Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Чинбаатарын АНАР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 11-Р САРЫН 12 ӨДӨР
УЛААНБААТАР

НИСГЭГЧГҮЙ АГААРЫН ХӨЛГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын агаарын зайд нисгэгчгүй агаарын хөлгөөр нислэг үйлдэх, нисгэгчгүй агаарын хөлөг болон түүний үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэх, нисгэгчгүй агаарын хөлгийг үйлдвэрлэх, импортлох, худалдах, нислэгийн аюулгүй байдлыг хангах, нислэгийн явцад хүний хувийн нууцыг хамгаалах, түүнд хяналт тавих, нисгэгчгүй агаарын хөлгийн технологи, үйлчилгээг хөгжүүлэхэд таатай орчин бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Нисгэгчгүй агаарын хөлгийн тухай хууль тогтоомж
2.1. Нисгэгчгүй агаарын хөлгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний нисэхийн тухай хууль¹, Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль², энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3. Нисгэгчгүй агаарын хөлгийн үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 2.4, 2.5-д заасан хязгаарлалтыг баримтлан Иргэний нисэхийн тухай хууль үйлчилнэ.
2.4. Иргэний нисэхийн тухай хуульд заасан иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн шаардлага нээлттэй болон тусгай ангиллын нислэгт хамаарахгүй.
2.5. Иргэний нисэхийн тухай хуулийн 14, 15, 20 дугаар зүйл, 26.4-т заасан шаардлага нисгэгчгүй агаарын хөлөгт зөвхөн энэ хуулийн 14.3, 15.3, 20.2, 22.1.3, 26.3-т заасан хүрээнд хамаарна. Мөн хуулийн 18 дугаар зүйл нь агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид зөвхөн энэ хуулийн 20.2-т заасан тохиолдолд хамаарна.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хуулиар дараах харилцааг зохицуулна:
3.1.1. Монгол Улсын агаарын зайд нисгэгчгүй агаарын хөлгөөр нислэг үйлдэх үйл ажиллагаа;
3.1.2. цэргийн зориулалттайгаас бусад төрийн байгууллагын нисгэгчгүй агаарын хөлгөөр гүйцэтгэх үйл ажиллагаа;
3.1.3. Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна байрлах зайнаас удирдах станцаас Монгол Улсын агаарын зайд үйлдэж байгаа нислэг;
3.1.4. газарт тросс, кабель болон бусад хэрэгслээр бэхлэгдэн агаарт ажиллах нисгэгчгүй агаарын хөлгөөр гүйцэтгэх үйл ажиллагаа;
3.1.5. нисгэгчгүй агаарын хөлгийг үйлдвэрлэх, импортлох, худалдахтай холбогдсон энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан харилцаа.
3.2. Улсын нисэхийн тухай хууль³-д заасан цэргийн зориулалттай нисгэгчгүй нисэх хэрэгслийн үйл ажиллагаанд энэ хууль үйлчлэхгүй. Улсын нисэхийн тухай хуульд цэргийн зориулалттайд тооцоогүй төрийн байгууллагын нисгэгчгүй агаарын хөлөгт энэ хуулийн 3.1.2 хамаарна.
3.3. Гадна агаарын зайд гарах боломжгүй, бүрэн битүү барилга байгууламжийн доторх нислэгт энэ хууль үйлчлэхгүй. Мөн тоглоомын аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан, хөөрөлтийн дээд жин нь 250 грамм хүрэхгүй тоглоомд энэ хууль үйлчлэхгүй. Загвар онгоцны болон нисэхийн спортын холбоо, клубын талбайд үйлдэх нислэгт энэ хуулийн 18.3 хамаарна.
3.4. Хөөрөлтийн дээд жин нь 250 грамм хүрэхгүй нисгэгчгүй агаарын хөлгөөр нээлттэй ангиллын нислэг үйлдэхэд энэ хуулийн 15, 16 дугаар зүйл, 22.1.1 хамаарахгүй.
3.5. Энэ хуулийн 3.4-т заасан нисгэгчгүй агаарын хөлөг дүрс, дуу бичих, дамжуулах, эсхүл хүний хувийн мэдээлэл цуглуулах төхөөрөмжтэй бол үйл ажиллагаа эрхлэгч нь энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бүртгүүлнэ. Энэ нь тухайн хөлөгт алсаас таних шаардлага үүсгэхгүй.
4 дүгээр зүйл. Нисгэгчгүй агаарын хөлгийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1. Нисгэгчгүй агаарын хөлгийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1.аюулгүй; 4.1.2.эрсдэлд суурилсан; 4.1.3.цахим, хүртээмжтэй; 4.1.4.тэгш хандах; 4.1.5.хүний эрх, хувь хүний нууцыг хүндэтгэх; 4.1.6.үндэсний аюулгүй байдлыг хангах; 4.1.7.инновацийг дэмжих, нам өндрийн агаарын зайг эдийн засгийн эргэлтэд оруулах.
5 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
5.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1. "алсаас таних" гэж нислэгийн туршид нисгэгчгүй агаарын хөлгийн серийн буюу таних дугаар, үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн дугаар, хөлгийн байршил, өндөр, хурд, зайнаас удирдах станцын байршлын мэдээллийг ойрын зайд шууд цацах, эсхүл сүлжээгээр тасралтгүй дамжуулахыг;
5.1.2. "бие даасан нислэг" гэж зайнаас удирдах нисгэгч нислэгийн явцад оролцох боломжгүйгээр урьдчилан тохируулсан хөтөлбөр, эсхүл удирдлагын системийн шийдвэрээр үйлдэж байгаа нислэгийг;
5.1.3. ."газарзүйн бүс" гэж нисгэгчгүй агаарын хөлгийн нислэгийг хориглох, хязгаарлах, эсхүл тодорхой нөхцөл, зөвшөөрөлтэйгээр үйлдэхээр тогтоож, цахим зурагт нийтэлсэн, хэвтээ болон босоо заагтай агаарын зайн хэсгийг;
5.1.4. "зайнаас удирдах нисгэгч" гэж зайнаас удирдах станцаас нисгэгчгүй агаарын хөлгийн нислэгийг удирдаж байгаа, эсхүл бие даасан нислэгт хяналт тавьж байгаа хүнийг;
5.1.5. "зайнаас удирдах станц" гэж нисгэгчгүй агаарын хөлгийн нислэгийг удирдах, хянахад ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг;
5.1.6. "нисгэгчгүй агаарын хөлгийн систем" гэж нисгэгчгүй агаарын хөлөг, зайнаас удирдах станц, тэдгээрийн хоорондын удирдлага, хяналтын холбоос болон нислэгт шаардлагатай бусад бүрэлдэхүүн хэсгийн нийлбэрийг;
5.1.7. "нисгэгчгүй агаарын хөлөг" гэж хөлөгт нисгэгч, нисэх багийн гишүүн байхгүйгээр зайнаас удирдлагатай, эсхүл бие даан нислэг үйлдэх зориулалттай агаарын хөлгийг;
5.1.8. "нэн чухал объект" гэж хуульд заасны дагуу Засгийн газраас баталсан жагсаалтад орсон эрчим хүч, харилцаа холбоо, ус хангамж, тээврийн болон бусад дэд бүтцийн объектыг;
5.1.9. "сүрэг нислэг" гэж нэг зайнаас удирдах нисгэгч, эсхүл нэг удирдлагын систем хоёр буюу түүнээс дээш нисгэгчгүй агаарын хөлгийг нэг бүлэг болгон, харилцан уялдаатайгаар нэгэн зэрэг удирдаж байгаа нислэгийг;
5.1.10. "урьдчилан тогтоосон ажиллагааны нөхцөл" гэж тусгай ангиллын ижил төрлийн нислэгийн эрсдэлийг Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага урьдчилан үнэлж, нийтэд нээлттэй тогтоосон, түүнийг аюулгүй гүйцэтгэх техникийн болон ажиллагааны нийтлэг шаардлагын цогцыг;
5.1.11. "үйл ажиллагаа эрхлэгч" гэж өөрийн нэрийн өмнөөс нисгэгчгүй агаарын хөлгөөр нислэг үйлдэх, эсхүл үйлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж, түүний үр дагаврыг хариуцах хүн, хуулийн этгээдийг;
5.1.12. "харааны шууд хяналттай нислэг" гэж зайнаас удирдах нисгэгч, эсхүл түүнд туслах ажиглагч нисгэгчгүй агаарын хөлгийг нүдний шил, линзээс бусад харааны туслах хэрэгсэлгүйгээр тасралтгүй харж, түүний байрлал, хөдөлгөөн, ойр орчмын агаарын зайг үнэлэх боломжтой нислэгийг;
5.1.13. "хөөрөлтийн дээд жин" гэж нисгэгчгүй агаарын хөлгийг тоноглол, батерей, түлш, ачааны хамт хөөргөж болох үйлдвэрлэгчийн тогтоосон хамгийн их жинг, үйлдвэрлэгч тогтоогоогүй бол хөөрөх үеийн бодит жинг;
5.1.14. "хүн цугларсан газар" гэж хүмүүсийн нягтралаас шалтгаалан нисгэгчгүй агаарын хөлөгтэй холбоотой аюулаас зайлсхийж, чөлөөтэй холдох боломж нь хязгаарлагдсан олон хүний бөөгнөрөл бүхий газрыг;
5.1.15. "нислэгийн коридор" гэж нисгэгчгүй агаарын хөлгийн харааны шууд хяналтаас гадуурх нислэгийг тогтмол, аюулгүй үйлдэх зорилгоор хэвтээ болон босоо заагийг тогтоож, нислэгийн нөхцөлийг урьдчилан тодорхойлон цахим зураглалд нийтэлсэн агаарын зайн хэсгийг.
5.2. Энэ хуульд тусгайлан тодорхойлоогүй нэр томьёог Иргэний нисэхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан утгаар ойлгоно. Нэр томьёоны уг эшлэл нь энэ хуульд тогтоосон шаардлага, чөлөөлөлтийн хүрээг өөрчлөх үндэслэл болохгүй.
5.3. Нисгэгч хяналт тавьж, шаардлагатай үед удирдлагыг авах боломжтой автомат нислэг болон холбоо тасарсан үед ажиллах хамгаалалтын автомат горимыг энэ хуулийн 5.1.2-т заасан бие даасан нислэгт тооцохгүй.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НИСГЭГЧГҮЙ АГААРЫН ХӨЛГИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
6 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1. Улсын Их Хурал нисгэгчгүй агаарын хөлгийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооно.
