Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 5-Р САРЫН 15 ӨДӨР
УЛААНБААТАР

СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн эрх зүйн үндсийг тогтоож, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлСтандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хууль тогтоомж
2.1Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлСтандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн зарчим
3.1Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
3.1.1хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангасан байх;
3.1.2бие даасан, хараат бус байх;
3.1.3сонирхогч талуудын оролцоог тэгш хангасан байх;
3.1.4барим т нотолгоо, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, инновацид суурилсан байх;
3.1.5үйлдвэрлэл, худалдаанд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур аливаа хэлбэрээр саад учруулахгүй байх;
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1"стандартчилал" гэж бүтээгдэхүүн, үйлчилгээний харилцан орлуулалт, мэдээлэл, техник, хэмжилт, сорилтын нэгдмэл, нийцтэй, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтээр, дахин давтан хэрэглэх журам тогтоох үйл ажиллагааг;
4.1.2"стандарт" гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж, баталсан, дагаж мөрдөх баримт бичгийг;
4.1.3"техникийн зохицуулалт" гэж бүтээгдэхүүний тодорхойлолт, боловсруулалт, үйлдвэрлэлийн арга, стандарт, техникийн үзүүлэлт болон шаардлагыг эш татаж, эсхүл тэдгээрийн агуулгыг тусгаж эрх бүхий байгууллагаас баталсан заавал дагаж мөрдөх баримт бичгийг;
4.1.4"тохирлын үнэлгээ" гэж стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох үйл ажиллагааг;
4.1.5"тохирлын үнэлгээний байгууллага" гэж энэ хуулийн 4.1.4-т заасан үйл ажиллагааг эрхлэх байгууллагыг;
4.1.6"баталгаажуулалт" гэж бүтээгдэхүүн, тогтолцоо нь тогтоосон шаардлагад нийцэж байгааг эрх бүхий хөндлөнгийн байгууллагын нотлох ажиллагааг;
4.1.7"тохирлын баталгаа" гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцэж байгааг нотлох тохирлын гэрчилгээ, нийлүүлэгчийн мэдэгдлийг;
4.1.8"тохирлын гэрчилгээ" гэж бүтээгдэхүүн нь стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцэж байгааг тодорхойлсон баримт бичгийг;
4.1.9"нийлүүлэгчийн мэдэгдэл" гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцэж байгаа талаар үйлдвэрлэгч, эсхүл нийлүүлэгчээс бичгээр гаргасан нотолгоог;
4.1.10"тохирлын тэмдэг" гэж бүтээгдэхүүн нь стандартын шаардлагыг хангаж байгааг тодорхойлсон тэмдэглэгээг;
4.1.11"аюулгүйн тэмдэг" гэж бүтээгдэхүүн нь техникийн зохицуулалтын шаардлагыг хангаж байгааг тодорхойлсон тэмдэглэгээг;
4.1.12"баталгаажуулалтын схем” гэж тохирлын үнэлгээнд хамрагдах зүйлийг тодорхойлж, үнэлэх аргачлалыг;
4.1.13"тохирлын үнэлгээний итгэмжлэл" гэж эрх бүхий байгууллагаас тохирлын үнэлгээний үйл ажиллагааг гүйцэтгэх мэргэжлийн чадавхитайг тогтоох ажиллагааг;
4.1.14“сорилт” гэж стандарт, арга аргачлалын дагуу бүтээгдэхүүний үзүүлэлтийг тодорхойлох үйл ажиллагааг;
4.1.15"бүтээгдэхүүн" гэж үйлдвэрлэл, үйлчилгээний үйл явцад бий болсон үр дүнг;
4.2Энэ хуулийн 4.1-д зааснаас бусад нэр томьёог Монгол Улсын хууль, олон улсын стандартчиллын байгууллагаас баталсан стандарт, удирдамжид заасны дагуу ойлгож хэрэглэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ
5 дугаар зүйлТехникийн зохицуулалт
5.1Хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор техникийн зохицуулалтыг нийтээр заавал дагаж мөрдөнө.
5.2Техникийн зохицуулалтыг төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, энэ хуулийн 5.3-т заасан дүгнэлтийг үндэслэн Засгийн газар батална.
