Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 6-Р САРЫН 8 ӨДӨР
УЛААНБААТАР

ОЙН ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилго
1.1Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын ойн экосистемийн тэнцвэр, биологийн олон янз байдлыг хадгалах, ойн сангийн талбайг нэмэгдүүлэх, ойн баялгийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдсон харилцааг зохицуулна.
2 дугаар зүйлОйн хууль тогтоомж
2.1Ойн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Байгаль орчныг хамгаалах тухай хууль , Газрын тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1“заган ой” гэж говь, цөлийн бүсэд заг мод зонхилон ургасан, 0.3 га-аас доошгүй талбай бүхий экосистемийг;
3.1.2“нөхөрлөл" гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8-д заасны дагуу байгуулагдсан нөхөрлөлийг;
3.1.3“мод” гэж 5 метрээс дээш өндөр ургах боломжтой, ганц голлосон иштэй олон наст модлог ургамлыг;
3.1.4“ой” гэж 5 метр болон түүнээс өндөр ургах боломжтой, 10-аас дээш хувийн титмийн бүрхэцтэй, 0.5 га-аас доошгүй талбайд зонхилон ургасан мод, сөөг, амьтан, бичил биет, хөрс, ус, агаарын харилцан үйлчлэл бүхий экосистемийг;
3.1.5“ойжуулалт” гэж ой байгаагүй газарт ой шинээр бий болгох үйл ажиллагааг;
3.1.6“ойн арчилгаа” гэж нэг модонд ногдох тэжээлийн талбай, гэрлийн хангамжийг сайжруулах, модны өсөлтийг түргэтгэх, модны чанарыг нэмэгдүүлэх, ойн зохистой бүрэлдэхүүн бий болгох зорилгоор байгалийн болон таримал ойг титэм нийлэх үеэс эхлэн ойн болцын нас хүртэлх хугацаанд ургаж байгаа модыг үе шаттайгаар огтолж цөөрүүлэх замаар ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг;
3.1.7"ойн дагалт баялаг" гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг;
3.1.8“ойн нөхөн сэргээлт” гэж доройтсон ойг анхны төлөв байдалд оруулах, сэргээх, сайжруулах үйл ажиллагааг;
3.1.9“ойн нүүрстөрөгчийн шингээлт” гэж ойн экосистем нүүрстөрөгч хуримтлуулах үйл явцыг;
3.1.10“ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт организмд нэрвэгдсэн, хөгширсөн, хүчтэй салхи, их цасанд өртсөний улмаас амьдрах чадваргүй болсон босоо хатсан болон унасан мод, гишүү, мөчрийг цэвэрлэх замаар ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг;
3.1.11“ойн экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж ойн баялгийн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээ болон экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг баталсан аргачлалд үндэслэн мөнгөн дүнгээр илэрхийлснийг;
3.1.12"ойн модны нөөц” гэж ойн талбай болон модны эзлэхүүнээр илэрхийлсэн хэмжээг;
3.1.13“ногоон байгууламж” гэж хот, суурин газрын орчинд байгаль орчин, нийгэм, гоо зүйн зориулалтаар байгуулсан мод, сөөг бүхий талбай, хотын ойг;
3.1.14“нүүрстөрөгчийн кредит” гэж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, эсхүл нүүрстөрөгч хуримтлуулах замаар баталгаажсан хэмжээгээр бий болсон, худалдах, шилжүүлэх боломжтой нэгжийг;
3.1.15“ойн аж ахуйн арга хэмжээ” гэж ойг нөхөн сэргээх, ойжуулах, ойн арчилгаа, цэвэрлэгээ, ой зохион байгуулалт, ойн тооллого, түймрийн болон ойн хөнөөлт организмын судалгаа хийх, урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг;
3.1.16“ойн баялаг” гэж ойн модны нөөц, ойн дагалт баялаг болон экосистемийн үйлчилгээний нийлбэрийг;
3.1.17“ойн нүүрстөрөгчийн ялгарал” гэж ойн экосистем доройтож, нүүрстөрөгч алдагдах үйл явцыг;
3.1.18“ойн экосистем” гэж байгалийн болон таримал ойд орших амьд болон амьгүй бүрэлдэхүүн, тэдгээрийн харилцан хамаарал, экологийн үйл явцыг;
3.1.19“сөөг” гэж 5 метрээс бага өндөртэй, олон салаалсан иштэй, олон наст модлог ургамлыг;
3.1.20“таримал ой” гэж урьд өмнө нь ой байгаагүй газарт зориудаар модлог ургамал тарьж ургуулсан энэ хуулийн 3.1.1-д заасан ойн хэв шинжийг хангасан ойг;
3.1.21“татмын ой” гэж Усны тухай хуулийн 3.1.34-т заасан гол, мөрний татмын бүсэд тархан ургасан ойг.
