Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2023 ОНЫ 11-Р САРЫН 3 ӨДӨР
УЛААНБААТАР

Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Гэр бүлийн тухай хууль тогтоомж
2.1.Гэр бүлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль , энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Гэр бүлийн харилцааны зарчим
3.1.Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ.
3.2.Хүнийг гэрлэхэд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно.
3.3.Монгол Улсад эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна.
3.4.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, гэр бүлийн гишүүний өмнө хамтын үүрэг, хариуцлага хүлээнэ.
3.5.Эцэг, эх хүүхдийг биеийн болон оюун санааны хувьд эрүүл өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх хамтын үүрэгтэй бөгөөд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаална.
3.6.Гэр бүл аюулгүй, амар тайван, хүчирхийллээс ангид байна.
3.7.Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж бөгөөд төрөөс гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ.
3.8.Төр хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаална.
3.9.Шүүх хүүхдийн гэр бүлийн орчинд өсөн хүмүүжих эрхийг нэн тэргүүнд хамгаалах бөгөөд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор зайлшгүй шаардлагатай тохиолдолд энэ эрхийг хязгаарлаж болно.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёо
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний сайн дурын, чөлөөтэй харилцаанд үндэслэн гэр бүл болох хүсэл зоригоо харилцан илэрхийлж, иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг;
4.1.2.“гэрлэгчид” гэж гэр бүлийн харилцаанд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхээр гэрлэлтээ иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн нөхөр, эхнэрийг;
4.1.3.“гэр бүл” гэж гэрлэлт, төрөлт, үрчлэлтийн үр дүнд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;
4.1.4.“гэр бүлийн гишүүн”-д дараах хүмүүс хамаарна:
4.1.4.а.гэрлэгчид;
4.1.4.б.гэрлэгчдийн төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд;
4.1.4.в.гэрлэгчдийн хамт амьдарч байгаа төрөл, садангийн хүнийг;
4.1.5.“төрлийн хүн” гэж гэрлэгчдийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ, тэдгээрийн хүүхдийг;
4.1.6.“садангийн хүн” гэж гэрлэгчдийн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг;
4.1.7.“овог” гэж гэр бүл, ураг төрлийнхөн үе уламжлан хэрэглэх нэрийг;
4.1.8.“үрчлэлт” гэж шүүхийн шийдвэрийн дагуу үрчлэн авсан эцэг, эх болон үрчлүүлсэн хүүхдийн хооронд төрсөн эцэг, эх, хүүхдийн адил эрх, үүрэг, хариуцлага үүсгэхээр иргэний улсын бүртгэлд бүртгүүлснийг;
4.1.9.“асран хамгаалах” гэж эцэг, эхийн асран хамгаалалтгүй болсон 14 насанд хүрээгүй хүүхдийг, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй нь шүүхээр тогтоогдсон, эсхүл байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүн, эсхүл ахмад настай хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хэлбэрийг;
4.1.10.“харгалзан дэмжих” гэж эцэг, эхийн харгалзан дэмжлэггүй болсон 14, түүнээс дээш насны хүүхдийн, эсхүл иргэний эрх зүйн чадамжийг нь шүүхээс хязгаарласан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хэлбэрийг;
4.1.11.“хүүхэд” гэж иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдсоноос бусад тохиолдолд 18 насанд хүрээгүй хүнийг;
4.1.12.“бүтэн өнчин хүүхэд” гэж эцэг, эх нь тогтоогдоогүй, эсхүл эцэг, эх нь хоёул нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, түүнчлэн эцэг тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад эх нь нас барсан, гэр бүл цуцалсны улмаас асрамждаа авсан эх /эцэг/ нь нас барсан бөгөөд тусдаа амьдарч байсан эцэг /эх/ асрамждаа аваагүй 18 хүртэлх насны хүүхдийг;
4.1.13.“сонирхогч тал” гэж 14 насанд хүрсэн хүүхэд өөрөө, эсхүл түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад гэр бүлийн гишүүн, төрөл, садан, эсхүл хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, албан тушаалтан, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн, зөрчигдсөн этгээдийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ ГЭРЛЭХ НӨХЦӨЛ, ЖУРАМ, ГЭРЛЭЛТ ДУУСГАВАР БОЛОХ
5 дугаар зүйл.Гэрлэх нөхцөл
5.1.Энэ хуулийн 8.1-д заасан харшлах шалтгаангүй, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр, эсхүл Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй сайн дурын үндсэн дээр Монгол Улсад гэрлэж болно.
5.2.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө эрүүл мэндийн шинжилгээ өгч, гэр бүлийн боловсрол олгох сургалтад хамрагдана.
5.3.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө хоорондоо садан, төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор өөрийн хүсэлтээр, эсхүл сонирхогч талын шаардлагаар дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн шинжилгээнд хамрагдаж болно.
6 дугаар зүйл.Гэрлэх журам
6.1.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ.
6.2.Гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн хооронд эрх, үүрэг үүснэ.
7 дугаар зүйл.Гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн шинжилгээ, үр дагавар
7.1.Гэрлэхийг хүсэгчид бэлгийн замаар дамжих халдвар болон дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй эсэхийг тогтоох эрүүл мэндийн байгууллагад шинжилгээнд хамрагдаж, тодорхойлолт гаргуулсан байна.
7.2.Энэ хуулийн 7.1-д заасан өвчтэй, халдвартай нь тогтоогдсон тохиолдолд эмч, эмнэлгийн ажилтан тухайн өвчин, түүний үр дагаврын талаар гэрлэхийг хүсэгчдэд тайлбар, зөвлөгөө өгч, шинжилгээний хариуг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу хадгална.
7.3.Энэ хуулийн 7.1-д заасан өвчтэй, халдвартай нь тогтоогдсон хүн өөрийн шинжилгээний хариуг нөгөө талдаа мэдэгдэнэ.
