Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Мэндбаярын МАНДХАЙ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 4-Р САРЫН 15 ӨДӨР
УЛААНБААТАР

ХӨДӨӨ АЖ АХУЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогын суурь зарчмуудыг тодорхойлж, бүсчлэл, төрөлжилт, тогтвортой хөгжил, түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэлхээ, өртгийн сүлжээ, хүний нөөц, салбарын бүртгэл, мэдээлэл, хяналт, эрсдэлийн шинжилгээ, үнэлгээ, удирдлага, оролцогч талуудын эрх, чиг үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлХөдөө аж ахуйн хууль тогтоомж
2.1Хөдөө аж ахуйн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Малчны тухай хууль, Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль, Малын тоо толгойн албан татварын тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль, Тариалангийн тухай хууль, Таримал ургамлын үр, сортын тухай хууль, Үрийн тариалангийн даатгалын тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Органик бүтээгдэхүүний тухай хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагаатай холбогдох харилцаанд үйлчилнэ.
4 дүгээр зүйлХуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1”өрхийн хэрэглээний аж ахуй” гэж дотоод хэрэгцээндээ зориулж өрхийн гишүүдийн хөдөлмөрийн нөөцөд тулгуурлан хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг өрхийг;
4.1.2“өрхийн арилжааны аж ахуй” гэж газар, хөдөлмөр, хөрөнгийн нөөцөд тулгуурлан ашиг олох зорилгоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, зах зээлд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өрхийг;
4.1.3“фермерийн аж ахуй” гэж хөдөө аж ахуйн газар, өмч хөрөнгийг хамтран эзэмшиж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бизнесийн хэв шинжтэй иргэн, хуулийн этгээдийг;
4.1.4“бэлчээрийн мал аж ахуй” гэж байгаль, уур амьсгалын онцлогт дасан зохицсон мал сүргийг жилийн турш улирлын хуваарьтай бэлчээрт идээшлүүлэн маллаж, ашиг шимийг нь хүртдэг уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг;
4.1.5“эрчимжсэн мал аж ахуй” гэж арчилгаа, маллагаа, тэжээллэгийн тусгай технологийн дагуу мал, амьтныг суурин, хагас суурин хэлбэрээр маллаж ашиг хүртдэг үйлдвэрлэлийг;
4.1.6“хөдөө аж ахуйн үйлдвэрлэл” гэж газар, ус, ургамал зэрэг байгалийн болон мал, амьтны биологийн нөөцөд тулгуурлан хүн амын хэрэгцээт хүнс, боловсруулах үйлдвэрийн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн цогц системийг;
4.1.7”мал аж ахуйн үйлдвэрлэл” гэж мал, амьтныг аж ахуйн зориулалтаар үржүүлж, өсгөн ашиглалтын орц, үйлдвэрлэсэн түүхий эд, бүтээгдэхүүний гарцаар тодорхойлогдох бэлтгэн нийлүүлэлтийн үе шатны цогц ажиллагааг;
4.1.8“хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч” гэж байгалийн болон мал, тэжээвэр амьтан, таримал ургамлын генетикийн нөөцийг ашиглан хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, үр шим, ашиг хүртэж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг;
4.1.9“хөдөө аж ахуйн өртгийн сүлжээ” гэж хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бэлтгэн нийлүүлэлт, хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, түгээлтийн үе шатанд харилцан уялдаатай зарцуулж байгаа хөдөлмөр, нэмүү өртөг шингээх цогц үйл ажиллагааг;
4.1.10”хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дэмжлэг” гэж төрийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид үзүүлэх мөнгөн болон мөнгөн бус хэлбэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөнгөлөлтийг.
