Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 11-Р САРЫН 27 ӨДӨР
УЛААНБААТАР

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь үндэсний онцлог бүхий байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалын үйлдвэрлэлээр эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэмжихтэй холбогдсон болон аялал жуулчлалын үйл ажиллагаанд төр, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлАялал жуулчлалын хууль тогтоомж
2.1Аялал жуулчлалын хууль тогтоомж нь Иргэний хууль1, Соёлын өвийг хамгаалах тухай хууль2, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль4, энэ хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд тухайлан зааснаас бусад аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“аялал жуулчлал” гэж хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэг хоногоос 90 хоног хүртэлх хугацаагаар суралцах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад зорилгоор өөр газарт аялан явахыг;
4.1.2“жуулчин” гэж аялал жуулчлалын байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч аялал жуулчлал хийж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;
4.1.3“аялагч” гэж аяллын зорилгоор аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж байгаа хүнийг;
4.1.4"аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ" гэж аялал жуулчлалын байгууллагаас жуулчдад санал болгож байгаа аяллын явцад шаардагдах 2, түүнээс дээш бүтээгдэхүүн, үйлчилгээг;
4.1.5“аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага” гэж зочид буудал, жуулчны бааз, амралтын газар зэрэг бусад төрлийн жуулчны байр сууц, тээвэр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийг;
4.1.6“тур оператор” гэж аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөн бүрдүүлж, жижиглэн, эсхүл хоёр, түүнээс дээш бүтээгдэхүүн, үйлчилгээг багцлан шууд, эсхүл аяллын агентаар дамжуулан худалдан борлуулах, зохион байгуулах хуулийн этгээдийг;
4.1.7“аяллын агент” гэж тур оператор болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагаас гаргасан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг жижиглэн, эсхүл хоёр, түүнээс дээш бүтээгдэхүүн, үйлчилгээг зуучлан худалдан борлуулж байгаа хүн, хуулийн этгээдийг;
4.1.8“жуулчны хөтөч” гэж жуулчинд үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, байгаль, газар зүйн онцлог болон шаардлагатай бүхий л мэдээллийг хүргэж аяллыг хөтлөн явуулах энэ хуульд заасан шаардлага хангасан хүнийг;
4.1.9“тусгай сонирхлын аялал жуулчлал” гэж жуулчин, эсхүл жуулчны бүлэгт урлаг, спорт, ан агнуур, адал явдалт болон танин мэдэхүйн зэрэг тэдний сонирхсон чиглэлээр үзүүлэх аялал жуулчлалын үйлчилгээг;
4.1.10“аялал жуулчлалын дэд бүтэц” гэж аялал жуулчлалын зориулалттай байр сууц, зам, тээвэр, усан хангамж, ариун цэврийн байгууламж, түр амрах цэг зэрэг байгууламж, харилцаа, холбоо, мэдээлэл технологийн цахим дэд бүтцийг;
4.1.11“аялал жуулчлалын нөөц” гэж аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг эрхлэхэд шаардагдах газрын гадаргуу дээрх байгалийн тогтоц, амьтан, ургамал, түүх, археологи, шашин, соёлын биет болон биет бус өв болон өв тээгчийг;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
5 дугаар зүйлАялал жуулчлалын үйлдвэрлэл
5.1Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, тэдгээрийг хэрэглэгчдэд хүргэх үйлдвэрлэл, үйл ажиллагаа нь аялал жуулчлалын үндсэн ба дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээнээс бүрдэнэ.
5.2Аялал жуулчлалын үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд дараах үйлчилгээ хамаарна:
5.2.1жуулчныг байр сууцаар хангах үйлчилгээ;
5.2.2зорчигч тээврийн үйлчилгээ;
5.2.3аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, хөгжүүлэх үйлчилгээ.
5.3Аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээнд дараах үйлчилгээ хамаарна:
5.3.1хоол үйлдвэрлэл, үйлчилгээ;
5.3.2аялал жуулчлалын мэдээлэл, зар сурталчилгааны үйлчилгээ;
5.3.3урлаг, үзвэр үйлчилгээ, соёлын бусад үйлчилгээ;
5.3.4худалдаа үйлчилгээ;
5.3.5аялал жуулчлалын гар урлалын бүтээгдэхүүн.
5.4Төрөөс экспортын үйлдвэрлэлд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлтөд энэ хуулийн 5.2, 5.3-т заасан аялал жуулчлалын байгууллагын гадаадын жуулчинд үзүүлсэн үйлчилгээ нэгэн адил хамаарна.
6 дугаар зүйлАялал жуулчлалын байгууллага
6.1Аялал жуулчлалын байгууллага нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг жуулчинд үзүүлэх зорилго бүхий Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө хуулийн этгээд байна.
6.2Аялал жуулчлалын байгууллагыг дараах байдлаар ангилна:
6.2.1тур оператор;
6.2.2аяллын агент;
6.2.3аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага.
