Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Цэндийн МӨНХ-ОРГИЛ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 3-Р САРЫН 5 ӨДӨР
УЛААНБААТАР

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ /шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хууль /цаашид “Үндсэн хууль” гэх/ зөрчсөн тухай маргааныг Үндсэн хуулийн цэц иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлХууль тогтоомж
2.1Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /цаашид “Цэц” гэх/-д маргаан хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хуулиас бүрдэнэ.
2.2Маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой энэ хуулиар зохицуулаагүй асуудлыг Цэцийн нийт гишүүний хуралдаанаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон энэ хуульд нийцүүлэн баталсан Үндсэн хуулийн цэцийн дэг /цаашид “Дэг” гэх/-ээр зохицуулна.
3 дугаар зүйлНэр томьёоны тодорхойлолт
3.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1“иргэн” гэж Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;
3.1.2“маргагч” гэж энэ хуульд заасны дагуу Цэцэд хандан өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргагчийг;
3.1.3“хариуцагч” гэж өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд заасан Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн шийдвэр, бусад актыг гаргасан байгууллага, албан тушаалтныг;
3.1.4“маргаан” гэж маргаантай асуудал болон үндсэн эрхийн маргааныг;
3.1.5“маргаантай асуудал” гэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Цэцийн харьяалан шийдвэрлэх асуудлыг;
3.1.6“үндсэн эрхийн маргаан” гэж хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, бусад акт өргөдөл гаргагчийн өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөн эсэх маргааныг;
3.1.7“үндсэн эрх” гэж Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1, 3, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18-д заасан үндсэн эрх, эрх чөлөө, мөн зүйлийн 4-ийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох” эрх, болон тэдгээртэй адилтгах эрхийг;
Тайлбар:Энэ хуулийн 3.1.7-д заасан үндсэн эрх, эрх эрх чөлөөтэй “адилтгах эрх” гэдэгт Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөв, Арван тавдугаар зүйл, Арван наймдугаар зүйлийн 5 дахь хэсэг, Арван ес дүгээр зүйл, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Тавин хоёр, Тавин гурав, Тавин дөрөв, Тавин тав дугаар зүйлд заасан эрх, мөн Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрх”-ийг ойлгоно.
3.1.8“хүсэлт” гэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас маргаантай асуудлаар өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд энэ хуульд заасны дагуу Цэцэд хандсаныг;
3.1.9“мэдээлэл” гэж нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор иргэнээс энэ хуульд заасны дагуу маргаантай асуудлаар Цэцэд хандсаныг;
3.1.10“өргөдөл” гэж хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, бусад акт иргэний үндсэн эрхийг нь зөрчсөн гэж үзсэн тухайн иргэн энэ хуульд заасны дагуу Цэцэд хандсаныг;
3.1.11“бүрэлдэхүүн” гэж Бага, Дунд, эсхүл Их суудлын бүрэлдэхүүнийг;
3.1.12“бүрэлдэхүүний гишүүн” гэж энэ хуульд заасны дагуу бүрэлдэхүүнд орсон Цэцийн гишүүнийг;
3.1.13“акт” гэж эрх зүйн хэм хэмжээ тогтоосон болон нэг бүрчилсэн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйг;
3.1.14“хуралдаан” гэж энэ хуульд заасны дагуу Дунд, Их суудал үндсэн оролцогч, шаардлагатай тохиолдолд бусад оролцогчийг оролцуулан хуралдааны танхимд маргааныг амаар хэлэлцэхийг;
3.1.15“зөвлөлдөөн” гэж цугларсан бичгийн болон бусад баримтад үндэслэн маргааны оролцогчийг оролцуулахгүйгээр бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд маргааныг хэлэлцэж шийдвэрлэх, шийдвэрийн үндэслэлийг хэлэлцэн тогтоохыг;
3.1.16“даргалагч” гэж хуралдаан, зөвлөлдөөнийг удирдан явуулах чиг үүрэг бүхий Цэцийн гишүүн /зөвлөлдөөн даргалагч нь хуралдааныг даргална/;
3.1.17“тусгай санал” гэж бүрэлдэхүүний гишүүн маргааныг хянан шийдвэрлэсэн Цэцийн шийдвэрийн тогтоох хэсэгтэй санал нэгдсэн ч үндэслэх хэсэгтэй санал зөрсөн тухай /зэрэгцээ санал/ эсхүл шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсгийн аль алинтай санал зөрсөн тухай /эсрэг санал/ үндэслэлээ бичихийг.
4 дүгээр зүйлМаргаан хянан шийдвэрлэх хүрээ
4.1Цэц гагцхүү Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд бусад хууль зөрчсөн тухай өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авахгүй.
4.2Цэц хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, бусад шийдвэр, эсхүл албан тушаалтны акттай холбоотой, Цэцийн харьяалалд хамаарах маргааныг хянан шийдвэрлэнэ.
5 дугаар зүйлМаргаан хянан шийдвэрлэх хугацаа
5.1Цэц энэ хуульд өөрөөр заагаагүй бол маргаан үүсгэснээс хойш 90 хоногийн дотор маргааныг хянан шийдвэрлэнэ. Маргаан ээдрээ, төвөгтэй гэж бүрэлдэхүүн үзвэл энэ хугацааг 90 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно. Хугацаа сунгах журмыг Дэгээр нарийвчлан зохицуулна.
5.2Дараах шийдвэртэй холбоотой маргааныг шийдвэрлэх бэлтгэлийг даруй хангана:
5.2.1онц болон дайны байдал зарласан, эсхүл цэрэг хөдөлгөх тухай;
5.2.2гамшгаас хамгаалах өндөржүүлсэн эсхүл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн.
5.3Энэ хуулийн 5.2-т заасан тохиолдолд хэд хэдэн илтгэгч гишүүнийг томилж болно.
6 дугаар зүйлХугацаа тодорхойлох, тоолох
6.1Маргаан хянан шийдвэрлэх хугацааг хуанлийн жил, сар, гариг, хоног, ажлын өдөр, цагаар тодорхойлно.
6.2Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уг хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно.
6.3Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна.
6.4Үүргийг гүйцэтгэх бол зохих журмаар тогтоосон тухайн байгууллагын ажлын өдөр дуусах эцсийн цагийн дотор гүйцэтгэнэ.
6.5Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ.
6.6Цаг хугацааг тоолохдоо хуанлийн жилийг арван хоёр сараар, хагас жилийг зургаан сараар, улирлыг гурван сараар, хоногийг хорин дөрвөн цагаар тоолно.ч
6.7Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно.
6.8Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусах бөгөөд хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна.
6.9Хуанлийн жил нь 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусна.
6.10Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт, гаригаар тогтоосон хугацаа тухайн товлосон гариг дуусах эцсийн цагт, цагаар тогтоосон хугацаа уг хугацаа дуусах цагийн мөн хоромд дуусна.
7 дугаар зүйлМаргаан хянан шийдвэрлэх зардал
7.1Цэцэд маргаан хянан шийдвэрлэхтэй холбогдсон дараах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:
7.1.1шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчийн унаа, байр, хоолны зардал, Цэцийн шийдвэрээр гүйцэтгэсэн ажил үндсэн чиг үүрэгт нь хамаарахгүй бол ажлын хөлс;
7.1.2гэрчийн унаа, байр, хоолны зардал, цалин, хөдөлмөрийн хөлс;
7.1.3хөгжлийн бэрхшээлтэй оролцогчийг маргаан хянан шийдвэрлэхэд оролцуулах зардал;
7.1.4шаардлагатай бусад ажиллагааг гүйцэтгэсний зардал.
7.2Маргаан хянан шийдвэрлэх зардлыг дараах журмаар тооцно:
7.2.1шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох унаа, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж байгаа албан томилолтын зардлын хэмжээгээр;
7.2.2шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг жишиг үнэлгээг харгалзан тогтоосон хэмжээгээр;
7.2.3мэдүүлэг өгөхөөр Цэцэд дуудагдсан хугацаанд гэрч цалин, хөдөлмөрийн хөлсөөр хохирсон бол энэ хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсний дунджаар;
7.2.4хөгжлийн бэрхшээлтэй оролцогчийг маргаан хянан шийдвэрлэхэд оролцуулахад шаардлагатай хэрэгсэл, төхөөрөмж ашигласны төлбөрөөр;
7.2.5бусад зардлыг зохих журмын дагуу.
7.3Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан зардлыг тооцож олгох журмыг Дэгээр нарийвчлан зохицуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗАРЧИМ
8 дугаар зүйлХараат бус байх
8.1Цэц, түүний гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа байгууллага, албан тушаалтан, иргэнээс хараат бус байж, гагцхүү Үндсэн хуульд захирагдан маргааныг хянан шийдвэрлэнэ.
8.2Байгууллага, албан тушаалтан, иргэн, хэн боловч Цэц, түүний гишүүн маргаан хянан шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шахалт, дарамт үзүүлэх, бусад хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.
9 дүгээр зүйлХамтын зарчим
9.1Цэц нь аливаа асуудал, маргааныг хамтын зарчмаар хэлэлцэж, хуульд өөрөөр заагаагүй бол бүрэлдэхүүний гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
9.2Цэцийн гишүүн энэ хуульд заасны дагуу хуралдаан, зөвлөлдөөнд оролцох, санал өгөх, болон маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад үүргээ биелүүлэх бөгөөд хуульд зааснаас бусад үндэслэлээр энэ үүргээ биелүүлэхээс татгалзах, зайлсхийхийг хориглоно.
10 дугаар зүйлИл тод байх
10.1Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Цэц маргааныг ил тодоор хянан шийдвэрлэж, шийдвэрээ нийтэд мэдээлнэ.
10.2Энэ хуулийн 10.3-т зааснаас бусад тохиолдолд хуралдааныг нээлттэй явуулна.
10.3Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэл /цаашид “хуулиар хамгаалагдсан нууц, мэдээлэл” гэх/, эсхүл хүний аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай талаар маргааны оролцогч, эсхүл бүрэлдэхүүний гишүүний саналыг үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзвэл хуралдааныг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаалттай явуулж болно.
10.4Хаалттай хуралдааны явцад илэрхий болсон, түүнчлэн албаны чиг үүргийн хүрээнд мэдсэн хуулиар хамгаалагдсан нууц, мэдээллийг Цэцийн гишүүн, маргааны оролцогч, бусад этгээд задруулахыг хориглох бөгөөд шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу нууцын баталгаа гаргуулан авна.
10.5Бүрэлдэхүүн хаалттай хуралдаанд оролцохыг тодорхой этгээдэд зөвшөөрч болно.
