Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2023 ОНЫ 10-Р САРЫН 12 ӨДӨР
УЛААНБААТАР

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1.Энэ хуулийн зорилго нь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгох, хүүхэд хамгаалалд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх замаар хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хамгаалуулах эрх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад оршино.
1.2 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомж
1.Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3.Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар тогтоосон хуулийн хэм хэмжээ зөрчилдвөл хүүхдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ.
1.3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр түр болон байнга оршин сууж байгаа хүүхэд Монгол Улсын харьяат эсэхээс үл хамааран энэ хуулийн үйлчлэлд хамаарна.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд Монгол Улсын хилийн гадна байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд энэ хууль үйлчилнэ.
3.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд 18-аас 21 хүртэл насны хүнд энэ хуульд заасан тусламж, үйлчилгээг үзүүлж болно.
4.Үндэсний хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үед хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах талаар Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулаагүй бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
1.4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
1.1.“хүүхдийн сайн сайхан байдал” гэж хүүхдийн бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаа, нийгэмшил, танин мэдэхүй, боловсрол, эдийн засгийн хэрэгцээ шаардлага хангагдсан, хүүхдийн хөгжлийг дэмжсэн орчин нөхцөлийг;
1.2.“хүүхэд хамгаалал” гэж нийгмийн бүх орчинд хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийг хүчирхийлэл, мөлжлөгт өртөхөөс хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн энэ хуульд заасан зарчмыг баримталсан цогц бодлого, үйл ажиллагаа, үйлчилгээг;
1.3.“хүүхдийн эсрэг хүчирхийлэл” /цаашид “хүчирхийлэл” гэх/ гэж хүүхдийн хэвийн өсөлт, хөгжил, эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц үл хайхрах, сэтгэл санаа, бие махбод, бэлгийн дарамт, хүчирхийллийн үйлдэл, эс үйлдэхүйг;
1.4.“эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэж дараах хүүхдийг ойлгоно:
1.4.а.амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин алдагдсан хүүхэд;
1.4.б.хүчирхийлэлд өртсөн эсхүл өртөх нөхцөлд байгаа хүүхэд;
1.4.в.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хүүхэд;
1.4.г.гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхэд.
1.5.“хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхэд” гэж дараах хүүхдийг ойлгоно:
1.5.а.гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, гэрч хүүхэд:
1.5.б.өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч;
1.5.в.зөрчилд холбогдогч хүүхэд;
1.5.г.зөрчил үйлдэж шийтгэгдсэн, эрүүгийн хариуцлага хүлээсэн, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхэд;
1.5.д.иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа хүүхэд.
1.6.“гэмт хэрэг, зөрчлийн хохирогч хүүхэд” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирогчоор тогтоосон эсэхээс үл шалтгаалан гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсон хүүхдийг;
1.7.“үе тэнгийн дээрэлхэлт” гэж нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг буюу хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэхийг;
1.8.“хүүхэд хамгааллын үйлчилгээ” гэж хүүхэд хамгааллын тогтолцооны оролцогч талуудаас хүүхдийн хамгаалуулах эрхийг хангах зорилгоор үзүүлж байгаа шуурхай тусламжийн, хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх хэлбэрээр үзүүлж байгаа үйлчилгээг;
1.9.“хүүхдийн эрхийн хууль зүйн хороо” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй, орон нутгийн олон талт орон тооны бус нэгжийг;
1.10.“хамтарсан баг” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг;
1.11.“асралт гэр бүл” гэж энэ хуульд заасан үндэслэлээр гэр бүлээсээ тусгаарлагдсан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг тодорхой хугацаанд асран халамжилж байгаа хүүхдийн эцэг, эх болон хүүхдийн эцэг, эхтэй гэрлэсэн хүн ороогүй, түүнчлэн хүүхдийн төрөл, садны биш гэр бүлийг;
1.12.“кейс менежмент” гэж хүүхэд, гэр бүлд чиглэсэн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг тодорхой үе шатаар хүргэх, зохицуулах, хяналт тавих мэргэжлийн үйл ажиллагааг;
1.13.“хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлага” гэж хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж буй нийгмийн ажлын мэргэжилтнийг онол, арга зүйн хувьд удирдан чиглүүлэх, дэмжих, зөвлөн туслах, хөгжүүлэх үйл ажиллагааг.
2.Энэ хуульд заасан нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.
1.5 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын зарчим
1.Хүүхэд хамгаалалд дараах зарчмыг баримтална:
1.1.хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих;
1.2.хүүхдийн үзэл бодол, саналаа илэрхийлэх эрх, оролцоог хангах;
1.3.хүүхэд хамгаалал нь тогтолцоонд суурилсан, гэр бүл төвтэй, олон талт, цогц, мэргэшсэн, дагнасан, шуурхай, хүртээмжтэй, үр дүнтэй байх;
1.4.хүүхдийг гэр бүлээс нь тусгаарласан тохиолдолд нэн тэргүүнд төрөл, садны гэр бүлийн асрамжид байлгахыг эрмэлзэх, хүүхдийг аль болох ах, эгч, дүүтэй нь хамт байлгах;
1.5.хүүхдээ хамгаалах чадвартай, хүсэл эрмэлзэлтэй эцэг, эхгүй бол төр хүүхдийг хамгаалах;
1.6.төр хүүхдийг хамгаалахдаа хүүхдийн аюулгүй, сайн сайхан байдлыг хангах зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон арга хэмжээ авах;
1.7.хүүхдийн нөхцөл байдал, ялгаатай онцлогийг хүлээн зөвшөөрөх, хүүхдийн нэр төрийг хүндэтгэх.
2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэдтэй шууд харьцаж ажилладаг болон бусад хүнд хүүхдийг хүмүүжүүлэх, хүүхдэд зааж сургахдаа бие махбодын шийтгэл хэрэглэх, гутаан доромжлохыг хориглоно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦОО, УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1 дүгээр зүйл.Хүүхэд хамгааллын тогтолцоо
1.Хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо нь хууль тогтоомж, хүүхэд хамгааллын байгууллага, мэргэшсэн хүний нөөц, хүүхэд хамгааллын үйлчилгээ, хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн сан, хяналт-шинжилгээ, үнэлгээ, төсөв, санхүү бүхий олон талт, цогц хамтын ажиллагаанаас бүрдэнэ.
2.Хүүхэд хамгааллын талаар Монгол Улсын хууль тогтоомжид тусгайлан заасан тохиолдолд тухайн үйлчилгээ, үйл ажиллагаа, арга хэмжээ нь хүүхэд хамгааллын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болно.
3.Төрийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд хүүхэд хамгааллыг дэмжих, хэрэгжүүлэх үүрэгтэй.
4.Ажил олгогч, хуулийн этгээд нь дотооддоо хэрэгжүүлэх байгууллагын хүүхэд хамгааллын бодлогыг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллана. Тайлбар: - Энэ хуульд заасан “хүүхэд хамгааллын бодлого” гэж тухайн хуулийн этгээдийн ажилтны болон үйлчлүүлж байгаа хүүхдийг эрсдэлт нөхцөлд орох, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх зорилго, зорилт, ажилтны мөрдөх ёс зүйн хэмжээг тодорхойлсон тухайн байгууллага, хуулийн этгээдээс баталсан баримт бичгийг ойлгоно.
2.2 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын удирдлага, зохион байгуулалт
1.Хүүхэд хамгааллын удирдлага, зохион байгуулалт нь Засгийн газар, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан багаас бүрдэнэ.
2.Монгол Улсад хүүхдийг хамгаалах үйл ажиллагаанд хүн, хувийн эрх зүйн хуулийн этгээдийг энэ хуульд заасны дагуу оролцуулж болно.
2.3 дугаар зүйл.Засгийн газрын чиг үүрэг
1.Засгийн газар нь хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн биелэлтийг хангах, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт хүүхдийн эрх, сайн сайхан байдлыг хангах талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээг тусгах, хүүхэд хамгааллыг тогтвортой санхүүжилтээр хангах үүрэгтэй.
2.4 дүгээр зүйл.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүүхэд хамгааллын асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1.1.хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
1.2.хүүхэд хамгааллын чиглэлээр олон улсын болон гадаад улсын байгууллагатай хамтран ажиллах;
1.3.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд болон хүүхэд хамгааллын үйлчилгээний талаарх дундын мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах журмыг батлах;
1.4.хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журмыг батлах;
1.5.хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх хөтөлбөр, журмыг батлах;
1.6.хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагчид зориулсан сургалтын хөтөлбөр, журмыг батлах;
1.7.хуульд заасан бусад чиг үүрэг.
2.5 дугаар зүйл.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хүүхэд хамгааллын асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1.1.хүүхэд хамгааллын талаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын өмнө жил бүр хариуцан тайлагнах;
1.2.хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх арга хэмжээг авах, мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний үндсэн дээр тухайн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах;
1.3.хүүхэд хамгааллын үйлчилгээний төсөв, санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлэх, зарцуулалтад хяналт тавих;
1.4.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан баг, хүүхэд харагч, өдөр өнжүүлэх төв, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
1.5.хүүхэд хамгааллын мэдээллийн нэгдсэн сан, хүүхэд хамгааллын цахим хувийн хэргийн санг хөгжүүлэх, ашиглах;
1.6.хууль сахиулах байгууллага, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн талаар мэдээллийн сан бүрдүүлж, хөгжүүлэх;
1.7.хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, үнэлэх, дүгнэх;
1.8.хүүхэд хамгааллын тогтолцоонд оролцогч талуудын салбар дундын хамтын ажиллагааг удирдан зохион байгуулах, уялдааг хангах;
1.9.хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх ажлыг холбогдох байгууллага, их, дээд сургуультай хамтран зохион байгуулах;
1.10.хуулийн этгээд, төрийн байгууллага, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын албан хаагч, ажилтнуудыг хүүхэд хамгааллын чиглэлээр сургаж, мэргэшүүлэх талаар тухайн байгууллагатай хамтран ажиллах;
1.11.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй харилцах талаар хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, хууль сахиулах байгууллагын албан хаагчийг давтан сургах, мэргэшүүлэх ажлыг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулах;
1.12.хуулийн этгээд нь хүүхэд хамгааллын бодлого баталж, хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
1.13.хүүхэд хамгааллын талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил зохион байгуулах;
1.14.хүүхэд хамгаалалд хүн, хуулийн этгээд хүн, гэр бүл, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг дэмжих;
1.15. барилга байгууламж, авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд хүүхдийн эрхийн улсын байцаагч эсхүл хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн төлөөллийг оруулах асуудлыг эрх бүхийн этгээдэд тавьж шийдвэрлүүлэх;
1.16.хуульд заасан бусад чиг үүрэг.