6.3Энэ хуулийн 6.2.2-т заасан аяллын агентын үйл ажиллагааг Монгол Улсын иргэн эрхэлж болно.
6.4Энэ хуулийн 6.2-т заасан ангилалд тусгагдаагүй байгууллага тусгай сонирхлын болон бусад төрлийн эрсдэл бүхий аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд бүртгүүлсэн байна.
6.5Тур оператор, аяллын агент нь энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд бүртгүүлсэн байна.
6.6Энэ хуулийн 6.2.3-т заасан аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэлийг тогтоох, түүнийг олгох, бууруулах, хүчингүй болгох, энэхүү үйл ажиллагаанд авах үйлчилгээний хөлстэй холбоотой журмыг Засгийн газар батална.
6.7Энэ хуулийн 6.6-д заасан журмын дагуу аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зэрэглэлийг энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээд олгоно.
6.8Аялал жуулчлалын байгууллага аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан борлуулахдаа гадаадын болон дотоодын жуулчдад ялгамжтай байдлаар үнэ тогтоож үйлчлэхийг хориглоно.
6.9Аялал жуулчлалын байгууллага нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй, соёлын биет өв буюу түүх, соёлын үл хөдлөх болон хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн байдал, хэлбэр, шинж чанарыг алдагдуулж, гэмтээх байдлаар аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
6.10Аялал жуулчлалын байгууллага нь татварын цахим төлбөрийн систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдон үйл ажиллагаа явуулах бөгөөд бараа, ажил, үйлчилгээ үзүүлэх бүрд цахим төлбөрийн баримт олгоно.
7 дугаар зүйлТур оператор
7.1Тур оператор нь дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
7.1.1аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, бүрдүүлэх, бий болгох, сурталчлах, жижиглэнгээр, эсхүл хоёр, түүнээс дээш бүтээгдэхүүн, үйлчилгээг багцлан худалдан борлуулах, аялал зохион байгуулах;
7.1.2жуулчдад зориулсан соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, борлуулах;
7.1.3виз авахтай холбогдсон болон аяллын бусад бичиг баримтын бүрдүүлэлт хийх;
7.1.4агаарын, төмөр замын болон бусад тээврийн хэрэгслээр зорчих билет /тийз/-ийн захиалга хийх, билет /тийз/ худалдах, борлуулах;
7.1.5хуулиар хориглосноос бусад үйл ажиллагаа.
7.2Тур оператор нь дараах үүрэгтэй байна:
7.2.1Монгол Улсын түүх, зан заншлын талаар жуулчдад үнэн зөв, бодит мэдээлэл өгөх;
7.2.2аялал жуулчлалын мэдээллийн санд өөрийн багц аяллын төрөл, чиглэл, үнэ, хүний нөөц, хөрөнгө оруулалт, үйлчлүүлсэн жуулчин, хамтран ажилладаг аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, хөтчийн талаарх мэдээллийг өгөх;
7.2.3аяллыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах, түүнд хяналт тавих, эрсдэлийн менежментийн төлөвлөгөө боловсруулж ажиллах;
7.2.4байгаль, түүх, соёлын биет өвийг хамгаалахад өөрийн зүгээс шаардагдах арга хэмжээ авах, гарсан зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэх;
7.2.5жуулчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах;
7.2.6байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүн амын эрүүл мэнд, уламжлалт зан заншилд харшлахгүй аялал жуулчлалын хэлбэрийг хөгжүүлэх;
7.2.7өөрийн ажилтнуудаа мэргэжлийн сургалт, дамжаанд хамруулж байх;
7.2.8хуульд заасан бусад.
8 дугаар зүйлАяллын агент
8.1Аяллын агент дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
8.1.1тур операторын бүтээгдэхүүнийг зуучлан худалдах, борлуулах үйл ажиллагаа;
8.1.2энэ хуулийн 7.1.3, 7.1.4-т заасан үйл ажиллагаа;
8.1.3хуульд заасан бусад.
8.2Аяллын агент нь энэ хуулийн 8.1.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх бол энэ хуулийн 7.2-т заасан холбогдох үүргийг хүлээнэ.
8.3Аяллын агент энэ хуулийн 7.1.1-д заасан үйл ажиллагааг эрхлэхийг хориглоно.
9 дүгээр зүйлАялал жуулчлалын үйлчилгээний байгууллага
9.1Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага нь зочид буудал, жуулчны бааз, амралтын газар зэрэг бусад төрлийн жуулчны байр сууц, тээвэр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлнэ.