10.6Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдааны явцыг дууны болон дуу-дүрсний бичлэгээр зохих журмын дагуу баталгаажуулж, архивд хадгална.
10.7Цэцийн шийдвэр, нээлттэй хуралдааны тэмдэглэлийг маргааны оролцогч, бусад этгээд өөрийн зардлаар хувилан авах эрхтэй.
11 дүгээр зүйлТэгш эрхийг хангах
11.1Цэц маргаан хянан шийдвэрлэхдээ тэгш эрхийг хангах бөгөөд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсрол, эсхүл бусад шинжээр нь ялгаварлан гадуурхаж үл болно.
11.2Маргаан хянан шийдвэрлэхэд оролцож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэ хуульд заасан эрхээ эдлэхэд Цэц дэмжлэг үзүүлнэ.
12 дугаар зүйлЦэц нотлох зарчим
12.1Цэц маргааныг Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн гүйцэд, бодитой хянан шийдвэрлэхэд шаардлагатай ажиллагааг явуулж, ач холбогдол бүхий баримтыг цуглуулж, үнэлнэ.
12.2Бүх шатны шүүх, төрийн байгууллага, албан тушаалтан, холбогдох этгээд Цэцийн шаардсан тайлбар, судалгаа, лавлагаа, дүгнэлт, бусад баримтыг хугацаанд нь саадгүй гаргаж өгөх, Цэцэд маргаан хянан шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
12.3Үндсэн оролцогч нь маргаан хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн, хуульд заасан арга, хэрэгслээр олж авсан баримтыг Цэцэд гаргаж өгнө.
12.4Цэц шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үндэслэн шийдвэр гаргаж болно.
13 дугаар зүйлМаргаан хянан шийдвэрлэх хэл, бичиг
13.1Цэц маргааныг монгол хэлээр хянан шийдвэрлэж, төрийн албан ёсны бичгээр хөтөлж баталгаажуулна.
13.2Маргааны оролцогч монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хөгжлийн бэрхшээлтэйн улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио, зангаа, тусгай тэмдэгт ашиглан тайлбар, баримт гаргаж өгөх эрхтэй.
13.3Энэ хуулийн 13.2-т заасан этгээдээс Цэцэд гаргасан тайлбар, баримтыг тухайн бүрэлдэхүүн болон маргааны бусад оролцогчид, түүнчлэн хуралдааны явц, бусад тайлбар, баримтыг зохих харилцааны хэрэгсэл, эсхүл орчуулагч, хэлмэрчээр дамжуулан тухайн этгээдэд танилцуулна.
14 дүгээр зүйлБиечлэн явуулах
14.1Цэцийн хуралдаан, зөвлөлдөөнийг Их суудлын бүрэлдэхүүн, энэ хуулийн 31.1-д заасан журмын дагуу томилсон Бага, Дунд суудлын бүрэлдэхүүн эхнээс нь дуусах хүртэл биечлэн явуулна.
14.2Бүрэлдэхүүний гишүүн энэ хуулийн 29.1-д заасан үндэслэлээр татгалзан гарсан, түүнчлэн эрүүл мэндийн эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй бол түүний оронд Цэцийн өөр гишүүнийг томилно.
14.3Энэ хуулийн 14.2-т заасан тохиолдолд бүрэлдэхүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг эсхүл хуралдаан, зөвлөлдөөнийг эхнээс нь явуулах эсэхийг шийдвэрлэнэ.
15 дугаар зүйлТасралтгүй явуулах
15.1Цэцийн хуралдаан, зөвлөлдөөнийг амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна.
15.2Маргааныг хуралдаанаар хэлэлцэх эсхүл зөвлөлдөөнөөр шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн бол бүрэлдэхүүн уг нөхцөл арилах хүртэл боломжит хугацаагаар хойшлуулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЦЭЦЭД ХАНДАХ ХЭЛБЭР, ХУГАЦАА
16 дугаар зүйлЦэцэд хандах хэлбэр
16.1Иргэн эрхээ хамгаалах хуульд заасан арга замыг дуусгасны дараа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, бусад акт өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөн хэвээр байна гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргана.
16.2Иргэн нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлаар Цэцэд мэдээлэл гаргана.
16.3Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлаар дараах эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд Цэцэд хүсэлт гаргана:
16.3.1Улсын Их Хурал;
16.3.2Ерөнхийлөгч;
16.3.3Ерөнхий сайд;
16.3.4Улсын дээд шүүх;
16.3.5Улсын ерөнхий прокурор.
16.4Өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг бичгээр, эсхүл цахимаар гаргана.
16.5Иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл зарим буюу бүрэн бус чадамжтай, эсхүл эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан иргэний үндсэн эрхийг зөрчсөн талаарх өргөдлийг түүний хууль ёсны төлөөлөгч Цэцэд гаргаж болно.
16.6Хууль тогтоомжоос бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн талаар Цэцэд өргөдөл, мэдээлэл гаргахдаа уг шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан, тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх бүхий этгээд, шүүхэд хандах зэрэг хуульд заасан арга замыг дуусгасан байна.
17 дугаар зүйлЦэцэд хандах хугацаа
17.1Иргэн өөрийн үндсэн эрхтэй холбоотой шүүхийн шийдвэр, эсхүл бусад актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор өргөдөл гаргана.
17.2Иргэн хууль, Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлаар хэдийд ч, бусад маргаантай асуудлаар дараах хугацаанд мэдээлэл гаргана:
17.2.1Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр гарсан өдрөөс хойш нэг жилийн дотор;
17.2.2ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурлын эсхүл Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх сонгуулийн төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш хоёр сарын дотор;
17.2.3Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан асуудлыг мэдсэн өдрөөс хойш хоёр сарын дотор.
17.3Энэ хуулийн 16.3-т заасан этгээд Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлаар хэдийд ч хүсэлт гаргаж болно.
17.4Энэ хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн бол маргагч хугацаа сэргээлгэх саналаа холбогдох баримтын хамт Цэцэд гаргаж болно.
18 дугаар зүйлӨргөдөл, мэдээлэл, хүсэлтэд тавих шаардлага
18.1Цэцэд гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд дараах зүйлийг тусгана:
18.1.1өргөдөл, мэдээлэл гаргагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа хаяг, байгууллага бол түүний нэр, оршин байгаа хаяг, эсхүл хүсэлт гаргагчийн нэр, албан тушаал, хаяг;
18.1.2өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн утасны дугаар, цахим хаяг;
18.1.3Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байгаа хууль тогтоомж, бусад акт, түүний зүйл, заалт, эсхүл Үндсэн хууль зөрчсөн, огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй хэмээн үзэж байгаа албан тушаалтны нэр, шийдвэр, бусад актын талаарх мэдээлэл;
18.1.4Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалт болон түүнийг зөрчсөн гэж үзэж буй үндэслэл;
18.1.5Цэцээр шийдвэрлүүлэх шаардлага;
18.1.6өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргагчийн тоон, эсхүл ердийн гарын үсэг, огноо.
18.2Өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд дараах зүйлийг хавсаргана:
18.2.1маргаан хянан шийдвэрлэхэд төлөөлөгчөөр дамжуулан оролцох эсхүл өмгөөлөгч оролцуулах бол түүний бүрэн эрхийн хүрээг тодорхойлж, бүрэн эрх олгосон баримт бичиг;
18.2.2Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байгаа хууль тогтоомж, бусад акт, түүний зүйл, заалтын хуулбар, эсхүл Үндсэн хууль зөрчсөн, огцруулах, эгүүлэн татах үндэслэл болсон шийдвэр, бусад актын нотолгоо;
18.2.3монгол хэлээс өөр хэл дээрх баримт бичгийн албан ёсны орчуулга.
18.3Өргөдөлд энэ хуулийн 18.1, 18.2-т зааснаас гадна энэ хуулийн 16.6-д заасны дагуу эрхээ хамгаалах хуульд заасан арга замыг дуусгасан ч үндсэн эрх нь зөрчигдсөн хэвээр байгаа гэж үзсэн үндэслэлээ тусган, холбогдох шийдвэр, баримтыг хавсаргана.
18.4Мэдээлэлд энэ хуулийн 18.1, 18.2-т зааснаас гадна нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар Цэцэд хандсан зорилгыг, түүнчлэн энэ хуулийн 16.6-д заасны дагуу хуульд заасан арга замыг дуусгасан ч Үндсэн хуулийн зөрчил арилаагүй гэж үзсэн үндэслэлээ бичиж, холбогдох шийдвэр, баримтыг хавсаргана.
19 дүгээр зүйлӨргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авах
19.1Цэцэд гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Ерөнхий бүртгэгч хүлээн авна.
19.2Ерөнхий бүртгэгч нь өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Цэцэд ирүүлснээс хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 16, 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх, Цэц урьд нь тухайн асуудлыг шийдвэрлэсэн эсэхийг нягтлан үзэж, хянан шийдвэрлэх бүртгэлд бүртгэсэн эсэх талаар үндэслэл бүхий хариуг маргагчид өгнө. Холбогдох журмыг Дэгээр нарийвчлан зохицуулна.
19.3Ерөнхий бүртгэгч дараах тохиолдолд өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг маргагчид буцаана:
19.3.1энэ хуулийн 16, 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;
19.3.2Цэцээс урьд өмнө нь хариу өгсөн асуудлаар дахин өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан бөгөөд түүнийг дахин нягтлан үзэх үндэслэлгүй.
19.4Ерөнхий бүртгэгчээс энэ хуулийн 19.3-т заасны дагуу өгсөн хариуг маргагч эс зөвшөөрвөл уг хариуг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Цэцэд дахин гаргаж болно.
19.5Өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг энэ хуульд заасан шаардлага хангаж, эсхүл түүнийг энэ хуулийн 19.4-т заасны дагуу гаргасан бол Ерөнхий бүртгэгч ажлын гурван өдрийн дотор Цэцийн нийт гишүүний хуралдаанаас тогтоосон хуваарь, Дэгд заасны дагуу түүнийг Бага суудлын бүрэлдэхүүнд гардуулж, хянан шийдвэрлэх бүртгэлд бүртгэнэ.
20 дугаар зүйлЦахим бүртгэл хөтлөх
20.1Ерөнхий бүртгэгч өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг албан хэрэг хөтлөх журмын дагуу бүртгэж, цахим сан үүсгэнэ.
20.2Цэцийн шийдвэрийн хуулбар, эсхүл маргаан хянан шийдвэрлэхэд хамаарах баримт бичгийг маргааны оролцогчид цахимаар хүргүүлнэ.
