Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Одонгийн ЦОГТГЭРЭЛ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 12-Р САРЫН 26 ӨДӨР
УЛААНБААТАР

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилго
1.1Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, төр нь өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зарчимд тулгуурлан хувь хүний эдийн засгийн суурь эрх, эрх чөлөөг хуульчлан баталгаажуулах, хувийн өмчийн эрх, гэрээний эрх чөлөө, хөдөлмөр ба хөрөнгө оруулалтын үр шимийг хамгаалах, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх, төрийн оролцоог хязгаарлах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тогтвортой орчныг бүрдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлЭдийн засгийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж
2.1Эдийн засгийн эрх чөлөөний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хуулиар хориглосноос бусад төрлийн эдийн засгийн харилцаанд хамаарна.
3.2Энэ хуульд заасан харилцааг хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.
4 дүгээр зүйлНэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсанаар ойлгоно:
4.1.1“эдийн засгийг зохицуулах” гэж Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4-т заасныг;
4.1.2“аж ахуй эрхлэгч” гэж Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.3-т заасныг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
5 дугаар зүйлЭдийн засгийн эрх чөлөө
5.1Аж ахуй эрхлэгч дараах эрх, эрх чөлөөг эдэлнэ. Үүнд:
5.1.1хууль ёсоор олж авсан өмч хөрөнгө нь халдашгүй байх;
5.1.2хөдөлмөр, оюуны бүтээл, хөрөнгө оруулалтын үр шим, хууль ёсны дагуу олсон орлогоо чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах;
5.1.3бусадтай сайн дурын үндсэн дээр, чөлөөтэй гэрээ байгуулах, гэрээнийхээ нөхцөлийг харилцан тохиролцож, өөрсдөө тодорхойлох;
5.1.4хуулиар хориглоогүй аливаа аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх;
5.1.5эдийн засгийн харилцаанд оролцохдоо хуулийн өмнө эрх тэгш байх, шударга өрсөлдөх;
5.1.6хууль ёсны мөнгөн тэмдэгт болон бусад төлбөрийн хэрэгслийг чөлөөтэй эзэмших, ашиглах, солилцох;
5.1.7хууль ёсны аж ахуй эрхлэх үйл ажиллагаатай холбоотой, хуулиар нууцад хамааруулсан мэдээлэл нь халдашгүй байх.
5.2Энэхүү хуульд заасан эдийн засгийн суурь эрхийг хязгаарлах аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь дараах шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
5.2.1Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4-т заасан зорилгод нийцсэн байх;
5.2.2Монгол Улсын хууль тогтоомжоор тодорхой зөвшөөрсөн байх;
5.2.3Хязгаарлалт нь зорилгодоо хүрэхэд тохирсон, боломжит хамгийн бага түвшинд байх.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХАМРАХ ХҮРЭЭ, АРГА ХЭЛБЭР
6 дугаар зүйлТөрийн эдийн засгийн зохицуулалтын хүрээ, арга хэлбэрийн хязгаар
6.1Төрийн эдийн засгийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан хүрээ, арга хэлбэрээр хязгаарлагдана.
6.2Төр нь эдийн засгийг зохицуулахдаа энэ хуульд заасан эрх, эрх чөлөөг баталгаажуулахад шаардагдах бодлого, хууль эрх зүйн орчин, хараат бус шүүхийн тогтолцоог бүрдүүлнэ.
6.3Төр нь эдийн засгийн харилцаанд оролцохдоо төрийн эдийн засгийг зохицуулах эрх мэдлийг ашиглан аж ахуй эрхлэгчтэй өрсөлдөхийг хориглоно.
7 дугаар зүйлӨмчлөх эрхийг хангах хүрээ, арга хэлбэр
7.1Өмчийн халдашгүй байдлыг хангаж, өмчлөгчийн эрхийг хамгаалах нь төрийн үүрэг байна.
7.2Өмчлөх эрхийг хязгаарлах аливаа шийдвэр, үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3, энэ хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлана.
7.3Хувийн өмчийг дайчлан авах төрийн шийдвэр нь зөвхөн нөхөх олговор, үнэ бүрэн төлөгдсөн бол хэрэгжинэ.
