Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Тогтмолын МӨНХСАЙХАН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 7-Р САРЫН 1 ӨДӨР
УЛААНБААТАР

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилго
1.1Энэхүү хуулийн зорилго нь эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдлыг тодорхойлох, тэдгээрийн нийтлэг болон тусгай эрх, үүргийг тогтоох, нийгмийн баталгааг хангах, мэргэжлийн үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, мэргэжлийн зохицуулалтыг ил тод, хараат бус, хариуцлагатай хэрэгжүүлэх замаар өвчтөн, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, нийтийн эрх ашгийг хамгаалж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд оршино.
2 дугаар зүйлЭрүүл мэндийн ажилтны тухай хууль тогтоомж
2.1Эрүүл мэндийн ажилтны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХууль үйлчлэх хүрээ
3.1Хуульд өөрөөр заагаагүй бол, энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн, орон нутгийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа, түүнчлэн өмчийн болон хөдөлмөр эрхлэлтийн хэлбэрээс үл хамааран эмчлэх, сувилах, эх барих, эм барих, сэргээн засах, теле-анагаах ухааны үйлчилгээ үзүүлэх, сургалт, дадлага удирдах, сайн дурын болон түр хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй эрүүл мэндийн ажилтанд хамаарна.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1"эрүүл мэндийн ажилтан" гэж эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтныг;
4.1.2“эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгсөж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хүний их эмч, хүний бага эмч, нүүр амны их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэн, түүнчлэн энэ хуулийн 16.2.10-д заасны дагуу эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жагсаалтад заасан бусад мэргэжилтнийг;
4.1.3“эмнэлгийн бусад мэргэжилтэн” нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сэтгэл судлаач, эрүүл ахуйч, тархвар судлаач, био-анагаахын мэргэжилтэн, хоол зүйч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, лабораторийн техникч, жор баригч, цацраг эмчилгээний техникч зэрэг эрүүл мэндийг дэмжих чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардахгүй, эрх бүхий байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй мэргэжилтнийг;
4.1.4“эрүүл мэндийн бусад ажилтан” гэж эрүүл мэндийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцсан захиргааны болон үйлчилгээний ажилтнуудыг;
4.1.5"эрүүл мэндийн байгууллага" гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
4.1.6“эмнэлгийн осол” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад эсхүл түүнтэй шууд холбоотойгоор эрүүл мэндийн ажилтны үйл ажиллагаа, байгууллагын зохион байгуулалт, тоног төхөөрөмж, технологийн алдаа, доголдлоос шалтгаалан өвчтөнд амь нас, эрүүл мэндийн хохирол учирсан, эсхүл учрах бодит эрсдэл бий болсон үйл явдлыг;
4.1.7“урьдчилан таамаглашгүй гаж нөлөө” гэж эрүүл мэндийн ажилтан мэргэжлийн стандарт, эмнэлзүйн удирдамжийг бүрэн баримталсан хэдий ч урьдчилан таамаглах боломжгүй байсан шалтгаанаар үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар үүссэн тохиолдлыг;
4.1.8“жижүүр” гэж эрүүл мэндийн ажилтан ажил олгогчийн тогтоосон цагт эрүүл мэндийн байгууллагад биечлэн байрлаж, тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн ажлын горимыг;
4.1.9“дуудлагын бэлэн байдал” гэж эрүүл мэндийн ажилтан ажлын байрнаас гадуур өөрийн сонгосон байршилд байх боловч холбоонд байж, дуудагдсан тохиолдолд тогтоосон хугацаанд ажлын байранд ирж үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх горимыг;
4.1.10“төгсөлтийн дараах сургалт” гэж анагаах ухааны боловсрол эзэмшсэн хүнд үндсэн болон төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх мэргэшүүлэх сургалт, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хадгалах, дээшлүүлэх тасралтгүй сургалтыг;
4.1.11“мэргэшлийн зэрэг” гэж эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтний мэргэжлийн мэдлэг, ур чадвар, дадлага туршлагын ахисан түвшнийг илэрхийлэн, энэ хуульд заасан журмын дагуу шатлан олгодог "ахлах", "тэргүүлэх", "зөвлөх" зэрэглэлийг;
4.1.12“эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгал” гэж эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанаас шалтгаалан өвчтөн, үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд учирсан болон учирч болзошгүй хохирлыг нөхөн төлүүлэх санхүүгийн баталгааг бүрдүүлэх зорилго бүхий албан журмын даатгалыг;
4.1.13“даатгалын үнэлгээ” гэж даатгалын тохиолдол бүрд даатгагчаас хохирогчид олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээг;
4.1.14“даатгалын суурь хураамж” гэж итгэлцүүр хэрэглэхийн өмнөх, мэргэжлийн хариуцлагын даатгалын хураамжийн үндсэн хэмжээг;
4.1.15“итгэлцүүр" гэж даатгуулагчийн эрсдэлийн түвшин, нөхөн төлбөрийн түүхийг харгалзан суурь хураамжид хэрэглэн төлбөл зохих хураамжийг нэмэгдүүлэх буюу хорогдуулахад ашиглах тоон үзүүлэлтийг;
4.1.16“мэргэжлийн халшрал” гэж ажлын байрны архаг стрессийн улмаас үүссэн, сэтгэл санааны туйлдал, ажилтай холбоотой сөрөг хандлага буюу хөндийрөл, мэргэжлийн бүтээмж буурах шинжээр тодорхойлогдох хам шинжийг.
5 дугаар зүйлЭрүүл мэндийн ажилтны үйл ажиллагааны үндсэн зарчим
5.1Эрүүл мэндийн ажилтан нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
5.1.1тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй, нээлттэй байх;
5.1.2ур чадвараа тогтмол дээшлүүлж, үйлдэл бүртээ хариуцлагатай байх;
5.1.3эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүний эрхэд суурилсан хандлагаар үзүүлэх;
5.1.4үйлчлүүлэгчийн хувийн болон эрүүл мэндийн нууцыг хадгалах;
5.1.5нийтийн эрх ашиг, өвчтөн, үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг тэргүүн ээлжид эрхэмлэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ АЖИЛЛАХ ОРЧИН
6 дугаар зүйлЭрүүл, аюулгүй эрүүл мэндийн байгууллагын орчин
6.1Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл, аюулгүй орчинд эрүүл мэндийн ажилтан мэргэжлийн үйл ажиллагаагаа гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
6.2Эрүүл мэндийн ажилтан нь эмчилгээ, оношилгооны үйл ажиллагаа эрхлэхэд нэн тэргүүнд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл, эм, бэлдмэл болон бусад байгууламж, материал хэрэгслээр хангагдах эрхтэй.
6.3Энэ хуулийн 6.1 болон 6.2-т заасан үүргээ эрүүл мэндийн байгууллага зөрчсөнөөс үйлчлүүлэгч эсхүл эрүүл мэндийн ажилтны амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол эрүүл мэндийн байгууллага хариуцан хохирлыг барагдуулна.
6.4Эрүүл мэндийн байгууллага нь цахим орчинд болон ажлын байранд эрүүл мэндийн ажилтны хувийн халдашгүй байдал зөрчигдөхөөс сэргийлэх арга хэмжээг авна.
7 дугаар зүйлЭрүүл мэндийн ажилтны мэргэжлийн аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага
7.1Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой халдвар, үйлдвэрлэлийн осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчин, сэтгэл зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлнэ.
7.2Эрүүл мэндийн байгууллага нь эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, шаардлагатай хамгаалах хэрэгсэл, сургалт, зааварчилгаагаар эрүүл мэндийн ажилтныг хангана.
7.3Мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой үйлдвэрлэлийн осол, ажлын байран дах эрсдэл үүссэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллага нь нэн даруй хариу арга хэмжээ авч, хуульд заасан тохиолдолд харьяалах улсын байцаагчид мэдээлнэ.
8 дугаар зүйлЭрүүл мэндийн ажилтны ажлын ачаалал, ажлын цагийн зохицуулалт
8.1Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтны ажлын цаг, ээлж, жижүүр, дуудлагын зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль, стандарт, нормд нийцүүлэн тогтоож, хэт ачааллаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй.
8.2Эрүүл мэндийн ажилтны ажлын ачаалал нь түүний мэргэжил, тусламж үйлчилгээний төрөл, шатлал, үйлчлүүлэгчийн урсгалд нийцсэн байна.
8.3Эрүүл мэндийн ажилтны нэг ээлжид тасралтгүй ажиллах хугацаа 12 цагаас илүүгүй байна. Онцгой нөхцөл байдал, яаралтай тусламжийн шаардлагаар энэ хугацааг хэтрүүлэн ажиллуулахаар бол ажилтны зөвшөөрлийг авах бөгөөд аливаа тохиолдолд нэг ээлжид тасралтгүй ажиллах хугацаа 24 цагаас хэтэрч болохгүй.
8.4Эрүүл мэндийн ажилтны дараалсан хоёр ээлж буюу жижүүрийн хоорондын тасралтгүй амралтын хугацаа 12 цагаас доошгүй, 24 цагийн жижүүрийн дараа 48 цагаас доошгүй байна.
8.5Жижүүрийн бүх хугацаа ажилласан цагт тооцогдоно.
8.6Дуудлагын бэлэн байдлын зөвхөн бодит ажилласан цаг болон замын цаг ажилласан цагт тооцогдоно, бусад хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 89.2-т заасан хүлээлгийн олговрыг олгоно.
8.7Илүү цагаар, шөнийн цагаар, долоо хоног бүрийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр ажилласан эрүүл мэндийн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд заасан нэмэгдэл хөлсийг олгоно.
8.8Жижүүрийн болон дуудлагын бэлэн байдлын ажилласан цагт олгох нэмэгдэл хөлсний хэмжээ, тооцох журмыг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
8.9Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтны ажил, амралтын тэнцвэрийг хангах, хэт ачаалал болон ажлын ачааллаас үүдэх эрүүл мэндийн эрсдэл, мэргэжлийн халшралаас урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ
8.9.1ажлын цаг, ээлжийн хуваарийг тогтвортой, урьдчилан тооцоолох боломжтойгоор зохион байгуулах;
8.9.2ажилтны ажлын ачааллыг тогтмол үнэлж, шаардлагатай бол дахин хуваарилах;
8.9.3жижүүрийн дараа хангалттай амралт олгох;
8.9.4ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлын нөхцөлийг хангах;
8.9.5бүтэн бус цагаар ажиллуулах, зайнаас ажиллуулах гэх мэт ажил, амьдралын тэнцвэрийг хангах уян хатан горим боломжтой тохиолдолд хэрэгжүүлэх.
9 дүгээр зүйлЭрүүл мэндийн ажилтны хүний эрхийг хамгаалах дотоод тогтолцоо
9.1Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад аливаа хүчирхийлэл, бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхалт зэрэг хүний эрхийн зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
9.1.1дотоод журам, ёс зүйн дүрэм, сургалт, хяналт, гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх;
9.1.2хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, танилцуулгыг ажилтнуудад тогтмол хүргэх;
9.1.3гомдол, мэдээллийг хүлээж авах нууцлалыг хангасан дотоод суваг ажиллуулах;
9.1.4хохирсон эрүүл мэндийн ажилтны эрхийг хамгаалах, нэр төрийг сэргээх хууль зүйн болон сэтгэл зүйн туслалцаа авахад дэмжлэг үзүүлэх;
9.1.5хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнд тулгуурлан дотоод тогтолцоогоо сайжруулах;
9.1.6эрүүл мэндийн ажилтны хүний эрхийн зөрчилтэй холбоотой тухайн байгууллагын дотоод судалгааг жил бүр гүйцэтгэж, үнэлэх.
9.2Энэ хуулийн 9.1-д заасан үүргээ хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн байгууллага нь хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллага болон Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоотой хамтран ажиллаж болно.
10 дугаар зүйлЭрүүл мэндийн ажилтны сэтгэл зүйн эрүүл мэнд, мэргэжлийн халшралаас урьдчилан сэргийлэх
10.1Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, мэргэжлийн халшрал, стрессээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлнэ.
10.2Эрүүл мэндийн ажилтанд сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг авах боломжийг нууцлалыг хангасан нөхцөлөөр бүрдүүлнэ.