9.2Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага нь дараах шаардлагыг хангаж ажиллана:
9.2.1тухайн үйлчилгээний техникийн зохицуулалт, стандартын шаардлагыг хангасан үйлчилгээ үзүүлэх;
9.2.2үйлчилгээний үнэ тарифыг энэ хуулийн 6.8-д заасныг баримтлан тогтоож үйлчлэх;
9.2.3үйл ажиллагаандаа мөрдөж байгаа техникийн зохицуулалт, стандарт, үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай бусад мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудас, мэдээллийн самбар, мэдээллийн бусад хэрэгсэл ашиглан нээлттэй, ил тод байршуулах;
9.2.4аялал жуулчлалын байгууллагатай гэрээ байгуулсан тохиолдолд жуулчнаас үйлчилгээний хөлсийг давхардуулан авахгүй байх;
9.2.5үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор таван жилийн дотор аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зэрэглэлд хамрагдах талаарх бизнес төлөвлөгөөтэй байх.
10 дугаар зүйлЖуулчны хөтөч
10.1Хөтөч, тайлбарлагчийн сургалтад хамрагдаж, энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд бүртгүүлж, үнэмлэх авсан хүн жуулчны хөтчийн үйлчилгээ үзүүлнэ.
10.2Жуулчны хөтөч нь дараах эрх, үүрэгтэй байна:
10.2.1энэ хуульд заасны дагуу олгосон энгэрийн тэмдэг, үнэмлэхийг хэрэглэх;
10.2.2жуулчдыг үндэсний түүх, соёлын дурсгалт зүйл, өв уламжлал, зан заншлын талаар үнэн зөв, бодит мэдээллээр хангах;
10.2.3аялал жуулчлалын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх.
10.3Энэ хуулийн 10.1-д заасан жуулчны хөтчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журмыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
10.4Энэ хуулийн 10.3-т заасан журмын дагуу жуулчны хөтчид үнэмлэх олгох,  сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох чиг үүргийг энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд шилжүүлж болно.
10.5Уулын спорт аялал, усан аялал, спорт агнуур, олзворын ан, морь, тэмээ унуулах, нисдэг тэрэгний аялал, усны гүнд шумбах, авто спортын аялал зэрэг эрсдэл бүхий тусгай сонирхлын аяллыг жуулчны хөтчөөс гадна тухайн чиглэлийн мэргэшсэн сургагч багш, зааварлагчтайгаар зохион байгуулна.
11 дүгээр зүйлЖуулчны үйлчилгээ үзүүлэгч иргэний үйл ажиллагаа
11.1Жуулчны үйлчилгээ үзүүлэгч иргэн нь орон нутагт гэр түрээслүүлэх, нүүдлийн соёл, ахуй зан заншлыг жуулчдад танилцуулан сурталчлах болон аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх хүн байна.
11.2Жуулчны үйлчилгээ үзүүлэгч иргэд эвлэлдэн нэгдэж нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын үйл ажиллагаа  явуулахыг төрөөс болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас бодлогоор дэмжлэг үзүүлнэ.
11.3Жуулчны үйлчилгээ үзүүлэгч иргэнд дэмжлэг үзүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд тавигдах шаардлагыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12Тур операторын үйл ажиллагаа эрхлэх   тусгай зөвшөөрөл
12.1Энэ хуулийн 6.2.1-д заасан тур операторын үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.30 дахь заалтад заасан аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгох тусгай зөвшөөрөлтэй эрхэлнэ.
12.2Энэ хуулийн 12.1-д заасан зөвшөөрөл нь дараах ангилалтай байна:
12.2.1Монгол Улсаас бусад улс руу хийх аялал жуулчлалын үйлчилгээ;
12.2.2бусад улсаас Монгол Улс руу хийх аялал жуулчлалын үйлчилгээ;
12.2.3энэ хуулийн 12.2.1 болон 12.2.2-т заасан аялал жуулчлалын үйлчилгээг хамтад нь эрхлэх олон улсын аялал жуулчлалын үйлчилгээ.
12.3Тур операторын үйл ажиллагаа эрхлэхээр хүсэлт гаргасан хуулийн этгээд нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан баримт бичгээс гадна дараах шаардлагыг хангасан талаарх баримт бичгийг зөвшөөрөл хүссэн хүсэлтэд хавсаргасан байна:
12.3.1аяллын агентын чиглэлээр хоёроос доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх;
12.3.2аялал жуулчлалын салбарын мэдлэг туршлагатай гурваас доошгүй үндсэн ажилтантай байх;
12.3.3өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон байгууллагын үйл ажиллагааны талаар олон нийтэд цахим болон хэвлэмэл хэлбэрээр нээлттэй танилцуулах боломжийг бүрдүүлсэн байх;
12.3.4цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байх;
12.3.5энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага хангасан жуулчны хөтөчтэй байх;
12.3.6мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдсан байх;
12.3.7энэ хуулийн 12.2.1, 12.2.3-т заасан үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авах тохиолдолд бусад улсын аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллах боломжтой байх.
12.4Энэ хуулийн 12.1-д заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохдоо Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 5.5, 5.6, 6.1, 6.2, 6.3, 6.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.
