Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2021 ОНЫ 10-Р САРЫН 14 ӨДӨР
УЛААНБААТАР

ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль тогтоомж
2.1.Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Даатгалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч болон гишүүн, эрх залгамжлагч, өвлөгч нарын хооронд үүсэх харилцааг энэ хууль болон Даатгалын тухай хууль, Иргэний хууль, холбогдох бусад хуулиар зохицуулна.
3.2.Ажил олгогч, ажилтны хооронд үүсэх хувийн нэмэлт тэтгэврийн шимтгэл төлөхтэй холбоотой харилцааг энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.
3.3.Хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаанд төрөөс тавих хяналт, зохицуулалттай холбоотой харилцааг энэ хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох бусад хуулиар зохицуулна.
3.4.Хувийн нэмэлт тэтгэврийн харилцаатай холбоотой кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагааг энэ хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар тус тус зохицуулна.
3.5.Хувийн нэмэлт тэтгэвэртэй холбогдох татварын харилцааг татварын хууль тогтоомжоор зохицуулна.
3.6.Энэ хууль Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд заасан даатгалын харилцаанд үйлчлэхгүй.
4 дүгээр зүйл.Хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1.Хувийн нэмэлт тэтгэвэр /цаашид “нэмэлт тэтгэвэр” гэх/-ийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1.сайн дурын байх;
4.1.2.шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын байх;
4.1.3.үйл ажиллагаа, засаглал ил тод байх;
4.1.4.санхүүгийн тогтвортой, бие даасан, найдвартай байдлыг хангасан байх;
4.1.5.өвлөгддөг байх.
4.2.Нийгмийн даатгалд хамрагдсан иргэн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт сайн дурын үндсэн дээр хамрагдаж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврээс гадна нэмэлт тэтгэвэр авч болно.
5 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1.“ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр” гэж ажил олгогчоос ажилтантай тохиролцсоны үндсэн дээр холбогдох гэрээг, ажилтан нь энэ хуулийн 5.1.14-т заасан нэмэлт тэтгэврийн гэрээг хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчтай байгуулж, ажил олгогч, ажилтан хамтран шимтгэл төлж хамрагдах үйлчилгээг;
5.1.2.“хувь хүний нэмэлт тэтгэврийн хөтөлбөр” гэж хувь хүн хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчтай энэ хуулийн 5.1.14-т заасан нэмэлт тэтгэврийн гэрээг байгуулж, шимтгэл төлж хамрагдах үйлчилгээг;
5.1.3.“нэмэлт тэтгэврийн хөтөлбөр” гэж хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчаас гишүүнд нэмэлт тэтгэвэр олгох зорилгоор шимтгэл, хөрөнгө оруулалтын өгөөжөөр хуримтлал үүсгэн хэрэгжүүлэх Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн үйлчилгээг;
5.1.4.“шимтгэл” гэж нэмэлт тэтгэвэр авах зорилгоор хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид гишүүний нэр дээр төлсөн мөнгөн дүнг;
5.1.5.“хувийн тэтгэврийн сан” гэж нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хязгаарлагдмал хариуцлагатай компанийг;
5.1.6.“урт хугацааны даатгагч” гэж Даатгалын тухай хуулийн 31.1.3-т заасан урт хугацааны даатгал эрхэлж буй этгээдийг;
5.1.7.“гишүүн" гэж энэ хуулийн 6.1.2-т заасан нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан хүнийг;
5.1.8.“өвлөгч” гэж Иргэний хуулийн 520, 522 дугаар зүйлд заасан этгээдийг;
5.1.9.“эрх залгамжлагч” гэж нас барсан гишүүний нэмэлт тэтгэврийн нэрийн дансыг хүлээн авахаар гишүүний нэрлэсэн хүнийг;
5.1.10.“хадгалагдсан эрх” гэж шилжүүлэх, барьцаалах, хурааж авах, хүчингүй болгох эрхгүй, гишүүний нэмэлт тэтгэврийн хөрөнгө эзэмших эрхийг;
5.1.11.“нэмэлт тэтгэвэр” гэж нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн дагуу гишүүн, эрх залгамжлагч, өвлөгчид олгох мөнгөн хөрөнгийг;
5.1.12.“нэмэлт тэтгэврийн хөрөнгө” гэж гишүүний нэмэлт тэтгэврийн нэрийн дансанд хуримтлагдсан нийт мөнгөн хөрөнгийг;
5.1.13.“нэмэлт тэтгэврийн журам” гэж шимтгэл төлөх, өгөөж тооцох, олгох болон тэтгэвэр авах нөхцөл, болзлыг тодорхойлсон баримт бичгийг;
5.1.14.“нэмэлт тэтгэврийн гэрээ” гэж гишүүний хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчтай нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн талаар байгуулсан хэлцлийг;
5.1.15.“нэмэлт тэтгэврийн нэрийн данс” гэж хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчаас гишүүний нэр дээр бүртгэсэн нийт шимтгэл, өгөөж, зардлыг тусгасан мөнгөн хуримтлалын бүртгэлийг;
5.1.16.“баталгаат өгөөж” гэж нэмэлт тэтгэврийн нэрийн дансанд тайлант хугацаанд мөнгөн орлого хэлбэрээр бүртгэх хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч бүрэн баталгаа гаргасан хөрөнгө оруулалтын орлогыг;
5.1.17.“хөрөнгө оруулалтын бодлого” гэж хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчаас баталсан нэмэлт тэтгэврийн хөрөнгөөр хөрөнгө оруулахтай холбоотой шийдвэр гаргахад удирдамж болох Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрч, бүртгэсэн баримт бичгийг;
5.1.18.“эрсдэлийн удирдлагын бодлого” гэж хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн эрсдэлийг удирдах зорилгоор баталж, Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрч, бүртгэсэн баримт бичгийг.
5.1.19.“итгэмжлэгдсэн өмчлөгч” гэж нэмэлт тэтгэврийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, холбогдох этгээдийг;
5.1.20.“кастодиан” гэж Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 4.1.12-т заасныг;
5.1.21.“хөрөнгө оруулалтын менежментийн компани” гэж энэ хууль болон хөрөнгө оруулалтын менежментийн гэрээний дагуу нэмэлт тэтгэврийн хөрөнгийг итгэмжлэн удирдах, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай хуулийн этгээдийг;
5.1.22.“нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан этгээдийг;
5.1.23.“холбогдох этгээд” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.30-д заасан этгээдийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭ, ШИМТГЭЛ ТӨЛӨЛТ, НЭРИЙН ДАНС
6 дугаар зүйл.Хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн төрөл, үйл ажиллагаа эрхлэх этгээд
6.1.Хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр /цаашид “нэмэлт тэтгэврийн хөтөлбөр” гэх/ нь хугацаагүй байх ба энэ хуулийн 5.1.7-д заасан гишүүн нэмэлт тэтгэвэр авахад зориулагдана.
