Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 5-Р САРЫН 26 ӨДӨР
УЛААНБААТАР

Арилжааны хууль

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилго нь арилжаа эрхлэгчийн ашгийн төлөөх зорилгыг дэмжих, шударгаар итгэсэн итгэлийг хамгаалах, арилжааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлАрилжааны хууль тогтоомж, түүнийг хэрэглэх, үйлчлэх хүрээ
2.1Арилжаа эрхлэхтэй холбоотой харилцааг тухайлсан хуулиар зохицуулна. Арилжаа эрхлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан тухайлсан хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг хэрэглэнэ.
2.2Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тухайлсан хууль болон энэ хуульд арилжаа эрхлэхтэй холбоотой харилцааг зохицуулснаас бусад харилцааг энэ хуулийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр Иргэний хуулийг хэрэглэнэ.
2.3Энэ хуулиар зохицуулсан харилцааг тухайлсан хуулиар нарийвчлан зохицуулсан бол тухайлсан хуулийг хэрэглэх бөгөөд тухайн харилцааг хэд хэдэн тухайлсан хуулиар зохицуулсан бол илүү нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэнэ.
2.4Тухайлсан хууль болон энэ хуулиар зохицуулаагүй харилцааг арилжааны заншил, талуудын хооронд тогтсон практикийн дагуу, тийм заншил, практик байхгүй, эсхүл талууд түүнийг хэрэглэхгүй талаар хүсэл зоригоо тодорхой илэрхийлсэн тохиолдолд энэ хуулийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр Иргэний хуулийг хэрэглэнэ.
2.5Арилжааны заншил /ажил хэргийн хүрээнд тогтсон заншил/ гэж талууд гэрээ байгуулах үедээ мэдэж байсан, эсхүл мэдэх ёстой байсан тухайн төрлийн гэрээний харилцаанд оролцогчид нийтээр хүлээн зөвшөөрч, тогтмол дагаж мөрддөг бөгөөд хууль болон талуудын гэрээ, хэлцлийн агуулгад харшлаагүй дадлыг ойлгоно.
2.6Талуудын хооронд тогтсон практик гэж хуульд заавал дагаж мөрдөх шинжтэй хэм хэмжээгээр зохицуулаагүй харилцааны талаар талуудын хэлэлцэн тохиролцсон, хоорондын харилцаандаа тогтоож мөрддөг аливаа дадлыг ойлгоно.
2.7Талууд харилцан тохиролцсон бол хуульд заавал дагаж мөрдөх шинжтэй хэм хэмжээгээр зохицуулаагүй хоорондын харилцааны талаар олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэм хэмжээ, олон улсын худалдааны практикт хүлээн зөвшөөрөгдсөн загвар гэрээ, түүний тогтсон тайлбарыг харгалзан үзэж болно.
2.8Талуудын хооронд тогтсон практик, арилжааны заншил, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэм хэмжээ, олон улсын худалдааны практикт хүлээн зөвшөөрөгдсөн загвар гэрээ болон түүний тогтсон тайлбар нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улсын хуульд нийцээгүй, эсхүл харшилсан гэж Үндсэн хуулийн цэцээс, эсхүл шүүхээс тогтоосон шийдвэр байгаа бол хэрэглэхгүй.
2.9Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль тогтоомжийн дагуу гэрээг байгуулах хүртэлх харилцаанд энэ хууль үйлчлэхгүй. Хуульд өөрөөр заагаагүй бол дээрх хууль тогтоомжийн дагуу байгуулах гэрээнд энэ хуулийг хэрэглэнэ.
2.10Арилжааны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, Иргэний хууль, энэ хуулийн 2.1-д заасан тухайлсан хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.11Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлАрилжааны эрх зүйн зарчим
3.1Арилжааны эрх зүйн харилцаанд Иргэний хуульд заасан зарчмыг хөндөхгүйгээр дараах зарчмыг баримтална:
3.1.1арилжаа эрхлэгчийн ашгийн төлөөх зорилгыг хангах;
3.1.2адаад нөхцөл байдалд үнэнч шударгаар итгэсэн итгэлийг хамгаалах;
3.1.3арилжаа эрхлэгч нь үүргээ биелүүлэхдээ мэргэшсэн, хариуцлагатай хандах;
3.1.4арилжааны үйл ажиллагааны хялбар, шуурхай байдлыг хангах.
3.2Энэ хуулийн 3.1-д заасан зарчим нь дараах байдлаар хэрэгжинэ:
3.2.1арилжааны хэлцэлд талууд хүүгийн хэмжээг тохиролцоогүй бол хуульд заасан хүүгийн хэмжээг баримтлан хүү тооцох;
3.2.2арилжаа эрхлэгч ажил, үйлчилгээ үзүүлсэн, эсхүл бусдын үүргийг гүйцэтгэсэн бол зохих хөлс шаардах;
3.2.3арилжааны үйл ажиллагаанд хамаарах ажил үүргийг гүйцэтгэж байгаа ажилтныг арилжаа эрхлэгчийг төлөөлөх бүрэн эрхтэйд тооцох;
3.2.4арилжаа эрхлэгч арилжааны бүртгэлийн мэдээллийг үнэн зөв мэдүүлэх, мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүр бүртгэлд тусгуулах;
3.2.5арилжаа эрхлэгчийн олон нийтэд нээлттэй арилжааны бүртгэлийн мэдээллийг үнэн зөв гэж тооцох;
3.2.6арилжаа эрхлэгч нь арилжааны үйл ажиллагаатай холбоотойгоор төлөхөөр тохиролцсон анзын хэмжээг бууруулахгүй байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
АРИЛЖААНЫ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧ
4 дүгээр зүйлАрилжаа эрхлэгч
4.1Арилжааны үйл ажиллагааг өөрийн нэрийн өмнөөс эрхэлдэг хувь хүн болон хуулийн этгээд нь арилжаа эрхлэгч байна.
4.2Арилжааны үйл ажиллагаа нь ашиг олох зорилгоор байнга эрхлэх, бие даасан, гадагш чиглэсэн, хуулиар хориглоогүй аж ахуйн аливаа үйл ажиллагаа байна.
4.3Хуулийн этгээдийн улсын бүртгэлд компани, нөхөрлөл, хоршоо хэлбэрээр бүртгүүлснээр арилжаа эрхлэгч болно. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд холбоо, сан хэлбэрээр бүртгүүлсэн хуулийн этгээд нь хууль болон дүрэмд заасны дагуу үндсэн зорилгоо дэмжих зорилгоор арилжааны үйл ажиллагаа эрхэлж байгаа бол арилжаа эрхлэгчид тооцно.
4.4Хуульд өөрөөр заагаагүй бол хувь хүн энэ хуулийн 4.2-т заасан үйл ажиллагааг эрхлэн явуулж эхэлсэн үеэс хувиараа арилжаа эрхлэгч болно. Хувиараа арилжаа эрхлэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байна.
4.5Насанд хүрээгүй буюу 14-18 хүртэлх насны хүн энэ хуулийн 4.2-т заасан арилжааны үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд уг үйл ажиллагааг эрхлэн явуулж эхлэхээсээ өмнө хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулж арилжааны бүртгэлд бүртгүүлнэ.
4.6Энэ хуулийн 4.4-т заасан арилжаа эрхлэгч нь хувиараа арилжаа эрхлэгчийн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй. Хувиараа арилжаа эрхлэгч арилжааны бүртгэлд бүртгүүлээгүй нь түүнийг арилжаа эрхлэгч биш гэж үзэх үндэслэл болохгүй.
4.7Хувиараа арилжаа эрхлэгч арилжааны үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг арилжааны бүртгэлд эд хөрөнгийн хариуцлага хүлээхгүйгээр бүртгүүлсэн хөрөнгөөс бусад хөрөнгөөр бүрэн хариуцна.
4.8Мал аж ахуй, газар тариалан, хүлэмжийн аж ахуй зэрэг хөдөө аж ахуйн болон ойн аж ахуйн зэрэг анхдагч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхэлж байгаа хувь хүн энэ хуульд заасан арилжаа эрхлэгчид хамаарахгүй.
4.9Арилжаа эрхлэгч хуулийн этгээд нь арилжааны үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг хуулийн этгээдийн зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрээс хамааран холбогдох хуульд заасны дагуу хариуцна.
4.10Арилжааны бүртгэлд бүртгэлтэй аливаа этгээд өөрийн эрхлэн явуулдаг аж ахуйн үйл ажиллагааг арилжааны үйл ажиллагаанд хамаарахгүй гэж маргах эрхгүй.
4.11Хувиараа арилжаа эрхлэгч нь орлого, зарлага, ашиг, алдагдал, өөрийн хөрөнгийн хэмжээг тооцоолох, хянах зорилгоор орлого, зарлагаа бүртгэж, бусдад худалдсан бараа, эсхүл үзүүлсэн үйлчилгээний орлого болон арилжааны үйл ажиллагаатай холбоотой зарлага гарсныг нотлох гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт зэргээр нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлж, журналд тэмдэглэх, баланс гаргах үүрэг хүлээнэ.
4.12Арилжаа эрхлэгч хуулийн этгээд нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх үүрэг хүлээнэ.
Тайлбар: -Энэ хуульд заасан “гадагш чиглэсэн” гэж зах зээлд үйл ажиллагаагаа буюу бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ санал болгохыг ойлгоно. -“байнга эрхлэх” гэж тухайн үйл ажиллагаа нь үргэлжилсэн, дахин давтагдах шинжтэй байхыг ойлгоно.
5 дугаар зүйлАрилжааны бүртгэлд сайн дураар бүртгүүлснээр арилжаа эрхлэгч болох этгээд
5.1Энэ хуулийн 4.2-т заасан шинжийг хангаагүй үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн нь энэ хуульд заасан арилжааны бүртгэлд сайн дураар бүртгүүлж арилжаа эрхлэгч болж болно.
5.2Энэ хуулийн 4.8-д заасан үйл ажиллагаа эрхэлдэг этгээд сайн дураараа арилжааны бүртгэлд бүртгүүлснээр арилжаа эрхлэгч болж болно.
5.3Хувиараа арилжаа эрхлэгчийн өмнөх санхүүгийн жилийн балансад тусгагдсан нийт хөрөнгийн хэмжээ, эсхүл арилжааны үйл ажиллагаагаа явуулж эхлээд нэг санхүүгийн жил өнгөрөөгүй байгаа тохиолдолд арилжааны үйл ажиллагаагаа явуулж эхлэх үеийн балансад тусгагдсан нийт хөрөнгийн хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хэмжээнээс доогуур байвал түүнийг жижиг арилжаа эрхлэгч гэж үзнэ.
5.4Жижиг арилжаа эрхлэгчид энэ хуулийн 4.5, 4.11, 6 дугаар зүйл, 7 дугаар зүйл, 8.2, 10.2, 10.7, 11.2 дахь хэсэг хамаарахгүй.
5.5Энэ хуулийн 5.3-т заасан шаардлагыг хангасан эсэхээ арилжаа эрхлэгч өөрөө нотлох үүрэгтэй.
5.6Жижиг арилжаа эрхлэгч нь арилжааны бүртгэлд сайн дураараа бүртгүүлж болно.
5.7Жижиг арилжаа эрхлэгч энэ хуулийн 5.6-д заасны дагуу сайн дураараа бүртгүүлсэн бол түүнд энэ хуулийн 5.4, 5.5 дахь хэсэг хамаарахгүй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
АРИЛЖААНЫ БҮРТГЭЛ
6 дугаар зүйлАрилжааны бүртгэл
6.1Арилжааны бүртгэл нь хувиараа арилжаа эрхлэгчийн төрөлжсөн бүртгэл болон ашгийн төлөө хуулийн этгээдийн улсын бүртгэлээс бүрдэнэ.
6.2Хувиараа арилжаа эрхлэгчийн төрөлжсөн бүртгэл болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн харилцааг хуулиар зохицуулна.
6.3Бүртгэлийн байгууллага арилжаа эрхлэгч арилжааны бүртгэлд шинээр бүртгүүлсэн болон хасагдсан, бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орсон тухай нийтэд мэдээлнэ.
6.4Арилжааны бүртгэл дэх арилжаа эрхлэгчийн мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байх болон хаалттай байх мэдээллээс бүрдэнэ.
6.5Арилжаа эрхлэгчийн бүртгэлд бүртгэгдэх мэдээллийн төрөл, нээлттэй болон хаалттай байх мэдээллийн агуулга, бүртгэл хөтлөх журмыг холбогдох хуулиар зохицуулна.
6.6Хувиараа арилжаа эрхлэгч дахин давтагдашгүй бүртгэлийн дугаартай байна. Энэ хуулийн 9 дүгээр зүйлийг тус бүртгэлийн дугаарын хувьд нэгэн адил хэрэглэнэ.
6.7Хувиараа арилжаа эрхлэгч арилжааны бүртгэлд бүртгүүлсэн бол бүртгэгдсэн болохыг илэрхийлсэн “Х.А.Э” буюу хувиараа арилжаа эрхлэгч гэсэн ялгах тэмдгийг арилжааны үйл ажиллагаагаа эрхлэн явуулахдаа хэрэглэнэ
6.8Арилжааны бүртгэл нь хуульд заасан хүрээнд ил тод, нээлттэй байна.
7 дугаар зүйлАрилжааны бүртгэлийн үр дагавар
7.1Арилжааны бүртгэл дэх мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүр арилжаа эрхлэгч зохих өөрчлөлтийг арилжааны бүртгэлд тусгуулж, арилжааны бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах үүрэгтэй. Арилжааны бүртгэлд холбогдох өөрчлөлтөө тусгуулаагүйгээс гарах үр дагаврыг арилжаа эрхлэгч хариуцна.
7.2Арилжаа эрхлэгч заавал бүртгүүлэх мэдээллийг бүртгүүлээгүй бол тухайн мэдээллийн талаар мэдээгүй гуравдагч этгээдийн эсрэг тус бүртгүүлээгүй мэдээллийг ашиглах эрхгүй.
7.3Арилжаа эрхлэгч санаатай, эсхүл болгоомжгүйгээр арилжааны бүртгэлд буруу ташаа мэдээлэл бүртгүүлсэн бол тухайн бүртгэлийн зөрүүтэй байдлын талаар мэдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан гуравдагч этгээдийн хувьд хэлцэл хийх үед олон нийтэд нээлттэй байсан арилжааны бүртгэлийн мэдээллийг үнэн зөв гэж тооцно
7.4Гуравдагч этгээд нь арилжааны бүртгэлд бүртгэгдээгүй мэдээллийн талаар, эсхүл арилжааны бүртгэл дэх нээлттэй мэдээлэл буруу ташаа, зөрүүтэй байсан талаар мэдэж байсан, эсхүл илт болгоомжгүйгээс мэдээгүй бол энэ хуулийн 7.2, 7.3 дахь хэсэг үйлчлэхгүй. Энэ тохиолдолд бүртгүүлэх үүрэг хүлээсэн арилжаа эрхлэгч тухайн мэдээллийг гуравдагч этгээд мэдэж байсан, эсхүл илт болгоомжгүйгээс мэдээгүй болохыг нотлох үүрэгтэй.
7.5Арилжаа эрхлэгч арилжааны бүртгэлд заавал бүртгүүлэх мэдээллийг зохих журмын дагуу бүртгүүлсний дараа тухайн мэдээллийг гуравдагч этгээдийн эсрэг ашиглах эрхтэй болно. Бүртгэгдсэн мэдээлэл нь зүй ёсны шалтгааны улмаас энэ талаар мэдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан гуравдагч этгээдийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.
7.6Энэ хуулийн 7.5-д заасан тохиолдолд гуравдагч этгээд нь зүй ёсны шалтгааны улмаас энэ талаар мэдээгүй гэдгээ нотлох үүрэгтэй.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АРИЛЖААНЫ НЭР
8 дугаар зүйлАрилжааны нэр
8.1Арилжаа эрхлэгч нь хэлцэл хийх, арилжааны үйл ажиллагаагаа эрхлэн явуулахдаа өөрийн арилжааны нэрийг хэрэглэнэ. Арилжааны нэр нь арилжаа эрхлэгч нэхэмжлэл гаргах, хариуцагчаар татагдах тохиолдолд хэрэглэгдэж болно.
8.2Хувиараа арилжаа эрхлэгч нь арилжааны нэрээ төрөлжсөн бүртгэлд бүртгүүлж болно.
8.3Арилжаа эрхлэгч хуулийн этгээдийн нэр нь тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн нэр байна.
8.4Аливаа этгээд өөрийгөө арилжаа эрхлэгч гэж бусдыг төөрөгдүүлэхээр нэр, ялгах тэмдэг, цахим хаяг, цахим платформ ашиглахыг хориглоно.
9 дүгээр зүйлШударга бусаар бусдын арилжааны нэрийг ашиглахыг хориглох
9.1Аливаа этгээд шударга бус зорилгоор бусад арилжаа эрхлэгчийн арилжааны нэртэй давхардсан, эсхүл бусдыг төөрөгдүүлэхүйц ижил, төсөөтэй нэр ашиглахыг хориглоно.
9.2Арилжаа эрхлэгч арилжааны нэрийг энэ хуулийн 9.1-д заасныг зөрчиж ашигласан этгээдийн эсрэг уг үйлдлийг таслан зогсоох, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Хохирол нөхөн төлүүлэхээр шаардах тохиолдолд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэнэ.
Тайлбар: -Энэ хуульд заасан “төөрөгдүүлэхүйц ижил, төсөөтэй” гэж арилжааны нэрийн өмнө болон хойно зохион байгуулалтын хэлбэрийг тусгасан, эсхүл нэрийн хойно тоо бичсэн, эсхүл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэрээр ялган бичсэн, эсхүл бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд үгийн үндэс, үеэр төсөөтэй байдлыг ойлгоно.
10 дугаар зүйлАрилжааны нэрийг бусдад ашиглуулах, шилжүүлэх болон холбогдох хариуцлага
10.1Хувиараа арилжаа эрхлэгч өөрийн арилжааны нэрийг бүртгүүлсэн бол арилжааны нэрээ бусад хувь хүнд ашиглуулж, шилжүүлж, өв залгамжлуулж болно.
10.2Хувиараа арилжаа эрхлэгч арилжааны нэрийг шилжүүлэх, өв залгамжлуулах тохиолдолд энэ талаар арилжааны бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй.
10.3Хувиараа арилжаа эрхлэгч арилжааны нэрийг бусдад ашиглуулах гэрээг бичгээр байгуулж, арилжааны бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд энэ шаардлагыг зөрчсөн гэрээ хүчин төгөлдөр бус байна.
10.4Хувиараа арилжаа эрхлэгч өөрийн арилжааны нэрээ бусдад ашиглуулсан тохиолдолд өөртэй нь хэлцэл хийсэн гэж төөрөгдөж арилжааны нэрийг ашиглаж байгаа этгээдтэй хэлцэл хийсэн гуравдагч этгээдийн өмнө тухайн хэлцлээс үүссэн үүргийг арилжааны нэрийг ашиглаж байгаа этгээдтэй хамтран хариуцна. Энэ хуулийн 10.3-т заасныг зөрчсөн тохиолдолд нэгэн адил хэлцлээс үүссэн үүргийг арилжааны нэрийг ашиглаж байгаа этгээдтэй хамтран хариуцна.
10.5Хувиараа арилжаа эрхлэгч арилжааны нэрийг бусдад шилжүүлэх бол арилжааны үйл ажиллагаатай нь хамт, эсхүл өөрийн арилжааны үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосны дараа шилжүүлнэ.
10.6Гэрээнд өөрөөр заагаагүй бол арилжааны нэрээ бусдад шилжүүлсэн хувиараа арилжаа эрхлэгч нь арилжааны нэрээ шилжүүлсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд арилжааны нэрийг шилжүүлэн авсан этгээд арилжааны үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг сум, дүүрэгт ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэхгүй.
