Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Равжихын ЭРДЭНЭБҮРЭН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 5-Р САРЫН 11 ӨДӨР
УЛААНБААТАР

ИНФЛЮЗЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилго
1.1Энэ хуулийн зорилго нь нийтийн сүлжээнд инфлюзерийн үйл ажиллагаа, зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, агуулгын ил тод байдал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих, хүүхэд болон эмзэг бүлгийг хамгаалах харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
2.1Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэдэд чиглэсэн агуулга нийтэлдэг инфлюзер, тэдгээртэй хамтран ажиллагч сурталчилгааны захиалагч, агентлаг, платформын оролцогч, мөн хэрэглэгчтэй холбоотой харилцаанд энэ хууль үйлчилнэ.
2.2Монгол Улсад бүртгэлгүй гадаад этгээд Монгол Улсын хэрэглэгчдэд чиглэсэн сурталчилгааны агуулга түгээсэн бол энэ хуулийг мөрдөнө.
2.3Төрийн байгууллагын албан ёсны мэдээллийн суваг, сонгуулийн хуульд тусгайлан зохицуулсан харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
3 дугаар зүйлНэр томьёоны тодорхойлолт
3.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1“инфлюзер” гэж олон нийтэд нөлөөлөх зорилго бүхий контент тогтмол нийтэлж, үзэгч/дагагчтай харилцан үйлчлэл бий болгосон бөгөөд тухайн үйл ажиллагаагаараа шууд/шууд бус орлого олдог хувь хүн, хуулийн этгээдийг;
3.1.2“арилжааны агуулга” гэж бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэнд, арга хэмжээ, байгууллага, хувь хүн, үзэл санааг дэмжих зорилготой бөгөөд нөхөн төлбөртэй эсхүл үнэ цэн бүхий аливаа ашиг хүртэх нөхцөлтэй контентыг;
3.1.3“нөхөн төлбөр” гэж мөнгөн төлбөрөөс гадна бэлэг, хөнгөлөлт, аялал, үйлчилгээ, бартер, хувь, урамшуулал, шимтгэл, захиалгат холбоосын орлого зэрэг үнэ цэн бүхий аливаа өгөөжийг;
3.1.4“ивээн тэтгэлэг” гэж контент бүтээх, түгээхтэй холбоотой зардлыг даах, нэр/лого байрлуулах, үйл ажиллагааг дэмжих зорилгоор олгосон санхүүжилт, өгөөжийг;
3.1.5“платформ” гэж сошиал сүлжээ, видео/подкаст, стрийминг (контент видео, аудио, тоглоом гэх мэт интернэтээр шууд дамжуулан үзэх, сонсох технологи), блог, контент түгээх цахим үйлчилгээ үзүүлэгчийг;
3.1.6“зорилтот сурталчилгаа” гэж хэрэглэгчийн өгөгдөл, зан төлөв, сонирхол, байршил зэрэгт тулгуурлан чиглүүлсэн сурталчилгааг;
3.1.7“хүүхэд” гэж 18 нас хүрээгүй иргэнийг;
3.1.8“эмзэг бүлэг” гэж хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан, санхүүгийн болон эрүүл мэндийн эрсдэл өндөр бүлгийг;
3.1.9“худал (false) төөрөгдүүлсэн (misleading) мэдээлэл” гэж бодит байдалд нийцэхгүй, эсхүл хэрэглэгчийг буруу шийдвэр гаргахад хүргэх агуулгыг;
3.1.10“харанхуй загвар (dark pattern)” гэж хэрэглэгчийг төөрөгдүүлэх, албадан зөвшөөрүүлэх, далд зардал үүсгэх дизайн/аргыг;
3.1.11“агентлаг” гэж инфлюенсерийн менежмент, зуучлал, сурталчилгааны үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэгч этгээдийг;
3.1.12“сурталчилгааны захиалагч” гэж бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгааг инфлюенсерээр дамжуулан хийлгэхээр тохирсон этгээд;
3.1.13Affiliate холбоос (affiliate link) гэдэг нь онлайн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ сурталчилж, тухайн холбоосоор дамжин борлуулалт хийгдвэл шимтгэл (commission) авдаг тусгай линк юм.
