Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 3-Р САРЫН 18 ӨДӨР
УЛААНБААТАР
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хууль тогтоомж
2.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Үндэсний аюулгүй байдлын тухай хууль , Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль , Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хууль4, Байгалийн ургамлын тухай хууль5, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль6, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль7, Зөвшөөрлийн тухай хууль8, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль9, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль10, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж хэрэглэснээр хүний төв мэдрэлийн тогтолцоог сэргээх, эсхүл дарангуйлах нөлөө үзүүлж, хөдөлгөөн, сэтгэхүй, мэдрэхүй, зан үйлд өөрчлөлт үүсгэх, бие махбод болон сэтгэцийн хамаарал үүсгэх үйлчилгээтэй, хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу Монгол Улсад төрийн хяналтад байлгахаар тогтоосон нийлэгжүүлсэн болон байгалийн гаралтай бодис, түүнийг агуулсан эм, эмийн түүхий эд, бүх төрлийн бодис, бүтээгдэхүүн, эд, зүйл, материал, ургамлыг;
3.1.2.“мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамал” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамал, мөөг, мод, бут, тэдгээрийн үндэс, иш, навч, цэцэг, үрийг;
3.1.3.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын угтвар бодис” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэхэд ашигладаг, эсхүл түүний молекул бүтцэд ордог, эсхүл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын угтвар бодис гэж олон улсын гэрээнд заасан байгалийн болон нийлэг гаралтай бодисыг;
3.1.4.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт" гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, хилээр нэвтрүүлэх, импортлох, экспортлох, реэкспортлох, худалдах, худалдан авах, олгох, тээвэрлэх, илгээх, хадгалах, хэрэглэх, ашиглах, устгах, олж авах, бусдад өгөх, бусдад болон өөртөө хэрэглэх, бусдад хэрэглүүлэх, дамжуулах, түүгээр үйлчлэх, эдгээрт зуучлах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамал тарималжуулах, түүх болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох аливаа үйл ажиллагааг;
3.1.5.“мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамал тарималжуулах” гэж мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын үр хөрсөнд суулгах, соёолуулах, ургах нөхцөлийг бүрдүүлэх, үржүүлэх, ургуулах гэх зэрэг тарихтай холбогдсон аливаа үйл ажиллагааг;
3.1.6.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэх” гэж мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг түүх, тарих, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулах, гадны хольцоос цэвэрлэх, ангижруулах, бодисоос шинэ төрлийн бодис ялгаж авах, бодис ашиглан өөр төрлийн бодис гаргаж авах, бодисын тун, орц, найрлагыг нэмэгдүүлэх, хувирган өөрчлөх, багасгах, бодис агуулсан бүтээгдэхүүн, түүхий эд гаргаж авах, боловсруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, эмийн түүхий эд найруулах, гаргаж авах аливаа үйлдлийг;
3.1.7.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх” гэж үйлдвэрлэлийн дамжлага, зориулалтын тоног төхөөрөмж ашиглан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис бий болгох, бэлтгэх, боловсруулах үйл ажиллагааг;
3.1.8.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис реэкспортлох” гэж гадаад улсад үйлдвэрлэсэн бөгөөд Монгол Улсад нэмэлт боловсруулалт хийгээгүй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гаалийн горимын дагуу хилийн чанадад буцаан гаргахыг;
3.1.9.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдах” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаанд гаргах, ханган нийлүүлэх, борлуулах, арилжих, солилцох, үүргийн гүйцэтгэлд тооцож бусдад өгөх, түгээх, хүргэх зэргээр хариу төлбөртэйгөөр бусдад шилжүүлэхийг;
3.1.10.“мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм” гэж энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан жагсаалтад орсон бодис агуулсан эмийг;
3.1.11.“мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх” гэж эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллагаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг эмчилгээ, үйлчилгээ, яаралтай тусламжийн үед өвчтөнд хэрэглэхийг;
3.1.12.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлд хүлээн авахыг;
3.1.13.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад өгөх” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдахаас бусад арга, хэлбэрээр бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд шилжүүлэхийг;
3.1.14.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад хэрэглүүлэх” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад хэрэглэхийг санал болгох, хэрэглэхэд туслах, дэмжих, аргыг нь заах, заавар өгөх, худалдан авч өгөх, мэдсээр байж эс хориглох, хууран мэхлэх, худал мэдээлэл өгөх, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх болон бусад байдлаар бусад этгээд тухайн бодисыг хэрэглэхэд хүргэх болон хүргэсэн нөхцөл байдал бүхий үйлдэл, эс үйлдэхүйг;
3.1.15.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад хэрэглэх” гэж бусад этгээд өөрөө хэрэглэх чадваргүй, боломжгүй, мэдэхгүй, хүсэхгүй байхад нь өөрийн болон гуравдагч этгээдийн үйлдлээр хүнийг мансууруулах, мансуурах нөхцөл байдалд хүргэх үйлдэл, эс үйлдэхүйг;
3.1.16.“урвуулан хэрэглэх” гэж зориулалтын бусаар, зүй бус хэлбэрээр, эмнэлзүйн заалт, эмчилгээний аргачлал, хэрэглээний журмыг зөрчин, тун хэмжээг хэтрүүлэн хэрэглэж мансуурахыг;
3.1.17.“эм” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.1, эсхүл Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн 4.1.1-д заасныг;
3.1.18.“эмийн түүхий эд” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.36-д заасныг.
3.1.19.“эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллага” гэж хуульд заасан зөвшөөрөл бүхий, хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг.
4 дүгээр зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1.хууль дээдлэх, шударга ёсны байх;
4.1.2.хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хууль ёсны ашиг сонирхлыг нь хүндэтгэх;
4.1.3.хүний хувийн эмзэг мэдээллийг хамгаалах;
4.1.4.цогц, уялдаа холбоотой, шуурхай, мэргэшсэн байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТӨРИЙН БОДЛОГО
5 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн бодлого
5.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх зорилгоор төрөөс дараах бодлогыг баримтална:
5.1.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийг бүрэн хянах;
5.1.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарлыг эрт шатанд илрүүлэх, мансуурах, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай хүнд эрүүл мэндийн болон сэтгэц-нийгмийн сэргээн засах, нийгмийн хамгааллын нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх, сөрөг зуршлаас татгалзуулах, нийгэмшүүлэх цогц оновчтой аргаар мансуурах, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар хэрэглэгчийн тоог бууруулах;
5.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шуурхай илрүүлэх, таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах.
6 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ
6.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн бодлогын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
6.1.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлттэй холбоотой бүх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх;
6.1.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр төрийн болон Засгийн газрын бус байгууллага, олон нийт, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах;
6.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахын эсрэг хүн, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн үйл ажиллагаа, санал, санаачилгыг дэмжих, эрүүл амьдралын хэв маяг болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үл тэвчих дадлыг сурталчлах;
6.1.4.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралт байдлын шалтгаан, нөхцөлийг тогтоох, эмчлэх шинэ төрлийн арга хэрэгсэл, эмчилгээний эмнэл зүйн удирдамж, арга зүйг олон улсын жишигт нийцүүлэн бий болгох, нэвтрүүлэх, тэдгээрийг эмчилгээнд нэвтрүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын ажлыг төрөөс дэмжих;
6.1.5.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хэрэглэгчийн тоог бууруулах, хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа болон тэнссэн, зөрчлийн арга хэмжээ авагдсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай хүнийг эмчлэх, нийгэмшүүлэх, ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй зохион байгуулах, тэдгээрт тусламж, үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх;
6.1.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай, хэрэглэсэн хүн сайн дураараа эмчилгээнд хамрагдах боломж бүрдүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарлыг бууруулах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх, нэгдсэн мэдээллийн санг бий болгох;
6.1.7.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх;
6.1.8.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг эргэлтэд оруулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, эмийн жороор хэрэглэх эрхтэй хүн өөрийн хэрэгцээнд шаардлагатайгаас илүү хэмжээний мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн өмчлөл, эзэмшилд төвлөрүүлэхээс урьдчилан сэргийлэх;
6.1.9.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, эрүүл мэнд, сэтгэц-нийгмийн сэргээн засах, нийгмийн хамгааллын тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бүтэц, орон тоог бэхжүүлэх, хүний нөөцийг сургаж мэргэшүүлэх, шаардлагатай барилга байгууламж, лаборатори, тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгслээр хангах.
6.2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний хороо /цаашид “Үндэсний хороо” гэх/ Монгол Улс дахь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар тандалт судалгааг хоёр жил тутам зохион байгуулж хэрэгжүүлнэ.
6.3.Энэ хуулийн 6.2-т заасан тандалт судалгаа нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн нөхцөл байдал болон цаашдын чиг хандлагыг тогтоох, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээний нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл, хор уршгийг тооцох, хууль бус эргэлтийг таслан зогсоох, хууль бус эргэлттэй үр дүнтэй тэмцэж урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох зорилготой байна.
7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны санхүүжилт
7.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дараах үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ:
7.1.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх, тодорхойлох өндөр хүчин чадалтай, дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авах;
7.1.2.Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба /цаашид “Хар тамхитай тэмцэх алба” гэх/, цагдаа, тагнуул, гааль, хил хамгаалах, шүүх шинжилгээ, эрүүл мэндийн байгууллагын ажилтныг гадаад улсад мэргэшүүлэх болон давтан сургалтад хамруулах;
7.1.3.эмнэлгийн байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж бодис худалдан авах;
7.1.4.улсын хэмжээнд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын тархац, нөөцийн судалгааг гаргах, тогтмол устгал хийх;
7.1.5.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн хүн, хуулийн этгээдийг урамшуулах;
7.1.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн нөхцөл байдал, шалтгаан, үр дагаврын талаар мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагаар судалгаа хийлгэх;
7.1.7.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах;
7.1.8.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал бүхий хүнд сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг ашгийн төлөө бус хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэх;
7.1.9.хилийн боомт бүрийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх, шуурхай шинжлэх техник хэрэгсэл, боломж нөхцөлөөр хангах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС, ТҮҮНИЙ УГТВАР БОДИСЫН АНГИЛАЛ, ЖАГСААЛТ, ЭРГЭЛТ
8 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын ангилал
8.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хүний эрүүл мэндэд үзүүлэх хор уршиг, урвуулан хэрэглэх эрсдэл, урвуулан хэрэглэсний улмаас хүний бие болон сэтгэцийн хамаарал үүсгэдэг сөрөг нөлөө болон тэдгээрийн эргэлтэд тавих хяналтын түвшин, хүн ам, мал, амьтны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан дараах байдлаар ангилна:
8.1.1.“А” ангиллын бодист Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглах, хэрэглэхийг хориглосон, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ашиглаж, хэрэглэдэггүй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хамаарна;
8.1.2.“Б” ангиллын бодист хүн ам, мал, амьтны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хяналттайгаар ашиглаж, хэрэглэдэг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хамаарна;
8.1.3.“В” ангиллын бодист энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т заасан ангилалд хамаарах бодис агуулаагүй боловч тухайн бодисыг урвуулан хэрэглэснээр мансууруулах, сэтгэцэд нөлөө үзүүлэх эрсдэлтэй эм, бодис хамаарна;
8.1.4.“Г” ангиллын бодист мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын угтвар бодис хамаарна;
8.1.5. “Д” ангиллын бодист мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамал хамаарна.
8.2.Энэ хуулийн 8.1-д заасан ангилалд хамаарах мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтыг Засгийн газар батална.
9 дүгээр зүйл.Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй шинэ төрлийн бодис
9.1.Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй шинэ төрлийн бодис илэрсэн, эсхүл Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны Мансууруулах бодисын тухай нэгдсэн конвенц болон 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын хавсралтад өөрчлөлт орсон тохиолдолд тухайн бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар мэргэжлийн байгууллагын шинжилгээ, дүгнэлтийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эсхүл эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар тухайн бодисыг энэ зүйлд заасан ангилалд хамааруулах асуудлыг нэн даруй шийдвэрлэнэ.
10 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний угтвар бодисын эргэлт
10.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний угтвар бодисыг хуульд зааснаас бусад тохиолдолд эргэлтэд оруулахыг хориглоно.
10.2.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “А” ангилалд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эм, эмийн түүхий эдийн үйлдвэрлэлд ашиглах, тус бодистой холбогдуулан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, эргэлтэд оруулах болон хуульд зааснаас бусад тохиолдолд ашиглахыг хориглоно.
11 дүгээр зүйл.Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй шинэ төрлийн бодисын эргэлтийг хориглох
11.1.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан ангилал, жагсаалтад ороогүй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй шинэ төрлийн бодисыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эм, эмийн түүхий эдийн үйлдвэрлэлд ашиглах, тус бодистой холбогдуулан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, эргэлтэд оруулах, хуульд зааснаас бусад тохиолдолд ашиглахыг хориглоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСТОЙ ХОЛБОГДОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ
12 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
12.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох дараах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ:
12.1.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх;
12.1.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис импортлох, экспортлох, реэкспортлох;
12.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ханган нийлүүлэх;
12.1.4.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эм худалдах, олгох эмийн сангийн үйлчилгээ эрхлэх;
12.1.5.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэх;
12.1.6.мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар түүх.
12.2.Энэ зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.6-д заасан зөвшөөрөл эзэмшигч нь дараа онд үйлдвэрлэх, импортлох, экспортлох, түүх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын мэдээллийг тухайн оны эхний хагас жилд багтаан эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон Хар тамхитай тэмцэх албанд тус тус хүргүүлнэ.
12.3.Зөвшөөрөл эзэмшигч нь тус үйл ажиллагааныхаа хүрээн дэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тээвэрлэлтийг хариуцна.
12.4.Зөвшөөрөлтэй холбогдох энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.
13 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлага
13.1.Энэ хуулийн 12.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /цаашид “зөвшөөрөл” гэх/-ийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд олгоно.
13.2.Зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хууль, холбогдох бусад хуульд зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
13.2.1.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний хамааралтай ажилтангүй байх;
13.2.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх талаар ажилтнуудыг сургаж, дадлагажуулах төлөвлөгөөтэй байх;
13.2.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тоо хэмжээ, эргэлт, зарцуулалтын бүртгэлийг хөтөлж, тайланг эрх бүхий байгууллагад хүргүүлэх үйл ажиллагааг зохицуулсан дотоод журамтай байх;
13.2.4.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой ажил, үүргийг биечлэн гүйцэтгэх ажилтанд тавих ажил, үүрэг, мэргэжлийн болон ёс зүйн шаардлагыг дотоод журмаар тогтоосон байх;
13.2.5.зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу явуулахад тохирсон барилга байгууламж, бүрэн бүтэн, чанарын аюулгүй байдлын хадгалалтыг хангах техник, хамгаалалтын хэрэгсэлтэй байх;
13.2.6.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх;
13.2.7.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис алдагдахаас сэргийлэх, халдлага, хулгайгаас сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байх.
13.3.Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар түүх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 13.2-т зааснаас гадна зөвшөөрөл авах зорилгодоо нийцүүлэн судалгаа, шинжилгээний ажлын зорилго, аргачлал, хугацаа, хэрэгжүүлэх нөхцөлийг тусгасан танилцуулгыг зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад ирүүлнэ.
13.4.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчилд хариуцлага хүлээж байсан хүнээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.
14 дүгээр зүйл.Зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримт бичиг
14.1.Зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
14.1.1.эрхлэх үйл ажиллагааны зорилго, төрөл, үндсэн чиглэл, мэргэжлийн хүний нөөцийн талаарх мэдээлэл;
14.1.2.эрхлэх үйл ажиллагаанд холбогдох аюулгүй ажиллагаа, хадгалалтын нөхцөлийг хангаж байгаа талаарх танилцуулга;
14.1.3.дотоод хяналтын нэгж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой харьцаж ажиллах ажилтныг томилсон тухай шийдвэр;
14.1.4.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хадгалах агуулах нь стандартын шаардлага хангасан эсэх талаарх эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, мал, амьтны зориулалттай эм, эмийн түүхий эд бол мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналтын улсын байцаагчийн дүгнэлт;
14.1.5.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой харьцаж ажиллах ажилтны эрүүл мэндийн байдалд тавигдах шаардлагыг хангасан талаар эмнэлгийн байгууллагын тодорхойлолт.
14.2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 14.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
14.2.1.үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, үйлдвэрлэлийн дамжлага болон дотоод хяналтын тогтолцооны тухай дэлгэрэнгүй танилцуулга;
14.2.2.нэг жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал, төлөвлөгөөг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэр, тун, хэлбэр, тоо, хэмжээгээр илэрхийлсэн мэдээлэл;
14.2.3.үйлдвэрлэлд ашиглах тоног төхөөрөмжийг мэдээлэл.
14.3.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис импортлох, экспортлох, реэкспортлохтой холбоотой зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 14.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
14.3.1.экспортлогч, эсхүл импортлогч талтай байгуулсан гэрээ;
14.3.2.экспортлох, импортлох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэр, тун, хэлбэр, тоо, хэмжээний талаарх мэдээлэл.
14.4.Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу энэ зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг шалгана.
15 дугаар зүйл.Зөвшөөрөл олгох, мэдэгдэх журам
15.1.Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянаж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлэнэ.
15.2.Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт багтаан зөвшөөрөл олгосон тухай Хар тамхитай тэмцэх албанд мэдэгдэнэ.
16 дугаар зүйл.Зөвшөөрлийн хугацаа
16.1.Зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгоно.
17 дугаар зүйл.Зөвшөөрлийн хугацааг сунгасныг мэдэгдэх
17.1.Зөвшөөрөл олгогч зөвшөөрлийн хугацааг таван жилийн хугацаагаар сунгах бөгөөд сунгасан шийдвэрийг ажлын гурван өдрийн дотор Хар тамхитай тэмцэх албанд хүргүүлнэ.
18 дугаар зүйл.Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх
18.1.Зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тоо хэмжээ, чанар, аюулгүй байдалд дотоод хяналт тавих боломжгүй болсон нь хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд түдгэлзүүлнэ.
18.2.Зөвшөөрлийг энэ хуулийн 18.1-д заасан зөрчлийг арилгах хүртэл түдгэлзүүлж, зөрчлийг арилгасан тохиолдолд сэргээнэ.
18.3.Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь зөвшөөрөл эзэмшигчийг энэ хууль болон зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
18.4.Зөвшөөрөл олгогч нь зөвшөөрөл түдгэлзүүлсэн, сэргээсэн тухай шийдвэр гарснаас хойш ажлын нэг өдрийн дотор Хар тамхитай тэмцэх албанд хүргүүлнэ.
19 дүгээр зүйл.Зөвшөөрөл шилжүүлэхийг хориглох
19.1.Зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг хориглоно.
19.2.Зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг бусдад шилжүүлэх тохиолдолд зөвшөөрөл нь хүчингүйд тооцогдох ба хуулийн этгээдийг шилжүүлж авсан хүн, хуулийн этгээд нь шинээр зөвшөөрөл авна.
19.3.Зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь нэгдэх, нийлүүлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулагдсан тохиолдолд тус зөвшөөрөл хүчингүйд тооцогдох ба өөрчлөн байгуулагдаж энэ хуулийн 12.1-д заасан үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд нь шинээр зөвшөөрөл авна.
20 дугаар зүйл.Зөвшөөрлийг хүчингүй болгох
20.1.Зөвшөөрөл олгогч зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах тохиолдолд хүчингүй болгоно:
20.1.1.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд тухайн үйл ажиллагааг явуулсан;
20.1.2.бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ нь стандарт, техникийн зохицуулалтад нийцээгүй, эсхүл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар эргэлтэд оруулж хариуцлага хүлээсэн;
20.1.3.эрх бүхий байгууллага, албан тушаалтны хяналт шалгалт хийх үйл ажиллагаанд саад учруулсан, хяналт шалгалтад хамрагдахаас зайлсхийсэн;
20.1.4.зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, ашиглуулсан, барьцаалсан;
20.1.5.зөвшөөрлийг нь нэг жилийн хугацаанд 3 удаа хуульд заасны дагуу түдгэлзүүлсэн.
20.2.Зөвшөөрөл олгогч зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг ажлын нэг өдрийн дотор Хар тамхитай тэмцэх албанд мэдэгдэнэ.
20.3.Эмийн сангийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд зөвшөөрөл олгогч Хар тамхитай тэмцэх албанд шийдвэр гарснаас хойш ажлын нэг өдрийн дотор мэдэгдэнэ.
21 дүгээр зүйл.Зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг
21.1.Зөвшөөрөл эзэмшигч нь Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:
21.1.1.зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулах байршлын талаарх мэдээллийг ажлын 3 өдрийн дотор Хар тамхитай тэмцэх албанд хүргүүлэх;
21.1.2.энэ хуулийн 21.1.1-д заасан байршлыг өөрчилсөн тохиолдолд шинэ байршлын талаарх мэдээллийг ажлын 3 өдрийн дотор Хар тамхитай тэмцэх албанд хүргүүлэх;
21.1.3.өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэр, төрөл, тоо хэмжээ, хүлээн авахаас зарцуулах хүртэлх буюу өөрийн эзэмшлээс гаргах хүртэлх эргэлтийг тухай бүр тэмдэглэж, бүртгэл хөтлөх;
21.1.4.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис дутсан, алдагдсан, илүүдсэн зэрэг зөрчил гарсан тохиолдолд Хар тамхитай тэмцэх албанд нэн даруй мэдэгдэх;
21.1.5.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх зөвшөөрөл эзэмшигч нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг зөвхөн зөвшөөрөл эзэмшигч болон энэ хуульд заасан ашиглах эрх бүхий байгууллагад ханган нийлүүлэх, хүлээлгэн өгөх;
21.1.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм худалдах, олгох эмийн сангийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасны дагуу, зөвхөн холбогдох эмийн жороор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм худалдах, олгох;
21.1.7.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг зөвхөн энэ хуульд заасан зөвшөөрөл бүхий этгээдээс худалдан авах болон бусад хэлбэрээр хүлээн авах;
21.1.8.энэ хуульд заасан тайланг хуульд заасны дагуу, үнэн зөв, бүрэн гаргаж хүргүүлэх;
21.1.9.хуульд заасан бусад.
22 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох үйл ажиллагааны тайлан
22.1.Зөвшөөрөл эзэмшигч нь эргэлтэд оруулсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэр, тун, хэлбэр, цувралын дугаар, тоо хэмжээ, тэдгээрийг хүлээн авсан, ханган нийлүүлсэн, түгээсэн, худалдсан, олгосон, хадгалсан, устгасан тайланг бодис бүрээр, улирал тутам гаргаж, дараа улирлын эхний сарын 10-ны өдрийн дотор Хар тамхитай тэмцэх албанд болон зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.
22.2.Хар тамхитай тэмцэх алба энэ хуулийн 22.1-д заасан тайланг нэгтгэн жилээр гаргаж, дараах асуудлыг тусган энэ хуульд заасан Үндэсний хороонд дараа жилийн эхний улиралд багтаан танилцуулна:
22.2.1.улсын хэмжээнд нийт эргэлтэд орсон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэр, төрөл, хэмжээ, гарал үүсэл, зориулалт, зарцуулалтыг төрөл тус бүрээр;
22.2.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой зөвшөөрөл эзэмшигчийн тоо, байршил, үйл ажиллагааны чиглэл, тэдгээрийн үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа бодисын нэр, төрөл, тоо хэмжээ, гарал үүсэл;
22.2.3.энэ хуульд заасан хугацаанд тайлан, мэдээ ирүүлээгүй, эсхүл тайлан ирүүлсэн боловч худал тайлан ирүүлсэн этгээдийн мэдээлэл, тухайн этгээдийн зөвшөөрөл хүчинтэй, түдгэлзсэн эсэх мэдээлэл.
22.3.Энэ хуулийн 22.1, 22.2-т заасан тайлангийн маягтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
22.4.Үндэсний хороо энэ хуулийн 22.2-т заасан тайланг хэлэлцэж, холбогдох этгээдэд зөвлөмж, шаардлага хүргүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд тайланг Засгийн газарт танилцуулна.
23 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох үйл ажиллагааны тайланг хадгалах
23.1.Хар тамхитай тэмцэх алба, зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллага болон энэ хуулийн 12.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 22.1, 22.2-т заасан тайланг 15 жил хадгална.
ТАВДУГААР БҮЛЭГ
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСТОЙ ХОЛБОГДОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
24 дүгээр зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх
24.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх зөвшөөрөл эзэмшигч нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эм, эмийн түүхий эд үйлдвэрлэлийн зориулалтаар, зөвхөн Монгол Улсын эм, эмийн түүхий эдийн бүртгэлд орсон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмийн түүхий эд үйлдвэрлэнэ.
