Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 8-Р САРЫН 27 ӨДӨР
УЛААНБААТАР

Өгөгдлийн тухай

Өгөгдлийн тухай
1 дүгээр зүйлХуулийн зорилго
1.1Энэ хуулийн зорилго нь өгөгдлийн дэд бүтэц, эрх зүйн үндэс болон өгөгдлийн засаглалыг бүрдүүлж, өгөгдлийн чанар, аюулгүй байдал, хүртээмж, халдашгүй байдлыг хангах замаар өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад оршино.
2 дугаар зүйлӨгөгдлийн хууль тогтоомж
2.1Өгөгдлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Статистикийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт өгөгдлийг үүсгэх, цуглуулах, ангилах, боловсруулах, хадгалах, ашиглах, дахин ашиглах, солилцох, дамжуулах, нөөцлөх, устгах үйл ажиллагаа (цаашид “өгөгдлийн эргэлт” гэх)-г зохицуулах, түүнчлэн дата төвийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүсэх харилцаанд үйлчилнэ.
3.2Энэ хуулийн 3.1-д заасан харилцаанд оролцогч төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, өмчийн хэлбэрээс үл хамааран дотоод, гадаадын хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага энэ хуулийг нэгэн адил дагаж мөрдөнө.
3.3Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:
3.3.1төрийн болон албаны нууцад хамааруулсан өгөгдлийн эргэлттэй холбоотой харилцаа;
3.3.2үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах, тагнуул, гүйцэтгэх ажил болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах өгөгдлийн эргэлттэй холбоотой харилцаа;
3.3.3иргэн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хэрэгцээнд зориулж, арилжааны бус зорилгоор өгөгдөл ашиглахтай холбоотой харилцаа.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“дата төв” гэж өгөгдлийг боловсруулах, дамжуулах, солилцох, хадгалах, нөөцлөх үүрэг гүйцэтгэж байгаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж болон тэдгээрийг байрлуулах физик болон виртуал дэд бүтэц бүхий барилга байгууламжийн стандарт шаардлага хангасан орон зайг;
4.1.2“дата төвийн үйлчилгээ үзүүлэгч” гэж энэ хуулийн 4.1.1-д заасан үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийг;
4.1.3“гадаадын дата төв” гэж энэ хуульд заасан тусгай дэглэм үйлчлэх энэ хуулийн 4.1.1-д заасан дата төвийг;
4.1.4“гадаадын дата төвийн үйлчилгээ үзүүлэгч” гэж гадаад улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж энэ хуулийн 4.1.2-т заасан үйлчилгээ үзүүлэхээр энэ хуулийн 13.12-т заасан гэрээ байгуулсан этгээдийг;
4.1.5“мета өгөгдөл” гэж өгөгдлийн эх сурвалж, бүтэц, агуулга, үүсгэсэн болон өөрчлөлт, шинэчлэлтийн огноо, гарал үүслийн бүртгэл, өгөгдлийн эзэмшигч, ашиглах нөхцөл зэргийг тодорхойлсон тайлбарыг;
4.1.6“нээлттэй өгөгдөл” гэж машин унших боломжтой хэлбэрээр түгээгдсэн хэсэгчилж авах боломжтой бүтэцлэгдсэн нийтийн мэдээллийг;
4.1.7“өгөгдөл” гэж хүн, хуулийн этгээд, эд зүйл, үйл явдал, үйл ажиллагаатай холбоотой баримт, шинж чанар, төлөв байдлыг цахим системд боловсруулах, дамжуулах, хадгалахад зориулан бичвэр, тэмдэгт, тоо, дүрс, дуу авиа болон бусад хэлбэрээр илэрхийлсэн техникийн дүрслэлийг;
4.1.8“өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүн” гэж өгөгдлийг нэгтгэх, ангилах, дүн шинжилгээ хийх болон бусад аргаар боловсруулсан, тодорхой хэрэглээ, үнэ цэн бүхий, ашиглах, солилцох, түгээх, дахин ашиглах боломжтой мэдээллийг;
4.1.9“өгөгдлийн дэд бүтэц” гэж өгөгдөл, мэдээлэл цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох зориулалт бүхий техник, программ хангамж, мэдээллийн сүлжээ, мэдээллийн системийн цогцыг;
4.1.10“өгөгдлийн каталог” гэж өгөгдлийн бүрдэл, мета өгөгдөл, эх сурвалж, эзэмшигч, хариуцагч, ангилал, чанарын үзүүлэлт, гарал үүслийн бүртгэл, ашиглах нөхцөл, хандах эрх, хэрэглээний программчлалын интерфейс холболтын мэдээллийг нэгтгэн хадгалах, хайлт хийх боломж бүхий системийг;
4.1.11“өгөгдлийн сан” гэж мета-өгөгдөл, хандалтын хязгаарлалт, солилцох болон дахин ашиглах боломжийг хамарсан цогц өгөгдлийг;
4.1.12“өгөгдлийн эзэн” гэж тухайн өгөгдлийг анх үүсгэсэн, эсхүл хууль болон гэрээний үндсэн дээр хувийн бус өгөгдлийг өмчлөх, захиран зарцуулах эрхийг шилжүүлж авсан этгээдийг;
4.1.13“өгөгдөл эзэмшигч” гэж өгөгдлийн эзнээс олгосон зөвшөөрөл, эсхүл хуульд заасан чиг үүргийн дагуу өгөгдлийг цуглуулах, боловсруулах, ашиглах эрх бүхий этгээдийг;
4.1.14“өгөгдөл хариуцагч” гэж хууль, гэрээ, эрх бүхий этгээдийн шийдвэр, эсхүл хууль ёсны бусад үндэслэлээр өгөгдлийн харилцааны зорилго, нөхцөл, шаардлагыг тодорхойлж, түүний хууль ёсны байдал, аюулгүй байдал, чанар болон өгөгдлийн эргэлтийн хэрэгжилтийг бие даан, эсхүл бусадтай хамтран зохион байгуулж байгаа этгээдийг;
4.1.15“өгөгдөл хэрэглэгч” гэж хуульд заасан үндэслэл, нөхцөлийн дагуу өгөгдлийг ашиглаж байгаа этгээдийг;
4.1.16“өгөгдөл боловсруулагч” гэж өгөгдөлд дүн шинжилгээ хийх, системчилсэн хэлбэрт оруулж байгаа эрх бүхий этгээдийг;
4.1.17“өгөгдөл нийлүүлэгч” гэж өгөгдлийг өгөгдлийн хэрэглэгч, өгөгдлийн дэд бүтцэд нийлүүлж байгаа энэ хуулийн 4.1.12, 4.1.13, 4.1.14, 4.1.16-д заасан этгээдийг;
4.1.18“өгөгдөл зуучлагч” гэж хүн, хуулийн этгээдээс өгөгдлийг өгөгдөл хэрэглэгчид хүргэх шаардлага хангасан этгээдийг;
4.1.19“өгөгдөл зуучлалын үйлчилгээ” гэж өгөгдөл эзэмшигч болон өгөгдөл хэрэглэгч талуудын хооронд хууль зүйн болон техникийн харилцан хамаарал тогтоох замаар өгөгдлийг хамтран ашиглах, солилцох, нэгтгэх боломжийг олгож байгаа, өгөгдөл хэрэглэгчээс хараат бус дижитал платформ болон техникийн дэд бүтцийн үйлчилгээг;
4.1.20“хэрэглээний програмчлалын интерфейс” гэж мэдээллийн систем, програм хангамж хооронд өгөгдлийг автоматаар, тасралтгүй солилцох, харилцан ажиллагааг хангах зориулалттай цахим холболтын шийдлийг.
