлийн төрөл, гэрээний хэлбэр, төсөл хэрэгжих хугацаа;
20.4.7тухайн төсөлд шаардлагатай төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл.
20.5Төслийн баг түншлэлээр хэрэгжүүлэхээр санал болгосон төслийн ТХХТ-ийн эх төслийг боловсруулна.
20.6Энэ хуулийн 20.4.5-д заасан эрсдэлийн шинжилгээгээр, мөн хуулийн 20.4.2, 20.4.5-д заасан нөхцөл, шаардлагуудад үндэслэн ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн эрсдэлийг үнэлэх, хуваарилах, бууруулах болон хянах зэрэг эрсдэлийн удирдлагын арга хэмжээг төлөвлөсөн байна.
20.7Төслийн баг төслийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдлийг тооцохдоо санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах ба энэ хуулийн 9.2-т заасан загварын дагуу төслийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдлийг болон түншлэлийн гэрээний дагуу төсөвт шууд болон шууд бус төлбөрийн үүрэг, хариуцлагыг бий болгох эсэхийг тооцно.
20.8Төслийн баг түншлэлийн төсөл нь төсвийн эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй, энэ хуулийн 20.4.7-д заасан төрөөс дэмжлэг үзүүлэх боломжгүй гэж дүгнэсэн тохиолдолд ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн саналыг буцаах, хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах, төслийн эх үүсвэрийг өөрчлөх талаар санал гаргана.
20.9Төслийн баг тухайн төслийн талаар олон нийт, иргэд, төрийн болон бусад байгууллагатай хамтран хэлэлцүүлэг өрнүүлж, саналыг авч болно.
20.10Төслийн баг төслийн бүрэн шинжилгээний үр дүнгээс хамаарч ТХХТ-ээр хэрэгжүүлэх зарим төслийг нэгтгэж нэг төсөл болгон хэрэгжүүлэх нь үр ашигтай гэж үзсэн тохиолдолд нэгтгэн хэрэгжүүлэх санал гаргаж болно.
21 дүгээр зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг тодорхойлж, шийдвэр гаргах
21.1ТХХТ-ийн төслийн баг бүрэн шинжилгээгээр ТХХТ-ээр хэрэгжүүлэхэд тохиромжтой гэж тодорхойлсон төслийг төслийн иж бүрэн баримт бичгүүдийн хамт ТХХТ-ийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүрэн шинжилгээ хийгдэж, дүгнэлт гарснаас хойш ажлын 5 өдөрт багтаан хүргүүлнэ.
21.2Төслийн баг төслийн баримт бичгийн иж бүрдэлд дор дурдсан мэдээллийг тусгасан хяналтын хуудсыг хүргүүлсэн байна:
21.2.1ТХХТ-ийн төслийн төрийн түншлэгч байгууллагад хамаарах дараах мэдээлэл:
21.2.1.1санхүүгийн эх үүсвэрийн боломж, түншлэлд зөвлөгөө болон дэмжлэг үзүүлэх чадавх;
21.2.1.2төрийн байгууллагын албан хаагч, мэргэжилтний мэдээлэл;
21.2.1.3удирдлагын түвшинд түншлэлийг хэрэгжүүлэх сонирхол болон үзүүлэх дэмжлэгийн түвшин;
21.2.1.4холбогдох бусад хүчин зүйлс.
21.2.2ТХХТ-ийн төсөлтэй холбоотой дараах мэдээлэл:
21.2.2.1төслийн мэдээлэл, танилцуулга, төсөл хэрэгжих бэлэн байдал, төслийн нийт өртөг, ашиглалтын хугацаа болон хэрэгжүүлэх хуваарь;
21.2.2.2төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, эрсдэлийн шинжилгээ болон эрсдэлийг хуваарилах санал болон бусад бүх асуудлыг тусгасан ТХХТ-ийн эх төсөл;
21.2.2.3түншлэлийн төрөл, төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтийн хуваарь, хэрэглэгчийн төлбөр, хураамжийн судалгаа, зардал-үр ашгийн тооцоолол, төслийн санхүүжилтийн мэдээлэл;
21.2.2.4төслийн барилга болон үйл ажиллагааны тодорхойлолт,
21.2.2.5төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах төрийн байгууллагууд;
21.2.2.6төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл;
21.2.2.7нийгмийн хамгаалал, байгаль орчны нөлөө, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, цаг уурын эрсдэл болон сорилт, тэдгээрийг бууруулах арга хэмжээ;
21.2.2.8холбогдох бусад хүчин зүйлс.