10.3Эмнэлгийн осол, хүчирхийлэл, онцгой нөхцөл байдлын дараа эрүүл мэндийн ажилтанд шаардлагатай сэтгэл зүйн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАНД ХОЛБОГДОХ НИЙТЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ
11 дүгээр зүйлЭрүүл мэндийн ажилтны нийтлэг эрх
11.1Эрүүл мэндийн ажилтан нь дараах нийтлэг эрхтэй:
11.1.1эрүүл мэндийн үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн хараат бусаар эрхлэх, аливаа хүчирхийлэл болон дарамт шахалтаас ангид байх;
11.1.2аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын орчинд ажиллах;
11.1.3эрүүл мэндийн ажилтны хувийн халдашгүй байдлыг хамгаалах, зөвшөөрөлгүйгээр эрүүл мэндийн ажилтны хувийн мэдээллийг аливаа хэлбэрээр цуглуулах, боловсруулах, дамжуулах, ашиглахаас зайлсхийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авхуулах, мэргэжлийн болон хувь хүний нэр хүнд, эрх ашиг нь хууль бусаар хөндөгдөхөөс хамгаалуулах;
11.1.4мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх сургалт, давтан сурах, хөтөлбөрт хамрагдах;
11.1.5мэргэжлийн стандарт, заавар, удирдамжийн дагуу шийдвэр гаргах;
11.1.6мэргэжлийн ур чадвар, ёс зүй, мэдлэгээ хөгжүүлэх, мэргэжлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор мэргэжлийн нийгэмлэг, холбоонд сайн дураар нэгдэх, эсхүл өөрөө байгуулах;
11.1.7ажиллаж буй байгууллага болон Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоогоор дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хууль зүйн болон мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг авах;
11.1.8хөдөлмөрийн шударга нөхцөл, зохистой цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгаагаар хангагдах;
11.1.9яаралтай тусламжийн шаардлагагүй тохиолдолд өөрийн бие махбод, нэр төрд халдсан, хүчирхийлэл, дарамт, доромжлол үйлдсэн үйлчлүүлэгчид мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлэхээс татгалзах, аюулгүй байдлаа хангуулах;
11.1.10хуульд заасан бусад.
11.2Эрүүл мэндийн ажилтны энэ хуулийн 11.1.6-д заасан эрх нь энэ хуулийн 59 дүгээр зүйлд заасан Холбооны гишүүнчлэлд хамаарахгүй.
12 дугаар зүйлЭрүүл мэндийн ажилтны нийтлэг үүрэг
12.1Эрүүл мэндийн ажилтан нь дараах нийтлэг үүрэгтэй:
12.1.1хүний амь нас, эрүүл мэндийг дээдлэн хамгаалах;
12.1.2мэргэжлийн ёс зүйг сахих;
12.1.3өвчтөнд чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээ үзүүлэх;
12.1.4хууль тогтоомж, мэргэжлийн стандарт, заавар, удирдамжийг мөрдөх;
12.1.5өвчтөний нууц, хувийн мэдээллийг хамгаалах;
12.1.6мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй сайжруулах;
12.1.7ажлын байрны аюулгүй ажиллагаа, халдварын хяналтын дэглэмийг чанд сахих;
12.1.8албан үүргээ шударгаар гүйцэтгэж, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх;
12.1.9эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч болон хамт олонтойгоо хүндэтгэлтэй харилцах;
12.1.10хуульд заасан бусад.
12.2Эрүүл мэндийн ажилтан энэ хуулийн 12.1.4-т заасны дагуу мэргэжлийн стандарт, заавар, удирдамжийг мөрдөх нь үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд ашиггүй буюу үр дүнгүй байх тохиолдолд энэ хуулийн 44 дугаар зүйлд заасан эмнэлзүйн бие даасан шийдвэрийн хүрээнд үндэслэл бүхий тайлбар үйлдэн, тухайн стандарт, заавар, удирдамжийг мөрдөхөөс татгалзаж болно.
13 дугаар зүйлЭрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа
13.1Эрүүл мэндийн ажилтны цалингийн тусгай сүлжээний доод жишгийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, онцлогийг харгалзан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
13.2Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг баримтлан тогтооно.
13.3Үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй 20-с доошгүй жил ажилласан эмч анхан шатны эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай гэж үзсэн чиглэлээр тасралтгүй 5 доошгүй жил үргэлжлүүлэн ажилласан тохиолдолд тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөн дүнг Төрийн албаны хууль тогтоомжоор тогтоосон хэмжээнээс 40 хувиар нэмэгдүүлэн олгоно
13.4Энэ хуулийн 13.2, 13.3,13.6-д заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоход шаардагдах зардлыг тухайн байгууллага төсөвтөө тусгасан байна.
13.5Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага нь эмнэлгийн мэргэжилтэнд урамшуулал олгох, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
13.6Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно.
13.7Эрүүл мэндийн ажилтныг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд төлбөргүй хамруулна.
13.8Эрүүл мэндийн ажилтанд ажилласан 5 жил тутамд нь Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр нь 1 өдрийн нэмэгдэл амралт олгоно.
13.9Сум, тосгоны эрүүл мэндийн төв, багийн эмчийн салбар, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад 5 жил тутамд улсын зардлаар хамруулна.
13.10Энэ хуулийн 13.6-д заасан мөнгөн тэтгэмжийг олгох журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
13.11Төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан эрүүл мэндийн ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
13.12Эрүүл мэндийн ажилтны амьдрах нөхцөлийг сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дараах дэмжлэг үзүүлнэ:
13.12.1орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлд тусгай дарааллаар хамруулах;
13.12.2орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах урьдчилгаа төлбөрийг тухайн байгууллага эсхүл бусад эх үүсвэрээр урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх боломжит арга замыг тодорхойлох;
13.12.3хуулиар хориглоогүй бусад арга хэлбэрээр.
13.13Энэ хуульд заасан нийгмийн баталгааны болзол болох ажилласан жилийг тооцоход эрүүл мэндийн ажилтны төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажилласан хугацааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэгтгэн тооцно.
14 дүгээр зүйлАжил үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндийн ажилтны амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх
14.1Эрүүл мэндийн ажилтан үзлэг, оношилгоо, эмчилгээ, хагалгаа, яаралтай тусламж, гэрийн үзлэг, тээвэрлэлт, дадлага, сургалт зэрэг ердийн ажил үүргээ гүйцэтгэх явцад дараах шалтгаанаар хохирол учирсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан нөхөн төлбөр болон нийгмийн даатгалд холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг олгохоос гадна эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, эмийн зардлыг улсын зардлаар бүрэн хариуцна.
14.1.1өвчтөнөөс гепатит В, гепатит С, сүрьеэ гэх мэт цусаар, биеийн шингэнээр, эсхүл агаараар дамжих халдвар авсан;
14.1.2өвчтөн, түүний гэр бүлийн гишүүн, эсхүл гуравдагч этгээдээс үйлдсэн хүчирхийллийн улмаас бие махбод, сэтгэцийн гэмтэл авсан;
14.1.3ионжуулагч цацраг, хорт химийн бодис, мэдээгүйжүүлэгч бодис, эмчилгээний эмийн нөлөөгөөр эрүүл мэндийн хохирол хүлээсэн;
14.1.4өвчтөн, ажлын тоног төхөөрөмжтэй харьцах явцад биеийн механик гэмтэл авсан;
14.1.5яаралтай тусламж үзүүлэх, өвчтөн тээвэрлэх, гэрийн үзлэг хийх явцад зам тээврийн осолд өртсөн;
14.1.6ажлын ачаалал, мэргэжлийн халшрал, хоёрдогч сэтгэл зүйн гэмтлийн улмаас сэтгэцийн эмгэг үүссэн нь эрх бүхий эмнэлгийн магадлалаар тогтоогдсон.
14.2Эрүүл мэндийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь түүний 5 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгоно.
14.3Нас барсан эрүүл мэндийн ажилтны асрамжид байсан хүүхдийг энэ хуулийн 13.11-т заасны дагуу, тус заалтад заасан ажилласан жилийн болзлоос үл хамааран төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулна.
14.4Энэ зүйлд заасан нөхөн төлбөр, мөнгөн тусламж олгох журмыг эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
14.5Энэ зүйлд заасан хохирлыг нөхөн төлөх, эмчилгээний зардлыг хариуцах үүргийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр тухайн эрүүл мэндийн ажилтны ажил олгогч хүлээх бөгөөд төрийн өмчийн байгууллагын хувьд улсын төсвөөс, бусад байгууллагын хувьд ажил олгогч өөрөө санхүүжүүлнэ.
15 дугаар зүйлОлон улсын хөл хориот халдварт өвчний голомтод ажилласан эрүүл мэндийн ажилтанд олгох нэмэгдэл хөлс, нөхөн төлбөр
15.1Олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод болон гамшгийн үед дайчилгаагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд тухайн дайчилгааг зохион байгуулсан газар 1 сарын дотор ажилласан хугацааны цалин хөлсийг З дахин нэмэгдүүлж олгоно.
15.2Эрүүл мэндийн ажилтан нь олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод ажиллаж халдвар авсны улмаас амь насаа алдвал, түүний гэр бүлд тухайн ажилтны 5 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох бөгөөд тухайн голомтод ажилласантай холбоотойгоор бие махбодод нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, авч байсан цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгоно.
15.3Олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод дайчлагдан ажилласан иргэнд нөхөн төлбөр, цалин хөлсний зөрүүг эрүүл мэндийн ажилтны нэгэн адил олгоно.
15.4Энэ хуулийн 15.3-т заасан иргэн тогтмол ажил эрхэлдэггүй бол цалин хөлсийг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцно.
15.5Эрүүл мэндийн ажилтанд хууль тогтоомжид заасны дагуу цалин хөлсний нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох бөгөөд тэдгээрийн төрөл, хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД ХОЛБОГДОХ ЗОХИЦУУЛАЛТ
Нэгдүгээр дэд бүлэг
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалт
16 дугаар зүйлЭмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалт
16.1Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн этгээд нь энэ хуульд заасан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалт өгч тэнцсэн байна.
16.2Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтыг дараах мэргэжлийн чиглэл тус бүрээр авна:
16.2.1хүний их эмч;
16.2.2хүний бага эмч;
16.2.3нүүр амны их эмч;
16.2.4уламжлалт анагаах ухааны их эмч;
16.2.5сувилагч;
16.2.6эх баригч;
16.2.7эм зүйч;
16.2.8эм найруулагч;
16.2.9сэргээн засах чиглэлийн мэргэжилтэн;
16.2.10хууль тогтоомж, болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жагсаалтад заасан бусад.
16.3Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалт нь тухайн мэргэжлийн заавал эзэмшсэн байх суурь мэдлэг, ур чадвар, ёс зүй, өвчтөний аюулгүй байдлын чадамжийг үнэлэхэд чиглэнэ.
16.4Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтыг зохион байгуулахад тэгш эрх, шударга ёс, ил тод байдал, хараат бус байдал, хууль дээдлэх, олон нийтийн итгэлийг хангасан байх зарчмыг баримтална.
17 дугаар зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад орох эрх
17.1Эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллеж төгссөн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад орох эрхтэй.
17.2Гадаад улсад анагаах ухааны боловсрол эзэмшсэн этгээдийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад оруулах журмыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо батална.
17.3Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад орох өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
17.3.1Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хувьд паспорт буюу түүнийг орлох баримт бичгийн хуулбар;
17.3.2анагаах ухааны боловсролын дипломын хуулбар;
17.3.3баталсан маягт бөглөсөн байх;
17.3.4шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичиг.
17.4Шалгалтын комисс өргөдөлд хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг шалгах зорилгоор холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл гаргуулах эрхтэй.
18 дугаар зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад оруулахаас татгалзах үндэслэл
18.1Дараах тохиолдолд шалгалтын комисс мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад оруулахаас татгалзана:
18.1.1энэ хуульд заасан шалгуур, шаардлагыг хангаагүй;
18.1.2баримт бичгийг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн;
18.1.3шалгалтын бүртгэлийн хугацаанд бүртгүүлээгүй;
18.1.4мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон шийтгэлийн хугацаа дуусаагүй.
19 дүгээр зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалт зохион байгуулах журам
19.1Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны дэргэдэх шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос байгуулсан Шалгалтын комисс жилд хоёроос доошгүй зохион байгуулна.
19.2Шалгалтын тов, бүртгэлийн хугацаа, газар, шалгалтын удирдамжийг шалгалтаас 90-ээс доошгүй хоногийн өмнө нийтэд зарлана.
19.3Шалгалтын комисс байгуулах, гишүүнд тавигдах шаардлага, шалгалтын арга, үе шат, үнэлгээний шалгуур, дүн гаргах журмыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо батална.
20 дугаар зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцсэнд тооцох, батламж олгох
20.1Шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувь авсан шалгуулагчийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцсэнд тооцно.
20.2Шалгалтад тэнцсэн шалгуулагчид Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны шалгалт дууссанаас хойш ажлын 10 хоногийн дотор батламж олгоно.
21 дүгээр зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад дахин орох
21.1Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцээгүй шалгуулагч дахин шалгалтад орох эрхтэй.
21.2Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатайгаар хүчингүй болгосон этгээд нь шийтгэлийн хугацаа дууссанаас хойш шалгалтад дахин орох эрхтэй.
