Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2025 ОНЫ 6-Р САРЫН 19 ӨДӨР
УЛААНБААТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг:
“13.5.Зөвлөлийн хуралд нам, эвслийн бүлгийн дэд дарга таслах эрхгүйгээр оролцох бөгөөд холбогдох албан тушаалтныг байлцуулж болно.”
2/22 дугаар зүйлийн 22.6.8 дахь заалт:
“22.6.8.Өргөдлийн;”
3/23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсэг:
“23.8.Өргөдлийн байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.8.1.иргэн, байгууллагаас Улсын Их Хурал, түүний Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, дүн шинжилгээ хийж, холбогдох Байнгын хороонд санал хүргүүлэх, мэдээлэх;
23.8.2.нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн асуудал.”
4/23 дугаар зүйлийн 23.8.17-23.8.21 дэх заалт:
“23.8.17.гишүүний ёс зүй, сахилгын асуудал;
23.8.18.гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг;
23.8.19.Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэх гишүүний чуулганы ажиллагаанд оролцох асуудал;
23.8.20.чуулганы хуралдааны дэгийн асуудал, дэг сахиулах;
23.8.21.төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын бодлого.”
5/23 дугаар зүйлийн 23.11.21-23.11.30 дахь заалт:
“23.11.21.жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого;
23.11.22.хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого;
23.11.23.хүнд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого;
23.11.24.цахим засаглалын бодлого, үйл ажиллагаа;
23.11.25.мэдээллийн технологийн хөгжил;
23.11.26.харилцаа холбооны бодлого, үйл ажиллагаа;
23.11.27.дижитал шилжилт, техник, технологийн шинэчлэл;
23.11.28.өндөр технологи, үндэсний инновацын бодлого;
23.11.29.инновацыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих бодлого;
23.11.30.инновацын дэд бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг хөгжүүлэх бодлого.”
6/39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэг:
“39.4.Нийтийн өргөдөл гаргахад дараах шаардлагыг хангасан байна:
39.4.1.өргөдөл гаргагч 18 насанд хүрсэн байх;
39.4.2.өргөдөлд хүний хувийн мэдээлэл агуулаагүй байх;
39.4.3.өргөдлийг монгол хэлээр, кирил үсгээр бичсэн байх;
39.4.4.өргөдлийн агуулга, ойлгомжтой тодорхой байх;
39.4.5.бусдыг гүтгэх, доромжлох, гутаах агуулга, ёс бус үг, хэллэг хэрэглээгүй байх;
39.4.6.өргөдлийг тодорхой нэг асуудлаар гаргах бөгөөд өөр агуулга тусгахаар бол тусад нь өргөдөл гаргах.”
2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийн “Байнгын хороодын дарга,” гэсний дараа “Улсын Их Хуралд суудалтай бөгөөд нам, эвслийн бүлэг байгуулаагүй нам, эвслийн төлөөлөл болох гишүүн,” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/22 дугаар зүйлийн 22.6.7 дахь заалт:
“22.6.7.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны;”
2/23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэг:
“23.7.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.7.1.боловсрол;
23.7.2.жендэрийн тэгш байдлыг хангах бодлого;
23.7.3.монгол хэл, бичиг, үндэсний цөөнхийн хэл, бичиг, ёс заншил;
23.7.4.мэргэжлийн боловсрол, сургалт;
23.7.5.нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал, халамжийн бодлого;
23.7.6.нийтийн биеийн тамир, спорт;
23.7.7.түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого;
23.7.8.соёл, урлаг;
23.7.9.хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн харилцаа;
23.7.10.хүн амын хөгжлийн бодлого;
23.7.11.шинжлэх ухаан;
23.7.12.эрүүл мэндийн бодлого.”
3/25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэг:
“25.5.Төрийн байгуулалтын байнгын хорооны болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хоёроос илүүгүй, бусад Байнгын хорооны бүрэлдэхүүнд гурваас илүүгүй байна.”
4/27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг:
“27.3.Улсын Их Хурал Байнгын хорооны бүрэлдэхүүнд дараах дэд хороог байгуулна:
27.3.1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын;
27.3.2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаар, орчны бохирдлын, Хүнс, хөдөө аж ахуйн;
27.3.3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд Соёл, спорт, залуучуудын, Шинжлэх ухааны;
27.3.4.Төрийн байгуулалтын байнгын хороонд Бүсчилсэн хөгжлийн, Ёс зүйн, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын;
27.3.5.Төсвийн байнгын хороонд Төсвийн зарлагын хяналтын;
27.3.6.Хууль зүйн байнгын хороонд Хүний эрхийн;
27.3.7.Эдийн засгийн байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Инновац, цахим бодлогын хөгжлийн, Тогтвортой хөгжлийн зорилгын.”
5/27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэг:
“27.5.Энэ хуулийн 27.3-т заасан дэд хороо дараах асуудлыг эрхэлнэ:
27.5.1.Агаар, орчны бохирдлын дэд хороо агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх бодлогын асуудлыг;
27.5.2.Бүсчилсэн хөгжлийн дэд хороо бүсчилсэн хөгжлийн бодлого, бүс, орон нутгийн хөгжлийн асуудлыг;
27.5.3.Ёс зүйн дэд хороо гишүүний ёс зүй, сахилга, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэг сахиулах асуудлыг;
27.5.4.Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжлийн бодлогын асуудлыг;
27.5.5.Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо өндөр технологи, үндэсний инновацыг дэмжих, хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, цахим хөгжлийн бодлогын асуудлыг;
27.5.6.Соёл, спорт, залуучуудын дэд хороо соёл, урлаг, түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого, нийтийн биеийн тамир, спортын асуудлыг;
27.5.7.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг;
27.5.8.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг;
27.5.9.Тусгай хяналтын дэд хороо төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг;
27.5.10.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг;
27.5.11.Хүний эрхийн дэд хороо хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын бодлогын асуудлыг;
27.5.12.Хүнс, хөдөө аж ахуйн дэд хороо хүнс, хөдөө аж ахуйн бодлого, хөтөлбөр, хөдөө аж ахуйн хоршооны асуудлыг;
27.5.13.Шинжлэх ухааны дэд хороо шинжлэх ухааны нэгдсэн бодлогын асуудлыг.”
4 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн “25” гэснийг “32” гэж, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн “Ёс зүй, дэгийн” гэснийг “Төрийн байгуулалтын” гэж, 23 дугаар зүйлийн 23.11.4 дэх заалтын “23.9.8-д” гэснийг “23.10.8-д” гэж, 13 дугаар зүйлийн 13.5-13.7 дахь хэсгийн дугаарыг “13.6-13.8” гэж, 22 дугаар зүйлийн 22.6.8-22.6.11 дэх заалтын дугаарыг “22.6.9-22.6.12” гэж, 23 дугаар зүйлийн 23.8-23.11 дэх хэсгийн дугаарыг “23.9-23.12” гэж, 39 дүгээр зүйлийн 39.4-39.6 дахь хэсгийн дугаарыг “39.5-39.7” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийн “Зөвлөлийн хуралдаанд холбогдох албан тушаалтныг байлцуулж болно.” гэсэн хоёр дахь өгүүлбэрийг хассугай.
6 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6.1, 22.6.4-22.6.6 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.1, 23.4-23.6 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.7 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.5.23 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг