Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Нямаагийн ЭНХБОЛД
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 4-Р САРЫН 5 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/-ын бүрэн эрх, түүний зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал, түүний баталгаа, Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг тогтооход оршино.
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хууль тогтоомж
2.1.Монгол Улсын Их Хурлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл.Улсын Их Хурлын үндсэн зорилт, чиг үүрэг, бүрэн эрх, зарчим
3.1.Улсын Их Хурлын үндсэн зорилт нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино.
3.2.Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй.
3.3.Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой болон хуулиар тогтоосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
3.4.Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх, түүнчлэн бие даасан, нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон талт үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчимд үндэслэнэ.
4 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бие даасан байдал
4.1.Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хэн ч халдаж үл болно. Улсын Их Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль , Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас бусад хуулиар зохицуулахыг хориглоно.
4.2.Улсын Их Хурал хуралдааны дэгээ өөрөө тогтооно.
4.3.Улсын Их Хурал санхүүгийн хувьд бие даасан, үйл ажиллагаагаа явуулахад хүрэлцэхүйц төсөвтэй байна.
4.4.Улсын Их Хурал нь чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхитай, мэргэшсэн ажлын албатай байх бөгөөд үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангагдана.
4.5.Улсын Их Хурал тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас, шагнал, бэлгэ тэмдэгтэй байна. Бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журмыг Улсын Их Хурал батална.
4.6.Улсын Их Хурлын бэлгэ тэмдэг, оноосон нэртэй адил утга, агуулгатай бэлгэ тэмдэг, нэр, нэрийн товчлол ашиглахыг хориглоно.
4.7.Улсын Их Хурал Монгол Улсын Төрийн ордонд байрлана. Монгол Улсын Төрийн ордон нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн, Байнгын хороо, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн хуралдааны танхимтай байна.
5 дугаар зүйл.Улсын Их Хурлын шийдвэр
5.1.Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурлын бусад шийдвэр тогтоолын хэлбэртэй байна.
5.2.Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг (цаашид “хууль тогтоомж” гэх) өөрийн цахим хуудас болон “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор бүрэн эхээр нь нийтэлнэ. “Төрийн мэдээлэл” эмхэтгэл цаасан болон цахим хэлбэртэй байна.
5.3.Тухайн хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг шийдвэр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
5.4.Тухайн хууль тогтоомжийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид “Ерөнхийлөгч” гэх/-ийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг Улсын Их Хурал хянан хэлэлцэж дуусах хүртэлх хугацаанд уг хууль тогтоомж бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно.
5.5.Хууль тогтоомжийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ “Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтална.
5.6.Энэ хуулийн 5.2-т заасан нийтлэх ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар /цаашид “Тамгын газар” гэх/ хариуцах бөгөөд холбогдох журмыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга батална.
ХОЁРДУГААР БҮЛЭГ УЛСЫН ИХ ХУРЛЫН БҮРЭЛДЭХҮҮН
6 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэлдэхүүн
6.1.Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгогдсон 126 гишүүнээс бүрдэх бөгөөд энэхүү бүрэлдэхүүнийг “Улсын Их Хурлын нийт гишүүн” гэж ойлгоно.
6.2.Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав буюу 95 ба түүнээс дээш гишүүн сонгогдож, Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөсөн бол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.
7 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүн
7.1.Улсын Их Хурлын гишүүн /цаашид “гишүүн” гэх/ бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.
7.2.Гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн Төрийн сүлдэнд тангараг өргөнө.
7.3.Гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
7.4.Гишүүний бүрэн эрх Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.
7.5.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
8 дугаар зүйл.Гишүүний бүрэн эрх
8.1.Гишүүн дараах бүрэн эрхтэй:
8.1.1.хууль тогтоомжийн төсөл санаачлах;
8.1.2.Байнгын хороонд заавал харьяалагдах;
8.1.3.санаачилсан хууль тогтоомжийн төслийг өөрийн саналаар татаж авах, хамтран санаачилсан бол нэрээ татаж авах;
8.1.4.нэгдсэн хуралдаанд болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох;
8.1.5.Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд хуульд заасны дагуу орох, гарах. Гишүүн үйл ажиллагаагаа явуулж байгаа нэгээс илүү хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллахгүй;
8.1.6.энэ хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад албан тушаалд сонгогдох, нэрээ дэвшүүлэх;
8.1.7.хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал, Байнгын, дэд хорооны ажлын хэсэгт хүсэлтээрээ, эсхүл томилсны дагуу орж ажиллах;
8.1.8.хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн дагуу асуулт асуух, байр сууриа илэрхийлэх, санал гаргах, санал хураалгах;
8.1.9.хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллоо холбогдох Байнгын хороонд ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө хүргүүлэх;
8.1.10. Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны хуулиар тусгайлан заасан мэдээлэл, илтгэл, тайлан хэлэлцүүлэх саналыг Байнгын хороонд оруулах;
8.1.11.Монгол Улсын Ерөнхий сайдыг (цаашид “Ерөнхий сайд” гэх) огцруулах саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бусад гишүүнтэй хамтарч гаргах;
8.1.12.Улсын Их Хурлын хяналтын сонсгол зохион байгуулах саналыг хуульд заасны дагуу гаргах;
8.1.13.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга, асуулт тавьж хариуг хуульд заасан хугацаанд авах;
8.1.14.хууль тогтоомжийн талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг судлан хариу өгөх, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл санаачлах;
8.1.15.иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан хариу өгөх, эсхүл харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж энэ тухай хариу мэдэгдэх;
8.1.16.хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах;
8.1.17.бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд өөрөөр заагаагүй бол аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар, мэдээлэл авах;
8.1.18.онцгой чуулган зарласан бол зар хүлээлгүйгээр нэн даруй хүрэлцэн ирэх;
8.1.19.төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг чанд хадгалж задруулахгүй байх;
8.1.20.өвчтэй, чөлөөтэй, дотоод, гадаадад томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох;
8.1.21.Улсын Их Хурлаас баталсан гишүүний ёс зүйн дүрэм, хуралдааны дэгийг чанд сахиж ажиллах;
8.1.22.чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх;
8.1.23.гишүүн хэлэлцэх гэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлаар хэлэлцүүлэг, санал хураалтад оролцохоос татгалзах;
8.1.24.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах;
8.1.25.хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэн зөв гаргах;
8.1.26.сонгогчдод үйл ажиллагаагаа мэдээлэх.
8.2.Гишүүн бүрэлдэхүүнд нь ороогүй Байнгын, дэд хорооны хуралдаанд таслах эрхгүйгээр оролцож болно.
9 дүгээр зүйл.Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох
9.1.Дараах тохиолдол гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно:
9.1.1.Ерөнхийлөгчөөр сонгогдсон;
9.1.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
9.1.3.хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал үзсэн;
9.1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
9.1.5.гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
9.1.6.нас барсан.
9.2.Улсын Их Хурал энэ хуулийн 9.1.2, 9.1.3-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, энэ хуулийн 9.1.4, 9.1.5-д заасан тохиолдолд эгүүлэн татах тогтоол гаргана. Энэ хуулийн 9.1.1, 9.1.6-д заасан тохиолдолд орон гарсан гэж үзэж энэ тухай Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй.
9.3.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.
9.4.Энэ хуулийн 9.2, 9.3-т заасан гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, энэ хуулийн 9.1.4, 9.3-т заасан асуудлаар гишүүн саналаа нууцаар, энэ хуулийн 9.1.2, 9.1.3, 9.1.5-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
10 дугаар зүйл.Улсын Их Хурал дахь олонх ба цөөнх
10.1.Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг Улсын Их Хурал дахь олонх /цаашид “олонх” гэх/ гэнэ.
10.2.Аль ч нам, эвсэл олонх болоогүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн, ийнхүү зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу олонхыг бүрдүүлнэ.
10.3.Энэ хуулийн 10.1, 10.2-т зааснаас бусад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг, гишүүнийг Улсын Их Хурал дахь цөөнх /цаашид “цөөнх” гэх/ гэнэ.
11 дүгээр зүйл.Улсын Их Хурлын даргыг сонгох
11.1.Энэ хуулийн 10.1-д заасан нам, эвсэл Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.
11.2.Аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол энэ хуулийн 10.2-т заасны дагуу олонхыг бүрдүүлсэн нам, эвсэл зөвшилцөн Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.
11.3.Улсын Их Хурлын даргыг хэлэлцүүлэггүйгээр сонгох бөгөөд гишүүн саналаа илээр гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
11.4.Нэр дэвшигч нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол энэ хуулийн 11.1, 11.2-т заасны дагуу өөр гишүүний нэрийг дэвшүүлж сонгоно.
12 дугаар зүйл.Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах
12.1.Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд түүнийг хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно.
12.2.Улсын Их Хурлын даргын бүрэн эрх энэ хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, 9 дүгээр зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсноос гадна дараах тохиолдолд хугацаанаасаа өмнө дуусгавар болно:
12.2.1.Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
12.2.2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
12.2.3.Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэл бүхий санал гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн.