5.3Техникийн зохицуулалт боловсруулах аргачлалыг стандартаар тогтоох бөгөөд аргачлалын дагуу боловсруулсан эсэхийг стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллага хянаж, дүгнэлт гаргана.
5.4Техникийн зохицуулалтын хэрэгжилтийг улсын хэмжээнд Засгийн газар болон Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан эрх бүхий байгууллага хангуулна.
5.5Монгол Улсаас гадаад худалдаанд хэрэглэх техникийн зохицуулалтыг батлагдахаас 60-аас доошгүй хоногийн өмнө стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллага нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудад мэдээлнэ.
5.6Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудаас санал болгож байгаа гадаад худалдаанд хэрэглэх техникийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
5.7Зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан техникийн зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэл болно.
6 дугаар зүйлСтандартчиллын зорилго, баримт бичиг
6.1Стандартчиллын зорилго нь бүтээгдэхүүний хэрэглээний нийцтэй байдал болон сорилт, хэмжилтийн нэгдмэл байдлыг хангах замаар нөөцийг зүй зохистой ашиглах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдааг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
6.2Стандартчиллын баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:
6.2.1Монгол Улсын /цаашид "үндэсний" гэх/ стандарт;
6.2.2хотын стандарт;
6.2.3байгууллагын стандарт;
6.2.4олон улсын болон бүс нутгийн стандарт, удирдамж, зөвлөмж, гадаад улсын стандарт.
6.3Стандартчиллын баримт бичиг зохиогчийн эрхэд хамаарахгүй.
7 дугаар зүйлҮндэсний стандарт
7.1Үндэсний стандартыг стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллага батална.
7.2Үндэсний стандарт нь олон улс, бүс нутгийн стандартын үзүүлэлт, шаардлагад нийцсэн байна.
7.3Үндэсний стандартын төслийг сонирхогч талууд зөвшилцлийн үндсэн дээр санаачлан боловсруулна.
7.4Үндэсний стандарт нь товчилсон тэмдэглэгээ, улсын бүртгэлийн дугаартай байх бөгөөд түүнийг баталсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол стандартчиллын баримт бичгийн мэдээллийн санд бүртгэсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
7.5Бусад хуульд стандартыг баталж, мөрдүүлэхээр заасан бол бүртгүүлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
8 дугаар зүйлХотын стандарт
8.1Хотын удирдлагаас хуульд заасны дагуу хотын стандартыг батлан хэрэглэнэ.
8.2Хотын стандарт нь үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн байна.
9 дүгээр зүйлБайгууллагын стандарт
9.1Хуулийн этгээд нь байгууллагын стандартыг боловсруулан үйл ажиллагаандаа хэрэглэж болно.
9.2Байгууллагын стандарт нь үндэсний болон олон улс, бүс нутаг, гадаад улсын стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн байна
9.3Байгууллагын стандартыг стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллага, түүний харьяа аймаг, нийслэл дэх байгууллагад бүртгүүлнэ.
10 дугаар зүйлОлон улсын болон бүс нутгийн стандарт, удирдамж, зөвлөмж, гадаад улсын стандарт
10.1Иргэн, хуулийн этгээд нь олон улсын болон бүс нутгийн стандарт, удирдамж, зөвлөмж, гадаад улсын стандартыг стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр хэрэглэж болно.
10.2Олон улсын болон бүс нутгийн стандарт, удирдамж, зөвлөмж, гадаад улсын стандартыг бүртгүүлэн хэрэглэх хугацаа 18 сар хүртэл байна.
10.3Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 10.1-д заасны дагуу бүртгүүлэн хэрэглэж байгаа Стандартчиллын баримт бичгийг энэ хуулийн 10.2-т заасан хугацаанд үндэсний стандартаар батлуулна.
11 дүгээр зүйлСтандартчиллын техникийн хороо
11.1Стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллагын дэргэд салбарын харьяаллаар үндэсний болон олон улс, бүс нутгийн, хотын стандартын төслийг хэлэлцэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус Стандартчиллын техникийн хороо /цаашид "Техникийн хороо" гэх/ ажиллана.
11.2Шаардлагатай гэж үзвэл тодорхой чиглэлээр Техникийн дэд хороог байгуулан ажиллуулж болно.
