Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 4-Р САРЫН 18 ӨДӨР
УЛААНБААТАР

ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдал, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, удирдлага зохион байгуулалтыг тодорхойлж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчныг сайжруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлХудалдаа, аж үйлдвэрийн танхимын хууль тогтоомж
2.1Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль , Төрийн бус байгууллагын тухай хууль , Улсын бүртгэлийн ерөнхий хууль , Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль нь Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /цаашид “Монголын Үндэсний танхим” гэх/, аймаг, нийслэлийн танхим болон эдийн засгийн үйл ажиллагааны салбараар нэгдсэн танхим /цаашид “салбарын танхим” гэх/-ын зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагаа, гишүүнчлэл, санхүүжилт, төрийн болон бусад байгууллагатай харилцах болон бусад харилцааг зохицуулна.
3.2Энэ хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан худалдаа, аж үйлдвэрийн танхимаас бусад худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.
4 дүгээр зүйлХудалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдал
4.1Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчныг сайжруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах зорилгыг хэрэгжүүлэгч ашгийн төлөө бус хуулийн этгээд байна.
4.2Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь энэ хуулийн 4.1-д заасан зорилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэгч Монголын Үндэсний танхим, аймаг, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэгч аймаг, нийслэлийн танхим, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын хүрээнд хэрэгжүүлэгч салбарын танхим, гадаад улсад хэрэгжүүлэх төлөөлөгчийн газраас бүрдэнэ.
4.3Монголын Үндэсний танхим нь Монгол Улсын хэмжээнд нэг байх бөгөөд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлана.
4.4Монголын Үндэсний танхимыг аймаг, нийслэлийн танхим болон салбарын танхимууд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулна.
4.5Аймаг, нийслэлийн танхим нь тухайн аймаг, нийслэлд нэг байна.
4.6Салбарын танхим нь эдийн засгийн үйл ажиллагааны салбар бүрд нэг байна.
4.7Монголын Үндэсний танхим нь гадаад улсад худалдаа, аж үйлдвэрийн танхимын зорилгыг хэрэгжүүлэх төлөөлөгчийн газар байгуулж болно.
4.8Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь энэ хууль болон өөрийн үндсэн дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
5 дугаар зүйлХудалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1хууль дээдлэх;
5.1.2төр болон улс төрийн нам, эвслээс хараат бус, бие даасан байх;
5.1.3аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
5.1.4үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН БҮРЭН ЭРХ
6 дугаар зүйлХудалдаа, аж үйлдвэрийн танхимын бүрэн эрх
6.1Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь энэ хуулийн 4.1-д заасан зорилгын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад оролцох;
6.1.2аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд төлөөлөн илэрхийлэх, хамгаалах;
6.1.3аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн асуудлаар төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа, шийдвэрийн үр нөлөөг сайжруулахтай холбоотой санал, зөвлөмж хүргүүлэх;
6.1.4хуульд заасан болон холбогдох төрийн байгууллагатай зөвшилцсөний дагуу зөвлөл, хороо, комисс зэрэг хамтын удирдлагын бүрэлдэхүүнд төлөөлөл оролцуулах;
6.1.5эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын төсөлд хуульд заасан журмын дагуу санал өгөх, холбогдох ажлын хэсгийн бүхэлдэхүүнд орж ажиллах;
6.1.6эдийн засгийн салбаруудын талаар төрийн бодлого боловсруулахад оролцох;
6.1.7хууль болон дүрэмд заасан бусад.
6.2Энэ хуулийн 6.1-д заасан бүрэн эрхийг Монголын Үндэсний танхим үндэсний болон гадаад улсын хүрээнд, аймаг, нийслэлийн танхим нь тухайн аймаг, нийслэлийн хүрээнд, салбарын танхим нь тухайн эдийн засгийн салбарын хүрээнд тус тус хэрэгжүүлнэ.