10.7Хувиараа арилжаа эрхлэгчийн арилжааны үйл ажиллагааг шилжүүлэн авсан этгээд нь тухайн арилжаа эрхлэгчийн арилжааны нэрийг үргэлжлүүлэн хэрэглэх тохиолдолд шилжүүлэн авсан арилжааны үйл ажиллагаанаас үүссэн үүргийг гүйцэтгэх үүрэг хүлээнэ.
10.8Энэ хуулийн 10.7-д заасан тохиолдолд арилжааны үйл ажиллагааг шилжүүлэн авсны дараа даруй тухайн арилжааны үйл ажиллагааг шилжүүлэн авахаас өмнө үүссэн үүргийг хариуцахгүй болохоо арилжааны бүртгэлд бүртгүүлсэн бол тухайн үүргийг гүйцэтгэх үүрэг хүлээхгүй.
10.9Энэ хуулийн 10.6-д заасан тохиолдолд арилжааны үйл ажиллагаагаа шилжүүлсэн болон шилжүүлэн авсан этгээд нь гуравдагч этгээдэд хандан тухайн арилжааны үйл ажиллагаанаас үүссэн үүргийг шилжүүлэн авагч цаашид хариуцахгүй тухай мэдэгдсэн бол тухайн үүргийг шилжүүлэн авагч гүйцэтгэх үүрэг хүлээхгүй.
10.10Хувиараа арилжаа эрхлэгчийн арилжааны үйл ажиллагааг шилжүүлэн авсан этгээд нь тухайн арилжаа эрхлэгчийн арилжааны нэрийг үргэлжлүүлэн хэрэглэхгүй тохиолдолд ч тухайн арилжааны үйл ажиллагаанаас үүссэн үүргийг өөртөө шилжүүлэн авсан бол тухайн арилжаа эрхлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч нь тухайн арилжааны үйл ажиллагааг шилжүүлэн авагчид хандан үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн зохицуулалтыг нэгэн адил хэрэглэнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
АРИЛЖААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨЛӨӨЛӨХ БҮРЭН ЭРХ
11 дүгээр зүйлАрилжааны үйл ажиллагаанд төлөөлөх бүрэн эрх
11.1Арилжаа эрхлэгчийн эрхлэн явуулдаг арилжааны үйл ажиллагаанд хамаарах тодорхой төрлийн арилжааны хэлцэл болон хууль ёсны үйлдэл, эсхүл тухайн арилжааны үйл ажиллагаанд хамаарах тодорхой хэлцэл болон хууль ёсны үйлдлийг хийх бүрэн эрхийг арилжаа эрхлэгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч нь бусад этгээдэд олгож болно.
11.2Хувиараа арилжаа эрхлэгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч нь энэ хуулийн 11.1-д зааснаас гадна өөрийн эрхлэн явуулдаг арилжааны үйл ажиллагааг бүхэлд нь эрхлэн явуулах бүрэн эрхийг бусад этгээдэд олгож болно.
11.3Арилжаа эрхлэгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчөөс энэ хуулийн 11.1-д заасан төлөөлөх бүрэн эрхийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн болон хуулийн этгээдэд бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр олгоно.
11.4Арилжаа эрхлэгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчөөс энэ хуулийн 11.2-т заасан бүрэн эрхийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэнд бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр олгоно.
11.5Арилжааны үйл ажиллагаанд хамаарах ажил үүргийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр гүйцэтгэж байгаа ажилтан нь тухайн ажлын байрны чиг үүргийн дагуу гүйцэтгэж байгаа хууль ёсны үйлдэл, байгуулах хэлцлийн хувьд энэ хуулийн 11.3-т заасан итгэмжлэл байгаа эсэхээс үл хамааран арилжаа эрхлэгчийг төлөөлөх эрхтэй гэж үзнэ. Нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй гишүүн, Компанийн тухай хуулийн 83.8-д заасан гүйцэтгэх захирал үүнд хамаарахгүй.
11.6Хувиараа арилжаа эрхлэгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч нь энэ хуулийн 11.2-т заасан арилжааны үйл ажиллагааг бүхэлд нь эрхлэн явуулах бүрэн эрхийг бусдад олгосон, эсхүл бүрэн эрхийг дуусгавар болгосон бол энэ талаар арилжааны бүртгэлд тухай бүр бүртгүүлэх үүрэгтэй.
11.7Хувиараа арилжаа эрхлэгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч нь энэ хуулийн 11.2-т заасан арилжааны үйл ажиллагааг бүхэлд нь эрхлэн явуулах бүрэн эрх олгосон талаар арилжааны бүртгэлд бүртгүүлээгүй нь арилжааны үйл ажиллагааг бүхэлд нь эрхлэн явуулах бүрэн эрх олгоогүй гэж үзэх үндэслэл болохгүй.
11.8Итгэмжлэлд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 11.1, 11.2-т заасан төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд, энэ хуулийн 14.5-д заасан ажилтан нь үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан аргаар үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээх, вексель бичих, зээлийн гэрээ байгуулах, аливаа маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхгүй байна.
11.9Энэ хуулийн 11.1, 11.2, 11.5-д заасан төлөөлөх бүрэн эрхэд тогтоосон энэ хуулийн 11.8-д зааснаас бусад аливаа хязгаарлалт нь гуравдагч этгээдийн хувьд ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Гуравдагч этгээд нь энэ хязгаарлалтын талаар мэдсэн, эсхүл илт болгоомжгүйгээс мэдээгүй бол үүнд хамаарахгүй болно.
11.10Энэ хуулийн 11.1, 11.2, 11.5-д заасан төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь арилжаа эрхлэгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр төлөөлөх бүрэн эрхээ бусдад шилжүүлэхийг хориглоно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
АРИЛЖАА ЭРХЛЭГЧИЙН АЖИЛТАН
12 дугаар зүйлАрилжаа эрхлэгчийн ажилтан
12.1Арилжаа эрхлэгчийн ажилтан гэж арилжаа эрхлэгчтэй хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй адилтгах гэрээ байгуулсан, арилжааны үйл ажиллагаанд хамаарах хөдөлмөр эрхэлж байгаа этгээдийг ойлгоно.
12.2Арилжаа эрхлэгчийн ажилтан нь энэ хуулийн 11.5-д заасны дагуу тухайн ажлын байрны чиг үүргийн дагуу гүйцэтгэж байгаа хууль ёсны үйлдэл, байгуулах хэлцэлд арилжаа эрхлэгчийг төлөөлөх эрхтэй
13 дугаар зүйлХөдөлмөрийн гэрээ болон түүнтэй адилтгах бусад гэрээ дуусгавар болсны дараа үл өрсөлдөх үүрэг
13.1Арилжаа эрхлэгч болон ажилтан нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш нэг жил хүртэл, эсхүл тодорхой үйл ажиллагаа, үйл явдал болох хүртэлх хугацааны турш ажилтанд үл өрсөлдөх үүргийг хүлээлгэсэн гэрээг бичгээр байгуулж болно. Энэ тохиолдолд гэрээний нэг хувийг ажилтанд хүлээлгэн өгсөн байхыг шаардана.
14 дүгээр зүйлҮл өрсөлдөх үүрэг хүлээлгэсэн гэрээ хүчин төгөлдөр бус байх
14.1Үл өрсөлдөх үүрэг хүлээлгэсэн гэрээ дараах тохиолдолд хүчин төгөлдөр бус байна:
14.1.1арилжаа эрхлэгчийн явуулдаг арилжааны үйл ажиллагааг хамгаалах зайлшгүй шаардлага байхгүй бол;
14.1.2хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш нэг жилээс дээш хугацаагаар өрсөлдөхгүй байх үүрэг ногдуулсан бол;
14.1.3ажилтан нь өөрийнхөө оронд гуравдагч этгээдэд өрсөлдөхгүй байх үүргийг ногдуулсан бол;
14.1.4хуульд заасан бусад нөхцөл.
14.2Энэ хуулийн 14.1.1-д заасан нөхцөлийг тогтоохдоо хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсны дараах ажилтны байр суурь, албан тушаал, гүйцэтгэдэг ажил, үүрэг, арилжаа эрхлэгчийн болон өрсөлдөхгүй байх үүрэг хүлээсэн ажилтан өөрийн арилжааны үйл ажиллагаагаа явуулж байгаа газар нутгийн байршил, хориглосон үйлдэл, үйл ажиллагааны хүрээ зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн ажилтны /ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох/ эрхийг зөрчсөн эсэхийг харгалзан шүүх шийдвэрлэнэ.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
АРИЛЖААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ
15 дугаар зүйлАрилжааны төлөөлөгч
15.1Арилжаа эрхлэгч /цаашид “үйлчлүүлэгч” гэх/-ийн нэрийн өмнөөс, түүний зардлаар хэлцэл байгуулах, зуучлах үйл ажиллагааг бие даан явуулж байгаа этгээдийг арилжааны төлөөлөгч гэнэ. Бие даан явуулж байгаа гэдэгт арилжааны төлөөлөгч өөрийн үйл ажиллагаа болон ажлын цагаа чөлөөтэй шийдвэрлэх боломжтой байхыг ойлгоно.
15.2Үйлчлүүлэгч, арилжааны төлөөлөгч нь энэ хуулийн 5.3-т заасан жижиг арилжаа эрхлэгч байгаа эсэхээс үл хамааран энэ бүлгийн зохицуулалт тэдэнд нэгэн адил үйлчилнэ.
15.3Арилжааны төлөөлөгч нь өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ үйлчлүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр өөр арилжааны төлөөлөгчийг ажиллуулж болно. Энэ тохиолдолд бусдыг ажиллуулж байгаа арилжааны төлөөлөгчийг үйлчлүүлэгч гэж үзнэ.
15.4Арилжааны төлөөлөгч нь өөрийн үйл ажиллагаагаа бие даан явуулж байгаа гэдгээ нотолж чадахгүй бол түүнийг үйлчлүүлэгчийн ажилтан гэж үзнэ.
15.5Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 11 дүгээр зүйл нь арилжаа эрхлэгчийн нэрийн өмнөөс хэлцэл байгуулах бүрэн эрхтэй арилжааны төлөөлөгчийн хувьд нэгэн адил үйлчилнэ.
16 дугаар зүйлАрилжааны төлөөлөгчийн үүрэг
16.1Арилжааны төлөөлөгч нь дараах үүрэгтэй:
16.1.1үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах;
16.1.2хэлцэлд зуучилсан, хэлцэл байгуулсан тухай бүр даруй үйлчлүүлэгчид мэдэгдэх;
16.1.3арилжааны төлөөлөгчийн хувьд ердийн нөхцөлд шаардагдах анхаарал болгоомжтой байдлыг хангаж ажиллах;
16.1.4арилжааны төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн, өөрт нь ил болсон үйлчлүүлэгчийн арилжааны үйл ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах;
16.1.5Гэрээнд өөрөөр заагаагүй бол арилжааны төлөөлөгч улирал бүрийн сүүлчийн 10 хоногт өөрийн үйл ажиллагааны үр дүн, үйлчилгээний хөлс зэрэг мэдээлэл бүхий тайланг үйлчлүүлэгчид хүргүүлэх.
17 дугаар зүйл.3Үйлчлүүлэгчийн үүрэг
17.1Үйлчлүүлэгч нь дараах үүрэгтэй:
17.1.1барааны дээж, зураг, танилцуулга, үнийн жагсаалт, зар сурталчилгааны материал, гэрээний нөхцөл, шаардлагатай мэдээлэл зэрэг арилжааны төлөөлөгч өөрийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай зүйлийг ашиглах боломжоор хангах;
17.1.2арилжааны төлөөлөгчийн зуучилсан хэлцэл, эсхүл хэлцэл байгуулахад төлөөлөх бүрэн эрхгүйгээр байгуулсан хэлцлийг зөвшөөрөх, эсхүл татгалзах эсэх талаар даруй мэдэгдэх;
17.1.3арилжааны төлөөлөгчийн зуучилсан, эсхүл байгуулсан хэлцлийн хувьд үүргийн зөрчил гарсан тухай бүр арилжааны төлөөлөгчид мэдэгдэх.
18 дугаар зүйл.4Арилжааны төлөөлөгчийн хөлс
18.1Арилжааны төлөөлөгч нь өөрийн үүргийг гүйцэтгэж хэлцэлд зуучилсан, хэлцэл байгуулсан тохиолдолд үйлчлүүлэгчээс хөлс шаардах эрхтэй.
18.2Арилжааны төлөөлөгч нь арилжааны төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон эсэхээс үл хамааран дараах тохиолдолд хөлсөө шаардах эрхтэй:
18.2.1гэрээнд зуучлах, гэрээ байгуулахад арилжааны төлөөлөгчийн оролцоо голлох нөлөөтэй байсан бөгөөд арилжааны төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ердийн боломжит хугацааны дотор тухайн гэрээг үйлчлүүлэгч гуравдагч этгээдтэй байгуулсан бол;
18.2.2арилжааны төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болохоос өмнө арилжааны төлөөлөгч болон үйлчлүүлэгчийн гуравдагч этгээдээс хүлээн авсан арилжааны төлөөлөгчид хөлс шаардах эрх үүсгэхүйц гэрээний саналын үндсэн дээр тухайн гэрээг байгуулсан бол.
18.3Үйлчлүүлэгчээс хамаарсан шалтгаанаар зуучлалын үндсэн дээр зохих хэлцлийг байгуулаагүй бол, эсхүл гэрээнд заасан нөхцөлийг зохих ёсоор биелүүлээгүй бол арилжааны төлөөлөгч хөлс шаардах эрхтэй.
18.4Хэлцлийг үйлчлүүлэгчийн бус гуравдагч этгээдээс хамаарсан шалтгааны улмаас байгуулаагүй бол арилжааны төлөөлөгч үйлчлүүлэгчээс хөлс шаардах эрхгүй байна.
18.5Гуравдагч этгээд үүргээ гүйцэтгэж чадахгүй болох нь тодорхой болсон бол арилжааны төлөөлөгч нь хөлс шаардах эрхээ алдах бөгөөд өмнө авсан хөлсийг үйлчлүүлэгчид буцаан өгнө.
18.6Гэрээнд өөрөөр заагаагүй бол үйлчлүүлэгч сар бүрийн эцэст арилжааны төлөөлөгчид тохиролцсон үйлчилгээний хөлс төлнө.
18.7Үйлчилгээний хөлсний хэмжээг талууд харилцан тохиролцоогүй бол үйлчилгээний хөлсийг тогтсон нийтлэг жишиг хэмжээгээр тохиролцсон гэж үзнэ.
18.8Хөлсийг төлбөр төлөх талын төлбөрийн дүнгээс тооцох бөгөөд төлбөрийг бэлэн мөнгөөр гүйцэтгэсний хөнгөлөлт, төлбөр тооцоо, савлалт, гаалийн хураамж, татвар төлөх болон бусад нэмэлт зардлыг хасаж бодно.
18.9Нэмэлт зардлыг гуравдагч этгээд хариуцан төлсөн тохиолдолд энэ хуулийн 18.8-д заасан хасагдах зардал хамаарахгүй.
18.10Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээний хувьд арилжааны төлөөлөгчийн хөлсийг даатгалын хураамжаас тооцно.
18.11Арилжааны төлөөлөгч нь өөрийн зуучилсан, байгуулсан тодорхой хэлцэл, эсхүл гуравдагч этгээдтэй байгуулсан тодорхой хэлцлээс үүсэх бүх үүргийг хариуцахаар үйлчлүүлэгчид урьдчилан бичгээр баталгаа гаргаж тусгай шагнал буюу үүргийн гүйцэтгэлийн баталгаа гаргасны хөлс авч болно.
19 дүгээр зүйлАрилжааны төлөөлөгчтэй байгуулах гэрээний хугацаа
19.1Гэрээнд өөрөөр заагаагүй бол тодорхой хугацаатай байгуулагдсан гэрээний талууд гэрээний хугацаа дуусгавар болохоос гурван сарын өмнө түүнийг цуцлах тухай санал гаргаагүй бол гэрээг тодорхойгүй хугацаагаар сунгасанд тооцно.
19.2Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд үйлчлүүлэгч болон арилжааны төлөөлөгч нь гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ эрхийг хүчингүй болгох, хязгаарлахыг хориглоно.
20 дугаар зүйлАрилжааны төлөөлөгчид олгох нөхөн олговор
20.1Арилжааны төлөөлөгч гэрээ дуусгавар болсны дараа үйлчлүүлэгчээс дараах тохиолдолд нөхөн олговор олгохыг шаардах эрхтэй:
20.1.1арилжааны төлөөлөгчийн гэрээ дуусгавар болохоос өмнө үйлчлүүлэгч арилжааны төлөөлөгчийн зуучлалаар дамжуулан гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан бөгөөд арилжааны төлөөлөгчийн гэрээ дуусгавар болсны дараа ч тухайн гэрээний харилцаанаас үйлчлүүлэгч үргэлжлүүлэн орлого олсоор байгаа тохиолдолд;
20.1.2арилжааны төлөөлөгчийн гэрээ дуусгавар болохоос өмнө үйлчлүүлэгчтэй гуравдагч этгээдийн байгуулсан гэрээний харилцааг мэдэгдэхүйц хэмжээнд өргөжүүлсэн тохиолдолд.
20.2Нөхөн олговор нь арилжааны төлөөлөгчийн үйл ажиллагааны сүүлийн таван жилд авч байсан хөлсний нэг жилийн дундаж, эсхүл сүүлийн нэг жилд олох хөлсний дундаж хэмжээнээс илүүгүй байна. Таван жилээс доош хугацаатай байгуулсан гэрээнд арилжааны төлөөлөгчийн үйл ажиллагааны хугацаанд олж байсан хөлсний дундаж хэмжээнээс тооцно.
20.3Нөхөн олговор олгохыг шаардах эрхээс татгалзах, гэрээ дуусгавар болохоос өмнө түүнийг урьдчилан олгохыг хориглоно.
20.4Нөхөн олговор шаардах эрх дараах тохиолдолд үүсэхгүй:
20.4.1үйлчлүүлэгчээс хамаарсан шалтгаанаар гэрээг цуцалсан, эсхүл арилжааны төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсноос бусад тохиолдолд арилжааны төлөөлөгч нь өөрийн санаачилгаар гэрээг дуусгавар болгосон бол;
20.4.2арилжааны төлөөлөгчийн буруутай үйл ажиллагааны улмаас үйлчлүүлэгч гэрээг цуцалсан;
20.4.3үйлчлүүлэгч, арилжааны төлөөлөгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу арилжааны төлөөлөгч өөрийнхөө оронд өөр этгээдийг оруулахаар тохиролцсон тохиолдолд.
20.5Энэ хуулийн 20.4.3-т заасан хэлцлийг гэрээ дуусгавар болохоос өмнө байгуулж үл болно.
20.6Нөхөн олговор авах эрхийг гэрээ дуусгавар болсон үеэс эхлэн нэг жилийн дотор хэрэгжүүлнэ.
21 дүгээр зүйлАрилжааны төлөөлөгчийн үл өрсөлдөх үүрэг
21.1Арилжааны төлөөлөгч нь үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр өрсөлдөгч этгээдийн ашиг сонирхлыг төлөөлөхийг хориглох бөгөөд харин гэрээ байгуулах үед арилжааны төлөөлөгч нь өрсөлдөгч этгээдийн ашиг сонирхлыг төлөөлж байгааг үйлчлүүлэгч мэдэж байсан бол зөвшөөрөл олгосон гэж үзнэ.
21.1Арилжааны төлөөлөгч энэ хуулийн 21.1-д заасан нөхцөлийг зөрчвөл үйлчлүүлэгч учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
21.3Гэрээ дуусгавар болсны дараа үл өрсөлдөх үүрэг хүлээлгэсэн нөхцөлийг гэрээнд тусгасан бол энэ тохиролцоо нь үйлчлүүлэгч нөхөн олговор олгох тохиолдолд хүчинтэй байх бөгөөд нөхөн олговрын хэмжээг энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмаар тооцно.
21.4Гэрээ дуусгавар болсны дараа арилжааны төлөөлөгчийг үйлчлүүлэгчтэй өрсөлдөхийг хориглосон нөхцөлтэй гэрээний хугацаа нэг жилээс илүүгүй байна.