4 дүгээр зүйлХуулийн үйлчлэх хүрээ
4.1Тусгай хамгаалалттай газар нутаг дахь ойн хамгаалалт, ашиглалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар, тусгай хамгаалалттай газарт явуулах ойн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
4.2Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Галын аюулгүй байдлын тухай , Гамшгаас хамгаалах тухай хуулиар зохицуулна.
4.3Агро-ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
4.4Ойн баялгийн нөөцийг боловсруулах, худалдаалахтай холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг Хүнсний тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.
4.5Хот, суурин газрын ногоон бүс дэх ой, мод, сөөгтэй холбогдсон харилцааг энэ хуулиар, ногоон байгууламжтай холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.
4.6Ойд ан агнахтай холбогдсон харилцааг Амьтны тухай хуулиар зохицуулна.
4.7Ойн сан бүхий газар тусгай хамгаалалттай газартай давхацсан тохиолдолд ойн аж ахуйн арга хэмжээг тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмд нийцүүлэн хийнэ.
4.8Нөхөн сэргээх, ойжуулах төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар зохицуулна.
5 дугаар зүйлТөрөөс ойн талаар баримтлах зарчим
5.1Төрөөс ойн талаар дараах зарчмыг баримтална:
5.1.1Монгол Улсын ой төрийн хяналт, хамгаалалтад байх;
5.1.2ойн баялгийн нөөцийг ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;
5.1.3ойн экосистемийн үйлчилгээ хүртээмжтэй байх, ойн эдийн засгийг дэмжих;
5.1.4ойн менежментийн төлөвлөлтөд иргэний оролцоог хангах.
6 дугаар зүйлОй зохион байгуулалт, ойн тооллого
6.1Ой зохион байгуулалт, ойн тооллогод ойн сангийн талбай, нөөц, тархац, бүрэлдэхүүн, чанар, төлөв байдал, тэдгээрийн өөрчлөлтийг тогтоох, хүлэмжийн хийн шингээлтийг тооцох, биомассын судалгаа хийх, ойн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг цогц байдлаар тодорхойлсон үйл ажиллагаа хамаарна.
6.2Ой зохион байгуулалт, ойн тооллогоор ойн сангийн ангилал, зааг, байршил, талбайн хэмжээг харуулсан ойн тархалтын болон ойн арга хэмжээний зураглал, ойн нүүрстөрөгчийн шингээлт, ялгарлын тайлан гаргана.
6.3Ой зохион байгуулалт, ой тооллогоор хэмжсэн нүүрстөрөгчийн шингээлт, ялгарлыг үнэлж, ойн мэдээллийн цахим системд /цаашид “цахим систем” гэх/ бүртгэж, баталгаажуулна.
6.4Ой зохион байгуулалт, ойн тооллогыг 10 жил тутам хийнэ.
6.5Ой зохион байгуулалт, ойн тооллогыг хийх аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.6Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ой зохион байгуулалт, ойн тооллогыг тухайн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ.
6.7Ойн нүүрстөрөгчийн шингээлтийг үнэлж, олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн Монгол Улсын үндэсний тодорхойлсон хувь нэмрийн биелэлтийн тайланд тусгана.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ОЙН САН БҮХИЙ ГАЗРЫН АНГИЛАЛ, ДЭГЛЭМ
7 дугаар зүйлОйн сан бүхий газар
7.1Ойн сан бүхий газарт байгалийн болон таримал, заган, татмын ой, мод, сөөг, заг бүхий газар, ойн цоорхой, цагаан энгэр, ой тэлэн ургахад шаардлагатай газар болон хамгаалалтын зурвас хамаарна.
7.2Энэ хуулийн 7.1-д заасан ой тэлэн ургахад шаардлагатай газарт ойн захаас 100 метр хүртэлх талбай, мод үржүүлэг хийх, мод, сөөг тарих болон ойжуулахаар ойн менежментийн төлөвлөгөөнд тусгасан газар хамаарна.
7.3Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газарт байгаа мод үржүүлгийн талбай нь ойн сан бүхий газарт хамаарахгүй.
7.4Ойн сан бүхий газрыг хуульд зааснаас бусад хэлбэрээр хашаалах, ойд нэвтрэх эрхийг хязгаарлахыг хориглоно.
7.5
7.6
8 дугаар зүйлОйн сан бүхий газрын ангилал
8.1Ойн экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг нь харгалзан ойн сан бүхий газрыг доор дурдсанаар ангилна:
8.1.1хамгаалалтын бүсийн ой;
8.1.2ашиглалтын бүсийн ой;
8.1.3тусгай зориулалтын ой.
