Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Чинбатын УНДРАМ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2023 ОНЫ 3-Р САРЫН 19 ӨДӨР
УЛААНБААТАР

Органик бүтээгдэхүүний тухай /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах, баталгаажуулах, бүртгэх, органик болохыг илэрхийлсэн тэмдэг хэрэглэх, сурталчлах, худалдаалах, органик үйлдвэрлэл эрхлэгчид дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлОрганик бүтээгдэхүүний тухай хууль тогтоомж
2.1Органик хүнсний бүтээгдэхүүний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Ургамал хамгааллын тухай хууль, Тариалангийн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Ойн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль нь хөдөө аж ахуйн болон байгалийн гаралтай органик хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүн, амьд мал амьтан, тэжээл, бордоо, таримлын үр, суулгацыг үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, тээвэрлэх, хадгалах, шошголох, худалдаалах, экспортлох, импортлох үйл ажиллагаанд хамаарна.
3.2Ан амьтны гаралтай түүхий эдээр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“органик үйлдвэрлэл” гэж үйлдвэрлэл, боловсруулалт, бэлтгэл, хадгалалт, тээвэрлэлт, худалдааны болон энэ хуулийн 4.1.4-д заасан шилжилтийн үеийн бүх үе шатанд энэ хуульд заасан шаардлагад нийцсэн арга, технологийг ашиглахыг;
4.1.2"органик бүтээгдэхүүн" гэж энэ хуулийн 4.1.1-д заасан органик үйлдвэрлэлийн үр дүнг;
4.1.3.“органик үйлдвэрлэл эрхлэгч” гэж энэ хуулийн 4.1.1-т заасан үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг;
4.1.4."шилжилтийн үе" гэж үйлдвэрлэл эрхлэгч энэ хуулийн 9.1-т заасан баталгаажуулалт хийх эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулснаас эхлэн органик үйлдвэрлэлд бүрэн шилжих хүртэл хугацааг;
4.1.5"хувиргасан амьд организм" гэж Хувиргасан амьд организмын тухай хуулийн 3.1.2-т заасныг;
4.1.6.“хамтын баталгаажуулалт” гэж үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг органик үйлдвэрлэлийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд хэрэглэгчийн идэвхтэй оролцоо, харилцан итгэлцэлд тулгуурлан үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад оролцогчид хамтран баталгаажуулахыг.
5 дугаар зүйлОрганик үйлдвэрлэлийн зарчим
5.1Органик үйлдвэрлэлд доор дурдсан зарчмыг баримтална:
5.1.1хөрс, ус, агаар, ургамал, амьтан, хүн амын оршин тогтнох эрүүл аюулгүй байдлыг хамгаалсан байх;
5.1.2экосистемд сөрөг нөлөөгүй, байгаль экологийн тогтвортой байдлыг хадгалсан байх;
5.1.3зах зээлийн шударга өрсөлдөөнд суурилж, үйлдвэрлэлийн бүх үе шатанд шударга, энэрэнгүй ёсыг баримтлах;
5.1.4хүрээлэн байгаа орчин, одоо болон ирээдүй хойч үеийн эрүүл мэнд, сайн сайхныг хамгаалах, бүтээгдэхүүний органик болон байгалийн шинж байдлыг хадгалахад чиглэсэн хариуцлагатай арга технологиор үйлдвэрлэл эрхлэх.
5.2Орцын 95 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай бүтээгдэхүүнийг органикт тооцно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ОРГАНИК ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХОРИГЛОХ ЗҮЙЛС
6 дугаар зүйлОрганик үйлдвэрлэл эрхлэгчийн эрх
6.1Органик үйлдвэрлэл эрхлэгч дараах эрх эдэлнэ:
6.1.1энэ хуулийн 9.1-д заасан эрх бүхий байгууллагаар баталгаажсан, органик бүтээгдэхүүний бүртгэл, мэдээллийн сан (цаашид “мэдээллийн сан” гэх)-д бүртгэлтэй шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүний шошгод энэ хуулийн 13.2-т заасан шилжилтийн үеийн, эсхүл органик болохыг илэрхийлсэн тэмдэг хэрэглэх;
6.1.2энэ хуулийн 8.2-т заасан журмын дагуу органик үйлдвэрлэлийг органик бус үйлдвэрлэлтэй хавсран эрхлэх;
6.1.3нийлүүлэгчээс түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахдаа энэ хуулийн 8.2-т заасан бодис, хувиргасан амьд организм, цацрагийн боловсруулалт, өсөлтийн даавар хэрэглээгүй болон органик болохыг тодорхойлсон баталгаа шаардах.
