Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Отгоны САРАНЧУЛУУН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 12-Р САРЫН 16 ӨДӨР
УЛААНБААТАР

Нийгмийн ажлын тухай

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь нийгмийн ажлын мэргэжлийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох, салбар хоорондын уялдаатай нийгмийн ажлын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, шуурхай, тасралтгүй хүргэх тогтолцоог бүрдүүлэх, хүний бие даан шийдвэр гаргах чадварыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулахад оршино.
2 дугаар зүйлНийгмийн ажлын хууль тогтоомж
2.1Нийгмийн ажлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3Монгол Улсын хууль тогтоомжид нийгмийн ажлын талаар тусгайлан заасан бол нийгмийн ажлын хууль тогтоомжид хамаарна.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин сууж байгаа иргэн Монгол Улсын харьяат эсэхээс үл хамааран энэ хуулийн үйлчлэлд хамаарна.
3.2Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд Монгол Улсын хилийн гадна байгаа Монгол Улсын иргэнд энэ хуульд заасан нийгмийн ажлын мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлнэ.
3.3Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа харьяалалгүй энэ хуульд заасан нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг үзүүлж болно.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно.
4.1.1”нийгмийн ажил” гэж нийгмийн хөгжил, өөрчлөлт, нийгмийн эв нэгдлийг дэмжиж, хүний эрх, эрх чөлөөг хангах, тэднийг чадавхжуулахад чиглэсэн мэргэжлийн арга зүй бүхий цогц үйл ажиллагаа;
4.1.2“нийгмийн ажлын үйлчилгээ” гэж нийгмийн ажилтнаар дамжуулан хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийтэд үзүүлж буй энэ хуульд заасан тусламж, дэмжлэг, зөвлөгөө, хамгааллын багц үйлчилгээг;
4.1.3“нийгмийн ажилтан” гэж Нийгмийн ажлын үйлчилгээг хүргэхэд шаардлагатай шинжлэх ухааны мэдлэг, ур чадвар, хандлагатай бүхий дээд боловсрол эзэмшсэн мэргэжилтнийг;
4.1.4“нийгмийн ажилтны мэргэжлийн нэгдсэн холбоо” гэж /цаашид "Нийгмийн ажилтны холбоо" гэх/ гэж нийгмийн ажилтны мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, нийгмийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой, гишүүнчлэл бүхий өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг;
5 дугаар зүйлНийгмийн ажлын зарчим
5.1Үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцсэн, чанартай, хүртээмжтэй, нотолгоонд суурилсан байх;
5.2Хүн ам, зорилтот бүлгийн тандалт судалгаа, үнэлгээнд суурилсан, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн байх
5.3Нэгдсэн арга зүй, нийгмийн шинжлэх ухааны салбарын ололт амжилтад нийцсэн байх;
5.4Салбар дундын уялдааг хангасан, олон талт хамтын ажиллагаа, олон мэргэжлийн багаар үйлчилгээг үзүүлэх;
5.5Хүн ам, зорилтот бүлэг, үйлчлүүлэгчийн оролцоог нэмэгдүүлж, бие даан шийдвэр гаргах чадварыг дэмжих;
5.6Хүний эрхэм чанар, нэр төрийг хүндэтгэж, хүний хувийн, эмзэг мэдээллийг зөвхөн мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах;
5.7Нийгмийн ажилтны мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг тогтоож, мэргэжлийн тасралтгүй хөгжил, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, тасралтгүй хөгжүүлэх
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ
6 дугаар зүйлНийгмийн ажлын үйлчилгээний төрөл
6.1Нийгмийн ажлын үйлчилгээ нь шууд болон шууд бус төрөлтэй байна.
6.2Нийгмийн ажлын шууд үйлчилгээ нь нийгмийн ажилтан хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийттэй шууд харилцаж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа.
6.3Нийгмийн ажлын шууд бус үйлчилгээ нь нийгмийн ажлын бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, нийгмийн судалгаа хийх, бодлогын нөлөөлөл үзүүлэх, олон улсын нийгмийн ажилд оролцох замаар нийгмийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанаас бүрдэнэ.
7 дугаар зүйлНийгмийн ажлын шууд үйлчилгээний төрөл
7.1Нийгмийн ажлын шууд үйлчилгээ нь дараах төрөлтэй байна. Үүнд:
7.1.1хувь хүний хөгжлийг дэмжих үйлчилгээ;
7.1.2.амьдралын хүнд нөхцөлөөс гарахад чиглэсэн дэмжлэг, туслалцаа;
7.1.3эрсдэлт бүлэгт чиглэсэн нийгмийн хамгааллын үйлчилгээ;
7.1.4олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа;
7.1.5нийгэм, сэтгэл зүй, эрүүл мэндийн дадал, зуршлын зөвлөгөө;
7.1.6нийгмийн үйлчилгээнд холбон зуучлах, шилжүүлэх;
7.1.7төлөөлөл хэрэгжүүлэх;
7.1.8тусламж үйлчилгээний зохицуулалт.
8 дугаар зүйлХувь хүний хөгжлийг дэмжих үйлчилгээ
8.1Хүн хэрэгцээ, сонирхол, боломж, нөхцөлдөө нийцүүлэн орон зай, цаг хугацаанаас үл хамааран мэргэжил, боловсрол, мэдлэг, чадвараа тасралтгүй хөгжүүлэх, дээшлүүлэхэд дэмжих, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа хамаарна.
9 дүгээр зүйлАмьдралын хүнд нөхцөлөөс гарахад чиглэсэн дэмжлэг
9.1Нийгмийн халамж, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу нийгмийн ажилтан, магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээд үзүүлнэ.
9.2Нийгмийн ажилтан нь амьдралын хүнд нөхцөлөөс гарахад чиглэсэн дэмжлэг туслалцааг Нийгмийн халамжийн тухай хуулийн 13, 17, 18 дугаар зүйлд заасны дагуу үзүүлнэ.