8.2Ой зохион байгуулалт, ойн тооллогын дүнг үндэслэн ойн сангийн ангиллыг тогтоох, өөрчлөх, ангилал хооронд шилжүүлэх асуудлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
8.3Ойн бүс дэх ойн аж ахуйн арга хэмжээний биелэлтэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч хяналт, шалгалт хийнэ.
9 дүгээр зүйлХамгаалалтын бүсийн ой, түүний дэглэм
9.1Байгалийн унаган төрх, биологийн олон янз байдал, экологийн тэнцвэрийг хадгалах, ус, хөрс, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын бүсийн ойг тогтооно.
9.2Хамгаалалтын бүсийн ойд дараах ой хамаарна:
9.2.1цармын бүслүүр болон өндөр уулын эмзэг экосистем бүхий ой;
9.2.2тусгай хамгаалалттай газар нутаг дахь ой;
9.2.3элсний нүүлт, хөрсний эвдрэл, гулсалт, цөлжилтөөс хамгаалах цөл, хагас цөлийн заган болон баянбүрдийн ой;
9.2.4хуш мод зонхилсон эмзэг экосистем бүхий ой;
9.2.5100 га хүртэлх хэмжээний төгөл ой
9.2.6гол, мөрний урсац бүрэлдэх эх, татмын ой.
9.3Хамгаалалтын бүсийн ойд хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараах үйл ажиллагааг явуулж болно:
9.3.1ой, хээрийн түймэр, хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх;
9.3.2ойн төлөв байдлыг сайжруулах зорилгоор хийх арчилгаа, цэвэрлэгээ ажил хийх;
9.3.3байгалийн сэргэн ургалтыг дэмжих арга хэмжээ авах, ойг нөхөн сэргээх;
9.3.4шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ хийх;
9.3.5экологийн боловсрол олгох болон байгалийн аялал жуулчлал явуулах;
9.3.6орон нутгийн иргэд ахуйн зориулалтаар түлээний болон хашаа хороогоо сэлбэх мод бэлтгэх;
9.3.7ойн дагалт баялаг түүж ашиглах;
9.3.8татмын ойг нөхөн сэргээх.
9.4Хамгаалалтын бүсийн ойд дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно:
9.4.1үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх;
9.4.2байгалийн сэргэн ургалтыг алдагдуулах;
9.4.3ойн экосистемд сөргөөр нөлөөлөх;
9.4.4зөвшөөрснөөс бусад химийн бодис ашиглан хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх;
9.4.5мод, сөөг, заг авч өөр газарт шилжүүлэн тарих, гэмтээх;
9.4.6татмын ойд мод огтлох, өөр газарт шилжүүлэн тарих, гэмтээх;
9.4.7хуульд заасан бусад.
9.5Хамгаалалтын бүсийн ой нь тусгай хамгаалалттай газар нутагтай давхацсан бол энэ хуульд заасан дэглэмээс гадна тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмийг мөрдөнө.
9.6Тусгай хамгаалалттай газар нутагт ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг сум, сум дундын ойн анги тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулна.
9.7Тусгай хамгаалалттай газар нутагт явуулах ойн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ойн аж ахуйн арга хэмжээг тухайн газар нутгийн ангилал, дэглэмд нийцүүлэн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд хэрэгжүүлнэ.
10 дугаар зүйлАшиглалтын бүсийн ой, түүний дэглэм
10.1Экосистемийн тэнцвэрийг хадгалах нөхцөлтэйгөөр ойн баялгийн нөөцөд тулгуурлан экосистемийн үйлчилгээ болон ойн эдийн засгийн үйл ажиллагааг тогтвортой явуулах зорилгоор ашиглалтын бүсийн ойг тогтооно.
10.2Ашиглалтын бүсийн ойд ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн дараах үйл ажиллагаа явуулж болно:
10.2.1мод бэлтгэх;
10.2.2ойн дагалт баялаг түүх, бэлтгэх;
10.2.3экологийн боловсрол олгох, байгалийн аялал жуулчлал явуулах;
10.2.4нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх, ялгарлыг бууруулах төсөл хэрэгжүүлэх;
10.2.5ойн зам, дэд бүтцийг төлөвлөх, байгуулах, ашиглах;
10.2.6био-эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх;
10.2.7хуульд заасан бусад.
10.3Ашиглалтын бүсийн ойд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
10.3.1байгалийн сэргэн ургалтыг алдагдуулах;
10.3.2зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн ойн баялгийн нөөцийг ашиглах;
10.3.3менежментийн төлөвлөгөөнд тусгаагүй үйл ажиллагаа явуулах, гэрээний үүргээ зөрчих;
10.3.4байгаль орчинд эрсдэлтэй технологи, арга хэрэглэх.
11 дүгээр зүйлТусгай зориулалтын ой, түүний дэглэм
11.1Нийгэм, эдийн засаг, байгаль орчны ач холбогдлыг харгалзан тусгай зориулалтын бүсийн ойг тогтооно.
