Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Пүрэвсүрэнгийн НАРАНБАЯР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 7-Р САРЫН 23 ӨДӨР
УЛААНБААТАР

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ /Анхдагч хууль/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилго
1.1Энэ хуулийн зорилго нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, технологийн зохицуулалт хийхтэй холбогдсон оролцогч талуудын харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлНийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хууль тогтоомж
2.1Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, технологийн зохицуулалт хийхтэй холбогдсон харилцаанд хамаарна.
3.2Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хэрэглэгчид нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлж буй этгээд нь энэхүү хуулийг нэгэн адил дагаж мөрдөнө.
3.3Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин сууж байгаа хүүхэд Монгол Улсын харьяат эсэхээс үл хамааран энэ хуулийн үйлчлэлд хамаарна.
3.4Энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай болон холбогдох бусад хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“зохицуулалттай нийгмийн сүлжээ” гэж энэ хуульд заасан хүүхдийн аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын шаардлагыг хангаагүй, эсхүл шаардлагыг хэрэгжүүлж байгаа боловч хүүхдийн аюулгүй байдалд учруулах эрсдэлийн түвшин өндөр гэж тогтоогдсон нийгмийн сүлжээг;
4.1.2“насны баталгаажуулалт” гэж хэрэглэгчийн насыг итгэмжлэгдсэн эх сурвалжийн өгөгдөлд үндэслэн үйлчилгээ авах насны босгыг хангаж буй эсэхийг технологийн арга хэрэгслийг ашиглан баталгаажуулах цогц үйл ажиллагааг;
4.1.3“нийгмийн сүлжээ” гэж хэрэглэгч бүртгэл үүсгэн оролцох, өөрийн болон бусдын үүсгэсэн зураг, дүрс бичлэг, дуу, бичвэр зэрэг агуулгыг нийтлэх, түгээх, сэтгэгдэл бичих, хуваалцах, бүлэг үүсгэх, харилцах боломж олгодог цахим хэрэглүүр /аппликэйшн/, цахим хуудас болон түүнтэй адилтгах үйлчилгээг;
4.1.4“нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч” гэж энэ хуулийн 4.1.3-т заасан үйлчилгээг нийтэд санал болгож буй этгээдийг;
4.1.5“харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч” гэж Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.4-т заасан зөвшөөрөл бүхий этгээдийг;
4.1.6“хориотой агуулга” гэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.15-д заасан агуулгыг;
4.1.7“хүүхдэд хортой агуулга” гэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.16-д заасан агуулгыг;
4.1.8“эцэг эхийн хяналтын хэрэгсэл” гэж хүүхдийн нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор ашиглах хандалтын хязгаарлалт, зохицуулалт болон шүүлтүүр бүхий техникийн шийдлийг.
5 дугаар зүйлНийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангахад баримтлах зарчим
5.1Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангахад дараах зарчмыг баримтална:
5.1.1хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих;
5.1.2хүүхдийн аюулгүй, сайн сайхан байдлыг хангах зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон арга хэмжээ авах;
5.1.3эрсдэлээс сэргийлсэн байх;
5.1.4хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах;
5.1.5хамтын оролцоог хангах.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ХАМГААЛАЛТ БА ЭРСДЭЛ
6 дугаар зүйлТехнологийн хамгаалалтын арга хэмжээ
6.1Нийгмийн сүлжээнд энэ хуульд заасан урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.
6.2Нийгмийн сүлжээг 13 насанд хүрээгүй хүүхдэд ашиглуулахыг хориглоно.
6.3Нийгмийн сүлжээнд 13 буюу түүнээс дээш 16 нас хүрээгүй хүүхдийн хэрэглээнд дараах урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ:
6.3.1хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээ, түүний хугацаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хяналт тавих боломжийг бүрдүүлэх;
6.3.2хүүхдийн хувийн мэдээлэл, байршил болон бүртгэлийн нууцлалыг хамгаалах анхдагч тохиргоо хэрэгжүүлэх;
6.3.3хориотой, хүүхдэд хортой агуулгын харагдац, түгээлт, санал болгох алгоритмыг хязгаарлах;
6.3.4танихгүй хэрэглэгчээс шууд зурвас хүлээн авах боломжийг хязгаарлах;
6.3.5хориотой, хүүхдэд хортой агуулгыг мэдээлэх, гомдол гаргах, хаах технологийн боломжийг бүрдүүлэх;
6.3.6хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжлийн онцлогт нийцсэн бусад технологийн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх.
6.4Энэ хуулийн 6.2, 6.3-т заасан зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор насны баталгаажуулалт хийнэ.