4 дүгээр зүйлБаримтлах зарчим
4.1Энэ хуулийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
4.1.1ил тод, үнэн зөв байх;
4.1.2хэрэглэгчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих;
4.1.3хүүхэд, эмзэг бүлгийг онцгойлон хамгаалах;
4.1.4шударга өрсөлдөөн, шударга худалдааг дэмжих;
4.1.5өгөгдөл хамгаалал, хувийн нууцыг хүндэтгэх;
4.1.6зохицуулалт, эрсдэлд суурилсан хяналт хэрэгжүүлэх.
5 дугаар зүйлХуулийн хэрэгжилтийн чиг үүрэг бүхий байгууллага
5.1Засгийн газар энэ хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг тогтооно.
5.2Эрх бүхий байгууллага нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.2.1бүртгэл, тайлагналын журам батлах, хөтлөх;
5.2.2ил тод байдлын стандарт, зөвлөмж гаргах;
5.2.3гомдол мэдээлэл хүлээн авах, шалгах;
5.2.4зөрчил шалган шийдвэрлэх, арга хэмжээ авах;
5.2.5платформ, агентлаг, захиалагчтай хамтарсан зохицуулалт хэрэгжүүлэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ИНФЛЮЗЕРИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, БҮРТГЭЛ
6 дугаар зүйлИнфлюзерийн ангилал
6.1Инфлюзерийг дараах байдлаар ангилна:
6.1.1мэргэжлийн инфлюзер;
6.1.2давхар ажил эрхлэгч инфлюзер;
6.1.3байгууллагын инфлюзер (хуулийн этгээд);
6.2Ангиллын шалгуурыг дагагчийн тоо бус, орлогын шинж, арилжааны агуулгын давтамж, захиалгат хамтын ажиллагааны хэмжээг харгалзан эрх бүхий байгууллага тогтооно.
7 дугаар зүйлИнфлюзерийн бүртгэл
7.1Дараах нөхцөлийг хангасан этгээд инфлюзерийн бүртгэлд бүртгүүлнэ:
7.1.1арилжааны агуулга нийтлэх замаар тогтмол орлого олдог;
7.1.2нэг жилд арилжааны хамтын ажиллагаа 6-аас дээш удаа хийдэг.
7.2Бүртгэл сайн дурын (7.1-д хамаарахгүй) байдлаар нээлттэй байна.
7.3Бүртгэлийн мэдээллийн хүрээ, хэлбэр, шинэчлэх хугацааг эрх бүхий байгууллага батална.
8 дугаар зүйлБүртгэлээс чөлөөлөх
8.1Дараах этгээдийг бүртгэлээс чөлөөлнө:
8.1.1зөвхөн хувийн сонирхлоор контент хийдэг, арилжааны орлогогүй;
8.1.2нэг удаагийн, санамсаргүй сурталчилгаа хийсэн;
8.1.3редакцийн хараат бус мэдээ, нийтлэл, баримтат контент (сурталчилгааны шинжгүй) нийтэлдэг сэтгүүл зүйн байгууллага.
9 дүгээр зүйлБүртгэлтэй инфлюзерийн үндсэн үүрэг
9.1Бүртгэлтэй инфлюзер дараах үүрэг хүлээнэ:
9.1.1арилжааны агуулгыг ил тод тэмдэглэх;
9.1.2баталгаажуулаагүй эрүүл мэнд, санхүүгийн амлалтаас татгалзах;
9.1.3хүүхдэд чиглэсэн өндөр эрсдэлтэй сурталчилгааг хориглох;
9.1.4баримт нотолгоог хадгалах, шаардвал гаргах.
