Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Доржзовдын ЭНХТУЯА
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 6-Р САРЫН 23 ӨДӨР
УЛААНБААТАР

Асрах үйлчилгээний тухай

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь асрах үйлчилгээний эрх зүйн үндсийг тогтоож, үйлчилгээний төрөл, хэлбэр, шаардлага, үйлчилгээ үзүүлэгч болон асруулагчийн эрх, үүрэг, санхүүжилт, төрийн дэмжлэг, зохицуулалт, хяналттай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлАсрах үйлчилгээний хууль тогтоомж
2.1Асрах үйлчилгээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хуулийн үйлчлэл нь бие даан амьдрах, нийгмийн харилцаанд оролцоход хүндрэлтэй, бусдын туслалцаа, дэмжлэг шаардлагатай хүнд үзүүлэх асрах үйлчилгээтэй холбогдсон харилцаанд хамаарна.
3.2Асрах үйлчилгээнд дараах хүн хамрагдана:
3.2.1өндөр насжилт, архаг өвчин болон өвчний хүндрэлээс шалтгаалан өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх боломжгүй болсон хүн;
3.2.2хөгжлийн бэрхшээлээс шалтгаалан ахуйн болон нөхөн сэргээх асаргаа, байнгын асаргаа, дэмжлэг шаардлагатай хүн;
3.2.3тодорхой хугацаанд асаргаа, нөхөн сэргээх дэмжлэг, хүний эрхийн хамгаалал, нийгмийн оролцоог хангах зэрэг хосолсон үйлчилгээ шаардлагатай хүн;
3.2.4жирэмсний болон төрсний дараах үед ахуйн асаргаа, сэргээн засах асаргаа шаардлагатай эх, нярай;
3.2.5дэмжлэг, асрамж, хамгаалал шаардлагатай насанд хүрээгүй хүн.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1"асрах үйлчилгээ” гэж асаргаа шаардлагатай хүнд орон байр, хоол хүнс, хувцас, ахуй, сувилахуйн болон бие бялдар, нийгэм, сэтгэл зүйн хэрэгцээг хангах, тэдний амьдралын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилготой дэмжлэг, үйлчилгээг;
4.1.2“асрах үйлчилгээний ажилтан” гэж асрах үйлчилгээ үзүүлэх чиглэлээр зохих сургалт, мэргэшил эзэмшсэн хүнийг;
4.1.3“асруулагч” гэж өндөр насжилт, хөгжлийн бэрхшээл, архаг өвчин, танин мэдэхүйн хомсдол болон бусад шалтгааны улмаас өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг урт хугацаанд бие даан гүйцэтгэх боломжгүй, асрах үйлчилгээ шаардлагатай хүнийг;
4.1.4“ахмад настан” гэж Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг;
4.1.5“өдөр тутмын ахуйн асаргаа” гэж өндөр насжилт, архаг өвчин, хөгжлийн бэрхшээл болон бусад шалтгааны улмаас өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх боломжгүй хүнд ахуйн хэрэгцээ, бие бялдар, сэтгэл зүй, орон байр, хоол тэжээл, хөдөлгөөн болон орчны дэмжлэгийг цогцоор нь үзүүлэх үйлчилгээг;
4.1.6“сэргээн засах асрах үйлчилгээ” гэж өндөр насжилт, өвчин, гэмтэл, хөгжлийн бэрхшээлийн улмаас алдагдсан бие бялдар, хөдөлгөөн, танин мэдэхүй, сэтгэл зүйн чадварыг сэргээх, хадгалах, сайжруулах зорилгоор асаргаа, сувилахуйн болон сэргээн засах дэмжлэгийг цогцоор нь үзүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй уялдсан асрах үйлчилгээг;
4.1.7“түр асаргаа” гэж асруулагчид тодорхой хугацаанд мэргэжлийн орчинд асаргаа үзүүлэх замаар асран хамгаалагч, гэр бүлийн гишүүдэд амралт олгох зорилготой асрах үйлчилгээг ойлгоно;
4.1.8“үйлчилгээ үзүүлэгч этгээд” гэж тусгай зөвшөөрлийн үндсэн дээр асрах үйлчилгээний төрөл, ангилалд нийцсэн стандарт, хүний нөөц, тоног төхөөрөмжийн шаардлагыг хангасан, асрах үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг;
4.1.9“хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан хүнийг;
4.1.10“хувилбарт асрах үйлчилгээ” гэж асруулагчийн хэрэгцээ, эрсдэлийн үнэлгээ, бие даах чадварын түвшинд үндэслэн гэрээр, байгууллагад байршуулан, өдрийн үйлчилгээний төвөөр, эсхүл хөдөлгөөнт хэлбэрээр үзүүлэх асрах үйлчилгээний хэлбэрийг;
4.1.11“хувилбарт асрах үйлчилгээний төв” гэж энэ хуулийн 4.1.1-д заасан асрах үйлчилгээг үзүүлэх зорилгоор байгуулагдсан, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан, уг үйлчилгээг тасралтгүй, түр, өдрөөр, цагаар болон хөдөлгөөнт хэлбэрээр зохион байгуулан хэрэгжүүлэх байгууллагыг;
4.1.12“хүний эрх, нийгмийн оролцооны дэмжлэг” гэж асруулагчийн нэр төр, эрх, өмч, санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах, нийгмийн харилцаа, соёл, мэдээллийн хүртээмжийг хангах, оролцоог дэмжих, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг арилгах зорилготой үйлчилгээний цогц арга хэмжээг;
4.1.13.“эрсдэлийн үнэлгээ” гэж асруулагчийн бие бялдар, сэтгэл зүй, санхүү, эрхийн эрсдэлийг тодорхойлж, шаардлагатай анхаарал, тусламжийн түвшинг тогтоох зорилготой үнэлгээг.
5 дугаар зүйлАсрах үйлчилгээнд баримтлах зарчим
5.1Асрах үйлчилгээнд дараах зарчмыг баримтална:
5.1.1асруулагчийн амь нас, аюулгүй байдлыг хангах, нэр, нэр төр, эрх, эрх чөлөөг хүндэтгэх;
5.1.2асруулагчийн хувийн мэдээлэл, нууцлалыг хамгаалах, ялгаварлан гадуурхахгүй, тэгш хүртээмжтэй байх;
5.1.3асруулагчийн хүсэл, сонголт, оролцоог хүндэтгэх;
5.1.4асрах үйлчилгээний хүртээмжийг хангах;
5.1.5асрах үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах;
5.1.6асрах үйлчилгээний ил тод, хариуцлагатай байдлыг хангах;
5.1.7асрах үйлчилгээний салбарт хувийн хэвшлийн оролцоог дэмжих;
5.1.8ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, түүнээс ангид байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
АСРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, АНГИЛАЛ, ХЭЛБЭР
6 дугаар зүйлАсрах үйлчилгээний төрөл
6.1Асрах үйлчилгээ нь дараах төрлөөс бүрдэнэ:
6.1.1өдөр тутмын ахуйн асаргаа;
6.1.2сэргээн засах асрах үйлчилгээ;
6.1.3хүний эрх ба нийгмийн оролцооны дэмжлэг;
6.2Өдөр тутмын ахуйн асаргаа нь асруулагчийн хооллолт, хөдөлгөөн, хувийн ариун цэвэр, харилцаа, орчны хүртээмж, өдөр тутмын амьдралын зохион байгуулалт зэрэг үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
6.3Сэргээн засах асрах үйлчилгээ нь асруулагчийн бие бялдар, хөдөлгөөн, танин мэдэхүйн чадвар, сэтгэл зүйн байдлыг сайжруулах, хадгалах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор сэргээн засах дэмжлэг, сувилахуйн асаргаа, эмийн хэрэглээнд дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
6.4Хүний эрх, нийгмийн оролцооны дэмжлэг нь асруулагчийн нэр төр, эрх, өмч, санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах, нийгмийн харилцаа, соёл, мэдээллийн хүртээмжийг хангах, оролцоог дэмжих, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирлыг арилгах үйлчилгээний цогц арга хэмжээг хамарна.
6.5Хувилбарт асрах үйлчилгээ нь тусад нь болон хосолмол хэлбэрээр хэрэгжиж болно.
7 дугаар зүйлАсрах үйлчилгээний ангилал
7.1Асрах үйлчилгээ нь асруулагч хүний хэрэгцээ, бие даах чадварын түвшин, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн дараах хугацааны ангилалтай байна.
7.1.1цагийн болон өдрийн үйлчилгээ;
7.1.2түр асрах үйлчилгээ /30 хүртэл хоног/;
7.1.3богино хугацааны үйлчилгээ /1–6 сар/;
7.1.4урт хугацааны үйлчилгээ /6 сараас дээш/.