2.6 дугаар зүйл.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагын чиг үүрэг
1.Аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага нь харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхэд хамгааллын асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1.1.хүүхэд хамгааллын талаарх судалгаа, тайланд үндэслэн цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг эрэмбэлэн тодорхойлох;
1.2.хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх;
1.3.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тандалт, судалгаа явуулах, бүртгэх ажлыг орон нутгийн цагдаагийн байгууллага болон бусад холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
1.4.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн тоо болон хүүхэд хамгааллын үйлчилгээний талаарх дундын мэдээллийн санд үндэслэн хүүхэд хамгааллын үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлэх;
1.5.хамтарсан багт дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхэд хамгааллын үйлчилгээний тодорхой чиглэл буюу нийгмийн ажлын үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, бага насны болон хохирогч хүүхэдтэй ажиллах зэрэг мэргэшсэн дэмжих багийг байгуулах;
1.6.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, түүний гэр бүлд үзүүлсэн хүүхэд хамгааллын үйлчилгээний талаар нэгдсэн бүртгэл, судалгаа хөтөлж, мэдээллийн санд оруулах;
1.7.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд тусламж, дэмжлэг үзүүлэх талаар хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;
1.8.магадлан итгэмжлэгдсэн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажиллах;
1.9.гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, хамгаалах талаар шаардлагатай зөвлөгөө, сургалт, тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;
1.10.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг сайн дурын болон хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр албадан сургалтад хамруулах ажлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран зохион байгуулах;
1.11.төрийн байгууллага, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага, бусад хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдыг хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр сургах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах;
1.12.хуульд заасан бусад чиг үүрэг.
2.Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага нь дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагыг чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн удирдлага, дэмжлэгээр хангаж ажиллана.
3.Аймаг, нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын даргыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.
4.Дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын даргыг нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын дарга хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.
2.7 дугаар зүйл.Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан
1.Нийгмийн ажилтны мэргэжлээр дээд боловсролтой, нийгмийн ажлаар мэргэшүүлэх сургалтад хамрагдаж нийгмийн ажлын үйлчилгээ явуулах эрх авсан хүнийг хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар ажиллуулна.
2.Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан доор дурдсан үүрэг хүлээнэ:
2.1.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, мэдээлэл хүлээн авах, бүртгэх, нягтлан шалгах;
2.2.шуурхай тусламжийн үйлчилгээний хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;
2.3.эрсдэлийн болон нөхцөл байдлын үнэлгээ хийх, эдгээрт үндэслэн хүүхэд хамгааллын үйлчилгээг төлөвлөх, хүргэх, үнэлэх, хаах, эргэн хянах;
2.4.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, түүний гэр бүлд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэхэд кейс менежмент хийх;
2.5.хүүхэд хамгааллын кейс бүрд хүүхэд хамгааллын үйлчилгээний үйл явцыг холбогдох журам, зааврын дагуу бүртгэх, баримтжуулах, архивлах, мэдээллийн санд оруулах;
2.6.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, түүний гэр бүлд үзүүлсэн хүүхэд хамгааллын үйлчилгээний талаарх тайлан, мэдээллийг харьяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагад тухай бүр хүргүүлэх;
2.7.хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах;
2.8.хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсон байж болзошгүй нөхцөл байдлын талаар харьяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагад нэн даруй мэдэгдэх;
2.9.нийгмийн ажлын үйлчилгээний стандартыг дагаж мөрдөх.
3.Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан доор дурдсан эрх эдэлнэ:
3.1.хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн талаар, түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хүүхдийг төлөөлөн холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх;
3.2.хүүхэд хамгааллын асуудлаар хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад хүн, хуулийн этгээд, олон нийтэд чиглэсэн нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх, сургалт, зөвлөгөө өгөх, шаардлага тавих;
3.3.мэргэжлийн ёс зүй, үүрэгт нь болон үйлчлүүлэгчид харш үйлдэл гүйцэтгэхээс татгалзах;
3.4.хүүхэд хамгааллын үйлчилгээтэй холбоотойгоор мэдээ, мэдээлэл, баримт бичгийг холбогдох этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах;
3.5.хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах нөхцөл үүсэхээр бол хууль сахиулагчийн туслалцааг авах
4.Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ёс зүйн дүрэмтэй байх ба уг дүрмийг мэргэжлийн холбоодтой зөвшилцөн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
5.Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд нийгмийн ажлын үйлчилгээ явуулах эрх, мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.Тухайн нэгжийн нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, гэр бүл, хүүхдийн тоо, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт зэргийг үндэслэн сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог тогтоох шалгуур үзүүлэлт, аргачлалыг Засгийн газар батална.
7.Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн санал болгосноор Засгийн газар батална.
8.Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын дарга хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.
2.8 дугаар зүйл.Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөлийн чиг үүрэг
1.Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл нь хүүхэд хамгааллын асуудлаар Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл жил бүрийн 3 дугаар улиралд багтаан хүүхэд хамгааллын талаар хийсэн ажлын тайланг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн байгууллагад чиглэл, нутгийн өөрөө удирдах байгууллага, холбогдох бусад хуулийн этгээдэд зөвлөмж өгч, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах эрх бүхий оролцогч талуудад санал оруулна.
2.9 дүгээр зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг
1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүүхэд хамгааллын асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
1.1.аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичиг, хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн эрх, сайн сайхан байдлыг хангах үйл ажиллагаа, арга хэмжээг тусгаж, биелэлтэд нь хяналт тавих;
1.2.хүүхэд хамгааллын санхүүжилт, хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажил, үйлчилгээний зардлыг орон нутгийн төсөвт жил бүр тусгайлан тусгаж батлах;
1.3.жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан тухайн шатны хүүхдийн төлөө зөвлөлийн тайлан, Засаг даргын саналыг хэлэлцэж, чиглэл өгөх;
1.4.хуульд заасан бусад чиг үүрэг.
2.10 дугаар зүйл.Бүх шатны Засаг даргын чиг үүрэг
1.Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хүүхэд хамгааллын асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1.1.хүүхэд хамгааллын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах;
1.2.тухайн шатны жилийн төсвийн төсөлд хүүхэд хамгааллын санхүүжилтийг тусгах;
1.3.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь тусламж, дэмжлэг үзүүлэх;
1.4.хуульд заасан бусад чиг үүрэг.
2.Сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хүүхэд хамгааллын асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.хүүхэд хамгааллын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, дээд шатны Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах;
2.2.хүүхэд хамгааллын үйлчилгээнд хууль тогтоомж, стандартыг сахин мөрдөж байгаа эсэхэд харьяалал, өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр хяналт тавих;
2.3.тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан хүүхэд хамгааллын үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлэх ажлыг зохион байгуулах;
2.4.хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг ажиллах нөхцөл, боломжоор хангах;
2.5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар хамтарсан багийг ахлах;
2.6.хуульд заасан бусад чиг үүрэг.
3.Баг, хорооны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хүүхэд хамгааллын асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, бүртгэх ажлыг хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай хамтран хэрэгжүүлэх;
3.2.хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдалд тандалт судалгаа хийж, шаардлагатай асуудлыг дээд шатны Засаг дарга, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
3.3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар хамтарсан багийг ахлах;
3.4.хуульд заасан бусад чиг үүрэг.
I дэд бүлэг
Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан баг
2.11 дүгээр зүйл.Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо
1.Аймаг, дүүргийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий хүүхдийн эрхийн хууль зүйн хороо /цаашид “хууль зүйн хороо” гэх/-г тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн байгуулна.
2.Хууль зүйн хорооны бүрэлдэхүүн нь хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагын; нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын албаны; боловсролын; эрүүл мэндийн; хөдөлмөр, халамжийн үйлчилгээний; Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны; Засаг даргын ажлын албаны хууль, эрх зүйн асуудал асуудал хариуцсан нэгжийн; цагдаагийн; шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын; прокурорын газрын; шүүхийн тамгын газрын удирдах албан тушаалтнуудаас бүрдэнэ.
3.Хууль зүйн хорооны бүрэлдэхүүнд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, олон улсын байгууллагын төлөөлөл, хүн болон хуульч, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллагын тухайн орон нутаг дахь салбар, нэгжийн төлөөллийг оруулж болно.
4.Хууль зүйн хороог шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгж, сум буюу сум дундын прокурорын газар болон шүүх ажиллаж байгаа сумдад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрснөөр сумын Засаг дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн байгуулж болно.
5.Энэ зүйлийн 2-т заасан нэгж аймаг, дүүрэг, суманд байхгүй бол тухайн асуудлыг хариуцсан албан хаагчийг хууль зүйн хорооны бүрэлдэхүүнд оруулна.
6.Хууль зүйн хорооны даргын үүргийг Засаг дарга эсхүл түүний даалгаснаар Засаг даргын орлогч гүйцэтгэнэ.
7.Хууль зүйн хорооны гишүүн нь өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хууль зүйн хороо, түүний Ажлын албыг мэдээллээр хангах, хууль зүйн хорооноос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг харьяа байгууллагын хэмжээнд хариуцан гүйцэтгэх үүрэгтэй.
8.Хууль зүйн хорооны гишүүн хууль зүйн хороонд хандсан, үйлчилгээ авсан хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгчийн талаарх хүний хувийн болон эмзэг мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.
9.Хууль зүйн хороо нь Ажлын албатай байх ба уг Ажлын албаны чиг үүргийг аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага гүйцэтгэнэ.
10.Хууль зүйн хорооны нарийн бичгийн даргын үүргийг Ажлын албаны дарга гүйцэтгэнэ.
2.12 дугаар зүйл.Хууль зүйн хорооны чиг үүрэг
1.Хууль зүйн хороо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд дараах үйлчилгээг үзүүлэхээр шийдвэр гаргаж, биелэлтийг хангаж ажиллана:
1.1.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд үзүүлэх үйлчилгээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
1.2.шаардлагатай тохиолдолд хүчирхийлэл үйлдсэн этгээдийг тогтоох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс өмнө бага насны хүүхдийн мэдүүлгийг дуу, дуу-дүрсний бичлэгээр урьдчилан баталгаажуулж авах ажлыг зохион байгуулах;
1.3.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхэд эцэг, эх, гэр бүлийн гишүүд болон бусад этгээдийн дарамт, шахалтад өртөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүүхэд өөрөө бие даан шийдвэр гаргах, саналаа хэлэх нөхцөлийг хангах;
1.4.эцэг, эх, гэр бүлийн гишүүд, үе тэнгийнхэн, сургууль, хамт олонд нь зөвлөгөө өгөх, тогтмол хугацаанд уулзалт, ярилцлага зохион байгуулж, үр дүнг тооцох;
1.5.хүүхдийг хорт зуршлаас ангижрах эмчилгээ, зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулах;
1.6.өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, зөрчилд холбогдогчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны сөрөг нөлөөллөөс хөндийрүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, эрх бүхий албан тушаалтантай хамтран ажиллах, хүүхдэд батлан даагч томилуулахаар санал гаргах;
1.7.гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, гэрч хүүхдээс болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас бусад тохиолдолд өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, холбогдогчоос тайлбар, мэдүүлэг авах ажиллагааг хүүхдийн байгаа газарт нь зохион байгуулах арга хэмжээг авах;
1.8.хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдэд олгох сургалт, хүмүүжлийн хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
1.9.хорих ялаар шийтгүүлсэн хүүхдийг сурч боловсрох эрхээ эдлэхэд шаардлагатай орчин, нөхцөлөөр хангах ажлыг зохион байгуулах;
1.10.хорих ялаар шийтгүүлсэн хүүхдийг хугацаанаас өмнө нь суллуулах асуудлаар хорих байгууллага, прокурорт санал гаргах, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүүхдэд хяналтын хугацаанд үүрэг хүлээлгэсэн тохиолдолд уг үүргийг биелүүлэхэд зөвлөгөө өгөх, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
1.11.тогтоолын биелэлтийг хойшлуулсан, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдэд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг биелүүлэхэд зөвлөгөө өгөх, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
1.12.хорих ял, баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эцэг, эх, харгалзан дэмжигчгүй хүүхдийг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага, баривчлах байр, цагдан хорих төвөөс суллагдсан үед нь хүлээн авч, хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулах зохих байгууллагад шилжүүлэх;
1.13.өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, зөрчилд холбогдогч, эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэл хүлээсэн хүүхдийг хөгжүүлэх сургалт, хөтөлбөрт хамруулах;
1.14.сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхэд, түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийг ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулах;
1.15.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй хүүхдэд хууль зүйн болон хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалах;
2.Хууль зүйн хороо нь үйл ажиллагааныхаа жилийн төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд гарах зардлын төсвийг боловсруулж тухайн шатны Хүүхдийн төлөө зөвлөлөөр батлуулна.
3.Хууль зүйн хорооны шийдвэр, үзүүлсэн үйлчилгээний мэдээллийн санг бүрдүүлэх үүргийг Ажлын алба хэрэгжүүлж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавина.
2.13 дугаар зүйл.Хууль зүйн хорооны хуралдаан, түүнээс гарах шийдвэр
1.Хууль зүйн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд хуралдаанаас гарах шийдвэр нь тогтоол, зөвлөмж хэлбэртэй байна.
2.Хууль зүйн хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь оролцсоноор хүчинтэйд тооцох бөгөөд асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
3.Хууль зүйн хорооны хуралдааныг энэ хуулийн 2.14 дүгээр зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор, шаардлагатай тохиолдолд дарга эсхүл хоёр буюу түүнээс дээш гишүүний санаачилгаар хийнэ.
4.Ажлын алба хууль зүйн хорооны хуралдаан болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаарх мэдээлэл, холбогдох баримт бичгийг гишүүдэд тараасан байна.
5.Хууль зүйн хороо хуралдааныхаа дэгийг өөрөө тогтооно.
6.Хууль зүйн хороо хэвлэмэл хуудастай байна. Хууль зүйн хорооны шийдвэрт тухайн орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын тэмдгийг хэрэглэнэ.
7.Хууль зүйн хорооны шийдвэрийг хэрэгжүүлээгүй эсхүл хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн албан хаагчид сахилгын хариуцлага тооцуулах саналыг хууль зүйн хороо эрх бүхий этгээдэд хүргүүлж болно.
2.14 дүгээр зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн талаар хууль зүйн хороонд мэдэгдэх үүрэг
1.Доор дурдсан этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн мэдээллийг харьяа хууль зүйн хорооны ажлын албанд хүргүүлнэ:
1.1.эрх бүхий албан тушаалтан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага нь өсвөр насны сэжигтэн, яллагдагч, зөрчилд холбогдогч, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, гэрч хүүхдийн мэдээллийг тухай бүр;
1.2.шүүх нь шүүхэд шилжүүлсэн өсвөр насны яллагдагч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, ял шийтгэгдсэн, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан болон хүний болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа хүүхдийн мэдээллийг тухай бүр;
1.3.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байгаа хүүхдийн мэдээллийг ялын хугацаа дуусахаас хамгийн багадаа 30 хоногийн өмнө, бусад үндэслэлээр суллагдсан тохиолдолд ийнхүү суллагдсанаас хойш 3 хоногийн дотор.
2.Хууль зүйн хорооны Ажлын алба энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн мэдээллийг хүлээн авсан эсхүл өөрөө олж авсан тохиолдолд Хууль зүйн хороогоор зохих шийдвэрийг гаргуулж, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгуулна.
3.Хууль зүйн хорооны Ажлын алба хэрэг хянан шийдвэрлэх оролцогч хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг кейс менежментийн үе шатны хүрээнд үзүүлнэ.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхэд, түүний гэр бүлд хийсэн нөхцөл байдлын үнэлгээний тайланг эрх бүхий этгээдэд хүргүүлэх ба эрх бүхий этгээд нөхцөл байдлын үнэлгээний тайланг хэргийн материалд хавсаргаж, нотлох баримтаар үнэлэх эрхтэй.
5.Эрх бүхий албан тушаалтан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэхэд харьяа хууль зүйн хороо, түүний Ажлын албатай тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусах хүртэл хугацаанд хамтран ажиллана.
2.15 дугаар зүйл.Хамтарсан баг
1.Хамтарсан баг нь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхдээ хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай хамтран ажиллана.
2.Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэхэд өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд туслах үүрэгтэй.
3.Хамтарсан багийн гишүүн болон хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх явцад хамтарсан багтай хамтран ажиллаж байгаа хүн, хуулийн этгээд нь хүүхдийн мэдээллийг нууцлах үүрэгтэй бөгөөд тэднээс нууц хамгаалах баталгааг бичгээр авна.
2.16 дугаар зүйл.Хамтарсан багийн чиг үүрэг
1.Хамтарсан баг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаас гадна харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхэд хамгааллын асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1.1.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх;
1.2.хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, хүүхэд аюултай нөхцөлд байдалд орсон бол шуурхай тусламжийн үйлчилгээг үзүүлэх;
1.3.хүүхэд эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулах;
1.4.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, түүний гэр бүлд үзүүлэх хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
1.5.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, шаардлагатай бусад үйлчилгээнд холбон зуучлах ажлыг зохион байгуулах;
1.6.тухайн жилд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах төсвийн саналыг харьяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагад хүргүүлэх.
2.Хамтарсан баг нь хүүхэд, гэр бүлд үзүүлсэн хүүхэд хамгааллын үйлчилгээг мэдээллийн санд бүртгэж, харьяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагад хүргүүлнэ.
2.17 дугаар зүйл.Хамтарсан багийн зохион байгуулалт
1.Хамтарсан багийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд хуралдаанд хамтарсан багийн гишүүдийн олонх нь оролцсоноор хүчинтэйд тооцож, асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
2.Хамтарсан багийн нарийн бичгийн даргын үүргийг сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан гүйцэтгэнэ.
3.Хамтарсан багийн хуралдаанаас гарах шийдвэр нь дүгнэлт, тэмдэглэл хэлбэртэй байна.
2.18 дугаар зүйл.Хүүхэд хамгаалалд хүн, хуулийн этгээд, олон улсын байгууллагын оролцоо
1.Хүүхэд хамгааллын үйлчилгээг тухайн чиглэлээр мэргэшсэн хүн, магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдээр гэрээгээр гүйцэтгүүлж болно.
2.Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг хүн, хуулийн этгээдийн мэдээллийн санг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бүртгэж, хөтөлнө.
3.Хүүхэд хамгааллын үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа хүн, хуулийн этгээд мэргэжлийн ёс зүйн дүрэм, нийгмийн ажлын үйлчилгээний стандартыг мөрдөж ажиллах үүрэгтэй.