20.3Маргааны оролцогч Цэцийн шийдвэр, холбогдох баримт бичгийг бичгээр авах санал гаргасан, эсхүл цахим үйлчилгээ үзүүлэх боломжгүй тохиолдолд маргааны оролцогчид шийдвэр, баримт бичгийг шуудангаар хүргүүлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МАРГААНЫ ОРОЛЦОГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
21 дүгээр зүйлМаргааны оролцогч
21.1Маргагч болон хариуцагч нь үндсэн оролцогч байна.
21.2Гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, Цэцийн нарийн бичгийн дарга нь бусад оролцогчид хамаарна.
21.3Төлөөлөгч, өмгөөлөгч нь маргааны бие даасан оролцогч бус, зөвхөн төлөөлүүлж, өмгөөлүүлж байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн эрх олгосон хүрээнд хамгаалж байгаа этгээд мөн.
22 дугаар зүйлҮндсэн оролцогчийн эрх, үүрэг
22.1Үндсэн оролцогч нь маргаан хянан шийдвэрлэхэд дараах эрх эдэлнэ:
22.1.1маргаж байгаа асуудлаар байр сууриа илэрхийлж, тайлбар гаргах, баримт гаргаж өгөх, баримт гаргуулах санал гаргах;
22.1.2энэ хуульд заасны дагуу гэрч оролцуулах, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч томилуулах, хуралдааныг хойшлуулах тухай санал гаргах;
22.1.3өргөдөл, мэдээлэл, хүсэлт, холбогдох тайлбар, цугларсан баримттай танилцах, хуулбарлан авах, тэмдэглэл хийх, хариу тайлбар өгөх;
22.1.4маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой Цэцээс гаргасан шийдвэрийн талаар мэдэх, хуулбарлан авах;
22.1.5биечлэн, эсхүл төлөөлөгчөөр дамжуулан энэ хуульд заасны дагуу хуралдаанд оролцох, оролцогчоос асуулт асуух;
22.1.6бүрэлдэхүүн, эсхүл бусад оролцогчоос энэ хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах санал гаргах;
22.1.7хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах;
22.1.8энэ хуульд заасан бусад эрх.
22.2Үндсэн оролцогч маргаан хянан шийдвэрлэхэд дараах үүрэг хүлээнэ:
22.2.1Цэцээс товлосон цагт хүрэлцэн ирэх;
22.2.2Цэцийн шаардсан баримтыг тогтоосон хугацаанд гаргаж өгөх;
22.2.3Цэцэд гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлт, тайлбар нь бодит байдалд нийцсэн, үнэн байх;
22.2.4маргаан хянан шийдвэрлэх явцад олж мэдсэн хуулиар хамгаалагдсан нууц, мэдээллийг задруулахгүй байх;
22.2.5хуралдааны дэгийг сахих;
22.2.6энэ хуульд заасан бусад үүрэг.
22.3Өргөдөл, хүсэлт гаргагч нь хуралдаан, зөвлөлдөөн болохоос өмнө шаардлагаа ихэсгэх, эсхүл багасгах, бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах санал гаргаж болно. Өргөдөл, хүсэлтийн шаардлагыг ихэсгэх, багасгах, татгалзах нь нийтийн ашиг сонирхолд нөлөөлнө гэж бүрэлдэхүүн үзвэл энэ тухай саналыг хүлээн авахгүй.
22.4Маргаан үүсгэсний дараа мэдээллийн шаардлагаас татгалзах, эсхүл түүнийг ихэсгэх, багасгахыг хориглоно.
22.5Дунд суудлын шийдвэр гарсны дараа маргагч шаардлагаасаа татгалзах, эсхүл түүнийг ихэсгэх, багасгахыг хориглоно.
22.6Иргэд хамтран өргөдөл, мэдээлэл гаргасан бол дотроосоо тав хүртэл тооны иргэнийг сонгон хуралдаанд оролцуулах бөгөөд тэдгээр нь үндсэн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
22.7Цэц үндсэн оролцогчид эрх, үүргийг нь танилцуулж, тэгш боломжоор хангана.
23 дугаар зүйлМаргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх
23.1Энэ хуульд өөрөөр заагаагүй бол үндсэн оролцогч итгэмжлэл олгох замаар хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлж болно.
23.2Улсын Их Хурал аль нэг гишүүнээрээ төлөөлүүлэн, Улсын Их Хурлын гишүүн өөрөө Цэцийн хуралдаанд оролцоно.
23.3Засгийн газрыг түүний эрх олгосноор, Ерөнхий сайдыг түүний зөвшөөрснөөр Засгийн газрын аль нэг гишүүн төлөөлөн хуралдаанд оролцоно.
23.4Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, эсхүл бусад байгууллага, албан тушаалтан хуульд заасны дагуу, эсхүл хуульчаар төлөөлүүлэн хуралдаанд оролцоно.
23.5Байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжилсэн хуульч төлөөлнө.
23.6Байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд нь түүнд олгосон итгэмжлэлийг Цэцэд гаргаж өгнө.
23.7Итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байна:
23.7.1төлөөлүүлэгч өөрийн нэр, регистрийн дугаар, утасны дугаарыг бичиж, гарын үсэг зурсан байх, байгууллагын итгэмжлэлд тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;
23.7.2олгосон огноо;
23.7.3ямар маргаанд хэрхэн оролцохыг тодорхой заах;
23.7.4итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах.
23.8Маргааны оролцогч, эсхүл түүний төлөөлөгч маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.
23.9Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажиллагааг хуулийн хүрээнд явуулж, төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийн хүрээнд энэ хуульд заасан маргааны оролцогчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
23.10Дараах этгээд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцохыг хориглоно:
23.10.1гэрч, шинжээч, мэргэжилтнээр оролцсон этгээд;
23.10.2эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар, эсхүл ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд шүүгч, прокурор.
23.11Төлөөлөл дараах үндэслэлээр дуусгавар болно:
23.11.1төлөөлөгч итгэмжлэлээс татгалзсан;
23.11.2төлөөлүүлэгч өөрийн олгосон итгэмжлэлийг хүчингүй болгосон;
23.11.3хууль, эсхүл гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлүүлэгч нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон;
23.11.4төлөөлүүлэгч байгууллага татан буугдсан.
23.12Төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй. Энэ тухай Цэцэд даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мэдэгдээгүйгээс гарах үр дагаврыг төлөөлүүлэгч хариуцна.
24 дүгээр зүйлӨмгөөлөгч
24.1Маргааны оролцогч маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа авч болно.
24.2Маргаан хянан шийдвэрлэхэд оролцох өмгөөлөгчийн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талтай байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно.
25 дугаар зүйлГэрч
25.1Маргаан хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал, үйл баримтыг мэдэж байгаа этгээдийг илтгэгч гишүүн, эсхүл бүрэлдэхүүн гэрчээр оролцуулж болно.
25.2Гэрч нь товлосон цагт хүрэлцэн ирж, маргаантай холбогдсон асуудлаар үнэн мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай тэмдэглэл, баримт бичиг, мэдээ сэлтийг ашиглаж болно.
25.3Гэрч санаатайгаар худал мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхөөс хууль бусаар зайлсхийсэн, татгалзсан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар сануулж, Дэгд заасны дагуу баримтжуулна.
26 дугаар зүйлШинжээч
26.1Үндсэн оролцогчийн саналаар, эсхүл өөрийн санаачилгаар илтгэгч гишүүн, эсхүл бүрэлдэхүүн маргааныг хянан шийдвэрлэхэд тусгай мэргэшил, мэдлэг зайлшгүй шаардсан асуудлаар уг маргаанд ашиг сонирхлын зөрчилгүй этгээдийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулж болно.
26.2Энэ хуулийн 26.1-д заасан шийдвэрт шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай асуудлыг тодорхойлон заана.
26.3Шинжээч нь Цэцийн товлосон цагт хүрэлцэн ирэх, тогтоосон хугацаанд үнэн, бүрэн, үндэслэл бүхий дүгнэлт гаргах үүрэгтэй.
26.4Шинжээч санаатай худал дүгнэлт гаргах, дүгнэлт гаргахаас хууль бусаар зайлсхийсэн, татгалзсан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар сануулж, баримтжуулна.
26.5Мэргэшил, мэдлэг тохирохгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй бол шинжээч дүгнэлт гаргахаас татгалзаж болно.
26.6Шинжээч дүгнэлт гаргахад шаардлагатай бол маргааны материалтай танилцах, нэмэлт баримт авах саналаа Цэцийн гишүүнд гаргах эрхтэй.
26.7Шинжээч өөрийн хийсэн шинжилгээ, түүний үндсэн дээр хүрсэн дүгнэлтээ тодорхойлохын хамт Цэцийн тавьсан асуултад нэг бүрчлэн үндэслэл бүхий тодорхой хариулт өгч дүгнэлтээ бичгээр үйлдэнэ.
26.8Шинжээч Цэцийн тавьсан асуултад тусгагдаагүй боловч маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар дүгнэлтдээ тусгаж болно.
26.9Хэд хэдэн этгээдийг баг болгон шинжээчээр томилсон бол тэд санал нэгтэй байвал нэг дүгнэлт гаргаж гарын үсгээ зурах бөгөөд харин аль нэг шинжээч санал нийлэхгүй байвал дүгнэлтээ тусдаа гаргана.
27 дугаар зүйлОрчуулагч, хэлмэрч
27.1Үндсэн оролцогч монгол хэл мэдэхгүй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэйн улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол түүний саналын дагуу орчуулагч, хэлмэрчийг илтгэгч гишүүн, эсхүл бүрэлдэхүүн томилж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.
27.2Орчуулагч, хэлмэрч товлосон цагт хүрэлцэн ирж, өргөдөл, мэдээлэл, хүсэлт, тайлбар, мэдүүлэг, баримттай танилцах, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, Цэцийн шийдвэрийн агуулгыг үнэн, бүрэн орчуулж, хэлмэрчлэх үүрэгтэй.
27.3Орчуулагч, хэлмэрч нь тодруулах асуулт тавьж болно.
27.4Маргааны оролцогч нь орчуулагч, хэлмэрчийн үүрэг давхар гүйцэтгэхийг хориглоно.
27.5Орчуулагч, хэлмэрч санаатайгаар худал орчуулсан, хэлмэрчилсэн, орчуулга хийх, хэлмэрчлэхээс хууль бусаар татгалзсан, зайлсхийсэн тохиолдолд түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай сануулж, баримтжуулна.