5 дугаар зүйлӨгөгдлийн харилцаанд баримтлах зарчим
5.1Өгөгдлийн харилцаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1өгөгдөл нь анхдагч болон хууль ёсны эх сурвалжид тулгуурласан байх;
5.1.2үнэн зөв, бүрэн бүтэн, чанартай байх;
5.1.3тодорхой зорилготой байх;
5.1.4хэмжигдэхүйц байх;
5.1.5хуульд өөрөөр зааснаас бусад төрийн их өгөгдөл нээлттэй, хүртээмжтэй байх;
5.1.6хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, хувийн нууцыг хамгаалсан, харилцан итгэлцэл, ёс зүйг баримталсан байх;
5.1.7өгөгдлийн нууцлал, кибер аюулгүй байдлыг хангасан байх;
5.1.8өгөгдлийн дэд бүтэц нь найдвартай, тасралтгүй ажиллагаатай байх;
5.1.9өгөгдлийн зохицуулалт нь инноваци, өгөгдөлд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн байх.
5.2Дата төвийн үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдал, хүний эрх, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхгүй байх зарчмыг баримтална.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЭЦ, ӨГӨГДЛИЙН САН
6 дугаар зүйлТөрийн их өгөгдлийн дэд бүтэц
6.1Монгол Улс төрийн их өгөгдлийн дэд бүтэцтэй байна.
6.2Төрийн их өгөгдлийн дэд бүтэц нь хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хооронд өгөгдлийг аюулгүй, найдвартай, харилцан уялдаатай боловсруулах, солилцох, ашиглах, дахин ашиглах, хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний нэгдэл байна.
6.3Төрийн их өгөгдлийн дэд бүтэц нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.1-д заасан нийтийн мэдээллийн дэд бүтцэд хамаарна.
6.4Энэ хуулийн 6.2-т заасан мэдээллийн систем нь төрийн их өгөгдөл, түүнийг хадгалах, боловсруулах, солилцох, ашиглах системээс бүрдэнэ.
6.5Энэ хуулийн 6.4-т заасан системийн үйл ажиллагаа дараах хэсгүүдтэй:
6.5.1кибер аюулгүй байдлыг хангах, хандалтын хяналт, шифрлэлт болон тасралтгүй ажиллагааг зохицуулах систем;
6.5.2өгөгдөл ашиглалт, хандалт, дамжуулалтын үйл ажиллагааны бүртгэл (лог, аудит лог);
6.5.3өгөгдлийн нэгдсэн каталог болон мета өгөгдлийн бүртгэлийн систем;
6.5.4өгөгдөл солилцооны дундын систем;
6.5.5Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 26.1-д заасан төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ болон шаардлага хангасан бусад сүлжээ.
6.6Төрийн их өгөгдлийн дэд бүтцийн архитектур, түүнд холбогдох техникийн нөхцөл, шаардлагыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Техникийн нөхцөл, шаардлагад тагнуулын байгууллагын саналыг авна.
7 дугаар зүйлТөрийн их өгөгдөл
7.1Монгол Улсын төрийн их өгөгдөл нь (цаашид “Төрийн их өгөгдөл” гэх) Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан нийтийн мэдээллийн сан дахь өгөгдөл болон бусад өгөгдлийн бүрдэл байна.
7.2Төрийн их өгөгдлийн системд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.1-д заасан мэдээллийн сангаас өгөгдөл нийлүүлэх бөгөөд хувийн өмчийн хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хүн сайн дурын болон гэрээний үндсэн дээр өгөгдөл нийлүүлж болно.
7.3Төрийн их өгөгдлийн системд өгөгдлийг мета өгөгдлийн бүртгэл, мэдээллийн сангийн нэгдсэн ангилал, код, стандартын дагуу нийлүүлнэ.
7.4Төрийн их өгөгдлийн системд өгөгдөл цуглуулах, солилцоход өгөгдөл солилцооны дундын системтэй холбогдож, ашиглана.
Тайлбар:“өгөгдөл солилцооны дундын систем” гэж төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийн систем хооронд өгөгдөл, мета өгөгдлийг багцлан дамжуулах, солилцох, удирдах зориулалт бүхий технологийн нэгдсэн платформыг;
7.5Төрийн их өгөгдлийг дараах байдлаар ангилна:
7.5.1нээлттэй өгөгдөл;
7.5.2хязгаарлалттай өгөгдөл;
7.5.3хаалттай өгөгдөл;
7.5.4нөхцөлт хандалттай өгөгдөл.
Тайлбар:“нөхцөлт хандалттай өгөгдөл” гэж гэрээ, зөвшөөрлийн дагуу зориулалтын хязгаарлалт болон бусад нөхцөлтэйгөөр ашиглах өгөгдлийг хэлнэ.
7.6Энэ хуулийн 7.5-д заасны дагуу ангилсан төрийн их өгөгдлийг ашиглахад хуульд заасан үндэслэл, ашиглалтын зориулалтыг харгалзан хандалтын эрхийг олгоно.
7.7Энэ хуулийн 7.5-д заасны дагуу ангилсан өгөгдлийг машин унших, хэрэглээний програмчлалын интерфейс ашиглан солилцоход энэ хуулийн 6.6-д заасан техникийн нөхцөлийг хангасан байна.
7.8Төрийн өгөгдлийн систем нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан анхдагч эх сурвалжийн болон мэдээллийн санг давхардуулан үүсгэхийг хориглох зарчимд нийцсэн байна. Системийн бүтэц нь мета өгөгдлийн нэгдсэн каталог, хяналттай хэрэглээний мэдээллийн систем хоорондын холбоос, хандалтын эрхийн удирдлага болон аудитын бүртгэлд суурилсан хэлбэрээр зохион байгуулагдаж, хэрэгжинэ.
7.9Төрийн өгөгдлийн санд өгөгдөл нийлүүлэх, солилцох, ашиглах хандалтын эрх олгох журмыг энэ хуулийн 7.5-д заасан өгөгдлийн ангиллыг харгалзан Засгийн газар батална.
7.10Энэ хуулийн 7.2-т заасан сайн дурын үндсэн дээр өгөгдөл нийлүүлэх харилцааг гэрээ, эсвэл өгөгдөл ашиглах зөвшөөрөл (лиценз)-ийн үндсэн дээр зохицуулах бөгөөд гэрээнд ашиглах зорилго, хүрээ, хугацаа, төлбөрийн нөхцөл, аюулгүй байдлыг хангах, өгөгдлийг буцаан татах, устгах нөхцөлийг заавал тусгана.