21.5Энэ зүйлд заасан арилжааны төлөөлөгчийн үл өрсөлдөх үүргийг талууд бичгээр байгуулсан гэрээнд тусгаж, талууд гарын үсэг зурж, тус бүр нэг хувийг хадгална.
21.6Арилжааны төлөөлөгчийн үл өрсөлдөх үүргийг тухайн арилжааны төлөөлөгчийн ажиллаж байсан нутаг дэвсгэр, арилжааны төлөөлөгчийн зуучилж, байгуулж байсан хэлцлийн төрөл, харилцаж байсан гуравдагч этгээдийн хүрээ, өрсөлдөгч байгууллагад ажиллах тохиолдлоор хязгаарлана.
21.7Арилжааны төлөөлөгчийн гэрээний нэг тал нөгөө талын буруугаас шалтгаалан гэрээг цуцалсан бол тухайн гэрээг цуцалснаас хойш нэг сарын дотор арилжааны төлөөлөгчийн үл өрсөлдөх үүргийн тохиролцоог цуцлах талаар нөгөө талд бичгээр мэдэгдсэнээр үл өрсөлдөх үүрэг дуусгавар болно.
НАЙМДУГААР БҮЛЭГ
АРИЛЖААНЫ ЗУУЧЛАГЧ
22 дугаар зүйлАрилжааны зуучлагч
22.1Арилжааны хэлцэлд зуучлах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг этгээдийг арилжааны зуучлагч гэнэ.
22.2Арилжааны зуучлагч нь энэ хуулийн 5.3-т заасан жижиг арилжаа эрхлэгч эсэхээс үл хамааран энэ бүлгийн зохицуулалт тэдэнд нэгэн адил үйлчилнэ.
22.3Гэрээнд өөрөөр заагаагүй бол хэлцэл байгуулагдсаны дараа зуучлагч нь гэрээний талуудад хэлцлийн зүйл, нөхцөл, оролцогч тал, бараа, үнэт цаас худалдах худалдан авах гэрээ байсан бол тэдгээрийн төрөл, тоо, хэмжээ, гэрээний үнэ, хугацаа зэргийг тусгасан баримтыг гарын үсэг зурж олгоно.
22.4Хиймэгц биелэгдэхээс бусад хэлцэлд энэ хуулийн 22.3-т заасан баримт бичигт хэлцлийн талууд гарын үсэг зурна. Тус гарын үсэг зурсан баримтыг хэлцлийн талуудад тус бүр илгээнэ.
22.5Хэрэв хэлцлийн нэг тал баримтад гарын үсэг зурахаас, эсхүл түүнийг хүлээн авахаас татгалзвал арилжааны зуучлагч нөгөө талд энэ тухай нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
23 дугаар зүйлХэлцлийн талыг нэрлэн заагаагүй зуучлагчийн баримт
23.1Хэлцлийн нэг талын нэрийг заагаагүй арилжааны зуучлагчийн баримтыг нөгөө тал нь хүлээн авсан бол зуучлалын баримтад нэр нь хожим нэрлэн заагдах ёстой талтай гэрээг байгуулсанд тооцно. Харин хэлцлийн талууд үндэслэл бүхий гомдол гаргасан бол энэ хэсэг хамаарахгүй.
23.2Арилжааны зуучлагч нь зуучлагчийн баримтад нэрлэн заагаагүй талыг тухайн нутаг дэвсгэрийн арилжааны заншилд үндэслэн тогтоосон хугацаанд нэрлэн заах үүрэгтэй. Тогтооёон хугацаа байхгүй тохиолдолд зуучлагч тухайн нөхцөл байдалд тохирсон ердийн боломжит хугацаанд баримтад тусгах үүрэгтэй.
23.3Арилжааны зуучлагч нь 23.2-т заасан хугацаанд нэрлэн заагаагүй талыг нөгөө талд илэрхий болгоогүй, эсхүл нэрлэгдсэн этгээдийн эсрэг гомдол гаргах зохих үндэслэл байгаа бол нөгөө тал нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг арилжааны зуучлагчаас шаардах эрхтэй. Хэлцлийн талууд нь арилжааны зуучлагчийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш үүргийн гүйцэтгэлийг арилжааны зуучлагчаас шаардах эрхээ хэрэгжүүлэх эсэхээ даруй илэрхийлээгүй бол уг шаардах эрхээ алдана.
24 дүгээр зүйлБарааны дээжийг хадгалах
24.1Дээж авах замаар барааг худалдаж байгаа тохиолдолд хэлцлийн талууд тухайн үүргээс зуучлагчийг чөлөөлсөн, эсхүл тухайн хэлцлийн зүйл болох эд юмсын шинж чанараас хамааран тухайн нутаг дэвсгэрийн арилжааны заншлын дагуу зуучлагчийг үүргээс чөлөөлөхөөс бусад тохиолдолд арилжааны зуучлагч нь барааны дээжид тусгай тэмдэг тавих, худалдан авагч барааны чанарт гомдол гаргалгүйгээр хүлээж авах хүртэл дээжийг хадгалах үүрэгтэй.
24 дүгээр зүйл.2
25 дугаар зүйлҮүргийн гүйцэтгэлийг хүлээж авах эрхгүй байх
25.1Гэрээнд өөрөөр заагаагүй бол арилжааны зуучлагчийг мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах болон гэрээгээр тогтоосон бусад үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах бүрэн эрхгүй гэж үзнэ.
26 дугаар зүйлТалуудын өмнө хүлээх хариуцлага
26.1Арилжааны зуучлагч өөрийн буруугаас үүссэн хохирлыг талуудын өмнө бүрэн хариуцна.
27 дугаар зүйлХэлцлийн талуудаас хөлс шаардах эрх
27.1Арилжааны зуучлагчид олгох зуучлалын хөлсийг талуудын хэн төлөх талаар тохиролцоогүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрт өөр арилжааны заншил байхгүй бол гэрээний талууд тогтоосон хөлсийг тэнцүү хэмжээгээр төлөх үүрэгтэй.
28 дугаар зүйлАрилжааны зуучлагчийн хөтлөх тэмдэглэл
28.1Арилжааны зуучлагч өдөр бүр дэс дараатай тэмдэглэл хөтөлж, түүнд байгуулсан бүх хэлцлээ бүртгэж, цаасан хэлбэрээр үйлдсэн тохиолдолд тухай бүр гарын үсэг зурах, эсхүл цахим хэлбэрээр үйлдсэн тохиолдолд тоон гарын үсэг зурж баталгаажуулна. Тэмдэглэлийг цаг, минутын дарааллаар хөтөлнө. Тэмдэглэлд энэ хуулийн 22.3-т заасан баримтын агуулгыг тэмдэглэх үүрэгтэй.
28.2Арилжааны зуучлагч гэрээний талуудын шаардсан үед тэмдэглэлээс зуучлалын тусламжтайгаар байгуулсан хэлцлийн тухай мэдээллийг агуулсан өөрийн гарын үсэгтэй баримтыг олгох үүрэгтэй.
28.3Арилжааны зуучлагч нь 28.1-д заасан шаардлагыг хангасан тэмдэглэлээ цаасан хэлбэрээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдсэн эсэхээс үл хамааран 10 жил хадгалах үүргийг хүлээнэ.
ll ХЭСЭГ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
29 дүгээр зүйлАрилжааны хэлцэл
29.1Арилжааны хэлцэл гэж арилжаа эрхлэгчийн арилжааны үйл ажиллагаанд хамаарах бүхий л хэлцлийг ойлгоно.
29.2Арилжаа эрхлэгчийн хийсэн хэлцлийг арилжааны үйл ажиллагаанд хамаарах эсэх талаар эргэлзээ үүсвэл тус хэлцлийг арилжааны хэлцэл гэж үзнэ.
30 дугаар зүйлНэг талт арилжааны хэлцэл
30.1Хэлцлийн нэг талын хувьд тухайн хэлцэл нь арилжааны хэлцэл болж байвал арилжааны хэлцлийн талаарх энэ хуулийн зохицуулалтыг тухайн хэлцлийн бүх талуудад нэгэн адил хэрэглэнэ.
30.2Хэлцлийн нэг талд хэд хэдэн этгээд байгаа тохиолдолд тэдгээрийн нэг нь арилжаа эрхлэгч бол тухайн хэлцэлд энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ.
31 дүгээр зүйлГэрээний саналыг дуугүй хүлээн зөвшөөрөх
31.1Бусдад үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг арилжаа эрхлэгч нь ажил хэргийн харилцаа бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагааг гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй.
31.2Энэ хуулийн 31.1-д заасан санал хүлээн авсан тал ердийн боломжит хугацааны дотор хариу явуулаагүй бол гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
32 дугаар зүйлГэрээний саналтай хамт хүлээн авсан барааг хадгалах үүрэг
32.1Арилжаа эрхлэгч нь өөрийн арилжааны үйл ажиллагааны хүрээнд гэрээ байгуулах саналыг бараатай хамт хүлээн авсан боловч тухайн гэрээний саналд татгалзсан хариу өгсөн бол санал гаргагчийн зардлаар тухайн барааг хадгална.
32.2Энэ хуулийн 32.1-д заасан барааны үнэ нь барааг хадгалах зардлаас бага, эсхүл арилжаа эрхлэгчид хадгалалтын улмаас хохирол үүсэхээр бол санал гаргагчийн барааг хадгалах үүрэг хүлээхгүй.
33 дугаар зүйлСтандарт нөхцөл гэрээний салшгүй хэсэг болох
33.1Гэрээ байгуулах санал хүлээн авагч тал нь арилжаа эрхлэгч бөгөөд ажил хэргийн онцлогоос хамаарч гэрээний стандарт нөхцөлийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол стандарт нөхцөл нь гэрээний салшгүй хэсэг болно.
34 дүгээр зүйлАнз
34.1Арилжаа эрхлэгч нь өөрийн арилжааны үйл ажиллагаатай холбоотойгоор төлөхөөр тохиролцсон анзын хэмжээг Иргэний хуулийн 232.8-д заасны дагуу багасгах эрхгүй.
35 дугаар зүйлБатлан даалт
35.1Батлан даалт нь батлан даагчийн хувьд арилжааны хэлцэлд хамаарч байвал Иргэний хуулийн 460.1-д заасныг үл харгалзан үүрэг гүйцэтгүүлэгч батлан даагчаас үүргийн гүйцэтгэлийг шууд шаардах эрхтэй.
36 дугаар зүйлГэрээний хэлбэрийн чөлөөт байдал
36.1Батлан даалт нь батлан даагчийн хувьд, нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээ нь үүрэг гүйцэтгэгчийн хувьд арилжааны хэлцэлд хамаарч байвал Иргэний хуулийн 199.1, 459.1-д заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хамаарахгүй.
37 дугаар зүйлХуульд заасан хүү
37.1Хуульд заасан хүүгийн хэмжээ нь хоёр талт арилжааны хэлцлийн хувьд Монголбанкнаас зарласан жигнэсэн дундаж хүүгийн хэмжээтэй тэнцүү байна. Хоёр талт арилжааны хэлцлийн үүргийн хувьд талууд хүүгийн хэмжээг тохиролцоогүй бол хуульд заасан хүүгийн хэмжээг баримтална.
38 дугаар зүйлХугацаа хэтрүүлсний хүүгийн хэмжээ
38.1Гэрээнд өөрөөр заагаагүй бол хоёр талт арилжааны хэлцлийн мөнгөн төлбөрийн үүргийн хугацаа хэтрүүлсний хүүгийн хэмжээ нь хуульд заасан хүүгийн хэмжээтэй ижил байна.
39 дүгээр зүйлХөлс, шагнал, хүү шаардах эрх
39.1Өөрийн арилжааны үйл ажиллагааны хүрээнд бусдын төлөө бусдын үүргийг гүйцэтгэсэн, эсхүл ажил, үйлчилгээ үзүүлсэн арилжаа эрхлэгч нь талууд тохиролцоогүй байсан ч зохих хөлс шаардах эрхтэй.
39.2Зээл, урьдчилгаа төлбөр, бусдын өмнөөс мөнгөн төлбөр төлсөн болон бусад зардал гаргасан арилжаа эрхлэгч нь тухайн төлбөрийг төлсөн, зардлыг гаргасан өдрөөс эхлэн энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан хүү тооцож болно.
40 дүгээр зүйлБарьцааны зүйлийг худалдан борлуулах
40.1Хоёр талт арилжааны хэлцлээс үүсэх үүргийг баталгаажуулсан барьцааны гэрээний зүйлийг талууд гэрээгээр харилцан тохиролцсон бол шүүхийн бус журмаар худалдан борлуулж болно.
41 дүгээр зүйлХоёр талт арилжааны хэлцлээс үүсэх саатуулан барих эрх
41.1Гэрээнд өөрөөр заагаагүй бол хоёр талт арилжааны хэлцлээс үүссэн үүргийг гүйцэтгэх хугацаа болсон тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь тухайн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хүртэл тухайн үүрэг гүйцэтгэгчтэй байгуулсан арилжааны хэлцлээс үүдэн өөрийн эзэмшилд шилжсэн үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлийн эд зүйлс болон үнэт цаасыг саатуулан барих эрхтэй.
42 дугаар зүйлХамтран үүрэг гүйцэтгэгчдийн хамтын хариуцлага
42.1Хэд хэдэн этгээд тэдний хэн нэгний, эсхүл бүх этгээдийн хувьд арилжааны хэлцэл болох хэлцлийг байгуулж, бусдын өмнө үүрэг хүлээсэн бол тухайн үүргийг хамтран гүйцэтгэх үүрэг хүлээнэ. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэнээс ч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шууд шаардах эрхтэй.
АРАВДУГААР БҮЛЭГ
ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ
43 дугаар зүйлГэрээний зүйлийн шинж чанарыг тодорхойлох
43.1Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хувьд гэрээний зүйлийн хэлбэр, загвар, өнгө, материал болон эдгээртэй адилтгах бусад шинж чанарыг худалдан авагч тодорхойлохоор талууд тохиролцсон бол худалдан авагч тохиролцсон хугацааны дотор гэрээний зүйлийн шинж чанарыг тодорхойлох үүрэгтэй.
43.2Худалдан авагч энэ хуулийн 43.1-д заасан үүргээ тохиролцсон хугацааны дотор гүйцэтгээгүй бол худалдагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн дагуу гэрээнээс татгалзах, эсхүл Иргэний хуулийн 219.2-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийн оронд хохирол нэхэмжлэх эрхтэй.
43.3Гэрээний зүйлийн талаар худалдан авагчийн хүсэл зориг харьцангуй тодорхой бол худалдагч түүнд нийцсэн шинж чанар бүхий гэрээний зүйлийг өөрөө тодорхойлж, энэ талаар худалдан авагчид мэдэгдэж болно. Худалдан авагч ердийн боломжит хугацааны дотор тус мэдэгдлийн талаар хариу ирүүлээгүй бол худалдагч өөрийн тодорхойлсон шинж чанар бүхий эд хөрөнгийг худалдагчид шилжүүлнэ.
44 дүгээр зүйлБарааны жингээр үнийг тодорхойлох
44.1Худалдах, худалдан авах гэрээний үнийг барааны жингээр тодорхойлох тохиолдолд гэрээнд өөрөөр заасан, эсхүл үүрэг гүйцэтгэх газарт мөрдөгддөг арилжааны заншилаас өөр байх бусад тохиолдолд тухайн барааны баглаа, сав, боодлын жинг барааны жинд оруулж тооцохгүй.
45 дугаар зүйлҮүрэг гүйцэтгэх хугацаа заасан худалдах, худалдан авах гэрээ
45.1Хоёр талт арилжааны хэлцлийн хувьд үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой тогтоосон бөгөөд тухайн хугацаанд үүргийг гүйцэтгээгүй нь гэрээний биелэлтийг үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд ач холбогдолгүй болгохоор байвал хугацаа хоцроосон үүрэг гүйцэтгэгчийг үүргээ заавал гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгүүлэгч шаардсанаас бусад тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийг гэрээнээс татгалзсанд тооцно.
46 дугаар зүйлНэн даруй шалгах, мэдэгдэх үүрэг
46.1Худалдах, худалдан авах гэрээ нь хоёр талт арилжааны хэлцэл бол худалдан авагч нь худалдагчийг барааг шилжүүлсэн даруйд ердийн боломжит хугацааны дотор шалгаж, доголдол илэрвэл худалдагчид даруй мэдэгдэнэ.
46.2Худалдан авагч нь барааг шалгаж, даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол барааг шалгаж хүлээн авсанд тооцох боловч барааны доголдлыг барааг шалгах үед илрүүлэх боломжгүй байсан тохиолдолд барааг шалгаж хүлээн авсанд тооцохгүй.
46.3Шалгах үед илрүүлэх боломжгүй байсан барааны доголдлыг худалдан авагч хожим илрүүлсэн бол илрүүлсэн даруйд худалдагчид доголдлын талаар мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдэх үүргээ худалдан авагч даруй биелүүлээгүй бол барааны доголдлыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, шаардлага гаргах эрхээ алдана.
46.4Энэ зүйлд заасан мэдэгдлийг худалдан авагч илгээснээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэнд тооцно.
46.5Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ зүйлийн зохицуулалт түүнд хамаарахгүй.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
47 дугаар зүйлМөнгөн зээлийн үйл ажиллагаа
47.1Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.
47.2Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зөвхөн хөдлөх эд хөрөнгө барьцаална.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН ТҮРЭЭС /ЛИЗИНГ/
48 дугаар зүйлСанхүүгийн түрээсийн гэрээ
48.1Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу ашиглалтын явцад үндсэн шинж чанараа алддаггүй, үндсэн хөрөнгөд хамаарах биет эд хөрөнгийг гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч тодорхой хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.
48.2Түрээслэгч гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авах, эсхүл үргэлжлүүлэн түрээслэхээр санхүүгийн түрээсийн гэрээнд зааж болно.
48.3Энэ бүлгийн зохицуулалт нь санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг арилжааны үйл ажиллагааны хүрээнд эрхлэх тохиолдолд үйлчилнэ.
48.4Энэ хуулийн 5.3-т заасан жижиг арилжаа эрхлэгч байхаас үл хамааран энэ бүлгийн зохицуулалт тэдэнд нэгэн адил үйлчилнэ.
49 дүгээр зүйлСанхүүгийн түрээсийн гэрээний хэлбэр, нөхцөл
49.1Хуульд өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр хийнэ.
49.2Санхүүгийн түрээсийн гэрээ дараах шаардлагыг хангасан байна:
49.2.1гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байх;
49.2.2гэрээний хугацааг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн ашиглалтын хугацааны дөрөвний гурваас багагүй байхаар тогтоосон байх;
49.2.3гэрээний нийт үнийг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн үнийн дүнгийн 90 болон түүнээс дээш хувьтай тэнцүү байхаар тогтоосон байх.
49.3Гэрээнд гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр, хүү, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заана.
50 дугаар зүйлТүрээслүүлэгчийн хүлээх хариуцлага
50.1Түрээслүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг түрээслэгчид шилжүүлээгүй, хугацаа хоцорч шилжүүлсэн, эсхүл шаардлага хангаагүй эд юмсыг шилжүүлсний хариуцлагыг эд хөрөнгө хөлслөх гэрээний нэг адил хүлээнэ.
50.2Гэрээнд заасан бол түрээслэгч нь түрээслүүлэгчид гомдлын шаардлага тавихаас өмнө эд хөрөнгийг худалдагч, эсхүл тээвэрлэгчээс өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардаж болно.
51 дүгээр зүйлТүрээслүүлэгчийн шаардлагын хэмжээг тодорхойлох
51.1Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ.
52 дугаар зүйлСанхүүгийн түрээсийн гэрээнд гуравдагч этгээдийн эрх, үүрэг
52.1Гэрээнд заасан бол гуравдагч этгээд түрээслэгчийн захиалгаар гэрээний зүйл болох эд юмсыг үйлдвэрлэх, нийлүүлэх, түрээслүүлэгчээс зохих хөлс, зардлыг шаардах эрхтэй.
