Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 4-Р САРЫН 20 ӨДӨР
УЛААНБААТАР

БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь банк бус санхүүгийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрт албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлБанк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж
2.1Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/-ноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2Засгийн газрын тусгай зориулалттай сан, төслийн нэгжээс олгох зээлийн үйл ажиллагаа, банк, даатгал, үнэт цаасны компани, хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, хадгаламж, зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг холбогдох бусад хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“банк бус санхүүгийн үйл ажиллагаа” гэж Хорооноос тусгай зөвшөөрөлтэй эрхлэх энэ хуулийн 6.2-т заасан үйл ажиллагааг;
4.1.2“баталгаа, батлан даалт гаргах” гэж Иргэний хуулийн 234, 458 дугаар зүйлд заасныг ойлгох ба баталгааны гэрээ нь Иргэний хуулийн 457 дугаар зүйлд заасны дагуу зохицуулагдахыг;
4.1.3“санхүүгийн түрээс /лизинг/” гэж Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг;
4.1.4“гадаад валютын арилжаа” гэж иргэн, хуулийн этгээдээс гадаад валютыг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр худалдах, худалдан авах үйл ажиллагааг;
4.1.5“өрийн хэрэгсэл” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.9-д заасныг;
4.1.6“финтек” гэж санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг технологийн шийдэл ашиглан цахимаар хүргэхийг;
4.1.7“тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 3.1.2-т заасан хуулийн этгээдийг;
4.1.8“тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэгж” гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэрийн өмнөөс Хорооноос олгосон зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх салбар, төлөөлөгчийн газрыг;
4.1.9“тусгай зөвшөөрөл эзэмшигчийн холбогдох этгээд” /цаашид “холбогдох этгээд” гэх/ гэж дараах этгээдийг:
4.1.9.aКомпанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан нэгдмэл сонирхолтой этгээд;
4.1.9.бхувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, тэдгээрийн эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд;
4.1.9.вСанхүүгийн зохицуулах хорооноос “холбогдох этгээд” гэж тодорхойлсон бусад этгээд.
4.1.10“эцсийн өмчлөгч” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан этгээдийг;
4.1.11“нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан этгээдийг;
4.1.12“актив, пассив, өөрийн хөрөнгө” гэж олон улсын стандартад нийцүүлэн санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Хорооноос хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсныг;
4.1.13“өөрийн хөрөнгийн хүрэлцээ” гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс үүсэх алдагдлыг хаахад хүрэлцэхүйц хэмжээний өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлсон үнэлгээг;
4.1.14“өөрийн хөрөнгийн шаардлага” гэж Хорооноос тогтоосон, энэ хуулийн 4.1.13-д заасан өөрийн хөрөнгийн хүрэлцээний доод хэмжээг;
4.1.15“зохистой харьцааны шалгуур үзүүлэлт” гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хөрөнгийн болон үйл ажиллагааны эрсдэлийг урьдчилан тооцох, үнэлэх Хорооноос тогтоосон харьцаа үзүүлэлтүүдийг;
4.1.16“тусгай зөвшөөрөл эзэмшигчийг өөрчлөн байгуулах” гэж Компанийн тухай хуульд заасны дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлахыг;
4.1.17“нэгдсэн хяналт, шалгалт” гэж энэ хуулийн нэгдлийн оролцогчийн үйл ажиллагаанд заасан этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд дангаар болон холбогдох төрийн бусад чиг үүрэг бүхий байгууллагатай хамтран хяналт шалгалт хийхийг;
4.1.18“төсөл хөтөлбөр дамжуулан хэрэгжүүлэх” гэж жижиг, дунд бизнес эрхлэх иргэн, хуулийн этгээд, зорилтод бүлэг, орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх үйл ажиллагааг;
4.1.19“хуулийн нэгдлийн оролцогч” гэж Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.14-т заасан хуулийн этгээдийг;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ
5 дугаар зүйлБанк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд
5.1Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан байна.
5.2Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нь иргэн, хуулийн этгээд байх ба хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд байх тохиолдолд нөхөрлөл, компани байна.
5.3Гадаадын хуулийн этгээд нь банк бус санхүүгийн үйл ажиллагааг энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй эрхэлнэ.
5.4Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээдийн нэгдлийн оролцогч байж болно.
5.5Шашны болон улс төрийн байгууллага, төрийн бус байгууллага, Иргэний хуулийн 36 дугаар зүйлд заасан этгээд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, хувьцаа эзэмшихийг хориглоно.
6 дугаар зүйлБанк бус санхүүгийн үйл ажиллагаа
6.1Банк бус санхүүгийн үйл ажиллагаа нь үндсэн, нэмэлт үйл ажиллагаанаас бүрдэнэ.
6.2Банк бус санхүүгийн үндсэн үйл ажиллагаанд дараах үйл ажиллагаа хамаарна:
6.2.1зээл;
6.2.2итгэлцэл;
6.2.3факторинг;
6.2.4валют арилжаа;
6.3Банк бус санхүүгийн нэмэлт үйл ажиллагаанд дараах үйл ажиллагаа хамаарна:
6.3.1мөнгөн гуйвуулга;
6.3.2санхүүгийн түрээс;
6.3.3баталгаа, батлан даалт гаргах;
6.3.4санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх;
6.3.5хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх;
6.3.6төсөл хөтөлбөр дамжуулан хэрэгжүүлэх;
6.3.7хууль тогтоомжоор хориглоогүй Хорооноос зөвшөөрсөн бусад ажил, үйлчилгээ.
