Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Тогтмолын МӨНХСАЙХАН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 11-Р САРЫН 10 ӨДӨР
УЛААНБААТАР

СУРГУУЛИЙН ОРЧИНД СУРАЛЦАГЧИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилго
1.1Энэ хуулийн зорилго нь суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, боловсрол олгох, эрүүл амьдралын зөв дадлыг хэвшүүлэх болон сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах, гэмтэл, ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлСургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтоомж
2.1Сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль, Хүнсний тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХууль үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх ерөнхий боловсролын сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.
3.2Энэ хуулийн суралцагчийн эрүүл мэндэд холбогдох зохицуулалт нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын 18 насанд хүрээгүй суралцагчдад мөн үйлчилнэ.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“эрүүл мэндийг хамгаалах” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасныг;
4.1.2“эрүүл мэндийг дэмжих” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-т заасныг;
4.1.3“эрүүл мэндийг тусламж, үйлчилгээ” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.3-т заасныг;
4.1.4“хариу арга хэмжээ” гэж Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3.1.8-д заасныг;
4.1.5“сургуулийн орчин” гэж Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг;
4.1.6“суралцагчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ” гэж бие бялдарын хөгжил, сэтгэцийн эрүүл мэндийн байдал, амьдралын зан үйлийн эрсдэлийг үнэлэх болон халдварт болон халдварт бус өвчний эмнэл зүйн үзлэгийг;
4.1.7“хяналт, тандалтын цахим бүртгэлийн сан” гэж суралцагчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, зөвлөгөө, эмчилгээ, хяналт, дархлаажуулалт, халдварт өвчний тохиолдол гэх мэт суралцагчийн эрүүл мэндтэй холбогдох мэдээллийг бүртгэх цахим санг.
4.1.8“суралцагчийг тодорхойлох боломжгүй болгох” гэж Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т заасныг;
5 дугаар зүйлСуралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зарчим
5.1Суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахтай холбогдох энэ хуульд заасан үйл ажиллагааг зохион байгуулахад дараах зарчмыг баримтална:
5.1.1ялгаварлан гадуурхахгүй байх;
5.1.2тэгш хандах;
5.1.3хүмүүнлэг, энэрэнгүй хандах;
5.1.4хүүхдийн хувийн болон эмзэг мэдээллийн нууцлалыг чанд хадгалах;
5.1.5хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих.
5.2Энэ хуульд заасан зохицуулалтыг нэг мөр ойлгоход эргэлзээ үүсвэл, дээрх зарчимд нийцүүлэн ойлгоно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
СУРАЛЦАГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ, ДЭМЖИХ ТОГТОЛЦОО
6 дугаар зүйлСуралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих төлөвлөгөө
6.1Суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааны 4 жилийн төлөвлөгөөг эрүүл мэндийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.
6.2Боловсролын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд нь суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг дараагийн хичээлийн жил эхлэхээс өмнө жил бүр цахим хэлбэрээр байршуулж, олон нийт болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлд тайлагнана.
6.3Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл нь сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой зөвлөмжийг энэ хуулийн 6.2-т заасан тайланг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор эрүүл мэндийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
6.4Суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнахад шаардлагатай мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтан нэн даруй гаргаж өгөх үүрэгтэй.
6.5Эрүүл мэндийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд нь энэ хуулийн 6.1-д заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнахад шаардлагатай санхүүгийн төлөвлөлтийг жил бүр хийж, улсын төсвөөс санхүүжүүлнэ.
7 дугаар зүйлСуралцагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангах
7.1Сургууль нь эрүүл мэндийн байгууллагатай хамтран суралцагчийн эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурласан анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
7.2Сургууль нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай эрүүл мэндийн тоног, төхөөрөмжөөр тохижуулсан эрүүл мэндийн өрөөтэй байна.
7.3Сургуулийн захирал нь эрүүл мэнд өрөөний стандартын шаардлагыг хангаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног, төхөөрөмжийн ашиглалтад тогтмол хяналт тавьж, хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй.