11.3Техникийн хороо, дэд хороо нь төрийн байгууллага, тухайн салбарын мэргэжлийн холбоод, хуулийн этгээд, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл болон сонирхогч бусад талуудын төлөөлөл бүхий 15 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
11.4Техникийн хороо, дэд хороо нь дараах эрх, үүрэгтэй:
11.4.1үндэсний болон олон улс, бүс нутгийн стандартын төслийг хэлэлцэх, санал өгөх, дүгнэлт гаргах;
11.4.2стандартын төсөлд холбогдох байгууллагын санал авах, сонирхогч талуудтай зөвшилцөх;
11.4.3хүчин төгөлдөр стандартад дүн шинжилгээ, үнэлгээ хийх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
11.4.4стандартын боловсруулалтын түвшин, агуулга зохих шаардлагад нийцсэн эсэхийг хянах.
11.5Техникийн хороо, дэд хорооны гишүүд нь ашиг сонирхлын зөрчилгүй байна.
12 дугаар зүйлСтандартыг мөрдөх, хэрэглэх
12.1Иргэн, хуулийн этгээд стандартыг дагаж мөрдөнө.
12.2Хууль тогтоомж, техникийн зохицуулалт, олон улсын гэрээнд эш татсан стандарт нь тухайн баримт бичгийн нэгэн адил хүчинтэй байна.
12.3Үндэсний болон олон улс, бүс нутаг, гадаад улсын стандартыг хувилан олшруулахыг хориглоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ
13 дугаар зүйлТохирлын үнэлгээний зорилго, хамрах хүрээ
13.1Бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалах зорилгоор тохирлын үнэлгээнд хамруулна.
13.2Хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд заавал хамруулна.
13.3Тохирлын үнэлгээнд заавал хамруулах бүтээгдэхүүний жагсаалтыг стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
13.4Менежментийн тогтолцоо болон тохирлын үнэлгээнд заавал хамруулах бүтээгдэхүүнээс бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, нийлүүлэгч, хэрэглэгчийн хүсэлтээр тохирлын үнэлгээнд хамруулж болно.
14 дүгээр зүйлТохирлын баталгаа
14.1Тохирлын баталгаа нь тохирлын гэрчилгээ болон нийлүүлэгчийн мэдэгдэл хэлбэртэй байна.
14.2Монгол Улсаас олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон тохирлын болон түүнтэй адилтгах тэмдэг, гэрчилгээг стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллага хүлээн зөвшөөрнө.
14.3Тохирлын гэрчилгээ нь Монгол Улсад болон Монгол Улсаас олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон улс орнуудад хүчин төгөлдөр байна.
14.4Нийлүүлэгчийн мэдэгдэлд тавигдах шаардлагыг стандартаар тогтооно.
14.5Нийлүүлэгчийн мэдэгдлийг стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллагад бүртгүүлнэ.
14.6Экспортын бүтээгдэхүүнд стандартчилал, тохирлын үнэлгээний байгууллага тохирлын гэрчилгээ олгоно.
14.7Тохирлын болон аюулгүйн тэмдэг, түүнд тавигдах шаардлагыг стандартаар тогтооно.
14.8Тохирлын тэмдгийг итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага, аюулгүйн тэмдгийг стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллага олгоно.
15 дугаар зүйлТохирлын үнэлгээний байгууллагын эрх, үүрэг
15.1Тохирлын үнэлгээний байгууллагад дараах байгууллага хамаарна:
15.1.1баталгаажуулалтын байгууллага;
15.1.2лаборатори;
15.1.3техникийн хяналтын байгууллага.
15.2Тохирлын үнэлгээний байгууллага нь Монгол Улсын хуулийн этгээд байх бөгөөд холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулна.
15.3Тохирлын үнэлгээний байгууллага нь итгэмжлэлд хамрагдаж болно.
15.4Хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнд итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага тохирлын үнэлгээ хийнэ.
15.5Гадаад улсын итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн болон гадаад улсын тохирлын үнэлгээний байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт тохирлын үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх бол энэ хуульд заасан итгэмжлэлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагад бүртгүүлнэ.
15.6Энэ зүйлийн 15.5-д заасны дагуу бүртгүүлээгүй гадаад улсын тохирлын үнэлгээний байгууллагын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй.