4.Хүүхэд хамгааллын үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж буй хүн, хуулийн этгээд гэрээний үүргээ удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн, хүчирхийлэл үйлдсэнийг шүүх, хүүхдийн эрхийн улсын байцаагч, бусад эрх бүхий албан тушаалтан тогтоосон тохиолдолд тухайн этгээдийг хүүхэд хамгааллын үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно.
5.Энэ зүйлийн 4-т заасан нөхцөл үүссэн бол хүүхдийн эрхийн улсын байцаагч тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа, холбогдох нотлох баримтын хамт хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
6.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ зүйлийн 4-т заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ зүйлийн 5-д заасан эрх бүхий улсын байцаагчийн саналыг үндэслэн хүүхэд хамгааллын үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ.
7.Хүн, хуулийн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хугацаа нь энэ тухай хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш гурван жилийн хугацаанд хүчинтэй байна.
8.Хүн, хуулийн этгээд хүүхэд хамгааллын үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх үйл ажиллагааны тодорхой хэсгийг санхүүжүүлэх, хандив өгөх, бусад хэлбэрээр дэмжлэг, туслалцаа үзүүлж болно.
9.Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон гадаад улсын байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдээр хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар хөндлөнгийн хяналт, шинжилгээ хийлгэж болно.
10.Олон улсын болон гадаад улсын байгууллага нь хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар тандалт судалгаа хийхийг хориглоно.
11.Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон гадаад улсын байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь Монгол Улсын хүүхэд хамгааллын бодлого, хүүхэд хамгааллын үйлчилгээний шаардлага, стандартад нийцсэн байна.
2.19 дүгээр зүйл.Хүүхэд хамгааллын мэдээллийн нэгдсэн сан
1.Хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн сантай байна.
2.Хүүхэд хамгааллын мэдээллийн нэгдсэн сангийн дэд бүрэлдэхүүн нь хүүхдийн цахим хувийн хэрэг байна.
3.Хүүхэд хамгааллын мэдээллийн нэгдсэн санг хэрэг бүрдүүлэх зарчим, хэлбэр нэгдмэл байна.
4.Хүүхэд хамгааллын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, ашиглах журмыг Засгийн газар батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГЭР БҮЛ, НИЙГМИЙН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ
3.1 дүгээр зүйл.Гэр бүл дэх хүүхэд хамгаалал
1.Эцэг, эх хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалахдаа нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон хүчирхийллээс ангид хүмүүжлийн эерэг арга хэрэглэж, хүүхдэд зөвлөн тусална.
2.Эцэг, эх хүүхдийнхээ эрхийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авна.
3.Эцэг, эх хүүхдийнхээ амьдарч байгаа орчны эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийг арилгах, гэр бүлийн хүрээнд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.
4.Эцэг, эхэд хүүхэдтэй холбоотой эрхээ урвуулан ашиглах, зүй бус харьцах, бие махбодын шийтгэл хэрэглэх, доромжлон гутаахыг хориглоно.
5.Эцэг, эх хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хүүхдээ хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрөх, хүүхдийн оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээндээ ажиллуулахыг хориглоно.
6.Эцэг, эх хүүхдийнхээ эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зургийг бусдад дамжуулах, цахим орчинд байршуулахыг хориглоно.
7.Эцэг, эх нь энэ хуульд заасан хүүхэд хамгааллын үйлчилгээ авахаар хүсэлт гаргах, зөвлөгөө, мэдээлэл авах, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөс бусад тохиолдолд хүүхэд хамгааллын үйлчилгээнд оролцох, хамтран ажиллах эрхтэй.
8.Эцэг, эх нь хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагаас зохион байгуулах хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын сургалтад хамрагдаж тодорхойлолт авсны үндсэн дээр Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.6, Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 5.1.1, 5.1.2-т заасан тэтгэмжид хамрагдана.
9.Энэ зүйл нь хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нэгэн адил үйлчилнэ.
3.2 дугаар зүйл.Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал
1.Боловсролын сургалтын болон сургалтын бусад байгууллага, сүм, хийд, түүний дэргэдэх шашны сургууль нь боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөтэй байна.
2.Боловсролын сургалтын байгууллагын хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгж нь хүүхэд сургалтын орчин, дотуур байранд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
2.1.хүүхдийг амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд нь хохирол учруулж болзошгүй үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцуулахгүй байх;
2.2.хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах;
2.3.хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах хайрцаг байрлуулах;
2.4.гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч хүүхдийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамруулах;
2.5.хүүхдийг хорт зуршил, согтуурах, мансуурах, донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах;
2.6.багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүүхдийн эрх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмшүүлэх талаар сургалтад хамруулах, зөвлөгөө өгөх;
2.7.сургалтын байгууллагын барилга байгууламжид зөвшөөрөгдсөн байршилд хуульд заасны дагуу хяналтын камер байршуулах, сургуулийн орчны замын хөдөлгөөнд хурд сааруулагч, аюулгүйн тэмдэг, тэмдэглэгээ хийлгүүлэх;
2.8.сургалтын орчны нөхцөл байдлын зураглал гарган эрсдэлийн үнэлгээг улирал тутам хийх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх;
2.9.хүүхэд хоорондын болон хүүхэд ба эцэг, эх, багш, ажилчдын харилцааны зөрчил, хүүхдэд тулгарсан бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
2.10.хүүхэд, түүний гэр бүлийн гишүүдийн хүний хувийн болон эмзэг мэдээллийг хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа этгээдэд мэдээлэх, задруулахгүй байх;
2.11.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн, хүүхэд тодорхойгүй шалтгаанаар хичээлдээ ирээгүй тохиолдолд гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагч, холбогдох харьяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагад мэдэгдэх.
3.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сургуулийн багш, ажилтан, сэтгэл зүйч, сайн дурын ажилтан нь хүүхэд сургалтын орчин, дотуур байранд хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн талаар мэдсэн, таамагласан бол тухайн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургуулийн нийгмийн ажилтанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
4.Боловсролын сургалтын байгууллагын удирдлага, хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгж нь энэ зүйлийн 3-т заасан мэдээллийн мөрөөр нэн даруй хяналт шалгалт явуулж дараах арга хэмжээг авна:
4.1.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагад мэдэгдэх, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байвал холбогдох эрх бүхий этгээдэд мэдэгдэх;
4.2.хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар мэдээлсэн суралцагчийн мэдээллийн нууцыг хадгалах, цаашид хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
4.3.хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчидтэй уулзалт зохион байгуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх;
4.4.хохирогч хүүхдийг сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд нэн даруй хамруулах, удаа дараа хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн суралцагч, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрснөөр өөр бүлэг, сургууль руу шилжүүлэх;
4.5.хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн суралцагчийг сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд хамруулах, дараах арга хэмжээг шат дараалан хэрэглэх:
4.5.1.суралцагчид өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;
4.5.2.суралцагчийн зан үйлд нөлөөлөх хөтөлбөр, сургалтад хамруулах;
4.5.3.суралцагчийг байгууллагаас зохион байгуулж байгаа сайн үйл, нийтэд тустай ажил, арга хэмжээнд оролцуулах;
4.5.4.суралцагчийг өөр бүлэг рүү шилжүүлэх эсхүл харьяа дүүргийн боловсролын хэлтэс болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагатай хамтран өөр сургууль руу шилжүүлэх.
4.6.хяналт шалгалтын тайлан, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлангаа харьяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагад тухай бүр хүргүүлэх;
4.7.хуульд заасан бусад арга хэмжээ авах.
5.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлогыг батлах;
5.2.боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмыг батлах;
5.3.боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгуулах арга хэмжээг авах;
5.4.боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээллийн санг бүрдүүлэх;
5.5.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэх агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын багш бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрт тусгаж, хяналт тавих;
5.6. боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мөрдөх стандартын ерөнхий шаардлагыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах.
6.Шашны байгууллага /сургууль/-ын дэргэдэх дотуур байранд байрлаж байгаа хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тухайн орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, аймгийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран хяналт тавина.
7.Гадаад улсад шашны байгууллага /сургууль/-д суралцаж байгаа хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хяналт тавина.
8.Шашны байгууллага /сургууль/-д суралцах хүүхэд, түүний гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
9.Боловсролын сургалтын болон сургалтын бусад байгууллага, сүм, хийд, түүний дэргэдэх шашны сургуулийн багш, ажилтан нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс хүүхдийн эрх, ашиг хохирсон бол холбогдох хуулийн хариуцлага хүлээнэ.
3.3 дугаар зүйл.Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгаалал
1.Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөтэй байна.
2.Эрүүл мэндийн ажилтан ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн тохиолдолд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, эсхүл цагдаагийн байгууллага, хүүхдийн тусламжийн утсанд нэн даруй мэдээлнэ.
3.Эрүүл мэндийн байгууллага хүүхдэд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээг гэр бүлийн хүчирхийллийн болон гэмт хэргийн хохирогч хүүхдэд харьяалал, дараалал харгалзахгүйгээр шууд үзүүлнэ.
4.Эрүүл мэндийн ажилтан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа мэдсэн хүүхэд, түүний гэр бүлийн гишүүний хувийн болон эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардсанаас бусад тохиолдолд бусдад дамжуулах, мэдээлэхийг хориглоно.
5.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгааллын бодлогыг батлах;
5.2.эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмыг батлах;
5.3.эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгуулах арга хэмжээг авах;
5.4.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээллийн сан бүрдүүлэх;
5.5.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, яаралтай болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалт зохион байгуулах.
6.Эрүүл мэндийн байгууллага, ажилтан нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ.
3.4 дүгээр зүйл.Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал
1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч гэр бүлийн орчинд, боловсролын сургалтын байгууллага сургалтын болон дотуур байрны орчинд, хуулийн этгээд хуульд заасан эрх эдэлж, үүргээ хэрэгжүүлэхдээ хүүхдийг эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх бүх төрлийн хориотой, хортой контент, бүтээлээс хамгаална.