52.2Гэрээнд заасан бол гуравдагч этгээд нь гэрээний зүйлд засвар үйлчилгээ хийх, түүнийг тохируулах, суурилуулах, ашиглахтай холбоотой үнэн зөв мэдээллийг түрээслэгчид өгөх үүрэгтэй.
53 дугаар зүйлСанхүүгийн түрээсийн гэрээнд хамаарах бусад зүйл
53.1Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаарх Иргэний хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ.
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
ФРАНЧАЙЗ, МЕРЧАНДАЙЗ
54 дүгээр зүйлФранчайзын гэрээ
54.1Франчайзын гэрээгээр эрх шилжүүлэгч нь өөрийн арилжааны нэр, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар, баглаа, боодол, түүнчлэн ажил хэргийн удирдлагын тогтолцоо, төлөвлөлт, харилцаа холбоо, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ олж авах үндсэн чиглэл зэрэг эдийн бус хөрөнгийг цогцоор нь ашиглуулахаар тогтоосон журмаар бүрдүүлсэн лицензийг эрх хүлээн авагчид олгох, эрх хүлээн авагч нь эрх шилжүүлэгчийн боловсруулсан тогтолцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж, түүнд зохих шагнал, хураамж, эсхүл орлогын тодорхой хувийг төлөх үүргийг хүлээнэ.
55 дугаар зүйлГэрээний талуудын үүрэг
55.1Эрх шилжүүлэгч дараах үүрэгтэй:
55.1.1хамтын ажиллагааны хөтөлбөрийг гуравдагч этгээдийн оролцооноос хамгаалах;
55.1.2хөтөлбөрийг байнга боловсронгуй болгох;
55.1.3эрх хүлээн авагчийг шаардлагатай мэдээллээр хангах;
55.1.4эрх хүлээн авагчид техникийн туслалцаа үзүүлэх;
55.1.5эрх хүлээн авагчийн ажиллах хүчнийг сургах.
55.2Эрх хүлээн авагч дараах үүрэгтэй:
55.2.1гэрээгээр хүлээж авсан эрх, эд хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай ашиглах;
55.2.2зохих шагнал, хураамж, орлогын тодорхой хувийг тогтоосон хугацаанд төлөх;
55.2.3гэрээнд заасан бол шилжүүлэн авсан эрх, эд хөрөнгийг эрх шилжүүлэгчид ашигтайгаар даатгуулах;
55.2.4эрх шилжүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр лиценз болон франчайзийн гэрээг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх;
55.2.5гэрээнд заасан бол эрх шилжүүлэгчээс хэрэгжүүлж байгаа сургалтад ажиллагсдыг хамруулах, холбогдох зардлыг төлөх;
55.2.6эрх шилжүүлэгчийн барааны болон ажил үйлчилгээний тэмдгийг хэрэглэхдээ лицензээр хэрэглэж байгаа тухай харилцагч болон үйлчлүүлэгчид заавал мэдэгдэх.
55.3Талууд гэрээ байгуулахдаа шаардлагатай бүхий л мэдээллийг шударгаар харилцан солилцох, гэрээ байгуулагдахгүй тохиолдолд мэдээллийн нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.
56 дугаар зүйлФранчайзын гэрээний хэлбэр
56.1Хуульд өөрөөр заагаагүй бол франчайзын гэрээг бичгээр хийнэ.
56.2Франчайзын гэрээнд гэрээний үргэлжлэх хугацаа, гэрээ цуцлах, хугацаа сунгах журам, талуудын хүлээх үүрэг, бусад гол нөхцөл болон франчайзыг хэрэгжүүлэх хөтөлбөрийг бүрэн тусгана.
57 дугаар зүйлФранчайзын гэрээний хугацаа
57.1Франчайзын гэрээний хугацааг тухайн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний эрэлт хэрэгцээ, борлуулалтын зах зээлээс шалтгаалан талууд тохиролцон тогтооно.
57.2Франчайзын гэрээг арван жилээс дээш хугацаагаар байгуулсан бол 10 жил өнгөрсний дараа талуудын аль нэг нь гэрээг цуцлах хүсэлтээ нөгөө талдаа мэдэгдсэнээс хойш нэг жилийн дараа гэрээг цуцалж болно. Гэхдээ гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдсэнээс хойш үлдсэн гэрээний хугацаа нь нэг жилээс бага бол тухайн хугацааны дараа цуцалж болно.
58 дугаар зүйлӨрсөлдөөнийг хязгаарлах
58.1Эрх шилжүүлэгч нь франчайзын гэрээ дуусгавар болсны дараа эрх хүлээн авагчийг тодорхой нутаг дэвсгэрт өөртэйгээ өрсөлдөхийг нэг жил хүртэлх хугацаагаар хориглох эрхтэй.
58.2Энэ хуулийн 58.1-д заасан хориг нь эрх хүлээн авагчийн арилжааны үйл ажиллагаанд хохирол учруулахаар бол эрх шилжүүлэгч түүнд зохих мөнгөн төлбөр төлөх үүрэгтэй.
59 дүгээр зүйлТалуудын хүлээх хариуцлага
59.1Талууд гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл болон өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцна.
59.2Эрх хүлээн авагч франчайзын гэрээний үүрэгтэй холбоотой эрх шилжүүлэгчид учруулсан хохирол, зардлыг түүнд нөхөн төлөх үүрэгтэй.
59.3Эрх шилжүүлэгч нь франчайзын гэрээний үр дүнд эрх хүлээн авагчийн олох орлогын талаар баталгаа гаргахгүй, хариуцлага хүлээхгүй.
59.4Эрх хүлээн авагчийн гэм буруутай үйл ажиллагаанаас болж үйлчлүүлэгчид учирсан хохирлыг эрх шилжүүлэгч хариуцахгүй.
59.5Эрх шилжүүлэгч хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл өгсөн удирдамж, заавар, мэдээлэл нь буруу, алдаа дутагдалтай байснаас эрх хүлээн авагчид хохирол учруулсан бол хохирлыг эрх шилжүүлэгч хариуцна.
60 дугаар зүйлМерчандайзын гэрээ
60.1Мерчандайзын гэрээгээр бие хүний нэр, төрх, дуу хоолой болон утга зохиол, урлагийн бүтээл, эд зүйлийн дүр, зургийг бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглах эрхийг өмчлөгч, эзэмшигчээс үйлдвэрлэгч, борлуулагчид олгох ба үйлдвэрлэгч, борлуулагч нь өмчлөгч, эзэмшигчид борлуулалтын орлогоос нэр, төрх, дуу, хоолой, дүр, зургийг ашигласны төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.
60.2Хуульд өөрөөр заагаагүй бол мерчандайзын гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулж, дараах зүйлийг тусгана:
60.2.1мерчандайзын зүйлийн хэмжээ, загвар, өнгө, материалын дэлгэрэнгүй тодорхойлолт;
60.2.2мерчандайзын гэрээний дагуу үйлдвэрлэх, борлуулах бүтээгдэхүүний тоо хэмжээ;
60.2.3үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах борлуулагч, борлуулах цэгийн мэдээлэл;
60.2.4мерчандайзийн зүйлийг үйлдвэрлэх, борлуулахад шаардлагатай санхүүжилтийн хэлбэр, нөхцөл;
60.2.5мерчандайзийн зүйлийг гэрээнд заасны дагуу үйлдвэрлэх, борлуулах болон чанарын баталгаа;
60.2.6загвар ашигласны төлбөрийн хэмжээ, нөхцөл;
60.2.7мерчандайзийн гэрээний хугацааг сунгах, гэрээний эрх, үүргийг шилжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, мерчандайзийн гэрээ ба холбогдох бусад гэрээ хоорондын харилцаа, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, үүргээ биелүүлээгүй тохиолдол, гэрээ цуцлах, дуусгавар болох үндэслэл, маргаан шийдвэрлэх журам;
60.2.8талууд харилцан тохиролцсон бусад зүйл.
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
КОМИСС
61 дүгээр зүйлКомисс
61.1Өөрийн нэрийн өмнөөс, гэхдээ үйлчлүүлэгчийн зардлаар барааг худалдах, худалдан авах арилжааны үйл ажиллагаа эрхлэгч этгээдийг комисс гэнэ.
61.2Комисс нь энэ хуулийн 5.3-т заасан жижиг арилжаа эрхлэгч байхаас үл хамааран энэ бүлгийн зохицуулалт тэдэнд нэгэн адил үйлчилнэ.
62 дугаар зүйлКомиссын үүрэг
62.1Комисс нь дараах үүрэгтэй:
62.1.1комисс нь ердийн нөхцөлд шаардагдах анхаарал болгоомжтой байдлыг хангаж ажиллах ба үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн, түүний зааврын дагуу үйл ажиллагаагаа явуулах;
62.1.2комисс нь үйлчлүүлэгчид шаардлагатай мэдээлэл өгөх, гэрээ хэлцэл байгуулсан бол даруй мэдэгдэх;
62.1.3комисс нь олсон орлого болон худалдаж авсан барааны өмчлөх эрхийг үйлчлүүлэгчид шилжүүлэх үүрэгтэй. Гэрээнд өөрөөр заагаагүй бол комисс нь энэ үүргээ сар бүрийн эцэст гүйцэтгэнэ;
62.1.4комисс нь гэрээ, хэлцэл байгуулсан мэдэгдэлтэй нэгэн зэрэг тухайн байгуулсан гэрээ хэлцлийн нөгөө тал болох гуравдагч этгээдийг нэрлэн заагаагүй бол үйлчлүүлэгчийн өмнө тухайн гэрээ хэлцлийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хариуцлага хүлээх.
62.1.5комисс нь үйлчлүүлэгчийн зааварт нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулаагүйгээс түүнд хохирол учруулсан бол учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ. Энэ тохиолдолд комиссын байгуулсан гэрээ, хэлцлийг үйлчлүүлэгчийн зардлаар байгуулсанд тооцохгүй. Иргэний хуулийн 400.2-т заасан тохиолдол үүнд хамаарахгүй.
62.2Комисс нь барааг үйлчлүүлэгчийн тогтоосон үнээс өөр үнээр худалдах тохиолдолд түүнд энэ тухай даруй мэдэгдэх бөгөөд энэ тохиолдолд үйлчлүүлэгч даруй хариу өгөөгүй бол түүнийг зөвшөөрсөнд тооцно. Барааг илүү ашигтайгаар худалдсан тохиолдолд олсон ашгийг үйлчлүүлэгч хүртэнэ.
62.3Комиссын худалдан авсан бараа нь ил доголдолтой байсан тохиолдолд комисс нь гуравдагч этгээдийн эсрэг шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлж, холбогдох нотлох баримтыг бэлтгэн үйлчлүүлэгчид энэ талаар даруй мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ зөрчснөөс үйлчлүүлэгчид учирсан хохирлыг комисс нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
62.4Үйлчлүүлэгчийн зааврын дагуу комисс бараа худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд тухайн гэрээ нь хоёр талт арилжааны хэлцэлд хамаарч байвал үйлчлүүлэгчийн шалгах үүрэг болон илрүүлсэн доголдлын талаар комисст мэдэгдэх үүрэг, хадгалж байгаа эд хөрөнгийг худалдах эрхийн хувьд энэ хуулийн 46 дугаар зүйл, Иргэний хуулийн 259.3 дахь хэсгийг нэгэн адил хэрэглэнэ.
62.5Комисс нь өөрийнх нь мэдэлд байгаа бүтээгдэхүүн устсан, эсхүл гэмтсэний хариуцлагыг хүлээнэ. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас бараа устсан, эсхүл гэмтсэн тохиолдолд комисс хариуцлага хүлээхгүй.
62.6Комисс нь үйлчлүүлэгчээс барааг даатгалд даатгуулах заавар хүлээж авсан тохиолдолд л барааг даатгуулаагүйдээ хариуцлага хүлээнэ.
63 дугаар зүйлКомиссын байгуулсан хэлцлээс үүссэн шаардах эрх
63.1Комиссын байгуулсан хэлцлээс үүссэн шаардах эрхийг үйлчлүүлэгч өөртөө шилжүүлэн авсны дараа тус шаардах эрхийг үйлчлүүлэгч үүрэг гүйцэтгэгчийн эсрэг хэрэгжүүлэх эрхтэй болно.
63.2Комиссын байгуулсан хэлцлээс үүссэн шаардах эрхийг үйлчлүүлэгчид шилжүүлсэн эсэхийг үл харгалзан үйлчлүүлэгч болон комиссын хооронд, түүнчлэн комиссын үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө тухайн шаардах эрхийг үйлчлүүлэгчийн шаардах эрх гэж үзнэ.
64 дүгээр зүйлКомиссын хөлс, зайлшгүй зардал, тусгай хөлс
64.1Комиссын байгуулсан гэрээ хэрэгжсэн тохиолдолд комисс нь хөлс шаардах эрхтэй. Комиссын байгуулсан гэрээ үйлчлүүлэгчээс хамаарсан шалтгаанаар хэрэгжээгүй тохиолдолд ч хөлс шаардах эрхтэй.
64.2Үйлчлүүлэгч нь комиссоос гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөх бөгөөд үүнд нь комиссын агуулах болон тээврийн хэрэгсэл ашигласны зардал мөн хамаарна.
64.3Комисс нь өөрийн байгуулсан тодорхой нэг хэлцлээс үүсэх бүх үүргийг хариуцахаар үйлчлүүлэгчид урьдчилан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр баталгаа гаргаж тусгай хөлс авч болно.
65 дугаар зүйлКомиссын барьцааны эрх
65.1Комисс нь хөлс, зайлшгүй зардал, тусгай хөлсөө зохих ёсоор төлүүлэх зорилгоор үйлчлүүлэгчийн зардлаар худалдан авсан барааг, эсхүл үйлчлүүлэгчийн барааг худалдсанаас олсон орлогыг барьцаалах эрхтэй.
66 дугаар зүйлКомисс гэрээний нэг тал болох эрх
66.1Комисс нь биржээр арилжаалагддаг барааг худалдах, худалдан авах даалгавар авсан бөгөөд үйлчлүүлэгч зөвшөөрөл олгосон тохиолдолд өөрөө гэрээний нэг тал болж худалдагч, худалдан авагч болж болно. Комисс өөрөө гэрээний нэг тал болох тухай мэдэгдлийг үйлчлүүлэгчид хүргүүлсэн үеийн биржийн үнээр барааны үнийг тооцно. Гэхдээ комисс нь өөрөө гэрээний нэг тал болох тохиолдлоос илүү үйлчлүүлэгчид ашигтай үнээр барааг худалдах, худалдан авах боломжтой байсан бол зөрүүг үйлчлүүлэгчид төлөх үүрэг хүлээнэ.
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
67 дугаар зүйлАялал жуулчлалын гэрээ
67.1Аялал жуулчлалын гэрээгээр тур оператор, аяллын агент нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
67.2Энэ бүлгийн зохицуулалт нь аялал жуулчлалын үйл ажиллагааг арилжааны үйл ажиллагааны хүрээнд эрхлэх тохиолдолд үйлчилнэ.
67.3Энэ хуулийн 5.3-т заасан жижиг арилжаа эрхлэгч байгаа эсэхээс үл хамааран энэ бүлгийн зохицуулалт тэдэнд нэгэн адил үйлчилнэ.
68 дугаар зүйлАялал жуулчлалд гуравдагч этгээдийг оролцуулах
68.1Жуулчин өөрийнхөө оронд гуравдагч этгээдийг аялалд оролцуулахаар аялал эхлэхээс өмнө тур оператор, аяллын агентад хүсэлт гаргах эрхтэй.
68.2Энэ хуулийн 68.1-д заасан гуравдагч этгээд нь аялал жуулчлал хийхэд шаардагдах нөхцөлд тохирохгүй гэж үзвэл түүнийг өөр этгээдээр солихыг аялал жуулчлал эхлэхээс өмнө тур оператор, аяллын агент нь жуулчнаас шаардах эрхтэй.
68.3Тур оператор, аяллын агент нь гуравдагч этгээдийг аялалд оролцуулахтай холбогдож гарсан нэмэлт зардлаа нөхөн төлүүлэхээр жуулчнаас шаардах эрхтэй.
69 дүгээр зүйлАлдаа, дутагдал гаргахгүй байх үүрэг
69.1Тур оператор, аяллын агент нь гэрээнд заасан аяллын ач холбогдлыг бууруулах буюу үр ашиггүй болгох аливаа алдаа, дутагдал гаргахгүйгээр аяллыг зохион байгуулах үүрэгтэй.
69.2Тур оператор, аяллын агент энэ хуулийн 69.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол жуулчин уг алдаа, дутагдлыг арилгахыг шаардах эрхтэй бөгөөд ийнхүү алдаа, дутагдлыг арилгахад харьцангуй их зардал гарахаар бол тур оператор, аяллын агент нь алдаа, дутагдлыг арилгахаас татгалзаж болно.
69.3Жуулчны тогтоосон боломжийн хугацаанд тур оператор, аяллын агент алдаа, дутагдлыг арилгахгүй бол жуулчин өөрөө уг уг алдаа, дутагдлыг арилгаж, гарсан зардлыг тур оператор, аяллын агентаас нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
69.4Тур оператор, аяллын агент алдаа, дутагдлыг арилгахаас шууд татгалзсан, эсхүл арилгах боломжгүй бол энэ хуулийн 69.3-т заасан хугацааг заавал тогтоох шаардлагагүй.
69.5Аялал нь ямар нэгэн алдаа, дутагдалтай бол тухайн алдаа, дутагдлыг арилгасан хугацааг харгалзан аяллын үнийг бууруулж болно.
69.6Жуулчин алдаа, дутагдлыг арилгуулах тухай тур оператор, аяллын агентад өөрийн буруугаас мэдэгдээгүй бол аяллын үнийг бууруулахгүй.
70 дугаар зүйлГэрээ дуусгавар болох
70.1Дараах үндэслэлээр гэрээг дуусгавар болгоно:
70.1.1аяллын алдаа, дутагдлаас болж жуулчинд үлэмж хохирол учирсан;
70.1.2жуулчин хүндэтгэн үзэх шалтгаанаар аялалд оролцох боломжгүй болсон тухай аялал зохион байгуулагчид мэдэгдсэн;
70.1.3тур оператор, аяллын агент нь жуулчны тогтоосон хугацаанд алдаа, дутагдлыг арилгаагүй.
70.2Энэ хуулийн 70.1-д заасан үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон бол тур оператор, аяллын агент нь хэлэлцэн тохиролцсон хөлс авах эрхээ алдана. Нэгэнт үзүүлсэн алдаа, дутагдалгүй үйлчилгээнийхээ хөлсийг шаардах эрхтэй.
70.3Гэрээ дуусгавар болсны дараа тур оператор, аяллын агент жуулчныг буцааж хүргэх үүрэг гэрээгээр хүлээсэн бол энэ үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Энэ тохиолдолд жуулчныг буцааж хүргэхтэй холбогдсон зардлыг аялал жуулчлал зохион байгуулагч хариуцна.
70.4Гэрээ байгуулах үед урьдчилан мэдэх боломжгүй байсан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас аялал хийхэд ноцтой хүндрэл учирсан, эсхүл жуулчинд хохирол учруулж болох өөр бусад нөхцөл бий болсон бол тур оператор, аяллын агент, жуулчны аль нь ч гэрээг дуусгавар болгох эрхтэй бөгөөд жуулчныг буцаахтай холбогдох зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна.
71 дүгээр зүйлХохирол нөхөн төлөх
71.1Тур оператор, аяллын агентын гэм буруугаар алдаа, дутагдал бий болсон бол жуулчин хөлсийг бууруулах буюу гэрээг дуусгавар болгохын зэрэгцээ учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр тур оператор, аяллын агентаас шаардах эрхтэй.
71.2Аялал болоогүй буюу түүнийг зохих ёсоор зохион байгуулаагүй бол жуулчин үр ашиггүй өнгөрүүлсэн хугацааныхаа нөхөн төлбөрийг тур оператор, аяллын агентаас мөнгөн хэлбэрээр нөхөн төлөхийг шаардах эрхтэй.