7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
7.1. Засгийн газар нисгэгчгүй агаарын хөлгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.нисгэгчгүй агаарын хөлгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах; 7.1.2.онц байдал, дайны байдал зарласан, эсхүл гамшгийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед холбогдох хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн нисгэгчгүй агаарын хөлгийн нислэгийг улсын хэмжээнд, эсхүл тодорхой нутаг дэвсгэрт бүхэлд нь буюу хэсэгчлэн хязгаарлах шийдвэр гаргах; 7.1.3.нисгэгчгүй агаарын хөлгийн технологи, үйлчилгээг хөгжүүлэх, нам өндрийн агаарын зайг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан бодлогын баримт бичигт тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулах.
7.2. Энэ хуулийн 7.1.2-т заасан шийдвэрийг Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 29.7-д заасны дагуу түр хязгаарласан бүсээр нэн даруй нийтэлнэ.
8 дугаар зүйл. Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1. Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нисгэгчгүй агаарын хөлгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан Иргэний нисэхийн дүрмийн нисгэгчгүй агаарын хөлгийн зохицуулалтыг мөн зүйлийн 12.2, 12.3-т заасан зарчим, хязгаарлалт болон энэ хуульд заасан чөлөөлөлтөд нийцүүлэн Иргэний нисэхийн тухай хуульд заасан журмаар батлах; 8.1.2.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан зохицуулалтын туршилтын орчны үр дүн, түүнийг бодит ашиглалтын нөхцөлд хэрэглэх боломжийг үнэлж, 12.2, 12.3-т заасан зарчим, хязгаарлалтын хүрээнд Иргэний нисэхийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх; 8.1.3.гадаад улсын нисэхийн эрх бүхий байгууллагатай нисгэгчгүй агаарын хөлгийн гэрчилгээ, тохирлын баримт, зайнаас удирдах нисгэгчийн ур чадварын баримтыг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлаар хамтран ажиллах.
9 дүгээр зүйл. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
9.1. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нисгэгчгүй агаарын хөлгийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.1.1.энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хамрах хүрээнд нисгэгчгүй агаарын хөлөг, үйл ажиллагаа эрхлэгчийн, 18.3-т заасан холбоо, клубын талбайн болон 31.3-т заасан үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийг хөтлөх; 9.1.2.энэ хуулийн 19.2-т заасан тусгай ангиллын нислэгийн мэдэгдлийг хүлээн авч бүртгэх, 19.5-д заасан нислэгийн зөвшөөрлийг шийдвэрлэх; 9.1.3.энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан гэрчилгээжсэн ангиллын нислэгт ашиглах нисгэгчгүй агаарын хөлгийн маягийн болон нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, уг ажиллагааг эрхлэх үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээг Иргэний нисэхийн тухай хуульд заасны дагуу олгох; 9.1.4.энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан хүрээнд нислэгийн ангилалд тохирсон зайнаас удирдах нисгэгчийн ур чадварын шалгалтыг зохион байгуулах, ур чадварын баримт олгох, 27.3-т заасан гадаад улсын ур чадварын баримтыг хүлээн зөвшөөрөх; 9.1.5.энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу газарзүйн бүсийг тогтоож, түүний хил, өндөр, хүчинтэй хугацаа, мөрдөх нөхцөлийг тусгасан цахим зураглалыг нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй хөтлөх; 9.1.6.энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан цахим нэг цонхны системийн найдвартай ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдал, хэрэглэгчийн хүртээмжийг хангаж ажиллуулах; 9.1.7.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу зохицуулалтын туршилтын орчин бүрдүүлэх шийдвэр гаргах; 9.1.8.нисгэгчгүй агаарын хөлгөөр гүйцэтгэх үйл ажиллагаа болон энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан үүргийн биелэлтэд энэ хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу эрсдэлд суурилан хяналт тавих; 9.1.9.энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан осол, зөрчлийн мэдээллийг хүлээн авч бүртгэх, осол, ноцтой зөрчлийг хянан шалгах ажиллагааг энэ хуулийн 34.5-д заасны дагуу зохион байгуулах; 9.1.10.энэ хуулийн дагуу цуглуулсан бүртгэл, нислэгийн мэдэгдэл, зөвшөөрөл, осол, зөрчлийн мэдээлэлд үндэслэсэн нэгтгэсэн статистикийг хүн, хуулийн этгээдийг таних боломжгүй хэлбэрээр жил бүр нийтэд мэдээлэх.
9.2. Энэ хуулийн 9.1.1-9.1.6-д заасан үйл ажиллагааг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль⁴-д заасан нийтийн мэдээллийн дэд бүтцээр дамжуулан цахим хэлбэрээр хэрэгжүүлнэ. Цахим систем саатсан, эсхүл хүсэлт гаргагч цахим хэлбэрээр хандах боломжгүй бол үйлчилгээний төвөөр дамжуулан хүсэлт гаргаж болно.
10 дугаар зүйл. Бусад төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн чиг үүрэг
10.1. Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, хил хамгаалах, төрийн тусгай хамгаалалтын, цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нисгэгчгүй агаарын хөлгийн талаар хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.1.1.хуульд заасан хамгаалалтын бүс, өөрийн хамгаалалтад байгаа объектын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хүрээнд газарзүйн бүс тогтоох саналыг үндэслэл, санал болгож буй хил, өндөр, хугацааны хамт Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх; 10.1.2.энэ хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу цахим нэг цонхны системээр ирүүлсэн хүсэлтийг өөрийн эрх хэмжээний хүрээнд хянаж, 30.3-т заасан хугацаанд зөвшөөрөх, эсхүл татгалзах үндэслэлээ заасан саналыг уг системээр хүргүүлэх; 10.1.3.нисгэгчгүй агаарын хөлгийн бүртгэл, алсаас таних мэдээллийг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хүрээнд, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ашиглах, энэ хуулийг зөрчсөн байж болзошгүй нислэгийн мэдээллийг холбогдох баримтын хамт Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх.
10.2. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон энэ хуулийн 10.1-д заасан байгууллага гамшиг, гал түймэр, эрэн хайх, аврах ажиллагаа, хууль сахиулах хойшлуулшгүй ажиллагааны бүсэд нисгэгчгүй агаарын хөлгийн нислэгийг түр хязгаарлах шаардлагатай бол хязгаарлах хүрээ, хугацааг заан Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нэн даруй мэдэгдэх бөгөөд хязгаарлах үндэслэл арилмагц энэ тухай нэн даруй мэдэгдэнэ.
10.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулах олон нийтийн арга хэмжээний аюулгүй байдлыг хангах шаардлагатай бол түр хязгаарласан бүс тогтоох саналыг арга хэмжээ эхлэхээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагч хүн, хуулийн этгээд энэ саналыг холбогдох Засаг даргаар дамжуулан гаргана.
10.4. Аэродромын үйл ажиллагаа эрхлэгч, нэн чухал объектын эзэмшигч, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа өөрийн хариуцсан аэродром, объект, газар нутгийн хүрээнд газарзүйн бүс тогтоох саналыг Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж болох бөгөөд энэ хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу ирүүлсэн хүсэлтэд 30.3-т заасан хугацаанд хариу өгнө.
10.5. Энэ хуулийн 10.1-10.4-т заасан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд нисгэгчгүй агаарын хөлгийн нислэгийг энэ болон бусад хуульд зааснаас өөрөөр хориглох, хязгаарлах, эсхүл нэмэлт зөвшөөрөл шаардахыг хориглоно.
10.6. Энэ зүйлд заасан мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан төрийн мэдээлэл солилцооны системээр солилцоно.
10.7. Аймаг, нийслэлийн Засаг дарга сумын төв, суурин газар, эмнэлэг, логистикийн төвийг холбох нисгэгчгүй агаарын хөлгийн нислэгийн коридор тогтоох саналыг санал болгож буй зааг, ашиглах зорилгын хамт Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж болно.
11 дүгээр зүйл. Чиг үүрэг шилжүүлэх
11.1. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 9.1.4-т заасан шалгалт авах болон 19.5-д заасан эрсдэлийн үнэлгээг хийх чиг үүргийг шаардлага хангасан хуулийн этгээдэд нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр гэрээгээр шилжүүлж болно. Ур чадварын баримт олгох, нислэгийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргах эрхийг шилжүүлэхгүй.
11.2. Энэ хуулийн 11.1-д заасан чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан байна:
11.2.1.Монгол Улсад улсын бүртгэлд бүртгүүлсэн байх; 11.2.2.гэрээгээр гүйцэтгэх чиг үүргийн төрөл, хамрах хүрээнд тохирсон мэргэшсэн ажилтан, шаардлагатай тоног төхөөрөмжтэй байх; 11.2.3.өөрийнх нь зохион байгуулсан сургалтад хамрагдсан, зөвлөх үйлчилгээг авсан хүн, хуулийн этгээдээс өөрөө шалгалт авах, тэдгээрийн эрсдэлийн үнэлгээг хийхгүй байх; 11.2.4.шалгалт авах, эрсдэлийн үнэлгээг хийх үйлчилгээг сургалт, холбогдох зөвлөх үйлчилгээтэй хамтатгасан байдлаар үзүүлэхгүй байх.
11.3. Хуулийн этгээд энэ хуулийн 11.2-т заасан шаардлагыг хангахаа больсон, эсхүл гэрээний үүргээ ноцтой зөрчсөн бол Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэрээг цуцална.