8 дугаар зүйлӨгөгдлийн сан үүсгэх, түүнд тавигдах шаардлага
8.1Хүн, хуулийн этгээд хуульд заасан чиг үүрэг, гэрээ, зөвшөөрөл, мэдээллийн эзний зөвшөөрөл, нийтийн ашиг сонирхол, эсхүл хууль ёсны бусад үндэслэлийн хүрээнд өгөгдлийн сан (цаашид “өгөгдлийн сан” гэх)-г үүсгэж, ашиглах эрхтэй бөгөөд энэ хуулийн 7.3-т заасан нэгдсэн ангилал, код, стандартыг мөрдөж болно.
8.2Өгөгдлийн санд хадгалагдах өгөгдөл нь нэр, зориулалт, хариуцагч, эх сурвалж, ангилал, ашиглах нөхцөл, шинэчлэх давтамж, хадгалах хугацаа, чанарын үзүүлэлт болон хандалтын нөхцөл бүхий мета өгөгдлийн бүртгэлтэй байна.
8.3Өгөгдлийн сан дараах шаардлагыг хангана:
8.3.1өгөгдлийн мөр бүрийг дахин давтагдашгүй байдлаар ялган таних, бусад нээлттэй өгөгдөлтэй холбох, уялдуулан ашиглах боломжтой түлхүүр талбартай байх;
8.3.2энэ хуулийн 8.3.1-д заасан түлхүүр, талбарыг өөрчлөхгүйгээр урт хугацаанд тогтвортой хэрэглэх;
8.3.3бусад эх сурвалж бүхий өгөгдөлтэй шууд харилцан хамааралтай ажиллах техникийн нөхцөлийг бүрдүүлсэн байх.
8.4Төрийн байгууллага нь хувийн өмчийн хуулийн этгээдтэй хамтран Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.1-д заасан мэдээллийн сангийн өгөгдлийг зөвшөөрөлтэйгөөр болон бусад өгөгдлийг ашиглан дундын өгөгдлийн сан үүсгэж болно.
8.5Энэ хуулийн 8.4-т заасан дундын өгөгдлийн санг үүсгэхэд нийтийн мэдээллийн санг ашиглуулах мэдээлэл хариуцагчийн хүсэлтийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
8.6Өгөгдөл эзэмшигч нь мета өгөгдлийг үнэн зөв, бүрэн, тухай бүр шинэчлэн хөтлөх үүрэгтэй.
8.7Төрийн байгууллага нь өгөгдлийн каталог болон мета өгөгдлийг нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тухай бүр шинэчилнэ.
8.8Өгөгдлийн каталог болон мета өгөгдлийн бүртгэл нь өгөгдлийг хайх, ашиглах, солилцох, дахин ашиглах боломжийг бүрдүүлэх бөгөөд энэ нь тухайн өгөгдөлд шууд хандах эрхийг үүсгэх үндэслэл болохгүй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ӨГӨГДЛИЙН ЭРГЭЛТ
9 дүгээр зүйлӨгөгдөл үүсгэх, цуглуулах
9.1Өгөгдлийг хууль ёсны эх сурвалжаас хуульд заасан чиг үүрэг, гэрээ, өгөгдөл, өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүн ашиглах лиценз, өгөгдлийн эзний зөвшөөрлийн дагуу үүсгэж, цуглуулна.
9.2Өгөгдөл үүсгэх, цуглуулахад дараах шаардлагыг хангасан байна:
9.2.1зорилго, үндэслэлийг зөвшөөрөлд үндэслэн цахим хэлбэрээр баталгаажуулсан байх;
9.2.2зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хамгийн бага хэмжээний өгөгдлийг цуглуулах;
9.2.3давхардсан эх сурвалжаас цуглуулахад дахин давтагдашгүй түлхүүр ашиглах;
9.2.4өгөгдлийг цуглуулахад бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг шалгах.
9.3Хүний хувийн мэдээлэл агуулсан өгөгдлийг үүсгэх, цуглуулахад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан мэдээллийн эзний зөвшөөрөл, эсхүл хуульд заасан бусад үндэслэлийг баримтална.
9.4Үндэсний аюулгүй байдлыг хангах, гамшиг, онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах зорилгоор төрийн эрх бүхий байгууллага хүн, хуулийн этгээдийн өгөгдөлд хандах ба өгөгдлийг бодит өртгөөр цуглуулж, анх авсан зорилгын хүрээнд ашиглаж, зорилго дуусмагц устгах үүрэгтэй.
9.5Энэ хуулийн 9.4-т зааснаас бусад тохиолдолд төрийн байгууллага нь шийдвэр гаргах, бодлого төлөвлөх, судалгаа шинжилгээ хийх болон албан ёсны статистик мэдээлэл бэлтгэх зорилгоор иргэн, хуулийн этгээдийн үүсгэсэн, цуглуулсан өгөгдлийг Статистикийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн, гэрээ, хэлцлийн үндсэн дээр арилжааны нөхцөлөөр худалдан авч болно.
10 дугаар зүйл.Өгөгдөл ангилах, боловсруулах, хадгалах
10.1Өгөгдөл хариуцагч нь цуглуулсан өгөгдлийг мета өгөгдлийн нэгдсэн каталог, мэдээллийн сангийн нэгдсэн ангилал, код, стандартын дагуу төрөлжүүлэн ангилж болно.
10.2Өгөгдлийг нэгтгэх, мэдээллийн хүртээмж, ашиглалтыг нэмэгдүүлэх болон эдийн засаг, бизнес, инновац, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны үйл ажиллагаанд ашиглах болон бусад зорилгоор боловсруулна.
10.3Өгөгдөл боловсруулах ажиллагаанд дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
10.3.1урьдчилан тодорхойлсон зорилгод нийцсэн, өгөгдлийн эх сурвалж, боловсруулалтын талаарх мэдээллийг баримтжуулсан байх;
10.3.2хүний хувийн мэдээллийг боловсруулахад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 16.1-д заасан мэдээллийн эзний эрхийг хангах нөхцөлийг бүрдүүлсэн байх;
10.3.3өгөгдөлд хамаарах мэдээллийн эзнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжгүй болгох, эсхүл бусад хэлбэрээр нууцлалыг хангаж нээлттэй өгөгдөл болгон нийтлэх;
10.3.4өгөгдөлд хийсэн хувиргалт, нэгтгэл, дүн шинжилгээ, боловсруулалтын аргачлал, логик дарааллыг энэ хуулийн 6.5.2-т заасан бүртгэлийн дагуу баталгаажуулах.
10.4Өгөгдөл хариуцагч нь өгөгдөл ангилах, боловсруулах, хадгалах үйл ажиллагааны аргачлал, логик дараалал, хандалтын түүх болон үйлдлийн бүртгэлийг устгах, өөрчлөх боломжгүйгээр цахим хэлбэрээр хөтлөнө.
10.5Өгөгдөл боловсруулагч нь боловсруулсан өгөгдлийн үнэн зөв, аюулгүй байдлыг хангаж, тухай бүр шинэчилнэ.
