Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 12-Р САРЫН 12 ӨДӨР
УЛААНБААТАР

Геодези, зураг зүйн тухай /шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь газар, түүний доор, дээр, агаарын орон зайд хийгдэх геодези, зураг зүйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, санхүүжүүлэх болон тэдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлГеодези, зураг зүйн хууль тогтоомж
2.1Геодези, зураг зүйн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1“байнгын ажиллагаатай суурин станц" гэж навигацийн хиймэл дагуулын дохио хүлээн авах, хадгалах, боловсруулах, өөрийн солбицол, өндрийг тухайн агшин бүрд тодорхойлох, мэдээллээ хэрэглэгчдэд түгээх байнгын тасралтгүй үйл ажиллагаатай иж бүрэн цахим төхөөрөмж бүхий байгууламжийг;
3.1.2“байр зүйн зураг” гэж газрын гадаргуу, түүний дээрх болон доорх объектыг тусгагд оруулан, тодорхой масштабаар жижигрүүлэн буулгаж, таних тэмдгээр дүрсэлж, үзүүлэлт, шинж чанарыг нь илэрхийлсэн газрын зургийг;
3.1.3“байрлалын сүлжээ” гэж солбицлыг нь хэмжиж, тэгшитгэн бодсон геодезийн байнгын цэг тэмдэгтийн олонлогийг;
3.1.4"газар зүйн нэр" гэж газрын гадаргуу дээрх байгалийн болон барьж байгуулсан объектуудыг өөр хооронд нь ялган таних зорилгоор оноосон нэр болон дэвсгэр нэрийг хамтад нь;
3.1.5"газрын зураг" гэж дэлхийн гадаргуу, огторгуй ертөнцийн бусад бодит биет буюу тэдгээрийн хэсгийг хавтгайд тодорхой масштаб, тусгаг, таних тэмдэг ашиглан жижигрүүлэн буулгаж дүрсэлснийг;
3.1.6“газрын зургийн нэг маягийн суурь” гэж жижиг масштабын газрын зураг зохиоход ашиглах газар зүйн нийтлэг өгөгдөл агуулсан зургийг;
3.1.7”геодези” гэж дэлхийн хэлбэр, хэмжээ, түүний гадаргын шилжих хөдөлгөөнийг тодорхойлох, газрын гадаргын хэсгийг зураг болгон буулган дүрслэх зорилгоор од, нар, хиймэл дагуул, геодезийн хэмжлийн багаж хэрэгслийн тусламжтайгаар цэгийн болон орон зайн биетийн солбицол, өндөр, хүндийн хүчний хурдатгалыг хэмжин, математик боловсруулалт хийх шинжлэх ухааны салбарыг;
3.1.8“геодезийн байнгын цэг, тэмдэгт” гэж геодези, зураг зүйн үйл ажиллагааны үндэс болох солбицол, өндөр, хүндийн хүчний хурдатгал зэрэг орон зайн гурав болон түүнээс дээш хэмжээсээр утга нь тодорхойлогдсон, газар, түүний доор, дээр, барилга байгууламж зэрэг хөдөлгөөнгүй биетэд бэхлэгдсэн төв цэг болон түүн дээрх байгууламжийг;
3.1.9“геодези, зураг зүйн ажлын захиалагч” гэж геодези, зураг зүйн ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий Хүн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг;
3.1.10“геодези, зураг зүйн мэдээллийн нэгдсэн систем” гэж геодези, зураг зүйн үйл ажиллагааны хүрээнд сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын хэмжээнд боловсруулагдсан өгөгдөл, мэдээллийг цуглуулах, шинэчлэх, нэгтгэн удирдах, зохион байгуулах, хадгалах, хамгаалах хүчин чадалтай, төрийн мэдээллийн бусад сантай харилцан уялдаа бүхий цогц үйл ажиллагаатай цахим тогтолцоог;
3.1.11“геодезийн сүлжээ” гэж орон зайн гурав ба түүнээс дээш хэмжээст утгыг нь хэмжиж, тэгшитгэн бодсон геодезийн байнгын цэг, тэмдэгтийн олонлогийг;
3.1.12“геодезийн сүлжээний эхлэл цэг” гэж Монгол Улсын байрлал, өндөр, гравиметрийн сүлжээний хэмжилт, тэгшитгэн бодолтод тулгуур болгон ашиглаж байгаа орон зайн гурав ба түүнээс дээш хэмжээст утга бүхий геодезийн байнгын цэг, тэмдэгтийг;
3.1.13“геодезийн хэмжилтийн багаж хэрэгсэл” гэж өнцөг, өндөр, зай, хүндийн хүчний хурдатгал, цэгийн солбицлыг орон зайн гурав, түүнээс дээш хэмжээсээр тодорхойлох багажийг;
3.1.14“гравиметрийн сүлжээ” гэж хүндийн хүчний хурдатгалын утгыг нь хэмжиж, тэгшитгэн бодсон геодезийн байнгын цэг тэмдэгтийн олонлогийг;
3.1.15“гүйцэтгэлийн зураг” гэж шинээр болон өөрчлөн барьж байгуулсан зам, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн бодит байршлыг газрын гадаргуугийн өөрчлөлттэй нь харуулсан байр зүйн болон дэвсгэр зургийг;
3.1.16“дэвсгэр зураг” гэж газрын гадаргуу, инженерийн барилга байгууламжийн бодит байршлыг газрын гадаргуугийн махиаг тооцолгүй батлагдсан түвшинд хэмжиж, дүрсэлснийг;
3.1.17“дэвсгэр нэр” гэж газар зүйн объектуудыг өөр хооронд нь ялган тодотгох нэрийг;
3.1.18“жижүүрлэлтийн зураг” гэж газрын зургийн агуулгын өөрчлөлтийг тухай бүр бүртгэж, тэмдэглэсэн зургийг;
3.1.19“захиалагчийн техникийн хяналт хийх” гэж геодези, зураг зүйн ажлын үр дүн нь норматив баримт бичгийн шаардлага, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн төсөл, ажлын даалгаварт нийцсэн эсэхэд дүгнэлт гаргах мэргэжлийн үйл ажиллагааг;
3.1.20“зураг зүй” гэж газрын гадаргуугийн дүрс, байгаль, түүний зүй тогтол, нийгмийн үзэгдэл, юмсын хоорондын харилцан хамаарал, учир шалтгааныг шинжлэн дүгнэж, тэдгээрийн цаашдын хувьсал, өөрчлөлтийн чиг хандлага, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг харуулсан тодорхой зориулалт, тусгаг, масштаб бүхий газрын зураг, атласыг зохиож хэвлэх үйл ажиллагааг;
3.1.21."зурагжуулах" гэж төрөл бүрийн масштабтай газрын зураг, агаар, сансрын зургаар нийт Монгол Улсын нутаг дэвсгэрийг хангах үйл ажиллагааг;
3.1.22“инженерийн барилга байгууламж” гэж Барилгын тухай хуулийн 4.1.1, 4.1.33, 4.1.35, Эрчим хүчний тухай хуулийн 3.1.9 дэх заалтуудыг хамтад нь;
3.1.23“кадастрын зураг” гэж геодезийн хэмжилтээр бүх төрлийн кадастрын үйл ажиллагаанд шаардагдах байршил, хил зааг, талбайн хэмжээг тодорхойлсон газрын зургийг;