6.3Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19.1-д заасан холбогдох шийдвэрийн дагуу төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг хэрэгжүүлж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТАНХИМЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
7 дугаар зүйлМонголын Үндэсний танхимын Их хурал
7.1Монголын Үндэсний танхимын эрх барих дээд байгууллага нь Монголын Үндэсний танхимын их хурал /цаашид “Их хурал” гэх/ байна.
7.2Их хурлын төлөөлөгчдийг аймаг, нийслэлийн танхим болон салбарын танхимын удирдах зөвлөлийн гишүүд бүрдүүлэх бөгөөд нэг төлөөлөгч саналын нэг эрхтэй байна.
7.3Их хурал нь ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байх бөгөөд ээлжит хурлыг дөрвөн жилд нэг удаа хуралдуулна.
7.4Ээлжит бус их хурлыг Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгч, эсхүл удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй гишүүдийн саналаар зарлан хуралдуулна.
7.5Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгч, Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох саналыг нууцаар гаргах бөгөөд санал хураалтыг цахимаар зохион байгуулна.
7.6Их хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
7.7Их хурал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.7.1Монголын Үндэсний танхимын дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
7.7.2Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх;
7.7.3Монголын Үндэсний танхимын Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх;
7.7.4Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгч болон Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, дүгнэлт өгөх;
7.7.5Их хурал хуралдааны дэгээ өөрөө тогтооно;
7.7.6Их хурлаар хэлэлцэх асуудлын саналыг тоолох үүрэг бүхий тооллогын комиссыг аймаг, нийслэлийн болон салбарын танхимаас тус бүр хоёр, Монголын Үндэсний танхимаас нэг хүнийг буюу нийт долоон хүнийг нууц санал хураалтаар сонгоно;
7.7.7хуульд заасан бусад.
7.8Их хурал төлөөлөгчдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.
7.9Их хурал асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана.
8 дугаар зүйлМонголын Үндэсний танхимын Удирдах зөвлөл
8.1Монголын Үндэсний танхимын Удирдах зөвлөл /цаашид “Удирдах зөвлөл” гэх/ нь Их хурлын чөлөөт цагт Монголын Үндэсний танхимын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий хамтын удирдлагын байгууллага байна.
8.2Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дарга нь Монголын Үндэсний танхимын Удирдах зөвлөлийн гишүүн байна.
8.3Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлийн дарга байна.
8.4Монголын Үндэсний танхимын Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.4.1Монголын Үндэсний танхимын жилийн ажлын төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
8.4.2Монголын Үндэсний танхимын дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих;
8.4.3Их хурлыг зарлан хуралдуулах, товыг тогтоох;
8.4.4Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгчийн санал болгосноор Монголын Үндэсний танхимын бүтцийг хэлэлцэн батлах;
8.4.5Монголын Үндэсний танхимын үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, нөхцөл, журмыг батлах;
8.4.6энэ хуулийн 4.6-д заасан салбарын танхим байгуулах эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллыг батлах;
8.4.7аймаг, нийслэлийн болон салбарын танхимуудын жилийн үйл ажиллагааны нэгдсэн тайланг сонсох;
8.4.8Удирдах зөвлөлийн ажиллах журмыг тогтоох;
8.4.9Монголын Үндэсний танхимын гишүүнчлэлийн хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх нөхцөл, журмыг тогтоох;
8.4.10Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгчийн санал болгосноор Үндэсний танхимын дэргэдэх арбитрын даргыг томилж, чөлөөлөх;
8.4.11хууль, Монголын Үндэсний танхимын дүрэмд заасан бусад бүрэн эрх.
8.5Удирдах зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд нийт гишүүдийн олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.
8.6Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг Монголын Үндэсний танхимын Ерөнхийлөгчийн, эсхүл Хяналтын зөвлөлийн, эсхүл Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар зарлан хуралдуулна.