12.5Энэ хуулийн 12.1-д заасан тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дараах тохиолдолд хүчингүй болгоно:
12.5.1тур оператор, эсхүл түүний ажилтан Эрүүгийн хуульд заасан эдийн засаг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
12.5.2Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг гурваас дээш удаа үйлдсэн.
12.6Энэ зүйлд заасан тур операторын тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох чиг үүргийг энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд шилжүүлж болно.
13 дугаар зүйлХил орчмын аялал жуулчлал
13.1Хил орчмын аялал жуулчлалаар гадаад улсын иргэн Монгол Улс руу нэвтрэх асуудлыг хөрш улсуудтай харилцан тохиролцож Монгол Улсын олон улсын гэрээгээр шийдвэрлэнэ.
13.2Хил орчмын аялал жуулчлалын нутаг дэвсгэрт зорчих маршрутыг хууль зүйн болон аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
13.3Энэ хуулийн 13.2-т заасан маршрутын дагуу хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг энэ хуулийн 12.2.2-т заасан үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй тур оператор эрхэлнэ.
13.4Энэ хуулийн 13.3-т заасан тур оператор нь хилийн зурвасын аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд улсын хил хамгаалах байгууллагатай  гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангана.
13.5Хил орчмын нутаг дэвсгэрийн аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах журмыг Засгийн газар батална.
13.6Энэ хуулийн 13.3-т заасан тур оператор нь энэ зүйлд заасны дагуу хил орчмын аялал жуулчлалын үйлчилгээ авч буй гадаадын жуулчны мэдээллийг энэ хуулийн 28.1-д заасан мэдээллийн санд хүргүүлнэ.
14 дүгээрАялал жуулчлалын гэрээ
14.1Аялал жуулчлалын байгууллага жуулчинтай аялал жуулчлалын гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 370-379 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.
14.2Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол жуулчин, аялал жуулчлалын байгууллагын хооронд аялал жуулчлалын гэрээтэй холбогдон гарсан маргааныг энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаар шийдвэрлүүлж болно.
15 дугаар зүйлДаатгал
15.1Тур оператор, аяллын агент  нь үйл ажиллагаандаа алдаа гаргаж, үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал даатгуулна.
15.2Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага нь үйл ажиллагааны төрөл, онцлогоос хамаарч шаардлагатай даатгалд хамрагдаж болно.
15.3Уулын спорт аялал, усан аялал, спорт агнуур, олзворын ан, нисдэг тэрэгний аялал, усны гүнд шумбах, авто спортын аялал зэрэг эрсдэл бүхий аялал жуулчлалын үйл ажиллагаанд хамрагдах аялагч, жуулчин нь аяллын гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна.
15.4Энэ хуулийн 15.3-т зааснаас бусад тохиолдолд жуулчин болон аялагч нь аяллын гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалд хамрагдаж болно.
15.5Энэ хуулийн 15.3-т заасан аялагч болон жуулчныг уг даатгалд хамруулах үйл ажиллагааг аялал жуулчлалын байгууллага хариуцан зохион байгуулна.
16 дугаар зүйлЖуулчны аюулгүй байдал
16.1Монгол Улсын нутаг дэвсгэрт аялж байгаа жуулчинд шаардагдах аюулгүй байдлыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цагдаагийн байгууллага, аялал жуулчлалын байгууллага хангана.
16.2Жуулчны аюулгүй байдалд жуулчны хувийн аюулгүй байдал, өмч хөрөнгө болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11, 4.1.12-т заасан мэдээллийг хадгалах, хамгаалах үйл ажиллагаа хамаарна.
16.3Жуулчин, аялагч эрсдэлт нөхцөл байдалд орсон, сураггүй алга болсон тохиолдолд эрэн хайх, аврах ажиллагааг тухайн орон нутгийн онцгой байдлын алба Гамшгаас хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу шуурхай эхлүүлнэ.
16.4Энэ хуулийн 6.2-т заасан аялал жуулчлалын байгууллага нь жуулчдад байгалийн гамшигт үзэгдэл, аливаа гэмтэл, халдварт өвчин, тахал болон шаардлагатай бусад тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх бүхий л нөхцөл боломжийг бий болгосон байна.
16.5Аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь жуулчдад учирч болзошгүй аюул, халдварт өвчин, тахал болон зорчиход аюултай газар, байршлын жагсаалтыг гарган тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчдад мэдэгдэх үүрэгтэй.
16.6Энэ хуулийн 16.6-д заасан мэдээллийг Аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр түгээж, өөрийн албан ёсны цахим хуудсанд байршуулна.
16.7Жуулчин аяллын явцад эрсдэлт нөхцөлд орсон, гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, албадлагын арга хэмжээ авагдсан тохиолдолд аялал жуулчлалын байгууллага тухайн хэрэг, зөрчлийг боломжит богино хугацаанд шийдвэрлүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана.
