Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Ням-Осорын УЧРАЛ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2021 ОНЫ 9-Р САРЫН 15 ӨДӨР
УЛААНБААТАР

МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон бусад төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлМэргэжлийн нэгдсэн холбооны тухай хууль тогтоомж
2 .1Мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, энэ хууль, болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, салбар, төлөөлөгчийн газар нээх, чиг үүргийг нь тодорхойлох, мэргэжлийн холбооноос төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2Мэргэжлийн нэгдсэн холбоог улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой харилцааг Хуулийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна.
3.3Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулна.
3.4Тусгайлсан хуулиар төрийн бус байгууллагын үйл ажиллагааг зохицуулж байгаа бол энэ хууль үйлчлэхгүй.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёо
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“мэргэжлийн нэгдсэн холбоо” гэж тодорхой салбарыг хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг мэргэжлийн зөвлөмж, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, салбарт төрийн оролцоог багасган захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор ижил төстэй мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, ашгийн төлөө хуулийн этгээд, иргэн хамтран нэгдсэн бодлого, хамтын хяналт, зохион байгуулалттайгаар байгуулсан нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ТОГТОЛЦОО, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЧИГ ҮҮРЭГ
5 дугаар зүйлМэргэжлийн нэгдсэн холбоонд тавигдах шаардлага
5.1Мэргэжлийн нэгдсэн холбоог Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу, тодорхой салбарт хамаарах үйл ажиллагаа явуулдаг30-аас доошгүй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, болон иргэн хамтран үүсгэн байгуулна.
5.2Тухайн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад дараах шаардлага тавигдана:
5.2.1гишүүд нь тухайн салбарт тасралтгүй 3-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
5.2.2гишүүн төрийн бус байгууллага төрийн байгууллагатай гэрээ байгуулж ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх
5.2.3олон улсын байгууллагатай хамтран ажилласан туршлагатай байх
5.2.4дунд болон урт хугацааны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөтэй байх
5.3Монгол Улсад тухайн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо нэг ажиллана.
5.4Тухайн салбарын мэргэжлийн нэгдсэн холбооны гишүүдийн дийлэнх олонх нь салбарын мэргэшсэн төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, мэргэшсэн хувь хүн байна.
5.5Мэргэжлийн нэгдсэн холбоо нь орон нутагт болон гадаад улсад салбар, төлөөлөгчийн газраа нээж болно.
5.6Мэргэжлийн нэгдсэн холбооны орон нутгийн салбар, төлөөлөгчийн газрын эрх хэмжээг түүний дүрмээр зохицуулна.
5.7Мэргэжлийн нэгдсэн холбоодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулагч салбар дундын “Үндэсний нэгдсэн зөвлөл” ажиллана.
6 дугаар зүйлМэргэжлийн нэгдсэн холбооны нэр
6.1Мэргэжлийн нэгдсэн холбооны нэр нь салбарын онцлогийг илэрхийлсэн оноосон нэр болон “Мэргэжлийн нэгдсэн холбоо” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “МНХ” гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ.
6.2Энэ хуулийн 6.1-д зааснаас бусад төрийн бус байгууллага өөрийн оноосон нэртэй хамт “Мэргэжлийн нэгдсэн холбоо” эсхүл “МНХ” гэсэн тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
7 дугаар зүйлМэргэжлийн нэгдсэн холбооны гишүүнчлэл
7.1Мэргэжлийн нэгдсэн холбооны гишүүн нь салбарт хамаарах мэргэжлийн чиглэлээр байгуулагдсан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, мэргэшсэн хувь хүн байна.
7.2Хувь хүн мэргэжлийн нэгдсэн холбоонд гишүүнээр элсэж болно.
7.3Мэргэжлийн нэгдсэн холбооны гишүүн иргэн бусадтай сайн дураараа эвлэлдэн нэгдэж төрийн бус байгууллага байгуулж болно.
7.4Мэргэжлийн нэгдсэн холбооны гишүүн нь дараах шаардлагыг хангасан байна:
7.4.1төрийн бус байгууллага нь салбартаа 3-аас доошгүй жил идэвхтэй үйл ажиллагаа явуулсан, нийтэд үйлчилдэг байх;
7.4.2хувь хүн нь тухайн салбарын магистраас дээш боловсролын зэрэгтэй, эрдэмтэн, судлаач байх;
7.4.3аж ахуйн нэгж нь тухайн салбарт 5-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, ашгийн төлөө хуулийн этгээд байх.
