Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 5-Р САРЫН 13 ӨДӨР
УЛААНБААТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/8 дугаар зүйлийн 8.1.27 дахь заалт:
“8.1.27.хууль сурталчлан таниулах.”
2/8 дугаар зүйлийн 8.3-8.13 дахь хэсэг:
“8.3.Гишүүн энэ хуулийн 21.19-д зааснаас бусад тохиолдолд саналаа биечлэн өгнө.
8.4.Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн үзэл баримтлалыг алдагдуулахгүй байх зорилгоор төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төсөл санаачлагч, хамтран санаачилсан бол төлөөлөх гишүүнийг оролцуулж болно.
8.5.Гишүүн хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхээ шударгаар хэрэгжүүлэхэд чиглэсэн гишүүний баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмээр тогтооно.
8.6.Ээлжит чуулганы хугацаанд гишүүний ирц, саналаа биечлэн өгсөн байдал, чуулганы хуралдаанд асуулт асуусан, үг хэлсэн тоо, дотоод, гадаад албан томилолт, хууль тогтоомжийн төсөл санаачилсан, хамтран санаачилсан, ажлын хэсэг ахалсан, бүрэлдэхүүнд нь ажилласан, хянан шалгах үйл ажиллагаанд оролцсон байдал болон хууль тогтоомжийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй санал, энэ хуульд заасан хариуцлага хүлээсэн эсэх талаарх мэдээллийг бодит цагийн горимоор олон нийтэд ил тод, тогтмол мэдээлнэ.
8.7.Гишүүн энэ хуулийн 8.1.21-д заасныг зөрчсөн бол:
8.7.1.хуралдааны дэг зөрчсөн үйлдэлд хуралдаан даргалагч дараах хариуцлага хүлээлгэнэ:
8.7.1.a.сануулах;
8.7.1.б.тухайн асуудал, эсхүл тухайн хуралдаанд асуулт асуух, үг хэлэх эрх хасах.
8.7.2.энэ хуулийн 8.5-д заасан гишүүний хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд чиглэсэн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн үйлдэлд энэ хуулийн 8.6-д заасан ирц, саналаа биечлэн өгсөн байдлын мэдээллийг үндэслэн Ёс зүйн дэд хороо дараах хариуцлага хүлээлгэнэ:
8.7.2.а.30 хүртэл хоногоор хуралдаанд асуулт асуух, үг хэлэх эрх хасах;
8.7.2.б.уучлалт гуйхыг үүрэг болгох;
8.7.2.в.албан тушаалын цалинг 20 хувиар 3 сар хүртэл хугацаагаар бууруулах;
8.7.2.г.гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын цалингийн зардлаас бусад энэ хуулийн 42.1-д заасан гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх.
8.8.Хуралдаан даргалагч энэ хуулийн 8.7.1-д заасан хариуцлагыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хүлээлгэнэ. Ёс зүйн дэд хороо энэ хуулийн 8.7.2-т заасан хариуцлага хүлээлгэх тогтоол гаргана.
8.9.Ёс зүйн дэд хороо энэ хуулийн 8.7.2-т заасны дагуу хуралдах нөхцөл үүссэн бол ажлын 5 өдөрт багтаан тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
8.10.Гишүүн ажлын хэсэг, хянан шалгах түр хорооны хуралдаан тасалсан бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу түүнийг ажлын хэсэг, хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс хасна.
8.11.Ёс зүйн дэд хороо гишүүнд энэ хуулийн 8.7.2.г-д заасан хариуцлага хүлээлгэсэн бол түүнд хариуцлага хүлээлгэсэн сарын санхүүжилтийг нөхөн олгохгүй.
8.12.Энэ хуулийн 8.7-д заасан хариуцлагыг дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй.
8.13.Төрийн байгуулалтын байнгын хороо энэ хуулийн 8.6-д заасан мэдээллийг бүртгэх, мэдээлэх журмыг Ёс зүйн дэд хорооны саналаар батална.”