15.7Тохирлын үнэлгээний байгууллага дараах эрх, үүрэгтэй:
15.7.1тохирлын үнэлгээний үр дүнг үндэслэн тайлан, дүгнэлт гаргах
15.7.2тохирлын үнэлгээг итгэмжлэлээр тогтоосон хүрээнд явуулах;
15.7.3итгэмжлэлийн шалгуурыг тогтвортой хангах;
15.7.4тохирлын үнэлгээний ажилд холбогдох мэргэжилтнийг татан оролцуулах;
15.7.5тохирлын үнэлгээний дүн, илэрсэн зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдээлэх.
16 дугаар зүйлБаталгаажуулалтын байгууллага
16.1Баталгаажуулалтын байгууллага нь бүтээгдэхүүний, менежментийн тогтолцооны, ажилтны гэсэн төрөлтэй байна.
16.2Баталгаажуулалтын байгууллага нь тохирлын үнэлгээг схемийн дагуу гүйцэтгэнэ.
16.3Баталгаажуулалтын шинжээчид тавигдах шаардлагыг стандартаар тогтооно.
16.4Баталгаажуулалтын үйл ажиллагааг стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллагаас эрх авсан баталгаажуулалтын шинжээч гүйцэтгэнэ.
16.5Баталгаажуулалтын байгууллага нь итгэмжлэгдсэн сорилт, туршилтын лаборатори, техникийн хяналтын байгууллагын үр дүнг ашиглана.
16.6Тохирлын үнэлгээний үр дүнгээр тохирлын гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд энэ тухай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ.
17 дугаар зүйлЛаборатори
17.1Лаборатори нь сорилт туршилтын, шалгалт тохируулгын, эмнэлгийн, техникийн оношилгооны гэсэн төрөлтэй байна.
17.2Лаборатори нь стандарт, арга аргачлалын дагуу үйл ажиллагааг явуулж, үр дүнг бие даасан, хараат бусаар гаргана.
17.3Лаборатори нь стандартын шаардлагыг хангахуйц нөөц, чадавхтай байна.
18 дугаар зүйлТехникийн хяналтын байгууллага
18.1Техникийн хяналт нь үйлдвэрлэгчийн, импортлогчийн, хөндлөнгийн гэсэн төрөлтэй байна.
18.2Техникийн хяналтын байгууллага нь бүтээгдэхүүн, түүний зохион бүтээлт, үйлдвэрлэл, ажил үйлчилгээ, ажлын байрны орчин нөхцөл, хэвийн ажиллагаа, аюулгүй байдлын үзүүлэлт нь стандартаар тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛ
19 дүгээр зүйлТохирлын үнэлгээний итгэмжлэлийн зорилго, тогтолцоо
19.1Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн зорилго нь худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгах, бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тохирлын үнэлгээний дүнг олон улс, бүс нутгийн болон үндэсний хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
19.2Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тогтолцоо нь итгэмжлэлийн байгууллага, итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага, итгэмжлэлийн техникийн хороо, итгэмжлэлийн шинжээчээс бүрдэнэ.
20 дугаар зүйлИтгэмжлэлийн байгууллага
20.1Итгэмжлэлийн байгууллага нь тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллана.
20.2Итгэмжлэлийн байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
20.3Итгэмжлэлийн байгууллага нь итгэмжлэлийг эрхлэн хэрэгжүүлэх бөгөөд дараах бүрэн эрхтэй:
20.3.1тохирлын үнэлгээний байгууллагын тодорхой үйл ажиллагаа явуулах чадавхыг тогтоож итгэмжлэх, сунгах, хүчингүй болгох;
20.3.2итгэмжлэлийн үйл ажиллагаанд хамаарах мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах;
20.3.3холбогдох дүрэм, журам, заавар батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
20.3.4олон улс, бүс нутгийн байгууллага, гадаад улстай итгэмжлэлийн үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, хэлэлцээрт нэгдэх, олон улсын байгууллагад гишүүнээр элсэх санал гаргах;
20.3.5олон улс, бүс нутаг, гадаад улсын итгэмжлэлийн байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
20.3.6эрхэлсэн асуудлаар сургалт, судалгаа явуулах;
20.3.7тохирлын үнэлгээний итгэмжлэлийн шинжээчид эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох.
21 дүгээр зүйлИтгэмжлэлийн техникийн хороо, шинжээч
21.1Итгэмжлэлийн техникийн хороо нь итгэмжлэлийн шалгуур тогтоох, тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн шаардлага, шалгуурыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргаж, зөвлөгөө өгнө.