7 дугаар зүйлОрганик үйлдвэрлэл эрхлэгчийн үүрэг
7.1Органик үйлдвэрлэл эрхлэгч дараах үүрэг хүлээнэ:
7.1.1баталгаажуулалтын байгууллагатай байгуулсан энэ хуулийн 11.2.1-т заасан гэрээний хэрэгжилтийг ханган ажиллах;
7.1.2мал, амьтан, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, түүхий эд, бүтээгдэхүүний байгалийн шинж чанарыг хадгалах үйлдвэрлэлийн арга технологи боловсруулж мөрдөх;
7.1.3мал, амьтан, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, түүхий эд, бүтээгдэхүүний байгалийн шинж чанарыг хадгалах үйлдвэрлэлийн арга технологи боловсруулж мөрдөх;
7.1.4органик үйлдвэрлэлийг бүхэлд нь, эсхүл тухайн төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ зогсоосон бол ажлын 10 өдөрт багтаан баталгаажуулалтын байгууллагад мэдэгдэх;
7.1.5энэ хуулийн 11.2-т заасан гэрээнд тусгасан хугацаанд баталгаажуулалтад хамрагдах;
7.1.6энэ хуульд өөрөөр заагаагүй бол баталгаажуулалтын зардлыг хариуцах;
7.1.7ойн дагалт баялаг болон байгалийн ургамал түүж ашиглахдаа Ойн тухай болон Байгалийн ургамлын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэгжүүлэх;
7.1.8байгалийн дагалт баялаг болон байгалийн ургамлыг энэ хуулийн 8.2-т зааснаас бусад бодисыг сүүлийн гурван жилийн туршид хэрэглээгүй тухай сум, дүүргийн байгаль орчин асуудал хариуцсан этгээдийн тодорхойлсон талбайгаас түүх;
7.1.9энэ хуулийн 6.1.2-т заасны дагуу органик үйлдвэрлэлийг органик бус үйлдвэрлэлтэй хавсран эрхлэхээс өмнө баталгаажуулалтын байгууллагад мэдэгдэх.
8 дугаар зүйлОрганик үйлдвэрлэлд хориглох зүйл
8.1Органик үйлдвэрлэлд дараах зүйлийг хориглоно:
8.1.1энэ хуулийн 8.2-т заасан жагсаалтад орсноос бусад бодис хэрэглэх;
8.1.2органик бүтээгдэхүүнийг боловсруулах явцдаа цацрагийн боловсруулалт хийх;
8.1.3айл өрх болон үйлдвэр, аж ахуйн газрын бохир, хот суурины цэвэрлэх байгууламжийн лаг ашиглах;
8.1.4эсээр үржүүлэх /клонинг/ аргаар гарган авсан мал, амьтан, тэдгээрийн үр төл ашиглах;
8.1.5хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болон өсөлтийн даавар ашиглах;
8.1.6хөрсгүй технологи (гидропоник г.м) арга ашиглах;
8.1.7энэ хуулийн шаардлага хангаагүй болон эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх.
8.2Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд баримтлах журам, органик үйлдвэрлэлд хэрэглэх бодист тавих шаардлага, тэдгээрийг үнэлэх аргачлал болон жагсаалтыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТ, ШОШГОЛОЛТ, БҮРТГЭЛ
9 дүгээр зүйлБаталгаажуулалтын байгууллага
9.1Органик үйлдвэрлэлийн баталгаажуулалтыг доор дурдсан эрх бүхий байгууллага (цаашид “баталгаажуулалтын байгууллага” гэх) гүйцэтгэнэ:
9.1.1Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу итгэмжлэгдсэн, эсхүл бүртгүүлсэн баталгаажуулалтын байгууллага;
9.1.2хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ хуульд заасны дагуу бүртгүүлсэн хамтын баталгаажуулалтын байгууллага.
9.2Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хоёр болон олон талт олон улсын гэрээнд органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын дүнг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлыг тусгана.
9.3Итгэмжлэлийн байгууллага нь энэ хуулийн 9.1.1-д заасан баталгаажуулалтын байгууллагын, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 9.1.2-т заасан хамтын баталгаажуулалтын байгууллагын мэдээллийг тус тус органик бүтээгдэхүүний мэдээллийн санд оруулна.
