Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2021 ОНЫ 6-Р САРЫН 28 ӨДӨР
УЛААНБААТАР
БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь боловсролын зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Боловсролын хууль тогтоомж
2.1. Боловсролын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо
3.1. Энэ хуульд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “ерөнхий боловсрол” гэж 12 жилийн сургалтын агуулгын түвшинг;
3.1.2. “боловсролын агуулга” гэж боловсролын тухайн түвшинд суралцагчийн эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, төлөвшлийг;
3.1.3. .“боловсролын түвшин” гэж сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд гэсэн ангиллыг;
3.1.4. .“багц цаг” гэж боловсролын агуулгын багтаамжийн хэмжих нэгжийг;
3.1.5. “зайн сургалт” гэж боловсролын агуулгыг суралцагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран, танхимын бус хэлбэрээр явуулах сургалтын үйл ажиллагааг;
3.1.6. “мэргэжлийн чиглэл” гэж мэргэжил олгох хөтөлбөрийн ангиллыг;
3.1.7. “насан туршийн суралцахуй” гэж бүх насны иргэн албан боловсролоос гадна хэрэгцээ, сонирхолдоо нийцүүлэн орон зай, цаг хугацаанаас үл хамааран мэргэжил, боловсрол, мэдлэг, чадвараа албан бус сургалтаар болон амьдралын орчинд суралцах замаар тасралтгүй хөгжүүлэх, дээшлүүлэх үйл ажиллагааг;
3.1.8. “албан боловсрол” гэж боловсролын байгууллагаар дамжуулж, эрх бүхий байгууллагаас баталсан хөтөлбөрийн дагуу суралцагчийн боловсрол эзэмших хэрэгцээг ханган, тухайн түвшний боловсролын баримт бичгээр баталгаажуулдаг зохион байгуулалттай үйл ажиллагааг;
3.1.9. “албан бус боловсрол” гэж албан боловсролоос гадуур тодорхой зорилго, төлөвлөгөө, хөтөлбөрийн хүрээнд иргэнд мэдлэг, чадвар олгох зохион байгуулалттай үйл ажиллагааг;
3.1.10. “амьдралын орчинд суралцах” гэж албан болон албан бус боловсролоос гадуур гэр бүл, ажлын байр, хүрээлэн буй орчноос бие даан суралцах үйл ажиллагааг;
3.1.11. “суралцагч” гэж боловсролын байгууллагад албан ёсоор элсэн суралцаж байгаа иргэнийг;
3.1.12. “сургалтын орчин” гэж суралцах хэрэгцээг хангахад шаардагдах, холбогдох стандартад нийцсэн материаллаг болон сэтгэл зүйн нөхцөл, сурах, сургах харилцааг;
3.1.13. “сургалтын хөтөлбөр” гэж суралцагчийн эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, төлөвшил, түүний үнэлгээ, арга зүй, орчин, хэрэглэгдэхүүнийг тусгасан багц баримт бичгийг;
3.1.14. “суурь зардал” гэж боловсролын байгууллагын гэрэл, цахилгаан, цэвэр, бохир ус, түлш, дулаан, байрны түрээс, урсгал засварын зардлыг;
3.1.15. “төлөвшил” гэж хүмүүжил, хандлагыг;
3.1.16. “мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц” гэж иргэний эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшлийг ангилан төрөлжүүлэх, түвшнээр нь эрэмбэлэх, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах үйл ажиллагааны нэгдлийг;
3.1.17. “хувьсах зардлын дундаж норматив” гэж сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн тооноос шууд хамааралтай өөрчлөгдөх зардлын нэг суралцагчид ногдох хэмжээг;
3.1.18. “цахим сургалт” гэж мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан явуулах сургалтын үйл ажиллагааг;
3.1.19. “цэрэг, цагдаа, аюулгүй байдлын дээд боловсролын байгууллага” гэж зэвсэгт хүчин, аюулгүй байдал, тагнуул, хил хамгаалах, цагдаа, онцгой байдал, шүүхийн шинжилгээ болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх чиглэлээр сургалт эрхэлдэг хуулийн этгээдийг;
4 дүгээр зүйл. Боловсролын зорилго
4.1. Монгол Улсын боловсролын зорилго нь төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, ардчилсан, хүмүүнлэг, ёс зүйг дээдлэн сахисан, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай иргэнийг хөгжүүлэхэд оршино.
5 дугаар зүйл. Боловсролын зарчим
5.1. Боловсролын бодлого, үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1. боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төрийн онцгой анхаарал, ивээлд байлгах;
5.1.2. үндэсний болон хүн төрөлхтний нийтлэг соёл, үнэт зүйл, өв уламжлал, шинжлэх ухаан, олон улсын дэвшилтэт чиг хандлагад тулгуурласан байх;
5.1.3. тогтвортой, уялдаатай байх;
5.1.4. тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй, нээлттэй байх;
5.1.5. төр, олон нийтийн оролцоо, хамтын хариуцлагатай байх;
5.1.6. насан туршийн суралцахуйг дэмжсэн байх;
5.1.7. мэргэшлийн үндэсний шаталсан бүтцэд үндэслэсэн байх;
5.1.8. боловсролын байгууллагын удирдах албан тушаалтныг чадахуйн /мерит/ зарчимд үндэслэн сонгон шалгаруулах;
5.1.9. нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий гадаад улсын санхүүжилт, зохион байгуулалттайгаар шашны чиглэлээр сургалт, зан үйл, бусад үйл ажиллагаа явуулахгүй байх;
5.1.10. улс төр, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.
6 дугаар зүйл. Боловсрол эзэмших сургалтын хэл
6.1. Бүх шатны боловсрол эзэмших сургалт, үйл ажиллагааны хэл нь монгол хэл байна.
6.2. Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, дээд сургууль болон их сургууль нь дараах тохиолдолд гадаад хэл дээр сургалтын үйл ажиллагаа эрхэлж болно:
6.2.1. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан боловсролын байгууллага;
6.2.2. олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий ерөнхий боловсролын сургууль;
6.2.3. гадаад улсын их, дээд сургуультай хамтран болон дангаараа сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх дээд боловсролын байгууллага;
6.3. Сургалтын төлөвлөгөөнд заасан гадаад хэлний сургалт энэ хуулийн 6.1-д хамаарахгүй.
6.4. Энэ хуулийн 6.2-т заасан боловсролын байгууллага нь суралцагчид Монголын түүх, хэл зохиол, үндэсний бичгийн агуулгыг заавал монгол хэл дээр эзэмшүүлнэ.
7 дугаар зүйл. Боловсролын тогтолцоо
7.1. Боловсролын тогтолцоо нь албан, албан бус болон амьдралын орчноос суралцах боловсролоос бүрдэнэ.
7.2. Албан боловсрол нь сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол болон дээд боловсрол гэсэн шаттай байна.
7.3. Иргэний амьдралын орчноос суралцахуйг хүлээн зөвшөөрч, үр дүнг баталгаажуулж болно.
7.4. Албан ба албан бус боловсролын агуулга, стандартыг энэ хуульд заасны дагуу тогтооно.
8 дугаар зүйл. Боловсрол эзэмших сургалтын хэлбэр
8.1. Сургалт нь танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон хэлбэрийн зохион байгуулалттай байна.
8.2. Бага ангийн сургалтыг заавал танхимаар зохион байгуулна.
8.3. Танхимын бус сургалтад зайн, дэмжигч болон явуулын багшийн, цахим сургалт хамаарна.
8.4. Тусгай хэрэгцээ шаардлагатай суралцагчид ганцаарчилсан сургалт явуулж болно.
8.5. Гамшгийн улмаас боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарласан тохиолдолд энэ хуулийн 8.2 дахь хэсэг хамаарахгүй ба хичээл, сургалтыг танхимын бус болон хосолсон хэлбэрээр зохион байгуулна.
8.6. Боловсрол эзэмших танхимын, танхимын бус, хосолсон сургалтыг үнэлэх, дүйцүүлэх, баталгаажуулах журам, сургалтад тавих нийтлэг шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9 дүгээр зүйл. Боловсролын болон сургалтын баримт бичиг
9.1. Боловсролын баримт бичиг нь суралцагчийн эзэмшсэн боловсролын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн.
9.2. Дунд, бүрэн дунд, ахлах сургууль төгсөгчид гэрчилгээ, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв төгсөгчид үнэмлэх, коллеж, дээд сургууль, их сургууль төгсөгчид диплом тус тус олгоно.
9.3. Боловсролын баримт бичгийн загвар, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.4. Сургалтын баримт бичиг нь сурагчийн хувийн хэрэг, багшийн журнал байна. Сургалтын баримт бичиг нь цахим хэлбэртэй байж болно.
9.5. Сургалтын баримт бичгийн загвар, түүнийг хөтлөх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.6. Гадаад улсын боловсролын баримт бичгийг Монгол Улсын боловсролын баримт бичигтэй дүйцүүлэх, багц цаг харилцан хүлээн зөвшөөрөх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.7. Гадаад улсын болон олон улсын сургалтын хөтөлбөрөөс Монгол Улсын боловсролын байгууллагад шилжин суралцах тохиолдолд сургалтын баримт бичгийг дүйцүүлэх, багц цаг тооцох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
9.8. Суралцагч нь тухайн шатлалын боловсролын агуулгыг бүрэн эзэмшээгүй тохиолдолд аливаа боловсролын баримт бичиг олгохыг хориглоно.
10 дугаар зүйл. Суралцагчийн эрх, үүрэг
10.1. Суралцагч дараах эрхтэй:
10.1.1. өөрийн хэрэгцээ, онцлогт нийцсэн, эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлөөр хангуулах;
10.1.2. уламжлалт соёл, зан заншлыг өвлөх, сургуулийн орчинд эх хэлээрээ харилцах;
10.1.3. судалсан агуулга, хөтөлбөрөөр эзэмшсэн мэдлэг, ур чадвар, хандлагаа үнэлүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, дүйцүүлэх, баталгаажуулах;
10.1.4. стандарт, сургалтын хөтөлбөрийн шаардлага хангасан тоног төхөөрөмж, сурах бичиг, ном, гарын авлага хэрэглэх;
10.1.5. сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих;
10.1.6. суралцагчийн төлөөллийн байгууллагаар дамжуулан боловсролын байгууллагын үйл ажиллагаанд оролцох;
10.1.7. сургалтын чанар, сургалтын хөтөлбөр, агуулгын талаар санал, хүсэлт илэрхийлэх, судалгаа, шинжилгээний ажилд оролцох;
10.1.8. нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн болон сайн дурын үйл ажиллагааг санаачлах, оролцох;
10.1.9. хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх, нийгмийн баталгаагаар хангагдах;
10.1.10. суралцахын зэрэгцээ ажил хөдөлмөр эрхлэх;
10.1.11. хуульд заасан бусад.