24.2.Зөвшөөрөл эзэмшигч нь үйлдвэрлэсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын орц, найрлага, түүний эзлэх хувь, төрлийн талаар эмийн магадлан итгэмжлэгдсэн лабораториор жилд нэг удаа шинжлүүлж, эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, мал, амьтны зориулалттай эм, эмийн түүхий эд бол мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулна.
24.3.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэхэд тавигдах энэ хуулиар зохицуулснаас бусад шаардлага, харилцааг Зөвшөөрлийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулиар зохицуулна.
25 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг импортлох, экспортлох, реэкспортлох
25.1.Монгол Улсын эм, эмийн түүхий эдийн бүртгэлд орсноос бусад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис импортлох, экспортлохыг хориглоно.
25.2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис экспортлох, импортлох зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын эм, эмийн түүхий эдийн бүртгэлд орсон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг зөвхөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эм, эмийн түүхий эд үйлдвэрлэлийн зориулалтаар, импорт, экспортын мэдүүлгээр импортолж, экспортлоно.
25.3.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис импортлох, экспортлоход Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах эмийн тухай 1961 оны Конвенцын 31 дүгээр зүйл, Сэтгэцэд нөлөөт бодисын тухай 1971 оны Конвенцын 12, 13 дугаар зүйл, Мансууруулах эм болон сэтгэц нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг 1988 оны Конвенцын 16 дугаар зүйлд заасныг баримтална.
25.4.Зөвшөөрөл эзэмшигч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр оруулснаас хойш 3 хоногийн дотор Хар тамхитай тэмцэх албанд болон зөвшөөрөл олгосон байгууллагад импортолсон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэр, төрөл, тоо хэмжээг мэдээлнэ.
25.5.Гадаад улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэгчийн Монгол Улс дахь албан ёсны гэрээт борлуулагч нь энэ хуульд заасан зөвшөөрөл авах бөгөөд тус гэрээт борлуулагч нь үйлдвэрлэгчийн хүсэлтэд үндэслэн тухайн үйлдвэрлэгчийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг зөвхөн үйлдвэрлэгч рүү реэкспортолж болно.
25.6.Зөвшөөрөл эзэмшигчийн импортолсон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь чанар, стандарт, гэрээний шаардлага хангаагүй, эсвэл үлдэгдэл их, хүчинтэй хугацаа дуусах дөхсөн бол зөвшөөрөл эзэмшигч нь экспортлогчийн хүсэлтийг үндэслэн экспортын мэдүүлгээр экспортлогч руу буцаан гаргаж, реэкспорт хийж болно.
25.7.Зөвшөөрөл эзэмшигч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэр, төрөл, гарал үүсэл, тоо хэмжээ, чанар, огноо, хүлээн авсан улс, хүлээн авсан этгээдийн мэдээлэл, зорилго, шалтгаан, нэвтрүүлсэн хилийн боомт зэрэг мэдээллийг импортолсон, экспортолсон, реэкспортолсноос хойш 3 хоногийн дотор Хар тамхитай тэмцэх албанд хүргүүлнэ.
25.8.Энэ хуулийн 25.6-д заасан тайлангийн маягтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
25.9.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис импортлох тухай бүрд импортын мэдүүлэг, экспортлох, реэкспортлох тухай бүрд экспортын мэдүүлэг олгоно.
25.10.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол импорт, экспортын мэдүүлгийг олгоход Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан зохицуулалтыг баримтална.
25.11.Импорт, экспортын мэдүүлэгт олгосон эрх бүхий байгууллагын нэр, хаяг, огноо, экспортлох, импортлох, реэкспортлох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэр, тоо хэмжээ, хэлбэр, экспортлогч болон импортлогч, реэкспортлогчийн нэр, хаяг болон экспорт, импорт, реэкспорт хийсэн байх хугацаа, хүлээн авагчийн нэр, хаяг зэргийг тусгана.
25.12.Импорт, экспортын мэдүүлэг олгогч нь энэ зүйлийн 25.10-т заасан мэдээллийг мэдүүлэг олгосноос хойш ажлын гурван өдрийн дотор Хар тамхитай тэмцэх албанд хүргүүлнэ.
26 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх
26.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг импорт, экспортын мэдүүлэгт заасан тоо хэмжээ, нэр, төрөл, хэлбэр, цувралын дугаарын дагуу энэ хуулийн 26.7-д заасан хилийн боомтоор нэвтрүүлнэ.
26.2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд экспортлогч, импортлогч талуудын хооронд байгуулсан гэрээ, зөвшөөрөл, эм, эмийн түүхий эдийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх, дээжид хийсэн шинжилгээний дүн, гадаад улсын эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл зэргийг үндэслэн гаалийн байгууллагын хяналт шалгалтад хамруулсны дараа Монгол Улсын хилээр нэвтрүүлнэ.
26.3.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж оруулахдаа дээжийг хилийн боомтын гаалийн байгууллагын лабораторийн шинжилгээнд заавал хамруулна.
26.4.Шүүх шинжилгээний байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг судлан тогтоох, тодорхойлох, харьцуулан шинжлэх зорилгоор оруулж ирэх стандарт дээжийг энэ хуулийн 26.3-т заасан шинжилгээнд хамруулахгүй.
26.5.Гаалийн байгууллага нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хилээр нэвтрүүлснээс хойш 24 цагийн дотор энэ тухай Хар тамхитай тэмцэх албанд мэдэгдэх арга хэмжээ авна.
26.6.Энэ хуулийн 26.5-д заасан мэдэгдлийн маягтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
26.7.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтын жагсаалтыг Засгийн газар батална.
26.8.Тагнуул, хил хамгаалах, Хар тамхитай тэмцэх алба, гаалийн байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авна.
27 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ханган нийлүүлэх
27.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ханган нийлүүлэх зөвшөөрөл эзэмшигч нь зөвхөн Монгол Улсын эм, эмийн түүхий эдийн бүртгэлд орсон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг зөвшөөрөл бүхий этгээд болон энэ хуульд заасан ашиглах эрх бүхий байгууллагад ханган нийлүүлнэ.
27.2.Зөвшөөрөл эзэмшигч нь мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисыг ханган нийлүүлэхдээ энэ хуульд заасан зөвшөөрөл, ашиглах эрх болон захиалгыг үндэслэх ба зөвшөөрөл, захиалгыг баримтжуулан 15 жил хадгална.
27.3.Мал, амьтны мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг худалдах, ханган нийлүүлэхтэй холбогдох энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулиар зохицуулна.
27.4.Мал, амьтны мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм ханган нийлүүлэх зөвшөөрөл эзэмшигч нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм хүлээн авсан зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нэр, хаяг, хүлээн авсан ажилтны нэр, огноо зэргийг тусгасан тайланг улирлаар гарган, дараа улирлын эхний сарын 5-ны өдрийн дотор мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд тус газар нь тайланг нэгтгэн Хар тамхитай тэмцэх албанд тухайн сарын 15-ны өдөрт багтаан хүргүүлнэ.
28 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийн жор олгох
28.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан, хүнд зориулсан эм /цаашид “эм” гэх/ олгох жорыг эмчлэх эрх бүхий их эмч үйлдэнэ.
28.2.Эмчилгээний тунгаар орсон нийлмэл найрлагатай эм олгоход мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийн жор /цаашид “жор” гэх/ бичнэ.
28.3.Жорд өвчтөний овог, нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, олон улсын өвчний ангиллын (ICD) код, эмийн олон улсын ерөнхий нэршил, тун хэмжээ, эмчилгээний үргэлжлэх хугацаа, хэрэглэх арга, жор бичсэн огноо, үйлчлүүлэгчид хэрэглэх арга, илэрч болох гаж нөлөөний талаарх дэлгэрэнгүй зааварчилгаа, шаардлагатай тохиолдолд өвчтөний эмийг хүлээн авах гэр бүлийн насанд хүрсэн гишүүний мэдээллийг тусган, жорын индекс болон эм олгох талаар тэмдэглэл хийж, жорын бүртгэл хөтөлнө.
28.4.Жор үйлдэхэд эмийн жорын маягт, жор бичилтийн үндэсний стандартыг баримтална.
28.5.Жорыг индексийн дугаартайгаар, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын тамга бүхий тусгайлсан маягт дээр үйлдэх бөгөөд тухайн эмнэлгийн тамга, ерөнхий эмчийн гарын үсэг, жор бичсэн эмчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажуулсан байна.
28.6.Мансууруулах эмийн жорын маягтын дугаар нь тухайн аймаг, нийслэлийн засаг захиргааны нэгжийн код болон 5 оронтой тоо, сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягт нь дээрх код болон 6 оронтой тооноос бүрдэнэ.
28.7.Жорын индексийн дугаарыг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгож, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар түгээнэ.
28.8.Жорын маягтыг тухайн байгууллагын захиалга болон өмнө авсан жорын маягтын зарцуулалтын тайланг үндэслэн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар олгоно.
28.9.Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар нь жорын зарцуулалтын тайланг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу, энэ хуулийн 27.3-т заасан мэдээллийг тусган улирлаар гарган, дараа улирлын эхний сарын 10-ны дотор Хар тамхитай тэмцэх алба болон эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
28.10.Жорыг бусад жортой хугацаа давхардуулан хэрэглэх боломжтой байдлаар буюу давхар бичиж олгохыг хориглоно.
28.11.Эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, мөн эмчилгээний стандартаар тухайн эмийг хэрэглэх заалтгүй тохиолдолд жор бичиж олгохыг хориглоно.
28.12.Нэг жорд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эм хамт бичихийг хориглоно.
28.13.Мал, амьтны зориулалттай, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг малын их эмчийн үйлдсэн жороор хэрэглэх бөгөөд жор үйлдэхэд энэ хуулийн 28.10, 28.11, 28.12 дахь хэсгийг баримтална.
28.14.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан, мал, амьтны зориулалттай эмийн жортой холбогдох энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулиар зохицуулна.
29 дүгээр зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг эмийн сангаас олгох
29.1.Энэ хуулийн 12.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй тохиолдолд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг эмийн сангаас олгохыг хориглоно.
29.2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг жоргүй олгохыг хориглоно.
29.3.Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эм олгохыг хориглоно.
29.4.Эмийн сан нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг эмчийн хүчинтэй жор, үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэхийг үндэслэн жорд заасан тоо, хэмжээгээр олгоно.
29.5.Эмийн сан нь үйлчлүүлэгчийн хувийн бичиг баримтыг шалгаж, жорд заасан өвчтөн, эсхүл түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүнд эмийг олгоно.
Тайлбар: Энэ хуулийн 29.5-т заасан бичиг баримтад иргэний үнэмлэх, гадаад паспорт, эсхүл жолоодох эрхийн үнэмлэх хамаарна.
29.6.Эмийн сан нь эм хүлээн авсан хүний овог, нэр, бүртгэлийн дугаар, гэрийн хаяг, огноо зэргийг тусгасан тайланг улирлаар гарган, дараа улирлын эхний сарын 5-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлэх бөгөөд тус газар нь тайланг нэгтгэн Хар тамхитай тэмцэх алба болон эм, эмнэлгийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухайн сарын 15-ны өдөрт багтаан хүргүүлнэ.
29.7.Дараах тохиолдолд эмийн сангаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эм олгохыг хориглоно:
29.7.1.жоргүй болон жорын хугацаа дуусаж хүчингүй болсон бол;
29.7.2.жор бичигдсэн өдрөөс хойш 7 ба түүнээс дээш хоногийн хугацаа өнгөрсөн бол;
29.7.3.үйлчлүүлэгч нь хүүхэд, эсхүл өөрийгөө удирдах чадваргүй болон согтуу бол.
Тайлбар: -Энэ зүйлд заасан “хүүхэд” гэдэгт жорд бичсэн өвчтөн хамаарахгүй.
30 дугаар зүйл.Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамал түүх
30.1.Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг энэ хуулийн 12.1.6-д заасан зөвшөөрлийн үндсэн дээр, зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар түүнэ.
30.2.Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг энэ хуулийн 30.1-д зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт түүхийг хориглоно.
30.3.Судалгаа, шинжилгээний зориулалтаар түүсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг худалдан борлуулах, судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар ашиглахыг хориглоно.
30.4.Эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамал түүх тохиолдолд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг түүх хэмжээ, байршлыг Хар тамхитай тэмцэх албанд урьдчилан мэдэгдэж, Хар тамхитай тэмцэх албаны хяналт дор түүнэ.
