Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 12-Р САРЫН 25 ӨДӨР
УЛААНБААТАР

Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх нийтлэг зохицуулалтыг бий болгох, бооцоот таавар, хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, бооцоот таавар, хонжворт сугалаанд оролцогчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлБооцоот таавар, хонжворт сугалааны хууль тогтоомж
2.1Бооцоот таавар, хонжворт сугалааны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Монгол Улсын нутаг дэвсгэрт бооцоот таавар, хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэх, бусдад бооцоот таавар, хонжворт сугалаа санал болгоход энэ хууль үйлчилнэ.
3.2Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаатай холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар, казиногийн үйл ажиллагаа, бооцоот морин уралдааны үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан харилцааг тухайлсан хуулиар зохицуулна.
3.3Бизнесийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, хэрэглэгчээ урамшуулах зорилгоор хэрэглэгчдэд үнэ төлбөргүйгээр сугалааны эрх олгох, хонжворт сугалаа зохион байгуулж, азтан шалгаруулж, хонжвор олгох ажиллагаа нь энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй.
3.4Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.2-т заасан сугалааны тохирлоор урамшуулал олгох ажиллагаа энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“азтан” гэж хонжворт сугалаанд оролцож, азын тохирлын дагуу үнэ бүхий хөрөнгө хожсон хонжворт сугалааны оролцогчийг;
4.1.2“бооцоо” гэж бооцоот үйл явдлын үр дүнгээс шалтгаалж дэвшүүлсэн таавар нь таарсан тохиолдолд дүрэмд зааснаар өсгөж авах нөхцөлтэйгээр эрсдэлээ өөрөө хариуцаж, зохион байгуулагчид сайн дураараа шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг;
4.1.3“бооцоот таавар” гэж оролцогч болон зохион байгуулагчийн аль аль нь үр дүнг нь урьдчилан мэдэх, эсхүл үр дүнд нь нөлөөлөх боломжгүй үйл явдлын талаар бооцоо тавигчид хоорондоо, эсхүл бооцоо тавигч болон зохион байгуулагч хоорондоо бооцоот үйл явдлын үр дүнг тааварлаж, тогтоосон дүрмийн дагуу бооцоо тавих үйл ажиллагааг;
4.1.4“бооцоот таавар зохион байгуулах” гэж оролцогчдоос бооцоо цуглуулах, бооцоот тааврын үр дүнг гарсны дараа оролцогчдын хүртэх хонжворын хэмжээг тооцоолж оролцогчдод олгох зэргээр оролцогчид хоорондын, эсхүл оролцогч болон зохион байгуулагч хоорондын бооцоот таавар зохион байгуулах үйл ажиллагааг;
4.1.5“зайнаас зохион байгуулах” гэж мэдээллийн систем, цахилгаан холбооны үйлчилгээ ашиглаж оролцогчтой биечлэн харилцахгүйгээр зохион байгуулахыг;
4.1.6“мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа” гэж үр дүн нь бүхэлдээ, эсхүл зарим хэсэг нь тохиолдлын азаас шалтгаалдаг, урьдчилан мэдэх боломжгүй, оролцогч тодорхой дүрмийн дагуу оруулсан мөнгөө алдах, эсхүл өсгөж авах нөхцөлөөр мөрий, эсхүл бооцоо тавих, эсхүл азтан болохоор сугалааны тасалбар худалдан авч оролцохоор зохион байгуулж байгаа бүхий л төрлийн үйл ажиллагааг;
4.1.7“оролцогч” гэж өөрийн азыг туршиж сугалааны тасалбар худалдан авч байгаа, эсхүл бооцоот үйл явдлын үр дүнгийн талаар таавар дэвшүүлэн бооцоо тавьж байгаа хүнийг;
4.1.8“сугалааны тасалбар” гэж оролцогчийн хонжворт сугалаанд оролцох эрхийн нотолгоог;
4.1.9“үйл явдал” гэж бооцоот таавар зохион байгуулах спортын тэмцээн, цахим спортын тэмцээн, уралдаан, урлаг, соёлын наадмын шалгаруулалт зэрэг зохион байгуулалттай арга хэмжээг;
4.1.10“хонжвор” гэж дэвшүүлсэн таамаг нь таарсан оролцогчид бооцоот тааврын үр дүн гарсны дараа шилжүүлэх, эсхүл хонжворт сугалааны тохирлын дагуу азтанд шилжүүлэх мөнгө, эд хөрөнгийг;