7.4Төр нь хөрөнгийн эрхийг баталгаажсан, нэгдсэн бүртгэлд бүртгэж, өмчлөгчийн эрхийг нотлох хууль эрх зүйн орчноор хангах үүрэгтэй.
8 дугаар зүйлХөдөлмөрийн үр шимээ эдлэх эрхийг хангах хүрээ, арга хэлбэр
8.1Төрөөс зөвхөн хуульд заасан үндэслэл, зорилго, арга хэлбэр, хувь хэмжээгээр аж ахуй эрхлэгчийн ашиг, орлогод татвар ногдуулж болох бөгөөд өөрөөр аж ахуй эрхлэгчийн хууль ёсны орлогод халдахыг хориглоно.
8.2Аж ахуй эрхлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан аливаа санхүүгийн ачаалал, татвар, төлбөрийн зохицуулалтыг буцаан хэрэглэхийг хориглоно.
8.3Хуульд заагаагүй аливаа хэлбэрээр иргэн, хуулийн этгээдийн орлого, хөрөнгөөс суутгал хийх, шилжүүлэн авах, албадан гаргуулахыг хориглоно.
9 дүгээр зүйлГэрээний эрх чөлөөг хангах хүрээ, арга хэлбэр
9.1Төр нь аж ахуй эрхлэгчийн аж ахуй эрхлэхтэй холбоотой гэрээ байгуулах үйл явцад оролцохгүй бөгөөд гэрээний нөхцөлийг хүндэтгэнэ.
9.2Төр хүчин төгөлдөр гэрээний эрх, үүргийг сулруулах, биелэгдэх боломжийг үндсээр нь өөрчлөх үр дагавартай, буцаан үйлчлэх хууль тогтоохыг хориглоно.
9.3Төр гэрээний маргааныг эвлэрүүлэн зуучлал, арбитрын журмаар шийдвэрлэх боломжийг дэмжиж, маргааныг шуурхай, шударга, хараат бус байдлаар шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
9.4Төр нь хууль ёсны гэрээний биелэлтийг хангахын тулд албадан гүйцэтгэх тогтолцоог бүрдүүлж, гэрээ зөрчигдсөн тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх баталгааг хангах үүрэгтэй.
9.5Төрийн оролцоотой гэрээг олон нийтэд ил тод болгож, түүний хэрэгжилт, биелэлтийг хянан үнэлэх эрх зүйн нөхцөлийг бүрдүүлж, иргэд, олон нийтийн хяналт тавих боломжийг хангана.
10 дугаар зүйлАж ахуй эрхлэх эрхийг хангах хүрээ, арга хэлбэр
10.1Эдийн засгийн харилцаатай холбоотой хууль тогтоомж, төрийн шийдвэр нь үндэслэлтэй, тодорхой, нийтэд ойлгомжтой, ил тод байх бөгөөд эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах үүрэгтэй.
10.2Хууль тогтоомж, шийдвэрээр тогтоосон шаардлага нь биелүүлэх боломжтой, урьдчилан таамаглахуйц байх ёстой бөгөөд төр аж ахуй эрхлэгчдэд шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь хүргэх үүрэгтэй.
10.3Аж ахуй эрхлэхтэй холбоотой зөвшөөрлийн тогтолцоо нь эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж, боломжит хамгийн бага хязгаарлалттай байх зарчмыг мөрдлөг болгох бөгөөд төр зөвшөөрөл олгох зайлшгүй шаардлагатай нөхцөлийг зөвхөн хуулиар ил тод, ойлгомжтой тогтооно.
10.4Төрийн байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй бол аж ахуй эрхлэхтэй холбогдох зөвшөөрлийг олгосонд тооцно.
10.5Төрөөс аж ахуй эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэхдээ хуульд заагаагүй баримт бичиг, нэмэлт мэдээлэл шаардахыг хориглоно.
10.6Төр аж ахуй эрхлэгчдэд зориулсан мэдээллийг үнэ төлбөргүй, цахим хэлбэрээр тогтмол хүргэж, шийдвэр гаргах үйл явцыг ил тод, нээлттэй байлгана.
10.7Аж ахуй эрхлэгч төрийн хууль бус шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй бөгөөд төр гомдлыг тасралтгүй, шуурхай шийдвэрлэх, эрхийг сэргээх, нөхөн төлбөрийг барагдуулах үүрэгтэй.