30.5.Зөвшөөрөл бүхий этгээд нь түүсэн, судалгаа, шинжилгээ хийсэн, ашигласан, үлдсэн, хадгалсан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын нэр, тоо хэмжээ, ургамал түүсэн талбайн байршил, хэмжээ, түүсэн зорилго, хүлээн авсан этгээдийн нэр, хаяг, үйл ажиллагааны талаарх тайланг улирал бүр гаргаж, дараа улирлын эхний сарын 10-ны өдрийн дотор Хар тамхитай тэмцэх алба болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА ЧИГ ҮҮРГИЙН ХҮРЭЭНД АШИГЛАХ
31 дүгээр зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хуульд заасан эрх бүхий байгууллага чиг үүргийн хүрээнд ашиглах
31.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний угтвар бодис, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй шинэ төрлийн бодис, ургамлыг дараах эрх бүхий байгууллага дор дурдсан холбогдох зориулалтаар ашиглаж болно:
31.1.1.эрдэм шинжилгээ, судалгааны эрх бүхий байгууллага эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар;
31.1.2.эрх бүхий шинжилгээний байгууллага шинжилгээний зориулалтаар;
31.1.3.хил хамгаалах, гааль, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага сургалтын зориулалтаар.
31.2.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан жагсаалтын “Б”, “В” ангилалд хамаарах бодисыг эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллага, зэвсэгт хүчин, төрийн тусгай хамгаалалт, гамшгаас хамгаалах байгууллага нь хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зориулалтаар, улсын нөөцийн байгууллага эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зориулалтаар улсын нөөцөд ашиглаж болно.
31.3.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, шинэ төрлийн бодис, түүний угтвар бодисыг эрх бүхий байгууллага гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан журмын дагуу ашиглаж болно.
31.4.Энэ хуулийн 31.1.1, 31.1.2, 31.1.3-т заасан байгууллага (цаашид “ашиглах эрх бүхий байгууллага” гэх)-ын жагсаалтыг Засгийн газар батална.
31.5.Ашиглах эрх бүхий байгууллага нь өөрийн үйл ажиллагааныхаа хүрээн дэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тээвэрлэлтийг хариуцна.
31.6.Ашиглах эрх бүхий байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын ашиглалт буюу хүлээн авахаас зарцуулах хүртэлх бүхий л үе шатанд бүртгэл, дотоод хяналт шалгалт тогтмол хийнэ.
31.7.Ашиглах эрх бүхий байгууллага нь импортолсон, хүлээн авсан, ашигласан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, шинэ төрлийн бодис, угтвар бодисын нэр, төрөл, гарал үүсэл, тоо хэмжээ, зориулалт, зарцуулалт, зарцуулсан ажилтны нэр, огнооны талаарх тайланг улирал бүр гаргаж, дараа улирлын эхний сарын 10-ны дотор Хар тамхитай тэмцэх албанд хүргүүлнэ.
31.8.Ашиглах эрх бүхий байгууллага нь дараа онд ашиглах шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэр төрөл, тоо хэмжээг тооцон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухайн жилийн 1 дүгээр улиралд багтаан хүргүүлнэ.
31.9.Ашиглах эрх бүхий байгууллагад тухайн жилд ашиглах мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын дээд хэмжээ, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоор хангах, ашиглах, зарцуулах, устгах, хяналт тавихтай холбоотой журмыг Засгийн газар батална.
32 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах
32.1.Хар тамхитай тэмцэх алба, тагнуулын байгууллага, түүний гүйцэтгэх ажилтан, мөрдөгч нь хяналттай хүргэлт, хяналтын худалдан авалт болон туршилт хийх, харьцуулах шинжилгээнд зориулан дээж авах, эд зүйл, баримт бичгийг шинжлэн судлах зэргээр гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах ажиллагаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, шинэ төрлийн бодис, угтвар бодисыг ашиглаж болно.
33 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг зэвсэгт хүчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зориулалтаар ашиглах
33.1.Зэвсэгт хүчний анги, байгууллага, тусгай томилгоо бүхий нэгж нь олон улсын эрх зүйн дагуу дайн бүхий нөхцөл байдал, зэвсэгт мөргөлдөөний үед эрүүл мэнд, батлан хамгаалах, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зориулалтаар ашиглах болон хилээр нэвтрүүлж болно.
34 дүгээр зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль сахиулах байгууллага сургалтын зориулалтаар ашиглах
34.1.Хууль сахиулах тусгай чиг үүрэг бүхий Хар тамхитай тэмцэх алба, тагнуул, хил хамгаалах, шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гаалийн байгууллага нь сургалтын үйл ажиллагаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ашиглаж болно.
35 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг шинжилгээний зориулалтаар ашиглах
35.1.Энэ хуулийн 31.1-д заасан шинжилгээний байгууллага болон дараах байгууллага судлан тогтоох, тодорхойлох, харьцуулан шинжлэх зориулалтаар шинжилгээ хийхэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ашиглаж болно:
35.1.1.шүүх шинжилгээний байгууллагын лаборатори;
35.1.2.Хар тамхитай тэмцэх албаны лаборатори;
35.1.3.гаалийн байгууллагын хилийн боомт дахь лаборатори;
35.1.4.эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори.
35.2.Шинжилгээнд ашиглах мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын стандарт дээж импортлох зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн бодисыг эм, эмийн түүхий эдийн бүртгэлд бүртгэгдсэн эсэхээс үл хамааран энэ хуулийн 35.1-д заасан байгууллагад хүсэлт гаргаснаас хойш ажлын таван өдрийн дотор олгоно.
35.3.Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага экспортлогч талтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын стандарт дээжийг шинжилгээний зориулалтаар импортлох тухай гэрээ урьдчилан байгуулсан байна.
35.4.Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлснээс хойш 3 хоногийн дотор энэ тухай Хар тамхитай тэмцэх албанд болон эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
35.5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист хийх шинжилгээг Монгол Улсад хийх боломжгүй тохиолдолд гадаад улсын эрх бүхий байгууллагад хийлгэж болно.
35.6.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист шинжилгээ хийхтэй холбогдох энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Шүүх шинжилгээний тухай хуулиар зохицуулна.
36 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар ашиглах
36.1.Энэ хуулийн 31.1-д заасан эрх бүхий эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага нь эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, шинэ төрлийн бодис, угтвар бодисыг ашиглаж болно.
36.2.Эрдэм шинжилгээ, судалгаанд ашиглах мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис импортлох зөвшөөрлийг энэ хуулийн 36.1-д заасан байгууллагад эрдэм шинжилгээ, судалгаанд шаардлагатай тооцоог үндэслэн Хар тамхитай тэмцэх албанаас тогтоосон хэмжээгээр эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тухайн бодисыг эм, эмийн түүхий эдийн бүртгэлд бүртгэгдсэн эсэхээс үл хамааран олгоно.
36.3.Энэ хуулийн 36.1-д заасан байгууллага экспортлогч талтай гэрээ урьдчилан байгуулсан байна.
36.4.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар ашиглах байгууллага нь тухайн бодисыг ашиглах болон бодистой харьцах ажилтны нэрийг Хар тамхитай тэмцэх албанд бүртгүүлнэ.
36.5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглан эмнэл зүйн туршилт хийх тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Ёс зүйн хорооноос дүгнэлт гаргуулна.
37 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын нөөцөд ашиглах
37.1.Улсын нөөцийн байгууллага эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зориулалтаар гамшгийн үед ашиглах Монгол Улсын эмийн бүртгэлд орсон, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг улсын нөөцөд бүрдүүлэн авч, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зарцуулж болно.
37.2.Энэ хуулийн 37.1-д заасан үйл ажиллагааны журмыг Засгийн газар батална.
38 дугаар зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх
38.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллага нь хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зориулалтаар ашиглана.
38.2.Амьтан сэргээн болон сэлгэн нутагшуулах, амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх, амьтны эрдэм шинжилгээ, судалгаа, эмчилгээ, авран хамгаалах зорилгоор амьтан барих болон соёл, урлаг, ховор амьтны цуглуулгын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тохиолдолд мал, амьтны эмийн жагсаалтад бүртгэгдсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг хуульд заасан эрх бүхий малын эмчийн хяналт дор ашиглана.
38.3.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллага Монгол Улсын эмийн бүртгэлд орсон, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг эмчилгээ, үйлчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээнд эмчийн бичсэн эмчилгээний заалтын дагуу өвчтөнд хэрэглэх бөгөөд шаардлагатай тохиолдолд эмчийн олгосон жорын дагуу эмчилгээнд олгож үйлчилнэ.
38.4.Энэ хуулийн 38.3-т зааснаас бусад тохиолдолд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмээр үйлчлэхийг хориглоно.
38.5.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийн захиалгыг бусад эмээс тусад нь баталгаажуулна.
38.6.Хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллага дараа онд хэрэглэх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийн нэр, төрөл, тоо, хэмжээг тооцон эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тухайн жилийн 1 дүгээр улиралд багтаан хүргүүлнэ.
38.7.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж дараа онд хэрэглэх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийн нэр, төрөл, тоо, хэмжээг тооцон мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухайн жилийн 1 дүгээр улиралд багтаан хүргүүлнэ.
38.8.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 38.7-д заасан мэдээллийг нэгтгэн тухайн жилийн 4 дүгээр сард багтаан эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
38.9.Хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллага захиалсан, хүлээн авсан, хэрэглэсэн, үлдсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийн талаарх тайланг улирал бүр гарган дараа улирлын эхний сарын 5-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлэх бөгөөд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар тайланг нэгтгэн Хар тамхитай тэмцэх алба болон эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.
38.10.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь захиалсан, хүлээн авсан, хэрэглэсэн, үлдсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн талаарх тайланг улирал бүр гарган дараа улирлын эхний сарын 5-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газарт хүргүүлэх бөгөөд тус газар тайланг нэгтгэн Хар тамхитай тэмцэх албанд дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.
38.11.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийн хэрэглээнд дотооддоо хяналт тавьж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
38.11.1.эмчийн бичсэн эмчилгээний заалтын дагуу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг эмчийн хяналт дор өвчтөнд хэрэглэх;
38.11.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг үйлдвэрийн савласан хэмжээнээс бага тун, хэмжээгээр өвчтөнд хэрэглэсэн тохиолдолд тус эмийн хэрэглэх боломжгүй үлдэгдлийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байгууллагынхаа эмийн санд буцааж, бүртгэл хөтлөх;
38.11.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг өвчтөнд хэрэглэсэн бол тухайн эмийн нэр, цувралын дугаар, хэрэглэсэн аргыг өвчний түүхэд тодорхой бичиж, баталгаажуулан, хэрэглэсэн эмийн хоосон тун шил, шахмал эмийн савыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байгууллагын эмийн сандаа буцааж, бүртгэл хөтлөх;
38.11.4.эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллагын эмийн сан нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан, хэрэглэсэн эмийн хэрэглэх боломжгүй үлдэгдэл, хоосон тун шил, шахмал эмийн савыг буцаан авсан тухай тусгай бүртгэл хөтлөх ба комисс томилон устгал хийх этгээдэд хүлээлгэн өгөх;
38.11.5.эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллагын эмийн сан нь хүлээн авсан, олгосон, устгасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийн нэр, цувралын дугаар, огноо болон зарцуулалтын бүртгэл хөтөлж, бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр 5 жил хадгалж, энэ хугацаа дууссаны дараа байгууллагын архивд шилжүүлэх.
38.12.Энэ хуулийн 38.11.5-д заасан, хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллагын бүртгэлийн маягтыг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
38.13.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид хэрэглэх бүртгэл, жорын маягтыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
38.14.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь мал, амьтны мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг эрх бүхий малын их эмчийн хяналт дор мал, амьтанд хэрэглэнэ.
38.15.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллага дахь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийн хадгалалт, хэрэглээ, зарцуулалт, устгал, жор бичилт, жорын маягтын зарцуулалтад тухайн байгууллага дотоодын байнгын хяналт тавьж ажиллана.
ДОЛДУГААР БҮЛЭГ
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ, УСТГАЛ
39 дүгээр зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хадгалах
39.1.Ашиглах эрх бүхий байгууллага болон зөвшөөрөл бүхий этгээд нь өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хуульд заасан нөхцөл, журам, стандарт шаардлагын дагуу хадгална.