6.2.Нэмэлт тэтгэврийн хөтөлбөр нь дараах төрөлтэй байна:
6.2.1.хувь хүний;
6.2.2.ажил олгогчийн
6.3.Нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн үйл ажиллагааг дараах этгээд эрхэлнэ:
6.3.1.хувийн тэтгэврийн сан;
6.3.2.урт хугацааны даатгагч.
7 дугаар зүйл.Хувь хүний нэмэлт тэтгэврийн хөтөлбөр
7.1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4.1.2-т заасан даатгуулагч тусгай зөвшөөрөл бүхий хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн хувь хүний нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдаж болно.
7.2.Хувь хүн хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчтай нэмэлт тэтгэврийн гэрээ байгуулж, шимтгэл төлснөөр гишүүн болно.
7.3.Гишүүн нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах, нас барах хүртэл хувь хүний нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн гишүүн байна.
7.4.Ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдаагүй ажилтан хувь хүний нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдаж болно.
8 дугаар зүйл.Ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр
8.1.Ажил олгогч нь нийгмийн даатгалд даатгуулсан ажилтанд тусгай зөвшөөрөл бүхий хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг санал болгож болно
8.2.Ажилтан нь хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчтай нэмэлт тэтгэврийн гэрээ байгуулснаар ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн гишүүн болно.
8.3.Гишүүн нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах, нас барах хүртэл ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн гишүүн байна.
8.4.Ажилтан ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсанаас хойш 30 хоногийн дотор нэмэлт тэтгэврийн гэрээнээс татгалзах эрхтэй.
8.5.Ажил олгогч нь ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ил тод байдлыг хангаж ажиллана.
8.6.Ажил олгогч өмнө нь татгалзсан ажилтанд нэмэлт тэтгэврийн гэрээ байгуулах хүсэлт гаргавал ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн гишүүн болох боломжоор хангана.
9 дүгээр зүйл.Нэмэлт тэтгэврийн гэрээ
9.1. Нэмэлт тэтгэврийн гэрээ нь энэ хууль, Иргэний хуулийн 406 дугаар зүйлд заасан хөрөнгө итгэмжлэх шаардлагад нийцсэн байна.
9.2.Ажил олгогч нь ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг ажилтантай тохиролцон сонгож, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчтай холбогдох гэрээ байгуулна.
9.3. Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч гишүүнтэй нэмэлт тэтгэврийн гэрээг бичгээр, хугацаагүй байгуулах ба талуудын зөвшөөрөлгүйгээр нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
9.4.Нэмэлт тэтгэврийн гэрээнд харилцан тохиролцсон нэмэлт тэтгэврийн хөтөлбөр, шимтгэлийн хувь, мөнгөн дүн ба төлөх давтамж, хугацаа, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн хөрөнгө оруулалт хийх арга зам, хөрөнгө оруулалтын боломжит хувилбар, баталгаат өгөөж, баталгаат өгөөжийн хэмжээнээс илүү гарсан хөрөнгө оруулалтын өгөөжийг хэрхэн хуваарилах талаар тусгасан байна.
9.5.Нэмэлт тэтгэврийн гэрээнд нэмэлт тэтгэврийн журмыг хавсаргасан байна.
9.6.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн нэмэлт тэтгэврийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь гишүүн, эрх залгамжлагч, өвлөгч нэмэлт тэтгэвэр авч дуусах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байна.
9.7. Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/ нэмэлт тэтгэврийн гэрээний загвар, нэмэлт тэтгэврийн үлгэрчилсэн журмыг батална.
10 дугаар зүйл.Шимтгэл төлөх
10.1.Хувь хүний нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан гишүүн шимтгэлийг нэмэлт тэтгэврийн гэрээнд заасан дүн, бусад нөхцөлийн дагуу бэлэн бусаар төлнө.
10.2.Нэмэлт тэтгэврийн гэрээний дагуу хувь хүний нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан гишүүний төлөх шимтгэлийг хувь хүн, энэ хуулийн 7.4-т заасан ажилтан дангаар, ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан гишүүний төлөх шимтгэлийг ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож хамтран төлнө.
10.3.Ажил олгогч, ажилтны төлөх шимтгэлийг цалин хөлсний тодорхой хувиар, эсхүл тогтсон дүнгээр тооцно. Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчтай байгуулах ажил олгогчийн гэрээнд гишүүний төлөх шимтгэлийн дүн, хувь хэмжээ, шимтгэл төлөх давтамж, хугацааг заасан байна.
10.4.Ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан ажилтны төлөх шимтгэлийн дээд хэмжээ нь сарын нийт шимтгэлийн хэмжээний тавин хувиас, шимтгэлийн сарын нийт дүн нь тухайн ажилтны сарын үндсэн цалингийн хорин хувиас тус тус хэтрэхгүй байна.
10.5.Ажил олгогч нь ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан ажилтны төлөх шимтгэлийг тухайн ажилтны цалин хөлснөөс суутгаж, ажил олгогчоос төлөх шимтгэлийн хамт хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид тухайн сард нь багтааж бэлэн бусаар төлнө.
10.6. Ажил олгогч нь шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид хүргүүлнэ.
10.7.Ажил олгогч нь өөрийн болон ажилтны төлөх шимтгэлийг энэ хуулийн 10.5-д заасан хугацаанд төлөх үүрэгтэй.
10.8.Гишүүн, ажил олгогчийн төлөх шимтгэлд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй.
10.9.Ажил олгогч шимтгэл төлөх, тайлан гаргах журмыг Хороо батална.
11 дүгээр зүйл.Нэмэлт тэтгэврийн нэрийн данс
11.1.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь гишүүн бүрд ажлын 3 өдөрт багтаан нэмэлт тэтгэврийн нэрийн данс нээж, дансны мэдээллийг цахим хэлбэрээр хянах боломжтой нэвтрэх эрх олгоно.
11.2.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь гишүүн, ажил олгогчийн төлсөн шимтгэлийг гишүүний нэмэлт тэтгэврийн нэрийн дансанд захиргааны болон хөрөнгө оруулалтын зардал, өгөөжийн хамт бүртгэнэ.
11.3.Ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан гишүүний нэр дээр ажил олгогч, ажилтны төлсөн шимтгэлийг тусад нь бүртгэнэ.
11.4.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч гишүүний нэмэлт тэтгэврийн нэрийн дансны нийт үлдэгдэл дүнг тухай бүр тооцоолж, энэ хуулийн 11.8-д заасан журмын дагуу бүртгэнэ.
11.5.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь баталгаат өгөөжийг гишүүний нэмэлт тэтгэврийн нэрийн дансанд сар бүр тооцож төлнө.
11.6.Хөрөнгө оруулалтын цэвэр ашгийн дүн баталгаат өгөөжийн дүнгээс бага байх тохиолдолд тухайн зөрүүг хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч сар бүр тооцож, өөрийн хөрөнгөөс нөхөж олгоно.
11.7.Баталгаат өгөөжийн доод хэмжээ нь Төв банкны бодлогын хүүгээс багагүй байна.