10.6Өгөгдөл хариуцагч нь хадгалж байгаа өгөгдлийн бүрэн бүтэн, нууцлагдсан байдлыг хангана.
10.7Өгөгдлийг хадгалахад өгөгдлийн ангилал, ашиглах зорилго, хадгалах хугацаа, кибер аюулгүй байдал, хандалтын эрх, архивын шаардлага болон гэрээ, лицензийн нөхцөлийг баримтална.
11 дүгээр зүйлӨгөгдөл солилцох, дамжуулах, ашиглах, дахин ашиглах
11.1Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор солилцох, дамжуулах, ашиглах, дахин ашиглах ажиллагааг хууль, гэрээ, лиценз, өгөгдлийн эзний зөвшөөрөл, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу энэ хуулийн 7.6-д заасан хандалтын эрхийн хүрээнд хэрэгжүүлнэ.
11.2Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ технологи, инновацыг турших зорилгоор Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 4.1.6-д заасан зохицуулалтын туршилтын орчин (сэндбокс)-ыг ашиглана.
11.3Өгөгдөл, өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүнийг хууль, гэрээ, лицензийн нөхцөлийн дагуу төлбөртэй, эсхүл төлбөргүйгээр ашиглуулна.
11.4Лицензийн төрлийг нээлттэй, судалгааны, хязгаарлагдмал, арилжааны, нийтийн ашиг сонирхлын гэсэн ангилалд үндэслэн өгөгдөл эзэмшигч тогтоох бөгөөд жишиг загварыг энэ хуулийн 20-д заасан байгууллага батална.
11.5Өгөгдлийг анх авсан зорилгоос өөр зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулан ашиглуулахад лиценз, өгөгдлийн эзний зөвшөөрлийг дахин авна.
11.6Хязгаарлалттай, хаалттай өгөгдлийг солилцох, дамжуулах, ашиглахад хууль, гэрээ, лиценз, өгөгдлийн эзний зөвшөөрөл, эрх бүхий байгууллагын шийдвэрт заасан шаардлага, кибер аюулгүй байдлыг хангана.
11.7Тодорхойлох боломжгүй болгосон өгөгдлийг бусад өгөгдөлтэй нэгтгэх, эсхүл дүгнэлт гаргах замаар хүн, хуулийн этгээдийг дахин тодорхойлсон бол дахин тодорхойлогдсон өгөгдлийг хандалтыг хязгаарлах техникийн горимоор хамгаална.
11.8Хиймэл оюун, машин сургалтад суурилсан болон автомат шийдвэр гаргах системд өгөгдлийг ашиглахад дараах шаардлагыг хангасан байна:
11.8.1сургалтын өгөгдөл, системийн гаралт, үйл ажиллагааны бүртгэл (лог), өгөгдсөн заавар, дүгнэлтийн түүхийг аюулгүй хадгалах, хамгаалах;
11.8.2хүнийг дахин тодорхойлох, нууц мэдээллийг сэргээх, зан төлөвийг зөвшөөрөлгүй тодорхойлохоос сэргийлэх техникийн шийдлийг нэвтрүүлсэн байх;
11.8.3тухайн өгөгдөлд хамаарах оюуны өмчийн эрх, бизнесийн нууцыг алдагдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байх;
11.8.4өгөгдлийг бүрдүүлэх, ашиглах явцад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн байдлаар ялгаварлан гадуурхсан, гажуудуулсан дүгнэлт гаргахаас сэргийлсэн байх.
11.9Хуульд нийтэд нийтлэхийг заасан болон нээлттэй өгөгдлийг өөрийн цахим хуудас болон төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системд нийтэлнэ.
11.10Нийтлэх өгөгдөл дараах шаардлагыг хангасан байна:
11.10.1мета өгөгдөлтэй байх;
11.10.2нийтлэхийн өмнө дахин тодорхойлох эсэхийн эрсдэлийн үнэлгээ хийсэн байх;
11.10.3хуульд тусгайлан хамгаалсан мэдээллийг арилгасан, шууд болон шууд бусаар тодорхойлох боломжгүй болгосон байх.
11.11Нийтэлсэн нээлттэй өгөгдлийг хандахад хялбар, хуулах, эрэмбэлэх, хайлт хийх боломжтой байх, ашиглах нөхцөлийг тодорхойлсон байна.
11.12Төрийн өгөгдөл хариуцагч өөрийн эзэмшил, удирдлагад байгаа дараах ангиллын өгөгдлийг нээлттэй өгөгдөл болгон нийтлэх үүрэгтэй:
11.12.1газарзүйн болон орон зайн;
11.12.2байгаль орчин, дэлхий судлалын;
11.12.3уур амьсгал, цаг уурын;
11.12.4албан ёсны статистикийн;
11.12.5хуулийн этгээд, түүний эцсийн өмчлөлийн;
11.12.6тээвэр, авто замын хөдөлгөөний;
11.12.7төрийн үйлчилгээ, улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн;
11.12.8хуульд заасан бусад.
11.13Дараах тохиолдолд өгөгдлийг нээлттэй өгөгдөл болгон нийтлэхийг хориглоно:
11.13.1тухайн өгөгдлөөр дамжуулан хүний хувийн мэдээлэл, бизнесийн нууц ил болох, эсхүл хүн, хуулийн этгээдийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой бол;
11.13.2оюуны өмчийн болон гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихөөр бол;
11.13.3төрийн болон албаны нууцад хамаарах;
11.13.4хуулиар нийтэд нээлттэй болгохыг хязгаарласан бусад.
11.14Энэ хуулийн 11.13-т заасан үндэслэлээр гаргасан гомдлыг өгөгдөл хариуцагч ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд гомдлыг хянах хугацаанд тухайн өгөгдөлд хандах хандалт, нийтлэлтийг түр зогсооно.
11.15Хүн, хуулийн этгээдээс өгөгдлийг ашиглах, дахин ашиглах, эсхүл нийтэд нээлттэй болгох талаар гаргасан хүсэлт, саналыг өгөгдөл хариуцагч хүлээн авч, дараах журмаар шийдвэрлэнэ:
11.15.1хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдрийн дотор шийдвэрлэж, өгөгдлийг машин унших боломжит хэлбэрээр хангах, эсхүл өгөгдөл ашиглах лицензийн саналыг хүргүүлэх;
11.15.2нарийн төвөгтэй, өргөн хүрээтэй хүсэлтийг шийдвэрлэх хугацааг үндэслэл бүхий тайлбартайгаар нэг удаа 20 ажлын өдрөөр сунгаж, өргөдөл гаргагчид мэдэгдэх;
11.15.3хүсэлтээс татгалзсан тохиолдолд татгалзсан үндэслэл, шийдвэрийг өргөдөл гаргагчид цахимаар мэдэгдэх.
11.16Өгөгдөл солилцох, дамжуулах үйл ажиллагаанд хэрэглээний програмчлалын интерфейс, эсхүл шаардлага хангасан өгөгдлийн дэд бүтцийг ашиглана.