7.4.Гэрлэхийг хүсэгчид хоёулаа эсхүл хэн нэг нь удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй байсныг гэр бүл болсноос хойш мэдсэн тохиолдолд гэрлэлтээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
8 дугаар зүйл.Гэрлэлт бүртгүүлэхэд харшлах нөхцөл
8.1.Дараах нөхцөл гэрлэхэд харшлах шалтгаан болно:
8.1.1.өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа;
8.1.2.гэрлэхийг хүсэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь энэ хуулийн 5.1-д заасан насанд хүрээгүй;
8.1.3.гэрлэхийг хүсэгчид гэр бүлийн гишүүд, эсхүл төрөл, садангийн холбоотой;
8.1.4.гэрлэхийг хүсэгчид хоорондоо асран хамгаалагч, асран хамгаалуулагч, эсхүл харгалзан дэмжигч, харгалзан дэмжүүлэгч;
8.1.5.гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй.
8.2.Иргэний хуульд заасны дагуу насанд хүрээгүй хүнийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон бол энэ хуулийн 8.1.2-т заасан шалтгаан үл хамаарна.
9 дүгээр зүйл.Гэрлэгчдийн эрх, үүрэг
9.1.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд тэгш эрх эдэлж, хамтын үүрэг, хариуцлага хүлээнэ.
9.2.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд дараах эрхтэй:
9.2.1.гэр бүлээ төлөвлөх;
9.2.2.оршин суух газраа сонгох;
9.2.3.сурах, ажил, мэргэжлээ сонгох;
9.2.4.хуваарьт хөрөнгөтэй байх;
9.2.5.сайн дурын үндсэн дээр гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах;
9.2.6.гэр бүлийн хүчирхийллээс ангид байх.
9.3.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд дараах үүрэг хүлээнэ:
9.3.1.бие биеэ, хүүхдээ тэжээн тэтгэх, асран халамжлах, харгалзан дэмжих;
9.3.2.гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;
9.3.3.хүүхэд төрүүлэхэд бэлтгэх, ургийн өсөлт, бойжилтыг тогтмол хянуулах;
9.3.4.угийн бичиг хөтлөх, өвлүүлэх;
9.3.5.хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх;
9.3.6.гэр бүлийн үнэт зүйл, үндэсний соёл, уламжлал, зан заншлыг хүүхэддээ өвлүүлэх, оюун санааны дархлааг бэхжүүлэх;
9.3.7.хамтын үүрэг хариуцлагаа ухамсарлаж, гэрлэгчид бие биедээ үнэнч байх, гэр бүлийн хамтын амьдралаа тогтвортой байлгах, гэр бүлийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх.
9.4.Гэрлэгчдийн хэн нэгний буруутай үйлдлээс шалтгаалж гэрлэлт цуцалсан нь нөхөр, эсхүл эхнэрийн эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан бол Иргэний хуульд заасны дагуу хохирогч тал гэм хорын хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргах эрхтэй.
9.5.Энэ хуулийн 9.3.4-т заасан угийн бичиг хөтлөх журмыг соёлын болон хүн амын хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
10 дугаар зүйл.Гэрлэлт дуусгавар болох
10.1.Гэрлэлтийг дараах тохиолдолд дуусгавар болсонд тооцно:
10.1.1.гэрлэгч нас барсан, эсхүл түүнийг нас барсан гэж зарласан;
10.1.2.гэрлэгч сураггүй алга болсон гэж тооцогдсон;
10.1.2.захиргааны, эсхүл шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж шүүх шийдвэрлэсэн.
10.2.Захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан бол Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1-д заасны дагуу гэрлэлт дуусгавар болно.
10.3.Шүүхийн журмаар гэрлэлт цуцалсан, эсхүл гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болно.
11 дүгээр зүйл.Гэрлэлт цуцлах журам
11.1.Гэрлэлтийг хуульд заасан үндэслэлээр захиргааны болон шүүхийн журмаар цуцална.
11.2.Эхнэр нь жирэмсэн, эсхүл гурван насанд хүрээгүй хүүхэдтэй, эсхүл хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл гэрлэгчдийн хэн нэг нь хүндээр өвчилсөн, эсхүл хөдөлмөрийн чадвараа хагас, эсхүл бүрэн алдсан тохиолдолд хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй бол гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгоно.
11.3.Энэ хуулийн 11.2-т заасан нөхцөл байдал арилсан бол гэрлэгчдийн хэн нэг нь гэрлэлт цуцлах нэхэмжлэл дахин гаргаж болно.
12 дугаар зүйл.Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах
12.1.Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай хүсэлтээ тус тусдаа бичгээр гаргаж, иргэний улсын бүртгэлийн байгууллага, эсхүл хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ.
12.2.Улсын бүртгэлийн байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар нь энэ хуулийн 12.1-д заасан хүсэлтийг хянан үзэж, 21 хоногийн дотор гэрлэлтийг цуцална.
12.3.Гэрлэгчид 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй, гэрлэгчдийн хэн нэг нь хүйсийн өөрчлөлтөө улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бол гэрлэлтийг захиргааны журмаар цуцална.
13 дугаар зүйл.Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах
13.1.Захиргааны журмаар гэрлэлт цуцлахаас бусад тохиолдолд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ.
13.2.Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гэрлэгчдийн хэн нэг нь гаргах эрхтэй.
13.3.Шүүх гэрлэлт цуцлах шийдвэр гаргахдаа тэргүүн ээлжинд хүүхэд, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл хөдөлмөрийн чадваргүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзнэ.
13.4.Иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон гэрлэгчдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
13.5.Шүүх шаардлагатай гэж үзсэн бол гэрлэгчдийг эвлэрүүлэх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаагаар түдгэлзүүлж болно.
13.6.Эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас мэргэжил, арга зүйн дэмжлэг авч, хамтран ажиллаж болно.
13.7.Гэрлэгчид гэрлэлтийн гэрээнд эд хөрөнгийн эрх, үүргийг тусгасан эсэхээс үл хамаарч, гэрлэлт цуцлуулах үед эд хөрөнгийн эрх, үүргийн талаар харилцан тохиролцож болно.
13.8.Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд долоо, түүнээс дээш настай бол түүний саналыг харгалзан үзнэ.