6.4Банк бус санхүүгийн үндсэн үйл ажиллагааг Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлнэ.
6.5Банк бус санхүүгийн үйл ажиллагааг дараах байдлаар ангилна:
6.5.1энэ хуулийн 6.2.3-т зааснаас бусад үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийг хөрөнгө удирдлагын;
6.5.2энэ хуулийн 6.2.2, 6.2.3-д зааснаас бусад үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийг зээлийн;
6.5.3энэ хуулийн 6.2.3-д заасан үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийг факторингийн;
6.5.4энэ хуулийн 6.2.4-т заасан үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийг валютын арилжааны;
6.6Энэ хуулийн 6.5.1, 6.5.2-т заасан ангилалд хамаарах хуулийн этгээд нь энэ хуулийн 6.3-т заасан нэмэлт үйл ажиллагааг үндсэн үйл ажиллагааны хүрээнд эрхэлнэ.
6.7Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь нэмэлт үйл ажиллагааг дангаар эрхлэхгүй.
6.8Энэ хуулийн 6.5.1, 6.5.2-т заасан ангилалд хамаарах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол банкны зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагааг нэмж эрхэлж болно:
6.8.1цахим мөнгө гаргах;
6.8.2төлбөрийн хэрэгсэл гаргах;
6.8.3төлбөр тооцооны үйлчилгээ;
6.9Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зориулалтын компаниар дамжуулан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, өрийн хэрэгсэл гаргаж болно.
6.10Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуулийн 6.5-т заасан үйл ажиллагааны ангилал өөрчлөгдсөн тохиолдолд ангилал шилжихээс өмнө нь байгуулсан хэлцлээс үүссэн шаардах эрх хэвээр хадгалагдана.
6.11Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг Хороо тогтооно.
7 дугаар зүйлИтгэлцлийн үйл ажиллагаа
7.1"Итгэлцлийн үйл ажиллагаа" гэж итгэмжлэгчийн активыг үнэгүйдлээс хамгаалж, үр шим олж өгөх зорилгоор тэдгээртэй харилцан тохиролцож байгуулсан хөрөнгө итгэмжлэн удирдах итгэмжлэгдэгчээс гэрээнд заасан хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагааг хэлнэ.
7.2“Үр шим” гэж Иргэний хуулийн 88.2-т заасныг;
7.3Итгэлцлийн үйл ажиллагаанд итгэмжлэгч нь хөрөнгө итгэмжлэх гэрээгээр актив хөрөнгийг итгэмжлэгдэгчид шилжүүлэх, итгэмжлэгдэгч нь актив хөрөнгийг хүлээн авч, итгэмжлэгчийн эрх ашиг, сонирхолд нийцүүлэн захиран зарцуулна.
7.4Хөрөнгө итгэмжлэх гэрээг Иргэний хуулийн 406.2-т заасны дагуу бичгээр байгуулах ба итгэмжлэгч нь гэрээнээс үүсэх аливаа эрсдэлийг Иргэний хуулийн 406.3-т заасны дагуу хүлээж, үр шимийг хүртэнэ.
7.5Итгэмжилсэн хөрөнгийн эх үүсвэрийг итгэмжлэгдэгч нь хөрөнгө итгэмжлэх гэрээнд заасны дагуу Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд захиран зарцуулна.
7.6Итгэмжлэгдэгч нь хөрөнгө итгэмжлэх гэрээний үндсэн дээр итгэмжлэгчийн актив хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой үүссэн үүргийг гуравдагч этгээдийн өмнө хариуцна.
7.7Итгэмжлэгч нь итгэмжилсэн хөрөнгийн эцсийн өмчлөгч байх ба хөрөнгийн гарал үүслийг итгэмжлэгдэгч нь шалгах үүрэгтэй.
8 дугаар зүйлФакторингийн үйл ажиллагаа
8.1“Факторингийн үйл ажиллагаа” гэж бэлтгэн нийлүүлэгч, зээлдүүлэгчээс борлуулсан бараа, ажил, үйлчилгээ болон хэлцлээс хүлээгдэж буй шаардах эрхээ шилжүүлэх, энэхүү эрхийг хүлээн авагч нь бэлтгэн нийлүүлэгч, зээлдүүлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр санхүүжилт олгох болон худалдан авагч, зээлдэгчээс нэхэмжлэлийн дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлнэ.
8.2Факторингийн үйл ажиллагаа нь урьдчилгаа санхүүжилтийн, авлагын удирдлагыг хэрэгжүүлэх төрөлтэй байх бөгөөд Хорооноос бусад төрлийг нэмж тогтоож болно.
8.3Бэлтгэн нийлүүлэгч, зээлдүүлэгч нь факторингийн компанид шаардах эрхээ гэрээгээр шилжүүлэх бөгөөд шилжүүлэхдээ худалдан авагч буюу үүрэг гүйцэтгэгчид энэ талаар мэдэгдэнэ.