72 дугаар зүйлГомдлын шаардлага гаргах хугацаа
72.1Жуулчин энэ хуулийн 69.3, 71 дүгээр зүйлд заасан шаардлагыг гэрээнд заасан аяллын хугацаа дууссанаас хойш гурван сарын дотор тур оператор, аяллын агентад гаргаж болно.
72.2Энэ хуулийн 72.1-д заасан хугацаа хэтэрсэн явдалд жуулчин гэм буруугүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш гомдол гаргаж болно.
73 дугаар зүйлХөөн хэлэлцэх хугацаа
73.1Жуулчны шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан сар байна.
73.2Хөөн хэлэлцэх хугацааг тур оператор, аяллын агент гомдлын шаардлагаас татгалзсан буюу гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн тооно.
74 дүгээр зүйлХариуцлагыг хязгаарлах
74.1Дараах тохиолдолд тур оператор, аяллын агент нь жуулчинтай зөвшилцөн үйлчилгээний хөлсийг гурав дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээгээр өөрийн хүлээх хариуцлагаа хязгаарлаж болно:
74.1.1жуулчинд учирсан хохирол нь тур оператор, аяллын агентын санаатай, болгоомжгүй үйлдлээс болоогүй;
74.1.2аялал зохион байгуулахад оролцогч бусад үүрэг гүйцэтгэгчийн хэн нэгний гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг дангаараа бүрэн хариуцахаар тур оператор, аяллын агент үүрэг хүлээгээгүй.
75 дугаар зүйлГэрээнээс татгалзах эрх
75.1Жуулчин аялал эхлэхээс өмнө хэдийд ч гэрээнээс татгалзаж болох бөгөөд энэ тохиолдолд аялал жуулчлал зохион байгуулаагүйгээс хэмнэсэн зардал болон бусад үйлчилгээний төлөө тур оператор, аяллын агентад урьдчилан төлсөн төлбөрөө буцаан авах эрхтэй.
75.2Энэ хуулийн 75.1-д заасан тохиолдолд тур оператор, аяллын агент гэрээгээр тохиролцсон хөлс авах эрхээ алдах боловч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр жуулчнаас шаардах эрхтэй.
76 дугаар зүйлХуульд заасан журмыг өөрчилж үл болох
76.1Талууд гэрээ байгуулахдаа энэ бүлэгт заасан журмыг жуулчинд хохиролтойгоор өөрчилж болохгүй.
АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ИЛГЭЭМЖИЙН ГЭРЭЭ
77 дугаар зүйлИлгээмжийн гэрээ
77.1Илгээмжийн гэрээгээр илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийж, захиалагч гэрээнд заасан хөлс төлөх үүргийг хүлээнэ.
77.2Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол илгээмжийн гэрээнд даалгаврын гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.
77.3Энэ бүлгийн зохицуулалт нь илгээмжийн үйл ажиллагааг арилжааны үйл ажиллагааны хүрээнд эрхлэх тохиолдолд үйлчилнэ.
77.4Энэ хуулийн 5.3-т заасан жижиг арилжаа эрхлэгч байхаас үл хамааран энэ бүлгийн зохицуулалт тэдэнд нэгэн адил үйлчилнэ.
78 дугаар зүйлИлгээгчийн үүрэг
78.1Илгээгч нь дараах үүрэгтэй:
78.1.1илгээмжийн гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар тээврийн хэрэгсэл болон тээвэрлэх замыг шийдэх;
78.1.2тээвэрлэлтэд оролцох этгээдийг буюу тээвэрлэгчийг сонгох, түүнд мэдээлэл болон зааварчилгаа өгөх;
78.1.3илгээхэд шаардлагатай тээвэрлэлтийн, хадгалалтын, илгээмжийн гэрээг байгуулах;
78.1.4захиалагчид хохирол шаардах эрхийг шилжүүлэх;
78.1.5захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх;
78.2Захиалагч хүсвэл илгээгч илгээмжийг даатгуулах үүрэгтэй. Захиалагч хүсэлт гаргаагүй бол илгээгч ердийн нөхцөлийн дагуу илгээмжийг даатгуулж болно.
78.3Захиалагч татгалзаж байгаагаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тусгайлан илэрхийлээгүй бол илгээгч нь захиалагчийн зардлаар илгээгчийн үйлдлийн улмаас учирч болзошгүй гэм хорын даатгалын гэрээг өөрийн сонгосон даатгагчтай байгуулах бөгөөд энэ тухай захиалагчид мэдээлэх үүрэгтэй.
78.4Энэ хуулийн 78.3-т заасан даатгалын гэрээг баримтлан захиалагч нь учирсан гэм хорын талаар илгээгчид даруй мэдээлэх бөгөөд илгээгч уг мэдээллийг даатгагчид дамжуулна.
78.5Илгээмж хүлээн авагч илгээмжийг хүлээн аваагүй, эсхүл бусад үндэслэлээр илгээмжийг хүлээн авах боломжгүй болсон бол илгээгчийн эрх, үүргийг тээвэрлэлтийн дүрмээр тодорхойлно.
78.6Талуудын оролцоотойгоор илгээмжийг шалгах боломжгүй бол илгээмжийг хүлээн авагч нь ачаанд учирсан гэм хорыг олж тогтоон илгээмжийг хүлээлгэн өгөгчид мэдэгдсэнээс бусад тохиолдолд илгээмжийг бүрэн бүтэн, аливаа гэмтэлгүй болохыг хүлээн зөвшөөрч, хүлээж авсанд тооцно.
78.7Хэрэв илгээмж илт дутсан, эсхүл гэмтсэн байвал илгээмж хүлээн авагч энэ тухай илгээмжийг хүлээн авсан өдөрт нь багтааж илгээгчид мэдээлнэ.
79 дүгээр зүйлИлгээгч өөрөө тээвэрлэлтийг гүйцэтгэх
79.1Гэрээнд өөрөөр заагаагүй бол илгээгч илгээмжийг өөрийн зардал, хэрэгслээр тээвэрлэж болно. Энэ тохиолдолд илгээгч нь тээвэрлэгчтэй нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд энэ нь захиалагчийн эрх ашгийг үл хөндөнө.
79.2Илгээгч өөрөө тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа тохиолдолд илгээгч нь илгээмжийн үйл ажиллагааны хөлснөөс гадна тээвэрлэлтийн хөлсийг мөн шаардах эрхтэй.
80 дугаар зүйлИлгээгчийн хүлээх хариуцлага
80.1Илгээгч өөрөө, эсхүл түүний ажилтан гэм буруутай бол гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээнэ.
80.2Илгээгч хяналтандаа байгаа илгээмж алдагдсан, дутсан, гэмтсэний хариуцлагыг хүлээнэ. Үүнээс бусад хохирлыг илгээгч нь энэ хуулийн 78.1-д заасан үүргээ зөрчсөн нөхцөлд хариуцна. Илгээгч нь ердийн нөхцөлд шаардагдах анхаарал болгоомжтой байдлыг хангаж ажилласан ч энэ хохирол учрахаар байсан тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө.
80.3Гуравдагч этгээд гэрээний талуудад гэм хор учруулсан бол илгээгч нь захиалагчийн зөвшөөрснөөр түүний зардал, эрсдэлээр шаардах эрх эдлэхээс бусад тохиолдолд гуравдагч этгээдэд шаардлага гаргах эрхийг захиалагчийн шаардсанаар түүнд шилжүүлэх үүрэгтэй.
80.4Илгээгч, түүний ажилтан санаатай, эсхүл илт хайхрамжгүй хандаж захиалагчид гэм хор учруулсан бол тэдгээрийн хариуцлагыг хязгаарласан, эсхүл гэм бурууг нотлох үүргийг бусдад ногдуулсан гэрээний заалтууд хүчин төгөлдөр бус байна.
81 дүгээр зүйлЗахиалагчийн үүрэг
81.1Захиалагч илгээмжийн талаарх болон бусад шаардлагатай мэдээлэл, түүний тээвэрлэлттэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж илгээгчид өгөх үүрэгтэй.
81.2Захиалагч энэ хуулийн 81.1-д заасан мэдээллийн үнэн зөвийг нотлох баримтыг илгээгчид шилжүүлж өгөх үүрэгтэй.
81.3Гэрээнд өөрөөр заагаагүй бол захиалагч илгээмжийг тээвэрлэлтийн шаардлагад нийцүүлэн баглах үүрэгтэй.
81.4Илгээмжийг бусдаас ялгах шаардлагатай бол захиалагч илгээмжийг эрх бүхий этгээдэд хүргэхээс өмнө таних тэмдэг тавих үүрэгтэй.
81.5Захиалагч тээвэрлүүлэхээр шилжүүлсэн илгээмжийн онцлог шинж чанар, учруулж болзошгүй аюул, аюулгүй ажиллагааны талаар илгээгчид мэдээлнэ.
81.6Захиалагч энэ хуулийн 81.5-д заасан үүргээ биелүүлээгүй бол илгээгч түүний шилжүүлсэн илгээмжийг аль ч үед устгах, буулгах, эсхүл аюулыг нь арилгах арга хэмжээ авч болох бөгөөд үүний улмаас захиалагчид учирсан гэм хорыг нөхөн төлөхгүй.
81.7Баглаа боодол, таних тэмдэггүй, эсхүл тэдгээр нь дутуу, буруу байгааг илгээгч мэдсээр байж энэ талаар захиалагчид мэдээлээгүйгээс бусад тохиолдолд энэ хуулийн 81.3, 81.4-т заасан шаардлагыг биелүүлээгүйн улмаас учирсан гэм хорыг захиалагч хариуцна.
82 дугаар зүйлХөлс төлөх
82.1Захиалагч илгээмжийг илгээгчид шилжүүлсний дараа хөлсийг төлнө.
82.2Захиалагч илгээмжийг нэг бүрчлэн шалгахыг илгээгчид даалгаж, нэмэлт хөлс төлж болно.
83 дугаар зүйлЗахиалагчийн шаардах эрх
83.1Захиалагч нь илгээгч өөрийн нэрээр захиалагчийн зардлаар байгуулсан гэрээнээс үүссэн шаардах эрхийг өөртөө шилжүүлж авсаны дараа хэрэгжүүлж болно.
84 дүгээр зүйлИлгээгчийн саатуулан барих эрх
84.1Илгээгч нь хөлс, холбогдох бусад зардал, захиалагчийн өмнөөс төлсөн аливаа төлбөрийн шаардлагаа хангуулах зорилгоор захиалагчийн илгээмжийг саатуулан барих эрхтэй.
АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
ТЭЭВЭРЛЭЛТ
Нэгдүгээр дэд бүлэг
Нийтлэг үндэслэл
85 дугаар зүйлТээвэрлэлтийн гэрээ
85.1Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч, ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
85.2Зорчигч, ачаа, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно.
85.3Тээвэрлэлтийн үйл ажиллагааг арилжааны үйл ажиллагааны хүрээнд эрхлэх тохиолдолд энэ бүлгийн зохицуулалт үйлчилнэ.
85.4Энэ хуулийн 5.3-т заасан жижиг арилжаа эрхлэгч байгаа эсэхээс үл хамааран энэ бүлгийн зохицуулалт тэдэнд нэгэн адил үйлчилнэ.
86 дугаар зүйлГэрээ байгуулах
86.1Зорчигч, ачаа, тээш тээвэрлэхийг нийтэд санал болгож байгаа этгээд нь зайлшгүй татгалзах үндэслэл байхгүй бол тээвэрлэлтийн гэрээг заавал байгуулах үүрэгтэй.
87
88
Хоёрдугаар дэд бүлэг
Зорчигч тээвэрлэлтийн гэрээ
87 дугаар зүйлЗорчигч тээвэрлэлтийн гэрээ
87.1Зорчигч тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигчийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
88 дугаар зүйлГэрээг цуцлах
88.1Гэрээнд ямар нэгэн байдлаар саатал учруулахааргүй бол зорчигч нь тээвэрлэлтийн гэрээг хэдийд ч цуцалж болох бөгөөд гэрээг цуцалснаас үүссэн хохирлыг тээвэрлэгчид төлөх үүрэгтэй.
88.2Урьдчилан мэдэх боломжгүй байсан бөгөөд мэдсэн тохиолдолд гэрээг хийхгүй байх шалтгаан болохоор нөхцөл байдал тээвэрлэгчийн зүгээс илэрсэн, түүнчлэн гэрээнд заасан газарт хүрч очих болон замд явах хугацаа хожимдох магадлал байгаа тохиолдолд зорчигч гэрээнээс татгалзаж болно. Энэ тохиолдолд хохирлыг нөхөн төлөх үүрэг үүсэхгүй.
89 дүгээр зүйлТээвэрлэгчийн хүлээх хариуцлага
89.1Тээвэрлэлтийн явцад зорчигчид өөрт нь, эсхүл түүний эд хөрөнгөд гэм хор учирсан, авч яваа зүйл нь алдагдсан, гэмтсэн бол тээвэрлэгч хууль болон холбогдох тээврийн дүрэмд заасан хариуцлага хүлээнэ. Тээвэрлэгч нь тээвэрлэлтийн явцад гэм буруугүй болохоо нотолбол энэ заалт хамаарахгүй.
89.2Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас, эсхүл зорчигчийн буруугаас болон түүний авч явсан зүйлээс шалтгаалж гэм хор учирсан бол тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй.
89.3Тээвэрлэгч нь зорчигчийн хүлээлгэн өгсөн тээшний хувьд уг тээшийг тээвэрлэхтэй холбогдуулан нэмэлт хөлс авах эсэхээс үл хамааран ачаа тээвэрлэлтийн гэрээний тээвэрлэгчтэй адил хариуцлага хүлээнэ.
89.4Тээвэрлэгчийн санаатай, эсхүл болгоомжгүй үйл ажиллагаанаас шалтгаалаагүй бол зорчигчийн хүлээлгэн өгөөгүй гар тээш болон биедээ авч яваа эд зүйлс устаж гэмтсэний улмаас үүссэн хохирлыг тээвэрлэгч хариуцахгүй.
89.5Зорчигч нь гар тээш болон тээшээ тээвэрлэлт дууссаны дараа тээвэрлэгчээс хүлээн аваагүй бол тээвэрлэгч нь тухайн гар тээш болон тээшийг 7 хоног хадгалах үүрэгтэй бөгөөд энэ хугацаанд хүлээн аваагүй бол Иргэний хуулийн 237 дугаар зүйлд заасан арга хэмжээг авна.
89.6Тухайн төрлийн тээврийн хэрэгслийн жолооч болон бусад ажилтнуудын үйл ажиллагааны дутагдал, тээврийн хэрэгслийн бүрэн бус ажиллагаа, эвдрэл, эд материалын доголдол, дутагдал зэргээс зорчигчид хохирол учирсан нь тээвэрлэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
89.7Тээвэрлэгч санаатай, эсхүл болгоомжгүй үйл ажиллагааныхаа улмаас хугацаа хоцроосон бол бусдад учруулсан хохирлыг хариуцна.
89.8Тээвэрлэгчийн хариуцлагыг гэрээгээр хязгаарлах эсхүл чөлөөлж болохгүй.
90 дүгээр зүйлЗорчигчийн хүлээх хариуцлага
90.1Зорчигч нь өөрийн буруутай үйл ажиллагаа, түүнчлэн авч яваа гар тээш, тээш болон бусад эд хөрөнгөөс шалтгаалж тээвэрлэгчид учирсан хохирлыг хариуцна.
90.2Зорчигч нь ачаа тээвэрлэлтийн явцад баримтлах хадгалалт, тээвэрлэлтийн бүхий л нөхцөл, журмыг чанд баримталсан бол хохирлыг хариуцахгүй.
Гуравдугаар дэд бүлэг
Ачаа тээвэрлэлтийн гэрээ
91 дүгээр зүйлАчаа тээвэрлэлтийн гэрээ
91.1Ачаа тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
91.2Тээвэрлэгч нь ачааны дагалдах бичиг үйлдэхийг ачаа илгээгчээс шаардаж болно.
91.3Дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө.
91.4Ачааг хэд хэдэн тээврийн хэрэгслээр, эсхүл өөр өөр төрөл, тодорхой хэсэгт хувааж тээвэрлэхээр бол тээвэрлэгч, ачаа илгээгч талууд ачааны төрөл, тээврийн хэрэгслийн тоогоор дагалдах бичиг үйлдэхийг шаардах эрхтэй.
91.5Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна.
92 дугаар зүйлДагалдах бичгийн агуулга
92.1Дагалдах бичигт дараах зүйлийг тусгасан байна:
92.1.1дагалдах бичиг үйлдсэн газар, он, сар, өдөр;
92.1.2ачаа илгээгчийн нэр, хаяг;
92.1.3тээвэрлэгчийн нэр, хаяг;
92.1.4ачааг тээвэрлэгчид шилжүүлэх он, сар, өдөр, газар болон хүргэх газар;
92.1.5хүлээн авагчийн нэр, хаяг;
92.1.6ачааны болон сав, баглаа, боодлын ердийн нэр, түүнчлэн аюултай ачаа тээвэрлэх үед түүний нийтээр хүлээн зөвшөөрсөн тэмдэг, тэмдэглэгээ;
92.1.7тээвэрлэх ачааны тоо, хэмжээ, тэмдэг, дугаар;
92.1.8ачааны жин, хэмжээний талаарх бусад тэмдэглэл;
92.1.9тээвэрлэлттэй холбогдсон зардал /тээврийн хөлс, нэмэлт зардал, гаалийн хураамж, гэрээ байгуулснаас ачааг хүргэх хүртэл гарах бусад зардал/;
92.1.10хуульд заасан бусад нөхцөл.
92.2Шаардлагатай гэж үзвэл талууд дагалдах бичигт дараах зүйлийг тусгаж болно:
92.2.1ачааг өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэх, ачихыг хориглосон заалт;
92.2.2тээвэрлүүлэгч хариуцах зардал;
92.2.3ачаа илгээх үед төлөх нэмэгдэл үнийн хэмжээ;
92.2.4ачааны өртөг, түүнийг дурдсан газарт хүргэх онцгой сонирхол;
92.2.5тээвэрлүүлэгчээс ачааг даатгуулах тухай тээвэрлэгчид өгсөн заалт;
92.2.6тээвэрлэлтийг дуусгахаар тохиролцсон хугацаа;
92.2.7тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн баримт бичгийн жагсаалт.
93 дугаар зүйлТээвэрлэгчид ачааг хүлээлгэн өгөх
93.1Тээвэрлэгч ачааг хүлээн авахдаа дараах зүйлийг шалгах үүрэгтэй:
93.1.1ачааны тоо, хэмжээ, тэмдэг үнэн зөв эсэх;
93.1.2ачааны гадаад байдал, сав, баглаа, боодол.
93.2Тээвэрлэгч энэ хуулийн 93.1.1-д заасан үүргээ гүйцэтгэх бололцоогүй бол энэ тухай болон ачааны гадаад байдал, сав, баглаа, боодлын талаар холбогдох тэмдэглэл үйлдэнэ. Хэрэв дагалдах бичиг үйлдсэн бол тухайн тэмдэглэлийг дагалдах бичигт хийнэ.
93.3Ачаа илгээгч нь ачааны жин болон бусад хэмжигдэхүүнээр тэмдэглэсэн түүний тоо, хэмжээ, түүнчлэн тээвэрлэх ачааны бүрэлдэхүүн хэсгүүдийг шалгаж, дагалдах бичиг болон бусад хэлбэрээр тэмдэглэхийг тээвэрлэгчээс шаардаж болох бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг тээвэрлэгч хариуцна.
93.4Тээвэрлэгч нь ачааг хүлээн авсан болон гэрээний агуулга эсрэгээр нотлогдох хүртэл дагалдах бичгийг гэрээ байгуулсны нотолгоо гэж үзнэ.