21.2Итгэмжлэлийн техникийн хороо нь орон тооны бус байх бөгөөд сонирхогч талуудын оролцоог тэгш хангасан байна.
21.3Итгэмжлэлийн шинжээч нь тохирлын үнэлгээний байгууллагын чадавх хууль болон стандарт, техникийн зохицуулалтын шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг үнэлж, дүгнэлт гаргана.
21.4Итгэмжлэлийн шинжээчид тавигдах шаардлагыг стандартаар тогтооно.
21.5Итгэмжлэлийн шинжээч нь үнэлгээний дүнг итгэмжлэлийн байгууллагад тайлагнана
ТАВДУГААР БҮЛЭГ
СТАНДАРТЧИЛАЛ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТОГТОЛЦОО, УДИРДЛАГА
22 дугаар зүйлСтандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн талаар Засгийн газрын бүрэн эрх
22.1Засгийн газар стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.1.1стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн талаарх бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
22.1.2стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тогтолцооны үр нөлөөг сайжруулах, энэ чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн төсөл боловсруулах;
22.1.3техникийн зохицуулалтыг баталж, мөрдүүлэх;
22.1.4хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүний жагсаалтыг батлах, хэрэгжилтийг хангуулах;
22.1.5итгэмжлэлийн байгууллагын орон тооны дээд хязгаар, дүрмийг батлах.
23 дугаар зүйлСтандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
23.1Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1салбарын хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлж, стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах;
23.1.2стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн талаарх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;
23.1.3стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тогтолцоог бэхжүүлэх саналыг Засгийн газарт оруулж, шийдвэрлүүлэх;
23.1.4чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээний тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, алдаршуулах зорилгоор үндэсний чанарын шагнал олгох;
23.1.5энэ хуульд заасан төлбөртэй ажил, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээг чөлөөт зах зээлийн үнэ тарифтай уялдуулан тогтоох;
23.1.6стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллагын даргыг томилж, чөлөөлөх саналыг Засгийн газарт гаргах.
24 дүгээр зүйлСтандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн талаар төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
24.1Төрийн захиргааны төв байгууллага нь эрхэлсэн асуудлын хүрээнд стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
24.1.1салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа стандарт, тохирлын үнэлгээ, техникийн зохицуулалтын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, хяналт шалгалт явуулах;
24.1.2стандартыг шинэчлэн сайжруулах, хэрэгжүүлэх ажлыг стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллагатай хамтран зохион байгуулах;
24.1.3эрхэлсэн асуудлаар энэ хуульд заасан Техникийн хороонд гишүүнийг ажиллуулах;
24.1.4салбарын хэмжээнд дагаж мөрдөх стандартчилал, тохирлын үнэлгээний талаар нийтэд мэдээлэх, сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах.
24.2Гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 13.4, 14.2-т заасан баримт бичгийг Монгол Улсын нэрийн өмнөөс Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдэнэ.
25 дугаар зүйлСтандартчилал, тохирлын үнэлгээний байгууллагын тогтолцоо
25.1Стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллага нь стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний чиглэлээр мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.
25.2Стандартчилал, тохирлын үнэлгээний байгууллагын тогтолцоо нь стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллага, түүний харьяа аймаг, нийслэл дэх байгууллагаас бүрдэнэ.
25.3Аймаг, нийслэл дэх стандартчилал, тохирлын үнэлгээний төрийн захиргааны байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээнд стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний бодлогын хэрэгжилтийг
25.4Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ энэ хуулийн биелэлтийг хангаж, стандартчилал, тохирлын үнэлгээний байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
25.5Салбарын хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, хяналтын улсын байцаагч, албан тушаалтан нь хариуцсан чиглэлээр стандартчилал, тохирлын үнэлгээний хэрэгжилтийг хангуулж ажиллана.