11.2Тусгай зориулалтын ойд дараах ойг хамааруулна:
11.2.1ойн генетик нөөц, генетик материал, ойн үр бэлтгэх, үржлийн материал үржүүлэх талбай;
11.2.2шинжлэх ухааны туршилт, сургалт, судалгааны ой;
11.2.3хот, суурин газрын ногоон бүсийн ой;
11.2.4түүх, өв, соёлын ач холбогдол бүхий ой;
11.2.5хот, суурин газар, авто зам, төмөр зам, инженерийн байгууламжийн болон хөдөө аж ахуйн газрын хамгаалалтын ойн зурвас ой, агро-ойн аж ахуй;
11.3Тусгай зориулалтын ойд менежментийн төлөвлөгөөг үндэслэн дараах үйл ажиллагааг явуулж болно:
11.3.1ой хамгаалал, арчилгаа, цэвэрлэгээ хийх;
11.3.2нөхөн сэргээлт, ойжуулалт хийх;
11.3.3шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ хийх;
11.3.4сургалт, дадлага хийх;
11.3.5экологийн боловсрол олгох болон байгалийн аялал жуулчлал явуулах;
11.3.6экологийн боловсрол олгох болон байгалийн аялал жуулчлал явуулах;
11.3.7хуульд заасан бусад.
11.4Тусгай зориулалтын ойд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
11.4.1үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх;
11.4.2ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах;
11.4.3ойд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах;
11.4.4тухайн бүсийн ойн дэглэмд нийцэхгүй барилга, байгууламж барих;
11.4.5төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх.
Тайлбар: Энэ хуулийн 11.2.3-т заасан “хот, суурин газрын ногоон бүсийн ой” гэдэгт хот, суурин газрын орчны уур амьсгалын нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрийг хадгалах, иргэдийн амралт, аялал жуулчлалын эрүүл таатай орчныг бүрдүүлэхээр тогтоосон экосистемийн үйлчилгээ бүхий байгалийн ой хамаарна.
12 дугаар зүйлОйн сан бүхий газрыг хариуцан хамгаалах
12.1Харьяалах нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газар нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн эзэмшилд байна.
12.2Сумын ойн менежментийн төлөвлөгөөнд туссан ойн сангийн тодорхой хэсгийг хамгаалах, нөхөн сэргээх, хадгалах зориулалтаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу хот айл, нөхөрлөлд хариуцуулж болно.
12.3Хот айл, нөхөрлөлд гэрээгээр 10 жилийн давтамжтайгаар 60 хүртэл жилийн хугацаагаар хариуцуулж болно.
12.4Хот айл, нөхөрлөл нь гэрээнд заасны дагуу хариуцаж байгаа ойн сангийн босоо хатсан болон унанги модыг сум, сум дундын ойн ангиас олгосон цахим эрхийн бичгийн үндсэн дээр цэвэрлэж болно.
12.5Хот айл, нөхөрлөл нь энэ хуульд заасан хуваарь, тоо хэмжээ, хугацааг баримтлан дараах байдлаар мод болон ойн дагалт баялгийг ашиглаж болно:
12.5.1сум, сум дундын ойн ангид мэдэгдэн дагалт баялгийг түүх;
12.5.2цахим эрхийн бичиг авсны үндсэн дээр ахуйн зориулалтаар түлээний болон хашаа хороо барих, сэлбэх мод бэлтгэх.
12.6Нөхөрлөл, хот айлын хариуцаж байгаа ойн санд мал туувар дайран өнгөрөх, мал бэлчээх, зөгий үржүүлэх, өвс хадах болон аялал зугаалгаар явах, хот айл, нөхөрлөлийн хяналт доор мод бэлтгэж, ойн дагалт баялаг ашиглаж болно.
12.7Энэ хуулийн 12.6-д заасан этгээд тухайн ойн санд хохирол учруулсан тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлнө.
12.8Хариуцаж байгаа ойн сангаа бусдад шилжүүлэх, түрээслэх, ашиглуулах, барьцаалахыг хориглоно.
12.9Хот айл, нөхөрлөл нь өөрийн хариуцаж байгаа ойн сангийн нүүрстөрөгчийн кредитийг ашиглан зах зээлд оролцож болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ОЙН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ
13 дугаар зүйлОйн тогтвортой менежментийн зарчим
13.1Ойн тогтвортой менежмент нь ойн экологийн тэнцвэрийг хадгалах, эдийн засгийн үр өгөөж, нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор ойн баялгийн нөөцийг урт хугацаанд хариуцлагатайгаар удирдахад чиглэнэ.
13.2Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд дараах нийтлэг зарчмыг баримтална:
13.2.1эрүүл ойг хадгалах, байгалийн нөхөн сэргэлтийг дэмжих, биологийн олон янз байдлыг хамгаалах;
13.2.2уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд нийгмийн сайн сайхан байдалд хувь нэмэр оруулах;
13.2.3нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх, ялгарлыг бууруулах;
13.2.4ойн баялгийн нөөцийн гаралтай бүтээгдэхүүн, экосистемийн үйлчилгээг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй эдийн засгийн үйл ажиллагаанд чиглүүлэх.
13.3Ойн менежментийн зарчмыг улс, аймаг, нийслэл, сумын ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд баримтална.
14 дүгээр зүйлОйн менежментийн төлөвлөгөө
14.2Ойн менежментийн төлөвлөгөөнд ойн санд хэрэгжүүлэх ойн аж ахуйн арга хэмжээ, хэрэгжүүлэх үе шат, санхүүгийн эх үүсвэр, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, хяналт-үнэлгээ, шинжилгээ хийх, тайлагнах асуудлыг тусгасан байна.
14.3Ойн менежментийн төлөвлөгөө нь дараах төлөвлөгөөнөөс бүрдэнэ:
14.3.1улсын ойн менежментийн төлөвлөгөө;
14.3.2аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө;
14.3.3сумын ойн менежментийн төлөвлөгөө.
14.4Ойн менежментийн төлөвлөгөөг ой зохион байгуулалт, ойн тооллогын дүнг үндэслэн боловсруулна.
14.5Ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг гаргасан холбогдох албан тушаалтан тухайн жилд багтаан ойн мэдээллийн цахим системд байршуулж, олон нийтэд ил тод мэдээлнэ.
14.6Ойн менежментийн төлөвлөгөөг 10 жил тутам батлах ба хугацаанаас өмнө дараах үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулж болно:
14.6.1байгалийн аюулт үзэгдлийн улмаас ойн төлөв байдалд их хэмжээний өөрчлөлт орсон нь ой зохион байгуулалт, ойн тооллогоор тогтоогдсон бол;
14.6.2газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ойн сан бүхий газрын ангилалд өөрчлөлт орсон бол.
14.7Ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулах аргачлалыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
15 дугаар зүйлУлсын ойн менежментийн төлөвлөгөө
15.1Улсын ойн менежментийн төлөвлөгөө нь ойн салбарын хөгжлийг тодорхойлсон стратегийн баримт бичиг байна.
15.2Улсын ойн менежментийн төлөвлөгөөг Засгийн газар батлах бөгөөд дараах асуудлыг тусгана:
15.2.1байгалийн ойг эрүүл, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгоход чиглэсэн улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэх ойн аж ахуйн арга хэмжээ;
15.2.2байгаль, орчин, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой улсын хэмжээнд хэрэгжүүлэх ойжуулалтын төсөл;
15.2.3Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн бусад ойг нөхөн сэргээх, ойжуулах төсөл.
15.3Улсын ойн менежментийн төлөвлөгөөнд туссан нөхөн сэргээх, ойжуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд /цаашид “тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд” гэх/ гэрээгээр гүйцэтгэнэ.
15.4Энэ хуулийн 15.3-т заасан тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах, гүйцэтгэлийг хүлээн авах асуудлыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцан зохион байгуулна.
15.5Нөхөн сэргээх, ойжуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, баталгаажуулна.
15.6Улсын ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцан зохион байгуулах ба биелэлтийг тайлагнана.
16 дугаар зүйлАймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө
16.1Аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
16.2Аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө нь тухайн нутаг дэвсгэрийн ойн бүсийн ангилал, дэглэмд нийцсэн байна.
16.3Аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:
16.3.1улсын ойн менежментийн төлөвлөгөөнд туссан өөрийн нутаг дэвсгэрт хамаарах ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх;
16.3.2тухайн аймаг, нийслэлийн хөгжлийн төлөвлөлт, эрсдэлийн менежменттэй уялдуулсан аймаг, нийслэлийн хэмжээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ойн аж ахуйн арга хэмжээ.
16.4Аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг Засаг дарга хариуцан зохион байгуулах ба биелэлтийг тайлагнана.
17 дугаар зүйл.Сумын ойн менежментийн төлөвлөгөө
17.1Сумын ойн менежментийн төлөвлөгөөний төслийг сум, сум дундын ойн анги боловсруулж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал батална.
17.2Сумын ойн менежментийн төлөвлөгөөний төсөлд ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, холбогдох бусад төрийн байгууллага, нөхөрлөл, эрх ашиг нь хөндөгдөж байгаа бусад этгээд, орон нутгийн иргэдийн саналыг авна.