12.3.Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, чөлөөлөх, огцруулах асуудлыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
13 дугаар зүйл.Улсын Их Хурлын даргын бүрэн эрх
13.1.Улсын Их Хурлын дарга гишүүнд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1.Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах;
13.1.2.ээлжит, ээлжит бус чуулган, хүндэтгэлийн хуралдаан зарлах, бэлтгэлийг хангах, нэгдсэн хуралдааныг даргалах;
13.1.3.энэ хуулийн 13.3-т заасан Зөвлөлийн саналыг харгалзан чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох;
13.1.4.Ерөнхийлөгч, Засгийн газартай Улсын Их Хурлыг төлөөлөн харилцах;
13.1.5.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын хяналтын үйл ажиллагааг Улсын Их Хурлын хяналт шалгалтын ажилтай уялдуулах;
13.1.6.Улсын Их Хурлыг бүрэн эрхийнхээ хүрээнд дотоод, гадаадад төлөөлөх;
13.1.7.Улсын Их Хурлын гадаад харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг зохион байгуулах;
13.1.8.гишүүнийг төрийн дээд шагналд тодорхойлох;
13.1.9.гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын даргад дотоод, гадаад томилолт олгох, түүний журмыг баталж мөрдүүлэх;
13.1.10.Тамгын газрын үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлын баталгааг хангуулах;
13.1.11.хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах;
13.1.12.холбогдох Байнгын хорооны саналаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах;
13.1.13.хуульд заасан үндэслэлээр Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх;
13.1.14.шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулж, хуульд заасан шаардлага хангуулах;
13.1.15.хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг харьяаллын дагуу холбогдох Байнгын хороонд хуваарилж, нэгдсэн хуралдаанд мэдээлэх;
13.1.16.Ерөнхий сайдаас гаргасан хүсэлтийг үндэслэн хууль тогтоомжийн төслийг баталсан тов, дараалал харгалзахгүйгээр чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх;
13.1.17.чуулганыг түр завсарлуулах болон хаах асуудлыг энэ хуулийн 13.3-т заасан Зөвлөлөөр хэлэлцүүлэн, захирамж гаргаж шийдвэрлэх;
13.1.18.Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх;
13.1.19.Улсын Их Хурлын даргын зөвлөхийг томилох, чөлөөлөх;
13.1.20.Улсын Их Хурлын төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
13.1.21.Улсын Их Хурлын шагналын журмыг батлах;
13.1.22.хуульд заасан бусад бүрэн эрх.
13.2.Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 13.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана.
13.3.Нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын үйл ажиллагаа, Улсын Их Хурлын хяналт шалгалтын ажлыг уялдуулан зохицуулах, нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын саналыг харгалзан ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, тухайн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал, хууль тогтоомжийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нийт хугацааг тогтоох, Улсын Их Хурлын төсөв болон Улсын Их Хурлын дотоод үйл ажиллагаатай холбогдолтой бусад асуудлыг зөвшилцөх чиг үүрэг бүхий Зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ Улсын Их Хурлын даргын дэргэд ажиллана.
13.4.Зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын дарга, дэд дарга, нам, эвслийн бүлгийн дарга, Байнгын хороодын дарга, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга /цаашид “Ерөнхий нарийн бичгийн дарга” гэх/ орно. Зөвлөлийн хуралдаанд холбогдох албан тушаалтныг байлцуулж болно.
13.5.Зөвлөлийн хурлаар зөвшилцсөн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, хянан шалгах түр хороод, ажлын хэсэг дагаж мөрдөх үүрэгтэй.
13.6.Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурлын дарга батална.
13.7.Улсын Их Хурлын дарга бүрэн эрхийнх нь хугацаа дууссанаас эхлэн 2 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй.
14 дүгээр зүйл.Улсын Их Хурлын дэд даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах, түүний чиг үүрэг
14.1.Улсын Их Хурлын дэд даргыг Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, илээр санал хурааж сонгоно. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно.
14.2.Энэ хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, 9 дүгээр зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсноос гадна өөрийнх нь хүсэлтээр, эсхүл нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгийн хүсэлтээр Улсын Их Хурлын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, огцруулна.
14.3.Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг тарсан бол тухайн бүлгээс нэр дэвшүүлж сонгосон дэд даргыг чөлөөлсөн тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
14.4.Улсын Их Хурлын дэд дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
14.4.1.Байнгын, дэд хороо, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулах;
14.4.2.Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;
14.4.3.Улсын Их Хурлын даргаас хуваарилсан болон даалгасан чиг үүрэг;
14.4.4.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
14.5.Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ
15 дугаар зүйл.Улсын Их Хурлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр
15.1.Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган байна.
15.2.Чуулган нь нэгдсэн хуралдаан, Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, түүнчлэн нам, эвслийн бүлгийн хуралдаанаас бүрдэнэ. Байнгын хороод хамтарсан хуралдаан хийж болно.
15.3.Улсын Их Хурлын чуулган анхдугаар, ээлжит, ээлжит бус, онцгой гэсэн хэлбэртэй байх бөгөөд Улсын Их Хурал хүндэтгэлийн хуралдаан хийж болно.
16 дугаар зүйл.Анхдугаар чуулган
16.1.Анхдугаар чуулганыг ээлжит сонгууль явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна.
16.2.Ерөнхийлөгч энэ хуулийн 16.1-д заасны дагуу зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэлтэй зөвшилцсөн байна.
16.3.Анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
16.3.1.шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх;
16.3.2.Улсын Их Хурлын даргыг сонгох;
16.3.3.нам, эвслийн бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох;
16.3.4.Улсын Их Хурлын дэд даргыг сонгох;
16.3.5.Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох;
16.3.6.Ерөнхий сайдыг томилох;
16.3.7.Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн батлах;
16.3.8.Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох;
16.3.9.шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх;
16.3.10.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах.
16.4.Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
17 дугаар зүйл.Ээлжит чуулган
17.1.Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна.
17.2.Ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ.
17.3.Онцгой нөхцөл үүссэн бол ээлжит чуулганы нээлтийг хойшлуулах асуудлыг Зөвлөлөөр хэлэлцэн Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж шийдвэрлэнэ.
17.4.Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурал урьдчилан хэлэлцэж тогтоол гаргах бөгөөд ээлжит чуулган эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурлын дарга ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож захирамж гаргана.
17.5.Ээлжит чуулганыг нээж, хааж Улсын Их Хурлын дарга үг хэлнэ.
18 дугаар зүйл.Ээлжит бус чуулган
18.1.Ээлжит чуулганы чөлөө цагт ээлжит бус чуулган зарлан хуралдуулж болно.
18.2.Ээлжит бус чуулганыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулж болно.
18.3.Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь тодорхой асуудлыг хэлэлцүүлэхээр ээлжит бус чуулган хуралдуулах саналаа Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ.
18.4.Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргана.
18.5.Ээлжит бус чуулганаар зөвхөн Улсын Их Хурлын даргын захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой асуудлыг хэлэлцэнэ.
19 дүгээр зүйл.Онцгой чуулган
19.1.Ээлжит чуулганы чөлөө цагт Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарлавал түүнээс хойш 72 цагийн дотор Улсын Их Хурлын онцгой чуулган хуралдах бөгөөд гишүүд зар хүлээлгүйгээр хуралдаанд хүрэлцэн ирнэ.
19.2.Онц болон дайны байдал зарласан тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор онцгой чуулганаар зарлигийг батлах, эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргана.
19.3.Онцгой чуулган Ерөнхийлөгчийн зарлигийг баталсан бол уг зарлигийг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад асуудлыг онцгой чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
19.4.Ээлжит чуулган хуралдаж байх үед онцгой нөхцөл үүсвэл тухайн чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг үл харгалзан онц болон дайны байдал зарлах асуудлыг хойшлуулахгүйгээр хэлэлцэн шийдвэрлэнэ.
19.5.Ээлжит чуулганы чөлөө цагт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нөхцөл бий болсон үед Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарлах тухай зарлиг гаргаагүй бол Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь шаардсанаар Улсын Их Хурлын дарга онцгой чуулган зарлаж болно.
19.6.Онцгой чуулган амралтын өдөр хуралдаж болно.
20 дугаар зүйл.Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан
20.1.Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно.
20.2.Улсын Их Хурлын дарга хүндэтгэлийн хуралдаан хуралдуулах тухай захирамж гаргана.
21 дүгээр зүйл.Чуулганы хуралдааны нийтлэг журам
21.1.Чуулганы хуралдаан нээлттэй байна.
21.2.Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан, төрийн болон албаны нууцтай холбоотой асуудлыг нууцын горимоор хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ.
21.3.Хэлэлцэх асуудлын шинж байдлыг харгалзан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно.
21.4.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 15.2-т заасан хуралдаанд тус бүрийнх нь бүрэлдэхүүнд хамрагддаг гишүүдийн олонх хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
21.5.Энэ хуулийн 21.4-т заасан ирцийг ээлжит, ээлжит бус, онцгой чуулганы нээлт, энэ хуулийн 15.2-т заасан хуралдаан эхлэхэд болон санал хураахад заавал бүрдүүлсэн байна.
21.6.Нэгдсэн хуралдааныг чуулганы хугацаанд долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт, шаардлагатай бол хуваарьт өдрөөс бусад ажлын өдөр хуралдуулж болно.
21.7.Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаанд тааллаараа оролцож төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар үг хэлэх, мэдээлэл хийх эрхтэй.
21.8.Хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газраас санаачилсан хууль тогтоомжийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын холбогдох гишүүн хуралдаанд оролцож, төслийн талаарх Засгийн газрын байр суурийг илэрхийлж, гишүүдийн асуултад хариулах, холбогдох тайлбар өгөх үүрэгтэй.