3/21 дүгээр зүйлийн 21.32 дахь хэсэг:
“21.32.Хуралдаан даргалагч энэ хуулийн 21.31-д заасан парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан этгээдэд холбогдох хариуцлага хүлээлгэхээр томилох эрх бүхий этгээдэд албан бичиг илгээнэ. Томилох эрх бүхий этгээд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх хариуг хуралдаан даргалагчид ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснийг хуралдаан даргалагч хуралдаанд уншиж танилцуулна.”
4/25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэг:
“25.8.Байнгын хорооны даргыг дахин болон улируулан сонгох бол энэ хуулийн 8.6-д заасан оролцоог харгалзан сонгоно.”
5/27 дугаар зүйлийн 27.15-27.17 дахь хэсэг:
“27.15.Дэд хорооны бүрэлдэхүүнд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орохгүй.
27.16.Дэд хорооны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг холбогдох Байнгын хорооны үйл ажиллагааны зардлаас санхүүжүүлнэ.
27.17.Дэд хорооны дарга долоо ба түүнээс дээш хоногоор түр эзгүй байх тохиолдолд түүний саналыг харгалзан Улсын Их Хурлын даргын захирамжаар үүргийг нь дэд хорооны аль нэг гишүүнд орлуулан гүйцэтгүүлнэ. Хэрэв долоогоос доош хоногоор эзгүй байх тохиолдолд дэд хорооны дарга албан үүргээ өөр гишүүнд түр хариуцуулна.”
6/29 дүгээр зүйлийн 29.15 дахь хэсэг:
“29.15.Бүлгийн даргыг шинээр сонгосон бол энэ талаарх бүлгийн шийдвэрийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснийг ажлын 5 өдрийн дотор Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд уншиж сонсгосноор шинээр сонгогдсон бүлгийн даргын эрх, үүрэг хэрэгжиж эхэлнэ.”
7/30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсэг:
“30.6.Бүлгийн дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
30.6.1.бүлгийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хуралдаан удирдах;
30.6.2.бүлгийг төлөөлж энэ хуулийн 30.1.5-д заасан завсарлага авах бөгөөд түүний эзгүйд бүлгийн аль нэг дэд дарга уг эрхийг хэрэгжүүлэх;
30.6.3.энэ хуулийн 30.1.9-д заасан ажлын хэсэг байгуулах;
30.6.4.энэ хуулийн 30.1.12-т заасан горимын санал гаргах;
30.6.5.Улсын Их Хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг хангах хүрээнд хэлэлцэж байгаа аливаа асуудлаар Улсын Их Хурал дахь улс төрийн зөвшилцлийг хангах арга хэмжээ авах;
30.6.6.Байнгын, дэд бүрэлдэхүүнд орохоор гишүүний гаргасан хүсэлтийг энэ хуулийн 8.6-д заасан оролцоог харгалзан энэ хуулийн 30.1.6-д заасны дагуу шийдвэрлэх;
30.6.7.энэ хуулийн 30.1.7-д заасан тайланг жил бүр бүлгийн хуралдаанд танилцуулах;
30.6.8.энэ хуулийн 30.1.8-д заасны дагуу хуралдааны ирцийг хангах, хуралдааны дэгийг чанд сахиулах.”
8/39 дүгээр зүйлийн 39.3.6-39.3.8 дахь заалт:
“39.3.6.нийтийн өргөдлийн цахим системд байршуулж санал авч байгаа нийтийн өргөдөлтэй агуулга нь давхцсан;
39.3.7.энэ хуулийн 39.5-д заасан тоонд хүрч, Байнгын хороо хэлэлцэж эхэлсэн нийтийн өргөдөлтэй агуулга нь давхцсан;
39.3.8.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр баталсан төсвийн орлогын доод, зарлагын дээд хэмжээнд нөлөөлөхүйц нийтийн өргөдөл.”
9/39 дүгээр зүйлийн 39.8, 39.9 дэх хэсэг:
“39.8.Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл улс орны нийгэм, эдийн засаг, эсхүл цаг үеийн шинжтэй хэлэлцэж байгаа хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын цахим хуудас, төрийн үйлчилгээний нэгдсэн систем, харилцаа холбооны хэрэгслээр иргэдээс санал авах ажлыг зохион байгуулж болно.