8.4Факторингийн компани нь шаардах эрхийг хүлээн авахдаа бэлтгэн нийлүүлэгч, зээлдүүлэгчийн санхүүгийн байдал, төлбөрийн чадвар, зах зээлийн байдал, өрсөлдөх чадварыг үнэлэн, хугацаандаа төлөгдөх боломжтой авлагыг санхүүжүүлэх шийдвэр гаргах ба чанаргүй активыг шилжүүлэх, хүлээн авахыг хориглоно.
8.5Факторингийн компани нь бэлтгэн нийлүүлэгч, зээлдүүлэгчээс шаардах эрхийг хүлээн авч, мөнгөн төлбөрийг саадгүй, бүхэлд нь хэрэгжүүлэх ба тэдгээрийг шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллага, цагдаагийн байгууллага зэрэг гуравдагч этгээдийн өмнө бүрэн төлөөлнө.
8.6Бэлтгэн нийлүүлэгч, зээлдүүлэгчээс шаардах эрхээ факторингийн компанид шилжүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч, зээлдэгч, бусад гуравдагч этгээд нь факторингийн компанийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй.
9 дүгээр зүйлСанхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа
9.1“Санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх” гэж үнэт цаас болон түүнтэй адилтгах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагааг хэлнэ.
9.2Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа алдагдуулахгүйгээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан санхүүгийн хэрэгсэл, Засгийн газар болон Төв банкны үнэт цаасанд хөрөнгө оруулж болно.
9.3Хөрөнгө оруулалтаас үүсэх алдагдлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн хөрөнгөөрөө хариуцна.
10 дугаар зүйлМөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа
10.1“Мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа” гэж төлбөр шилжүүлэгч, төлбөр хүлээн авагчийн нэр дээр данс үүсгэхгүйгээр мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн харилцах дансаар дамжуулан бусдын мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үйл ажиллагааг хэлнэ.
10.2Мөнгөн гуйвуулгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн банкан дахь харилцах дансаар дамжуулан гүйцэтгэнэ.
10.3Мөнгөн гуйвуулгын мэдээлэл нь шилжүүлэх дүн, гуйвуулагчийн овог нэр, регистрийн дугаар, хүлээн авагчийн овог, нэр, регистрийн дугаар хүлээн авах улс, хот зэрэг мэдээллийг агуулсан байх ба нууц шифр, хяналтын дугаартай байна.
10.4Мөнгөн гуйвуулгын үйл ажиллагааг тухайн улсад зөвшөөрөл авсан ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэх тохиолдолд тухайн хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан байна.
10.5Мөнгөн гуйвуулгын үйл ажиллагааг зөвшөөрөлгүй этгээдээр дамжуулан гүйцэтгэх, бэлэн мөнгөөр шилжүүлэг хийхийг хориглоно.
11 дүгээр зүйлТусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр
11.1Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн оноосон нэр нь дор дурдсан дэлгэрэнгүй эсхүл товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ:
11.1.1энэ хуулийн 6.5.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьд оноосон нэрийн ард “Хөрөнгө удирдлагын банк бус санхүүгийн байгууллага” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “Хөрөнгө удирдлагын ББСБ”;
11.1.2энэ хуулийн 6.5.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьд оноосон нэрийн ард “Зээлийн банк бус санхүүгийн байгууллага” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “Зээлийн ББСБ”;
11.1.3энэ хуулийн 6.5.3-д заасан үйл ажиллагааг дагнан эрхлэх хуулийн этгээд нь оноосон нэрийн ард “факторинг” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ;
11.1.4энэ хуулийн 6.5.4-д заасан үйл ажиллагааг дагнан эрхлэх хуулийн этгээд нь оноосон нэрийн ард “валют арилжаа” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ.
11.2Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэгж нь энэ хуулийн 11.1-т заасан тэмдэглэгээг хэрэглэнэ.
11.3Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд нь энэ хуулийн 11.1-т заасан тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
12 дугаар зүйлБанк бус санхүүгийн үйл ажиллагаанд тавигдах хязгаарлалт
12.1Энэ хуулийн 4.1.8-т заасан этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгааны дээд хэмжээ нь өөрийн хөрөнгийн 10 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтрэхгүй.
12.2Энэ хуулийн 4.1.8-т олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгийн төлөгдөх хугацаа болон гаргасан баталгаа, батлан даалтын дуусах хугацаа нь 6-аас дээш сараар хэтэрсэн бол уг этгээд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн удирдах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохгүй байх.
12.3Санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд нэг компанийн гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй.
12.4Нөөцийн сан, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Хороо тогтооно.
13 дугаар зүйлТусгай зөвшөөрөл эзэмшигчид хориглох зүйл
13.1Тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
13.1.1тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх;
13.1.2бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаанд зарцуулах;
13.1.3иргэн, хуулийн этгээдээс хадгаламж татах;
13.1.4банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс бусад этгээдээс зээл авах;
13.1.5тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр дээрх данснаас бусад дансаар гүйлгээ хийх;
13.1.6хувьцаа эзэмшигчид хувь нийлүүлсэн хөрөнгөө барьцаалан зээл олгох, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалт гаргах;
13.1.7харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг энэ хуулийн 22.2-т зааснаас бусад этгээдэд гаргаж өгөх, задруулах, ашиглуулах, олон нийтэд мэдээлэх;
13.1.8итгэлцлээр татан төвлөрүүлэх мөнгөн хөрөнгөд хүү тооцох, үр шимийг нийтэд зарлах;
13.1.9тайлан тэнцэлд тусгаагүй хөрөнгийг өөрийн үйл ажиллагаанд ашиглах;
13.1.10өрийг хувьцаагаар солих;
13.1.11хувьцааг нэрлэсэн үнээс нь доогуур үнээр худалдах;
13.1.12тухайн гүйлгээний утга, үнийн дүн, гүйцэтгэсэн хэлбэр, он, сар, өдөр, дансны дугаар, гүйлгээний бусад оролцогч болон данс эзэмшигчийн талаарх мэдээллийг буруу ташаа мэдүүлэх;
13.1.13тусгай зөвшөөрөл эзэмшигч нь охин компани байгуулах.