5 дугаар зүйлХөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах зарчим
5.1Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бодлого, үйл ажиллагаанд төрөөс дараах зарчим баримтална:
5.1.1үндэсний үнэт зүйл, соёл, өв уламжлалыг хадгалах, хамгаалах;
5.1.2байгаль орчинд ээлтэй, ногоон, биоэдийн засгийн хөгжлийг дэмжих;
5.1.3шинжлэх ухаан, технологийн судалгаа, нотлох баримт, хөгжлийн онол, арга зүйд тулгуурлах,
5.1.4хөдөө аж ахуйн өрсөлдөх чадвар, шударга өрсөлдөөнийг дэмжих;
5.1.5хөдөө аж ахуйг бүсчлэн төрөлжүүлэн хөгжүүлэх, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх;
5.1.6хүн амын хүнсний хүртээмжтэй, олдоцтой, эрүүл ахуйн аюулгүй, шимт тэжээллэг байдлыг хангах, хүнсний хараат бус байдлыг дэмжин хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг урамшуулан дэмжих;
5.1.7бүтээмж, чанар, үр дүнд суурилсан тогтвортой хөгжил, экспортыг дэмжих;
5.1.8хүний нөөц бүрдүүлэх, чадавхижуулах, амьдралын орчинд насан туршид суралцахуйг дэмжих, мэргэшлийн сургалтын шаталсан бүтцийг хөгжүүлэх;
5.1.9нээлттэй, ил тод, тэгш, хүртээмжтэй, харилцан уялдаатай байх;
5.1.10төрийн байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, аж ахуй эрхлэгч талуудын хамтын ажиллагаа, оролцоог дэмжих, харилцан хариуцлага хүлээж, хянадаг байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ӨРТГИЙН СҮЛЖЭЭ
6 дугаар зүйлХөдөө аж ахуйн үйлдвэрлэл, түүний төрөл
6.1Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дараах дэд салбарт ангилна:
6.1.1мал аж ахуйн үйлдвэрлэл;
6.1.2тариалангийн үйлдвэрлэл;
6.1.3мал аж ахуй, тариалан хосолсон үйлдвэрлэл;
6.2Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь үйл ажиллагааны онцлог, зах зээлд оролцож буй байдал, ашиглаж байгаа техник, технологиос хамаарч дараах байдлаар төрөлжилттэй байна:
6.2.1бэлчээрийн мал аж ахуй;
6.2.2мах, сүүний болон хосолсон эрчимжсэн мал аж ахуй;
6.2.3мал бордох, өсвөр болон үржлийн мал өсгөн бойжуулах аж ахуй;
6.2.4гахай, шувуу, загас, зөгийн аж ахуй;
6.2.5Тариалангийн тухай хуулийн 16.2-т заасан үйлдвэрлэл;
6.2.6хөдөө аж ахуйн аялал жуулчлал;
6.2.7агро-ойн аж ахуй;
6.2.8бусад.
6.3Энэ хуулийн 6.2.1-6.2.8-д заасан үйлдвэрлэлийг хослуулан эрхэлж болно.
7 дугаар зүйлХөдөө аж ахуйн бүс нутаг тогтоох
7.1Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу газар зүйн байршил, экологийн онцлог, хөрсний үржил шим, дэд бүтцийн хөгжил, боловсруулах үйлдвэрлэлийн байршил, уур амьсгалын өөрчлөлт, усан хангамж, мал, амьтан, ургамлын эрүүл мэндийн төлөв байдал, зах зээлтэй уялдуулан бүс нутаг тогтоон хөгжүүлнэ.
7.2Аймаг, нийслэл болон сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэртээ хөдөө аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх бүс нутгийн заагийг тогтоож болно.