11.4. Энэ зүйлд заасан гэрээгээр гүйцэтгэсэн чиг үүрэгтэй холбогдуулан гаргасан шийдвэрт гомдол гаргах болон чиг үүрэг шилжүүлэхтэй холбогдсон энэ хуульд заагаагүй харилцааг Иргэний нисэхийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хууль⁵-иар зохицуулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
НИСГЭГЧГҮЙ АГААРЫН ХӨЛГИЙН ЗОХИЦУУЛАЛТ
12 дугаар зүйл. Иргэний нисэхийн дүрмийн зохицуулалт
12.1. Энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор, энэ хуульд тогтоосон ангилал, эрх, үүрэг, чөлөөлөлтийг өөрчлөхгүйгээр, энэ зүйлийн 12.2, 12.3-т заасан зарчим, хязгаарлалтын дагуу Иргэний нисэхийн дүрмээр дараах асуудлыг нарийвчлан зохицуулна:
12.1.1.энэ хуулийн 18.1.1, 18.1.3-т заасан босгыг хэмжих арга, 17 дугаар зүйлд заасан нислэгийн ангиллыг ялгах бусад тоон босгыг энэ хуулийн 17-20 дугаар зүйлд заасан ангиллын үндсэн нөхцөл, эрх, үүргийг өөрчлөхгүйгээр тогтоох; 12.1.2.энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан тусгай ангиллын нислэгийн нийтэд нээлттэй урьдчилан тогтоосон ажиллагааны нөхцөл, эрсдэлийн үнэлгээний аргачлал, түүний дотор хөдөө аж ахуйн шүршилт, эм, эмнэлгийн хэрэгсэл, цус хүргэх, шугам сүлжээ, авто болон төмөр замын үзлэг, уул уурхайн хэмжилт зэрэг эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий ажиллагааны урьдчилан тогтоосон ажиллагааны нөхцөл; 12.1.3.энэ хуулийн 15, 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хэрэгжүүлэх, нислэгийн ангилал болон ажиллагааны эрсдэлд тохирсон техникийн үзүүлэлт, тохирлын мэдэгдлийн хэлбэр, нийцлийг нотлох арга, алсаас таних техникийн нөхцөл, тухайн ажиллагаанд шаардлагатай илрүүлэх ба зайлсхийх чадвар, удирдлага, хяналтын холбоосын шаардлага; 12.1.4.энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан зайнаас удирдах нисгэгчийн ур чадварын шалгалтын агуулга, хэлбэр, ур чадварын баримтыг сунгах журам; 12.1.5.шөнийн нислэг, нислэгийн өндрийн дээд хязгаар, хүн, барилга байгууламжаас барих зай, ажиглагчид тавих шаардлага; 12.1.6.нисгэгчгүй агаарын хөлөг хөөрөх, буух байнгын талбай, байгууламжийн (түр хөөрөх, буух цэгээс бусад) аюулгүй ажиллагааны шаардлага; 12.1.7.энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан газарзүйн бүс, нислэгийн коридорын техникийн үзүүлэлт, нэгдсэн координат, өндрийн суурь, програм хангамжаар уншигдах, офлайн татаж авах боломжтой цахим зурагт тусгах хэлбэр; 12.1.8.энэ хуулийн 34.1-д заасан тохиолдлыг тодорхойлох хэмжигдэхүйц шалгуур; 12.1.9.энэ хуулийн 15.4, 27.3-т заасан гадаад улсын гэрчилгээ, тохирлын баримт, ур чадварын баримтыг давтан гэрчилгээжүүлэлтгүйгээр хүлээн зөвшөөрөх нийтэд нээлттэй шалгуур; 12.1.10.энэ хуулийн 18.1.5, 20.1.2-т заасан аюултай ачааны жагсаалт, хөдөө аж ахуйн шүршилтэд хэрэглэх бодисыг аюултай ачаанд тооцох нөхцөл; 12.1.11.энэ хуулийн 18.3-т заасан холбоо, клубын талбайг бүртгэх нөхцөл; 12.1.12.энэ хуулийн 31.3-т заасан үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх нийтэд нээлттэй, ялгаваргүй шалгуур, цахим нэг цонхны системтэй мэдээлэл солилцох техникийн нөхцөл, мэдээллийн аюулгүй байдлын шаардлага; 12.1.13.энэ хуулийн 5.1.14-т заасан хүн цугларсан газрыг үнэлэх хүний тоо, нягтрал, зайлсхийх боломжийн шалгуур; 12.1.14.энэ хуулийн 3.1.4-т заасан газарт бэхлэгдсэн нисгэгчгүй агаарын хөлгийн нислэгийн ангиллыг тодорхойлох онцлог нөхцөл.
12.2. Энэ хуулийн 12.1-д заасан зохицуулалтыг тогтоохдоо дараах зарчмыг баримтална:
12.2.1.эрсдэлийн түвшинд тохирсон байх; 12.2.2.Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн хавсралтад заасан холбогдох стандарт, зөвлөмжид нисгэгчгүй агаарын хөлгийн онцлогт тохируулан нийцсэн байх; 12.2.3.гадаад улсын нисэхийн эрх бүхий байгууллагын гэрчилгээ, тэмдгийг хүлээн зөвшөөрөх боломжийг тусгасан байх; 12.2.4.хүн ам суурьшилгүй нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзсан байх; 12.2.5.бүртгэл, мэдэгдэл, зөвшөөрлийг цахим хэлбэрээр шийдвэрлэх; 12.2.6.ижил эрсдэлтэй ажиллагаанд ижил шаардлага тавьж, техникийн шаардлагыг хангаж буйг нотлох дүйцэх арга, шийдлийг хүлээн зөвшөөрөх, тодорхой үйлдвэрлэгч, брэнд, програм хангамж, үйлчилгээ үзүүлэгчийг заавал ашиглуулахгүй байх.
12.3. Иргэний нисэхийн дүрэм болон энэ хуулийг хэрэгжүүлэх бусад захиргааны хэм хэмжээний актаар энэ хуульд зааснаас өөр хориглолт, үүрэг, бүртгэл, зөвшөөрөл, гэрчилгээ, төлбөр, хариуцлага тогтоох, энэ хуульд заасан чөлөөлөлтийг хязгаарлах, хүн, хуулийн этгээдийн хуулиар тогтоосон эрх зүйн байдлыг дордуулахыг хориглоно.
13 дугаар зүйл. Зохицуулалтын туршилтын орчин
13.1. Нисгэгчгүй агаарын хөлгийн шинэ технологи, үйлчилгээ, нислэгийн ажиллагааг турших зорилгоор Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүсэлт гаргасан хүн, хуулийн этгээдэд зохицуулалтын туршилтын орчин бүрдүүлэх шийдвэр гаргаж болно. Туршилтын орчинд хамрагдсан эсэх нь нисгэгчгүй агаарын хөлгийг импортлох, худалдах, энэ хуульд заасны дагуу ашиглах нөхцөл болохгүй.
13.2. Туршилтын орчин бүрдүүлэх шийдвэрт дараах зүйлийг тусгана:
13.2.1.оролцогч, туршилтын зорилго; 13.2.2.газарзүйн байршлын хил, нислэгийн өндөр, маршрут; 13.2.3.туршилтын хугацаа; 13.2.4.хөнгөвчлөх Иргэний нисэхийн дүрмийн шаардлага, түүнийг орлох аюулгүй байдлын арга хэмжээ; 13.2.5.туршилтыг зогсоох нөхцөл.
13.3. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдрийн дотор шийдвэрлэнэ. Туршилт нь Иргэний нисэхийн дүрмээр зохицуулагдаагүй, эсхүл одоогийн шаардлагаар хэрэгжүүлэх боломжгүй технологи, үйлчилгээ, ажиллагаанд чиглэсэн бөгөөд санал болгосон аюулгүй байдлын арга хэмжээ эрсдэлийг хүлээн зөвшөөрөгдөх түвшинд бууруулж байвал туршилтын орчин бүрдүүлэх шийдвэр гаргана.
13.4. Туршилтын орчны хугацаа хоёр жилээс хэтрэхгүй бөгөөд нэг удаа нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно.
13.5. Туршилтын орчин бүрдүүлэх шийдвэрээр зөвхөн Иргэний нисэхийн дүрмийн шаардлагыг хөнгөвчилж болох бөгөөд энэ болон бусад хуульд заасан шаардлагаас чөлөөлөхийг хориглоно.
13.6. Хүн тээвэрлэх зориулалттай нисгэгчгүй агаарын хөлгийг туршилтын орчинд зөвхөн зорчигчгүйгээр туршина.
13.7. Туршилтын орчинд оролцогч туршилт дууссанаас хойш ажлын 30 өдрийн дотор үр дүнгийн тайланг Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тайлангийн хураангуйг аж ахуйн нууцад хамаарах мэдээлэл, хувийн мэдээллийг хасаж нийтэд мэдээлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
НИСГЭГЧГҮЙ АГААРЫН ХӨЛӨГ, ТҮҮНД ХАМААРАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
14 дүгээр зүйл. Нисгэгчгүй агаарын хөлөг, үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэл
14.1. Дараах нисгэгчгүй агаарын хөлгөөр нислэг үйлдэх үйл ажиллагаа эрхлэгч Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ:
14.1.1.хөөрөлтийн дээд жин нь 250 грамм ба түүнээс дээш хөлөг; 14.1.2.жингээс үл хамааран тусгай, гэрчилгээжсэн ангиллын нислэгт ашиглах хөлөг; 14.1.3.энэ хуулийн 3.5-д заасан хөлөг.
14.2. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай ангиллын нислэгт ашиглах нисгэгчгүй агаарын хөлгийг үйл ажиллагаа эрхлэгчтэй холбож, хөлөг тус бүрээр, серийн дугаарыг нь заан бүртгэнэ. Энэ бүртгэл нь хөлгийн маягийг батлах, нислэгт тэнцэх чадварын баталгаажуулалтыг орлохгүй бөгөөд гэрчилгээжүүлэлт, загварын зөвшөөрөлд тооцогдохгүй.
14.3. Гэрчилгээжсэн ангиллын нислэгт ашиглах нисгэгчгүй агаарын хөлгийг Иргэний нисэхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэх бөгөөд уг бүртгэлийн мэдээллийг энэ хуулийн 14.1-д заасан үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлтэй холбож, ижил мэдээлэл, баримт бичгийг давтан шаардахгүй.
14.4. Бүртгэлийг цахим хэлбэрээр хийнэ. Гэрчилгээжсэн ангиллын баримтыг олон улсын гэрээ, Иргэний нисэхийн дүрмээр шаардсан тохиолдолд цаасан хэлбэрээр олгоно.
14.5. Үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн дугаарыг, энэ хуулийн 14.2-т заасан хөлгийн хувьд хөлгийн бүртгэлийн дугаарыг бүртгэл хийгдсэн даруйд олгох бөгөөд үйл ажиллагаа эрхлэгч уг дугаарыг нисгэгчгүй агаарын хөлөг дээр харагдахуйцаар тэмдэглэнэ. Энэ хуулийн 16.1-д заасан алсаас таних үүрэг хамаарах хөлгийн хувьд үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн дугаарыг алсаас таних системд оруулна.
14.6. Энэ хуулийн 14.2-т заасан хөлгийн бүртгэлийн болон тусгай, гэрчилгээжсэн ангиллын нислэг үйлдэх үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль⁶-д заасны дагуу төлнө. Зөвхөн нээлттэй ангиллын нислэг үйлдэх үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлд хураамж ногдуулахгүй.
