Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Ганзоригийн ТЭМҮҮЛЭН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 7-Р САРЫН 6 ӨДӨР
УЛААНБААТАР

БИЧИЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ /Анхдагч хууль/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилго, зорилт
1.1Энэ хуулийн зорилго нь дотоодын бичил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулах, өөртөө болон бусдад ажлын байр бий болгох боломжийг өргөжүүлэх, өрхийн бизнесийн эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэх, бичил үйлдвэрлэл, үйлчилгээг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний түвшинд хүргэхэд чиглэнэ.
1.2Энэ хуулийн зорилт нь бичил үйлдвэрлэл, үйлчилгээнд үзүүлэх төрийн дэмжлэгийн хамрах хүрээ, хэлбэр, удирдлага, зохицуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлБичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих хууль тогтоомж
2.1Бичил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, Хоршооны тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, өрхийн бизнес эрхлэгч, иргэдийн бүлэгт үйлчилнэ.
3.2Нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгжийн хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлж байгаа бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд заасан зохицуулалт үйлчилнэ.
3.3Төрийн бус байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой компани, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой газар, гадаад улсын хуулийн этгээд энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1"бичил үйлдвэрлэл, үйлчилгээ" гэж энэ хуульд заасан шалгуурыг хангасан иргэн, өрхийн бизнес эрхлэгч, иргэдийн бүлгийн эрхэлж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг ойлгоно.
4.1.2"бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч" гэж энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан этгээдийг ойлгоно.
4.1.3"өрхийн бизнес" гэж нэг өрхийн гишүүдийн хөдөлмөр, хөрөнгө болон бусад нөөцөд тулгуурлан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж өөртөө ажлын байр бий болгож байгаа болон өрхийн орлого бүрдүүлж байгаа үйл ажиллагааг ойлгоно
4.1.4"өрхийн бизнес эрхлэгч" гэж нэг өрхийн гишүүд дангаар буюу хамтран өрхийн бизнес эрхэлж байгаа иргэнийг ойлгоно.
4.1.5"иргэдийн бүлэг" гэж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зорилгоор өөр хоорондоо хамтран ажиллах гэрээ байгуулан нэгдсэн хоёроос арав хүртэлх иргэнийг ойлгоно. Иргэдийн бүлэг нь хуулийн этгээдийн эрхгүй байна.
4.1.6"борлуулалтын орлого" гэж үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанаас олсон орлогыг ойлгоно. 4.1.7.“бизнес дэмжих төв” гэж бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр зорьж байгаа болон эрхэлж байгаа этгээдэд сургалт, зөвлөгөө, мэдээлэл, төсөл боловсруулах, бизнес төлөвлөлт хийх, санхүүжилтэд хамрагдах, зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг бизнес хөгжлийн үйлчилгээ үзүүлэх байгууллагыг ойлгоно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
БИЧИЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ
5 дугаар зүйлБичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч
5 .1Дараах этгээд энэ хуульд заасан нөхцөлийг хангасан тохиолдолд бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хамаарна:
5.1.1.иргэн; 5.1.2.өрхийн бизнес эрхлэгч; 5.1.3.иргэдийн бүлэг.
5 .2Дараах нөхцлийг хангасан этгээдийг бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хамааруулан ойлгоно.
5.2.1.үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа эсхүл эрхлэхээр бэлтгэж байгаа; 5.2.2.үйл ажиллагаанаас орлого олдог, эсхүл орлого олох зорилготой байх; 5.2.3.үйл ажиллагаагаа өөрийн болон хамтран ажиллагч этгээдийн хөдөлмөрт тулгуурлан эрхэлдэг байх; 5.2.4.жилийн борлуулалтын орлого нь 150 сая төгрөгөөс хэтрэхгүй байх; 5.2.5.төрийн дэмжлэгт хамрагдах тохиолдолд энэ хуульд заасан бүртгэлд хамрагдсан байх.
6 дугаар зүйлБичил үйлдвэрлэл, үйлчилгээг бүртгэх, хөтлөх, ашиглах
6.1Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн бүртгэл нь төрийн дэмжлэгт хамруулах, бизнесийн хөгжлийг дэмжих, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зорилготой байна.
6.2Энэ хуульд заасан бүртгэл нь бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл болохгүй бөгөөд бүртгэлд хамрагдаагүй байх нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
6.3Энэ хуульд заасан нөхцөлийг хангасан иргэн, өрхийн бизнес эрхлэгч, иргэдийн бүлэг нь бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлтээ жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутаг дахь эрх бүхий этгээдэд бичгээр болон цахим хэлбэрээр гаргана.
6.4Эрх бүхий байгууллага энэ хуулийн 6.2-т заасан баримт бичиг, мэдээллийг өөрт байгаа мэдээллийн сан болон нийтийн мэдээллийн дэд бүтцээр дамжуулан авах боломжтой бол хүсэлт гаргагчаас дахин шаардахгүй.