22 дугаар зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалттай холбоотой гомдол гаргах
22.1Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрсөн этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоонд гомдол гаргана.
22.2Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь гомдлыг хүлээн авснаас хойш шалгалт эхлэхээс гурваас доошгүй хоногийн өмнө эцэслэн шийдвэрлэнэ.
22.3Холбооны шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гомдол гаргаж болно
Хоёрдугаар дэд бүлэг
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
23 дугаар зүйлЭмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
23.1Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зөвхөн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд эмнэлгийн мэргэжилтэн нь зөвхөн зөвшөөрөл олгосон төрөл, чиглэл, хүрээнд тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
23.2.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь дараах төрөлтэй байна:
23.2.1эмчлэх;
23.2.2эм барих;
23.2.3сувилах;
23.2.4эх барих;
23.2.5сэргээн засах.
23.3Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан этгээд тухайн төрлийн мэргэжлийн нэршлийг хэрэглэх эрхтэй байна.
23.4Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, нөхөн олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох үйл ажиллагааг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо хэрэгжүүлнэ.
24 дүгээр зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үндэслэл, журам
24.1Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор холбогдох Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоонд гишүүнээр элсэх өргөдлийг цахимаар гаргана.
24.2Өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
24.2.1мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцсэн батламж;
24.2.2ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
24.2.3энэ хуулиар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон үндэслэл байхгүйг нотолсон баримт бичиг.
24.3Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь өргөдөл, хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг шалгаж, энэ хуулийн шаардлагыг хангасан эсэхийг шийдвэрлэнэ.
24.4Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь өргөдөл гаргагчийг гишүүнээр бүртгэж авсан тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно.
24.5Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан этгээд тухайн төрлийн “эмнэлгийн мэргэжилтэн” гэсэн нэршлийг ашиглах эрхтэй. Зөвшөөрөл аваагүй этгээд нь эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, өөрийгөө зөвшөөрөлтэй мэргэжилтэн мэт олон нийтэд ойлгуулах, эсхүл эмчлэх, сувилах, эх барих, эм барих, сэргээн засах эрхтэй мэтээр сурталчлахыг хориглоно. Анагаах ухааны боловсрол эзэмшсэн боловч зөвшөөрөл аваагүй этгээд өөрийн боловсролын зэрэг, эзэмшсэн мэргэжлийг илэрхийлэх эрхтэй.
24.6Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан эмнэлгийн мэргэжилтэнд Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо таних дугаар бүхий нэрийн тэмдэг олгоно.
24.7Нэрийн тэмдэгт эмнэлгийн мэргэжилтний овог, нэр, мэргэжлийн төрөл, бүртгэлийн дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг тусгана.
24.8Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхдээ нэрийн тэмдгийг ил харагдахуйц зүүнэ.
24.9Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болсон, эсхүл түдгэлзсэн тохиолдолд нэрийн тэмдгийг хүчингүйд тооцно.
25 дугаар зүйлЗөвшөөрөл олгох хугацаа
25.1Анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий их, дээд сургууль, коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах хугацаагаар олгоно:
25.1.1резидент эмчид хяналттай эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар;
25.1.2үндсэн мэргэшлийн сургалтыг дүүргэсэн мэргэшсэн эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;
25.1.3бага эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;
25.1.4эм зүйч, эм найруулагчид эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;
25.1.5сувилагчид сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;
25.1.6эх баригчид эх барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;
25.1.7сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнд сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар.
25.2Энэ хуулийн 25.1.1-д зааснаас бусад зөвшөөрлийг жил тутам тасралтгүй сургалтад хамрагдаж багц цагаа бүрдүүлсэн, мэргэжлийн үйл ажиллагааг тасралтгүй эрхэлсэн, мэргэжлийн хариуцлагын даатгалтай, мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчилгүй эмнэлгийн мэргэжилтэнд 5 жилийн хугацаагаар сунгана. Зөвшөөрөл сунгахад тавих шалгуур, өндөр эрсдэлтэй чиглэлээр ур чадварын дахин үнэлгээ хийх журмыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо батална.
25.3Энэ хуулийн 25.1.1-д заасан зөвшөөрөл нь зөвхөн төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагад, мэргэшсэн эмчийн шууд хяналт, удирдлага дор, байгууллагын баталсан резидент эмчийн бие даан үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтын хүрээнд хүчинтэй байна.
26 дугаар зүйлГадаад улсад анагаахын шинжлэх ухааны чиглэлээр боловсролын байгууллага төгссөн иргэн болон гадаад улсын иргэнд зөвшөөрөл олгох
26.1Гадаад улсад анагаах ухааны боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн, эсхүл Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн анагаах ухааны боловсрол эзэмшсэн гадаадын иргэн нь Монгол Улсад резидент эмчийн сургалтад хамрагдахын тулд энэ хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцсэн байх бөгөөд шаардлага хангасан этгээдэд энэ хуулийн 25.1.1-д заасан хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно.
26.2Энэ хуулийн 26.1-д заасан Монгол Улсын иргэний гадаад улсад эзэмшсэн анагаах ухааны боловсролыг Монгол Улсын анагаах ухааны боловсролын зэрэгтэй дүйцүүлэн тооцсон байна.
26.3Гадаад улсын эрх бүхий байгууллагаас олгосон эмчлэх, сувилах, эх барих, эм барих, сэргээн засах чиглэлийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй Монгол Улсын иргэнд тухайн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хялбаршуулсан журмаар олгож болно.
26.4Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах шалгуурыг хангасан гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд олгоно:
26.4.1Монгол Улсын анагаах ухааны боловсролын зэрэгтэй дүйцэх боловсрол эзэмшсэн;
26.4.2эх орондоо мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй, эсхүл түүнтэй адилтгах баримт бичигтэй;
26.4.3төрөлжсөн мэргэшлээр 5 ба түүнээс дээш жил ажилласныг нотлох баримт бичигтэй;
26.4.4Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагатай ажиллах гэрээ, хэлэлцээртэй.
26.5Энэ хуулийн 26.4-т заасан гадаадын иргэнд Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2 жил хүртэл хугацаагаар дараах нөхцөлөөр хялбаршуулсан журмаар олгож болно:
26.5.1зургаан сар хүртэлх зөвшөөрлийг зөвшөөрлийн шалгалтгүйгээр зөвхөн нэг удаа, Монгол Улсын мэргэшсэн эмчийн шууд хяналт дор, зөвлөх эрхээр ажиллахаар;
26.5.2зургаан сараас дээш хугацааны зөвшөөрлийг зөвшөөрлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд.
26.6Энэ хуулийн 26.5-т заасан зөвшөөрөлтэй гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол Улсын нутаг дэвсгэрт мэргэжлийн үйл ажиллагаагаа монгол хэл дээр, шаардлагатай тохиолдолд орчуулгатай явуулна.
26.7Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл олгох, сунгах, хяналт тавих, шаардлага зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний журмыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо батална.
27 дугаар зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх
27.1Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах үндэслэлээр түдгэлзүүлнэ:
27.1.1эрүүл мэндийн байдал, түр хугацааны чадваргүйдлийн улмаас мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;
27.1.2мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа;
27.1.3мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн зөрчил гаргасан нь энэ хуулийн 86.9.3, 86.9.4-т заасны дагуу Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрээр тогтоогдсон;
27.1.4мэргэжилтэн өөрөө хүсэлт гаргасан.
27.1.5жил тутмын тасралтгүй сургалтын багц цагийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хангаагүй;
27.2Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх хугацаа нь энэ хуулийн 86.9.3, 86.9.4-т зааснаас бусад тохиолдолд түдгэлзүүлэх үндэслэл арилах хүртэл байна.
27.3Түдгэлзүүлсэн хугацаа дуусах, эсхүл түдгэлзүүлэх үндэслэл арилснаар зөвшөөрөл дахин нөхцөлгүйгээр сэргэнэ. Түдгэлзүүлсэн хугацаанд тухайн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
27.4Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь түүнийг энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгоход саад болохгүй.
28 дугаар зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох
28.1Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороо нь Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно:
28.1.1мэргэжилтэн өөрөө хүсэлт гаргасан;
28.1.2гэмт хэрэг үйлдсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
28.1.3энэ хуулийн 27.1.5-д заасан үндэслэлээр зөвшөөрлийг түдгэлзүүлснээс хойш 12 сарын дотор тасралтгүй сургалтын багц цагаа нөхөн хангаагүй;
28.1.4зөвшөөрлийн хугацаа дууссан боловч мэргэжлийн шалгалтад ороогүй, эсхүл тэнцээгүй;
28.1.5хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таван жилээс дээш хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй;
28.1.6төгсөлтийн дараах сургалтын гэрээний үүргээ биелүүлээгүй;
28.1.7энэ хуулиар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд болох нь тогтоогдсон.
28.1.8мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн ноцтой зөрчлийн улмаас энэ хуулийн 86.9.7-д заасан шийдвэр гарсан.
28.2Энэ хуулийн 28.1.5-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө, цэргийн алба, эрүүл мэндийн шалтгаан, мэргэшил дээшлүүлэх сургалт хамаарна.
28.3Энэ хуулийн 28.1.8-д заасан үндэслэлээр зөвшөөрлийг хүчингүй болгохдоо 86 дугаар зүйлд заасан маргаан хянан шийдвэрлэх журмыг баримтална.
29 дүгээр зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сэргээх
29.1Энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болсон зөвшөөрлийг, түүнийг хүчингүй болгосон үндэслэл арилж, холбогдох шаардлагыг хангаж, гэрээний үүргээ биелүүлсэн бол сэргээж болно.
29.2Өөрийн хүсэлтээр зөвшөөрлөө хүчингүй болгосон этгээд дахин зөвшөөрөл авах бол мэргэжлийн шалгалтад дахин орно.
30 дугаар зүйлЭмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтний нэгдсэн бүртгэл
30.1Эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтний нэгдсэн бүртгэл нь эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтний талаарх албан ёсны мэдээллийн сан байна.
30.2Эмнэлгийн мэргэжилтэн бүр дахин давтагдашгүй бүртгэлийн дугаартай байна.
30.3Нэгдсэн бүртгэлд эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн тус бүрийн бүртгэлийн дугаар, овог нэр, мэргэжил, мэргэшил, зөвшөөрлийн төрөл, хүрээ, хүчинтэй хугацаа, нөхцөл, хязгаарлалт, түдгэлзүүлсэн болон хүчингүй болсон байдал, мэргэжлийн хариуцлагын эцсийн шийдвэрийн нийтэд мэдээлэх хэсэг, сургалт, ажилласан байгууллага, албан тушаалын мэдээллийг тусгаж, жил бүр шинэчилнэ.
30.4Нэгдсэн бүртгэлийг хөтлөх журмыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо батална.
30.5Нэгдсэн бүртгэл дэх хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулах, хамгаалахад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг баримтлах бөгөөд мэргэжилтэн өөрийн бүртгэлийн мэдээлэлтэй танилцах, алдаатай мэдээллийг засуулах эрхтэй.
31 дүгээр зүйлЭмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд
31.1Дараах этгээд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй:
31.1.1эрүүл мэндийн байдлынхаа улмаас мэргэжлийн үйл ажиллагааг аюулгүй эрхлэх боломжгүй нь эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шаардлагатай дэмжлэг, ажлын байрны зохистой тохируулга хийх боломжгүй;
31.1.2мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай;
31.1.3энэ хуулийн 28.1.2-т заасан үндэслэлээр зөвшөөрөл нь хүчингүй болсон бөгөөд ялын хугацаа дуусаагүй.
Гуравдугаар дэд бүлэг
Эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг, хариуцлага
32 дугаар зүйлЭмнэлгийн мэргэжилтний тангараг
32.1Анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий их, дээд сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн хүн бүр “Эмч би, эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая, тангараглая, тангараглая” гэсэн тангараг өргөнө.
32.2Сувилахуйн боловсрол эзэмшиж, сувилагч мэргэжлээр төгссөн хүн бүр “Сувилагч би, хүнлэг энэрэнгүй, эелдэг зөөлөн, үнэнч шударга байж, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалахын төлөө эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллах мэргэжилтэн байхаа эх орон, ард түмэндээ андгайлан тангараглая” гэсэн тангараг өргөнө.
32.3Энэ хуулийн 32.1, 32.2-д заасан тангараг өргөх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоотой зөвшилцөн батална.