13.2Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээд нь энэ хуульд заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхлэхийг хориглоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, БҮРТГЭХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
14 дүгээр зүйлТусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага
14 .1Тусгай зөвшөөрөл олгоход дараах шаардлагыг тавина:
14.1.1хувь нийлүүлсэн хөрөнгө нь хууль ёсны татвар төлсний дараах орлогоос бүрдсэн мөнгөн хөрөнгө байх ба Хорооноос тогтоосон доод хэмжээг хангасан байх;
14 .1.2дүрэм, үйл ажиллагаа эрхлэхэд мөрдөх эрх зүйн баримт бичиг нь энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байх;
14.1.3төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, нэгжийн удирдлага нь 20.4-т заасан болон Хорооноос тогтоосон холбогдох шаардлагыг хангасан байх;
14 .2Энэ хуулийн 14.1.1-т заасан шаардлага нь хувьцаат компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид мөн адил хамаарах ба бусад хувьцаа эзэмшигчдэд хамаарахгүй.
14 .3Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн дүрэм, үйл ажиллагаа эрхлэхэд мөрдөх эрх зүйн баримт бичиг, бизнес төлөвлөгөө, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, боловсон хүчин, ажлын байр, техник, програм хангамжийн байдалд тавигдах шаардлагыг Хороо тогтооно.
14 .4Тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичгийг Хороо тогтооно.
15 дугаар зүйлТусгай зөвшөөрөл олгох
15.1Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэж ирүүлсэн өргөдөл, баримт бичгийг энэ хуулийн 14.1-14.4-т заасан шаардлага болон Хорооноос тогтоосон баримт бичгийг бүрэн хангасан тохиолдолд хүлээн авна. Тусгай зөвшөөрлийн баримт бичгийн бүрдэл дутуу, шаардлага хангаагүй гэж үзвэл Хороо баримт бичгийг хүлээн авахгүй.
15.2Хороо шаардлагатай тохиолдолд нэмэлт баримт бичиг шаардах бөгөөд холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулан авч болно.
15.3Тусгай зөвшөөрлийн хүсэлт, холбогдох баримт бичгийг бүрэн хангасан гэж үзсэнээс хойш Хороо ажлын 30 хоногийн дотор Хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ.
15.4Тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгох ба уг зөвшөөрөл нь олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
16 дугаар зүйлТусгай зөвшөөрөл олгохоос татгалзах
16.1Хороо банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд олгохоос татгалзана:
16.1.1энэ хуулийн 14дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;
16.1.2хууль тогтоомж зөрчсөн нь үндэслэл бүхий баримтаар тогтоогдсон;
16.1.3баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон;
16.1.4хувь нийлүүлсэн хөрөнгийг зээлийн эх үүсвэрээр бүрдүүлсэн нь баримтаар тогтоогдсон;
16.1.5энэ хуулийн 15.2-т заасан нэмэлт баримт бичгийг шаардсан өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд бүрэн бүрдүүлж ирүүлээгүй.
16.2Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.
16.3Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд Хороо тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг 1 жилийн дотор дахин хүлээн авахгүй.
17 дугаар зүйлЗөвшөөрөл, бүртгэл
17.1Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах тохиолдолд Хорооноос тогтоосон журмын дагуу зөвшөөрөл авна.
17.1.1оноосон нэр өөрчлөх;
17.1.2нэгж байгуулах, татан буулгах;
17.1.3өрийн хэрэгсэл гаргах;
17.1.4хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, бүтцэд өөрчлөлт оруулах;
17.1.5шинээр хувьцаа гаргах, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувьцаагаа нийтэд санал болгох, худалдах, шилжүүлэх, үүнтэй төстэй бусад хэлцэл хийх.
17.2Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах тохиолдолд өөрчлөлтийг Хороонд бүртгүүлнэ.
17.2.1гүйцэтгэх болон нэгжийн удирдлага;
17.2.2хаяг байршил;
17.2.3төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, тэдгээрийн өөрчлөлт.
17.3Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2, 6.3-т заасан үйл ажиллагааг финтек ашиглан эрхлэх тохиолдолд Хорооноос тогтоосон журмын дагуу зөвшөөрөл авна.
17.4Энэ хуулийн 6.2, 6.3-т заасан үйл ажиллагааг финтек ашиглан эрхлэхээр зөвшөөрөл авсан этгээд нь харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг дэвшилтэт технологи ашиглан хэрэгжүүлж болно.
17.5Энэ хуулийн 6.2, 6.3-т заасан үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан хэрэгслийг үйл ажиллагааны онцлогт тохируулан ашиглаж болох бөгөөд эдгээрээр хийгдсэн гэрээ, хэлцлийг Иргэний хуулийн 42 1 , 196 дугаар зүйлд заасантай адилаар хэлцэл хийсэн гэрээ байгуулсанд тооцно.