6.5Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах, тодорхойлолт олгохтой холбоотой журмыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.6Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн бүртгэл, мэдээллийн санг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан цахим мэдээллийн сантай уялдуулан хөтөлнө.
6.7Бүртгэл, мэдээллийн сан дахь мэдээллийг төрийн дэмжлэгт хамруулах, шалгуур үзүүлэлт тогтоох, мэдээллээ тогтмол шинэчилсэн этгээдийг дэмжих, урамшуулах үндэслэл болгон ашиглана.
7 дугаар зүйлБичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй этгээд
7.1Дараах үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, өрхийн бизнес эрхлэгч, иргэдийн бүлэг энэ хуульд заасан дэмжлэгт хамрагдахгүй.
7.1.1.барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ; 7.1.2.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13.4-д заасан үйл ажиллагаа; 7.1.3.ашигт малтмал хайх, олборлох, баяжуулах, боловсруулах үйл ажиллагаа; 7.1.4.тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт; 7.1.5.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаа; 7.1.6.банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ; 7.1.7.олон салбар нэгжтэй худалдаа, үйлчилгээний сүлжээний үйл ажиллагаа.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
БИЧИЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨРИЙН БОДЛОГО
8 дугаар зүйлТөрөөс бичил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих талаар баримтлах бодлогын чиглэл
8.1Төрөөс бичил үйлдвэрлэл, үйлчилгээг дараах чиглэлээр дэмжинэ:
8.1.1бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх;
8.1.2бизнесийн сургалт, мэдээллийн болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
8.1.3санхүүгийн дэмжлэг үзүүлэх, үүнд:
а/ эхлэлийн болон үйл ажиллагааг өргөжүүлэх зориулалттай хөнгөлөлттэй зээл олгох; б/ зээлийн батлан даалт гаргах; в/ зээлийн хүүгийн татаас олгох; г/ тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээс болон түрээсийн төлбөрийн дэмжлэг үзүүлэх.
8.1.4татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлт, дэмжлэгийн тогтолцоог үе шаттайгаар бүрдүүлэх;
8.1.5бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг дотоодын зах зээлд нийлүүлэх, борлуулах нөхцөлийг бүрдүүлэх;
8.1.6бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтыг төрийн худалдан авалтаар дэмжих;
8.1.7техник, технологи нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
8.1.8өрхийн бизнес эрхлэгч болон иргэдийн бүлгийг хоршоо, нөхөрлөл, компани болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний түвшинд хүргэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
8.1.9үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар газар ашиглах боломжийг хууль тогтоомжийн хүрээнд дэмжих.
9 дүгээр зүйлБичил, үйлдвэрлэл, үйлчилгээний кластерыг дэмжих
9.1Иргэн, өрхийн бизнес эрхлэгч, иргэдийн бүлэг нь үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах, хорших, кластерын хэлбэрээр хөгжихөд төрөөс дараах дэмжлэг үзүүлнэ:
9.1.1.түүхий эд бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагааны хамтын ажиллагааг дэмжих; 9.1.2.дэд бүтэц, тоног төхөөрөмжийн хамтын ашиглалтыг дэмжих; 9.1.3.бизнес хөгжлийн үйлчилгээ, сургалт, зөвлөгөө үзүүлэх; 9.1.4.санхүүгийн болон зах зээлийн дэмжлэг үзүүлэх.
9.2Кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, өрхийн бизнес эрхлэгч, иргэдийн бүлгийг энэ хуульд заасан сургалт, зөвлөгөө, санхүүгийн дэмжлэгт тэргүүн ээлжид хамруулж болно.
9.3Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод тухайн бүсийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, өрхийн бизнес эрхлэгч, иргэдийн бүлгийг энэ хуульд заасан дэмжлэгт тэргүүн ээлжид хамруулж болно.
10 дугаар зүйлБичил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих асуудал эрхэлсэн байгууллага
10.1Энэ хуульд заасан төрийн дэмжлэгийг хэрэгжүүлэхтэй холбогдсон төрийн байгууллагын бүрэн эрхийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.
10.2Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага нь энэ хуульд заасан үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтийг хангана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БИЧИЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ АРГА ХЭРЭГСЭЛ
11 дүгээр зүйлБичил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хөнгөлөлт, санхүүжилт, түүний хэмжээ
11.1Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор татвар, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хууль тогтоомжид заасан хөнгөлөлт, дэмжлэгийг үзүүлнэ.
11.1.1татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой харилцааг татварын хууль тогтоомжоор зохицуулна.
11.1.2нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, дэмжлэгтэй холбоотой харилцааг нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна.
11.1.3Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийг ажиллуулж байгаа бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэгтэй холбоотой харилцааг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
11.2Энэ хуульд заасан бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүгийн дэмжлэг авах эрхтэй.