4.1.11“хонжворт сугалаа” гэж хонжворт сугалаанд оролцогчдын дундаас тохиолдлын азаар азтан шалгаруулж худалдан авсан сугалааны тасалбарын орлогоос бүрдсэн сугалааны сангаас хонжвор олгох үйл ажиллагааг;
4.1.12“хонжворт сугалаа зохион байгуулах” гэж хонжворт сугалааны тасалбар худалдаанд гаргаж, хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэхийг;
4.1.13“эрх бүхий этгээд” гэж Зөвшөөрлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан этгээдийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НИЙТЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ
5 дугаар зүйлМөрийтэй тоглоомын үйл ажиллагаа
5.1Мөрийтэй тоглоом гэдэгт дараах үйл ажиллагааг хамааруулна:
5.1.1казиногийн үйл ажиллагаа;
5.1.2бооцоот морин уралдаан;
5.1.3бооцоот таавар;
5.1.4хонжворт сугалаа.
5.2Хуулиар тусгайлан эрх олгосноос бусад тохиолдолд энэ хуулийн 5.1-д заасан мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг зохих тусгай зөвшөөрөлгүй этгээд эрхлэхийг хориглоно.
5.3Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч, түүний хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нь Зөвлөлөөс баталсан мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд зохимжтой этгээдийн шалгуурыг хангасан байна.
5.4Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага өөрчлөгдөх бүрд тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад мэдэгдэж, зөвшөөрөл авах бөгөөд тухайн этгээд Зөвлөлөөс баталсан мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд зохимжтой этгээдийн шалгуурыг хангасан гэдгийг нотлох үүрэгтэй.
5.5Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох хуульд заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллана.
5.6Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг барьцаалах, худалдах, бэлэглэх зэрэг аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хориглоно.
5.7Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэгч нь татварын бүртгэл, мэдээллийн санд холбогдсон байх бөгөөд мөрий, бооцоо, хонжворт сугалаанаас олсон орлого, олгосон хонжвор, шагналын талаарх мэдээллийг нь тухай бүр бүртгүүлнэ.
5.8Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд цахим орчинд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн бол цагдаагийн байгууллагын шийдвэрийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо тухайн цахим хуудсанд Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандахыг хязгаарлана.
6 дугаар зүйлХуулиар зөвшөөрсөн мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд баримтлах зарчим
6.1Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд дараах нийтлэг зарчмыг баримтална:
6.1.1хууль дээдлэх, нийгмийн дэг журмыг сахих;
6.1.2үйл ажиллагаагаа шударгаар, ил тод, хариуцлагатай явуулах;
6.1.3хонжворыг шударгаар тооцоолж, оролцогчид олгох;
6.1.4нийгэмд үүсгэж болзошгүй сөрөг үр дагавраас сэргийлэх, олон нийтийг мөрийтэй тоглоомонд донтохоос хамгаалах.
6.2Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаандаа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг дагаж мөрдөнө.
6.3Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөрийтэй тоглоомтой холбоотой дүрмийг оролцогчид нээлттэй байлгана.
6.4Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь оролцогчдыг таньж мэдэх үүрэгтэй байх бөгөөд оролцогчдын тавьсан мөрий, бооцоо, хонжворт сугалаанаас олсон орлогын хэмжээ болон олгосон хонжвор, шагналтай холбоотой мэдээллийг таваас доошгүй жилийн хугацаанд хадгална.
6.5Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөрийтэй тоглоомоос шударгаар хожсон хонжворыг оролцогчид даруй олгоно.