33 дугаар зүйлЭмнэлгийн мэргэжилтний нийтлэг эрх
33.1Эмнэлгийн мэргэжилтэн нь энэ хуулийн 3 дугаар бүлэгт зааснаас гадна дараах эрх эдэлнэ:
33.1.1мэргэжлийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, түүний удирдлага, иргэнд шаардлага тавих, зөвлөгөө өгөх;
33.1.2гэнэтийн өвчин, осол гэмтлээс хүний амь насанд аюултай байдал бий болсон, төрөх зэрэг яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг дайчлан ашиглах;
33.1.3эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг болон өвчтөний амь нас, эрүүл мэндэд харш үйлдэл хийлгэхээр шаардах, эсхүл хууль тогтоомж зөрчихийг шаардсан тохиолдолд эмчлэх, үйлчлэхээс татгалзах;
33.1.4албан үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлийн хамгаалах хэрэгслээр хангагдах;
33.1.5мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, төгсөлтийн дараах болон тасралтгүй сургалтад хамрагдах;
33.1.6хууль тогтоомжид заасан бусад эрх.
33.2Энэ хуулийн 33.1.2-т заасан эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг холбогдох эмнэлгийн байгууллага түргэн тусламжийн үйлчилгээний тарифаар нөхөн олгоно.
34 дүгээр зүйлЭмнэлгийн мэргэжилтний нийтлэг үүрэг
34.1Эмнэлгийн мэргэжилтэн нь энэ хуулийн 3 дугаар бүлэгт зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:
34.1.1эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх;
34.1.2гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд боломжтой нөхцөлд, мэргэжлийн чадварынхаа хүрээнд эмнэлгийн тусламж үзүүлэх эсхүл зохих мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагад зуучилж мэргэшсэн тусламжийг түргэн зохион байгуулах;
34.1.3үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах;
34.1.4хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
34.1.5мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх, нотолгоонд тулгуурласан арга барил хэрэглэх;
34.1.6үйлчлүүлэгчийн өвчин, эмгэг, эмчилгээний мэдээлэл болон нас барагчийн талаарх мэдээллийг хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх;
34.1.7хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
35 дугаар зүйлЭмнэлгийн тусламж, үйлчилгээний түүхийн бүртгэл
35.1Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний түүхийн бүртгэлийг хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, журмын дагуу хөтөлнө.
35.2Эмнэлгийн тусламж, үйлчилгээний түүхийн бүртгэлд өвчтөний өвчин, эмгэг, онош, зовиур, эмчилгээний явц, эмнэлгийн үйлдэл, хэрэглэсэн арга хэмжээ, мэргэжлийн санал, дүгнэлтийг үнэн зөв, бүрэн тусгаж гарын үсэг эсхүл түүнтэй адилтган үзэх арга хэлбэрээр баталгаажуулна.
35.3Эмнэлгийн мэргэжилтэн нь бүртгэлийг хуурамчаар хөтлөх, санаатайгаар бодит байдлаас зөрүүтэй нэмэлт бичилт хийх, үндэслэлгүй засвар оруулахыг хориглоно.
35.4Эмнэлгийн тусламж, үйлчилгээний түүхийн бүртгэлийг цахимаар хөтлөх, хадгалах, хамгаалах, архивлах, нэвтрэх эрхийн түвшин тогтоох, аудитын мөр бүрдүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
36 дугаар зүйлҮйлчлүүлэгчид асаргаа, сувилгаа болон эрүүл мэндийн зөвлөгөө өгөх
36.1Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгч, эсхүл түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчид асаргаа, сувилгаа хийх арга, эмчилгээний дэглэм, эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай мэдээллийг зааварлан зөвлөх үүрэгтэй.
37 дугаар зүйлЭрсдэлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ явуулах үед мэдээлэл өгөх, зөвшөөрөл авах
37.1Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн амь нас, эсхүл бие махбодод ноцтой хохирол учрах эрсдэлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ явуулах тохиолдолд үйлчлүүлэгчид дараах мэдээллийг тайлбарлаж, бичгээр эсхүл цахимаар зөвшөөрөл авна:
37.1.1онош, магадлал, эрсдэлийн үндэслэл;
37.1.2эмнэлгийн тусламж, үйлчилгээний зайлшгүй шаардлага, аргачлал, агуулга;
37.1.3тайлбар өгч буй эмч болон голлон оролцох эмч нарын нэр;
37.1.4нийтлэг хүндрэл, гаж нөлөө, эрсдэлийн мэдээлэл;
37.1.5эмнэлгийн тусламж, үйлчилгээний өмнө болон дараа мөрдөх заавар, анхаарах зүйлс.
37.2Энэ хуулийн 37.1-т заасан үйлчлүүлэгч нь шийдвэр гаргах чадваргүй бол түүний хууль ёсны төлөөлөгчөөс зөвшөөрөл авна.
37.3Зөвшөөрөл авсны дараа эмнэлгийн тусламж, үйлчилгээний арга, агуулга өөрчлөгдөх, эсхүл голлон оролцох эмч солигдох бол өөрчлөлтийн шалтгаан, агуулгыг мэдээлж дахин бичгээр эсхүл цахимаар зөвшөөрөл авна.
37.4Яаралтай нөхцөл байдлаас шалтгаалан энэ хуулийн 37.1, 37.2, 37.3 дах хэсгийг хэрэгжүүлэх нь тусламжийг хэт саатуулж амь насанд аюул учруулах, эсхүл сэтгэцэд хүнд хор уршиг үүсгэх бодит нөхцөл байдал үүссэн бол уг шаардлага тавигдахгүй бөгөөд үндэслэлийг түүхийн бүртгэлд тэмдэглэнэ.
38 дугаар зүйлНууц хадгалах үүрэг
38.1Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн үүргээ хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн үйлчлүүлэгч болон түүний гэр бүлийн талаарх хувийн мэдээлэл, эрүүл мэндийн мэдээллийг тухайн этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг хориглоно.
38.2Энэ үүрэг нь эмнэлгийн мэргэжилтэн ажил үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш мөн хүчинтэй байна.
38.3Хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх нь энэ хуулийн 38.1-д хамаарахгүй.
39 дүгээр зүйлАшиг сонирхлын зөрчлөөс ангид байх, урамшуулал авахыг хориглох
39.1Эмнэлгийн мэргэжилтэн нь эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгч, импортлогч, ханган нийлүүлэгч, түрээслүүлэгчээс шууд болон шууд бусаар урамшуулал, хөнгөлөлт, ашиг хүртэхийг хориглоно.
39.2Эрдэм шинжилгээ, сургалт, клиник туршилт, бүтээгдэхүүний танилцуулга, хэрэглээний сургалт зэрэг үйл ажиллагаанд хууль, журмын дагуу үзүүлсэн дэмжлэг үзүүлсэн нь энэ хуулийн 39.1-д хамаарахгүй.
40 дүгээр зүйлГадны нөлөөгөөр эсхүл сэжигтэй байдлаар нас барсан байж болзошгүй үед мэдэгдэх үүрэг
40.1Эмнэлгийн мэргэжилтэн нь хүний цогцсыг үзэж гадны нөлөөгөөр эсхүл сэжигтэй байдлаар нас барсан байж болзошгүй гэж үзвэл холбогдох цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
41 дүгээр зүйлМэргэшсэн эмч, резидент эмчийн нэмэлт эрх, үүрэг
41.1Мэргэшсэн эмч нь энэ хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасан нийтлэг эрх, үүргээс гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
41.1.1үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх
41.1.2эмийн жор бичих;
41.1.3нас барсныг тогтоох;
41.1.4хүйсийг тогтоох;
41.1.5хуульд заасан нөхцөлд иргэний эрүүл мэндийн талаар тодорхойлолт гаргах;
41.1.6шүүх, прокурорын байгууллагын шийдвэрээр эмчийн үзлэг хийх, шинжилгээ авах, эмчилгээ хийх, дүгнэлт гаргах;
41.1.7өөрийнх нь шууд хяналт, удирдлагад ажиллах резидент эмчид мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
41.1.8оношлох, эмчлэх зорилгоор резидент эмчээр тодорхой үйл ажиллагааг гүйцэтгүүлэхдээ хяналт тавих, шаардлагатай тохиолдолд бичгээр үүрэг даалгавар олгож байгууллагын удирдлагад мэдэгдэх;
41.1.9хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
41.2Резидент эмч нь энэ хуулийн 33, 34 дугаар зүйлд заасан нийтлэг эрх, үүргээс гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
41.2.1Энэ хуулийн 41.2.2, 41.2.3-т заасан ажлыг гүйцэтгэхдээ мэргэшсэн эмчээс арга зүйн туслалцаа авах;
41.2.2байгууллагын баталсан резидент эмчийн бие даан үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтын дагуу үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх;
41.2.3мэргэшсэн эмчийн шууд хяналт, удирдлага дор эмчилгээ, мэс засал, ажилбар хийх;
41.2.4хүндрэл гарсан тохиолдолд мэргэшсэн эмчид цаг алдалгүй мэдэгдэх;
41.2.5хууль, тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
41.3Резидент эмчийн ажиллах үлгэрчилсэн журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
42 дугаар зүйлЭмнэлгийн мэргэжилтэнд хориглох үйл ажиллагаа
42.1Эмнэлгийн мэргэжилтэн нь зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх, эсхүл эрхгүй этгээдээр эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлүүлэхийг хориглоно.
42.2Эмнэлгийн мэргэжилтэн биш этгээд нь эмч, шүдний эмч, уламжлалт анагаахын эмч, эх баригч, сувилагч болон эдгээртэй төстэй нэршлийг ашиглан төөрөгдөл үүсгэхийг хориглоно.
42.3Эмнэлгийн мэргэжилтний хориглох зар сурталчилгааны хэлбэр, шаардлагыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
43 дугаар зүйлЭмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзахыг хориглох
43.1Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах хүсэлт хүлээн авсан тохиолдолд хуульд заасан үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй.
43.2Яаралтай тусламж шаардлагатай өвчтөнд эмнэлгийн мэргэжилтэн хамгийн боломжит, зохистой арга хэмжээг нэн даруй авна.
43.3Татгалзах боломжтой онцгой тохиолдол, түүний журам, баримтжуулалтыг холбогдох хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын журмаар зохицуулна.
43.4Яаралтай тусламжийн шаардлагагүй тохиолдолд үйлчлүүлэгч эмнэлгийн мэргэжилтэнд бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл, дарамт, доромжлол үзүүлсэн бол мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлэхээс татгалзаж, аюулгүй байдлаа хангуулах эрхтэй. Энэ нь яаралтай тусламж үзүүлэх үүрэгт хамаарахгүй.
44 дүгээр зүйлМэргэжлийн хараат бус байдал, аюулгүй орчин
44.1Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэхэд энэ хууль болон бусад хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд хэн ч аливаа байдлаар хөндлөнгөөс оролцож үл болно.
44.2Эрүүл мэндийн ажилтан нь хууль тогтоомж, мэргэжлийн стандарт, эмнэлзүйн удирдамж, ёс зүйн хэм хэмжээ, шинжлэх ухааны нотолгоонд нийцүүлэн, өвчтөний оношилгоо, эмчилгээ, асаргаа, тусламж үйлчилгээтэй холбоотой эмнэлзүйн шийдвэрийг бие даан гаргах эрхтэй.
44.3Эмнэлзүйн бие даасан шийдвэр гаргах эрхийг хангах зорилгоор дараах үйлдэл хийхийг хориглоно:
44.3.1эрүүл мэндийн ажилтны эмнэлзүйн шийдвэрт хөндлөнгөөс оролцох, эдийн засгийн болон хууль бус зорилгоор шийдвэрийг өөрчлөхийг шаардах;
44.3.2мэргэжлийн стандарт, эмнэлзүйн удирдамжид нийцсэн эмнэлзүйн шийдвэрийн улмаас эрүүл мэндийн ажилтанд ажил олгогчийн зүгээс дарамт, шахалт үзүүлэх.
44.4Хэн боловч эмнэлгийн байгууллагын эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмж, хэрэгсэл, эм бэлдмэл, бусад эд зүйлсийг эвдэх, гэмтээх, эсхүл эмнэлгийн байгууллагын эмчилгээний үйл ажиллагаанд саад учруулах, хүчирхийлэл, дарамт үзүүлэхийг хориглоно.
44.5Энэ зүйлд заасан хориг зөрчсөн үйлдэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Дөрөвдүгээр дэд бүлэг
Төгсөлтийн дараах сургалт
45 дугаар зүйлТөгсөлтийн дараах сургалтын төрөл, хүрээ
45.1Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт нь мэргэшүүлэх болон тасралтгүй гэсэн төрөлтэй байна.
45.2Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад үндсэн мэргэшлийн болон төрөлжсөн мэргэшлийн сургалт хамаарна.
45.3Тасралтгүй сургалт нь эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадвар, ёс зүй, чанарын шаардлагыг хадгалах, ахиулах зорилготой бөгөөд багц цагийн тогтолцоонд үндэслэнэ.