13.9.Энэ хуулийн 13.8-д заасны дагуу хүүхдийн саналыг авахдаа нийгмийн ажилтан, хэрэв байгаа бол өмгөөлөгчийг байлцуулна. Шаардлагатай тохиолдолд сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, бусад этгээдийг оролцуулах эсэх асуудлыг тухайн хүүхдийн нас, хөгжлийн онцлогийг харгалзан шүүх шийдвэрлэнэ.
13.10.Шүүх хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид байлгах талаар шийдвэрлэхдээ хүүхдийн амьдарч байгаа нөхцөлийг дордуулахгүй байх, хүүхдийн хүсэл, сонирхол, сурах, хөгжихөд тааламжтай нөхцөлийг харгалзан үзнэ.
13.11.Шүүх гэрлэлт цуцлахдаа нэхэмжлэлийн шаардлагаас үл хамааран дараах асуудлыг шийдвэрлэнэ:
13.11.1.хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх;
13.11.2.тусдаа амьдрах эцэг, эхийн хүүхэдтэй уулзах эрх, үүрэг, шаардлагатай гэж үзвэл уулзах хугацаа, байршил, нөхцөл;
13.11.3.тэтгэмжийн хэмжээ, нэмэлт зардал, сургалтын төлбөрийг хариуцах асуудал.
13.12.Шүүх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бол хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх хүртэл хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын асрамж, хяналтад шилжүүлэх арга хэмжээ авна.
13.13.Гэрлэлт цуцлуулсан нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах эцэг, эхийн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
14 дүгээр зүйл.Гэрлэлт цуцлахад шүүх гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуваах
14.1.Шүүх гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд ногдох дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэлтийн гэрээ, эсхүл гэрлэлтийн гэрээ байгуулаагүй бол хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийг хувааж, хуваарилах шийдвэр гаргана.
14.2.Гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс, түүнчлэн дундын хөрөнгөө зүй бусаар ашигласан, нуусан, гэрлэлт цуцалсан нь түүний буруутай үйлдлээс шалтгаалсан нөхцөл байдал тогтоогдсон бол Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийг шүүх өөрөөр тогтоож болно.
15 дугаар зүйл.Шүүхээс гэрлэлт цуцлах тусгай журам
15.1.Шүүх дараах тохиолдолд энэ хуулийн 13.5-д заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болно:
15.1.1.гэрлэгчийн хэн нэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1-д заасан гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсон;
15.1.2.гэрлэгчид сүүлийн арваас доошгүй жил хамтран амьдраагүй болохыг шүүх тогтоосон.
16 дугаар зүйл.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох
16.1.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасныг зөрчиж гэрлэсэн, эсхүл гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн бол гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл эрх нь зөрчигдсөн этгээдийн нэхэмжлэлээр, эсхүл эрх бүхий байгууллагын санаачилгаар шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
16.2.Гэрлэгч эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн, эсхүл гэрлэгчийн хүсэл зоригийн эсрэг гэрлэлтээ бүртгүүлснийг эрх бүхий байгууллага тогтоосон бол гэрлэлтийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцно.
Тайлбар:Энэ хуулийн 16.1-д “гэр бүл болох зорилгогүйгээр” гэдэгт гэрлэгчид хамт амьдардаггүй, хоёулаа эсхүл хэн нэг нь эдийн болон эдийн бус давуу байдал олж авах зорилгоор дүр эсгэж, гэрлэлт бүртгүүлснийг ойлгоно.
17 дугаар зүйл.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүсэх үр дагавар
17.1.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон шүүхийн шийдвэрийг иргэний улсын бүртгэлд бүртгэнэ.
17.2.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэгчдийн байгуулсан гэрлэлтийн гэрээ болон эд хөрөнгийн эрх, үүрэгтэй холбоотой бусад гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болно.
17.3.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол тухайн гэрлэлтээс төрсөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй бөгөөд эцэг, эх хуульд заасан үүрэг, хариуцлага хүлээнэ.
18 дугаар зүйл.Гэрлэлт сэргээх
18.1.Талууд эвлэрснээ хамтран илэрхийлж, өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлэлт бүртгүүлээгүй бол гэрлэлт цуцлах шийдвэр гаргасан байгууллага гэрлэлтийг сэргээнэ.
18.2.Нас барсан гэж зарлагдсан, эсхүл сураггүй алга болсон гэж тооцогдсон хүн эргэн ирж, нөхөр, эсхүл эхнэртэйгээ хамтран амьдрах хүсэлтээ гаргасан бөгөөд нөхөр, эсхүл эхнэр нь өөр хүнтэй гэрлээгүй бол талуудын зөвшөөрснөөр шүүх гэрлэлтийг сэргээж болно.
18.2.Энэ хуулийн 18.1, 18.2-т заасны дагуу шүүх гэрлэлтийг сэргээсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол гэрлэлтийг анх гэрлэлтээ бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно.
19 дүгээр зүйл.Гэрлэлт цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж тооцох
19.1.Гэрлэгчид бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, эсхүл хуульд заасан хариуцлага хүлээхээс зайлсхийх, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах зорилгоор гэрлэлтээ цуцлуулсныг эрх бүхий байгууллагаас тогтоосон бол эрх нь зөрчигдсөн этгээдийн нэхэмжлэлээр гэрлэлт цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж тооцох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
20 дугаар зүйл.Гэрлэлт цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүсэх үр дагавар
21.1.Хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болсноос үүсэх эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэхдээ дараах нөхцөлийг харгалзан хамтын амьдралыг гэрлэлттэй адилтган тооцож болно:
21.1.1.хамтран амьдрагчид бусад хүнтэй гэрлэлт бүртгүүлээгүй эсэх;
21.1.2.таваас доошгүй жилийн хугацааны туршид тогтмол хамтран амьдарсан эсэх;
21.1.3.эд хөрөнгө дундаа өмчилж байгаа эсэх, дундын эд хөрөнгө бий болсон эсэх;
21.1.4.хамтран амьдрагчид нэг оршин суух хаягт бүртгэлтэй эсэх;
21.1.5.хамтран амьдрагчид дундаасаа хүүхэдтэй эсэх.
21.2.Хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болох тохиолдолд бие биеэ тэжээн тэтгэх, өв залгамжлах эрх, үүрэг үүсэхгүй.