26 дугаар зүйлСтандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллага
26.1Стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
26.1.1эрхэлсэн асуудлын хүрээнд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэх;
26.1.2стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний үйл ажиллагаанд баримтлах баримт бичиг, хөтөлбөр, төлөвлөгөө, хэм хэмжээ тогтоосон акт боловсруулах, батлах, хэрэгжүүлэх;
26.1.3стандартчиллын техникийн хороо, дэд хороодыг байгуулах, өөрчлөх, татан буулгах, үйл ажиллагааг зохицуулах, дэмжлэг үзүүлэх;
26.1.4техникийн хорооны дүгнэлтийг үндэслэн стандартыг батлах, хүчингүй болгох, бүртгэх, түүний албан ёсны эхийг хадгалах, олон нийтэд мэдээлэх, түгээх;
26.1.5тохирлын үнэлгээг энэ хуульд заасны дагуу явуулах;
26.1.6хариуцсан асуудлаар олон улсын байгууллагад гишүүнээр элсэх санал гаргах, олон улс, бүс нутаг, гадаад улсын холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх;
26.1.7үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийг тодорхойлох, хяналт тавих;
26.1.8хариуцсан асуудлаар төлбөртэй ажил, үйлчилгээ эрхлэх, сургалт явуулах;
26.1.9энэ хуульд заасан мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, удирдах, хяналт тавих;
26.1.10энэ хуулийн 26.1.8-д заасан ажил, үйлчилгээг аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх;
26.1.11стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний онолын суурь судалгаа хийх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх;
26.1.12чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг алдаршуулан үндэсний чанарын шагнал олгох үйл ажиллагааг зохион байгуулах.
27 дугаар зүйлАймаг, нийслэл дэх стандартчилал, тохирлын үнэлгээний төрийн захиргааны байгууллага
27.1Аймаг, нийслэл дэх стандартчилал, тохирлын үнэлгээний төрийн захиргааны байгууллага нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
27.1.1энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах;
27.1.2тохирлын үнэлгээг энэ хуульд заасны дагуу явуулах;
27.1.3стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллагын зөвшөөрснөөр гадаад улс, бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах;
27.1.4үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийг тодорхойлох, хяналт тавих;
27.1.5хариуцсан асуудлаар төлбөртэй ажил, үйлчилгээ эрхлэх, сургалт явуулах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах;
27.1.6энэ хуульд заасан мэдээллийн санг бүрдүүлэх, хөгжүүлэх;
27.1.7иргэн, хуулийн этгээд, төрийн бус байгууллагад стандарт боловсруулах талаар арга зүйн зөвлөгөө өгөх, байгууллагын стандартыг бүртгэх;
27.1.8стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний чиглэлээр төрийн хяналт шалгалтын байгууллага, эрх бүхий албан тушаалтантай хамтран ажиллах.
28 дугаар зүйлСтандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний салбар дундын зохицуулалт
28.1Хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, аймаг, нийслэлийн засаг дарга нь хариуцсан чиглэлээр стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулна.
28.2Стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллага нь салбар дундын уялдааг хангах зорилгоор төрийн захиргааны төв байгууллагатай хамтран дараах үйл ажиллагаа явуулна:
28.2.1стандарт, тохирлын үнэлгээ, техникийн зохицуулалтын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;
28.2.2стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах, холбогдох байгууллагад дүгнэлт, зөвлөмж хүргүүлэх;
28.2.3стандартыг шинэчлэн сайжруулах зорилгоор таван жил хүртэлх хугацаанд шинжлэх ухаан, техникийн түвшинд үзлэг хийх;
28.2.4стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтийн талаарх судалгаа, тайлан мэдээг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан эрх бүхий байгууллагаас жил бүр гаргуулах;
28.2.5энэ хуульд заасан мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах.
28.3энэ хуульд заасан тохирлын үнэлгээнд заавал хамруулах бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхдээ тохирлын баталгаатай эсэхэд гаалийн байгууллага хяналт, шалгалт хийнэ.
28.4Эрх бүхий этгээд тохирлын гэрчилгээг үндэслэн тодорхой төрлийн зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж бол
28.5Үндэсний стандарт, олон улсын болон бүс нутгийн стандарт боловсруулах зардлыг төсвийн байгууллага өөрийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
29 дүгээр зүйлТөрийн хяналт
29.1Бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлснээс хойших үе шатанд стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтийн хяналтыг эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлнэ.
29.2Улсын байцаагч нь хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүн болон бусад хуулиар хэрэгжүүлэхээр заасан бүтээгдэхүүний тохирлын баталгаатай эсэхэд хяналт тавина.