6.6Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөрийтэй тоглоомонд оролцуулахгүй хүний жагсаалт хөтөлж болох бөгөөд хариуцлагатай тоглохыг дэмжих үүднээс оролцогч өөрөө, эсхүл түүний гэр бүлийн гишүүн хүсэлт гаргасан бол түүнийг мөрийтэй тоглоомонд оролцуулахгүй хүний жагсаалтад оруулна.
7 дугаар зүйлМөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд хориглох зүйл
7.1Хуульд өөрөөр заагаагүй бол мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
7.1.1насанд хүрээгүй хүнийг мөрийтэй тоглоом тоглоход оролцуулах;
7.1.2мөрийтэй тоглоомыг олон нийтэд сурталчлах;
7.1.3Зөвлөлийн баталсан бооцоот үйл явдлын жагсаалтад хамаарахгүй үйл явдал дээр бооцоот таавар зохион байгуулсан;
7.1.4хуульд заасан бусад.
7.2Энэ хуулийн 5.1-д заасан үйл ажиллагааг сургууль, цэцэрлэгийн орчинд явуулахгүй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
БООЦООТ ТААВАР ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
8 дугаар зүйлБооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрөл олгох, сунгах
8.1Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд 10 жилийн хугацаагаар олгоно.
8.2Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах бичиг баримтыг ирүүлнэ:
8.2.1тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
8.2.2улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
8.2.3аж ахуйн нэгжийн танилцуулга;
8.2.4хувьцаа эзэмшигчийн нэр, хаяг, эрхэлж байсан болон эрхэлж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний танилцуулга;
8.2.5аж ахуйн нэгжийг удирдах, төлөөлөх эрх бүхий этгээд болон эцсийн өмчлөгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, иргэний бүртгэлийн дугаар, намтар, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаар тодорхойлолт;
8.2.6харилцагч банкны тодорхойлолт;
8.2.7тусгай зөвшөөрөл хүсэгчийн энэ хуулийн 8.3-т заасан шаардлагыг хангаж ажиллах баталгаа;
8.2.8хүний нөөц, энэ хуулийн 9.4-т заасан шаардлагыг хангасан ажлын байрны талаарх мэдээлэл;
8.2.9зохион байгуулахаар төлөвлөсөн тоглоомын нэр, төрөл, тус бүрийн дүрэм;
8.2.10бооцооны төрөл, бооцоог өсгөх, алдах дүрэм, бооцооны хонжворыг олгох журам;
8.2.11татварын өргүй тухай татварын байгууллагын тодорхойлолт;
8.2.12үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дуу-дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулах төлөвлөгөө.
8.3Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид “бооцоот таавар зохион байгуулагч” гэх/ нь тусгай зөвшөөрлийн хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй, зөрчил гаргаагүй бол эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацаагаар сунгана.
8.4Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
8.5Бооцоот таавар зохион байгуулагч тусгай зөвшөөрлийн хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үүргээ ноцтой зөрчсөн, эсхүл хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг тогтоосон хугацаанд арилгаагүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
9 дүгээр зүйлБооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлага
9.1Бооцоот таавар зохион байгуулагч дараах шаардлагыг хангаж ажиллана:
9.1.1бооцоот таавар зохион байгуулах үйл ажиллагаа эрхлэхэд зохимжтой этгээдийн шалгуурыг хангасан байх;
9.1.2бооцоот тоглоом зохион байгуулагчийн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны байх;
9.1.3бооцоот таавар зохион байгуулах, бооцоо тооцоолохтой холбоотой дотоод хяналтын болон мэдээллийг хадгалах системтэй байх, аюулгүй байдлыг хангах зорилгоор үйл ажиллагаа явуулах ажлын байранд дуу-дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулах;
9.1.4бооцоот таавар зохион байгуулагч нь үйл ажиллагаагаа эрхлэхэд хүрэлцэхүйц хангалттай хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй байх;
9.1.5бооцоот таавар зохион байгуулагч нь Монгол Улсын арилжааны банкаар төлбөр тооцоо хийж, өдөр тутмын орлогоо байршуулах;
9.1.6цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байх.