7.4Сургууль нь сургалтын болон яаралтай үед ашиглах зөөврийн автомат зүрхний сэдээгчтэй байна.
8 дугаар зүйлЭрүүл мэндийн үзлэг, шинжилгээ
8.1Сургуулийн захирал нь суралцагчийн ээлжит эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 3 сарын дотор сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон тухайн шатны Засаг даргатай хамтран жил бүр зохион байгуулна.
8.2Эмнэлгийн байгууллагад хийгдэхээс бусад эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг эрүүл ахуйн шаардлага хангасан, суралцагчдын эмзэг мэдээлэл задрахаас хангалттай сэргийлсэн сургуулийн орчинд хийж болох бөгөөд бусад тохиолдолд эмнэлгийн байгууллагад зохион байгуулна.
8.3Суралцагчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ нь ерөнхий болон тусгай үзлэг, шинжилгээнээс бүрдэх бөгөөд тусгай үзлэг, шинжилгээний төрөл, хамрагдах нас, хүйсийн ангилал болон тусгай үзлэг, шинжилгээнд орох давтамж, хийх аргачлал, үйл ажиллагааг тайлагнах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.4Эрүүл мэндийн ерөнхий үзлэг, шинжилгээнд бие бялдрын үнэлгээ, хараа, сонсгол, шүдний үзлэг, шинжилгээ багтах бөгөөд нэгээс арван хоёрдугаар ангийн нийт суралцагчдад жил бүр зохион байгуулна.
8.5Энэ хуулийн 8.3-т заасан үзлэг, шинжилгээнээс гадна дор дурдсан ангийн суралцагчдад дараах тусгай үзлэг, шинжилгээг заавал хийнэ:
8.5.1нэгдүгээр ангийн суралцагчид зүрхний цахилгаан бичлэг болон зүрх судасны тогтолцооны үзлэг, шинжилгээ;
8.5.2долдугаар ангийн суралцагчид амьсгалын эрхтэн тогтолцооны үзлэг, шинжилгээ;
8.5.3аравдугаар ангийн суралцагчид хеликобактер, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, сэтгэцийн эрүүл мэнд, шээс, бэлгийн тогтолцооны үзлэг, шинжилгээ.
8.6Суралцагч нь сайн дурын үндсэн дээр Эрүүл мэндийн тухай хуулийн 8.5-т заасан журмын дагуу эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдсан тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийг үндэслэн энэ хуулийн 8.1-т заасан суралцагчдын эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдахгүй байж болно.
8.7Сургууль нь 8.1-т заасан үзлэг, шинжилгээг зохион байгуулахаас нэг сарын өмнө суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагчид шинжилгээний төрөл, хийх аргачлалын талаарх мэдээллийг бичгээр эсхүл цахимаар мэдэгдэнэ.
8.8Суралцагч, түүний эцэг, эх, асран хамгаалагч нь Боловсролын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т заасныг үндэслэн үзлэг, шинжилгээнд хамрагдахаас татгалзсан тохиолдолд тухайн үзлэг, шинжилгээ зохион байгуулагдахаас 7 хоногийн өмнө татгалзлаа бичгээр эсхүл цахимаар сургуульд мэдэгдэнэ.
8.9Энэ хуулийн 8.1-т заасан үзлэг, шинжилгээг зохион байгуулагч нь сургуулийн эмч, эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн суралцагчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үр дүнг хүлээн авч, суралцагчийн эрүүл мэндийн хяналт, тандалтын цахим бүртгэлийн санд тусгана.
8.10Сургуулийн захирал нь үзлэг, шинжилгээнд хамрагдсан суралцагчдын эрүүл мэндийн нэгдсэн тайланд үндэслэн суралцагчийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээний төлөвлөгөөг сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх үүрэгтэй.