39.9.Нийтийн өргөдлийг цахим системээр хүлээн авахтай холбоотой журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.”
10/44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг:
“44.2.Гишүүн энэ хуулийн 41.2, 44.1.11-д заасан чуулганы хуралдаанд, эсхүл хуралдаанаас гадуур бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, доромжилсон бол иргэний маргааны журмаар шүүхэд хандаж болно.”
11/46 дугаар зүйлийн 46.5.25 дахь заалт:
“46.5.25.Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн ач холбогдол, үр нөлөөг иргэдэд зориулан энгийн, ойлгомжтой, богино хэмжээний дүрс, бичгэн болон зурган зэрэг хүртээмжтэй хэлбэрээр бэлтгэх;”
12/48 1 дүгээр зүйл:
“48 1 дүгээр зүйл.Улсын Их Хурлын дэргэдэх хүрээлэн
48 1 .1.Улсын Их Хурлын үйл ажиллагааг дэмжих зорилгоор хууль тогтоох болон төрийн бодлогын асуудлаар судалгаа, шинжилгээ хийх, холбогдох баримт мэдээлэл бэлтгэх, парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх чиг үүрэг бүхий хүрээлэн Улсын Их Хурлын дэргэд ажиллана.
48 1 .2.Хүрээлэнгийн дүрэм, бүтэц, орон тоог Улсын Их Хурлын дарга батлах бөгөөд хүрээлэнгийн албан хаагчийн албан тушаалын ангилал зэрэглэл, цалингийн хэмжээг энэ хуулийн 46.7, 46.8-д заасны дагуу тогтооно.”
2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийн “ил тод” гэсний дараа “, эргэх холбоотой, хүртээмжтэй” гэж, 8 дугаар зүйлийн 8.1.9 дэх заалтын “томьёоллоо” гэсний дараа “хуулийн шаардлагад нийцүүлэн томьёолж,” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “дэвшүүлэн,” гэсний дараа “ийнхүү дэвшүүлсэнээс хойш 5 хоногийн дотор” гэж, мөн зүйлийн 14.4.2 дахь заалтын “хяналт тавих” гэсний дараа “, нэгдсэн хуралдааны ирцийг бүрдүүлэх” гэж, 21 дүгээр зүйлийн 21.20 дахь хэсгийн “мэтгэлцээн явуулна.” гэсний дараа “Мэтгэлцээн явуулах журмыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар тогтооно.” гэж, 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтын “хуралдааны” гэсний дараа “ирцийг бүрдүүлж,” гэж, мөн зүйлийн 26.1.5 дахь заалтын “тайлагнах” гэсний дараа “бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад үед нэгдсэн хуралдаанд заавал оролцож Байнгын хорооны эрхлэх асуудалтай холбоотой асуултад хариулах” гэж, 27 дугаар зүйлийн 27.7 дахь хэсгийн “халдашгүй байдлын” гэсний дараа “болон Ёс зүйн” гэж, мөн зүйлийн 27.8 дахь хэсгийн “саналыг баримтална.” гэсний дараа “Ёс зүйн дэд хороо есөн гишүүнтэй байх бөгөөд бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын дэд дарга нар заавал орно.” гэж, мөн зүйлийн 27.10 дахь хэсгийн “сонгоно.” гэсний дараа “Ёс зүйн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын аль нэг дэд даргыг дэд хорооны гишүүд дотроосоо сонгоно.” гэж, мөн зүйлийн 27.11 дэх хэсгийн “сонгож болно.” гэсний дараа “Дэд хорооны даргыг улируулан сонгохдоо энэ хуулийн 8.5-д заасан оролцоог харгалзан сонгоно. Дэд хорооны дарга хуралдааны ирцийг бүрдүүлж, бэлтгэлийг хангаж, зохион байгуулах, хуралдаан удирдах болон холбогдох Байнгын хороонд ажлаа хариуцан тайлагнах үндсэн чиг үүрэгтэй.” гэж, Зургадугаар бүлгийн гарчгийн “ИЛ ТОД” гэсний дараа “, ХҮРТЭЭМЖТЭЙ” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/8 дугаар зүйлийн 8.1.26 дахь заалт:
“8.1.26.ээлжит чуулганы хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлангаа нийтэд ил тод мэдээлэх;”
2/11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг:
“11.3.Улсын Их Хурлын даргыг сонгохтой холбогдуулан нэгдсэн хуралдаанд гишүүн нэр дэвшигч болон нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгээс асуулт асууж, үг хэлж болно. Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлаар ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно.”
