Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2025 ОНЫ 1-Р САРЫН 9 ӨДӨР
УЛААНБААТАР
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН БҮТЭЭМЖ, ИЛ ТОД БАЙДАЛ, ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлага, зохион байгуулалт, хяналт, ил тод байдал, засаглалыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хууль тогтоомж
2.1. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль , Иргэний хууль, Компанийн тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаатай холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулна.
3.2. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн өмчтэй холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна.
3.3. Тухайлсан хуулийн дагуу байгуулагдсан төрийн өмчит компанийн үйл ажиллагааг тухайн хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 3.1, 3.2-т заасны дагуу зохицуулна.
3.4. Хот, тосгоны өмчит компанийн үйл ажиллагаанд энэ хуульд заасан орон нутгийн өмчит компанийн зохицуулалт нэгэн адил үйлчилнэ.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “төрийн өмчит компани” гэж төр энэ хуульд заасны дагуу хувьцааг нь эзэмшиж байгаа, эсхүл хяналт хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийг;
4.1.2. “орон нутгийн өмчит компани” гэж орон нутаг энэ хуульд заасны дагуу хувьцааг нь эзэмшиж байгаа, эсхүл хяналт хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийг;
4.1.3. “төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан компани” гэж компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг төр, эсхүл орон нутаг эзэмшдэг хуулийн этгээдийг;
4.1.4. “нийтийн зориулалттай дэд бүтэц” гэж Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д заасныг;
4.1.5. “нийтийн үйлчилгээ” гэж Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.13-т заасныг.
5 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1. ил тод, нээлттэй байх;
5.1.2. үр ашигтай байх;
5.1.3. зах зээлд шударга өрсөлдөх, аливаа хэлбэрээр давуу эрх эдлэхгүй байх;
5.1.4. монополь, эсхүл давамгай байдлаа урвуулан ашиглахгүй байх;
5.1.5. компанийн үйл ажиллагааны бие даасан байдлыг хангах, удирдлагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх;
5.1.6. улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байх;
5.1.7. компани төрийн болон орон нутгийн хүлээх үүргийг хариуцахгүй байх;
5.1.8. тогтвортой хөгжлийн зорилгыг дэмжих;
5.1.9. шинэ технологи, инновацыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллах.
5.2. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагыг хэрэгжүүлэхэд энэ хуулийн 5.1-д зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
5.2.1. Засгийн газрын бүрэн эрх, орон нутгийн эрх хэмжээ компанийн удирдлагын бүрэн эрхээс тусгаарлагдсан байх;
5.2.2. бүх хувьцаа эзэмшигч тэгш нөхцөлөөр хангагдах;
5.2.3. хараат бус хөндлөнгийн хяналттай байх;
5.2.4. мэргэжлийн байх;
5.2.5. үр ашиггүй зардал гаргахгүй байх;
5.2.6. эрх бүхий этгээдийн баталсан санхүүгийн болон бизнесийн төлөвлөгөөний дагуу ажиллах;
5.2.7. хариуцлага, эрх, үүргийн хувьд бие даасан байх;
5.2.8. цаг хугацаандаа, үнэн зөв тайлагнах.
6 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн ангилал, хэлбэр
6.1. Төрийн өмчит компанийг тухайн компанийн хувьцааны төрийн эзэмшлийн хувь хэмжээнээс хамааруулан дараах байдлаар ангилна:
6.1.1. компанийн нийт гаргасан энгийн хувьцааг бүхэлд нь төр дангаараа эзэмшдэг бол төрийн өмчийн компани;
6.1.2. компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 34-өөс 100 хүртэл хувийг төр эзэмшдэг бол төрийн өмчийн оролцоотой компани.
6.2. Орон нутгийн өмчит компанийг тухайн компанийн хувьцааны орон нутгийн эзэмшлийн хувь хэмжээнээс хамааруулан дараах байдлаар ангилна:
6.2.1. компанийн нийт гаргасан энгийн хувьцааг бүхэлд нь орон нутаг дангаараа эзэмшдэг бол орон нутгийн өмчийн компани;
6.2.2. компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 34-өөс 100 хүртэл хувийг орон нутаг эзэмшдэг бол орон нутгийн өмчийн оролцоотой компани.
6.3. Төрийн болон орон нутгийн өмчит компани нь Компанийн тухай хуулийн 3.4-т заасан хэлбэртэй байна.
7 дугаар зүйл. Төрийн өмчит компанийн талаар баримтлах үндсэн чиглэл
7.1. Төрийн өмчит компанийн талаар баримтлах үндсэн чиглэлийг Засгийн газар өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.
7.2. Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Засгийн газрын гишүүдийн саналыг авч, нэгтгэн судалсны үндсэн дээр энэ хуулийн 7.1-д заасан үндсэн чиглэлийн төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.8-д заасан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна.
7.3. Үндсэн чиглэлд дараах зүйлийг тусгана:
7.3.1. төрийн өмчит компанийн хувьцаа эзэмших, хянах зорилго, үндэслэл;
7.3.2. төрийн өмчит компанийн жагсаалт, хөрөнгийн багц мэдээлэл;
7.3.3. төрийн өмчит компанийн засаглалд оролцогч талуудын гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага;
7.3.4. үндсэн чиглэлийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүн;
7.3.5. төрийн өмчит компани шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах бүтцийн өөрчлөлт, шинэтгэлийн төлөвлөгөө.
7.3.6. төрийн өмчит компанийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах төлөвлөгөө.
7.4. Үндсэн чиглэлд энэ хуулийн 8.1-д заасан төрийн өмчит компани байгуулах үндэслэлийг компани тус бүрээр тодорхойлж тусгана.
7.5. Үндсэн чиглэлийн хэрэгжилтэд төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг Засгийн газарт хүргүүлнэ.