21.3.Хамтран амьдрагчдын хамтын амьдралын үед, эсхүл хамтын амьдрал дуусгавар болоход тэдний хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ
22 дугаар зүйл.Гэрлэлтийн гэрээ байгуулах журам
22.1.Гэрлэгчид эд хөрөнгийн эрх, үүргийг зохицуулах гэрлэлтийн гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулж болно. Гэрлэгчид гэрлэлтийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэнээр хүчин төгөлдөр болно.
22.2.Гэрлэгчид гэрлэлтийн гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө болон гэрлэлт бүртгүүлсний дараа хэдийд ч байгуулж болно.
22.3.Гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө байгуулсан гэрээ гэрлэлтийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн энэ хуулийн 22.1-д заасан хэлбэрийн шаардлагыг хангаснаар хүчин төгөлдөр болно.
22.4.Гэрлэгчид гэрлэлтийн гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн эрх үүсэх, шилжүүлэх, дуусгавар болох, хязгаарлах асуудлыг тусгасан бол Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэнэ.
22.5.Гэрлэлтийн гэрээ байгуулаагүй, эсхүл гэрээ байгуулсан боловч энэ хуулийн 22.4-т заасан урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй бол гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна.
22.6.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 22.5-д заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
23 дугаар зүйл.Гэрлэлтийн гэрээний агуулга
23.1.Гэрлэлтийн гэрээнд дараах зүйлийг тусгаж болно:
23.1.1.гэр бүлийн гишүүдийн өмчлөх дундын эд хөрөнгө хуваах;
23.1.2.гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгийг тодорхойлох;
23.1.3.гэрлэлт дуусгавар болсны дараа гэр бүлийн гишүүдэд ногдох хөрөнгө болон хамтран эзэмших, өмчлөх дундын эд хөрөнгийг шилжүүлэх, хамтран өмчлөх, эсхүл хуульд зааснаас бусад нөхцөл тогтоох;
23.1.4.гэрлэгчид гэр бүлийн хамтын амьдрал, эсхүл гэрлэлт цуцлагдсан, дуусгавар болсны дараа бие биеэ болон үр хүүхдээ тэжээн тэтгэх эрх, үүргийг тодорхойлох;
23.1.5.гэр бүлийн хэрэгцээний зардлыг хуваарилах.
23.2.Гэрлэлтийн гэрээгээр дараах харилцааг зохицуулахыг хориглоно:
23.2.1.эд хөрөнгийн бус харилцааг зохицуулсан, гэрлэгчдийн амины эрхтэй холбоотой;
23.2.2.гэрлэгчдийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дордуулсан, эсхүл иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан;
23.2.3.гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл хөндсөн;
23.2.4.гэрлэгчид бие биеэ, насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх, сурах эрхийг хангах үүргээс чөлөөлсөн, эсхүл хязгаарласан;
23.2.5.эцэг, эх байх эрхийг хязгаарласан, хассан.
23.3.Гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд гэрлэгчид харилцан тохиролцож гэрлэлтийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, дуусгавар болгож болно. Энэ тохиолдолд энэ хуулийн 22.1-д заасан хэлбэрийн шаардлагыг баримтална.
23.4.Гэрлэлтийн гэрээг энэ хуулийн 23.2-т заасан нөхцөлөөр байгуулсан бол хүчингүйд тооцно.
23.5.Гэрлэгчдийн хэн нэгний гаргасан нэхэмжлэлийн дагуу гэрлэлтийн гэрээг шүүхийн шийдвэрээр цуцалж, эсхүл энэ хуульд болон Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүхэлд нь хүчингүй болгож болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХҮҮХДИЙН НЭР, ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, ОВОГ, ЭЦЭГ /ЭХ/-ИЙГ ТОГТООХ
24 дүгээр зүйл.Хүүхдэд нэр, эцэг/эх/-ийн нэр, овог өгөх
24.1.Эцэг, эх тохиролцсоны үндсэн дээр хүүхэддээ нэр өгнө.
24.2.Хүүхэд эцгийн овог, нэрийг авна.
24.3.Хүүхдийн эцэг, эх нь хэн болох нь тодорхойгүй бол асрамжиндаа авч байгаа этгээд, эсхүл улсын бүртгэлийн байгууллага хүүхдэд нэр, овог өгч болно.
24.4.Эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхдэд эхийн овог, нэрийг өгнө.
25 дугаар зүйл.Хүүхдийн эцэг, эхийг захиргааны журмаар бүртгэх
25.1.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтран хүсэлт гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар хүүхдийн эцэг, эхийг бүртгэнэ.
26 дугаар зүйл.Хүүхдийн эцэг, эхийг шүүхийн журмаар тогтоох
26.1.Хүүхдийн нэр, эцэг /эх/-ийн нэр, овогтой холбогдох маргааныг сонирхогч талын хүсэлтийг үндэслэн хүүхдийн эцэг, эхийг шүүх шийдвэрлэнэ.
26.2.Эцэг, эхийг тогтоох маргааныг нотлох баримт, шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
26.3.Донор бэлгийн эс, эсхүл тээгч эхээс төрсөн хүүхдийн эцэг, эх тогтоох асуудлыг нотлох баримт болон бусад холбогдох баримтыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ, ЭЦЭГ, ЭХИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА
27 дүгээр зүйл.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах
27.1.Хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ.
27.2.Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсөж бойжих, асран хамгаалуулах, тэжээн тэтгүүлэх, сурч боловсрох, хөгжих, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, өв залгамжлах эрхтэй.
27.3.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах үүрэгтэй.
27.4.Бүтэн өнчин, эсхүл эцэг, эх нь хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах боломжгүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн бол хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сум, хорооны Засаг дарга, гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага, албан тушаалтан хамгаална.
28 дугаар зүйл.Эцэг, эх, хүүхдийн хоорондын эрх, үүрэг
28.1.Хүүхэд төрснөөр, эсхүл үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг, хариуцлага үүснэ.
28.2.Гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлснээр дагавар хүүхэд, хойд эцэг, эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг, хариуцлага үүснэ.
28.3.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлнэ.