8.11Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тухайн шатны Засаг дарга нь сургуулийн захиралтай хамтран тухайн жилд хийгдсэн суралцагчийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээний нэгдсэн тайланг боловсруулж, энэ хуулийн 8.10-т заасан өмнөх хичээлийн жилийн хариу арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлангийн хамт тухайн хичээлийн жил дуусахаас 1 сарын өмнө аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт цахимаар эсхүл бичгээр хүргүүлнэ.
8.12Энэ хуулийн 8.11-т заасан тайлангуудыг хүлээн авсан аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар нь харьяалах нутаг дэвсгэрийн суралцагчдын эрүүл мэндийн нэгдсэн тайланг боловсруулж, эрүүл мэндийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудад тус тус хүргүүлнэ.
8.13Боловсролын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд нь энэ хуулийн 8.12-т заасан тайланг нэгтгэн дүгнэж, суралцагчдын эрүүл мэндийн улсын хэмжээний үзүүлэлтийг цахим хуудсаараа олон нийтэд тайлагнана.
8.14Сургуулийн захирал нь шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 8.10-т заасан төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох эрүүл мэндийн байгууллагаас шууд дэмжлэг, тусламж авах эрхтэй. Эдгээр байгууллагууд нь шаардлагатай тусламжийг нэн даруй үзүүлж, суралцагчдын эрүүл мэндийг хамгаалахад хамтран ажиллах үүрэгтэй.
8.15Энэ хуулийн 8.5-т заасан тусгай үзлэг, шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх бөгөөд тэдгээрээс бусад энэ хуулийн 8.1-т заасан үзлэг, шинжилгээний зардлыг суралцагчид ногдох хувьсах зардал болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагад олгож буй нэг иргэнээр тооцсон төсвөөс санхүүжүүлнэ.
9 дүгээр зүйлСуралцагчийн хувийн халдашгүй байдлыг хангах
9.1Суралцагчдын эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамаарах хувийн болон эмзэг мэдээллийг сургуулийн захирал, сургуулийн эмч, суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс бусад этгээдэд дамжуулах, задруулахыг хориглоно.
9.2Үзлэг, шинжилгээнд хамрагдсан суралцагчдын эрүүл мэндийн талаар статистик мэдээллийг боловсруулахад суралцагчийг тодорхойлох боломжгүй болгох арга хэмжээг авна.
10 дугаар зүйлЭмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ
10.1Сургуулийн захирал нь энэ хуулийн 8.1-т заасан эрүүл мэндийн үзлэг, шинжилгээгээр өвчтэй эсвэл өвчлөх эрсдэлтэй гэж оношлогдсон суралцагчийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлүүлэхэд шаардлагатай дараах арга хэмжээг нэн даруй авна:
10.1.1эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нэн даруй мэдэгдэх;
10.1.2шаардлагатай тохиолдолд суралцагчийг эрүүл мэндийн байгууллагад хүргэх;
10.1.3шаардлагатай гэж үзсэн бусад.
10.2Сургуулийн захирал нь суралцагчдын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахтай холбогдох дараах арга хэмжээг авна:
10.2.1суралцагч, эцэг эх, багш ажилтнуудад сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах;
10.2.2шаардлагатай тохиолдолд тухайн суралцагчийг мэргэжлийн зөвлөгөө өгөх байгууллага болон сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагатай холбож өгөх;
10.2.3суралцагчийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай бусад арга хэмжээг тухай бүр зохион байгуулах.
10.3Энэ хуулийн 10.1, 10.2-т заасан арга хэмжээг зохион байгуулахад шаардлагатай зардлыг сургууль хариуцна.
10.4Сургуулийн захирал нь энэ хуулийн 10.1, 10.2-т заасан арга хэмжээг зохион байгуулахад Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1-д заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байгууллагад хүсэлт гаргах замаар хамтран ажиллана. Хуульд өөрөөр заагаагүй бол хүсэлт хүлээн авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байгууллага нь хамтран ажиллах хүсэлтээс татгалзах эрхгүй.