7.6. Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлсэн энэ хуулийн 7.1-д заасан үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайланг Улсын Их Хуралд танилцуулна.
7.7. Үндсэн чиглэл, түүний хэрэгжилтийн жил бүрийн тайланг Засгийн газар болон төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын цахим хуудсанд нээлттэй, ил тод байршуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ
8 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл
8.1
8.1.1. нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулах;
8.1.2. үндэсний эдийн засгийн ашиг сонирхлыг хангах зорилгоор стратегийн ач холбогдолтой салбарт зайлшгүй үйл ажиллагаа явуулах;
8.1.3. тодорхой салбарт зүй ёсны монополь үйл ажиллагаа эрхлэх;
8.1.4. үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой батлан хамгаалах, хил хамгаалах, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг дэмжих;
8.1.5. хууль болон олон улсын хувийн эрх зүйн гэрээнд заасны дагуу.
8.2. Энэ хуулийн 8.1.1-д заасан нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний салбарт компани үүсгэн байгуулахад хувийн хэвшил дангаараа гүйцэтгэх боломжгүй, зах зээлийн төвлөрөл өндөртэй байх нөхцөлийг хангасан байна.
8.3. Орон нутаг зөвхөн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн 8.1.1-д заасан үндэслэлээр орон нутгийн өмчит компанийг үүсгэн байгуулна.
8.4. Энэ хуулийн 8.1.4-т заасан үндэслэлээр зөвхөн төрийн өмчийн компани байгуулна.
8.5. Энэ хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулахыг хориглоно.
9 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах санал, шийдвэр
9.1. Төрийн өмчит компани үүсгэн байгуулах саналыг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газарт хүргүүлнэ.
9.2. Орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах саналыг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.
9.3. Төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах саналд дараах баримт бичгийг хавсаргана:
9.3.1. компанийн дүрмийн төсөл;
9.3.2. энэ хуулийн 8.1-д заасан компани байгуулах үндэслэл болон энэ хуулийн 7.1-д заасан үндсэн чиглэлд нийцсэн талаарх төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газрын гаргасан дүгнэлт.
9.4. Энэ хуулийн 9.3.2-т заасан дүгнэлтийг дараах мэдээлэлд үндэслэн гаргана:
9.4.1. компани үүсгэн байгуулах хэрэгцээ, шаардлага, зах зээлийн эрэлт, хүлээлт, компаниас гаргах бараа, ажил, үйлчилгээний жагсаалт, тэдгээрийг борлуулах чадамж, бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх байдлын талаарх зах зээлийн судалгаа, байршил;
9.4.2. хөрөнгө оруулалтын хэмжээ, төр, эсхүл орон нутгаас оруулах хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг бүрэн хийж дуусах хугацаа, түүнийг нөхөх болон эргэлтийн эх үүсвэр бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд тавигдах шаардлага;
9.4.3. бараа, ажил, үйлчилгээнд шаардагдах түүхий эд, эрчим хүч, ажиллах хүч болон бусад шаардлагатай хүчин зүйлийг хангах эх үүсвэр, чадамж;
9.4.4. салбарын хөгжлийн төлөвлөгөө, бодлогод нийцсэн байдал, нийгэм, эдийн засгийн үр ашгийн тооцоолол;
9.4.5. компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа, түүний үндэслэл.
9.5. Төрийн өмчийн компани үүсгэн байгуулах шийдвэрийг Засгийн газар, төрийн өмчийн оролцоотой компани үүсгэн байгуулах шийдвэрийг Засгийн газрын зөвшөөрлийг үндэслэн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, бусад хувьцаа эзэмшигч хамтран Компанийн тухай хуульд заасан журмын дагуу гаргана.
9.6. Орон нутгийн өмчийн компани үүсгэн байгуулах шийдвэрийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргах бөгөөд орон нутгийн өмчийн оролцоотой компани үүсгэн байгуулах шийдвэрийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрлийг үндэслэн орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, бусад хувьцаа эзэмшигч хамтран Компанийн тухай хуульд заасан журмын дагуу гаргана.
9.7. Төрийн болон орон нутгийн өмчит компанийг хугацаатай байгуулах бөгөөд үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан тохиолдолд хугацааг сунгах, эсхүл компанийг татан буулгах асуудлыг энэ хуулийн 9.5, 9.6-д заасны дагуу шийдвэрлэнэ.
10 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн дүрэм
10.1. Засгийн газар төрийн өмчийн компани үүсгэн байгуулах шийдвэр гаргахдаа компанийн дүрмийг батална.
10.2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн өмчийн компани үүсгэн байгуулах шийдвэр гаргахдаа компанийн дүрмийг батална.
10.3. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн дүрэмд Компанийн тухай хуулийн 16.2-т зааснаас гадна компанийн зорилго, хүрэх үр дүн, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг тодорхой тусгана.
10.4. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн дүрэмд Компанийн тухай хуулийн 89.4-т заасан зохицуулалт хамаарахгүй.
10.5. Энэ хуулийн 10.1-д заасан компанийн дүрмийн төслийг боловсруулахад төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, энэ хуулийн 10.2-т заасан компанийн дүрмийн төслийг боловсруулахад орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газрын саналыг авсан байна.
11 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн охин компани, салбар, төлөөлөгчийн газар
11.1. Төрийн өмчийн компани охин компани байгуулах тохиолдолд Засгийн газар, орон нутгийн өмчийн компани охин компани байгуулах тохиолдолд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 9.3-т заасан баримт бичгийг үндэслэн тус тус шийдвэр гаргана.