10.2. Суралцагч дараах үүрэгтэй:
10.2.1. сургалтын хөтөлбөр, агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших;
10.2.2. бие даан суралцах арга барилыг эзэмших;
10.2.3. суралцагчийн хөгжил, төлөвшилтэй холбоотой боловсролын байгууллага, багшаас тавьсан хууль ёсны шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;
10.2.4. багш, суралцагч, анги, хамт олны харилцааг эрхэмлэх, бусдыг хүндэтгэх;
10.2.5. сургуулийн дотоод журам, боловсролын байгууллагатай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
10.2.6. хуульд заасан бусад.
11 дүгээр зүйл. Суралцагчийн нийгмийн баталгаа
11.1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативт зардлыг төр хариуцна.
11.2. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид сургуулийн автобусаар үйлчилж болно.
11.3. Авьяаслаг болон онцгой амжилт гаргасан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно.
11.4. Мэргэжлийн боловсролын байгууллагад суралцагчид Засгийн газраас тогтоосон хэмжээний дагуу сар тутам тэтгэлэг олгоно.
11.5. Тэргүүлэх, нэн шаардлагатай мэргэжлээр суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээл олгоно.
11.6. Хууль тогтоомжид заасан бусад баталгаагаар хангагдана.
12 дугаар зүйл. Багш, багшийг бэлтгэх, хөгжүүлэх тогтолцоо
12.1. Багш нь сургалтын хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлгээ хийх, суралцагчийн сурч боловсрох, хөгжих, төлөвших, суралцахуйг удирдах цогц үйл ажиллагаа эрхэлнэ.
12.2. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нь бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, багшлах эрхтэй байна.
12.3. Коллеж, дээд сургууль, их сургуулийн багш нь магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байна.
12.4. Бүрэн дунд сургууль болон ахлах сургуульд багш мэргэжлийн сонгон бүлэг ажиллуулж, амжилттай төгсөгчийг багш бэлтгэх их, дээд сургуульд элсэн суралцахад нь төрөөс дэмжлэг үзүүлнэ. Багш мэргэжлийн сонгон бүлэг ажиллуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
12.5. Багш бэлтгэх их, дээд сургууль болон багш бэлтгэх хөтөлбөрт тавих тусгай шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12.6. Багш бэлтгэх их, дээд сургуулийн үйл ажиллагаа, сургалтын чанар, төгсөгчийн хөдөлмөр эрхлэлтийн чадвар үнэлэмжид хөндлөнгийн үнэлгээ хийхдээ суралцагч, төгсөгч, эцэг эх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангана.
12.7. Багш бэлтгэх хөтөлбөрийг заавал магадлан итгэмжилнэ.
12.8. Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрт багшид тусгай, ялгаатай хэрэгцээ бүхий суралцагчтай ажиллах тусгайлсан арга зүй, ур чадварыг эзэмшүүлэх агуулгыг заавал тусгана.
12.9. Багш бэлтгэх хөтөлбөрөөр амжилттай суралцсан суралцагчийн сургалтын төлбөрийг Засгийн газраас баталсан журмын дагуу хөнгөлөх буюу бусад хэлбэрээр төрөөс дэмжлэг үзүүлнэ.
12.10. Суралцагчаас авах багшлах эрхийн улсын нэгдсэн шалгалтыг энэ хуулийн 30.1.22-т заасан журмын дагуу багш бэлтгэх их, дээд сургууль зохион байгуулна.
12.11. Багш мэргэжлээр амжилттай суралцаж, өөрийн хүсэлтээр орон нутагт 5 буюу түүнээс дээш жил ажиллах гэрээ байгуулсан төгсөгчид төрөөс дэмжлэг үзүүлнэ.
13 дугаар зүйл. Багшийн эрх, үүрэг, багш, ажилтны нийгмийн баталгаа
13.1. Багш нь дараах эрхтэй:
13.1.1. эрүүл, аюулгүй, стандартын шаардлага хангасан орчин, нөхцөлд албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж, ажлын үр дүн, гүйцэтгэлд тохирсон цалин хөлс авах;
13.1.2. суралцагчийн хөгжлийн хэрэгцээ, онцлогт нийцсэн суралцах арга барил, арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын хэлбэрээ сонгон хэрэглэх;
13.1.3. суралцагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, зөвлөн туслах;
13.1.4. судалгаа шинжилгээний ажил хийх;
13.1.5. жил тутам холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах;
13.1.6. боловсролын байгууллагын хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, дүрэм, журам боловсруулах, хэрэгжүүлэх, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийх болон шийдвэр гаргахад санал өгөх;
13.1.7. мэргэжлийн холбоонд нэгдэх;
13.1.8. нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн болон сайн дурын үйл ажиллагааг санаачлах, оролцох;
13.1.9. хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх, нийгмийн баталгаагаар хангагдах;
13.1.10. хуульд заасан бусад.