39.2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалахад дараах шаардлагыг хангасан байна:
39.2.1.техникийн хувьд бэхжүүлсэн тусгай өрөө, эсхүл цоожтой шүүгээнд хадгалах;
39.2.2.хадгалах тусгай өрөө, шүүгээ нь дохиолол, дуу-дүрсний бичлэгийн системээр тоноглогдсон байх;
39.2.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэр, цувралын дугаар, хүчинтэй хугацаа, хэмжээ, үйлдвэрлэгчийн нэрийг заасан хаяг, шошго бүрэн, үйлдвэрийн савлагааг өөрчлөөгүй байх;
39.2.4.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусад биет зүйлийн нөлөөгөөр гэмтэх болон харилцан бохирдохоос сэргийлж, хамгаалалтын арга хэмжээг авсан байх;
39.2.5.байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хадгалдаг байранд нэвтрэх эрх бүхий ажилтныг томилон, тусгай өрөө, төмөр шүүгээний түлхүүрийг эд хариуцагч, лацны тэмдгийг удирдах албан тушаалтан хадгалдаг байх;
39.2.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хүлээж авах, хуваах, жижиглэн савлах зэрэг үйл ажиллагааг байнгын комиссын хяналтын дор тодорхой хугацаанд гүйцэтгэж тэр тухай актыг тухай бүр үйлдэж, баримтжуулсан байх;
39.2.7.өөрийн ашиглаж, хадгалж байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тооллогыг сар бүр хийж байх;
39.2.8.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний нөөц, орлого, зарлага болон хүлээн авагчийн тухай дэлгэрэнгүй бүртгэлийг тухай бүр бүртгэж, тус бүртгэлийг таван жилээс доошгүй хугацааны турш хадгалах бөгөөд тус хугацаа дууссаны дараа холбогдох архивт шилжүүлэх.
39.3.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг хадгалахад дараах шаардлагыг хангасан байна:
39.3.1.эмнэлэгт шаардлагатай, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг эмнэлгийн эмийн санд тусгайлан хадгалдаг байх;
39.3.2.эмнэлгийн тасаг хэрэгцээтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг 2 хоногийн хэрэгцээнээс ихгүй хэмжээгээр цоожтой шүүгээнд хадгалах;
39.3.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг хэрэглэсэн тухай бүр эмийн тун, цувралын дугаар, хэрэглэсэн аргыг өвчний түүхэнд тодорхой бичиж сувилагч, тасгийн эмч, тасгийн эрхлэгч гарын үсэг зурсан байх;
39.3.4.тасаг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийн зарцуулалтын бүртгэл хөтлөх бөгөөд уг бүртгэлийг 2-оос доошгүй жил хадгалах;
39.3.5.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийн зарцуулалтыг эмнэлгийн эмийн сангийн тайланд тусгаж байх.
39.4.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг энэ хуульд зааснаас бусад байдлаар хадгалахыг хориглоно.
39.5.Гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх явцад хураагдсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалахад энэ хуулийн 39.2-т заасан журам нэгэн адил үйлчилнэ.
40 дүгээр зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэх
40.1.Ашиглах эрх бүхий байгууллага болон зөвшөөрөл бүхий этгээд нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль, стандартад заасан хадгалах нөхцөл, шаардлагыг хангаж тээвэрлэнэ.
40.2.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллагаас үзүүлэх дуудлагын яаралтай тусламж, үйлчилгээ болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс дуудлагын тусламж, үйлчилгээнд хэрэглэх, энэ хуульд заасан ашиглах эрх бүхий байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэхэд энэ хуулийн 40.1 дэх хэсэг хамаарахгүй.
40.3.Энэ хуульд заасан журмын дагуу эмийн сангаас жороор авсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг бие болон тээврийн хэрэгсэлдээ авч явахад энэ хуулийн 40.1 дэх хэсэг хамаарахгүй.
40.4.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан, илгээмжээр илгээх, зориулалтын бус тээврийн хэрэгслээр болон зөвшөөрөлгүй этгээдээр тээвэрлүүлэхийг хориглоно.
41 дүгээр зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг устгах
41.1.Хар тамхитай тэмцэх алба нь гэмт хэрэг, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хураан авсан, хуульд заасны дагуу ашиглах боломжгүй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг шүүхийн шийдвэрийг үндэслэн устгах бөгөөд тухай бүр устгалын комисс томилж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг таньж тодорхойлох багажаар бодисын нэршил, жин хэмжээг шалгаж тэмдэглэлд тусгаж, устгалыг дуу-дүрсний бичлэгээр баримтжуулна.
41.2.Ашиглах эрх бүхий байгууллага болон зөвшөөрөл бүхий этгээд нь хэрэглэх хугацаа дууссан, чанараа алдсан, үйлдвэрийн технологийн зааврын дагуу хийгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй, сав, баглаа боодлын битүүмжлэл, бүрэн бүтэн байдал алдагдсан, эсхүл шошго, нэр хаяггүй, үйлдвэрийн сав боглоо боодол, хаяг шошго алдаатай, хадгалалтын горим алдагдсан, нас барсан өвчтөн хэрэглэж байсан эмийн үлдэгдэл, төрөл, бүтэц, орцыг тодорхойлох боломжгүй, дахин ашиглах, хэрэглэх боломжгүй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг эм, эмнэлгийн хэрэгслийн, эсхүл мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Хар тамхитай тэмцэх албатай хамтран устгана.
41.3.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг устгахдаа дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
41.3.1.эм, эмнэлгийн хэрэгслийн болон мал, амьтны эрүүл мэндийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн устгалын комиссыг тухай бүр томилон, дуу-дүрсний бичлэгээр баримтжуулан устгах;
41.3.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг устгахдаа Хар тамхитай тэмцэх албаны төлөөлөл, эм, эмнэлгийн хэрэгслийн, эсхүл мал эмнэлгийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналтын улсын байцаагч байлцуулах;
41.3.3.устгасан талаарх акт, дуу-дүрсний бичлэг зэрэг бусад баримт бичгийг арван жил хадгалах.
42 дугаар зүйл.Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамал устгах
42.1.Байгалийн болон тарималжуулсан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг нэн даруй, эсхүл үрлэхээс нь өмнө устгах арга хэмжээг энэ хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.
42.2.Хар тамхитай тэмцэх алба нь ургамлын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатай хамтран жил бүр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын ургалтад үзлэг хийж, устгах хэмжээ, байршлыг тогтооно.
42.3.Газар тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 42.11-д зааснаас бусад тариалангийн бүс нутагт тархан ургасан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг устгах ажлыг цагдаа, байгаль орчин, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллага, нутгийн удирдлагын байгууллагатай хамтран холбогдох удирдамж, заавар, зөвлөмж, аргачлалын дагуу гүйцэтгэнэ.
42.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газар тариалангийн бүс нутгаас бусад газарт тархан ургасан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг устгах ажлыг цагдаа, байгаль орчин, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллага, нутгийн удирдлагын байгууллагатай хамтран холбогдох удирдамж, заавар, зөвлөмж, аргачлалын дагуу гүйцэтгэнэ.
42.5.Энэ хуулийн 42.3, 42.4-т заасан удирдамжийг хууль зүй, дотоод хэрэг, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
42.6.Байгаль орчин, газар тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг жил бүр устгах арга хэмжээ авах бөгөөд нэгдсэн тайланг тухайн жилийн 11 дүгээр сарын 10-ны дотор Үндэсний хороонд хүргүүлнэ.
42.7.Устгалын үйл ажиллагаа, үр дүнд Хар тамхитай тэмцэх алба хяналт тавина.
42.8.Байгаль орчин, газар тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг устгах үр дүнтэй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх арга хэмжээ авна.
42.9.Энэ хуулийн 42.2, 42.7-д заасан арга хэмжээг улсын төсөв болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан хөрөнгөөс санхүүжүүлнэ.
42.10.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан, аймаг, нийслэлийн төсөвт нэмж оруулсан тухайн жилийн хөрөнгөөс энэ хуулийн 42.2, 42.7-д заасан үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөнө.
42.11.Тариалангийн газрын эзэмшигч, ашиглагч нь тухайн тариалангийн талбайд ургасан болон тариалангийн талбайн захаас гадагш 200 метр хүртэлх зайд орших газарт ургасан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг өөрийн зардлаар устгах үүрэгтэй.
42.12.Энэ хуулийн 42.11-д заасан зай нь 2, түүнээс дээш тариалангийн газар эзэмшигч, ашиглагчийн дундын зайд хамаарч байвал тухайн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг хамтран устгана.
42.13.Энэ хуулийн 42.11-д заасан үүргээ биелүүлээгүй тариалангийн газар эзэмшигч, ашиглагчид Хар тамхитай тэмцэх албанаас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг устгах мэдэгдэл, шаардлага өгнө.
42.14.Тариалангийн газар эзэмшигч, ашиглагч нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг энэ хуулийн 42.13-т заасан мэдэгдэл, шаардлагад заасан хугацаанд устгах арга хэмжээ авч, хариуг хүргүүлэх үүрэгтэй.
42.15.Тариалангийн газар эзэмшигч, ашиглагч нь энэ хуулийн 42.15-д заасан үүргээ биелүүлээгүй бол Хар тамхитай тэмцэх албанаас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг устгах бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг үүргээ биелүүлээгүй тариалангийн газар эзэмшигч, ашиглагч хариуцаж төлөх үүрэгтэй.
42.16.Хар тамхитай тэмцэх алба нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамал, угтвар бодис агуулсан ургамлын тархцын хяналтын судалгааны ажлыг гурван жил тутам байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон ургамлын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатай хамтран улсын хэмжээнд зохион байгуулна.
42.17.Энэ хуулийн 42.16-д заасан тархцын судалгаа, устгах ажлын тайлангийн мэдээлэл хаалттай мэдээлэл байна.
НАЙМДУГААР БҮЛЭГ
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО
43 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих төрийн байгууллагын тогтолцоо
43.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих төрийн байгууллагын тогтолцоо нь Улсын Их Хурал, Засгийн газар, энэ хуульд заасан Үндэсний хороо, төрийн захиргааны байгууллага, нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтнаас бүрдэнэ.
43.2.Улсын Их Хурал нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх төрийн бодлогыг тодорхойлно.
43.3.Засгийн газар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
43.3.1.төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
43.3.2.хил хамгаалах, гааль, цагдаа, тагнуул, шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, хорих байрыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх, тодорхойлох, шинжлэх өндөр хүчин чадалтай, дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах;
43.3.3.цагдаа, тагнуул, гааль, хил хамгаалах, шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эрүүл мэнд, эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийг мэргэшүүлэх;
43.3.4.гааль, шүүх шинжилгээ болон эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын, мөн хуульд заасан эрх бүхий бусад байгууллагын лабораторийг бэхжүүлэх;
43.3.5.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал бүхий хүнд эрүүл мэндийн болон сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг Засгийн газрын бус байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
43.3.6.хилийн боомт, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх, шуурхай шинжлэх лаборатори, техник хэрэгсэл, боломж нөхцөлөөр хангах;
43.3.7.хууль тогтоомж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж, санхүүжүүлэх;
43.3.8.хуульд заасан бусад.
44 дүгээр зүйл.Үндэсний хороо, түүний чиг үүрэг
44.1.Монгол Улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний хороо ажиллана.
44.2.Үндэсний хорооны дарга нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дэд дарга нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
44.3.Үндэсний хорооны бүрэлдэхүүнд хууль зүй, дотоод хэрэг, гадаад харилцаа, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, нийгмийн хамгаалал, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хар тамхитай тэмцэх алба, гааль, тагнуул, хил хамгаалах, эм, эмнэлгийн хэрэгсэл, малын эрүүл мэнд, шүүх шинжилгээний байгууллага зэрэг холбогдох бусад шаардлагатай байгууллагын төлөөллөөс гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын бус хуулийн этгээдийн төлөөлөл байна.
44.4.Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална.
45.5.Үндэсний хороо ажлаа Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөлд тайлагнана.
44.6.Үндэсний хороо мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль тогтоомжид заасан чиг үүргийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх төлөвлөгөө, тайланг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд жил бүр танилцуулна.