14.7. Үйл ажиллагаа эрхлэгч бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орсон, бүртгэлтэй нисгэгчгүй агаарын хөлгийг хулгайд алдсан, эсхүл бүрмөсөн устсан бол энэ тухай мэдсэнээс хойш ажлын 10 өдрийн дотор цахим хэлбэрээр мэдэгдэнэ. Бүртгэлтэй хөлгийн өмчлөх эрх, эсхүл түүнийг ашиглах үйл ажиллагаа эрхлэгч өөрчлөгдсөн бол шилжүүлэгч мэдээллийг цахим нэг цонхны системээр оруулж, шилжүүлэн авагч мөн хугацаанд тийнхүү оруулсан мэдээллийг баталгаажуулна. Хөлгийг засвар, хадгалалтад түр өгөх нь шилжүүсэнд тооцохгүй. Энэ хуулийн 34.1.4-т заасны дагуу мэдээлсэн тохиолдолд хөлгийг алдсан тухай давхар мэдэгдэхгүй.
14.8. Үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэл таван жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд хугацаа дуусахаас өмнө цахим хэлбэрээр сунгуулна. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бүртгэлийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө үйл ажиллагаа эрхлэгчид цахим хэлбэрээр сануулна. Хугацаандаа сунгуулаагүй бүртгэлийг хүчингүй болсонд тооцно.
14.9. 18 нас хүрээгүй хүнийг үйл ажиллагаа эрхлэгчээр бүртгэхдээ түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг авсан байна.
15 дугаар зүйл. Техникийн шаардлага, нислэгт тэнцэх чадвар
15.1. Нээлттэй ангиллын нислэг үйлдэх нисгэгчгүй агаарын хөлөг дараах шаардлагыг хангасан байна:
15.1.1.энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан алсаас таних үүрэг хамаарах тохиолдолд уг шаардлагыг үйлдвэрлэгчийн суурилуулсан систем, эсхүл шаардлага хангасан нэмэлт төхөөрөмжөөр хангах; 15.1.2.газарзүйн бүсийн мэдээллийг нисгэгчид анхааруулах, Иргэний нисэхийн дүрэмд заасан хөлгийн хувьд хориглосон бүсэд нэвтрэхгүй байх тохирогоотой байх; 15.1.3.удирдлага, хяналтын холбоо тасарсан үед хөөрсөн цэгтээ буцах, байрлалаа хадгалах, аюулгүй газардах зэрэг урьдчилан тохируулсан аюулгүй ажиллагааны горимд шилжих.
15.2. Тусгай ангиллын нислэгт ашиглах нисгэгчгүй агаарын хөлгийн техникийн шаардлагыг нийтэд нээлттэй урьдчилан тогтоосон ажиллагааны нөхцөл, эсхүл эрсдэлийн үнэлгээний хүрээнд тухайн ажиллагааны эрсдэлд тохируулан Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тодорхойлно. Нэмэлт техникийн шаардлага тавих бол үндэслэлийг заах бөгөөд аюулгүй ажиллагааны дүйцэх шийдлийг хүлээн зөвшөөрнө.
15.3. Гэрчилгээжсэн ангиллын нислэгт ашиглах нисгэгчгүй агаарын хөлөг Иргэний нисэхийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан маягийн гэрчилгээ, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй байна.
15.4. Нисгэгчгүй агаарын хөлөг энэ хуулийн 15.1-д заасан шаардлагыг хангаж байгааг үйлдвэрлэгч, эсхүл импортлогч, өөрөө угсарсан хөлгийн хувьд үйл ажиллагаа эрхлэгч тохирлын мэдэгдлээр баталгаажуулна. Импортлогч тохирлын мэдэгдлийг үйлдвэрлэгчийн тохирлын мэдэгдэл, эсхүл гадаад улсын тохирлын баримтад үндэслэн гаргаж болно. Гадаад улсын нисэхийн эрх бүхий байгууллагын олгосон, эсхүл хүлээн зөвшөөрсөн бүтээгдэхүүний ангиллын шошго, тохирлын баримт, маягийн гэрчилгээг Иргэний нисэхийн дүрэмд заасан нөхцөлөөр хүлээн зөвшөөрнө.
15.5. Нисгэгчгүй агаарын хөлгийг импортлох, худалдахад энэ хуулиар тусгай зөвшөөрөл шаардахгүй.
15.6. Нисгэгчгүй агаарын хөлгийн радио төхөөрөмж Радио долгионы тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна.
16 дугаар зүйл. Алсаас таних
16.1. Хөөрөлтийн дээд жин нь 250 грамм ба түүнээс дээш нисгэгчгүй агаарын хөлөг болон тусгай, гэрчилгээжсэн ангиллын нислэг үйлдэж байгаа нисгэгчгүй агаарын хөлөг нислэгийн туршид алсаас таних мэдээллийг дамжуулна. Алсаас таних мэдээллийг ойрын зайд шууд цацах замаар дамжуулах бөгөөд үүрэн сүлжээгээр нэмж дамжуулж болно. Үүрэн сүлжээгүй газар нислэг үйлдэх боломжийг энэ шаардлагаар хязгаарлахгүй.
16.2. Алсаас таних мэдээлэл үйл ажиллагаа эрхлэгчийн нэр, хаяг зэрэг хувийн мэдээлэл агуулахгүй бөгөөд түүнийг бүртгэлтэй тулгах эрхийг зөвхөн энэ хуулийн 9, 33 дугаар зүйл, 10.1, 32.1-д заасан байгууллага, албан тушаалтан эдэлнэ.
16.3. Алсаас таних мэдээллийг хүлээн авсан этгээд зайнаас удирдах станцын байршлын мэдээллийг нийтэд түгээх, хууль бусаар ашиглахыг хориглоно. Энэ хуулийн 16.2-т зааснаас бусад этгээд алсаас таних мэдээллийг бусад мэдээлэлтэй тулган хүнийг тодорхойлохыг хориглоно.
16.4. Энэ хуулийн 16.1 нь 28.3-т заасан тохиолдолд хамаарахгүй.
17 дугаар зүйл. Нислэгийн ангилал
17.1. Нисгэгчгүй агаарын хөлгийн нислэгийг хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, дэд бүтэц, бусад агаарын хөлөгт учруулж болох эрсдэл, хөлгийн жин, нислэгийн горим, тээвэрлэх ачааг харгалзан нээлттэй, тусгай, гэрчилгээжсэн ангилалд хуваана.
17.2. Үйл ажиллагаа эрхлэгч нислэг бүрийн ангиллыг тодорхойлж, түүнд тохирох шаардлагыг хангана.
17.3. Нислэгийн ангиллыг тухайн нислэг арилжааны зорилготой эсэхээс үл хамааран энэ хуулийн 18-20 дугаар зүйлд заасан эрсдэлийн шалгуураар тодорхойлно.
18 дугаар зүйл. Нээлттэй ангиллын нислэг
18.1. Дараах нөхцөлийг бүрэн хангасан нислэгийг нээлттэй ангилалд хамааруулж, энэ хуулийн 18.2-т зааснаас бусад тохиолдолд нислэг тус бүрээр урьдчилсан мэдэгдэл, зөвшөөрөлгүйгээр үйлдэнэ:
18.1.1.хөөрөлтийн дээд жин нь 25 килограмм хүрэхгүй бөгөөд Иргэний нисэхийн дүрэмд энэ хэмжээнээс бага босго тогтоосон бол түүнээс хэтрэхгүй; 18.1.2.харааны шууд хяналттай; 18.1.3.газрын гадаргын хамгийн ойрын цэгээс 120 метрээс дээш өндөрт нисэхгүй бөгөөд Иргэний нисэхийн дүрэм, эсхүл газарзүйн бүсээр энэ хэмжээнээс бага өндөр тогтоосон бол түүнээс хэтрэхгүй; 18.1.4.хүн цугларсан газар дээгүүр нисэхгүй; 18.1.5.аюултай ачаа тээвэрлэхгүй, эд зүйл унагаахгүй, цацахгүй, аливаа бусад байдлаар гадагшлуулахгүй; 18.1.6.бие даасан нислэг, сүрэг нислэг үйлдэхгүй.
18.2. Нээлттэй ангиллын нислэгт энэ хуулийн 23.2, 29, 30 дугаар зүйлд заасан шаардлага хамаарна.
18.3. Энэ хуулийн 9.1.1-д заасны дагуу бүртгүүлсэн загвар онгоцны болон нисэхийн спортын холбоо, клубын талбайд тухайн холбоо, клубын дүрмийн дагуу харааны шууд хяналттай үйлдэх нислэгт энэ хуулийн 15.1, 16.1, 18.1.1, болон 18.1.3 хамаарахгүй. Холбоо, клубын талбайн бүртгэлд зөвшөөрөгдөх жин, өндөр, хил хязгаар, хамгаалалтын зай, хариуцсан этгээдийг заана.
19 дүгээр зүйл. Тусгай ангиллын нислэг
19.1. Энэ хуулийн 18.1-д заасан нөхцөлийг хангаагүй, 20.1-д заасанд хамаарахгүй нислэгийг тусгай ангилалд хамааруулна.
19.2. Урьдчилан тогтоосон ажиллагааны нөхцөлд нийцсэн тусгай ангиллын нислэгийг үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан цахим нэг цонхны системээр мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлийг бүртгэсэн тухай цахим баталгаа авснаар үйлдэнэ. Заавал тусгах мэдээллийг бүрэн оруулсан мэдэгдлийг цахим нэг цонхны систем хүлээн авсан даруй автоматаар бүртгэнэ.
19.3. Мэдэгдэл урьдчилан тогтоосон ажиллагааны нөхцөлд нийцээгүй нь тогтоогдвол Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага залруулж болох мэдээллийн алдааг залруулах боломж олгох бөгөөд бусад тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, үндэслэлийг нь заан мэдэгдлийг хүчингүй болгоно. Аюулгүй байдалд шууд аюул учрах бол нислэгийг нэн даруй түр зогсоож, сонсох ажиллагааг дараа нь явуулж болно.
19.4. Энэ хуулийн 19.2-т заасан мэдэгдэл нь үйл ажиллагаа эрхлэгч өөрөө тогтоосон хоёр жилээс хэтрэхгүй хугацаанд хүчинтэй байна.
19.5. Урьдчилан тогтоосон ажиллагааны нөхцөлд нийцэхгүй тусгай ангиллын нислэгийг үйл ажиллагаа эрхлэгчийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон зөвшөөрлөөр үйлдэнэ.
