Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2023 ОНЫ 6-Р САРЫН 23 ӨДӨР
УЛААНБААТАР

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг тогтоох, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлХөрөнгө оруулалтын хууль тогтоомж
2.1Хөрөнгө оруулалтын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчаас хийж байгаа хөрөнгө оруулалтыг дэмжих, урамшуулах, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг тогтоох, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцаанд хамаарна
3.2Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу төрийн байгууллага, албан газарт улсын болон орон нутгийн төсвөөс хийх хөрөнгө оруулалтад энэ хууль хамаарахгүй.
3.3Олон улсын болон төрийн бус байгууллага, хувийн өмчит аж ахуйн нэгж, иргэнээс арилжааны нөхцөлгүйгээр олгох хандив, буцалтгүй тусламжид энэ хууль хамаарахгүй.
3.4Хувьцаа, бонд, үнэт цаас болон бусад санхүүгийн хөрөнгийн үнэ цэнийг тодорхой хугацаанд өсгөж үр өгөөжийг нь хүртэх зорилгоор санхүүгийн деривативуудад байршуулсан шууд бус хөрөнгө оруулалтад энэ хууль хамаарахгүй.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“хөрөнгө оруулалт” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг;
4.1.2“хөрөнгө оруулагч” гэж энэ хуульд заасан хэлбэрээр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг;
4.1.3“дотоодын хөрөнгө оруулагч” гэж хөрөнгө оруулалт хийж байгаа хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг;
4.1.4“Монгол Улсад байнга оршин суугч гадаадын иргэн” гэж Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.3.1 дэх заалтад заасан нөхцөл хангасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;
4.1.5“гадаадын хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа хувь хүн /гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/, гадаад улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг;
4.1.6“гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцаа, хөрөнгө, саналын эрхийн 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа компани, нөхөрлөлийг;
4.1.7“шууд бус хөрөнгө оруулалт” гэж хувьцаа, бонд болон бусад санхүүгийн хөрөнгийн өгөөжийг хүртэх зорилгоор тэдгээрийг нээлттэй зах зээлээс худалдан авч тодорхой хугацаанд эзэмшихийг (үнэт цаасыг нь эзэмшиж буй хуулийн этгээдийн удирдлагад оролцдоггүй, эрх, үүрэггүй);
4.1.8“хөрөнгө оруулалтын урамшуулал” гэж хөрөнгө оруулагчид төрөөс үзүүлэх татварын хувь хэмжээг тогтворжуулах болон татварын бус урамшууллыг;
4.1.9“татварын хувь, хэмжээг тогтворжуулах” гэж энэ хуульд заасан татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ эсхүл хөрөнгө оруулалтын гэрээний хүчинтэй хугацаанд тогтвортой мөрдөгдөхийг;
4.1.10"татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ" гэж энэ хуулийн 18.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд энэ хуульд заасан татварын хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас олгох гэрчилгээг /цаашид "тогтворжуулах гэрчилгээ" гэх/;
4.1.11"тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч" гэж энэ хуульд заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан хуулийн этгээдийг;
4.1.12“хөрөнгө оруулалтыг дэмжих” гэж хөрөнгө оруулалтыг шинээр татах, хадгалах, нэмэгдүүлэх зорилгоор маркетинг, мэдээллийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг;
4.1.13“хөрөнгө оруулагчийн гомдол” гэж төрийн байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар энэ хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу гаргасан хүсэлтийг;
5 дугаар зүйлХөрөнгө оруулалтын хэлбэр, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа
5.1Хөрөнгө оруулагч нь дараах хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж болно:
5.1.1хөрөнгө оруулагч дангаараа, эсхүл хамтран аж ахуйн нэгж байгуулах;
5.1.2энэ хуулийн 4.1.7-д зааснаас бусад хэлбэрээр хувьцаа, өрийн бичиг, бусад төрлийн үнэт цаасыг худалдан авах;
5.1.3үйлдвэр, машин механизм, технологи дамжуулах, барилга байгууламж зэрэг үндсэн хөрөнгөд биет байдлаар хөрөнгө оруулалт хийх;
5.1.4компанийг нэгтгэх, нийлүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх;
5.1.5төр, хувийн хэвшлийн түншлэл, бүтээгдэхүүн хуваах гэрээ, маркетинг, менежментийн болон бусад гэрээ байгуулах;
5.1.6санхүүгийн түрээс /лизинг/-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх;
5.1.7оюуны өмчийн эрхийг холбогдох хуульд заасны дагуу эдийн засгийн эргэлтэд оруулахад хөрөнгө оруулалт хийх;
5.1.8хөрөнгө оруулагчаас өөрийн хөрөнгө оруулсан хуулийн этгээдийн хувьцаанд хөрвөх зээл олгох;
5.1.9хөрөнгө оруулалтын тодорхойлолтод хамаарах хуулиар хориглоогүй бусад хөрөнгө оруулалтын хэлбэр.
5.2Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосноос бусад салбар, нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийж болно.
5.3Төрөөс үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжоор гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хязгаарлаж болно.