28.4.Шүүхийн шийдвэрээр хязгаарласнаас бусад тохиолдолд хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эсхүл эхээсээ тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.
29 дүгээр зүйл.Насанд хүрээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол
29.1.Хүүхдийн эцэг, эх хоёулаа насанд хүрээгүй бол тэдний эцэг, эхийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч эцэг, эхийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдох хүртэл хугацаанд хүүхдийг асран хамгаалах үүрэгтэй.
29.2.Насанд хүрээгүй эцэг, эх хоёулаа асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ хуулийн 29.1-д заасан үүрэг хүлээхээс хүндэтгэн үзэх шалтгаанаар татгалзсан бол эцэг, эхийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдох хүртэл хугацаанд сум, хорооны Засаг дарга хүүхдэд асран хамгаалагч томилно.
30 дугаар зүйл.Эцэг, эхийн эрх, үүрэг
30.1.Эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн эсэх, хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран хүүхдийн өмнө харилцан тэгш эрх эдэлж, хамтын үүрэг, хариуцлага хүлээнэ.
30.2.Эцэг, эх нь хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалж, хүүхэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн саналыг харгалзан хамтын шийдвэр гаргана.
30.3.Эцэг, эх хүүхдийн эрхийг хамгаалж, хангахад дараах үүрэг хүлээнэ:
30.3.1.хүүхдийн биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд өсгөн бойжуулах, хүмүүжүүлэх, хоол хүнс, орон байр, хувцас, хичээлийн хэрэгсэл, тоглоом зэрэг өсөх, сурах, хөгжихөд зайлшгүй шаардлагатай эд зүйлээр хангах;
30.3.2.хүүхдээ асран хамгаалах, харгалзан дэмжих, тэжээн тэтгэх;
30.3.3.төрөлх хэл, бичиг үсэг, суурь боловсрол эзэмшүүлэх;
30.3.4.хүүхдийн эд хөрөнгийг хамгаалах, зохистой захиран зарцуулах;
30.3.5.хүчирхийллээс ангид өсгөх, төлөвшүүлэх;
30.3.6.хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирох аргаар хүмүүжүүлэх;
30.3.7.хүүхэддээ гэр бүлийн угийн бичиг өвлүүлэх, цус ойртолтоос үүсэх үр дагаврыг таниулах;
30.3.8.хүүхдээ бусдыг хүндлэх, ёс суртахуунд төлөвшүүлэх;
30.3.9.авьяас, хүсэл сонирхлыг нь дэмжих;
30.3.10.түүх, соёл, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх, байгаль эх дэлхийгээ хайрлах ухамсрыг төлөвшүүлэх;
30.3.11.хүүхэд эрхээ хамгаалахад туслах, дэмжлэг үзүүлэх;
30.3.12.хүүхдийн нэр төр, хувийн мэдээллийг хадгалж, хувийн орон зайг хамгаалах;
30.3.13.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10.1-д заасан хүүхдийн эрхийг хангах;
30.3.14.хуульд заасан бусад.
30.3.Эцэг, эх хүүхдийн эцэг, эх байх эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
31 дүгээр зүйл.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх
31.1.Эцэг, эх хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүн, хуулийн этгээдийн өмнө итгэмжлэлгүйгээр төлөөлж, хамгаална.
31.2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон хүүхдийн ашиг сонирхол зөрчилдөж байгаа нь тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг дарга хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах төлөөлөгчийг томилж болно.
31.3.Энэ хуулийн 31.2-т заасан хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах этгээдийг томилох журмыг гэр бүл, хүүхдийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
31.4.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон, үүргээ биелүүлээгүй эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон гэр бүлийн бусад гишүүдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ.
32 дугаар зүйл.Хүүхдээс тусдаа амьдарч байгаа эцэг, эхийн эрх, үүрэг
32.1.Гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл бусад шалтгаанаар хүүхдийн оршин суугаа газраас өөр газарт оршин сууж байгаа нь хүүхдийн өмнө хүлээх эцэг, эхийн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
32.2.Гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хамтран амьдарч байсан эцэг, эх тусдаа амьдарч байгаа бол энэ хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хэн нэгэндээ саад учруулахыг хориглоно.
32.3.Гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хамтран амьдарч байсан эцэг, эх тусдаа амьдарч байгаа бол эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх гэрээ байгуулж болно.
32.4.Энэ хуулийн 32.3-т заасан гэрээгээр эцэг, эхийн эрх, хүүхэдтэйгээ харилцах, уулзах нөхцөл, хугацаа, өсгөн хүмүүжүүлэх, тэтгэлэг төлөх үүрэг, хариуцлагыг хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулахгүйгээр харилцан тохиролцож болно.
32.5.Эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах, хүчингүйд тооцох асуудлыг Иргэний хуульд заасан гэрээнд тавигдах үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ.
32.6.Эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх тухай гэрээг талууд харилцан тохиролцож, бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулах бөгөөд энэхүү хэлбэрийн шаардлагын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах, буюу цуцална.
32.7.Эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх тухай гэрээний нөхцөлтэй холбогдох маргааныг шүүх шийдвэрлэнэ.
33 дугаар зүйл.Эцэг, эх болон хүүхдийн эд хөрөнгийн харилцаа
33.1.Эцэг, эх насанд хүрээгүй хүүхэд болон насанд хүрсэн боловч сургуульд сурч байгаа 21 нас хүртэл, эсхүл байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ.
33.2.Эцэг, эх, эсхүл хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч 14 насанд хүрээгүй хүүхдийнхээ өмнөөс хэлцэл хийх, 14-өөс 18 хүртэлх насны хүүхэдтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх, хүүхдийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдох хүртэлх хугацаанд түүний эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй.
34 дүгээр зүйл.Хүүхдийн эд хөрөнгийг захиран зарцуулахад эцэг, эхийн эрхийг хязгаарлах
34.1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн хуваарьт хөрөнгийг түүний эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, амьжиргаа, сурч боловсрох, хөгжих, эрүүл мэндийн хэрэгцээнд зарцуулна.