8.7Удирдах зөвлөл хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд санал тэнцсэн тохиолдолд нэмэлт санал хураалт явуулж санал дахин тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
8.8Удирдах зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
9 дүгээр зүйлМонголын Үндэсний танхимын Ерөнхийлөгч
9.1Ерөнхийлөгчөөр Монголын Үндэсний танхимын Удирдах зөвлөлийн гишүүн, улс төрийн намын харъяалалгүй, төрийн албан хаагч бус, 10-аас доошгүй жил аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай Монгол Улсын иргэнийг Их хурлаас нууц санал хураалтаар нэг удаа дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
9.2Ерөнхийлөгч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.2.1Монголын Үндэсний танхимыг гадаад, дотоод харилцаанд төлөөлөх;
9.2.2Монголын Үндэсний танхимын нэрийн өмнөөс гэрээ, хэлцэл байгуулах,
9.2.3Их хурал, Удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх ажлыг зохион байгуулах;
9.2.4Монголын Үндэсний танхимын гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, гэрээ байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
9.2.5Монголын Үндэсний танхимын бүтцийг Удирдах зөвлөлөөр батлуулах;
9.2.6Монголын Үндэсний танхимын чиг үүрэгт бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Зөвлөл, Хороо байгуулах;
9.2.7хууль болон Монголын Үндэсний танхимын дүрэмд заасан бусад бүрэн эрх.
9.3Ерөнхийлөгч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргана.
9.4Ерөнхийлөгч дараах үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Удирдах зөвлөлд гаргана:
9.4.1эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
9.4.2төрийн албан тушаалд томилогдохоор болсон, улс төрийн намд гишүүнээр элссэн, эсхүл бүх шатны сонгуульд нэр дэвшихээр болсон.
9.5Энэ хуулийн 9.4-т заасан нөхцөл бий болсон, эсхүл Ерөнхийлөгч энэ хуулийн 9.1-д заасан шалгуурыг хангахгүй болсон, эсхүл гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон бол Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, ээлжит бус Их хурлыг 30 хоногийн дотор зарлан хуралдуулна.
9.6Энэ хуулийн 9.5-д заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд Ерөнхийлөгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Удирдах зөвлөл томилно.
10 дугаар зүйлХяналтын зөвлөл
10.1Хяналтын зөвлөл нь Монголын Үндэсний танхимын дүрэм, журмын хэрэгжилт болон санхүүгийн үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргах хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгох чиг үүргийг хэрэгжүүлнэ.
10.2Хяналтын зөвлөл нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийг Их хурлаас нууц санал хураалтаар нэг удаа дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
10.3Дараах шаардлагыг хангасан хүнийг Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгоно:
10.3.1банк, санхүү, хууль, эдийн засгийн салбарын дээд боловсролтой, тухайн салбарт таваас доошгүй жил ажилласан;
10.3.2төрийн улс төрийн болон жинхэнэ алба тушаалд ажилладаггүй;
10.3.3ял шийтгэлгүй.
10.4Хяналтын зөвлөлийн даргыг Хяналтын зөвлөлийн гишүүдийн дотроос гишүүдийн олонхын саналаар сонгоно.
10.5Хяналтын зөвлөл үйл ажиллагаагаа Их хурлын өмнө хариуцан тайлагнана.
10.6Монголын Үндэсний танхимын Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхийлөгч, санхүүгийн асуудал хариуцсан ажилтан нь Хяналтын зөвлөлийн гишүүн байхыг хориглоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОН САЛБАРЫН ТАНХИМЫГ БАЙГУУЛАХ, УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
11 дүгээр зүйлАймаг, нийслэлийн болон салбарын танхимыг байгуулах
11.1Аймаг, нийслэлийн танхимыг тухайн аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 50-аас доошгүй тооны аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдүүд сайн дурын үндсэн дээр нэгдэн энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулах бөгөөд үйл ажиллагаагаа бие даан хэрэгжүүлнэ.
11.2Салбарын танхимыг эдийн засгийн үйл ажиллагааны тодорхой нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 50-аас доошгүй тооны аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдүүд сайн дурын үндсэн дээр нэгдэн энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулах бөгөөд үйл ажиллагаагаа бие даан хэрэгжүүлнэ.