11.8.Хороо нь нэмэлт тэтгэврийн нэрийн дансанд төлсөн шимтгэлийг бүртгэх, захиргааны болон хөрөнгө оруулалтын зардал, баталгаат өгөөжийг тооцоолох аргачлал, баталгаат өгөөжөөс давсан дүн, алдагдлыг хуваарилах, бүртгэх журмыг тус тус батална.
12 дугаар зүйл.Зардлын ангилал, тооцоолол
12.1.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг захиргааны болон хөрөнгө оруулалтын гэж ангилна.
12.2.Хороо нь энэ хуулийн 12.1-д заасан захиргааны болон хөрөнгө оруулалтын зардлын дээд хувь хэмжээг тогтооно.
12.3.Хороо нь энэ хуулийн 12.1-д заасан зардлыг гишүүдэд ил тод байлгах, бусад хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн зардалтай харьцуулах боломж олгох зорилгоор энэ хуулийн 11.8-д заасан захиргааны болон хөрөнгө оруулалтын зардлыг тайлагнах журмыг батална.
12.4.Захиргааны зардлыг шимтгэлийн тодорхой хувь, хөрөнгийн хувь, дансны тогтсон дүн, эсхүл эдгээрийг хослуулах замаар тогтоож болно.
12.5.Хөрөнгө оруулалтын зардлыг тогтоохдоо удирдаж буй хөрөнгийн тодорхой хувиар тооцсон, хөрөнгө оруулалтын өгөөжтэй уялдсан, эсхүл эдгээрийг хослуулсан байж болно.
12.6. Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь захиргааны болон хөрөнгө оруулалтын зардлын мэдээллийг нэмэлт тэтгэврийн журамд заавал тусгана.
13 дугаар зүйл.Нэмэлт тэтгэврийн хөрөнгийн эрх
13.1.Нэмэлт тэтгэврийн нэрийн дансанд хуримтлагдсан хөрөнгө нь гишүүний өмч байна.
13.2.Гишүүн, ажил олгогчийн төлсөн шимтгэлийн хэмжээгээр гишүүнд хадгалагдсан эрх үүснэ.
13.3.Гишүүн холбогдох хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, нас барсан тохиолдолд энэ хуулийн 13.1-д заасан хөрөнгийг захиран зарцуулах эрх үүснэ.
13.4.Энэ хуулийн 13.3-т заасан эрх үүсэхээс өмнө гишүүн эрүүл мэндийн үйлчилгээний зардал, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн сургалтын төлбөр, өөрийн нэр дээр орон сууц худалдан авах нөхцөлөөр нэмэлт тэтгэврийн хөрөнгийн 30 хүртэл хувийг зарцуулах хүсэлтийг хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид зөвхөн нэг удаа гаргаж болно.
13.5.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч энэ хуулийн 13.4-т заасан хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэж, зардал, төлбөрийг тухайн эрүүл мэнд, боловсролын байгууллага, орон сууц худалдагчийн дансанд бэлэн бусаар шилжүүлнэ.
13.6.Энэ хуулийн 13.4, 13.5-д заасан харилцааг зохицуулсан журмыг Хороо батална.
13.7.Гишүүн, ажил олгогч, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн болон бусад этгээдийн эсрэг үүссэн шаардах эрхийг хангах зорилгоор гишүүний нэмэлт тэтгэврийн хөрөнгийг барьцаалах, битүүмжлэх, суутган авах, шилжүүлэх болон бусад байдлаар захиран зарцуулахгүй.
13.8.Нэмэлт тэтгэврийн нэрийн данс дахь нэмэлт тэтгэврийн хөрөнгө нь гишүүн, ажил олгогч, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компани болон бусад этгээдтэй холбоотой аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэр гүйцэтгэл, дампуурлын хэрэг, эвлэрэл, түүнтэй адилтгах бусад ажиллагаанд хамаарахгүй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ
14 дүгээр зүйл.Хувийн тэтгэврийн санг үүсгэн байгуулах, нэр, дүрэм
14.1.Хувийн тэтгэврийн сан нь нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Компанийн тухай хуулийн дагуу Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компани байна.
14.2.Хувийн тэтгэврийн санг үүсгэн байгуулагч дараах шаардлагыг хангасан байна:
14.2.1.санхүүгийн тайлан, мэдээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тайлагнадаг байх;
14.2.2.төрийн эрх бүхий байгууллагын санхүүгийн хяналт шалгалтад хамрагддаг байх;
14.2.3.санхүүгийн тайлан, мэдээг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа баталгаажуулдаг байх;
14.2.4.хувийн тэтгэврийн сангийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны орлого байх;
14.2.5.хувийн тэтгэврийн сангийн дүрмийн санг зээлийн хөрөнгөөр бүрдүүлээгүй байх.
14.3.Хувийн тэтгэврийн сангийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь хорин тэрбум төгрөг байна. Энэхүү хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, хувийн тэтгэврийн санд төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг харгалзан Хороо тухай бүр нэмэгдүүлэн тогтооно.
14.4.Энэ хуулийн 14.1-д заасан этгээд нь хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаанаас өөр чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
14.5. Хувийн тэтгэврийн сангийн нэр нь түүний оноосон нэр болон “Хувийн тэтгэврийн сан” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, “ХТС” гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ.
14.6.Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад этгээд хувийн тэтгэврийн сангийн дэлгэрэнгүй болон товчилсон тэмдэглэгээг хэрэглэхийг хориглоно.
14.7.Хувийн тэтгэврийн сангийн дүрэмд дараах зүйлийг тусгана:
14.7.1.Компанийн тухай хуулийн 16.2-т заасан зүйлс
14.7.2.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;
14.7.3.хувийн тэтгэврийн сан хугацаагүй үүсгэн байгуулагдсан тухай;
14.7.4.удирдлага, зохион байгуулалтын бүтэц;
14.7.5.хууль тогтоомжид заасан бусад зүйл.
14.8.Хувийн тэтгэврийн сан нь дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
14.8.1. нэмэлт тэтгэврийн хөтөлбөр боловсруулж, Хороонд бүртгүүлэх;
14.8.2.нэмэлт тэтгэврийн гэрээг олон нийтэд ил тодоор санал болгох, гэрээ байгуулах, шимтгэл хүлээн авах;
14.8.3.нэмэлт тэтгэврийн нэрийн данс хөтлөх;
14.8.4.нэмэлт тэтгэврийн хөрөнгийг удирдах хөрөнгө оруулалтын менежментийн компанитай гэрээ байгуулах;
14.8.5.нэмэлт тэтгэврийн хөрөнгийг бүртгэх, хадгалах кастодиантай гэрээ байгуулах;
14.8.6.нэмэлт тэтгэвэр олгох;
14.8.7.үйл ажиллагааг эрх бүхий байгууллага, гишүүдэд ил тод тайлагнах;
14.8.8.нэмэлт тэтгэврийн хөтөлбөр, нэмэлт тэтгэврийн гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад үйл ажиллагаа.