93.5Тээвэрлэгч ачааны дагалдах бичигт, эсхүл бусад хэлбэрээр энэ хуулийн 93.2-т заасан холбогдох тэмдэглэл хийгээгүй бол эсрэгээр нотлогдох хүртэл ачааг хүлээн авахад түүний сав, баглаа боодлын гадаад байдал доголдолгүй, ачааны тоо хэмжээ, тэмдэг дугаар дагалдах бичигт заасантай тохирч байна гэж үзнэ.
93.6Тээвэрлэгч ачааг хүлээн авах үед ачааны сав, баглаа, боодол илэрхий доголдолтой байсан, эсхүл тээвэрлэгч ачааны сав, баглаа, боодол доголдолтой талаар мэдсэн хэдий ч энэ талаар илгээгчид мэдэгдэхгүйгээр ачааг хүлээн авснаас бусад тохиолдолд тус доголдлын улмаас бусдад учирсан хохирол, аливаа зардлыг илгээгч хариуцна.
93.7Ачаа илгээгч нь ачааг зохих газарт хүргэхэд шаардагдах гаалийн болон бусад бүх баримт бичгийг тээвэрлэгчид өгч, тээвэрлэгчийг зохих мэдээллээр бүрэн хангах үүрэгтэй.
93.8Тээвэрлэгч энэ хуулийн 93.7-д заасан баримт бичиг, мэдээллийн үнэн зөв болон хангалттай эсэхийг шалгах үүрэггүй.
93.9Тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд ачаа илгээгч нь баримт бичиг, мэдээллийн дутуу болон буруугаас учирсан гэм хорыг тээвэрлэгчийн өмнө хариуцна.
93.10Дагалдах бичигт хавсаргасан, өөрөө хүлээн авсан баримт бичгийг үрэгдүүлсэн, буруугаар ашигласны хариуцлагыг тээвэрлэгч хүлээнэ. Гэхдээ хариуцлагын хэмжээ нь ачааг үрэгдүүлснээс үүсэх хариуцлагаас ихгүй байна.
93.11Тээвэрлэх ачаа нь шатамхай, тэсэрч дэлбэрэх аюултай ачаа байгаа тохиолдолд ачаа илгээгч нь энэ талаар болон ачааны нэр төрөл, шинж чанар болон тухайн ачааг аюулгүй тээвэрлэхтэй холбоотой мэдээллийг ачааг хүлээлгэж өгөхөөс өмнө тээвэрлэгчид өгөх үүрэгтэй.
94 дүгээр зүйлЗааварчилгааг өөрчлөх эрх
94.1Ачаа илгээгч нь дагалдах бичигт дурдсанаас өөр газар эсхүл өөр этгээдэд ачааг хүргүүлэх зорилгоор тээвэрлэлтийг зогсоох зэргээр тээвэрлэгчид өгсөн зааварчилгааг өөрчлөх, захиран зарцуулах эрхтэй.
94.2Тээвэрлэгч нь ачааг гэрээнд заасан газарт хүргэснээр, эсхүл дагалдах бичгийн хоёр дахь хувийг ачаа хүлээн авагчид хүлээлгэн өгснөөр ачаа илгээгчийн энэ хуулийн 94.1-д заасан захиран зарцуулах эрх дуусгавар болох бөгөөд энэ үеэс тээвэрлэгч нь ачаа хүлээн авагчийн зааврыг биелүүлнэ.
94.3Ачаа илгээгч дагалдах бичигт тусгай тэмдэглэл хийгээгүй бол ачаа хүлээн авагч нь дагалдах бичгийг хүлээн авсан үеэс эхлэн уг ачааг захиран зарцуулах эрхтэй болно.
94.4Ачаа хүлээн авагч нь уг ачааг гуравдагч этгээдэд хүргүүлэхээр тээвэрлэгчид үүрэг хүлээлгэсэн бол гуравдагч этгээд нь ачаа хүлээн авагч өөр этгээдийг нэрлэх эрхгүй.
94.5Ачааг захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлэхэд дараах журмыг баримтална:
94.5.1ачаа илгээгч, эсхүл ачааг захиран зарцуулах эрхтэй хүлээн авагч нь тээвэрлэгчид өгсөн шинэ заавар, эсхүл шинэ зааврыг тусгасан дагалдах бичгийг тээвэрлэгчид өгч, эдгээр зааврыг гүйцэтгэсний дараа түүнд учирсан зардал, хохирлыг нөхөн төлнө;
94.5.2тээвэрлэгчид өгөх шинэ заавар нь хүлээн авмагц биелэгдэх боломжтой, тээвэрлэгчийн хэвийн үйл ажиллагаа болон ачаа илгээгч, ачаа хүлээн авагчийн бусад ачаанд саад, гэм хор учруулахааргүй байвал зохино;
94.5.3ачааг задлан хуваах заавар өгч болохгүй.
94.6Энэ хуулийн 94.5.2-т нийцээгүй заавар өгсөн бол түүнийг биелүүлэх боломжгүй талаар тээвэрлэгч заавар өгсөн этгээдэд нэн даруй мэдэгдэнэ.
94.7.Тээвэрлэгч нь энэ зүйлд заасан журмын дагуу өгсөн зааврыг биелүүлээгүйгээс үүссэн гэм хорыг эрх бүхий этгээдийн өмнө хариуцна.
95 дугаар зүйлХүлээн авагчид ачааг хүлээлгэн өгөх
95.1Илгээгч дагалдах бичиг үйлдсэн тохиолдолд ачааг зохих газарт хүргэж, хүлээлгэн өгөх үед хүлээн авагч нь ачааг хүлээн авсны баталгаа болгож тээвэрлэгчээс дагалдах бичгийн хоёр дахь хувийг шаардан авах эрхтэй.
95.2Ачаа алдагдсан, дутсан, эсхүл тохиролцсон хугацаандаа ирээгүй тохиолдолд ачаа хүлээн авагч нь илгээгчийн хэрэгжүүлэх шаардлагыг өөрийн нэрийн өмнөөс тээвэрлэгчид хандан гаргах эрхтэй.
95.3Ачаа хүлээн авагч ачааг хүлээн авахдаа гэрээ, эсхүл дагалдах бичигт заасан төлбөл зохих бүх төлбөрийг тээвэрлэгчид төлөх үүрэгтэй. Энэ талаар маргаан гарсан тохиолдолд тээвэрлэгч өөрийн шаардлагыг хангах хүртэл ачааг хүлээн авагчид шилжүүлэхээс татгалзаж болно.
96 дугаар зүйлТээвэрлэлтийг гэрээнд зааснаар гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал
96.1Ачааг зохих газарт нь хүргэх, хүлээлгэн өгөхөөс өмнө тээвэрлэлтийг дагалдах бичиг, эсхүл гэрээнд заасан нөхцөлөөр, бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд тээвэрлэгч нь энэ хуулийн 94 дүгээр зүйлд заасан эрх бүхий этгээдээс шинэ заавар өгөхийг шаардах эрхтэй.
96.2Нөхцөл байдал нь дагалдах бичиг, эсхүл гэрээнд зааснаас өөрөөр тээвэрлэхэд хүргэж, тээвэрлэгч нь эрх бүхий этгээдээс энэ хуулийн 94 дүгээр зүйлд заасан шинэ зааврыг зохих хугацаанд авч чадаагүй тохиолдолд тэрээр эрх бүхий этгээдийн ашиг сонирхолд илүү нийцэх арга хэмжээг авах үүрэгтэй.
96.3Түргэн муудах ачаа, эсхүл ачааны нөхцөл байдал зайлшгүй шаардсан, эсхүл хадгалалтын зардал нь ачааны өртгөөс давахаар бол тээвэрлэгч нь эрх бүхий этгээдийн зааврыг хүлээхгүйгээр ачааг худалдах шийдвэр гаргаж болно.
96.4Ачааг энэ хуулийн 96.3-т заасны дагуу худалдсанаас олсон орлогоос ачаатай холбогдон гарах зардлыг хасаж, үлдсэнийг нь эрх бүхий этгээдэд шилжүүлнэ. Ачаатай холбогдон гарах зардал ачааг худалдсан орлогоос давсан тохиолдолд тээвэрлэгч зөрүүг нөхөн төлүүлэхээр шаардаж болно.
96.5Ачааг зохих газарт хүргэсний дараа түүнийг хүлээлгэн өгөхөд саад болох нөхцөл байдал үүсвэл тээвэрлэгч нь ачаа илгээгчээс зааварчилгаа шаардах эрхтэй.
96.6Ачаа хүлээн авагч нь ачааг хүлээн авахаас татгалзсан хэдий ч ачаа илгээгчээс өөр заавар өгөөгүй бол тээвэрлэгч нь ачааг хүлээн авахыг ачаа хүлээн авагчаас шаардаж болно. Ачааг хүлээн авахаас татгалзсан хэвээр байвал тээвэрлэлтийг дууссанд тооцож, тээвэрлэгч нь буруутай этгээдийн эрсдэл болон зардлаар ачааг хадгалах, эсхүл уг үүргийг гуравдагч этгээдэд даалгаж болно.
96.7Ачаа хүлээн авагч нь энэ хуулийн 94.4-т заасны дагуу ачааг гуравдагч этгээдэд хүлээлгэн өгөх заавар өгснөөс хойш ачааг хүлээлгэн өгөхөд саад болох нөхцөл байдал үүсч, энэ хуулийн 96.1, 96.2-т заасныг хэрэглэхэд хүлээн авагч нь ачаа илгээгчийн, гуравдагч этгээд нь хүлээн авагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
96.8Энэ хуулийн 96.1, 96.3, 96.5, 96.6, 96.7-д заасан тохиолдолд тээвэрлэгч эрх бүхий этгээдийн зардлаар ачааг буулгаж болно.
97 дугаар зүйлАчаа барьцаалах тээвэрлэгчийн эрх
97.1Тээвэрлэлтийн хөлс болон зардлыг төлүүлэхийн тулд тээвэрлэгч нь ачааг барьцаалах эрхтэй.
98 дугаар зүйлТээвэрлэгчийн хариуцлага
98.1Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг хүлээнэ.
98.2Эрх бүхий этгээдийн буруугаас, эсхүл түүний зааварчилгааг биелүүлснээс ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, эсхүл тээвэрлэлтийн хугацаа хэтэрсэн, эсхүл дээрх нөхцөл байдал, түүний үр дагаврыг урьдчилан арилгах боломж тээвэрлэгчид байгаагүй бол тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө.
98.3Тээвэрлэгч өөрийн буруугаас хохирол учруулсан бол түүний хүлээх хариуцлагыг хязгаарласан, эсхүл нотлох үүргээс чөлөөлсөн энэ бүлэгт заасан журам хамаарахгүй.
98.4Дараах нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн бол тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө:
98.4.1талууд шууд тохиролцон, дагалдах бичигт тэмдэглэснээр задгай тээврийн хэрэгсэл ашигласан;
98.4.2ачаа сав, баглаа, боодолгүй, эсхүл түүний чанар муу байсан;
98.4.3ачаа илгээгч, хүлээн авагч, эсхүл тэдгээрийг төлөөлөх гуравдагч этгээд ачаанд үзлэг хийж ачсан, эсхүл буулгасан;
98.4.4тодорхой төрлийн ачааны онцлогоос хамаарч эвдрэх, зэврэх, хатах, элэгдэх, хэвийн алдагдал гарах, асгарах болон мэрэгч амьтдын нөлөөлөл зэргээр хэсэгчлэн, эсхүл бүрэн гэмтэх аюул байсан;
98.4.5тээвэрлэх ачааны дугаар, эсхүл тэмдэглэл шаардлага хангаагүй байсан;
98.4.6амьтан тээвэрлэсэн.
98.5Энэ хуулийн 98.4-т заасан нөхцөл байдал байсан боловч гэм хор учирсан шалтгаан нь дээрхээс өөр бол гэм хорыг тээвэрлэгч хариуцна.
98.6Энэ хуулийн 89.6-д заасан журам ачаа тээвэрлэгчид нэгэн адил хамаарна.
99 дүгээр зүйлГомдлын шаардлага гаргах
99.1Ачаа хүлээн авагч ачааг хүлээн авахдаа тээвэрлэгчтэй хамт түүнийг шалгаагүй, эсхүл алдагдсан, дутсан ачааны болон учирсан хохирлын талаар ямар нэгэн шаардлага тээвэрлэгчид гаргаагүй бол эсрэгээр нотлогдох хүртэл ачаа хүлээн авагч ачааг гэрээнд заасан, эсхүл дагалдах бичигт заасан байдлаар хүлээн авсанд тооцно.
99.2Ачаа хүлээн авагч ачааны илэрхий гэмтэл, дутагдлын талаарх шаардлагыг ачаа хүлээн авсан өдөр, харин далд дутагдалтай холбоотой шаардлагыг ачааг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тээвэрлэгчид гаргана.
99.3Ачаа хүлээн авагч, тээвэрлэгч талууд ачааны байдлыг хамтран шалгасан боловч нуугдмал дутагдал, гэмтлийг тухайн үед илрүүлж чадаагүй бол ажлын 7 хоногийн дотор шалгасан үр дүнгийн талаар эсрэг нотолгоо гаргаж болно.
99.4Ачаа хүлээн авагч хугацаа хэтэрсэнтэй холбоотой шаардлагаа ачаа хүлээн авсан өдрөөс хойш 21 хоногийн дотор тээвэрлэгчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан тохиолдолд хугацаа хэтэрснээс үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй.
99.5Энэ зүйлд заасан хугацааг тоолохдоо ачаа илгээсэн, шалгасан, эсхүл хүлээлгэж өгсөн өдрийг оролцуулан тооцохгүй.
99.6Тээвэрлэгч, ачаа хүлээн авагч талууд шаардлагатай шалгалт хийх, зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн хүчин зүйлийг тогтооход бие биедээ харилцан туслах үүрэгтэй.
100 дугаар зүйлХөөн хэлэлцэх хугацаа
100.1Тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил, санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан бол хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.
100.2Дор дурдсан үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно:
100.2.1ачаа алдагдсан, гэмтсэн өдрөөс, энэ тухай мэдсэн, мэдэх ёстой байсан өдрөөс, эсхүл хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн бол ачааг хүлээн авах байсан өдрөөс;
100.2.2ачааны зарим хэсэг алдагдсан тохиолдолд тээвэрлэлтийн гэрээгээр тохирсон ачааг хүлээлгэн өгөх хугацаа дууссанаас хойш 30 дахь өдрөөс, ийм хугацаа товлоогүй бол тээвэрлэгч ачаа хүлээн авснаас хойш 60 дахь өдрөөс;
100.2.3бусад тохиолдолд гомдлын шаардлагын хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс.
101 дүгээр зүйлДамжуулан гүйцэтгэх тээвэрлэлт
101.1Нэг гэрээгээр хэд хэдэн тээвэрлэгч тээвэрлэлтийг дамжуулан гүйцэтгэхээр байвал тээвэрлэгч бүр тээвэрлэлтийн үүргийг бүхэлд нь хариуцах бөгөөд дамжуулан тээвэрлэхээр ачааг хүлээн авч байгаа тээвэрлэгч ачааг хүлээн авснаар, эсхүл дагалдах бичиг үйлдсэн тохиолдолд ачааг дагалдах бичгийн хамт хүлээн авснаар гэрээний тал болно.
101.2Өмнөх тээвэрлэгчээс ачааг хүлээн авсан тээвэрлэгч түүнийг хүлээн авсан он, сар, өдрийг тэмдэглэж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримт бичгийг өмнөх тээвэрлэгчид өгөх үүрэгтэй бөгөөд дагалдах бичиг үйлдсэн тохиолдолд дагалдах бичгийн 2 дахь хувь дээр эдгээр тэмдэглэгээг хийж гүйцэтгэсэн байна.
101.3Шаардлагатай тохиолдолд ачааг хүлээн авч байгаа тээвэрлэгч нь энэ хуулийн 93.2-т заасан тэмдэглэл болон ачаа хүлээн авсныг гэрчлэх тэмдэглэлийг дагалдах бичгийн 2 дахь хувь дээр тусгаж болно.
101.4Ачаа дамжуулан тээвэрлэхэд ачааг хүлээлгэн өгч байгаа болон хүлээн авч байгаа тээвэрлэгчдэд энэ хуулийн 93.4, 93.5 нэгэн адил хамаарна.
101.5Ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, хугацаа хэтэрснээс үүсэх гэм хорыг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг гагцхүү эхний болон эцсийн тээвэрлэгчид, эсхүл ачаа үрэгдүүлж, гэмтээсэн, хугацаа хэтрүүлсэн тээвэрлэгчид гаргаж болох бөгөөд нэг шаардлагыг хэд хэдэн тээвэрлэгчид гаргах эрхтэй.
101.6Ачааг алдсан, дутаасан, гэмтээсэн тээвэрлэгч хэд хэдэн тээвэрлэгчийн хамтран хариуцвал зохих гэм хорыг дангаар нөхөн төлсөн бол бусад тээвэрлэгчийн эсрэг шаардлага гаргах эрхтэй.
101.7Хэд хэдэн тээвэрлэгч ачааг алдсан, дутаасан, гэмтээсэн бол тус тусдаа өөрийн хүлээх хариуцлагад хувь тэнцүүлэн гэм хорыг нөхөн төлөх бөгөөд үүнийг тогтоох бололцоогүй тохиолдолд тээвэрлэгч тус бүр авсан хөлстэйгээ хувь тэнцүүлэн хариуцлага хүлээнэ.
101.8Хэрэв тээвэрлэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол түүний төлөх ёстой байсан төлбөрийг бусад тээвэрлэгчид авсан хөлстэйгээ хувь тэнцүүлэн хариуцна.
101.9Ачаа дамжуулан тээвэрлэгчид нь энэ хуулийн 101.6, 101.7, 101.8-д зааснаас бусад асуудлаар харилцан тохиролцож болно.
102 дугаар зүйлТээвэрлэлттэй холбоотой зарим хэлцэл хүчин төгөлдөр бус байх
102.1Энэ хуулийн 101.6, 101.7, 101.8-д заасныг өөрөөр тогтоосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
102.2Тээвэрлэгч ачааны даатгалаас үүсэх шаардлагаа, эсхүл нотлох үүргээ бусдад шилжүүлсэн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
103 дугаар зүйлХохирлыг нөхөн төлөх нэмэгдүүлсэн хариуцлага
103.1Тээвэрлэгчид итгэмжлэн өгсөн ачаа нь онцгой ач холбогдолтой бол түүнийг алдсан, эсхүл дутаасан тохиолдолд үнийг хоёр нугалж төлүүлэхээр ачаа илгээгч, эсхүл хүлээн авагч тал нь тээвэрлэгчтэй урьдчилан тохиролцож болно.
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
ХАДГАЛАЛТ
Нэгдүгээр дэд бүлэг
Нийтлэг үндэслэл
104 дүгээр зүйлХадгалалтын гэрээ
104.1Хадгалагч хадгалалтыг арилжааны үйл ажиллагааны хүрээнд эрхэлж байгаа бол урьдчилан тохиролцоогүй ч хадгалалтын хөлс төлөхийг шаардах эрхтэй.
104.2Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээнд Иргэний хуулийн хадгалалтын гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.
104.3Энэ бүлгийн зохицуулалт нь хадгалалтын үйл ажиллагааг арилжааны үйл ажиллагааны хүрээнд эрхлэх тохиолдолд үйлчилнэ.
104.4Энэ хуулийн 5.3-т заасан жижиг арилжаа эрхлэгч байгаа эсэхээс үл хамааран энэ бүлгийн зохицуулалт тэдэнд нэгэн адил үйлчилнэ.
105 дугаар зүйлЗочид буудалд эд зүйл үлдээх
105.1Зочид буудал, амралт, сувиллын газар болон түүнтэй адилтгах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд нь үйлчлүүлэгчид олгосон өрөө, тасалгаанд байгаа үйлчлүүлэгчийн тусгай журмаар хүлээлгэн өгөх ёстой мөнгө, үнэт эдлэлээс бусад эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ гүйцэтгээгүйгээс эд хөрөнгө алдагдсан, гэмтсэн, үгүй болсон бол үйлчлүүлэгчид учирсан хохирлыг хариуцна.