11.2. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг Компанийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГӨ, ХУВЬЦАА, НОГДОЛ АШИГ
12 дугаар зүйл. Хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгө, түүний хэмжээг өөрчлөх
12.1. Төрийн болон орон нутгийн өмчийн компани үүсгэн байгуулах шийдвэрт компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг тусгасан байна.
12.2. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн тухайн жилийн санхүүгийн тайлангаар компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл энэ тухай санхүүгийн тайлан гарснаас хойш ажлын таван өдрийн дотор хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид мэдэгдэнэ.
12.3. Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч энэ хуулийн 12.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах, компанийг өөрчлөн байгуулах, дахин хөрөнгөжүүлэх, эсхүл татан буулгах тухай саналаа төрийн өмчийн компанийн хувьд Засгийн газарт, орон нутгийн өмчийн компанийн хувьд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, шийдвэрлүүлэх үүрэгтэй.
13 дугаар зүйл. Алтан хувьцаа
13.1. Засгийн газар төрийн өмчит компанийн төрд ногдох хувьцааг бүхэлд нь худалдах тухай шийдвэр гаргахдаа тодорхой хугацаанд компанийн удирдлагын шийдвэрт хориг тавих эрхтэй, ногдол ашиг авдаггүй алтан хувьцаа эзэмшихээр зааж болно.
13.2. Алтан хувьцаатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын дараах шийдвэр нь үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигт харшилсан гэж үзвэл Засгийн газар хориг тавина:
13.2.1. өмнө эрхэлж байсан үйл ажиллагааны чиглэл, үндсэн үйл ажиллагааг өөрчлөх
13.2.2. хувьцаа эзэмшигчийн эрхийг өөрчилсөн дүрэм, журам батлах;
13.2.3. компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах;
13.2.4. их хэмжээний хэлцэл байгуулах;
13.2.5. бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох.
13.3. Энэ хуулийн 13.2-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш Засгийн газар ажлын 15 өдрийн дотор хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
13.4. Засгийн газар хориг тавих шийдвэр гаргаагүй бол энэ хуулийн 13.2-т заасан хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэр хүчин төгөлдөр болно.
13.5. Засгийн газар энэ хуулийн 13.2-т заасны дагуу хориг тавих тухай шийдвэртээ хориг тавьж байгаа үндэслэлээ заана.
13.6. Нээлттэй хувьцаат компани болсны дараа алтан хувьцаа эзэмшихийг хориглоно.
13.7. Алтан хувьцааг бусдад шилжүүлэхийг хориглоно.
13.8. Энэ хуулийн 13.1-д заасан хугацаа дуусмагц алтан хувьцаа хүчингүй болох бөгөөд хугацааг дахин сунгахгүй.
14 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компанид хөрөнгө олж авах
14.1. Үндэсний баялгийн сангийн тухай, Ашигт малтмалын тухай болон бусад хуульд заасан үндэслэл, журмын дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компанийн хувьцааг эзэмших замаар төр хөрөнгө олж авч болно.
14.2. Дараах тохиолдолд төр, эсхүл орон нутаг нь компанийн энгийн хувьцааг олж авч болно
14.2.1. бэлэглэл, өв залгамжлалаар эзэмшилдээ олж авсан;
14.2.2. Иргэний хуульд заасан арилжааны гэрээний дагуу;
14.2.3. шүүх, арбитрын шийдвэрийн дагуу.
14.3. Энэ хуулийн 14.2-т заасны дагуу компанийн энгийн хувьцаа 34-өөс доош хувийг олж авсан бол төр, эсхүл орон нутаг тухайн хувьцааг олж авахад зарцуулсан хөрөнгийн зардал болон хувьцааны бодит үнэлгээг тооцон, түүнээс доошгүй үнээр тухайн хувьцааг худалдана.
14.4. Энэ хуулийн 14.3-т заасан компани нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, эсхүл хаалттай хувьцаат компани бол тухайн олж авсан хувьцааг Компанийн тухай хуульд заасан журмын дагуу бусад хувьцаа эзэмшигчид тэргүүн ээлжид худалдаж авахыг санал болгоно.
14.5. Энэ хуулийн 14.4-т заасны дагуу санал болгосон хувьцааг тэргүүн ээлжид худалдаж аваагүй тохиолдолд нээлттэй дуудлага худалдаагаар худалдана. Нээлттэй дуудлага худалдаагаар худалдах хувьцааны үнэ энэ хуулийн 14.3-т зааснаас доошгүй байна.
14.6. Энэ хуулийн 14.3-т заасан компани нь нээлттэй хувьцаат компани бол тухайн олж авсан хувьцааг арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан худалдана.
14.7. Энэ хуулийн 14.1-д заасны дагуу төр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компанийн хувьцааны 34-өөс доош хувийг олж авсан тохиолдолд тухайн компанийн үйл ажиллагааг Компанийн тухай хуулиар зохицуулна.
15 дугаар зүйл. Үнэт цаас гаргах, зээл авах
15.1. Төрийн болон орон нутгийн өмчийн компани, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан компани нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуульд заасны дагуу үнэт цаас гаргаж болно.
15.2. Төрийн болон орон нутгийн өмчийн компани, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан компани нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн зээл авч болно.
15.3. Энэ хуулийн 15.1, 15.2-т заасан зөвшөөрөлд тухайн санхүүгийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авах үнэт цаас, зээл хамаарахгүй.
15.4. Гүйцэтгэх захирал зээлийн гэрээний дагуу төлбөл зохих хуваарь болон хугацаа хэтэрсэн өр төлбөрийг төлж барагдуулах төлөвлөгөө, хуваарийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлнэ.