19.6. Энэ хуулийн 19.5-д заасан зөвшөөрлийг хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 20 өдрийн дотор шийдвэрлэнэ. Хүсэлтэд бүрдүүлэх мэдээллийн жагсаалтыг цахим нэг цонхны системд урьдчилан нийтэлж, хүсэлт хүлээн авсан огноо, шийдвэрлэх эцсийн хугацааг уг системд тэмдэглэх бөгөөд мэдээлэл дутуу бол нэг удаа нэгтгэн мэдэгдэнэ.
19.7. Энэ хуулийн 19.5-д заасан зөвшөөрлийг 19.6-д заасан хугацаанд шийдвэрлээгүй бол хүсэлт гаргагч Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргах бөгөөд хугацааг үндэслэлгүй хэтрүүлсэн албан тушаалтанд энэ хуулийн 35.1-д заасан хариуцлага хүлээлгэнэ.
19.8. Ижил нөхцөлд давтан үйлдэх нислэгт хоёр жил хүртэл хугацааны зөвшөөрөл олгож болох бөгөөд хүсэлт гаргагчийн хүссэнээс богино хугацаа тогтоох бол үндэслэлийг шийдвэрт заана.
20 дугаар зүйл. Гэрчилгээжсэн ангиллын нислэг
20.1. Дараах нислэгийг гэрчилгээжсэн ангилалд хамааруулна:
20.1.1.хүн тээвэрлэх; 20.1.2.Иргэний нисэхийн дүрэмд заасан аюултай ачаа тээвэрлэх; 20.1.3.Иргэний нисэхийн дүрэмд заасан босгоос их жинтэй хөлгөөр хүн цугларсан газар дээгүүр нисэх; 20.1.4.Иргэний нисэхийн дүрэмд заасан өндөр, хугацааны босгоос дээш үргэлжлэх платформын нислэг; 20.1.5.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нийтэд нээлттэй эрсдэлийн үнэлгээний шалгуурын дагуу үнэлж, үндэслэлийг заасан шийдвэрээр тусгай ангилалд үйлдэх боломжгүй гэж тогтоосон нислэг.
20.2. Гэрчилгээжсэн ангиллын нислэгт ашиглах нисгэгчгүй агаарын хөлөг, үйл ажиллагаа эрхлэгч, зайнаас удирдах нисгэгчид Иргэний нисэхийн тухай хуулийн 14, 15, 20 дугаар зүйлд заасан шаардлага үйлчилнэ. Иргэний нисэхийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний шаардлага зөвхөн агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид хамаарна. Тусгай ангиллын нислэгээр ачаа, шуудан хүргэх үйлчилгээ үзүүлэх нь Иргэний нисэхийн тухай хуульд заасан агаарын тээврийн үйлчилгээнд тооцогдохгүй.
21 дүгээр зүйл. Үйл ажиллагаа эрхлэгч, түүний эрх, үүрэг
21.1. Үйл ажиллагаа эрхлэгч дараах үүрэг хүлээнэ:
21.1.1.нислэгийн ангиллыг зөв тодорхойлж, түүнд тохирох шаардлагыг хангах; 21.1.2.зайнаас удирдах нисгэгч энэ хуульд заасан ур чадварын баримттай байхыг хангах; 21.1.3.тусгай болон гэрчилгээжсэн ангиллын нислэгийн бүртгэлийг хөтөлж, хоёр жил хадгалах; 21.1.4.нисгэгчгүй агаарын хөлгийн техникийн үйлчилгээг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийх; 21.1.5.энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан осол, зөрчлийг мэдээлэх; 21.1.6.нислэгийн явцад дүрс, дуу болон хүний хувийн мэдээлэл цуглуулахдаа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль⁷-ийг дагаж мөрдөх бөгөөд нислэгийн зорилгод шаардлагагүй хүний дүрс, тээврийн хэрэгслийн улсын дугаар болон хүнийг шууд, эсхүл шууд бусаар тодорхойлох боломжтой бусад мэдээллийг нийтэд түгээх, гуравдагч этгээдэд шилжүүлэх, эсхүл нислэгийн зорилгод шаардлагатай хугацаанаас илүү хадгалахаас өмнө уг хуульд заасны дагуу хүнийг тодорхойлох боломжгүй болгох.
21.2. Бие даасан нислэг, сүрэг нислэгийн удирдлагын систем, програм хангамжийн аюулгүй байдлыг хангах үүргийг үйл ажиллагаа эрхлэгч хүлээнэ.
21.3. Нисгэгчгүй агаарын хөлгийн нислэгийн улмаас бусдад учруулсан гэм хорыг Иргэний хууль⁸-д заасан эрсдэл ихтэй эх үүсвэрийн эзэмшигчийн адилаар үйл ажиллагаа эрхлэгч хариуцна.
21.4. Нисгэгчгүй агаарын хөлгийг түрээслүүлсэн, эсхүл бусдад ашиглуулсан тохиолдолд түүнийг ашиглан өөрийн нэрийн өмнөөс нислэг үйлдэж байгаа этгээдийг үйл ажиллагаа эрхлэгч гэж үзнэ. Үйл ажиллагаа эрхлэгчийг тогтоох боломжгүй бол нисгэгчгүй агаарын хөлгийн өмчлөгчийг үйл ажиллагаа эрхлэгч гэж үзнэ.
21.5. Үйл ажиллагаа эрхлэгч дараах эрх эдэлнэ:
21.5.1.газарзүйн бүсийн цахим зураглал, өөрийн бүртгэлийн мэдээллийг үнэ төлбөргүй авах; 21.5.2.мэдэгдэл, зөвшөөрлийн хүсэлтийг энэ хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлэх, татгалзсан шийдвэрийн үндэслэлийг цахим хэлбэрээр авах; 21.5.3.энэ хуулийн дагуу гаргасан захиргааны шийдвэрт Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргах. 21.6.Энэ хуулийн 21.1.6-д заасан хүнийг тодорхойлох боломжгүй болгох үүрэг нь мэдээллийн эзний зөвшөөрөл, эсхүл хуульд заасан бусад үндэслэлээр мэдээллийг боловсруулж байгаа тохиолдолд хамаарахгүй.
22 дугаар зүйл. Зайнаас удирдах нисгэгч, түүний эрх, үүрэг
22.1. Зайнаас удирдах нисгэгч нислэгийн ангилалд тохирсон дараах ур чадварын баримттай байна:
22.1.1.нээлттэй ангиллын нислэгт цахим хэлбэрээр өгсөн суурь шалгалтын баримт; 22.1.2.тусгай ангиллын нислэгт ур чадварын гэрчилгээ; 22.1.3.гэрчилгээжсэн ангиллын нислэгт Иргэний нисэхийн тухай хуулийн 5.1.18-д заасан үнэмлэх.
22.2. Энэ хуулийн 22.1.1-д заасан суурь шалгалтыг Монгол, эсхүл систем дээр сонгох боломжтой бусад хэлээр, цахим хэлбэрээр, үнэ төлбөргүй авна.
22.3. Нээлттэй ангиллын нислэгийг 16 нас хүрсэн, тусгай болон гэрчилгээжсэн ангиллын нислэгийг 18 нас хүрсэн хүн удирдана.
22.4. 16 нас хүрээгүй хүн нээлттэй ангиллын нислэгийг насанд хүрсэн хүний шууд хяналтын дор удирдаж болох бөгөөд энэ хуулийн 3.4-т зааснаас бусад тохиолдолд 22.1.1-д заасан баримттай байна.
22.5. Зайнаас удирдах нисгэгч нислэгийн явцад аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд аюулгүй байдалд эрсдэл учирсан гэж үзвэл нислэгийг эхлүүлэхгүй, эсхүл зогсоох эрхтэй.
22.6. Зайнаас удирдах нисгэгч дараах үүрэг хүлээнэ:
22.6.1.нислэгийн өмнө газарзүйн бүс, цаг агаарын мэдээ, хөлгийн техникийн байдлыг шалгах; 22.6.2.ур чадварын болон бүртгэлийн баримтыг цахим, эсхүл цаасан хэлбэрээр биедээ авч явах; 22.6.3.энэ хуулийн 32.1, 33 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх.
22.7. Энэ хуулийн 22.1.1, 22.1.2-т заасан ур чадварын баримт таван жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд сунгах журмыг Иргэний нисэхийн дүрмээр тогтооно.
23 дугаар зүйл. Нислэгийн үеийн дэг журам
23.1. Нисгэгчгүй агаарын хөлгийн нислэгт дараах дэг журмыг сахина:
23.1.1.нисгэгчтэй агаарын хөлөгт зам тавьж, түүнээс аюулгүй зайд холдох; 23.1.2.газарзүйн бүсийн шаардлагыг мөрдөх; 23.1.3.мал маллах зорилгоос бусад тохиолдолд мал сүрэг, зэрлэг амьтныг зориудаар үргээхгүй байх; 23.1.4.газар дээрх хүн, эд хөрөнгөд эрсдэл учруулахгүй байх; 23.1.5.энэ хуулийн 12.1.5-д заасны дагуу Иргэний нисэхийн дүрмээр тогтоосон шөнийн нислэг, нислэгийн өндрийн дээд хязгаар, хүн, барилга байгууламжаас барих зай, ажиглагчийн шаардлагыг мөрдөх.
23.2. Хяналттай агаарын зайд нислэг үйлдэхдээ нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын зөвшөөрлийг энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан журмаар цахим нэг цонхны системээр хүлээн авна.
23.3. Хяналтгүй агаарын зайд үйлдэх нислэгт нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын зөвшөөрөл шаардахгүй.
23.4. Нисгэгчгүй агаарын хөлөг хөөрөх, буух байнгын талбай, байгууламж ажиллуулагч энэ хуулийн 12.1.6-д заасны дагуу Иргэний нисэхийн дүрмээр тогтоосон шаардлагыг хангана. Байнгын талбай, байгууламжийн байршлыг хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Хот байгуулалтын тухай хуульд заасны дагуу тусгана.
24 дүгээр зүйл. Нислэгийн үйл ажиллагаанд хориглох зүйл
24.1. Нисгэгчгүй агаарын хөлгийн нислэгт дараах үйлдлийг хориглоно:
24.1.1.зэвсэг, сум, тэсрэх бодис суурилуулах, тээвэрлэх; 24.1.2.гамшиг, гал түймэр, эрэн хайх, аврах ажиллагаанд саад учруулах; 24.1.3.алсаас таних, газарзүйн бүсийн хязгаарлалтын төхөөрөмж, програмыг идэвхгүй болгох, өөрчлөх; 24.1.4.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын нөлөөнд байхдаа нислэг удирдах; 24.1.5.хорих анги, баривчлах байр, цагдан хорих байранд эд зүйл нэвтрүүлэх; 24.1.6.энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бүртгүүлэх үүрэгтэй боловч бүртгүүлээгүй, эсхүл бүртгэлийн дугаарыг нуусан хөлгөөр нислэг үйлдэх;
24.2. Энэ хуулийн 24.1.3 нь энэ хуульд заасны дагуу олгосон зөвшөөрлийн хүрээнд газарзүйн бүсийн хязгаарлалтыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу түр тайлах болон 16.4, 18.3-т заасан тохиолдолд хамаарахгүй.