2.Хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц цахим тоглоом, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд түгээх, хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүргийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаагийн төв байгууллага хэрэгжүүлнэ.
3.Цахим орчин болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хүрээнд хүүхдийг эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх хориотой, хортой контент, бүтээлээс хамгаалах орон тооны бус дэд зөвлөл Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэд ажиллана.
4.Энэ зүйлийн 3-т заасан орон тооны бус дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд хүн, интернэтийн болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллийг оролцуулах бөгөөд цахим орчин дахь хүүхэд хамгааллын салбар дундын бодлогыг хэрэгжүүлж, хяналт тавина.
5.Хүүхэд, хүүхдийн хууль ёсны төлөөлөгч, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн улсын байцаагч өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн хүүхдэд зориулсан контент, бүтээл нь хүүхдийн эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзсэн, хэвлэл мэдээлэл, цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй, хүүхдийг цахимаар дарамталсан, дээрэлхсэн байж болзошгүй тохиолдлыг цагдаагийн байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
6.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч өөрийн сүлжээнд хүүхдийн эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлөх хориотой, хортой контент, бүтээлийг таних, хязгаарлах, хаах арга хэмжээг авах үүрэгтэй.
7.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч өөрийн сүлжээнд хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц хориотой, хортой контентыг хязгаарлах, контентын ангиллын тэмдэглэгээг олон нийтэд түгээхийн өмнө байршуулах, насанд хүрэгчдэд зориулсан тохиргоог идэвхжүүлэх боломжоор хэрэглэгчийг хангасан байна.
8.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч хүүхдийг гүтгэсэн, заналхийлсэн, хүүхдийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, эсхүл хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хувийн болон эмзэг мэдээлэл, зураг, дүрс, дуу авиа, хэн болохыг тогтоох боломжтой бусад мэдээллийг агуулсан контентыг бүтээх, түгээхийг хориглоно.
9.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг баталж, уг бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгуулах арга хэмжээг авна.
10.Хүүхдийн цахим орчны зохистой хэрэглээг дэмжих, цахим орчинд хүүхдэд учрах нийтлэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах журмыг цахим хөгжил, харилцаа холбооны болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
11.Хүн, хуулийн этгээд нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ.
3.5 дугаар зүйл.Олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээ дэх хүүхэд хамгаалал
1.Худалдаа, үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал, цуглаан, замын хөдөлгөөн, хүүхэд оролцсон шалгалт, уралдаан тэмцээний үед хүүхдийг эрсдэлт нөхцөлд орох, осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүргийг зохион байгуулагч болон оролцогч талууд хүлээнэ.
2.Энэ зүйлийн 1-д заасан арга хэмжээ, үйлчилгээг зохион байгуулагч хууль, захиргааны хэм хэмжээний акт, гэрээ, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл бүрдсэн, эсхүл хохирол учирсан бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ.
3.Энэ зүйлийн 1-д заасан арга хэмжээ, үйлчилгээний үед хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзсэн хүн, хуулийн этгээд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллага, хүүхдийн тусламжийн утсанд мэдэгдэх үүрэгтэй.
4.Жагсаал, цуглааны үеийн хүүхэд хамгааллын стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
5.Олон нийтийн үйлчилгээ, арга хэмжээнд оролцож байгаа хүүхдийн аюулгүй байдалд хүүхдийн эрхийн улсын байцаагч, цагдаагийн байгууллага хяналт тавина.
6.Хүн, хуулийн этгээд нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ.
3.6 дугаар зүйл.Соёл, спортын үйл ажиллагаа дахь хүүхэд хамгаалал
1.Соёл, спортын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, спортын тэмцээн, бусад арга хэмжээнд хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхгүй орчинд оролцуулна.
2.Хүүхдийг соёл, спортын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, спортын тэмцээн, бусад арга хэмжээнд оролцуулахдаа сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хоцрогдлыг арилгах арга хэмжээг авна.
3.Сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хоцрогдлыг арилгах арга хэмжээг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, арга хэмжээнд оролцуулсан этгээд хамтран сургалтын хөтөлбөр, агуулгын хүрээнд, төрийн байгууллагаас улс, бүс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнд оролцсон бол сургуулийн удирдлага тус тус зохион байгуулна.
4.Соёл, спортын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, спортын тэмцээний үе болон бэлтгэлийн үед багш, дасгалжуулагч нь бэлтгэлийн үе болон уралдаан, тэмцээний үед амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй.
5.Хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, уралдааны бэлтгэлийн үед уяач нь уралдаанч хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах хүрээнд дараах үүргийг хүлээнэ:
5.1.уралдаанч хүүхдийн сурч боловсрох эрхийг хязгаарлахгүй байх;
5.2.уралдаанч хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, өсөлт, хөгжлийн талаар дүгнэлт гаргуулах;
5.3.уралдаанч хүүхдийг Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу батлагдсан стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах;
5.4.уралдаанч хүүхдийг хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан ослын даатгалд даатгуулах;
5.5.уралдаанч хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан, амь нас, эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдал бий болсон тохиолдолд хүүхдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн даруй хамруулах;
5.6.уралдаанч хүүхдийг нэг өдөр хоёроос дээш удаа хурдан морь унуулж уралдуулахгүй байх. Энэ заалт нь уралдааны бэлтгэл үе шатанд хамаарахгүй;
5.7.уралдаанч хүүхдийн эцэг, эх, харгалзан дэмжигчтэй хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, урамшуулал, бай, шагналыг тусгасан гэрээг бичгээр эсхүл хуульд нийцүүлэн цахим хэлбэрээр байгуулах.
6.Хурдан морины уралдаанд уралдах морийг унах хүүхдийн нас Үндэсний их баяр наадмын тухай хуулиар тогтоосон наснаас доогуур байж болохгүй.
7.Хурдан морины уралдаанд уралдах морийг унах хүүхдийг ослын даатгалд даатгуулсан эсэх болон стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэглэж байгаа эсэхэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, сум, дүүргийн Засаг дарга, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хяналт тавина.
8.Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журмыг соёлын, биеийн тамир, спортын болон хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран баталж, мөрдүүлнэ.
9.Соёл, спортын үйл ажиллагаа дахь хүүхэд хамгааллын бодлогыг соёлын асуудал эрхэлсэн болон биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, уг бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгуулах арга хэмжээг авна.
10.Хүн, хуулийн этгээд нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ.
3.7 дугаар зүйл.Гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхэд хамгаалал
1.Төрийн бүх байгууллага, албан тушаалтанд гамшиг, онцгой байдлын нөхцөлийн ямар ч үед хүүхэд хамгааллын үйлчилгээг хязгаарлах, зогсоох шийдвэр гаргахыг хориглоно.
2.Гамшиг, онцгой байдлын нөхцөлийн үед хүүхэд хамгааллын үйлчилгээг боломжит бүхий л арга, хэлбэрээр хүргэхэд холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан туслалцаа үзүүлнэ.
3.Гамшиг, онцгой байдлын нөхцөлийн үед хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд учрах сөрөг нөлөөллийг бууруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэх үйл ажиллагааг хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд, сайн дурын ажилтны оролцоотойгоор зохион байгуулна.
4.Гамшиг, онцгой байдлын нөхцөлийн үед хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэхэд тоон гарын үсэг, цахим тамга, цахим баримт бичиг, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ ашиглаж болно.
5.Гамшиг, онцгой байдлын нөхцөлийн үед үзүүлэх хүүхэд хамгааллын үйлчилгээний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
6.Гамшгийн үеийн хүүхэд хамгааллын бодлогыг гамшгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, уг бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгуулах арга хэмжээг авна.
7.Хүн, хуулийн этгээд нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ.
3.8 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгаалал
1.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 7 нас хүрсэн хүүхдийн үг хэлэх, саналаа илэрхийлэх эрхийг нь заавал хангана.
2.Хүүхдээс тайлбар, мэдүүлэг, санал авах, хүүхдийн биед үзлэг, нэгжлэг хийх ажиллагааг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон таатай орчинд гүйцэтгэх ба уг ажиллагааг хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийг байлцуулахгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.
3.Эрх бүхий албан тушаалтан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, шүүх нь хүүхдээс тайлбар, мэдүүлэг, санал авахын өмнө дараах ажиллагааг гүйцэтгэсэн байна:
3.1.хүүхэд өөрийн санал, шийдвэрээ гаргахад нь шаардлагатай мэдээллийг өгөх;
3.2.өөрийнх нь хүсэл зориг, өөрийнх нь дэмжсэн санал, хэлсэн үг, шийдвэрээс нь гарч болох үр дагаврыг тайлбарлах.
4.Эрх бүхий албан тушаалтан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, прокурор, шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээдийн зөвшөөрөлгүйгээр, хүүхэд 14 нас хүрсэн бол түүний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдэгдэхийг хориглоно.
5.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн хэрэг, маргаанд шинжээчийн дүгнэлт гаргах мэргэжилтнийг бэлтгэх, сургах, гэрчилгээжүүлэх ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран зохион байгуулна.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгааллын журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын Ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хамтран батална.
7.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгуулах арга хэмжээг авна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ
4.1 дүгээр зүйл.Хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр
1.Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь дараах хэлбэртэй байна:
1.1.шуурхай тусламжийн үйлчилгээ;
1.2.хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ;
1.3.урьдчилан сэргийлэх үйлчилгээ.
2.Энэ хуулиар зохицуулаагүй хүүхэд хамгааллын үйлчилгээний бусад харилцааг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.
4.2 дугаар зүйл.Шуурхай тусламжийн үйлчилгээ
1.Энэ хуулийн 4.11 дүгээр зүйлд заасны дагуу эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар мэдээлэл хүлээн авсан, өөрөө илрүүлсэн сум, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн алба хаагч, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хүүхэд аюултай нөхцөлд байдалд орсон бол хүүхдэд шуурхай тусламжийн үйлчилгээг үзүүлж аюулыг зайлуулах, аюул учруулах нөхцөл байдлыг арилгах арга хэмжээг нэн даруй авна. Шаардлагатай гэж үзвэл хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийнх нь зөвшөөрөлгүйгээр аюултай нөхцөл байдал арилах хүртэл аюулгүй газар түр байрлуулж болно.