7.3Хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хөдөө аж ахуйн төрөлжсөн үйлдвэрлэлийн бүсийн хилийн заагийг тухайн бүс нутгийг хамарч байгаа аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
7.4Тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаас гадна хөдөө аж ахуйг бүс нутаг тогтоон, төрөлжүүлэн хөгжүүлэх талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
7.4.1мал, амьтан, таримал ургамлын эрүүл ахуй, экосистемийн ээлтэй орон зайг бий болгох нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалах, уялдааг хангах;
7.4.2дэд бүтцийг сайжруулах;
7.4.3хөдөө аж ахуйн эрчимжсэн, өрхийн арилжааны аж ахуй эрхлэгчийн хорших, хамтран ажиллахыг дэмжих;
7.4.4өрхийн арилжааны аж ахуйг эрсдэлд суурилсан төлөвлөлттэй болгох;
7.4.5өрхийн арилжааны аж ахуйн үйлдвэрлэсэн түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтыг захиалгат, зорилтот зах зээлтэй холбох зохицуулалт хийх, зах зээлийн тогтолцоонд нийцүүлэн шинэчлэн өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
7.4.6хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчийн эдийн засгийн чадамж, бүтээмж, үр ашгийг сайжруулах, өртгийн сүлжээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
7.5Тариалангийн бүс нутаг, үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршил, мал, амьтны эрүүл мэндийн бүс тогтоохтой холбогдсон харилцааг салбарын холбогдох хуулиар зохицуулна.
8 дугаар зүйлХөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний өртгийн сүлжээ
8.1Түүхий эд, бүтээгдэхүүнийг эрх бүхий байгууллагаас баталсан техникийн зохицуулалт, стандарт, мал эмнэлэг, ургамлын ариун цэвэр, хорио цээрийн шаардлага (цаашид “ариун цэвэр, хорио цээрийн шаардлага” гэх), хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний дараагийн шатны хүлээн авагчтай байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу бэлтгэж, хадгална.
8.2Түүхий эд, бүтээгдэхүүнийг техникийн зохицуулалт, стандарт, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагыг хангаж, хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний дараагийн шатны хүлээн авагчтай байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу тээвэрлэнэ.
8.3Түүхий эд бүтээгдэхүүний анхдагч шинж чанар, технологийн онцлогоос хамааран тэдгээрийг түүхий эд хүлээн авах төв, төвлөрсөн цэг, агуулах, мал бордох аж ахуй, бөөний худалдааны төв, боловсруулах үйлдвэрт нийлүүлнэ.
8.4Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний оролцогч нь “нэг алхам урагш, нэг алхам хойш” зарчмыг баримтлан тухайн шатны өртгийн сүлжээнд хүлээн авсан, нийлүүлсэн түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, тоо хэмжээ, чанар, аюулгүй байдлын талаарх шаардлагатай үзүүлэлтүүдийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэгдсэн цахим системд бүртгэнэ.
8.5Өртгийн сүлжээний оролцогч нь өөрт хамаарах үе шат бүрд түүхий эд, бүтээгдэхүүний чанар, ариун цэвэр, хорио цээрийн шаардлага, аюулгүй байдлын баталгааг хангуулах ажлыг хариуцна.
8.6Түүхий эд, бүтээгдэхүүний анхдагч шинж чанар, технологийн онцлогоос хамааран хүлээн авах төв, төвлөрсөн цэг, төвлөрсөн агуулах (цаашид “төв, цэг, агуулах” гэх), мал бордох аж ахуй, бөөний худалдааны төвийн байршлыг сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн тогтооно.
8.7Энэ хуулийн 8.6-д заасан төв, цэг, агуулах, мал бордох аж ахуй, бөөний худалдааны үйл ажиллагааг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч, эсхүл энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хариуцан гүйцэтгэх ба боловсруулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний үндсэн дээр гүйцэтгэж болно.
8.8Энэ хуулийн 8.6-д заасан төв, цэг, агуулах, бөөний худалдааны үйл ажиллагааг сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ.
8.9Энэ хуулийн 8.8-д заасан иргэн, хуулийн этгээдийг бүртгэх, гэрээ байгуулах журмыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
8.10Түүхий эд бэлтгэлийн төв, цэг, агуулахыг хариуцан ажиллах этгээдтэй сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд тухайн орон нутгийн хөдөө аж ахуйн тасаг хяналт тавина.
8.11Түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн үе шатуудад ажиллах мэргэжлийн боловсон хүчин, ажилтныг бэлтгэх, сургах, чадавхижуулах арга хэмжээг орон нутгийн удирдлага хариуцна.