11 дүгээр зүйлХалдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
11.1Сургуулийн орчинд халдварт өвчин гарах, тархахаас урьдчилан сэргийлэх, сургуульд суурилсан дархлаажуулалт, сургуулийн орчны халдваргүйжүүлэлт, ариутгалыг зохион байгуулах ажлыг сургуулийн захирал хариуцна.
11.2Сургуулийн захирал нь хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрээр эсхүл суралцагч болон сургуулийн ажилтнаас халдварт өвчин илэрсэн тохиолдолд бусад суралцагч болон сургуулийн ажилтанд халдахаас сэргийлэх арга хэмжээг нэн даруй зохион байгуулна.
11.3Сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сургуулийн эмч нар нь халдварт өвчин илэрсэн суралцагч болон сургуулийн ажилтныг ялгаварлан гадуурхалтад өртөх болон бусад байдлаар эрх нь зөрчигдөхөөс сэргийлэх арга хэмжээг тэр даруйд авна.
11.4Сургууль нь сургуулийн орчин, анги танхимын ариутгал, халдваргүйжүүлэлтийг сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө, суралцагчдын болон сургуулийн ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй арга хэлбэр, хуваарийн дагуу хийж гүйцэтгэнэ.
11.5Сургууль нь халдварт болон олон улсын хөл хориот өвчинтэй тэмцэх хүрээнд хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.
12 дугаар зүйлСуралцагчийн сэтгэцийн эрүүл мэнд
12.1Сургуулийн сэтгэл зүйч нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаас гадна суралцагчийн насны ангилалд тохирсон сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлнэ.
12.2Суралцагч нь ажлын цагаар биечлэн, утсаар, цахим хэлбэрээр сэтгэл зүйчээс зөвлөгөө авч болно.
12.3Сэтгэл зүйч нь сэтгэл зүйн зөвлөгөөтэй холбогдох мэдээллийн нууцлалыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу хадгална.
12.4Сэтгэл зүйн зөвлөгөөний явцад суралцагч нь гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсон байж болзошгүй нөхцөл байдал илэрвэл, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан арга хэмжээг нэн даруй авна.
12.5Сургуулийн захирал нь суралцагчийн хувийн мэдээлэл задрахаас сэргийлсэн, шаардлага хангасан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө, орчныг бүрдүүлж өгөх үүрэгтэй.
12.6Сэтгэл зүйч нь жил бүр асуумж болон ажиглалтын аргаар нийт суралцагчдаас сургуулийн орчинд тайван суралцахад тулгамдаж буй асуудал, дутагдлын талаар судалгаа авна.
12.7Сэтгэл зүйч нь энэ хуулийн 12.6-д заасан судалгааны үр дүнг сургуулийн захиралд хүргүүлнэ.
12.8Судалгааны үр дүнд үндэслэн сургуулийн захирал нь тухайн асуудлыг шийдвэрлэх бодлого, төлөвлөгөө боловсруулж нэг жилийн дотор асуудал, дутагдлыг бууруулах, арилгах үүрэгтэй бөгөөд тийнхүү бууруулсан, арилгасан тухай тайланг хичээлийн жил дуусахаас өмнө сум, дүүргийн боловсролын асуудал эрхэлсэн байгууллагад тайлагнана.
12.9Энэ хуулийн 12.6-д заасан судалгааны үр дүн 2 жил дараалан ижил байх тохиолдолд, тухайн сум, дүүргийн боловсролын асуудал эрхэлсэн байгууллагаас тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөвлөмж хүргүүлж, холбогдох арга хэмжээ авах үүрэгтэй.
12.10Аливаа хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас энэ хуулийн 12.6-д заасан судалгааны үр дүнд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон тохиолдолд, сургуулийн сэтгэл зүйч энэ тухай сум, дүүргийн боловсролын асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэнэ.