21.9.Засгийн газраас санаачилсан хууль тогтоомжийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед уг асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүн түр эзгүй бол түүнийг албан ёсоор орлож байгаа Засгийн газрын гишүүн асуудлыг хариуцан хэлэлцүүлнэ. Хэрэв тухайн асуудлыг хариуцан хэлэлцүүлэх Засгийн газрын гишүүн ирээгүй бол уг асуудлыг дараагийн хуралдаан хүртэл хойшлуулна.
21.10.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагын дарга хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй нь холбогдох асуудлыг хэлэлцэхэд чуулганы хуралдаанд оролцож гишүүдийн асуултад хариулан байр сууриа илэрхийлж болно.
21.11.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд өөрөөр заагаагүй бол нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслийг холбогдох Байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
21.12.Нам, эвслийн бүлэг энэ хуулийн 30.1.1-д заасны дагуу аливаа хууль тогтоомжийн төслийг хуралдаанаараа хэлэлцэх эрхтэй боловч ийнхүү хэлэлцээгүй нь тухайн асуудлыг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй.
21.13.Нам, эвслийн бүлэг хуралдааныхаа журмыг хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтооно.
21.14.Тамгын газар нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдааны бэлтгэл хангах, тэмдэглэл хөтлөх, шийдвэрийн төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх бөгөөд тухайн хуралдаанд байлцаж мэдээлэл, лавлагаагаар хангана.
21.15.Хуульд өөрөөр заагаагүй бол нэгдсэн хуралдааны тэмдэглэл нээлттэй байна.
21.16.Ажлын зайлшгүй шаардлага гарвал Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 7-14 хоногийн хугацаагаар түр завсарлуулах эрхтэй.
21.17.Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг товлон зарласан үед Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 30 хүртэл хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно.
21.18.Онц байдал, дайн бүхий болон дайны байдал зарласан, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан гамшгийн онцгой нөхцөл байдлын улмаас Төрийн ордонд хуралдах боломжгүй тохиолдолд чуулганы хуралдааны байршлыг өөрчилж болно. Энэ тохиолдолд Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан захирамж гаргаж, нийт гишүүдэд мэдэгдэнэ.
21.19.Энэ хуулийн 21.18-д заасан онцгой нөхцөл үүссэн тохиолдолд хуралдааныг цахим хуралдааны дэгээр явуулж болно. Энэ тохиолдолд Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан захирамж гаргаж, нийт гишүүдэд мэдэгдэнэ.
21.20.Нам, эвслийн бүлгээс хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцээн явуулах шаардлагатай гэж санал гаргасан бол чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэх үе шатанд мэтгэлцээн явуулна.
21.21.Энэ хуулийн 21.20-д заасан тохиолдолд болон бусад үед мэтгэлцээн явуулах журмыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгээр тогтооно.
21.22.Хууль тогтоомжийн төслийн төрөл, онцлогийг харгалзан тухайн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нийт хугацааг Зөвлөл тогтооно.
21.23.Хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд асуулт асуух нийт хугацааг Улсын Их Хуралд авсан суудлын тооны харьцааг харгалзан нам, эвслийн бүлгүүдэд болон нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд хувь тэнцүүлэн хуваарилах бөгөөд холбогдох журмыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга батална.
21.24.Чуулганы хуралдаан, Улсын Их Хурлын хяналтын сонсголд оролцож байгаа албан тушаалтан үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.
21.25.Чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаанд оролцсон этгээд хуралдааны дэг зөрчсөн, санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзнэ.
22 дугаар зүйл.Байнгын хороо
22.1.Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна.
22.2.Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажиллана.
22.3.Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.3.1.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах;
22.3.2.нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах;
22.3.3.Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэгтэй холбогдсон асуудлаар санал, дүгнэлт гаргах;
22.3.4.хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах хүрээнд Засгийн газрын хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах үйл ажиллагаанд хяналт тавих, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх;
22.3.5.эрхлэх асуудлын хүрээнд холбогдох Засгийн газрын гишүүний мэдээлэл, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг холбогдох хуульд заасны дагуу сонсох, хэлэлцэх;
22.3.6.шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 22.3.4, 22.3.5-д заасан хянан шалгах ажлын мөрөөр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, биелэлтийг хангуулах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой санал боловсруулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх;
22.3.7.Улсын Их Хурлаас томилдог албан тушаалтныг томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлаар санал, дүгнэлт гаргах;
22.3.8.чуулганаар хэлэлцэх асуудлаар болон хууль тогтоомжийн биелэлтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, бусад баримт материалыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, тэдний мэдээллийг сонсох;
22.3.9.хэлэлцэж байгаа хууль тогтоомжийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн бусад төслийн талаар хууль зүйн дүгнэлт болон тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар дүн шинжилгээ гаргуулах;
22.3.10.иргэд, байгууллагаас Улсын Их Хурал, түүний Байнгын, дэд хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судалж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, шаардлагатай бол хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах;
22.3.11.өргөдөл гаргагч, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнээс тайлбар авах;
22.3.12.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцуулах саналыг нам, эвслийн бүлгээс ирүүлснийг холбогдох Байнгын хорооны нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол уг саналыг Ерөнхий сайдад уламжлах;
22.3.13.эрхлэх асуудлынхаа хүрээнд хуульд заасны дагуу тогтоол гаргах.
22.4.Энэ хуулийн 22.3.9-д заасан дүгнэлт, дүн шинжилгээг холбогдох Байнгын хорооны хуралдаанд танилцуулна. Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл тухайн дүгнэлт, дүн шинжилгээг Байнгын хорооныхоо санал, дүгнэлтэд тусгаж нэгдсэн хуралдаанд оруулна.
22.5.Хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын хороо нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам батлахгүй.
22.6.Улсын Их Хурал дараах Байнгын хороотой байна:
22.6.1.Аж үйлдвэржилтийн бодлогын;
22.6.2.Аюулгүй байдал, гадаад бодлогын;
22.6.3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн;
22.6.4.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын;
22.6.5.Ёс зүй, дэгийн;
22.6.6.Инновац, цахим бодлогын;
22.6.7.Нийгмийн бодлогын;
22.6.8.Төрийн байгуулалтын;
22.6.9.Төсвийн;
22.6.10.Хууль зүйн;
22.6.11.Эдийн засгийн.
23 дугаар зүйл.Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээ
23.1.Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.1.1.үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт;
23.1.2.жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого;
23.1.3.хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого;
23.1.4.хүнд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого.
23.2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.2.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал;
23.2.2.Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчин;
23.2.3.улсын хил хамгаалалтын бодлого;
23.2.4.төрийн нууцын хадгалалт, хамгаалалт;
23.2.5.гадаад бодлого;
23.2.6.гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудал;
23.2.7.Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улс олон улсын байгууллагад элсэх тухай асуудал;
23.2.8.цөмийн энерги ашиглах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого.
23.3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.3.1.газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн бодлого;
23.3.2.хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал;
23.3.3.хөдөөгийн хөгжлийн бодлого;
23.3.4.мал аж ахуйн бодлого;
23.3.5.малын даатгал болон малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах;
23.3.6.газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, агаар мандал болон байгалийн бусад баялаг;
23.3.7.улсын тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар;
23.3.8.геологи, уул уурхайн холбогдолтой эрэл, хайгуул, ашиглалтын ажилд тавих байгаль орчны хяналт;
23.3.9.агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал;
23.3.10.цаг уур, орчны хяналтын асуудал;
23.3.11.усны бодлого, нөөц, усны бохирдол;
23.3.12.хог хаягдал, дахин боловсруулалт;
23.3.13.байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцлийг хангах асуудал;
23.3.14.байгаль орчны судалгаа, хөгжил;
23.3.15.ан агнуур;
23.3.16.газрын сангийн нэгдсэн бодлого, зохицуулалт;
23.3.17.газрын кадастр, зураглал.
23.4.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.4.1.боловсрол;
23.4.2.соёл, урлаг;
23.4.3.ард түмний түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого;
23.4.4.монгол хэл, бичиг, үндэсний цөөнхийн хэл, бичиг, ёс заншил;
23.4.5.шинжлэх ухаан;
23.4.6.нийтийн биеийн тамир, спорт.
23.5.Ёс зүй, дэгийн байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.5.1.төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого;
23.5.2.Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны асуудал;
23.5.3.гишүүний ёс зүй, сахилгын асуудал;
23.5.4.чуулганы хуралдааны дэгийн асуудал, дэг сахиулах;
23.5.5.гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг;
23.5.6.Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэх гишүүний чуулганы ажиллагаанд оролцох журмын асуудал;
23.5.7.нэгдсэн хуралдааны ирцийн асуудал;
23.5.8.гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх;
23.5.9.Улсын Их Хурлыг үл хүндэтгэсэн үйлдэлд хяналт тавих.
23.6.Инновац, цахим бодлогын байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.6.1.цахим засаглалын бодлого, үйл ажиллагаа;
23.6.2.мэдээллийн технологийн хөгжил;
23.6.3.харилцаа холбооны бодлого, үйл ажиллагаа;
23.6.4.өндөр технологи, үндэсний инновацын бодлого;
23.6.5.дижитал шилжилт, техник, технологийн шинэчлэл;
23.6.6.инновацыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого;
23.6.7.инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нэвтрүүлэх хувийн хэвшлийн оролцоог дэмжих бодлого;
23.6.8.инновацын дэд бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг хөгжүүлэх бодлого;
23.6.9.инновацын үйл ажиллагааг санхүүжүүлэх бодлого.