7.5Тухайн салбарын мэргэжлийн нэгдсэн холбооны эрхэлж буй үйл ажиллагааны чиглэл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаанд хамаарах бол тухайн төрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг энэ хуулийн 7.4-т заасан шаардлагыг хангасан эсэхээс үл хамаарч гишүүнээр бүртгэх эсэхийг мэргэжлийн нэгдсэн холбооны дүрмээр зохицуулна.
8 дугаар зүйлМэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааг зөвшөөрөх
8.1Мэргэжлийн нэгдсэн холбоо нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө үйл ажиллагаа явуулах хүсэлтээ тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
8.2Мэргэжлийн нэгдсэн холбоо үйл ажиллагаа явуулах хүсэлтдээ эн хуулийн 5.2-т заасан баримт болон гишүүнчлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргана.
8.3Хүсэлт хүлээн авсан төрийн захиргааны төв байгууллага баримт бичгийн бүрдлийг хянан үзэж, сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
8.4Салбарын төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа эрхлэх, оноосон нэрийн ард энэ хуулийн 6.1-д заасан тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
8.5Салбарын төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрөлгүй бол мэргэжлийн нэгдсэн холбоог хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхгүй.
9 дүгээр зүйлҮндэсний нэгдсэн зөвлөл
9.1Ерөнхий сайд шууд удирдлага дороо салбар бүрийн мэргэжлийн нэгдсэн холбоодын төлөөллийг оролцуулан Үндэсний нэгдсэн зөвлөл байгуулна.
9.2Үндэсний нэгдсэн зөвлөл нь Ерөнхий сайдын дэргэдэх Зөвлөх танхимын хэлбэрээр ажиллах ба гишүүнчлэл бүхий мэргэжлийн нэгдсэн холбоодын төлөөллийг Ерөнхий сайд салбарын яамны зөвлөхөөр томилон ажиллуулна.
9.3Ерөнхий сайд Үндэсний нэгдсэн зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм, салбарын яамдад ажиллах зөвлөхийн ажил үүргийн чиглэлийг Ерөнхий сайд батална.
9.4Үндэсний нэгдсэн зөвлөл нь мэргэжлийн нэгдсэн холбоодыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, салбар дундын уялдаа холбоог зохицуулан төр засгийн хөгжлийн бодлого, шийдвэр, хууль эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлнэ.
10 дүгээр зүйлМэргэжлийн нэгдсэн холбооны чиг үүрэг
10.1Мэргэжлийн нэгдсэн холбоо нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.1.1салбарт хамаарах асуудлаар мэргэжлийн болон арга зүйн зөвлөгөө үзүүлэх;
10.1.2гишүүдийн ёс зүйн болон үйл ажиллагааны дүрэм баталж, мөрдүүлэх;
10.1.3төрийн байгууллагын зарим чиг үүргийг нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;
10.1.4салбарт шинэ технологи нэвтрүүлэх, хөгжлийг дэмжих судалгаа хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах;
10.1.5салбарын хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, зөвлөмж хүргүүлэх;
10.1.6мэргэжлийн үйл ажиллагааны стандарт тогтоох, мөрдүүлэх;
10.1.7дотоодын үйлдвэрлэлийн борлуулалтын зах зээлийг хамгаалах ажлын хүрээнд гаалийн импортын татвар нэмэгдүүлэх бараа бүтээгдэхүүний жагсаалтыг жил бүр Засгийн газраар батлуулах ажлыг зохион байгуулах;
10.1.8дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдэхүүний орц, нормд ордог дагалдах материал, иж бүрдэл, эд анги, тоноглолыг гааль, НӨАТ-аас чөлөөлүүлэх ажлыг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах;
10.1.9мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны тайланг жил бүр салбарын компани, аж ахуйн нэгж,шинжлэх ухааны байгууллага, иргэд,олон нийтэд танилцуулах.
10.1.10бүтээгдэхүүн ажил, үйлчилгээний чанар, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөрөнгө оруулалтын төслүүд боловсруулж хэрэгжүүлэх талаар гишүүн байгууллагуудад зөвлөгөө өгөх
11 дугаар зүйлМэргэжлийн нэгдсэн холбооны зохион байгуулалт
11.1Мэргэжлийн нэгдсэн холбоо нь үйл ажиллагааны тайлангаа жил бүр салбарын аж ахуйн нэгж, шинжлэх ухааны байгууллага, иргэд, олон нийтэд танилцуулна.
11.2Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаарх мэдээллийг Мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу сонирхсон этгээдэд нээлттэй байлгана.