24.3. Энэ хуулийн 24.1.1 нь хуулиар эрх олгогдсон төрийн байгууллагын чиг үүргийн хүрээнд үйлдэх нислэгт хамаарахгүй.
25 дугаар зүйл. Үйлдвэрлэгч, импортлогч, худалдагчийн үүрэг
25.1. Нисгэгчгүй агаарын хөлгийг үйлдвэрлэх, импортлох, худалдах хүн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:
25.1.1.энэ хуулийн 16.1-д заасан алсаас таних үүрэг хамаарах нисгэгчгүй агаарын хөлгийг уг шаардлагыг хангасан суурилуулсан системтэй, эсхүл нэмэлт төхөөрөмжийн хамт нийлүүлэх; 25.1.2.хөлөг энэ хуулийн 15.1.2, 15.1.3-т заасан шаардлагыг хангаагүй бол энэ тухай болон уг хөлгийг нээлттэй ангилалд ашиглах боломжгүйг худалдан авагчид бичгээр мэдэгдэх; 25.1.3.худалдан авагчид бүртгэл, газарзүйн бүс, нислэгийн үндсэн дэг журмын талаарх мэдээллийг Монгол хэлээр өгөх.
25.2. Нисгэгчгүй агаарын хөлгийг үйлдвэрлэх, импортлох хүн, хуулийн этгээд хөлгийн удирдлагын програмд илэрсэн аюулгүй байдлын эмзэг байдлыг мэдсэн даруй Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
25.3. Хувь хүн өөрийн хэрэглэж байсан нисгэгчгүй агаарын хөлгийг худалдахад энэ хуулийн 25.1.1, 25.1.3 хамаарахгүй.
26 дугаар зүйл. Даатгал
26.1. Тусгай болон гэрчилгээжсэн ангиллын нислэг үйлдэх үйл ажиллагаа эрхлэгч гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалд хамрагдсан байна.
26.2. Нээлттэй ангиллын нислэг үйлдэх үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 26.1-д заасан даатгалд сайн дураар хамрагдаж болно.
26.3. Энэ хуулийн 26.1-д заасан даатгалын доод хэмжээг Иргэний нисэхийн тухай хуулийн 26.4-т заасны дагуу нисгэгчгүй агаарын хөлгийн хөөрөлтийн дээд жин, нислэгийн ангилалд тохируулан тогтооно.
27 дугаар зүйл. Гадаадын үйл ажиллагаа эрхлэгч, хил дамнасан нислэг
27.1. Гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн адилаар энэ хуульд заасан шаардлагыг хангаж нислэг үйлдэнэ.
27.2. Монгол Улсын регистрийн дугааргүй гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүртгэлд гадаад паспорт, эсхүл хилээр зорчих бусад баримт бичгийн мэдээллээр цахим хэлбэрээр бүртгүүлнэ.
27.3. Гадаад улсын нисэхийн эрх бүхий байгууллагаас олгосон зайнаас удирдах нисгэгчийн ур чадварын баримтыг Иргэний нисэхийн дүрэмд заасан нөхцөлөөр хүлээн зөвшөөрнө.
27.4. Монгол Улсын хил дамнан үйлдэх нислэг болон Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна байрлах зайнаас удирдах станцаас үйлдэх нислэгийг энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан журмаар олгосон зөвшөөрлөөр үйлдэнэ.
27.5. Монгол Улс тухайн улстай харилцан хүлээн зөвшөөрөх гэрээ байгуулаагүй нь дангаараа энэ хуулийн 15.4, 27.3-т заасан гадаад улсын баримтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах үндэслэл болохгүй.
28 дугаар зүйл. Төрийн байгууллагын нисгэгчгүй агаарын хөлөг
28.1. Энэ хуулийн 3.1.2-т заасан төрийн байгууллагын нисгэгчгүй агаарын хөлгийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүртгэлд бүртгэх бөгөөд хуульд заасан нууцад хамаарах мэдээллийг нийтэд нээлттэй болгохгүй.
28.2. Гамшиг, гал түймэр, эрэн хайх, аврах ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох хойшлуулшгүй тохиолдолд төрийн байгууллага урьдчилсан зөвшөөрөл, мэдэгдэлгүйгээр нислэг үйлдэж болох бөгөөд хяналттай агаарын зайд нислэг үйлдэх бол нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагад нислэг эхлэхээс өмнө, боломжгүй бол нэн даруй мэдэгдэж, нислэг дууссанаас хойш 24 цагийн дотор Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
28.3. Ажиллагааны нууцыг хангах шаардлагатай тохиолдолд төрийн байгууллага алсаас таних мэдээлэл дамжуулахгүй байж болох бөгөөд нисгэгчтэй агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нислэгийг нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагатай урьдчилан зохицуулж, нислэгийн тухай мэдээллийг Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нууцлалын горимоор мэдэгдэнэ.
28.4. Төрийн байгууллага нисгэгчгүй агаарын хөлгийг гүйцэтгэх ажлын зорилгоор ашиглахад Гүйцэтгэх ажлын тухай хууль⁹-д заасан журам үйлчилнэ.
28.5. Энэ хуулийн 28.2-т заасан нислэгийн явцад цуглуулсан, тухайн ажиллагаатай холбогдолгүй хувийн мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу устгах, эсхүл хүнийг тодорхойлох боломжгүй болгоно. Энэ нь Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг хөндөхгүй.
ТАВДУГААР БҮЛЭГ
АГААРЫН ЗАЙ, НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИЦУУЛАЛТ
29 дүгээр зүйл. Газарзүйн бүс
29.1. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах газарзүйн бүсийг тогтооно:
29.1.1.хориглосон бүс; 29.1.2.зөвшөөрөл шаардлагатай бүс; 29.1.3.нөхцөлтэй бүс; 29.1.4.түр хязгаарласан бүс.
29.2. Энэ хуулийн 29.1-д заасан бүсэд дараах журмаар нислэг үйлдэнэ:
29.2.1. хориглосон бүсэд тухайн бүсийг тогтоох санал гаргасан байгууллагын өөрийн чиг үүргийн хүрээнд үйлдэх нислэг болон энэ хуулийн 28.2-т заасан нислэгээс бусад нислэгийг хориглоно;
29.2.2. зөвшөөрөл шаардлагатай бүсэд энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан журмаар олгосон зөвшөөрөлтэйгээр нислэг үйлдэнэ;
29.2.3. нөхцөлтэй бүсэд цахим зураглалд нийтэлсэн нислэгийн өндөр, цаг хугацаа, ангилал болон бусад нөхцөлийг хангаж, зөвшөөрөлгүйгээр нислэг үйлдэнэ;
29.2.4. түр хязгаарласан бүсэд тухайн бүсийг тогтоосон шийдвэрт заасан хугацаанд, заасан нөхцөлөөр нислэгийг хориглоно, эсхүл хязгаарлана;
29.2.5. газарзүйн бүс тогтоогоогүй агаарын зайд энэ хуульд заасан нислэгийн ангиллын шаардлагыг хангаж, нэмэлт зөвшөөрөлгүйгээр нислэг үйлдэнэ.
29.3. Газарзүйн бүсийг энэ хуулийн 7.1.2-т заасан шийдвэр, 10 дугаар зүйлд заасан байгууллага, хуулийн этгээдийн санал, эсхүл өөрийн санаачилгаар нисэхийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журам, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилгоор тогтооно.
29.4. Газарзүйн бүс нь цахим зураглалд нийтэлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Хориглосон, зөвшөөрөл шаардлагатай, нөхцөлтэй бүсийг шинээр тогтоох, өөрчлөх бол түүний төслийг ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө цахим зураглалд урьдчилан нийтэлж, санал авна.
29.5. Үндэсний аюулгүй байдлын шаардлагаар тогтоосон бүсийн үндэслэлийг нийтэд мэдээлэхгүй байж болох бөгөөд уг бүсэд энэ хуулийн 29.4-т заасан урьдчилан нийтлэх шаардлага хамаарахгүй. Бүсийн хил, хязгаарлалтыг цахим зураглалд нийтлээгүйн улмаас тухайн бүсийг зөрчсөн бол энэ хуулийн 33.5.2-т заасан үндэслэлээр хариуцлага хүлээлгэхгүй.
29.6. Түр хязгаарласан бүсийн хугацааг түүнийг тогтоосон шийдвэрт заана. Бүс тогтоосон үндэслэл арилмагц бүсийг цуцалж, энэ тухай цахим зураглалд нэн даруй нийтлэх ба цахим нэг цонхны системд бүртгэлтэй үйл ажиллагаа эрхлэгчдэд цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
29.7. Энэ хуулийн 7.1.2-т заасан шийдвэр, эсхүл 10.2-т заасан мэдэгдлийг үндэслэн түр хязгаарласан бүсийг нэн даруй тогтооно.
29.8. Олон нийтийн арга хэмжээнд зориулсан түр хязгаарласан бүсийг арга хэмжээ эхлэхээс ажлын гурваас доошгүй өдрийн өмнө нийтэлнэ.
29.9. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, эсхүл хүн, хуулийн этгээд, энэ хуулийн 10.7-д заасан Засаг даргын саналыг үндэслэн нисгэгчгүй агаарын хөлгийн нислэгийн коридор тогтоож, цахим зураглалд нийтэлж болох бөгөөд коридор тогтоох шийдвэрт дараах зүйлийг тусгана:
29.9.1.коридорын хэвтээ болон босоо зааг, хөөрөх, буух цэгтэй холбогдох хэсэг; 29.9.2.коридорт нислэг үйлдэх нислэгийн ангилал, нисгэгчгүй агаарын хөлгийн алсаас таних, илрүүлэх ба зайлсхийх чадвар, удирдлага, хяналтын холбоосын шаардлага; 29.9.3.нам өндөрт нислэг үйлдэх нисгэгчтэй агаарын хөлөгтэй зохицуулах арга; 29.9.4.коридорыг ашиглах цаг, хүчинтэй хугацаа; 29.9.5.суурин газар, мал бэлчээрлэж буй газар, тусгай хамгаалалттай газар нутаг дээгүүр нислэг үйлдэх нөхцөл
29.10. Тусгай хамгаалалттай газар нутаг, түүх, соёлын дурсгалт газрын орчимд газарзүйн бүс тогтоохдоо аялал жуулчлал, судалгааны зорилгоор нөхцөлтэйгээр нислэг үйлдэх боломжийг харгалзана.