23.7.Нийгмийн бодлогын байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.7.1.хүн амын хөгжлийн бодлого;
23.7.2.нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал, халамжийн бодлого;
23.7.3.хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн харилцаа;
23.7.4.мэргэжлийн боловсрол, сургалт;
23.7.5.жендэрийн тэгш байдлыг хангах бодлого;
23.7.6.эрүүл мэндийн бодлого.
23.8.Төрийн байгуулалтын байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.8.1.Монгол Улсын Үндсэн хуулийн асуудал;
23.8.2.төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх дээд байгууллага, Ерөнхийлөгчийн асуудал;
23.8.3.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эрх зүйн байдал, үйл ажиллагааны журам;
23.8.4.засаг захиргааны шинэтгэл, төвлөрлийг сааруулах бодлого;
23.8.5.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, хот, тосгоны Зөвлөл, Захирагчийн сонгууль;
23.8.6.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хилийн цэс, хот, тосгоны эрх зүйн үндэс;
23.8.7.нутгийн өөрөө удирдах ёс;
23.8.8.төрийн алба;
23.8.9.төрийн бэлгэ тэмдэг, төрийн дуулал;
23.8.10.ард нийтийн санал асуулга;
23.8.11.төр, сүм хийдийн харилцаа;
23.8.12.хэвлэл мэдээллийн хараат бус байдал;
23.8.13.төрийн ба төрийн бус байгууллага, улс төрийн намтай харилцах;
23.8.14.Улсын Их Хурлын тухай хууль тогтоомж, Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө;
23.8.15.гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал, түүний баталгаа;
23.8.16.бүсчилсэн хөгжлийн бодлого.
23.9.Төсвийн байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.9.1.улсын нэгдсэн төсөв;
23.9.2.улсын төсвийн орлого, зарлага, төсвийн хяналт;
23.9.3.төрийн санхүү, зээл, тусламжийн болон татварын бодлого;
23.9.4.гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, хэлцэл;
23.9.5.Засгийн газрын тусгай сангийн нэгдсэн бодлого;
23.9.6.Улсын Их Хурлын төсвийн төлөвлөлт;
23.9.7.аудитын асуудал;
23.9.8.төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газраас гаргах үнэт цаасны тухай асуудал.
23.10.Хууль зүйн байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.10.1.эрх зүйн бодлого;
23.10.2.хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа;
23.10.3.гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого;
23.10.4.улсын хил хамгаалалтын бодлогын хэрэгжилт;
23.10.5.хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс, ялын бодлого;
23.10.6.шүүх эрх мэдлийн эрх зүйн үндэс, хараат бус байдлыг хангах асуудал;
23.10.7.прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэл;
23.10.8.нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн үндэс;
23.10.9.эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаан, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа;
23.10.10.өршөөл үзүүлэх асуудал;
23.10.11.патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг;
23.10.12.цагаачлал, иргэний харьяалал;
23.10.13.архив;
23.10.14.эрх зүйн туслалцаа;
23.10.15.өмгөөлөл;
23.10.16.иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл;
23.10.17.улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах асуудал.
23.11.Эдийн засгийн байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.11.1.эдийн засгийн дотоод, гадаад бодлого;
23.11.2.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал;
23.11.3.төрийн мөнгөний бодлого, банк, Монголбанкны үйл ажиллагаа;
23.11.4.даатгалын бодлого, энэ хуулийн 23.9.8-д зааснаас бусад үнэт цаасны тухай асуудал;
23.11.5.төрийн өмчийн удирдлага, зохицуулалт, хувьчлалын бодлого;
23.11.6.гадаадын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого;
23.11.7.ашигт малтмалын суурь судалгаа, эрэл хайгуул, ашиглалтын бодлого;
23.11.8.газрын тос, байгалийн хийн асуудал;
23.11.9.үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого;
23.11.10.шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах бодлого;
23.11.11.төрөөс аж ахуй эрхлэлтийг дэмжих бодлого;
23.11.12.стандартчилал, хэмжил зүй, чанарын баталгаажуулалт;
23.11.13.албан ёсны статистикийн үйл ажиллагааны зохицуулалт;
23.11.14.барилга, хот байгуулалт;
23.11.15.түлш, эрчим хүч;
23.11.16.зам тээвэр, шуудан;
23.11.17.орон сууц, нийтийн аж ахуй;
23.11.18.аялал жуулчлалын хөгжлийн стратеги;
23.11.19.аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил;
23.11.20.газрын эдийн засгийн үр ашгийн бодлого.
24 дүгээр зүйл.Байнгын хорооны ажлын зохион байгуулалт
24.1.Байнгын хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
24.2.Байнгын хорооны нийт гишүүний олонх хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
24.3.Байнгын хорооны хуралдааныг чуулганы чөлөө цагт зохион байгуулж болно.
24.4.Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
24.5.Байнгын хороо шаардлагатай бол хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг дангаар буюу хамтран байгуулж, энэ асуудлаар Байнгын хорооны тогтоол гаргана.
24.6.Байнгын хороо хууль тогтоомжийн төсөлд холбогдох тусгай мэдлэг, мэргэшил шаардагдах асуудлаар туслалцаа үзүүлэх шинжээч, мэргэжилтнийг ажиллуулж, тэдний санал, дүгнэлтийг авч болно.
24.7.Байнгын хороо тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
24.8.Байнгын хорооны хуралдааны явцыг хуралдааны тэмдэглэлд нэг бүрчлэн тэмдэглэнэ.
24.9.Байнгын хорооны зардлыг Зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу Улсын Их Хурлын төсвийн төсөлд тусгана.
24.10.Улсын Их Хурлын төсвийн шууд захирагч нь Байнгын хорооны даргын саналаар Байнгын хорооны зардлыг зориулалтын дагуу зарцуулна.
24.11.Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлангаа бичгээр гаргаж нийтэд мэдээлнэ.
25 дугаар зүйл.Байнгын хорооны бүрэлдэхүүн
25.1.Байнгын хороо 25 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болно.
25.2.Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн харьцаа болон нам, эвслийн Улсын Их Хуралд авсан суудлын хувийг харгалзана.
25.3.Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн зөвхөн нэг Байнгын хороонд харьяалагдана.
25.4.Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн өөрийн эрхлэх асуудал нь хамаарах Байнгын хорооны бүрэлдэхүүнд орохгүй.
25.5.Нэг Байнгын хорооны бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хоёроос илүүгүй байна.
25.6.Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ.
25.7.Байнгын хорооны даргыг сонгохдоо Улсын Их Хуралд сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно.
25.8.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны даргаар ажиллахгүй.
25.9.Байнгын хорооны дарга долоо ба дээш хоногоор түр эзгүй байх тохиолдолд түүний саналыг харгалзан Улсын Их Хурлын даргын захирамжаар үүргийг нь аль нэг гишүүнд орлуулж гүйцэтгүүлнэ. Хэрэв долоогоос доош хоногоор эзгүй байх тохиолдолд Байнгын хорооны дарга албан үүргээ өөр гишүүнд түр хариуцуулна.
26 дугаар зүйл.Байнгын хорооны даргын чиг үүрэг
26.1.Байнгын хорооны дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
26.1.1.Байнгын хорооны хуралдааны бэлтгэлийг хангаж зохион байгуулах;
26.1.2.Байнгын хорооны өдөр тутмын үйл ажиллагааны хэвийн байдлыг хангаж, хуралдааныг удирдах;
26.1.3.Байнгын хорооны нэрийн өмнөөс бусад байгууллагатай харилцах;
26.1.4.Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн үйл ажиллагааг зохицуулж, хяналт шалгалтын цаглабрын хэрэгжилтийг хангуулах;
26.1.5.Байнгын хорооны ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнах;
26.1.6.Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага өгөх;
26.1.7.Зөвлөлийн хуралдаанд оролцож, Байнгын хорооноос нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын талаарх саналаа танилцуулах.
26.2.Байнгын хорооны дарга тухайн хуралдааныг удирдахад ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хуралдаан удирдахаас татгалзаж хуралдаан даргалагчийг томилж болно.
26.3.Байнгын хорооны дарга Байнгын хорооны үйл ажиллагааны зардлын зарцуулалтыг тухайн Байнгын хороондоо жил бүр танилцуулна.
27 дугаар зүйл.Дэд хороо
27.1.Байнгын хорооны харьяанд түүний эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий дэд хороо байгуулж болно.
27.2.Дэд хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй.
27.3.Улсын Их Хурал Байнгын хорооны бүрэлдэхүүнд дараах дэд хороог байгуулна:
27.3.1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын;
27.3.2.Төрийн байгуулалтын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын;
27.3.3.Төсвийн байнгын хороонд Төсвийн зарлагын хяналтын;
27.3.4.Хууль зүйн байнгын хороонд Хүний эрхийн;
27.3.5.Эдийн засгийн байнгын хороонд Тогтвортой хөгжлийн зорилгын
27.4.Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад дэд хороо байгуулах, татан буулгах, тэдгээрийн дагнан хариуцах асуудлыг тогтоох асуудлыг харьяалах Байнгын хорооны саналыг үндэслэн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэнэ.
27.5.Энэ хуулийн 27.3-т заасан дэд хороо дараах асуудлыг эрхэлнэ:
27.5.1.Тусгай хяналтын дэд хороо төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг;
27.5.2.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг;
27.5.3.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг;
27.5.4.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь гишүүний бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг;
27.5.5.Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын бодлогын асуудлыг.