5.4Энэ хуулийн 5.3-т заасны дагуу Монгол Улсын хууль тогтоомжоор гадаадын шууд хөрөнгө оруулалт хийхийг хориглосон, хязгаарласан хөрөнгө оруулалтын салбар, үйлдвэрлэл, үйлчилгээний жагсаалт болон нутаг дэвсгэрийн мэдээллийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэр гарснаас хойш 10 хоногт багтаан нийтэд тогтмол мэдээлнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАТАЛГАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
6 дугаар зүйлХөрөнгө оруулалтын нийтлэг баталгаа
6.1Төрөөс хөрөнгө оруулагчийн дараах нийтлэг баталгааг хангана:
6.1.1хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
6.1.2Хууль тогтоомжийн тухай хуулийн 38.4, Захиргааны ерөнхий хуулийн 27, 62.1-д зааснаар хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэрийн талаар урьдчилан мэдээлэх, хэлэлцүүлэх, саналаа илэрхийлэх боломж олгох, албан ёсоор хэвлэн нийтэлж нээлттэй болгох;
6.1.3төрийн байгууллага, албан хаагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, учирсан хохирлыг хуульд заасны дагуу барагдуулах;
6.1.4төрийн байгууллага, албан хаагч нь хөрөнгө оруулагчийн оюуны өмчийн эрх, оюуны өмчийн эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд заасны дагуу хамгаалах;
6.1.5хөрөнгө оруулагчийн хөрөнгө, орлогыг хууль бусаар дайчлан авахыг хориглоно.
6.2Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг гагцхүү нийтийн ашиг сонирхлын үүднээс үл ялгаварлах зарчмаар, зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу нөхөн төлөх нөхцөлөөр дайчлан авч болно.
6.3Энэ хуулийн 6.2-т заасны дагуу хөрөнгийг дайчлан авах бол нөхөх олговрыг бүрэн хэмжээгээр бодитоор тооцож, зохих ёсоор шуурхай олгох бөгөөд энэхүү нөхөх олговорт ирээдүйд олох ашиг, орлогыг тооцохгүй.
6.4Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6.2-т заасны дагуу дайчлан авсан хөрөнгийн нөхөх олговрыг тухайн хөрөнгийг дайчлан авсан үеийн буюу энэ тухай хөрөнгө оруулагчид, эсхүл нийтэд мэдэгдэх үеийн зах зээлийн үнэлгээг холбогдох хууль тогтоомжид тусгасан аргачлалын дагуу тооцож, үнийн хамт төлнө.
6.5Үнэлгээний шалгуурт хөрөнгийн өнөөгийн үнэ цэнэ, хөрөнгийн татвар төлсөн үнэлгээг оролцуулсан хөрөнгийн үнэлгээ болон зохистой гэж үзвэл бодит зах зээлийн үнэлгээг тооцох бусад шалгуурыг оролцуулна.
6.6Нөхөх олговор нь хуульд өөрөөр заагаагүй бол бүрэн хөрвөх чадвартай, чөлөөтэй шилжүүлж болохуйц байна.
6.7Хөрөнгө оруулагч дараах өөрт ногдох хөрөнгө, орлогыг гадаад улсад саадгүй гаргах баталгааг эдэлнэ. Энэ хэсэгт заасан баталгааг эдлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүргээ бүрэн биелүүлж, хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэрийн дагуу тогтоогдсон бусдад төлөх мөнгөн төлбөрийн үүрэг, төлбөр, хураамж, торгууль зэргийг бүрэн барагдуулсан байна:
6.7.1үйл ажиллагаанаас олсон ашиг, ногдол ашиг;
6.7.2энэ хуулийн 5.1-д заасан үйл ажиллагаанаас бий болсон аливаа орлого, төлбөр;
6.7.3гадаад улсаас олгосон зээлийн үндсэн төлбөр болон хүү;
6.7.4аж ахуйн нэгжийг татан буулгасны дараа өөрт ногдох хөрөнгө;
6.7.5хуулийн хүрээнд олсон буюу өмчилж байгаа бусад хөрөнгө;
6.7.6энэ хуулийн 6.3-т заасан нөхөх олговор.
6.8Хөрөнгө оруулагч нь энэ хуулийн 6.7-д заасан хөрөнгө, орлогыг мөнгөн хөрөнгө хэлбэрээр гадаад улсад гаргахдаа хуульд өөрөөр заагаагүй бол өөрийн сонгосон валютад хөрвүүлэн шилжүүлэх эрхтэй.
7 дугаар зүйлХөрөнгө оруулагчийн эрх
7.1Хөрөнгө оруулагч нь энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан баталгаанаас гадна дараах нийтлэг эрхтэй:
7.1.1хөрөнгө оруулалт хийх хэлбэр, хэмжээ, хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутаг зэргийг хараат бусаар сонгох, холбогдох шийдвэрийг бие даан гаргах;
7.1.2хөрөнгө оруулах төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаад улсаас бараа, ажил, үйлчилгээ импортлох, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг экспортлох;
7.1.3Монгол Улсад бүртгэлтэй банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан гадаадын мөнгөн тэмдэгт худалдан авах, худалдах зэргээр өөрийн гадаад валютын хэрэгцээг хангах;
7.1.4хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг удирдах буюу удирдахад оролцох, бусад этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх, үүргээ шилжүүлэх;
7.1.5санхүүжилт, зээл, тусламж, газар, байгалийн баялаг ашиглах хүсэлт гаргах, хүсэлтээ шийдвэрлүүлэх;
7.1.6төрийн үйлчилгээг эрх тэгш хүлээн авах;
7.1.7хууль тогтоомжид заасан бусад эрх.