11.3Аймгийн танхим байгуулагдаагүй хоёр болон түүнээс дээш аймгийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдүүд нэгдэж аймаг дундын танхим, эсхүл хэд хэдэн аймгийн танхим хоорондоо нэгдэж аймаг дундын танхим байгуулж болно. Нэгдсэн аймгийн танхимын эрх, үүрэг шинээр бий болсон аймаг дундын танхимд шилжинэ.
11.4Хэд хэдэн салбарын танхим нэгдэж салбарын дундын танхим байгуулж болно. Нэгдсэн салбарын танхимын эрх, үүрэг шинээр бий болсон салбарын дундын танхимд шилжинэ.
11.5Тухайн эдийн засгийн үйл ажиллагааны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдийн тоо энэ хуулийн 11.2-т заасан шаардлагыг хангахгүй тохиолдолд тухайн салбарын хуулийн этгээдийн олонх нэгдэн салбарын танхим байгуулж болно.
11.6Монголын Үндэсний танхим нь шинээр байгуулагдах зарим салбарын танхимын чиг үүргийг тухайн эдийн засгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн олонхын төлөөллийг нэгтгэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ашгийн төлөө бус хуулийн этгээдэд гэрээний үндсэн дээр шилжүүлж болно.
12 дугаар зүйлАймаг, нийслэлийн болон салбарын танхимын Бүх гишүүдийн хурал
12.1Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал /цаашид “Бүх гишүүдийн хурал” гэх/ байна.
12.2Бүх гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байх бөгөөд ээлжит хурлыг дөрвөн жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна.
12.3Бүх гишүүдийн ээлжит бус хурлыг аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дарга эсхүл удирдах зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар зарлан хуралдуулна.
12.4Бүх гишүүдийн хурал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.4.1энэ хуульд нийцүүлэн аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
12.4.2Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх;
12.4.3Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, зөвлөмж, чиглэл өгөх;
12.4.4дүрэмд заасан бусад.
12.5Бүх гишүүдийн хурал асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана.
13 дугаар зүйлАймаг, нийслэлийн болон салбарын танхимын Удирдах зөвлөл
13.1Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын Удирдах зөвлөл нь бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт аймаг, нийслэлийн болон салбарын танхимын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий хамтын удирдлагын байгууллага байна.
13.2Удирдах зөвлөл нь 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
13.3Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд нэг эцсийн өмчлөгчтэй таваас дээш тооны хуулийн этгээд байхыг хориглоно.
13.4Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.4.1аймаг, нийслэлийн болон салбарын танхимын үндсэн чиглэл, бодлогыг тодорхойлох;
13.4.2аймаг, нийслэлийн болон салбарын танхимын даргыг сонгох, чөлөөлөх;
13.4.3аймаг, нийслэлийн болон салбарын танхимын үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
13.4.4аймаг, нийслэлийн болон салбарын танхимын бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах;
13.4.5аймаг, нийслэлийн болон салбарын танхимын даргын санал болгосноор аймаг, нийслэлийн болон салбарын танхимын гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх;
13.4.6аймаг, нийслэлийн болон салбарын танхимын бүтцийг батлах;
13.4.7аймаг, нийслэлийн болон салбарын танхимын бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлыг батлах;
13.4.8аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дүрэмд заасан бусад.
13.5Удирдах зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд нийт гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.
13.6Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг дарга, эсхүл удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар зарлан хуралдуулна.
13.7Удирдах зөвлөл хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд санал тэнцсэн тохиолдолд нэмэлт санал хураалт явуулж санал дахин тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
14 дүгээр зүйлАймаг, нийслэлийн болон салбарын танхимын дарга
14.1Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын даргыг Удирдах зөвлөлийн хурлаас нууц санал хураалтаар нэг удаа дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
14.2Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дарга нь тухайн танхимын удирдах зөвлөлийн дарга байна.
14.3Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.3.1аймаг, нийслэлийн болон салбарын танхимыг төлөөлөх;
14.3.2аймаг, нийслэлийн болон салбарын танхимын нэрийн өмнөөс гэрээ, хэлцэл байгуулах;
14.3.3аймаг, нийслэлийн болон салбарын танхимын бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх ажлыг зохион байгуулах;
14.3.4хууль болон аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дүрэмд заасан бусад бүрэн эрх.