9.2Бооцоот тааврыг зайнаас зохион байгуулах бол энэ хуулийн 9.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
9.2.1бооцоот тааврыг зайнаас зохион байгуулах бол зайнаас зохион байгуулах техникийн үзүүлэлт, вебсайтаар үйлчилгээ үзүүлэх, хувийн дугаар бүхий техник, тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг гаргаж өгөх;
9.2.2цахим бооцоот таавар зохион байгуулах сервер нь Монгол Улсад байршилтай байх, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах мэргэшсэн хүний нөөцтэй байх;
9.2.3бооцоот таавар зохион байгуулахад ашиглах мэдээлэл, технологийн дэд бүтцийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдлыг хангасан байна.
9.3Бооцоот таавар зохион байгуулагч нэг тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний өөрийн хөрөнгөтэй байна.
9.4Бооцоот таавар зохион байгуулагч бооцоот таавар зохион байгуулах үйл ажиллагааг явуулах өөрийн өмчийн ажлын байртай байх бөгөөд тус ажлын байрыг зориулалтын дагуу тохижуулсан байна.
9.5Бооцоот тааврыг зохион байгуулах үйл явдал нь Зөвлөлийн баталсан жагсаалтад заасан үйл явдал байна.
9.6Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох болон бооцоот таавар зохион байгуулах үйл ажиллагаа явуулахад тавигдах нөхцөл, шаардлагыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хангаж байгаа эсэхэд хяналт тавих журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.7Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүн, 14 насанд хүрээгүй хүний оролцсон үйл явдал дээр бооцоот таавар зохион байгуулахгүй.
9.8Бооцоот таавар зохион байгуулагч нь бусдын зохион байгуулж байгаа үйл явдлын үр дүнгийн талаар бооцоот таавар зохион байгуулах бол түүнтэй харилцан тохиролцох үүрэгтэй бөгөөд бусдын оюуны өмчийн эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй.
10 дугаар зүйлБооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
10.1Бооцоот таавар зохион байгуулагч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, хуульд заасан үүргээ зөрчсөн бол Зөвлөл тухайн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлнэ.
10.2Бооцоот таавар зохион байгуулагч нь татварын өр төлөх эцсийн хугацааг нэг ба түүнээс дээш жилийн хугацаанд хэтрүүлсэн тохиолдолд татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Зөвлөлд хүргүүлнэ. Энэ тохиолдолд Зөвлөл бооцоот тааврын тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлнэ.
10.3Бооцоот таавар зохион байгуулагч Зөвлөлийн өгсөн албан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлнэ. Бооцоот тааврын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгаагүй нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.
10.4Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл болсон зөрчлийг бооцоот таавар зохион байгуулагч тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд арилгасан бол Зөвлөл тусгай зөвшөөрлийг сэргээнэ.
10.5Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд бооцоот тааврын үйл ажиллагааг зогсоох бөгөөд үүнд Зөвлөл хяналт тавина.
11 дүгээр зүйлБооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
11.1Эрх бүхий этгээд Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна дараах тохиолдолд бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
11.1.1татвараа энэ хуулийн 10.2-т заасан хугацаанд төлөөгүй;
11.1.2бооцоот үйл явдал, бооцоот тааврын үр дүнд бооцоот таавар
11.2Энэ хуулийн 11.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлтийг эрх бүхий этгээдэд хүргүүлж шийдвэрлүүлнэ.
11.3Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХОНЖВОРТ СУГАЛАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
12 дугаар зүйлХонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрөл олгох, сунгах
12.1Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд 10 жилийн хугацаагаар олгоно.