16 дугаар зүйл. Ногдол ашиг
16.1. Төрийн болон орон нутгийн өмчийн компани, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан компани ногдол ашиг хуваарилахад Компанийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
16.1.1. өмнөх оны аудит хийгдсэн санхүүгийн жилийн эцсийн тайлан дахь татвар төлсний дараах цэвэр ашгийн тодорхой хувиар;
16.1.2. төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувь нийлүүлсэн хөрөнгийн тодорхой хувиар.
16.2. Энэ хуулийн 16.1-д заасны дагуу төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн нийт дүнгийн доод хэмжээг Улсын Их Хурал, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүрийн төсөвт тусган батална.
16.3. Тухайн төсвийн жилд баримтлах энэ хуулийн 16.1-д заасан хувь болон ногдол ашиг төлөх үүргээс чөлөөлөгдөх компанийн жагсаалтыг Улсын Их Хурал, тухайн шатны Төлөөлөгчдийн Хурал жил бүрийн төсөвтэй хамт батална.
16.4. Төрийн болон орон нутгийн өмчийн компани, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан компани энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасны дагуу тооцсон дүнгийн аль өндөр дүнгээр төсөвт ногдол ашиг хуваарилна.
16.5. Энэ хуулийн 16.1-д зааснаас бусад төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч энэ хуулийн 16.4-т заасныг баримтлан ногдол ашгийн дүнг тооцсоныг тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлд санал өгөх чиглэл гэж үзнэ.
16.6. Ногдол ашиг хуваарилах асуудлаар энэ хуулийн 16.5-д заасан чиглэлийг баримтлаагүй, эсхүл ногдол ашиг хуваарилахгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ тухай үндэслэлийг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Засгийн газар, эсхүл тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулна.
16.7. Энэ хуулийн 16.6-д заасны дагуу Засгийн газар, эсхүл тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг оролцуулж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
17 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч
17.1. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигч нь Засгийн газар байна.
17.2. Төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийг Засгийн газрын шийдвэрээр тогтооно.
17.3. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь нэг этгээд байна.
17.4. Орон нутгийн өмчит компанийн орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигч нь аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байна.
17.5. Орон нутгийн өмчит компанийн орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга байна.
18 дугаар зүйл. Төрийн өмчит компанийн талаарх Засгийн газрын бүрэн эрх
18.1. Засгийн газар төрийн өмчит компанийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1. төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийг тогтоох;
18.1.2. энэ хуулийн 7.1-д заасан үндсэн чиглэлийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
18.1.3. энэ хуульд заасан үндэслэлээр төрийн өмчийн компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, шилжүүлэх, алтан хувьцаа гаргах болон төрийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах;
18.1.4. төрийн өмчийн оролцоотой компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл олгох;
18.1.5. төрийн өмчийн компанийн үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх, худалдах, солих шийдвэр гаргах;
18.1.6. энэ хуулийн 13.2-т заасны дагуу хориг тавих;
18.1.7. хуульд заасан бусад.
19 дүгээр зүйл. Орон нутгийн өмчит компанийн талаарх аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
19.1. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн өмчит компанийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
19.1.1. орон нутгийн өмчийн компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, орон нутгийн эзэмшлийн хувьцааг худалдах, шилжүүлэх болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах;
19.1.2. орон нутгийн өмчийн оролцоотой компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл олгох;
19.1.3. орон нутгийн өмчийн компанийн үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх, худалдах, солих шийдвэр гаргах;
19.1.4. хуульд заасан бусад.
20 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн бүрэн эрх
20.1. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн талаар төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
20.1.1. төрийн болон орон нутгийн өмчийн компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, хувьцааг худалдах, шилжүүлэх, төрийн эсхүл орон нутгийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх асуудлаар Засгийн газар, эсхүл иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал хүргүүлэх;
20.1.2. төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх;
20.1.3. төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцааны хувь хэмжээтэй хувь тэнцүүлэн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх талаар санал гаргах;
20.1.4. төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хууль болон компанийн дүрэмд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, компанид хохирол учруулсан бол хохирлыг нөхөн төлөхийг шаардах, шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн хувьд уг асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал хүргүүлэх;
20.1.5. төрийн болон орон нутгийн өмчит компанийн гүйцэтгэх захирал хууль болон дүрэмд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх саналаа төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэх;
20.1.6. төрийн болон орон нутгийн өмчийн компанийн бизнес төлөвлөгөө болон төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийг үнэлэх;
20.1.7. хуульд заасан бусад.
21 дүгээр зүйл. Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газрын чиг үүрэг
21.1. Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төрийн өмчит компанийн засаглалд оролцогч талуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, энэ хуулийн 7.1-д заасан үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
21.2. Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчит компанийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
21.2.1. төрийн өмчит компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлаар дүгнэлт гаргаж, төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид хүргүүлэх;
21.2.2. төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, шилжүүлэх, алтан хувьцаа гаргах болон төрийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх асуудлаар дүгнэлт гаргаж, Засгийн газарт хүргүүлэх;
21.2.3. төрийн өмчийн компанийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх, худалдах, солих шийдвэр гаргах асуудлаар дүгнэлт гаргаж, Засгийн газарт хүргүүлэх;
21.2.4. төрийн өмчийн компанийн бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах талаар шаардлага, зөвлөмж өгөх, хуульд заасан үндэслэлээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, хариуцлага хүлээлгэх саналыг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид хүргүүлэх;
21.2.5. төрийн өмчит компанийг үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг Засгийн газарт тайлагнах;
21.2.6. төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;
21.2.7. төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, гүйцэтгэх захирлын цалин, урамшууллын хэмжээ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;
21.2.8. төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн хувьцааны удирдлагын талаарх илтгэлийг жил бүр хүлээн авч хянах;
21.2.9. төрийн өмчийн компанийн төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, зарцуулалтад хяналт тавих;
21.2.10. төрийн өмчит компаниас төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг энэ хуульд заасан зарчмыг баримталж, тухайн жилийн төсвийн тухай хуульд заасны дагуу бүрэн төвлөрүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
21.2.11. хуульд заасан бусад.