28 дугаар зүйлЦэцийн нарийн бичгийн дарга
28.1Цэцийн нарийн бичгийн дарга /цаашид “нарийн бичгийн дарга”/ нь маргааны оролцогчид маргаан хянан шийдвэрлэхэд оролцох эрх, үүргийг танилцуулан баталгаажуулах, хуралдаан явуулах нөхцөлийг хангах, маргааны оролцогчид товыг мэдэгдэх, тэдний ирцийг бүртгэж, танилцуулах, хуралдааны тэмдэглэл хөтлөх, түүнд гарын үсэг зурж, даргалагчаар баталгаажуулж маргааны материалд хавсаргах, шаардлагатай бусад ажиллагааг гүйцэтгэнэ.
28.2Энэ хуулийн 28.1-д заасан ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай тооны нарийн бичгийн дарга ажиллана.
29 дүгээр зүйлТатгалзан гаргах үндэслэл, журам
29.1Цэцийн гишүүн дараах үндэслэл байвал бүрэлдэхүүнд орохоос өөрөө татгалзан гарах үүрэгтэй:
29.1.1тухайн маргааныг захиргааны байгууллага, шүүхээр хянан шийдвэрлэхэд албан үүргийн дагуу, эсхүл мэргэжлийн хувиар оролцсон;
29.1.2өөрөө, эсхүл өөртэй нь хамаарал бүхий этгээд үндсэн оролцогч.
29.2Үндсэн оролцогч энэ хуулийн 29.1-д заасан үндэслэлээр Цэцийн гишүүнийг татгалзан гаргах санал тавих эрхтэй бөгөөд саналаа бичгээр гаргаж, татгалзан гаргах үндэслэлийг тодорхой заана.
29.3Цэцийн гишүүн татгалзан гарах, гаргах саналыг тухайн бүрэлдэхүүн уг гишүүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлэх бөгөөд санал тэнцвэл татгалзан гаргаагүйд тооцно.
29.4Цэцийн хоёроос дээш тооны гишүүн татгалзан гарах, эсхүл тэдгээрийг татгалзан гаргахыг хориглоно. Цэцийн гишүүн татгалзан гарснаар, эсхүл гаргаснаар Дунд, Их суудлын бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болох тохиолдолд татгалзан гарах, эсхүл гаргахыг хориглох бөгөөд энэ хуулийн 29.1-д заасан үндэслэл үүссэн эсэхээс үл хамааран чиг үүргээ хэрэгжүүлнэ.
29.5Энэ хуулийн 29.1-д зааснаас бусад үндэслэлээр Цэцийн гишүүнийг татгалзаж үл болно.
29.6Орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтэн, нарийн бичгийн дарга энэ хуулийн 29.1-д заасан, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй бусад үндэслэл бий болсон бол өөрөө татгалзан гарах үүрэгтэй бөгөөд тэдгээрийг татгалзан гаргах саналыг бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.
29.7Энэ хуулийн 29.1, 29.6-д заасан татгалзан гарах үндэслэл байвал Цэцийн гишүүн, орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтэн, нарийн бичгийн дарга зөвлөлдөөн эхлэхээс өмнө даргалагчид бичгээр, эсхүл татгалзан гарах үндэслэл хуралдаан эхлэх хүртэл мэдэгдээгүй, хуралдааны явцад илэрсэн бол энэ тухайгаа мэдсэн даруй даргалагчид мэдэгдэж, татгалзан гарах үүрэгтэй.
29.8Илтгэгч гишүүн татгалзан гарсан эсхүл түүнийг татгалзан гаргасан бол нөхөн томилогдсон гишүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах, шаардлагатай гэж үзвэл зарим ажиллагааг дахин явуулж болно.
29.9Бүрэлдэхүүнд орсон илтгэгч гишүүнээс бусад гишүүн татгалзан гарсан, эсхүл түүнийг татгалзан гаргасан бол өөр гишүүнийг нөхөн томилно.
Тайлбар:Энэ зүйлд заасан “хамаарал бүхий этгээд” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-т заасан этгээдийг ойлгоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ
30 дугаар бүлэг
Маргаан хянан шийдвэрлэх үндэслэл
30.1Цэц гагцхүү энэ хуульд заасны дагуу гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг үндэслэн маргааныг хянан шийдвэрлэнэ.
30.2Тусгай журам тогтоосноос бусад тохиолдолд маргааныг энэ хуульд заасан нийтлэг журмаар хянан шийдвэрлэнэ.
31 дүгээр зүйлӨргөдөл, мэдээлэл, хүсэлт, маргааныг хуваарилах болон холбогдох бусад журам
31.1Өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Бага суудалд хуваарилах, Бага, Дунд суудлын бүрэлдэхүүн, даргалагч, илтгэгч гишүүнийг томилох, маргааныг Дунд суудалд хуваарилах журам нь урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд дараах шаардлагыг хангасан программ хангамжийг ашиглана:
31.1.1Цэц өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авсан даруй хуваарилалтыг хийх, Цэцийн нийт гишүүний хуралдааны шийдвэргүйгээр өөрчлөх боломжгүй хамгаалалттай байх, хэзээ, хэрхэн хуваарилагдсан тухай баримтыг оролцогч этгээдэд шууд өгөх боломжтой байх;
31.1.2цахимаар хийгдсэн хуваарилалтыг гагцхүү татгалзан гаргах, гарах саналыг үндэслэлтэй гэж үзсэн, эсхүл Цэцийн гишүүн, тухайн бүрэлдэхүүнд энэ хуульд заасны дагуу өөрчлөлт орсон тохиолдолд өөрчлөх бөгөөд уг өөрчлөлт нь хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулсан байх.
31.2Цэцийн дарга өөрийн орсон Их суудлыг даргална. Цэцийн дарга нь Их суудалд ороогүй, эсхүл Их суудалд илтгэгч гишүүнээр орсон бол аль нэг гишүүн даргална.
31.3Энэ хуулийн 31.1, 31.2-т заасан журмын дагуу өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Бага суудалд хуваарилах, Бага, Дунд суудлын бүрэлдэхүүн, даргалагч, илтгэгч гишүүнийг томилох бөгөөд маргааныг Дунд суудалд хуваарилна. Энэ асуудлаарх журмыг Дэгээр нарийвчлан зохицуулна.
32 дугаар зүйлМаргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх
32.1Маргааныг хянан шийдвэрлэхэд бусад шүүхээс гарах шийдвэр ач холбогдолтой гэж үзвэл бүрэлдэхүүн тухайн шийдвэр гарах хүртэл хугацаагаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.
32.2Энэ хуулийн 32.1-д зааснаас бусад үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно.
32.3Түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд бүрэлдэхүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээнэ.
32.4Үндсэн оролцогч, эсхүл бүрэлдэхүүний гишүүн энэ зүйлд заасны дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, эсхүл сэргээх тухай саналыг бүрэлдэхүүнд гаргаж болно.
33 дугаар зүйлМаргааныг хэрэгсэхгүй болгох
33.1Бүрэлдэхүүн дараах нөхцөлд маргааныг хэрэгсэхгүй болгож болно:
33.1.1өргөдөл гаргагч нас барсан бол;
33.1.2өргөдөл, хүсэлт гаргагч маргааны шаардлагаасаа татгалзсан;
33.1.3маргаан бүхий хууль тогтоомж, бусад шийдвэр хүчингүй болсон, эсхүл маргаан бүхий нөхцөл арилсан.
33.2Маргаан үүсгэсэн асуудал нь нийтийн ашиг сонирхолд нөлөөлнө гэж бүрэлдэхүүн үзвэл энэ хуулийн 33.1-д заасан нөхцөл үүссэн эсэхээс үл хамааран маргааныг үргэлжлүүлэн хянан шийдвэрлэнэ.
34 дүгээр зүйлХуралдааны тэмдэглэл
34.1Хуралдааны явцыг мэдээллийн технологийн хэрэгсэл ашиглан бүрэн хэмжээгээр бичиж, дараах зүйлийг тусгана:
34.1.1тэмдэглэлийн нэр, хуралдаан болсон огноо, газар, байр, хуралдаан эхэлсэн, дууссан цаг, минут;
34.1.2даргалагч, бүрэлдэхүүний гишүүн, нарийн бичгийн даргын нэр;
34.1.3хэлэлцэх маргааны агуулга;
34.1.4маргааны оролцогчийн нэр, ажил, албан тушаал, холбогдох бусад мэдээлэл;
34.1.5маргааны оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан шаардлага, тайлбар, гэрчийн мэдүүлэг, мэргэжилтний дүгнэлт, шинжээчийн дүгнэлт, тэдгээрийн санал, асуулт, хариулт, холбогдох бусад баримтын талаар болон хуралдааны бусад явц;
34.1.6хуралдааны явцад гарсан асуудлыг шийдвэрлэсэн магадлал, түүнчлэн шийдвэрийн агуулга.
34.2Хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдааны явцад гадаад хэлээр өгсөн тайлбар, мэдүүлгийг хуралдааны тэмдэглэлд хавсаргаж болно.
34.3Хуралдааны тэмдэглэлийг хуралдаан дууссан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор бичгээр үйлдэж, даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулан маргааны материалд хавсаргана.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
35 дугаар зүйлМаргаан хянан шийдвэрлэх зохион байгуулалт
35.1Цэцэд маргааныг Бага, Дунд, Их суудлаар хянан шийдвэрлэнэ.
35.2Бага суудал гурван гишүүнээс, Дунд суудал зургаан гишүүнээс, Их суудал нийт гишүүнээс тус тус бүрдэнэ.
35.3Энэ хуулийн 29.1-д заасан үндэслэлээр татгалзан гарсан, түүнчлэн эрүүл мэндийн эсхүл бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй болсон бол Их суудлыг долоогоос доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй явуулж болно.
36 дугаар зүйлМаргаан хянан шийдвэрлэх хэлбэр
36.1Маргааныг зөвлөлдөөнөөр шийдвэрлэнэ.
36.2Үндсэн оролцогчийн тайлбарыг биечлэн сонсох, гэрч, эсхүл бусад оролцогчийн мэдүүлэг, дүгнэлттэй амаар танилцах, тодруулга авах нь маргааныг бүрэн, бодитой шийдвэрлэхэд шаардлагатай гэж үзвэл бүрэлдэхүүн хуралдаан явуулахаар шийдвэрлэж болно.
36.3Хуралдаан, зөвлөлдөөнийг маргааны оролцогч, эсхүл бүрэлдэхүүний гишүүний саналыг үндэслэн цахимаар явуулж, эсхүл зайлшгүй тохиолдолд бүрэлдэхүүний зарим гишүүн, тодорхой оролцогчийг цахимаар оролцуулж болно.
37 дугаар зүйлБага суудал
37.1Өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар, эсхүл хүсэлтээр маргаан үүсгэх эсэхийг Бага суудал зөвлөлдөөнөөр шийдвэрлэнэ.