7.2Асруулагчийн хэрэгцээ, шаардлага, сонголтоос хамаарч асрах үйлчилгээ нь дараах хэлбэртэй байна:
7.2.1гэрээр үзүүлэх үйлчилгээ;гэрээр үзүүлэх үйлчилгээ;
7.2.2байгууллагад байршуулан үзүүлэх үйлчилгээ;
7.2.3явуулын буюу хөдөлгөөнт үйлчилгээ;
7.2.4өдрийн үйлчилгээ.
7.3Энэ хуулийн 7.1-д заасан асрах үйлчилгээг асруулагчийн гэрт, явуулын буюу хөдөлгөөнт хэлбэрээр, эсхүл байгууллагад байршуулан үзүүлж болно.
7.4Гэрийн үйлчилгээг асаргааны мэргэжилтэн болон дэмжлэг үзүүлэх баг асруулагчийн оршин суугаа газарт очиж үзүүлнэ.
7.5Байгууллагад байршуулан үзүүлэх үйлчилгээг хувилбарт асрах үйлчилгээний төв, асрах үйлчилгээний төв, сэргээн засах асрах төв болон хуульд заасан шаардлага хангасан байгууллагад тогтоосон стандартын дагуу үзүүлнэ.
7.6Явуулын буюу хөдөлгөөнт үйлчилгээг алслагдсан болон хүртээмжгүй бүсэд асаргааны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тухайн засаг захиргааны нэгжийн оролцоотойгоор хөдөлгөөнт баг, асаргааны мэргэжилтнээр дамжуулан асруулагчийн гэрт, эсхүл шаардлага хангасан түр төв, түр байранд үзүүлнэ.
7.7Өдрийн үйлчилгээг асруулагчийг хонуулахгүйгээр тухайн өдөрт багтаан үйлчилгээ үзүүлнэ.
7.8Төрөөс үзүүлэх хувилбарт асрах үйлчилгээ, хувийн хэвшлээс худалдан авах үйлчилгээний зардлыг тооцох, хөнгөлөлт, дэмжлэг олгох, даатгалын сангаас санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална.
7.9Хувилбарт асрах үйлчилгээ нь энэ хуулийн заасан үндсэн шаардлагыг хангасан байх бөгөөд үйлчилгээний нөхцөл, шаардлагыг Нийгмийн халамж болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
АСРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
8 дугаар зүйлАсрах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага
8.1Асрах үйлчилгээ нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
8.1.1хүний эрх, нэр төр, хувийн нууц, мэдээллийн нууцлалыг хамгаалсан байх;
8.1.2эрүүл мэндийн дэмжлэг, халдвар хамгаалал, эмийн хяналтын шаардлагыг ханган ажиллах;
8.1.3аюулгүй хүнс, зохистой хоол тэжээлээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн байх;
8.1.4сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, ялгаварлан гадуурхахгүй байх;
8.1.5хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэргээн засах үйлчилгээ болон орчны тохируулгатай байх;
8.1.6гамшиг, осол, аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээ хийсэн байх;
8.1.7үйлчилгээний баримтжуулалт, үйл ажиллагааны бүртгэл, хөтлөлтийг тогтмол хийдэг байх;
8.1.8хүний нөөцийн чадавх бэхжүүлэх хөтөлбөр, дотоод хяналтын тогтолцоо, ажилтнуудтай ёс зүйн хариуцлагын гэрээ байгуулсан байх;
8.1.9хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх, тогтолцоотой байх;
8.1.10асруулагчийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад шуурхай шилжүүлэх зохицуулалттай байх;
8.1.11асруулагчийн эрх ашиг, хэрэгцээ шаардлагад нийцсэн байх;
8.1.12хувилбарт асрах үйлчилгээ нь асаргааны мэргэжилтэн, асрах үйлчилгээ үзүүлэгч байгууллага, асруулагч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн хоорондын зөвшилцөл, хамтын хариуцлагад тулгуурласан, нээлттэй, уян хатан байх.
8.2Асрах үйлчилгээнд хамруулах хүнийг үнэлэх, үйлчилгээний төрлийг сонгох, өөрчлөх, шилжүүлэх журмыг нийгмийн халамж болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
9 дүгээр зүйлАсрах үйлчилгээнд тавигдах тусгай шаардлага
9.1Гэрийн үйлчилгээ нь дараах тусгай шаардлагыг хангасан байна:
9.1.1үйлчилгээ үзүүлэгч болон асруулагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчийн хооронд гэрээ байгуулж, эрсдэлийн үнэлгээ, эрсдлээс сэргийлэх хариу арга хэмжээний баримт бичгийг үйлдсэн байх;
9.1.2асруулагчийн хууль ёсны төлөөлөгч болон гэр бүлийн гишүүдийн оролцоо, үүргийг тодорхойлсон байх;
9.1.3үйлчилгээ үзүүлэх хугацаанд асаргааны мэргэжилтний үйлчилгээ үзүүлэх оролцоог хангасан байх;
9.1.4эрүүл мэндийн болон мэргэжлийн байгууллагатай тогтмол хамтын ажиллагаа, холбоо харилцаатай байх;
9.1.5үйлчилгээний баримтжуулалт, эрсдэлийн тэмдэглэл зэргийг нэгдсэн мэдээллийн системд бүртгэсэн байх.