11 дүгээр зүйлХуулийн өмнө тэгш байх, шударга өрсөлдөх эрхийг хангах хүрээ, арга хэлбэр
11.1Төр нь эдийн засагт чөлөөт, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх үүрэгтэй.
11.2Аж ахуй эрхлэгчид хуулийн өмнө ижил тэгш эрх эдэлнэ.
11.3Төрөөс үнэ тогтоох, нийлүүлэлтийг хязгаарлах зэрэг өрсөлдөөнийг саатуулах шийдвэр гаргахдаа энэ хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлах бөгөөд хууль бус өрсөлдөөнийг хянах, таслан зогсоох асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.
11.4Монгол Улс олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад үндэслэлгүй саад тавихгүй бөгөөд төр үндэсний хууль тогтоомжийг олон улсын гэрээтэй уялдуулан, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаална.
11.5Төрөөс аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл аж ахуй эрхлэх төрөл, хуулийн этгээд, хугацаа, хүрээг хуульд тодорхой заасныг үндэслэн эрхэлж болно.
11.6Төрийн аливаа сонгон шалгаруулах үйл ажиллагаа, төсвийн болон төсвийн бус хөрөнгийн захиран зарцуулалтын хэмжээ, хамрах хүрээ, арга хэлбэр нь аж ахуй эрхлэгчдийн эдийн засагт чөлөөтэй, шударга өрсөлдөх эрх чөлөөг хангасан байна.
12 дугаар зүйлМөнгө, санхүүгийн харилцаан дахь эрх чөлөөг хангах хүрээ, арга хэлбэр
12.1Төрөөс мөнгө, санхүүгийн харилцааг зохицуулахдаа:
12.1.1хууль ёсны мөнгөн тэмдэгт, бусад төлбөрийн хэрэгслийг эзэмших, хадгалах, ашиглах, солилцохыг хязгаарлахгүй;
12.1.2үндэсний мөнгөн тэмдэгтээс бусад төлбөрийн хэрэгслийн үнэ, хүү, ханшийг тогтоох, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахгүй;
12.1.3үнэт цаас, санхүүгийн хэрэгслийн үнэ, хүү, ханшийг тогтоохгүй.
12.2Төр нь энэ зүйлд заасан эрх, эрх чөлөө, аж ахуй эрхлэгчийн үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл эзэмших, гаргах, захиран зарцуулах эрхийг зөвхөн энэ хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хязгаарлаж болно.
13 дугаар зүйлАж ахуй эрхлэхтэй холбоотой мэдээллийн халдашгүй байдлыг хангах хүрээ, арга хэлбэр
13.1Төр нь аж ахуй эрхлэхтэй холбоотой мэдээллийн халдашгүй байдлыг хангах үүрэгтэй.
13.2Аж ахуй эрхлэхтэй холбоотой мэдээлэлтэй зөвхөн хуульд заасны дагуу, шүүхийн шийдвэрийг үндэслэн танилцаж болно.
13.3Аж ахуй эрхлэхтэй холбоотой мэдээллийг хуульд заагаагүй үндэслэлээр аливаа хэлбэрийн тандалт, мөрдлөг, цахим арга хэрэгслээр олж авах, танилцахыг хориглоно.
13.4Аж ахуй эрхлэгч нь өөрийн аж ахуй эрхэлсний үр дүнд бий болгосон мэдээллийг өмчлөх, хадгалах, захиран зарцуулах эрхтэй.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХАРИУЦЛАГА, ШҮҮХИЙН ХАМГААЛАЛТ, ИЛ ТОД БАЙДАЛ, ХЯНАЛТ
14 дүгээр зүйлТөрийн байгууллага, албан тушаалтны хариуцлага
14.1Төрийн эдийн засгийг зохицуулах үйл ажиллагаа нь ил тод, тоон үзүүлэлтэд суурилсан үнэлгээгээр хэмжигдэж, тогтмол хугацаанд олон нийтэд тайлагнана.
14.2Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагаа, эс үйлдэхүйгээс аж ахуй эрхлэгчид учирсан хохирлыг төр бүрэн нөхөн төлнө.
14.3Энэ хуулийг зөрчсөн төрийн байгууллага, албан тушаалтан, хувь хүн, иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
14.4Хариуцлага тооцох зорилго нь аж ахуй эрхлэгчийн эдийн засгийн эрхийг сэргээж, төрийн хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэнэ.