3.1.24“магадлал хийх” гэж геодези, зураг зүйн ажлын техник, эдийн засгийн үндэслэл, техникийн төсөл, ажлын даалгавар, сэдэвчилсэн газрын зураг, атласын зохиолтын болон хэвлэлийн эхэд дүгнэлт гаргах хараат бус мэргэжлийн үйл ажиллагааг;
3.1.25“масштаб” гэж газрын зурагт дүрсэлсэн хэрчмийн уртыг газар дээрх бодит урттай нь харьцуулсан харьцааг;
3.1.26“навигаци” гэж байршил, хөдөлгөөнийг тодорхойлох, удирдан чиглүүлэхтэй холбогдсон цогц үйл ажиллагааг;
3.1.27“ортофото зураг” гэж агаар, сансрын гэрэл зургийн газрын гадаргуу болон камерын линзийн геометрийн гажилтыг засаж тэгш өнцгийн тусгагаар үүсгэсэн ижил масштабтай гэрэл зургийн дүрсийг;
3.1.28“өндрийн сүлжээ” гэж ортометрийн өндрийг нь хэмжиж, тэгшитгэн бодсон геодезийн байнгын цэг тэмдэгтийн олонлогийг;
3.1.29“өндөржилт төлөвлөлтийн зураг” гэж хот суурины газар, барилга байгууламж, зам шугам сүлжээг үер ус, болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор геодезийн хэмжилт, боловсруулалтын тооцоо судалгаанд тулгуурлан гүйцэтгэсэн зураг төслийг;
3.1.30“солбицлын бие даасан тогтолцоо” гэж тухайн нутаг дэвсгэр дэх геодезийн сүлжээний цэгт үндэслэн, физик гадаргууд тохирсон хавтгай дээр солбицлын утгыг тодорхойлсон дүрмийг;
3.1.31“солбицол, өндөр, гравиметрийн тогтолцоо” гэж геодезийн байнгын цэг тэмдэгтийн солбицол, өндөр, хүндийн хүчний хурдатгалын тоон утгыг геодезийн сүлжээний эхлэл цэгээс харьцуулан тогтоох дүрмийг;
3.1.32“солбицол, өндөр, гравиметрийн тогтолцооны эрин” геодезийн хэмжилт, ажиглалт, судалгаанд одот ертөнцийн таталцал, агаар мандлын соронзон идэвхжилт, дэлхийн дотоод гадаад хүчний үйлчлэлийн нөлөөллийн хувьсах үйл явцын өөрчлөлтийг тооцоолсон цаг хугацааны утгыг;
3.1.33“сэдэвчилсэн газрын зураг, атлас” гэж газрын зургийн нэг маягийн суурь ашиглан зохиосон тухайлсан агуулга бүхий газрын зураг, атласыг;
3.1.34“тэнхлэг” гэж инженерийн шугам сүлжээ, инженерийн дэд бүтэц, барилга байгууламжийн үндсэн хэмжээ, түвшинг улсын геодезийн сүлжээнд холбосон газар дээрх тэмдэглэгээг;
3.1.35“Үндэсний референц эллипсоид” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн бодит гадаргууг бүхэлд нь хамгийн их нийцтэй байхаар тодорхойлж сонгосон эллипсоидыг;
3.1.36"хаягийн зураг” гэж засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж бүрээр газар нутаг, гудамж зам талбай, үйлдвэр, аж ахуйн нэгж, хотхон, төлөвлөлтгүй суурьшсан хэсэг зэрэгт харьяалагдах үл хөдлөх эд хөрөнгийн нэр дугаар байршлыг дүрсэлсэн, байр зүйн зурагт суурилсан сэдэвчилсэн газрын зургийг.
4 дүгээр зүйлГеодези, зураг зүйн салбарт баримтлах зарчим
4.1Геодези, зураг зүйн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал нь геодезийн хэмжилт, газрын зургаар баталгаажна.
4.1.2геодези, зураг зүйн үйл ажиллагааны зохицуулалт, бүртгэл, зөвшөөрлийг олон нийтэд ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулна.
4.1.3геодези, зураг зүйн үйл ажиллагаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангана.
4.1.4геодези, зураг зүйн үйл ажиллагааг солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд гүйцэтгэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АНГИЛАЛ, ТАВИГДАХ ШААРДЛАГА
5 дугаар зүйлГеодези, зураг зүйн үйл ажиллагаа, хэрэгжилт
5.1Геодези, зураг зүйн үйл ажиллагаанд дараах ажил хамаарна:
5.1.1үндэсний референц эллипсоид, солбицол, өндрийн тогтолцоо, геоидын өндрийн загвар, тусгагийг тодорхойлох, нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, солбицлын тогтолцоо хооронд хөрвүүлэх, солбицол, өндрийн утгын цаг хугацааны өөрчлөлтийг тогтоох, дэлхийн хэлбэр хэмжээ, түүний хүндийн хүчний таталцлын орныг тодорхойлох;
5.1.2газрын гадаргуугийн цэг, орон зайн биетийн солбицол, өндрийг тодорхойлох, тэдгээрийн орон зайн харилцан байршлыг нь тогтоох зорилгоор геодезийн хэмжилт, боловсруулалт хийх;
5.1.3улсын геодезийн байрлалын, өндрийн, гравиметрийн сүлжээ байгуулах, цэг, тэмдэгтийн нягтрал, сүлжээний нарийвчлалыг сайжруулах;
5.1.4геодезийн байнгын цэг, тэмдэгтийг барьж байгуулах, сэргээх, тоолох, бүртгэх, хадгалах, хамгаалах;
5.1.5Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг зурагжуулах, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн газрын зураг зохиох, шинэчлэх;
5.1.6агаараас газрын зураг авах, агаар, сансрын зургийн фотограмметрийн боловсруулалт хийх;
5.1.7улсын хилийг Монгол Улсын хилийн тухай хуулийн дагуу тодорхойлох, улсын хилийн шугам, хилийн тэмдгийн байршлыг тогтоох, шалгах, хоорондын зайг тодорхойлох, хилийн шугамын дагуу газрын зураг үйлдэх;
5.1.8засаг захиргааны нэгж, тусгай хэрэгцээний газар, бүх төрлийн кадастрын хил заагийн эргэлтийн цэгийн солбицлыг тодорхойлох, хилийн цэсийн зураг, солбицлын жагсаалтыг үйлдэх;
5.1.9геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг бүрдүүлэх, баяжуулах, хөтлөх;
5.1.10үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг суурь өгөгдөл, мэдээллээр хангах;
5.1.11сургалт, нийтийн хэрэгцээнд зориулсан сэдэвчилсэн газрын зураг, атлас, үндэсний атлас зохиох, хэвлэх;
5.1.12газар зүйн нэрийг тодотгох, шинээр тогтоох, солбицолжуулах, нэрийн зураг үйлдэх, хувийн хэрэг хөтлөх, нэрийн мэдээллийн сан үүсгэх;
5.1.13газар зүйн нэрийг зөв бичих, хөрвүүлэх, газрын зурагт тусгах, нэрийн мэдээллийн сан хөтлөх, тайлбар толь бичиг, жагсаалт, лавлах боловсруулж хэвлэх, лавлагаа гаргах, газар зүйн нэрийн зураг, альбом хэвлэж нийтийн хүртээл болгох;
5.1.14бүх төрлийн кадастрын зураглал үйлдэх;