9.2Байгууллагад байршуулан үзүүлэх үйлчилгээ нь дараахь тусгай шаардлагыг хангасан байна:
9.2.1галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан, холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлттэй байх;
9.2.2асруулагчийн хувийн орон зай, нууцлалыг хангах дотоод зохион байгуулалттай байх;
9.2.3сэргээн засах, хоол тэжээл, эрсдэлийн үнэлгээг хариуцах мэргэжлийн баг, мэргэжилтэнтэй байх;
9.2.4төлбөр, хандив, үйлчилгээний санхүүжилтийн ил тод байдлыг хангасан байх;
9.2.5ахмад настны эрүүл мэндийг хамгаалах, дэмжих хөтөлбөртэй байх;
9.2.6хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог дэмжих хөтөлбөртэй байх.
9.3Явуулын буюу хөдөлгөөнт үйлчилгээ нь дараахь тусгай шаардлагыг хангасан байна:
9.3.1үйлчилгээний орчинд халдвар хамгаалал, галын болон цахилгааны аюулгүй байдлыг шуурхай үнэлэх аргачлалтай байх;
9.3.2яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд асруулагчийг холбогдох байгууллагад нэн даруй шилжүүлэх зохицуулалттай байх;
9.3.3алслагдсан, хүн амын нягтрал багатай бүсэд чиглэсэн хүртээмжийг хангах зорилгоор тухайн засаг захиргааны байгууллагатай хамтран ажиллах;
9.3.4мэргэжлийн хүний нөөцийн тогтмол хангалт, давтан сургалтын төлөвлөгөөтэй байх;
9.3.5түр байр, хөдөлгөөнт нэгжийн орчныг тогтмол үнэлж, аливаа ослоос сэргийлэх, халдвар хамгааллын шаардлагыг хангасан аюулгүй ажиллагаа, эрсдэлийн хяналттай байх.
9.4Өдөр өнжүүлэх үзүүлэх үйлчилгээ нь дараах тусгай шаардлагыг хангасан байна:
9.4.1өдрийн үйлчилгээг асруулагчийн санал, хүсэлтэд нийцүүлэн уян хатан зохион байгуулах;
9.4.2асруулагчийг хонуулахгүйгээр үйлчилгээ үзүүлэх;
9.4.3хоол хүнс, эрүүл мэндийн дэмжлэг, сэтгэл зүй, нийгмийн оролцооны хөтөлбөрийг өдрийн багц үйлчилгээ хэлбэрээр хэрэгжүүлдэг байх;
9.4.4ахмад настны идэвхтэй насжилтыг дэмжих хөтөлбөртэй байх;
9.4.5хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог дэмжих хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлдэг байх.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АСРУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
10 дугаар зүйлАсруулагчийн эрх, үүрэг
10.1Асруулагч, түүний хууль ёсны төлөөлөгч нь асрах үйлчилгээ авахдаа дараах эрх эдэлнэ:
10.1.1үйлчилгээний төрөл, ангилал, хэлбэр, үйлчилгээ үзүүлэгчийг чөлөөтэй сонгох;
10.1.2амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалуулах;
10.1.3хүчирхийлэл, үл хайхрал, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хамгаалалтад хамрагдах;
10.1.4асрах үйлчилгээний талаар үнэн зөв, бүрэн мэдээлэл авах;
10.1.5өөрт тохирсон асаргааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох;
10.1.6хувийн мэдээлэл, нууцлалаа хамгаалуулах;
10.1.7нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хүндэтгүүлэх;
10.1.8үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан үйлчилгээ авах;
10.1.9шаардлагатай тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчийг солих, үйлчилгээ авахаас татгалзах;
10.1.10эрх бүхий байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлэх.