15 дугаар зүйлШүүхийн хамгаалалт ба түр арга хэмжээ
15.1Эдийн засгийн эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзсэн аж ахуй эрхлэгч этгээд Улсын Их Хурал, Засгийн газар болон захиргааны байгууллага, шүүхэд холбогдох хууль, дүрэм журмын дагуу хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.
15.2Эдийн засгийн эрх чөлөөг сэргээх шийдвэрийн биелэлт, хохирлын барагдуулалтын талаархи мэдээллийг олон нийтэд ил тод байдлаар нийтэд мэдээлж, тогтмол тайлагнана.
15.3Эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлах шийдвэрийг энэ хуулийн 5 дугаар зүйлийн 2-т болон холбогдох хууль тогтоомжийг хангасан эсэхийг нотлох үүргийг төр хүлээнэ.
16 дугаар зүйлИл тод байдал, тайлагнал, хяналт
16.1Засгийн газар энэ хуулийн хэрэгжилтийн талаар жил бүр Улсын Их Хуралд танилцуулж хэлэлцүүлнэ.
16.2Тайланд дараах мэдээллийг заавал тусгана:
16.2.1төрийн эдийн засгийн зохицуулалтын хамарсан хүрээ, арга хэлбэр, үр нөлөөний тоон үзүүлэлт;
16.2.2эдийн засгийн эрх зөрчигдсөн, нөхөн төлбөр олгосон тохиолдлын тоо, хэмжээ;
16.2.3ил тод байдал, шударга өрсөлдөөний орчны талаарх дүн шинжилгээ.
16.3Энэ хуулийн хэрэгжилт, тайлангийн үнэн зөв байдалд хөндлөнгийн аудит, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангаж олон нийтээр хэлэлцүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ НИЙЦҮҮЛЭХ, ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
17 дугаар зүйлБусад хууль тогтоомжийг нийцүүлэх
17.1Бусад хууль тогтоомжид энэ хуульд зааснаас өөрөөр заасан заалт, зохицуулалтыг:
17.1.1Үндсэн хууль болон Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу энэ хуульд нийцүүлэх ажлыг зохион байгуулна.
17.1.2хууль санаачлагч шүүхийн шийдвэр болон иргэн, хуулийн этгээдийн өргөдлийг үндэслэн нийцүүлэх ажлыг зохион байгуулж болно.
17.2Энэ хуульд зааснаас өөрөөр заасан нийтээр дагаж мөрдөх журам, заавар, аргачлалыг энэ хуульд заасантай нийцүүлэх үүргийг тухайн дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулж баталсан захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
17.3Эдийн засгийн харилцааг зохицуулахтай холбоотой хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг хэлэлцэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.5-д заасан шаардлагыг хангуулна.
18 дугаар зүйлЗасгийн газрын үйл ажиллагаа
18.1Засгийн газрын аливаа шийдвэр, тогтоол, төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө нь энэ хуульд заасантай нийцсэн байна.
18.2Энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1-т заасан тайланг жил бүр Улсын Их Хурлын хаврын чуулганд танилцуулна.
18.3Төрийн болон орон нутгийн өмчийн талаар дараах хязгаарлалтыг баримтална:
18.3.1энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 6-д зааснаас бусад төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийг шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах хэлбэрээр нэмж бий болгох, эдгээрийг бий болгох зорилгоор хувьцаа худалдан авах, өрийг хувьцаагаар солихыг хориглох;
18.3.2төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн тооны дээд хязгаарыг Улсын Их Хуралд танилцуулан батлуулсаны үндсэн дээр тогтоож, шинээр үүсгэх, өөрчлөн байгуулах шаардлага бий болсон нөхцөлд өөр нэгийг хувьчлах, хувьд шилжүүлэх, татан буулгах зарчмыг барих;
18.3.3төрийн өмчит хуулийн этгээдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын баримт бичиг, шийдвэрийн баримт бичгийг боловсруулан Улсын Их Хуралд танилцуулахдаа энэ хуульд нийцүүлсэн байх.
19 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох хугацаа
19.1Энэ хууль нь хууль батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(ҮЗЭЛ БАРИМТЛАЛ (2).docx)