10 дугаар зүйлИнфлюзерийн эрх
10.1Инфлюзер дараах эрхтэй:
10.1.1гэрээгээр хамгаалагдсан нөхцөлийг шаардах;
10.1.2захиалагчийн хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзах;
10.1.3нэр төр, зохиогчийн эрх, контентын өмчлөл хамгаалуулах;
10.1.4шударга бус нэр хүнд унагаах кампанит ажлын талаар гомдол гаргах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
АРИЛЖААНЫ АГУУЛГЫН ИЛ ТОД БАЙДАЛ
11 дүгээр зүйлАрилжааны агуулгыг тэмдэглэх ерөнхий шаардлага
11.1Арилжааны агуулгыг хэрэглэгч шууд танихуйц байдлаар тод, ойлгомжтой, нууж далдлаагүй тэмдэглэнэ.
11.2“Сурталчилгаа”, “Ивээн тэтгэлэг”, “Төлбөртэй”, “Affiliate холбоос” гэсэн шошгыг платформын хэрэгслийг ашиглаж эсвэл текст/дуу/дүрсээр давхар илэрхийлж болно.
11.3Тэмдэглэгээ нь контентын эхэнд, харагдах хэсэгт байрлана.
12 дугаар зүйлБэлэг, бартер, хөнгөлөлтийн ил тод байдал
12.1Бэлэг, бартер, хөнгөлөлт, үйлчилгээ зэрэг өгөөж авсан бол “Бэлэг/бартер” гэж ил тод мэдээлнэ.
12.2“Үнэгүй авсан” гэх тэмдэглэгээг заавал хэрэглэнэ.
13 дугаар зүйлAffiliate ба шимтгэлийн ил тод байдал
13.1Холбоосоор дамжин худалдан авалт хийхэд шимтгэл авч байгаа тохиолдолд тухайн холбоосын ойролцоо “Affiliate” гэдгийг тодорхой тэмдэглэнэ.
13.2Шимтгэл хэрэглэгчийн үнэд нөлөөлөх эсэхийг ойлгомжтой тайлбарлана.
14 дүгээр зүйлДалд сурталчилгааг хориглох
14.1Арилжааны зорилготой контентыг редакцийн/хувийн санал мэтээр далд хэлбэрээр нийтлэхийг хориглоно.
14.2Платформын автомат тэмдэглэгээг зориудаар зайлсхийх, нуух аргыг хориглоно.
15 дугаар зүйлСурталчилгаанд нотолгоо шаардах
15.1“Эмчилнэ”, “100% баталгаатай”, “хөрөнгө оруулалт 2 дахин өснө” зэрэг шалгах боломжгүй эсхүл нотолгоогүй амлалтыг хориглоно.
15.2Бүтээгдэхүүний гол нөлөө, эрсдэл, хязгаарлалтыг худал мэдээлэлгүйгээр тайлбарлана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХЭРЭГЛЭГЧИЙН ХАМГААЛАЛТ БА ЭРСДЭЛТ АНГИЛЛУУД
16 дугаар зүйлХэрэглэгчийг төөрөгдүүлэхийг хориглох
16.1Үнэ, чанар, гарал үүсэл, баталгаат хугацаа, буцаалт, хүргэлтийн нөхцөл, даатгал, үйлчилгээний хязгаарлалтыг төөрөгдүүлсэн байдлаар мэдээлэхийг хориглоно.
17 дугаар зүйлСанхүүгийн бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын сурталчилгаа
17.1Санхүүгийн бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалт, крипто хөрөнгө, форекс, дериватив, зээл, даатгалын сурталчилгаанд эрсдэлийн анхааруулга заавал оруулна.
17.2Зөвшөөрөл/лиценз шаарддаг бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй этгээд сурталчлахыг хориглоно.
17.3“Санхүүгийн зөвлөгөө” хэлбэрээр үзүүлсэн бол зөвлөх эрх бүхий эсэхийг тодорхойлно.