27.6.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өөрийн эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулна.
27.7.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороодоос бусад дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүн нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байна.
27.8.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон есөн гишүүнээс бүрдэх бөгөөд бүрэлдэхүүнд цөөнхийн төлөөллөөс оруулна. Гишүүдийн сонгогдсон тоо адил байгаа тохиолдолд тэдгээрийн харьяалагдах нам, эвслийн бүлгийн саналыг баримтална.
27.9.Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалагдах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөнд тооцно.
27.10.Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно.
27.11.Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байх ба түүнийг улируулан сонгож болно.
27.12.Дэд хороо асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргана. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо тухайн дэд хорооны нийт гишүүний олонхын саналаар шийдвэр гаргана.
27.13.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрмийг Төрийн байгуулалтын байнгын хороо батална.
28 дугаар зүйл.Хянан шалгах түр хороо
28.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан Улсын Их Хурлын тогтоолоор байгуулна.
28.2.Хянан шалгах түр хороо нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг нотлох баримт цуглуулах, хянан шалгагч томилох, бичиг баримтад дүн шинжилгээ хийх зэрэг хуульд тусгайлан заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх замаар хянан шалгаж, тайлан, санал, дүгнэлтээ тогтоосон хугацаанд Улсын Их Хуралд тайлагнах үүрэгтэй.
28.3.Хянан шалгах түр хороо байгуулах болон түүний үйл ажиллагааны журам, тодорхой бүрэн эрх, гэрч, шинжээч, хянан шалгагчийн эрх зүйн байдал, баталгаа, холбогдох бусад харилцааг хуулиар тусгайлан зохицуулна.
28.4.Хянан шалгах түр хороог зургаан сар хүртэл хугацаагаар байгуулна. Шаардлагатай бол мөн хугацаагаар нэг удаа сунгаж болох бөгөөд хянан шалгах түр хорооны ажиллах хугацаанд тухайн Улсын Их Хурлын бүрэн эрх дуусгавар болсон бол түр хороог татан буугдсанд тооцно.
28.5.Хянан шалгах түр хороог дараах тохиолдолд байгуулахгүй:
28.5.1.Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сараас бага хугацаа үлдсэн бол;
28.5.2.тухайн асуудлаар хянан шалгах түр хороо ажиллаж байгаа бол;
28.5.3.яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлаар;
28.5.4.татан буугдсанд тооцсоноос хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй бол.
28.6.Хянан шалгах түр хороо чиг үүргээ хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 37.2-т заасан зарчмыг баримтална.
28.7.Хянан шалгах түр хорооны зардлыг Улсын Их Хурлын төсөвт тусгана.
28.8.Улсын Их Хурлын төсвийн шууд захирагч нь батлагдсан төсөвтөө багтаан Хянан шалгах түр хорооны даргын саналыг харгалзан Хянан шалгах түр хорооны зардлыг санхүүжүүлнэ.
28.9.Хянан шалгах түр хороо хяналт шалгалтаар цуглуулсан нотлох баримтад үндэслэж гаргасан тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулах ба тайлангаа танилцуулснаар уг хороог татан буугдсанд тооцно.
29 дүгээр зүйл.Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг
29.1.Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр нэг нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж 12 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол уг гишүүд нийлж нам, эвслийн бүлэг /цаашид “бүлэг” гэх/ байгуулж болно.
29.2.Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно.
29.3.Бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрийн жагсаалтыг бүлгийн дарга Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлгийн эрх, үүрэг хэрэгжиж эхэлнэ.
29.4.Бие даан нэр дэвшиж сонгогдсон болон ээлжит сонгуулиар 12-оос доош суудал авсан өөр өөр нам, эвслийн төлөөлөл бүхий гишүүд нийлж бүлэг байгуулахгүй.
29.5.Гишүүн бүлгээс гарсан бол өөр бүлэгт орохыг хориглоно.
29.6.Бүлгээс гарсан гишүүд нэгдэж бие даан бүлэг байгуулахгүй.
29.7.Нөхөн сонгогдсон гишүүн аль нэг бүлэгт нэгдсэн бол тухайн бүлгийн дарга нь, гишүүн аль нэг бүлгээс гарсан бол энэ тухайгаа Улсын Их Хурлын даргад бичгээр тус тус ирүүлснийг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно.
29.8.Бүлгийн гишүүдийн харьяалагддаг нам татан буугдсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба тухайн намын гишүүд нэгдэн дахин бүлэг байгуулах, бусад бүлэгт орохыг хориглоно.
29.9.Сонгуульд орсон эвсэл тарсан бол эвслийн бүлэг татан буугдсанд тооцох бөгөөд түүний бүрэлдэхүүнд байсан нам 12 ба түүнээс дээш суудалтай бол түүний гишүүд нэгдэн дахин бүлэг байгуулж болно. Хэрэв тухайн нам 12-оос доош суудалтай бол гишүүд нь бусад бүлэгт нэгдэн орохыг хориглоно.
29.10.Сонгуулийн дараа Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зөвшилцөн Засгийн газар байгуулах олонхыг бүрдүүлсэн нам, эвсэл нь нэгэн бүрэн эрхийн хугацаанд эвслийн гэрээний дагуу нэг эвслийн бүлэг байгуулна.
29.11.Энэ хуулийн 29.10-д заасан эвслээс аль нэг нам, эвсэл гарсан бол тухайн эвслийн бүлгийг тарсанд тооцно.
29.12.Энэ хуулийн 29.11-д заасны дагуу эвслийн бүлэг тарсан тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зөвшилцөн шинээр олонхыг бүрдүүлсэн нам, эвсэл гэрээний дагуу үлдсэн бүрэн эрхийн хугацаанд нэг эвслийн бүлэг байгуулна.
29.13.Энэ хуулийн 29.11-д зааснаар эвслийн бүлэг тарсан тохиолдолд эвслийн бүлэгт байсан нам, эвсэл энэ хуулийн 29.12-т заасны дагуу шинээр байгуулагдсан эвслийн бүлэгт ороогүй бөгөөд 12 ба түүнээс дээш гишүүнтэй бол бүлэг байгуулж болно.
29.14.Улсын Их Хурлын гишүүд хамтран Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээс өөр сонирхлын бүлэг, зохион байгуулалтын аливаа хэлбэр үүсгэснийг Улсын Их Хурлын албан ёсны бүтцэд тооцохгүй.
30 дугаар зүйл.Бүлгийн эрх, үүрэг
30.1.Бүлэг дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
30.1.1.хэлэлцэж байгаа хууль тогтоомжийн төсөл, төрийн дотоод, гадаад бодлогын асуудлаар бодлого, байр сууриа тодорхойлж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны, эсхүл нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх;
30.1.2.нэгдсэн хуралдаанд бүлгийг төлөөлж асуулт асуух, хариулах, үг хэлэх гишүүнийг томилох;
30.1.3.ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, түүний дарааллын талаар Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын даргад саналаа илэрхийлэх;
30.1.4.нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах санал гаргах;
30.1.5.нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах;
30.1.6.Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүний талаар Улсын Их Хурлын даргатай зөвшилцөх;
30.1.7.бүлгийн төсвийг захиран зарцуулах, гүйцэтгэлийг үнэн зөв мэдээлэх;
30.1.8.нэгдсэн болон Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд өөрийн бүлгийн гишүүдийг оролцуулах, хуралдааны ирцийг хангах, хуралдааны дэгийг чанд сахиулах;
30.1.9.хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулж ажиллуулах;
30.1.10.энэ хуулийн 21.20-д заасны дагуу мэтгэлцээн явуулах санал гаргах;
30.1.11.албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцуулах саналыг холбогдох Байнгын хороонд хүргүүлэх;
30.1.12.нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах;
30.1.13.хуульд заасан бусад.
30.2.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 30.1.2-т зааснаас бусад тухайн бүлгийн гишүүд нэгдсэн хуралдаанд асуулт асууж, үг хэлэхгүй.
30.3.Бүлгийн ажлын албаны цалин, албан томилолт, бичиг хэргийн зардлыг Улсын Их Хурлын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
30.4.Бүлгийн төсвийн зарцуулалтад Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хяналт тавина.
30.5.Бүлэг Улсын Их Хурлын үйл ажиллагааны хүрээнд эрхлэх ажлаа намын дээд, төв, гүйцэтгэх байгууллагын өмнө хариуцахгүй.
31 дүгээр зүйл.Бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болох
31.1.Бүлгийн үйл ажиллагаа дараах тохиолдолд дуусгавар болно:
31.1.1.бүлэг байгуулсан гишүүдийн харьяалагддаг нам татан буугдсан, эсхүл эвсэл тарсан;
31.1.2.хуульд заасан үндэслэлээр явуулсан нөхөн сонгуулийн дүнгээр бүлгийн гишүүдийн тоо энэ хуулийн 29.1-д заасан тоонд хүрэхгүй болсон;
31.1.3.гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийнх нь тоо энэ хуулийн 29.1-д заасан тоонд хүрэхгүй болсон;
31.1.4.бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасан.
32 дугаар зүйл.Бүлгийн ажлын алба
32.1.Бүлэг бодлого боловсруулах, хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, бүлгийн хуралдаан зохион байгуулахад нь мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын албатай байна.