15 дугаар зүйл.Хувийн тэтгэврийн сангийн удирдах зөвлөл
15.1.Хувийн тэтгэврийн сан төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “Удирдах зөвлөл” гэх)-тэй байна
15.2.Удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг сонгох, томилох, бүрэн эрхийг дуусгавар болгох асуудлыг хувийн тэтгэврийн сангийн дүрэм болон Компанийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
15.3.Удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна.
15.4.Энэ хуулийн 5.1.7-д заасан гишүүний төлөөллийг олонхийн саналыг үндэслэн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгоно.
15.5.Удирдах зөвлөлийн гишүүн энэ хууль болон Компанийн тухай хуульд заасан эрх, үүргийг эдэлнэ.
15.6.Удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх удирдлага, холбогдох этгээд нь дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:
15.6.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
15.6.2.ял шийтгэлгүй байх;
15.6.3.ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаанд харшлахгүй байх;
15.6.4.өмнө удирдаж байсан хуулийн этгээдийг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас дампууруулаагүй байх;
15.6.5.Хорооноос тогтоосон бусад шалгуур.
15.7.Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улирал тутам, ээлжит бус хурлыг Компанийн тухай хуульд заасны дагуу хуралдуулна.
15.8.Удирдах зөвлөл нь өөрийн үйл ажиллагаа явуулах журмыг баталж, Хороонд бүртгүүлнэ.
15.9.Удирдах зөвлөл нь Компанийн тухай хуульд заасан бүрэн эрхээс гадна дараах эрхтэй байна:
15.9.1.нэмэлт тэтгэврийн шимтгэл хүлээн авах, тэтгэвэр олгох, захиргааны болон хөрөнгө оруулалтын зардлыг төлөх зорилгоор арилжааны банканд данс нээх зөвшөөрөл олгох;
15.9.2.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодианыг сонгох;
15.9.3.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, нягтлан бодогч, аудит, хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч болон хувийн тэтгэврийн санд үйлчилгээ үзүүлж буй бусад этгээдтэй гэрээ байгуулах зөвшөөрөл олгох;
15.9.4.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, бусад үйлчилгээ үзүүлэгчээс хувийн тэтгэврийн сангийн нэрийн өмнөөс хийсэн бүх хэлцэл болон хувийн тэтгэврийн сангийн эзэмшиж буй хувьцааны санал өгөх эрхийг хэрэгжүүлсэнтэй холбогдох мэдээлэлтэй танилцах, хяналт тавих;
15.9.5.нэмэлт тэтгэврийн хөтөлбөр бүрийн хөрөнгө оруулалтын болон эрсдэлийн удирдлагын бодлогыг батлах;
15.9.6.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, хувийн тэтгэврийн санд үйлчилгээ үзүүлж буй бусад этгээдийн үйлчилгээг дуусгавар болгох, өөрчлөх;
15.9.7.нэмэлт тэтгэврийн нэрийн дансны үйл ажиллагааг эрхлэх журмыг батлах;
15.9.8.даатгалын гэрээ болон хувийн тэтгэврийн сангийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө эсхүл тоног төхөөрөмж хөлслөх гэрээ зэргийг байгуулах зөвшөөрөл олгох;
15.9.9.гүйцэтгэх удирдлагын бүтцийг тодорхойлж батлах, гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтныг томилох, бусад ажилтныг сонгох, цалин хөлс олгох журмыг батлах;
15.9.10.нэмэлт тэтгэврийн журам батлах, бүртгүүлэх;
15.9.11.хувийн тэтгэврийн сан, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг дуусгавар болгох;
15.9.12.энэ хуульд заасан бусад эрх.
16 дугаар зүйл.Хувийн тэтгэврийн санд тусгай зөвшөөрөл олгох, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг бүртгэх эрх бүхий этгээд
16.1.Хувийн тэтгэврийн санд тусгай зөвшөөрөл олгох, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг бүртгэх, үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих эрх бүхий этгээд нь Хороо байна.
16.2.Хорооноос тусгай зөвшөөрөл аваагүй этгээд гишүүн элсүүлэх, нэмэлт тэтгэвэр олгох, сурталчлах, нэмэлт тэтгэвэр амлахыг хориглоно.
16.3.Хороонд бүртгэгдээгүй нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт гишүүн элсүүлэх, нэмэлт тэтгэвэр олгох, сурталчлах, нэмэлт тэтгэвэр амлахыг хориглоно.
17 дугаар зүйл.Хувийн тэтгэврийн санд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа
17.1.Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг дараах баримт бичгийн хамт Хороонд хүргүүлнэ:
17.1.1.хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, шинээр баталсан хувийн тэтгэврийн сангийн дүрэм;
17.1.2.хувийн тэтгэврийн сангийн холбогдох этгээд, хувьцаа эзэмшигчийн мэдээлэл;
17.1.3.хувийн тэтгэврийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүд, тэдгээрийн холбогдох этгээд, тэдгээр нь хэрхэн холбогдож байгаа талаар мэдээлэл;
17.1.4.Удирдах зөвлөлийн гишүүдээс итгэмжлэгдсэн өмчлөгчийн үүрэг гүйцэтгэхээ хүлээн зөвшөөрсөн, хууль тогтоомжоор заасан шаардлагыг биелүүлэхээ баталсан мэдэгдэл;
17.1.5.хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааны төлөвлөгөө;
17.1.6.нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын болон эрсдэлийн удирдлагын бодлого;
17.1.7.бусад баримт бичиг.
17.2.Энэ хуулийн 17.1.2, 17.1.3-т заасан мэдээлэлд өөрчлөлт орох бүрд Хороонд ажлын 5 хоногийн дотор мэдэгдэж, энэ хуульд заасан бусад шаардлагыг биелүүлнэ.
17.3.Хороо нь энэ хуулийн 17.1-д заасан хүсэлтийг хүлээж авснаас хойш ажлын 45 хоногийн дотор шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээлэл, баримт бичгийг ирүүлэхийг шаардах эрхтэй.
17.4.Хороо ирүүлсэн хүсэлтийг хянаж, сүүлийн нэмэлт баримт бичиг, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 60 хоногийн дотор заасан нөхцөл, шаардлагын дагуу тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл хувийн тэтгэврийн сангийн хүсэлттэй холбоотой аливаа асуудлыг нэмж шалгана.
17.5.Хороо дараах үндэслэлээр хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана:
17.5.1.бүрдүүлсэн баримт бичиг нь энэ хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн шаардлага хангаагүй;
17.5.2.бүрдүүлсэн баримт бичигт гишүүн, эрх залгамжлагч, өвлөгчийн ашиг сонирхлыг зөрчих зохицуулалтыг тусгасан, эсхүл ашиг сонирхлыг хамгаалах зохицуулалтыг тусгаагүй;
17.5.3.хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа нь нэмэлт тэтгэврийн хөрөнгийг ил тод, найдвартай, аюулгүй удирдан зохион байгуулахад эрсдэлтэй гэж үзсэн;
17.5.4.бусад.