2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүүхэд аюултай нөхцөл байдалд орсон бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.3-д заасан арга хэмжээний аль нэгийг авч, хүүхдийг гэр бүлээс нь түр хугацаагаар тусгаарлах арга хэмжээг авна. Энэ тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамгаалагчийн зөвшөөрлийг шаардахгүй.
3.Шуурхай тусламжийн үйлчилгээний хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, эмнэлгийн яаралтай тусламж, сэтгэл зүйн болон хууль зүйн анхан шатны зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээг нэн даруй холбон зуучилна. Шаардлагатай тохиолдолд хүүхдийг хамгаалах аюулгүйн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.
4.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүүхэд аюултай нөхцөл байдалд ороогүй бол хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүлээлгэн өгнө. Тайлбар: - Энэ зүйлд заасан “хүүхэд аюултай нөхцөл байдалд орсон” гэж хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлсэн, хүүхдийн зан байдал нь өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулахаар нөхцөл байдалд байгааг ойлгоно.
4.3 дугаар зүйл.Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ
1.Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэхдээ гэр бүлийн орчинд болон гэр бүлээс нь тусдаа орчинд гэсэн хэлбэрээр үзүүлнэ.
2.Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний хүрээнд дараах үйлчилгээг үзүүлнэ:
2.1.хүүхдийг асрах, өсгөж хүмүүжүүлэх талаарх зөвлөгөө, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх;
2.2.сэтгэл зүйн цочрол, хямрал, гэмтлээ даван туулахад нь туслах сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх;
2.3.хүүхдийн эсрэг хүчирхийллээс улбаатай хүүхдийн зан авирын өөрчлөлтөд чиглэсэн нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө өгөх;
2.4.хүүхдийг суралцах, төлөвших, авьяасыг хөгжүүлэх зорилгоор хүүхдийн онцлог, хөгжлийн түвшинд тохирсон хөгжлийн, амьдрах ухааны сургалт, үйл ажиллагаанд хамруулах, тохиромжтой үйл ажиллагаанд холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх;
2.5.хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлэх;
2.6.сургууль завсардсан хүүхдийн чадвар, бэрхшээлийн онцлог, сонирхлыг судалж, зохих боловсролын байгууллагад холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх;
2.7.хүүхэд, эцэг, эхийн харилцааг сайжруулах, харилцааны зөрчил, хямралыг шийдвэрлэх сургалтад хамруулах;
2.8.хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын хүрээнд хөнгөн ажил, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, аюултай, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэлтэд өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх;
2.9.амьжиргааны нөхцөлийг сайжруулах зорилгоор гэр бүлд тусламж, дэмжлэг үзүүлэх, ажлын байранд холбон зуучлах;
2.10.нийгмийн халамжийн үйлчилгээнд хэрхэн хамрагдах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхэд нь туслалцаа үзүүлэх;
2.11.архи, согтууруулах ундаа, мансууруулах ба сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хамааралтай эцэг, эх, асран хамгаалагчтай ажиллах тусгай хөтөлбөр гаргаж, үйлчилгээнд хамруулах;
2.12.хүчирхийллийн харилцаатай эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг зан үйлд нөлөөлөх албадан болон сайн дурын хөтөлбөрт хамруулах;
2.13.хүүхэд үрчилж авсан эцэг, эхэд эцэг, эхийн үүрэг, хариуцлага хүлээх, үрчлэх үйл ажиллагааг дуусгавар болгох, үрчлэлтийг цуцалсан тохиолдолд хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд туслалцаа үзүүлэх;
2.14.гэр бүлээс нь тусдаа орчинд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж байгаа хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээ үзүүлэх;
2.15.хууль тогтоомж, стандартад заасан бусад.
3.Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг энэ хуулийн 4.13 дугаар зүйлийн 3-т заасан хүүхэд хамгаалах үйлчилгээний төлөвлөгөөний дагуу үзүүлнэ.
4.Энэ зүйлийн 2-т заасан хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээг нэгэн зэрэг хослуулан үзүүлж болно.
5.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага болон 18-аас дээш 21 хүртэл насны хүн өөрөө зөвшөөрсөн тохиолдолд түүнд 21 нас хүртэл нь хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлж болно.
6.Сэтгэл зүйн үйлчилгээний стандарт, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлэх хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
4.4 дүгээр зүйл.Гэр бүлээс нь тусдаа орчинд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх
1.Гэр бүлийн орчинд үзүүлэх хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үр дүнд хүрээгүй эсхүл уг үйлчилгээг гэр бүлийн орчинд үзүүлэх нь хүүхдийн эрхэд хор хохирол учруулахаар байгаа тохиолдолд гэр бүлээс тусдаа орчинд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлнэ.
2.Гэр бүлээс тусдаа орчинд үзүүлэх хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэхдээ дараах хүүхэд асрах хувилбарт үйлчилгээг ашиглана:
2.1.хүүхдийг төрөл, садны гэр бүлд асруулах;
2.2.хүүхдийг асралт гэр бүлд асруулах;
2.3.асрамж, халамжийн байгууллагын үйлчилгээнд хамруулах.
3.Хүүхдийг хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулах, үйлчилгээг өөрчлөх эсэхийг шийдвэрлэхдээ 7 нас хүрсэн хүүхдийн санал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага болон хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны дүгнэлтийг авна.
4.Сум, дүүргийн Засаг дарга эсхүл хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага хүүхдийг хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулах хүртэл хугацаанд хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор хүүхдийг гэр бүлээс нь түр тусгаарлах арга хэмжээг урьдчилан авч болно.
5.Хүүхдийг хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулахдаа хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой зөрчилдөхөөс бусад тохиолдолд хүүхдийг ах, эгч, дүүтэй нь хамт байлгана.
6.Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7.Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
8.Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний явцад сум, дүүргийн Засаг дарга, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага хяналт тавина.
4.5 дугаар зүйл.Хүүхдийг гэр бүлээс нь тусгаарлах үндэслэл
1.Дараах үндэслэлээр хүүхдэд гэр бүлээс нь тусдаа орчинд хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлнэ:
1.1.эцэг, эх нь хоёулаа нас барсан;
1.2.эцэг, эх нь хоёулаа шүүхийн шийдвэрээр нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон;
1.3.эцэг, эх нь хоёулаа шүүхийн шийдвэрээр эрх зүйн чадамжгүйд эсхүл хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон;
1.4.шүүхээс эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан, хассан;
1.5.эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, цагдан хоригдсон, хорих ял эдэлж байгаа зэрэг шалтгаанаар хүүхдээ биечлэн асран хамгаалах, тэжээн тэтгэх боломжгүй болсон;
1.6.эцэг, эх нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүүхдээ хамгаалах, асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргээ удаа дараа биелүүлээгүй;
1.7.эцэг, эх нь хүүхдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдсэний улмаас хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, хөгжилд эрсдэл учирсан.
2.Гэрлэлт цуцлуулсан болон хуульд заасан бусад үндэслэлээр хүүхдийн асрамждаа авсан эцэг /эх/-ийн хувьд энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.7-д заасан үндэслэл бий болсон нь хүүхдэд гэр бүлээс нь тусдаа орчинд хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэхэд нэгэн адил үйлчилнэ.
3.Хүүхдийг энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.6, 1.7-д заасан үндэслэлээр гэр бүлээс нь тусгаарлаж, хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулсан бөгөөд хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх боломжгүй тохиолдолд эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах асуудлыг Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
4.Энэ зүйлд заасан үндэслэлээр гэр бүлээсээ тусгаарлагдаж, хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн хөрөнгө, өвлөгдөх хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоож, хяналт тавих асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
4.6 дугаар зүйл.Хүүхдийг төрөл, садны гэр бүлд асруулах
1.Хүүхдийг төрөл, садны гэр бүлд асруулах эсэхийг тухайн гэр бүлээс бичгээр зөвшөөрөл авч, гэр бүлийн нөхцөл байдалд үнэлгээ хийсний үндсэн дээр шийдвэрлэнэ.
2.Хүүхдийг төрөл, садны гэр бүлд асруулахаар асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохтой холбоотой бусад харилцааг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулна.
4.7 дугаар зүйл.Хүүхдийг асралт гэр бүлд асруулах
1.Асралт гэр бүл болох хүсэлт гаргасан хүний гэр бүлийн мэдээллийг харьяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага бүртгэн авч, тухайн гэр бүлийн нөхцөл байдалд үнэлгээ хийнэ. Нөхцөл байдлын үнэлгээгээр тухайн гэр бүл асралт гэр бүлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой нь тогтоогдсон тохиолдолд сургалтад хамруулж, гэрчилгээ олгоно.
2.Хүүхдийг асралт гэр бүлд асруулахаар шилжүүлэхдээ тухайн гэр бүлтэй орон нутгийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага хүүхэд асран хүмүүжүүлэх гэрээг байгуулна.
3.Хүүхэд асран хүмүүжүүлэх гэрээнд дараах зүйлийг тусгана:
3.1.хүүхдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох нөхцөлөөр хангах;
3.2.асран хүмүүжүүлэгчийн эрх, үүрэг;
3.3.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын эрх, үүрэг;
3.4.асран хүмүүжүүлэгчид олгох урамшуулал, хууль тогтоомжийн дагуу олгогдох бусад тэтгэмж, хөнгөлөлт;
3.5.асран хамгаалуулагчийн эд хөрөнгө;
3.6.гэрээний хугацаа, гэрээ цуцлагдах, дуусгавар болох үндэслэл, түүний үр дагавар.