8 дугаар зүйлХөрөнгө оруулагчийн үүрэг
8.1Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах үндсэн үүргээс гадна дараах нийтлэг үүрэгтэй:
8.1.1үйлдвэрлэж байгаа бараа, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын стандартад нийцсэн байх;
8.1.2нягтлан бодох бүртгэлийг Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын стандартад нийцүүлэн хөтлөх;
8.1.3татварын байгууллага болон бусад төрийн байгууллагаас хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор шаардсан мэдээллийг заасан хугацаанд гаргаж өгөх;
8.1.4хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлж, зах зээлд шударгаар өрсөлдөх, байгаль орчинд ээлтэй байж, хүний хөгжлийг дэмжих;
8.1.5хууль тогтоомжид заасны дагуу татвар, ажилтны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, тайлагнах;
8.1.6удирдлагын сайн засаглалын зарчмыг нэвтрүүлэх, удирдлага, менежментийг сайжруулах бодлого хэрэгжүүлэх, хүний эрхийг хангаж ажиллах төлөвлөгөө боловсруулах, тогтмол дүн шинжилгээ хийх, ажилтны мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх;
8.1.7Монгол Улсын үндэсний түүх соёл, өв уламжлал, ёс заншлыг хүндэтгэх;
8.1.8хөрөнгө оруулалтаа бодитоор хийсэн байх;
8.1.9эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин, хөдөлмөрийн стандартыг хангаж ажиллах;
8.1.10хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
8.2Энэ хуулийн 8.1.8-д заасан хөрөнгө оруулалтыг бодитоор хийсэн эсэхийг доор дурдсан шалгуурыг харгалзан тогтооно:
8.2.1тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны шинж чанар, зорилгод нийцсэн байх;
8.2.2бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хугацаа, хууль тогтоомжийн дагуу төлсөн татварын хэмжээ;
8.2.3хөрөнгө оруулагчийн үйлчлүүлэгчийн тоо эсхүл бий болгосон ажлын байрны тоо;
8.2.4эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн байдал.
8.3Хөрөнгө оруулагч нь аливаа дэмжлэг, урамшуулал, зөвшөөрөл, эрх авах, гэрээ байгуулах зорилгоор эрх бүхий албан тушаалтанд мөнгөн төлбөр, бэлэг, үйлчилгээ, ашигтай нөхцөл санал болгох, амлах, олгохыг хориглоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
9 дүгээр зүйлЗасгийн газрын чиг үүрэг
9.1Засгийн газар хөрөнгө оруулалтын чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.1.1хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэрэгжилтийг хангах;
9.1.2энэ хуульд заасан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх олгох;
9.1.3хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар шийдвэр гаргах;
9.1.4хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын баталгааг хангах, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр холбогдох төрийн байгууллагад чиглэл өгөх.
9.2Засгийн газар энэ хуулийн 24.4, 25.6, 30.5-д заасан журмыг тус тус баталж, мөрдүүлнэ.
10 дугаар зүйлХөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
10.1Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.1.1хөрөнгө оруулалтын хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт тавих;
10.1.2хөрөнгө оруулалтын бодлого, хөрөнгө оруулалтад үзүүлэх дэмжлэг, урамшуулал, арга хэмжээний талаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх;
10.1.3хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах асуудлаар Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх;
10.1.4тогтворжуулах гэрчилгээ олгох, эрх бүхий бусад төрийн байгууллагатай хамтран хэрэгжилтэд хяналт тавих;
10.1.5энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор шаардлагатай тайлан, мэдээллийг холбогдох төрийн байгууллага, хөрөнгө оруулагчаас гаргуулан авах;
10.1.6энэ хуулийн 9.2-т заасан журмын төслийг боловсруулах;
10.1.7хуульд заасан бусад чиг үүрэг.
10.2Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 11.1.7-д заасантай холбоотой журмыг баталж мөрдүүлнэ.
11 дүгээр зүйлХөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
11.1Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.1.1хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, өргөжүүлэх зэрэг хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн цогц үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
11.1.2хөрөнгө оруулалтын талаарх эрх зүйн орчин, дотоод зах зээлийн таатай нөхцөлийг хөрөнгө оруулагчид сурталчлах, мэдээллээр хангах;
11.1.3хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, өргөтгөх, хадгалахад мэдээлэл, зөвлөгөө өгөх замаар дэмжлэг үзүүлэх;
11.1.4хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх;
11.1.5хөрөнгө оруулалттай холбоотойгоор төрийн бусад үйлчилгээний талаар зөвлөх болон цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх;
11.1.6хөрөнгө оруулалт татахад зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, сонирхогч этгээдийг мэдээллээр хангах;
11.1.7хөрөнгө оруулалтын орчны чиглэлээр төв банк, төсөв, санхүү, хөдөлмөр эрхлэлт, татвар, гааль, нийгмийн даатгал, бүртгэл, гадаадын иргэн, харьяат, газар, чөлөөт бүс болон шүүхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагаас хөрөнгө оруулалттай холбоотой статистик мэдээллийг улирал, хагас, бүтэн жилээр гаргуулж, нэгдсэн статистик мэдээллийг гаргах;
11.1.8хөрөнгө оруулалтын асуудлаарх мэдээллийн санг хөтлөх;
11.1.9хуульд заасан бусад.