11.17Өгөгдөл солилцооны явцад өгөгдөл алдаатай, бүрэн бус, эсхүл хуульд заасан шаардлага хангаагүй нь илэрсэн бол өгөгдөл хэрэглэгч нь өгөгдөл нийлүүлэгч болон өгөгдөл хариуцагчид даруй мэдэгдэж, засварлуулах, шинэчлүүлэх, эсхүл ашиглалтыг шаардлагатай бол түр зогсоох арга хэмжээг авна.
11.18Хүний хувийн мэдээлэл агуулсан өгөгдлийг хил дамнуулан дамжуулахад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан аюулгүй байдлын шаардлагыг нэгэн адил мөрдөнө.
11.19Өгөгдлийн эзэн өөрт хамаарах, өөрийн үйл ажиллагааны явцад үүссэн өгөгдлийг өгөгдөл хариуцагчаас бүтэцлэгдсэн, машин унших боломжтой, нийтлэг хэлбэрээр үнэ төлбөргүй авах эрхтэй.
11.20Өгөгдлийн эзний хүсэлтээр өгөгдөл хариуцагч нь техникийн боломжтой тохиолдолд тухайн өгөгдлийг өөр өгөгдөл хариуцагч, эсхүл үйлчилгээ үзүүлэгчид хэрэглээний программчлалын интерфейс ашиглан шууд, аюулгүй хэлбэрээр шилжүүлнэ.
11.21Хүний хувийн мэдээлэлд хамаарах өгөгдлийг зөөвөрлөхөд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтална.
11.22Өгөгдлийн эргэлтийн үе шатанд өгөгдлийн чанарыг энэ хуулийн 18.1.4-т заасан аргачлалын дагуу үнэлж болно.
12 дугаар зүйлӨгөгдлийг архивлах, нөөцлөх, устгах
12.1Өгөгдлийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасныг баримтлан архивлах ажиллагааг хийнэ.
12.2Өгөгдлийг алдагдахаас хамгаалах, кибер халдлага, системийн доголдол, гамшиг, үйлчилгээний тасалдлын үед сэргээх боломжийг бүрдүүлэх, байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор өгөгдлийг нөөцөлнө.
12.3Өгөгдөл хариуцагч нь өгөгдлийн ангилал, ач холбогдол, эрсдэлийн түвшин, хадгалах хугацаа, ашиглах давтамж, сэргээх шаардлагыг харгалзан нөөцлөх давтамж, байршил, сэргээх хугацаа, хамгаалалтын горимыг тогтооно.
12.4Нөөцөлсөн өгөгдөлд үндсэн өгөгдөлтэй адил нууцлал, кибер аюулгүй байдал, хандалтын эрх, шифрлэлт, энэ хуулийн 6.5.2-т заасан бүртгэлийн шаардлага тавигдана.
12.5Өгөгдлийг дараах тохиолдолд устгана:
12.5.1өгөгдлийг хуульд заасан үндэслэл, журам зөрчиж үүсгэсэн, цуглуулсан, боловсруулсан, ашигласан болох нь тогтоогдсон, эсхүл хуульд заасан үндэслэлийн дагуу өгөгдлийн эзэн, өгөгдөл эзэмшигч хүсэлт гаргасан;
12.5.2хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ, эсхүл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өгөгдлийг устгахаар заасан;
12.5.3өгөгдөл хадгалах хугацаа, гэрээ, лиценз, зөвшөөрөл, ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсон;
12.5.4хуульд заасан бусад үндэслэл үүссэн.
12.6Өгөгдлийг устгахад түүнийг нөхөн сэргээх боломжгүй болгох техникийн нөхцөлийг хангаж, устгалын огноо, үндэслэл, аргачлал, хариуцсан этгээд, устгасан өгөгдлийн ангилал бүхий бүртгэл хөтөлнө.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ДАТА ТӨВ
13 дугаар зүйлДата төвийн үйлчилгээ эрхлэх, эрх зүйн баталгаа
13.1Монгол Улсад болон гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт дата төвийн үйлчилгээ эрхэлж болно.
13.2Гадаадын дата төвд байршуулсан гадаад этгээдийн өгөгдөл, мэдээлэл нь халдашгүй байх бөгөөд олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын эрх бүхий байгууллага тухайн дата төвийн өгөгдөлд нэвтрэх, физик болон цахим үзлэг хийх, хураан авах, үйл ажиллагааг нь зогсоохыг хориглоно.
13.3Энэ хуулийн 13.2-т заасан халдашгүй байдлын баталгаа нь төрлөөр устгах, хүн төрөлхтний аюулгүй байдлын эсрэг, терроризм, хүүхдийн эсрэг гэмт хэрэг болон олон улсын кибер гэмт хэрэгтэй тэмцэх конвенцод заасан үйлдэлд тухайн өгөгдлийг ашиглаж байгаа нь Монгол Улсын болон тухайн гадаад улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу урьдчилан тогтоогдсон тохиолдолд үйлчлэхгүй.
13.4Энэ хуулийн 13.2-т заасан өгөгдөлд хандах, мэдээлэл авах эсхүл эрх зүйн туслалцаа үзүүлэх харилцааг Монгол Улсын Олон улсын гэрээнд заасан нөхцөлийн дагуу зохион байгуулна.
13.5Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын дата төвд тусгай хамгаалалт, халдашгүй байдал, эрх зүйн бусад баталгааг тогтоох асуудлаар олон улсын эрх зүйн харилцааг зохицуулсан Монгол Улсын олон улсын гэрээг гуравдагч улстай байгуулна.
13.6Хөрш улсын нутаг дэвсгэрээр дамжих гадаадын дата төвийн транзит урсгалын халдашгүй байдлыг хангах зорилгоор хөрш орнуудтай тусгайлсан хэлэлцээ хийж, Монгол Улсын олон улсын гэрээ байгуулна.
13.7Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын дата төвийн сүлжээнд эрх бүхий байгууллагаас олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд хяналт, хязгаарлалт хийхгүй байна.
13.8Дата төвийн дамжуулах сүлжээний аюулгүй, найдвартай байдлыг хангах, техникийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор Монгол Улс нь олон улсын интернэтийн гарцыг газар зүйн болон техникийн хувьд бие даасан, хоорондоо хамааралгүй гурваас доошгүй байхаар зохион байгуулна.
13.9Монгол Улсын Засгийн газраас өгөгдлийн аюулгүй, тасралтгүй байдлыг хангах зорилгоор гадаад улсын нутаг дэвсгэр дэх дата төвд өгөгдөл байршуулах талаар Монгол Улсын олон улсын гэрээг гуравдагч улстай байгуулж болно.
13.10Үндэсний аюулгүй байдал, төрийн нууцад хамаарахаас бусад өгөгдлийн санг өгөгдлийн ангилал, кибер аюулгүй байдлын эрсдэлийн болон мэдээллийн аюулгүй байдлын аудитын үнэлгээнд үндэслэн Монгол Улсын нутаг дэвсгэрт байрших дотоодын болон гадаадын дата төв, мөн олон улсын стандартад нийцсэн үүлэн технологийн үйлчилгээ эрхлэгчийн дэд бүтцэд байршуулж болно.