3/21 дүгээр зүйлийн 21.21 дэх хэсэг:
“21.21.Байнгын хороогоор хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлэг явуулах үед шаардлагатай гэж үзвэл хуралдааныг мэтгэлцээний горимд шилжүүлнэ.”
4/22 дугаар зүйлийн 22.3.6 дахь заалт:
“22.3.6.энэ хуулийн 22.3.4, 22.3.5-д заасан хянан шалгах ажлын мөрөөр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, биелэлтийг хангуулах болон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулах;”
5/22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэг:
“22.6.Улсын Их Хурал дараах Байнгын хороотой байна:
22.6.1.Аюулгүй байдал, гадаад бодлогын;
22.6.2.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн;
22.6.3.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын;
22.6.4.Өргөдлийн;
22.6.5.Төрийн байгуулалтын;
22.6.6.Төсвийн;
22.6.7.Хууль зүй, хүний эрхийн;
22.6.8.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн;
22.6.9.Цахим хөгжил, хиймэл оюуны бодлогын;
22.6.10.Эдийн засгийн;
22.6.11.Эрүүл мэнд, нийгмийн бодлогын.
6/23 дугаар зүйл:
“23 дугаар зүйл.Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээ
23.1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.1.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал;
23.1.2.Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчин;
23.1.3.улсын хил хамгаалалтын бодлого, хэрэгжилт;
23.1.4.төрийн нууцын хадгалалт, хамгаалалт;
23.1.5.гадаад бодлого;
23.1.6.гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудал;
23.1.7.Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улс олон улсын байгууллагад элсэх тухай асуудал;
23.1.8.цөмийн энерги ашиглах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого;
23.1.9.хилийн боомт, чөлөөт бүс байгуулах асуудал.
23.2.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.2.1.газрын хэвлийн баялагаас бусад байгалийн баялаг;
23.2.2.улсын тусгай хамгаалалттай газар;
23.2.3.геологи, уул уурхайн холбогдолтой эрэл, хайгуул, ашиглалтын ажилд тавих байгаль орчны хяналт;
23.2.4.агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал;
23.2.5.цаг уур, орчны хяналтын асуудал;
23.2.6.гүний болон гадаргын усны бодлого, нөөц, усны бохирдол;
23.2.7.хог хаягдал, дахин боловсруулалт;
23.2.8.байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцлийг хангах асуудал;
23.2.9.байгаль орчны судалгаа, хөгжил;
23.2.10.ан агнуур.
23.3.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.3.1.боловсрол;
23.3.2.биеийн тамир, спорт;
23.3.3.монгол хэл, бичиг, үндэсний цөөнхийн хэл, бичиг, ёс заншил;
23.3.4.мэргэжлийн боловсрол, сургалт;
23.3.5.соёл, урлаг;
23.3.6.түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого;
23.3.7.шинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний бодлого;
23.3.8.инновацын дэд бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг хөгжүүлэх бодлого.
23.4.Өргөдлийн байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.4.1.иргэн, байгууллагаас Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, бусад хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд хамаарах Улсын Их Хурал, түүний Байнгын, дэд хороо, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, дүн шинжилгээ хийх, байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл авах, түүнчлэн хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг арилгуулах бодлогын асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх саналыг нэгдсэн хуралдаанд оруулах;
23.4.2.нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар цахим хэлбэрээр гаргасан иргэдийн өргөдлийг холбогдох Байнгын хороотой хамтран хэлэлцэх;
23.4.3.иргэн, байгууллагаас ирүүлсэн өргөдөл Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, бусад хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд хамаарах эсэхийг хянан үзэж, хамаарахгүй өргөдлийг хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагад шийдвэрлүүлэхээр шилжүүлэх;
23.4.4.хүний хувийн мэдээлэлд хамаарах асуудлаар иргэнээс гаргасан өргөдлийг судлан шаардлагатай бол Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Засгийн газар, холбогдох бусад байгууллагад албан бичгээр хандах;
23.4.5.өргөдөл, гомдол хүлээн авах, бүртгэх, ангилах, гишүүндээ хуваарилах, цахим систем ажиллуулах талаар дотоод зохион байгуулалтын журам батлах.