10 дугаар зүйлЭрсдэлт бүлэгт чиглэсэн нийгмийн хамгааллын үйлчилгээ
10.1Нийгмийн халамжийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Ахмад настны эрхийн тухай хуульд заасны дагуу эрсдэлт нөхцөлд байгаа хүн, тодорхой бүлэгт нийгмийн хамгааллын үйлчилгээг тухайн хуульд заасны дагуу үзүүлнэ.
10.2Эрүүл мэнд, эдийн засаг, нийгэм сэтгэл зүйн эмзэг байдлаас шалтгаалан эрсдэлт нөхцөлд байгаа хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийтийг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулна.
10.3Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, тахал, гоц халдварт болон олон улсын хөл хориот өвчин гарсан үед нийгмийн ажлын үйлчилгээг нэрвэгдэгсдэд болон тухайн бүсийн зорилтот бүлэгт саадгүй, тасралтгүй, шуурхай үзүүлнэ.
11 дүгээр зүйлОлон нийтийн оролцоог дэмжих, соён гэгээрүүлэх арга хэмжээ
11.1Хүний сайн сайхан байдал, нийгэмд хэвийн ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэнд, эдийн засаг, нийгэм сэтгэл зүйн обьектив болон субьектив аливаа эрсдэлийг бууруулах нөлөөллийн цогц арга хэмжээг соён гэгээрүүлэх арга хэмжээ гэнэ.
11.2Олон нийтийн оролцоог дэмжих, соён гэгээрүүлэх чиглэлийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
11.2.1нийгмийн ажлын үйлчилгээ шаардагдах хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийтийг тодорхойлох;
11.2.2тэдний онцлог, ялгаатай байдал, зан үйл, дадалд суурилж арга хэмжээг тодорхойлох;
11.2.3мэдэгдэл, зөвлөмж, сургалт сурталчилгааг хийх
12 дугаар зүйлНийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө
12.1Хүний сэтгэл санаа, эрүүл мэндийн дадал зуршил, нийгмийн харилцааг дэмжих, хэвийн байдлаа хадгалахад туслах, сэтгэл зүйн анхны тусламж, нийгмийн дэмжлэгийг үзүүлнэ.
12.2Нийгэм сэтгэл зүйн үйлчилгээг ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөний хэлбэрээр үзүүлнэ.
13 дугаар зүйлНийгмийн үйлчилгээнд холбон зуучлах, шилжүүлэх
13.1Хувь хүн, түүний гэр бүлийн гишүүнд нийгэмд хэвийн ажиллаж, амьдрахад дэмжлэг үзүүлэх, нөхөн сэргээхэд туслах зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжилтэнд зуучилж, хамтран үйлчилгээ үзүүлнэ.
13.2Энэ хуульд заасан нийгмийн ажлын үйлчилгээг мэргэшсэн байгууллага хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхээр бол үйлчлүүлэгчийг тухайн байгууллагад шилжүүлэн хүргэнэ.
14 дүгээр зүйлТөлөөлөл хэрэгжүүлэх
14.1Хүн өөрийн эрүүл мэнд, сэтгэл зүй, нас, хөгжлийн бэрхшээл, орон зай болон цаг хугацааны нөхцөл байдлын улмаас өөрийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлж, нийгмийн ажлын үйлчилгээг авах боломжгүй эсхүл хязгаарлагдсан тохиолдолд нийгмийн ажилтан нь тухайн хүний өмнөөс төлөөлөл хэрэгжүүлнэ.
14.2Нийгмийн ажилтан нь хууль тогтоомжид заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөл хэрэгжүүлэхдээ үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлж оролцоно.
15 дугаар зүйлТусламж, үйлчилгээний зохицуулалт
15.1Хууль тогтоомжид заасан тусламж үйлчилгээ, энэ хуульд заасан нийгмийн ажлын шууд үйлчилгээний төрлийг сонгох, зохицуулах, олон мэргэжлийн багийн менежмент хийх үйлчилгээг нийгмийн ажилтан хариуцна.
15.2Тусламж үйлчилгээний зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ кейс менежмент, төлөвлөлтийг хийнэ.
16 дугаар зүйлНийгмийн ажлын шууд үйлчилгээний үе шат
16.1Нийгмийн ажлын шууд үйлчилгээ дараах үе шаттай байна.Үүнд:
16.1.1Үйлчлүүлэгчтэй харилцаа холбоо тогтоох;
16.1.2үйлчлүүлэгчийн нөхцөл байдлыг үнэлэх;
16.1.3нийгмийн ажлын үйлчилгээг төлөвлөх;
16.1.4нийгмийн ажлын үйлчилгээг хэрэгжүүлэх;
16.1.5нийгмийн ажлын үйлчилгээг үнэлэх;
16.1.6нийгмийн ажлын үйлчилгээг хаах.
16.2Нийгмийн ажлын үйлчилгээний үе шат, хэрэгжүүлэх үйл ажиллагааг стандартаар тогтоох бөгөөд уг стандартыг Нийгмийн ажилтны холбоо, стандартын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран баталж, хэрэгжилтийг хангуулна.
16.3Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэхэд олон улсын байгууллагаас баталсан, нийтээр хүлээн зөвшөөрсөн нийгмийн ажлын үйлчилгээний стандарт, удирдамж, зөвлөмжийг хэрэглэж болно.
16.4Энэ зүйлд заасан гадаад улсын болон олон улсын стандартыг хэрэглэхээр бол Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны үндэсний стандартаар бүртгүүлнэ.
17 дугаар зүйлНийгмийн ажлын шууд үйлчилгээний баримтжуулалт
17.1Нийгмийн ажилтан нь шууд үйлчилгээний тэмдэглэлийг хууль, тогтоомжид заасан стандартад нийцүүлэн цаасан болон цахим хэлбэрээр хөтөлж, нийгмийн ажил, үйлчилгээний нийтлэг шаардлага стандартын дагуу хадгалах бөгөөд хуульд заасан тохиолдолд холбогдох мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид танилцуулна.