16.8Тур оператор, аяллын агент нь аяллын явцад автомат ажиллагаатай бичлэгийн техник, хэрэгслээр тоноглогдсон, стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр жуулчдад үйлчилгээ үзүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРӨӨС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ
17 дугаар зүйлАялал жуулчлалыг хөгжүүлэх сан
17.1Аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 214.1-д заасан дараах үйл ажиллагааг санхүүжүүлнэ:
17.1.1агаараар зорчигч тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
17.1.2аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх;
17.1.3Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах;
17.1.4аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох, хөгжүүлэх.
17.2Сангийн ажиллах журам болон хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.
17.3Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан нь орон тооны бус удирдах зөвлөл, хяналтын хороотой байх бөгөөд уг удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй хувь нь аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл байна.
17.4Энэ хуулийн 17.2-т заасан аялал жуулчлалын байгууллагын төлөөлөлд зочид буудал, агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгчдээс тус бүр нэг төлөөлөл, бусад гишүүд нь энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн төлөөлөл байна.
18 дугаар зүйлАялал жуулчлалын тусгай зориулалтаар амьтан агнах
18.1Амьтны тухай хуулийн 29.3-т заасны дагуу тусгай зориулалтаар аргаль хонь, янгир ямаа, идлэг шонхор шувуу, тул загасыг агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар олгоно.
19 дүгээр зүйлАялал жуулчлалын бүс
19.1Монгол Улс тодорхой газар нутгийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоод хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор орон зайн зохистой төлөвлөлтийг бий болгосон аялал жуулчлалын бүстэй байна.
19.2Аялал жуулчлалын бүсийг дараах байдлаар ангилна:
19.2.1улсын аялал жуулчлалын бүс;
19.2.2орон нутгийн аялал жуулчлалын бүс.
19.3Энэ хуулийн 19.2.1-д заасан аялал жуулчлалын бүсийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах, байгаль, түүх, соёлын өвийг хамгаалах зорилгод нийцүүлэн Засгийн газраас тогтоож, хил заагийг батална.
19.4Энэ хуулийн 19.2.1-д заасан улсын аялал жуулчлалын бүсийн хилийн заагийг тогтооход газрын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны саналыг авна.
19.5Энэ хуулийн 19.2.1-д заасан улсын аялал жуулчлалын бүсэд мөрдөгдөх техникийн зохицуулалтад нийцсэн газар зохион байгуулалтын болон менежментийн төлөвлөгөөтэй байна.
19.6Энэ хуулийн 19.5-д заасан газар зохион байгуулалтын болон менежментийн төлөвлөгөө, бүсийн аялал жуулчлалын маршрутыг аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага  батална.
19.7Энэ хуулийн 19.2.2-т заасан орон нутгийн аялал жуулчлалын бүсийн хилийн заагийг аймаг, нийслэлийн аялал жуулчлалын нэгж боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, газар зохион байгуулалтын нэгдсэн санд болон энэ хуулийн 28.1-д заасан мэдээллийн санд хүргүүлнэ.
19.8Энэ хуулийн 19.2.2-т заасан орон нутгийн аялал жуулчлалын бүс нь газар зохион байгуулалтын болон менежментийн төлөвлөгөөтэй байна.
19.9Энэ хуулийн 19.7-д заасан орон нутгийн аялал жуулчлалын бүсийн менежментийн төлөвлөгөөг аймаг, нийслэлийн асуудал хариуцсан нэгж боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал батална.
19.10Энэ хуулийн 19.2.1-д заасан аялал жуулчлалын бүсийн менежментийг аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, энэ хуулийн 19.2.2-т заасан орон нутгийн аялал жуулчлалын бүсийн менежментийг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулна.
19.11Аялал жуулчлалын бүсийн менежментийг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.
19.12Энэ хуулийн 19.2.2-т заасан орон нутгийн аялал жуулчлалын бүсийн газар нутгийн хилийн заагийг тогтоохдоо энэ хуулийн 19.2.1-д заасан улсын аялал жуулчлалын бүсийн газар нутгийн хилийн заагтай давхцуулж тогтоохыг хориглоно.
19.13Энэ хуулийн 19.2.1-д заасан улсын аялал жуулчлалын бүстэй энэ хуулийн 19.2.2-т заасан орон нутгийн аялал жуулчлалын бүс давхацсан тохиолдолд давхацсан хэсгийг холбогдох иргэдийн Төлөөлөгчдийн хурал хүчингүй болгоно.
20 дугаар зүйлОтоглох цэг
20.1Тухайн бүс нутагт орчны бохирдол бий болохоос урьдчилан сэргийлэх, аялал жуулчлалыг зохистой зохион байгуулах, аялагчдын тав тухтай аялах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор отоглох цэгийг байгуулж болно.
20.2Отоглох цэг байгуулах шийдвэрийг тухайн орон нутгийн аялал жуулчлалын асуудал эрхэлсэн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.