13.11Дата төвийн үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгохтой холбоотой гадаадын этгээдийн хүсэлтийг шийдвэрлэх ажлыг нэг цонхны үйлчилгээгээр явуулна. Дата төв байгуулахтай холбоотой хүсэлтэд техник, эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгааг хавсаргасан байна.
13.12Монгол Улсад дата төвийн үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан гадаадын этгээдтэй үр ашгаас хуваалцах гэрээ байгуулах бөгөөд гэрээнд дараах нөхцөлийг тусгана:
13.12.1энэ хуулийн 13.2 болон 13.5-д заасан дата төвийн тусгай хамгаалалт, халдашгүй байдал баталгаажсан тохиолдолд халдашгүй байдлын баталгааны зохицуулалтын төлбөрийг тогтоосон хувь хэмжээгээр улсын төсөвт төвлөрүүлэх;
13.12.2Монгол Улсын харилцаа холбооны газрын дэд бүтцээс хамааралгүйгээр, нам орбитын болон бусад хиймэл дагуулын сүлжээ ашиглан өгөгдөл дамжуулах, экспортлох үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд сүлжээний орон зайн хараат бус байдлыг хангах тусгай үйлчилгээний төлбөрийг экспортлосон өгөгдлийн хэмжээнээс тооцож улсын төсөвт төвлөрүүлэх;
13.12.3сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан бие даасан эрчим хүчний эх үүсвэрийг бий болгон өөрийн дата төвийг хангаж байгаа бол эрчим хүчний хараат бус байдлын төлбөрийг үүсгэсэн эрчим хүчний хэмжээнээс тооцож улсын төсөвт төвлөрүүлэх;
13.12.4байгалийн нөөцийг ашиглан бие даасан эрчим хүчний эх үүсвэрийг бий болгон өөрийн дата төвийг хангаж байгаа бол эрчим хүчний хараат бус байдлын төлбөрийг үүсгэсэн эрчим хүчний хэмжээнээс тооцож болон нүүрстөрөгчийн ялгарлыг цэвэр дүнгээр тэг болгох хүртэлх хугацаанд хүлэмжийн хийн ялгаруулалтыг дүйцүүлэх төлбөрийг тус тус улсын төсөвт төвлөрүүлэх;
13.12.5Монгол Улсын төрийн байгууллага, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагад дата төвийн тооцоолон бодох, нөөцлөх, хадгалах төхөөрөмжийн тодорхой хувийг үнэ төлбөргүй ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;
13.12.6дотоодын эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөх, гадаад валютын цэвэр урсгалыг нэмэгдүүлэх;
13.12.7нарийн мэргэжлийн инженер, технологийн мэргэжилтнийг Монгол Улсад бэлтгэх, дотоодын ажлын байрыг тогтвортой нэмэгдүүлэх;
13.12.8дэвшилтэт технологи, ноу-хау дамжуулах.
13.13Энэ хуулийн 13.12.1, 13.12.2, 13.12.3, 13.12.4-т заасан өгөөжийн хувь хэмжээг тооцох аргачлалыг Засгийн газар батлах бөгөөд аргачлалд энэ хуулийн 13.12-т заасан төлбөрийг тооцож эхлэх хугацааг заасан байна.
13.14Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 32¹.1-д заасан төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 13.11-д заасан хүсэлтийг шийдвэрлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулах болон энэ хуулийн 13.12-т заасан гэрээг байгуулна.
13.15Гадаадын дата төв нь энэ хуулийн 13.12-т заасан гэрээг байгуулснаар холбогдох бусад хуулиар тогтоосон хөрөнгө оруулалт, татвар, дэд бүтэц болон үйл ажиллагааны эрх зүйн бусад тусгай баталгаа, хөнгөлөлтийг эдлэх эрх үүснэ.
14 дүгээр зүйлНогоон технологи, эрчим хүчний үр ашигтай дата төвд тавигдах шаардлага, дэмжлэг
14.1Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр байгуулагдах дата төв нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг нэвтрүүлэх стратеги төлөвлөгөөтэй байна.
14.2Энэ хуулийн 14.1-д заасан стратеги төлөвлөгөөнд дата төвийн цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээг нар, салхи, ус, газрын гүний дулаан зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах, нүүрстөрөгчийн ялгарлыг цэвэр дүнгээр тэг байлгах зохицуулалтыг тодорхой тусгана.
14.3Ногоон дата төвд тавигдах шаардлага, эрчим хүчний үр ашиг, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах технологи нэвтрүүлсэн эсэхийг дараах шалгуурыг харгалзан стандартын дагуу тогтооно:
14.3.1эрчим хүчний ашиглалтын үр ашгийн стандарт үзүүлэлтийг Засгийн газраас тогтоосон нормоос хэтрүүлэхгүй байх;
14.3.2энэ хуулийн 14.1-д заасан стратеги төлөвлөгөөг баталсан байх;
14.3.3цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хуваарилалт, нөөцлөлтийн системийг өөр дээрээ иж бүрэн шийдэх эрчим хүч хадгалах болон ухаалаг эрчим хүчний удирдлагын систем нэвтрүүлсэн байх;
14.3.4хөргөлтийн эрчим хүчний хэрэглээг бууруулах байгаль орчинд ээлтэй эко-хөргөлт, шингэн хөргөлт, эсхүл дулаан дахин ашиглах шийдлийг нэвтрүүлсэн байх;
14.3.5эрчим хүчний үр ашгийн үндэсний, эсхүл олон улсын стандарт, техникийн зохицуулалтыг хангасан байх;
14.3.6хүлэмжийн хийн ялгарлын тооцоо, тайлагнал болон түүнийг бууруулах, нөхөх төлөвлөгөөг баталсан байх.
14.4Ногоон дата төвийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор дараах хэлбэрийн зохицуулалтын болон дэд бүтэц, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ:
14.4.1дата төвийн дэргэдэх сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг эрчим хүчний түгээх сүлжээнд холбох, цахилгаан эрчим хүчний хангамжийн найдваржилтын нэгдүгээр зэрэглэлд хамруулах;
14.4.2хөрөнгө оруулалтын зардлыг нөхөх хугацаанд тухайн дата төвийн өөрийн үүсгэсэн сэргээгдэх эрчим хүчний илүүдэл урсгалыг төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд давуу эрхтэйгээр худалдан авах нөхцөлөөр хангах;
14.4.3ногоон зээлд хамрагдахад Засгийн газрын баталгаа гаргах, зээлийн нэн хөнгөлөлттэй нөхцөл бий болгох.
14.5Ногоон дата төвийг байгуулахад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээг, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн дагуу эрчим хүчний үр ашгийн үнэлгээг тус тус хийлгэсэн байна.
14.6Энэ хуулийн 14.4.1, 14.4.2-т заасан хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийг тухайн дата төвийн сэргээгдэх эрчим хүчний ашиглалт, эрчим хүчний үр ашгийн талаарх дүгнэлтийг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу эдлүүлнэ.