17.6.Хороо энэ хуулийн 17.5-д заасны дагуу хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд үндэслэлийг тусгасан хариуг хүсэлт гаргагчид бичгээр хүргүүлнэ.
17.7.Тусгай зөвшөөрөл авсан хувийн тэтгэврийн сан кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компанитай гэрээ байгуулж, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг Хороонд бүртгүүлнэ.
18 дугаар зүйл.Нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг бүртгүүлэх
18.1.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь нэмэлт тэтгэврийн хөтөлбөр бүртгүүлэх хүсэлтийг дараах баримт бичгийн хамт Хороонд хүргүүлнэ:
18.1.1.хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
18.1.2.гишүүн, ажил олгогчийн төлөх шимтгэлийг хэрхэн тогтоох, төлөх, нэмэлт тэтгэвэр олгох талаар дэлгэрэнгүй тодорхойлсон нэмэлт тэтгэврийн журам;
18.1.3.кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компанитай байгуулах гэрээний санал;
18.1.4.гишүүн, эрх залгамжлагч, өвлөгчтэй байгуулах нэмэлт тэтгэврийн гэрээний загвар, бусад баримт бичгийн загвар;
18.1.5.ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр бол аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, аж ахуйн нэгжийн хуулийн этгээдийн нэгдэл, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, холбогдох этгээдийн жагсаалт болон тэдгээр нь хэрхэн холбогдож байгаа талаар нэмэлт мэдээлэл;
18.1.6.Хорооноос баталсан дүрэм, журамд тодорхойлсон бусад холбогдох баримт бичиг.
18.2.Хороо хүсэлт хүлээж авснаас хойш ажлын 30 хоногийн дотор шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээлэл, баримт бичгийг ирүүлэхийг шаардах эрхтэй. Сүүлийн нэмэлт баримт бичиг, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 20 хоногийн дотор шийдвэр гаргаж хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.
18.3.Хороо нь нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн бүртгэлийн хүсэлттэй холбоотой аливаа асуудлыг шалгах эрхтэй.
18.4.Хороо нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг бүртгэхээс татгалзсан бол үндэслэлийг тусгасан хариуг бичгээр хүсэлт гаргагчид хүргүүлнэ.
19 дүгээр зүйл.Урт хугацааны даатгагч нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн үйл ажиллагаа эрхлэх
19.1.Урт хугацааны даатгагч нь нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн үйл ажиллагаа эрхэлж болно.
19.2.Урт хугацааны даатгагч нь энэ хуулийн 19.1-д заасан үйл ажиллагааг энэ хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу эрхэлнэ.
19.3.Урт хугацааны даатгагч нэмэлт тэтгэврийн хөтөлбөр бүрд нэмэлт тэтгэврийн журам баталж, Хороонд бүртгүүлнэ.
19.4.Урт хугацааны даатгагч нэмэлт тэтгэврийн хөтөлбөр бүрийн нэмэлт тэтгэврийн хөрөнгийг бусад хөрөнгөөс тусгаарлаж, тусдаа дансанд байршуулж, бүртгэнэ.
19.5.Энэ хуулийн 19.4-т заасан хөрөнгийг урт хугацааны даатгагчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаанаас бусад байдлаар болон хөтөлбөрт холбогдохгүй өр төлбөрийг барагдуулахад зарцуулах, батлан даалт гаргах, барьцаалахыг хориглоно.
19.6.Урт хугацааны даатгагч энэ хуулийн 19.4-т заасан хөрөнгийг өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцаж гишүүн, эрх залгамжлагч, өвлөгчийн эрх ашгийг хамгаална.
19.7.Урт хугацааны даатгагч нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг олон нийтэд эрх тэгш санал болгох ба нэмэлт тэтгэврийн журам ил тод нээлттэй байна.
19.8.Урт хугацааны даатгагч нэмэлт тэтгэврийн хөтөлбөр бүрд хөрөнгө оруулалтын болон эрсдэлийн удирдлагын бодлого баталж, Хороонд бүртгүүлнэ.
20 дугаар зүйл.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн тусгай зөвшөөрөл, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг түдгэлзүүлэх, дуусгавар болгох
20.1.Хороо дараах тохиолдолд гишүүн, эрх залгамжлагч, өвлөгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн тусгай зөвшөөрөл, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг түдгэлзүүлэх буюу дуусгавар болгоно:
20.1.1.энэ хууль болон эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжийн хүрээнд бичгээр өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа зөрчсөн
20.1.2.тусгай зөвшөөрөлгүй нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа эрхэлсэн;
20.1.3.энэ хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа эрхэлсэн;
20.1.4.баталгаат өгөөжийн дүнгийн зөрүүг төлөөгүй;
20.1.5.тайланг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл худал, зөрүүтэй тайлагнасан;
20.1.6.нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулаагүй зөрчил илэрсэн;
20.1.7. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн;
20.1.8.хууль тогтоомжид заасан бусад.
20.2.Хороо тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн тусгай зөвшөөрөл, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг түдгэлзүүлэх, дуусгавар болгох мэдэгдлийг ажлын гучаас доошгүй хоногийн өмнө үндэслэлийг тусган хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид бичгээр хүргүүлнэ.
20.3.Хороо нь энэ хуулийн 20.2-т заасан мэдэгдлийг хүргүүлэхдээ нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн бүртгэлийг түдгэлзүүлж, нэмэлт тэтгэврийн хөрөнгийн шилжүүлгийг зогсоох талаар хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компанид мэдэгдэж, үйл ажиллагааг зогсооно.
20.4.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь энэ хуулийн 20.2-т заасан мэдэгдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хариу тайлбар, зөрчил, бусад асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөг Хороонд хүргүүлнэ.
20.5.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч энэ хуулийн 20.2-т заасан мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл болсон зөрчлийг арилгаагүй, хариу тайлбар хүргүүлээгүй, хүргүүлсэн хариу тайлбар, асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө нь шаардлага хангаагүй бол тусгай зөвшөөрөл, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн бүртгэлийг Хороо дуусгавар болгож, хүчингүйд тооцно.
20.6.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь энэ хуулийн 5.1.7-д заасан гишүүн болон Хороонд ажлын 90 хоногийн өмнө бичгээр мэдэгдэл хүргүүлэн хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн үйл ажиллагаа, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг дуусгавар болгож болно.
20.7.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь энэ хуулийн 20.5-д заасны дагуу хүчингүй болгосон, 20.6-д заасны дагуу мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс эхлэн хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн үйл ажиллагаа, нэмэлт тэтгэврийн хөрөнгийн үнэлгээг хараат бус, хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар хийлгэж, гишүүн, эрх залгамжлагч, өвлөгчийн ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
20.8.Нэмэлт тэтгэврийн бүх хөтөлбөр нь хүчингүй болсон хувийн тэтгэврийн сангийн тусгай зөвшөөрлийг Хороо хүчингүй болгоно.
20.9.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн тусгай зөвшөөрөл, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох журмыг Хороо батална.