20.3Энэ хуулийн 20.1-д заасан отоглох цэг нь тусгай хамгаалалттай газар нутагт байрлах тохиолдолд Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 30.6-д заасны дагуу тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа отоглох цэгийг байгуулах шийдвэр гаргана.
20.4Отоглох цэгийн менежмент, хог хаягдлын менежментийг тухайн сум, дүүргийн захиргаа, эсхүл тухайн отоглох цэг нь тусгай хамгаалалттай газар нутагт байрлах тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа тус тус хариуцна.
20.5Отоглох цэгийн менежментийг гэрээний үндсэн дээр хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.
20.6Отоглох цэг нь байнгын, эсхүл зөөврийн байж болно.
20.7Отоглох цэг нь стандартын шаардлага хангасан байна.
20.8Отоглох цэгт олон нийтийн аюулгүй байдлыг хангах харилцааг Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТАЛААР ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН   ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, АШГИЙН ТӨЛӨӨ   БУС БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
21 дүгээр зүйлЗасгийн газрын бүрэн эрх
21.1Засгийн газар аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.1.1аялал жуулчлалын талаар төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
21.1.2аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороог байгуулах;
21.1.3бүс нутгийг хамарсан аялал жуулчлалын олон улсын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргах;
21.1.4аялал жуулчлалын салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, зохистой харилцааг бий болгох;
21.1.5энэ хуулийн 13.5-д заасан журмыг батлах;
21.1.6Монгол Улсын аялал жуулчлалыг сурталчлах, хүний нөөцийг бэлтгэх, аялал жуулчлалын төрөлжсөн мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
21.2Энэ хуулийн 21.1.2-т заасан аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо /цаашид “Үндэсний хороо” гэх/ дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.2.1аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого боловсруулах;
21.2.2Монгол Улсыг бусад улсад сурталчлах үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар удирдах;
21.2.3аялал жуулчлалын салбарт шинэчлэлт, өөрчлөлтийг нэвтрүүлэх;
21.2.4аялал жуулчлалын салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах;
21.2.5иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн агаарын зорчигч тээврийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
21.3Үндэсний хороо нь дарга, аялал жуулчлал, төсөв, санхүү, эдийн засаг, тээвэр, хууль зүй, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон тус бүр нэг, энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдээс санал болгосон гурван гишүүнээс тус тус бүрдэнэ.
21.4Үндэсний хороог Ерөнхий сайд тэргүүлэх бөгөөд хорооны гишүүдийг томилж, чөлөөлнө.
21.5Үндэсний хорооны ажиллах журмыг Засгийн газар батална.
22 дугаар зүйлАялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны   төв байгууллагын бүрэн эрх
22.1Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.1.1энэ хуулийн 6.6, 10.3, 11.3-т заасан журмыг батлах;
22.1.2тусгай сонирхлын аялал жуулчлалын үйл ажиллагааг зохицуулах журмыг батлах;
22.1.3аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр улсын болон олон улсын хэмжээнд аялал жуулчлалын байгууллага хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хамтран ажиллах;
22.1.4аялал жуулчлалын мэргэжлийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх чиглэлээр холбогдох иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх;
22.1.5аялал жуулчлалын бүсийн нөөц, даацыг тогтоох, аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулах жуулчны үйлчилгээний байгууллагын тоо, байршлыг тогтоох, тэдгээрийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх;
22.1.6Монгол Улсыг сурталчлах ажлыг холбогдох чиг үүргийн төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
22.1.7аялал жуулчлалын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого боловсруулах;
22.1.8аялал жуулчлалын үйлчилгээний салбарт олон улсын стандартыг нэвтрүүлж байгаа аялал жуулчлалын байгууллагыг бодлогоор дэмжих;
22.1.9дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого боловсруулах;
22.1.10төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих;
22.1.11аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх;
22.1.12олон улсад улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлого боловсруулах.
23 дугаар зүйлАймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын   бүрэн эрх
23.1Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, Засаг даргын тайланг хэлэлцэх;
23.1.2газар нутгийнхаа тодорхой хэсгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх шийдвэр гаргах.
23.2Аялал жуулчлалын хөгжил, бүс нутгийн онцлогоос хамааран харьяалах сум, дүүрэгт аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж байгуулан ажиллаж болно.