21.3. Орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газар нь орон нутгийн өмчит компанийн талаар энэ хуулийн 21.2-т заасан чиг үүргийг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГКОМПАНИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
22 дугаар зүйл.. Хувьцаа эзэмшигчдийн хурал
22.1. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг Компанийн тухай хуульд зааснаар зохицуулна.
22.2. Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг энэ хуулийн 17.2, 17.5-д заасан этгээд хэрэгжүүлнэ.
22.3. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн нэгдлийн хараат, охин компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг тухайн компанийн дүрэмд заасан этгээд хэрэгжүүлнэ.
23 дугаар зүйл.. Төлөөлөн удирдах зөвлөл
23.1. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
23.1.1. компанийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
23.1.2. компанийн гүйцэтгэлийн үнэлгээний санхүүгийн ба санхүүгийн бус шалгуур үзүүлэлтийг тогтоож, хэрэгжилтийг үнэлэх;
23.1.3. компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс гадна хүний эрх, авлига, тэгш боломж, хөдөлмөр, мэдээллийн аюулгүй байдал, хувийн мэдээлэл хамгаалалт, өрсөлдөөн, байгаль орчин, татвар, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой эрсдэлийн удирдлага болон хянан нийцүүлэлтийн нэгдсэн бодлогыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
23.1.4. компанийн гүйцэтгэх удирдлагын гүйцэтгэлийг үнэлж, хянах;
23.1.5. компанийн удирдах ажилтны залгамж халааны бодлогыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих.
23.2. Энэ хуулийн 24.4-т заасан төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 81.2-т заасан хороодтой байх бөгөөд хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь хараат бус гишүүд байна.
23.3. Энэ хуулийн 24.7-д заасан төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь дэргэдээ аудитын хороотой байна.
24 дүгээр зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага
24.1. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна:
24.1.1. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчлөх эрхийн, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй;
24.1.2. компанийн үйл ажиллагаа хамаарах салбарын болон санхүүгийн мэдлэг, туршлагатай, тухайн салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, хууль, санхүү, аудит, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, эдийн засаг, эсхүл тухайн компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн;
24.1.3. сүүлийн хоёр жил улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан тушаал хашдаггүй байх;
24.1.4. эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд төлбөрийн чадваргүй болж дампуурсан нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
24.1.5. эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлийг хүчингүй болгосон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
24.1.6. доор дурдсан ашиг сонирхлын зөрчилтэй этгээд биш байх:
24.1.6.а. тухайн компанийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн тав болон түүнээс дээш хувийг өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй дангаараа болон хамтран эзэмшигч;
24.1.6.б. тухайн компанитай адил салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн эрх бүхий албан тушаалтан;
24.1.6.в. төрийн болон орон нутгийн өмчит компанийн ажил, үйлчилгээг хүлээн авах, бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, эсхүл тус компанид ажил, үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдах үйл ажиллагаа явуулах байдлаар компанитай их хэмжээний хэлцэл байгуулсан аливаа этгээдийн эрх бүхий албан тушаалтан;
24.1.6.г. төрийн болон орон нутгийн өмчит компанийн төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчтэй хамаарал бүхий, эсхүл нэгдмэл сонирхолтой.
24.1.7. Компанийн тухай хуулийн 75.8-д заасан шаардлагыг хангасан байх;
24.1.8. компанийн дүрэмд заасан бусад шаардлага.
24.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг компани нь төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани бол энэ хуулийн 24.1.6.б-д заасан нөхцөл хамаарахгүй.
24.3. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэх захирал тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байж болохгүй.
24.4. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнтэй байна.
24.5. Энэ хуулийн 24.4-т заасан төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй нь төрийн захиргааны албан хаагч байна.
24.6. Энэ хуулийн 24.4-т заасан төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан хараат бус гишүүн байна.
24.7. Энэ хуулийн 37.7-д заасан шалгуураас доош үзүүлэлттэй, эсхүл нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний салбарын төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл таваас илүүгүй сондгой тооны гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр хүртэлх гишүүн нь төрийн захиргааны албан хаагч, хоёроос доошгүй нь мэргэжлийн хараат бус гишүүн байж болно.
24.8. Энэ хуулийн 24.5, 24.6, 24.7-д зааснаас бусад төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээс томилсон этгээд байна.
24.9. Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч энэ хуулийн 24.1-д заасан шаардлагыг хангаагүй этгээдийг төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилох, томилуулахаар нэр дэвшүүлэх, эсхүл дэмжиж санал өгөхийг хориглоно.
25 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт
25.1. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилно.
25.2. Төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч төрийн өмчит компанийг үүсгэн байгуулах шийдвэр гарсан, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сул орон тоо гарснаас хойш ажлын таван өдрийн дотор төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах захиалгыг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
25.3. Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг 30 хоногийн дотор зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид санал болгоно.
25.4. Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус байгууллага, мэргэж
25.5. Энэ хуулийн 25.3-т заасны дагуу санал болгосон нэр дэвшигчээс бусад нэр дэвшигчийг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нэр дэвшигчийн нөөцийн сан үүсгэн бүртгэнэ.
25.6. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн нөөцөд байх хугацаа 2 жил байна.
25.7. Энэ хуулийн 25.5-д заасан нөөцийн санд бүртгэгдсэн нэр дэвшигчээс төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний шаардлага хангаж байгаа хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд санал болгож болно.
25.8. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа болон нэр дэвшигчийн нөөц сангийн журмыг Засгийн газар батална.