29.3Эрх бүхий хяналтын улсын байцаагч нь хяналт, шалгалтын үйл ажиллагаанд баталгаажуулалтын байгууллагын үр дүнг ашиглаж болно.
29.4Энэ хуулийн 29.1-д заасан хяналтыг хэрэгжүүлэх улсын байцаагч нь стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна.
29.5Энэ хуулийн 28.3-т заасан бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
29.5.1хууль тогтоомж, стандартчиллын баримт бичигт заасан шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх;
29.5.2экспортлогч орны хүчин төгөлдөр тохирлын гэрчилгээ, нийлүүлэгчийн мэдэгдэл, түүнтэй адилтгах гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх;
29.5.3тохирлын үнэлгээнд заавал хамруулах бүтээгдэхүүнээс бусад бүтээгдэхүүнийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх;
29.5.4Хуульд өөрөөр заагаагүй бол энэ зүйлийн 14.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрөгдсөн, хүчин төгөлдөр тэмдэг, гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, Улсын хилээр нэвтрүүлэхэд тохирлын үнэлгээнд давтан хамруулахгүй байх;
29.5.5тохирлын баталгаатайгаар улсын хилээр нэвтрүүлсэн бараа, бүтээгдэхүүний статистик мэдээллийг стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллагад хагас жил тутам ирүүлэх.
29.6Сорьцын хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
29.6.1үнэт металл, түүгээр хийсэн эдлэлийн сорьц тогтоох, эрдэнийн чулууг тодорхойлохтой холбоотой хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;
29.6.2үнэт металл, түүгээр хийсэн эдлэлд сорьц тогтоосон болон эрдэнийн чулууг тодорхойлсон эсэхэд хяналт тавих;
29.6.3шаардлагатай тохиолдолд лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
29.6.4үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийг тодорхойлсон талаар дүгнэлт гаргах;
29.6.5үнэт металлын сорьцын баталгааны тэмдэг болон үйлдвэрлэгчийн барааны тэмдэглэгээнд хяналт тавих;
29.6.6эрх бүхий хуулийн этгээдийн сорьц тогтоох үйл ажиллагаанд хяналт тавих.
30 дугаар зүйлИргэн, хуулийн этгээдийн эрх үүрэг
30.1Иргэн, хуулийн этгээд нь стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний талаар дараах эрхтэй:
30.1.1бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх чиглэлээр стандарт, менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, тохирлын үнэлгээнд хамрагдах;
30.1.2стандарт санаачлах, боловсруулах;
30.1.3стандарт, стандартчиллын хөтөлбөрийн төсөлд санал өгөх.
30.2Иргэн, хуулийн этгээд нь стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний талаар дараах үүрэгтэй:
30.2.1стандарт, техникийн зохицуулалтаар тогтоосон шаардлагын дагуу бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах;
30.2.2стандартыг боловсруулах, бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулах, түүнтэй холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх;
30.2.3стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний чиглэлээр ажилтныг чадавхжуулах;
30.2.4хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг тохирлын баталгаатайгаар Монгол Улсын зах зээлд нийлүүлэх;
30.2.5тохирлын болон түүнтэй адилтгах тэмдэг, гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх;
30.2.6хуульд заасан бусад.
30.3Иргэн, хуулийн этгээд, сонирхогч талуудын боловсруулсан стандартын төсөл нь хууль тогтоомж, техникийн зохицуулалт болон үйлдвэрлэгч, хэрэглэгчийн эрх ашигт харшлаагүй, нийтийн ашиг сонирхол, хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулахааргүй байна.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН САН
31 дүгээр зүйлМэдээллийн сан
31.1Стандартчилал, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн мэдээллийн нэгдсэн сан (цаашид “Мэдээллийн сан” гэх) –тай байна.
31.2Мэдээллийн сан дараах төрөлжсөн сангаас бүрдэнэ:
31.2.1стандартчиллын баримт бичгийн мэдээллийн сан;
31.2.2итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагын мэдээллийн сан;
31.2.3баталгаажуулалтын үр дүнгийн мэдээллийн сан;
31.2.4лабораторийн шинжилгээний үр дүнгийн мэдээллийн сан;
31.2.5техникийн хяналтын үр дүнгийн мэдээллийн сан;
31.2.6сорьц тогтоолгон баталгаажсан үнэт металлаар хийсэн бүтээгдэхүүний болон гэрчилгээтэй эрдэнийн чулууны мэдээллийн сан;
31.2.7баталгаажуулалтын шинжээчийн мэдээллийн сан;
31.2.8стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтийн хяналтын мэдээллийн сан;
31.2.9энэ хуулийн хүрээнд хамаарах бусад.
31.3Мэдээллийн сан нь нэгдсэн удирдлага зохицуулалт бүхий программ хангамжтай байна.
31.4Стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллага мэдээллийн санг удирдах, хөгжүүлэх, нууцлал, хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангана.
32 дугаар зүйлМэдээллийн сан бүрдүүлэх, хөгжүүлэх
32.1Энэ хуулийн 31.2-т заасан төрөлжсөн мэдээллийн санг дараах байгууллагууд бүрдүүлнэ:
32.1.1стандартчилал, тохирлын үнэлгээний төрийн захиргааны байгууллага;
32.1.2итгэмжлэлийн байгууллага;
32.1.3төрийн хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага:
32.1.4гаалийн байгууллага;
32.1.5тохирлын үнэлгээний байгууллага;
32.1.6бусад.
32.2Энэ хуулийн 32.1-д заасан байгууллагууд мэдээллийн сангийн мэдээллийг тухай бүр оруулна.
32.3Мэдээллийн сан нь эрх бүхий байгууллагууд мэдээлэл оруулах, солилцох, хянах нөхцөлийг бүрдүүлж ашиглах боломжтой байна.
32.4Мэдээллийн санд мэдээлэл бүртгэх, баяжуулах, баталгаажуулах чиг үүргийг энэ хуулийн 32.1-д заасан байгууллага мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна.
33 дугаар зүйлМэдээллийн санг ашиглах, хадгалах, хамгаалах
33.1Мэдээллийн сангийн өгөгдөл нь нээлттэй, хаалттай гэсэн төрөлтэй байх бөгөөд мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээллээс төрийн болон албаны, хувь хүн, хуулийн этгээдийн нууцад хамаарах болон олон улсын гэрээ хэлэлцээрт нууцлахаар зааснаас бусад мэдээлэл нь нийтэд нээлттэй байна.
33.2Мэдээллийн сан бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах хүрээнд стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллага шаардлагатай программ хангамж, техник хэрэгслээр хангагдсан байна.
33.3Мэдээллийн сан үрэгдэх, устгагдахаас бүрэн хамгаалагдсан байх бөгөөд мэдээллийн санг нөөцлөн цахим технологийн дагуу Архивын тухай хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.
33.4Мэдээллийн сангийн мэдээлэл бодит бус байгаа нь баримтаар тогтоогдвол энэ хуулийн 32.1-д заасан байгууллага залруулгыг хийнэ.
33.5Мэдээллийн сан хариуцсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан мэдээллийн санг бусад этгээдэд шилжүүлэх, хуулиар хүлээсэн чиг үүрэгтээ хамааралгүй зорилгоор ашиглахыг хориглоно.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
САНХҮҮЖИЛТ
34 дүгээр зүйлСанхүүжилт
34.1Стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллага, түүний харьяа аймаг, нийслэлийн байгууллага болон итгэмжлэлийн байгууллагыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
34.2Энэ хуульд заасан стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний талаар онолын суурь судалгаа хийх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх зардлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлнэ.
34.3Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогоос стандартчилал, техникийн зохицуулалтын техникийн шинэчлэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зардлыг санхүүжүүлж болно.
34.4Стандартчилал, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн санхүүжилт нь энэ зүйлийн 34.1, 34.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ
34.4.1төлбөртэй ажил, үйлчилгээний хураамж;
34.4.2олон улсын байгууллага, хандивлагч орны хандив, тусламж;
34.5Энэ хуульд заасан төлбөртэй ажил, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээг чөлөөт зах зээлийн үнэ тарифтай уялдуулан стандартчилал, тохирлын үнэлгээний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ХАРИУЦЛАГА
35 дугаар зүйлСтандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлага
35.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчил, гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
35.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
36 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
36.1Энэ хуулийг 2025 оны ... дугаар сарын ....-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(1.Хуулийн төсөл 2025_1.05.05.docx)