24 дүгээр зүйлАймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
24.1Аялал жуулчлалын талаар аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах;
24.1.2аялал жуулчлалын тухай хууль тогтоомж, холбогдох бусад хууль, дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтийг хангуулах;
24.1.3харьяалах нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх;
24.1.4харьяалах нутаг дэвсгэртээ аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх бодлоготой уялдуулан төлөвлөгөө боловсруулах, зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулах, батлагдсан хөтөлбөрийн дагуу аялал жуулчлалын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
24.1.5эрх хэмжээнийхээ хүрээнд харьяалах нутаг дэсвгэртээ байгуулах жуулчны үйлчилгээний байгууллагад газар эзэмших зөвшөөрлийг аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон нөөц, даац, тоо, байршлыг баримтлан зохих хууль тогтоомжийн дагуу олгож гэрээ байгуулах;
24.1.6аялал жуулчлалын мэдээллийн санг хөтлөх;
24.1.7аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулагддаг наадам, бусад аялал жуулчлалын арга хэмжээний товыг тухайн жилийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зарлах, тэдгээр арга хэмжээг зохион байгуулах, удирдлагаар хангах;
24.1.8аймаг, нийслэлийн аялал жуулчлалын мэдээллийн санг бүрдүүлэх, холбогдох мэдээллийг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө аялал жуулчлалын мэдээллийн санд хүргүүлэх;
24.1.9улсын аялал жуулчлалын бүсэд гүйцэтгэж байгаа аялал жуулчлалын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
24.1.10орон нутгийн аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
24.1.11энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан отоглох цэгийн арчилгаа, үйлчилгээ, хог хаягдлын менежментийг харьяалах нутаг дэвсгэрийн аялал жуулчлалын асуудал хариуцсан байгууллагаар, эсхүл хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх шийдвэр гаргах;
24.1.12харьяалах нутаг дэвсгэртээ жуулчны мэдээллийн төв байгуулах;
24.1.13байгаль, түүх, соёлын өв бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, хадгалж, хамгаалах;
24.1.14харьяалах нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын байгууллага, жуулчин, аялагчийн үйл ажиллагаанаас үзүүлэх сөрөг үр дагаврыг багасгах, арилгах арга хэмжээ авах.
24.2Энэ хуулийн 19.2.1-д заасан улсын аялал жуулчлалын бүсийн төлөвлөлтөд тусгагдаагүй газарт Аймаг, нийслэлийн Засаг дарга газар эзэмших зөвшөөрөл олгохыг хориглоно.
25 дугаар зүйлСум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын   бүрэн эрх
25.1Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.1.1энэ хуулийн 19.2.1, 19.2.2-т заасан аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
25.1.2нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг орон нутгийн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналаа аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх;
25.1.3жуулчин болон аялагчийн отоглох цэгт байрлах хураамжийн хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.13-т заасан хязгаарт багтаан тогтоох;
25.1.4хуульд заасан бусад.
26 дугаар зүйлСум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
26.1Сум, дүүргийн Засаг дарга аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
26.1.1нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулах, орон нутгаа сурталчлах;
26.1.2сум, дүүргийн соёл, спорт, олон нийтийн арга хэмжээг аялал жуулчлалын үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;
26.1.3сум, дүүргийн аялал жуулчлалын мэдээллийн сан бүрдүүлэх, жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө аймаг, нийслэлийн Засаг даргад холбогдох мэдээллийг хүргүүлэх;
26.1.4аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч иргэний үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
26.1.5жуулчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг харьяалах нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, нутгийн иргэдтэй хамтран зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
26.1.6орон нутгийн иргэдийн өв соёлын үнэт зүйлс, гар урлал, уламжлалт соёлыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зорилгоор орон нутагт аялал жуулчлалын хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг хангах;
26.1.7харьяалах нутаг дэвсгэртээ отоглох цэгийн байршил, аяллын маршрутыг тогтоох, тэмдэг тэмдэглэгээ, нэгдсэн хаягжуулалтыг бий болгох;
26.1.8энэ хуулийн 25.1.3-т заасан хураамжийн орлогыг аялал жуулчлалын бүсийг тохижуулах, ариун цэврийн байгууламж байгуулах, хог хаягдлын менежментийг гүйцэтгэхэд зарцуулах.
26.2Энэ хуулийн 26.1.7-д заасан аяллын маршрутыг тогтооход тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын байгууллагын саналыг авах бөгөөд энэ хуулийн 19.2.1-д заасан улсын аялал жуулчлалын бүсийн маршруттай уялдуулна.
27 дугаар зүйлАялал жуулчлалын мэргэжлийн холбоо
27.1Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч, жуулчны үйлчилгээ үзүүлэгч иргэний нэгдэл бүхий, аялал жуулчлалын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд оролцогчдыг сургалт, зөвлөгөө, мэдээлэл, мэргэжлийн арга зүйгээр хангах, аялал жуулчлалын байгууллагын ажилтны баримтлах мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлах, боловсронгуй болгох үндсэн чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд /цаашид “нийтийн эрх зүйн хуулийн этгээд” гэх/ байна.
27.2Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан тур операторын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн гишүүнчлэлд заавал хамрагдах үүрэгтэй.
27.3Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн дүрэм, удирдлагын бүтэц, үйл ажиллагааны журам, санхүүжилт зэрэг зохион байгуулалтын бусад асуудлыг бүх гишүүдийн хурлаар бие даан шийдвэрлэнэ.