18 дугаар зүйлТусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
18.1Тухайн төрлийн үйл ажиллагааг хэсэгчлэн эсхүл тусгай зөвшөөрлийг бүхэлд нь түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэлийг Хороо тогтоож, шийдвэрлэнэ.
18.2Тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:
18.2.1тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаагүй;
18.2.2энэ хуулийн 13.1-т заасан хориглосон үйл ажиллагааг эрхэлсэн;
18.2.3газар дээрх шалгалтын дүгнэлтийг үндэслэн;
18.2.4хяналт шалгалтаас санаатайгаар зайлсхийсэн;
18.2.5хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр.
18.3Хорооноос тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан өдрөөс хойш тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааны чиглэлээр шинээр аливаа гэрээ, хэлцэл байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно.
18.4Түдгэлзүүлсэн үндэслэлд заасан зөрчил дутагдлыг арилгаж, хэвийн үйл ажиллагааг хангасан гэж үзсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн Хороо тусгай зөвшөөрлийг сэргээж болно.
18.5Тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно:
18.5.1өөрөө хүсэлт гаргасан;
18.5.2түдгэлзүүлсэн хугацаанд гаргасан зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй;
18.5.3түдгэлзүүлсэн хугацаанд тухайн үйлчилгээг эрхэлсэн;
18.5.4тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дампуурсан буюу төлбөрийн чадваргүй болсныг эсхүл татан буугдсан тухай эрх бүхий байгууллага, хувьцаа эзэмшигчдийн хурлаас зарласан;
18.5.5хуульд заасан бусад.
18.6Хороо банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай олон нийтэд мэдээлнэ.
18.7Хорооноос тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр гарснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа нь дуусгавар болно.
18.8Хороо тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш 1 жилийн дотор тухайн хуулийн этгээдээс дахин зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авахгүй.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ, УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
19 дүгээр зүйлТусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг:
19.1Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх ба Компанийн тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
19.2Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах эрхтэй:
19.2.1хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны удирдлага, шийдвэрт нь хөндлөнгийн нөлөөлөл оруулахаас татгалзах;
19.2.2тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа, эрх, бүртгэлийн талаар зохицуулагч байгууллагаас мэдээлэл авах;
19.2.3хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалуулах;
19.2.4Хорооны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд гомдол гаргах;
19.2.5хуульд заасан бусад.
19.3Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг:
19.3.1хөрөнгө оруулагч, харилцагчийн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах;
19.3.2өөрийн үйл ажиллагааны талаар харилцагч этгээдэд үнэн зөв мэдээлэх;
19.3.3харилцагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хөндөхгүй байх ;
19.3.4Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, холбогдох журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах;
19.3.5хуульд заасан бусад.
20 дугаар зүйлТөлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, гүйцэтгэх удирдлага
20.1Энэ хуулийн 6.5.2, 6.5.3-т заасан ангилалд хамаарах эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлтэй байж болно.
20.2Энэ хуулийн 6.5.1-т заасан ангилалд хамаарах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гурваас доошгүй гишүүн бүхий төлөөлөн удирдах зөвлөл, дотоод хяналтын бүтэцтэй байна.
20.3Төлөөлөн удирдах зөвлөлийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна.
20.4Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага,нэгжийн удирдлага нь дараах шаардлагыг хангана:
20.4.1зээлийн гэрээ буюу өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд төлбөрийн баталгаа, батлан даалтаар хүлээсэн чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
20.4.2эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;
20.4.3эдийн засаг, банк, санхүү, мэдээллийн технологи , хууль эрх зүйн дээд боловсролтой, эсхүл банк, санхүүгийн салбарт ажилласан туршлагатай;
20.4.4сүүлийн 5 жилийн хугацаанд аливаа хуулийн этгээдийн татан буугдах, дампууралд буруутай болохыг шүүхээс тогтоож байгаагүй;
20.4.5Компанийн тухай хуулийн 37.8-д заасан шаардлагыг хангасан байх.
20.5Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд энэ хуулийн 20.4.3 дахь заалт хамаарахгүй.
21 дүгээр зүйлСонирхлын зөрчил
21.1Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ажил үүрэг, эд хөрөнгийг шууд болон шууд бусаар хариуцдаг захирал, ажилтан нь хариуцаж байгаа албан үүргийнхээ хувьд сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гүйцэтгэх удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-д энэ сонирхлоо үнэн зөв, бүрэн хэмжээнд зохих ёсоор мэдүүлнэ.
21.2Сонирхлын зөрчилтэй холбоотой энэ хуульд заагаагүй харилцааг Компанийн тухай хуулийн 12 дугаар бүлэгт зааснаар зохицуулна.
22 дугаар зүйлМэдээллийн нууцлал
22.1Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагааныхаа хүрээнд олж авсан харилцагчийн нууцыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хамгаалах үүрэгтэй.