7 дугаар зүйлЗохицуулалттай нийгмийн сүлжээний эрсдэлийн үнэлгээ
7.1Харилцаа холбооны зохицуулах хороо нь хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд үндэслэн нийгмийн сүлжээн дэх хүүхдийн аюулгүй байдалд учруулж болзошгүй эрсдэлийн түвшнийг тогтоох зорилгоор эрсдэлийн үнэлгээ зохион байгуулна.
7.2Энэ хуулийн 7.1-т заасан үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж тогтоогдсон нийгмийн сүлжээг зохицуулалттай нийгмийн сүлжээнд хамааруулна.
7.3Зохицуулалттай нийгмийн сүлжээний эрсдэлийн түвшнийг тогтоохдоо дараах шалгуурыг харгалзан үзнэ:
7.3.1хэрэглэгчийн цар хүрээ;
7.3.2системийн загварчлал, ажиллах зарчим;
7.3.3түгээгдэж буй агуулгын шинж;
7.3.4танихгүй хүнтэй шууд харилцах боломж;
7.3.5мэдээлэл тархах боломж;
7.3.6хэрэглэгчийн гомдол, мэдээллийн шийдвэрлэлт.
7.4Нийгмийн сүлжээний эрсдэлийг үнэлэх журмыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
7.5Энэ хуулийн 7.2-д заасан зохицуулалттай нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид Харилцаа холбооны зохицуулах хороо мэдэгдэл хүргүүлнэ.
7.6Зохицуулалттай нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч нь энэ хуулийн 7.5-д заасан мэдэгдэл хүргүүлснээс хойш 90 хоногт багтаан 6 дугаар зүйлд заасан технологийн хамгаалалтын шаардлагыг хангаж, энэ тухай мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ.
7.7Нийгмийн сүлжээнд хуульд заасан урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй нийгмийн сүлжээний үйлчилгээнд Монгол Улсаас хандах хандалтыг хаах хүртэлх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦОО, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ
8 дугаар зүйлЭцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх, үүрэг
8.1Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн насны онцлогт нийцүүлэн нийгмийн сүлжээний хэрэглээнд хяналт тавих, хүүхдийг нийгмийн сүлжээний эрсдэлээс хамгаалах үүрэгтэй.
8.2Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах талаар дараах эрх, үүрэгтэй:
8.2.1хүүхдийн ашиглаж буй нийгмийн сүлжээний талаар мэдлэгтэй байх, цахим ур чадвараа дээшлүүлэх сургалт, зөвлөгөөг холбогдох мэргэжлийн байгууллагаас авах;
8.2.2хүүхдэд нийгмийн сүлжээний аюулгүй хэрэглээний мэдлэг олгох, эрсдэлээс өөрийгөө хамгаалах талаар зөвлөгөө өгөх;
8.2.3хүүхдийнхээ ашиглаж буй харилцаа холбооны сүлжээний дугаарыг хүүхдийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар болон эцэг, эх, асран хамгаалагчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаарын хамт үнэн зөвөөр бүртгүүлэн, хэрэглээнд хяналт тавих;
8.2.4гэр бүлийн орчинд хүүхдийн ашиглаж буй интернэтийг насанд хүрэгчдэд зориулсан контентын шүүлтүүртэй байхаар тохиргоог идэвхжүүлэх;
8.2.5эцэг эхийн хяналтын хэрэгслийг ашиглаж хүүхдийг нийгмийн сүлжээний эрсдэлээс хамгаалах;
8.2.6хүүхэд нийгмийн сүлжээнээс хэт хамааралтай байхаас урьдчилан сэргийлж, эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх;
8.2.7хориотой, хүүхдэд хортой агуулгад өртөхөөс хамгаалах;
8.2.8нийгмийн сүлжээнд хориотой, хүүхдэд хортой агуулга нийтэлсэн, түгээсэн, сурталчилсан, эсхүл нийгмийн сүлжээнд хүүхдийн эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэх.
9 дүгээр зүйлБоловсролын сургалтын байгууллагын чиг үүрэг
9.1Боловсролын сургалтын байгууллага нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, суралцагчид нийгмийн сүлжээний эрсдэл, аюулгүй байдал, зохистой хэрэглээний талаарх мэдлэг, дадал, ур чадвар олгох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй.
9.2Боловсролын сургалтын байгууллага нь энэ хуулийн 9.1-т заасан үүргээ биелүүлэх хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
9.2.1эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид мэдлэг олгох сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, зөвлөмж өгөх;
9.2.2суралцагчдад нийгмийн сүлжээнд ёс зүйтэй байх, бусдыг хүндэтгэх, хувийн мэдээллээ хамгаалах, нууцлал, аюулгүй байдлыг хангах, зохистой хэрэглээний талаарх мэдлэг, дадал олгох;
9.2.3нийгмийн сүлжээнээс үүдэлтэй аливаа сөрөг нөлөөлөлд өртөх эрсдэлтэй, эсхүл өртсөн суралцагчид шаардлагатай хүүхэд хамгааллын үйлчилгээ болон бусад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх;
9.2.4сургуулийн орчинд нийгмийн сүлжээ ашиглахыг хязгаарлах;
9.2.5нийгмийн сүлжээнд суралцагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол мэдээлэл, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэх.