23.5.Төрийн байгуулалтын байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.5.1.Монгол Улсын Үндсэн хуулийн шинэтгэлийн асуудал;
23.5.2.төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх дээд байгууллага, Ерөнхийлөгчийн асуудал;
23.5.3.Монгол Улсын Үндсэн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Үндсэн хуулийн цэцийн гишүүний улс төрийн өндөр мэргэшилтэй эсэх асуудал;
23.5.4.засаг захиргааны шинэтгэл, төвлөрлийг сааруулах бодлого;
23.5.5.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, хот, тосгоны Зөвлөл, Захирагчийн сонгууль;
23.5.6.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хилийн цэс, хот, тосгоны эрх зүйн үндэс;
23.5.7.нутгийн өөрөө удирдах ёс;
23.5.8.төрийн алба;
23.5.9.төрийн бэлгэ тэмдэг, төрийн дуулал;
23.5.10.ард нийтийн санал асуулга;
23.5.11.төр, сүм хийдийн харилцаа;
23.5.12.хэвлэл мэдээллийн хараат бус байдал;
23.5.13.төрийн бус байгууллага, улс төрийн нам;
23.5.14.Улсын Их Хурлын хууль тогтоомж;
23.5.15.гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх, түүний баталгаа;
23.5.16.бүсчилсэн хөгжлийн бодлого;
23.5.17.гишүүний ёс зүй, сахилга, гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг;
23.5.18.Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэх гишүүний чуулганы ажиллагаанд оролцох асуудал;
23.5.19.чуулганы хуралдааны дэг болон дэг сахиулах асуудал;
23.5.20.төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын бодлого.
23.6.Төсвийн байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.6.1.улсын нэгдсэн төсөв;
23.6.2.улсын төсвийн орлого, зарлага, төсвийн хяналт;
23.6.3.төрийн санхүү, зээл, тусламжийн болон татварын бодлого;
23.6.4.Засгийн газрын тусгай сангийн нэгдсэн бодлого;
23.6.5.Улсын Их Хурлын төсвийн төлөвлөлт;
23.6.6.гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, хэлцэл;
23.6.7.аудитын асуудал;
23.6.8.төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газраас гаргах үнэт цаасны тухай асуудал.
23.7.Хууль зүй, хүний эрхийн байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.7.1.Үндсэн хуулийн дэг журам, иргэний үндсэн эрх, эрх чөлөө, эрх зүйн бодлого;
23.7.2.хүний эрх, түүний баталгаа;
23.7.3.гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого;
23.7.4.хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс, ялын бодлого;
23.7.5.шүүх эрх мэдлийн эрх зүйн үндэс, хараат бус байдлыг хангах асуудал;
23.7.6.хууль сахиулах, мөрдөн шалгах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын үйл ажиллагаа;
23.7.7.нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн үндэс;
23.7.8.эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаан, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа;
23.7.9.өршөөл үзүүлэх асуудал;
23.7.10.патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг;
23.7.11.цагаачлал, иргэний харьяалал;
23.7.12.архив;
23.7.13.эрх зүйн туслалцаа;
23.7.14.иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл;
23.7.15.улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах асуудал;
23.7.16.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эрх зүйн байдал, үйл ажиллагааны журам, гишүүний томилгоо.