32.2.Бүлгийн ажлын албаны орон тооны дээд хязгаар 32 байх бөгөөд 64-өөс доош гишүүнтэй бүлгийн хувьд хоёр гишүүний дунд нэг ажилтан байхаар, хэрэв бүлгийн гишүүдийн тоо сондгой бол нэг ажилтны орон тоо нэмж бүлгийн ажлын албаны нийт орон тоог тогтооно.
32.3.Бүлгийн ажлын алба дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:
32.3.1.бүлгийн санал, дүгнэлт, бүлгийн гишүүдийн гаргах зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг боловсруулж, Бүлгийн даргын зөвшөөрснөөр албажуулан тараах;
32.3.2.бүлгийн гишүүдэд шаардлагатай асуудлаар зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн төсөл санаачлах, орон нутаг, тойрогт ажиллахад нь туслалцаа үзүүлэх;
32.3.3.бүлгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг судалж холбогдох судалгаа, мэдээлэл, лавлагааг урьдчилан гаргаж, бүлгийн гишүүдийг мэдээллээр хангах;
32.3.4.нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд бүлгийн гишүүдийг оролцуулах, ирцийг хангуулах ажлыг зохион байгуулах;
32.3.5.бүлгийн хуралдааны тэмдэглэл хөтлөх, архив, бичиг хэргийг эрхлэх.
32.4.Бүлгийн ажлын албаны бусад чиг үүргийг бүлгийн дүрмээр тогтоож болно.
32.5.Бүлгийн ажлын албаны дарга, ажилтныг бүлгийн дарга томилж, чөлөөлнө. Бүлгийн ажлын албаны дарга, ажилтны албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална.
32.6.Бүлэг татан буугдсан бол ажлын албыг татан буугдсанд тооцно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ УЛСЫН ИХ ХУРЛЫН НЭГЭН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА
33 дугаар зүйл.Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаа
33.1.Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд энэхүү хугацаа нь Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.
33.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл үүссэний улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол мөнхүү нөхцөл арилж шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөтөл өмнөх Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
33.3.Улсын Их Хурлын ээлжит сонгууль зарласны дараа Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл үүсвэл Улсын Их Хурал ээлжит сонгууль зарласан шийдвэрээ цуцалж сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.
33.4.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл арилсны дараа Улсын Их Хурал ажлын 7 өдөрт багтаан ээлжит сонгуулийг товлон зарлана.
33.5.Энэ хуулийн 33.4-т заасан хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлаагүй бол дараагийн өдрийг Улсын Их Хурлын сонгууль товлон зарласан өдөрт тооцож, Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг зохион байгуулна.
34 дүгээр зүйл.Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох
34.1.Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрх дараах тохиолдолд энэ хуулийн 33.1-д заасан хугацаанаасаа өмнө дуусгавар болно:
34.1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаасаа өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол;
34.1.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн Улсын Их Хурал хугацаанаас өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол.
34.2.Энэ хуулийн 34.1.1, 34.1.2-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тухай тогтоол баталсанд тооцно.
34.3.Ерөнхийлөгч дараах тохиолдолд Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана:
34.3.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол;
34.3.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол;
34.3.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол.
34.4.Энэ хуулийн 34.1, 34.3-т заасан шийдвэр гарснаас хойш Улсын Их Хурал 10 хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, 60 хоногийн дотор сонгууль явуулна. Шинээр бүрдсэн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
34.5.Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргах бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна.
ТАВДУГААР БҮЛЭГ УЛСЫН ИХ ХУРАЛ БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ
35 дугаар зүйл.Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх
35.1.Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох бүрэн эрхээ гагцхүү чуулганаар хэрэгжүүлнэ.
35.2.Нэгдсэн болон Байнгын, дэд, хянан шалгах түр хороодын хуралдааныг бэлтгэн явуулах, хуралдаанаар хууль тогтоомжийн төсөл, тодорхой бусад асуудал хэлэлцэх, санал хураах, батлах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг баримтална.
35.3.Монгол Улсын Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар хуулийг эцэслэн батална.
35.4.Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулна.
35.5.Хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн төслийг чуулганы хуралдааны дөрвөн үе шаттайгаар хэлэлцэнэ.
35.6.Улсын Их Хурал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн байх шаардлагыг хангуулна.
36 дугаар зүйл.Хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаар
36.1.Дор дурдсан хууль тогтоомжийн төслийг дараах хууль санаачлагч санаачилна:
36.1.1.Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, Улсын Их Хурлаар хэлэлцэх, батлахдаа дагалдах хэлбэрээр Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно;
36.1.2.Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий` болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаар хууль тогтоомжийн төслийг зөвхөн Засгийн газар санаачлах.
36.2.Монгол Улсын Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар энэ хуулийн 36.1-д зааснаас бусад асуудлаар хууль тогтоомжийн төсөл санаачилж болно.
36.3.Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална.
36.4.Энэ зүйлд заасан зарчмыг баримтлан хууль санаачлах эрхийн тодорхой хүрээ, хязгаарыг хуулиар тогтоож болно.
37 дугаар зүйл.Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх
37.1.Улсын Их Хурлын хянан шалгах ажил нь Засгийн газрын хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах үйл ажиллагаа болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын хууль биелүүлэх үйл ажиллагаанд хяналт тавихад чиглэх бөгөөд Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ дараах арга хэрэгслээр хэрэгжүүлнэ:
37.1.1.асуулт тавих;
37.1.2.асуулга тавих;
37.1.3.хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх;
37.1.4.мэдээлэл сонсох, тайлан, илтгэл хэлэлцэх;
37.1.5.төсвийн хяналт;
37.1.6.Улсын Их Хурлын хяналтын сонсгол хийх;
37.1.7. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хянан шалгах түр хороо байгуулж, тусгай шалгалт явуулах.
37.2.Улсын Их Хурлаас хийх хяналт шалгалтыг Улсын Их Хурлын нэгдсэн удирдамжаар хэрэгжүүлэхээс бусдаар төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын хяналт шалгалттай давхардуулахгүй хэрэгжүүлнэ.
37.3.Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх журмыг хуулиар тогтооно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ
38 дугаар зүйл.Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагааг мэдээлэх, сурвалжлага хийх
38.1.Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх нээлттэй мэдээллийг Улсын Их Хурлын дарга, гишүүн, нам, эвслийн бүлгийг төлөөлөн дарга, дэд дарга, Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны дарга, Тамгын газрын холбогдох албан тушаалтан Улсын Их Хурлын мэдээллийн индэр, хуралдааны танхимыг ашиглан хийнэ.
38.2.Энэ хуулийн 38.1-д зааснаас бусад этгээд Улсын Их Хурлын мэдээллийн индэр, хуралдааны танхимыг нийтэд мэдээлэл хийхээр ашиглахыг хориглоно.
38.3.Улсын Их Хурал чуулганы хуралдааныг шууд нэвтрүүлэх, үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах телевиз, радиогийн тусгай сувагтай байж болно.
38.4.Иргэд, дотоод, гадаадын зочид төлөөлөгчид чуулганы ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл, сурвалжлага хийх эрхтэй бөгөөд энэ талаар мөрдөх журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга батална.
39 дүгээр зүйл.Парламентын боловсролыг түгээх
39.1.Тамгын газар парламентын боловсрол, парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр мэдээлэл бэлтгэх, сургалт зохион байгуулах ажлыг эрхэлнэ.
40 дүгээр зүйл.Парламентын музей
40.1.Тамгын газрын бүтцэд Монгол Улс дахь парламентат ёсны үүсэл, хөгжлийг судлах, парламентын ардчиллын үнэт зүйлсийг олон нийтэд таниулах чиг үүрэг бүхий Парламентын музей ажиллана.
ДОЛДУГААР БҮЛЭГ ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ, БҮРЭН ЭРХИЙН БАТАЛГАА, ТӨСӨВ, ХАВСРАН ГҮЙЦЭТГЭЖ БОЛОХ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ ХОРИГЛОХ ЗҮЙЛ
41 дүгээр зүйл.Гишүүний бүрэн эрхийн баталгаа
41.1.Гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага, түүний албан тушаалтан дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
41.2.Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль тогтоомжийн төсөл, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй.
41.3.Гишүүн гадаадад зорчих, байх хугацаандаа дипломат эрх ямба, дархан эрх эдэлнэ.
41.4.Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд үнэмлэх, энгэрийн тэмдэг, албаны хэвлэмэл хуудас, нэрийн хуудас хэрэглэх бөгөөд тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг Улсын Их Хурлын дарга захирамжаар батална.
41.5.Гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно.
41.6.Гишүүн, түүний унаа аливаа дайчилгаанаас чөлөөлөгдөнө.
41.7.Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.
41.8.Гишүүнээр ажилласан хугацааг нь мэргэжлээрээ ажилласан хугацаанд оруулан тооцно.
41.9.Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшийн хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно.
41.10.Гишүүнийг эгүүлэн татсан бол түүнд энэ хуулийн 41.9-д заасан тэтгэмж олгохыг хориглоно.
41.11.Онцгой чуулган зарласан тохиолдолд гишүүнийг чуулганд хүрэлцэн ирэх боломжийг Ерөнхийлөгч хангаж, шаардлагатай бол төрийн тусгай хамгаалалтад авна.