46 дугаар зүйлТөгсөлтийн дараах сургалтын удирдлага, зохион байгуулалт
46.1Төгсөлтийн дараах сургалт, мэргэшлийн зэрэгтэй холбогдсон үйл ажиллагааны бодлого, нэгдсэн удирдлагыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
46.2Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хуульд нийцүүлэн төгсөлтийн дараах сургалттай холбоотой чиг үүргийг эрх олгох, гэрээгээр шилжүүлэх хэлбэрээр төрийн болон төрийн бус байгууллагаар хэрэгжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд хяналт, тайлагнал, ил тод байдлын шаардлагыг хангана.
47 дугаар зүйлСургалт эрхлэх байгууллагад тавих шаардлага, сонгон шалгаруулалт
47.1Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллага нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
47.1.1сургалтын хөтөлбөр, сургалтын үр дүнгийн шалгуур, үнэлгээний аргачлалтай байх;
47.1.2сургалтын багшлах бүрэлдэхүүний мэргэшил, туршлагын шаардлага хангагдсан байх;
47.1.3клиникийн сургалтын бааз, тоног төхөөрөмж, шаардлагатай тохиолдолд симуляцийн орчинтой байх;
47.1.4сургалтын чанарын дотоод баталгаажуулалт, гомдол шийдвэрлэх журамтай байх;
47.1.5ашиг сонирхлын зөрчил, тэтгэлэг, санхүүжилтийн ил тод байдлыг хангах.
47.2Сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
47.3Энэ хуулийн 47.2-т заасан ажиллагааны журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
48 дугаар зүйлБагц цаг тооцох, бүртгэх
48.1Тасралтгүй сургалтын багц цаг тооцох тогтолцоо нь сургалтын төрөл, хэлбэр, үр дүн, үнэлгээнд суурилна.
48.2Багц цагийг цахим бүртгэлээр нэгтгэн хөтөлж, сургалт зохион байгуулагч байгууллага нь оролцогчийн мэдээллийг хугацаанд нь бүртгүүлэх үүрэгтэй.
48.3Дотоод, гадаадын сургалт, эрдэм шинжилгээ, ур чадварын үнэлгээ, клиник сургалт, цахим сургалтыг багц цагт тооцох шалгуур, дээд хязгаар, нотлох баримтын шаардлагыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо батална.
48.4Багц цагийн бүртгэлд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бүрдүүлэхийг хориглоно.
49 дүгээр зүйлМэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох нийтлэг үндэслэл
49.1Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаа нь мэргэшүүлэх сургалтын төгсөлт, ур чадварын үнэлгээ, ажлын дадлага туршлага, ёс зүйн шаардлага, чанарын шалгуурт үндэслэнэ.
49.2Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, сунгах, хүчингүй болгох журам, үнэлгээний шалгуур, баримт бичгийн бүрдэл, шийдвэр гаргах болон маргаан, гомдол хянан шийдвэрлэх журмыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо батална.
50 дугаар зүйлРезидент эмчийн мэргэшүүлэх сургалтад хамрагдах үеийн эрх зүйн байдал
50.1Резидент эмч нь төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлэгт үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана.
50.2Резидент эмчийн ажлын ачаалал, хяналт-удирдлага, сургалтын чанарын шаардлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын доод стандартыг эрх бүхий байгууллага батална.
51 дүгээр зүйлСанхүүжилт, зардлын жишиг, төлбөр
51.1Төгсөлтийн дараах сургалт, мэргэшлийн зэргийн үйл ажиллагааны зардлын жишиг, сургалтын тэтгэлэг олгох шалгуур, тэтгэлгийн хэмжээ, шалгалтын төлбөр, зардлын жишгийг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны саналыг үндэслэн хамтран батална.
51.2Улсын төсвөөс санхүүжүүлэх сургалтын төрөл, хамрах хүрээ, сонгон шалгаруулах шалгуур, тайлагналын журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
51.3Сургалтын төлбөр, санхүүжилттэй холбоотой мэдээлэл ил тод байх бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөлийг хориглоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН БУСАД МЭРГЭЖИЛТНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
Нэгдүгээр дэд бүлэг
Нэгдүгээр дэд бүлэг
52 дугаар зүйлЭмнэлгийн бусад мэргэжилтнийг бүртгэх ажиллагаа
52.1Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоонд цахимаар бүртгүүлсний үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагааг эрхэлнэ. Эрүүл мэндийн байгууллага нь холбоонд бүртгэлтэй эмнэлгийн бусад мэргэжилтнийг ажиллуулна.
52.2Эмнэлгийн бусад мэргэжилтний цахим бүртгэлийг дараах мэдээлэл, баримт бичигт үндэслэн энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан нэгдсэн санд хийнэ. Үүнд:
52.2.1эмнэлгийн бусад мэргэжилтний овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар, татвар төлөгчийн дугаар, хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг агуулсан хувийн мэдээлэл;
52.2.2тухайн чиглэлээр дээд боловсролын эзэмшсэн болохыг нотолсон дээд боловсролын диплом;
52.2.3ажлын газрын тодорхойлолт, эсхүл хувиараа арилжаа эрхлэгчийн гэрчилгээ, эсхүл өөрийн өмчлөлийн хуулийн этгээдийн гэрчилгээ.
52.3Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь цахим хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор энэ хуулийн 52.2-т заасан мэдээлэл, баримт бичгийн үнэн зөвийг шалгана. Шаардлага хангасан тохиолдолд эмнэлгийн бусад мэргэжилтнийг 30 дугаар зүйлд заасан нэгдсэн бүртгэлд бүртгэж, бүртгэл баталгаажсаныг цахимаар мэдэгдэнэ.
52.4Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь бүртгэл баталгаажсан өдрөөс эхлэн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэх бөгөөд бүртгэлийн мэдээлэл өөрчлөлт орох бүрд Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоонд цахимаар мэдэгдэж, бүртгэлийн мэдээллийг үнэн зөвийг хариуцна.
52.5Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн эмнэлгийн бусад мэргэжилтний овог, нэр, ажил эрхлэлтийн байдлын мэдээллийг нээлттэй, ил тод байршуулна.
53 дугаар зүйлЭмнэлгийн бусад мэргэжилтнийг бүртгэхээс татгалзах
53.1Эмнэлгийн бусад мэргэжилтнээс энэ хуулийн 52.2-т заасан мэдээлэл, баримт бичгийг цахимаар дутуу, бүрэн бус илгээсэн тохиолдолд Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь бүртгэхээс татгалзаж, бүрэн бус, дутуу байгаа мэдээллийг зааж, зөрчлийн талаар хариу мэдэгдэнэ.
53.2Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь бүртгэхээс татгалзсан мэдэгдэлд заасан зөрчлийг арилган, дахин шинээр бүртгүүлэхээр хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.
Хоёрдугаар дэд бүлэг
Эмнэлгийн бусад мэргэжилтний дэмжлэг, эрх, үүрэг
54 дүгээр зүйлЭмнэлгийн бусад мэргэжилтэнд үзүүлэх дэмжлэг
54.1Эмнэлгийн бусад мэргэжилтэнд энэ хуулийн гуравдугаар бүлэгт заасан дэмжлэгээс гадна эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас дараах дэмжлэгийг үзүүлнэ:
54.1.1жил бүр тухайн чиглэлийн дотоодын болон олон улсын сургалтад хамрагдаж, мэргэжлийн ур чадварыг ахиулах;
54.1.2тухайн чиглэлийн олон улсын судалгааны хурал, судалгааны төсөлд оролцох, суурь судалгааны төсөлд тэтгэлэг хүртэх;
54.1.3улс хоорондын мэргэжилтэн солилцооны хөтөлбөрт хамрагдах;
54.1.4эрүүл мэндийг дэмжих чиглэлээр Монгол Улсын болон олон улсад оюуны өмчийн байгууллагад бүртгүүлсэн патентад мөнгөн болон мөнгөн бус урамшуулал олгох.
55 дугаар зүйлЭрүүл мэндийн бусад мэргэжилтний эрх
55.1Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь энэ хуульд заасан эрүүл мэндийн ажилтны эрхээс гадна дараах эрхийг эдэлнэ:
55.1.1бүртгүүлсэн чиглэлд хамаарах асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан, хувь хүнд шаардлага тавих, мэргэжлийн зөвлөгөө өгөх;
55.1.2ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах;
55.1.3мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, 5 жил тутамд мэргэжлийн сургалтад байгууллагын зардлаар хамрагдах;
55.1.4энэ хуульд заасан нийгмийн баталгаагаар хангагдах.
56 дугаар зүйлЭрүүл мэндийн бусад мэргэжилтний үүрэг
56.1Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь энэ хуульд заасан эрүүл мэндийн ажилтны нийтлэг үүрэг үүргийг хүлээхээс гадна дараах үүргийг хүлээнэ:
56.1.1бүртгүүлсэн чиглэлд хамаарах хууль тогтоомжийг чанд мөрдөж, мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэх;
56.1.2эмнэлгийн бусад мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мэргэжлийн үйл ажиллагаандаа нэг мөр хэрэгжүүлэх, сахин биелүүлэх;
56.1.3мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх;
56.1.4бүртгүүлсэн чиглэлийн хүрээнд үүссэн эрүүл мэнд, амь насанд аюултай тохиолдол, орчны нөхцөл байдлын талаарх холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэх;
56.1.5хувийн мэдээлэл өөрчлөлт орсон нөхцөлд нэн даруй мэдэгдэж, эмнэлгийн бусад мэргэжилтний нэгдсэн бүртгэлд өөрчлөлт оруулах;
56.1.6үйлчлүүлэгч, өвчтөний эрүүл мэндийн мэдээллийг зөвшөөрлийн үндсэн дээр цуглуулж, боловсруулж, ашиглах.
Гуравдугаар дэд бүлэг
Эмнэлгийн бусад мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанд хамаарах хэм хэмжээ
57 дугаар зүйлМэргэшлийн зэрэг олгох
57.1Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь эмнэлгийн бусад мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журмыг батална.
57.2Энэ хуулийн 57.1-т заасан журмаар дараах харилцааг зохицуулна:
57.2.1эмнэлгийн бусад мэргэжилтний мэргэшлийн зэргийн шатлал, хугацаа, чиглэл, удирдлага, зохион байгуулалт;
57.2.2мэргэшлийн зэрэг горилогчид тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг;
57.2.3мэргэшлийн зэргийн шалгалтын зохион байгуулалт, агуулга, хэлбэр, үнэлгээ, шалгалтын комиссын бүрэлдэхүүн;
57.2.4мэргэшлийн зэргийн гэрчилгээ олгох, хүчинтэй хугацаа, хүчингүй болгох, нөхөн олгох;
57.2.5эдгээртэй холбоотойгоор Холбооны хэрэгжүүлэх чиг үүрэг.
58 дугаар зүйлЭмнэлгийн бусад мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээ
58.1Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь дараах үйлдэл, эс үйлдлийг гаргахыг хориглоно:
58.1.1.бүртгүүлсэн чиглэлд хамаарах асуудлаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл тараах;
58.1.2бүртгүүлсэн чиглэлийн хүрээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлэхээс татгалзах;
58.1.3холбогдох хууль, дүрэм, журам, стандартаар тогтоосон шаардлагыг хангаагүй техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан үйл ажиллагааг эрхлэх;
58.1.4үйлчлүүлэгч, өвчтөний эрүүл мэндийн мэдээллийг олон нийтэд задруулах, хуулиар эрх олгогдоогүй этгээдэд дамжуулах, бусад этгээдэд арилжааны зорилгоор худалдах, бэлэглэх;
58.1.5хөдөлмөрийн аюулгүй байдлын журам, зааварчилгааг дагаж мөрдөхгүй байх, зөрчих;
58.1.6бүртгүүлсэн чиглэлд хамаарах хууль, дүрэм, журмаар хүлээсэн бусад үүргээ биелүүлэхгүй байх, эсхүл зөрчсөн үйлдэл гаргах;
58.1.7эмнэлгийн бусад мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчих;
58.1.8үйлчлүүлэгч, өвчтөний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах;
58.1.9бүртгүүлсэн чиглэлээс өөр чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагааг үзүүлэх, эсхүл үзүүлэх эрхтэй мэтээр бусдыг төөрөгдөлд оруулах;
58.1.10мэргэшлийн зэрэг олгогдоогүй байхад мэргэшлийн зэрэгтэй гэсэн сурталчилгааг түгээх, эсхүл бусдад олгосон мэргэшлийн зэргийг ашиглах;
58.1.11бүртгэлийн үндсэн дээр явуулж буй мэргэжлийн үйл ажиллагааг бусдад шилжүүлэх;
58.1.12мэргэшлийн зэргийг бусдад ашиглуулах, түрээслэх;
58.1.13бүртгэлээс хассан хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх.