8.12Түүхий эд, бүтээгдэхүүний өртгийн сүлжээнд блокчейн технологийг өгөгдлийн дүн шинжилгээний програмтай хослуулан нэвтрүүлэх ажлыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТОГТВОРТОЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ
9 дүгээр зүйлХөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл
9.1Тогтвортой хөдөө аж ахуйн хөгжлийн зорилтыг хангах зорилгоор улсын хэмжээнд дунд хугацааны бодлого, аймаг, нийслэл, сум, дүүрэг дунд хугацааны төлөвлөгөөтэй байна.
9.2Энэ хуулийн 9.1-д заасан бодлого, төлөвлөгөөг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн боловсруулж, батлуулан хэрэгжүүлнэ.
9.3Тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:
9.3.1тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилго, зорилтыг улс, бүс, аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр өөрийн онцлогт нийцүүлэн тодорхойлох;
9.3.2хөдөө аж ахуйг төрөлжүүлэх, бүс нутаг тогтоох болон бэлчээр хамгаалах төлөвлөгөө, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах, нийлүүлэх өртгийн сүлжээ, зах зээл, бөөний худалдааны сүлжээ, хөдөө аж ахуйн кластер хөгжүүлэх зэрэг асуудлыг өөрийн нутаг дэвсгэрийн онцлог, малын тэжээлийн хүртээмж, аж ахуй эрхлэх боломж, ажиллах хүчний хүрэлцээ, хүн амын хүнсний хангамж, эрэлт, хөрөнгө оруулалтын боломж зэрэгтэй уялдуулан тодорхойлох;
9.3.3тухайн нутаг дэвсгэрт өсгөн үржүүлж байгаа үүлдэр, омгийн малын нэгжээс авах ашиг шим болон нэгж талбайгаас хураан авч байгаа таримал бүрийн ургацыг сүүлийн 3 жилийн дунджаас нэмэгдүүлэх боломж, хүрэх түвшинг тооцох;
9.4Аймаг, сумын дунд хугацааны төлөвлөгөөнд энэ хуулийн 10.3-т заасан зорилтыг өөрийн онцлогт тохируулан сонгон авч тусгана.
9.5Аймаг, сумын тогтвортой хөдөө аж ахуйн хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тухайн шатны Засаг дарга хариуцан зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу тайлагнана.
10 дугаар зүйлХөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүний нөөц
10.1Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь салбарын хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.
10.2Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн зорилтыг шийдвэрлэхэд шаардагдах мэргэшсэн хүний нөөцийн хэрэгцээг мэргэжил, мэргэшлийн түвшнээр урт, дунд хугацаанд тодорхойлж, хэрэгцээг хангах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлнэ.
10.3Тогтвортой хөдөө аж ахуйн зорилтыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой мэргэжлээр их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагад шинээр анги нээх, гадаад оронд сургаж бэлтгэх ажлыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулна.
10.4Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь албан боловсрол эзэмшсэн хөдөө аж ахуйн ажилтан, мэргэжилтнийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран 5 жил тутам мэргэжил дээшлүүлэх сургалтад системтэйгээр хамруулах ба мэргэжлийн ур чадварын түвшнээр үнэлж, мэргэшлийн зэрэг олгоно.
10.5Энэ хуулийн 10.4-т заасан хөдөө аж ахуйн салбарын ажилтан, мэргэжилтний мэргэжлийн ур чадварын түвшинг үнэлэх, мэргэшлийн зэрэг олгох асуудлыг тухайн салбарын хуулиар зохицуулна.
11 дүгээр зүйлХөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлд нөлөөлөх эрсдэлийг үнэлэх, түүний удирдлага, зохицуулалт
11.1Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, хөгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулах, удирдах явцад учирч болзошгүй хүчин зүйлсийн нөлөөллийн эрсдэлийг тогтооно.