18 дугаар зүйлЭрүүл мэнд, эм, нэмэлт бүтээгдэхүүний сурталчилгаа
18 .1Эм, эмийн хэрэгсэл, эмчилгээний арга, эрүүл мэндийн үйлчилгээ сурталчлахдаа баталгаат эх сурвалж, зөвшөөрөл, заавар, эсрэг заалтыг дурдана.
18 .2Эмчилгээний үр дүнг хэтрүүлэн сурталчлах, онош тавих, эмийн хэрэглээг эмчийн зөвлөгөөгүй уриалахыг хориглоно.
19 дүгээр зүйлХүүхдэд чиглэсэн сурталчилгааны тусгай хамгаалалт
19.1Хүүхдэд чиглэсэн контентод мөрийтэй тоглоом, өндөр эрсдэлтэй санхүүгийн бүтээгдэхүүн, насанд хүрэгчдийн бүтээгдэхүүн, хүчирхийлэл өдөөгч зүйл, мөн хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглоно.
19.2Хүүхдийг худалдан авалт хийхийг шууд уриалах, эцэг эхийг шахах агуулга (pester power) ашиглахыг хориглоно.
20 дугаар зүйлХаранхуй загвар, далд төлбөрийг хориглох
20.1Хэрэглэгчийг санаатайгаар төөрөгдүүлэх интерфэйс, далд төлбөр, автоматаар сунгах захиалга, цуцлахад хүндрэлтэй нөхцөл зэргийг уриалах, сурталчлахыг хориглоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
КОНТЕНТЫН ЁС ЗҮЙ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ
21 дүгээр зүйлНийгмийн хор нөлөөтэй контент
21.1Хүчирхийлэл өдөөгч, үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хууль бус үйл ажиллагааг сурталчилсан контентыг арилжааны зорилгоор түгээхийг хориглоно.
22 дугаар зүйлХуурамч гэрчлэл, хуурамч хэрэглэгчийн сэтгэгдэл
22.1Хуурамч “review”, хиймэл лайк/дагагч/үзэлт худалдаж авах, хуурамч хэрэглэгчийн сэтгэгдлийг зохион байгуулахыг хориглоно.
23 дугаар зүйлAI/хиймэл оюун ухаан ашиглаж засварласан контентын ил тод байдал
23.1Бүтээгдэхүүний үр дүн, хүний дүр төрх, “өмнө-дараа” зургийг бодит мэтээр гуйвуулах хэмжээний AI/засварласан бол “Засварласан/AI ашигласан” гэж тэмдэглэнэ.
23.2Эрүүл мэнд, гоо сайхны үр дүнг гуйвуулсан засварыг сурталчилгаанд ашиглахыг хязгаарлана.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ГЭРЭЭ, ХАРИУЦЛАГЫН ХУВААРИЛАЛТ
24 дүгээр зүйлИнфлюзер захиалагчийн гэрээ
24.1Арилжааны хамтын ажиллагаа нь бичгээр (цахим хэлбэрийг оролцуулан) гэрээгээр баталгаажина.
24.2Гэрээнд дор дурдсан заалтыг заавал тусгана:
24.2.1төлбөр, өгөөжийн төрөл, хугацаа;
24.2.2ил тод тэмдэглэгээ хийх үүрэг;
24.2.3хариуцлага, зөрчил гарсан тохиолдлын нөхөн төлбөр;
24.2.4зохиогчийн эрх, контент ашиглах хүрээ;
24.2.5мэдээлэл, нотолгоо баталгаажуулах үүрэг.
25 дугаар зүйлАгентлагийн үүрэг
25.1Агентлаг инфлюзерийг хууль, стандартын талаар мэдээллээр хангаж, гэрээний ил тод байдлыг баталгаажуулна.
25.2Агентлаг худал мэдээлэл өгөх, далд сурталчилгааг зохион байгуулахыг хориглоно.
26 дугаар зүйлЗахиалагчийн үүрэг
26.1Захиалагч бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх бодит баримт, зөвшөөрөл, эрсдэлийн мэдээллийг инфлюзерт бүрэн өгнө.
26.2Захиалагч инфлюзерийг хууль зөрчихөөр шахахыг хориглоно.
27 дугаар зүйлХариуцлагын хамтын зарчим
27.1Далд сурталчилгаа, худал амлалт, зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн сурталчилсан тохиолдолд инфлюзер, агентлаг, захиалагч оролцооны хэмжээгээр хамтран хариуцна.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
ТАТВАР, БҮРТГЭЛТЭЙ ХОЛБОГДСОН ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАЛТ
28 дугаар зүйлОрлогын ил тод байдал, тайлагнал
28.1Бүртгэлтэй инфлюзер орлого, гэрээ, хамтын ажиллагааны мэдээллийг татварын хууль тогтоомжийн дагуу тайлагнана.
28.2Эрх бүхий байгууллага нь зөвхөн энэ хуулийн хэрэгжилтэд шаардлагатай хүрээнд нэгтгэсэн статистик мэдээлэл шаардаж болно.
29 дүгээр зүйлШимтгэл, зуучлалын ил тод байдал
29.1Агентлагийн шимтгэл, зуучлалын хөлс, хувь тооцох аргачлалыг гэрээнд тодорхой тусгана.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ПЛАТФОРМЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
30 дугаар зүйлПлатформын үүрэг
30.1Платформ Монгол Улсын хэрэглэгчдэд чиглэсэн арилжааны агуулгын ил тод шошго(paid partnership label) ашиглах нөхцөлийг дэмжинэ.
30.2Гомдол, мэдээлэл хүлээн авах суваг, контент тайлагнах механизм ажиллуулна.
31 дүгээр зүйлПлатформоос мэдээлэл шаардах
31.1Эрх бүхий байгууллага нь хуульд нийцсэн үндэслэлээр хувь хүний өгөгдөл хамгааллыг зөрчихгүйгээр статистик болон хэрэг хянан шалгахтай холбоотой мэдээллийг шаардаж болно.
32 дугаар зүйлХууль бус арилжааны контентын тухай мэдэгдэл
32.1Платформ нь илт хууль бус (зөвшөөрөлгүй эм, залилан, насанд хүрэгчдийн хориотой бүтээгдэхүүн) арилжааны контентын талаар эрх бүхий байгууллагын мэдэгдлийг хүлээн авч, шуурхай арга хэмжээ авна.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ХЯНАЛТ, ШАЛГАЛТ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТ
33 дугаар зүйлХяналт шалгалтын үндсэн хэлбэр
33.1Эрх бүхий байгууллага эрсдэлд суурилсан байдлаар мониторинг, шалгалт, чиглэл өгч ажиллана.
33.2Хүүхэд, эрүүл мэнд, санхүүтэй холбоотой ангиллыг өндөр эрсдэлтэйд тооцно.
34 дүгээр зүйлГомдол гаргах эрх
34.1Хэрэглэгч, иргэн, байгууллага инфлюенсерийн арилжааны контенттой холбоотой гомдлыг эрх бүхий байгууллагад гаргана.
34.2Гомдол шийдвэрлэх хугацаа, журам, нотлох баримтын шаардлагыг эрх бүхий байгууллага батална.
35 дугаар зүйлНотлох баримт хадгалах
35.1Инфлюзер арилжааны хамтын ажиллагааны гэрээ, өгөөжийн нотолгоо, бүтээгдэхүүний зөвшөөрөл/баталгаатай холбоотой баримтыг 2 жилээс доошгүй хугацаанд хадгална.
36 дугаар зүйлУрьдчилан сэргийлэх арга хэмжээ
36.1Эрх бүхий байгууллага анхааруулга, зөвлөмж, сургалт, нийтлэг зөрчлийн тайлан, загвар тэмдэглэгээний гарын авлага гаргана.
АРАВДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
37 дугаар зүйлЗөрчлийн төрлүүд
37.1Дараах үйлдэл/эс үйлдэхүйг зөрчилд тооцно:
37.1.1арилжааны агуулгыг тэмдэглээгүй/далдалсан;
37.1.2худал, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн;
37.1.3зөвшөөрөлгүй санхүү/эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчилсан;
37.1.4хүүхдэд хориотой сурталчилгаа хийсэн;
37.1.5хуурамч сэтгэгдэл, хуурамч үзэлт/дагагч ашигласан;
37.1.6баримт хадгалаагүй, шалгалтад саад учруулсан.
38 дугаар зүйлАнхааруулга ба залруулах
38.1Анхны, бага эрсдэлтэй зөрчилд эрх бүхий байгууллага анхааруулга өгч, 24-72 цагийн дотор залруулах хугацаа тогтоож болно.
39 дүгээр зүйлЗахиргааны арга хэмжээ
39.1Дараах арга хэмжээг авч болно:
39.1.1зөрчил арилгах албан шаардлага;
39.1.2залруулга, тайлбар нийтлүүлэх;
39.1.3давтан зөрчилд бүртгэлийг түр түдгэлзүүлэх;
39.1.4хүүхдэд чиглэсэн контентын сурталчилгааны эрхийг хязгаарлах.
40 дүгээр зүйлТоргууль, шийтгэл (жишиг загвар)
40.1Торгуулийн хэмжээг “Зөрчлийн тухай хууль”-тай уялдуулан тогтооно.
40.2Энэ хуулийн 37.1.1-37.1.6-д заасан зөрчил тус бүрт хувь хүн, хуулийн этгээдэд ногдуулах торгуулийн доод/дээд хэмжээг дагалдах хуулиар тогтооно.
40.3Давтан, зохион байгуулалттай, өндөр хохиролтой зөрчилд торгуулийн хэмжээг нэмэгдүүлнэ.
41 дүгээр зүйлХохирол нөхөн төлүүлэх
41.1Энэ хуулийг зөрчсөнөөс хэрэглэгчид учирсан шууд хохирлыг Иргэний хуульд нийцүүлэн нөхөн төлүүлнэ.
42 дугаар зүйлЭрүүгийн шинжтэй үйлдэл
42.1Залилан, хууль бус сурталчилгаа, хор уршиг ихтэй хуурамч эмчилгээ, санхүүгийн пирамид зэрэг эрүүгийн шинжтэй үйлдэл илэрвэл холбогдох хуулийн байгууллагад шилжүүлнэ.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ИЛ ТОД БАЙДЛЫН СТАНДАРТ, СУРГАЛТ
43 дугаар зүйлСтандарт, аргачлал
43.1Эрх бүхий байгууллага арилжааны контент тэмдэглэх стандарт, өндөр эрсдэлтэй ангиллын анхааруулгын загвар, хүүхдэд чиглэсэн контентын шаардлагыг батална.
43.2Платформын өөрийн шошгололт болон энэ хуулийн шаардлагыг уялдуулах зөвлөмж гаргана.
44 дүгээр зүйлЧадавхжуулалт, сургалт
44.1Эрх бүхий байгууллага инфлюенсер, агентлаг, захиалагчид зориулсан сургалт, зөвлөмж, нээлттэй материал бэлтгэнэ.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
ШИЛЖИЛТ, ЭЦСИЙН ЗОХИЦУУЛАЛТ
45 дугаар зүйлХуулийг хэрэгжүүлэх журам
45.1Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор Засгийн газар хэрэгжилтийг хангах журмуудыг батална.
45.2Бүртгэлд хамрагдах этгээд 6 сарын дотор бүртгүүлнэ.
45.3Энэ хуультай холбогдон бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар дагалдах хуулийн төслийг боловсруулна.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(1. Үзэл баримтлал.docx)