105.2Энэ хуулийн 105.1-д заасан хохирол нь гэнэтийн, эсхүл давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл тухайн үйлчлүүлэгч, түүнийг дагалдаж байгаа этгээдийн үйлдэл, эсхүл уг эд хөрөнгийн өөрийн шинж чанараас шалтгаалан үүссэн бол зочид буудал, амралт, сувиллын газар болон түүнтэй адилтгах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд хариуцлага хүлээхгүй.
105.3Хохирлыг нөхөн төлөх үүрэг тээврийн хэрэгсэлд орхисон эд хөрөнгөд хамаарахгүй.
Хоёрдугаар дэд бүлэг
Барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах
106 дугаар зүйлБарааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээ
106.1Хуульд өөрөөр заагаагүй бол барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээний хадгалагч нь эд хөрөнгийг хүлээн авахад түүний чанар, төрөл, жин, хэмжээ, тоо болон бусад шинжийг шалгах үүрэг хүлээхгүй.
106.2Хадгалагчид шилжүүлж байгаа эд хөрөнгө шилжүүлэлтийн үеийн гадаад үзлэгээр гэмтсэн, эсхүл иж бүрдэл дутуу болох нь илэрхий байвал хадгалагч хадгалуулагчид энэ тухай нэн даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүйгээс хадгалуулагчид учирсан хохирлыг нөхөн төлнө.
106.3Хадгалагч нь хадгалагдаж байгаа эд хөрөнгө устсан, гэмтсэн эсхүл хадгалагчид хохирол учруулахуйц өөрчлөлт бий болсон, эсхүл өөрчлөгдөх аюул учирч байгаа талаар хадгалуулагчид, эсхүл агуулахын баримт үйлдэгдсэн бол өөрийн мэдэж байгаа агуулахын баримтын сүүлчийн хууль ёсны эзэмшигчид нэн даруй мэдэгдэж түүний зааварчилгааг авах үүрэгтэй. Хадгалагч нь ердийн боломжит хугацаанд зааварчилгааг хүлээн авч чадаагүй бол эрх бүхий этгээдийн ашиг сонирхолд илүү нийцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Хадгалагдаж байгаа эд хөрөнгө нь өөрийн үнэ цэнийг алдахуйцаар гэмтэж өөрчлөгдөх нөхцөл байдал үүссэн бол хадгалагч нь эрх бүхий этгээдийн зааварчилгааг хүлээлгүйгээр худалдан борлуулах шийдвэрийг гаргаж болно.
106.4Хадгалагч нэг төрлийн орлуулагдах эд хөрөнгийг гагцхүү өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр түүнтэй ижил төрөл, чанар бүхий эд хөрөнгөтэй нийлүүлж хадгалж болно. Ийнхүү нийлүүлснээс бий болсон эд хөрөнгө нь хадгалуулагчдын дундын өмч болох бөгөөд хадгалуулагчид оногдох хэсгийг хадгалуулсан эд хөрөнгийн хэмжээгээр тодорхойлно. Хадгалуулагчид оногдох хэсгийг хадгалагч бусад хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр буцаан өгөх эрхтэй.
106.5Хадгалагч нь хадгалуулагч болон агуулахын баримт эзэмшигчид барааны агуулах ажиллах ажлын цагаар барааг шалгах, дээж авах, шаардлагатай арга хэмжээ авах боломжоор хангана. Хадгалагч мөн барааг хадгалахад шаардлагатай арга хэмжээ авах эрхтэй бөгөөд эд хөрөнгийг нийлүүлж хадгалж буй нөхцөлд мөн адил байна.
107 дугаар зүйлАгуулахын баримт
107.1Хадгалагч хадгалуулахаар шилжүүлж өгсөн эд хөрөнгийг хүлээн авахдаа хадгалуулагчид агуулахын баримт олгоно
107.2Агуулахын баримтад дараах зүйлийг заавал тусгана:
107.2.1агуулахын баримт олгосон огноо, бүртгэлийн дугаар;
107.2.2гэрээний талуудын нэр, хаяг;
107.2.3эд хөрөнгийг хадгалах газар;
107.2.4хадгалах эд хөрөнгийн тоо, хэмжээ, жин, өнгө, чанар, боодлын тодорхойлолт;
107.2.5хадгалалтын хөлс, бусад зайлшгүй зардлын хэмжэ
107.2.6хадгалах эд хөрөнгийг даатгуулах бол даатгалын үнэ;
107.2.7гэрээний хугацаа;
107.2.8хадгалагчийн гарын үсэг, тамга, тэмдэг.
107.2.9аюултай бараа байгаа тохиолдолд аюулын талаарх холбогдох мэдээлэл;
107.2.10.энэ хуулийн 106.4-т заасны дагуу хадгалж байгаа тохиолдолд энэ талаарх тэмдэглэгээ.
107.3Талууд энэ хуулийн 107.2-т зааснаас бусад нөхцөлийг агуулахын баримтад нэмж тусгаж болно.
107.4Энэ хуулийн 107.2-т заасан нөхцөлийг агуулахын баримтад бүрэн тусгаагүй нь талуудыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
107.5Агуулахын баримт эзэмшигч нь өөр үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эд хөрөнгийг агуулахаас гаргахгүй гэсэн баталгаа гаргаж, агуулахад байгаа эд хөрөнгөө барьцаалж болно.
107.6Хадгалагч зөвшөөрсөн бол хадгалуулагч агуулахын баримтыг бичилт хийж гуравдагч этгээдэд шилжүүлж болно.
107.7Агуулахын баримтыг бичилтийн дагуу шилжүүлсэн бол хадгалагч нь түүнд дурдсан мэдээллийн үнэн зөвийг баримт эзэмшигчийн өмнө хариуцах бөгөөд харин уг мэдээллийг хадгалуулагч, эсхүл гуравдагч этгээдийн өгсөн мэдээллийг үндэслэсэн гэж уг баримтад тэмдэглэсэн бол хадгалагч хариуцлага хүлээхгүй.
107.8Хадгалагч мэдээлэл буруу ташаа гэдгийг мэдэж байсан бол баримтад тэмдэглэл хийсэн ч энэ хуулийн 107.7-д заасан хариуцлагыг хүлээнэ.
107.9Эд хөрөнгийг нийлүүлж хадгалсан тохиолдолд хадгалагч энэ хуулийн 107.7-д заасан тэмдэглэлийг хийх эрхгүй.
107.10Агуулахын зөвшөөрлийн баримт олгосон хадгалагч хадгалж байгаа эд хөрөнгийг гагцхүү агуулахын баримтын хууль ёсны эзэмшигчид олгоно.
107.11Агуулахын барьцааны баримт олгосон бол хадгалагч түүнийг буцаан авахаар шаардах эрхтэй.
107.12Хадгалагч бичилт хийн шилжүүлсэн баримтын үнэн эсэхийг шалгах үүрэггүй бөгөөд шилжүүлэлт нь агуулахын баримт дахь зохих тэмдэглэлээр баталгаажна.
107.13Агуулахын баримт, эсхүл барьцааны баримтыг гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд хууль ёсны эзэмшигч нь үрэгдүүлсэн баримт бичгийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд өргөдөл гаргаж болох бөгөөд хадгалагч шүүхийн шийдвэрийг үндэслэн агуулахын болон барьцааны баримтуудыг шинээр олгоно.
107.14Агуулахад хадгалуулахаар шилжүүлсэн эд хөрөнгийг барьцаалахад өмчлөгч нь барьцааны баримтад тусгай тэмдэглэл хийж түүнийг шилжүүлнэ.
107.15Бичилт хийн шилжүүлсэн баримтад хадгалуулагч, зээлдүүлэгч болон тэдгээрийн үүргийн талаарх мэдээллийг тусгана.
107.16Эд хөрөнгө хадгалуулсан баримтыг шилжүүлсэн тухай хадгалагчид мэдэгдэх бөгөөд хадгалагч зохих бичилтийг хийнэ.
107.17Эд хөрөнгийн хадгалалттай холбогдон үүссэн зардлыг төлүүлэхээр хадгалагч тухайн эд хөрөнгийг барьцаалах эрхтэй.
107.18Агуулахын баримтыг бичилт хийн шилжүүлсэн бол шинэ эзэмшигчид барьцаалах эрх үүснэ.
108 дугаар зүйлХадгалалтын хугацаа дуусгавар болох
108.1Хадгалалтын гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө, хугацаа тогтоогоогүй бол эд хөрөнгө хадгалуулахаар шилжүүлсэн өдрөөс эхлэн гурван сарын дотор хадгалагч эд хөрөнгөө буцаан авахыг хадгалуулагчаас шаардах эрхгүй.
108.2Хадгалалтын хугацаа дуусгавар болсны дараа агуулахын баримт эзэмшигч нь эд хөрөнгийг агуулахаас гаргах арга хэмжээ авахгүй бол хадгалагч түүнд арван дөрөв хоногийн нэмэлт хугацаа олгох бөгөөд энэ хугацаанд эд хөрөнгийг буцаан авахгүй бол хадгалагч түүнийг худалдах эрхтэй.
108.3Эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хадгалалтын явцад гарсан зайлшгүй зардал, хөлсийг хасаж, үлдсэн хэсгийг агуулахын баримт эзэмшигчид шилжүүлнэ.
АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ДААТГАЛ
109 дүгээр зүйлДаатгалын гэрээ
109.1Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол, хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.
109.2Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна.
109.3Хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
109.4Даатгалын гэрээнд дараах нөхцөлийг тусгана:
109.4.1даатгалын зүйл;
109.4.2даатгалын эрсдэлийн төрөл;
109.4.3даатгалын үнэлгээний хэмжээ;
109.4.4даатгалын хугацаа, түүнийг дахин сунгах нөхцөл;
109.4.5даатгалын хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа;
109.4.6даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэг, хариуцлага;
109.4.7гэрээг дүгнэх, цуцлах, түүнд өөрчлөлт оруулах нөхцөл.
110 дугаар зүйлДаатгалын төрөл, хэлбэр
110.1Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна.
110.2Албан журмын даатгалын хэлбэрийг хуулиар тогтооно.
110.3Энэ хуулийн 110.2-т зааснаас бусад даатгал сайн дурын даатгалд хамаарна.
111 дүгээр зүйлДаатгалын баталгаа
111.1Даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй.
111.2Даатгалын баталгааг тодорхой этгээдэд нэр заасан, эсхүл мэдүүлгийн баталгааны хэлбэрээр олгосон бол даатгагч нь анхны даатгуулагчид тавих бүх шаардлагыг баталгаа эзэмшигчид гаргаж болно. Даатгалын баталгаа эзэмшигч нь даатгалтай холбогдсон эрхээ шилжүүлж байгаагаа даатгагчид мэдэгдсэн бөгөөд эрх шилжүүлэгч шаардлагаа нэн даруй гаргасан бол энэ журам хамаарахгүй.
111.3Даатгуулагч гагцхүү даатгалын баталгаа үзүүлсэн тохиолдолд даатгагч үүргээ гүйцэтгэхээр гэрээнд заасан бөгөөд баталгааг алдаж үрэгдүүлсэн бол тусгай журмын дагуу уг баталгаа хүчингүй болсон тухай зарлан мэдэгдсэн тохиолдолд л даатгуулагч гэрээний биелэлтийг шаардах эрхтэй.
111.4Даатгалын баталгааг алдаж үрэгдүүлсэн боловч энэ хуулийн 111.3-т заасны дагуу зарлуулсан бол даатгуулагч нь баталгааны хуулбар олгохыг даатгагчаас шаардаж болох бөгөөд хуулбар олгохтой холбогдсон зардлыг даатгуулагч хариуцна.
112 дугаар зүйлДаатгалын гэрээ дуусгавар болох үндэслэл
112.1Даатгалын гэрээний хугацааг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцож тогтооно.
112.2Даатгалын гэрээ дараах тохиолдолд дуусгавар болно:
112.2.1хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон;
112.2.2даатгагч, даатгуулагчийн аль нэг дампуурсан, татан буугдсан;
112.2.3шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон;
112.2.4даатгуулсан эд хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хураасан;
112.2.5талууд тохиролцож гэрээг цуцалсан;
112.2.6даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
113 дугаар зүйлДаатгалын гэрээг цуцлах
113.1Даатгалын гэрээг 5 жилээс илүү хугацаагаар байгуулсан бол нэг тал нь гэрээ цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдсэнээс хойш 3 сарын дараа цуцалж болно.
113.2Даатгалын гэрээг нэг жилээс дээш хугацаагаар сунгах нөхцөлтэйгээр байгуулсан тохиолдолд талууд гэрээний хугацааг дуугүй хүлээн зөвшөөрөх замаар сунгах, даатгалын гэрээг хугацаанаас өмнө цуцлахгүй байх тохиролцоо хүчин төгөлдөр бус байна. Даатгуулагч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 113.1-д заасан хугацааг баримтлах үүрэгтэй.
113.3Даатгагч даатгалын хураамжийг нэмэгдүүлсэн тохиолдолд даатгуулагч нь 1 сарын дотор гэрээг цуцалж болно.
114 дүгээр зүйлГэрээ цуцалж болох ноцтой нөхцөл байдал
114.1Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах, эсхүл даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй.
114.2Даатгагч нь гэрээнээс татгалзах, эсхүл гэрээний агуулгыг өөрчлөх шийдвэр гаргахад нөлөөлж болох, түүнчлэн даатгагч нь даатгуулагчаас тодорхой, хоёрдмол утга санаагүйгээр шууд, бичгээр, эсхүл цахим хэлбэрээр асуусан нөхцөл байдлыг ноцтойд тооцно.
114.3Даатгуулагч энэ хуулийн 114.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол даатгагч нь гэрээнээс татгалзах, эсхүл энэ тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцлах, эсхүл даатгалын хураамжийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг шаардах эрхтэй. Харин даатгуулагч аюулыг санаатайгаар ихэсгэсэн бол даатгагч гэрээг хэдийд ч цуцалж болно.
114.4Даатгуулагч энэ хуулийн 114.2-т заасан ноцтой нөхцөл байдлын тухай мэдээлэх гэж байхад даатгагч санаатайгаар зайлсхийсэн, эсхүл даатгагч тухайн нөхцөл байдлын талаар мэдэж байсан бол энэ хуулийн 114.3-т заасан журам үйлчлэхгүй.
114.5Ноцтой нөхцөл байдлын тухай мэдээнд буруу ташаа баримт дурдсан бол даатгагч гэрээнээс татгалзаж болох бөгөөд даатгагч энэ мэдээ баримтын буруу ташааг мэдэж байсан, эсхүл ийм мэдээ ирүүлсэнд даатгуулагч буруугүй бол гэрээнээс татгалзах эрхгүй.
114.6Даатгуулагч аюул учрах нөхцөл байдлын тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдээлэх үүргээ санаатайгаар биелүүлээгүй бол даатгагч гэрээг цуцлах эрхтэй.
114.7Даатгалын тохиолдол бий болсноос хойш даатгагч гэрээ цуцлахаар мэдэгдсэн бөгөөд даатгуулагч ноцтой нөхцөл байдлын талаар заавал мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь даатгалын тохиолдол бий болох болон даатгагчаас үүргээ биелүүлэхэд нөлөөлөөгүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй.
115 дугаар зүйлДаатгалын хураамж төлөх үүрэг
115.1Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй бол даатгагч хураамж төлөх 15 хоногийн нэмэлт хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацааг дахин хэтрүүлбэл үүсэх үр дагаврыг даатгагч бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
115.2Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй.
115.3Даатгалын тохиолдол бий болохоос өмнө даатгуулагч даатгалын гэрээнээс татгалзсан бол даатгагч эрсдэлийг өөртөө хүлээж байсан хугацаанд тохирох даатгалын хураамж болон гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээнийхээ хөлсийг даатгуулагчаас шаардах эрхтэй.
115.4Даатгагчийн төлбөрийн чадвар үлэмж доройтож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахааргүй нөхцөл бий болсон бол даатгуулагч даатгалын хураамж төлөхөөс татгалзах эрхтэй.
116 дугаар зүйлДаатгалын үнэлгээний хэмжээ
116.1Даатгалын үнэлгээний хэмжээг талууд харилцан тохиролцож тодорхойлно.
116.2Эд хөрөнгийг даатгах тохиолдолд даатгагч эд хөрөнгийг үзэж үнэлгээний хэмжээг тогтоох эрхтэй.
116.3Эд хөрөнгийн даатгалын үнэлгээний хэмжээ тухайн үеийн зах зээлийн үнээс илүүгүй байна.
116.4Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс илүү байвал эд хөрөнгийн өртгөөс илүү гарсан хэсэгт нь гэрээ хүчин төгөлдөр бус байна.
116.5Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ эд хөрөнгийн өртгөөс бага байвал даатгалын тохиолдол бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулсан эд хөрөнгийн өртөгт даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгоно.
116.6Даатгалын гэрээгээр энэ хуулийн 116.5-д зааснаас илүү хэмжээгээр нөхөн төлбөр төлөхөөр зааж болох боловч энэ нь даатгалын үнэлгээний хэмжээнээс хэтэрч болохгүй.
116.7Даатгалын гэрээнд заасан бол даатгалын тохиолдол бий болсны улмаас олж чадаагүй ашиг, орлогыг даатгалын үнэлгээний хэмжээнд хамааруулж болно.
116.8Даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс үлэмж их болох нь тогтоогдвол даатгагч даатгалын үнэлгээний хэмжээг бууруулах, даатгуулагч хураамжийг багасгахыг тус тус шаардах эрхтэй.
116.9Даатгуулагч даатгалын үнэлгээний хэмжээг зориуд өсгөсөн бол гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох бөгөөд энэ байдлыг даатгагч гэрээ байгуулах үедээ мэдээгүй байсан бол гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцохоос өмнө даатгуулагчийн төлсөн хураамж даатгагчид үлдэнэ.
117 дугаар зүйлДаатгалын тохиолдол бий болох үед даатгагч, даатгуулагчийн хүлээх үүрэг
117.1Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
117.2Даатгалын тохиолдол бий болсон үед даатгагч даатгалын тохиолдол, эсхүл нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай аливаа мэдээг даатгуулагчаас шаардах эрхтэй.
117.3Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй.
117.4Даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй.
117.5Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болох үед аюулыг зайлуулах, эсхүл хохирлыг багасгах арга хэмжээг даатгагчийн өгсөн зааврын дагуу авах бөгөөд үүнтэй холбогдон гарсан зардлыг даатгагч хариуцна.
118 дугаар зүйлДаатгалын төлөөлөгчийн эрх
118.1Даатгалын төлөөлөгч даатгалын гэрээ байгуулах эрхтэй.
118.2Даатгалын төлөөлөгчид даатгалын гэрээ байгуулах эрх олгосон бол гэрээний нөхцөлийг өөрчлөх, хугацааг сунгах, эсхүл гэрээг цуцалж болно.
119 дүгээр зүйлБусад этгээдэд ашигтайгаар даатгах даатгал
119.1Даатгуулагч өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд ашигтайгаар даатгалын гэрээ байгуулж болох бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр үүсэх бүхий л эрхийг ашиг сонирхол нь даатгагдсан этгээд /цаашид "ашиг сонирхол бүхий этгээд"-гэх/ эдлэх боловч даатгалын баталгаа олгохыг гагцхүү даатгуулагч шаардах эрхтэй.
119.2Ашиг сонирхол бүхий этгээд зөвхөн даатгалын баталгааг өөртөө авсан тохиолдолд даатгуулагчтай зөвшилцөхгүйгээр гэрээнд заасан эрхээ эдлэх, эсхүл ийнхүү эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандах эрхтэй.
119.3Даатгагч даатгуулагчид даатгалын баталгаа олгосон бол даатгуулагч ашиг сонирхол бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээ ёсоор эдлэх аливаа эрхийг эдлэх, гэрээнд зааснаар шагнал авах, эсхүл ашиг сонирхол бүхий этгээд даатгалын баталгаа авсан нөхцөлд түүнд эрхийг нь шилжүүлэх эрхтэй.