21 дүгээр зүйл.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн тусгай зөвшөөрөл, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг түдгэлзүүлэх, дуусгавар болгох үед авах арга хэмжээ
21.1.Тусгай зөвшөөрөл, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн бүртгэлийг Хороо түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон бол дараах арга хэмжээг хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч бүртгэлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгож дуусгавар болгосон өдрөөс хойш нэмж шимтгэл авахыг зогсоож, шинээр гишүүн элсүүлэхгүй.
21.2.Хороо кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компанид мэдэгдэж нэмэлт тэтгэврийн хөрөнгийн шилжүүлгийг зогсооно.
21.3.Хувийн тэтгэврийн сангийн удирдах зөвлөл, урт хугацааны даатгагчийн эрх барих байгууллага нь хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн үйл ажиллагаа, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг дуусгавар болгох шийдвэр гаргасан бол дараах арга хэмжээг авна:
21.3.1.хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч хөтөлбөрийг дуусгавар болгох мэдэгдэл өгснөөс хойш ажлын 30 хоногийн дотор нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн бүх актив болон пассивийг тусгасан тайлан тэнцлийг гаргаж Хороонд хүргүүлж, бүх гишүүдэд мэдэгдэx;
21.3.2.тайлан тэнцлээр гишүүдийн бүх хадгалагдсан эрхийн төлбөрийг бүрэн барагдуулах хөрөнгө хангалттай бол өөр нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт дансаа шилжүүлэх боломжийг гишүүдэд нэн даруй олгох;
21.3.3.гишүүдийн хадгалагдсан эрхийн бүх төлбөрийг бүрэн барагдуулах хөрөнгө хангалтгүй бол, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч хөтөлбөрийг дуусгавар болгох хүсэлтийг тайлан тэнцлийн хамт Хороонд шийдвэрлүүлэхээр хүргүүлж, энэ тухай бүх гишүүдэд мэдэгдэx;
21.3.4.татан буулгах саналд ажил олгогчоос төлөгдөөгүй шимтгэлийг энэ хуульд заасны дагуу татан төвлөрүүлэхэд авч хэрэгжүүлсэн бүх арга хэмжээний дэлгэрэнгүйг тусгасан байх;
21.3.5.Хорооноос зөвшөөрсөн тохиолдолд хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх.
21.4.Энэ хуулийн 21.3.5-д заасан үйл ажиллагаа татан буулгах явц бүрэн дуусах хүртэл эсхүл актив, пассив нь бусад хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид шилжих хүртэл үргэлжилнэ
22 дугаар зүйл.Татан буулгах комисс
22.1.Хороо хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг дуусгавар болгосон тохиолдолд татан буулгах комисс томилно.
22.2.Хорооноос томилсон комиссын бүрэлдэхүүнд хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн удирдах зөвлөлийн гишүүн, холбогдох этгээд, ажилтан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн удирдлага, ажилтан, ажил олгогчийн холбогдох этгээдийг томилохгүй
22.3.Татан буулгах комисс нь гишүүн, эрх залгамжлагч, өвлөгчийн өмнө хариуцлага хүлээсэн итгэмжлэгдсэн өмчлөгч болно.
22.4.Татан буулгах комисс, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь Хорооноос урьдчилан зөвшөөрөл авсны дагуу нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн актив, пассивийг энэ хуульд заасны дагуу бүртгэгдсэн өөр нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт шилжүүлж болно.
22.5.Энэ хуулийн 22.4-т заасан тохиолдолд гишүүдэд 30 хоногийн өмнө бичгээр болон биечлэн мэдэгдэл хүргүүлнэ.
22.6.Татан буулгах комисс хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчаас төлөх өр төлбөрийг барагдуулахдаа дараах дарааллыг баримтална:
22.6.1.гишүүдэд олгох бүх өр төлбөр;
22.6.2.хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтны хуульд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл;
22.6.3.албан татвар;
22.6.4.кастодиан болон хөрөнгө оруулалтын менежментийн компаний үйлчилгээний төлбөр;
22.6.5.татан буулгах комиссын үйл ажиллагааны зардал;
22.6.6.бусад өр төлбөр.
22.7.Татан буулгах комисс нь хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн хөрөнгийг худалдан борлуулсан орлого нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол дарааллын эхний төлбөрийг бүрэн барагдуулсны дараа түүний дараагийн нэхэмжлэлийн  шаардлагыг хангана.
22.8.Нэг дараалалд орсон хэд хэдэн төлбөрийг нэгэн зэрэг барагдуулах боломжгүй бол тухайн төлбөр бүрийн хэмжээнд хувь тэнцүүлэх замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангана.
22.9.Татан буулгах комисс нэмэлт тэтгэврийн хөрөнгийг тухайн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг үүсгэн байгуулсан ажил олгогчид буцаан олгохыг хориглоно.
22.10.Гишүүдэд олгох бүх өр төлбөрийг бүрэн барагдуулсны дараа хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хөрөнгө үлдсэн бол татан буулгах комисс гишүүдэд хуваарилах төлөвлөгөө боловсруулан Хороонд батлуулахаар хүргүүлнэ.
22.11.Энэ хууль нь татан буулгах комисс, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, хөрөнгө оруулалтын менежментийн компани, ажил олгогч, кастодиан, эсхүл тэдгээрийн холбогдох этгээд буюу нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эсрэг нэхэмжлэл, гомдол гаргах гишүүн, эрх залгамжлагч, өвлөгчийн эрхийг хязгаарлахгүй.
22.12.Татан буулгах комиссын бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, сонгон шалгаруулах, урамшуулах журам, татан буулгах комиссын үйл ажиллагаанд баримтлах дүрэм, төлбөр барагдуулах журмыг Хороо батална.
23 дугаар зүйл.Нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн зар сурталчилгаа, маркетинг
23.1.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч хэрэгжүүлж буй нэмэлт тэтгэврийн хөтөлбөрөө бүх маркетинг болон зар сурталчилгаанд үнэн зөв, ойлгомжтой илэрхийлсэн байна.
23.2.Хорооноос тусгай зөвшөөрөл аваагүй, хороонд нэмэлт тэтгэврийн хөтөлбөрөө бүртгүүлээгүй тохиолдолд “хувийн тэтгэврийн сан”, “урт хугацааны даатгагч”, “нэмэлт тэтгэвэр” гэсэн үгтэй, эсхүл ижил төстэй бүтээгдэхүүнийг зах зээлд санал болгох, сурталчлахыг хориглоно.
23.3.Хороо хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн хийх нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн маркетинг, зар сурталчилгааны удирдамжийг шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран баталж, мөрдүүлнэ.
23.4.Хороо энэ зүйлд заасныг зөрчсөн, үнэн зөв бус, төөрөгдүүлсэн агуулгатай маркетинг болон зар сурталчилгаа түгээсэн тохиолдолд хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн үйл ажиллагааг түдгэлзүүлж, энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, КАСТОДИАН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ
24 дүгээр зүйл.Нэмэлт тэтгэврийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх
24.1.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нэмэлт тэтгэврийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор зөвхөн энэ хуульд заасан нөхцөлийн дагуу, гишүүн, эрх залгамжлагч, өвлөгчийн эрх ашгийн үүднээс хөрөнгө оруулалт хийнэ.