21.3ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ТХХТ-ийн төслийн бүрэн шинжилгээ болон эрсдэлийн үнэлгээний тайланд үндэслэн тухайн төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэх саналыг, Засгийн газрын шийдвэрийн төслийн хамт ажлын 10 өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
21.4Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн төслийн бүрэн шинжилгээний тайлан, дүгнэлт болон энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрлийг ажлын 10 өдөрт багтаан ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
21.5Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгохдоо дараах тооцоо, судалгааг үндэслэл болгоно:
21.5.1нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлээр батлагдсан ерөнхий нөхцөлүүд, эрэлт, нийлүүлэлт, тариф, зах зээлийн хувьсагч үзүүлэлтүүд, тэдгээрт хийгдсэн эрсдэлийн дүгнэлт;
21.5.2төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэл, төрөөс үзүүлэх дэмжлэгийн хүрээнд төсөвт тусгах урсгал болон хөрөнгө оруулалтын зардал, хөнгөлөлт, тэдгээрийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцсэн талаарх санал, дүгнэлт;
21.5.3Төрөөс үзүүлэх дэмжлэгийн хүрээнд төсөвт үзүүлэх болзошгүй өр төлбөрийн шинжилгээ, Засгийн газрын баталгаа гаргах төрөл хэлбэр, түүний Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Өрийн удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэх талаарх санал, дүгнэлт.
21.6ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн ТХХТ-ийн төслийн саналыг ажлын 5 өдөрт багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
21.7Засгийн газар энэ хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл олгогдсон төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэх эсэх шийдвэрийг гаргаж, ТХХТ-ийн төслийг батална.
21.8ТХХТ-ийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 21.7-д заасны дагуу батлагдсан ТХХТ-ийн төслийг зарлах, төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
21.9Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааны хугацааг энэ хуулийн 7.2.2-т заасан сонгон шалгаруулалтын журмаар зохицуулна.
21.10ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуульд заасан төслийн бүрэн шинжилгээгээр тухайн төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэхэд тохиромжгүй болох нь тогтоогдсон тохиолдолд төслийг төсөл санаачлагчид буцаах шийдвэр гаргана.
22 дугаар зүйлХувийн хэвшлээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл санаачлах
22.1Нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэхээр хувийн хэвшлээс санал гаргаж болох бөгөөд төслийн саналаа тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
22.2Тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хувийн хэвшлээс гаргасан төслийн саналд урьдчилсан үнэлгээг хийж, ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
22.3Хувийн хэвшлээс уг төсөлтэй холбогдуулан нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, төсөл хэрэгжүүлэх зарчим, технологийн шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч, түүнд үндэслэн тухайн төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэхэд тохиромжтой эсэхийг тогтоох бүрэн шинжилгээг энэ хуулийн 20.2-т заасны дагуу төслийн баг хийнэ.
22.4ТХХТ-ийн болон холбогдох салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 22.3-т зааснаар төслийн саналыг үнэлэхдээ дараах асуудлыг судалж үзсэн байна:
22.4.1төсөл санаачлагчийн оюуны өмч, бизнесийн нууц болон бусад тусгай эрхийг ашиглахгүйгээр үр дүнтэй хэрэгжих боломжтой төсөл эсэх;
22.4.2төслийг хэрэгжүүлэхэд төсвөөс аливаа төлбөрийн үүрэг, болзошгүй төлбөрийн үүрэг, хариуцлага үүсэх эсэх;
22.4.3төслийн технологийн шийдэл нь цор ганц, шинэлэг эсэх.