17.2Нийгмийн ажлын шууд үйлчилгээний хүрээнд баримтжуулсан мэдээллийг энэ хуульд заасан мэдээллийн санд байршуулж, үйл ажиллагаанд ашиглана.
18 дугаар зүйлНийгмийн шууд бус үйлчилгээ
18.1Нийгмийн шууд бус үйлчилгээ нь дараах төрөлтэй байна. Үүнд:
18.1.1олон улсын нийгмийн ажил;
18.1.2нийгмийн ажлын бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх үнэлэх;
18.1.3нийгмийн ажлын судалгаа;
18.1.4нийгмийн бодлогын нөлөөлөл;
18.2Нийгмийн ажилтны мэргэжлийн зэрэг, дэв тогтоох, мэргэшсэн нийгмийн ажилтныг тодорхойлоход энэ зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан үйлчилгээний туршлага, үзүүлэлтийг харгалзан үзнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ОРОЛЦОГЧ ТАЛУУД
19 дүгээр зүйлУлсын Их Хурлын бүрэн эрх
19.1Улсын их хурал нь нийгмийн ажлын үйлчилгээний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
19.1.1нийгмийн ажлын хууль тогтоомжийг боловсронгуй болгох;
19.1.2нийгмийн ажлын үйлчилгээний талаар хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
19.1.3нийгмийн ажлын үйлчилгээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган батлах;
19.4хуульд заасан бусад;
20 дугаар зүйлЗасгийн газрын бүрэн эрх
20.1Засгийн газар нь нийгмийн ажлын үйлчилгээний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
20.1.1нийгмийн ажил үйлчилгээний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
20.2.1нийгмийн ажлын үйлчилгээний бодлого, хөтөлбөрийг төлөвлөн хэрэгжүүлэх;
20.3.1нийгмийн ажлын үйлчилгээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авах;
20.4.1хуульд заасан бусад
21 дүгээр зүйлХоёр талт үндэсний хороо
21.1Засгийн газар, Нийгмийн ажилтны холбооны төлөөлөл хоёр талт хороо байгуулж, хоёр жил тутам зөвшилцөж төрийн байгууллагад ажиллаж байгаа нийгмийн ажилтны эрх зүйн байдал, цалин хөлс, зэрэг дэвтэй холбоотой асуудлаар тогтоол шийдвэр гаргана.
21.2Хоёр талт хороо тэдгээрийн гишүүд нь бие дааж, хараат бусаар ажиллана.
21.3Үндэсний хорооны дүрмийг Засгийн газар батална.
21.4Хоёр талт үндэсний хороо ажлын албатай байна. Ажлын албаны үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
21.5Үндэсний хороо дараах чиг үүрэг хэрэгжүүлнэ:
21.5.1төрийн байгууллагад ажиллаж байгаа нийгмийн ажилтны цалин хөлстэй холбоотой асуудлаар тогтоол гаргах;
21.5.2нийгмийн ажлын үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бодлого боловсруулах;
21.5.3нийгмийн ажлын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал гаргах, хууль тогтоомжийн төсөлтэй урьдчилан танилцах, батлагдахаас өмнө саналаа хүргүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх;
21.5.4энэ хуулиар олгосон эрхийн хүрээнд холбогдох дүрэм, аргачлал батлан мөрдүүлэх, тогтоол батлах;
21.5.6хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
22 дугаар зүйлНийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх төрийн байгууллага
22.1Нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг тухайн салбарын хуулиар эрх олгосон төрийн байгууллага, түүний ажилтан нийгмийн ажлын үйлчилгээг үзүүлнэ.
22.2Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх төрийн байгууллага нь үйлчлүүлэгчид нийгмийн ажлын шууд үйлчилгээ үзүүлэх нийгмийн ажилтантай байх бөгөөд төрийн байгууллагад ажиллах нийгмийн ажилтны жишиг тоог хүн амын нягтрал, шилжилт хөдөлгөөн, эрсдэлт бүлгийн хүн ам, үйлчлүүлэгчийн тоо, салбарын онцлогийг харгалзан Засгийн газар тогтооно.
22.3Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллага бүр нийгмийн ажилтны ажлын байранд мэргэжлийн нийгмийн ажилтныг шалгаруулж авах, мэргэжлийн үйлчилгээ үзүүлж ажиллах нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн ажилтныг нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагаар хангана.
22.4Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллага нь нийгмийн ажлын үйлчилгээ шаардлагатай хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийтэд нийгмийн ажлын үйлчилгээг хүргэх бодлого, чиглэл, санхүү, хүний нөөцийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдлыг хангана.
22.5Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх төрийн байгууллага нь үзүүлж буй нийгмийн ажлын шууд үйлчилгээнийхээ талаар бүртгэл хийж, энэ хуульд заасан мэдээллийн санд бүртгүүлнэ.
23 дугаар зүйлНийгмийн ажлын үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд
23.1Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэхээр дүрэмдээ заасан мэргэшсэн хуулийн этгээд нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлнэ.
23.2Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан нийгмийн ажлын шууд үйлчилгээг хуулийн этгээд бие даан үзүүлж болох бөгөөд дараах шаардлагыг хангасан тохиолдолд магадлан итгэмжлэгдэнэ. Үүнд:
23.2.1хоёроос доошгүй нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх нийгмийн ажилтантай байх;
23.2.2нийгмийн ажилтнууд нь мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх;
23.2.3үйл ажиллагаа явуулах ажлын байртай байх;
23.2.4хүсэлт гаргагч хуулийн этгээд нь дотоод журамдаа нийгмийн ажлын үйлчилгээний үндэсний стандартад нийцсэн аргачлалыг тусгасан байх;
23.2.5хүсэлт гаргагч хуулийн этгээд нь өөрийн дотоод журамдаа санхүүгийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдлыг хангах;
23.3Нийгмийн ажил үйлчилгээг бие даан эрхлэх хуулийн этгээд энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзвэл дараах баримт бичгийг бүрдүүлэн Нийгмийн ажилтны холбооны Ажлын албанд хүргүүлнэ:
23.3.1нийгмийн ажлын үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдийн гэрчилгээ
23.3.2хуулийн этгээдийн дүрэм, дотоод журам
23.3.3Энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан шаардлагыг хангасан баримт бичиг;
23.4Хорооны ажлын алба энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.3-т заасан хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хянаж, шаардлага хангасан хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх саналыг Нийгмийн ажилтны холбооны Мэргэжлийн Хороонд хүргүүлнэ.