41.12.Гишүүний бүрэн эрхийн хугацаанд түүний амь насны даатгалыг төр хариуцаж даатгалын хураамжийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
41.13.Гишүүн албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд дараах баталгаагаар хангагдана:
41.13.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж болон авч байсан цалингийн зөрүүг олгох;
41.13.2.хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр болон авч байсан цалингийн зөрүүг олгох;
41.13.3.хиймэл эрхтэн хийлгэх бол түүний зардал, түүнчлэн гишүүнд тусламж, үйлчилгээ үзүүлэх ажилтны хөлс олгох;
41.13.4.гишүүн магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан бол зардлынх нь 70-аас доошгүй хувийг төр хариуцах.
41.14.Энэ хуулийн 41.13.2-т заасан цалингийн зөрүүг гишүүний бүрэн эрхийн хугацаатай адил хугацаагаар, энэ хуулийн 41.13.3-т заасан хөлсийг тусламж үйлчилгээ авсан хугацаанд олгоно.
41.15.Гишүүн албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан бол 24 сарын, өвчний улмаас нас барсан бол 18 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгоно.
41.16.Эмнэлгийн мэргэжилтэн албан үүргээ гүйцэтгэх явцдаа мэдсэн гишүүний эрүүл мэндийн нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.
41.17.Гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслах нь түүнд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
41.18.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар гишүүн, түүний бие төлөөлөгч-туслахыг ажиллах нөхцөл, боломжоор хангах үүрэгтэй.
42 дугаар зүйл.Гишүүний төсөвт зардал, цалин, бусад хангамж
42.1.Гишүүний цалин, нэмэгдэл, албан томилолт, бичиг хэргийн болон үйл ажиллагааны бусад зардлыг Улсын Их Хурлын жил бүрийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
42.2.Энэ хуулийн 42.1-д заасан зардлын хэмжээг гишүүн тус бүрээр тооцож төсөвт тусгах бөгөөд ингэхдээ тойргийн онцлогийг харгалзаж Улсын Их Хурлаас харилцан адилгүй тогтоож болно.
42.3.Гишүүн тойрогт ажиллахтай холбогдсон зардлын хэмжээг Улсын Их Хурал тогтоох бөгөөд Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу хуваарилагдах хөрөнгийг уг зардалд үл тооцно.
42.4.Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зайлшгүй шаардлагатай бусад хангамжийг Улсын Их Хурал тогтооно.
42.5.Гишүүн батлагдсан төсөвт зардалдаа багтаан зөвлөх, туслах ажиллуулж болох бөгөөд тойргоос сонгогдсон гишүүн бие төлөөлөгч-туслахтай байж болно. Гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална.
42.6.Гишүүний төсөвт зардлаас Улсын Их Хурлаас баталсан журмын дагуу Тамгын газар тухайн гишүүний зөвшөөрөлтэйгөөр зарлага гаргаж, холбогдох нягтлан бодох бүртгэлийг хөтлөх бөгөөд зарцуулалтад Төрийн байгуулалтын байнгын хороо хяналт тавина.
42.7.Гишүүн төсөвт зардлынхаа цалингийн сангаас бусад зардлыг хооронд нь шилжүүлэн зарцуулж болно.
42.8.Гишүүн төсөвт зардлынхаа зарцуулалтын мэдээг Тамгын газраас хүссэн цагтаа авах эрхтэй.
42.9.Гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол Засгийн газрын гишүүний цалин хангамжийг авах бөгөөд Улсын Их Хурлын гишүүний үйл ажиллагаатай холбоотой төсөвт туссан бусад зардлыг захиран зарцуулах эрхтэй.
42.10.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бол түүний төсвийн зардлын санхүүжилтийг зогсоох бөгөөд сэргээсэн бол түдгэлзүүлсэн өдрөөс эхлэн тооцож гишүүн, түүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын санхүүжилтийг нөхөн олгоно.
42.11.Гишүүн нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол түүнд тасалсан өдрийн цалинг олгохгүй.
42.12.Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга, Тамгын газрын тэргүүн дэд, дэд дарга, Улсын Их Хурлын даргын зөвлөх нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах бөгөөд тэдгээрийн цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална.
43 дугаар зүйл.Гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал
43.1.Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд дараах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй:
43.1.1.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;
43.1.2.улс төрийн намын сонгуульт албан тушаал;
43.1.3.багшлах болон эрдэм шинжилгээний ажил;
43.1.4.Монгол Улс гишүүнээр элссэн олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад үндсэн чиг үүрэгтэй нь холбоотой сонгуульт албан тушаал.
43.2.Гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдохоосоо өмнө энэ хуулийн 43.1-д зааснаас бусад ажил, албан тушаал эрхэлж байсан бол гишүүний тангараг өргөхөөсөө өмнө тухайн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байна.
43.3.Гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон бол түүний чуулганы ажиллагаанд оролцох журмыг Ерөнхий сайдын саналыг харгалзан Ёс зүй, дэгийн байнгын хорооны тогтоолоор батална.
44 дүгээр зүйл.Гишүүнд хориглох үйл ажиллагаа
44.1.Гишүүнд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
44.1.1.ногдсон төсвийг хэтрүүлэх, зориулалтын бусаар зарцуулах;
44.1.2.бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж бусдаас шан харамж авах;
44.1.3.гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах;
44.1.4.гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах;
44.1.5.Улсын Их Хурлын даргын зөвшөөрөлгүйгээр Засгийн газар, түүний байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэний зардлаар гадаадад зорчих;
44.1.6.бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан олгосон санхүүгийн эх үүсвэр, холбоо, мэдээлэл, тээврийн хэрэгсэл, төрийн өмчийн бусад эд зүйлийг ашиг хонжоо олох зорилгоор, эсхүл сонгуулийн компанит ажилд ашиглах;
44.1.7.хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх;
44.1.8.гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэх;
44.1.9.аливаа байгууллага, иргэнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлэг дурсгалын зүйлсийг хувиараа авах;
44.1.10.бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх, аж ахуй эрхлэгчдийн холбоонд элсэх, аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд сонгогдох;
44.1.11.бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны болон нэгдсэн хуралдаанд, эсхүл хуралдаанаас гадуур бусдыг гүтгэж, доромжлох;
44.1.12.бусдаар албаны чиг үүрэгт нь хамаарахгүй ажил, үүрэг гүйцэтгүүлэх, хууль бус болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш үйлдэл хийхийг шаардах;
44.1.13.тухайн асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хянан шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсэг, хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах;
44.1.14.Тамгын газрын төрийн жинхэнэ албан хаагч, ажилтныг улс төрийн үйл ажиллагаа, сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулах;
44.1.15.төрийн бус байгууллагын хамтын шийдвэр гаргахаас бусад удирдах албан тушаал эрхлэх.
45 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийг түдгэлзүүлэх
45.1.Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокуророос түүний гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх зөвшөөрөл хүсэж халдашгүй байдлыг нь түдгэлзүүлэх тухай санал ирүүлсэн бол гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
45.2.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэнэ:
45.2.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар Улсын ерөнхий прокурор гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан;
45.2.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн Улсын Ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан;
45.2.3.гишүүнийг эрүүгийн хэрэгт шалгаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхийн өмнө Улсын Ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.
45.3.Эрх бүхий байгууллага гишүүнийг энэ хуулийн 45.2.1-д заасны дагуу баривчилсан бол энэ тухай Улсын Их Хурлын даргад 3 цагийн дотор нэн даруй мэдэгдэнэ.
45.4.Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 45.1, 45.2.1, 45.2.2, 45.2.3-т заасан саналыг хүлээн авсан бол ажлын 5 өдрийн дотор гишүүний халдашгүй байдал эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
45.5.Улсын Их Хурал чуулганы чөлөө цагт энэ хуулийн 45.1, 45.2.1, 45.2.2, 45.2.3-т заасан саналыг хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж, чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 5 өдрийн дотор гишүүний халдашгүй байдал эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
45.6.Гишүүний халдашгүй байдал эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо эхэлж хэлэлцэн санал, дүгнэлтээ Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх ба Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд зөвхөн тухайн дэд хорооны гишүүд оролцоно.
45.7.Нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний халдашгүй байдал эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
45.8.Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний халдашгүй байдал эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжээгүй бол энэ асуудлаар шийдвэр гаргахгүй.
45.9.Гишүүний халдашгүй байдал эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал эсхүл бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно.
45.10.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж Улсын Их Хурал үзсэн бол баривчлагдсан гишүүнийг 1 цагийн дотор суллана.
45.11.Гишүүний халдашгүй байдал эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж Улсын Их Хурал үзсэн бол түүний холбогдсон эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх харилцааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох харилцааг Эрүүгийн хуулиар тус тус зохицуулна.
НАЙМДУГААР БҮЛЭГ УЛСЫН ИХ ХУРАЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛАХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАХ
46 дугаар зүйл.Тамгын газар, түүний эрхлэх ажил
46.1.Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах, хуульд заасан бусад ажлыг эрхлэх үүрэг бүхий Тамгын газартай байна.
46.2.Тамгын газар нь үйл ажиллагаагаа бие даасан, хараат бус байдлаар явуулна.
46.3.Тамгын газар нь хуулийн этгээд мөн бөгөөд түүний дүрмийг Ерөнхий нарийн бичгийн даргын саналыг үндэслэн Улсын Их Хурлын дарга батална.
46.4.Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж нь газар, хэлтэс, алба, хүрээлэн, парламентын номын сан, музей байна.