13.2. Багш дараах үүрэгтэй:
13.2.1. суралцагчид тогтоосон хугацаанд сургалтын хөтөлбөр, агуулгыг чанартай, бүрэн эзэмшүүлэх;
13.2.2. сургалтыг хувь хүний чадамжид суурилсан уян хатан, суралцагчид тэгш боломж олгож удирдан явуулах;
13.2.3. суралцагчийг идэвхжүүлсэн сургалтын арга зүйг сургалтад ашиглах, суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг бодитой үнэлэх, тэдний авьяас, хөгжлийн онцлог, хэрэгцээ, шаардлагыг судлан суралцахуйг дэмжих;
13.2.4. суралцагчийн төлөвшил, хувийн зан чанарыг судлах, сонирхол, сайн тал, авьяас, чадварыг илрүүлэх, хөгжүүлэн дэмжих;
13.2.5. суралцагчаа хүндэтгэх, бие даасан байр суурь, үзэл бодол, онцлог байдлыг нь хүлээн зөвшөөрч зөв хандлагаар чиглүүлж, хөгжүүлэх;
13.2.6. хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах, суралцагчийг ялгаварлан гадуурхсан аливаа үйлдэл гаргахгүй байх, суралцах арга барилыг дэмжих;
13.2.7. багшийн мэргэжлийн ёс зүйг чандлан сахиж, нэр төрийг эрхэмлэн, ажил амьдрал үйл ажиллагаагаараа үлгэрлэх;
13.2.8. суралцахуйг дэмжсэн онол, арга зүйн мэдлэг, чадвараа тасралтгүй хөгжүүлэх;
13.2.9. сургалтад харилцаа холбоо, мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах арга зүйд суралцах, цахим сургалт, контент бүтээх, сургалтын нээлттэй нөөц материал болон бусад платформыг ашиглах;
13.2.10. багшийн мэргэжлээ дээшлүүлэх, бусадтай хамтран ажиллах, бусдыг хүндэтгэх;
13.2.11. ажил хаялт болон цэцэрлэг, сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох, удирдах ажилтан хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ гүйцэтгэхэд саад учруулах үйлдэл гаргахгүй байх;
13.2.12. байгууллагын үйл ажиллагаанд оролцох, байгууллагын өөрийн удирдлага, бусад багш, ажилтан, суралцагчийн болон эцэг, эх, асран хамгаалагч, тэдгээрийн төлөөллийн байгууллагатай хамтран ажиллах, дэмжин туслах;
13.2.13. эцэг эх, асран хамгаалагчид хүндэтгэлтэй хандаж, соёлтой харьцах;
13.2.14. улс төрөөс ангид байж, хуулиар зөвшөөрснөөс бусад улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх;
13.2.15. холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, аргачлалыг чанд сахин мөрдөх;
13.2.16. хуульд заасан бусад.
13.3. Багш, ажилтан нь дараах нийгмийн баталгаагаар хангагдана.
13.3.1. багш нь ажлын гүйцэтгэл, ур чадвар, мэргэжлийн тасралтгүй хөгжил, сургалтын үр дүнд үндэслэсэн цалин хөлсөөр хангагдах;
13.3.2. багш, ажилтан хуульд заасны дагуу хөдөлмөрийн шинж чанар, мэргэжлийн онцлогт тохирсон цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нөхөх олговор, тусламж, шагнал урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах;
13.3.3. хөдөлмөрийн онцлогийг харгалзан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгч болон бусад ажилтанд ажлын 15, багш, туслах багш, дотуур байрын багш, нийгмийн ажилтан, арга зүйч, сургалтын менежерт ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно;
13.3.4. тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан багшид нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг үзүүлэх;
13.3.5. сум, тосгон, баг дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрын багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, туслах багш, сэтгэл зүйчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох;
13.3.6. төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагын багш, ажилтанд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох.
13.4. Багш, ажилтны амьдрах нөхцөлийг сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.
13.5. Бүх шатны боловсролын байгууллага нь багшийг сургалтын үйл ажиллагаанд шаардагдах техник тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, бичиг хэргийн материалаар хангана.
13.6. Багш, ажилтны ээлжийн амралтын үндсэн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.
13.7. Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилласан хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзсан нэмэгдэл амралт энэ хуулийн 13.3.3-т заасан албан тушаалтанд хамаарахгүй.
13.8. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, буцалтгүй тусламж авсан багш, ажилтныг төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд үргэлжлүүлэн ажиллуулах тохиолдолд энэ хуулийн 13.3.5 дахь заалт хамаарахгүй.
ХОЁРДУГААР БҮЛЭГБОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР, АГУУЛГА, СТАНДАРТ
14 дүгээр зүйл. Албан боловсролын хөтөлбөр, агуулга
14.1. Албан боловсролын агуулга нь суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас, сонирхол, хувь хүний болон нийгмийн хэрэгцээ, үндэсний соёл, өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
14.2. Албан боловсролын агуулгыг мэргэшлийн үндэсний шаталсан бүтэцтэй нийцүүлэн сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дипломын, бакалавр, магистр, докторын гэж ангилах бөгөөд агуулгыг сургалтын хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ.
14.3. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол болон дээд боловсролын хөтөлбөр, агуулгатай холбоотой нарийвчилсан харилцааг холбогдох хуулиар тус тус зохицуулна.