13 дугаар зүйлСуралцагчийн эрүүл мэндийн боловсрол
13.1Боловсролын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн захиргааны байгууллагууд нь эрүүл өсөлт хөгжил, халдварт өвчин, халдварт бус өвчин, донтолт, осол гэмтэл, хүчирхийлэл, сэтгэц, бэлгийн болон нөхөн үржихүй, эрүүл ахуйн гар угаах, шүд угаах, хог хаягдлын менежмент, ариун цэврийн өрөөг зохистой ашиглах гэх мэт амьдрах ухааны ур чадваруудыг багтаасан сургалт, сурталчилгааны арга хэмжээг тогтмол зохион байгуулна.
13.2Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сургуулийг суралцагчийн эрүүл мэндийн сургалтын цаг, хөтөлбөр, ном, гарын авлага болон бусад шаардлагатай зүйлсээр хангана.
13.3Сургуулийн захирал нь суралцагчдыг амилуулах суурь тусламжийн сургалтад хамруулах ажлыг эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулна.
14 дүгээр зүйлДархлаажуулалтын хяналт
14.1Дархлаажуулалтын тухай хуулийн 10.3-т заасны дагуу Засгийн газраас баталсан үндэсний товлолын заавал хийх дархлаажуулалтыг сургуульд суурилсан байдлаар зохион байгуулж болно.
14.2Сургууль нь бага болон дунд сургуулийн суралцагчийг шинээр элсэн орох үед товлолын дархлаажуулалтад бүрэн хамрагдсан эсэхийг эцэг, эх, асран хамгаалагчаас цахимаар эсхүл бичгээр лавлаж, уг мэдээллийг суралцагчийн эрүүл мэндийн хяналт, тандалтын цахим санд оруулна.
14.3Сургуулийн захирал нь товлолын дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй суралцагчид шаардлагатай вакциныг хийлгэх талаар удирдан зохион байгуулах үүрэгтэй. Шаардлагатай тохиолдолд харъяа эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагаас дархлаажуулалтад дэмжлэг үзүүлэхийг хүсэж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
СУРГУУЛИЙН ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
15 дугаар зүйлСургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө
15.1Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь 4 жил тутамд сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ.
15.2Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хуулийн 15.1-т заасан төлөвлөгөөний биелэлтийг жил бүр дүгнэж, дараагийн хичээлийн жил эхлэхээс өмнө цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд тайлагнана.
15.3Сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнахад шаардлагатай мэдээллийг холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан нь нэн даруй гаргаж өгөх үүрэгтэй.
15.4Энэ хуулийн 15.1-т заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнахад шаардлагатай санхүүгийн төлөвлөлтийг жил бүр улсын төсвөөс санхүүжүүлнэ.
15.5Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тухайн шатны Засаг дарга нь энэ хуулийн 15.1-т заасан төлөвлөгөөнд нийцүүлэн сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх орон нутгийн төлөвлөгөөг жил бүр баталж, хэрэгжүүлэх үүрэгтэй.
15.6Энэ хуулийн 15.5-т заасан сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх орон нутгийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хичээлийн жил дуусахаас 1 сарын өмнө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
15.7Сургуулийн захирал нь энэ хуулийн 15.1, 15.5-д заасан төлөвлөгөөнд үндэслэн жил бүр сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сургуулийн төлөвлөгөөг, өөрийн үнэлгээний тайлангийн хамт Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 24.1-т заасан сургуулийн зөвлөлтэй хамтран баталж, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангана.
15.8Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сургуулийн өөрийн үнэлгээний тайлангийн аргачлалыг батална.
15.9Сургуулийн захирал нь сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сургуулийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг сургуулийн өөрийн үнэлгээний тайлангийн хамт сум, дүүргийн Засаг даргад хичээлийн жил дуусахаас 2 сарын өмнө хүргүүлнэ.
15.10Сум, дүүргийн Засаг дарга нь сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай байгууламжийг байгуулах, аюул учруулах эрсдэлтэй байгууламжийг засварлаж, удирдан зохион байгуулах бөгөөд шаардагдах төсвийг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
16 дугаар зүйлСургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт
16.1Сургуулийн захирал нь нийт суралцагчдад сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт жил бүр зохион байгуулж, түүний үр дүнг сум, дүүргийн боловсролын асуудал эрхэлсэн захиргааны байгууллагад тайлагнах үүрэгтэй.