5.1.15газар зохион байгуулалтын болон хот, тосгон, бусад суурины хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийг төлөвлөх, барьж байгуулах, ашиглалтын үеийн геодезийн хэмжилт хийх, газрын зураг үйлдэх, шинэчлэх, орон зайн мэдээллийн сан үүсгэх;
5.1.16инженер геологи, гидрогеологи, геологи, уул уурхай, геофизикийн хайгуулын геодезийн хэмжилт хийх, газрын зураг үйлдэх, шинэчлэх, мэдээллийн сан үүсгэх;
5.1.17хот байгуулалтын зураг төслийг хэрэгжүүлэх зорилгоор тусгай зориулалтын геодезийн торлол, өндөржилт төлөвлөлтийн зураг төсөл зохиох;
5.1.18геодези, зураг зүйн салбарт шинжлэх ухааны туршилт, судалгаа явуулах, програм хангамж, багаж тоног төхөөрөмж зохион бүтээх, үйлдвэрлэл, үйлчилгээнд орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх;
5.1.19улсын аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үед геодези, зураг зүйн ажил гүйцэтгэх;
5.1.20өндөр уулсын ноёлох оргилын солбицол, өндрийг тодотгон тогтоох, экологийн тогтолцооны газрын зураг зохиох, шинэчлэх;
5.1.21усны хайгуул судалгааны ажлын геодезийн хэмжилт зураглал үйлдэх, нуур, гол, гол мөрний урсац бүрэлдэх, усны эх үүсвэр, ус хангамжийн эх үүсвэр, усан сан тэдгээрийн ёроолын зураглал, усан замын газрын зураг зохиох, шинэчлэх, хэвлэх;
5.1.22хаягийн зураг зохиох, хаягийн жагсаалт үйлдэх, хаягийн тэмдэг, тэмдэглэгээг зураг төслийн дагуу байршуулах;
5.1.23бүх төрлийн газрын зурагт жижүүрлэлт хөтлөх;
5.1.24далан, гүүрийн мониторинг, барилга, байгууламжийн суулт, хазайлтыг тодорхойлох;
5.1.25геодезийн хэмжилтийн багаж, хэрэгсэл шалгах, баталгаажуулах, геодезийн хэмжилтийн багаж, төхөөрөмжийн тохируулгын жишилтийн полигоныг байгуулах, ажиллуулах;
5.1.26газар, түүний доорх, дээрх инженерийн барилга байгууламжийн тэг тэнхлэг, улаан шугам байгуулах, барилга байгууламжийн гаднах, доторх геометр хэмжээг тодорхойлох;
5.1.27соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлах чиглэлээр хийгдэх геодезийн хэмжилт, зураглалын ажил хийх;
5.1.28газрын доорх геодезийн хэмжилт, зураглалын ажил хийх, өрөмдлөгийн цооног холбох;
5.1.29байнгын ажиллагаатай суурин станц байгуулах, ажиллуулах, дэлхийн царцдасын хэвтээ, босоо хөдөлгөөний өөрчлөлтийг судлах, солбицол, өндөр, гравиметрийн тогтолцооны эрин хоорондын хөрвүүлэлт хийх;
5.1.30лазерын хиймэл дагуулын мэдээ хүлээн авах станц, хэт урт суурь шугам хэмжих станц, хиймэл дагуулын тохируулга хийх станцыг байгуулах, ажиллуулах;
5.1.31том, дунд масштабын газрын зураг зохиох, шинэчлэх зорилгоор хиймэл дагуулын өндөр дүрслэх чадвартай олон сувгийн мэдээ хүлээн авах суурин станц байгуулах, ажиллуулах, боловсруулах;
5.1.32цахилгаан соронзон долгионы янз бүрийн гэрлийн мужид авсан хиймэл дагуулын мэдээг геодезийн өгөгдөлд хөрвүүлэх;
5.1.33геодезийн хэмжилтийн багаж засварлах, тохируулга хийх.
5.2Геодези, зураг зүйн үйл ажиллагааг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
5.2.1энэ хуулийн 5.1 дэх хэсгийн 5.1.1, 5.1.7, 5.1.9, 5.1.10, 5.1.13, 5.1.23, 5.1.25, 5.1.29-т заасан үйл ажиллагааг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
5.2.2энэ хуулийн 5.2.1-д зааснаас бусад үйл ажиллагааг хүн, хуулийн этгээдийн захиалгаар тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ.
5.2.3энэ хуулийн 5.1 дэх хэсгийн 5.1.8, 5.1.16, 5.1.17, 5.1.19, 5.1.21, 5.1.24, 5.1.26, 5.1.27, 5.1.28-т заасан үйл ажиллагааг хуулиар тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага захиалах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
5.2.4энэ хуулийн 5.2.3-т зааснаас бусад үйл ажиллагааг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага захиалах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
5.3
6 дугаар зүйлМонгол Улсыг батлан хамгаалах зорилгоор хийгдэх геодези, зураг зүйн ажил
6.1Монгол Улсыг батлан хамгаалах зорилгоор хийгдэх геодези, зураг зүйн ажилд энэ хуулийн 5.1.7, 5.1.19-д заасан ажлыг хамааруулан ойлгоно.
6.2Улсын аюулгүй байдлыг хангах, улсыг батлан хамгаалах зорилгоор хийгдэж байгаа геодези, зураг зүйн ажлыг Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж хэрэгжүүлнэ.
6.3Гамшгаас урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үед хийгдэх геодези, зураг зүйн ажлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж хэрэгжүүлнэ.
6.4Энэ хуулийн 5.1.7-д заасан ажлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хил хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран Монгол Улсын хилийн тухай хуулийн дагуу зохион байгуулж хэрэгжүүлнэ.
7 дугаар зүйлСолбицол, өндөр, гравиметрийн тогтолцоо
7.1Монгол Улс дэлхийн хүндийн төвд эхлэлтэй гурван хэмжээст улсын солбицлын тогтолцоо, улсын өндрийн тогтолцоо, улсын гравиметрийн тогтолцоо, солбицлын бие даасан тогтолцоотой байна.
7.2Нийслэл хот, аймаг, сумын төв, суурин газар бүр солбицлын бие даасан тогтолцоотой байна.
7.3Солбицлын бие даасан тогтолцоог геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулж улсын солбицлын тогтолцоо хоорондын харилцан хөрвүүлгийн утгыг тодорхойлсон байна.
7.4Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг зурагжуулахад зориулсан 1:25000 ба түүнээс жижиг масштабын газрын зургийг улсын солбицлын тогтолцоонд гүйцэтгэнэ.
7.5Хот байгуулалт, уул уурхайн ашиглалт, ашигт малтмалын нөөц тооцоолол, инженерийн барилга байгууламжийн төсөл, тооцоонд шаардлагатай геодезийн хэмжилт, том масштабын дэвсгэр зураглалыг солбицлын бие даасан тогтолцоонд гүйцэтгэнэ.