23.8.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.8.1.бэлчээр, тариалангийн газрын бодлого;
23.8.2.хүнсний хангамж, баталгаат байдал, хүнсний үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт;
23.8.3.жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого;
23.8.4.хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого;
23.8.5.хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн логистик, дэд бүтэц;
23.8.6.үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн бодлого;
23.8.7.хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал;
23.8.8.хөдөөгийн хөгжлийн бодлого;
23.8.9.газар тариалан, мал аж ахуй, үрийн аж ахуйн бодлого;
23.8.10.газар тариалан, малын даатгалын бодлого;
23.8.11.малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах.
23.9.Цахим хөгжил, хиймэл оюуны бодлогын байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.9.1.дижитал шилжилт, техник, технологийн шинэчлэл;
23.9.2.цахим дэд бүтэц;
23.9.3.мэдээллийн технологийн хөгжил;
23.9.4.шуудан, харилцаа холбооны бодлого, үйл ажиллагаа;
23.9.5.хиймэл оюуны хөгжил;
23.9.6.хиймэл оюуны бодлого, хяналт, зохицуулалтын асуудал.
23.10.Эдийн засгийн байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.10.1.эдийн засгийн дотоод, гадаад бодлого;
23.10.2.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал;
23.10.3.төрийн мөнгөний бодлого, банк, Монголбанкны үйл ажиллагаа;
23.10.4.банк бус санхүүгийн харилцаа, энэ хуулийн 23.6.8-д зааснаас бусад үнэт цаас;
23.10.5.энэ хуулийн 23.8.10-д зааснаас бусад даатгалын бодлого;
23.10.6.төрийн өмчийн удирдлага, зохицуулалт, хувьчлалын бодлого;
23.10.7.хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого;
23.10.8.шударга өрсөлдөөний бодлого;
23.10.9.төрөөс аж ахуй эрхлэлтийг дэмжих бодлого;
23.10.10.стандартчилал, хэмжил зүй, чанарын баталгаажуулалт;
23.10.11.албан ёсны статистикийн үйл ажиллагаа;
23.10.12.барилга, орон сууц, нийтийн аж ахуй;
23.10.13.аялал жуулчлалын хөгжлийн бодлого;
23.10.14.аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил;
23.10.15.газрын эдийн засгийн үр ашгийн бодлого;
23.10.16.хүнд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого;
23.10.17.хүнд үйлдвэрлэлийн логистик, дэд бүтэц;
23.10.18.газрын тос, байгалийн хийн асуудал;
23.10.19.ашигт малтмал, түүний суурь судалгаа, хайгуул, ашиглалтын бодлого;
23.10.20.түлшний хангамж, нөөцийн бодлого;
23.10.21.эрчим хүчний нэгдсэн бодлого;
23.10.22.зам, тээвэр;
23.10.23.газрын сангийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, бүртгэл;
23.10.24.инновацыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих бодлого.
23.11.Эрүүл мэнд, нийгмийн бодлогын байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.11.1.эрүүл мэндийн бодлого;
23.11.2.хүн амын хөгжлийн бодлого;
23.11.3.хүн ам зүй, гэр бүлийн бодлого;
23.11.4.хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн харилцаа;
23.11.5.жендэрийн тэгш байдлыг хангах бодлого;
23.11.6.нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал, халамжийн бодлого.”
7/28 дугаар зүйл:
“28 дугаар зүйл.Хянан шалгах түр хороо
28.1.Хянан шалгах түр хороог Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу байгуулна.
28.2.Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны зохион байгуулалт, бүрэн эрх, үйл ажиллагааны журмыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар зохицуулна.”
8/29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсэг:
“29.7.Нөхөн сонгогдсон гишүүн аль нэг бүлэгт нэгдсэн, эсхүл гишүүн аль нэг бүлгээс гарсан бол энэ тухай бүлгийн дарга Улсын Их Хурлын даргад бичгээр хүргүүлснийг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно.”
9/37 дугаар зүйл:
“37 дугаар зүйл.Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх
37.1.Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх журмыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар зохицуулна.”