14.4Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дарга нь Удирдах зөвлөлийн гишүүдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг тухай бүр Монголын Үндэсний танхимд хүргүүлнэ.
14.5Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргана.
14.6Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дарга дараах үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Удирдах зөвлөлд гаргана:
14.6.1эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
14.6.2төрийн албан тушаалд томилогдохоор болсон.
14.7Энэ хуулийн 14.6-д заасан нөхцөл бий болсон эсхүл гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон бол удирдах зөвлөлөөс даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, бүх гишүүдийн ээлжит бус хурлыг 30 хоногийн дотор зарлан хуралдуулна.
14.8Энэ хуулийн 14.7-д заасны дагуу даргын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг удирдах зөвлөл томилно.
15 дугаар зүйлАймаг, нийслэлийн болон салбарын танхимын хяналтын зөвлөл
15.1Хяналтын зөвлөл нь аймаг, нийслэлийн болон салбарын танхимын дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих, санхүүгийн үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргах хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгох чиг үүргийг хэрэгжүүлнэ.
15.2Хяналтын зөвлөлийн гишүүдийг бүх гишүүдийн хурлаас нууц санал хураалтаар нэг удаа дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
15.3Хяналтын зөвлөл үйл ажиллагаагаа бүх гишүүдийн хурлын өмнө хариуцан тайлагнана.
15.4Аймаг, нийслэлийн болон салбарын танхимын удирдах зөвлөлийн гишүүн, дарга болон санхүүгийн асуудал хариуцсан ажилтан нь хяналтын зөвлөлийн гишүүн, дарга байхыг хориглоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ГИШҮҮНЧЛЭЛ, САНХҮҮЖИЛТ
16 дугаар зүйлХудалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүнчлэл
16.1Аймаг, нийслэлийн болон салбарын танхимууд нь Монголын Үндэсний танхимын гишүүн байна.
16.2Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагаа явуулж буй эдийн засгийн үйл ажиллагааны тодорхой нэг салбарын танхим, эсхүл өөрийн харьяа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хамаарах аймаг, нийслэлийн танхимд сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэж болно.
16.3Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагаа явуулж буй эдийн засгийн үйл ажиллагааны салбараас хамааран хэд хэдэн салбарын танхимд гишүүнээр элсэж болно.
16.4Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн танхимаас гадна салбарын танхимд давхар гишүүнчлэлтэй байж болно.
16.5Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд нь Монголын Үндэсний танхимд гишүүнээр элсэхгүй.
16.6Төрийн өмчийн 50-аас дээш хувийн оролцоотой хуулийн этгээд нь худалдаа, аж үйлдвэрийн танхимд гишүүнээр элсэхгүй.
16.7Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь гишүүнчлэлийнхээ бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлнө.
17 дугаар зүйлХудалдаа, аж үйлдвэрийн танхимын санхүүжилт, зарцуулалт
17.1Худалдаа, аж үйлдвэрийн танхимын санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
17.1.1гишүүнчлэлийн хураамж;
17.1.2хандив, тусламж;
17.1.3үйлчилгээний орлого;
17.1.4хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.
17.2Энэ хуулийн 17.1.1-д заасан гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг тухайн танхимын удирдах зөвлөл батална.
17.3Аймаг, нийслэлийн болон салбарын танхим нь Монголын Үндэсний танхимд, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн болон салбарын танхимд гишүүнчлэлийн хураамж төлнө.
17.4Монголын Үндэсний танхимд тухайн жилийн гишүүнчлэлийн хураамжаа төлөөгүй аймаг, нийслэлийн болон салбарын танхим нь Монголын Үндэсний танхимын Их хурал, Удирдах зөвлөлд сонгох, сонгогдох эрх эдлэхгүй.
17.5Аймаг, нийслэлийн болон салбарын танхимд тухайн жилийн гишүүнчлэлийн хураамжаа төлөөгүй хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн болон салбарын танхимын бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөлд сонгох, сонгогдох эрх эдлэхгүй.