17.3Сумын ойн менежментийн төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:
17.3.1ойн бүсийн ангилал, хилийн зааг, талбайн байршил, хэмжээ;
17.3.2ойжуулалт, нөхөн сэргээлт, арчилгаа, цэвэрлэгээ, хамгаалалтын арга хэмжээ;
17.3.3ойн баялгийн нөөц, түүний ашиглалтын хэмжээ, байршил;
17.3.4ой, хээрийн түймэр, хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ;
17.3.5аялал жуулчлал, агро-ойн аж ахуйн арга хэмжээ;
17.3.6орон нутгийн иргэд ахуйн зориулалтаар түлээний болон хашаа хороогоо сэлбэх мод бэлтгэх, ойн дагалт баялаг түүх асуудал;
17.3.7орон нутгийн төрийн үйлчилгээний байгууллага албан хэрэгцээний зориулалтаар мод бэлтгэх.
17.4Ойн менежментийн төлөвлөгөөг ойг хамгаалах, ойжуулах, ойн нөхөн сэргээх, ойн төлөв байдлын сайжруулах, ойг ашиглах болон бусад ойн аж ахуйн арга хэмжээгээр хэрэгжүүлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ОЙН АЖ АХУЙН АРГА ХЭМЖЭЭ
18 дугаар зүйлОйн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх
18.1Ойн аж ахуйн арга хэмжээнд ойн хөнөөлт организм, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, ойн үр, үржлийн материал бэлтгэх, мод, сөөгний тарьц, суулгацыг импортлох, нутагшуулах, ойжуулах, нөхөн сэргээх, ойн төлөв байдлыг сайжруулах, ойн зохистой ашиглах үйл ажиллагаа хамаарна.
19 дүгээр зүйлОйн хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх
19.1Тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд ойн хөнөөлт организмын судалгаа хийх, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг гүйцэтгэнэ.
19.2Ойн хөнөөлт организмын судалгааны тайланд тархалтын зураглал, тэмцэх арга хэмжээний зөвлөмжийг хавсаргасан байна.
19.3Ойн хөнөөлт организмын судалгааны дүнг үндэслэн ойн хөнөөлт организмын гаралт, тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулна.
19.4Ойн хөнөөлт организмын хэт олшрол, голомт нь их хэмжээний талбайг хамарч, гамшгийн хэмжээнд хүрсэн бол зөвшөөрсөн химийн бодис ашиглаж, тэмцэх шийдвэрийг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гаргаж, олон нийтэд мэдээлнэ.
20 дугаар зүйлОй, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх
20.1Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хил дамнасан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах талаар бусад улстай гэрээ, хэлэлцээр байгуулж, хамтран ажиллана.
20.2Ой, хээрийг түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймрийг унтраах, хор уршгийг арилгахтай холбоотой техникийн зохицуулалтыг Засгийн газар батална.
20.3Түймрийн аюултай үед хүн, хуулийн этгээд, нөхөрлөл, байгууллагаас ой, хээрийн бүс нутагт дараах үйлдэл хийхийг хориглоно:
20.3.1өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, үхмэл мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, өвслөг ургамлын нөөц ихтэй газар, модны доор ил задгай гал түлэх, тамхи татах;
20.3.2мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэх;
20.3.3шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн болон бусад зүйлийг зориулалтын бус газар хаях;
20.3.4тээврийн хэрэгсэл болон бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог, хаягдал, үнс, чүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашиглах;
20.3.5ойн анги, ойн асуудал хариуцсан мэргэжилтэнд мэдэгдэхгүйгээр аялал, зугаалгаар явах.
20.4Үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх, арчилгаа, цэвэрлэгээ, нөхөн сэргээлт, ойжуулалт хийх болон ойн дагалт баялаг ашиглаж байгаа газарт түймэр унтраах багаж, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг тогтоосон норм нормативын дагуу бүрдүүлэх ба тэдгээрийг түймэр гарсан үед ашиглахад бэлэн байлгана.
20.5Нөхөрлөл, хуулийн этгээд гэрээний дагуу хариуцан хамгаалж байгаа болон эзэмшин ашиглаж байгаа ойн сангийн хэсгийг ой, хээрийн түймрээс хамгаалах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.
20.6Сум, сум дундын ойн анги нь ой, хээрийн түймрийн гаралт, тархалт, голомт, урьдчилан сэргийлэлт, эрсдэлийн үнэлгээ болон тэмцсэн арга хэмжээ, түүний үр дүнг ойн мэдээллийн цахим системд бүртгэнэ.
20.7Сум, дүүргийн Засаг дарга нь ойн мэдээллийн цахим системд бүртгэгдсэн түймрийн эрсдэлийн үнэлгээ, хуурайшилтын зэрэглэлд үндэслэн ойд нэвтрэх, үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хориглох, зогсоох шийдвэрийг гаргана.
20.8Ой, хээрийн түймэр, ойн хөнөөлт организмд нэрвэгдсэн газарт ойн орчны нөхцөл өөрчлөгдөхөөс өмнө байгалийн сэргэн ургалтыг дэмжих арга хэмжээг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ.