11.3Мэргэжлийн нэгдсэн холбоо нь салбарын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор богино, дунд, урт хугацааны хамтын ажиллагааны гэрээг салбарын төр захиргааны төв байгууллагатай байгуулж, хагас, бүтэн жил, 4 жилээр гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж ажиллана.
12 дүгээр зүйлМэргэжлийн нэгдсэн холбооны их хурал
12.1Мэргэжлийн нэгдсэн холбооны өөрөө удирдах ёсны эрх барих дээд байгууллага нь гишүүдийн их хурал (Цаашид “их хурал”) байна.
12.2Их хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.2.1мэргэжлийн нэгдсэн холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
12.2.2мэргэжлийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх;
12.2.3мэргэжлийн нэгдсэн холбооны зөвлөлийн гишүүнийг батламжлах, чөлөөлөх;
12.2.4мэргэжлийн нэгдсэн холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, зөвлөмж өгөх;
12.2.5мэргэжлийн нэгдсэн холбооны дүрмээр тогтоосон бусад бүрэн эрх
12.3Мэргэжлийн нэгдсэн холбооны их хурлын ээлжит хуралдаан жилд нэг удаа хуралдах бөгөөд их хурал хуралдаан даргалагчаа сонгож, хуралдааны дэгээ тогтооно.
12.4Их хуралд нийт төлөөлөгчдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.
12.5Их хуралд оролцох төлөөлөгчдийг сонгох журмыг мэргэжлийн нэгдсэн холбооны дүрмээр тогтооно.
12.6Их хурлын тов болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хуралдаан эхлэхээс 21 хоногийн өмнө мэргэжлийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
12.7Их хурлаар хэлэлцсэн асуудлаар оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэж, хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана.
13 дугаар зүйлМэргэжлийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, түүний бүрэн эрх
13.1Мэргэжлийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч нь тухайн салбарт мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайлал үзүүлэгч, салбарын мэргэжилтнүүдийн мэргэжлийн байр суурийг бодлогын хувьд илэрхийлэгч байна.
13.2Мэргэжлийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.
13.3Мэргэжлийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.3.1их хурлын тов тогтоох, хуралдуулах;
13.3.2мэргэжлийн нэгдсэн холбооны зөвлөлийн хуралдааныг даргалах;
13.3.3мэргэжлийн нэгдсэн холбоог гадаад, дотоодод төлөөлөх;
13.3.4энэ хуулиар болон мэргэжлийн нэгдсэн холбооны дүрмээр олгосон бусад бүрэн эрх.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХАМТЫН АЖИЛЛАГАА
14 дүгээр зүйлМэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааг дэмжих талаар төрийн байгууллагын чиг үүрэг
14.1Төвлөрлийг сааруулах, чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах, шийдвэр гаргалтад мэргэжлийн байгууллагын оролцоог дэмжих зорилгоор хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрт мэргэжлийн нэгдсэн холбооны чиг үүргийг тусгаж, эрх зүйн орчин бүрдүүлнэ.
14.2Төрийн байгууллагаас хууль тогтоомжид заасан гүйцэтгэх, зохион байгуулах зарим чиг үүргээ энэ хуулийн дагуу байгуулагдсан мэргэжлийн нэгдсэн холбоогоор нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.
14.3Гадаад улсын байгууллагатай хамтран ажиллахаар байгуулсан гэрээг салбарын хөгжлийн бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэхэд тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгүүлэхээр мэргэжлийн нэгдсэн холбоог сонгож болно.
14.4Хууль тогтоомж, бусад шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг, мэргэжлийн болон зөвлөх чиг үүрэг бүхий зөвлөл, хорооны бүрэлдэхүүнд мэргэжлийн нэгдсэн холбооны төлөөллийг оролцуулна.