11.2Хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлд учирч болзошгүй эрсдэлийн үнэлгээг ердийн нөхцөлд 5 жил тутам, аль нэг эрсдэлт нөхцөл байдал үүссэн болон үүсэх магадлал өндөрссөн үед Засгийн газрын шийдвэрээр тухай бүр хийнэ.
11.3Энэ хуулийн 11.2-т заасан эрсдэлийн үнэлгээг эрсдэл үүсгэгч аюул болон хүчин зүйлсийн чиглэлээр мэргэшсэн, хараат бус судлаач, шинжээчдээс бүрдсэн эрсдэлийн үнэлгээний баг гүйцэтгэнэ.
11.4Энэ хуулийн 11.3-т заасан эрсдэлийн үнэлгээний багийг Засгийн газраас 5 жилийн хугацаатай байгуулж ажиллуулна. Үнэлгээний багийн ажиллах журмыг Засгийн газар батална.
11.5Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөх эрсдэлийг тогтоох, үнэлэх шалгуур үзүүлэлт, аргачлалыг хөдөө аж ахуйн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран батална.
11.6Хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлд учирч болзошгүй эрсдэлийн үнэлгээ хийх зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлнэ.
12 дугаар зүйлТогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг
12.1Тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч дараах эрхтэй:
12.1.1хуульд заасны дагуу хөдөө аж ахуйн газрыг зориулалтаар нь эзэмших, ашиглах,
12.1.2энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан бүс нутагт эрхлэхийг зөвшөөрсөн аж ахуйн төрлөөс сонгон аж ахуйгаа хөгжүүлэх;
12.1.3үйлдвэрлэлээ өргөтгөх, хөгжүүлэх, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах зорилгоор төсөл боловсруулж, зээл, санхүүгийн дэмжлэг авах;
12.1.4үйлдвэрлэлийн үр ашиг,бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ техник, технологи, тоног төхөөрөмжийг ашиглах, түүнтэй холбоотой сургалтад хамрагдах, зөвлөгөө авах;
12.1.5үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах;
22.1.6хууль тогтоомжид заасан бусад эрх.
12.2Тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч дараах үүрэгтэй:
12.2.1эзэмшиж, ашиглаж буй хөдөө аж ахуйн газрыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах, сэргээн сайжруулах;
12.2.2үйлдвэрлэсэн түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн баталгааг хангах;
12.2.3өөрийн үйлдвэрлэсэн, зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүний тоо, хэмжээг холбогдох цахим системд мэдээлэх;
12.2.4хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДЭМЖЛЭГ
13 дугаар зүйлХөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дэмжлэг, түүний төрөл
13.1Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дэмжлэг нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн байгальд ээлтэй, үр ашигтай үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх, орлогыг нь нэмэгдүүлэх талаарх сонирхол, хариуцлагыг нь дээшлүүлэхэд чиглэгдсэн байна.
13.2Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төсвөөс олгох дэмжлэг, урамшуулал нь дор дурдсан шалгуурыг хангасан байна:
13.2.1уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэгдсэн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байх;
13.2.2бэлчээрийн болон тариалангийн газрын хөрс, үржил шимийг хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх арга хэмжээнд хувийн зүгээс хөрөнгө оруулалт хийсэн байх;
13.2.3бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн бүтээмжээ дээшлүүлсэн байх;
13.2.4стандартын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэн үндэсний үйлдвэрлэлд нийлүүлсэн байх;
13.2.5малын чанар болон эдийн засгийн эргэлтийг сайжруулах замаар бэлчээрийн даацад малын тоог нийцүүлсэн байх;
13.2.6бэлтгэн нийлүүлэлтийн хоршоогоор дамжуулан арьс шир, ноос, ноолуур, сүү зэрэг түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлсэн байх.