12.2Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах бичиг баримтыг ирүүлнэ:
12.2.1тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
12.2.2улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
12.2.3хуулийн этгээдийн танилцуулга;
12.2.4хонжворт сугалааны нөхцөл буюу үйл ажиллагаа эрхлэх төсөл;
12.2.5хуулийн этгээдийг удирдах, төлөөлөх эрх бүхий этгээдийн эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, иргэний бүртгэлийн дугаар, намтар, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаар тодорхойлолт;
12.2.6харилцагч банкны тодорхойлолт;
12.2.7тусгай зөвшөөрөл хүсэгчийн энэ хуулийн 12.3-т заасан шаардлагыг хангаж ажиллах баталгаа;
12.2.8хүний нөөц, энэ хуулийн 13.4-т заасан шаардлагыг хангасан ажлын байрны талаарх мэдээлэл;
12.2.9хонжворт сугалаанаас олсон орлогыг хуваарилах норматив;
12.2.10хонжворт сугалааны тасалбар, эсхүл сугалааны нөхцөлөөр тохирсон бусад баримт бичгийн загвар, түүнд тавигдах шаардлага, түүн дээр буулгасан бичиг, тэмдгийн нууцлал, хонжворт сугалааны тасалбарыг дууриалган хуулбарлахаас сэргийлэх арга;
12.2.11хонжворыг олгох, төлөх үед сугалааны тасалбарыг шалгах, магадлах дүрэм;
12.2.12сугалааны тасалбар борлуулах зах зээлийн судалгаа, сугалааны орлогын урьдчилсан тооцоо, сугалаа зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн талаарх мэдээлэл;
12.2.13хонжворт сугалаа зохион байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, сугалааны тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүдийн талаарх мэдээлэл;
12.2.14тараагдсан болон тараагдаагүй сугалааны тасалбарыг бүртгэх журам;
12.2.15тараагдаагүй сугалааны тасалбарыг хураан авах, хадгалах, устгах журам;
12.2.16азтан тодруулах, азтанд хонжворыг хүлээлгэн өгөх журам;
12.2.17хонжворт сугалааг зайнаас зохион байгуулах бол энэ хуулийн 12.2.4-т заасан төсөлд энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.5-д заасан этгээдтэй хийсэн гэрээг хавсаргах;
12.2.18татварын өргүй тухай татварын байгууллагын тодорхойлолт;
12.2.19үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дуу-дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулах төлөвлөгөө.
12.3Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид “хонжворт сугалаа зохион байгуулагч” гэх/ тусгай зөвшөөрлийн хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй, зөрчил гаргаагүй бол эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийг олгосон хугацаагаар сунгана.
12.4Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
12.5Хонжворт сугалаа зохион байгуулагч тусгай зөвшөөрлийн хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үүргээ ноцтой зөрчсөн, эсхүл хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг тогтоосон хугацаанд арилгаагүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
13 дугаар зүйлХонжворт сугалаа зохион байгуулагчид тавигдах нөхцөл, шаардлага
13.1Хонжворт сугалаа нь дараах төрөлтэй байна:
13.1.1хонжворт сугалаанаас азтан болсон эсэхээ сугалааны тасалбар худалдан авсан даруй мэдэж, хонжвороо авах боломжтой сугалаа;
13.1.2тогтоосон хонжворт сугалааны тохирол болох өдөр сугалааны азтанг шалгаруулснаар хонжвороо авах боломжтой болох сугалаа;
13.1.3энэ хуулийн 13.1.1 болон 13.1.2-т заасан сугалааны аль алины шинжийг агуулсан сугалаа.
13.2Хонжворт сугалаа зохион байгуулагч нь дараах шаардлагыг хангаж ажиллана:
13.2.1сугалааны тасалбарын борлуулалтын нийт орлогын 55-аас доошгүй хувийг сугалааны хонжворт олгох;
13.2.2хонжворт сугалаанд оролцогчдоос төвлөрүүлсэн орлогын 35 хувиас доошгүй мөнгөн хөрөнгийг хонжворт сугалаа зохион байгуулагч хонжворт сугалааны азтан тодорч, хонжворыг олготол банкны тусгайлсан дансанд байршуулах;
13.2.3олон улсын стандартад нийцсэн, үйлдвэрийн баталгаа бүхий сугалааны азтан тодруулах зориулалтын тоног төхөөрөмж, программ хангамжаар хангагдсан байх;
13.2.4хонжворт сугалаа зохион байгуулагчийн нэр, хаяг болон сугалааны танилцуулга, энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан дүрэм, сугалааны тасалбарын үнэ, тоо ширхэг зэрэг мэдээллийг өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт сонирхсон этгээд танилцаж болохуйцаар ил байрлуулах;
13.2.5цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байх.