24.2.Итгэмжлэгдсэн өмчлөгч хүлээсэн үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ
24.3.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч хөрөнгө оруулалт болон бусад асуудлаас үүдэлтэй алдагдлыг өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцаж, гишүүн, эрх залгамжлагч, өвлөгчийн нэмэлт тэтгэврийн хөрөнгийг хамгаална.
24.4.Хороо нэмэлт тэтгэврийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх дүрмийг батална.
24.5.Хөрөнгө оруулалтын төрөл, тухайн хөрөнгө оруулалтын ангилалд хийж болох хөрөнгө оруулалтын дээд хязгаарыг олон улсын зээлжих зэрэглэл тогтоож буй байгууллагаас гаргасан үнэлгээний ангилалд үндэслэн тогтооно.
24.6.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь Хорооноос баталсан шаардлагыг хангасан хөрөнгө оруулалт, эрсдлийн удирдлага, дотоод хяналтын нэгжтэй байна.
25 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтад тавигдах шаардлага
25.1.Нэмэлт тэтгэврийн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалт нь дараах шаардлагыг хангасан байна:
25.1.1.нэмэлт тэтгэврийн хөрөнгийн аюулгүй байдлыг хангах;
25.1.2.хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх,
25.1.3.нэмэлт тэтгэврийн хөрөнгийн аюулгүй байдалд нийцсэн ашгийн дээд хэмжээг эрэлхийлэх;
25.1.4.Хорооноос баталсан актив, пассив, хөрвөх чадварын харьцааг хангах.
26 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын бодлогын хураангуй боловсруулах
26.1.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч энэ зүйлийн 25.1-д заасан шаардлага, хууль тогтоомжид нийцүүлэн дараах агуулгыг тусгасан хөрөнгө оруулалтын бодлогын хураангуйг боловсруулна:
26.1.1.энэ хуулийн нөхцөл шаардлагыг хангах арга хэрэгсэл;
26.1.2.Хорооноос тогтоосон нэмэлт тэтгэврийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж болох хөрөнгийн төрөл, тухайн хөрөнгийн ангилалд хийж болох дээд хязгаар, тухайн хөрөнгийн ангиллын нэг этгээдэд эсхүл холбоотой бүлэг этгээдэд хийж болох дээд хязгаар;
26.1.3.хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах журам;
26.1.4.эрсдэлийн удирдлагын бодлогод туссан хөрөнгө оруулалтын эрсдэлийг үнэлэх, удирдах, хянах журам;
26.1.5.хөрөнгө оруулалтын бодлогод өөрчлөлт оруулах аргачлал.
26.2.Хорооноос тогтоосон журмын дагуу хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч хөрөнгө оруулалтын бодлого болон эрсдэлийн удирдлагын бодлогыг нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт шинээр хамрагдаж буй гишүүнд танилцуулна. Бодлогод оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гишүүнд тухай бүр мэдэгдэнэ.
27 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын ангилал
27.1.Нэмэлт тэтгэврийн хөрөнгийг Хорооноос тогтоосон дотоодын зах зээлийн хөрөнгийн дээд хязгаарт багтаан дараах хөрөнгийн ангилалд хөрөнгө оруулж болно
27.1.1.хөрөнгө байршуулах үед албадлагын болон тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авагдаагүй, Төв банкнаас тавьсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангасан банкны мөнгөн хадгаламж, хадгаламжийн сертификат, үнэт цаас;
27.1.2.Монгол Улсын Засгийн газраас гаргасан үнэт цаас, Засгийн газрын баталгаа бүхий аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэн гаргасан үнэт цаас, Төв банкны үнэт цаас;
27.1.3.Хороонд бүртгэлтэй, нийтэд санал болгон, Монгол Улсын аж ахуйн нэгжээс гаргасан үнэт цаас (хувьцаа, бонд, нэгж эрх гэх мэт), үүнд тухайн үнэт цаас нь Монгол Улсын тусгай зөвшөөрөлтэй хөрөнгийн биржид арилжаалагддаг байх;
27.1.4.Хорооноос зөвшөөрсөн бусад.
27.2.Нэмэлт тэтгэврийн хөрөнгийг Хорооноос тогтоосон гадаад улсын төрийн зохицуулалттай, олон улсын дараах хөрөнгийн ангилалд хөрөнгө оруулж болно:
27.2.1.хөрөнгө байршуулах үед ямар нэгэн албадлагын арга хэмжээ, тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх ажиллагаа хийгдээгүй, оршин байгаа улсын эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөлтэй, А+ зэрэглэлийн банкны мөнгөн хадгаламж, хадгаламжийн сертификат;
27.2.2.гадаад улсын засгийн газраас гаргасан ААА зэрэглэлийн үнэт цаас;
27.2.3.гадаад улсын засгийн газраас баталгаа өгсөн орон нутгийн засаг захиргаанаас гаргасан ААА зэрэглэлийн үнэт цаас;
27.2.4.тухайн гадаад улсын хөрөнгийн зах зээлийн зохицуулах байгууллагад бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй санал болгосон, хөрөнгийн биржид хувьцаагаа арилжих эрхтэй, тухайн улсын үнэт цаасны зохицуулах байгууллагын тогтмол хяналтанд байдаг аж ахуйн нэгжийн гаргасан үнэт цаас;
27.2.5.гадаад улсын холбогдох зохицуулах байгууллагаас зөвшөөрөл авсан хамтын хөрөнгө оруулалтын сан;
27.2.6.Хорооноос зөвшөөрсөн бусад.
27.3.Хороо нэг үнэт цаас гаргагч, түүний холбогдох хуулийн этгээд болон нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцаа, бонд болон нийт гаргасан үнэт цаасанд хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн эзэмшиж болох дээд хязгаарыг тогтооно. Засгийн газраас гаргасан үнэт цаасанд хөрөнгө оруулахад хязгаар тогтоохгүй.
27.4.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь нэмэлт тэтгэврийн нийт хөрөнгийн 90 хүртэл хувийг дотоодын, 10 хүртэл хувийг гадаадын хөрөнгө оруулалтын ангилалд Хорооноос тогтоосон хөрөнгийн дээд хязгаарт багтаан төрөлжүүлэн байршуулна.