58.2Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь энэ хуульд зааснаас гадна өөрийн бүртгүүлсэн чиглэлд хамаарах стандартын шаардлагыг нэг мөр хэрэгжүүлнэ.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ НЭГДСЭН ХОЛБОО /Энэ бүлгийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
59 дүгээр зүйлЭмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо, түүний гишүүнчлэл
59.1Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо (цаашид "Холбоо" гэх) нь энэ хуулиар үүсгэн байгуулагдсан, өөрийн удирдлагатай, заавал гишүүнчлэлтэй, нийтийн эрх зүйн хуулийн этгээд мөн.
59.2Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтний мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, ёс зүй, хариуцлагын нэгдсэн стандартыг тогтоох, мөрдүүлэх, мэргэжилтний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
59.3Монгол Улсад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрхтэй эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн нь Холбооны гишүүн байна.
59.4Эмнэлгийн мэргэжилтнүүд сайн дураараа нэгдэн мэргэжлийн чиглэлээр төрийн бус байгууллага байгуулж болох бөгөөд уг байгууллага нь энэ хуультай зөрчилдөхгүй бол Холбооны үйл ажиллагаанд хороо эсхүл салбар нэгжийн эрх эдэлж, үүрэг хүлээх байдлаар оролцож болно.
59.5Холбоо нь эмнэлгийн мэргэжилтний болон эмнэлгийн бусад мэргэжилтний нэгдсэн бүртгэлийг хөтөлнө.
59.6Энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан нэгдсэн бүртгэлийн журам, бүртгэлийн мэдээллийн төрөл, шинэчлэх хугацааг Холбооны Зөвлөл батална.
59.7Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй шууд холбоогүй аливаа төрийн албан тушаалд томилогдсон тохиолдолд Холбооны гишүүнчлэлийг түдгэлзүүлж болно.
60 дугаар зүйлЭмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны чиг үүрэг
60.1Холбоо нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
60.1.1эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн дүрэм, мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг боловсруулах, батлах санал гаргах, мөрдүүлэх;
60.1.2тасралтгүй мэргэжлийн хөгжлийн тогтолцоог зохион байгуулах, багц цагийг бүртгэх, баталгаажуулах;
60.1.3эмнэлгийн мэргэжилтний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн болон мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
60.1.4мэргэжлийн хариуцлага, сахилгын асуудлыг хянан шийдвэрлэх бүтцийг байгуулж ажиллуулах;
60.1.5эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, төгсөлтийн дараах сургалт, мэргэшлийн зэрэг олгоход арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөмж гаргах, хяналт-шинжилгээ, аюулгүй байдлыг сайжруулах бодлого, зөвлөмж боловсруулах, судалгаа хийх;
60.1.6мэргэжлийн маргаан, ёс зүйн зөрчлийн талаар дүгнэлт, зөвлөмж гаргах;
60.1.7эрүүл мэндийн хууль тогтоомж, бодлого боловсруулах үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх;
60.1.8гишүүдийн нэгдсэн бүртгэл, ёс зүйн болон сахилгын шийдвэрийн мэдээллийн санг хуульд нийцүүлэн хөтлөх;
60.1.9олон нийтэд эрүүл мэндийн боловсрол, мэргэжлийн мэдээлэл түгээх, нийтэд тустай үйл ажиллагаа зохион байгуулах;
60.1.10хууль тогтоомжид заасан эсхүл, төрийн байгууллагын шийдвэрээр Холбоонд шилжүүлсэн чиг үүрэг;
60.1.11Холбооны дүрэмд заасан бусад чиг үүрэг.
60.2Холбоо нь хууль тогтоомж эсхүл, төрийн байгууллагын шийдвэрээр эмнэлгийн мэргэжилтний эрх олгох чиг үүргийг хэрэгжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд эрх олгох шалгалтыг зохион байгуулна.
60.3Төрийн байгууллага, албан тушаалтнаас эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдох чиглэлээр шинжээч томилуулах хүсэлтийг Холбоонд гаргаж болох бөгөөд Холбоо нь тухайн чиглэлээр мэргэшсэн гишүүд бүхий мэргэжлийн дүгнэлт гаргах шинжээчийн баг эсхүл шинжээчийг тухайн мэргэжилтний зөвшөөрснөөр томилж болно.
60.4Тасралтгүй мэргэжлийн хөгжлийн сургалт, багц цагийн журам, шаардлагыг Холбооны Зөвлөл батална. Багц цаг цуглуулах, бүртгэх үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрээр зохион байгуулах бөгөөд журамд хөдөө, орон нутаг, алслагдсан суманд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэнд багц цагийн болон хөтөлбөрийн уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлийг тусгана.
61 дүгээр зүйлЭмнэлгийн мэргэжилтний их хурал
61.1Холбооны өөрөө удирдах ёсны эрх барих дээд байгууллага нь Эмнэлгийн мэргэжилтний Их хурал (цаашид “Их хурал” гэх) байна.
61.2Их хурлын ээлжит хуралдаан хоёр жилд нэгээс доошгүй удаа хуралдана.
61.3Их хурал төлөөлөгчдийн олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр байна.
61.4Их хурлын төлөөлөгч сонгох журмыг Холбооны дүрмээр тогтооно.
61.5Их хурлын тов, хэлэлцэх асуудлыг хуралдаан эхлэхээс 21 хоногийн өмнө нийтэд мэдээлнэ.
62 дугаар зүйлЭмнэлгийн мэргэжилтний их хурлын бүрэн эрх
62.1Их хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
62.1.1Холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
62.1.2ёс зүйн дүрэм, мэргэжлийн стандартыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн, олон нийтийн санал авсны үндсэн дээр батлах, өөрчлөх;
62.1.3Холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх;
62.1.4Холбооны Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх;
62.1.5Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг энэ хуулийн 85.7-д заасан журмын дагуу сонгох;
62.1.6гишүүний татвар, хураамжийн хэмжээг тогтоох;
62.1.7үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан сонсох;
62.1.8дүрэмд заасан бусад бүрэн эрх.
63 дугаар зүйлЭмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны Ерөнхийлөгч
63.1Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны Ерөнхийлөгч (цаашид “Ерөнхийлөгч” гэх) нь Холбоог хууль заасны дагуу төлөөлөх бөгөөд эрүүл мэндийн салбарын бодлогыг энэ хууль болон Холбооны дүрэмд заасны дагуу хэрэгжүүлэх албан тушаалтан байна.
63.2Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байх бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.
63.3Ерөнхийлөгч дараах бүрэн эрхтэй:
63.3.1Их хурлыг зарлан хуралдуулах;
63.3.2Зөвлөлийн хуралдааныг даргалах;
63.3.3Холбоог дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
63.3.4Тамгын газрын даргад нэр дэвшүүлэх;
63.3.5дүрэмд заасан бусад бүрэн эрх.
63.4Ерөнхийлөгч, Зөвлөл болон Холбооны бусад албан тушаалтан нь Мэргэжлийн хариуцлагын хорооны гомдол, маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд нөлөөлөхийг хориглоно.
64 дүгээр зүйлЭмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны Зөвлөл
64.1Зөвлөл нь Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох хамтын удирдлагын байгууллага байна.
64.2Зөвлөлийн гишүүдийн тоог мянган эмнэлгийн мэргэжилтэн тутамд нэгээс доошгүй байхаар Холбооны дүрэмд тусгах бөгөөд нийт гишүүдийн тоо сондгой байна.
64.3Зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.
64.4Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
64.4.1Холбооны жилийн төлөвлөгөө, төсөв батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
64.4.2Холбооны дүрэм, журам батлах;
64.4.3чиг үүргийн хороо байгуулах, даргыг томилох;
64.4.4Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх;
64.4.5санхүүгийн тайланг хэлэлцэж батлах;
64.4.6салбар нэгж байгуулах, татан буулгах;
64.4.7дүрэмд заасан бусад бүрэн эрх.
64.5Зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
64.6Зөвлөлийн шийдвэрийг нийтэд мэдээлэх журмыг Холбооны дүрмээр тогтооно.
65 дугаар зүйлХороод, салбар нэгж
65.1Холбоо нь чиг үүргээ хороодоор дамжуулан хэрэгжүүлнэ.
65.2Холбоо нь дараах чиг үүргийн хороотой байна:
65.2.1Ёс зүйн хороо;
65.2.2Тасралтгүй мэргэжлийн хөгжлийн хороо;
65.2.3Мэргэжлийн хариуцлагын хороо;
65.2.4Чанар, аюулгүй байдлын хороо;
65.2.5Шалгалтын хороо;
65.2.6дүрэмд заасан бусад.
65.3Хорооны хуралдаан гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэй болж, шийдвэрийг олонхын саналаар гаргана.
65.4Мэргэжлийн чиглэл, мэргэшлээр гишүүд сайн дураараа нэгдэн энэ хуулийн 65.2-т зааснаас бусад хороо байгуулж болно.
65.5Сайн дурын хорооны хамгийн бага гишүүний тоо, нэршлийн давхцалгүй байх, чиг үүргийн хороотой зөрчилдөхгүй байх шаардлагыг дүрмээр тогтооно.
65.6Холбоо нь чиг үүргээ орон нутагт салбар нэгжээр дамжуулан хэрэгжүүлнэ.
66 дугаар зүйлТамгын газар
66.1Холбооны Тамгын газар (цаашид “Тамгын газар” гэх) нь Холбоо болон хороодын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулна.
66.2Тамгын газрыг Тамгын газрын дарга удирдана.
66.3Тамгын газрын бүтэц, орон тоо, ажилтны чиг үүргийг Зөвлөл батална.
67 дугаар зүйлХяналтын зөвлөл
67.1Хяналтын зөвлөл нь Холбооны хөрөнгө, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавина.
67.2Хяналтын зөвлөл нь таван гишүүнтэй байх бөгөөд гишүүдийг нийт эмнэлгийн мэргэжилтнээс нээлттэй цахим санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг гурван жилийн хугацаагаар сонгон томилно. Хяналтын зөвлөлийн гишүүнийг улируулан томилохгүй.
68 дугаар зүйлМэргэжлийн хариуцлагын хороо
68.1Мэргэжлийн хариуцлагын хороо нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний явцад гарсан таагүй болон ноцтой тохиолдлын талаар үндэслэл бүхий мэргэжлийн дүгнэлт гаргахдаа мэргэжлийн стандарт, эмнэлзүйн удирдамжийн биелэлт, мэргэжилтний чадамж, системийн болон зохион байгуулалтын хүчин зүйлийг цогцоор нь үнэлж, дүгнэлт гаргана.
68.2.Мэргэжлийн хариуцлагын хороо нь аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, талуудыг сонсох, нотлох баримтыг үнэлэх, шинжээч болон бусад шаардлагатай этгээдийг оролцуулж үндэслэл бүхий дүгнэлт гаргах үүрэгтэй.
68.3Мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлтэд үндэслэн хохирогч тал хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй бөгөөд тухайн дүгнэлт нь талуудыг шүүх эсхүл бусад эрх бүхий байгууллагад хандахад саад болохгүй.
68.4Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журмыг Холбооны Зөвлөл батална.
69 дүгээр зүйлХолбооны санхүүжилт
69.1Холбооны санхүүжилт нь гишүүний татвар, хандив, сургалт болон Холбооноос зохион байгуулсан шалгалтын төлбөр, хэвлэн нийтлэлийн орлого болон хуульд хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
69.2Холбоо нь төрөөс гэрээгээр тодорхой чиг үүрэг гүйцэтгэхээр санхүүжилт авч болно.
69.3Холбооны санхүүгийн тайлан нээлттэй байх бөгөөд аудитыг жил бүр хийлгэж, Их хуралд тайлагнаж, нийтэд ил болгоно.
70 дугаар зүйлХолбооны шийдвэрт гомдол гаргах
70.1Эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд Холбооны болон түүний хороодын дараах шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй:
70.1.1мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
70.1.2шалгалтад оруулахаас татгалзах;
70.1.3ёс зүйн зөрчлийн талаар сахилгын шийтгэл ногдуулах;
70.1.4гишүүнчлэлээс хасах, гишүүнчлэлийн төлөвийг өөрчлөх.
70.2Шүүхэд гомдол гаргах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар явагдана.
70.3Холбоо нь гомдол гаргагчид өөрийн шийдвэрийн үндэслэл, давж заалдах журмыг бичгээр мэдээлэх үүрэгтэй.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ
/Энэ бүлгийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
71 дүгээр зүйлЭмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгалын зорилго
71.1Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгал (цаашид “даатгал” гэх)-ын зорилго нь эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанаас шалтгаалан өвчтөн, үйлчлүүлэгч болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг шуурхай арилгах, учирч болзошгүй хохирлыг нөхөн төлүүлэх санхүүгийн баталгааг бүрдүүлэх замаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шударга, хариуцлагатай байлгахад оршино.