44.7.Үндэсний хороо мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
44.7.1.хууль болон төрийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах арга хэмжээ авах;
44.7.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар зөвлөмж гаргах;
44.7.3.олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах талаар аймаг, сум, нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд үүрэг, чиглэл өгөх;
44.7.4.олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх бодлого боловсруулах;
44.7.5.төр, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн үйл ажиллагааг дэмжих, уялдуулан зохицуулах;
44.7.6.гэмт, хэрэг зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах ажлыг зохион байгуулах;
44.7.7.төрийн байгууллагуудын үйл ажиллагааны тайлан, мэдээлэлтэй танилцаж, зөвлөмж өгөх;
44.7.8.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэх, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах;
44.7.9.Монгол Улс дахь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар тандалт судалгааг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагаар хоёр жил тутам зохион байгуулж хийлгэх.
44.8.Энэ хуулийн 44.7.9-д заасан тандалт судалгаа нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн нөхцөл байдал, шалтгаан болон цаашдын чиг хандлага, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээний нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл, хор уршгийг тооцох, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга замыг тодорхойлох зорилготой байна.
44.9.Үндэсний хорооны Ажлын албаны чиг үүргийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14.2-т заасан Ажлын алба хэрэгжүүлнэ.
44.10.Энэ зүйлийн 44.9-д заасан Ажлын албанд Үндэсний хороо хариуцсан нэгжтэй байх бөгөөд тус нэгжид чиглэлийн мэргэжлийн байгууллагуудаас мэргэшсэн алба хаагч сэлгэн болон шилжүүлэн ажиллуулна.
45 дугаар зүйл.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
45.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
45.1.1.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;
45.1.2.хөрш зэргэлдээ улс болон олон улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллээр Засгийн газар болон холбогдох бусад байгууллагыг хангах;
45.1.3.гадаад улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэний талаар холбогдох мэдээ, мэдээллийг авах, цагдаа, тагнуул болон холбогдох бусад байгууллагаас гаргуулан авах;
45.1.4.гадаад улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэний эрх ашгийг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах;
45.1.5.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий харьяа байгууллагыг дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах;
45.1.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт шинэ төрлийн бодисыг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан ангилалд оруулах талаар санал гаргах;
45.1.7.хуульд заасан бусад.
46 дугаар зүйл.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
46.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
46.1.1.хөрш улсад болон олон улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээлэл, шинэчлэгдсэн олон улсын гэрээ болон түүний нэмэлт, өөрчлөлтөөр төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний хороо, Хар тамхитай тэмцэх алба болон холбогдох бусад чиг үүргийн байгууллагыг хангах;
46.1.2.гадаад улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэний талаарх мэдээ, мэдээллээр хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний хороо болон Хар тамхитай тэмцэх алба, холбогдох бусад чиг үүргийн байгууллагыг хангах;
46.1.3.гадаад улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэний эрх ашгийг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах;
46.1.4.гадаад улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэний эрх ашгийг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах;
46.1.5.Нэгдсэн Үндэстний Байгууллага болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрдэм шинжилгээ, судалгаа хийдэг олон улсын байгууллагад элсэх замаар гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах, олон талт болон хоёр талт хяналт, ажиллагаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахад холбогдох байгууллагад дэмжлэг үзүүлэх;
46.1.6.Нэгдсэн Үндэстний Байгууллага болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх олон улсын байгууллагад Монгол Улс дахь нөхцөл байдлын талаарх тайлан, мэдээг тухай бүр хүргүүлэх;
46.4.7.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, баривчлах, шилжүүлэн авах ажиллагаанд болон гадаад улсад ажиллаж байгаа атташед дэмжлэг үзүүлэх;
46.1.8.хуульд заасан бусад.
47 дугаар зүйл.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
47.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
47.1.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийн хэрэглээнд хяналт тавих;
47.1.2.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зорилгоор хэрэглэх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг агуулсан эмийн хэрэглээг тодорхойлж, өвчтөнд эмчийн хяналтад олгох тогтолцоог бүрдүүлэх;
47.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт шинэ төрлийн бодисыг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан ангилалд оруулах талаар санал гаргах;
47.1.4.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос хамааралт байдлын шалтгаан, нөхцөлийг тогтоох, эмчлэх үр дүнтэй арга хэрэгсэл, эрүүл мэнд, сэтгэц-нийгмийн эмчилгээний эмнэл зүйн удирдамж, арга зүй, аргачлалыг судалж, олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, батлах, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, чанар, үр нөлөөг тогтмол сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
47.1.5.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг тодорхойлж, шийдвэрлүүлэх;
47.1.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийн жагсаалтыг энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан ангиллыг баримтлан боловсруулж, батлах;
47.1.7.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай хүн, хэрэглэгчийг сайн дурын үндсэн дээр эрүүл мэнд, сэтгэц-нийгмийн тусламж, үйлчилгээ авах боломжтой тогтолцоог бүрдүүлэх, энэ талаар бодлого боловсруулах;
47.1.8.Мансууруулах эм болон сэтгэц нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1988 оны конвенцын хавсралтад заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тайланг гаргаж Үндэсний хороогоор хэлэлцүүлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүргүүлэх;
47.1.9.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байгууллагын хэрэглэсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын илүүдэл, хог, хаягдлыг хүн, байгальд тархахгүйгээр устгах аргачлалыг батлан мөрдүүлэх;
47.1.10.хуульд заасан бусад.
47.2.Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисын тухай 1971 оны конвенц, Мансууруулах эм болон сэтгэц нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг 1988 оны конвенцод нэгдэн орсон талын үүргийн хүрээнд холбогдох тайланг хугацаанд нь Олон улсын мансууруулах бодисын хяналтын зөвлөлд хүргүүлнэ.
48 дугаар зүйл.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
48.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
48.1.1.суралцагчийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хэлбэрээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, хамаарал бүхий байдал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн төв, Хар тамхитай тэмцэх алба, Донтох эмгэгийн сэргээн засах төв болон холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллах;
48.1.2.Боловсролын ерөнхий хуулийн 14.4.9 дэх заалтыг холбогдох арга зүй, аргачлалын дагуу суралцагчийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хэлбэрээр хэрэгжүүлэх;
48.1.3.сэтгэц-нийгмийн сэргээн засах чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх арга хэмжээ авах:
48.1.4.хуульд заасан бусад.
49 дүгээр зүйл.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
49.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
49.1.1.хуульд заасны дагуу мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг устгах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, энэ хуульд заасан эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, хяналт тавих;
49.1.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын угтвар бодисын ашиглалт, хэрэглээ, зарцуулалт, үйлчилгээ, олголтод тавих хяналтыг сайжруулах, энэ зорилгоор бусад байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
49.1.3.Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1988 оны конвенцын хавсралтад заасан угтвар бодисын тайланг гаргаж тус байгууллага болон Хар тамхитай тэмцэх албанд хүргүүлэх.
50 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын чиг үүрэг
50.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар тагнуулын байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
50.1.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, таслан зогсоох;
50.1.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн талаар гадаад улсын болон олон улсын эрх бүхий байгууллагатай мэдээлэл солилцох, хамтарсан арга хэмжээ хэрэгжүүлэх, Үндэсний хороог нөхцөл байдлын талаарх мэдээллээр тухай бүр хангах;
50.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр алба хаагчдын мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлэх, орчин үеийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, ашиглах;
50.1.4.Хар тамхитай тэмцэх алба болон төрийн бусад байгууллагатай мэдээлэл солилцох, хамтран ажиллах;
50.1.5.хуульд заасан бусад.
51 дүгээр зүйл.Хар тамхитай тэмцэх албаны чиг үүрэг
51.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар Хар тамхитай тэмцэх алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
51.1.1.гэмт хэрэг, зөрчил гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгуулах;
51.1.2.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, таслан зогсоох;
51.1.3.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр тандалт, судалгааны ажилд мэргэжлийн байгууллага, мэргэжилтний туслалцаа авах, татан оролцуулах, өмчийн хэлбэр үл харгалзан бүх байгууллагаас мэдээлэл гаргуулан авах;
51.1.4.үндэстэн дамнасан гэмт хэргийн талаар гадаад улсын болон олон улсын холбогдох байгууллагатай мэдээлэл солилцох, хамтран ажиллах;
51.1.5.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл болон хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, нэгдсэн хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
51.1.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис бэлтгэх, хэрэглэхийг аргачлан заах, тэдгээрийн хууль бус эргэлт, хэрэглээг сурталчилсан кино, дүрс бичлэг, ном товхимол, хэвлэмэл зургийг нийтэд түгээх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээг ашиглан сурталчлах үйлдлийг таслан зогсоох, хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх;
51.1.7.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хүн, хуулийн этгээдийг татан оролцуулах, тэдний санал, санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах, олон нийтэд сурталчлах, урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийн ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
51.1.8.гэмт хэрэг, зөрчил, тэдгээрт холбогдсон, мэдээлэл ирсэн болон үйлдсэн этгээдийн талаар мэдээллийн сан бүрдүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар тогтмол хэрэглэдэг этгээдийг бүртгэх;
51.1.9.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний хууль бус хэрэглээний хор уршгийн талаар холбогдох байгууллагуудаас мэдээллийг авч нэгтгэн боловсруулах, нэгдсэн мэдээг гаргах;
51.1.10.гэмт хэрэг, зөрчлийн гадаад, дотоод нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, шалтгаан, нөхцөлийг олж тогтоох, хариу арга хэмжээ авах;
51.1.11.гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, хууль бус хэрэглээг бууруулах чиглэлээр тандалт судалгаа зохион байгуулах, болзошгүй эрсдэлийг үнэлэх;
51.1.12.Хар тамхитай тэмцэх албаны хүний нөөцийн чадавхыг тогтмол сайжруулах, алба хаагчдыг мэргэшүүлэх;
51.1.13.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийн хууль бус хэрэглээг илрүүлэх судалгааг тогтмол хийх;
51.1.14.хуульд заасан бусад.
51.2.Хар тамхитай тэмцэх алба дэргэдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг судлан тогтоох, тодорхойлох, шинжилгээ хийх лабораторитой байна.
51.3.Хар тамхитай тэмцэх албаны албан хаагч Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэмжээс гадна дараах нэмэлт баталгаагаар хангагдана:
51.3.1.гүйцэтгэх ажилтан, мөрдөгч, нууцалбал зохих албаны ажилтнаар ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцох бөгөөд уг албан тушаалд ажилласан 1 жилийг 1 жил 4 сараар дүйцүүлэн тооцох.
51.4.Хар тамхитай тэмцэх албаны ажилтан тусгай ажиллагаанд оролцохдоо байгууллагын бэлгэ тэмдэг бүхий зориулалтын хувцас хэрэглэх бөгөөд уг хувцасны загварыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
52 дугаар зүйл.Хил хамгаалах байгууллагын чиг үүрэг
52.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар хил хамгаалах байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
52.1.1.зорчигчийг улсын хилээр шалган нэвтрүүлэх явцад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй сэжиг илэрсэн тохиолдолд эрх бүхий этгээдэд мэдэгдэх;
52.1.2.улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад илэрсэн тохиолдолд эрх бүхий этгээдэд мэдэгдэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
52.1.3.хил орчмын нутаг дэвсгэрт тогтоогдсон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг эрх бүхий байгууллагатай хамтран устгах арга хэмжээ авах;
52.1.4.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх, таньж мэдэх чиглэлээр алба хаагчийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, ажиллах нөхцөлийг хангах;
52.1.5.хуульд заасан бусад.
53 дугаар зүйл.Гаалийн байгууллагын чиг үүрэг
53.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар гаалийн байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
53.1.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх;
53.1.2.Монгол Улсын хилээр нэвтрүүлж байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг зөвшөөрөл, холбогдох баримт бичигтэй тулган шалгах, бүртгэх, газар дээр нь дээж авч, шинжилгээнд хамруулах;
53.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус худалдааны олон улсын тээвэрлэлтийн маршрут, сэжигтэй зорчигч, тээвэрлэгчийг илрүүлэх чиглэлээр холбогдох төрийн байгууллага, бусад улсын гаалийн байгууллага, олон улсын байгууллагатай мэдээлэл солилцох, хамтран ажиллах;
53.1.4.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж илрүүлэх, таньж мэдэх зориулалт бүхий орчин үеийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, ашиглах, алба хаагчийн мэдлэг, ур чадварыг тогтмол сайжруулах;
53.1.5.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж болзошгүй талаарх мэдээллийг хүлээн авах, шалгах;
53.1.6.улс хоорондын зорчигч, ачаа, тээш, шуудангийн илгээмжийн үйлчилгээнд хагас, бүтэн жилээр дүн шинжилгээ хийж, нөхцөл байдлын талаар чиг үүргийн байгууллагуудыг мэдээллээр хангах;
53.1.7.хуульд заасан бусад чиг үүрэг.