37.2Бага суудал хуралдаан хийхгүй.
37.3Бага суудал Цэцэд маргаан үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, магадлал гаргана. Магадлал нь маргаан үүсгэх эсэх талаарх эцсийн шийдвэр болно.
37.4Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргах хугацааг сэргээлгэх саналыг энэ хуулийн 17.4-д заасны дагуу ирүүлснээс хойш 30 хоногийн дотор Бага суудал шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд Ерөнхий бүртгэгч тайлбараа бичгээр гаргаж өгнө.
38 дугаар зүйлБага суудлаар шийдвэрлэх бэлтгэл
38.1Энэ хуулийн 19.5-д заасны дагуу өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг гардуулснаас хойш долоо хоногийн дараа 30 хоногийн дотор Бага суудал зөвлөлдөөн хийнэ. Бага суудал шаардлагатай тохиолдолд уг хугацааг 30 хоногоор нэг удаа сунгаж болно.
38.2Даргалагч Бага суудлын бусад гишүүнтэй зөвшилцөн зөвлөлдөөнийг товлоно.
39 дүгээр зүйлМаргаан үүсгэх эсэхийг шийдвэрлэх
39.1Бага суудал доор дурдсан үндэслэл байвал маргаан үүсгэхээс татгалзана:
39.1.1өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргах эрх бүхий этгээд биш, эсхүл түүнийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гаргасан;
39.1.2Цэцийн харьяалан шийдвэрлэх асуудал биш;
39.1.3Үндсэн хуулийн маргааны шинжийг агуулаагүй;
39.1.4Үндсэн хуулийн суурь ач холбогдолгүй;
39.1.5энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;
39.1.6энэ хуулийн 17 дугаар зүйл, 19.4-т заасан хугацаа өнгөрсөн.
39.2Бага суудал доор дурдсан үндэслэл байвал маргаан үүсгэхээс татгалзаж болно:
39.2.1өргөдөл, мэдээлэл, хүсэлт энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;
39.2.2тухайн тодорхой асуудлаар Цэцийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа;
39.2.3өргөдөл, мэдээлэл гаргагч маргааны шаардлагаасаа татгалзсан.
39.3Маргаан үүсгэснээс хойш ажлын таван өдрийн дотор энэ тухай цахим хуудас болон бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
39.4Маргаан үүсгэсэн бол энэ хуулийн 31.1-д заасан журмын дагуу илтгэгч гишүүнийг даруй томилно.
40 дүгээр зүйлДунд суудал
40.1Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудал болон үндсэн эрхийн маргааныг Дунд суудлаар хянан шийдвэрлэж, дүгнэлт гаргана.
41 дүгээр зүйлМаргааныг Дунд суудлаар шийдвэрлэх бэлтгэл
41.1Илтгэгч гишүүн энэ хуульд заасан ажиллагааг явуулж маргааныг Дунд суудлаар шийдвэрлэх бэлтгэл хангана.
41.2Илтгэгч гишүүн томилогдсон өдрөөсөө хойш ажлын таван өдрийн дотор маргаан үүсгэсэн магадлалыг үндсэн оролцогчид хүргүүлнэ. Өргөдөл, мэдээлэл, хүсэлтийн хуулбарыг хариуцагчид хүргүүлж, тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргах боломж олгоно.
41.3Илтгэгч гишүүн шаардлагатай гэж үзвэл дараах ажиллагааг явуулна:
41.3.1холбогдох байгууллага, албан тушаалтан, бусад этгээдээс маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой тайлбар, судалгаа, лавлагаа, бусад баримтыг гаргуулах;
41.3.2гэрчээр дуудах;
41.3.3шинжээч томилон дүгнэлт гаргуулах;
41.3.4мэргэжилтэн томилон хууль зүйн дүгнэлт гаргуулах;
41.3.5үндсэн оролцогчоос нэмэлт тайлбар, тодруулга авах;
41.3.6маргаантай адил агуулга бүхий өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг нэгтгэн шалгах, шаардлагыг хамтатган шийдвэрлэх боломжгүй бол тусгаарлах санал гаргах;
41.3.7маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуулийн 32.1-д заасан үндэслэлээр түдгэлзүүлэх, энэ хуулийн 32.3-т заасны дагуу сэргээх санал гаргах;
41.3.8энэ хуулийн 33.1-д заасан үндэслэлээр маргааныг хэрэгсэхгүй болгох санал гаргах;
41.3.9энэ хуулийн 5.1-д заасан үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэх хугацааг сунгах санал гаргах;
41.3.10шаардлагатай бусад ажиллагаа.
41.4Бүрэлдэхүүн энэ хуулийн 41.3.6, 41.3.7, 41.3.8, 41.3.9-д заасан илтгэгч гишүүний саналыг зөвлөлдөөнөөр шийдвэрлэх бөгөөд үндсэн оролцогч эдгээр ажиллагааг явуулах тухай саналыг бүрэлдэхүүнд гаргах эрхтэй.
41.5Үндсэн оролцогч энэ хуулийн 41.3.1, 41.3.2, 41.3.3, 41.3.4, 41.3.10-т заасан ажиллагаа явуулах саналыг илтгэгч гишүүнд гаргах эрхтэй.
41.6Мэргэжилтэн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хууль зүйн дүгнэлт гаргаж өгөх талаар бүрэлдэхүүнд хандаж болох бөгөөд тэрээр маргааны оролцогч бус байна.
41.7Энэ хуулийн 41.3.4, 41.6-д заасны дагуу хууль зүйн дүгнэлт гаргуулахтай холбогдох журмыг Дэгээр нарийвчлан зохицуулна.
41.8Илтгэгч гишүүн маргааныг Дунд суудлаар шийдвэрлэхээс 21-ээс доошгүй хоногийн өмнө маргааны материалыг бүрэлдэхүүнд хуулбарлан тараана. Бүрэлдэхүүний гишүүн маргааны материалыг урьдчилан унших бөгөөд эх материалтай танилцах эрхтэй.
41.9Бүрэлдэхүүний гишүүн энэ хуулийн 41.8-д заасны дагуу маргааны материалыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор нэмэлт ажиллагаа хийлгэх санал гаргаж болно. Бүрэлдэхүүн уг саналыг хүлээн авсан тохиолдолд энэ хуульд заасны дагуу маргаан хянан шийдвэрлэх хугацааг сунгаж болно.
41.10Маргааныг Дунд суудлаар шийдвэрлэх бэлтгэл хангагдсан бол илтгэгч гишүүн бүрэлдэхүүний бусад гишүүнтэй зөвшилцөн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэж, товыг тогтоно. Бүрэлдэхүүний гишүүдийн санал тэнцвэл илтгэгч гишүүний саналыг дэмжсэнд тооцно.
41.11Маргааныг хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бол хуралдаан болох газар, огноо, цаг, хуралдааныг нээлттэй, эсхүл хаалттай хийхийг тодорхойлно.
41.12Хуралдаан болохоос арваас доошгүй ажлын өдрийн өмнө хуралдаан болох газар, огноо, цагийг маргааны оролцогчид мэдэгдэж, цахим хуудас болон бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
41.13Энэ хуулийн 5.2-т заасан тохиолдолд хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө энэ хуулийн 41.12-т заасны дагуу мэдэгдэж, нийтэд мэдээлнэ.
41.14Маргааныг хуралдаанаар хэлэлцүүлэхгүй гэж шийдвэрлэсэн бол зөвлөлдөөн болох газар, огноо, цагийг тодорхойлно.
42 дугаар зүйлЦэцийн хуралдаан
42.1Хуралдааныг Монгол Улсын төрийн сүлд, далбааг байрлуулсан, хэлэлцүүлэг хийх шаардлага хангасан танхимд явуулна.
42.2Хуралдаанд оролцогч хуралдааны дэгийг сахих, даргалагчид захирагдах үүрэгтэй.
42.3Даргалагч хуралдааныг нээж оролцогчийн ирцийн талаар нарийн бичгийн даргаас тодруулж, хэлэлцэх маргааны агуулгыг зарлана.
42.4Даргалагч маргааны оролцогчоос эрх, үүрэгтэй танилцсан эсэхийг тодруулж, хүлээх хариуцлагыг тайлбарлана.
42.5Даргалагч бүрэлдэхүүнийг зарлан, бусад оролцогчийг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэй болохыг үндсэн оролцогч нарт тайлбарлана.
42.6Даргалагч хуралдааны дэгийг танилцуулж, түүнийг сахих, даргалагчид захирагдах үүрэгтэйг маргааны оролцогчид болон танхимд байгаа бусад хүнд сануулна.
42.7Илтгэгч гишүүн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийн агуулга, маргааныг шийдвэрлэх бэлтгэл хангах ажиллагааны талаар товч мэдээлнэ.
42.8Хуралдааны явцад бүрэлдэхүүний гишүүн маргааны оролцогчоос асуулт асууж, хариулт авах эрхтэй.
42.9Үндсэн оролцогч маргааны талаарх өөрийн байр суурь, үндэслэлийг тайлбарлана.
42.10Үндсэн оролцогч гагцхүү хэлэлцэж байгаа маргаантай холбоотой асуудлаар тайлбар хийж, асуулт асууна.
42.11Шинжээч, мэргэжилтэн хуралдаанд оролцож байгаа бол дүгнэлтийг өөрөө уншиж сонсгоно.
42.12Үндсэн оролцогч шинжээч, мэргэжилтнээс дүгнэлттэй нь холбогдуулан даргалагчийн зөвшөөрлөөр асуулт асууж болох бөгөөд шинжээч, мэргэжилтэн хариулах үүрэгтэй.
42.13Гэрчийг хуралдаанд мэдүүлэг өгөхөөс өмнө хуралдааны танхимаас тусгаарлана.
42.14Гэрч нь бүрэлдэхүүний гишүүн болон маргааны оролцогчийн асуултад үнэн хариулах үүрэгтэй.
42.15Маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг хуралдаанаар шинжлэн судална.
42.16Хуралдааны төгсгөлд үндсэн оролцогч Цэцэд хандан үг хэлж болох бөгөөд хуралдаанаар шинжлээгүй баримт бичиг, бусад баримтыг иш татахгүй.
42.17Даргалагч маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, маргааныг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шийдвэрлэх, оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, эрх тэгш байх зарчмыг хангах, хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авах үүрэгтэй.
42.18Цэцийн хуралдааны аюулгүй байдлыг хангах, даргалагчийн даалгаснаар хуралдааны дэг сахиулах үүргийг төрийн тусгай хамгаалалтын албан хаагч гүйцэтгэнэ.