9.3Боловсролын сургалтын байгууллага нь сургалтын үйл ажиллагаа, даалгавар, үнэлгээ, суралцагчтай холбоотой мэдээлэл солилцоход энэ хуулийн 14.1.3-т зааснаас бусад нийгмийн сүлжээг ашиглахыг хориглоно.
10 дугаар зүйлНийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг
10.1Нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч дараах эрх, үүрэгтэй байна:
10.1.1мэдээллийн аюулгүй байдлыг хангасан технологи ашиглан хэрэглэгчийн насны бүлгийг баталгаажуулан бүртгэх;
10.1.2нийгмийн сүлжээнд 13 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхгүй байх;
10.1.3нийгмийн сүлжээнд 13 буюу түүнээс дээш 16 нас хүрээгүй хүүхдийг баталгаажуулан бүртгэх;
10.1.4нийгмийн сүлжээнд нийтэлсэн, түгээсэн, сурталчилсан хориотой агуулгыг ажлын 8 цагт багтаан устгах;
10.1.5эрх бүхий байгууллагын мэдэгдэлд үндэслэн хүүхдэд хортой агуулгад 72 цагийн дотор хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээ авах;
10.1.6хиймэл оюун ашиглан бүтээсэн контентод "хиймэл оюун ашиглан бүтээсэн” гэх агуулгатай таних тэмдгийг харагдахуйц байдлаар байрлуулах;
10.1.7энэ хуулийн 6.3-т заасан технологийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх;
10.1.8нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн үүргийн хэрэгжилтийг хангахад шуурхай дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах суурин төлөөлөгч, төлөөлөх байгууллага эсхүл албан ёсны харилцах нэгж томилж, Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх;
10.1.9хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой гомдол, мэдээлэл, эрсдэлийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор эрх бүхий байгууллагатай шууд харилцах суваг нээх;
10.1.10Монгол Улсын хэрэглэгчийн тоон мэдээлэл, гомдол шийдвэрлэлт, хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд ашиглаж буй технологийн шинэчлэлийн талаарх тайланг жил бүр Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэх.
10.2Хэрэглэгчийн насыг баталгаажуулахад харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчээс дамжуулсан насны бүлгийн мэдээллийг ашиглана.
11 дүгээр зүйлХарилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг
11.1Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:
11.1.1харилцаа холбооны сүлжээний дугаарыг 16-аас доош насны хүүхдэд түүний овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар болон эцэг, эх, асран хамгаалагчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаарын хамт баталгаажуулан олгох;
11.1.2насны баталгаажуулалтад шаардлагатай мэдээллийг хүнийг тодорхойлох боломжгүй болгож солилцох техникийн болон зохион байгуулалтын нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчтэй хамтран ажиллах;
11.1.3насны баталгаажуулалт хийх зорилгоор ашигласан мэдээллийн нууцлалыг хангахад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баримтлах;
11.1.4насны баталгаажуулалтын үйл явц, хүний хувийн мэдээллийн нууцлалыг хангах үйл ажиллагааны талаар хэрэглэгчийг шаардлагатай мэдээллээр хангах;
11.1.5Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдэгдэлд үндэслэн өөрийн сүлжээнд шаардлагатай технологийн арга хэмжээ авах.
12 дугаар зүйлНийгмийн сүлжээ хэрэглэгчийн эрх, үүрэг
12.1Хэрэглэгч дараах эрх, үүрэгтэй байна:
12.1.1өөрийн нийгмийн сүлжээний бүртгэлд харилцаа холбооны сүлжээний дугаарыг ашиглан насны баталгаажуулалт хийх;
12.1.2насны баталгаажуулалтын үйл явц дахь хүний хувийн мэдээллийн нууцлалыг хангах үйл ажиллагааны талаар мэдээлэл авах;
12.1.3өөрийн нийгмийн сүлжээний бүртгэл, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
12.1.4хориотой агуулгыг олон нийтийн сүлжээнд нийтлэхгүй, түгээхгүй, сурталчлахгүй байх;
12.1.5хориотой, хүүхдэд хортой агуулгын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэх;
12.1.6эрх бүхий байгууллагын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх.