25.9. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, нэр дэвшигч тус бүрийн үнэлгээний оноо, нэр дэвшигчийн нөөцийн сангийн мэдээллийг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын цахим хуудаст нээлттэй, ил тод байршуулна.
26 дугаар зүйл. Орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт
26.1. Орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэлийн орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газар зохион байгуулна.
26.2. Орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасныг баримтална.
27 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчээс шаардах мэдээлэл
27.1. Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.2-т заасан захиалга ирүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай зарыг өөрийн цахим хуудас, өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.
27.2. Энэ хуулийн 24.1-д заасан шаардлагыг хангасан иргэн сонгон шалгаруулалтыг нийтэд зарласнаас хойш 14 хоногийн дотор дараах мэдээллийг нотолсон баримт бичгийг бүрдүүлэн төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газарт нэр дэвших тухай хүсэлтээ хүргүүлсэн байна:
27.2.1. эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, боловсролын байдлын талаарх баримт бичиг, холбоо барих мэдээлэл;
27.2.2. сүүлийн таван жилийн ажил эрхлэлт, хувийн эрх зүйн хуулийн этгээдэд эрх бүхий албан тушаал эрхэлж байсан мэдээллийг агуулсан ажлын туршлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;
27.2.3. нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь дангаараа болон хамтран тав, түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа компанийн хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, тухайн компанийн сүүлийн таван жилд үйл ажиллагаа эрхэлсэн салбарын жагсаалт, санхүүгийн үзүүлэлт зэрэг мэдээлэл.
27.3. Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн шүүхээр гэм буруутай нь тогтоогдож байсан эсэх талаарх лавлагааг эрх бүхий байгууллагаас гаргуулан авна.
28 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох
28.1. Энэ хуулийн 25.3, 25.6-д заасны дагуу санал болгосон нэр дэвшигчийг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч энэ хуулийн 24.1-д заасан шаардлага хангасан тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилно.
28.2. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн хувьд төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцааны хувь хэмжээтэй хувь тэнцүүлэн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилуулахаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал болгоно.
28.3. Энэ хуулийн 28.1, 28.2-т заасны дагуу томилогдсон төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөнөөр дуусгавар болно.
28.4. Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг энэ хуулийн 24.1-д заасан шаардлага хангаагүй үндэслэлээр томилохоос татгалзсан тохиолдолд ажлын таван өдрийн дотор төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газар дараагийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг санал болгоно.
28.5. Энэ хуулийн 28.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн томилогдоогүйн улмаас төрийн болон орон нутгийн өмчит компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, компани болон хувьцаа эзэмшигчид учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцна.
28.6. Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилох, эсхүл томилуулахаар санал болгохдоо жендэрийн эрх тэгш байдал буюу төлөөлөн удирдах зөвлөл дэх хүйсийн тэнцвэртэй байдлыг харгалзана.
28.7. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жилээс хэтрэхгүй байх бөгөөд нэг удаа улируулан томилж болно. Улируулан томилох тохиолдолд энэ хуулийн 42.1-д заасны дагуу тухайн гишүүний ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хангалттай гэж үнэлэгдсэн байна.
28.8. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг албан тушаалаар томилохгүй.
29 дүгээр зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэг хариуцлага
29.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн дараах үүрэгтэй:
29.1.1. эрх, үүргээ компанийн ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх
29.1.2. хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд заавал оролцож, шийдвэр гаргахад саналаа өгөх;
29.1.3. шийдвэр гаргахад шаардагдах бүх мэдээлэлтэй танилцаж, үндэслэл бүхий шийдвэр гаргах;
29.1.4. албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглах, компанийн хөрөнгө, компанийн талаарх мэдээ, мэдээлэл, бизнесийн нууцыг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх;
29.1.5. албаны чиг үүрэг нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний чиг үүргээс тусгаарлагдсан байх;
29.1.6. өөрөө, эсхүл түүний хамаарал бүхий этгээд дангаараа, эсхүл хамтран тухайн компани, эсхүл ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад компанийн хувьцаа эзэмшигч болсон даруйд мэдэгдэх;
29.1.7. компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд үл хамаарах их хэмжээний хэлцэл хийх төлөвлөгөөг тухай бүр хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид мэдэгдэх;
29.1.8. энэ хуулийн 29.6-д заасан асуудлаар хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээс өгсөн удирдамж, чиглэлийг биелүүлэх;
29.1.9. Банкны тухай хуулийн 31.4.3, 31.4.4, 31.4.5-д заасан болон компанийн дүрэмд заасан бусад.
29.2. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр бүх гишүүдийн дийлэнх олонхын саналаар хүчин төгөлдөр болно.
29.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдахаас ажлын гурваас доошгүй өдрийн өмнө хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт, хурал болсноос хойш нэг сараас доошгүй хугацааны дотор хурлаар хэлэлцсэн асуудал, хурлаас гарсан шийдвэрийг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид хүргүүлнэ.
29.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн энэ хууль, Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга энэ тухай нотлох баримтын хамт бичгээр хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид мэдэгдэл хүргүүлж, холбогдох арга хэмжээ авна.
29.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх журам, хариуцлагын хэмжээг тогтоох аргачлалыг компанийн дүрэмд тусгасан байна.
29.6. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний санал өгөх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч доор дурдсанаас бусад тохиолдолд оролцож, удирдамж, чиглэл өгөхийг хориглоно:
29.6.1. ногдол ашгийг нэмэгдүүлэх;
29.6.2. бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах;
29.6.3. компанийн үйл ажиллагаа, санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг хэмнэх, эрсдэлийг зохистой удирдах.
30 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин, урамшуулал
30.1. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн цалин, урамшуулал авч болно.