29.11. Газарзүйн бүс тогтоосон шийдвэрт Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргаж болно.
29.12. Нислэгийн коридорт энэ хуулийн 29.2.3-т заасан нөхцөлтэй бүсийн журам, 29.4-т заасан урьдчилан нийтлэх, санал авах журам нэгэн адил үйлчилнэ. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага коридор бүрт тохирсон урьдчилан тогтоосон ажиллагааны нөхцөлийг коридор тогтоох шийдвэрийн хамт нийтлэх бөгөөд уг нөхцөлийг хангасан тусгай ангиллын нислэгийг энэ хуулийн 19.2-т заасан мэдэгдлээр үйлдэнэ.
29.13. Нислэгийн коридор хяналттай агаарын зай, эсхүл энэ хуулийн 30.1-д заасан бүсийг дайрч өнгөрөх бол Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага коридор тогтоохоос өмнө энэ хуулийн 30.2-т заасан байгууллага, хуулийн этгээдийн зөвшөөрлийг 30.3-т заасан журмаар авна. Коридорын нөхцөлөөр үйлдэх нислэг тус бүрд энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан зөвшөөрөл шаардахгүй бөгөөд энэ нь нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагаас өгөх зааврыг дагаж мөрдөх үүргийг хөндөхгүй.
29.14. Нислэгийн коридор нь Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуульд заасан агаарын зайн ангиллыг өөрчлөхгүй, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний маршрутад тооцогдохгүй. Коридорыг тодорхой этгээдэд онцгой эрхээр ашиглуулах, газар өмчлөгч, эзэмшигчийн эрхийг хязгаарлахыг хориглох бөгөөд энэ хуульд заасан шаардлага хангасан үйл ажиллагаа эрхлэгч коридорыг ялгаваргүй ашиглана.
30 дугаар зүйл. Зөвшөөрөл шаардлагатай бүс, хилийн болон хамгаалалтын бүсэд нислэг үйлдэх
30.1. Дараах нислэгийн зөвшөөрлийн хүсэлтийг энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан цахим нэг цонхны системээр хүлээн авна:
30.1.1.хяналттай агаарын зай, аэродромын орчмын газарзүйн бүсэд үйлдэх нислэг; 30.1.2.Монгол Улсын хилийн агаарын бүсэд үйлдэх нислэг; 30.1.3.төрийн тусгай хамгаалалтын бүс, цэргийн объектын орчмын бүсэд үйлдэх нислэг; 30.1.4.энэ хуулийн 10.1, 10.4-т заасан байгууллага, хуулийн этгээдийн саналаар тогтоосон бусад зөвшөөрөл шаардлагатай бүсэд үйлдэх нислэг; 30.1.5.энэ хуулийн 27.4-т заасан нислэг.
30.2. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хүлээн авсан даруй дараах байгууллага, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр нэгэн зэрэг хүргүүлнэ:
30.2.1.энэ хуулийн 30.1.1-д заасан нислэгийн хувьд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага; 30.2.2.энэ хуулийн 30.1.2-т заасан нислэгийн хувьд хил хамгаалах байгууллага; 30.2.3.энэ хуулийн 30.1.3-т заасан нислэгийн хувьд төрийн тусгай хамгаалалтын байгууллага, эсхүл Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага; 30.2.4.энэ хуулийн 30.1.4-т заасан нислэгийн хувьд тухайн бүсийг тогтоох санал гаргасан байгууллага, хуулийн этгээд; 30.2.5.энэ хуулийн 30.1.5-д заасан нислэгийн хувьд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, хил хамгаалах байгууллага болон нислэгийн маршрут дайрч өнгөрөх бүсийг хариуцсан энэ хуулийн 30.2.3, 30.2.4-т заасан байгууллага.
30.3. Энэ хуулийн 30.2-т заасан байгууллага, хуулийн этгээд хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, гамшиг, ослын үзлэг, нийтийн эрх ашгийн бусад яаралтай шаардлагаар гаргасан хүсэлтийг ажлын нэг өдрийн дотор хянаж, зөвшөөрөх, эсхүл үндэслэлийг нь заан татгалзах саналаа цахим хэлбэрээр хүргүүлнэ.
30.4. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 30.2-т заасан бүх байгууллага, хуулийн этгээд зөвшөөрсөн бол ажлын нэг өдрийн дотор нислэгийн зөвшөөрөл олгож, аль нэг нь татгалзсан бол татгалзсан үндэслэлийг хүсэлт гаргагчид цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
30.5. Энэ хуулийн 30.3-т заасан хугацаанд санал ирүүлээгүй татгалзаагүйд тооцно.
30.6. Энэ зүйлд заасан журам нь бусад хуульд заасан зөвшөөрөл олгох байгууллагын бүрэн эрхийг өөрчлөхгүй.
30.7. Хилийн бүсэд байнга оршин суудаг, эсхүл хуульд заасан зөвшөөрлийн дагуу байнгын үйл ажиллагаа явуулдаг хүн, хуулийн этгээдэд энэ хуулийн 30.1.2-т заасан нислэгийн зөвшөөрлийг нэг жил хүртэл хугацаагаар олгож болно.
30.8. Аэродромын орчим болон хяналттай агаарын зайд нисгэгчгүй агаарын хөлгийн нислэгийн хязгаарлалтыг зөвхөн энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан газарзүйн бүсээр тогтоож, цахим зураглалд тусгана.
30.9. Тусгай ангиллын нислэгийг энэ хуулийн 30.1-д заасан бүсэд үйлдэх бол энэ хуулийн 19.5-д заасан зөвшөөрлийн хүсэлтийг энэ зүйлд заасан хүсэлтийн хамт цахим нэг цонхны системээр гаргаж, хоёр хүсэлтийг зэрэгцүүлэн шийдвэрлэнэ.
30.10. Энэ зүйлд заасан нислэгийн зөвшөөрлийн хүсэлтэд бүрдүүлэх баримтын жагсаалтыг Иргэний нисэхийн дүрмээр тогтооно. Хяналттай агаарын зайд урьдчилан олгосон зөвшөөрөл нь нислэг эхлэх үед нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагаас өгөх зааврыг орлохгүй.
31 дүгээр зүйл. Цахим нэг цонхны систем, нислэгийн хөдөлгөөний цахим үйлчилгээ
31.1. Цахим нэг цонхны систем нь нисгэгчгүй агаарын хөлгийн бүртгэл, мэдэгдэл, зөвшөөрөл, газарзүйн бүсийн цахим зураглал, нислэгийн мэдээллийг нэгтгэнэ.
31.2. Газарзүйн бүсийн цахим зураглалыг нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй, програм хангамжаар уншигдах хэлбэрээр байршуулна.
31.3. Хуулийн этгээд нислэгийн төлөвлөгөө, газарзүйн бүсийн мэдээлэл дамжуулах, нислэгийн явцыг хянах зэрэг нисгэгчгүй агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний цахим үйлчилгээ үзүүлж болно.
31.4. Энэ хуулийн 31.3-т заасан үйлчилгээ үзүүлэгч Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, цахим нэг цонхны системтэй холбогдох бөгөөд үйлчилгээ үзүүлэхдээ цуглуулсан нислэгийн мэдээллийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгална. Үйлчилгээ үзүүлэгч цуглуулсан мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ үзүүлэх зорилгоос өөр зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд шилжүүлэх бол Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу хүнийг тодорхойлох боломжгүй болгоно.
31.5. Цахим нэг цонхны систем нь нисгэгчтэй агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагатай мэдээлэл солилцоно.
31.6. Цахим нэг цонхны систем, алсаас таних мэдээлэлд агуулагдах хувийн мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу хамгаалах бөгөөд нислэгийн мэдээллийг хоёр жил, бүртгэлийн мэдээллийг бүртгэл хүчингүй болсноос хойш таван жил хадгалсны дараа устгах, эсхүл хүн, хуулийн этгээдийг тодорхойлох боломжгүй болгоно. Тодорхойлох боломжгүй болгосон мэдээллийг статистик, судалгаа, агаарын зай, нислэгийн коридорын төлөвлөлтөд ашиглаж болно. Зөрчил, гэмт хэрэг, ослын шалгалтад холбогдох мэдээллийг тухайн шалгалт дуустал хадгална.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
НИСЭХИЙН АЮУЛГҮЙН ХАМГААЛАЛТ
32 дугаар зүйл. Нисгэгчгүй агаарын хөлгийн эсрэг арга хэмжээ
32.1. Энэ хуулийн 24.1-д заасан хориглосон үйлдэл гаргаж байгаа, газарзүйн бүсийн хориглосон бүсэд, эсхүл зөвшөөрөл шаардлагатай бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, эсхүл хүний амь нас, эрүүл мэнд, агаарын хөлөг, нэн чухал объектод аюул учруулж болзошгүй нислэг үйлдэж байгаа нисгэгчгүй агаарын хөлгийн эсрэг дараах байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд арга хэмжээ авна:
32.1.1.Зэвсэгт хүчин агаарын довтолгооноос хамгаалах, цэргийн объектыг хамгаалах хүрээнд; 32.1.2.хил хамгаалах байгууллага хилийн зурвас, хилийн боомтын хүрээнд; 32.1.3.төрийн тусгай хамгаалалтын байгууллага хамгаалалтын бүс, объект, арга хэмжээний хүрээнд; 32.1.4.цагдаагийн байгууллага нийтийн хэв журам, олон нийтийн арга хэмжээ, нисэх буудал, нэн чухал объектын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох хүрээнд; 32.1.5.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хорих анги, баривчлах байр, цагдан хорих байрны хамгаалалтын хүрээнд.
32.2. Энэ хуулийн 32.1-д заасан байгууллага дараах дарааллаар арга хэмжээ авна:
32.2.1.нисгэгчгүй агаарын хөлөг, үйл ажиллагаа эрхлэгчийг тогтоох; 32.2.2.үйл ажиллагаа эрхлэгч, зайнаас удирдах нисгэгчид нислэгийг зогсоохыг шаардах; 32.2.3.нисгэгчгүй агаарын хөлгийг аюулгүй газардуулах; 32.2.4.удирдлага, хяналтын холбоо, навигацийн дохиог саатуулах; 32.2.5.нисгэгчгүй агаарын хөлгийг барьж авах; 32.2.6.хүний амь нас, эрүүл мэнд, нэн чухал объектод шууд аюул учирсан бөгөөд бусад арга хэмжээ үр дүнгүй бол устгах.