54 дүгээр зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн болон мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
54.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар эм, эмнэлгийн хэрэгслийн болон мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
54.1.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлттэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зөрчил илэрсэн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авах;
54.1.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг хэрэглээний талаарх судалгааг улсын хэмжээнд тогтмол явуулж, хэрэглээний байдалд дүн шинжилгээ хийх, холбогдох бусад байгууллагыг мэдээллээр хангах;
54.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаанд бусад байгууллагатай хамтрах;
54.1.4.хуульд заасан бусад чиг үүрэг.
55 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиг үүрэг
55.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
55.1.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хорих байгууллагад хууль бусаар нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох;
55.1.2.мансууруулах, нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн талаар Хар тамхитай тэмцэх албатай мэдээлэл солилцох, хамтарч ажиллах;
55.1.3.алба хаагчдын мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлэх, орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, ашиглах;
55.1.4.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн талаар мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих;
55.1.5.хоригдол, хоригдсон этгээдийн илгээмж, эргэлт уулзалтаар ирсэн иргэдийн эд зүйлсэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байгаа эсэхэд үзлэг, нэгжлэг хийж, болзошгүй гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах, илрүүлэх;
55.1.6.илгээмж болон үзлэг, нэгжлэг хийх явцад илрүүлсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
55.1.7. хуульд заасан бусад.
56 дугаар зүйл.Нутгийн захиргааны байгууллагын чиг үүрэг
56.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар нутгийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
56.1.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарлаас гарах эмчилгээнд хамрагдсан этгээдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, мэргэжил олгох сургалтад хамруулах, ажлын байраар хангах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
56.1.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, түүний шалтгаан, нөхцөлийг нь тогтоох, тэдгээрийг арилгах үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
56.1.3.харьяалах нутаг дэвсгэртээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх сургалт, арга хэмжээ зохион байгуулах;
56.1.4.харьяа нутаг дэвсгэр дэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын тархцыг тогтоох, устгах үйл ажиллагааг цагдаа, байгаль орчин, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагатай хамтран зохион байгуулах, тус арга хэмжээнд шаардагдах төсвийг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт тусгах, санхүүжүүлэх;
56.1.5.хуульд заасан бусад чиг үүрэг.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС ХЭРЭГЛЭСЭН БОЛОН ХАМААРАЛ БҮХИЙ ХҮНД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ
57 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээг эрт илрүүлэх
57.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ болон хамаарал бүхий байдлыг сайн дурын шинжилгээгээр эрт илрүүлэх бөгөөд сайн дурын шинжилгээ-оношилгоог мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага болон магадлан итгэмжлэгдсэн лаборатори, шүүх шинжилгээний байгууллага хийнэ.
57.2.Сайн дурын шинжилгээг тухайн хүний хүсэлтээр, эсхүл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр хийнэ.
57.3.Сайн дурын шинжилгээгээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал бүхий нь тогтоогдсон хүнийг энэ хуулийн 58.2.1, 58.2.2-т заасан тусламж, үйлчилгээнд сайн дурын үндсэн дээр хамруулна.
57.4.Сайн дурын шинжилгээгээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь тогтоогдсон хүний эрх зүйн байдлыг дордуулах, хүний эрх, эрх чөлөөтэй нь холбоотой сөрөг үр дагавар үүсгэхгүй.
57.5.Сайн дурын үндсэн дээр шинжилгээ, тусламж, үйлчилгээнд хамрагдсан хүнийг мөрдөн мөшгөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар өгсөн мэдээллийг түүний эсрэг ашиглах, мөрдөн шалгах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хориглоно.
58 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай хүнд тусламж, үйлчилгээ үзүүлэх
58.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос хамааралтай хүнд төрөөс тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
58.2.Энэ хуулийн 58.1-д заасан тусламж, үйлчилгээ дараах үе шатаас бүрдэнэ:
58.2.1.эмийн болон сэтгэл заслын эмчилгээ;
58.2.2.донтох эмгэгийн сэргээн засах тусламж, үйлчилгээ;
58.2.3.нийгмийн хамгааллын арга хэмжээ.
58.3.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 58.2.1-д заасан тусламж, үйлчилгээ, Үндэсний хороо 58.2.2-т заасан тусламж, үйлчилгээ үзүүлэх цогц арга хэмжээний бодлого, төлөвлөлтийг хийж, эмнэлзүйн удирдамж, арга зүй, аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн баталж, нэвтрүүлнэ.
58.4.Энэ хуульд заасан Донтох эмгэгийн сэргээн засах төв болон энэ хуулийн 60.2, 60.3-т заасан байгууллага энэ хуулийн 58.2.2-т заасан тусламж, үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн, батлагдсан аргачлалын дагуу үзүүлнэ.
58.5.Энэ хуулийн 58.2.3-т заасан арга хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага зохион байгуулж хэрэгжүүлнэ.
58.6.Энэ хуулийн 58.2.1-д заасан тусламж, үйлчилгээг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байгууллага үзүүлэх ба түүнд шаардагдах эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
58.7.Энэ хуулийн 61.1, 61.2-т заасан байгууллагаас үзүүлэх үйлчилгээнд шаардагдах зардлыг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213 дугаар зүйлд заасан Согтуурах, мансуурах, донтолтоос урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг дэмжих сан болон аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс санхүүжүүлнэ.
58.8.Энэ хуулийн 58.2.3-т заасан тусламж, үйлчилгээнд шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн төсөвт жил бүр тусган санхүүжүүлнэ.
59 дүгээр зүйл.Эмийн болон сэтгэл заслын эмчилгээ
59.1.Эмийн болон сэтгэл заслын эмчилгээг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага үзүүлэх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
59.1.1.энэ хуулийн 58.2.1-д заасан эмчилгээнд холбогдох эмчилгээний эмнэлзүйн удирдамж, арга зүй, аргачлалыг баримтлах;
59.1.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай хүнийг ердийн журмаар хүлээн авч эмчлэх;
59.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай хүнд эмчилгээнээс гадна донтох эмгэгийг нөхөн сэргээх анхан шатны үйлчилгээ үзүүлэх;
59.1.4.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай хүний эмчилгээний үр дүнгийн талаар шаардлагатай тохиолдолд хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтан болон тухайн хүнд дүгнэлт гаргаж өгөх;
59.1.5.эмчилгээнд хамрагдсан хүнийг өөрийн хүсэлтээр нь донтох эмгэгийн сэргээн засах байгууллагад шилжүүлэх;
59.1.6.энэ хуульд заасан донтох эмгэгийг нөхөн сэргээх байгууллага болон энэ хуулийн 60.3-т заасан байгууллагатай хамтран ажиллах.
60 дугаар зүйл.Донтох эмгэгийн сэргээн засах тусламж, үйлчилгээ
60.1.Донтох эмгэгийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх арга зүй, аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн Үндэсний хороо батална.
60.2.Донтох эмгэгийн сэргээн засах тусламж, үйлчилгээг энэ хуульд заасан донтох эмгэгийн сэргээн засах байгууллага хийнэ.
60.3.Донтох эмгэгийн сэргээн засах тусламж, үйлчилгээг Засгийн газрын бус байгууллага хийж болно.
60.4.Донтох эмгэгийн сэргээн засах тусламж, үйлчилгээ хийж байгаа байгууллага дараах үүрэгтэй:
60.4.1.донтох эмгэгийн сэргээн засах тусламж, үйлчилгээний арга зүй, аргачлалыг баримтлах;
60.4.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай хүнийг ердийн журмаар хүлээн авч тусламж, үйлчилгээ үзүүлэх;
60.4.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй болсон үр дүнгийн талаар шаардлагатай тохиолдолд хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтан болон тухайн хүнд дүгнэлт гаргаж өгөх.
61 дүгээр зүйл.Донтох эмгэгийн сэргээн засах төв
61.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарлаас урьдчилан сэргийлэх, олон улсын жишигт нийцсэн аргачлал, стандартын дагуу хамааралтай хүнд сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх, сургалт хийх үндсэн чиг үүрэг бүхий Донтох эмгэгийн сэргээн засах төв Үндэсний хорооны дэргэд ажиллана.
61.2.Энэ хуулийн 61.1-д зааснаас бусад донтох эмгэгийн сэргээн засах байгууллагыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэд байгуулж болно.
61.3.Донтох эмгэгийн сэргээн засах төв дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
61.3.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарлаас урьдчилан сэргийлэх;
61.3.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарлаас урьдчилан сэргийлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай хүнд донтох эмгэгийг нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх, хэрэглэсэн хүнд сургалт хийх хөтөлбөр, аргачлал, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах;
61.3.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээнээс урьдчилан сэргийлэх талаар сургалт, мэдээллийн арга хэмжээг холбогдох чиг үүргийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
61.3.4.сэтгэц-нийгмийн сэргээн засах чиглэлээр хүний нөөцийг сургаж, чадавхжуулах аргачлалыг боловсруулж, Үндэсний хороогоор батлуулах;
61.3.5.хүн ам дахь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний тандалт, судалгааг зохион байгуулахад оролцох;
61.3.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай хүнд донтох эмгэгийг нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх, хэрэглэсэн хүнд сургалт хийх, хууль бус хэрэглээнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
61.3.7.гадаад болон олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай хамтран ажиллах, сайн туршлагыг судалж нэвтрүүлэх, мэргэжилтэн солилцох;
61.3.8. донтох эмгэгийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах хүний нөөцийг сургах, чадавхжуулах ажлыг зохион байгуулах;
61.3.9.донтох эмгэгийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх сургалтыг гэрээний үндсэн дээр энэ хуулийн 60.3-т заасан байгууллагаар гүйцэтгүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих.
61.3.10.гэр бүлийн зөвлөгөө өгөх, гэр бүл, хамт олныг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах;
61.3.11.нийгэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөлмөрийн дадал олгох сургалтыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан хөтөлбөрийн дагуу явуулах;
61.3.12.дахин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал бүхий байдалд орохоос урьдчилан сэргийлэх хяналт, зөвлөгөө үзүүлэх;
61.3.13.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарлаас эдгэрэл сайжрал авсан, хорт бодисын хамаарал бүхий байдлаа даван туулсан эсэхэд дүгнэлт гаргах.
61.4.Энэ хуулийн 61.2-т заасан донтох эмгэгийн сэргээн засах байгууллага нь энэ хуулийн 61.3.1, 61.3.3, 61.3.5-61.3.13-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
61.5.Энэ хуулийн 60.3-т заасан байгууллага бүртгүүлэхэд дараах шаардлагыг хангасан байна:
61.5.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай хүнд донтох эмгэгийг нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх сургалтыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан хөтөлбөрийн дагуу явуулах сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сайн дурын ажилтантай байх;
61.5.2.тухайн хуулийн этгээдэд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал бүхий хүн ажилладаггүй байх.
Тайлбар: Тус заалтад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарлаас эдгэрэл сайжрал авсан, хорт бодисын хамаарал бүхий байдлаа даван туулсан хүн хамаарахгүй.
61.6.Энэ хуулийн 60.3, 61.1, 61.2-т заасан хуулийн этгээд үйл ажиллагаагаа газар дээр нь хүрэлцэн очиж буюу явуулын, танхимын зэрэг хуульд харшлахгүй аливаа арга хэлбэрээр явуулна.
61.7.Донтох эмгэгийн сэргээн засах төвийн бүтэц, орон тоо, ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
61.8.Донтох эмгэгийн сэргээн засах төвийн даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
61.9.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх Донтох эмгэгийн сэргээн засах байгууллагын бүтэц, орон тоо, ажиллах журмыг тухайн шатны Засаг дарга батална.
61.10.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх Донтох эмгэгийн сэргээн засах байгууллагын даргыг тухайн шатны Засаг дарга томилно.
62 дугаар зүйл.Албадан эмчилгээ
62.1.Албадан эмчилгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасны дагуу зохион байгуулах бөгөөд эмчилгээ хийсэн байгууллага нь энэ хуулийн 59.1, 60.4-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
62.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан эмчилгээнд энэ хуулийн 60.3, 61.1, 61.2 -т заасан байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтарч болно.
62.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан эмчилгээний явцад өвчтөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үйлдлийг Хар тамхитай тэмцэх албанд мэдэгдэнэ.