11.2Энэ хуулийн 11.1.8-д заасан мэдээллийн сан нь нийтэд ил тод байх ба дараах мэдээллийг агуулсан байна:
11.2.1хөрөнгө оруулалтын хууль тогтоомж, хөрөнгө оруулалтыг хамгаалах талаарх Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц;
11.2.2хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатай төслийн мэдээлэл;
11.2.3татварын хувь хэмжээг тогтворжуулах урамшуулал авсан хөрөнгө оруулагч, түүний оруулсан хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл;
11.2.4Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөлд ирсэн, шийдвэрлэсэн хөрөнгө оруулагчийн гомдлын статистик мэдээлэл, (ямар байгууллагад, ямар асуудлаар ирсэн талаарх мэдээллийг гомдол гаргагчийн мэдээллийг таних боломжгүйгээр харуулсан байна);
11.2.5хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэсэн талаарх Засгийн газраас гаргасан шийдвэр;
11.2.6энэ хуулийн 11.2.5-д заасан гомдлын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл;
11.2.7нууцад хамааруулснаас бусад тохиолдолд хөрөнгө оруулалттай холбоотой төрөөс хариуцагчаар татагдсан хэрэг маргааны талаарх мэдээлэл;
11.2.8хөрөнгө оруулалтын талаарх статистик мэдээлэл;
11.2.9гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн талаарх статистик мэдээлэл;
11.2.10хуулиар хориглоогүй бусад мэдээлэл.
11.3Хөрөнгө оруулагчийн талаар мэдээлэл харилцан солилцох, хамтран ажиллах, хууль тогтоомжийг сурталчлан таниулах журмыг хөрөнгө оруулалтын болон холбогдох асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран батална.
12 дугаар зүйлХөрөнгө оруулалтын талаар төрийн бусад байгууллагын чиг үүрэг
12.1Хөрөнгө оруулалтын хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар болон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангаж, шаардлагатай мэдээлэл, хэрэгжилтийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагад тухай бүр гаргаж өгнө.
12.2Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төрийн хяналт шалгалтыг давхардалгүй төлөвлөж, хэрэгжүүлнэ.
12.3Хуульд зааснаас бусад тохиолдолд хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын тоо жилд хоёроос ихгүй байна.
12.4Хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалттай холбоотой гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлэхэд өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар тайлбар, мэдээлэл, санал, зөвлөмж гаргана.
12.5Бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн, эсхүл эрх бүхий байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн хөрөнгө оруулагчаас гаргасан санал, гомдлын талаарх мэдээллийг энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэдээллийн санд бүртгүүлнэ.
12.6Хууль бус үндэслэлээр хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг аливаа хэлбэрээр зогсоох, түдгэлзүүлэх, саад учруулахыг хориглоно.
12.7Хөрөнгө оруулагчийг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай зөвшөөрөл, эрх авах, гэрээ байгуулах зэрэгт үндэслэлгүйгээр татгалзах, эс үйлдэхүй гаргахыг хориглоно.
12.8Энэ хуулийн 12.6, 12.7-д заасныг зөрчиж үндэслэлгүйгээр хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашгийг хохироосон нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон бол хууль бусаар хөрөнгө дайчлан авсанд тооцох үндэслэл болно.
12.9Энэ хуулийн 12.8-д заасан үндэслэлээр хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хохироосон бол хөрөнгө оруулагч нь уг хохирлыг холбогдох шийдвэр гаргах төрийн байгууллагаас нэхэмжлэх эрхтэй.
12.10Энэ хуулийн 12.6, 12.7-д заасан үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч нь гомдол, нэхэмжлэл гаргаж, хүчин төгөлдөр шүүх, арбитрын шийдвэрээр төрөөс хохирлыг нөхөн төлөх шийдвэр гарсан бол буруутай албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, хөрөнгө оруулагчид учруулсан хохирлыг (төрөөс гаргасан шүүх, арбитрын төлбөр зэргийг хамруулна) буруутай этгээдээр төлүүлэх үндэслэл болно.
12.11Сонсох ажиллагаа хийлгүйгээр хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой шийдвэр гаргасан бол энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу уг шийдвэр хүчингүй болох үндэслэл болно.
12.12Энэ хуулийн 6.1.2-т заасны дагуу хууль тогтоомж, эрх зүйн актын төсөл боловсруулах тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээд болон хөрөнгө оруулагчаас санал авах, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамт боловсруулна.
13 дугаар зүйлХөрөнгө оруулалтын талаар нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг
13.1Хөрөнгө оруулалтын хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газар, эрх бүхий этгээдийн шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулна.
13.2Харьяалах нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчдад хуульд заасан дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тайлан, мэдээллийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухай бүр хүргүүлнэ.
13.3Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасныг нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан мөрдөж ажиллана.
14 дүгээр зүйлХөрөнгө оруулалтыг дэмжих талаар Дипломат төлөөлөгчийн газрын бүрэн эрх
14.1Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчин, дотоод зах зээлийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төсөл, хөтөлбөрийг сурталчлах, холбох, дэмжлэг үзүүлэх зэрэг хуульд заасан бусад чиглэлээр ажиллана.
14.2Энэ хуулийн 14.1-д заасныг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллана.
14.3Дипломат төлөөлөгчийн газар энэ хуулийн 14.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэх журмыг хөрөнгө оруулалтын болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УРАМШУУЛАЛ
15 дугаар зүйлХөрөнгө оруулалтын урамшуулал
15.1Хөрөнгө оруулагчид төрөөс татварын хувь хэмжээг тогтворжуулах урамшуулал болон татварын бус урамшууллыг үзүүлж болно.
15.2Энэ хуульд заасан татварын хувь хэмжээг тогтворжуулахаас бусад төрлийн татварын урамшууллыг татварын хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.
15.3Тамхи, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, галт зэвсэг, сум үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтын урамшуулал үзүүлэхгүй.
16 дугаар зүйлХөрөнгө оруулалтын татварын бус урамшуулал
16.1Хөрөнгө оруулагчид дараах хэлбэрээр хөрөнгө оруулалтын татварын бус урамшууллыг холбогдох хууль тогтоомжийн дагуу үзүүлж болно:
16.1.1газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;
16.1.2чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх;
16.1.3Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх;
16.1.4экспортод чиглэсэн инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, инновацын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
16.1.5Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг олгох;
16.1.6хуульд заасан бусад урамшуулал.
17 дугаар зүйлХөрөнгө оруулалтын татварын хувь хэмжээг тогтворжуулах урамшуулал
17.1Хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар доор дурдсан татварын хувь хэмжээг тогтворжуулах урамшууллыг олгоно:
17.1.1аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;
17.1.2гаалийн албан татвар;
17.1.3нэмэгдсэн өртгийн албан татвар;
17.1.4ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр.
17.2Тогтворжуулах гэрчилгээ нь олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд уг гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хувь, хэмжээг тогтворжуулна.
17.3Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хууль тогтоомжид энэ хуулийн 17.1-д заасан татварын хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах ба харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарахгүй.
17.4Ашигт малтмалын үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд энэ хуулийн 17.1.4-т заасан тогтворжуулах урамшуулал хамаарахгүй.
18 дугаар зүйлТогтворжуулах гэрчилгээ олгох нөхцөл, тавигдах шалгуур
18.1Монгол Улсын нутаг дэвсгэрт таваас доошгүй жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын хэмжээ, нутаг дэвсгэрээс хамаарч доор дурдсан хугацаагаар тогтворжуулах гэрчилгээг олгоно: № Хөрөнгө оруулалтын хэмжээ  /төгрөг/ Тогтворжуулах гэрчилгээний хугацаа /жил/ Улаанбаатар хот Бусад 1 20,000,000,000-50,000,000,000 10,000,000,000-50,000,000,000 10 2 50,000,000,001-100,000,000,000 15 3 100,000,000,001-ээс дээш 20
18.2Тогтворжуулах гэрчилгээний загварыг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд уг гэрчилгээнд дараах мэдээллийг тусгана:
18.2.1тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, улсын бүртгэлийн болон регистрийн дугаар;
18.2.2хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн нэр, хөрөнгө оруулалтын хэмжээ, хэрэгжих хугацаа;
18.2.3тогтворжуулах гэрчилгээ олгосон он, сар, өдөр, хүчинтэй байх хугацаа;
18.2.4энэ хуулийн 17.1-д заасан татварын хувь, хэмжээ.
18.3Тогтворжуулах гэрчилгээг бусдад худалдах, барьцаалах, бэлэглэх, шилжүүлэхийг хориглоно.
18.4Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөх хэлбэрээр өөрчлөн зохион байгуулагдахад тогтворжуулах гэрчилгээ нь шинээр бий болсон буюу эрх залгамжлан авсан хуулийн этгээдэд дараах шаардлагыг хангасан тохиолдолд үлдсэн хугацаанд багтаан шилжинэ:
18.4.1хуулийн этгээд нь хөрөнгө оруулалтын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
18.4.2хөрөнгө оруулалтын төсөл нь энэ хуулийн 18.1-д заасан шалгуурыг хангаж байх.
19 дүгээр зүйлТогтворжуулах гэрчилгээ авах тухай хүсэлт гаргах
19.1Энэ хуулийн 18.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээд нь тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлтээ хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар гаргана.
19.2Тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлтэд доор дурдсан бичиг баримтыг хавсаргана:
19.2.1энэ хуулийн 18.1-д заасан шалгуурыг хангасан тухай хүсэлт гаргагч хуулийн этгээдийн баталгаа;
19.2.2хүсэлт гаргагч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ, хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн баримт бичгийн хуулбар;
19.2.3хөрөнгө оруулагчийн бизнес төлөвлөгөө, хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэл;
19.2.4хуульд заасан бол байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ.