16.2Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалтын цаг, хөтөлбөр, ном, гарын авлага болон бусад шаардлагатай зүйлсээр хангах үүргийг хүлээнэ.
17 дугаар зүйлГамшгаас хамгаалах сургалт
17.1Сургууль нь суралцагчдад аюулт үзэгдэл, гамшгийн үед хүний амь нас аврах, гамшгийн нөхцөл байдлыг даван гарах анхан шатны чадварыг эзэмшүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулна.
17.2Сургуулиас суралцагчдад аюулт үзэгдэл, гамшиг, ослын үед болон бусад тохиолдолд амь аврах, даван гарах чадварыг эзэмшүүлэх зорилгоор тухайлсан сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран тогтмол зохион байгуулна.
18 дугаар зүйлДэмжлэг, тусламж үзүүлэх
18.1Орон нутгийн боловсролын асуудал эрхэлсэн байгууллага болон сургуулийн захирал нь сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлийн улмаас хохирсон суралцагч, тэдгээрийн гэр бүлийнхэнд сэтгэл зүйн тогтвортой байдал болон нийгэмд дасан зохицуулах зорилгоор зөвлөгөө өгөх болон сэтгэл зүйн эмчилгээ хийх зэрэг шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх үүрэгтэй.
19 дүгээр зүйлСургуулийн орчинд тавигдах шаардлага
19.1Сургуулийн барилга, байгууламж, эзэмшил газар нь холбогдох барилгын норм, стандартад заасан шаардлагыг хангасан байхаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
19.1.1нарны тусгал, агаарын урсгал сайтай байх;
19.1.2хүний биед сөргөөр нөлөөлөх агаар дуслын замаар дамжих бодис ашигладаг үйл ажиллагаанаас мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд заасан хэмжээнээс багагүй хэмжээнд зайтай байх;
19.1.3орчин тойрондоо аюул учруулж болзошгүй барилга, байгууламжаас мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд заасан хэмжээнээс багагүй хэмжээнд зайтай байх;
19.1.4байгалийн гамшгийн эрсдэл учирч болзошгүй газраас мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд заасан хэмжээнээс багагүй хэмжээнд зайтай байх;
19.1.5сургуулийн барилга, байгууламжаас гарах хаалга нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний идэвх өндөр газартай залгаа байж болохгүй;
19.1.6сургуулийн барилга, байгууламж нь тогтмол дуу чимээний бохирдолтой бүсэд байж болохгүй;
19.1.7сургуулийн барилга, байгууламж нь нарийн тоосжилт өндөртэй бүсэд байж болохгүй.
19.2Барилга хот, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сургуулийн барилга, байгууламж баригдахаас өмнө болон дараа энэ зүйлийн 19.1-т заасан шаардлага болон сургуулийн барилга, байгууламжид холбогдох норм, стандарт, дүрэм зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүрэгтэй.
19.3Энэ зүйлийн 19.1-т заасан шаардлага хангасан газрыг хайж олоход бүх шатны Засаг дарга тусламж үзүүлэх үүрэгтэй.
20 дугаар зүйлСургуулийн эзэмшил газар дээрх аюулгүй байдлын шаардлага хангагдаагүйн улмаас үүсэх хариуцлага
20.1Сургуулийн захирал нь сургуулийн барилга, байгууламж, биеийн тамирын талбай, сургуулийн эзэмшил газар дээрх аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
20.2Сургуулийн барилга, байгууламж, биеийн тамирын талбай, сургуулийн эзэмшил газар дээрх аюулгүй байдалд холбогдох норм, стандарт, дүрмийг бүрэн хангаагүйн улмаас бусдын эрүүл мэнд, хөрөнгө, амь насанд учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу сургууль хариуцан арилгах үүрэгтэй.