13.3Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд үзүүлэх урамшуулал олгохдоо дараах тэргүүлэх чиглэлийг баримтлана:
13.3.1бэлчээрийг хамгаалан сайжруулж, даацад нь малын тоог нийцүүлэх;
13.3.2боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн сүүний хэмжээг нэмэгдүүлэх;
13.3.3мах, сүүний эрчимжсэн аж ахуйн өндөр ашиг шимт мал, тэжээлийн хангамжийг сайжруулах;
13.3.4хоршооны зохион байгуулалтад орж мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэл, анхан шатны боловсруулалт хийх жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх;
13.3.5хоршин ажиллаж буй жижиг тариалан эрхлэгчдэд хоршоогоор дамжуулан үйлдвэрлэлийн орц, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах;
13.3.6дэвшилтэт технологи бүхий нарийн ногооны хүлэмжийн аж ахуй, технологийн стандартын шаардлага хангасан зоорь, агуулахын аж ахуйг хөгжүүлэх;
13.3.7хөрсний үржил, шимийг сайжруулан хамгаалахад чиглэсэн бордоо, үрийн хангамж, ойн зурвас байгуулах.
13.4Хөрөнгө оруулалтын багтаамж ихтэй, үйлдвэрлэгчийн зүгээс дангаараа санхүүжилт хийхэд хүндрэлтэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн дараах чиглэлийн төсөл, хөтөлбөрийг банкны хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлээр дэмжинэ:
13.4.1малын үүлдэр, угсааг сайжруулах үүднээс өндөр ашиг шимт мал худалдан авах;
13.4.1эрчимжсэн мал аж ахуйн барилга байгууламж барих;
13.4.2таримал тэжээл үйлдвэрлэл, бүсийн, аймаг дундын, аймгийн өвс тэжээлийн нөөцийн сан бүхий бөөний худалдааны төв байгуулах;
13.4.3эрчимжсэн сүүний аж ахуйн тоног төхөөрөмж худалдан авах;
13.4.4усалгаатай газар тариалангийн барилга байгууламж барих;
13.4.5тариалангийн талбайн ойн зурвас, хашаа барих;
13.4.6таримал жимс, жимсгэнэ, цай, эмийн ургамлын үйлдвэрлэл эрхлэх;
13.4.7өндөр бүтээмжтэй, орчин үеийн ухаалаг технологи бүхий трактор, комбайн, тоног төхөөрөмж худалдан авах;
13.4.8эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг технологи, тохируулга бүхий хүнсний ногооны зоорь, агуулахын аж ахуй, хүлэмж барих;
13.4.9ногоон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх;
13.4.10дотоодод үйлдвэрлэсэн бренд бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах арга хэмжээ авах;
13.4.10хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний тээвэр, ложистикийг хөгжүүлэх.
13.5Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой харилцааг тухайн салбарын хуулиар зохицуулна.
14 дүгээр зүйлХөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний чанарын үнэлгээ, баталгаажуулалт
14.1Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг стандартын дагуу үнэлнэ.
14.2Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний төрөл тус бүрээр ангилал, зэрэглэлийн стандартын төсөл боловсруулах, эрх бүхий байгууллагаар батлуулах, батлагдсан стандартын хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
14.3Аймаг бүр хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг шинжлэн судалдаг зориулалтын тоног төхөөрөмж, мэргэшсэн шинжээч бүхий лабораторитай байна.
14.4Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.
15 дугаар зүйлХөдөө аж ахуйн судалгаа ба хөгжүүлэлт
15.1Шинжлэх ухаан технологийн тухай хуульд заасны дагуу хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад салбарын шинжлэх ухаан, технологи, инновацын орон тооны бус салбар зөвлөл /цаашид "Салбар зөвлөл" гэх/ ажиллана.
15.2Салбар зөвлөл нь Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 13.2-т заасан бүрэн эрхээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
15.2.1салбарын хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны арга зүйн түвшин, судлаачдын мэдлэг чадвар, судалгаа шинжилгээний багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн өнөөгийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, түүнийг олон улсын жишигт хүргэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
15.2.2салбарын хүрээнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах судалгаа шинжилгээний тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө баталж, хяналт тавих;
15.2.3төсвөөс санхүүжүүлж байгаа судалгаа хөгжүүлэлтийн төслийн үр дүнг хүлээн авч, салбарын судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллагад хүргүүлэх.