42.19Хуралдааны дэг, журам зөрчсөн этгээдэд эхний удаа даргалагч урьдчилан сануулна. Дахин зөрчил гаргасан этгээдийг даргалагч танхимаас гаргаж энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгуулж, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
42.20Хуралдаан явуулах журмыг Дэгээр нарийвчлан зохицуулна.
43 дугаар зүйл.Хуралдаанд хүрэлцэн ирээгүйн үр дагавар
43.1Хуралдааны товыг маргааны оролцогчид албан ёсоор мэдэгдсэн боловч хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь энэ хуулийн 43.2-т зааснаас бусад тохиолдолд хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
43.2Маргааны оролцогч хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй бөгөөд хуралдаанд биечлэн оролцох саналаа хуралдаан болохоос гурваас доошгүй ажлын өдрийн өмнө бичгээр мэдэгдсэн бол бүрэлдэхүүн хуралдааныг хойшлуулж болно.
43.3Гэрч, шинжээч, мэргэжилтэн хүрэлцэн ирээгүй тохиолдолд хуралдааныг үргэлжлүүлэх эсэхийг бүрэлдэхүүн хэлэлцэн шийдвэрлэнэ.
43.4Орчуулагч, хэлмэрч хүрэлцэн ирээгүй бол бүрэлдэхүүн хуралдааныг хойшлуулж болно.
44 дүгээр зүйлЦэцийн дүгнэлтийг Улсын Их Хуралд хүргүүлэх
44.1Дунд суудал Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлыг хянан шийдвэрлэж гаргасан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хуралд хүргүүлнэ.
44.2Маргаантай асуудлыг хянан шийдвэрлэж энэ хуулийн 47.10-т заасны дагуу шийдвэрийг нийтэд мэдээлснээр Үндсэн хууль зөрчсөн хууль, бусад шийдвэр, тэдгээрийн холбогдох зүйл, заалтын үйлчлэл Цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар түдгэлзэнэ. Түдгэлзүүлж эхлэх хугацааг Цэц дүгнэлтдээ тусгайлан заана.
44.3Цэц энэ хуулийн 44.2-т заасны дагуу түдгэлзсэн хууль, бусад шийдвэр, тэдгээрийн холбогдох зүйл, заалтын талаарх мэдээллийг Улсын Их Хуралд 24 цагийн дотор бичгээр хүргүүлнэ.
44.4Энэ хуулийн 44.2-т заасны дагуу түдгэлзүүлсэн зохицуулалтын үйлчлэлийг сэргээхийг хориглоно.
44.5Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал чуулганы үеэр хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэж, шийдвэр гаргана.
44.6Энэ хуулийн 5.2-т заасан шийдвэртэй холбогдсон асуудлаар гаргасан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хойшлуулшгүй хэлэлцэх бөгөөд үүнд энэ зүйлийн 44.5-т заасан хугацаа хамаарахгүй.
44.7Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж хүлээн зөвшөөрөөгүй бол энэ тухай үндэслэлийг тодорхой зааж тогтоол батална.
44.8Энэ хуулийн 44.7-д заасан тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 өдрийн дотор Цэцэд хүргүүлэх бөгөөд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч уг үндэслэлийн талаарх тайлбараа Цэцэд гаргаж болно.
45 дугаар зүйлИх суудал
45.1Их суудлаар дараах маргааныг хэлэлцэж, шийдвэрлэнэ:
45.1.1Улсын Их Хурал энэ хуулийн 44.5, 44.6-д заасан хугацаанд Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж хүлээн зөвшөөрөөгүй, эсхүл уг хугацаанд зохих шийдвэр гаргаагүй, эсхүл энэ хуулийн 44.8-д заасан хугацаанд энэ тухай шийдвэрээ Цэцэд хүргүүлээгүй;
45.1.2Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль, бусад шийдвэрийн зүйл, заалтыг шууд, эсхүл агуулгаар нь дахин сэргээсэн эсэх асуудлаар гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийн дагуу Бага суудал маргаан үүсгэсэн;
45.1.3Дунд суудлаар маргаан хянан шийдвэрлэх явцад Үндсэн хуулийн тодорхой зүйл, заалтын талаарх Цэцийн эрх зүйн байр суурийг өөрчлөх, шинээр тогтоох шаардлага үүссэн гэж бүрэлдэхүүний гишүүдийн гурваас доошгүй нь үзсэн;
45.1.4Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан маргаантай асуудал.
45.2Их суудал энэ хуулийн 45.1.1-д заасан үндэслэлээр маргааныг дахин хянан үзэж, эцсийн шийдвэр гаргах бөгөөд энэ шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна. Их суудлаас Үндсэн хууль зөрчсөн тухай шийдвэр гаргавал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тухай Улсын Их Хурлын шийдвэрийг хүчингүй болох, эсхүл Үндсэн хууль зөрчөөгүй тухай шийдвэр гаргавал Цэцийн дүгнэлтийг хүчингүй болгоно.
45.3Их суудал энэ хуулийн 45.1.2, 45.1.3-т заасан маргааныг эцэслэн шийдвэрлэж тогтоол гаргана.
45.4Их суудал энэ хуулийн 45.1.4-т заасан маргааны талаар дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд хүргүүлнэ.
46 дугаар зүйл.Маргааныг Их суудлаар эцэслэн шийдвэрлэх бэлтгэл
46.1Энэ хуулийн 45.1-д заасан үндэслэл бүрдсэн бол Их суудлын товыг тогтооно.
46.2Маргааныг Их суудлаар шийдвэрлэх бэлтгэл хангах, хуралдаанаар хэлэлцэхэд энэ хуулийн 41, 42, 43 дугаар зүйлд заасан Дунд суудлын холбогдох журмыг баримтална.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ЦЭЦИЙН ШИЙДВЭР ГАРГАХ
47 дугаар зүйлМаргааныг зөвлөлдөөнөөр шийдвэрлэх
47.1Маргааны талаарх шийдвэрийг зөвлөлдөх тасалгаанд зөвхөн тухайн бүрэлдэхүүний гишүүд зөвлөлдөн гаргах бөгөөд нарийн бичгийн дарга, маргааны оролцогч, бусад этгээдийг байлцуулахгүй.
47.2Бүрэлдэхүүний гишүүн зөвлөлдөж байгаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрх эдэлж, илтгэгч гишүүнээс асуулт асууж, хариулт авч болох бөгөөд уг асуудлаар саналаа заавал өгөх үүрэгтэй.
47.3Зөвлөлдөөнд илтгэгч гишүүн өөрийн санал, дүгнэлтийг эхэлж гаргах бөгөөд түүний дараа бүрэлдэхүүний гишүүдийн Цэцэд хамгийн удаан ажилласан гишүүнээс эхлэн ажилласан хугацааны эрэмбээр санал, дүгнэлтээ хэлж, даргалагч эцэст нь гаргана.
47.4Цэцийн гишүүд санал хэлж дууссаны дараа санал хураалтыг дараах журмаар явуулна:
47.4.1Даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг нэгтгэн томьёолох бөгөөд хэрэв бүрэлдэхүүний аль нэг гишүүн уг томьёолол дээр санал зөрвөл олонхын дэмжсэн томьёоллоор санал хураана;
47.4.2Эхний санал хураалтын дараа цөөнх саналын үндэслэлээ гарган дахин үг хэлж болно. Олонх шаардлагатай гэж үзвэл хариу хэлж болно;
47.4.3Цэцийн гишүүд саналаа харилцан хэлж дууссаны дараа хоёр дахь санал хураалт явуулна. Өмнөх саналын томьёоллыг өөрчлөхгүйгээр энэ санал хураалтыг явуулах бөгөөд олонхын санал дэмжигдвэл шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг дэмжсэнд тооцно;
47.4.4Хоёр дахь санал хураалтаар өмнөх цөөнх олонх болбол Цэцийн гишүүд дахин үг хэлж саналын үндэслэлээ тайлбарласны дараа гурав дахь санал хураалт явуулж гишүүдийн олонхын дэмжсэн саналаар шийдвэрлэнэ.
47.5Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тухай шийдвэр гаргасан бол Их суудал маргааныг дахин хянан үзэж, тухайн хууль, бусад шийдвэр, тэдгээрийн холбогдох зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх томьёоллоор санал хураана.
47.6Дунд, Их суудалд орсон гишүүдийн санал тэнцвэл тухайн шийдвэр, акт Үндсэн хууль зөрчөөгүйд тооцно.
47.7Зөвлөлдөөнд саналаа илээр хураах бөгөөд Цэцийн гишүүний хэлсэн үг, тайлбар, үндэслэл, гаргасан санал нь нууц байна. Зөвлөлдөөний нууцыг бусдад мэдээлэх, задруулах, тараахыг хориглоно.
47.8Хуралдаан хийсэн тохиолдолд Цэцийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг маргааны оролцогчид танилцуулж, нийтэд мэдээлнэ.
47.9Хуралдаан хийлгүйгээр зөвлөлдөөнөөр шийдвэрлэсэн тохиолдолд Цэцийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг нийтэд мэдээлнэ.
47.10Цэцийн шийдвэр энэ хуулийн 47.8, 47.9-д заасны дагуу нийтэд мэдээлснээр хүчинтэй болно.
Тайлбар:Энэ зүйлд заасан “Цэцэд хамгийн удаан ажилласан гишүүн” гэдэгт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн тайлбарт заасан гишүүнийг ойлгоно.
48 дугаар зүйлЦэцийн шийдвэрийн үндэслэлийг хэлэлцэн тогтоох
48.1Цэцийн шийдвэрийн үндэслэх хэсгийн төслийг бүрэлдэхүүний олонхоор дэмжсэн агуулгад үндэслэн зөвлөлдөөн болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бүрэлдэхүүний томилсон нэг эсхүл хэд хэдэн гишүүн бичиж бүрэлдэхүүнд хүргүүлнэ. Энэ хугацаанд бүрэлдэхүүний бусад гишүүн саналаа бичгээр хүргүүлж болно.
48.2Бүрэлдэхүүний гишүүн энэ хуулийн 48.1-д заасан төслийн үндэслэх хэсэгт холбогдуулан саналаа бичгээр өгөх үүрэгтэй.
48.3Энэ хуулийн 48.1-д заасны дагуу төслийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Цэцийн шийдвэрийн үндэслэх хэсгийг зөвлөлдөөнөөр эцэслэн хэлэлцэнэ.
48.4Энэ хуулийн 48.1-д заасан төслийг бүрэлдэхүүн хүлээн авч, танилцсан гишүүдийн талаас доошгүй нь Цэцийн шийдвэрийн үндэслэх хэсгийн төслийг дахин боловсруулах, нэмэлт судалгаа хийх, эсхүл үндэслэлд зарчмын өөрчлөлт оруулах санал гаргасан бол зөвлөлдөөнийг 7 хүртэл хоногоор хойшлуулж болно.