63 дугаар зүйл.Нийгмийн хамгааллын арга хэмжээ
63.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хамааралтай хүнд энэ хуулийн 58.2.1, 58.2.2-т заасан тусламж, үйлчилгээ үзүүлсэн байгууллага нь тухайн хүний мэдээллийг тухайн хүн өөрөө зөвшөөрсөн тохиолдолд оршин суугаа аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
63.2.Энэ хуулийн 63.1-д заасан мэдээллийг хүлээн авсан аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тухайн хүнийг бүртгэж, шаардлагатай тохиолдолд нийгмийн хамгааллын дараах арга хэмжээнд хамруулна:
63.2.1.амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих, амьдралын зөв дадал, хэвшил суулгах зорилгоор сургалтад хамруулах;
63.2.2.сэргээн засах үйлчилгээнд хамруулах;
63.2.3.иргэн, түүний гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамжийн бусад үйлчилгээ үзүүлэх;
63.2.4.гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах;
63.2.5.нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэнд “өөртөө туслах” бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох, амьдрах ухаанд сургах, мэргэжил олгох, хөдөлмөр эрхлүүлэх ажлыг зохион байгуулах.
63.3.Энэ хуулийн 63.2-т заасан нийгмийн хамгааллын арга хэмжээний удирдамж, зааврыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
63.4.Нийгмийн хамгааллын нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болон хамааралтай хүний өрхийн амьжиргааны түвшинд үндэслэн төлбөртэй, төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлтэй байж болно.
63.5.Нийгмийн хамгааллын нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний зардал, иргэнээс төлөх төлбөрийн хэмжээний дээд хязгаарыг нийгмийн хамгааллын болон санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
63.6. Нийгмийн хамгааллын нөхөн сэргээх тусламж, үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
64 дүгээр зүйл.Зан үйлд нөлөөлөх сургалт
64.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байхад чиглэсэн зан үйлд нөлөөлөх сургалт нь албадан болон сайн дурын хэлбэртэй байна.
64.2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байхад чиглэсэн зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтыг энэ хуулийн 60.3, 61.1, 61.2-т заасан байгууллага хэрэгжүүлнэ.
64.3.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байхад чиглэсэн зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтын хөтөлбөр, журмыг хууль зүйн, нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
64.4.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байхад чиглэсэн зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зохион байгуулна.
64.5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байхад чиглэсэн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөр, журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
64.6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан сургалтад энэ хуулийн 60.3, 61.1, 61.2-т заасан байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтарч болно.
АРАВДУГААР БҮЛЭГ
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН МЭДЭЭЛЛИЙН САН
65 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын мэдээллийн сан
65.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын мэдээллийн сан /цаашид “мэдээллийн сан” гэх/-тай байх бөгөөд тус мэдээллийн санг дараах зорилгоор эрх бүхий төрийн байгууллага үйл ажиллагаандаа ашиглана:
65.1.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийг тайлагнах, бүртгэх, хянах;
65.1.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдүүлэх;
65.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд учирч болох эрсдэлийг тодорхойлох, хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх.
65.2.Мэдээллийн сан цахим хэлбэртэй байх бөгөөд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.10-т заасны дагуу нэгдсэн ангилал, код, тайлбартай байна.
65.3.Мэдээллийн сан нь гааль, татвар, эрүүл мэнд, эм, эрүүл мэндийн даатгал, байгаль орчин, зөвшөөрлийн үйл ажиллагаа болон гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа зэрэг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох бусад үйл ажиллагаанд ашиглагддаг мэдээллийн сангаас мэдээлэл татах боломжтой байна.
65.4.Мэдээллийн санд тайлан, мэдээлэл оруулах үүрэг бүхий этгээд нэвтрэх эрх авах, мэдээлэл оруулах, үйлдэл баталгаажуулах ажлыг цахимаар гүйцэтгэнэ.
65.5.Мэдээллийн санд оруулах мэдээлэл, мэдээлэл оруулах хугацаа, маягт, журмыг мэдээллийн санд оруулах хэлбэр, шаардлага, цахимаар баримтжуулан хадгалах журмыг Засгийн газар батална.
66 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын мэдээллийн нэгдсэн сангийн төрөл
66.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын мэдээллийн нэгдсэн сан дараах төрөлтэй байна:
66.1.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн мэдээллийн сан;
66.1.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн мэдээллийн сан;
66.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болон хамааралтай хүнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний мэдээллийн сан.
66.2.Энэ хуулийн 66.1.1, 66.1.2-т заасан мэдээллийн сангийн үйл ажиллагааг Хар тамхитай тэмцэх алба хариуцаж, хяналт тавина.
66.3.Энэ хуулийн 66.1.3-т заасан мэдээллийн сангийн үйл ажиллагааг Донтох эмгэгийг нөхөн сэргээх төв хариуцаж, хяналт тавина.
67 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн мэдээллийн сан
67.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ:
67.1.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлттэй холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, захиргааны хэм хэмжээний акт;
67.1.2.олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн жагсаалт, зөвшөөрлийг олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон огноо, зөвшөөрлийн хүчинтэй хугацаа, зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, зөвшөөрөлд орсон өөрчлөлт;
67.1.3.энэ хуульд заасан ашиглах эрх бүхий байгууллагын бүртгэл, мэдээлэл;
67.1.4.зөвшөөрөл эзэмшигч болон энэ хуульд заасан ашиглах эрх бүхий этгээдийн импортолсон, үйлдвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалж байгаа, устгасан, тээвэрлэсэн, экспортолсон, реэкспортолсон, бэлтгэсэн, зарцуулсан, эмнэлгээс үйлчилсэн, эмийн сангаас жороор олгосон, ашиглаж байгаа, ашигласан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, угтвар бодисын нэр, төрөл, гарал үүсэл, тоо, хэмжээ, огноо;
67.1.5.зөвшөөрөл эзэмшигч болон энэ хуульд заасны дагуу ашиглах эрх бүхий этгээдээс ирүүлсэн тайлан;
67.1.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмээр үйлчлэх эрх бүхий эмч, эмнэлгийн мэргэжилтэн, байгууллага;
67.1.7.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тэдгээрийг эзэмшиж, ашиглаж байгаа хуулийн этгээд;
67.1.8.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм олгосон жор, жор олгосон эмч, эмнэлгийн байгууллага, өвчтөний нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, нас, хүйс, өвчний онош, олгосон эмийн нэр, төрөл, хэмжээ;
67.1.9.Монгол Улсын хилээр нэвтэрсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэр, төрөл, тоо хэмжээ, бүртгэл;
67.1.10.Үндэсний хорооноос шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.
68 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн мэдээллийн сан
68.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ:
68.1.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил үйлдэж хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээд;
68.1.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байсан, шалгагдаж байгаа хүн, хуулийн этгээд;
68.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох гэмт хэрэг, зөрчилд гадаад улсад болон Монгол Улсад ял шийтгүүлж байсан, хариуцлага хүлээж байсан, эсхүл шалгагдаж байгаа бөгөөд Монгол Улсад оршин суух хүсэлт гаргасан гадаадын болон харьяалалгүй хүний мэдээлэл;
68.1.4.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох гэмт хэрэг, зөрчилд ял, шийтгэл эдэлж байгаа болон эдэлсэн, баривчлах шийтгэл хүлээж байгаа болон хүлээж байсан этгээдийн тоо мэдээ, хорих ял эдлүүлж байгаа хорих ангийн талаарх мэдээлэл;
68.1.5.Монгол Улсад хууль бус эргэлтэд байгаа нь тогтоогдсон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис;
68.1.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тоног төхөөрөмжийн бүртгэл, төрлийн мэдээлэл;
68.1.7.Үндэсний хорооноос шаардлагатай гэж үзсэн мэдээлэл.
69 дүгээр зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болон хамааралтай хүнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний мэдээллийн сан
69.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж мансуурсан болон хамааралтай хүнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ:
69.1.1.хүний хувийн мэдээллийг хамгаалж албан хэрэгцээнд хэрэглэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай нь тогтоогдсон болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тогтмол хэрэглэдэг хүний бүртгэл мэдээлэл;
69.1.2.хүний хувийн мэдээллийг хамгаалж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарлаас гарах эмчилгээнд хамрагдсан болон эмчилгээний дараах хяналтад байгаа хүний бүртгэл, мэдээлэл;
69.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж мансуурсан болон хамааралтай хүнд эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын жагсаалт, тэдгээрийн тайлан;
69.1.4.Үндэсний хорооноос шаардлагатай гэж үзсэн мэдээлэл.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТ, ХОР ХӨНӨӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
70 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ
70.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаарх сэрэмжлүүлгийг нэвтрэхээс өмнөх хэсэгт байрлах мэдээллийн самбар болон Монгол Улсын хилээр нэвтрэх гаалийн мэдүүлэгт монгол, англи, орос, хятад хэлээр бичсэн байна.
70.2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой дараах үйл ажиллагаа явуулахыг хүн, хуулийн этгээдэд хориглоно:
70.2.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг сурталчлах, эсхүл уг үйл ажиллагааг дэмжсэн, хууль бус эргэлтэд оруулах арга, хэрэгслийн талаар мэдээлэл агуулсан бүх төрлийн үйл ажиллагаа;
70.2.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, хэрэглэх, тариалахыг заах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээний талаарх агуулга бүхий болон мэдээлсэн, сурталчилсан кино, тоглолт, дуу авиа, дүрс бичлэг, хуурцаг, ном товхимол, зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд, бусдад түгээх, сурталчлах;
70.2.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэр, зураг, дүрс, тэмдгийг аливаа сурталчилгаа болон кино, тоглолт, дуу авиа, дүрс бичлэг, хуурцаг, ном товхимол, зурагт оруулах, ашиглах.
70.3.Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо, оюуны өмчийн улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, хэрэглэх, тариалахыг заах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээний талаарх агуулга бүхий болон мэдээлсэн, ил болон далд сурталчилсан кино, дүрс бичлэг, ном товхимол, хэвлэмэл зургийг харилцаа, холбооны сүлжээ ашиглан түгээх, сурталчлах үйл ажиллагааг таслан зогсоох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
70.4.Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Харилцааны холбооны зохицуулах хороо болон оюуны өмчийн улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллага энэ хуулийн 70.3-т заасан чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын тайланг улирал бүр гаргаж, дараа улирлын эхний сарын 10-ны дотор Хар тамхитай тэмцэх албанд хүргүүлнэ.
70.5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх сургалт арга хэмжээг Хар тамхитай тэмцэх алба, нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд хэрэгжүүлнэ.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
БУСАД
71 дүгээр зүйл.Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг цуцалж, албадан гаргах
71.1.Энэ хуулийг зөрчсөн гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгож, албадан гаргана.
71.2.Энэ хуулийн 71.1-д заасан чиг үүргийн хүрээнд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах ажлыг зохион байгуулна:
71.2.1.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн талаар хамтран ажиллаж байгаа гадаад улсын иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг эрх бүхий байгууллагын хүсэлтийн дагуу шийдвэрлэх;
71.2.2.Монгол Улсад оршин суух хүсэлт гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлттэй холбоотой гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, эсхүл шалгагдаж байгаа бол энэ талаар Хар тамхитай тэмцэх алба болон тагнуулын байгууллагад мэдээлэх;
71.2.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой зөрчил, гэмт хэрэг үйлдэж, шийтгүүлсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг шийтгэлээ эдэлж дуусмагц Монгол Улсаас албадан гаргах;
71.2.4.гадаад улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсад оршин суух, түр оршин суух зөвшөөрөл олгохгүй байх.
71.2.5.хуульд заасан бусад.
71.3.Энэ хуулийн 71.1-д заасны дагуу Монгол Улсаас албадан гаргах нь гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг эрүүгийн болон зөрчлийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
72 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарлаас урьдчилан сэргийлэх, хууль бус эргэлттэй тэмцэх талаар хүн, хуулийн этгээдийн үүрэг
72.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийг биелүүлэх ажлын хүрээнд эрх бүхий байгууллагаас өгсөн заавар, зөвлөмж, мэдэгдэл, шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.
72.2.Хүн, хуулийн этгээд өөрт ил болсон, байгальд ургаж байгаа, бий болсон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын тархац, байршлын талаарх мэдээллийг цагдаа, тагнуул, нутгийн захиргааны байгууллагад даруй мэдээлэх үүрэгтэй.
73 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
73.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
74 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
74.1.Энэ хуулийг 2027 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Бусад