11.3Бичил үйлдвэр, үйлчилгээг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-11.5 дахь хэсэгт заасны дагуу санхүүжүүлнэ.
11.4Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас энэ хуульд заасан бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид дараах төрлийн санхүүгийн дэмжлэгийг доорх хэмжээгээр шууд үзүүлнэ:
11.4.1эхлэлийн хөрөнгө оруулалтын зорилгоор 20 хүртэл сая төгрөгийг барьцаагүй, хүүгүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл олгох;
11.4.2үйл ажиллагаанд шаардагдах богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийн зорилгоор 20-50 сая хүртэл төгрөгийг барьцаагүй, эхний 12 сарын хугацаанд хүүгээс чөлөөлөх, 1-5 хүртэл жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл олгох;
11.4.3жилийн борлуулалтын орлогоос нь хамаарч үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 50-100 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүгээс илүүгүйгээр, 3-5 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй олгох.
11.5Иргэдийн бүлгийн гишүүдийн хооронд байгуулсан харилцан батлан даалтын гэрээг санхүүгийн дэмжлэг олгохтой холбоотой шийдвэр гаргахад нэмэлт баталгаа болгон харгалзан үзэж болно.
11.6Санхүүгийн дэмжлэг авсан бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн бизнесийн үйл ажиллагааны үр дүн, орлогын өсөлт, санхүүгийн сахилга бат, зээлийн эргэн төлөлтийн байдлыг харгалзан дараагийн шатны санхүүгийн дэмжлэгт хамруулж болно.
12 дугаар зүйлБизнес дэмжих төв
12.1Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр зорьж байгаа болон эрхэлж байгаа этгээдэд сургалт, зөвлөгөө, мэдээлэл, төсөл боловсруулах, бизнес төлөвлөлт хийх, санхүүжилтэд хамрагдах, зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг бизнес хөгжлийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор бизнес дэмжих төв ажиллана.
12.2Бизнес дэмжих төвийн үйл ажиллагааг төрийн байгууллага, орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, их, дээд сургууль, политехник коллеж болон бусад хуулийн этгээд гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж болно.
12.3Бизнес дэмжих төвийг хэрэгжүүлэхэд шинэ байгууллага байгуулахгүй бөгөөд энэ хуулийн 12.2-т заасан байгууллагын үйл ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлыг орон нутгийн хөгжлийн бодлого, хэрэгцээтэй уялдуулан аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга зохион байгуулна.
12.4Энэ хуулийн дагуу олгох санхүүгийн дэмжлэгт хамрагдах этгээд нь бизнес дэмжих төвөөс зохион байгуулсан сургалт, зөвлөгөө, бизнес хөгжлийн үйл ажиллагаанд хамрагдсан байна.
ТАВДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ, ТАЙЛАГНАЛ
13 дугаар зүйлХуулийн хэрэгжилтэд хяналт тавих
13.1Энэ хуулийн хэрэгжилтэд жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон хуульд заасан бусад эрх бүхий байгууллага хяналт тавина.
13.2Аймаг, нийслэл, сум, дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан байгууллага, албан тушаалтан энэ хуулийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлнэ.
14 дүгээр зүйлТайлагнал, мэдээллийн сан
14.1Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн бүртгэл, санхүүгийн дэмжлэг, бизнес дэмжих төвийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан цахим мэдээллийн санд тухай бүр бүртгэнэ.
14.2Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн хэрэгжилтийн тайланг жил бүр нэгтгэн боловсруулж, өөрийн албан ёсны сувгаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
14.3Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь бүртгэл, санхүүгийн дэмжлэг болон энэ хуульд заасан бусад арга хэмжээнд хамрагдахтай холбоотой мэдээллийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.
15 дугаар зүйлЗориулалтын хяналт
15.1Энэ хуульд заасан хөнгөлөлт, санхүүжилт болон бусад дэмжлэгт хамрагдсан этгээд нь тэдгээрийг зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй.
15.2Санхүүгийн дэмжлэгийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдвол тухайн дэмжлэгийг буцаан төлүүлэх, дараагийн дэмжлэгт хамруулахгүй байх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
15.3Энэ хуульд заасан хөнгөлөлт, санхүүжилт болон бусад дэмжлэгийг олгох, шийдвэрлэх, хэрэгжүүлэх ажиллагаанд аливаа этгээд хууль бусаар нөлөөлөхийг хориглоно.
15.4Худал мэдээлэл гаргах, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар энэ хуульд заасан хөнгөлөлт, дэмжлэг авсан нь тогтоогдвол тухайн дэмжлэгийг хүчингүй болгож, учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлнэ.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
16 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
16.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
16.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(1.ҮЗЭЛ БАРИМТЛАЛ-БИЧИЛ, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ (1).docx)