23.5Нийгмийн ажилтны холбооны Ажлын албанаас энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасан саналыг үндэслэн Мэргэжлийн хороо нийгмийн ажлын үйлчилгээ явуулах хуулийн этгээдийг 3 жилийн хугацаагаар магадлан итгэмжилнэ.
23.6Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ талаар 15 хоногийн дотор Нийгмийн ажилтны холбооны Ажлын албанд мэдэгдэж бүртгүүлнэ.
24 дүгээр зүйлНийгмийн ажилтан нийгмийн ажлын шууд үйлчилгээ эрхлэх
24.1Энэ хуульд заасан нийгмийн ажилтан нь нийгмийн ажлын шууд үйлчилгээг Нийгмийн ажилтны холбооны нэгдсэн бүртгэлд бүртгүүлсний үндсэн дээр үзүүлэх ба нийгмийн ажлын мэргэжлийн дүрмийг баримтална.
24.2Нийгмийн ажилтны холбоо нь нийгмийн ажилтныг мэргэжлийн чиглэлээр бүртгэж, чадавхижуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙГМИЙН АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО
25 дугаар зүйлНийгмийн ажилтны мэргэжлийн нэгдсэн холбоо, түүний гишүүнчлэл
25.1Нийгмийн ажилтны холбооны үйл ажиллагааг Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар тодорхойлно.
25.2Нийгмийн ажилтны холбоо нийгмийн ажилтны мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, нийгмийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх болон энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
25.3Энэ хуульд заасан нийгмийн ажлын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийгмийн ажилтан нь нийгмийн ажилтны холбооны гишүүнчлэлтэй байх бөгөөд нийгмийн ажилтан мэргэжилтэй этгээд нь гишүүн байж болно.
25.4Нийгмийн ажилтны холбооны эрх барих дээд байгууллага нь нийт гишүүдийн их хурал байна.
25.5Нийгмийн ажилтны анхдугаар их хурлаар Нийгмийн ажилтны холбоог байгуулах бөгөөд Нийгмийн ажлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулна.
25.6Нийгмийн ажилтны холбоо нь Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Ажлын алба, Мэргэжлийн хороо болон бусад төрлийн хороодтой байна.
25.7Нийгмийн ажилтнууд сайн дураараа нэгдэж байгуулсан хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд нь нийгмийн ажилтны холбооны үйл ажиллагаанд эрх эдэлж, үүрэг хүлээх байдлаар оролцож болно.
26 дугаар зүйлНийгмийн ажилтны холбооны чиг үүрэг
26.1Нийгмийн ажилтны холбоо нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
26.1.1нийгмийн ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
26.1.2нийгмийн ажилтны мэргэжлийн дүрэм батлах, сахиулах;
26.1.3мэргэжлийн хороо байгуулан ажиллуулах;
26.1.4нийгмийн ажилтны үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах, багц цагийг тооцох;
26.1.5нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх;
26.1.6хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх
26.1.7нийгмийн ажлын шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, судалгаа шинжилгээ хийх;
26.1.8мэргэжлийн чиглэлээр бодлогын нөлөөлөл, нийгмийн ажилтны нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа зохион байгуулах;
26.1.9нийгмийн ажилтны нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны журмыг батлах.
27 дугаар зүйлНийгмийн ажилтны Их хурал
27.1Нийгмийн ажилтны Их хурал дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
27.1.1Нийгмийн ажилтны холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах;
27.1.2Нийгмийн ажилтны холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох;
27.1.3Нийгмийн ажилтны Удирдах зөвлөлийн гишүүдийг батламжлах, чөлөөлөх;
27.1.4Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулж, бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх;
27.1.5Нийгмийн ажилтны холбооны Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, зөвлөмж өгөх;
27.1.6Нийгмийн ажилтны холбооны гишүүний татварын хэмжээг тогтоох;
27.1.7Нийгмийн ажилтны холбооны дүрмээр тогтоосон бусад чиг үүрэг
27.2Нийгмийн ажилтны Их хурлын ээлжит хуралдаан гурван жилд нэг удаа хуралдах бөгөөд Нийгмийн ажилтны их хурал хуралдааныг нийгмийн ажилтны холбооны Ерөнхийлөгч даргална.
27.3Нийгмийн ажилтны Их хурлын төлөөлөгчдийн олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно.
27.4Нийгмийн ажилтны Их хуралд оролцох нийгмийн ажилтны төлөөлөгчдийг сонгох журмыг Нийгмийн ажилтны холбооны дүрмээр тогтооно.
27.5Нийгмийн ажилтны Их хурлын тов болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хуралдаан эхлэхээс 90 хоногийн өмнө Нийгмийн ажилтны холбооны Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана.
27.6.Нийгмийн ажилтны их хурал энэ хуулийн 28.1.1, 28.1.2, 28.1.6-д заасан асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн энгийн олонхын саналаар, бусад асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар тус тус шийдвэрлэж, хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана.
27.7Нийгмийн ажилтны их хурлын төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар Нийгмийн ажилтны их хуралд хүрэлцэн ирэх боломжгүй бол саналаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр битүүмжлэн ирүүлж болно.
27.8Энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д заасны дагуу ирсэн саналыг хэлэлцэх журмыг хуралдааны дэгээр зохицуулна.
28 дугаар зүйлНийгмийн ажилтны холбооны Ерөнхийлөгч
28.1Нийгмийн ажилтны холбооны Ерөнхийлөгч нь нийгмийн ажилтны хувьд нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайлал үзүүлэгч, манлайлагч байна.
28.2Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг улируулан сонгохгүй.
28.3Нийгмийн ажилтны холбооны Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
28.3.1нийгмийн ажилтны холбооны зөвлөлтэй зөвшилцөн Их хурлыг зарлан хуралдуулах;
28.3.2нийгмийн ажилтны холбооны зөвлөлийн хуралдааныг даргалах;
28.3.3холбоог гадаад, дотоод харилцаанд төлөөлөх;
28.3.4холбооны зөвлөлд Нийгмийн ажилтны холбооны ажлын албаны даргад нэр дэвшүүлэх;
28.3.5энэ хуулиар болон Нийгмийн ажилтны холбооны дүрмээр олгосон бусад бүрэн эрх.
28.4Ерөнхийлөгч нь Нийгмийн ажилтны холбооны Ажлын албаны үйл ажиллагаанд оролцохгүй.
29 дүгээр зүйлНийгмийн ажилтны холбооны Удирдах зөвлөл
29.1Нийгмийн ажилтны холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллага байна.
29.2Нийгмийн ажилтны холбооны Удирдах зөвлөл нь 15-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүд хороодын төлөөлөл байна.
29.3Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх ба нэг удаа улируулан ажиллуулж болно.
29.4Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх ба нэг удаа улируулан ажиллуулж болно.
29.5Удирдах зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.
29.6Энэ хуулийн 30.2-т заасан гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр удирдах зөвлөлийн хурал хүчинтэй болох бөгөөд хуралд оролцсон гишүүдийн энгийн олонхын саналаар шийдвэр батлагдана.
30 дугаар зүйлМэргэжлийн хорооны бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг
30.1Нийгмийн ажилтны холбооны дэргэд орон тооны Мэргэжлийн хороо (цаашид Хороо) ажиллана.
30.2Мэргэжлийн хорооны гишүүдийг Нийгмийн ажилтны холбооны Их хурлаас сонгоно.
30.3Хороо нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийн олонхын саналаар хорооны даргыг дотроосоо сонгоно.
30.4Хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байна.
30.5Хорооны үйл ажиллагааны хэлбэр нь ээлжит болон ээлжит бус хуралдаан байна.
30.6Хороо улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.
30.7Ээлжит бус хурлыг хорооны гишүүдийн саналыг үндэслэн хорооны даргын шийдвэрээр хуралдуулж болно.
30.8Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр болно.
30.9Мэргэжлийн Хороо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
30.9.1нийгмийн ажилтны нэгдсэн бүртгэл хөтлөх;
30.9.2хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх, бүртгэх;
30.9.3нийгмийн ажлын үйлчилгээний магадлан итгэмжлэлийн нэгдсэн бүртгэл хөтлөх, түүнд хамаарах журам батлах, хэрэгжүүлэх;
30.9.4нийгмийн ажилтнуудыг сургах, давтан сургах сургалт зохион байгуулах;
30.9.5өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох стандартыг мөрдүүлэх;
31 дүгээр зүйлМэргэжлийн хариуцлагын хорооны бүтэц, зохион байгуулалт
31.1Нийгмийн ажилтны мэргэжлийн дүрэм, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах, Нийгмийн ажилтны мэргэжлийн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх болон нийгмийн ажилтны ёс зүйн сургалтыг зохион байгуулах, сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйг боловсруулах, сургалтын үр дүнг тодорхойлох,нийгмийн ажилтны ёс зүйн асуудлаар судалгаа хийх зэрэг ажлыг нийгмийн холбооны нийгмийн ажилтны мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо /цаашид "Ёс зүйн хороо" гэх/ зохион байгуулна.
31.2Ёс зүйн хороонд нийгмийн ажилтны ёс зүйн асуудлаар судалгаа хийдэг, нийгмийн ажилтны мэргэжлийн сургуульд тухайн чиглэлээр хичээл заадаг профессор болон нийгмийн ажилтны ёс зүйн боловсролыг дээшлүүлэх, ёс зүйн хувьд нийгмийн ажилтныг манлайлах эрмэлзлэлтэй нийгмийн ажилтнууд сайн дураар нэгдэн ажиллана.
31.3Ёс зүйн хорооны гишүүн нь Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнээр нэр дэвшиж байгаа нийгмийн ажилтны зан байдлын талаар дүгнэлт гаргах шинжээчээр ажиллаж болно.
31.4Ёс зүйн хороо Нийгмийн ажилтны мэргэжлийн дүрэм, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах санал болон нийгмийн ажилтан мэргэжлийн дүрмийн хэрэгжилтийн тайланг Зөвлөлд танилцуулна.
31.5Мэргэжлийн хариуцлагын хороо нь энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан мэргэжлийн хорооны журмын нэгэн адил ажиллана.
31.6Мэргэжлийн хариуцлагын Хороо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
31.6.1нийгмийн ажлын үйлчилгээний үйл ажиллагаанд гаргасан гомдлыг шийдвэрлэх;
31.6.2нийгмийн ажилтны мэргэжлийн болон ёс зүйн дүрэм зөрчсөн талаар гаргасан гомдлыг шийдвэрлэх;
31.6.3нийгмийн ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
32 дугаар зүйлХяналтын зөвлөл
32.1Хяналтын зөвлөл нь Нийгмийн ажилтны холбооны эд хөрөнгийн хуримтлал, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
32.2Хяналтын зөвлөл нь Нийгмийн ажилтнаас бүрдсэн таван гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба тэдгээрийг гурван жилийн хугацаагаар томилно.
32.3Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг холбооны дүрмээр батална.
33 дугаар зүйлАжлын алба
33.1Нийгмийн ажилтны холбооны Үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах чиг үүрэг бүхий Ажлын албатай байна.
33.2Нийгмийн ажилтны холбооны ажлын алба холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн хороог үйл ажиллагаа явуулах боломжоор хангана.
33.3Хорооны ажлын алба энэ хуулийн нийгмийн ажилтныг бүртгэж, аль нэг салбараар мэргэшсэн талаарх нийтэд нээлттэй зарлана.
33.4Нийгмийн ажилтны ёс зүйн талаар гаргасан гомдол болон хуулийн этгээд үйл ажиллагаанд гаргасан гомдлыг Хорооны ажлын албанд гаргах бөгөөд ажлын алба гомдлыг хүлээн авч бүртгэн, Мэргэжлийн хорооны аль нэг гишүүнд санамсаргүй байдлаар хуваарилна.
33.5Холбооны Ажлын алба нийгмийн ажилтнуудын нэгдсэн бүртгэлийг хөтөлнө.
33.6Хорооны гишүүн гомдлыг хүлээн авч, гомдолтой холбоотой нотлох баримтыг цуглуулж шалгаад гомдлыг хэлэлцэх үндэслэлгүй гэж үзвэл энэ талаар гомдол гаргагчид хариу мэдэгдэх бөгөөд гомдлыг хэлэлцэх үндэслэлтэй гэж үзвэл үргэлжлүүлэн шалгаж, хорооны нийт гишүүдэд танилцуулж шийдвэрлэнэ.
33.7Хорооны нийт гишүүд гомдлыг хэлэлцээд дараах тогтоол гаргана:
33.7.1нийгмийн ажилтан, хуулийн этгээдэд сануулах;
33.7.2нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэхийг түр хугацаагаар хязгаарлах;
33.7.3хуулийн этгээдийг магадлан итгэмжлэлийг хүчингүй болгох;
34 дүгээр зүйлНийгмийн ажилтныг бүртгэх, хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх
34.1Энэ хуульд заасан шаардлага хангасан нийгмийн ажилтан бүртгүүлэх хүсэлтээ холбогдох баримтын хамт Мэргэжлийн Хороонд гаргана.
34.2Хороо энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д заасан хүсэлт, холбогдох баримтыг ажлын 10 хоногийн дотор шалгаж шаардлага хангасан тохиолдолд нийгмийн ажилтныг мэргэжлийн чиглэлээр ангилж, бүртгэнэ.
34.3Нийгмийн ажилтан нь энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх явцад мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргасан бол зөрчлийн шинж байдал, маргааны талуудад учруулсан хор уршиг, үр дагаврыг харгалзан мэргэжлийн дүрэмд заасан хариуцлагыг оногдуулна.
34.5Хороо нь дараах үндэслэлээр нийгмийн ажилтныг нэгдсэн бүртгэхээс татгалзана:
34.5.1нийгмийн ажилтны эрхийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн авсан нь тогтоогдсон;
34.5.2нийгмийн ажилтны гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
34.5.3нийгмийн ажилтны иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
34.5.4нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх явцад олж авсан мэдээллийг задруулсан;
34.5.5хуульд заасан бусад
35.6Хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх асуудлыг Мэргэжлийн хорооны дүрэмд заасны дагуу шийдвэрлэнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН АЖИЛТНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, БАТАЛГАА
36 дугаар зүйлНийгмийн ажилтан
36.1Нийгмийн ажилтан нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан нийгмийн ажлын шууд болон шууд бус үйлчилгээг үзүүлэх этгээдийг хэлнэ.
36.2Нийгмийн ажилтан хууль тогтоомжид заасан эрх, үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр чадавхиж, энэ хуульд заасны дагуу нийгмийн ажлын үйлчилгээг үзүүлнэ.
37 дугаар зүйлНийгмийн ажилтны нийтлэг эрх, үүрэг
37.1Нийгмийн ажилтан дараах нийтлэг эрхийг эдэлнэ:
37.1.1нийгмийн ажлын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх;
37.1.2хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах нөхцөл, баталгааг бүрдүүлэх, түүнийг сайжруулахыг шаардах;
37.1.3нийгмийн ажилтны эрх, хууль ёсны сонирхлоо хамгаалуулахаар эвлэлдэн нэгдэх;
37.1.4төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзах;
37.1.6хуульд заасан бусад эрх;
37.2Нийгмийн ажилтан нь дараах үүргийг хүлээнэ.
37.2.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, стандарт болон Нийгмийн ажилтны мэргэжлийн дүрмийг мөрдөх;
37.2.2үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцүүлэн нийгмийн ажлын үйлчилгээг үзүүлэх;
37.2.3үйлчлүүлэгчид үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээг нотолгоонд тулгуурлан тодорхойлох, үр нөлөөг судлах;
37.2.5нийгмийн ажилтны үйл ажиллагаа, шийдвэр хуульд нийцсэн байх;
37.2.6мэргэжлийн үйл ажиллагааны явцад олж авсан мэдээлэл болон үйлчлүүлэгчийн нууцыг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх;
37.2.7хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу нийгмийн ажлын үйлчилгээг хараат бусаар үзүүлэх;
37.2.8өөрийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлэх, мэргэжлийн чиглэлээр багц цагийн сургалтад хамрагдах;
37.2.9мэргэжлийн үйл ажиллагаагаа ажил олгогчийн өмнө, мэргэжлийн ёс зүйн хариуцлагаа Нийгмийн ажилтны мэргэжлийн нэгдсэн холбоонд хариуцан тайлагнах;
37.2.10хуульд заасан тохиолдолд мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах;
37.2.11хууль тогтоомжид заасан тохиолдолд Нийгмийн ажилтны холбооны гишүүнчлэлийн хураамж төлөх;
37.2.12хуульд заасан бусад үүрэг.
38 дугаар зүйлНийгмийн ажлын мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм
38.1нийгмийн ажилтан нь энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцсэн нийгмийн ажлын мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм /цаашид "Нийгмийн ажлын мэргэжлийн дүрэм" гэх/-тэй байна.
38.2нийгмийн ажлын мэргэжлийн дүрмийг Нийгмийн ажилтны холбооны Их хурлаар батална.
39 дүгээр зүйлНийгмийн ажилтны мэргэжлийн үйл ажиллагаанд хориглох зүйл.
39.1Нийгмийн ажилтны мэргэжлийн үйл ажиллагаанд дараах үйл ажиллагааг хориглоно:
39.1.1улс төрийн үйл ажиллагаа явуулах, улс төрийн намын гишүүнчлэлтэй байх;
39.1.2хуульд зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгчийн хувийн нууцыг задруулах
39.1.3нийгмийн ажилтны нэрийг өөр зорилгоор ашиглах;
39.1.4хувийн давуу байдлаа ашиглах, харилцаа тогтоох, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, авлига авах, ялгаварлан гадуурхаж харилцах зэрэг ашиг сонирхлын зөрчил гаргах;
39.1.6Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, хууль ёсны зарчмын эсрэг үйл ажиллагаа явуулах;
39.1.7үйлчлүүлэгчийнхээ болон нийгмийн ажилтны мэргэжлийн үйл ажиллагаанд нь өртөж байгаа этгээдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн болон бусад этгээдийн нэрээр худалдан авах, эсхүл өөр бусад аргаар олж авах, эзэмших, гэмтээж сүйтгэх;
40 дүгээр зүйлМэргэжлийн удирдлага, үргэлжилсэн сургалт
40.1нийгмийн ажилтан нь мэргэжлийн удирдлагаар хангагдаж, үргэлжилсэн сургалтад хамрагдана.
40.2Мэргэжлийн удирдлагаар хангах, үргэлжилсэн сургалт зохион байгуулах журмыг Нийгмийн ажилтны холбооны Мэргэжлийн хороо баталж, хэрэгжүүлнэ.
41 дүгээр зүйлМэргэшсэн нийгмийн ажилтан
41.1Хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу болон нийгмийн ажлын салбар, тодорхой чиглэлээр нийгмийн ажилтан мэргэшин ажиллана.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН САН
42 дугаар зүйлМэдээллийн сан
42.1Нийгмийн ажлын үйлчилгээний мэдээлэл гэж дор дурдсан агуулга бүхий бичгэн, дуу авиа, дүрс бичлэг, цахим болон бусад хэлбэрийн өгөгдлийг хэлнэ. Үүнд:
42.1.1энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан нийгмийн ажлын шууд үйлчилгээний талаарх мэдээлэл:
42.1.2Нийгмийн ажилтнуудын мэргэжлийн үйл ажиллагааны талаарх нэгдсэн мэдээлэл;
42.1.3Нийгмийн ажлын шууд бус үйлчилгээний талаар мэдээлэл, үр дүн, тайлан
42.2Мэдээллийн сан нь цаасан болон цахим хэлбэртэй байх бөгөөд нэгдсэн удирдлага зохицуулалт бүхий програм хангамжтай байна.
42.3Мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хадгалах, хамгаалах журам болон эх мэдээний дэлгэрэнгүй жагсаалтыг Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Нийгмийн ажлын мэргэжлийн холбоо хамтран батална.
43 дугаар зүйлМэдээллийн сан бүрдүүлэх ерөнхий шаардлага
43.1Энэ хуулийн үйлчлэлд хамаарах эрх бүхий байгууллага, нийгмийн ажилтан нь мэдээллийн санд нотлох баримт бичигт үндэслэсэн үнэн зөв мэдээллийг оруулна.
43.2Мэдээллийн сан нь энэ хуульд заасан болон нийгмийн ажлын үйлчилгээг хэрэгжүүлэхтэй холбоотой төрийн болон хуулийн этгээдийн, нийгмийн ажилтны мэдээллээс бүрдэх бөгөөд төрийн байгууллагад ашиглагдаж байгаа систем, программ хангамжтай уялдсан байна.
43.3Мэдээллийн санд мэдээлэл бүртгэх, баяжуулах, баталгаажуулах чиг үүргийг хариуцсан албан хаагч мэдээллийн үнэн, бодит байдлыг хариуцаж ажиллана.
43.4Мэдээллийн сан нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан мэдээлэл хариуцагчтай байна.
43.5Мэдээллийн сан, түүний боловсруулалтын үр дүн, холбогдох мэдээ тайлан нь мэдээлэл хариуцагчийн албан ёсны мэдээ, мэдээлэл, баримт бичиг байна.
43.6Мэдээллийн санд нийгмийн ажлын үйлчилгээний мэдээллийг төвлөрүүлэн байршуулах бөгөөд мэдээллийг баталгаажуулахдаа дэвшилтэд технологийг ашиглаж болно.
43.7Энэ хуульд заасан мэдээлэл хариуцагч нь мэдээллийн санг салбарын бодлого, төлөвлөлт, батлагдсан маягт, үзүүлэлт, аргачлалын дагуу тогтоосон хугацаанд шинэчлэн бүрдүүлнэ.
43.8Мэдээлэл хариуцагч нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан нэгдсэн ангилал, код, тайлбарыг давхардуулахгүй мөрдөнө.
43.9Мэдээллийн сан нь төрийн мэдээллийн бусад сантай мэдээлэл солилцох боломжтой байх бөгөөд төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагад дундын мэдээллийн сан үүсгэн ашиглаж болно.
44 дүгээр зүйлМэдээллийн санг ашиглах, хадгалах, хамгаалах
44.1Мэдээллийн сангийн өгөгдөл нь нээлттэй, хаалттай гэсэн төрөлтэй байх ба иргэн, хуулийн этгээдэд хууль тогтоомжоор тусгайлан хамгаалснаас бусад мэдээллийг нээлттэй ашиглуулна.
44.2Энэ хуулийн зорилгод нийцүүлэн хуулиар нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэхээр заасан төрийн байгууллага, Холбоо нь мэдээллийн сангийн хаалттай мэдээллийг нэгтгэн боловсруулж үйл ажиллагаанд ашиглана.
44.3Энэ хуульд заасан мэдээлэл солилцохдоо эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь мэдээлэл солилцох тухай албан хүсэлтийг сервис үйлчилгээний нэр, зориулалт, холбоо барих мэдээллийн хамт Нийгмийн ажилтны мэргэжлийн нэгдсэн холбоонд ирүүлнэ.
45 дугаар зүйлМэдээллийн сангийн үйл ажиллагааг хангах байгууллага
45.1Нийгмийн ажилтны мэргэжлийн нэгдсэн холбоо мэдээллийн сангийн үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулна.
45.2Нийгмийн ажилтны мэргэжлийн нэгдсэн холбооны дэргэд улсын мэдээллийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах нийгмийн ажлын үйлчилгээний мэдээллийн төв ажиллана.
45.3Нийгмийн ажлын үйлчилгээний мэдээллийн төв нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
45.3.1мэдээллийн сангийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
45.3.2мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, хадгалах, хамгаалах, шинэчлэх, ашиглах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
45.3.3мэдээллийн сангийн хүрээнд программ хангамж, техник технологи, хүний нөөцийн нэгдмэл бодлого хэрэгжүүлэх, тэдгээрийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх;
45.3.4хэрэглэгчийг мэдээллийн сангаас мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг хангах;
45.3.5нийтийн хэрэгцээний болон хоёрдогч мэдээллийг бий болгоход шаардлагатай мэдээлэл боловсруулах;
45.3.6мэдээллийн сангийн өгөгдөл, мэдээлэлд бүртгэл хөтлөх, баримтжуулах;
45.3.7мэдээллийн сангийн мэдээллийг энэ хуульд зааснаас бусад иргэн, хуулийн этгээдээс цуглуулах, сонгох, нягтлан шалгах ажлыг зохион байгуулах;
45.3.8мэдээллийн бүрэн, мэдээллийн сангийн шуурхай байдал, хэвийн ажиллагаа, хамгаалалт, хадгалалт, нууцлалт, хуулбарлалтыг хариуцах;
45.3.9Мэдээллийн сангийн нөөц хувь бүрдүүлэх;
45.3.10мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах;
45.3.11мэдээллийн сан бүрдүүлэх асуудлаар мэдээлэл бүрдүүлэх, төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
45.3.12мэдээллийн санд өөрчлөлт хийх, мэдээлэл бүрдүүлэх, мэдээллийн сангийн талаарх тайланг жил бүр гаргах;
45.3.13мэдээллийн санд халдлага, гэмтэл гарсан даруйд холбогдох байгууллагад мэдэгдэх, түүний хэвийн үйл ажиллагааг сэргээх;
45.3.14мэдээллийн сангийн асуудлаар гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
45.3.15мэдээллийн санг зориулалтын байр, программ хангамж, компьютер, тоног төхөөрөмжөөр хангах, шаардлагатай өгөгдөл, мэдээлэл худалдан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгуулах.
45.4Нийгмийн ажлын үйлчилгээний мэдээллийн төв мэдээллийн сангийн үр ашиг болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг 2 жил тутам хөндлөнгийн байгууллагаар хийлгүүлнэ.
46 дугаар зүйлМэдээллийн сангийн үйл ажиллагаанд хориглох зүйл
46.1Мэдээллийн сангийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
46.1.1мэдээллийн сангийн өгөгдөл, мэдээллийг өөрчлөх, устгах, хулгайлах;
46.1.2мэдээллийн сангийн программ хангамжийг өөрчлөх, устгах, эвдэх;
46.1.3Мэдээллийн сангийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сүлжээний найдвартай үйл ажиллагааг санаатай болон санамсаргүйгээр алдагдуулах, эвдэх, гэмтээх;
46.1.4Мэдээллийн санд вирус тараах;
46.1.6Мэдээллийн санд агуулагдаж буй иргэн, хуулийн этгээдийн нууцтай холбоотой мэдээллийг задруулах;
46.1.7Мэдээллийн сангаас авсан мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор ашиглах, бусдад дамжуулах, худалдах;
46.1.8Мэдээллийн сангаас санаатай болон болгоомжгүйгээр мэдээлэл хуулбарлах, ишлэлгүйгээр ашиглах;
46.1.9Ашиглах хүрээг нь хязгаарласан өгөгдөл, мэдээлэлд хууль бусаар нэвтрэх, тэдгээрийг өөрчлөх, хуулбарлах, устгах;
46.1.10Мэдээллийн санд хандах эрхийг хууль бусаар олж авах, бусдад дамжуулах;
46.1.11Мэдээллийн сангийн ажилтан хуулиар хүлээсэн давуу эрхтэй холбоотойгоор өгөгдөл, мэдээлэл болон мэдээллийн сангийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг алдагдуулах.
47 дугаар зүйлМэдээллийн сангийн санхүүжилт
47.1Мэдээллийн санг бүрдүүлэхэд улсын төсвөөс нэг удаа санхүүжүүлэх бөгөөд цаашид Нийгмийн ажилтны холбоо хариуцна.
47.2Иргэн, байгууллага, хуулийн этгээд нь улсын төсөв, шинжлэх ухаан, технологийн сан, олон улсын болон гадаадын зээл, тусламжийн хүрээнд бүрдүүлсэн мэдээллийг энэ хуульд заасан мэдээллийн санд үнэ төлбөргүй төвлөрүүлэх үүрэгтэй.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
48 дугаар зүйлНийгмийн ажлын тухай хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлага
48.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчил, гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
48.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
49 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
49.1Энэ хуулийг 2027 оны ... дүгээр сарын ....-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(3_Нийгмийн_ажлын_тухай_хуулийн_төсөл_2.docx)