9.4Энэ хуулийн 9.1.2-т заасан хамтын баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага, түүнийг байгуулах, баталгаажуулалт хийх журмыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
10 дугаар зүйлБаталгаажуулалтын байгууллагын үүрэг
10.1Баталгаажуулалтын байгууллага дараах үүрэг хүлээнэ:
10.1.1органик үйлдвэрлэл эрхлэгчтэй энэ хуулийн 11.2-т заасан гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллах;
10.1.2энэ хуулийн 9.1.1-д заасан баталгаажуулалтын байгууллага баталгаажуулалтыг олон улсад мөрдөгддөг стандарт баримт бичгийн дагуу гүйцэтгэх;
10.1.3хамтын баталгаажуулалтын байгууллага энэ хуулийн 9.4-д заасан журмын дагуу баталгаажуулалтыг гүйцэтгэх;
10.1.4органик үйлдвэрлэл эрхлэгч энэ хуулийн 8.1-т заасныг зөрчиж үйлдвэрлэл явуулсан бол баталгаажуулалтыг хүчингүй болгож, энэ тухай мэдээллийн санд ажлын 10 өдөрт багтаан мэдэгдэх.
10.2Энэ хуулийн 9.1.1-т заасан баталгаажуулалтын байгууллага шаардлагатай гэж үзвэл үйлдвэр эрхлэгчийг бүлгээр нь баталгаажуулж болно.
10.3Мэдээллийн санд бүртгэлгүй баталгаажуулалтын байгууллага шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнийг баталгаажуулахыг хориглоно.
11 дүгээр зүйлОрганик бүтээгдэхүүний баталгаажуулалт
11.1Үйлдвэрлэл эрхлэгч мэдээллийн санд бүртгэлтэй баталгаажуулалтын байгууллагад органик үйлдвэрлэлд шилжих тухай хүсэлтээ гаргана.
11.2Баталгаажуулалтын байгууллага дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
11.2.1бүтээгдэхүүнийг органик болохыг баталгаажуулах тухай гэрээг үйлдвэрлэл эрхлэгчтэй байгуулж, баталгаажуулалтыг хийх;
11.2.2органик үйлдвэрлэлийн байршил, төрөл, ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэл хөтлөлтийн байдал, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт болон бусад хүчин зүйлийг харгалзан шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 8.2-т заасан журмын дагуу шилжилтийн үеийн хугацааг тогтоох.
11.2.3баталгаажсан шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнд баталгаажуулалтын гэрчилгээг олгож, гэрчилгээг холбогдох баримт бичгийн хамт мэдээллийн санд илгээх.
11.3Мэдээллийн сангаас шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүн бүртгэгдсэн тухай мэдэгдэл үйлдвэрлэл эрхлэгчид ирснээр бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг хэрэглэх эрх үүснэ.
11.4Энэ хуулийн 11.2.3-т заасан баталгаажуулалтын гэрчилгээний загварыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12 дугаар зүйлОрганик бүтээгдэхүүний бүртгэл, мэдээллийн сан
12.1Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталгаажсан шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүн, үйлдвэрлэлтэй холбогдох мэдээллийн цахим санг бүрдүүлж, тухай бүр шинэчлэн, нийтэд нээлттэй байлгана.
12.2Мэдээллийн санд баталгаажсан шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнийг бүртгүүлэх тухай журмыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12.3Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлсэн органик бүтээгдэхүүнтэй хрлбоотой мэдээллийг мэдээллийн санд оруулах үүрэг хүлээнэ.
12.4Мэдээллийн сангийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19.1-д зааснаар мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн, чадамжтай засгийн газрын бус байгууллагад хариуцуулж болно.
13 дугаар зүйлОрганик бүтээгдэхүүний шошго
13.1Энэ хуульд заасны дагуу баталгаажуулж, бүртгүүлсэн бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэг тавина.
13.2Органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэг шилжилтийн үед шар, органик үйлдвэрлэлд шилжсэнээс хойш ногоон өнгийн дэвсгэртэй байна.
13.3Энэ хуулийн 13.7.2-т заасан аргачлалын дагуу бүтээгдэхүүний органик орц, найрлагыг тооцож шошгод тусгана.
13.4Органик бүтээгдэхүүнийг сав баглаа боодолгүй бөөнөөр нь худалдаалах тохиолдолд баталгаажуулалтын гэрчилгээг нийтэд ил харагдахуйц газар байршуулна.
13.5Органик болохыг илэрхийлсэн тэмдгийг хэрэглэхэд дараах үйлдлийг хориглоно:
13.5.1органик бус бүтээгдэхүүнийг органик болохыг илэрхийлсэн тэмдэгтэйгээр нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, зар сурталчилгаанд ашиглах;
13.5.2шилжилтийн үед үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний шошгод ногоон өнгийн дэвсгэртэй тэмдэг хэрэглэн нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, зар сурталчилгаанд ашиглах.