4.Эд хөрөнгө, санхүү, эрүүл мэндийн байдлын хувьд хүүхдийг асран хүмүүжүүлэх боломжгүй, асран хүмүүжүүлж байсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, Гэр бүлийн тухай хуульд заасан асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоохыг хориглосон хүнтэй хүүхэд асран хүмүүжүүлэх гэрээ байгуулахыг хориглоно.
5.Хүүхдийг асралт гэр бүлд шилжүүлсний дараа тухайн гэр бүлд тааламжгүй нөхцөл бий болсон, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсан, хүүхэд асран хүмүүжүүлэх гэрээ байгуулж болохгүй хүн болох нь хожим илэрсэн, бий болсон бол хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага болон сум, дүүргийн Засаг дарга гэрээг нэн даруй цуцалж, хүүхдийг буцаан авна.
6.Асралт гэр бүл хүндэтгэн үзэх шалтгаан /өвчилсөн, гэр бүлийн болон эд хөрөнгийн байдал өөрчлөгдсөн, харилцан үл ойлголцох, маргаантай байдал/ бий болсон бол гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хүүхдийг буцаан өгч болно.
7.Асралт гэр бүлд шилжүүлсэн хүүхэд тэжээгчээ алдсаны болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авах болон хууль тогтоомжийн дагуу бусад хангамжаар хангагдах эрх эдэлнэ.
4.8 дугаар зүйл.Хүүхдийг асрамж, халамжийн байгууллагын үйлчилгээнд хамруулах
1.Хүүхдийг энэ хуулийн 4.6, 4.7 дугаар зүйлд заасан үйлчилгээнд хамруулах боломжгүй тохиолдолд хүүхдийг асрамж, халамжийн байгууллагын үйлчилгээнд хамруулна.
2.Хүүхдэд үзүүлэх асрамж, халамжийн байгууллагын үйлчилгээг гэр бүлтэй дүйцэхүйц орчинд болон бүлгийн хэлбэрээр зохион байгуулж хүргэнэ.
3.Хүүхдийг асрамж, халамжийн байгууллагын үйлчилгээнд хамруулахтай холбоотой бусад харилцааг Нийгмийн халамжийн тухай хуулиар зохицуулна.
4.9 дүгээр зүйл.Урьдчилан сэргийлэх үйлчилгээ
1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан кейс менежмент, нотолгоонд суурилсан урьдчилан сэргийлэх хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлж, үр дүнг үнэлнэ.
2.Урьдчилан сэргийлэх үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:
2.1.зорилтот бүлэгт чиглэсэн нөлөөллийн арга хэмжээ;
2.2.олон талт, хамтарсан арга хэмжээ.
3.Урьдчилан сэргийлэх үйлчилгээ нь төрийн захиргааны болон нутгийн захиргааны, шүүх эрх мэдэл болон хууль сахиулах, хяналт шалгалтын чиг үүрэг бүхий байгууллагаас зохион байгуулах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилтай уялдсан байна.
4.Хуулийн этгээд бүр хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил явуулах үүрэгтэй.
5.Урьдчилан сэргийлэх үйлчилгээг сайн дурын ажилтны болон хүүхдийн оролцоо, тусламжтайгаар зохион байгуулж болох ба уг ажилтныг бүртгэх, сургах ажлыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага зохион байгуулна.
6.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийттэй харилцах соён гэгээрүүлэх чиглэлийн стратегийг боловсруулж батална.
I дэд бүлэг
Кейс менежмент
4.10 дугаар зүйл.Кейс менежментийн үе шат
1.Хүүхэд хамгааллын үйлчилгээг кейс менежментийн дараах үе шатны хүрээнд үзүүлнэ:
1.1.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, харилцаа холбоо тогтоох;
1.2.хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлэх;
1.3.хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөө гаргах;
1.4.хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх, зохицуулах;
1.5.хүүхэд хамгааллын үйлчилгээний явц, үр дүнг хянах, үнэлэх;
1.6.хүүхэд хамгааллын кейсийг хаах.
2.Урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлэхэд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан кейс менежментийн үе шат хамаарахгүй.
3.Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол орчуулагч, хэлмэрч заавал оролцуулна.
4.Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хүүхэд хамгааллын кейсийг нээхээс хаах хүртэлх хугацаанд хүүхэд хамгааллын үйлчилгээний хүрээнд хийгдсэн бүх шийдвэр, үйл ажиллагааг холбогдох стандарт, маягт, зааврын дагуу заасан хугацаанд баримтжуулж, биет болон цахим хэлбэрээр хадгалж, мэдээллийн санд оруулна.
5.Хүүхэд хамгааллын үйлчилгээг хүүхдийн тухайн оршин байгаа газрын хамтарсан баг, хууль зүйн хороо, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага үзүүлнэ. Хүүхэд хамгааллын кейсийг шийдвэрлэх явцад хүүхдийн оршин байгаа газар өөрчлөгдсөн тохиолдолд хүүхэд хамгааллын кейсийг харьяаллын дагуу хамтарсан баг, хууль зүйн хороо, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага руу шилжүүлнэ.
6.Шуурхай тусламжийн үйлчилгээ, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхээр бүртгэсэн хүүхэд, түүний гэр бүлийг хүүхэд хамгааллын нэг кейс гэж үзэх бөгөөд кейс тус бүр бүртгэл, дугаартай байна.
7.Энэ дэд бүлгээр зохицуулаагүй бусад харилцааг бусад холбогдох хууль, стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага баталсан нийгмийн ажлын үйлчилгээний стандартаар зохицуулна.
4.11 дүгээр зүйл.Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх
1.Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэхэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, сум, баг, хорооны Засаг дарга өөрийн санаачилгаар, хүүхэд болон бусад хүн, хуулийн этгээдээс гомдол, мэдээлэл хүлээн авах зэрэг боломжит бүхий л аргыг ашиглана.
2.Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн эрх зүйн чадамжтай хүн энэ талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, сум, баг, хорооны Засаг дарга, хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд нэн даруй мэдээлэх үүрэгтэй.
3.Ажил, мэргэжлийн үйл ажиллагааныхаа хүрээнд болон сайн дурын үйл ажиллагааны явцад хүүхэдтэй шууд харилцаж байгаа хүн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар мэдээлэх үүрэг нь түүний хууль, ёс зүйн дүрэм, гэрээ, хэлцлээр хүлээсэн үүргээс давуу үйлчилнэ.
4.Энэ зүйлд заасан мэдээ, мэдээллийг хүлээн авах, илрүүлэх зорилгоор яаралтай тусламжийн 24 цагийн утас ажиллуулна.
4.12 дугаар зүйл.Мэдээлэл өгөгчийг нууцлах
1.Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар мэдээлэл өгсөн этгээд нь өөрийнхөө тухай мэдээллийг бусад этгээдэд задруулах зөвшөөрөл өгснөөс бусад тохиолдолд уг этгээдийн хувийн мэдээллийг нууцална.
2.Хүүхэд өөрөө тусламж авахаар хандсан тухай хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид мэдэгдэх нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй тохиолдолд мэдээллийг нууцална.
3.Энэ зүйлд заасан мэдээллийг нууцлахад мэдээллийн эх сурвалж, мэдээлэл өгөгчийн хувийн мэдээллийг хамгаалах, бусдад задруулахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллана.
4.13 дугаар зүйл.Нөхцөл байдлын үнэлгээ хийх, төлөвлөгөө гаргах
1.Хүүхдэд тохирох хүүхэд хамгааллын үйлчилгээг тодорхойлох зорилгоор нөхцөл байдлын үнэлгээ хийнэ. Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээ хийхдээ шаардлагатай тохиолдолд хамтарсан баг эсхүл холбогдох мэргэжилтний туслалцааг авч болно.
2.Нөхцөл байдлын үнэлгээг хийхдээ хүүхдийн бие бялдар, эрүүл мэнд, сэтгэл зүй, зан авир, танин мэдэхүй, нийгэмшихүй, боловсролын байдал, гэр бүл, сургалтын орчин, хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүүхэд өсгөх ур чадвар, тэдний хоорондын харилцаа зэрэг нөхцөл байдлыг нягтлан судална.
3.Нөхцөл байдлын үнэлгээгээр хүүхдэд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх шаардлагатай нь тогтоогдсон бол хүүхэд, түүний гэр бүлийн орчин, нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөө гаргана.
4.Хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөөнд төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацаа, оролцогч талуудын хамтын ажиллагаа, тэдгээрийн ажил, үүргийн хуваарилалт, харилцан мэдээлэл солилцох журам, алслагдмал газар, засаг захиргааны нэгжид оршин суудаг хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг явуулын хэлбэрээр хүргэх зэрэг асуудлыг тусгана.
5.Хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөөг хамтарсан багийн ахлагч болон төлөвлөгөөг боловсруулсан этгээд баталгаажуулах ба шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
6.Хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөөг боловсруулахад хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, долоон нас хүрсэн хүүхдийн саналыг авна.
7.Хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөөг харьяа хууль зүйн хорооны ажлын албанд хүргүүлнэ.
8.Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
9.Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүнд хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын нормативын дагуу урамшуулал олгоно.
4.14 дүгээр зүйл. Хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх, зохицуулах
1.Хүүхэд хамгааллын үйлчилгээг энэ хуулийн 4.13 дугаар зүйлийн 3-т заасан төлөвлөгөөний дагуу үзүүлнэ.
2.Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан нь хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэхдээ хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хамтарсан багийн гишүүд, оролцогч бусад талуудын санал, дүгнэлтийг авах, тэдэнтэй ганцаарчилсан болон хамтарсан уулзалт, зөвлөгөөн хийх, шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах, оролцогч талуудын үйл ажиллагааг зохицуулж ажиллана.
4.15 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын үйлчилгээний явц, үр дүнг хянах, үнэлэх
1.Хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөөнд заасан зорилго, зорилт, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг явцын болон эцсийн үнэлгээг хийнэ. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн саналыг авч үнэлгээнд тусгана.