8 дугаар зүйлГеодезийн сүлжээ
8.1Монгол Улсын нутаг дэвсгэрт геодези, зураг зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, нутаг дэвсгэрийн хэлбэр хэмжээ, түүний хэвтээ болон босоо шилжилт хөдөлгөөнийг шинжлэн судлахад байрлалын, өндрийн, гравиметрийн сүлжээг байгуулна.
8.2Улсын геодезийн сүлжээг дэлхийн хүндийн төвд эхлэлтэй гурван хэмжээст солбицлын тогтолцоо, улсын өндрийн тогтолцоо, улсын гравиметрийн тогтолцоонд байгуулна.
8.3Улсын геодезийн сүлжээний бүрэлдэхүүнд байнгын ажиллагаатай суурин станц багтана.
8.4Улсын геодезийн байрлалын сүлжээг 6-8 жил тутамд, өндрийн болон гравиметрийн сүлжээг 15 жил тутамд, хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд тухай бүр давтан хэмжиж шинэчлэнэ.
8.5Улсын геодезийн сүлжээний бүтэц, түүнийг байгуулах, геодезийн байнгын цэг, тэмдэгтэд тавих шаардлагыг геодези, зураг зүйн норм, нормативын баримт бичгээр тогтооно.
9 дүгээр зүйлГеодезийн байнгын цэг, тэмдэгт
9.1Геодезийн байнгын цэг, тэмдэгт болон байнгын ажиллагаатай суурин станц нь төрийн өмч байна.
9.2Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг байгуулах, ашиглахад холбогдох норм, нормативын баримт бичгийг баримтална.
9.3Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хамгаалалтын бүс нь төв суурин газарт цэгийн төвөөс 1.5 метр, хөдөө орон нутагт 3 метр газрыг хамарна.
9.4Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн өгөгдөл, мэдээллийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан болон нэгдсэн системд төвлөрүүлнэ.
9.5Улсын геодезийн сүлжээний байнгын ажиллагаатай суурин станцын хиймэл дагуулаас хүлээн авч байгаа долгионыг хаах эсвэл ойлгох, долгионыг сарниулагч байгууламж, төхөөрөмжийг түүний хамгаалалтын зурваст байрлуулахыг хориглоно.
9.6Байнгын ажиллагаатай суурин станцын хамгаалалтын зурвасыг Засгийн газар тогтооно.
9.7Геодезийн байнгын цэг, тэмдэгийг эвдэлж гэмтээх, цэгийн төвийн хөдөлгөөнгүй байдал, хэмжилт хийх, түүнд чөлөөтэй хүрч очих нөхцөлийг алдагдуулах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
9.8Хүн, хуулийн этгээд нь геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлаж байгаа газарт барилга байгууламж барих, газар шорооны ажил хийхдээ дор дурдсан байгууллагаар уламжлан геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэн зөвшөөрөл авна.
9.8.1Улсын хилийн зурваст Хил хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
9.8.2улсын тусгай хэрэгцээний газарт улсын тусгай хэрэгцээний газар эзэмшигч байгууллага;
9.8.3улсын хилийн зурвас газар болон улсын тусгай хэрэгцээний газраас бусад газарт сум, дүүргийн Засаг дарга.
9.9Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг зайлшгүй нүүлгэн шилжүүлэх шаардлага гарвал түүнийг нөхөн сэргээх зардлыг хүсэлт гаргасан хүн, хуулийн этгээд хариуцна.
9.10Геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлаж байгаа газар, барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь түүнийг хамгаалах, геодезийн үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
9.11Нутаг дэвсгэртээ байгаа геодезийн сүлжээний эхлэл цэг болон байнгын цэг, тэмдэгтийн бүрэн бүтэн байдлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцаж цэг, тэмдэгтийг гэмтээсэн, устгасан, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулсан тохиолдолд геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулна.
9.12Хилийн зурваст байгаа геодезийн байнгын цэг, тэмдэгтийн бүрэн бүтэн байдалд хил хамгаалах байгууллага хяналт тавьж цэг, тэмдэгтийг гэмтээсэн, устгасан, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулсан тохиолдолд геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулна.
9.13Улсын тусгай хэрэгцээний газарт байгаа геодезийн сүлжээний эхлэл цэг болон байнгын цэг, тэмдэгтийн бүрэн бүтэн байдалд тусгай хэрэгцээний газрыг эзэмшигч байгууллагын дарга хяналт тавина.
9.14Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн ач холбогдлыг сурталчлах, иргэдийг мэдээллээр хангах, хамгаалах, ашиглах үйл ажиллагааны журам, зааврыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталж мөрдүүлнэ
10 дугаар зүйлГазрын зургийн төрөл, ангилал, агуулга, нарийвчлал, хэрэглээ
10.1Газрын зургийг агуулга, хэрэглээнээс хамааруулан дараах төрөлд хуваана:
10.1.1байр зүйн зураг;
10.1.2дэвсгэр зураг;
10.1.3хаягийн зураг;
10.1.4гүйцэтгэлийн зураг;
10.1.5кадастрын зураг;
10.1.7газар зүйн нэрийн зураг;
10.1.8ортофото зураг;
10.1.9сэдэвчилсэн газрын зураг, атлас;
10.1.10жижүүрлэлтийн зураг;
10.1.11бусад.
10.2Газрын зургийг масштабаар нь том, дунд, жижиг гэж дараах байдлаар ангилна:
10.2.1том масштабын газрын зурагт 1:100, 1:200, 1:500, 1:1000, 1:2000, 1:5000;
10.2.2дунд масштабын газрын зурагт 1:10000, 1:25000, 1:50000, 1:100000, 1:200000;
10.2.3жижиг масштабын газрын зурагт 1:500000 ба түүнээс жижиг масштаб хамаарна.
10.3Газрын зургийн масштабыг зориулалтаас нь хамааруулан дараах байдлаар сонгож хэрэглэнэ:
10.3.1Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг зурагжуулахад 1:25000, 1:50000, 1:100000;
10.3.2улсын хэмжээний байгаль, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг дүрсэлсэн сэдэвчилсэн газрын зураг, атласт жижиг масштабын;
10.3.3бүс нутгийн хөгжлийн төлөвлөлтөд 1:100000-1:500000;
10.3.4аймаг, нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөлтөд 1:25000-1:100000;
10.3.5усны нөөцийн тархалт, улсын геологийн эрэл хайгуулд 1:200000;
10.3.6геологийн ерөнхий эрэл хайгуулын судалгаанд 1:25000, нарийвчилсан судалгаанд 1:2000;
10.3.7бэлчээр, газар тариалан, авто зам, эрчим хүч, хийн хоолой, төмөр замын трассын төлөвлөлтөд 1:10000-1:25000;
10.3.8хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хот, тосгоны газар хөдлөлийн бичил мужлалын зураглалд 1:1000, 1:5000;
10.3.9барилгажсан талбайн байр зүйн болон дэвсгэр зурагт 1:500, барилгажаагүй талбайн байр зүйн дэвсгэр зурагт 1:1000;
10.3.10төв суурин газрын хаягжуулалтад 1:1000, суурингаас бусад газрын хаягжуулалтад 1:100000;
10.3.11газар зүйн нэрийн зураг зохиоход 1:25000-1:100000;
10.3.12хот суурины хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөд 1:1000-1:2000;
10.3.13газар доорх болон гүүрэн байгууламж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шугамын суурилуулалтад 1:100-1:200;
10.3.14хот орчмын бүс болон орчны тойм зургийг нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамааран 1:5000 - 1:25000;
10.3.15инженерийн барилга байгууламжийн нарийвчилсан төлөвлөлтөд 1:200, 1:500, 1:1000.