13.3Хонжворт сугалаа зохион байгуулагч нь 500 сая төгрөгөөс доошгүй хэмжээний өөрийн хөрөнгөтэй байна.
13.4Хонжворт сугалаа зохион байгуулагч хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагааг явуулах өөрийн өмчийн ажлын байртай байх бөгөөд тус ажлын байрыг зориулалтын дагуу тохижуулсан байна.
13.5Хонжворт сугалаа зохион байгуулагч өөрөө, эсхүл хөрөнгө хариуцах чадвартай итгэмжлэгдсэн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр сугалааны тасалбарыг борлуулна.
13.6Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох болон хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагаа явуулахад тавигдах нөхцөл, шаардлагыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хангаж байгаа эсэхэд хяналт тавих журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
14 дүгээр зүйлХонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
14.1Хонжворт сугалаа зохион байгуулагч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, хууль тогтоомжид заасан үүргээ зөрчсөн бол Зөвлөл тухайн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлнэ.
14.2Хонжворт сугалаа зохион байгуулагч нь татварын өр төлөх эцсийн хугацааг нэг ба түүнээс дээш жилийн хугацаанд хэтрүүлсэн тохиолдолд татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Зөвлөлд хүргүүлнэ. Энэ тохиолдолд Зөвлөл хонжворт сугалааны тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлнэ.
14.3Хонжворт сугалаа зохион байгуулагч Зөвлөлийн өгсөн албан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлнэ. Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгаагүй нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.
14.4Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл болсон зөрчлийг хонжворт сугалаа зохион байгуулагч тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд арилгасан бол Зөвлөл тусгай зөвшөөрлийг сэргээнэ.
14.5Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд хонжворт сугалааны үйл ажиллагааг зогсоох бөгөөд үүнд Зөвлөл хяналт тавина.
15 дугаар зүйлХонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
15.1Эрх бүхий этгээд Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна дараах тохиолдолд хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
15.1.1татвараа энэ хуулийн 14.2-т заасан хугацаанд төлөөгүй;
15.1.2хонжворт сугалааны үр дүнд хонжворт сугалаа зохион байгуулагч шударга бусаар нөлөөлсөн, эсхүл хонжворт сугалааны тохирлыг шударга бусаар шалгаруулсан нь тогтоогдсон.
15.2Энэ хуулийн 15.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлтийг холбогдох байгууллага эрх бүхий этгээдэд хүргүүлж шийдвэрлүүлнэ.
15.3Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
ТАВДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ, ОРОЛЦОГЧ
16 дугаар зүйлТусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг
16.1Энэ хуулийн 5.1.3, 5.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрхтэй байна:
16.1.1хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажилласан бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах;
16.1.2Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан бусад.
16.2Энэ хуулийн 5.1.3, 5.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах үүрэгтэй байна:
16.2.1оролцогчийн эрх ашгийг зохих ёсоор хамгаалж, бооцоот таавар болон хонжворт сугалааг оролцогчид шударга, ойлгомжтойгоор зохион байгуулах;
16.2.2оролцогчтой гэрээ, хэлцэл байгуулахаас өмнө эрсдэлийн талаарх мэдээллийг ойлгомжтойгоор мэдэгдэх;
16.2.3хонжворыг оролцогчид даруй олгох;
16.2.4бооцоот таавар, хонжворт сугалаанд зээлээр оролцуулахгүй байх, оролцогчийн хөрөнгө, бичиг баримтыг барьцаалж тоглуулахгүй байх;
16.2.5оролцогчийн бичиг баримтыг шалгах, таньж мэдэх;
16.2.6жил бүр хөндлөнгийн аудитын байгууллагаар санхүүгийн аудит хийлгэх;
16.2.7оролцогчийн гомдлыг шийдвэрлэж, хариу өгөх;
16.2.8анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа өөрийн хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжих;
16.2.9энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл шаардлагыг үйл ажиллагаандаа байнга хангаж ажиллах.