14.7Ногоон дата төвийн шаардлагыг үнэлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах технологийг баталгаажуулах, энэ хуулийн 14.6-д заасан хамтарсан дүгнэлтийг гаргах нөхцөл, журмыг байгаль орчин, уур амьсгалын болон эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
14.8Дата төвийн үйлчилгээ эрхлэгч нь байгалийн нөөцийг түшиглэн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол нүүрстөрөгчийн ялгарлыг цэвэр дүнгээр тэг болгох хүртэлх хугацаанд хүлэмжийн хийн ялгаруулалтыг дүйцүүлж бууруулах төлбөрийг энэ хуулийн 13.13-т заасныг баримтлан улсын төсөвт төвлөрүүлнэ.
15 дугаар зүйлЧөлөөт бүсэд дата төвийн үйлчилгээ эрхлэгчид үзүүлэх зохион байгуулалтын дэмжлэг
15.1Чөлөөт бүсийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөт бүсэд дата төвийн үйлчилгээ эрхлэх хөрөнгө оруулагчид дараах зохион байгуулалтын дэмжлэгийг үзүүлнэ:
15.1.1дата төвийн төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах төрийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл, дүгнэлт, бүртгэлийг цахим нэг цонхны зарчмаар шуурхай шийдвэрлэх;
15.1.2дата төвийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах цахилгаан эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, эрчим хүчний хуримтлуур, холболтын техникийн нөхцөл болон диспетчерийн зохицуулалтыг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэрлэх;
15.1.3дата төвийн харилцаа холбооны сүлжээ байгуулах, дотоод болон олон улсын транзит урсгалын холболт хийх, сүлжээнүүдийн харилцан холболтыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос шийдвэрлэх;
15.1.4дата төвийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгааны хүрээнд газар, ус хангамж, хөргөлтийн систем болон инженерийн бусад дэд бүтцийг цогцоор шийдвэрлэхэд тухайн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас дэмжлэг үзүүлэх.
15.2Энэ хуулийн 15.1.1-д заасан цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалтын журмыг Засгийн газар батална.
16 дугаар зүйлӨгөгдлийн урсгал, сүлжээний дэд бүтцийн зохицуулалт
16.1Нам болон дунд тойрог замын хиймэл дагуулын сүлжээ ашиглан өгөгдөл дамжуулах, экспортлох үйлчилгээ эрхлэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт байршилтай газрын станцыг ашиглана. Газрын станцыг ижил төрлийн үйлчилгээ эрхлэгчид дундаа ашиглаж болно.
16.2Өгөгдлийн дэд бүтцийн холболт, хил дамнасан өгөгдөл солилцох, дамжуулах шинэ технологийг хязгаарлагдмал хүрээнд турших, нэвтрүүлэх зорилгоор зохицуулалтын туршилтын орчин /сэндбокс/-ыг бий болгох бөгөөд түүнийг ажиллуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батална.
16.3Энэ хуулийн 7.5-д заасан нээлттэй ангиллын өгөгдлийн хил дамнасан урсгалд урьдчилсан зөвшөөрлийн дэглэм тогтоохгүй бөгөөд шифрлэлт, гэрээний нөхцөл, баталгаажсан дэд бүтцэд суурилсан эрсдэлийн үнэлгээгээр зохицуулна.
16.4Хязгаарлалттай болон нөхцөлт хандалттай өгөгдлийн үндсэн хуулбарыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, хадгалах бөгөөд нөөц хуулбар, гамшгаас хамгаалах, сэргээх зориулалтаар аюулгүй байдлын шаардлагыг хангасны үндсэн дээр олон улсын гэрээнд заасны дагуу гадаад улсад байршуулж болно.
ТАВДУГААР БҮЛЭГ
ӨГӨГДЛИЙН ЗАСАГЛАЛЫН ТОГТОЛЦОО
17 дугаар зүйлЗасгийн газрын бүрэн эрх
17.1Өгөгдлийн засаглалын талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1өгөгдлийн засаглал, хөгжлийн талаарх төрийн нэгдсэн бодлогын хэрэгжилтийг хангаж, төрийн их өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлэх стратеги, хөтөлбөрийг батлах;
17.1.2дата төвийн үйл ажиллагаанд байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг нэвтрүүлэх стратеги, хөтөлбөрийг батлах;
17.1.3төрийн их өгөгдлийн дэд бүтцийг бүрдүүлэх, техникийн хүчин чадлыг өргөтгөхөд шаардагдах хөрөнгө, төсвийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлэх;
17.1.4ногоон дата төвийн үйлчилгээ эрхлэх этгээдэд Засгийн газрын баталгаа гаргах, ногоон зээлийн нэн хөнгөлөлттэй нөхцөл бий болгох.
18 дугаар зүйлЦахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
18.1Өгөгдлийн засаглалын талаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1өгөгдлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг салбарын хэмжээнд зохион байгуулах, энэ хуулийн 17.1.1, 17.1.2-т заасан стратеги, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах, хэрэгжилтийг хангах;
18.1.2төрийн их өгөгдлийн нэгдсэн каталог хөтлөх;
18.1.3мета өгөгдлийн бүртгэл, мэдээллийн сангийн нэгдсэн ангилал, код, стандартыг боловсруулах;
18.1.4төрийн их өгөгдлийн дэд бүтцэд нийлүүлэх өгөгдлийн чанарын шалгуур үзүүлэлтийг өгөгдлийн үнэн зөв, бүрэн бүтэн, шинэчлэгдсэн байдлыг харгалзан боловсруулж, энэ хуулийн 20-д заасан байгууллагатай хамтран батлах;
18.1.5өгөгдөл зуучлалын үйлчилгээ эрхлэгчийн бүртгэл хөтлөх;
18.1.6төрийн их өгөгдлийн чанар, хүртээмжийн байдалд мэргэжлийн хараат бус байгууллагаар жил бүр батлагдсан арга, аргачлалын дагуу хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, үнэлгээний тайланг Засгийн газар, Их өгөгдлийн үндэсний зөвлөлд танилцуулах;
18.1.7нээлттэй өгөгдөл бий болгох талаар өгөгдөл хариуцагч, мэдээлэл хариуцагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
18.1.8төрийн байгууллага хооронд, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд хооронд үүссэн өгөгдөл солилцох, ашиглахтай холбоотой гомдол, маргааныг хүлээн авах, шийдвэрлэх, шаардлагатай бол харьяалах бусад байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх;
18.1.9Ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөний тухай хуулийн 21.4.1-д заасан Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн боловсролын диплом, гэрчилгээтэй дүйцүүлэн тооцох гэрчилгээний жагсаалтыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;
18.1.10өгөгдөл солилцооны явцад өгөгдлийн найдвартай байдал, өгөгдлийн ёс зүй, арга зүйн шаардлагыг хангах чиглэлээр өгөгдөл хариуцагчийг зөвлөмжөөр хангах.