14.4. Бүх шатны боловсролын хөтөлбөр, арга зүйд дараах агуулгыг заавал тусгаж, өмчийн хэлбэр харгалзахгүй боловсролын байгууллага хэрэгжүүлнэ:
14.4.1. монголын түүх, хэл зохиол, үндэсний бичиг, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, төлөвшил;
14.4.2. хувь хүн, гэр бүлийн төлөвшил, амьдрах ухаан, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл;
14.4.3. жендэрийн эрх тэгш байдал;
14.4.4. иргэний ёс зүйн боловсрол;
14.4.5. эрүүл мэндийн боловсрол;
14.4.6. байгаль хамгаалал, экологи, ногоон хөгжил;
14.4.7. гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах, аюулгүй амьдрах арга ухаан;
14.4.8. ажил мэргэжлийн чиг баримжаа олгох;
14.4.9. мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, түүний хор уршиг, дэлгэцийн донгоос сэргийлэх;
14.5. Шинжлэх ухаан, соёл урлаг, спортын байгууллагатай хамтран бүх шатны сургалтын хөтөлбөр, агуулгын дагуу сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж болно.
14.6. Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд эзэмшүүлэх монгол хэл, соёлын боловсролын хөтөлбөрийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хянан батална.
14.7. Боловсролын хөтөлбөр, агуулгыг судалгаа, шинжилгээнд суурилан боловсруулж, тогтвортой хэрэгжүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулгын мөрдөх хугацаа нь батлагдсанаас хойш ерөнхий боловсрол эзэмшүүлэх хугацаагаар тогтвортой байна.
14.8. Боловсролын хөтөлбөр, агуулгыг цахим хэлбэрт шилжүүлж хөгжүүлнэ.
14.9. Бүх шатны албан боловсролын хөтөлбөрт тусгах агуулгыг зөвхөн энэ хуулиар зохицуулна.
15 дугаар зүйл. Албан бус боловсролын хөтөлбөр, агуулга
15.1. Албан бус боловсролын агуулга нь иргэний хэрэгцээнд нийцсэн, нээлттэй байх ба сургалтын зохион байгуулалт нь уян хатан байна.
15.2. Ерөнхий боловсролын агуулгыг нөхөн эзэмшүүлэхэд албан боловсролын хөтөлбөрийг баримтална.
16 дугаар зүйл. Боловсролын стандарт
16.1. Боловсролын стандартаар сургалтын орчин, багшийн мэргэжлийн чадамж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнд тавих үндсэн шаардлагыг тодорхойлно.
16.2. Боловсролын стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГБОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА, ТЭДГЭЭРИЙН АНГИЛАЛ
17 дугаар зүйл. Боловсролын байгууллага
17.1. Боловсролын байгууллага нь сургалтын, сургалт-эрдэм шинжилгээний байгууллагаас бүрдэнэ.
17.2. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.
18 дугаар зүйл. Боловсролын сургалтын байгууллага
18.1. Боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, дээд сургууль байна.
18.2. Боловсролын сургалт-эрдэм шинжилгээний байгууллага нь их сургууль байна.
18.3. Боловсролын байгууллага нь ашгийн төлөө бус эсвэл ашгийн төлөө байж болно.
18.4. Боловсролын байгууллага нь өмчийн хувьд төрийн, орон нутгийн өмчийн, төрийн бус өмчийн болон холимог хэлбэртэй байна.
18.5. Боловсролын байгууллага нь өөрийн үндсэн зорилгодоо нийцсэн сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрлэл явуулах орчин нөхцөлийг бүрдүүлсэн бүтэцтэй байна.
18.6. Боловсролын байгууллага нь шашны сургалт, шашны зан үйл, холбогдох бусад үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно.
18.7. Энэ хуулийн 18.6 дахь хэсэг Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд заасан шашны сургуульд хамаарахгүй.
19 дүгээр зүйл. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага
19.1. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь дараах чиглэлээр суурь болон хавсарга судалгаа, шинжилгээ, арга зүй, сургалтын ажлыг тасралтгүй эрхэлнэ:
19.1.1. боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлт;
19.1.2. боловсролын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт;
19.1.3. боловсролын байгууллагын бүтэц, байршил, төлөвлөлт, зохион байгуулалт;
19.1.4. хүний хөгжил, төлөвшил;
19.1.5. бүх шатны боловсролын агуулга, арга зүй, технологи, үнэлгээ, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн;
19.1.6. боловсролын тэгш байдал, тэгш хүртээмж;
19.1.7. насан туршийн суралцахуй;
19.1.8. үндэстний цөөнхийн хүүхдэд боловсрол эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр;
19.1.9. гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд эзэмшүүлэх монгол хэл, соёлын боловсролын хөтөлбөр;
19.1.10. боловсролын инновац.
19.2. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь бүх шатны боловсролын байгууллагыг сургалт, арга зүйгээр хангана.
19.3. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын нууцад хамааруулснаас бусад судалгаа, шинжилгээний тайлан, мэдээлэл нь ил тод байна.
19.4. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагыг Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасны дагуу байгуулна.
19.5. Боловсрол судлалын ёс зүйн хороог боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын дэргэд ажиллуулна.
19.6. Энэ хуулийн 19.5-д заасан ёс зүйн хороо нь орон тооны бус байх бөгөөд бүрэлдэхүүн болон ажиллах журмыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
20 дугаар зүйл. Насан туршийн суралцахуй
20.1. Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд нь боловсролын чиглэлээр тусгай зөвшөөрөл шаардахаас бусад сургалтын үйл ажиллагаа эрхэлж, иргэн насан туршдаа суралцаж, мэдлэг, чадвараа тасралтгүй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг явуулж болно.