17 дугаар зүйлБооцоот таавар, хонжворт сугалаанд оролцогч
17.1Бооцоот таавар, хонжворт сугалааны оролцогч нь 18 насанд хүрсэн байна.
17.2Оролцогч нь зохион байгуулагчаас мэдээлэл, тайлбар авах, бооцоо, хонжворын талаарх гомдлоо зохион байгуулагчид, эсхүл Зөвлөлд гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй байна.
17.3Бооцоот үйл явдлын талаар дотоод мэдээлэл эзэмшигч этгээд өөрөө, эсхүл бусад этгээдээр дамжуулан бооцоот тааварт оролцохыг хориглоно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗӨВЛӨЛ
18 дугаар зүйлМөрийтэй тоглоомын асуудал хариуцсан зөвлөл
18.1Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулах ажлыг улсын хэмжээнд мөрийтэй тоглоомын асуудал хариуцсан зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ зохион байгуулна.
18.2Зөвлөл нь энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг нь хангуулах чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
18.3Зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн гишүүнийг санхүүгийн, шударга өрсөлдөөн, аялал жуулчлалын болон цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тус тус санал болгосноор Засгийн газар дөрвөн жилийн хугацаагаар томилно.
18.4Зөвлөлийн даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар дөрвөн жилийн хугацаагаар томилно.
18.5Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална.
18.6Зөвлөлийн дарга, гишүүдийг үүргээ гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэх, Зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах чиг үүрэг бүхий орон тооны ажлын албатай байна. Зөвлөлийн ажлын албаны орон тооны дээд хязгаарыг Засгийн газар батална.
18.7Зөвлөлийн ажлын алба /цаашид “Ажлын алба” гэх/-ны бүтцэд улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана. Зөвлөлийн дарга улсын ерөнхий байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг томилж, чөлөөлнө.
18.8Улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч тус тус олгоно.
18.9Зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд хурлын шийдвэр нь тогтоол, зөвлөмж хэлбэртэй байна. Шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн дарга ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж болно.
18.10Зөвлөлийн дарга, гишүүнд урамшуулал олгоно. Урамшууллын хэмжээг Засгийн газар тогтооно.
18.11Зөвлөл улсын хэмжээнд мөрийтэй тоглоомын нөхцөл байдал, түүний сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашдын төлөв байдлын талаар нэгдсэн тайланг Засгийн газарт жил бүр танилцуулна.
18.12Зөвлөл нь тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
19 дүгээр зүйлЗөвлөлийн дарга, гишүүнд тавигдах шаардлага
19.1Зөвлөлийн дарга, гишүүн дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн байна:
19.1.1хууль зүйн, эсхүл санхүүгийн өндөр мэргэшилтэй;
19.1.2сүүлийн хоёр жил төрийн улс төрийн албан тушаал эрхлээгүй;
19.1.3мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагатай хамаарал бүхий этгээд биш байх, ашиг сонирхлын зөрчилгүй байх;
19.1.4сүүлийн хоёр жилийн байдлаар мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын хувьцаа эзэмшигч, ажилтан байгаагүй байх.
19.2Зөвлөл нь хуульд заасан чиг үүргээ хараат бусаар, бие даан хэрэгжүүлнэ.