27.4Нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь улс орны аялал жуулчлалын салбарын хөгжлийн талаар баримтлах төрийн бодлого, зохицуулалтад мэргэжлийн зөвлөгөө өгөх, салбарын мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр төрийн, ашгийн төлөө бус хуулийн этгээд болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж болно.
27.5Нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь тухайн жилийн үйл ажиллагааны тайлангаа дараа оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад, аудитлагдсан санхүүгийн тайлангаа харилцагч санхүүгийн байгууллагад, татварын тайлангаа харьяалах татварын албанд хуульд заасан хугацаанд хүргүүлж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
28 дугаар зүйлМэдээллийн сан
28.1Аялал жуулчлалын салбарын эдийн засагт үзүүлж байгаа өсөлтийг тодорхойлох, аялал жуулчлалын судалгаа, шинжилгээ, статистик мэдээллийг хөгжүүлэх зорилго бүхий аялал жуулчлалын мэдээллийн сан байна.
28.2Энэ хуулийн 28.1-д мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:
28.2.1аяллын маршрутын мэдээлэл;
28.2.2Монгол Улсын болон бусад улсын аялагч, жуулчны бүртгэл, мэдээлэл;
28.2.3аялал жуулчлалын байгууллагын бүртгэл, мэдээлэл;
28.2.4энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан аялал жуулчлалын бүсийн мэдээлэл;
28.2.5энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан отоглох цэгийн мэдээлэл;
28.2.6энэ хуулийн 16.6-д заасан жуулчдад учирч болзошгүй аюул, халдварт өвчин, тахал болон зорчиход аюултай газар, байршлын жагсаалтын мэдээлэл.
28.3Энэ хуулийн 28.2-т заасан мэдээлэлтэй жуулчин цахим сүлжээгээр дамжуулан танилцах боломжтой байна.
28.4Энэ хуулийн 28.1-д заасан цахим санг бүрдүүлэх, ашиглах үйл ажиллагааг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ.
28.5Энэ хуулийн 28.1-д заасан цахим санг бүрдүүлэх, ашиглах, баяжуулах журмыг аялал жуулчлал асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
28.6Энэ зүйлд заасан мэдээллийн сан нь Улсын хил хамгаалах байгууллага болон Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын цахим мэдээллийн санд мэдээлэл хүргүүлнэ.
28.7Холбоо нь энэ зүйлд заасан мэдээллийн сангаас өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийг ашиглах эрхтэй байна.
ТАВДУГААР БҮЛЭГ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ
29 дүгээр зүйлАялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих хяналт
29.1Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих хяналт нь дараах төрөлтэй байна:
29.1.1аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих төрийн хяналт;
29.1.2аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналт.
29.2Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.
29.3Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж нь бүх шатандаа аялал жуулчлалын нөөцийг хамгаалах, бүрдүүлэх, зүй зохистой ашиглахад хяналт тавина.
29.4Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь төрөөс аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих хяналтын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутаг дахь улсын байцаагчийг томилж, чөлөөлнө.
29.5Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж, аялал жуулчлалын улсын байцаагч, бүх шатны Засаг дарга нар хамтран хэрэгжүүлнэ.
29.6Энэ зүйлд заасан аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих төрийн хяналтыг энэ хуулийн 27.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд шилжүүлж болно.
30 дугаар зүйлАялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих олон   нийтийн хяналт
30.1Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх талаар иргэн, хуулийн этгээд дараах эрх эдэлнэ:
30.1.1аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тухай мэдээлэх, өргөдөл, гомдлыг аймаг, нийслэлийн аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж, эсхүл энэ хуулийн 27.1-д заасан байгууллагад гаргаж, шийдвэрлүүлэх;
30.1.2аялал жуулчлалын хууль тогтоомж зөрчигдсөнтэй холбоотойгоор учирсан хохирлыг арилгуулахаар харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргах.
31 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
31.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
31.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
32 дугаар зүйлШилжилтийн үеийн зохицуулалт
32.1Энэ хуулийн 12 дугаар зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
32.2Тур операторын ангиллын эрхийн гэрчилгээтэй хуулийн этгээд нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд энэ хуульд заасан тур операторын үйл ажиллагааг эрхэлнэ.
32.3Энэ хуулийн 17 дугаар зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
32.4Энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан аялал жуулчлалын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулах хурлыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн аялал жуулчлалын салбарт хамгийн олон гишүүнтэй, орон нутагт төлөөлөл бүхий төрийн бус байгууллагатай хамтран 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулна
33 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
33.1Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Хуулийн төсөл
(Хуулийн төсөл-АЖТХ.pdf)
Хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд
(АЖТХ-дагасан хуулийн төслүүд.pdf)
Үзэл баримтлал
(Үзэл баримтлал-АЖТХ.pdf)
танилцуулга
(Танилцуулга-АЖТХ.pdf)
Тандан судалгаа
(Аялал жуулчлал үр нөлөө судалгаа.pdf)
Цахим эх хувь
(Цахим эх хувь.pdf)