20.2. Насан туршийн суралцахуйн бодлого, үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг хариуцах салбар дундын зөвлөл байна.
20.3. Энэ хуулийн 20.2-т заасан Зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
21 дүгээр зүйл. Боловсролын байгууллагыг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох
21.1. Боловсролын байгууллагыг стандарт, аюулгүй байдлын шаардлага хангасан зориулалтын хичээлийн байр, номын сан, зориулалтын хоол үйлдвэрлэлийн байр, биеийн тамирын заал, талбай, ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, багшлах хүний нөөц, шаардлагатай тохиолдолд лаборатори, тоног төхөөрөмжөөр хангагдсан нөхцөлд иргэн, аж ахуйн нэгж байгуулна.
21.2. Боловсролын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан эрх бүхий этгээд олгоно.
21.3. Орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон насан туршийн боловсролын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
22 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
22.1. Тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах баримт бичгийг сургалтын үйл ажиллагаа эхлэхээс зургаагаас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд цахимаар ирүүлнэ:
22.1.1. боловсролын байгууллага байгуулах тухай хүсэлт, шийдвэр, дүрэм, үүсгэн байгуулагч болон хувь нийлүүлэгчдийн гэрээ;
22.1.2. боловсролын байгууллага байгуулах үндэслэл, танилцуулга;
22.1.3. сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө;
22.1.4. багшлах хүний нөөц, тэдгээрийн боловсролын түвшин, зэрэг, цолны судалгаа, баримт бичгийн хуулбар;
22.1.5. стандартын шаардлага хангасан, зориулалтын хичээлийн байр, номын сан, лаборатори, тоног төхөөрөмж, биеийн тамирын заал, талбай, хоол үйлдвэрлэлийн байр, ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, тэдгээрийн баталгаа, зураг;
22.1.6. санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, тооцоо, түүний баталгаа;
22.1.7. боловсролын байгууллагын үйл ажиллагаанд зориулан гаргасан хөрөнгө /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа;
22.1.8. боловсролын байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл;
22.1.9. шашны сургалт, зан үйл, түүнтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахгүй талаарх баталгаа.
22.2. Боловсролын байгууллага шинэ мэргэжлээр сургалт явуулах, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан баримт бичгээс гадна энэ хуулийн 22.1.3-22.1.9-д заасан баримт бичиг, шинээр эрхлэх сургалтын үндэслэл, танилцуулга, тооцоог сургалтын үйл ажиллагаа эхлэхээс таваас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд цахимаар ирүүлнэ.
22.3. Иргэн, аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрлийн шаардлагыг бүрэн хангасны дараа хүсэлт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад ирүүлэх үүрэгтэй.
22.4. Энэ хуулийн 22.1.1-22.1.9-д заасан баримт бичигт тавих шаардлага, загварыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
22.5. Энэ хуулийн 22.1, 22.2-т заасан хугацаанд баримт бичгийг эрх бүхий байгууллагад ирүүлээгүй нь тусгай зөвшөөрөл олгоход татгалзах үндэслэл болно.
23 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, улсын бүртгэлд бүртгэх
23.1. Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь энэ хуулийн 22.1, 22.2-т заасан хүсэлт, баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 21 өдрийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
23.2. Эрх бүхий этгээд нь баримт бичиг, барилга, техник тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнд магадлан шинжилгээ хийх төрийн захиргааны төв байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий шинжээчийн баг томилно.
23.3. Энэ хуулийн 23.2-т заасан магадлан шинжилгээ хийхтэй холбогдсон зардлыг хүсэлт гаргагч хариуцна.
23.4. Энэ хуулийн 23.2-т заасан шинжээчийн баг нь томилогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан баримт бичигт магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргана.
23.5. Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь шинжээчийн багийн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
24 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах
24.1. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 12 жил байна.
24.2. Тусгай зөвшөөрлийн хугацааг он, сар, өдрөөр тодорхойлно.
24.3. Боловсролын байгууллага нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас гурваас доошгүй сарын өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээдэд цахимаар гаргана.
24.4. Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэр гаргахаас өмнө тусгай зөвшөөрлийн шаардлага хангаж байгаа эсэхэд магадлан шинжилгээ хийнэ.
24.5. Тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу сунгана.
25 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
25.1. Тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээд нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, хүчингүй болгоно.
26 дугаар зүйл. Боловсролын байгууллагыг татан буулгах
26.1. Боловсролын байгууллагыг дараах тохиолдолд татан буулгана:
26.1.1. үүсгэн байгуулагчийн шийдвэрээр;
26.1.2. тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон;
26.1.3. татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;
26.1.4. нийт суралцагчийг суралцаж буй түвшинтэй нь хамааруулж боловсролын байгууллагад шилжүүлсэн;
26.1.5. хуульд заасан бусад үндэслэл.
26.2. Боловсролын байгууллагыг татан буулгах талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаар татан буугдсанд тооцно.
26.3. Татан буугдсан боловсролын байгууллага нь суралцагчид хохиролгүйгээр асуудлыг бүрэн шийдвэрлэж, холбогдох баримт бичгийг орон нутгийн болон үндэсний төв архивд хүлээлгэн өгнө.
26.4. Боловсролын байгууллага нь татан буугдсан тохиолдолд суралцагчид учирсан хохирлыг үүсгэн байгуулагч бүрэн хариуцна.