20.9Бүх шатны Засаг дарга ой, хээрийн түймрийн цагийн байдлын тухай мэдээг дээд шатны Засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тогтмол хугацаанд шуурхай мэдээлнэ.
20.10Ой, хээрийн түймрийн талаарх мэдээ, тайланг аймаг, нийслэлийн Засаг дарга хагас, бүтэн жилээр гаргаж, цахим системд илгээнэ.
21 дүгээр зүйлОйн үр, үржлийн материал бэлтгэх
21.1Ойн нөхөн сэргээлт, ойжуулалтад ашиглах болон ойн үрийн улсын нөөцийн санд худалдан авах үр, боргоцой, үржлийн материал нь тухайн ойн үрийн мужлалаас гарал үүсэлтэй, стандартын шаардлага хангасан байна.
21.2Ойн үрийн мужлалын хилийн заагийг эрдэм шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно.
21.3Байгалийн гамшгийн улмаас үр нөөцөлж чадаагүй, эсхүл үрийн бага ургацын жилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үр нийлүүлэх, үр шинэчлэх зорилгоор удамшлын болон тарилтын сайн чанарын үрээр ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлөөр ойн үрийн улсын нөөцийн санг бүрдүүлнэ.
21.4Итгэмжлэгдсэн лаборатори ойн үрийн улсын нөөцийн санд нийлүүлэх болон худалдан борлуулах гарал үүслийн гэрчилгээтэй ойн үрийн шинжилгээ хийж, чанарын гэрчилгээг олгож, ойн мэдээллийн цахим системд илгээнэ.
21.5Гарал үүслийн болон чанарын гэрчилгээтэй үржлийн материалыг худалдан борлуулна.
21.6Гарал үүсэл нь тодорхойгүй, эсхүл итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон үрийг улсын нөөцөд авах, худалдах,ашиглах, импортлохыг хориглоно.
21.7Нөхөн сэргээхэд ашиглах болон ойн үрийн улсын нөөцийн санд худалдан авах ойн үр, үржлийн материал нь харь зүйл мөн эсэх талаар эрдэм шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулсан байна.
21.8Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд улсын ойн үрийн нөөцийн сан, итгэмжлэгдсэн лаборатори ажиллана.
22 дугаар зүйлМод, сөөгний тарьц, суулгацыг импортлох, нутагшуулах туршилт судалгаа хийх
22.1Импортоор оруулж ирэх харь, эсхүл устсан унаган зүйлийн мод, сөөгний тарьц, суулгацыг Монгол Улсын нутаг дэвсгэрт нутагшуулах туршилт судалгаа (цаашид “нутагшуулах туршилт судалгаа” гэх)-г эрдэм шинжилгээний байгууллага хийнэ.
22.2Мод, сөөгний зүйлээс хамаарч нутагшуулах туршилт судалгааны хугацаа нь харь зүйлийн хувьд 5-аас доошгүй, устсан унаган зүйлийн хувьд 3-аас доошгүй жил байна.
22.3Нутагшуулах туршилт судалгааг хийсэн эрдэм шинжилгээний байгууллага нь үр дүнгээ тухайн байгууллагын Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, цаашид тарималжуулах боломжтой эсэх тухай дүгнэлт гаргуулж, ойн мэдээллийн цахим системд оруулна.
22.4Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.3-т заасан тарималжуулах боломжтой мод, сөөгний тарьц, суулгацыг ойн мэдээллийн цахим системд бүртгэж, нийтэд мэдээлнэ.
22.5Энэ хуулийн 22.4-т заасны дагуу бүртгэгдсэн устсан унаган зүйлийг ойжуулалтад, харь, устсан унаган зүйлийг хот, суурин газрын ногоон байгууламжид хэрэглэж болно.
22.6Харь болон устсан унаган зүйлийн мод, сөөгний тарьц, суулгацыг туршилт судалгааны зориулалтаар импортлох хуулийн этгээдэд дараах шаардлага тавигдана:
22.6.1нутагшуулах туршилт судалгаа хийх өөрийн эзэмшлийн мод үржүүлгийн талбайтай байх, эсхүл мод үржүүлгийн талбайг ашиглах гэрээтэй байх;
22.6.2эрдэм шинжилгээний байгууллагаар нутагшуулах туршилт судалгаа хийлгэх гэрээтэй байх;
22.6.3тарьц суулгац нь гений өөрчлөлтгүйг батлах импортлогч улсын эрх бүхий байгууллагын тодорхойлолттой байх;
22.6.4харь зүйл, эсхүл устсан унаган зүйлийн мод, сөөгний зүйл мөн эсэх тухай эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлттэй байх.
22.7Нэг зүйлийн мод, сөөгний тарьц, суулгацыг импортлох дээд хэмжээ 200 ширхэг хүртэл байна.