17.6Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь гишүүнчлэлийн хураамж болон үйл ажиллагааны орлогоо зөвхөн хууль, дүрэмд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд зарцуулна.
17.7Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь жил бүр санхүүгийн тайландаа хөндлөнгийн аудит хийлгэх бөгөөд гишүүд, олон нийтэд нээлттэй байна.
17.8Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь өөрийн зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэхдээ бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМААС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНТАЙ ХАРИЛЦАХ
18 дугаар зүйлХудалдаа, аж үйлдвэрийн танхимаас төрийн байгууллага, албан тушаалтантай харилцах
18.1Монголын Үндэсний танхим нь худалдаа, аж үйлдвэрийн танхимын зорилгод хамаарах аливаа асуудлаар бүх шатны төрийн байгууллага, албан тушаалтантай шууд харилцана.
18.2Аймаг, нийслэлийн танхим нь үйл ажиллагаа явуулж байгаа аймаг, нийслэлийн төрийн байгууллага, албан тушаалтантай шууд харилцах бөгөөд бусад харилцаанд Монголын Үндэсний танхимаар дамжуулан харилцана.
18.3Салбарын танхим нь өөрийн хамаарах эдийн засгийн үйл ажиллагааны салбарын асуудлаар холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтантай шууд харилцах бөгөөд бусад харилцаанд Монголын Үндэсний танхимаар дамжуулан харилцана.
18.4Бүх шатны төрийн байгууллага, албан тушаалтан нь худалдаа, аж үйлдвэрийн танхим энэ хуульд заасан зорилго, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГ
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТАНХИМЫН ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
19 дүгээр зүйлГарал үүсэл тодорхойлох, гэрчлэх, баталгаажуулах
19.1Монголын Үндэсний танхим нь Монгол Улсаас гарал үүсэлтэй экспортын барааны гарал үүслийг тодорхойлох, гэрчлэх үйлчилгээ үзүүлнэ.
19.2Монголын Үндэсний танхим нь эрх бүхий этгээдийн хүсэлтээр гарал үүслийн гэрчилгээг дахин шалгах буюу баталгаажуулж болно.
19.3Гарал үүслийн гэрчилгээ нь Монголын Үндэсний танхимаас олгосон үнэт цаас бүхий хууль ёсны баримт бичиг бөгөөд олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байна.
19.4Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.4.3-т заасан бараа, материалын гарал үүсэл, үзүүлж байгаа үйлчилгээг нийслэл, дүүрэг, улсын зэрэглэлтэй хотод хамаарахгүй орон нутагт үйлдвэрлэсэн талаарх тодорхойлолт олгоно.
19.5Монголын Үндэсний танхим нь бараа, бүтээгдэхүүний гарал үүслийг Монгол Улсын олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээрт заасан нөхцөл, журмыг баримтлан гэрчилнэ.
20 дугаар зүйлГэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлыг гэрчлэх
20.1Монголын Үндэсний танхим нь гэрээний талуудын хооронд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад үүссэн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийг гэрчилнэ.
20.2Монголын Үндэсний танхим нь гэрээний талуудын хооронд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад үүссэн хүнд нөхцөл байдлыг талуудын гэрээний тохиролцоо болон ханш, инфляцийн өөрчлөлтийг үндэслэн гэрчилнэ.
20.3Монголын Үндэсний танхимын Удирдах зөвлөл нь энэ хуулийн 20.1-д заасан үйлчилгээний нөхцөл, журмыг олон улсын худалдааны танхимын нийтлэг жишигт нийцүүлэн батална.
21 дүгээр зүйлБараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар нэвтрүүлэх баримт бичиг олгох
21.1Монголын Үндэсний танхим нь Монгол Улсын хилээр бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар татваргүй нэвтрүүлэх, гарахад шаардлагатай үндэсний гаалийн мэдүүлгийг орлох баримт бичиг /АТА карней/ олгох, бүрдүүлэлт хийх, хяналт тавих үйлчилгээ үзүүлнэ.