34.2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн хуваарьт хөрөнгийг зарцуулахдаа хүүхдийн ашиг сонирхолд харшлах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
35 дугаар зүйл.Хүүхэд эцэг, эх бусад төрөл садантайгаа харилцах эрх
35.1.Шүүхийн шийдвэрээр хязгаарласнаас бусад тохиолдолд хүүхэд эцэг, эх, төрөл, садантайгаа чөлөөтэй харилцах эрхтэй.
35.2.Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон, тусдаа амьдардаг болон бусад шалтгаанаар энэ хуулийн 35.1-д заасан эрхийг хязгаарлахыг хориглоно.
36 дугаар зүйл.Эцэг, эх байх эрхийг хязгаарлах
36.1.Шүүх дараах тохиолдолд эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар хязгаарлана:
36.1.1.хүүхдийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.1-д заасан эрсдэлт нөхцөлд оруулсан;
36.1.2.хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, орон байр, хувцас, хоол хүнс, бусад ахуйн хэрэглээний зүйлсээр санаатайгаар хангаагүй, гачигдуулсан;
36.1.3.хүүхдийн хөдөлмөрийг зүй бусаар ашигласан;
36.1.4.хүүхдийг үл хайхарсан, эсхүл дарамталсан.
36.2.Эцэг, эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг сонирхогч тал шүүхэд гаргах эрхтэй.
36.3.Эцэг, эх байх эрхийг хязгаарлах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзвэл шүүх тухайн хүүхдийг асран хамгаалах байгууллагын асран хамгаалалтад шилжүүлнэ.
37 дугаар зүйл.Эцэг, эх байх эрх хязгаарласнаас үүсэх үр дагавар
37.1.Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүн тухайн хүүхдийг биечлэн өсгөн хүмүүжүүлэх, төлөөлөх, хүүхэдтэй холбогдох хуулиар олгосон эрхээ шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд алдана.
37.2.Шүүх эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүнээс хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардагдах тэтгэлгийг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.
37.3.Эцэг, эх байх эрхийг хязгаарласан хугацаанд хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, эсхүл асран хамгаалах байгууллагын асран хамгаалалтад шилжүүлнэ.
37.4.Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүн энэ хуулийн 36.1-д заасан нөхцөл арилгаагүй бол сонирхогч тал тухайн хүний эцэг, эх байх эрхийг хасуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно.
37.5.Эцэг, эхийн хэн нэг нь, эсхүл хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулснаас үл хамааран хүүхдийн өв залгамжлах, эд хөрөнгийн эрх хэвээр хадгалагдана.
38 дугаар зүйл.Эцэг, эх байх эрх хязгаарласныг дуусгавар болсонд тооцох
38.1.Энэ хуулийн 36.1-д заасан нөхцөл арилсан бол эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүсэлтийг шүүх хянан үзэж, эцэг, эх байх эрх хязгаарласныг дуусгавар болсонд тооцох эсэхийг шийдвэрлэнэ.
38.2.Энэ хуулийн 36.1-д заасан нөхцөл байдал арилаагүй, эсхүл хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахаар бол шүүх эцэг, эх байх эрх хязгаарласныг дуусгавар болгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож болно.
38.3.Шүүх эцэг, эх байх эрх хязгаарласныг хүчингүй болсонд тооцох тухай шийдвэр гаргахдаа хүүхэд долоо ба түүнээс дээш нас хүрсэн бол түүний саналыг харгалзан үзнэ.
39 дүгээр зүйл.Эцэг, эх байх эрхийг хасах
39.1.Эцэг, эх байх эрхийг дараах тохиолдолд хасна:
39.1.1.энэ хуулийн 36.1-д заасан нөхцөл байдал удаа дараа давтагдсан, хүүхдийг тэжээн тэтгэх, асран хамгаалах үүргээ ноцтой зөрчсөн;
39.1.2.согтууруулах, эсхүл мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хамааралтай нь тогтоогдсон;
39.1.3.хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн.
39.2.Эцэг, эх байх эрхийг хасах тухай нэхэмжлэлийг сонирхогч тал шүүхэд гаргах эрхтэй.
39.3.Эцэг, эх байх эрхийг хасах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзвэл шүүх тухайн хүүхдийг асран хамгаалах байгууллагын асран хамгаалалтад шилжүүлнэ.
40 дүгээр зүйл.Эцэг, эх байх эрх хассанаас үүсэх үр дагавар
40.1.Эцэг, эх байх эрхээ хасуулсан этгээд хүүхдийг төлөөлөх, биечлэн өсгөн хүмүүжүүлэх, хүүхэдтэй холбогдох тэтгэмж, тэтгэлэг авах, хөнгөлөлт эдлэх болон хуулиар олгосон бусад эрхийг эдлэхгүй.
40.2.Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан бол хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, эсхүл хүүхдийг асран хамгаалах байгууллагын асран хамгаалалтад шилжүүлнэ.
40.3.Эцэг, эхийн хэн нэг нь, эсхүл хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан эсэхээс үл хамааран хүүхдийн өв залгамжлах, эд хөрөнгийн эрх хэвээр хадгалагдана.
40.4.Эцэг, эх байх эрхээ хасуулсан нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд шүүх хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардагдах тэтгэлгийг хариуцагч этгээдээс гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.
41 дүгээр зүйл.Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүнийг зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулах
41.1.Эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан, хассан тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас уг хүнийг зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулна.
41.2.Энэ хуулийн 41.1-д заасан сургалтын хөтөлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран баталж, сургалтыг зохион байгуулна.
42 дугаар зүйл.Эцэг, эх байх эрхийг сэргээх
42.1.Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүн энэ хуулийн 36.1, 39.1.1, 39.1.2-т заасан нөхцөл байдлыг арилгасан тохиолдолд эцэг, эх байх эрхээ сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гаргана.
42.2.Шүүх эцэг, эх байх эрхийг сэргээх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ долоо ба түүнээс дээш насанд хүрсэн хүүхдийн санал, сум, хорооны гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны хийсэн нөхцөл байдлын үнэлгээг харгалзан үзнэ.
42.3.Шүүх эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан этгээдийн эрхийг сэргээхдээ зан үйлд нөлөөлөх сургалтад хамрагдсан эсэхийг харгалзан үзнэ.