26.5. Боловсролын байгууллагыг татан буулгахтай холбогдон үүсэх эд хөрөнгийн харилцааг Иргэний хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.
26.6. Боловсролын байгууллагыг татан буулгахад суралцагчийн эрх ашгийг хохироохгүйгээр тухайн хичээлийн жилтэй уялдуулж тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээд шийдвэрлэнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГБОЛОВСРОЛЫН УДИРДЛАГА
27 дугаар зүйл. Боловсролын удирдлагын тогтолцоо
27.1. Боловсролын удирдлагын тогтолцоо нь Засгийн газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс, боловсролын байгууллагын удирдлагаас тус тус бүрдэнэ.
27.2. Боловсролын байгууллагын удирдлага нь тухайн байгууллагын гүйцэтгэх удирдлага болон өөрийн удирдлага байна.
27.3. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийг нэгдсэн удирдлагаар хангана.
28 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
28.1. Монгол Улсын Засгийн газар /цаашид “Засгийн газар” гэх/ боловсролыг хөгжүүлэх, дэмжих талаар Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
28.1.1. төрөөс боловсролын талаар баталсан бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг удирдлагаар хангах;
28.1.2. боловсролын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
28.1.3. боловсролын салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд бусад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах;
28.1.4. энэ хуулийн 11.3-11.5-д заасан тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх журмыг батлах;
28.1.5. энэ хуулийн 13.3.4-13.3.6-д заасан нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг, мөнгөн тэтгэмж олгох журмыг батлах;
28.1.6. боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах;
28.1.7. төрийн өмчийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон дээд боловсролын байгууллага, түүний харьяаллын сургууль, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хамтарсан сургууль байгуулах, өөрчлөх, татан буулгах шийдвэр гаргах;
28.1.8. энэ хуулийн 42.6-д заасан буцалтгүй тусламж, зээл олгох журмыг батлах;
28.1.9. сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив, түүний бүрэлдэхүүн, аймгийн төвөөс бусад сум, тосгон, багийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, олон улсын хөтөлбөр, тусгай хэрэгцээт боловсрол эзэмшүүлэх цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд боловсрол эзэмшүүлэхэд хүүхдийн тоо, хэрэглээний үнийн түвшингээс хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүр, суурь, хувьсах зардлын дундаж норматив болон үр дүнгийн үнэлгээнд үндэслэн төсөв тооцох аргачлал, санхүүжүүлэх журмыг батлах;
28.1.10. төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид төрөөс ногдох сургалтын хувьсах зардлын дундаж нормативын хэмжээг тогтоох;
28.1.11. төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн үдийн хоол, дотуур байрын хүүхдийн хоолны зардлын улсын төсвөөс санхүүжүүлэх хувь, хэмжээг тогтоох;
28.1.12. дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцагчид төрөөс үзүүлэх буцалтгүй тусламж, зээл, тэтгэлгийн хэмжээг тогтоох;
28.1.13. боловсролын цахим мэдээллийн сангийн систем, техник технологи, программ хангамжийн ерөнхий шаардлага болон төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагатай мэдээлэл солилцох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;
28.1.14. дээд боловсролын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг батлах;
28.1.15. мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг батлах;
28.1.16. энэ хуулийн 43.8-д заасан дэмжлэг үзүүлэх журам батлах;
28.1.17. энэ хуулийн 29.1.8-д заасан жагсаалтыг батлах;
28.1.18. хуульд заасан бусад бүрэн эрх.
29 дүгээр зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
29.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
29.1.1. боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилтийг удирдлагаар хангах;
29.1.2. боловсролын стандартыг боловсруулах;
29.1.3. боловсролын хөтөлбөр, норм, нормативын хэрэгжилт, боловсролын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн чанарт үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, хүүхдийн хөгжлийн ахиц дэвшлийг дэмжих, баталгаажуулах;
29.1.4. боловсролын байгууллагын удирдах ажилтан, багшийг нэгдсэн бодлого, тодорхой чиглэлээр бэлтгэх, давтан сургах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, энэ талаар гарсан шийдвэрийн биелэлтийг хангах;
29.1.5. боловсролын асуудлаар гадаад улс орны болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах, үр өгөөжийг дээшлүүлэх;
29.1.6. төрийн бус өмчийн боловсролын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
29.1.7. гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд монгол хэл, түүх, соёл, ёс заншил зааж сургахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
29.1.8. тэргүүлэх болон нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг 5 жил тутам шинэчлэн боловсруулж батлуулах;
29.1.9. иргэнд боловсрол эзэмшүүлэх, мэргэжил олгох, боловсрол, мэргэжлийг дээшлүүлэх талаар бусад байгууллагаас зохион байгуулж байгаа ажлыг төрийн захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах;
29.1.10. хуульд заасан бусад бүрэн эрх.
29.2. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4.1.14-т заасан зөвхөн боловсрол, танин мэдэхүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сувагтай байж болно.