46.5.Тамгын газар дараах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:
46.5.1.Улсын Их Хурал, Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, ажлын хэсэг, гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;
46.5.2.Гишүүдэд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж, ажиллах нөхцөлөөр хангах;
46.5.3.Байнгын хороонд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх;
46.5.4.Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төсөл Хууль тогтоомжийн тухай хуульд заасан бүрдүүлбэр хангасан эсэхийг хянах, энэ хуулийн 13.1.14-т заасан тохиолдолд хууль зүйн дүгнэлт гаргах, төслийг зохих журмын дагуу өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангах;
46.5.5.хуульд заасан үндэслэлээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн бусад төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэх талаар хууль зүйн дүгнэлт гаргах;
46.5.6.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн дүн шинжилгээ гаргах;
46.5.7.Улсын Их Хурлаар тухайн жилийн төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл хэлэлцэхэд дүн шинжилгээ хийж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
46.5.8.хууль тогтоомжийн төсөл өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх, батлах үйл ажиллагааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах;
46.5.9.хэлэлцэж байгаа хууль тогтоомжийн төслийн эхийг барьж ажиллах;
46.5.10.батлагдсан хууль тогтоомжийн эцсийн найруулгыг хийж албажуулах, нийтлэх, мэдээлэх;
46.5.11.нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, нам, эвслийн бүлгийн хуралдааны техникийн бэлтгэлийг хангах;
46.5.12.чуулганы явцыг дэс дараалан албан ёсоор тэмдэглэн хөтөлж, уг тэмдэглэлийг ашиглах, хадгалах ажлыг эрхлэн явуулах;
46.5.13.гишүүн нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх;
46.5.14.Улсын Их Хурлаас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх явцад шаардлагатай судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх;
46.5.15.чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслийн талаар болон гишүүдийн хүсэлтээр тодорхой хуулийн хэрэгжилтээр мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлэх, мэдээллээр хангах;
46.5.16.энэ хуулийн 46.5.15-д заасан асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагаас шаардлагатай мэдээ, баримт бичиг, материалыг гаргуулах;
46.5.17.Монгол Улсын хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлж гишүүдэд үйлчлэх;
46.5.18.парламентын номын сангийн үйлчилгээ үзүүлэх;
46.5.19.парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах;
46.5.20.Улсын Их Хурал, Тамгын газар, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн аж ахуй, санхүүг хөтлөн явуулах, төсвийг хууль тогтоомжийн дагуу зарцуулах;
46.5.21.Улсын Их Хурал, Тамгын газрын бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхэлж чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотой баримт бичгийг олшруулан тараах ажлыг зохион байгуулах;
46.5.22.Улсын Их Хурлаас хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагааг зохион байгуулах;
46.5.23.гишүүдэд иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг нэгтгэн дүгнэж Улсын Их Хурлын дарга, холбогдох Байнгын хороо, гишүүдэд мэдээлэх;
46.5.24.Улсын Их Хурал, Тамгын газрын гадаад харилцааны асуудлыг хариуцан шаардлагатай баримт бичиг бэлтгэх, Улсын Их Хурлын шугамаар гадаад оронд айлчлах болон гадаадаас ирэх зочин, төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл хангах, тэдгээрт үйлчлэх;
46.5.25.хууль тогтоомжоор даалгасан бусад үүрэг.
46.5.Тамгын газрын жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах болон албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга батална.
46.6.Тамгын газрын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн бусад адилтгах албан тушаалаас зэрэглэл дээгүүр байхаар Улсын Их Хурал тогтооно.
46.7.Тамгын газрын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална.
46.8.Ерөнхий нарийн бичгийн дарга, Тамгын газрын албан хаагчийн мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх, улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулахыг хориглоно.
46.9.Албан үүргээ гүйцэтгэхэд нь хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзвэл тухайн албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх эрхтэй.
46.10.Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, түүнчлэн Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага өөрчлөгдсөн нь Тамгын газрын ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй.
47 дугаар зүйл.Ерөнхий нарийн бичгийн дарга
47.1.Ерөнхий нарийн бичгийн дарга нь Улсын Их Хурлын дэгийн зөвлөх бөгөөд Тамгын газрын дарга, төрийн захиргааны албан тушаалтан байна.
47.2.Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө. Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулах журам Ерөнхий нарийн бичгийн даргыг томилоход хамаарахгүй.
47.3.Ерөнхий нарийн бичгийн дарга намын харьяалалгүй байх бөгөөд уг албан тушаалд томилогдсон өдрөөс эхлэн намын гишүүнчлэлээс гарсанд тооцно.
47.4.Ерөнхий нарийн бичгийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана.
48 дугаар зүйл.Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрх
48.1.Ерөнхий нарийн бичгийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
48.1.1.Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн батлах;
48.1.2.Тамгын газрын өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах;
48.1.3.Улсын Их Хуралд дэгийн асуудлаар зөвлөх;
48.1.4.нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, гаргасан шийдвэрийг эрх зүйн хувьд хэлбэржүүлэх;
48.1.5.энэ хуулийн 13.3-т заасан Зөвлөлийн хуралд Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотой санал оруулах;
48.1.6.Тамгын газрын тэргүүн дэд дарга, дэд дарга, ажилтныг болон гишүүний саналыг үндэслэн түүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахыг томилох, чөлөөлөх;
48.1.7.Улсын Их Хурлаас хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлыг удирдлагаар хангах;
48.1.8.Улсын Их Хурлын төсвийн шууд захирагчийн болон Улсын Их Хурлын даргын шилжүүлснээр төсвийн ерөнхийлөн захирагчийн үүрэг гүйцэтгэх;
48.1.9.Улсын Их Хурлын төсвийн төслийг бэлтгэх, батлагдсан төсвийг зарцуулах;
48.1.10.Тамгын газрын захиргаа, санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх;
48.1.11.Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэхэд шаардагдах журмыг батлах;
48.1.12.Тамгын газрын албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн тусламж, хуульд заасан бусад нэмэгдэл, урамшуулал олгох;
48.1.13.энэ хуулийн 48.1.3-т заасан чиг үүргээ Тамгын газрын тэргүүн дэд дарга болон хуулийн асуудал хариуцсан газрын даргаар төлөөлүүлэн хэрэгжүүлэх;
48.1.14.энэ хуулийн 22.3.9-д заасан дүгнэлт, дүн шинжилгээ хийх журам, хууль тогтоомжийн төслийн эхийг барьж ажиллах зөвлөхөд тавигдах тусгай шаардлагыг батлах;
48.1.15.хуульд заасан бусад бүрэн эрх.
48.2.Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, Тамгын газрын үйл ажиллагааны тайланг Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн байгуулалтын байнгын хороонд жил бүр танилцуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл уг Байнгын хороо дүнг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно.
49 дүгээр зүйл.Улсын Их Хурлын даргын ажлын алба
49.1.Улсын Их Хурлын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албатай байна.
49.2.Улсын Их Хурлын даргын ажлын албаны орон тоог Улсын Их Хурлын дарга батална.
49.3.Улсын Их Хурлын даргын ажлын албаны ажилтан нь улс төрийн албан хаагч байх бөгөөд Улсын Их Хурлын даргад ажлаа шууд хариуцаж, Тамгын газарт харьяалагдана.
49.4.Улсын Их Хурлын даргын ажлын албаны ажилтныг Улсын Их Хурлын даргын саналыг үндэслэн Ерөнхий нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө.
49.5.Улсын Их Хурлын даргын ажлын албаны ажилтны албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална.
50 дугаар зүйл.Улсын Их Хурлын төсөв
50.1.Улсын Их Хурлын төсөв нь гишүүд, Байнгын болон хянан шалгах түр хорооны зардал, нам, эвслийн бүлэг, Тамгын газар, Улсын Их Хурлын нийтлэг арга хэмжээний төсвөөс тус тус бүрдэнэ.
50.2.Улсын Их Хурлын үйл ажиллагааны аюулгүй байдалтай холбоотой худалдан авах ажиллагааг зохион байгуулах журмыг Улсын Их Хурал тогтооно.
51 дүгээр зүйл.Улсын Их Хурлын төсвийг боловсруулах, хэлэлцэх
51.1.Улсын Их Хурлын төсвийг Тамгын газар боловсруулах ба Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс тус тусын төсөвтэй нь холбогдсон саналыг авна.
51.2.Тамгын газар Улсын Их Хурлын төсвийн төслийг Зөвлөлтэй зөвшилцсөний дараа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.
51.3.Тамгын газар Улсын Их Хурлын төсвийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж гаргасан саналыг тусгаж, төсвийн эцсийн хувилбарыг улсын төсвийн төсөлд нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ.
51.4.Засгийн газар Улсын Их Хурлын төсвийн төслийг улсын төсвийн төсөлд бүрэн тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулна.
52 дугаар зүйл.Улсын Их Хурлын төсвийг зарцуулах, гүйцэтгэлд тавих хяналт
52.1.Улсын Их Хурлын төсвийг Ерөнхий нарийн бичгийн дарга зориулалтын дагуу захиран зарцуулна.
52.2.Улсын Их Хурал жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төрийн аудитын төв байгууллагад хүргүүлнэ. Төрийн аудитын төв байгууллага тайланг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор тайлангийн талаар аудитын дүгнэлт гаргана.
52.3.Улсын Их Хурлын төсвийн гүйцэтгэлийн тайлан, энэ хуулийн 52.2-т заасан төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэнэ.
53 дугаар зүйл.Хүчин төгөлдөр болох
53.1.Энэ хуулийг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(МУИХтХ үзэл баримтлал .pdf)