10/38 дугаар зүйл:
“38 дугаар зүйл.Улсын Их Хурлын нээлттэй, ил тод, хүртээмжтэй байдлыг хангах, чуулганы үйл ажиллагааг мэдээлэх, сурвалжлах
38.1.Улсын Их Хурал чуулганы хуралдаан, хэлэлцэх асуудлын тов, дараалал болон үйл ажиллагааныхаа талаарх мэдээ, мэдээллийг нээлттэй, ил тод мэдээлнэ.
38.2.Өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл, хэлэлцүүлгийн явц болон баталсан хууль тогтоомжийн зохицуулалт, ач холбогдлыг хууль санаачлагч гишүүн, ажлын хэсэг, Байнгын хорооны дарга тайлбарлан таниулж мэдээлэл хийнэ.
38.3.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлтийг судлан шийдвэрлэсэн байдал, түүний мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шийдвэрийнхээ талаарх мэдээллийг нэгтгэн сар бүр нээлттэй мэдээлнэ.
38.4.Улсын Их Хурал ээлжит чуулганы үеэр сар бүрийн 2 дахь долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойш Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа асуудлыг олон нийтэд сурталчлан таниулж, мэдээлэх ажлыг зохион байгуулж болно.
38.5.Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь тусгай хэрэгцээт иргэдийн мэдээлэл авах, хуульд заасан тохиолдолд оролцох боломжийг хангахуйц хүртээмжтэй байна. Улсын Их Хурал энэ хуулийн 38.1-д заасан мэдээ, мэдээллийг нийтэд дамжуулахдаа дохионы хэл, товч бичгэн тайлбар (титр) зэргийг оруулж тусгай хэрэгцээт иргэдэд мэдээллийг хүргэнэ.
38.6.Энэ хуулийн 38.5-д заасны дагуу хүртээмжийг хангах асуудлыг Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа холбогдох журамд тусган хэрэгжүүлнэ.
38.7.Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх нээлттэй мэдээллийг Улсын Их Хурлын дарга, гишүүн, нам, эвслийн бүлгийг төлөөлөн дарга, дэд дарга, Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны дарга, Тамгын газрын холбогдох албан тушаалтан Улсын Их Хурлын мэдээллийн индэр, хуралдааны танхимыг ашиглан хийнэ.
38.8.Энэ хуулийн 38.7-д зааснаас бусад этгээд Улсын Их Хурлын мэдээллийн индэр, хуралдааны танхимыг нийтэд мэдээлэл хийхээр ашиглахыг хориглоно.
38.9.Иргэд, дотоод, гадаадын зочид төлөөлөгчид чуулганы ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл, сурвалжилга хийх эрхтэй бөгөөд энэ талаар мөрдөх журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга батална.”
11/39 дүгээр зүйлийн 39.7 дахь хэсэг:
“39.7.Нийтийн өргөдөлд иргэний санал авахдаа танилт, нэвтрэлтийн систем ашиглан баталгаажуулна.”
12/41 дүгээр зүйл.Гишүүний бүрэн эрхийн баталгаа
41.9.Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1-д заасны дагуу тэтгэмж олгох бөгөөд тэтгэмж олгохтой холбогдсон журмыг энэ хуулийн 47.4-т заасан захирамжаар батална.