42.4.Шүүх дараах тохиолдолд эцэг, эх байх эрхийг сэргээхгүй:
42.4.1.хүүхэд үрчлэгдсэн;
42.4.2.хүүхдийн эсрэг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;
42.4.2.хүүхдийн эсрэг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ТЭЖЭЭН ТЭТГЭХ, ТЭТГҮҮЛЭХ
43 дугаар зүйл.Тэжээн тэтгүүлэх эрх, тэжээн тэтгэх үүрэг
43.1.Гэр бүлийн гишүүд, гэрлэгчид, төрлийн хүмүүс бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.
43.2.Тэжээн тэтгэх үүрэг бүхий этгээд /цаашид “тэтгэлэг төлөгч” гэх/ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн, татгалзсан, тэжээн тэтгэх тухай гэрээний үүргээ биелүүлээгүй бол тэжээн тэтгүүлэх эрхтэй болсон этгээд /цаашид “тэтгэлэг авагч” гэх/ хуульд өөрөөр заагаагүй бол тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
43.3.Тэтгэлэг төлөгч тэтгэлэг авагчид хууль, шүүхийн шийдвэр, гэрээнд заасан тэтгэлэг төлөх үүрэгтэй.
44 дүгээр зүйл.Гэрлэгчдийн бие биеэ харилцан тэжээн тэтгэх үүрэг
44.1.Гэрлэгчид гэрлэлт хүчинтэй байх хугацаанд бие биеэ харилцан тэжээн тэтгэх үүрэгтэй.
44.2.Гэрлэгчдийн хэн нэг нь бие биеэ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхээс татгалзсан бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
45 дугаар зүйл.Гэрлэгчдийн тэжээн тэтгүүлэх эрх үргэлжлэх
45.1.Гэрлэлтээ цуцлуулсан нөхөр, эсхүл эхнэр дараах тохиолдолд тэтгэлэг гаргуулах эрхтэй:
45.1.1.гэрлэлтээ цуцлуулсан болон гэрлэлт хүчин төгөлдөр бус болсонд тооцогдохоос өмнө төрсөн, үрчлэн авсан гурван нас хүрээгүй хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл хүнд өвчтэй хүүхдээ асарч байгаа бол;
45.1.2.гэр бүлийн хүчирхийллийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан бол;
45.1.3.гэрлэлтээ цуцлуулснаас хойш нэг жилийн дотор өөрийн буруугүй үйлдлээс хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол.
45.2.Шүүх гэрлэлтээ цуцлуулсан этгээдийн эд хөрөнгө, орлого, бусад нөхцөл байдлыг харгалзан тэтгэлгийн хэмжээг энэ хуулийн 47.1-д заасны дагуу тогтооно.
45.3.Энэ хуулийн 45.1-д заасан тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг гэрлэлт цуцлуулснаас хойш таван жилийн дотор гаргах эрхтэй.
46 дугаар зүйл.Эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг
46.1.Эцэг, эх нь насанд хүрээгүй, насанд хүрсэн боловч сургуульд сурч байгаа, эсхүл хөдөлмөрийн чадваргүй, эсхүл байнгын асаргаа шаардлагатай нь тогтоогдсон хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
46.2.Энэ хуулийн 46.1-д зааснаар хүүхэд насанд хүрсэн боловч сургуульд сурч байгаа бол 21 нас хүртэл тэжээн, тэтгэх үүрэгтэй.
46.3.Эцэг, эх нь энэ хуулийн 46.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол сонирхогч тал шүүхэд тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргаж болно.
46.4.Эцэг, эхийн хэн нэг нь гэрлэлтээ цуцлуулах үедээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос татгалзсан хүсэлтийг шүүхэд гаргах эрхгүй.
47 дугаар зүйл.Тэтгэлгийн хэмжээ, олгох хугацаа, хэлбэр
47.1.Шүүх тэтгэлгийн хэмжээг сард нэгээс доошгүй удаа тэтгэлэг төлөгчийн эд хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ шаардлага зэрэг нөхцөл байдлыг харгалзан талуудын амьдралын чанарыг дордуулахгүйгээр тэтгэлэг тогтоох аргачлалын дагуу тогтооно.
47.2.Энэ хуулийн 47.1-д заасан тэтгэлэг тогтоох аргачлалыг гэр бүл, хүүхдийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг харгалзан Улсын дээд шүүх батална.
47.3.Цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй байна.
47.4.Энэ хуулийн 47.1-д заасан тэтгэлгийн хэмжээ тэтгэлэг авагчийн оршин сууж байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байна.
47.5.Талууд тэжээн тэтгэх тухай гэрээнд тэтгэлгийн хэмжээг хуульд зааснаас өөрөөр харилцан тохиролцож болно. Энэхүү гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулснаар хүчин төгөлдөр болно. Гэрээгээр тохиролцсон тэтгэлгийн хэмжээ энэ хуулийн 47.4-т зааснаас багагүй байна.
47.6.Тэтгэлгийг доор дурдсан хэлбэрээр олгож болно:
47.6.1.мөнгөн хэлбэрээр;
47.6.2.эд хөрөнгөөр.
47.7.Тэтгэлгийг дараах хугацаагаар олгож болно:
47.7.1.сар, улирал, хагас жил, жилээр;
47.7.2.нэг удаа.
47.8.Хүүхдийн тэтгэлгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90, 91 дүгээр зүйлд заасан журмын дагуу гаргуулна.
47.9.Хүүхдийн тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгч, 14 насанд хүрсэн хүүхэд өөрөө, эсхүл сум, хорооны гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
48 дугаар зүйл.Тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйгээс хүлээх хариуцлага
48.1.Тэтгэлэг төлөх тухай талууд гэрээ байгуулсан бөгөөд тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол учирсан хохирлыг гэрээнд заасан журмаар нөхөн төлнө.
48.2.Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, алданги төлнө.
48.3.Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.
48.4.Тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гэрээнд заагаагүй бол энэ хуулийн 48.2, 48.3-т заасныг баримтална.