19 дүгээр зүйлҮндэсний өгөгдлийн зөвлөл
19.1Өгөгдлийн салбар дундын бодлогын уялдааг хангах, үндэсний өгөгдлийн засаглалын стратегийн удирдлага, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний өгөгдлийн зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд ажиллана.
19.2Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
19.2.1өгөгдлийн засаглалын талаарх салбарын стратеги, арга хэмжээний хэрэгжилтийн явцад үнэлгээ хийх, Засгийн газарт санал, зөвлөмж хүргүүлэх;
19.2.2өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр зөвлөмж гаргах.
19.3Зөвлөл нь хүний эрх, цахим хөгжил, кибер аюулгүй байдал, статистик, мэдээллийн технологи, харилцаа холбоо, эрдэм шинжилгээ, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.
19.4Зөвлөлийг Ерөнхий сайд, түүний эзгүйд цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн даргалах бөгөөд Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална. Зөвлөлийн Ажлын албаны чиг үүргийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.
20 дугаар зүйлҮндэсний өгөгдөл эрхлэгч байгууллагын чиг үүрэг
20.1Үндэсний өгөгдөл эрхлэгч байгууллагын чиг үүрэг (цаашид “Өгөгдөл эрхлэгч” гэх)-ийг Үндэсний статистикийн хороо хэрэгжүүлнэ.
20.2Өгөгдөл эрхлэгч нь өгөгдлийн засаглалын талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
20.2.1мета өгөгдлийн бүрдүүлэлт, хэрэгжилтэд хяналт тавих, арга зүйн зөвлөмж өгөх;
20.2.2өгөгдлийн ангиллыг үндэсний хэмжээнд мөрдүүлж, хэрэгжилтийг хангуулах;
20.2.3төрийн байгууллага, хуулийн этгээдийн их өгөгдлийн чанар, стандартын хэрэгжилтэд энэ хуулийн 18.1.4-т заасны дагуу хамтран баталсан нэгдмэл шалгуурыг үндэслэн үнэлгээ өгөх;
20.2.4өгөгдөл хариуцагч, үйлчилгээ үзүүлэгчид өгөгдлийн засаглал, аюулгүй байдлын стандарт хангасныг гэрчилсэн мэдээллийн итгэлцлийн гэрчилгээ олгох, баталгаажуулах журмыг баталж, хэрэгжүүлэх;
20.2.5төрийн өгөгдлийн ашиглалт, чанарын төлөв байдлын нэгдсэн тайланг жил бүр гаргаж, Засгийн газар болон Үндэсний өгөгдлийн зөвлөлд хүргүүлэх, Улсын Их Хуралд танилцуулах.
21 дүгээр зүйлҮндэсний дата төвийн чиг үүрэг
21.1Төрийн их өгөгдлийн дэд бүтцийн тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, өгөгдөл хадгалах, нөөцлөх, боловсруулах чиг үүрэг бүхий өгөгдлийн дэд бүтцийг хариуцагч байгууллага Үндэсний дата төв байна.
21.2Үндэсний дата төв өгөгдлийн харилцаанд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
21.2.1төрийн их өгөгдөл, их өгөгдлийн дэд бүтцийн техникийн тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагааг хариуцах;
21.2.2төрийн их өгөгдлийг энэ хуулийн 7.1-д заасны дагуу цуглуулах, төрийн шийдвэр гаргалтад зориулж өгөгдлийн дүн шинжилгээ хийх техникийн болон системийн бэлэн байдлыг хангах;
21.2.3төрийн их өгөгдлийг дамжуулах, солилцоход шифрлэлт, цахим гарын үсэг, хандалтын хяналтын дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлэх;
21.2.4төрийн их өгөгдөлд хандсан үйлдлийн түүх, дамжуулалтын үйл ажиллагааны бүртгэлийг хууль тогтоомжид заасан хугацаанд өөрчлөх боломжгүйгээр хадгалах, хамгаалах;
21.2.5төрийн байгууллагын өгөгдлийн бүртгэл, мета өгөгдөл, чанар, солилцоо болон аюулгүй байдлын стандартын хэрэгжилтийг эрх бүхий байгууллагын шаардлагаар техникийн түвшинд шалгах, төрийн захиргааны төв байгууллагаас явуулах өгөгдлийн засаглалын үнэлгээнд техникийн дэмжлэг үзүүлэх, дүгнэлт гаргах;
21.2.6энэ хуулийн 20.2.2-т заасан өгөгдлийн чанарын аудит хийх болон эрх бүхий байгууллагаас хуульд заасан үндэслэлээр шаардсан системийн лог, хандалтын бүртгэл, дамжуулалтын болон техникийн мэдээллийг мэдээллийн аюулгүй байдлын горимын дагуу гаргаж өгөх;
21.2.7төрийн их өгөгдлийг энэ хуулийн 12.2-т заасны дагуу тогтмол нөөцлөх, системийн доголдлын үед өгөгдлийг бүрэн сэргээх техникийн бэлэн байдлыг хангах.
21.3Үндэсний дата төв нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.1-д заасан мэдээллийн сангийн анхдагч өгөгдлийг давхардуулан төвлөрүүлэхгүй бөгөөд өгөгдөл солилцооны давхарга, нөөцлөлт, аюулгүй байдлын дэд бүтцийг хариуцна.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
МАРГААН ШИЙДВЭРЛЭХ, ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
22 дугаар зүйлМаргаан шийдвэрлэх
22.1Энэ хуулийн 11.14, 18.1.8-д заасан байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана.
22.2Өгөгдлийг өмчлөх, захиран зарцуулах эрх бүхий талуудын хооронд байгуулсан гэрээнээс үүссэн арилжааны шинжтэй маргааныг талууд харилцан тохиролцсон бол Арбитрын тухай хуульд заасны дагуу арбитраар шийдвэрлүүлж болно. Нийтийн эрх зүйн болон төрийн их өгөгдөлтэй холбоотой маргаанд энэ хэсэг хамаарахгүй.
23 дугаар зүйлХуулиар хориглох үйл ажиллагаа
23.1Өгөгдлийн харилцаанд дараах үйл ажиллагааг хориглоно:
23.1.1боловсруулсан, ашигласан өгөгдлийг бусад эх сурвалжтай нэгтгэж хүн, хуулийн этгээдийг дахин тодорхойлох, нууцад хамаарах мэдээллийг сэргээх;
23.1.2гадаад улсын болон гадаадын хөрөнгө оруулалттай дата төвд үндэсний аюулгүй байдал, төрийн нууцад хамаарах өгөгдлийг байршуулах;
23.1.3дата төвийн үйлчилгээ үзүүлэгч нь хадгалж байгаа өгөгдөлд зөвшөөрөлгүйгээр хандах, хуулбарлах, өөрчлөх, устгах, гуравдагч этгээдэд дамжуулах, эсхүл гэрээ, лицензийн нөхцөлд зааснаас өөр зорилгоор ашиглах.
24 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
24.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын хариуцлага хүлээлгэнэ.
24.2Энэ хуулийг зөрчсөн үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
25 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
25.1Энэ хуулийг 2027 оны …. дүгээр сарын ….-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(2.Үзэл баримтлал.pdf)