10.2Асруулагч, түүний хууль ёсны төлөөлөгч нь асрах үйлчилгээ авахдаа дараах үүрэг хүлээнэ:
10.2.1эрүүл мэндийн байдал, эмийн хэрэглээ, харшил, өвчний түүх, халдварт шинж тэмдэг, эмчилгээний зааврын талаарх мэдээллийг үнэн зөв, бүрэн мэдүүлэх;
10.2.2асрах үйлчилгээ үзүүлэгч болон асаргааны мэргэжилтэнтэй хамтран ажиллах, шаардлагатай мэдээлэл, дэмжлэг үзүүлэх;
10.2.3үйлчилгээний аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх;
10.2.4үйлчилгээний явц, эмийн хэрэглээ, хоол тэжээлийн талаар мэргэжлийн ажилтны өгсөн зааварыг дагаж мөрдөх;
10.2.5бусдын нэр төр, тайван амьдрах орчин, сэтгэл зүйн амгалан тайван байдлыг алдагдуулах, саад, хохирол учруулахгүй байх;
10.2.6байгууллагын өмч, үйлчилгээний тоног төхөөрөмжийг эвдэх, зориудаар гэмтээх, буруу хэрэглэхээс зайлсхийх;
10.2.7хүчирхийлэл, үл хайхрал, ялгаварлал, эрсдэлийн нөхцөл илэрсэн тохиолдолд нэн даруй мэдээлэх;
10.2.8халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, эмчилгээ хэвийн бус болсон нөхцөлд шуурхай мэдээлэх;
10.2.9төлбөртэй үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх
ТАВДУГААР БҮЛЭГ
АСРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
11 дүгээр зүйлАсрах үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг
11.1Асрах үйлчилгээ үзүүлэгч байгууллага, асаргааны мэргэжилтэн нь дараах эрх эдэлнэ:
11.1.1үйлчилгээ үзүүлэх нөхцөл, стандарт, дотоод журам, дэглэмийг тогтоож мөрдүүлэх;
11.1.2гэрээний нөхцөл, үйлчилгээний журам, аюулгүй ажиллагааны шаардлагыг удаа дараа ноцтой зөрчсөн тохиолдолд үйлчилгээ үзүүлэх гэрээг цуцлах;
11.1.3асруулагч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс асаргаанд шаардлагатай мэдээллийг хуульд заасан хүрээнд шаардах;
11.1.4үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор асруулагч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс хамтын ажиллагаа, дэмжлэг шаардах;
11.1.5үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу авах;
11.1.6асаргааны үйл ажиллагааг хэвийн явуулахад саад учруулсан, аюултай нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох байгууллагад хандах, хамгаалалт авах.
11.2Асрах үйлчилгээ үзүүлэгч нь дараах үүрэг хүлээнэ:
11.2.1асруулагчийн амь нас, аюулгүй байдал, нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах;
11.2.2асрах үйлчилгээг хууль тогтоомж, стандарт, журмын дагуу чанартай, тасралтгүй, хүртээмжтэй үзүүлэх;
11.2.3асруулагчийн хувийн мэдээлэл, нууцлалыг хамгаалах;
11.2.4асруулагчийн эрүүл мэндийн байдалд тогтмол хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад шилжүүлэх;
11.2.5үйлчилгээний явц, асаргааны төлөвлөгөө, эрсдэлийн үнэлгээ, баримтжуулалтыг тогтмол, үнэн зөв хөтлөх;
11.2.6асруулагч, түүний хууль ёсны төлөөлөгчид үйлчилгээний талаар үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх;
11.2.7хүчирхийлэл, үл хайхрал, ялгаварлал илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэх;
11.2.8ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх;
11.2.9халдвар хамгаалал, аюулгүй ажиллагааны дэглэмийг чанд мөрдөх;
11.2.10үйлчилгээ үзүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах тогтолцоог бүрдүүлж ажиллах;
11.2.11үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний үнийн бодлогыг шударга ёс, хүмүүнлэг зарчимд нийцүүлэн үйлчилгээний өртөг, чанар, хүртээмж болон үйлчилгээ авагчийн эрх ашгийг харгалзан тогтоох;
11.2.12асрах үйлчилгээ үзүүлэгч нь асруулагчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд шууд эрсдэл учирсан нөхцөл байдлыг мэдсэн даруйд шаардлагатай арга хэмжээ авч, холбогдох байгууллага болон хууль ёсны төлөөлөгчид мэдэгдэх үүрэгтэй.