28 дугаар зүйл.Хөрөнгө оруулалт хийхийг хориглох
28.1.Нэмэлт тэтгэврийн хөрөнгөөр дараах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийхийг хориглоно:
28.1.1.үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад арилжаалагддаггүй эсхүл хаалттай хүрээнд гаргасан хөрөнгө оруулалтын хэрэгсэл;
28.1.2.хууль тогтоомжийн дагуу бусдад шилжүүлж үл болох хөрөнгө;
28.1.3.үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.7-д заасан үүсмэл санхүүгийн хэрэгсэл;
28.1.4.эртний эдлэл, урлагийн бүтээл, зоос, хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл, тэдгээртэй адилтгах хөрөнгө зэрэг үнэлгээ нь тодорхойгүй, зохицуулалттай зах зээлд бүртгэгдээгүй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө;
28.1.5.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, хувийн тэтгэврийн сангийн удирдах зөвлөлийн гишүүн, урт хугацааны даатгагчийн удирдах албан тушаалтны аливаа хөрөнгө, мөн хөрөнгө оруулалтын менежментийн компани буюу кастодианы нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, холбогдох этгээдийн аливаа хөрөнгө;
28.1.6.хөрөнгө оруулалтын менежментийн компани, хөрөнгийн кастодиан, тэдгээрийн холбогдох этгээд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн гаргасан үнэт цаас, мөн ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хувьд ажил олгогчийн гаргасан үнэт цаас;
28.1.7.Хорооноос хориглосон бусад.
28.2.Дараах этгээдэд нэмэлт тэтгэврийн хөрөнгөөр аливаа төрлийн зээл олгох, баталгаа, батлан даалт гаргахыг хориглоно:
28.2.1.нэмэлт тэтгэврийн хөрөнгийн кастодиан;
28.2.2.нэмэлт тэтгэврийн хөрөнгийг удирдаж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани;
28.2.3.хувийн тэтгэврийн сангийн удирдах зөвлөлийн гишүүн, урт хугацааны даатгагчийн удирдах албан тушаалтан;
28.2.4.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хувьд ажил олгогчийн холбогдох этгээд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч эсхүл холбоотой этгээд болон бусад.
28.3.Хороо хөрөнгө оруулалтын ангилал, хувь хэмжээ, хөрөнгө оруулалттай холбоотой бусад асуудлыг зохицуулсан журам батална.
29 дүгээр зүйл.Кастодиан болон хөрөнгө оруулалтыг тусгаарлах, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх
29.1.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн холбогдох этгээд кастодиан болон хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээг хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид үзүүлж болохгүй.
30 дугаар зүйл.Нэмэлт тэтгэврийн хөрөнгийн кастодиан
30.1.Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь нэмэлт тэтгэврийн хөрөнгийн нэг кастодианийг томилж, кастодианы үйлчилгээний гэрээ байгуулна
30.2.Нэмэлт тэтгэврийн хөрөнгийн кастодиан дараах үйл ажиллагаа эрхэлнэ:
30.2.1.нэмэлт тэтгэврийн хөрөнгөөр хөрөнгө оруулсан үнэт цаас, хадгаламжийн сертификатийг хадгалах, бусад холбогдох бүх гүйлгээг бүртгэх ;
30.2.2.хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид энэ хуульд заасан үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор өдөр тутамд, цахим хэлбэрээр шаардлагатай бүх мэдээллийг өгөх;
30.2.3.нэмэлт тэтгэврийн хөрөнгөтэй холбоотой худалдан авах, борлуулах, бусад хэлцэл нь энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон хувийн тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын бодлогод нийцэж байгаа эсэхт хяналт тавих;
30.2.4.энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон хувийн тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын бодлогод нийцүүлэн хувийн тэтгэврийн сангаас өгсөн зааварчилгааг биелүүлэх;
30.2.5.нэмэлт тэтгэврийн хөрөнгөөр энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон хөрөнгө оруулалтын бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж байгаа эсэхт хяналт тавих, зөрчил гарсан тохиолдолд кастодианы гэрээнд заасан мэдэгдэл өгөх журмын дагуу хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид мэдэгдэх;
30.2.6.хөрөнгө оруулалтын менежментийн компани нь нэмэлт тэтгэврийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхтэй холбогдсон өөрийн хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа эсэхт хяналт тавих;
30.2.7.кастодианы гэрээнд заасан үүрэг хариуцлага болон Хорооноос баталсан бусад дүрэм, журмын хэрэгжилтийг хангах.
30.3.Гэрээ байгуулсан кастодиан энэ хууль болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 48 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг эдлэх ба энэ хуульд заасан итгэмжлэгдсэн өмчлөгч байна.
30.4.Кастодиан нь нэгээс дээш тооны хуулийн этгээдэд кастодиан үйлчилгээ үзүүлж болох ба нэмэлт тэтгэврийн хөтөлбөр бүрийн нэмэлт тэтгэврийн хөрөнгө, үйл ажиллагаа, бүртгэл мэдээллийг тус тусад нь, мөн кастодианы хөрөнгөөс тусгаарласан байна.
30.5.Кастодиан нь Хорооны шалгуурт нийцсэн, кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагааг нь түдгэлзүүлээгүй, холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл шаардлагыг хангасан хуулийн этгээд байна.
30.6.Кастодиантай байгуулсан гэрээгээр энэ хуульд заасан кастодианы үүрэг хариуцлагыг хязгаарлахыг хориглоно.
30.7.Кастодиан нь хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, гишүүн, эрх залгамжлагч, өвлөгчийн өмнө хүлээсэн өөрийн итгэмжлэгдсэн өмчлөгчийн үүргийг зөрчвөл энэ хууль, бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
31 дүгээр зүйл.Нэмэлт тэтгэврийн хөрөнгийн кастодианд хориглох зүйл
31.1.Нэмэлт тэтгэврийн хөрөнгийн кастодиан, түүний холбогдох этгээдэд дараах зүйлийг хориглоно:
31.1.1.хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйлчилгээ үзүүлэх;
31.1.2.хөрөнгө оруулалтын менежментийн компани, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, эсхүл ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хувьд тухайн ажил олгогчийн холбогдох этгээд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч эсхүл холбогдох этгээд байх;
31.1.3.хөрөнгө оруулалтын менежментийн компани, түүний холбогдох этгээд, ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хувьд тухайн ажил олгогчид зээл олгох, зээл авах.
32 дугаар зүйл.Нэмэлт тэтгэврийн хөрөнгийн кастодиантай байгуулах гэрээ
32.1.Кастодианы гэрээгээр дараах харилцааг зохицуулна:
32.1.1.кастодианы эрх, үүрэг, хариуцлага;
32.1.2.үүрэг гүйцэтгэх хугацаа;
32.1.3.кастодианд төлөх хөлсийг тогтоож кастодианы зардал, төлбөрийг кастодиан үйлчилгээнд хамрагдсан хөрөнгийн хэдэн хувиар тооцох журам;
32.1.4.бусад.
33 дугаар зүйл.Нэмэлт тэтгэврийн хөрөнгийн кастодианы үйл ажиллагаанд тавих хяналт
33.1.Эрх бүхий байгууллагаас кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, кастодиан үйлчилгээний гэрээний үүргийг ноцтой зөрчсөн, кастодиан дампуурсан эсхүл татан буугдсан бол хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч дараах арга хэмжээг авна:
33.1.1.кастодианд гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж Хороонд энэ тухай нэн даруй мэдэгдэх;