30.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин, урамшууллын хэмжээг төрийн болон орон нутгийн өмчийн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас дараах журмаар тогтооно:
30.2.1. нийтийн дэд бүтцийн болон нийтийн үйлчилгээний салбарын төрийн болон орон нутгийн өмчийн компанийн хувьд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин, урамшууллын хэмжээг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санал болон төрийн албан хаагчийн цалингийн жишгийг харгалзан;
30.2.2. энэ хуулийн 30.2.1-д зааснаас бусад төрийн болон орон нутгийн өмчийн компанийн хувьд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин, урамшууллын хэмжээг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санал болон тухайн компанийн хөрөнгийн хэмжээ, ашигт ажиллагаа, зах зээл дэх хувийн хэвшлийн цалингийн жишгийг харгалзан төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх цалин, урамшууллын хорооны саналаар.
30.3. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээ адил байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь аудитын хороо болон төлөөлөн удирдах зөвлөлийн бусад хороонд ажилласан бол нэмэгдэл урамшуулал авч болно.
30.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн энэ хуульд заасан цалин, урамшууллаас бусад тусгайлсан хангамж эдлэхгүй.
30.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөхөд нөхөн төлбөр, олговор зэрэг аливаа хэлбэрийн тэтгэмж олгохыг хориглоно.
30.6. Энэ хуулийн 29.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол урамшуулал тогтоох эрх бүхий этгээдээс төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд урамшуулал олгохыг зогсоох, эсхүл үүргээ биелүүлээгүй, эсхүл хуралдаанд оролцоогүй тухайн хугацаанд хамаарах хувь хэмжээгээр урамшууллын хэмжээг бууруулна.
30.7. Энэ хуулийн 30.6-д заасны дагуу урамшуулал олгохыг зогсоох, эсхүл бууруулах арга хэмжээ нь урамшуулал тогтоох эрх бүхий этгээдээс компанийн гүйцэтгэх захиралд хандан энэ тухай бичгээр гаргасан мэдэгдэлд үндэслэнэ.
30.8. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний ажлын гүйцэтгэлийн үр дүнг үнэлж, урамшуулал олгох аргачлалыг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
30.9. Төлөөлөн удирдах зөвлөлийн цалин, урамшууллын талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил тод байна.
31 дүгээр зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх
31.1. Төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч дараах үндэслэлээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөх, эсхүл чөлөөлөх санал гаргана:
31.1.1. энэ хуулийн 24.1-д заасан шаардлагыг хангахгүй болох нь нотлогдсон;
31.1.2. хууль, компанийн дүрэмд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, үүргээ ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргасан, эсхүл ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр удаа дараа хангалтгүй үнэлэгдсэн;
31.1.3. гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;
31.1.4. албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашигласан, компанийн хөрөнгийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигласан;
31.1.5. эрх бүхий байгууллагаас тухайн албан тушаалыг эрхлэхтэй холбоотой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, эрхийг хүчингүй болгосон;
31.1.6. үүргээ гүйцэтгэх боломжгүй болох нөхцөл байдал бий болсон, өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан.
31.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн энэ хуулийн 31.1.1, 31.1.2, 31.1.3, 31.1.4-д заасан үйлдлийн улмаас компанид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
32 дугаар зүйл. Гүйцэтгэх захирал, түүнд нэр дэвшигчид тавих шаардлага
32.1. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэх захиралд нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:
32.1.1. энэ хуулийн 24.1-д заасан шаардлагыг хангасан байх;
32.1.2. бизнесийн удирдлага, хууль, санхүү, аудит эсхүл компанийн үйл ажиллагаанд хамаарах салбарын мэдлэг, туршлагатай байх;
32.1.3. өөрийн буруутай үйл ажиллагаанаас төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, захирал, дэд захирлын албан тушаалаас чөлөөлөгдөөгүй байх;
32.1.4. бусад компанид гүйцэтгэх удирдлагын албан тушаал давхар эрхэлдэггүй байх;
32.1.5. компанийн дүрэмд заасан бусад шаардлага.
32.2. Энэ хуулийн 32.1-д заасан шаардлагыг хангасан нэр дэвшигч нь гүйцэтгэх захирлын хэрэгжүүлэх зорилтот түвшний мэдэгдэл боловсруулж, сонгон шалгаруулах комисст хүргүүлнэ.
32.3. Энэ хуулийн 32.2-т заасан зорилтот түвшний мэдэгдэл дараах агуулгатай байна:
32.3.1. нээлттэй өгөгдөл, мэдээлэлд үндэслэсэн компанийн нөхцөл байдлын дүн шинжилгээ, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, бүрэн эрхийн хугацаанд хүргэхээр зорьж байгаа үр дүн, түүнтэй уялдсан урамшууллын хувилбар
32.3.2. компанийн эрхэм зорилго, зорилт, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн хүлээлтийг хэрхэн төсөөлж байгаа болон түүнийг биелүүлэхэд хангалттай ажлын туршлага, ур чадвартай болохоо бататгасан тайлбар, нотолгоо
32.3.3. компанийн үндсэн үйл ажиллагааг зах зээлийн зарчимд нийцүүлэн зорилтот түвшинд хүргэн удирдах, өөрчлөлтийг хэрэгжүүлэх арга хэмжээ, нөөц бололцоо, учирч болзошгүй эрсдэл, хязгаарлалтын талаар.
32.4. Гүйцэтгэх захирлаар томилогдсон тохиолдолд энэ хуулийн 32.2-т заасан зорилтот түвшний мэдэгдэл нь компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөө боловсруулах суурь баримт болно.
33 дугаар зүйл. Гүйцэтгэх захирлыг томилох
33.1. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх захирлыг томилж, нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллуулна. Тухайн жилийн компанийн гүйцэтгэлийн үнэлгээ болон гүйцэтгэх захирлын ажлын үнэлгээг үндэслэн гэрээг сунгана.