12 дугаар зүйлҮйлчилгээ үзүүлэгчийн хууль зүйн баталгаа
12.1Асруулагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчөөс асрах үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг санаатайгаар худал, ташаа, дутуу өгсөн, эсхүл өвчний болон эмчилгээний түүхийг нуун дарагдуулснаас үүдэн бий болсон хор уршгийн төлөө асаргаа үзүүлэгч хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
АСРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА, УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
13 дугаар зүйлАсрах үйлчилгээний төв байгуулах эрх
13.1Иргэн, хуулийн этгээд нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд асрах үйлчилгээний төв байгуулж, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр асрах үйлчилгээ эрхэлнэ.
13.2Асрах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхцөл, шаардлагыг Нийгмийн халамж болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
13.3Асрах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.
14 дүгээр зүйлАсрах үйлчилгээний төвийн барилга, орчны шаардлага
14.1Асрах үйлчилгээний төвийн барилга байгууламж, орчин нь барилга, галын аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмжийн талаар хууль тогтоомж болон холбогдох стандартад нийцсэн байна.
14.2Асрах үйлчилгээний төвийн барилга, орчинд тавигдах нарийвчилсан нөхцөл, шаардлага, стандартыг Нийгмийн халамж болон Барилга, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
15 дугаар зүйлУдирдлага, зохион байгуулалт
15.1Асрах үйлчилгээний төвийн удирдлага, зохион байгуулалт нь хүний эрхийг дээдэлсэн, аюулгүй байдал, үйлчилгээний чанар, хүртээмж, тасралтгүй ажиллагааг хангахад чиглэсэн байна.
15.2Асрах үйлчилгээний төв нь нээлттэй, ил тод, хариуцлагатай удирдлагын тогтолцоотой байна.
15.3Асрах үйлчилгээг төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор дангаар болон хамтран хэрэгжүүлж болно.
15.4Асрах үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд нь хууль тогтоомжид заасны дагуу холбоо, мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулж болно.
15.5Асрах үйлчилгээний төв нь жил бүр үйлчилгээний чанар, хүний эрхийн хэрэгжилт, санхүүжилтийн товч тайланг олон нийтэд нээлттэйгээр мэдээлнэ.
16 дугаар зүйлХүний нөөц
16.1Асрах үйлчилгээний хүний нөөц нь үйлчилгээний төрөл, эрсдэлийн түвшин, асруулагчийн хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, чадавхтай байна.
16.2Асрах үйлчилгээний хүний нөөц нь өдөр тутмын ахуйн асрах үйлчилгээ болон сэргээн засах асрах үйлчилгээний онцлогт нийцсэн мэргэжлийн чиглэл, ур чадвар, шаардлагын дагуу бүрдсэн байна.
17 дугаар зүйлАсрах үйлчилгээний сургалт
17.1Асаргааны мэргэжилтэн, асрах үйлчилгээний ажилтны сургалтын агуулга, үргэлжлэх хугацаа, үнэлгээний шалгуур, гэрчилгээ олгох журмыг Боловсрол, эрүүл мэнд болон Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
17.2Асрах үйлчилгээний ажилтан нь батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсны үндсэн дээр асрах үйлчилгээ үзүүлнэ.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
АСРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО, ДЭМЖЛЭГ
18 дугаар зүйлТөрөөс баримтлах бодлого, чиг үүрэг
18.1Төр нь асрах үйлчилгээг нийгмийн зайлшгүй шаардлагатай мэргэжлийн үйлчилгээ гэж үзэж, түүний хүртээмж, чанар, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.
18.2Төрөөс асрах үйлчилгээг дэмжихдээ үйлчилгээ худалдан авах, санхүүжилт, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, үйл ажиллагааны болон бусад дэмжлэг үзүүлж болно.
18.3Асрах үйлчилгээг хөгжүүлэх арга хэмжээг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт тусган хэрэгжүүлнэ.
18.4Төр нь асрах үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт, хөгжлийн зээл, санхүүгийн үйлчилгээ, зээлийн хөнгөлөлт болон бусад дэмжлэгийн арга хэмжээг хэрэгжүүлж болно.
18.5Төр нь асрах үйлчилгээний талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
18.5.1асрах үйлчилгээний бодлого, стандарт, нөхцөл, шаардлагыг тогтоох;
18.5.2үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, магадлан итгэмжлэлтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах;
18.5.3асрах үйлчилгээнд хамруулах, хэрэгцээ, нөхцөл байдлыг үнэлэх нэгдсэн журмыг батлах;
18.5.4үйлчилгээний чанар, хүний эрх, аюулгүй байдалд хяналт тавих;
18.5.5төрийн худалдан авалт, санхүүгийн дэмжлэгийн бодлогыг хэрэгжүүлэх.