21.2Монголын Үндэсний танхим нь энэ хуулийн 21.1-д заасан үйлчилгээг үзүүлэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд заасан нөхцөл, журмыг баримтлана.
22 дугаар зүйлХөндлөнгийн магадлал, үнэлгээ, дүгнэлт гаргах
22.1Монголын Үндэсний танхим нь хувь хүн, хуулийн этгээдийн хүсэлтээр экспорт, импортын барааны гэрээгээр тохирсон тоо, чанар, иж бүрдлийг хараат бусаар хянан хөндлөнгийн магадлал гаргана.
22.2Монголын Үндэсний танхим нь хувь хүн, хуулийн этгээдийн хүсэлтээр хөндлөнгийн үнэлгээ болон дүгнэлт гаргах үйлчилгээг үзүүлнэ.
23 дугаар зүйлАрбитрын үйлчилгээ
23.1Монголын Үндэсний танхимын дэргэд байнгын, хараат бус, бие даасан арбитрыг Арбитрын тухай хуулийн 7.3-т заасны дагуу байгуулан ажиллуулна.
23.2Энэ хуулийн 23.1-д заасан арбитрын үйл ажиллагаатай холбоотой харилцааг Арбитрын тухай хуульд заасны дагуу зохицуулна.
24 дүгээр зүйлЭвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ
24.1Монголын Үндэсний танхимын дэргэд маргааныг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх зорилготой эвлэрүүлэн зуучлалын төв ажиллуулж болно.
24.2Энэ хуулийн 24.1-д заасан эвлэрүүлэн зуучлалын төвийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар зохицуулна.
25 дугаар зүйлОюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлчилгээ
25.1Монголын Үндэсний танхим нь Оюуны өмчийн тухай хуулийн 16.2-т заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлчилгээ үзүүлж болно.
25.2Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үйл ажиллагаандаа Оюуны өмчийн тухай хуулийн 16.6-д заасан журмыг баримтална.
25.3Энэ хуулийн 25.1-д заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг Оюуны өмчийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.
26 дугаар зүйлМонголын Үндэсний танхимын үйлчилгээний эрхийг шилжүүлэх
26.1Монголын Үндэсний танхим нь зарим үйлчилгээг үзүүлэх эрхээ аймаг, нийслэлийн болон салбарын танхимд гэрээний үндсэн дээр шилжүүлж болно.
26.2Үйлчилгээний эрх шилжүүлэхтэй холбоотой харилцааг Монголын Үндэсний танхимын дүрэмд зааснаар зохицуулна.
НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
27 дугаар зүйлХудалдаа, аж үйлдвэрийн танхимын хараат бус байдал
27.1Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагаа нь төр болон улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байна.
27.2Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
27.2.1улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаа, нэр дэвшигчтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулах;
27.2.2энэ хууль болон дүрэмд заасан зорилгоос ангид үйл ажиллагаа явуулах.
27.3Худалдаа, аж үйлдвэрийн танхимын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг худалдаа, аж үйлдвэрийн танхимын дүрмээр зохицуулна.
28 дугаар зүйлХудалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааны тайлан
28.1Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан олон нийтэд нээлттэй, ил тод байна.
28.2Аймаг, нийслэлийн болон салбарын танхим нь жил бүрийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг дараа оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Монголын Үндэсний танхимд хүргүүлнэ.
29 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
29.1Энэ хуулийг зөрчсөн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Цахим эх хувь
(Цахим эх хувь ХАҮТтХШНТ.pdf)
Үр нөлөөний тайлан
(8.Хуулийн төслийн үр нөлөө.pdf)
Зардлын тооцоо
(9.Зардлын тооцоо.pdf)
Хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ
(10_Хэрэгжилтийн_үр_дагаварт_хийсэн_үнэлгээ.pdf)
Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулга
(6.Дэлгэрэнгүй ТАНИЛЦУУЛГА.docx)
Хуулийн төслийн товч танилцуулга
(5.ТОВЧ ТАНИЛЦУУЛГА.docx)
Хуулийн төслийн үзэл баримтлал
(4_Хуулийн төслийн үзэл баримтлал pdf.pdf)