13/46 дугаар зүйлийн 46.5.5, 46.5.6 дахь заалт:
“46.5.5.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Байнгын хорооны хүсэлтээр хууль зүйн дүгнэлт гаргах;
46.5.6.дараах үнэлгээ, дүн шинжилгээ хийх:
46.5.6.а.өргөн мэдүүлэх төслийн бүрдүүлбэр хянах шатанд Хууль тогтоомжийн тухай хуулийн 40.1.2-т заасан хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг тандан судалсан, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийсэн тайланд үнэн бодит байдлын үнэлгээ хийх;
46.5.6.б.хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн шатанд тухайн төсөлтэй холбогдуулан гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналд зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн дүн шинжилгээг Байнгын хорооны хүсэлтээр хийх;
46.5.6.в.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13.2-т заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх;
46.5.6.г.хуульд заасан холбогдох байгууллагын тайлан, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;”
4 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн “15” гэснийг “10” гэж, 21 дүгээр зүйлийн 21.23 дахь хэсгийн “Улсын Их Хуралд авсан суудлын тооны харьцааг харгалзан нам, эвслийн бүлгүүдэд болон нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд хувь тэнцүүлэн хуваарилах бөгөөд” гэснийг “хэлэлцүүлгийн үе шат бүрээр тогтоохтой” гэж, 22 дугаар зүйлийн 22.3.9 дэх заалтын “хууль зүйн зөвлөмж гаргуулах” гэснийг “Байнгын хорооны хүсэлтээр хууль зүйн дүгнэлт, зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн дүн шинжилгээг Тамгын газраар хийлгэх;” гэж, мөн зүйлийн 22.4 дэх хэсгийн “зөвлөмжийг” гэснийг “дүгнэлтийг” гэж, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн “32” гэснийг “21” гэж, мөн зүйлийн 25.7 дахь хэсгийн “сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэснийг “сонгоно” гэж, мөн зүйлийн 25.8 дахь хэсгийн дугаарыг “25.9” гэж, 25.9 дэх хэсгийн дугаарыг “25.10” гэж, 27 дугаар зүйлийн 27.3.5 дахь заалтын “Хууль зүйн” гэснийг “Хууль зүй, хүний эрхийн” гэж, мөн зүйлийн 27.9 дэх хэсгийн “чөлөөлөгдсөнд тооцно” гэснийг “чөлөөлөх тухай тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгосноор тогтоол баталсанд тооцно.” гэж, мөн зүйлийн 27.14 дэх хэсгийн “дэд хорооны дүрмийг Төрийн байгуулалтын хороо” гэснийг “болон Ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурал” гэж, 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсгийн “ажиллуулж болох бөгөөд тойргоос сонгогдсон гишүүн, бие төлөөлөгч-туслахтай байж болно” гэснийг “, бие төлөөлөгч-туслах тус бүр нэгийг ажиллуулж болно” гэж, мөн зүйлийн 42.9 дэх хэсгийн “гишүүний цалин хангамжийг авах” гэснийг “, эсхүл Улсын Их Хурлын гишүүний цалингийн аль нэгийг өөрөө сонгох” гэж, мөн зүйлийн 42.11 дэх хэсгийн “нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол” гэснийг “хэлэлцэх асуудлын тов, дараалалд орсон ажлын хэсэг, Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, санал хураалтад биечлэн оролцоогүй бол” гэж, 46 дугаар зүйлийн 46.5.25 дахь заалтын дугаарыг “46.5.26” гэж, мөн зүйлийн 46.6 дахь хэсгийн “журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга батална. Энэ журам нь Төрийн албаны тухай хуулийн 54.2, 55.2-т заасан журмаар зохицуулах харилцаанд хамаарахгүй” гэснийг “, албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг байгууллагын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн Ерөнхий нарийн бичгийн дарга батална” гэж, 48 дугаар зүйлийн 48.1.14 дэх заалтын “энэ хуулийн 22.3.9-д заасан зөвлөмж гаргах” гэснийг “хууль зүйн дүгнэлт, төсвийн нөлөөллийн дүн шинжилгээ хийх” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.11 дэх заалтын “, бодлогын баримт бичиг” гэснийг, мөн зүйлийн 13.1.12 дахь заалтын “холбогдох Байнгын хорооны саналаар” гэснийг, 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийн “, бусад Байнгын хорооны бүрэлдэхүүнд гурваас илүүгүй” гэснийг, 27 дугаар зүйлийн 27.3.3 дахь заалтын “Бүсчилсэн хөгжлийн,” гэснийг, мөн зүйлийн 27.3.7 дахь заалтын “Аялал жуулчлалын хөгжлийн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Инновац, цахим бодлогын хөгжлийн,” гэснийг, 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн “хүрээлэн,” гэснийг, 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний хэрэгжилт,” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.3.10 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.3.2, 27.3.6 дахь заалт, мөн зүйлийн 27.4 дэх хэсэг, мөн зүйлийн 27.5.1-27.5.4, 27.5.6-27.5.8, 27.5.15 дахь заалт, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалт, мөн зүйлийн 30.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