22.5Хувийн хэвшлээс санаачилсан төслийн саналыг үнэлэхдээ төслийн саналтай холбоотой оюуны өмч, бизнесийн нууц болон төсөл санаачлагчийн ирүүлсэн мэдээллийг зөвхөн үнэлгээ хийх албан хэрэгцээнд ашиглана.
22.6Төсөл санаачлагч хувийн хэвшил нь төслийн саналд бүрэн шинжилгээ хийхдээ холбоотой зардлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
22.7Хувийн хэвшлээс санаачилсан төслийн саналд энэ хуульд заасан шаардлага, нөхцөл, журмууд нэгэн адил үйлчилнэ.
22.8Хувийн хэвшлээс санаачилсан төслийг бүрэн шинжилгээгээр ТХХТ-ээр хэрэгжүүлэхэд ач холбогдол, үр ашиггүй гэж үзсэн тохиолдолд тухайн төслийн саналыг санал гаргасан этгээдэд буцаана.
22.9Хувийн хэвшлийн санаачилсан төсөл нь ТХХТ-ээр хэрэгжүүлэхэд тохиромжтой болох нь тогтоогдвол тухайн төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг энэ хуульд заасны дагуу зохион байгуулна.
22.10Хувийн хэвшлийн төсөл санаачлагч этгээд сонгон шалгаруулалтын өрсөлдөөнд оролцохдоо бусад оролцогчдын нэгэн адил үнэлгээний шалгуурт хамаарах ба үнэлгээнд сонгон шалгаруулалтын журамд заасан давуу эрхийн оноог авах эрхтэй.
22.11Сонгон шалгаруулалтын хугацаанд тодорхой санал ирээгүй тохиолдолд анх санал ирүүлсэн оролцогчтой хэлэлцээ хийх ба гэрээг байгуулах шийдвэрт хүрсэн тохиолдолд энэ хуульд зааснаар ТХХТ-ийн гэрээг байгуулна.
22.12Тухайн төсөл дэмжигдсэн эсэхээс үл хамааран энэ хуулийн 22.6-д заасан зардлыг буцаан олгохгүй.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ЗАРЛАХ, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
23 дугаар зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг урьдчилан зарлах
23.1ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зах зээлийн судалгаа хийх, хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор урьдчилсан үнэлгээ хийгдэж, хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсанаас хойших 12 сарын хугацаанд ТХХТ-ийн төслүүдийг нийтэд зориулан урьдчилан зарлаж болно.
23.2ТХХТ-ийн төслийг урьдчилан зарлах нь түншлэлээр хэрэгжүүлэх төслийг сонирхож буй олон нийтэд төслийн талаар мэдээлэл өгөх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах зорилготой байна.
23.3Урьдчилан зарласан ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслүүдэд энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан урьдчилсан үнэлгээг зайлшгүй хийсэн байх шаардлагатай ба энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан бүрэн шинжилгээ хийгдээгүй байж болно.
23.4ТХХТ-ийн төслийг урьдчилан зарласан нь тухайн төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэхээр шийдвэр гарсанд тооцогдохгүй, тухайн төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг зарлах үүрэг хүлээхгүй.
23.5Урьдчилан зарласан ТХХТ-ийн төслийг хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшил нь энэ хуулийн 22.1-д заасны дагуу тухайн төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн саналыг ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж болно.
23.6ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ТХХТ-ийн төвтэй хамтран ТХХТ-ийн төслүүдийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулна.
24 дүгээр зүйлСонгон шалгаруулалтыг зарлах, олон нийтэд мэдээлэх
24.1Энэ хуулийн 21.7-д заасан Засгийн газрын шийдвэрийн дагуу ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран төслийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг тухай бүр байгуулах бөгөөд уг ажлын хэсэг ТХХТ-ийн төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
24.2Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүний 30-аас доошгүй хувь нь хөндлөнгийн хараат бус гишүүд байна.