21 дүгээр зүйлСургуулийн барилга байгууламжийн эрүүл ахуйн шаардлага хангагдаагүйн улмаас үүсэх хариуцлага
21.1Сургуулийн барилга, байгууламжийн эрүүл ахуйн норм, стандартын хэрэгжилтийг сургуулийн захирал хариуцна.
21.2Сургуулийн барилга, байгууламжийн эрүүл ахуйн норм, стандартыг хангаагүйн улмаас бусдын эрүүл мэнд, хөрөнгө, амь насанд учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу сургууль хариуцан арилгах үүрэгтэй.
22 дугаар зүйлСургуулийн барилга, байгууламжийн засвар, үйлчилгээ
22.1Сургуулийн барилга, байгууламжийн засвар, үйлчилгээний ажлын улмаас суралцагчийн эрүүл мэндэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тэргүүн ээлжид сургууль хариуцна. Сургууль нь суралцагчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгасны дараа буруутай этгээдээс нөхөн төлбөрт зарцуулсан мөнгөн төлбөрийг шаардах эрхтэй.
22.2Сургуулийн барилга, байгууламжийн дотор засварын ажилд дотоод орчны агаарт ялгарах дэгдэмхий органик нэгдэл ашиглах тохиолдолд, тухайн засварын ажлыг сургалтын үйл ажиллагаа эхлэхээс 28 хоногийн өмнө гүйцэтгэсэн байна.
22.3Сургуулийн барилга, байгууламжийн дотор засварын ажлыг энэ зүйлийн 22.2-т заасан хугацааны дотор гүйцэтгээгүй тохиолдолд, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсны үндсэн дээр тухайн засвар хийсэн орчинд сургалтын үйл ажиллагаа явуулж болох эсэхийг шийдвэрлэнэ.
23 дугаар зүйлСургуулийн орчны болон хүнсний эрүүл ахуй
23.1Сургуулийн захирал нь сургуулийн орчны эрүүл ахуй болон хүнсний эрүүл ахуй нь холбогдох стандартыг хангаж буй эсэхтэй холбогдуулан жилд хоёроос доошгүй удаа хяналт, шалгалтыг зохион байгуулах бөгөөд үр дүнг тэмдэглэн сургуулийн зөвлөлд тайлагнана.
23.2Энэ хуулийн 23.1-д заасан эрүүл ахуйн хяналт, шалгалтыг зохион байгуулахдаа сургуулийн зөвлөлийн эцэг эхийн төлөөллийг оролцуулна.
23.3Энэ хуулийн 23.1-т заасан хяналт, шалгалтыг явуулахдаа эрүүл ахуй болон хүнсний эрүүл ахуй хариуцсан эрх бүхий байгууллагатай хамтран ажиллана.
23.4Энэ хуулийн 23.1-т заасан хяналт, шалгалтын үр дүн нь сургуулийн орчны эрүүл ахуйн стандартад нийцээгүй бол, сургуулийн захирал нэн даруй шаардлагатай арга хэмжээ авч, сургуулийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг сайжруулах арга хэмжээг зохион байгуулна.
23.5Сургуулийн захирал нь энэ хуулийн 23.4-т заасан үр дүн болон авсан арга хэмжээний талаар сургуулийн зөвлөлд танилцуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД
24 дүгээр зүйлТөрөөс бусад байгууллага, хувь хүнээс үзүүлэх дэмжлэг
24.1Энэ хуульд заасан үйл ажиллагаа, арга хэмжээг явуулахад шаардлагатай зардлыг олон улсын, гадаадын болон дотоодын байгууллага, хувь хүний хандив тусламжаар санхүүжүүлж болно.
24.2Санхүүжилтийн хэлбэр нь мөнгөн эсхүл бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ ханган нийлүүлэх хэлбэрээр байж болно.
25 дугаар зүйлХууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
25.1Энэ хуулийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
26 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
26.1Энэ хуулийг 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(Хуулийн төслийн танилцуулга.docx)