32.3. Хүний амь нас, эрүүл мэнд, агаарын хөлөг, нэн чухал объектод шууд аюул учирсан бөгөөд энэ хуулийн 32.2-т заасан дарааллыг баримтлах боломжгүй хойшлуулшгүй тохиолдолд уг дарааллыг баримтлахгүй байж болно. Энэ тохиолдолд арга хэмжээ авсан албан тушаалтан дарааллыг баримтлах боломжгүй байсан үндэслэлийг баримтжуулж, энэ хуулийн 32.6-д заасан хугацаанд мэдэгдэнэ.
32.4. Энэ хуулийн 32.2.4-32.2.6-д заасан арга хэмжээг зөвхөн зайлшгүй шаардлагатай, тухайн аюулд тохирсон хэмжээнд, бусад агаарын хөлөг, хүн, эд хөрөнгөд нэмэлт эрсдэл учруулахгүйгээр авна. Арга хэмжээ авах байгууллага энэ тухай нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
32.5. Энэ хуулийн 32.1-д заасан байгууллага радио дохио саатуулах тоног төхөөрөмжийг Радио долгионы тухай хууль¹⁰-д заасан журмын дагуу ашиглана.
32.6. Энэ хуулийн 32.2.3-32.2.6-д заасан арга хэмжээ авсан тохиолдол бүрийг шийдвэр гаргасан албан тушаалтан, үндэслэл, хэрэглэсэн хэрэгсэл, үр дүнг баримтжуулж, 24 цагийн дотор Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
32.7. Барьж авсан нисгэгчгүй агаарын хөлөг, түүнд хадгалагдсан мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль¹¹, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль¹²-д заасны дагуу шийдвэрлэнэ. Зөрчил, гэмт хэргийн шинжгүй нь тогтоогдсон бол барьж авсан хөлгийг ажлын гурван өдрийн дотор үйл ажиллагаа эрхлэгчид буцаан олгоно. Хөлөгт хадгалагдсан мэдээлэлд нэвтрэх эрхийг хөлгийг барьж авах эрхээс тусад нь, дээрх хуульд заасан журмаар олгоно.
32.8. Энэ хуулийн 32.1-д заасан байгууллага арга хэмжээ авсны улмаас гуравдагч этгээдэд учирсан хохирлыг тухайн байгууллага барагдуулж, тус хохирол нь хууль бус нислэгтэй шалтгаант холбоотой бөгөөд хууль ёсны арга хэмжээнээс үүссэн бол хууль бусаар нислэг үйлдсэн үйл ажиллагаа эрхлэгчээр нөхөн төлүүлнэ. Хууль бусаар арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нөхөн төлнө.
32.9. Нисэх буудал, нэн чухал объектын эзэмшигч нисгэгчгүй агаарын хөлгийг идэвхгүй аргаар илрүүлэх тоног төхөөрөмж ашиглаж, илрүүлсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад нэн даруй дамжуулж болно.
32.10. Энэ хуулийн 32.1-д зааснаас бусад этгээд нисгэгчгүй агаарын хөлгийн нислэгт саад учруулах, түүний дохиог саатуулах тоног төхөөрөмж ашиглах, удирдлагыг булаан авах, хөлгийг унагаахыг хориглоно.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ, ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ
33 дугаар зүйл. Хяналт
33.1. Нисгэгчгүй агаарын хөлгийн үйл ажиллагаанд Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавих бөгөөд хяналтын байцаагчийн бүрэн эрхийг Иргэний нисэхийн тухай хуулийн 36-39 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгжүүлнэ.
33.2. Цагдаагийн алба хаагч нийтийн хэв журам сахиулах чиг үүргийн хүрээнд, энэ хуулийн 32.1.1-32.1.3, 32.1.5-д заасан байгууллагын алба хаагч өөрийн чиг үүргийн хүрээнд зайнаас удирдах нисгэгчээс бүртгэл, ур чадварын баримт, зөвшөөрөл, даатгалын баримтыг шаардаж, энэ хуулийг зөрчсөн нислэгийг зогсоохыг шаардах эрхтэй. Цагдаагийн алба хаагч зайнаас удирдах нисгэгч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалгана.
33.3. Энэ хуулийн 33.1, 33.2-т заасан албан тушаалтан цахим хэлбэрээр үзүүлсэн баримтыг хүлээн зөвшөөрнө.
33.4. Нисгэгчгүй агаарын хөлгийг хураах, саатуулах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.
33.5. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах үндэслэлээр үйл ажиллагаа эрхлэгчийн болон нисгэгчгүй агаарын хөлгийн бүртгэл, тусгай ангиллын нислэгийн мэдэгдэл, нислэгийн зөвшөөрөл, зайнаас удирдах нисгэгчийн энэ хуулийн 22.1.1, 22.1.2-т заасан ур чадварын баримт, 9.1.1-д заасан холбоо, клубын талбай, үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийг зөрчлийн шинж чанар, ноцтой байдал, давтамжийг харгалзан гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно:
33.5.1.энэ хуулийн 24.1-д заасан хориглосон үйлдэл гаргасан; 33.5.2.хориглосон бүсэд, эсхүл зөвшөөрөл шаардлагатай бүсэд зөвшөөрөлгүй нислэг үйлдсэн; 33.5.3.энэ хуулийн 26.1-д заасан даатгалын шаардлагыг хангаагүй; 33.5.4.нислэгийн мэдэгдэл, зөвшөөрлийн нөхцөлийг зөрчсөн; 33.5.5.нислэгийн ангиллыг буруу тодорхойлж, тухайн ангиллын шаардлагыг хангаагүй.
33.6. Зөрчлийг зайнаас удирдах нисгэгч гаргасан бөгөөд үйл ажиллагаа эрхлэгчийн буруугүй бол зөвхөн зайнаас удирдах нисгэгчийн ур чадварын баримтыг түдгэлзүүлнэ.
33.7. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах үндэслэлээр энэ хуулийн 33.5-д заасан бүртгэл, мэдэгдэл, зөвшөөрөл, ур чадварын баримтыг хүчингүй болгоно:
33.7.1.хуурамч баримт бичиг ашигласан нь тогтоогдсон; 33.7.2.түдгэлзүүлсэн хугацаанд Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тогтоосон залруулах арга хэмжээг (сургалтад хамрагдах, төхөөрөмж засах зэрэг) биелүүлээгүй; 33.7.3.энэ хуулийн 33.5-д заасан зөрчлийг түдгэлзүүлэх шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн дотор давтан гаргасан; 33.7.4.үйл ажиллагаа эрхлэгч хүсэлт гаргасан, хуулийн этгээд татан буугдсан, эсхүл иргэн нас барсан.
33.8. Энэ хуулийн 33.7.2, 33.7.3-т заасан үндэслэлээр бүртгэл, мэдэгдэл, зөвшөөрөл, ур чадварын баримтыг хүчингүй болгосон бол хүчингүй болгосноос хойш нэг жилийн, 33.7.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон бол гурван жилийн хугацаанд дахин бүртгүүлэх, мэдэгдэл гаргах, зөвшөөрөл, ур чадварын баримт хүсэх эрхгүй.
33.9. Энэ хуулийн 33.5-33.7-д заасан шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулна. Нислэгийн мэдэгдэл, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон энэ хуульд заагаагүй харилцааг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль¹³-иар зохицуулна.
33.10. Хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан аргачлалаар, хяналт шалгалтын асуудлыг зохицуулсан хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.
34 дүгээр зүйл. Осол, зөрчлийг мэдээлэх, шинжлэн шалгах
34.1. Үйл ажиллагаа эрхлэгч дараах тохиолдлыг 72 цагийн дотор Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр мэдээлнэ:
34.1.1.хүн нас барсан, эсхүл хүнд гэмтэл авсан; 34.1.2.нисгэгчтэй агаарын хөлөгтэй мөргөлдсөн, эсхүл аюултай ойртсон; 34.1.3.Иргэний нисэхийн дүрэмд заасан хэмжээнээс их эд хөрөнгийн хохирол учирсан; 34.1.4.удирдлага алдаж хөлөг алга болсон, эсхүл хориглосон бүсэд нэвтэрсэн.
34.2. Зайнаас удирдах нисгэгч энэ хуулийн 34.1-д заасан тохиолдлыг үйл ажиллагаа эрхлэгчид нэн даруй мэдэгдэнэ. Энэ хуулийн 34.1.1-д заасан тохиолдолд зайнаас удирдах нисгэгч хохирогчид тусламж үзүүлэх арга хэмжээ авч, цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
34.3. Энэ хуулийн 34.1-д зааснаас бусад нислэгийн аюулгүй байдалд нөлөөлсөн тохиолдлыг сайн дурын үндсэн дээр мэдээлж болно.
34.4. .Энэ хуулийн 34.1, 34.3-т заасны дагуу мэдээлсэн мэдээллийг санаатай, эсхүл болгоомжгүй үйлдлээс бусад тохиолдолд мэдээлсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх үндэслэл болгохгүй.
34.5. Нисгэгчгүй агаарын хөлгийн осол, ноцтой зөрчлийг Иргэний нисэхийн тухай хуулийн 40-48 дугаар зүйлд заасны дагуу шинжлэн шалгана.
34.6. Улсын агаарын хөлөг оролцсон ослыг Иргэний нисэхийн тухай хууль болон Улсын нисэхийн тухай хуульд заасан шинжлэн шалгах эрх бүхий байгууллага хамтран шинжлэн шалгана.
34.7. Нисгэгчтэй агаарын хөлөгтэй аюул учруулах хэмжээнд ойртсон, эсхүл удирдлага алдсан хөлөг нислэгийн замд орсон тохиолдолд үйл ажиллагаа эрхлэгч, зайнаас удирдах нисгэгч нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагад нэн даруй анхан шатны мэдээлэл өгнө.
НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
35 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
35.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль¹⁴-д заасан хариуцлага хүлээлгэнэ.
35.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд үйлдлийн шинж чанараас хамааран Эрүүгийн хууль¹⁵, Зөрчлийн тухай хууль¹⁶-д заасан хариуцлага хүлээлгэнэ.
36 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
36.1. Энэ хуулийг 20… оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(НАХТХ_Үзэл баримтлал_DP.docx)