48.5Энэ хуульд өөрөөр заагаагүй бол бүрэлдэхүүний гишүүдийн олонхын саналаар Цэцийн шийдвэрийн үндэслэх хэсгийн агуулгыг тодорхойлно.
48.6Бүрэлдэхүүний томилсон нэг эсхүл хэд хэдэн гишүүн Цэцийн шийдвэрийг зөвлөлдөөнөөр хэлэлцсэн агуулгын дагуу бусад гишүүний саналыг тусган бүрэн эхээр нь бичиж эцэслэнэ.
48.7Дунд, Их суудлаас гаргасан шийдвэрийг зөвлөлдөөн болсон өдрөөс хойш 45 хоногийн дотор ёсчилж гаргах бөгөөд шийдвэр нь ийнхүү гармагцаа хүчин төгөлдөр болно.
48.8Бүрэлдэхүүний гишүүн бүр Цэцийн шийдвэрт гарын үсэг зурж ёсчлох үүрэгтэй.
48.9Цэцийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэгтэй санал бүрэн, эсхүл хэсэгчлэн нийлээгүй гишүүн энэ тухай тусгай саналаа бичгээр гаргах эрхтэй. Тусгай саналыг маргааны материалд хавсаргана.
48.10Цэцийн шийдвэр, түүний үндэслэл гаргахаар зөвлөлдөх журмыг Дэгээр нарийвчлан зохицуулна.
49 дүгээр зүйлЦэцийн шийдвэрийн бүтэц
49.1Цэцийн дүгнэлт нь доор дурдсан агуулгатай удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ:
49.1.1удиртгал хэсэгт Цэцийн шийдвэрийн нэр, дугаар, огноо, хуралдаан, зөвлөлдөөн хийсэн газар, бүрэлдэхүүн, маргааны оролцогчийн нэр, хэлэлцсэн маргааны товч агуулгыг тусгана;
49.1.2тодорхойлох хэсэгт маргаан үүсгэсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийн товч утга, маргааны оролцогчийн тайлбар, шаардлагатай бусад мэдээлэл, баримтын агуулгыг тусгана;
49.1.3үндэслэх хэсэгт маргааныг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон Үндсэн хуулийн зүйл, заалтыг зааж, түүний утгыг тайлбарлаж, хэрхэн зөрчигдсөн эсэх үндэслэлийг хууль хэрэглээний аргачлал ашиглан бичих бөгөөд цугларсан баримт, мэдээллийн болон үндсэн оролцогчийн гаргасан үндэслэлийн учир холбогдлыг тодорхойлно;
49.1.4тогтоох хэсэгт Үндсэн хууль зөрчигдсөн эсэхийг тогтоох бөгөөд дүгнэлтийн удирдлага болсон хуулийн нэр, түүний зүйл, заалт, маргааныг хянан шийдвэрлэж гаргасан шийдлийг хоёрдмол утгагүй, тодорхой заана. Үндсэн хууль зөрчсөн тухай шийдвэр гаргасан бол хууль, бусад шийдвэрийн зүйл, заалтын үйлчлэлийг түдгэлзүүлж эхлэх хугацааг тусгана.
49.2Цэцийн тогтоол нь дор дурдсан агуулгатай удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ:
49.2.1удиртгал хэсэгт энэ хуулийн 49.1.1-д зааснаас гадна Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тухай Улсын Их Хурлын шийдвэр байгаа бол түүний нэр, дугаар, эцэслэн хэлэлцсэн маргааны товч агуулгыг тусгана;
49.2.2тодорхойлох хэсэгт энэ хуулийн 49.1.2-т зааснаас гадна Цэцийн дүгнэлт болон түүнийг хүлээн зөвшөөрөөгүй тухай Улсын Их Хурлын шийдвэр байгаа бол тэдгээрийн агуулга, гол үндэслэлийг тусгана;
49.2.3үндэслэх хэсэгт энэ хуулийн 49.1.3-т зааснаас гадна Цэцийн дүгнэлт болон түүнийг хүлээн зөвшөөрөөгүй тухай Улсын Их Хурлын шийдвэр байгаа бол тухайн шийдвэрийг үндэслэлтэй, эсхүл үндэслэлгүй гэж үзсэн талаарх үндэслэлийг бичнэ;
49.2.4тогтоох хэсэгт Үндсэн хууль зөрчигдсөн эсэхийг тогтоох бөгөөд тогтоолын удирдлага болсон хуулийн нэр, түүний зүйл, заалт, Цэцийн дүгнэлтийн талаарх Улсын Их Хурлын шийдвэр, эсхүл бусад шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох эсэх талаар гаргасан шийдлийг хоёрдмол утгагүй зааж, хүчингүй болгох хууль, бусад шийдвэр бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, заалтыг тодорхой тусгана.
49.3Цэцийн шийдвэрт үг, үсэг, тооны зэрэг илэрхий алдаа гарсан бол тухайн шийдвэрийг гаргасан бүрэлдэхүүн залруулга хийж болно.
49.4Маргаан үүсгэхтэй холбогдуулан Бага суудлаас гаргах магадлалд үндэслэх хэсэг бичихгүй бөгөөд маргаан үүсгэхээс татгалзсан магадлалд энэ хуулийн 39.1, 39.2-д заасан үндэслэлийг эшилнэ.
49.5Дунд, Их суудлаар маргааныг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэвэл энэ тухай магадлал гаргана. Уг магадлалын бүтэц нь энэ хуулийн 49.1-д заасан шаардлагыг хангана.
49.6Бүрэлдэхүүн маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой, энэ хуулийн 40.1, 45.1-д зааснаас бусад асуудлыг зөвлөлдөөнөөр шийдвэрлэж магадлал гаргах бөгөөд шийдвэрлэсэн асуудлын хүрээнд агуулгыг тодорхойлно.
50 дугаар зүйлЦэцийн шийдвэрийг биелүүлэх, нийтлэх болон бусад журам
50.1Цэцийн шийдвэрийг нийт байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлэх үүрэгтэй.
50.2Цэцийн дүгнэлт, тогтоол, энэ хуулийн 49.5-д заасан магадлалыг ёсчилсон өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор цахим хуудсандаа байршуулж, нийтэлнэ. Цэцийн гишүүн шаардлагатай гэж үзвэл тусгай саналаа эдгээр шийдвэрийн хамт нийтлүүлж болно.
50.3Жил бүрийн нэгдүгээр сард багтаан өмнөх жилд гарсан энэ хуулийн 50.2-д заасан шийдвэр, тусгай саналыг Цэцийн шийдвэрийн эмхэтгэлд цаасаар болон цахимаар хэвлэж, нийтэлнэ.
50.4Цэцийн шийдвэрийг ёсчилсноос хойш ажлын таван өдрийн дотор маргааны үндсэн оролцогч болон Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд, үндсэн эрхийн талаарх Цэцийн шийдвэрийг Хүний эрхийн Үндэсний Комисст тус тус хүргүүлнэ.
50.5Бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл Цэцийн шийдвэрийн агуулгыг нийтэд амаар танилцуулах өдрийг товлоно.
50.6Шийдвэрийн тойм нийтлэх зэрэг аргаар Цэцийн шийдвэр, маргаан хянан шийдвэрлэх журмыг ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар нийтэд мэдээлнэ.
50.7Дараах зорилгыг хангахад зайлшгүй гэж бүрэлдэхүүн үзвэл энэ хуулийн 50.2-д заасан шийдвэр, тусгай саналыг амаар танилцуулах, нийтэд мэдээлэх, нийтлэхэд холбогдох мэдээллийг задруулахгүй:
50.7.1хуулиар хамгаалагдсан нууц, мэдээллийг хамгаалах;
50.7.2тухайн этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах.
50.8Цэцийн шийдвэрийг хүргүүлэх, амаар танилцуулах, нийтэд мэдээлэх, нийтлэх журмыг Дэгээр нарийвчлан зохицуулна.
51 дүгээр зүйлЦэцийн шийдвэрийн үр дагавар
51.1Маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Цэцийн шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Үндсэн хууль зөрчсөн хууль, бусад шийдвэр, түүний холбогдох зүйл, заалт хүчингүй болох бөгөөд хүчингүй болгох хугацааг тухайлан заана.
51.2Хууль зүй, эдийн засаг, зохион байгуулалтын үр дагаврыг харгалзан хууль тогтоомж, бусад шийдвэр, түүний холбогдох зүйл, заалтыг хүчингүй болгох хугацааг шийдвэр гарснаас хойш байхаар тогтоох, эсхүл Цэцийн шийдвэрийг биелүүлэх арга, журмыг Цэцийн шийдвэрт тусган тодорхойлж болно.
51.3Цэц захиргааны актын үндэслэл болж буй хууль, бусад шийдвэрийн зүйл, заалтыг хүчингүй болгосон бол тухайн захиргааны акт, эсхүл түүний зүйл, заалт нэгэн адил хүчингүй болно.
51.4Хууль, бусад шийдвэр, тэдгээрийн холбогдох зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн шийдвэр гарснаар нийгмийн харилцаа зохицуулалтгүй орхигдохоор бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн нийгмийн харилцааг Цэцийн шийдвэрийн дагуу Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх буюу шинээр зохицуулах шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд Цэц шийдвэртээ хугацааг зааж эрх бүхий байгууллага, албан тушаалтанд үүрэг хүлээлгэж болно.
51.5Хууль, түүний холбогдох зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн шийдвэр гарснаар Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл бий болсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг дахин хянана.
51.6Өргөдөл гаргагчийн үндсэн эрх зөрчигдсөн тухай Цэцийн шийдвэр гарсан бол уг эрхийг нь сэргээх үндэслэл болох бөгөөд үндсэн эрхийг зөрчсөн байгууллага, албан тушаалтан шийдвэр, бусад актаа Цэцийн шийдвэрийн дагуу үндсэн эрхэд нийцүүлэх үүрэгтэй.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ ЖУРАМ
52 дугаар зүйлХууль, бусад шийдвэрт холбогдох маргаантай асуудал
52.1Дараах эрх бүхий этгээд өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд дор дурдсан маргаантай асуудлаар Цэцэд хүсэлт гаргаж болно:
52.1.1Ерөнхийлөгч эсхүл Ерөнхий сайд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар;
52.1.2Улсын Их Хурал эсхүл Ерөнхий сайд зарлиг, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар;
52.1.3Улсын Их Хурал эсхүл Ерөнхийлөгч Засгийн газрын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар;
52.1.4Улсын Их Хурал эсхүл Ерөнхийлөгч Монгол Улс соёрхон батлах, нэгдэн орох олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлаар тийнхүү соёрхон батлах, нэгдэн орох тухай хууль гарахаас өмнө.