20 дугаар зүйлЗөвлөлийн чиг үүрэг
20.1Зөвлөл нь мөрийтэй тоглоомын үйл ажиллагаатай холбоотойгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
20.1.1хуульд заасан бол тусгай зөвшөөрөл хүсэгч зохих шаардлага шалгуурыг хангаж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргах;
20.1.2оролцогчоос цаасаар болон цахимаар гомдол хүлээн авах, шийдвэрлэх, эсхүл харьяаллын дагуу гомдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
20.1.3тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон хуульд заасан үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
20.1.4ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, дүрмийг хэлэлцэж батлах;
20.1.5энэ хууль болон холбогдох бусад хуульд заасан дүрэм, журмыг баталж мөрдүүлэх;
20.1.6хуульд заасан бусад.
20.2Бооцоот таавар зохион байгуулж болох үйл явдлын нэр төрлийн жагсаалт, бооцоот тааврын дүрэм боловсруулахад баримтлах зарчим, бооцооны дээд хэмжээг Зөвлөл батална.
20.3Зөвлөл нь мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах зохимжтой этгээдийн шалгуурыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн батална.
20.4Иргэнээс өргөдөл, гомдол ирүүлсэн бол казино, бооцоот морин уралдаан, бооцоот таавар, хонжворт сугалаа зохион байгуулахад ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, программ хангамжид тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зардлаар хөндлөнгийн шалгалт хийлгэж болно.
21 дүгээр зүйлБооцоот таавар, хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт
21.1Ажлын албаны бүтцэд харьяалагдах улсын байцаагч бооцоот таавар, хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус, эсхүл гүйцэтгэлийн хяналт шалгалт хийнэ.
21.2Бооцоот таавар, хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагааны талаар иргэн, хуулийн этгээдээс гомдол ирсэн тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлсэн хугацаатай албан шаардлагын биелэлтийг шалгах зорилгоор гүйцэтгэлийн хяналт шалгалт хийнэ.
21.3Улсын байцаагч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.3.1энэ хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
21.3.2хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үнэ төлбөргүй гаргуулан авах;
21.3.3хяналт шалгалт хийх обьектод саадгүй нэвтрэн орох, хяналт шалгалтын явцад зөрчлийн ул мөр, нотлох баримт цуглуулах, зөрчлийн талаарх ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор шалгагдаж байгаа этгээдийн бие, албан тасалгаа, бичиг баримт, компьютер, эд зүйлд үзлэг хийх, шаардлагатай баримт материал, эд зүйлийг түр хураан авах;
21.3.4бооцоот тоглоомын үйл ажиллагааны явцын хяналтын дуу, дүрс, бичлэгийг шалгах;
21.3.5хяналт шалгалтын явцад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл илэрсэн бол энэ тухай тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд дүгнэлт хүргүүлэх;
21.3.6хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
БУСАД
22 дугаар зүйлБооцоот таавар, хонжворт сугалааны хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
22.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
22.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
23 дугаар зүйлШилжилтийн үеийн зохицуулалт
23.1Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эд мөнгөний хонжворт сугалаа гаргах, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор энэ хуульд заасан шаардлагыг хангаж, тусгай зөвшөөрлөө шинээр авах тухай хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргана.
23.2Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эд мөнгөний хонжворт сугалаа гаргах, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь энэ хуулийн 23.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлөө шинээр авах тухай хүсэлт гаргаагүй бол энэ хуульд заасан эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу хүчингүй болгоно.
24 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
24.1Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

цахим эх хувь
(БТХС-ны тухай хуулийн төсөл-цахим эх хувь .pdf)
Тандан судалгаа
(Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийн зардлын тооцооны тайлан.pdf)
Үр нөлөөний үнэлгээний тайлан
(Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээний тайлан.pdf)
Үзэл баримтлал
(ҮБ-бооцоо, сугалаа үзэл баримтлал 05.24 (2).docx)
Танилцуулга
(Бооцоо, сугалаа ТХ-Танилцуулга 10.25_1671702576.docx)
Хуулийн төсөл
(Бооцоо, сугалаа -хуулийн төсөл.docx)
хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд
(Дагасан хуулийн төсөл.docx)