20 дугаар зүйлТогтворжуулах гэрчилгээ олгох
20.1Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлт, холбогдох бичиг баримтыг цахимаар хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хүсэлтийг судалж, тогтворжуулах гэрчилгээ олгох эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл хугацааг 15 хоногоор сунгаж болно.
20.2Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтворжуулах гэрчилгээнд холбогдох бичилтийг хийж, гэрчилгээг төсөл хэрэгжүүлэгч Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд олгоно.
20.3Хөрөнгө оруулалтын төсөл нь энэ хуулийн 18.1-д заасан шалгуурыг хангаагүй нь төслийн техник, эдийн засгийн үндэслэл эсхүл энэ хуулийн 19.2-т заасан бичиг баримтын бүрдэл дутуу тохиолдолд хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох үндэслэл бүхий гэрчилгээ олгохоос татгалзсан хариуг энэ хуулийн 20.1-д заасан хугацаанд цахимаар хөрөнгө оруулагчид хүргүүлнэ.
20.4Энэ хуулийн 18.2-т заасан мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүр тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтворжуулах гэрчилгээнд өөрчлөлт оруулна.
20.5Хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын хэлбэрээс хамаарч тогтворжуулах гэрчилгээг дараах этгээдэд олгоно:
20.5.1хөрөнгө оруулалтын төслийг нэг хуулийн этгээд дангаар хэрэгжүүлэх бол тухайн хуулийн этгээдэд;
20.5.2хөрөнгө оруулалтын төслийг харилцан хамаарал бүхий хоёр ба түүнээс дээш тооны хуулийн этгээд хэрэгжүүлэх бол тэдгээрийн толгой компанид.
21дүгээр зүйлТогтворжуулах гэрчилгээг хүчингүй болгох
21.1Тогтворжуулах гэрчилгээг доор дурдсан үндэслэлээр хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр хүчингүй болгоно:
21.1.1тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд хүсэлт гаргасан, эсхүл татан буугдсан;
21.1.2тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд Монгол Улсад оруулсан хөрөнгөө Монгол Улсын нутаг дэвсгэрээс бүрэн татаж, шилжүүлсэн;
21.1.3тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь хууль бус бичиг баримт бүрдүүлсэн, эсхүл гэрчилгээ авахтай холбоотой авлига өгч тогтворжуулах гэрчилгээг авсан болох нь тогтоогдсон;
21.1.4эрх залгамжлагч нь энэ хуулийн 18.4-т заасан шалгуурыг хангаагүй;
21.1.5энэ хуулийн 18.3-т заасныг зөрчсөн;
21.1.6тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.
21.2Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 21.1-д заасан үндэслэлээр тогтворжуулах гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ ажлын таван өдөрт багтаан тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдэд болон татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
22 дугаар зүйлХөрөнгө оруулалтын гэрээ
22.1Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтын урамшууллыг олгох зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх олгоно.
22.2Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн төлөх энэ хуулийн 17.1-д заасан татварын хувь, хэмжээ нь хөрөнгө оруулалтын гэрээний хугацаанд тогтвортой мөрдөгдөнө.
22.3Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан этгээдэд энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан татварын бус урамшууллыг олгоно.
23 дугаар зүйлХөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт гаргах
23.1Хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
23.2Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүсэлтийг хянан үзээд холбогдох хууль тогтоомжид заасан татгалзах үндэслэл тогтоогдоогүй бол хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээнд урих талаар Засгийн газарт танилцуулж, зөвшөөрөл авна.
23.3Ерөнхий сайдын захирамжаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээ хийх ажлын хэсгийг байгуулж, хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажиллагааг эхлүүлнэ.
23.4Хэлэлцээний үр дүнд харилцан тохиролцсон хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
23.5Засгийн газар тухайн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэн дэмжсэн бол хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тус тус хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрх олгоно.
24 дүгээр зүйлХөрөнгө оруулалтын гэрээ байгуулах
24.1Энэ хуулийн 23.5-д зааснаар эрх олгогдсоны дагуу холбогдох Засгийн газрын гишүүд нь хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна.
24.2Хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулалтын зорилго, үндсэн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, эх үүсвэр, хөрөнгө оруулах хугацаа, үе шат зэргийг харгалзан тогтворжуулах гэрчилгээний дээд хугацаанаас доошгүй хугацаагаар байгуулна.
24.3Хөрөнгө оруулалтын гэрээнд хөрөнгө оруулалтын зорилго, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулах хэлбэр, хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацаа, төрөөс үзүүлэх хөрөнгө оруулалтын урамшуулал, баталгаа, талуудын хүлээх эрх, үүрэг, хамтын ажиллагаа, зохицуулах хууль, маргаан шийдвэрлэх журмыг заавал тусгасан байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд зохицуулалтын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг тусгаж болно.
24.4Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт гаргах, хэлэлцээ хийх, гэрээ байгуулахад тавигдах шаардлага, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, хяналт тавихтай холбоотой журам, хөрөнгө оруулалтын гэрээний загварыг Засгийн газар батална.