10.4Газрын зургийн нарийвчлал нь байрлалаараа масштабын 0.1 мм, өндрийн хувьд үеийн өндрийн гуравны нэгээс багагүй байна.
10.5Газрын зургийн агуулга, таних тэмдгийг стандартаар, газрын зураг зохиох үйл ажиллагаа, тавигдах шаардлагыг норм дүрмээр тогтооно.
10.6Газрын зургийг зохиоход геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хадгалагдаж байгаа орон зайн өгөгдөл, мэдээллийг суурь болгон ашиглана.
10.7Байр зүйн болон дэвсгэр зургийг зориулалтаар нь тусгай, нийтийн зориулалтын гэж дараах байдлаар ангилна:
10.7.1Тусгай зориулалтын байр зүйн болон дэвсгэр зураг нь төрийн болон албаны нууцад хамаарсан мэдээллийг агуулсан, улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангахад зориулсан байна.
10.7.2Нийтийн зориулалтын байр зүйн болон дэвсгэр зураг нь энэ хуулийн 10.7.1-д заасан мэдээллийг агуулаагүй байна.
10.8Тусгай зориулалтын байр зүйн болон дэвсгэр зурагт дүрслэгдэх нууцад хамаарах мэдээллийг Төрийн болон албаны нууцын тухай хуулиар зохицуулна.
10.9Нийтийн зориулалтын байр зүйн зургийн агуулга, тавигдах шаардлагыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
10.10Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан дунд масштабын байр зүйн зургийг 10 жил тутамд, том масштабын байр зүйн болон дэвсгэр зургийг нийслэлд хоёр жил тутамд, бусад суурин газарт гурван жил тутамд, Монгол Улсын Үндэсний атласыг 10 жил тутамд шинэчилнэ.
10.11Ортофото зургийг том масштабын байр зүйн болон дэвсгэр зургийн нарийвчлалаар нийслэлд жил тутам, аймгийн төвд гурван жил тутам гүйцэтгэнэ.
10.12Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дунд болон жижиг масштабын газрын зургийн жижүүрлэлтийн зургийг өөрчлөлт гарсан тухай бүрд хөтөлнө.
10.13Дэвсгэр зургийг солбицлын бие даасан тогтолцоонд газар нутгийн хязгаарлагдмал талбайд том масштабаар үйлдэнэ.
10.14Сэдэвчилсэн газрын зураг, атласт тавигдах шаардлагыг норм, нормативын баримт бичгээр тогтооно.
10.15Хилийн бүсэд агаараас газрын зураг авахдаа хил залгаа улсын холбогдох байгууллагад дипломат шугамаар мэдэгдэнэ.
10.16Тусгай зориулалтын байр зүйн болон дэвсгэр зураг, үндэсний атлас зохиох, шинэчлэх, тэдгээрийг тоон хэлбэрт шилжүүлэх, хэвлэх, ашиглах асуудлыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь холбогдох бусад төрийн захиргааны байгууллагатай хамтран Засгийн газрын баталсан журмын дагуу зохион байгуулна.
10.17Газрын зургийн масштабыг томруулан зохиохыг, хэрэглэхийг, хэвлэхийг, эсхүл зурган, тоон мэдээллийг хуулбарлан ашиглахыг хориглоно.
10.18Тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн зохиосон зураг зүйн бүтээлийг хуулбарлах, олшруулах, хэвлэх, худалдан борлуулахыг хориглоно
11 дүгээр зүйлГазар зүйн нэр
11.1Газар зүйн нэрэнд дараах объектын нэр хамаарна:
11.1.1уул, нуруу, булан, тохой, арал, хойг, хээр тал, говь, цөл, гол, мөрөн, нуур, тойром зэрэг физик газар зүйн объект;
11.1.2улс, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хот тосгоны нэр, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэр;
11.1.3хүний үйл ажиллагаагаар бий болсон далан, гүүр, усан сан, суваг, хөшөө, түүх соёлын дурсгалт газар, гудамж, зам, талбай, хотхон, хороолол, барилга байгууламж, хөдөө аж ахуй, үйлдвэр, тээвэр, холбоо зэрэг бусад объект.
11.2Газар зүйн нэрийг тодотгох, шинээр нэрлэхэд лавлагааны болон түүхийн эх сурвалжид үндэслэх бөгөөд аливаа эх сурвалж байхгүй бол нутгийн уугуул иргэд, түүх, угсаатан зүй, монгол хэлний эрдэмтэн судлаачдын санал, тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэнэ.
11.3Хүн, хуулийн этгээдийг газар зүйн албан ёсны нэрийн тухай мэдээллээр хангах, газар зүйн нэрийг зөв бичих, хэрэглэх, хэвшүүлэх, хамгаалах асуудлыг сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран зохион байгуулна.
11.4Газар зүйн объектыг нэрлэхэд дараах зарчим баримтална:
11.4.1тухайн объектыг нээх, судлах, барьж байгуулахад оролцсон буюу эзэмшиж байгаа хүний нэрээр нэрлэх;
11.4.2ойролцоо орших өөр төрлийн объектуудын оноосон нэр нь ижил байж болох;
11.4.3газар зүйн хуучин нэрээр нь зүг чиг, өнгө, цаг хугацааны тодотголтой нэрлэж болох;
11.5Газар зүйн нэрийг дараах онцгой тохиолдолд өөрчилж болно:
11.5.1адил төрлийн хэд хэдэн объектын ижил нэр нь зам, тээвэр, харилцаа холбоо, бусад байгууллагын ажилд хүндрэл учруулахаар байвал;
11.5.2уугуул иргэд нь нэрлэж заншсан уламжлалт нэрийг сэргээх хүсэлт тавьсан;
11.5.3тухайн объектын мөн чанарт тохирохгүй, этгээд хэллэгээр, монгол хэлнээс өөр хэл дээр нэрлэгдсэн байвал.
11.6Шинээр нэрлэх, өөрчлөх газар зүйн нэр дараах шаардлагыг хангасан байна.
11.6.1хүрээлэн буй орчин, газар зүйн объектын тодорхой шинж, түүх, соёл, ахуйн онцлогийг тусгасан байх;
11.6.2монгол хэлний бичлэг, хэллэгт тохиромжтой гурваас илүүгүй үгээс бүтсэн байх;
11.6.3газар орны онцлог, түүхэн үйл явдал, ард түмний ёс заншил, уламжлал зэргийг харгалзах.
11.7Энэ хуулийн 11.1.1, 11.1.2 дахь хэсэгт заасан газар зүйн нэрийг Засгийн газар нэгтгэн Улсын Их Хурлаар батлуулна.