18.5.6Төр нь асрах үйлчилгээ үзүүлэгчийн бие даасан үйл ажиллагаанд хуульд зааснаас бусад үндэслэлээр хөндлөнгөөс оролцохгүй.
19 дүгээр зүйлДэд бүтэц, хөрөнгө оруулалтын дэмжлэг
19.1Асрах үйлчилгээний төвийн зориулалтаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу газар олгож, газрын төлбөрт хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж болно.
19.2Төр нь асрах үйлчилгээний төвийн барилга байгууламж, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалтад Нийгмийн халамжийн тухай хуульд заасан дэмжлэг үзүүлэхээс гадна дангаар болон хамтран санхүүжүүлж, байгуулж, ажиллуулж болно.
19.3Төрийн өмчийн ашиглалтгүй барилга байгууламж, газар, дэд бүтцийг асрах үйлчилгээний төвийн зориулалтаар тодорхой хугацаагаар ашиглуулж болно.
19.4Төрөөс дэмжлэг үзүүлэхдээ орон нутгийн хэрэгцээ, үйлчилгээний хүртээмж, эрсдэлийн үнэлгээг харгалзан үзнэ.
20 дугаар зүйлҮйлчилгээ худалдан авах, санхүүгийн дэмжлэг
20.1Төр нь асрах үйлчилгээний төвөөс асрах үйлчилгээ болон сэргээн засах асрах үйлчилгээ худалдан авч болно.
20.2Үйлчилгээ худалдан авах гэрээ нь гүйцэтгэлд суурилсан, хугацаатай байна.
21 дүгээр зүйлТатвар, төлбөр, зардлын хөнгөлөлт
21.1Төр нь асрах үйлчилгээ эрхлэгчдэд дараах дэмжлэг үзүүлж болно:
21.1.1татварын хөнгөлөлт, чөлөөлөлт;
21.1.2дулаан, цахилгааны төлбөрийн хөнгөлөлт;
21.1.3түрээсийн төлбөрийн хөнгөлөлт;
21.1.4зээлийн хөнгөлөлт;
21.2Энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, энэ зүйлийн 21.1.2, 21.1.3, 21.1.4-д заасан хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх нөхцөл, журам, хэмжээг Засгийн газар батална
22 дугаар зүйлЭрсдэлийн болон онцгой нөхцөлийн үеийн дэмжлэг
22.1Алслагдсан, хүн амын нягтрал багатай бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа асрах үйлчилгээний төвд төрөөс нэмэлт дэмжлэг үзүүлж болно.
22.2Гамшиг, халдварт өвчин болон онцгой нөхцөлийн үед төр нь асрах үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор санхүүгийн болон хүнийн нөөц, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ
САНХҮҮЖИЛТ, ТӨЛБӨРИЙН ТОГТОЛЦОО
23 дугаар зүйлСанхүүжилт
23.1Асрах үйлчилгээний санхүүжилт нь хүртээмж, чанар, тогтвортой байдлыг хангах, үйлчилгээ авагчийн эрх ашгийг хамгаалах зарчимд үндэслэнэ.
23.2Асрах үйлчилгээний санхүүжилтэд төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил болон бусад хуульд заасан этгээд бүрэн буюу хэсэгчлэн оролцож болно.
24 дүгээр зүйлСанхүүжилтийн эх үүсвэр
24.1Асрах үйлчилгээний санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
24.1.1асрах үйлчилгээ үзүүлэгчийн өөрийн хөрөнгө;
24.1.2улсын болон орон нутгийн төсөв, төсвөөс хуульд заасны дагуу олгох санхүүгийн дэмжлэг;
24.1.3төрөөс үйлчилгээ худалдан авах санхүүжилт;
24.1.4үйлчилгээ авагчийн төлсөн төлбөр;
24.1.5асрах үйлчилгээний даатгалын санхүүжилт;
24.1.6олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөр, хандивын санхүүжилт;
24.1.7хуульд хориглоогүй бусад эх үүсвэр.
25 дугаар зүйлҮйлчилгээний төлбөр
25.1Асрах үйлчилгээ авагч нь үйлчилгээний төрөл, хэмжээ, өртөгт тохирсон төлбөр төлнө.
25.2Үйлчилгээний төлбөрийг дараах хүчин зүйлийг харгалзан тогтооно:
25.2.1үйлчилгээний төрөл, хэлбэр;
25.2.2үйлчилгээний хугацаа, эрчим;
25.2.3асруулагчийн төлбөрийн чадвар.