4.16 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын кейсийг хаах
1.Хүүхэд хамгааллын кейсийг дараах үндэслэлээр хаана:
1.1.хүүхэд хамгааллын үйлчилгээний зорилго биелэгдэж, хүүхдийн сайн сайхан байдал хангагдсан;
1.2.хүүхэд 18 насанд хүрсэн бөгөөд хүүхэд 21 нас хүртлээ хүүхэд хамгааллын үйлчилгээ авахыг зөвшөөрөөгүй;
1.3.хүүхэд үрчлэгдсэн;
1.4.хүүхэд нас барсан.
2.Хүүхэд хамгааллын кейсийг хаахад харьяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагад танилцуулж, зөвшөөрөл авна.
3.Хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэсэн тохиолдолд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан улирал тутам нөхцөл байдлын үнэлгээ хийж, хоёр жил хүртэл хугацаанд хяналт тавина.
ТАВДУГААР БҮЛЭГ
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГА
5.1 дүгээр зүйл.Хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлага, түүний хэлбэр
1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлагаар хангах (цаашид “мэргэжлийн удирдлага” гэх) үүргийг хэрэгжүүлнэ.
2.Мэргэжлийн удирдлагыг хүүхэд хамгааллын үйлчилгээний статистик мэдээ, судалгаа, дүгнэлтэд үндэслэн нэгдсэн зохион байгуулалтын болон хүүхэд хамгааллын тодорхой кейстэй холбоотойгоор удирдан чиглүүлэх, дэмжих, зөвлөн туслах, хөгжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлнэ.
3.Хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх аргачлал, зааврыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
5.2 дугаар зүйл.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагаа
1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүүхэд хамгааллын үйлчилгээг мэргэжлийн удирдлагаар хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1.1.хүүхэд хамгааллын үйлчилгээний статистик мэдээ, судалгаа, дүгнэлтэд үндэслэн хүүхэд хамгааллын үйлчилгээний мэргэжлийн удирдлагын хэтийн болон ойрын зорилтыг тодорхойлох;
1.2.хүүхэд хамгааллын үйлчилгээнд гарч буй алдаа дутагдал, бэрхшээлийг тухай бүр тодорхойлж, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор нэгдсэн зөвлөмж, аргачлал, зааврыг боловсруулж, мөрдүүлэх;
1.3.хүүхэд хамгааллын үйлчилгээний статистик мэдээ, хүүхэд хамгааллын кейсээс түүвэрлэн хянаж, нийтлэг гарч байгаа алдаа, дутагдлыг тогтоож, зохих чиглэл тус бүрээр сургалт зохион байгуулах;
1.4.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагаас доод шатны албан хаагч, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг мэргэжлийн удирдлагаар хангах хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг шалгаж, биелэлтийг дүгнэх, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл, зааварчилгаа өгөх;
1.5.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагын албан хаагч, хүүхэд, гэр бүлийн болон бусад салбарын нийгмийн ажилтантай ганцаарчилсан болон хамтарсан уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, зөвлөмж, зөвлөгөө өгөх;
1.6.хүүхэд, гэр бүлийн болон бусад салбарын нийгмийн ажилтныг сургах, давтан мэргэшүүлэх, ажлын байран дээр зөвлөн туслах ажлыг зохион байгуулах.
5.3 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагаас мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагаа
1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага хүүхэд хамгааллын үйлчилгээг мэргэжлийн удирдлагаар хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1.1.тухайн орон нутгийн хамтарсан баг, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байгаа бусад этгээдийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах;
1.2.хүүхэд хамгааллын кейс бүрийн материалтай танилцаж, алдаа, дутагдлыг арилгах арга хэмжээ авах, энэ талаар илтгэх хуудаст тусгах;
1.3.хүүхэд хамгааллын үйлчилгээний явцад хийгдэж байгаа ажиллагаа, баримтжуулалтад хяналт тавих;
1.4.хүүхэд хамгааллын кейсийн статистик мэдээ, кейс шийдвэрлэлтэд үндэслэн хамтарсан баг, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байгаа бусад этгээдэд зохих чиглэл тус бүрээр сургалт зохион байгуулах;
1.5.хамтарсан баг, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байгаа бусад этгээдтэй ганцаарчилсан болон хамтарсан уулзалт зохион байгуулж, тулгамдсан асуудлаар ярилцлага хийх, чиглэл, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;
1.6.арав хүртэлх нийгмийн ажилтныг мэргэжлийн удирдлагаар хангах нэг ахлах нийгмийн ажилтан, тав хүртэлх ахлах нийгмийн ажилтныг мэргэжлийн удирдлагаар хангах нэг зөвлөх нийгмийн ажилтан ажиллахаар тооцож зохион байгуулалт хийх.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН САНХҮҮЖИЛТ БА ХЯНАЛТ
6.1 дүгээр зүйл. Хүүхэд хамгааллын санхүүжилт
1.Хүүхэд хамгааллыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
1.1.улсын төсөв;
1.2.орон нутгийн төсөв;
1.3.үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөр;
1.4.дотоод, гадаадын хуулийн этгээд болон олон улсын байгууллага, хувь хүнээс өгсөн хандив, тусламж.
2.Хүүхэд хамгааллын санхүүжилтийг энэ хуульд заасан хүүхэд хамгааллын үйлчилгээний төрөл, хэлбэр тус бүрээр улс, орон нутгийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
3.Хүүхэд хамгааллын санхүүжилтийг төлөвлөхдөө өмнөх онд шийдвэрлэсэн хүүхэд хамгааллын кейсийн тоо, үйлчилгээний чанар, үр дүнд үндэслэн дараа онд олгох санхүүжилтийг тогтооно.
4.Төр хүүхэд хамгааллын асуудлаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаар төлөөлөн гүйцэтгүүлж чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27.2-т заасны дагуу шийдвэрлэнэ.
5.Хүүхэд хамгаалалд тусгагдсан төсвийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон орон нутгийн байгууллага, хууль зүйн хороо, хамтарсан баг болон гэрээгээр хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
6.Хуулийн этгээд нь өөрийн цалингийн нийт сангийн нэгээс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг жил бүр хүүхэд хамгааллын бодлого, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, хүүхдэд ээлтэй, таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулахад зарцуулна.
7.Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын нормативыг Засгийн газар батална.
6.2 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын хяналт-шинжилгээ, үнэлгээ
1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүүхэд хамгааллын нөхцөл байдлыг тодорхойлох, хүүхэд хамгааллын үйлчилгээг үнэлэх зорилгоор дараах хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ:
1.1.орон нутаг, анхан шатны нэгжээс эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар бүртгэл, судалгааг авч нэгтгэн дүгнэх;
1.2.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлсэн хүүхэд хамгааллын үйлчилгээ, түүний үр дүнг үнэлж, шалгах;
1.3.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн талаар бүртгэл, судалгааг гаргаж, дүн шинжилгээ хийх;
1.4.хүүхэд хамгаалалд хүн, хуулийн этгээдийн оролцоог үнэлэх;
1.5.хүүхэд хамгааллын хүний нөөцийн бодлогыг төлөвлөн хэрэгжүүлэх, сургалтын чанар, үр нөлөөг үнэлэх;
1.6.энэ хууль, хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилж байгаа нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг өөрөө эсхүл бусад мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх.
6.3 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт
1.Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, нутгийн өөрөөр удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгогдсон байгууллага, албан тушаалтан энэ хууль болон бусад холбогдох хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.
6.4 дүгээр зүйл. Хүүхэд хамгааллын захиргааны хяналт
1.Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид тавих захиргааны хяналтыг хүүхдийн эрхийн улсын байцаагч гүйцэтгэнэ.
2.Хүүхдийн эрхийн улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1.1.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлсэн, мэдээлэл авсан бол энэ талаар харьяа хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд тухай бүр мэдэгдэх;
1.2.хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад хүүхэд аюултай нөхцөлд байдалд орсон нөхцөл байдал бий болсон бол хүүхдэд шуурхай тусламжийн үйлчилгээ үзүүлэх ажлыг нэн даруй зохион байгуулах;
1.3.нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байранд байгаа болон хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамрагдсан, үрчлэгдсэн хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавих;
1.4.хүн, хуулийн этгээдээс хүүхэд хамгааллын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах;
1.5.хүүхэд хамгааллын үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа хүн, хуулийн этгээд гэрээний үүргээ удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон бол түүнтэй байгуулсан гэрээг цуцлах санал гаргах, магадлан итгэмжлэлийг хүчингүй болгуулах, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай саналыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
1.6.хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхэд хамгааллын асуудлаар энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа албан хаагч, ажилтныг ажлаас чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулан тухай саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлэх;
1.7.хууль тогтоомжид заасан бусад.
ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
7.1. дүгээр зүйл. Гомдол, нэхэмжлэл гаргах
1.Энэ хуульд заасны дагуу хүүхэд хамгааллын асуудлаар гаргасан шийдвэр, үйл ажиллагаа хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын зөрчсөн гэж үзвэл Хүүхдийн эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу гомдол, нэхэмжлэл гаргаж болно.
7.2 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
7.3 дугаар зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт
1.Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө томилогдон ажиллаж байгаа хүүхэд, гэр бүлийн асуудал нийгмийн ажилтан нь энэ хуулийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээд боловсролын шаардлага хангахгүй байгаа тухайн ажилтныг нийгмийн ажлаар мэргэшүүлэх сургалтад хамруулсны үндсэн дээр хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар хэвээр ажиллуулна.
2.Энэ хуулийн 2.7 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн дагуу тогтоосон орон тоогоор сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулна.
7.4 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
1.Энэ хуулийг 2023 оны ..... дүгээр сарын ....-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Өргөн мэдүүлэх-Үзэл баримтлал
(Үзэл-баримтлал.pdf)