49 дүгээр зүйл.Тэтгэлэг төлөгчөөс нэмэлт тэтгэлэг, зардал гаргуулах
49.1.Тэтгэлэг авагч хүндээр өвчилсөн, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй болсон, эсхүл байнгын асаргаа шаардлагатай, эсхүл сургуульд орсон зэрэг онцгой тохиолдолд тэтгэлэг төлөгчөөс нэмэлт тэтгэлэг, эсхүл зардлыг хариуцуулахаар сонирхогч тал шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
49.2.Нэмэлт тэтгэлэг, эсхүл зардлын хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн эд хөрөнгө, санхүүгийн нөхцөл байдал, тэтгэлэг авагчийн бодит шаардлага, зайлшгүй хэрэгцээнд нийцсэн байна.
49.3.Энэ хуулийн 49.1-д заасан тэтгэлэг авагчид үүссэн нөхцөл байдал арилсан тохиолдолд тэтгэлэг төлөгч нэмэлт тэтгэлэг, эсхүл зардлыг зогсоох асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
50 дугаар зүйл.Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах, хүчингүйд тооцох
50.1.Тэтгэлэг төлөгч болон тэтгэлэг авагч, түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг төлөх нөхцөл, журмыг харилцан тохиролцож, тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулж болно.
50.2.Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах, хүчингүйд тооцох асуудлыг Иргэний хуульд заасан гэрээнд тавигдах үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ.
50.3.Тэжээн тэтгэх тухай гэрээг талууд харилцан тохиролцож, бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулах бөгөөд энэхүү хэлбэрийн шаардлагын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах, буюу цуцална.
50.4.Тэжээн тэтгэх тухай гэрээтэй холбогдох маргааныг талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан шүүх шийдвэрлэнэ.
51 дүгээр зүйл.Тэжээн тэтгэх тухай гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцох
51.1.Тэжээн тэтгэх тухай гэрээ нь талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл сонирхогч тал шүүхэд гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэл гаргах эрхтэй.
51.2.Шүүх тэжээн тэтгэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол талууд дахин гэрээ байгуулж болно.
52 дугаар зүйл.Шүүхээр тогтоосон тэтгэлгийн хэмжээг өөрчлөх, тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх
52.1.Тэтгэлэг төлөх тухай гэрээ байгуулаагүй, шүүхийн шийдвэрээр тэтгэлгийн хэмжээг тогтоосны дараа тэтгэлэг төлөгчийн эд хөрөнгө, орлого, бусад нөхцөл байдал өөрчлөгдсөн бол тэтгэлэг авагч тал тэтгэлгийн хэмжээг өөрчлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
52.2.Тэтгэлэг авагч нь тэтгэлэг төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хүчирхийлсэн, дарамталсан, гэм хор учруулсан, эсхүл учруулахаар завдсан нь шүүхээр тогтоогдсон бол тэтгэлэг төлөгчийг тэжээн тэтгэх үүргээс шүүхийн шийдвэрээр чөлөөлнө.
ДОЛДУГААР БҮЛЭГ
АСРАН ХАМГААЛАХ, ХАРГАЛЗАН ДЭМЖИХ
53 дугаар зүйл.Асран хамгаалах, харгалзан дэмжих
53.1.Эцэг, эх, гэр бүлийн гишүүн нь хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүнээ асран хамгаалахад энэ бүлэг хамаарахгүй.
53.2.Асран хамгаалалтад дараах хүнийг хамруулна:
53.2.1.14 насанд хүрээгүй бүтэн өнчин хүүхэд;
53.2.2.эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүний 14 насанд хүрээгүй хүүхэд;
53.2.3.эцэг, эх нь хоёулаа энэ хуульд заасны дагуу эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний 14 насанд хүрээгүй хүүхэд;
53.2.4.эцэг, эх нь хоёулаа, эсхүл хүүхдийн байнга хамт амьдардаг эцэг, эсхүл эх нь хүнд өвчтэй, бусдын асрамжид байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн асран хамгаалах, хүмүүжүүлэх боломжгүй байгаа хүний 14 насанд хүрээгүй хүүхэд;
53.2.5.эцэг, эх нь хоёулаа, эсхүл хүүхдийн байнга хамт амьдардаг эцэг, эсхүл эх нь хорих газарт ял эдэлж байгаа хүний 14 насанд хүрээгүй хүүхэд;
53.2.6.эцэг, эх нь тодорхойгүй, эсхүл эцэг, эх нь сураггүй алга болсонд тооцогдсон хүний 14 насанд хүрээгүй хүүхэд;
53.2.7.шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон хүн;
53.2.8.ганц бие, төрлийн хүнгүй, бие даан амьдрах чадваргүй, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүн, эсхүл ахмад настан;
53.2.9.гэр бүлийн гишүүд бие биеэ асран хамгаалах боломжгүй, төрлийн хүнгүй, бие даан амьдрах чадваргүй, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүн, эсхүл ахмад настан.
53.3.Харгалзан дэмжлэгт дараах хүнийг хамруулна:
53.3.1.14-өөс дээш насны бүтэн өнчин хүүхэд;
53.3.2.эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүний 14-өөс дээш насны хүүхэд;
53.3.3.энэ хуульд заасны дагуу эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, эсхүл хасуулсан хүний 14-өөс дээш насны хүүхэд;
53.3.4.эцэг, эх нь хоёулаа, эсхүл тухайн хүүхдийн байнга хамт амьдардаг эцэг, эсхүл эх нь хүнд өвчтэй, бусдын асрамжид байдаг зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар биечлэн асран хүмүүжүүлэх боломжгүй байгаа хүний 14-өөс дээш насны хүүхэд;
53.3.5.эцэг, эх нь хоёулаа, эсхүл тухайн хүүхдийн байнга хамт амьдардаг эцэг, эсхүл эх нь хорих газарт ял эдэлж байгаа хүний 14-өөс дээш насны хүүхэд;
53.3.6.эцэг, эх нь хоёулаа тодорхойгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон хүний 14-өөс дээш насны хүүхэд;
53.3.7.согтууруулах, эсхүл мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодис байнга хэрэглэсний улмаас иргэний эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүн.
53.4.Ах, эгч, дүү нарт нэг асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтооно. Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн өөр, өөр асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоож болно.