15.3Салбарын судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллага энэ хуулийн 15.2.3-т заасан үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа ажлын явцыг жил тутам хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.
15.4Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд бий болсон шинэ мэдлэг, технологийг дамжуулах, зах зээлд нэвтрүүлэх, гарааны бизнесийг дэмжих ажлыг хариуцна.
15.5Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран салбарын их сургууль болон эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүдийг туршилт, судалгааны орчин үеийн техник, хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлж ажиллана.
15.6Малчин, тариаланчид шинэ мэдлэг, инновац, технологи эзэмшүүлэхэд чиглэгдсэн зөвлөн туслах тогтвортой үйлчилгээг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болон хувийн хэвшлийн хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулна.
16 дугаар зүйлХөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах
16.1Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулагч дараах хэлбэрээр оролцож болно:
16.1.1бэлчээр, тариалангийн газрын доройтлыг сэргээх, сайжруулах техник, технологи нэвтрүүлэх,
16.1.2агро-ойн аж ахуйг хөгжүүлэх, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх; Тайлбар:”агро-ойн аж ахуй” гэж мод, сөөг тариалалтыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй зориудаар хослуулсан, нийгэм, эдийн засаг, байгаль орчны ашиг тустай аж ахуйн зохион байгуулалтыг ойлгоно.
16.1.3хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг дотоодод үйлдвэрлэх, угсрах;
16.1.4органик бордоо, ургамал хамгааллын бүтээгдэхүүн, малын эм, бэлдмэл, ариутгалын бодисыг дотоодод үйлдвэрлэх.
17 дугаар зүйлХөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг өргөжүүлэхэд үзүүлэх төрийн дэмжлэг
17.1Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний мал эмнэлэг, ургамлын ариун цэвэр, хорио цээрийн гэрээ, хэлэлцээрийг байгуулж, худалдааны түнш орны тоог нэмэгдүүлэх арга хэмжээг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санаачлан зохион байгуулна.
17.2Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын зах зээлийг судалж, экспортын голлох бүтээгдэхүүн тус бүрээр бодлого, стратеги төлөвлөгөөг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага боловсруулж, Засгийн газар батална.
17.3Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, гадаад худалдааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар, холбогдох байгууллагууд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
17.3.1хоёр улсын болон олон талт гадаад хамтын ажиллагааны хүрээнд худалдаа, эдийн засгийн болон худалдааны ерөнхий хэлэлцээр байгуулах, тарифын болон тарифын бус хязгаарлалтыг зохицуулахад оролцох;
17.3.2гадаад улс, олон улсын байгууллагатай байгуулсан мал эмнэлэг, ургамлын ариун цэвэр, хорио цээрийн гэрээ, хэлэлцээрийн цахим сан үүсгэж, олон нийтэд нээлттэй хүргэх боломжоор хангах.
ТАВДУГААР БҮЛЭГ
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР ДАХЬ ТӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ
18 дугаар зүйлХөдөө аж ахуйн салбар дахь төрийн удирдлага, зохицуулалт
18.1Хөдөө аж ахуйн салбарын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг үнэлэх чиг үүргийг улсын хэмжээнд хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
18.2Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд мал, амьтны болон ургамлын эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, хөдөө аж ахуйн инноваци, технологи нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх төрийн байгууллага, хөдөө аж ахуйн чиглэлийн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд тус тус ажиллана.
18.3Аймаг, нийслэл, сум, дүүрэгт хөдөө аж ахуй, мал, амьтны болон ургамлын эрүүл мэндийн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага, нэгж хөдөө аж ахуйн салбарын бодлогын хэрэгжилтийг тус тус зохион байгуулна.