15 дугаар зүйлМэргэжлийн нэгдсэн холбоо төрийн байгууллагатай хамтран ажиллах
15.1Мэргэжлийн нэгдсэн холбоо нь энэ хууль болон дүрэмдээ заасан зорилго, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн байгууллагатай дараахь чиглэлээр хамтран ажиллана:
15.1.1салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх саналаа төрийн байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг хамтран зохион байгуулах;
15.1.2хууль тогтоомжийн төсөл боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө, арга зүйн зөвлөмжөөр хангаж, дэмжлэг үзүүлэх;
15.1.3Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан салбарын хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө, арга зүйн зөвлөмжөөр хангаж, дэмжлэг үзүүлэх;
15.1.4захиргааны хэм хэмжээний акт боловсруулахад батлах эрх бүхий байгууллага албан тушаалтантай хамтран ажиллах, төсөл боловсруулж хүргүүлэх;
15.1.5салбарын бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний норм, норматив, стандарт, дүрэм, журмыг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
15.1.6салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжлийн зэрэг дэв, итгэмжлэл олгох болон мэргэшүүлэх сургалт зохион байгуулах чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх;
15.1.7салбарын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх;
15.1.8салбарын дотоод зах зээлийг хамгаалах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн татвар, зээлийн болон бусад дэмжлэг, урамшууллын талаар санал боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
15.1.9салбарын хэмжээнд байгаль орчныг хамгаалах, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх чиглэлийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
15.1.10дотоод, гадаадад төрөлжсөн үзэсгэлэн, яармаг, хурал, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах;
15.1.11төрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж буй тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүний 50-иас доошгүй хувийг Мэргэжлийн нэгдсэн холбоодын төлөөллөөс бүрдүүлэх;
15.1.12төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн төлөөлөн удирдах зөвлөлд мэргэжлийн нэгдсэн холбоодын төлөөллийг оролцуулах;
15.1.13бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй холбоотой салбар болон салбар дундын судалгаа, шинжилгээний ажлыг хийхэд оролцох;
15.1.14зах зээлийн багтаамж, эрэлтэд нийцүүлэн салбарт хэт өрсөлдөөн үүсгэхгүй байх хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх талаар саналаа хүргүүлэх;
15.1.15салбарын бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг сайжруулах ажлын хүрээнд “Эх оронч худалдан авалт”-ын тогтолцоог бүрдүүлэх, соён гэгээрүүлэх, сурталчлах ажлыг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах;
15.1.16хуульд болон гэрээнд заасан бусад.
15.2Мэргэжлийн нэгдсэн холбоо нь хууль болон гэрээнд зааснаас гадна үйл ажиллагааны тайлангаа жил бүрийн 12 дугаар сард багтаан салбарынхаа төрийн захиргааны төв байгууллага болон Үндэсний нэгдсэн зөвлөлд хүргүүлнэ.
16 дугаар зүйлМэргэжлийн нэгдсэн холбоо бусад байгууллагатай хамтран ажиллах
16.1Мэргэжлийн нэгдсэн холбоо нь энэ хуульд заасан зорилго, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй дараах чиглэлээр хамтран ажиллана:
16.1.1салбарын техник, технологи, инноваци, менежмент, шинэчлэл, стандартыг салбарынхаа онцлогт тохируулан үе шаттайгаар нутагшуулахад мэргэжлийг зөвлөмжөөр хангах, хамтран ажиллах;
16.1.2салбарын бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өөрийн өртөг, зардлын тооцоолол хийх, тарифын жишиг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
16.1.3үйл ажиллагааг нь өргөжүүлэх, бизнес хөгжүүлэлтийг дэмжих болон бусад мэргэжлийн зөвлөгөө, арга зүйн зөвлөмжөөр хангах, сургалт сурталчилгаа зохион байгуулах;
16.1.4гадаад улс орнууд болон олон улсын мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах.
16.1.5хууль болон мэргэжлийн нэгдсэн холбооны дүрэмд заасан бусад.
17 дугаар зүйлМэргэжлийн нэгдсэн холбоог итгэмжлэх
17.1Төрийн захиргааны төв байгууллага салбартаа үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулагдсанаас нь хойш 5 жил тутамд итгэмжилнэ.
17.2Мэргэжлийн нэгдсэн холбоонд итгэмжлэл олгох, хүчингүй болгох, сунгах журмыг Засгийн газар батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
18 дугаар зүйлМэргэжлийн нэгдсэн холбооны санхүүжилт, түүний эх үүсвэр
18.1Мэргэжлийн нэгдсэн холбооны орлого нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
18.1.1төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхээр, төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө;
18.1.2өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах болон түрээслүүлснээс олсон орлого;
18.1.3мэргэжлийн нэгдсэн холбооны мөнгөн хөрөнгийг банк, банк бус байгууллагад хадгалуулсны хүүгийн орлого.
18.2Төсвийн хөрөнгөөр төрийн байгууллагын захиалгаар эсхүл байгууллага, хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэснээс бусад мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны үр дүнд бий болсон дэвшилтэт технологи, мэдээллийн сан, оновчтой менежмент нь холбооны өмч байна.
19 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
19.1Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
20 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
20.1Энэ хуулийг 2018 оны ... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(DOC018 (1).pdf)