11.8Улсын Их Хурлаар батлагдах газар зүйн нэрийн саналыг хэлэлцэж зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус газар зүйн нэрийн Үндэсний зөвлөл Засгийн газрын дэргэд, аймаг, нийслэл, сум, дүүрэгт орон тооны бус газар зүйн нэрийн салбар зөвлөл ажиллана.
11.9Газар зүйн нэрийн Үндэсний болон салбар зөвлөлийг дараах шаардлагад нийцүүлэн байгуулна:
11.9.1газар зүйн нэрийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд томилно;
11.9.2газар зүйн нэрийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, хил хамгаалах, архив, боловсрол, соёл, барилга, хот байгуулалт, газрын харилцаа, геологи, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин, гадаад харилцаа, зам, тээвэр, харилцаа, холбоо, шинжлэх ухааны судалгааны байгууллагын төлөөлөл болон Монгол Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүдээс орсон байна.
11.9.3газар зүйн нэрийн Үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.
11.9.4газар зүйн нэрийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга батална.
11.9.5газар зүйн нэрийн салбар зөвлөлийн дүрмийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
11.10Энэ хуулийн 11.1.3 дахь хэсэгт заасан нэрийг газар зүйн нэрийн салбар зөвлөлийн саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
11.11Газар зүйн нэрийг 20 жил тутамд тодотгон баталгаажуулна.
12 дугаар зүйлГеодези, зураг зүйн зөвлөх үйлчилгээ
12.1Геодези, зураг зүйн салбарын мэргэжлийн зөвлөх үйлчилгээг дараах чиглэлээр үзүүлнэ:
12.1.1геодези, зураг зүйн ажлын техник, эдийн засгийн үндэслэл, техникийн төсөл зохиох;
12.1.2геодези, зураг зүйн норм, нормативын баримт бичиг боловсруулах, шүүмж хийх, хянан тохиолдуулга хийх;
12.1.3геодези, зураг зүйн ажилд техникийн хяналт хийх, ажлын чанарт зөвлөгөө, дүгнэлт гаргах;
12.1.4техник, технологийн үйлдвэрлэлийн туршилт хийх, технологийн горим тогтоох;
12.1.5багаж, тоног төхөөрөмжийн угсралт, оношилгоо, засвар, техникийн үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт хийх ажлын технологи, аргачлал тогтоох, аюулгүй байдлын төлөвт дүгнэлт гаргах;
12.1.6өндөр төвөгшилтэй, онцгой төвөгшилтэй барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн ашиглалтын үед.
13 дугаар зүйлГеодези, зураг зүйн салбарын даатгал
13.1Геодези, зураг зүйн үйл ажиллагаанд оролцогч учирч болзошгүй эрсдлийг даатгуулж болно. Даатгалыг захиалагч, гүйцэтгэгч урьдчилан тохиролцон геодези, зураг зүйн ажил гүйцэтгэх гэрээнд тусгана.
13.2Геодези, зураг зүйн ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээд мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулж болно.
13.3Геодези, зураг зүйн ажил олгогч нь ажилтнуудыг амь насны даатгалд даатгуулж болно.
14 дүгээр зүйлГеодези, зураг зүйн норм, нормативын баримт бичиг
14.1Геодези, зураг зүйн үйл ажиллагааг доор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна:
14.1.1геодези, зураг зүйн норм дүрэм;
14.1.2геодези, зураг зүйн журам, заавар, аргачлал;
14.1.3стандарт.
14.2Геодези, зураг зүйн үйл ажиллагаанд энэ хуулийн 14.1.1-д заасан геодези, зураг зүйн норм дүрмийг заавал мөрдөнө.
14.3Геодези, зураг зүйн норм, нормативын баримт бичгээр геодези, зураг зүйн үйл ажиллагаа, техникийн нарийвчилсан нөхцөл, шаардлагыг тогтооно.
14.4Геодези, зураг зүйн үйл ажиллагаанд дагаж мөрдөх стандартыг боловсруулах, батлах, ашиглах, тохирлын гэрчилгээ олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН САЛБАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ
15 дугаар зүйлУлсын Их Хурлын бүрэн эрх
15.1Улсын Их Хурал геодези, зураг зүйн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1геодези, зураг зүйн үйл ажиллагааны талаарх төрийн бодлогыг тодорхойлох;
15.1.2улсын хилийн шугамын дагуух байр зүйн зураг, хилийн тэмдэгтийн солбицол, өндөр, хилийн цэсийг батлах;
15.1.3Энэ хуулийн 11.1.1-11.1.2 дахь хэсэгт заасан газар зүйн нэрийг батлах, өөрчлөх;
15.1.425000-аас багагүй масштабтай газрын зурагт дүрсэлсэн аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийн зураг, солбицлын жагсаалтыг батлах;
15.1.5геодези, зураг зүйн тоон мэдээлэл, байр зүйн зургийн нууцын зэрэглэл тогтоох, нууцыг ил болгох.
16 дугаар зүйлЗасгийн газрын бүрэн эрх
16.1Засгийн газар геодези, зураг зүйн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.1.1төрөөс геодези, зураг зүйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх;
16.1.2геодези, зураг зүйн үйл ажиллагаа явуулах солбицол, өндөр, гравиметрийн тогтолцоо, тусгаг, солбицлын эрин, эллипсоидын хэлбэр, геодезийн эхлэл цэгийн өгөгдөхүүнийг батлах, геодезийн сүлжээний эхлэл цэгийг хамгаалалтад авах;
16.1.3олон улсын баримт бичигт тусгах, газрын зурагт хэрэглэгдэх Монгол Улсын газар зүйн нэр, улсын болон засаг захиргааны нэгжийн хил, түүний өөрчлөлтийн талаарх мэдээллийг холбогдох олон улсын байгууллагатай солилцох;
16.1.4газар зүйн нэрийн Үндэсний зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг батлах;
16.1.55.газар зүйн нэрийг тодотгох, шинээр тогтоох, солбицолжуулах, газар зүйн нэрийн зураг үйлдэх үйл ажиллагааны журмыг батлах;
16.1.6энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.16 дахь хэсэгт заасан журмыг батлах;
16.1.7Хил залгаа улстай байгуулсан олон улсын гэрээний дагуу улсын хилийн шугамыг хамтран шалгах, хилийн бүсэд агаарын зураг авах, байр зүйн зураг үйлдэх ажлыг удирдан зохион байгуулах;
16.1.8Улсыг батлан хамгаалах зорилгоор хийгдэж байгаа геодези, зураг зүйн ажлыг зохион байгуулах журмыг батлах;
16.1.9олон улсын гэрээгээр геодези, зураг зүйн асуудлаар Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх.
17 дугаар зүйлГеодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
17.1Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
17.1.1геодези, зураг зүйн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
17.1.2геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих;
17.1.3энэ хуулийн 5.1 дэх хэсэгт заасан геодези, зураг зүйн үйл ажиллагаанд баримтлах норм, нормативын баримт бичгийг батлах;
17.1.4геодези, зураг зүйн ажилд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, экспертийн эрх олгох;
17.1.5хуулийн этгээдэд геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түтгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;
17.1.6геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ, үнийн индекс батлах;
17.1.7геодези, зураг зүйн салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм батлах;
17.1.8улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэх геодези, зураг зүйн ажлын техник, эдийн засгийн үндэслэл, техникийн төслийг батлах;
17.1.9геодези, зураг зүйн салбарын боловсон хүчний бодлогыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тодорхойлох;
17.1.10геодези, зураг зүйн ажилд магадлал, захиалагчийн техникийн хяналт хийх журмыг батлах;
17.1.11геодезийн байнгын цэг, тэмдэгтийн өгөгдөл, мэдээллийн бүрдэл, тооллого, үнэлгээ, мониторинг хийх журам батлах.