24.5
25 дугаар зүйлХөрөнгө оруулалтын гэрээ, тогтворжуулах гэрчилгээний хэрэгжилтэд хяналт тавих
25.1Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан болон тогтворжуулах гэрчилгээ авсан этгээдийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийж, хяналт тавьж ажиллана.
25.2Хөрөнгө оруулагч энэ хуулийн 25.1-д заасан хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны болон санхүүгийн аудитаар баталгаажсан тайланг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ.
25.3Энэ хуулийн 25.1-д заасан хяналтыг холбогдох төрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж болно.
25.4Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөрөнгө оруулалтын гэрээ, тогтворжуулах гэрчилгээний хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангах талаар зөвлөмж, чиглэл өгч, тайлбар, тодруулга авч болно.
25.5Хөрөнгө оруулагч энэ хуулийн 25.4-д заасан зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлж, энэ талаарх тайлан, мэдээллийг заасан хугацаанд хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
25.6Энэ хуулийн 25.1-д заасан үйл ажиллагааг зохицуулах журмыг Засгийн газар батална.
ТАВДУГААР БҮЛЭГ
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА
26 дугаар зүйлХөрөнгө оруулагч гомдол гаргах, гомдлыг хүлээн авах
26.1Хөрөнгө оруулагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн тухай гомдлыг Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх)-д гаргаж болно.
26.2Гомдлыг төрийн албан ёсны хэлээр цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана.
26.3Хөрөнгө оруулагч нь гомдолд дараах мэдээллийг тусгасан байна:
26.3.1хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаарх мэдээлэл, нотлох баримт;
26.3.2гомдол гаргагчийн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар, гарын үсэг;
26.3.3гомдолд холбогдож байгаа төрийн байгууллага, албан тушаалтны мэдээлэл.
26.4Зөвлөл нь хөрөнгө оруулагчийн гомдол, түүнд хавсаргасан нотлох баримтыг хүлээн авч бүртгэх ба уг бүртгэл нь хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрхлэх хөрөнгө оруулагчийн мэдээллийн сангийн цахим систем /цаашид “Систем” гэх/-д бүртгэгдэнэ.
26.5Зөвлөл нь гомдлыг хүлээн авч, харьяаллын бус гомдлыг үндэслэл бүхий тайлбарын хамт хөрөнгө оруулагчид ажлын 5 өдрийн дотор буцаана.
26.6Зөвлөл дараах тохиолдолд гомдлыг хүлээн авахаас татгалзаж, буцаана:
26.6.1Үндсэн хуулийн цэц, шүүх, мөрдөн шалгах ажиллагааны шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол;
26.6.2гадаад улсын арбитр, эсхүл гадаад улсын шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн маргаантай холбоотой гомдол;
26.6.3
26.6.4тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй холбоотой гомдол;
26.6.5Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хянан шалгаж байгаа хүний эрхийн зөрчлийн талаарх гомдол;
26.6.6татварын маргаан таслах зөвлөлөөр хянагдвал зохих татварын акттай холбоотой гомдол;
26.6.7хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үл хамаарах гомдол.
27 дугаар зүйлХөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл, түүний ажиллах журам
27.1Зөвлөл нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийн гишүүдийг хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр томилж, чөлөөлнө.
27.2Зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь хараат бус байх ба хараат бус гишүүнийг 2 жил тутам, нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулж, хамгийн өндөр санал авсан, нөхцөл, шалгуурыг хангасан хүнийг томилно.
27.3Зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах болон Зөвлөлийн ажиллах журмыг хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.
27.4Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байх ба хуралдаанаас гаргах шийдвэр нь зөвлөмж, санал хэлбэртэй байна.
27.5Зөвлөлийн хуралдаан нь гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хүчинтэй болох ба шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар гаргана.
27.6Зөвлөл нь ажлын албатай байх ба ажлын албаны чиг үүргийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
27.7Зөвлөл нь шаардлагатай тохиолдолд хэлэлцэх асуудалтай холбоотой шинжээч томилж, дүгнэлт гаргуулж болно.
28 дугаар зүйлХөрөнгө оруулагчийн гомдлыг хянан магадлах
28.1Зөвлөл энэ хуулийн 26.1-д заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт холбогдох төрийн байгууллагад уламжлан, гомдлын талаар дараах утга бүхий тайлбар, мэдээллийг авахаар хүргүүлнэ:
28.1.1хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа асуудлын талаарх төрийн байгууллага, албан тушаалтнаас авч хэрэгжүүлж байгаа нөхцөл байдлын талаарх мэдээлэл;
28.1.2цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл, үүнд асуудлыг судлан шийдвэрлэх хугацааны талаарх мэдээллийг хамруулсан байна.
28.2Төрийн байгууллага, албан тушаалтан нь энэ хуулийн 28.1-д заасан мэдээллийг ажлын 5 хоногт багтаан боловсруулж Зөвлөлд хүргүүлнэ.