25.3Төлбөрийн чадваргүй иргэнд төрөөс үйлчилгээ худалдан авах хэлбэрээр санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.
25.4Үндэсний баялгийн сангийн хуримтлалын санд хуримтлагдаж, иргэний нэрийн дансанд бүртгэгдсэн хөрөнгийг тухайн иргэн асрах үйлчилгээ авахтай холбоотой төлбөр, зардлыг санхүүжүүлэхэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу ашиглаж болно.
26 дугаар зүйлАсрах үйлчилгээний даатгал
26.1Асрах үйлчилгээний даатгал нь асрах үйлчилгээ шаардлагатай болсон тохиолдолд үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилго бүхий сайн дурын даатгалын тогтолцоо байна.
26.2Иргэн асрах үйлчилгээний даатгалд сайн дурын үндсэн дээр хамрагдаж болно.
26.3Асрах үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээ үзүүлэх явцад бусдад учруулж болзошгүй хохирол, хариуцлагын эрсдэлийг хамгаалах зорилгоор хариуцлагын даатгалд даатгуулсан байна.
26.4Асрах үйлчилгээний даатгалын нөхцөл, хамрах хүрээ, даатгалын тохиолдол, нөхөн төлбөр олгох журмыг даатгалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтооно.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
27 дугаар зүйлТөрийн хяналт
27.1Асрах үйлчилгээний үйл ажиллагаанд төрөөс хууль тогтоомж, үйлчилгээний стандарт, чанар, аюулгүй байдлын шаардлагын хэрэгжилтэд хяналт тавина.
27.2Асрах үйлчилгээний үйл ажиллагаанд тавих төрийн хяналтыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, улсын байцаагч болон хуульд заасан бусад эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.
28 дугаар зүйлХариуцлага
28.1Энэ хуулийг зөрчсөн этгээдэд үйлдлийн шинж, учруулсан хохирол, үр дагаврыг харгалзан Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
28.2Энэ хуулийн 28.3.1-28.3.11-д заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эрх бүхий байгууллага зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал гаргах, эсхүл хуульд заасан бусад арга хэмжээ авч болно.
28.3Дараах үйлдлийг ноцтой зөрчилд тооцно:
28.3.1асрах үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шаардлага, стандарт, журмыг ноцтой зөрчих;
28.3.2асруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих;
28.3.3төрөөс олгосон санхүүжилт болон асрах үйлчилгээний зориулалттай хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах;
28.3.4асруулагчид бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн болон эдийн засгийн дарамт, хүчирхийлэл, үл хайхрах үйлдэл гаргах;
28.3.5асруулагчийн хувийн мэдээлэл, эрүүл мэндийн мэдээлэл болон хуульд хамгаалагдсан бусад нууц мэдээлэлд халдах;
28.3.6асруулагчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулсан, эсхүл учруулах үйлдэл, эс үйлдэхүй гаргах;
28.3.7асрах үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зөвшөөрөл, эрх, мэргэжлийн шаардлага хангахгүйгээр үйлчилгээ үзүүлэх;
28.3.8асруулагчийн баримт бичиг, эд хөрөнгө, мөнгөн хөрөнгө, өмчийг хууль бусаар ашиглах, захиран зарцуулах;
28.3.9хяналт шалгалтад саад учруулах, хуурамч мэдээлэл гаргах, шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг санаатайгаар нуун дарагдуулах;
28.3.10асруулагчийг ялгаварлан гадуурхах, нэр төр, алдар хүндэд нь халдах;
28.3.11асрах үйлчилгээний бүртгэл, тайлан, санхүүгийн болон эрүүл мэндийн мэдээллийг хуурамчаар үйлдэх, өөрчлөх, устгах.
29 дүгээр зүйлМаргаан шийдвэрлэх
29.1Асрах үйлчилгээтэй холбоотой маргааныг талууд эвлэрүүлэн зуучлах болон үйлчилгээ үзүүлэгчийн дотоод гомдол шийдвэрлэх журмаар шийдвэрлэж болно.
29.2Талууд маргааныг эвлэрүүлэн шийдвэрлэж чадаагүй тохиолдолд шүүхэд хандана. Хуульд зөвшөөрсөн болон арбитрын хэлэлцээр байгуулсан тохиолдолд арбитрын журмаар шийдвэрлүүлж болно.
АРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
30 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
30.1Энэ хуулийг 2026 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Дагалдаж өөрчлөлт оруулах хууль тогтоомжийн төсөл
(2026_06_12_Дагалдаж_өөрчлөлт_оруулах_хууль_тогтоомжийн_төсөл.docx)