119.4Ашиг сонирхол бүхий этгээд даатгалын гэрээг хүлээн зөвшөөрч байгааг даатгуулагч нотолсон тохиолдолд даатгагч ашиг сонирхол бүхий этгээдийн төлөө нөхөн төлбөр гүйцэтгэх үүрэгтэй.
120 дугаар зүйлНийгмийн даатгал
120.1Нийгмийн даатгалын төрөл, хэлбэрийг хуулиар тогтооно.
120.2Нийгмийн даатгалтай холбогдон үүсэх харилцааг хуулиар зохицуулна.
121 дүгээр зүйлГэм хорын даатгал
121.1Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
121.2Иж бүрдэл бүхий эд хөрөнгө даатгуулсан бол түүний бүрэлдэхүүнд багтах бүх эд хөрөнгөд даатгал нэгэн адил хамаарна.
121.3Төлсөн даатгалын хураамж нь даатгалын тохиолдол бий болоход учирсан хохирлоос илүү эсэхээс үл хамааран даатгагч даатгуулагчид учирсан хохирлын хэмжээгээр нөхөн төлбөр төлнө.
121.4Даатгуулагч нэг ашиг сонирхлыг хэд хэдэн даатгагчид нэгэн зэрэг даатгуулсан бол энэ тухай даатгагч бүрд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
121.5Энэ хуулийн 121.4-т заасан тохиолдолд даатгалын үнэлгээний хэмжээ нь нийлбэр дүнгээрээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс давсан, эсхүл өөр шалтгаанаар хохирлыг нөхөн төлөх хэлбэрээр олгох мөнгө нь нийлбэр дүнгээрээ хохирлын хэмжээнээс давж байвал даатгагчид хамтран үүргээ биелүүлнэ. Энэ тохиолдолд даатгуулагч хохирлын хэмжээнээс давсан нөхөн төлбөр шаардах эрхгүй.
121.6Тусгай гэрээнд заасан тохиолдолд дайны үед учирсан гэм хорыг даатгагч хариуцна.
121.7Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах, эсхүл шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө.
121.8Хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах даатгуулагчийн эрх нь түүнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүнд хамааралтай бол уг гишүүн санаатай хохирол учруулснаас бусад тохиолдолд түүний зөвшөөрөлгүйгээр шаардах эрхийг шилжүүлж болохгүй.
121.9Даатгуулсан эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлсэн бол даатгуулагчийн эрх шинэ өмчлөгчид шилжинэ. Эд хөрөнгө ийнхүү шилжсэнийг даатгуулагч болон шинэ өмчлөгч даатгагчид нэн даруй мэдэгдэнэ.
121.10Даатгуулагч болон шинэ өмчлөгч энэ хуулийн 121.9-т заасан үүргээ биелүүлээгүй тухай даатгагч мэдвэл зохих байсан үеэс хойш 1 сар өнгөрсний дараа даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө.
121.11Даатгагч гэрээг цуцлах 1 сарын хугацааг баримтлан эд хөрөнгийн шинэ өмчлөгчтэй даатгалын харилцаагаа дуусгавар болгох эрхтэй.
121.12Энэ хуулийн 121.9-т зааснаар эд хөрөнгө өөр этгээдэд шилжсэнийг даатгагч мэдсэнээс хойш 1 сарын дотор шинэ өмчлөгчтэй даатгалын гэрээг дуусгавар болгох эрхээ хэрэгжүүлээгүй бол уг эрх хүчингүй болно.
121.13Даатгалын эрх шилжүүлэн авсан этгээд нэн даруй, эсхүл даатгалын тухайн үе дуусахад даатгалын гэрээг цуцлах эрхтэй.
121.14Шинэ өмчлөгч эд хөрөнгө шилжүүлэн авахдаа даатгалын гэрээний тухай мэдээгүй бөгөөд энэ тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор гэрээ цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй бол уг эрх нь хүчингүй болно.
121.15Гэрээг энэ хуулийн 121.11, 121.13-т заасан үндэслэлээр цуцалсан бол эд хөрөнгийн эрхээ шилжүүлсэн даатгуулагч даатгагчид даатгалын хураамж төлөх үүрэгтэй бөгөөд хураамж нь гэрээ цуцлах үеийг оролцуулан тооцсон гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байсан хугацаанд төлбөл зохих хэмжээнээс хэтрэхгүй. Энэ тохиолдолд эрх шилжүүлэн авсан этгээд даатгалын хураамж төлөх үүрэг хүлээхгүй.
121.16Гуравдагч этгээдийн ашиг сонирхлын төлөө амь нас даатгах гэрээ байгуулах тохиолдолд уг этгээд, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг бичгээр авна.
121.17Амь насаа даатгуулсан этгээд амиа хорлосон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө.
121.18Гуравдагч этгээдэд ашигтайгаар амь нас даатгасан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр авах эрх бүхий гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийн улмаас даатгагдсан этгээд нас барсан бол уг этгээд даатгалын нөхөн төлбөр авах эрхээ алдана.
121.19Даатгалтай холбоотой шаардлагыг хангах шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж байгаа, эсхүл даатгагч дампуурсантай холбоотой хэргийг хянан шийдвэрлэж байгаа бол даатгалын гэрээнд нэр заагдсан даатгалын нөхөн төлбөр авах эрх бүхий этгээд даатгуулагчийн оронд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй. Даатгуулагч дампуурсантай холбоотойгоор даатгалын гэрээ цуцлагдсан нөхцөлд даатгалын нөхөн төлбөр авах эрх бүхий этгээд нь даатгагчаас шаардвал зохих мөнгөний хэмжээгээр дампуурлын үед даатгуулагчийн бусдад хуваарилагдах хөрөнгийг бүрдүүлэхэд оролцох үүрэгтэй.
121.20Хэрэв даатгалын нөхөн төлбөр авах эрх бүхий этгээд энэ хуулийн 121.19-д заасан эрхийг эдлэх сонирхолгүй, эсхүл гэрээнд даатгалын нөхөн төлбөр авах этгээдийн нэрийг заагаагүй бол даатгуулагчийн хууль ёсны өв залгамжлагч уг эрхийг эдэлж болно.
122 дугаар зүйлХариуцлагын даатгал
122.1Хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй.
122.2Гуравдагч этгээд өөрт учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхээр даатгагчид шууд шаардлага гаргасан бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргийн хэмжээнд уг гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ.
122.3Гуравдагч этгээдийн шаардлагаас өөрийгөө хамгаалах зорилгоор гаргасан шүүхийн болон шүүхийн бус бусад зардлыг хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй нөхөн төлөх шаардлагатай бол энэхүү зардал даатгалд нэгэн адил хамаарна.
122.4Гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхэд хүргэсэн нөхцөл байдлыг даатгуулагч санаатай бий болгосон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө.
122.5Даатгагч даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээсээ бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлөгдсөн байсан ч албан журмаар даатгах даатгалын хувьд даатгагчийн гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага хүчин төгөлдөр байна.
122.6Энэ хуулийн 122.5-д заасан үүргийнхээ дагуу даатгагч нь гуравдагч этгээдийн шаардлагыг хангасан бол гуравдагч этгээдээс даатгуулагчид гаргах шаардлага даатгагчид шилжинэ.
ХОРЬДУГААР БҮЛЭГ
ЗЭЭЛ ТООЦООНЫ ҮҮРЭГ
Нэгдүгээр дэд бүлэг
Төлбөр тооцоо
123 дугаар зүйлТөлбөр тооцооны гэрээ
123.1Төлбөр тооцооны гэрээгээр банк, эрх бүхий бусад хуулийн этгээд /цаашид "төлбөр тооцоо гүйцэтгэгч" гэх/ нь иргэн болон хуулийн этгээд /цаашид "харилцагч" гэх/-ийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ.
123.2Хуульд өөрөөр заагаагүй бол бэлнээр хийх төлбөр тооцоог банк, эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэж болно.
123.3Бэлэн бусаар хийх төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, аккредитив, инкасс, чек, вексель, төлбөрийн карт, электрон төлбөр тооцоо, зээлжих эрх, зээлээр хийх төлбөр тооцоо болон төлбөр тооцооны бусад хэрэгслээр гүйцэтгэж болно.
123.4Төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг, эсхүл зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ.
123.5Хуульд өөрөөр заагаагүй бол дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй.
123.6Банк, эрх бүхий хуулийн этгээд нь харилцагчийн төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг шалгах эрхтэй.
123.7Төлбөр тооцооны гэрээгээр талууд төлбөр тооцоо гүйцэтгэх үйлчилгээний хөлс төлөхөөр тохиролцож болно.
123.8Банк, төлбөр тооцоо хийх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хийх төлбөр тооцооны харилцааг хуулиар зохицуулна.
124 дүгээр зүйлТөлбөр тооцоо гүйцэтгэгчийн үүрэг
124.1Төлбөр тооцоо гүйцэтгэгч дараах үүрэгтэй:
124.1.1бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны нягтлан бодох бүртгэлийг хөтлөх;
124.1.2гэрээнд заасан хугацаанд харилцагчид түүний дансны талаар мэдээлэл, дансны хуулга өгөх;
124.1.3харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг, эсхүл зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх;
124.1.4хуульд зааснаас бусад тохиолдолд данс, гүйлгээтэй холбоотой нууцыг задруулахгүй байх;
124.1.5алдаатай хийсэн мөнгөн төлбөрийн гүйлгээг залруулж, харилцагчийг хохиролгүй болгох;
124.1.6харилцагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх;
124.1.7хуульд заасан бусад үүрэг.
125 дугаар зүйлХарилцагчийн эрх
125.1Харилцагч дараах эрхтэй:
125.1.1өөрийн данс, гүйлгээний талаарх мэдээллийг хэдийд ч авах;
125.1.2мөнгөн төлбөрийн гүйлгээг гүйцэтгэхээс өмнө төлбөрийн даалгавраа цуцлах;
125.1.3хуульд заасан бусад эрх.
125.2Энэ хуулийн 125.1.2-т заасан тохиолдолд харилцагч нь төлбөр тооцоо гүйцэтгэгчид нэн даруй мэдэгдэх бөгөөд төлбөр тооцоо гүйцэтгэгч нь төлбөрийн даалгаварт заасан мөнгийг харилцагчийн дансанд буцаан оруулна.
126 дугаар зүйлТөлбөр тооцооны гэрээг цуцлах
126.1Хууль, эсхүл гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд төлбөр тооцооны гэрээг хэдийд ч харилцан тохиролцож цуцалж болно.
127 дугаар зүйлАккредитив
127.1Аккредитив нээсэн банк нь үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлт, өгсөн үүрэг, зааврын дагуу гуравдагч этгээд /төлбөр авагч/-ээс тодорхой бичиг баримт хүлээн авч, хариуд нь түүнд, эсхүл түүний заасан этгээдэд мөнгө шилжүүлэх, төлбөр авагчийн бичсэн шилжих вексельд заасан төлбөрийг төлөх, зөвшөөрөх, эсхүл уг гүйлгээг гүйцэтгэхийг өөр банкинд даалгах үүрэг хүлээнэ.
127.2Үйлчлүүлэгч нь харилцан тохиролцсон хөлсийг банкинд төлнө.
127.3Аккредитивийн төлбөр тооцоог гүйцэтгэхэд олон улсад хэрэглэгддэг нийтлэг зохицуулалт, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлыг баримтална.
128 дугаар зүйлИнкасс
128.1Инкассийн төлбөр тооцоогоор төлбөр тооцоо гүйцэтгэгч нь үйлчлүүлэгчийн өгсөн даалгаврын дагуу, түүний зардлаар, төлбөр хариуцагчаас төлбөрийг хүлээн авах, эсхүл төлбөр хийх үүрэг хүлээнэ.
128.2Инкассийн төлбөр тооцоог гүйцэтгэхэд хууль, олон улсад хэрэглэгддэг нийтлэг зохицуулалт, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлыг баримтална.
Хоёрдугаар дэд бүлэг
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох
129 дүгээр зүйлБанк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ
129.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
129.2Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.
129.3Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна
130 дугаар зүйлБанк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн хүү
130.1Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй, эсхүл хүүгүй байж болно.
130.2Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.
130.3Зээлдүүлэгч зээлийн хүүгийнхээ хэмжээг нийтэд мэдээлэх үүрэгтэй.
131 дүгээр зүйлЗээлдэгчийн хариуцлага
131.1Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
131.2Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Энэ заалт зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна.
132 дугаар зүйлҮүрэг гүйцэтгэх дараалал
132.1Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн төлсөн мөнгөн хөрөнгө нь зээл, зээлийн хүүг төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд уг мөнгөн хөрөнгөнөөс зээл болон зээлийн хүүг тэнцүү хэмжээгээр төлүүлэх бөгөөд мөнгөн хөрөнгө үлдсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, эцэст нь гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлүүлэх дарааллаар үүргийг гүйцэтгүүлнэ.
132.2Зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө зээлдэгчийн хэсэгчлэн төлсөн төлбөр нь зээлийн хуваарьт төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд уг төлбөрөөс зээлийн гэрээний аль үүргийг тэргүүн ээлжинд гүйцэтгүүлэхийг талууд гэрээгээр харилцан тохиролцоно.
Гуравдугаар дэд бүлэг
Мөнгөн хадгаламж
133 дугаар зүйлМөнгөн хадгаламжийн гэрээ
133.1Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ.
133.2Мөнгөн хадгаламжийн гэрээнд хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээ, түүнийг тооцох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс талуудын хүлээх хариуцлагыг тусгана.
133.3Хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн хадгаламжийн гэрээг хадгаламжийн дэвтэр, хадгаламжийн сертификат болон хуульд заасан бусад арга хэрэгслийг ашиглан бичгээр байгуулна.
133.4Хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй.
133.5Хуульд өөрөөр заагаагүй бол банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд хадгалуулагчийн мөнгөн хадгаламжийн нууцыг хадгалах, холбогдох гүйлгээний талаарх мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.
133.6Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд мөнгөн хадгаламжийг даатгуулж болно.
133.7Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд мөнгөн хадгаламжийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.
133.8Мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгалуулсан мөнгөө шаардахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.
134 дүгээр зүйлМөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа
134.1Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой, эсхүл тодорхой бус хугацаагаар байгуулна.
134.2Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол хадгалагч нь хадгалуулагчийн хүссэн цагт түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүүг төлөх үүрэгтэй.
134.3Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол банк уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх бөгөөд гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч мөнгөө буцаан авах шаардлага тавиагүй бол уг гэрээг цаашид тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно.
134.4Тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй.
135 дугаар зүйлБанк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн мэдээлэл
135.1Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд санхүүгийн тайлан, мэдээллийг хуульд заасан хугацаанд нийтэд мэдээлэх үүрэгтэй.
135.2Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд өөрийн төлбөр гүйцэтгэх чадвар, найдвартай байдлын талаарх мэдээллийг хадгалуулагчид гаргаж өгөх үүрэгтэй.
135.3Энэ хуулийн 135.2-т заасан мэдээллийг буруу, ташаа мэдээлсэн банк нөхөх хариуцлага хүлээнэ.
Дөрөвдүгээр дэд бүлэг
Банкны баталгаа
136 дугаар зүйлБанкны баталгааны гэрээ
136.1Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.
136.2Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэнэ.
136.3Гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч банк нь нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхгүй.
136.4Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд өөрөөр заагаагүй бол банкны баталгааны талаарх шаардах эрхээ бусдад шилжүүлж болохгүй.
136.5Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн баталгаа бүхий үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр шаардана.
136.6Энэ хуулийн 136.5-д заасан шаардлагыг банкны баталгааны гэрээнд заасан хугацаанд гаргана.
136.7Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хүлээн авсан даруй үүрэг гүйцэтгэгчид энэ тухай мэдэгдэж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага болон түүнд хавсаргасан баримт бичгийн хуулбарыг шилжүүлнэ.
136.8Баталгаа гаргагч банк ердийн боломжит хугацааны дотор үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргасан шаардлага, түүнд хавсаргасан баримт бичиг нь гэрээний нөхцөлд нийцэж байгаа эсэхийг тогтооно.
136.9Үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргасан шаардлага, түүнд хавсаргасан баримт бичиг нь гэрээний нөхцөлд нийцээгүй, эсхүл гэрээнд заасан хугацаанд гаргаагүй бол баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахаас татгалзах эрхтэй бөгөөд энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид нэн даруй мэдэгдэнэ.
136.10Банк үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахаас өмнө үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн, тухайн үүрэг бусад үндэслэлээр дуусгавар болсон, эсхүл хүчин төгөлдөр бус болсон бол баталгаа гаргагч банк энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид нэн даруй мэдэгдэнэ. Үүрэг гүйцэтгүүлэгч энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг дахин шаардвал банк шаардлагыг хангаж, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлнэ.
136.11Баталгаа гаргагч банкны хүлээх хариуцлага гэрээнд заасан хэмжээгээр хязгаарлагдана.
136.12Банкны баталгааны гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч банкны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хүлээх хариуцлага энэ хуулийн 136.11-д заасан хэмжээнээс үл хамаарна.
136.13Баталгаа гаргагч банкны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүрэг дараах тохиолдолд дуусгавар болно:
136.13.1баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн;
136.13.2гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон;
136.13.3үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд заасан шаардах эрхээсээ татгалзсан.
136.14Баталгаа гаргагч банкны үүрэг энэ хуулийн 136.13-т заасны дагуу дуусгавар болсон бол банк энэ тухай нэн даруй үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэнэ.
136.15Банк, үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж төлсөн мөнгийг үүрэг гүйцэтгэгчид сөрөг нэхэмжлэл гаргах замаар буцаан авах журмыг баталгаа гаргагч болон үүрэг гүйцэтгэгч гэрээгээр харилцан тохиролцоно.
136.16Баталгаа гаргагч банк гэрээний нөхцөлийг зөрчиж үүрэг гүйцэтгүүлэгчид төлбөр төлсөн, эсхүл энэ хуулийн 136.12-т заасны дагуу хариуцлага хүлээсэн бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгчээс дээрх мөнгийг шаардах эрхгүй.
136.17Энэ хуулиар зохицуулаагүй банкны баталгаатай холбогдсон бусад харилцааг олон улсын хэмжээнд хэрэглэдэг нийтлэг зохицуулалт, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлаар зохицуулна.
ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ТООЦОО НИЙЛЭХ
137 дугаар зүйлТооцоо нийлэх гэрээ
137.1Тооцоо нийлэх гэрээгээр талууд өөрсдийн ажил хэргийн харилцаанаас харилцан бие биедээ үүссэн шаардах эрх болон үүрэг, түүний хүүг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцож дуусгавар болгон гэрээний талуудад үүссэн үлдэгдлийг тодорхойлох замаар тооцоог хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ. Гэрээний дор хаяж нэг тал нь аж ахуй эрхлэгч байна.
137.2Гэрээний талуудад үүссэн үлдэгдлийг тооцоо нийлэх гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ.
137.3Гэрээнд өөрөөр заагаагүй бол тооцоогд жилд нэг удаа хаана.
137.4Тооцоо нийлэх гэрээний талуудад үүссэн үлдэгдэлд хүү тооцож болно.
137.5Үүргийн гүйцэтгэлийг хангах аль нэг аргыг хэрэглэхээр талууд тохиролцсон шаардах эрхийг тооцоо нийлэх гэрээнд хамааруулсан бол тооцоог хааснаар гэрээний талуудад үүсэх үлдэгдэл болон тухайн шаардах эрхийн давхцал үүссэн хэсгийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах тухайн тохиролцсон аргыг хэрэглэхээр шаардах эрхтэй.
137.6Тооцоо нийлэх гэрээнд хамааруулсан шаардах эрхийн талаар гуравдагч этгээд хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар хариуцлага хүлээх тохиолдолд тухайн гуравдагч этгээдийн эсрэг шаардах эрхийг хэрэгжүүлэхэд энэ хуулийн 137.5-д заасан зохицуулалтыг нэгэн адил хэрэглэнэ.
ХОРИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
138 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
138.1Энэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Төсөл
(Төсөл 05.23 .docx)