18 дугаар зүйлГеодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
18.1Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
18.1.1геодези, зураг зүйн салбарын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх;
18.1.2энэ хуулийн 5.1.1-5.1.33-д заасан үйл ажиллагааг зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, үнэлэлт өгөх, мэргэжлийн дүгнэлт гаргах;
18.1.3улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, төсөл, хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэх геодези, зураг зүйн ажлын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
18.1.4улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, төсөл, хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэх геодези, зураг зүйн ажлын техникийн төсөл, ажлын даалгавар боловсруулж, батлах, хэрэгжүүлэх;
18.1.5геодезийн хэмжилтийн байнгын ажиллагаатай суурин станцын сүлжээ байгуулах, өргөтгөх, хэвийн ажиллагааг хангах, ашиглуулах;
18.1.6тусгай зориулалтын байр зүйн зургийн зохиолт, хэвлэлт, ашиглалт, тэдгээрийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг эрх бүхий байгууллагатай хамтран хянах, шалгах;
18.1.7сургалт, нийтийн хэрэгцээний газрын зураг, атлас, үндэсний атлас зохиох, шинэчлэх, хэвлэх, хэрэглээнд гаргах ажлыг зохион байгуулах;
18.1.8геодезийн хэмжилтийн багаж, хэрэгсэл шалгах, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, багажны бүртгэлийн мэдээллийн сан хөтлөх;
18.1.9геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ, үнийн индекс, геодези, зураг зүйн үйл ажиллагаанд баримтлах норм, нормативын баримт бичгийг боловсруулах, батлуулах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;
18.1.10геодези, зураг зүйн ажилд мөрдөх заавар, аргачлал боловсруулах;
18.1.11газрын зургийн нэг маягийн суурь зохиох, шинэчлэх, батлах;
18.1.12бүх төрлийн сэдэвчилсэн газрын зураг, атласын зохиолтын эхэд мэргэжлийн дүгнэлт өгөх;
18.1.13улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геодези, зураг зүйн ажлыг улсын нэрийн өмнөөс шалгаж хүлээн авч геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд төвлөрүүлэх;
18.1.14геодези, зураг зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх болон мэргэшлийн зэрэг олгох сургалт зохион байгуулах;
18.1.15зөвлөх үйлчилгээ үзүүлэх, захиалагчийн техникийн хяналт, магадлал, магадлан хэмжилт хийх ажлыг зохион байгуулах;
18.1.16геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг хөтлөх, бүрдүүлэх, баяжуулах, олгох, шилжүүлэх, мэдээллээр хангах, хэрэгжилтийг тайлагнах, үйлчлэх;
18.1.17энэ хуулийн 24.4 дэх хэсэгт заасан геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн тухайн жилд ирүүлэх тайлангийн загварыг батлах, тайланд тусгасан геодези, зураг зүйн ажлын үр дүн геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд орсон эсэхэд хяналт тавих, хуулийн этгээдийн тухайн жилд хийсэн ажлын мэдээллийн санг хөтлөх;
18.1.18геодезийн байнгын цэг, тэмдэгтийн тооллого, үнэлгээ, мониторинг хийх ажлыг зохион байгуулах;
18.1.19энэ хуулийн 26.11, 28.2 дахь хэсэгт заасан журмыг батлах;
18.1.20гадаад улсын зохиож, хэвлэсэн, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн газрын зураг, атлас, сурах бичиг, сэтгүүл, ном, товхимол, илтгэлд тусгагдаж байгаа Монгол Улсын газрын зураг, газар зүйн оноосон нэрийг зөв хэрэглэж байгаа эсэхийг хянах, шалгах, залруулга хийлгэх асуудлыг эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгуулах.
18.1.21геодезийн тулгуур сүлжээний солбицол, өндөр, хүндийн хүчний хурдатгалын утга, солбицол, өндөр, хүндийн хүчний тогтолцооны эрин хоорондын хурдны утгыг батлах, хэрэглээнд нэвтрүүлэх.
18.2Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл агуулсан газрын зургийн зохиолт, хадгалалтыг хариуцах бөгөөд төрийн тусгай хамгаалалтад байна.
19 дүгээр зүйлБусад төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
19.1Бусад төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага геодези, зураг зүйн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
19.1.1геодези, зураг зүйн тухай хууль тогтоомжийн биелэлтийг харьяалсан салбартаа зохион байгуулах;
19.1.2салбарын хэмжээнд хийгдэх геодези, зураг зүйн ажлын саналыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өмнөх оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор хүргүүлэх;
19.1.3өөрийн салбарт хийгдэх геодези, зураг зүйн ажлын техник эдийн засгийн үндэслэл, техникийн төсөл, ажлын даалгавар боловсруулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гүйцэтгэлийг хүлээн авах, норматив баримт бичгийг мөрдүүлэх ажлыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн төв захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулах;
19.1.4салбарын төлөвлөлтийн зураг зохиох, салбарын орон зайн мэдээллийн сан байгуулахдаа геодези, зураг зүйн мэдээллийн нэгдсэн систем, үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцэд байгаа суурь газрын зураг, өгөгдөл, мэдээллийг ашиглах;
19.1.5газрын зурагт тусгагдах салбарын өгөгдөл, мэдээллээр хангах;
19.1.6өөрийн салбарт хийгдэх ажлын геодезийн хэмжилт, зураглалын зардлыг тухайн ажлын төсөвт өртөгт тусгах.
19.2Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сургалтын газрын зураг, атласын хэрэгцээ, шаардлага, агуулгыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
19.3Төрийн байгууллага байнгын ажиллагаатай суурин станцыг байгуулж, ашиглах бол геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөнө.
19.4Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага нь цэргийн зориулалтаар хийж байгаа геодези, зураг зүйн ажилд хяналт тавина.
19.5Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь геодези, зураг зүйн шинжлэх ухаан, газрын зургийн талаар сурах бичигт оруулах чиглэлээр Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөнө.
20 дугаар зүйлАймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын чиг үүрэг
20.1Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга геодези, зураг зүйн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
20.1.1геодези, зураг зүйн үйл ажиллагааны талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
20.1.2нутаг дэвсгэртээ хамаарах байр зүйн зураг, зураг зүйн бүтээлд тусгагдах газар зүйн нэр, хил, шинээр байгуулагдсан болон өөрчлөгдсөн объектын талаарх мэдээлэл, нутаг дэвсгэртээ хамаарах геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, жил бүр тооллого хийж тайланг дараа жилийн 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлэх;
20.1.3геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн харьяа нутаг дэвсгэрт нь хийж байгаа геодези, зураг зүйн ажилд хяналт тавих;
20.1.4нутаг дэвсгэртээ хамаарах батлагдсан газар зүйн нэрийн хэрэглээнд хяналт тавих, шинэ нэрийн талаар санал гаргах;
20.1.5нутаг дэвсгэртээ хамаарах газрын зургийг гүйцэтгэлийн зургаар шинэчлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
20.1.6орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геодези, газрын зургийн ажлыг төлөвлөх, ажлын даалгавар, техникийн төслийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар хянуулах, хамтран батлах;
20.1.7энэ хуулийн 10.10, 10.11-д заасан үйл ажиллагаа, геодезийн байнгын цэг, тэмдэгтийг дөрвөн жил тутам тоолох, бүртгэх, хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх санхүүжилтийг шийдвэрлэх;
20.1.8орон нутгийн төсвөөр гүйцэтгэсэн геодези, зураг зүйн ажлын үр дүнд захиалагчийн техникийн хяналт хийлгэх;
20.1.9нутаг дэвсгэртээ хамаарах том масштабын газрын зургийн жижүүрлэлтийн зургийг хөтлөх.
21 дүгээр зүйлТөрийн бус байгууллагын оролцоо
21.1Энэ хуулийн 17.1.6, 18.1.8, 18.1.14, 18.1.15 заалтад заасан үйл ажиллагааг төрийн бус мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.
21.2Энэ хуулийн 21.1 дэх хэсэгт заасан ажлыг Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу төрийн бус мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.
22 дугаар зүйлЗахиалагчийн чиг үүрэг
22.1Геодези, зураг зүйн ажил захиалагч нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
22.1.1үйл ажиллагааныхаа талаар тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргаа, иргэдэд мэдээлэх;
22.1.2геодези, зураг зүйн ажлын захиалагч нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр геодези, зураг зүйн ажлын үр дүнг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан, хөмрөгт үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэгтэй;
22.1.3энэ хуулийн 27.4-д заасан нэгдсэн санд байгаа суурь мэдээллийг ашиглах;
22.1.4энэ хуулийн 27.7-д заасан мэдээллийг бүрдүүлэх;
22.1.5норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах;
22.1.6геодези, зураг зүйн ажилд магадлал, захиалагчийн техникийн хяналт хийлгэж, холбогдох зардлыг хариуцах;
22.1.7геодези, зураг зүйн үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан зохицуулж, санхүүжилтийг тогтоосон хугацаанд хийх;
22.2Тусгай зориулалтын байр зүйн болон дэвсгэр зургийн захиалагч нь Төрийн болон албаны нууцын тухай хуулиар тогтоосон эрх бүхий этгээд байна.
23 дугаар зүйлХүн, хуулийн этгээдийн үүрэг
23.1Хүн, хуулийн этгээдийн үүрэг
23.2Улсын Их Хурлаар баталсан газар зүйн нэрээр уул ус, газар нутгаа зөв нэрлэж занших, буруу нэршихээс сэргийлэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах буюу бусад хэлний дуудлагаар галиглахгүй.
23.3Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд нь улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, төслийн хөрөнгөөр геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулсан бол уг цэгийн байрлаж байгаа сум, дүүргийн Засаг дарга, тусгай хэрэгцээний газарт бол хариуцсан захирагчийн, хилийн зурваст бол хил хамгаалах байгууллагын харьяа тусгай ангийн хамгаалалтад хүлээлгэж өгнө.
23.4Хүн, хуулийн этгээд нь шинээр барьсан, өргөтгөсөн, шинэчилсэн барилга, байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөх, ашиглахаас өмнө гүйцэтгэлийн зураг хийлгэж, геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан, хөмрөгт үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэгтэй.
23.5Тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд дараах үүрэгтэй:
23.5.1геодезийн хэмжилтийн багажинд жил тутамд, эвдрэл гэмтэл гарсан нөхцөлд тухай бүрд баталгаажуулалт хийлгэх;
23.5.2геодезийн хэмжилт, зураглалыг батлагдсан солбицол, өндөр, гравиметрийн тогтолцоо, эрин, тусгагд хийх;
23.5.3шинээр солбицлын бие даасан тогтолцоо үүсгэж геодезийн хэмжилт, зураглалыг гүйцэтгэсэн бол улсын солбицлын тогтолцоонд холбох хөрвүүлэлтийн утгыг тодорхойлон батлуулах;
23.5.4төрөл бүрийн сэдэвчилсэн, лавлагааны, сургалтын газрын зураг, атлас зохиохдоо нэг маягийн суурь зураг ашигласан байх.
23.6Сурах бичиг болон ном товхимол дээр үзүүлэх улс, аймгийн хилийн шугам, газар нутаг, хот суурингийн нэр /газар зүйн нэр/ зэрэг зураг зүйн суурь мэдээ, мэдээллийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд байгаа мэдээлэлд үндэслэн гүйцэтгэж, алдаагүй хэвлэнэ.
23.7Байнгын ажиллагаатай суурин станц байгуулж, ашиглах бол геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөнө
23.8Газрын зураг, атлас хэвлэхдээ геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас мэргэжлийн дүгнэлт гаргуулсан байна.
24 дүгээр зүйлТусгай зөвшөөрөл
24.1Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг геодезийн, зураг зүйн гэж хоёр төрлөөр таван жилийн хугацаатай олгоно.
24.2Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд дараах суурь нөхцөл, шаардлага хангасан байна:
24.2.1геодезийн бакалавр зэрэгтэй хоёроос доошгүй инженертэй, нэг нь зөвлөх эсхүл мэргэшсэн зэрэгтэй байх;
24.2.2таван сантиметрээс ихгүй дундаж квадрат алдаа бүхий геодезийн хэмжилтийн электрон тахеометр, хиймэл дагуулаас байрлал тодорхойлох хоёр долгионы багаж, таван миллиметрээс ихгүй хэмжилтийн нарийвчлалтай нивелиртэй байх;
24.2.3татварын өргүй байх, татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх.
24.3Зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд нь зураг зүйн зөвлөх эсхүл мэргэшсэн зэрэгтэй инженертэй, боловсруулалтын техник, програм хангамжтай байна.
24.4Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жил гүйцэтгэсэн ажлын тайланг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдөрт багтаан хүргүүлнэ.
24.5Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн тухайн жилд гүйцэтгэсэн ажлын тайланг хянан үзэж дараа оны нэгдүгээр улиралд багтаан гэрээ дүгнэсэн актыг цахим системд оруулна.
24.6Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн, инженер техникийн ажилтны, хэмжилтийн багажны мэдээллийн санг хөтөлнө.
24.7Инженерийн барилга байгууламжийн угсралтын, уул уурхайн ашиглалтын өдөр тутмын геодезийн хэмжилтийг геодезийн инженер тусгай зөвшөөрөлгүй гүйцэтгэж болно.
24.8Гадаадын хуулийн этгээд, иргэнд геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохгүй.
24.9Энэ хуулийн 24.2.1, 24.3 дахь хэсэгт заасан инженерүүд нь тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн үндсэн ажилтан байх ба багаж тоног төхөөрөмж болон инженер нь мэдээллийн сангийн бүртгэлд давхцалгүй байна.
24.10Тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн дагуу үйл ажиллагааны баримтын архив үүсгэж, хадгална.
24.11Геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд татан буугдахад архивын баримтыг салбарын төрийн архивд шилжүүлэх үүрэгтэй.