28.3Зөвлөл нь уг хариу мэдээллийг авч, ажлын 5 хоногт хуралдаж, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдвол холбогдох төрийн байгууллагад зөвлөмж өгч, энэ талаар хөрөнгө оруулагчид мэдэгдэнэ.
28.4Хөрөнгө оруулагч нь энэ хуулийн 28.3-т заасан зөвлөмж, мэдээллийг хүлээн авснаас хойш асуудлыг шийдвэрлэхээр заасан хугацаанд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгүй, эсхүл уг хугацаа нь хэт урт буюу хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулахаар бол энэ талаар шийдвэр гаргуулахаар Зөвлөлд дахин хандана.
29 дүгээр зүйлХөрөнгө оруулагчийн гомдлыг эцэслэн шийдвэрлэх
29.1Зөвлөл нь энэ хуулийн 28.4-т заасан гомдолтой танилцан, асуудлыг ажлын 5 хоногт багтаан хэлэлцэж, үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол энэ талаарх шаардлагатай бүхий л мэдээллийн хамт авах арга хэмжээний санал, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг боловсруулж, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 хоногийн дотор хүргүүлнэ.
29.2Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөлийн саналд, гомдолд хамаарах асуудал хариуцсан төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагыг шууд харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтны саналыг авч асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох асуудлыг шийдвэрлүүлнэ.
29.3Гомдолд хамаарах асуудал хариуцсан төрийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын дээд шатны байгууллага нь энэ хуулийн 29.2-т заасан асуудалд 14 хоногт багтаан заавал санал өгсөн байх ба санал өгөөгүй нь уг асуудалд тусгайлсан саналгүйд тооцох үндэслэл болно.
29.4Засгийн газраас гаргасан шийдвэрийг холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан нь заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ийнхүү биелүүлээгүй нь тухайн албан тушаалтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болно.
29.5Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 29.2-т заасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулж, биелэлтэд хяналт тавина.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРГААН
30 дугаар зүйлХөрөнгө оруулалтын маргаан
30.1Монгол Улсын хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулагч болон Монгол Улсын төрийн байгууллага хооронд үүссэн хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг талууд хэлэлцээний замаар шийдвэрлэнэ.
30.2Энэ хуулийн 30.1-д заасан маргааныг 6 сарын дотор хэлэлцээний замаар шийдвэрлэж чадаагүй, талууд өөрөөр харилцан тохиролцоогүй тохиолдолд хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг Хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг зохицуулах олон улсын төвийн арбитрын журмын дагуу шийдвэрлүүлж болно.
30.3Энэ хуулийн 30.1-д заасан маргаанд холбогдох асуудлыг хуулиар шүүхийн онцгой харьяалалд хамааруулсан бол маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
30.4Гадаадын хөрөнгө оруулагч болон Монгол Улсын хувь хүн, хуулийн этгээд хооронд үүссэн хөрөнгө оруулалтын маргааныг талууд харилцан тохиролцсоны дагуу арбитрт хандан шийдвэрлүүлж болно. Хэрэв ийм тохиролцоогүй бол маргааныг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.
30.5Энэ хуулийн 30.1-д заасан хэлэлцээний замаар маргаан шийдвэрлэх журмыг Засгийн газар батална.
ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
31 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
31.1Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
31.2Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
32 дугаар зүйлШилжилтийн үеийн зохицуулалт
32.1Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тогтворжуулах гэрчилгээ авсан хуулийн этгээдийн тогтворжуулах гэрчилгээний хугацаа, нөхцөл нь тухайн гэрчилгээний хугацаанд хүчинтэй байна.
32.2Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа, нөхцөл тухайн гэрээний хугацаанд хүчинтэй байна.
32.3Энэ хуулийн 32.1, 32.2-т заасан татварын урамшуулал авсан хөрөнгө оруулагч хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотойгоор энэ хуулийн дагуу татварын хувь, хэмжээг тогтворжуулах урамшуулалд хамрагдахгүй.
32.4Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасан хуулийн этгээдийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ нь тухайн хүсэлт гаргах үеийн хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу төлнө.
32.5Тогтворжуулах гэрчилгээ авах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтийг 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэх явцад энэ хууль хүчин төгөлдөр болсон бол ирүүлсэн баримт бичгийн хүрээнд хүсэлтийг шинэ хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ.
32.6Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө төрийн хяналт шалгалтын тухайн жилийн нэгдсэн хуваарь батлагдсан бол хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд тухайн жилд 2-оос дээш удаа хяналт шалгалт хийж болно.
32.7Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө шүүх, арбитрт хандсан хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалттай холбоотой маргааны хэргийн харьяалалд энэ хууль хамаарахгүй.
33 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
33.1Энэ хуулийг 2023 оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Цахим эх хувь
(цахим эх хувь.pdf)
(6_Танилцуулга_дэлгэрэнгүй_ХОтХ_2023_06_21.docx)
(7. ХОтХ төсөл 2023.06.21.docx)
(9_Хуулийн_төслийн_тандан_судалгаа.docx)
(10_Үр_нөлөөг_үнэлэх_судалгааны_тайлан.docx)
(5. Танилцуулга ХОтХ 2023.06.21.docx)
Үзэл баримтлал
(4. ХОтХ үзэл баримтлал.pdf)