30 дугаар зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
30.1. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
30.1.1. боловсролын болон багш, ажилтны ажлын норм нормативыг эрүүл мэнд, хөдөлмөр, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй тус тус хамтран батлах;
30.1.2. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам, тавих шалгуурыг батлах;
30.1.3. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын багш, удирдах ажилтны ажлыг үнэлэх, дүгнэх болон багшлах эрх олгох, хасах журам батлах;
30.1.4. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, албан бус боловсролын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам батлах;
30.1.5. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын багш, удирдах ажилтны ажлыг төлөвлөх аргачлал батлах;
30.1.6. иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцан эзэмшсэн мэдлэг, чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;
30.1.7. төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын хүүхдийн хоол, хүнсний хангамж, үйлчилгээ үзүүлэх журам батлах;
30.1.8. сурах бичгийн эхийг зохиох, санал авах, дүгнэлт гаргуулах үйл ажиллагааны журам, сургалтын хэрэглэгдэхүүнд тавих шаардлагыг батлах;
30.1.9. төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагын захирал, эрхлэгч, сургалтын менежер, арга зүйч, багшийн албан тушаалд тавих нийтлэг шаардлагыг батлах;
30.1.10. мэргэжлийн болон дээд боловсролын мэргэжлийн чиглэл, индексийг батлах;
30.1.11. мэргэжлийн боловсролын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;
30.1.12. хуульд өөрөөр заагаагүй бол дээд боловсролын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх журам болон шинжээчид тавих шаардлага батлах;
30.1.13. боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын бүтэц, орон тоо, дүрмийг батлах;
30.1.14. боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасны дагуу чөлөөлөх;
30.1.15. зайн болон цахим сургалт зохион байгуулах журам батлах;
30.1.16. боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн сан бий болгох, ашиглах, түүний тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалыг хангах журам батлах;
30.1.17. энэ хуулийн 29.2-т заасан сувгаар дамжуулах хөтөлбөр, агуулга болон нэвтрүүлэг, хөтөлбөр, контенттой холбоотой харилцааг зохицуулах журмыг батлах;
30.1.18. гамшгаас хамгаалах бэлэн байдлын үед боловсролын салбарын бэлэн байдлыг хангах, зохицуулалт хийх шийдвэр гаргах;
30.1.19. боловсролын байгууллагын үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн биелэлт, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавих;
30.1.20. аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн үйл ажиллагааны журмыг батлах;
30.1.21. аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн дарга, төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захиралд нэр дэвшигчээс боловсролын удирдах ажилтны шалгалт авах журмыг батлах;
30.1.22. багш бэлтгэх их, дээд сургуулийн суралцагчаас улсын нэгдсэн болон багшлах эрхийн шалгалт авах журмыг батлах;
30.1.23. боловсролын байгууллагын үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
30.1.24. хуульд заасан бусад бүрэн эрх.
31 дүгээр зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
31.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
31.1.1. боловсролын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
31.1.2. сурах бичиг зохиох, хэвлэх, ханган нийлүүлэх ажлыг зохион байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, урвалж бодисоор хангах, төлөвлөгөө хэрэгжүүлэх;
31.1.3. багш, ажилтны мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх;
31.1.4. аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийг мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангах;
31.1.5. бүх шатны боловсролын сургалтын чанарт үнэлгээ, судалгаа хийх, их, дээд сургууль, коллежид элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт, багш бэлтгэх их, дээд сургууль төгсөгчийн улсын нэгдсэн шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах;
31.1.6. боловсролын салбарын мэдээллийн технологийн хөгжүүлэлт, мэдээллийн систем, сан, нэгдсэн сүлжээ болон тэдгээрийн дэд бүтцийн хяналт, аюулгүй байдлын хэрэгжилтийг хангах;
31.1.7. боловсролын болон сургалтын баримт бичгийг хэвлүүлэх, түгээх, олгох ажлыг зохион байгуулах;
31.1.8. улсын олимпиад зохион байгуулах журам, ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори байгуулах, ашиглах журам баталж мөрдүүлэх;
31.1.9. насан туршдаа суралцахуйн бодлогын хэрэгжилтийн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах;
31.1.10. боловсролын салбарын чиглэлээр гадаад улс, олон улсын төрөлжсөн бусад байгууллагатай байгуулсан олон улсын гэрээний хэрэгжилтийг зохион байгуулах;
31.1.11. боловсролын салбарын үйл ажиллагааны талаарх мэдээ, тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, хуульд заасны дагуу мэдээлэх;
31.1.12. мэргэжлийн болон дээд боловсролын байгууллага, түүний сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;
31.1.13. магадлан итгэмжлэх шалгуур батлах;
31.1.14. гамшгийн улмаас хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоох, хэлбэр өөрчлөх тохиолдолд сургалтын тасралтгүй байдлыг хангах хариу арга хэмжээ авах нэгдсэн зохицуулалт хийх;
31.1.15. хуульд заасан бусад бүрэн эрх.
32 дугаар зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрх
32.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
32.1.1. төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх хууль тогтоомж, шийдвэр, дүрэм, журам, заавар, стандарт, норм, нормативын биелэлтийг хангуулах, хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх;
32.1.2. аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн бүтэц, орон тоог батлах;
32.1.3. стандарт, норм нормативыг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавих;
32.1.4. өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;
32.1.5. боловсролын салбарын асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авч хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэх;
32.1.6. өмчийн хэлбэр үл харгалзан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дээд боловсролын байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
32.1.7. төрийн өмчийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий ерөнхий боловсролын сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасны дагуу чөлөөлөх;
32.1.8. сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдаж байгаа хүүхдийн хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт батлах;
32.1.9. хуульд заасан бусад бүрэн эрх.
33 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс
33.1. Аймаг, нийслэлийн боловсролын газар харьяа нутаг дэвсгэртээ дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: