Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Болдын УЯНГА
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 7-Р САРЫН 8 ӨДӨР
УЛААНБААТАР

ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ТӨСЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь чухал ашигт малтмалын төсөлд дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлЧухал ашигт малтмалын төслийг дэмжих хууль тогтоомж
2.1Чухал ашигт малтмалын төслийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1“бизнесийн таатай орчин” гэж төсөл хэрэгжүүлэгчийн хөрөнгө, газар, хүний нөөц, дэд бүтэц, нийтийн хэрэгцээг хангах болон ажиллагсдын бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн орчныг;
3.1.2“дэмжих дэд бүтэц” гэж судалгаа хөгжүүлэлт, бизнес эрхлэлтийг дэмжих, техникийн болон мэргэжлийн сургалтын зориулалтаар ашиглах, төсөл хэрэгжүүлэгч, төр, өмчийн бусад этгээдийн хамтын ажиллагааг дэмжих байгууламжийг;
3.1.3“нөлөөлөлд өртөх бүс” гэж уурхайн эдэлбэр газар, овоолго ба чулуулаг хадгалах талбай, үйлдвэр, химийн бодис, түлш хадгалах агуулах, хаягдал усны сан болон ус дамжуулах хоолой, усан сан, олборлолтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай дэд бүтэц, замын сүлжээ, ажилчдын кемп, төслийн хаягдлын далангаас гадагш 10 км-ын радиуст хамаарч байгаа орон зайг;
3.1.4“нөлөөлөлд өртөх хүн” гэж төслийн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, эрүүл мэнд, орлого, амьдралын хэв маяг нь өөрчлөгдөх, нөлөөлөлд өртөх бүсэд амьдарч, эсхүл тухайн бүсийг эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаандаа ашиглаж буй хүнийг;
3.1.5“чухал ашигт малтмал” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.32-т заасныг;
3.1.6“төсөл хэрэгжүүлэгч” гэж чухал ашигт малтмалын төслийг хэрэгжүүлэхээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан, эсхүл гэрээ байгуулсан этгээд болон уг төсөлд хөрөнгө оруулж, төслийн үйл ажиллагаанаас үр өгөөж хүртэх этгээдийг;
4 дүгээр зүйлЧухал ашигт малтмалын төслийг дэмжихэд баримтлах зарчим
4.1Чухал ашигт малтмалын төслийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1хууль дээдлэх, бизнесийн ёс зүйг эрхэмлэх;
4.1.2хөгжлийн бодлогод нийцсэн, ирээдүйн хөгжлийг дэмжсэн байх;
4.1.3үр өгөөжтэй байх;
4.1.4байгаль орчин, хүний аюулгүй байдалд сөрөг нөлөөгүй байх;
4.1.5ил тод, нээлттэй байх;
4.1.6бизнесийн таатай орчныг бүрдүүлсэн байх;
4.1.7олон талын оролцоог хангасан байх;
4.1.8тогтвортой байх;
4.1.9хүн төвтэй байх;
4.1.10дэвшилтэт технологид суурилсан байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ТӨСӨЛ, БҮРТГЭЛ
5 дугаар зүйлЧухал ашигт малтмалыг тодорхойлох
5.1Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь чухал ашигт малтмалын төрлийг тодорхойлж, Засгийн газарт хүргүүлнэ.
5.2Чухал ашигт малтмалын төрлийн жагсаалтыг Засгийн газар батална.
6 дугаар зүйлЧухал ашигт малтмалын төслийг бүртгэх
6.1Чухал ашигт малтмалын төсөл хэрэгжүүлэх этгээдийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ.
7 дугаар зүйлЧухал ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
7.1Чухал ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төсөл хэрэгжүүлэгчийн өргөдөлд үндэслэн олгоно.
7.2Чухал ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад чухал ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргахдаа дараах асуудлын талаар санал боловсруулж хүргүүлнэ:
7.2.1чухал ашигт малтмалын үр өгөөжийн хэлбэрийг тодорхойлох;
7.2.2орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийг төслийн шаардлагад нийцүүлэн чадавхжуулах санал;
7.2.3төсөл хэрэгжүүлэгчид үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох;
7.2.4төсөлд ажиллах хүний нөөцийг сургаж, технологи шилжүүлэх, инновац нэвтрүүлэх;
7.2.5нөлөөлөлд өртөх хүний судалгааг хийж, түүнийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ҮР ӨГӨӨЖ БА ТӨСӨЛД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ
8 дугаар зүйлЧухал ашигт малтмалын үр өгөөж
8.1Чухал ашигт малтмалын үр өгөөж нь дараах хэлбэртэй байна:
8.1.1ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр;
8.1.2төсөлд хөрөнгө оруулах замаар хүртэх ногдол ашиг;
8.1.3анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн төслөөс хүртэх ашиг;
8.1.4нийтийн зориулалттай болон дэмжих дэд бүтцийн бүтээн байгуулалт;
8.2Төсөл хэрэгжүүлэгч нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон орон нутагтай хамтран чухал ашигт малтмалын төслийн талаарх танилцуулгыг нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулж, төслийн үр өгөөжийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлаар санал авна.
8.3Чухал ашигт малтмалын үр өгөөжийг дараах журмаар тодорхойлж, төвлөрүүлнэ:
8.3.1геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 7.2.1-д заасан үр өгөөжийн талаарх саналыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;
8.3.2геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 8.3.1-д заасан саналыг эдийн засаг хөгжлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, Засгийн газарт хүргүүлж, шийдвэрлүүлнэ.
8.4Энэ хуулийн 8.1-д заасан үр өгөөжийг дараах хувь, хэмжээгээр тооцно:
8.4.1энэ хуулийн 8.1.1-д заасан үр өгөөжийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 472 дугаар зүйлд тодорхойлсны дагуу;
8.4.2энэ хуулийн 8.1.2-т заасан үр өгөөжийн хувьд төрөөс оруулсан хөрөнгийн хувиар;
8.4.3энэ хуулийн 8.1.3-т заасан үр өгөөжийн хувьд төслийн анхны хөрөнгө оруулалтыг нөхөж дууссаны дараагийн жилийн цэвэр ашгаас 10 хувиар.
8.5Төсөл хэрэгжүүлэгч нь бүс нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд нийцүүлэн нийтийн зориулалттай болон дэмжих дэд бүтцийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх замаар энэ хуулийн 8.1.4-т заасан үр өгөөжийг төвлөрүүлж болно.
8.6Энэ хуулийн 8.5-д заасан дэд бүтцийн санхүүжилтийн дүнгээс хамаарч нэг төслийг хэд хэдэн чухал ашигт малтмалын төсөл хэрэгжүүлэгч болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлдвэрлэгч нар хамтран хэрэгжүүлж болно.
8.7Энэ хуулийн 8.5-д заасан дэд бүтцийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэх этгээдийг санхүүжилтэд оролцсон талууд хамтран сонгон шалгаруулж, гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавина.
8.8Энэ хуулийн 8.5-д заасан дэд бүтцийн санхүүжилтэд төрөөс нэмэлт санхүүжилт гаргасан нь тухайн бүтээн байгуулалтын нийт зардлын 50 хувиас хэтрэхгүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хамаарахгүй.
9 дүгээр зүйлЧухал ашигт малтмалын төслийн дэмжлэг
9.1Чухал ашигт малтмалын төсөлд бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор дараах дэмжлэгийг үзүүлнэ:
9.1.1боловсрол, сургалт, үйлдвэржилтийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих;
9.1.2аж ахуйн нэгжийн чадавхыг дэмжих;
9.1.3технологи ба инновацыг дэмжих;
9.1.4санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх;
9.1.5газар, дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх;
9.1.6дотоодын зах зээлийг хамгаалах;
9.1.7гадаад худалдаа, экспортыг дэмжих;
9.1.8гадаадын шууд хөрөнгө оруулалт татах;
9.1.9олон улсын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртгийн сүлжээнд нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх.
9.2Энэ хуулийн 9.1-д заасан дэмжлэг эдлэх хүсэлтийг чухал ашигт малтмалын төсөл хэрэгжүүлэгч нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар дамжуулан гаргана.
9.3Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь холбогдох хүсэлтийг нэгтгэн, асуудал хариуцсан төрийн болон орон нутгийн байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
10 дугаар зүйлОрон нутгийн дэмжлэг
10.1Төсөл хэрэгжүүлэгч чухал ашигт малтмалын эрэл, хайгуул хийх, олборлолт явуулах, боловсруулалт хийх, үйлдвэр барих, газар, усны нөөц ашиглахад орон нутгаас дэмжлэг үзүүлнэ.
10.2Төсөл хэрэгжүүлэгчийн хуулиар олгогдсон ашигт малтмал хайх, ашиглах талбайтай давхардуулан бусдад газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохгүй.
10.3Энэ хуулийн 10.1-т заасан дэмжлэгийг үзүүлэхгүй бол геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь орон нутгийн захиргаанаас асуудлыг тодруулах, шаардлагатай тохиолдолд Засгийн газрын хуралдаанд асуудлыг танилцуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХЯНАЛТ, ИЛ ТОД БАЙДАЛ
11 дүгээр бүлэг
Ил тод байдал ба тайлагнал
11.1Чухал ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төслийн хэрэгжилтийн талаар жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан дараах агуулгаар олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байдлаар мэдээлнэ:
11.1.1чухал ашигт малтмалын төслөөс тухайн жилд олборлосон, боловсруулсан, экспортод гаргасан болон дотоодын үйлдвэрт нийлүүлсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, ашигт малтмалын төрөл, орлого, зардал, ногдуулсан болон төлсөн татварын нэр төрөл;
11.1.2чухал ашигт малтмалын үр өгөөжийн хэлбэр болон Үндэсний баялгийн санд төвлөрүүлсэн хэмжээ;
11.1.3нөлөөлөлд өртөх хүний талаар авсан арга хэмжээний талаар;
11.1.4ажилчдын эрүүл мэндийн үзлэг болон мэргэжлээс шалтгаалах өвчний талаар статистик мэдээлэл;
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД
12 дугаа зүйлЗөрчил, хариуцлага
12.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
12.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
13 дугаа зүйлХууль хүчин төгөлдөр болох хугацаа
13.1Энэ хуулийг ... оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(ҮЗЭЛ БАРИМТЛАЛ (2).docx)