13.6Бүтээгдэхүүний шошгод монгол болон гадаад хэлээр бичигдсэн "органик", "байгалийн цэвэр", "байгалийн гаралтай цэвэр", “эко”, “ногоон”, “экологийн гаралтай”, “экологийн цэвэр”, “”экологийн” “био”, “биологийн”, “биологийн гаралтай”, “биологийн цэвэр”гэсэн үг болон эдгээртэй агуулгын хувьд дүйцэх үгийг хэрэглэх бол энэ хуулийг дагаж мөрдөнө.
13.7Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь журам, аргачлалыг батална. Үүнд:
13.7.1органик болохыг илэрхийлсэн тэмдгийн загвар, хэрэглэх журам;
13.7.2органик бүтээгдэхүүний орц, найрлага тооцох аргачлал.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛАЛ
14 дүгээр зүйлОрганик бүтээгдэхүүнийг худалдаалах
14.1Дотоодын болон импортын баталгаажсан органик бүтээгдэхүүнийг мэдээллийн санд бүртгүүлсний дараа Монгол Улсын зах зээлд худалдаална.
14.2Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаалах импортын органик бүтээгдэхүүн нь холбогдох хуульд зааснаас гадна дараахь шаардлага хангасан байна:
14.2.1экспортлогч улсын эрх бүхий баталгаажуулалтын байгууллагаас олгосон органик болохыг тодорхойлсон хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх;
14.2.2импортын органик хүнсийг жижиглэн савласан тохиолдолд шошго нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.8-д заасан болон холбогдох журам, стандартын шаардлагыг хангасан байх.
14.3Импортлогч нь органик бүтээгдэхүүнийг мэдээллийн санд бүртгүүлэх үүрэгтэй.
15 дугаар зүйлТөрөөс органик үйлдвэрлэл эрхлэгчид үзүүлэх дэмжлэг
15.1Органик үйлдвэрлэл эрхлэгчийн дараах үйл ажиллагаанд доор дурдсан мөнгөн дэмжлэг үзүүлнэ:
15.1.1шилжилтийн үеийн баталгаажуулалтын зардал;
15.1.2олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаа үзэсгэлэн худалдаанд баталгаажсан органик бүтээгдэхүүнийг оролцуулах зардал.
15.1.3дотоодод үйлдвэрлэсэн органик бордоог тариалангийн талбай, хүлэмжиндээ ашиглаж байгаа тариалангийн анхан шатны органик үйлдвэрлэл эрхлэгчийн бордоо худалдан авсан эхний 3 жилийн зардал.
15.2Органик үйлдвэрлэл эрхлэгчид доор дурдсан мөнгөн бус дэмжлэг үзүүлнэ:
15.2.1сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн дэргэд органик туслах аж ахуйг хөгжүүлэх;
15.2.2органик бүтээгдэхүүнийг экспортолсон тохиолдолд үйлдвэрлэл эрхлэгчийн хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан зээлийн 50-иас доошгүй хувьд хүүгийн дэмжлэг үзүүлэх;
15.2.3дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж нутагшуулан шинэ нэр төрлийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн тохиолдолд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс олгох;
15.2.4органик үйлдвэрлэл эрхлэгчид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;
15.2.5органик бүтээгдэхүүнтэй холбогдох мэдээлэл, сургалт, сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлэх.
15.3Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортод төрөөс үзүүлэх дэмжлэг, урамшуулалтай холбогдох журмыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.4Энэ хуулийн 15.2.1-д заасан дэмжлэг үзүүлэх асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцаж хэрэгжүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
16 дугаар зүйлОрганик үйлдвэрлэл, органик бүтээгдэхүүнд тавих хяналт
16.1Органик үйлдвэрлэл эрхлэгч органик бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдал болон зөрчлөөс үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцна.
16.2Баталгаажуулалтын байгууллага органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл явцад олон улсын норматив бичиг баримт болон энэ хуулийн 11.2-т заасан гэрээний дагуу хяналт хэрэгжүүлнэ.
16.3Нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн органик бүтээгдэхүүний шошгод тавих төрийн хяналтыг Төрийн хяналт, шалгалтын тухай болон бусад холбогдох хуулиар тус тус зохицуулна.
17 дугаар зүйлХууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
17.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
17.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
18 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
18.1Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
18.2Хууль хүчин төгөлдөр болсноор Органик хүнсний тухай хууль хүчингүй болно.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
(Дагасан хууль.pdf)