33.2. Энэ хуулийн 33.1-д заасан гэрээнд гүйцэтгэх захирлын ажлын зорилт, санхүүгийн болон үйл ажиллагааны хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, цалин хөлс, урамшууллын хэмжээ, түүнийг олгох журам, эрх, үүрэг, хүлээлгэх хариуцлага, түүний эрх хэмжээг түдгэлзүүлэх, чөлөөлөх үндэслэл, журам болон үйл ажиллагааны талаар тайлагнах хуваарийг тусгана.
33.3. Энэ хуулийн 33.1-д заасан гэрээг байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 72.1-д заасны дагуу үл өрсөлдөх үүрэг хүлээлгэх гэрээний нэмэлт нөхцөлийг тусган хэрэгжүүлж болно.
34 дүгээр зүйл. Гүйцэтгэх захирлын үүрэг
34.1. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэх захирал дараах үүрэгтэй:
34.1.1. компанийн хувьцаа, өөрийн хөрөнгийг урт хугацаанд нэмэгдүүлэх, албаны чиг үүрэг, бүрэн эрхийг хууль, компанийн дүрэмд нийцүүлэн хэрэгжүүлэх;
34.1.2. компанийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авах;
34.1.3. төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан төсвийн хүрээнд компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулах;
34.1.4. компанийн талаарх мэдээ, мэдээлэл, байгууллагын болон бизнесийн нууц, хөрөнгийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй, эсхүл бусдад задруулахгүй байх;
34.1.5. аудитын хороо, дотоод аудитын нэгж, хөндлөнгийн аудитын хуулийн этгээдийг чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
34.1.6. компанийн санхүүгийн үзүүлэлт, үйл ажиллагааны үр дүнг сайжруулахад шаардлагатай бүх арга хэмжээг авах;
34.1.7. санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан журмыг баримтлан бэлтгэж, ил тод тайлагнах;
34.1.8. хууль болон компанийн дүрэмд заасан үйл ажиллагаанд үл хамаарах зардлыг санхүүжүүлэхгүй байх;
34.1.9. энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан мэдээллийг компанийн цахим хуудсанд тухай бүр ил тод, нээлттэй байршуулах, эрх бүхий этгээдэд тайлагнах.
34.2. Гүйцэтгэх захирал хууль, компанийн дүрэмд заасан үүргээ зөрчсөн бол төлөөлөн удирдах зөвлөлийн дарга энэ тухай мэдэгдлийг нотлох баримтын хамт хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид бичгээр хүргүүлж, холбогдох арга хэмжээг авна.
35 дугаар зүйл. Гүйцэтгэх захирлын цалин хөлс, урамшуулал
35.1. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэх захирлын цалин хөлс, урамшууллын хэмжээг энэ хуулийн 33.1-д заасан гэрээгээр тохиролцоно.
35.2. Компанийн хөрөнгийн өгөөж, ашигт ажиллагаа, зах зээлд эзлэх байр суурь өсөн нэмэгдсэн бол гүйцэтгэх захиралд урамшуулал олгохоор гэрээнд зааж болно.
35.3. Гүйцэтгэх захирал гэрээнд зааснаас бусад чиг үүргийг хэрэгжүүлсэн боловч тухайн чиг үүрэгт тохирсон цалин хөлс, урамшуулал олгохоор гэрээнд заагаагүй бол аливаа цалин хөлс, урамшуулал олгохгүй.
35.4. Гүйцэтгэх захирлын цалин хөлс, урамшууллын талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил тод байна.
36 дугаар зүйл. Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх
36.1. Дараах тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлж, гэрээг хугацаанаас нь өмнө цуцална:
36.1.1. үйлдвэрлэлийг өргөжүүлэх, технологийг шинэчлэхэд хөрөнгө оруулснаас бусад тохиолдолд компанийг 3 жил дараалан алдагдал хүлээлгэсэн, эсхүл гэрээнд заасан санхүүгийн зорилтот үзүүлэлтийг 3 жил дараалан хангаж чадахгүй болсон;
36.1.2. компанийн гүйцэтгэлийн үнэлгээ 3 жил дараалан хангалтгүй гэж үнэлэгдсэн;
36.1.3. компани төлбөрийн чадваргүй болсон талаар төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдээгүй, дампуурлын өргөдөл гаргаагүй;
36.1.4. хууль болон компанийн дүрэм, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ноцтой зөрчсөн;
36.1.5. компанийн санхүүгийн байдлын талаар худал мэдээлэл өгсөн;
36.1.6. төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан компанийн төсвийг хүндэтгэн үзүүлэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн;
36.1.7. гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;
36.1.8. энэ хуулийн 32.1-д заасан шаардлагыг хангахгүй болох нь нотлогдсон;
36.1.9. компанийн шинэ бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны стратеги бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, туршлага, чадвар хангалтгүй байх;
36.1.10. албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашигласан, компанийн хөрөнгийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигласан;
36.1.11. эрх бүхий байгууллагаас тухайн гүйцэтгэх захирлын ажил үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, эрхийг хүчингүй болгосон;
36.1.12. үүргээ гүйцэтгэх боломжгүй болох нөхцөл байдал бий болсон, өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;
36.1.13. санхүүгийн тайланд хийсэн аудитаар 3 жил дараалан хангалтгүй дүгнэлт авсан;
36.1.14. компанийн олж авсан хөрөнгийг компанийн өмчид бүртгээгүй, бүртгэлгүй ашигласан
36.2. Гүйцэтгэх захирал нь энэ хуулийн 36.1-д заасан үйлдлийн улмаас компанид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.