22.2Тусгай зөвшөөрөл эзэмшигч, түүний харилцагч болон гуравдагч этгээдийн нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсан тохиолдолд гаргаж өгч болно:
22.2.1тухайн этгээд бичгээр өөрөө зөвшөөрсөн;
22.2.2Хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан;
22.2.3шүүх, прокурорын байгууллагын удирдлага хүсэлт гаргасан, эсхүл авлигатай тэмцэх байгууллага, цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны шаардлагаар, түүнчлэн тагнуулын байгууллага мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон мэдээллийг шалгах шаардлагаар мөрдөгчийн саналыг прокурор зөвшөөрсөн.
22.3Энэ хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан тайлан, мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс олгосон зээлийн талаарх эрх бүхий байгууллага хоорондын мэдээлэл, зээлийн мэдээллийн санд гаргаж өгөх мэдээлэл нь энэ хуулийн 13.1.7-д заасанд хамаарахгүй.
ТАВДУГААР БҮЛЭГ
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, ТАЙЛАГНАЛ, АУДИТ
23 дугаар зүйлНягтлан бодох бүртгэл
23.1Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг дагаж мөрдөнө.
23.2Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт, дансны жагсаалт, маягт нь олон улсын стандарт, санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн,Хорооны даргын хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн багц журам, зааварт нийцсэн байна.
23.3Хувьцаа эзэмшигч хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан хөрөнгийн хэмжээгээр санхүүгийн хариуцлага хүлээж, алдагдлыг нөхнө.
23.4Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нягтлан бодох бүртгэлийн баримт бичгээ 10 жилээс доошгүй хугацаагаар хадгална.
24 дүгээр зүйлСанхүүгийн тайлан,тайлагнал
24 .1Санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан бүрэлдэхүүнтэй байна.
24 .2Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хорооноос баталсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайлан, санхүүгийн тайланг улирал бүрийн дараа сарын 10-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны эхний сарын 10-ны өдрийн дотор цахимаар болон хэвлэмэл байдлаар Хороонд ирүүлнэ.
24 .3Хорооноос эдийн засгийн нөхцөл, цаг үеийн байдалтай уялдуулан үйл ажиллагаатай холбоотой тайлан, мэдээг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тухай бүр гаргуулан авч болно.
24 .4Санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт нотлох баримт, тодруулгыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, нэгдлийн оролцогчоос Хороо шаардах эрхтэй ба тайлбар, тодруулгыг цаг хугацаанд нь үнэн зөв, бүрэн гаргаж өгнө.
24 .5Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүүгийн тайлан, мэдээллийн үнэн зөв эсэхэд Хороо хяналт тавьж, зохих журмыг баримтлаагүй, буруу, ташаа, алдаатай бол залруулахыг шаардаж, биелэлтэд хяналт тавьж ажиллана.
24 .6Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь санхүүгийн үйл ажиллагааны мэдээллийн санг давагдашгүй хүчин зүйл, бусад аюулаас сэргийлэх зорилгоор архивын биет болон цахим хэлбэрээр хадгална.
24 .7Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тайлант хугацаа бүрт банк бус санхүүгийн нэмэлт үйл ажиллагаанаас аль нэг төрлийг эрхлээгүй тохиолдолд Хороонд мэдэгдэнэ.
25 дугаар зүйлСанхүүгийн тайлангийн аудит, түүнийг нийтэд мэдээлэх
25.1Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь санхүүгийн тайлан, бусад шаардлагатай баримт бичгийг энэ хуулийн 25.2-т заасан аудитын байгууллагаар жилд 1-ээс доошгүй удаа шалгуулж, баталгаажуулна.
25.2Тусгай зөвшөөрөл эзэмшигчид санхүүгийн тайланд аудит хийх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:
25.2.1Аудитын тухай хуульд заасан аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
25.2.2тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүүгийн тайланг баталгаажуулах эрхийг Хорооноос авсан байх.
25.3Хороо энэ хуулийн 25.2-т заасан эрх бүхий аудитын байгууллагын нэрсийн жагсаалт болон түүнд орсон өөрчлөлтийг тухай бүр нийтэд мэдээлнэ.
25.4Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь аудитын байгууллагыг аудит хийх нөхцөл, боломжоор хангана.
25.5Аудитын байгууллага нь санхүүгийн тайланг баталгаажуулсан дүгнэлтийг тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна.
25.6Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь аудитын дүгнэлтийг дараагийн санхүүгийн жилийн 4 сарын 30-ны өдрийн дотор баталгаажуулж, дараа сарын 10-ны өдрийн дотор Хороонд ирүүлнэ.
25.7Аудитор нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүүгийн тайлан баримт бичигт үндэслэн дараах дүгнэлтийг гаргавал энэ талаарх дүгнэлтээ Хороонд даруй мэдээлнэ:
25.7.1санхүүгийн онц хүндрэлтэй байдалд орж болзошгүй байгаа;
25.7.2тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсон хүчин нь санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлсөн шударга бус, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаанд оролцсон гэж үзсэн.