72 дугаар зүйлДаатгуулах этгээд
72.1Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн нь мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал даатгуулна.
72.2Эмнэлгийн байгууллага нь тухайн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний даатгалын хүчинтэй байдлыг хангах, даатгалгүй мэргэжилтнийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд ажиллуулахгүй байх үүрэгтэй.
72.3Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй тохиолдолд тухайн этгээд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн байгууллагад мэргэжлийн ажил гүйцэтгэхийг хориглоно.
72.4Эрүүл мэндийн бусад ажилтан мэргэжлийн хариуцлагын даатгалд сайн дураараа хамрагдаж болно.
73 дугаар зүйлДаатгалд үл хамрагдах нөхцөл
73.1Монгол Улс гишүүнээр нь элсэн орсон олон улсын албан журмын даатгалын тогтолцоонд хамрагдсан эсхүл Монгол Улсад хүчин төгөлдөр хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн хариуцлагын даатгалтай этгээд энэ бүлэгт заасан даатгалд хамрагдахгүй байж болно.
73.2Энэ хуулийн 73.1-д заасан даатгалын нөхөн төлбөрийн хэмжээнээс давсан хохирлыг хохирогч нь буруутай этгээдээс Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэх эрхтэй.
73.3Даатгалын тохиолдолд хамаарахгүй хохирол, нөхцөлийг энэ хууль болон даатгалын гэрээгээр тогтооно.
74 дүгээр зүйлДаатгалын гэрээ, түүний хугацаа
74.1Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн үйл ажиллагааны явцад өвчтөн үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор даатгагчтай даатгалын гэрээ байгуулна.
74.2Даатгалын гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулж болно.
74.3Даатгалын гэрээнд заавал тусгах гэрээний стандарт нөхцөлийг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны саналыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо батална.
74.4Даатгалын гэрээ нэг жил хүртэл хугацаанд хүчинтэй байна.
74.5Даатгуулагч нь даатгалын хураамжаа өөрөө төлөх тохиолдолд даатгагчаа чөлөөтэй сонгох эрхтэй.
74.6Даатгалын хураамжийг байгууллага нь төлөх тохиолдолд байгууллагатайгаа зөвшилцсөний үндсэн дээр даатгагчийг сонгоно.
74.7Даатгалын хураамжийг улсын төсөв эсхүл төрийн байгууллага төлөх тохиолдолд Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооноос нээлттэй, ил тод, шударга сонгон шалгаруулалтаар шалгарсан даатгагчтай гэрээ байгуулна. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь нээлттэй, ил тод, шударга сонгон шалгаруулалтаар даатгагч эсхүл даатгагчдыг сонгохын тулд даатгалын зуучлагчаар зуучлуулж гэрээ байгуулж болно.
74.8Энэ хуульд заасан даатгагчийг сонгон шалгаруулахдаа даатгуулагчид хамгийн ашигтай нөхцөлийг санал болгосон эсэхийг үндсэн шалгуур болгоно.
75 дугаар зүйлДаатгалын үнэлгээ
75.1Даатгалын үнэлгээ болон даатгалын тохиолдол бүрд нэг удаа олгох нөхөн төлбөрийн доод хэмжээг эрсдэлийн ангилал, тусламж, үйлчилгээний төрөл, мэргэжлийн чиглэл, байгууллагын түвшинг харгалзан Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны саналыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
75.2Даатгуулагч эсхүл Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь даатгагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр даатгалын үнэлгээг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон доод хэмжээнээс өндрөөр тогтоож болно.
75.3Даатгуулагч эсхүл түүний байгууллага сайн дураараа даатгалын хураамжаа нэмэгдүүлэх замаар даатгалын үнэлгээг нэмэгдүүлж болно. Энэ тохиолдолд даатгагч энэ хуулийн 76 дугаар зүйлд заасан итгэлцүүрт үндэслэн даатгалын үнэлгээг тогтоох бөгөөд даатгалын үнэлгээг нэмэгдүүлэхээс татгалзах эрхгүй.
75.4Даатгуулагч энэ хуульд зааснаас илүү үнэлгээгээр даатгуулах тохиолдолд илүү гарсан хэсгийг сайн дураар даатгуулж болно.
75.5Даатгалын үнэлгээнээс давсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу даатгуулагчийн ажиллаж буй байгууллага хариуцна.
76 дугаар зүйлДаатгалын суурь хураамж, итгэлцүүр
76.1Даатгалын суурь хураамжийг эрсдэлийн ангилал, тусламж, үйлчилгээний төрөл, мэргэжлийн чиглэл, байгууллагын түвшин, даатгуулагчийн ажилласан жил, үйл ажиллагааны хүрээ, ажлын цаг буюу ачаалал, өмнөх нөхөн төлбөрийн түүх, байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоог харгалзан боловсруулсан Санхүүгийн зохицуулах хорооны саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
76.2Даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмыг Санхүүгийн зохицуулах хорооны саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
76.3Даатгуулагчийн төлөх даатгалын хураамжийг даатгалын суурь хураамжид итгэлцүүр хэрэглэн тооцно.
76.4Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын суурь хураамжийг даатгуулагчийн ажиллаж буй байгууллага хариуцан төлнө.
76.5Даатгуулагч нь төрийн байгууллагад ажилладаг бол даатгалын хураамжийн 90 хувийг байгууллага хариуцна.
76.6Энэ хуулийн 76.5-т заасан даатгалын хураамжийн санхүүжилтийг эрүүл мэндийн сайдын зардалд тусган улсын төсвөөс санхүүжүүлнэ.
77 дугаар зүйлДаатгалын тохиолдолд үл хамаарах хохирол
77.1Дараах хохирол даатгалын тохиолдолд үл хамаарна:
77.1.1энэ хууль болон даатгалын гэрээнд заасан хэмжээнээс давсан хохирол;
77.1.2даатгуулагчийн санаатай үйлдэл, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд учирсан хохирол;
77.1.3даатгалын гэрээнд тусгайлан хассан үндэслэл бүхий бусад эрсдэл.
77.2Даатгалын гэрээгээр хассан эрсдэл нь үндэслэлтэй эсэхийг Санхүүгийн зохицуулах хороо тогтоох бөгөөд үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд даатгалын гэрээнд заавал тусгах гэрээний стандарт нөхцөлд энэ агуулгыг тусгах замаар нэмэлт, өөрчлөлт оруулна.
78 дугаар зүйлДаатгуулагчийн хүлээх үүрэг
78.1Даатгалын тохиолдол гарсан, эсхүл гарч болзошгүй нөхцөл үүссэн тохиолдолд даатгуулагч дараах үүрэгтэй:
78.1.1даатгалын тохиолдлын талаар даатгагч болон ажил олгогч байгууллагад шуурхай мэдэгдэх;
78.1.2хохирлын хэмжээг тогтооход шаардлагатай мэдээлэл, баримтыг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөх;
78.1.3баримт бичгийг засварлах, устгах, нотлох баримтыг гуйвуулах үйлдэл хийхгүй байх.
78.2Энэ зүйлд заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс үүсэх нэмэгдэл хохирлыг даатгагч хариуцахгүй.
79 дүгээр зүйлХохирогчийн хүлээх үүрэг
79.1Хохирогч нь хохирлоо нотлох мэдээлэл, баримтыг даатгагч эсхүл Мэргэжлийн хариуцлагын хороонд нэн даруй гаргаж өгөх үүрэгтэй.
80 дугаар зүйлНөхөн төлбөр олгох, шийдвэрлэх хугацаа
80.1Даатгагч нь даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авснаас хойш нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох ажиллагааг эхлүүлнэ.
80.2Нөхөн төлбөр олгох эцсийн хугацаа, шаардлагатай баримтын жагсаалт, үнэлгээ хийх журам, маргаан шийдвэрлэх дотоод журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
80.3Эмнэлгийн байгууллагын дотоод маргаан хянан шийдвэрлэх нэгж, эсхүл шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа /”эвлэрүүлэн зуучлал” гэх мэт/-аар даатгуулагч буруутай нь тогтоогдсон, эсхүл талууд эвлэрсэн бол даатгалын тохиолдол үүссэнд тооцож хохирлыг гэрээнд заасан хэмжээгээр нөхөн төлнө.
81 дүгээр зүйлНөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх
81.1Даатгагч нь даатгуулагчийн санаатай үйлдэл, худал мэдүүлэг, эсхүл даатгалын гэрээгээр хориглосон нөхцөлийг зөрчсөн нь тогтоогдсон бол олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхтэй.
82 дугаар зүйлДаатгалын мэдээллийн сан
82.1Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний бүртгэл, даатгалын тохиолдол, нөхөн төлбөрийн мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн санг даатгагчид хамтран бүрдүүлж, Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо хариуцна.
82.2Мэдээллийн сан дахь хувийн мэдээллийг хамгаалах, ашиглах, дамжуулах журмыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Санхүүгийн зохицуулах хороо, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.Холбоо нь тус санд хязгаарлагдмал эрхтэй хэрэглэгч байх бөгөөд өгөгдлийг зөвхөн өвчтөний аюулгүй байдал, статистик, хяналт-шинжилгээний зорилгоор ашиглана.
НАЙМДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА
Нэгдүгээр дэд бүлэг
Маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа
83 дугаар зүйлӨмгөөлүүлэх эрх
83.1Эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн нь өөрийн ажил, үүргийг гүйцэтгэхтэй холбоотой аливаа үйлдэл, эс үйлдлийн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэрэг үүсгэн шалгагдаж эхэлсэн тохиолдолд өмгөөлөгчөөр хангуулах хүсэлтийг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоонд гаргах эрхтэй.
83.2Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь энэ хуулийн 83.1-т заасан хүсэлтийг нэн даруй шийдвэрлэж, өмгөөлөгчийг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах арга хэмжээг зохион байгуулна.
84 дүгээр зүйлМэргэжлийн үйл ажиллагаанд холбогдох гомдлыг хүлээн авах
84.1Аливаа хувь хүн, хуулийн этгээд нь энэ хууль, холбогдох ёс зүй болон мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтний үйлдэл, эс үйлдэхүйд холбогдох гомдлыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргана.
84.2Эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн нь энэ хууль, холбогдох ёс зүй болон мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороонд тухай бүр мэдэгдэх үүрэгтэй.
85 дугаар зүйлМэргэжлийн хариуцлагын хороо
85.1Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороо нь энэ хуульд заасан гомдлыг хүлээн авч, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлсний үндсэн дээр зөрчил гаргасан эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Мэргэжлийн хариуцлагын хороо нь орон тооны нэгж байх бөгөөд бие даасан, хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулна.
85.2Мэргэжлийн хариуцлагын хороо нь эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд холбогдох ёс зүй болон мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг боловсруулж, Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоогоор батлуулна.
85.3Эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд холбогдох ёс зүй болон мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтний ёс зүй болон мэргэжлийн үйл ажиллагааны баримтлах зарчим, хэм хэмжээг тусгана.
85.4Мэргэжлийн хариуцлагын хороо нь 25 хүний бүрэлдэхүүнтэй байна. Мэргэжлийн хариуцлагын хороо нь эмнэлгийн мэргэжилтний төлөөлөл 9, эмнэлгийн бусад мэргэжилтний төлөөлөл 8, хүний эрх, сэтгэл судлал, хуулийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтний төлөөлөл 4, эрүүл мэндийн салбарын нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын төлөөлөл 4 байна.
85.5Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:
85.5.1энэ хуулийн 85.4-т заасан төлөөллийн хувьд тухайн чиглэлийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 8 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх;
85.5.2Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
85.5.3хөдөлмөрийн сахилгын зөрчилд гаргаж байгаагүй;
85.5.4төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх;
85.5.5сүүлийн таван жилд захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байгаагүй байх;
85.6Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг сонгон шалгаруулах зарыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны цахим хуудсаар олон нийтэд нээлттэй зарлана.
85.7Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг дараах журмаар сонгож, томилно:
85.7.1Холбооны Зөвлөлийн шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг нь нэр дэвшигчийн материалыг энэ хуулийн 85.5-д заасан шаардлагад нийцэж буй эсэхийг хянаж, шаардлага хангасан нэр дэвшигчдийг Их хуралд танилцуулна;
85.7.2энэ хуулийн 85.4.-т заасан төрийн бус байгууллагын төлөөллийг холбогдох байгууллагаас нэр дэвшүүлнэ;
85.7.3Их хурал нь энэ хуулийн 85.4-т заасан бүрэлдэхүүний дагуу шаардлага хангасан нэр дэвшигчдээс Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг сонгоно;
85.7.4Их хурлаас сонгогдсон гишүүдийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх бөгөөд тэрээр хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан, ажлын 14 хоногийн дотор батламжилна;
85.7.5эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь зөвхөн 85.5-д заасан шаардлага хангаагүй нэр дэвшигчийн хувьд батламжлахаас татгалзаж, үндэслэлээ заан Их хуралд буцаан хүргүүлнэ.