18.4Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн хүрээнд дараах тодорхой чиг үүргийг хэрэгжүүлнэ:
18.4.1тогтвортой хөдөө аж ахуйн хөгжлийн тэргүүлэх чиглэл, төрөлжилт, бүсчлэл, кластерыг тодорхойлж, бодлого, төлөвлөгөөнд тусгах, хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;
18.4.2энэ хуулийн хэрэгжилтэд хоёр жил тутам аудит хийлгэж, түүний дүгнэлт, саналын дагуу хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авах;
18.5Хөдөө аж ахуйн кластер байгуулах, хөгжүүлэх талаар төрийн захиргааны төв, орон нутгийн захиргааны байгууллага дараах үйл ажиллагаа явуулна:
18.5.1кластер байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг судлах, боловсруулахад дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчид сурталчлах;
18.5.2хөдөө аж ахуйн кластер үүсгэн хөгжүүлэх чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулсан судалгаа явуулах, дүнг мэдээлэх;
18.5.3кластер байгуулахад оролцогч талуудын хамтын ажиллагааны чиглэл, зураглалыг гаргах, үйлчилгээний дэд бүтцийг бий болгох, үйл ажиллагааг дэмжих арга замыг тодорхойлох;
18.5.4кластер үүсгэн байгуулах ажлыг манлайлан зохион байгуулах, кластерийн төлөвлөгөө боловсруулах чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгөх, төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж, удирдахад дэмжлэг үзүүлэх;
18.5.5гадаад, дотоодод туршлага судлах, үндэсний болон гадаад зөвлөхийн үйлчилгээ авахад туслах;
18.5.6кластер байгуулах чиглэлээр сургалт явуулах, зөвлөгөө өгөх;
18.5.7кластерийг дэмжих нэгжийг үүсгэн байгуулж ажиллуулах;
18.5.8хөдөө аж ахуйн кластерийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэх;
18.5.9хөдөө аж ахуйн кластерийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад байнгын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.
18.6Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд орон тооны бус Хөдөө аж ахуйг хөгжүүлэх мэргэжлийн зөвлөл /цаашид "Мэргэжлийн зөвлөл" гэх/ ажиллана.
18.7Хөдөө аж ахуйг хөгжүүлэх мэргэжлийн Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
19 дүгээр зүйлХөдөө аж ахуйн салбарын бүртгэл, мэдээллийн сан
19.1Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим сантай байна.
19.2Нэгдсэн цахим санд хүнсний баталгаат болон аюулгүй байдлын, мал аж ахуйн, малын генетик нөөцийн, мал, амьтны эрүүл мэндийн тариалангийн үйлдвэрлэлийн, ургамал хамгааллын, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн, худалдаа, үйлчилгээний, үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа зохистой дадал, технологийн зөвлөмжийн, биологийн аюулгүй байдлын, нэг эрүүл мэндийн, бүтээгдэхүүний үнийн, хөдөө аж ахуйн зах зээл, экспорт, импортын, зөвшөөрлийн зэрэг бүртгэл, мэдээллийн дэд сан ажиллана.
19.3Нэгдсэн цахим сан нь цахим хөгжлийн төрийн бодлого, хөтөлбөрт нийцсэн байх бөгөөд цаг хугацаа, орон зайнаас үл шалтгаалан хэрэглэгчид төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ил тод, хүндрэл чирэгдэлгүй авах бололцоог бүрдүүлнэ.
19.4Хөдөө аж ахуйн нэгдсэн цахим санг бүрдүүлэх, хөтлөх, мэдээллийн дүн шинжилгээ хийх, их өгөгдөл боловсруулах, мэдээлэл дамжуулах, хадгалах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.
19.5Хөдөө аж ахуйн цахим мэдээллийн сан нь урт хугацааны мэдээллийн архивтай байна.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
20 дугаар зүйлХууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
20.1Энэ хуулийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол холбогдох албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
20.2Энэ хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
21 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
21.1Энэ хуулийг ... оны ... дүгээр сарын ... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(2. ХАА хуулийн төслийн танилцуулга .docx)