25.8Аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайланг цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дараагийн санхүүгийн жилийн 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор Хорооноос баталсан маягтын дагуу нийтэд мэдээлнэ.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ЗОХИЦУУЛАГЧ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, ХЯНАЛТ
26 дугаар зүйлЗохицуулагч байгууллагын бүрэн эрх
26.1Хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрхээс гадна тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг зохицуулахтай холбогдуулан хэм хэмжээний акт батлах, түүнийг дагаж мөрдүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих дараах эрхийг хэрэгжүүлнэ:
26.1.1тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, зөвшөөрөл олгох, бүртгэх, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.1.2банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг улсын эдийн засгийн байдал, төгрөгийн ханшийн өөрчлөлт, салбарын хөгжлийн чиг хандлага, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, газар зүйн байршлыг харгалзан тогтоох;
26.1.3хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, бүтцэд өөрчлөлт оруулах харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.1.4энэ хуулийн 6.2, 6.3-т заасан үйл ажиллагааг зохицуулсан журам, заавар батлах,
26.1.5тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.1.6тусгай зөвшөөрөл эзэмшигчийн активыг ангилах, түүнд эрсдэлийн санг байгуулах, захиран зарцуулахад мөрдөх харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.1.7санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн багц журам, заавар батлах;
26.1.8тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тооцох харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.1.9банк бус санхүүгийн үйл ажиллагаатай холбогдох сендбоксын зохицуулалттай холбоотой журам, заавар батлах;
26.1.10банк бус санхүүгийн үйл ажиллагаатай холбогдох финтект суурилсан үйлчилгээтэй холбоотой журам, зааврыг батлах;
26.1.11тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд зайны болон эрсдэлд суурилсан хяналт шалгалт, газар дээрх хяналт болон үнэлгээ хийх журам, заавар батлах;
26.1.12тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, удирдах албан тушаалтанд тавигдах тохиромжтой этгээдийг тодорхойлох журам, заавар батлах;
26.1.13тусгай зөвшөөрөл эзэмшигчийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай зөвшөөрөл авахтай холбогдох харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.1.14өрийн хэрэгсэл гаргах харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.2Хороо нь хууль тогтоомжийн хүрээнд эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний ханшийн өөрчлөлт, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаатай холбоотой энэ хуулийн 26.1-т зааснаас бусад захиргааны хэм хэмжээний актыг баталж болно.
26.3Хороо зээлийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх арга, хэрэгслийг тогтоож болно.
26.4Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг Хороо урьдчилан шийдвэрлэнэ.
26.5Тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч нь Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
26.6Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг хянан шийдвэрлэх журмыг Хороо тогтооно.
26.7Улс орныг хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Хороо бодлого, зохицуулалтын хүрээнд банк бус санхүүгийн үйл ажиллагаа, актив пассив хөрөнгө, бусад санхүүгийн үзүүлэлтэд тусгайлан шаардлага тавьж, хязгаарлалт хийж болно.
26.8Алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт хямд өртөгтэй олон төрлийн санхүүгийн үйлчилгээг иргэдэд хүргэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийг дэмжих бодлого, зохицуулалт, хэм хэмжээг тогтоож болно.
26.9Хороо нь банк бус санхүүгийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор гадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллага болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг болон гэрээ байгуулж болно.
27 дугаар зүйлХяналт шалгалт
27.1Хороо нь энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Хорооны шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаа байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.
27.2Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд Улсын ерөнхий байцаагчийн томилсон улсын байцаагч хяналт, шалгалтыг хэрэгжүүлнэ.
27.3Хорооны улсын байцаагч нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, улсын байцаагчийн дүрэмд зааснаас гадна дараах эрхтэй байна:
27.3.1хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автах, төр, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч, харилцагчийн хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгөө болон гэр бүлийн гишүүн, садан, төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх;
27.3.2хяналт шалгалтын дүнг үндэслэн акт тогтоох, түүний гүйцэтгэлийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хугацаатай үүрэг, албан шаардлага өгч, биелэлтийг хангуулах;
27.3.3энэ хуулийн 27.3.2-т заасан үүрэг, албан шаардлагыг биелүүлээгүй, эсхүл хяналт шалгалтын явцад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох, энэ тухай нийтэд мэдээлэх, шаардлагатай гэж үзвэл тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг Хороонд оруулж шийдвэрлүүлэх;
27.3.4тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, судалгаа, бусад баримтыг хадгалж байгаа албан байранд нэвтрэн орж, үзлэг хийх, тооллого явуулах, баримт бичиг, эд хөрөнгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хураах, хяналт шалгалтын ажил хийх;
27.3.5улсын байцаагч мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого, зарлага, ажил гүйлгээний мэдээлэл бүхий компьютер, техник хэрэгсэл, программ хангамжид нэвтрэх;
27.3.6хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай магадлагаа, баримтын хуулбар, мэдээ, судалгаа, дансны хуулга, холбогдох бусад баримт бичиг, мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, түүнтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
27.3.7тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаатай холбогдуулан мэдээ, тайлан, гэрээ, хэлцлийг хамтран үйл ажиллагаа явуулсан гуравдагч этгээдээс шаардах;
27.3.8тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн ажлын байранд нэвтрэх, биед нь үзлэг шалгалт хийх, үйл ажиллагааг шалгах, таслан зогсоох, хууль бусаар олсон орлогыг хураах;
27.3.9хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах;
27.3.10хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
27.4Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хувь хүн, хуулийн этгээд хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож дарамт, шахалт үзүүлэхийг хориглоно.
28 дугаар зүйлНэгдсэн хяналт, шалгалт хийх
28.1Хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэгдлийн оролцогчийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийх шаардлагатай гэж үзвэл дангаараа эсхүл холбогдох төрийн байгууллагатай хамтран хийх бөгөөд түүнд хамрагдах хуулийн этгээдийн санхүүгийн тайланг нэгдсэн байдлаар гаргаж үнэлэлт, дүгнэлт өгнө.