85.8Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байна. Мэргэжлийн хорооны гишүүний бүрэн эрх сонгогдож, томилогдсоноор эхэлж, дараагийн гишүүний бүрэн эрх сонгогдож, томилогдсоноор дуусгавар болно.
85.9Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны анхны хурлыг хамгийн ахмад гишүүн даргалж, гишүүдийн олонхын саналаар даргыг сонгоно.
85.10Мэргэжлийн хариуцлагын хорооны нийт гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байх бөгөөд ээлжит хурлыг улиралд 1-ээс доошгүй удаа, ээлжит бус хурлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны даргын саналаар хуралдуулна. Мэргэжлийн хариуцлагын хорооны нийт гишүүдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
85.10.1гомдлыг хүлээн авч, санамсаргүй байдлаар гомдол хуваарилах журам, дараалал;
85.10.2гомдол шийдвэрлэх бүрэлдэхүүн, хуралдаан даргалагчийг тодорхойлох дараалал;
85.10.3хараат бус шинжээч томилох журмыг тодорхойлох;
85.10.4гомдлыг шийдвэрлэх хуралдааныг дэгийг батлах;
85.10.5маргааныг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай журмыг энэ хуульд нийцүүлэн батлах.
85.11Мэргэжлийн хариуцлагын хороо нь хэвлэмэл хуудас, тамга тэмдэгтэй байна.
85.12Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, гишүүн нь дараах бүрэн эрхтэй:
85.12.1гомдлыг хүлээн авч, хянан шалгаж, хуралдаанаар шийдвэрлэх;
85.12.2хуралдааныг товлох, оролцогчдод мэдэгдэх, даргалах;
85.12.3хуралдаанаар шийдвэр гаргах, бичгээр үйлдэж, оролцогчдод гардуулах;
85.12.4хуралдааны дэгийг сахиулах;
85.12.5эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх болон багшлах;
85.12.6гомдолд холбогдох нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх, шинжээч томилох, оролцогчдоос тайлбар.
85.13Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга нь дараах бүрэн эрхтэй:
85.13.1мэргэжлийн хариуцлагын хороог дотоод болон гадаад харилцаанд төлөөлөх;
85.13.2мэргэжлийн хариуцлагын хорооны нийт гишүүдийн хурлыг товлох, зарлах, хуралдуулах, гарсан шийдвэрийн биелэлтийг хангах;
85.13.3маргаантай холбоогүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, хүсэлтэд хариу өгөх ажлыг удирдан зохион байгуулах;
85.13.4мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны тайланг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнд танилцуулах;
85.13.5маргаан хянан шийдвэрлэх явцад оролцогчдоос ирүүлсэн гишүүнээс татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэх.
86 дугаар зүйлМаргаан хянан шийдвэрлэх ажиллагаа
86.1Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.
86.2Мэргэжлийн хариуцлагын хороо нь иргэний болон эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлэж байгаа эсэхээс үл хамааран иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд холбогдох мэргэжлийн үйл ажиллагаа болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай гомдлыг хүлээн авч, гишүүнд хуваарилж, маргаан үүсгэх эрхтэй.
86.3Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн нь хуваарилагдсан гомдлыг эрсдэлийн зэргээр ангилж, дараах захирамж гаргана:
86.3.1мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлийн шинжгүй, бага эрсдэлтэй гомдлыг эвлэрүүлэн зуучлал, эсхүл эрүүл мэндийн байгууллагын дотоод чанар, аюулгүй байдлын нэгжид шилжүүлэх эсхүл үндэслэл бүхий тайлбараар хаах;
86.3.2эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн болон үйлчлүүлэгч, өвчтөний хооронд үүссэн маргааны үйлчлүүлэгч, өвчтөний гомдлоор;
86.3.3эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн Мэргэжлийн үйл ажиллагааны болон ёс зүйн хэм хэмжээ, дүрмийг зөрчсөн маргааныг эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтний гомдлоор;
86.3.4өвчтөний амь нас, эрүүл мэндэд шууд, ноцтой эрсдэл учруулж болзошгүй тохиолдолд шуурхай түр арга хэмжээ авах саналыг даргад танилцуулах.
86.4Энэ хуулийн 86.3.2, 86.3.3-т заасан маргаантай тохиолдолд хүлээн авсанаас хойш 5 хоногийн дотор маргаан үүсгэх тухай захирамж гаргана.
86.5Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн нь маргаан үүсгэснээс хойш ажлын 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэхэд холбогдох тайлбар, нотлох баримтуудыг бүрдүүлж, хурлын товыг зарлана. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг 15 хоногоор сунгаж болно.
86.6Маргааныг хянан шийдвэрлэх хуралдаан нь танхимаар эсхүл цахимаар зохион байгуулагдана. Хурлын товыг хуралдаан болохоос ажлын 7 хоногийн өмнө оролцогчдод мэдэгдэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй оролцогчийн хүсэлтээр хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.
86.7Маргаан үүсгэн шалгасан гишүүн нь хуралдаанд илтгэгчээр оролцох боловч шийдвэр гаргах бүрэлдэхүүнд орохгүй. Шийдвэр гаргах бүрэлдэхүүнд гурван гишүүн байх бөгөөд тэдгээрийн дор хаяж нэг нь энэ хуулийн 85.4-т заасан хүний эрх, хууль, эсхүл төрийн бус байгууллагын төлөөллөөс байна. Хуралдааныг илтгэгч бус гишүүн даргална.
86.8Маргааны шийдвэрлэх хуралдаанд дараах дарааллыг баримтална:
86.8.1даргалагч хуралдааныг нээж, гомдол гаргагчийн нэр, холбогдогчийн нэр ажил үүрэг, маргааны товч агуулгыг танилцуулна;
86.8.2хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга танилцуулна;
86.8.3даргалагч хуралдаанд оролцогчдыг танилцуулж, төлөөлөх бүрэн эрхийг шалгаж, эрх, үүргийг тайлбарлана;
86.8.4даргалагч маргааны шийдвэрлэх бүрэлдэхүүнийг танилцуулж, оролцогчдоос татгалзах хүсэлт байгаа эсэхийг тодруулна;
86.8.5илтгэгч гишүүн гомдлын талаарх дүгнэлт, маргаан шийдвэрлэх саналыг танилцуулна;
86.8.6хуралдаанд оролцогчдын тайлбарыг сонсоно;
86.8.7маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүн оролцогчдоос асуулт асууж, хариулт сонсоно;
86.8.8хуралдаанд оролцогчдоос нэмэлт тайлбар сонссоноор хурлыг завсарлаж, бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орно.
86.9Маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнээс зөрчлийн шинж, хүндийн зэрэг, давтамж, санаатай эсэх, учруулсан хор уршиг, засрах боломжийг харгалзан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
86.9.1гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох;
86.9.2сануулга өгөх;
86.9.3эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;
86.9.4эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;
86.9.5эмнэлгийн бусад мэргэжилтний бүртгэлийг 1 сараас 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;
86.9.6эмнэлгийн бусад мэргэжилтний бүртгэлээс хасах;
86.9.7эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох.
86.10Эрүүл мэндийн ажилтан мэргэжлийн стандарт, эмнэлзүйн удирдамжийг баримталсан атал урьдчилан таамаглашгүй шалтгаанаар сөрөг үр дагавар үүссэн бол Мэргэжлийн хариуцлагын хороо мэргэжлийн алдаа гаргаагүй гэж дүгнэнэ.
86.11Маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүн нь гарсан шийдвэрийг хуралдаанд оролцогчдод танилцуулна. Хурал болсон өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор бичгээр үйлдэж, тогтоол хэлбэрээр гаргана. Тогтоолыг оролцогчдод цахимаар хүргүүлнэ.
86.12Оролцогчид тогтоолыг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Хоёрдугаар дэд бүлэг
Үйлчлүүлэгч, өвчтөнд учирсан хохирлыг барагдуулах
87 дугаар зүйлДаатгалын нөхөн төлбөр авах
87.1Үйлчлүүлэгч, өвчтөн нь эмнэлгийн мэргэжилтний дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг мэргэжлийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр авах замаар барагдуулахыг эмнэлгийн мэргэжилтнээс шаардах эрхтэй:
87.1.1мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээнд заасан тохиолдол;
87.1.2эмнэлгийн мэргэжилтэн, бусад мэргэжилтний хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол.
87.2Үйлчлүүлэгч, өвчтөн нь энэ хуулийн 87.1-т заасан хохиролд хамаарах нотлох баримтыг нэн даруй даатгагч эсхүл Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргаж өгөх үүрэгтэй.
87.3Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн хариуцлага гэрээ, холбогдох журмын дагуу баримтыг бүрдүүлэн даатгагчид хүргүүлж, хохирлыг даатгалын журмаар барагдуулна.
87.4Мэргэжлийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр нь үйлчлүүлэгч, өвчтөнд учирсан хохирлыг бүрэн барагдуулаагүй тохиолдолд иргэний хэргийн шүүхэд хандах эрх нээлттэй.
88 дугаар зүйлИргэний хэргийн шүүхийн журмаар хохирлыг барагдуулах
88.1Үйлчлүүлэгч, өвчтөн нь эрүүл мэндийн ажилтны үйлдэл, эс үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлоо эрүүл мэндийн ажилтны харьяалах, ажил олгогч эрүүл мэндийн байгууллагаас иргэний хэргийн шүүхэд хандах замаар шаардаж, нөхөн төлүүлнэ.
88.2Эрүүл мэндийн ажилтан нь Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль эсхүл Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрээр хариуцлага хүлээсэн эсэх нь иргэний хэргийн шүүхийн журмаар үйлчлүүлэгч, өвчтөн өөрт учирсан хохирлоо барагдуулах ажиллагаанд саад болохгүй.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
89 дүгээр зүйлШилжилтийн зохицуулалтын зарчим, чиг үүрэг шилжүүлэх
89.1Эрүүл мэндийн ажилтны зөвшөөрөл, бүртгэл, шалгалт, тасралтгүй мэргэжлийн хөгжил, мэргэжлийн хариуцлагын чиг үүргийг энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө уг чиг үүргийг хэрэгжүүлж байсан эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад үе шаттайгаар үйл ажиллагаа тасалдуулахгүйгээр шилжүүлнэ.
89.2Чиг үүргийг шилжүүлэх хүртэл тухайн чиг үүргийг энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө уг чиг үүргийг хэрэгжүүлж байсан эрх бүхий байгууллага үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
89.3Шилжилтийн нарийвчилсан төлөвлөгөө, хуваарь, эрх бүхий байгууллагын бэлэн байдлын шалгуур, мэдээллийн сан, шалгалтын даалгаврын сан, архив шилжүүлэх болон өгөгдлийн аудитын журам, шаардагдах төсвийг Засгийн газар батална.
89.4Хувийн мэдээлэл шилжүүлэхэд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг баримтална.
89.5Энэ хуулийн 8.8, 13.10, 13.11, 14.4, 15.5, 35.4, 41.3, 47.3, 51.2, 76.2, 80.2, 82.2, 89.3-т заасан журмыг шинээр батлах, шинэчлэн батлах ажлыг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор гүйцэтгэнэ.
90 дүгээр зүйлӨмнөх зөвшөөрөл, бүртгэлийн хүчинтэй байдал
90.1Энэ хууль дагаж мөрдөхөөс өмнө эрх бүхий байгууллагаас олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэшлийн зэргийн гэрчилгээ, бүртгэл, цуглуулсан багц цаг нь хүчинтэй хугацаа дуустал хүчин төгөлдөр байх бөгөөд энэ хуульд заасан зөвшөөрөл, бүртгэлтэй адилтгана.
90.2Тогтолцоо өөрчлөгдсөн үндэслэлээр энэ хуулийн 90.1-д заасан эзэмшигчээс шалгалт дахин авах, дахин бүртгүүлэх, нэмэлт төлбөр төлүүлэх, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгох, резидентийн сургалтыг тасалдуулахыг хориглоно.
91 дүгээр зүйлШилжилтийн зохицуулалтын хүчинтэй хугацаа
91.1.Энэ хуулийн 90 дугаар зүйл нь чиг үүрэг шилжүүлэх ажиллагаа дууссаныг баталгаажуулсан Засгийн газрын шийдвэр гарснаар, энэ хуулийн 6, 7 дугаар бүлэг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 24 сараас хэтрэхгүй хугацаанд хүчингүй болно.
92 дугаар зүйлХууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
92.1Энэ хуулийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
93 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
93.1Энэ хуулийг 2027 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Албан бичиг
(албан бичиг.pdf)