52.2Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч, Хүний эрхийн Үндэсний Комисс Цэцээс энэ хуулийн 52.1-д заасан маргаантай асуудлийг шийдвэрлэхээс өмнө энэ тухай тайлбар гаргаж болно.
52.3Дунд суудал энэ хуулийн 52.1-д заасан маргаантай асуудлыг хянан шийдвэрлэж гаргасан дүгнэлтээ энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хуралд хүргүүлж, 45.1.1-д заасан тохиолдолд тухайн маргаантай асуудлыг дахин хянан үзэж, эцсийн шийдвэр гаргана.
53 дугаар зүйлУлсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр үүссэн маргаантай асуудал
53.1Шүүх нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл тухайн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, саналаа Улсын дээд шүүхийн холбогдох танхимд гаргах бөгөөд тухайн танхимын нийт шүүгчийн гуравны нэгээс доошгүй нь энэ саналыг үндэслэлтэй гэж үзвэл Цэцэд хүсэлт гаргана.
53.2Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан нь хэрэг, маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл тухайн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, уг хууль, гэрээний талаарх хүсэлтийг Цэцэд гаргана.
53.3Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73.2-т заасны дагуу саналаа Улсын дээд шүүхэд хүргүүлэх бөгөөд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Цэцэд хүсэлт гаргана.
53.4Энэ хуулийн 53.1, 53.2-т заасны дагуу Цэцэд хүсэлт гаргаагүй бол тухайн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцсон яллагчийн саналаар Улсын ерөнхий прокурор тухайн хууль, гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх хүсэлтийг Цэцэд гаргаж болно.
53.5Энэ хуулийн 53.1, 53.2, 53.4-т заасан санал, хүсэлт нь уг хууль, гэрээг хэрэглэснээр Үндсэн хууль зөрчигдөнө гэж үзсэн үндэслэлийг тухайн хэргийн үйл баримтад тулгуурлан тодорхойлно. Хүсэлтэд хэргийн материалын баталгаажуулсан хуулбарыг хавсаргана.
53.6Энэ хуулийн 53.1, 53.2, 53.3, 53.4-т заасан хүсэлтийн дагуу маргаан хянан шийдвэрлэхэд энэ хуулийн 52.2, 52.3-д заасныг баримтална.
53.7Иргэн хуулийн зүйл, заалтыг үндсэн эрх зөрчсөн гэж үзэн Цэцэд өргөдөл гаргасан эсэхээс үл хамааран энэ хуулийн 53.1, 53.2, 53.3, 53.4-т заасан хүсэлтийг гаргаж болно.
53.8Цэц нь Улсын дээд шүүхийн холбогдох танхим, эсхүл санал гаргасан шүүхийн явуулж байгаа хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид тайлбар гаргах боломж олгоно.
53.9Шүүхийн хянан шийдвэрлэж байгаа хэрэг, маргааны аль нэг тал нь энэ хуулийн 53.1-д заасан саналыг гаргах талаар тухайн шүүхэд, энэ хуулийн 53.2-т заасан хүсэлтийг гаргах талаар хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнд тус тус хандах эрхтэй.
54 дүгээр зүйлАлбан тушаалтанд холбогдох маргаантай асуудал
54.1Дараах маргаантай асуудлаар Цэцэд хүсэлт, мэдээлэл гаргаж болно:
54.1.1Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;
54.1.2Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл болох эсэх.
54.2Энэ хуулийн 54.1-д заасан хүсэлт, мэдээлэлд Үндсэн хууль зөрчсөн, эсхүл огцруулах, эгүүлэн татах талаарх үндэслэл, нотолгоог тусгана.
54.3Их суудал энэ хуулийн 54.1-д заасан хүсэлт, мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хуралдаанаар хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн эсэх, эсхүл огцруулах, эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх тухай дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд хүргүүлнэ.
54.4Энэ хуулийн 54.1.1, 54.1.2-т заасан албан тушаалтан Цэцийн хуралдаанд биеэр оролцоно. Тухайн албан тушаалтан хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй талаар санал гаргавал Цэц төлөөлөгч оролцуулахыг даалгах, эсхүл хуралдааныг нэг удаа хойшлуулах шийдвэрийг гаргаж болно.
54.5Цэц дүгнэлтдээ дараах асуудлын үндэслэлийг тодорхой бичнэ:
54.5.1Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор нь Үндсэн хууль зөрчсөн эсэх;
54.5.2Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл болох эсэх.
55 дугаар зүйлАрд нийтийн санал асуулга, сонгуульд холбогдох маргаантай асуудал
55.1Ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурлын эсхүл Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх маргаантай асуудлаар Цэцэд хүсэлт, мэдээлэл гаргаж болно.
55.2Энэ хуулийн 55.1-д заасан хүсэлт, мэдээллийг санал асуулга, эсхүл тухайн сонгуулийн дүнг танилцуулсан өдрөөс хойш хоёр сарын дотор гаргана.
55.3Энэ хуулийн 55.1-д заасан хүсэлт, мэдээллийг дараах үндэслэлээр гаргана:
55.3.1ард нийтийн санал асуулга, эсхүл сонгуулийг бэлтгэх, явуулах, дүнг гаргах явцад сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн нь Улсын Их Хурлын суудал хуваарилалт, Ерөнхийлөгчийн сонгуулийн, эсхүл ард нийтийн санал асуулгын дүнд нөлөөлсөн;
55.3.2нэр дэвшигчийг, эсхүл намын нэрийн жагсаалтыг бүртгэхтэй холбогдсон сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн.
55.4Дунд суудал энэ хуулийн 55.1-д заасан хүсэлтээр маргаан үүсгэснээс хойш гурван сарын дотор хянан шийдвэрлэж, дараах дүгнэлтийн аль нэгийг гаргана:
55.4.1энэ хуулийн 55.3.1-д заасан маргаантай асуудлыг хэлэлцээд Үндсэн хуулийн зөрчлийг тогтоох бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний суудал хуваарилалтыг зөвтгөх, эсхүл тухайн тойргийн сонгуулийг хүчингүй болгох;
55.4.2энэ хуулийн 55.3.2-т заасан маргаантай асуудлыг хэлэлцээд сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөнийг тогтоох бөгөөд шаардлагатай тохиолдолд сонгуулийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгох;
55.4.3маргаантай асуудлын хүрээнд Үндсэн хууль зөрчигдсөн гэдгийг тогтоох;
55.4.4маргаантай асуудлыг хэрэгсэхгүй болгох.
55.5Энэ хуулийн 55.1-д заасан хүсэлт, мэдээллийг энэ хуулийн 52.2, 52.3-т заасны дагуу хянан шийдвэрлэнэ.
56 дугаар зүйлҮндсэн эрхийн маргаан
56.1Үндсэн эрхийн маргааныг Дунд суудлаар хянан шийдвэрлэж дүгнэлт гаргана.
56.2Үндсэн эрхийн маргаанд ашиг сонирхол нь хөндөгдсөн холбогдох этгээд Цэцээс тогтоосон хугацаанд тайлбар гаргаж болно.
56.3Өргөдөл нь хууль тогтоомж Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлыг хөндөж байгаа бол Улсын Их Хурал, Засгийн газар Цэцээс тогтоосон хугацаанд тайлбар гаргаж болно.
56.4Үндсэн эрхийн маргааны талаар Хүний эрхийн Үндэсний Комисс Цэцээс тогтоосон хугацаанд тайлбар гаргаж болно.
56.5Бүрэлдэхүүн үндсэн эрхийн маргааныг хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн бол энэ хуулийн 56.3, 56.4-т заасан этгээд хуралдаанд оролцож болох бөгөөд энэ хуулийн 56.2-т заасан этгээдийг хуралдаанд оролцуулж болно.
56.6Дунд суудал өргөдлийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны ямар шийдвэр, бусад акт нь Үндсэн хуулийн аль зүйл, заалтаар хамгаалагдсан үндсэн эрхийг зөрчсөн тухай үндэслэлийг дүгнэлтдээ тодорхой бичнэ.
56.7Үндсэн эрх зөрчсөн шийдвэрийн үйлчлэл энэ хуулийн 47.10-т заасны дагуу шийдвэрийг нийтэд мэдээлснээр түдгэлзэх бөгөөд уг асуудлыг Цэцийн дүгнэлтийн дагуу үндсэн эрхэд нийцүүлэн шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ. Цэц шүүхийн шийдвэрийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн тохиолдолд Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасны дагуу үндсэн эрхийг хамгаалах асуудлыг Улсын дээд шүүхэд шилжүүлнэ.
56.8Бүрэлдэхүүн зайлшгүй шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 56.7-д заасан шийдвэрийн үйлчлэлийг Цэцийн дүгнэлт хүчинтэй болсноор түдгэлзүүлэх тухай магадлал гаргаж болно.
56.9Энэ хуулийн 56.7-д заасан шүүх, бусад байгууллага, албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд Цэцийн дүгнэлтийн дагуу тухайн асуудлыг үндсэн эрхэд нийцүүлэн шийдвэрлэнэ.
56.10Хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн талаар гаргасан өргөдлийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол энэ хуулийн 44.2, 44.3-т заасны дагуу тухайн хууль тогтоомжийг Цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, дүгнэлтийг Улсын Их Хуралд хүргүүлэх бөгөөд Улсын Их Хурал энэ хуулийн 44.5, 44.6, 44.7-т заасны дагуу хэлэлцэж тогтоол гаргана.
56.11Улсын Их Хурал энэ хуулийн 44.5, 44.6-т заасан хугацаанд Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж хүлээн зөвшөөрөөгүй, уг хугацаанд зохих шийдвэр гаргаагүй, эсхүл энэ хуулийн 44.7-д заасан хугацаанд энэ тухай шийдвэрээ үндэслэлийн хамт Цэцэд хүргүүлээгүй бол Их суудал тухайн маргааныг дахин хянан үзэж, эцсийн шийдвэр гаргана.
56.12Энэ хуулийн 56.7-д заасан шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн хууль тогтоомжид үндэслэн гарсан бол тухайн хууль тогтоомжийг мөн адил түдгэлзүүлж, энэ хуулийн 56.10, 56.11-д заасны дагуу шийдвэрлэнэ.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
57 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
57.1Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
57.2Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
57.3Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг, эсхүл бусад гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гарсан бол энэ талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
58 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
58.1Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Төсөл
(ҮХЦМХШтХ-ийн төсөл, 2024.03.04.docx)