24.3Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын баримт бичгийг Засгийн газраас баталсан жишиг баримт бичиг, гэрээний загвар, сонгон шалгаруулалтын журам, аргачлалын дагуу боловсруулна.
24.4Ажлын хэсэг төслийн сонгон шалгаруулалтын урилгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудсанд байршуулах, сонгон шалгаруулалтын талаар танилцуулга хийх, уулзалт зохион байгуулах зэргээр олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй.
24.5Сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа оролцогчид харилцан эрх тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлж, мэдээллээр ижил түвшинд хангах, шаардлага тавих, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа ил тод байх зарчмыг баримтална.
24.6Хувийн хэвшлийн түншлэгчийн саналыг хүлээн авах, үнэлэх үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх ба ажлын хэсэг сонгон шалгаруулалтын тухай мэдээллийг ил тод, нээлттэй зарлах, саадгүй олгох, өрсөлдөөний тэнцвэрийг хангах зорилгоор мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана.
24.7ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтын үр дүнг бусад оролцогчид болон олон нийтэд нээлттэй мэдээлж, танилцуулах үүрэгтэй байх бөгөөд сонгон шалгаруулалтын ил тод байдлыг хангаж ажиллана.
25 дугаар зүйлХувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шат
25.1Хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалт дараах 2 үе шаттай байна:
25.1.1урьдчилсан шалгаруулалт;
25.1.2уралдаант шалгаруулалт.
25.2Урьдчилсан шалгаруулалтын үе шатанд дараах үйл ажиллагааг зохион байгуулна:
25.2.1сонгон шалгаруулалтын ажлын хэсэг урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг холбогдох журмын дагуу боловсруулж, ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулах;
25.2.2урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт холбогдох журамд зааснаас гадна дараах мэдээллийн талаар шалгуур үзүүлэлтийг тусгана:
25.2.2.1түншлэлийн төслийн танилцуулга, төслийн ажлын даалгавар, техникийн тодорхойлолт, жишиг маягтууд, төсөл хэрэгжүүлэх төрийн түншлэгчийн талаарх мэдээлэл, тайлбар;
25.2.2.2түншлэлийн төслийн гол хүчин зүйлс, хувийн хэвшлийн түншлэгчийн үзүүлэх үйлчилгээ, төрөөс үзүүлэх дэмжлэгийн мэдээлэл;
25.2.2.3төслийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн түншлэгчийн санхүү, удирдлага, хүний нөөцийн чадавх, ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага;
25.2.2.4сонгон шалгаруулалтын шалгуур,шалгаруулах үе шат, аргачлал, оролцогчдод өгөх зааварчилгаа, баримт бичиг илгээх хэлбэр, хугацаа;
25.2.2.5шаардлагатай бусад баримт бичиг, мэдээлэл,
25.2.3урьдчилсан шалгаруулалтыг зарлах;
25.2.4сонгон шалгаруулалтын ажлын хэсэг төрийн түншлэгч байгууллагатай хамтран уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, төсөлтэй холбогдох баримт бичгийн талаар мэдээлэл өгөх;
25.2.5урьдчилсан шалгаруулалтад оролцох хувийн хэвшлийн саналыг хүлээн авах, урьдчилсан шалгаруулалтын сонгон шалгаруулалтын баримт бичгийг олгох;
25.2.6урьдчилсан шалгаруулалтад хувийн хэвшлээс ирүүлсэн төслийн санал сонгон шалгаруулалтын шаардлагыг хангах эсэхийг үнэлэх;
25.2.7ТХХТ-ийн төслийг хэрэгжүүлэх шаардлага хангасан буюу урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн оролцогчийн хураангуй жагсаалт гаргах, дараагийн шалгаруулалтад оролцох тухай мэдэгдлийг хураангуй жагсаалт гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан хүргүүлэх.
25.2.8
25.2.9