28.2Нэгдсэн хяналт шалгалтад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэгдлийн оролцогчийг хамруулах, тэдгээрийн санхүүгийн тайлан, холбогдох бусад мэдээллийг гаргаж тайлагнах, хяналт шалгалт хийх харилцааг холбогдох төрийн байгууллагатай хамтран баталсан удирдамжийн дагуу зохицуулна.
28.3Нэгдлийн оролцогч нь өөр улсад бүртгэгдсэн буюу байршдаг бол Хороо тухайн орны эрх бүхий байгууллагатай мэдээлэл солилцох, хамтран ажиллаж нэгдсэн хяналт, шалгалтыг хэрэгжүүлж болно.
28.4Энэ хуулийн 28.1-т заасан нэгдсэн хяналт шалгалтыг нэгдлийн оролцогчдын санхүү, төлбөрийн чадвар, тэдгээрийн хоорондох хөрөнгийн урсгал, нэг оролцогчоос нөгөөд оруулсан хөрөнгө, өглөг, авлага, зээл, нэгдлийн оролцогчдын хоорондын санхүүгийн бусад үүрэг, ажил, гүйлгээний хамаарлыг тэдгээрийн болон тэдгээртэй холбогдох этгээдийн санхүүгийн үйл ажиллагааны мэдээ, мэдээлэлд үндэслэн тодорхойлж, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тэдгээрийн нэгдлийн оролцогчийн санхүү, төлбөрийн чадвар нь шаардлагыг хангаж байгаа эсэхийг дангаар нь болон нэгдсэн байдлаар тодорхойлон үнэлэлт, дүгнэлт өгөх байдлаар хийнэ.
28.5Хорооноос шаардсан мэдээллийг тогтоосон хугацаанд тухайн нэгдлийн оролцогч өөрөө, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчээр дамжуулан гаргаж өгнө.
29 дүгээр зүйлНэгдсэн хяналт шалгалтад хамрагдахгүй байх нөхцөл
29.1Хороо нэгдсэн хяналт шалгалтын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэгдлийн оролцогчийг дараах тохиолдолд оролцуулахгүй байж болно:
29.1.1үйл ажиллагааны төрөл, хэмжээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүү, төлбөрийн чадварын байдалд нөлөө үзүүлдэггүй;
29.1.2тухайн хуулийн этгээдийг нэгдсэн хяналт шалгалтад хамруулахгүй байх нь нэгдсэн хяналт шалгалтын үйл ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлэхэд саад болохооргүй;
29.1.3нэгдсэн хяналт шалгалтад хамруулахгүй бол энэ тухай Хороо тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч, түүний толгой компани, тухайн оролцогчид мэдэгдэнэ.
30 дугаар зүйлТусгай зөвшөөрөл эзэмшигчид хүлээлгэх албадлагын арга хэмжээ
30.1Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хууль болон бусад хууль тогтоомж, эсхүл Хорооноос тогтоосон хэм хэмжээг зөрчсөн бол зөрчлийн шинж байдлыг харгалзан Хорооны улсын байцаагч дор дурдсан албадлагын арга хэмжээ авна:
30.1.1албан бичгээр сануулах, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх;
30.1.2үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох;
30.1.3тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар Хороонд санал оруулах;
30.1.4хууль тогтоомжид заасан бусад.
30.2Албадлагын арга хэмжээ авах тухай улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл тухайн этгээд Хорооны ерөнхий байцаагч болон шүүх, хяналтын байгууллагад гомдол гаргаж болно.
30.3Албадлагын арга хэмжээ ногдуулсан нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, түүний эрх бүхий албан тушаалтныг бусад хууль тогтоомжийн дагуу хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
30.4Тусгай зөвшөөрөл эзэмшигч, нэгдлийн оролцогч, түүнтэй холбогдох этгээд болон эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь Хорооны улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, бололцоогоор хангах үүрэгтэй.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ, БУСАД
31 дүгээр зүйлТусгай зөвшөөрөл эзэмшигчийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгах
31.1Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг Хорооны зөвшөөрлийг үндэслэн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өөрчлөн байгуулж, татан буулгаж болно.
31.2Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлагыг Хороо тогтооно.
31.3Хороо нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, харилцагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол зөвшөөрөл өгөхөөс татгалзана.
31.4Энэ хуулийн 31.2-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Хороо шийдвэрлэж, нийтэд мэдээлнэ.
31.5Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хорооноос өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийг гаргаснаас хойш ажлын 10 хоногийн дотор харилцагчдад мэдэгдэнэ.
31.6Өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл олгосны дараа тусгай зөвшөөрөл эзэмшигчийг өөрчлөн байгуулах, татан буулгах ажиллагаа эхлэх ба Хороо татан буулгах комисст хугацаатай үүрэг өгч, өөрчлөн байгуулах, татах буугдах үйл ажиллагаанд хяналт тавина.
32 дугаар зүйлХууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
32.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
32.2Энэ хуулийг зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигч, ажилтан, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
33 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
33.1Энэ хуулийг 20.. оны ... дүгээр сарын...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(ББСБ-ҮЗЭЛ-БАРИМТЛАЛ.pdf)