12.2Аливаа этгээд нийгмийн сүлжээнд хүүхдэд хуурамч бүртгэл үүсгэх боломжоор хангах, эсхүл өөрийн бүртгэлтэй хаягийг ашиглуулахыг хориглоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦОО, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
13 дугаар зүйлЦахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
13.1Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
13.1.1нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах асуудлаар төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
13.1.2нийгмийн сүлжээний болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийг энэ хуульд заасан үүргээ биелүүлэхэд хамтран ажиллах;
13.1.3нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудлаар гадаад улсын төрийн эрх бүхий байгууллага, зохицуулах байгууллага, бодлого хэрэгжүүлэгч байгууллага болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;
13.1.4хуульд заасан бусад.
14 дүгээр зүйлБоловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
14.1Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
14.1.1боловсролын сургалтын байгууллага, сургуулийн орчинд нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
14.1.2цахим ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн сүлжээний аюулгүй байдлыг хангах, цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлэх агуулгыг бүх шатны сургалтын хөтөлбөрт үе шаттайгаар тусгах;
14.1.3сургалтын үйл ажиллагаа, суралцагчтай холбоотой мэдээлэл солилцох зориулалтын программ хангамж нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
14.1.4сургалтын үйл ажиллагаа, суралцагчтай холбоотой мэдээлэл солилцоход энэ хуулийн 14.1.3-т зааснаас бусад нийгмийн сүлжээг хязгаарлах ажлыг зохион байгуулах;
14.1.5энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан Боловсролын сургалтын байгууллагын чиг үүргийн хэрэгжилтийг зохион байгуулах, үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;
14.1.6хуульд заасан бусад.
15 дугаар зүйлХүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
15.1Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
15.1.1нийгмийн сүлжээнд хүүхдийн эрх, оролцоо, аюулгүй байдлыг хангах талаар төрийн бодлого, хууль тогтоомж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
15.1.2нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон улсын санаачилгад нэгдэх, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх;
15.1.3холбогдох төрийн байгууллагатай хамтран нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах талаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, олон нийтэд чиглэсэн мэдлэг олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;
15.1.4нийгмийн сүлжээнээс үүдэлтэйгээр Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан эрсдэлт нөхцөл бий болох тохиолдол, хүүхдийн нас, бие бялдар, сэтгэхүйн болон сэтгэл зүйн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй агуулга, үйлчилгээ, хэрэглээний хэв шинжид судалгаа, дүн шинжилгээ хийж, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталж, хэрэгжилтийг хангах;
15.1.5хуульд заасан бусад.
16 дугаар зүйлХүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
16.1Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
16.1.1нийгмийн сүлжээнд хүүхдийн эрх, аюулгүй байдал хөндөгдөж, хохирсон тохиолдолд Хүүхэд хамгааллын тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасны дагуу үйлчилгээ үзүүлэх;
16.1.2нийгмийн сүлжээнээс үүдэлтэй эрсдэлийг судалж, дүн шинжилгээ хийх, нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах санал боловсруулж, дээд шатны байгууллагад уламжлах;
16.1.3хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид зориулсан нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах, сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулах;
16.1.4хүүхэд, залуучуудын оролцооны байгууллага, хуулийн этгээд болон иргэд, олон нийтийн оролцоог хангаж, хамтран ажиллах;
16.1.5хүүхдийн эрхийн улсын байцаагчид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах;
16.1.6хуульд заасан бусад.
17 дугаар зүйлХарилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүрэг
17.1Харилцаа холбооны зохицуулах хороо нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
17.1.1нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч энэ хуульд заасан үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
17.1.2нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтийг үндэслэн шаардлагатай технологийн арга хэмжээг хэрэгжүүлэх;
17.1.3эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтийн талаарх мэдээллийг нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид ирсэн даруй хүргүүлэх.
17.1.4хуульд заасан бусад.
ТАВДУГААР БҮЛЭГ
ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ
18 дугаар зүйлГомдол, мэдээлэл хүлээн авах, шилжүүлэх
18.1Хүн, хуулийн этгээд нь нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдал зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу холбогдох байгууллага, хүүхдийн яаралтай тусламжийн утсанд гаргана.
18.2Гомдол, мэдээллийг хүлээн авсан этгээд нь гомдол, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, бүртгэл хөтөлнө.
18.3Эрх бүхий этгээд нь хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шалгаж, тухайн үйлдэл, үйл ажиллагаа нь энэ хуульд заасан хүүхдийн эрх, аюулгүй байдалд харшилсан эсэх, эрсдэл учруулсан эсэхийг тогтоож шийдвэрлэнэ.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
19 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
19.1Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
19.2Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
20 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
20.1Энэ хуулийг 2027 оны ... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(Нийгмийн_сүлжээнд_хүүхдийн_оролцоог_зохицуулах_тухай_хуулийн.docx)