22.8Монгол Улсын нутаг дэвсгэрт нутагшуулах туршилт судалгааны зориулалтаар мод, сөөгний тарьц, суулгацыг хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулиар зохицуулна.
22.9Байгалийн ойг нөхөн сэргээх болон ойжуулалтад харь зүйлийн мод, сөөг, үржлийн материал тарих, ашиглах болон ойн үрийн улсын нөөцийн санд харь үр, үржлийн материал авахыг хориглоно.
23 дугаар зүйлОйжуулалт
23.1Ойн менежментийн төлөвлөгөөнд үндэслэн ойжуулалтыг дараах зорилгоор хийнэ:
23.1.1бэлчээр, тариалангийн талбайг хамгаалах, агро ойг хөгжүүлэх;
23.1.2гол горхи, булаг шанд, баянбүрд, хөв цөөрөм, усан сан, ус намгархаг газрыг хамгаалах;
23.1.3цөлжилт, хөрсний доройтол, элсний нүүлтээс хамгаалах болон бусад зориулалтаар хамгаалалтын ойн зурвас байгуулах;
23.1.4жимс, жимсгэнийн цэцэрлэг байгуулах.
23.1.5
23.1.6
23.1.7
23.2Ойжуулалтад дараах шаардлага тавина:
23.2.1тухайн бүс нутгийн уур амьсгал, хөрс, ургамлын аймагт нийцсэн мод, сөөг тарих;
23.2.2унаган мод, сөөгний төрөл, зүйлийг ашиглах;
23.2.3ус, хөрс хамгаалах, биологийн олон янз байдал, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх.
23.3Ойжуулалтыг орон нутгийн байгууллага, нөхөрлөл, хуулийн этгээд, иргэдийн оролцоотой хэрэгжүүлж болно.
23.4Сум, сум дундын ойн анги ойжуулалтын ажлын гүйцэтгэл, чанарыг үнэлж, баталгаажуулсан, мэдээллийг ойн мэдээллийн цахим системд бүртгэнэ.
23.5Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ойжуулалтыг дэмжих зорилгоор хуульд заасан татвар, санхүүжилт, урамшууллын арга хэмжээг хэрэгжүүлж болно.
23.6Ой, мод, сөөг тарьж ургуулсан иргэн, нөхөрлөл, хуулийн этгээдийг урамшуулахад шаардагдах зардлыг аймаг, нийслэл, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
24 дүгээр зүйлТаримал ойг эзэмшиж ашиглах
24.1Иргэн, хуулийн этгээд дараах газарт мод, сөөг тарьж ургуулна:
24.1.1Монгол Улсын иргэн өмчлөлийн газартаа;
24.1.2Монгол Улсын иргэн, хуулийн этгээд ойжуулалт, мод үржүүлгийн зориулалтаар эзэмшиж байгаа газартаа;
24.1.3улс, аймаг, нийслэлийн төсвийн хөрөнгөөр ойн менежментийн төлөвлөгөөнд ойжуулалт хийхээр төлөвлөсөн газарт.
24.2Монгол Улсын иргэн өмчлөлийн газартаа өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан таримал ой, мод, сөөгийг өмчилж болно.
24.3Өөрийн өмчлөлийн газраа худалдсан тохиолдолд тухайн газар дээрх таримал ой хамт шилжинэ.
24.4Энэ хуулийн 24.1.2-т заасны дагуу ойжуулалтын зориулалтаар эзэмшүүлэх газрыг төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно.
24.5Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь ойжуулалтын зориулалтаар эзэмшиж байгаа газартаа өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан таримал ойг бүртгүүлэх хүсэлтэд дараах баримт бичгийг хавсарган сум, сум дундын ойн ангид цахимаар гаргана:
24.5.1ойжуулалтын зориулалтаар олгосон газрын гэрчилгээ;
24.5.2тарьж ургуулсан мод, сөөгийг хамарсан талбайн хэмжээ.
24.6Сум, сум дундын ойн анги тухайн иргэн, хуулийн этгээдийн тарьж ургуулсан таримал ой нь энэ хуулийн 3.1.1-д заасан ойн хэв шинжийг хангасан эсэхийг шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
24.6.1ойн хэв шинжийг хангасан бол ойн мэдээллийн цахим системд таримал ойгоор бүртгэж, цахим хувийн хэрэг нээх;
24.6.2ойн хэв шинжийг хангаагүй бол ойн мэдээллийн цахим системд таримал ойгоор бүртгэхээс татгалзаж, тарьсан мод, сөөгийг цахим системд бүртгэх.
24.7Монгол Улсын иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 24.6-д заасны дагуу бүртгүүлсэн таримал ой, мод, сөөгийг эзэмшиж ашиглаж, үр шимийг хүртэх эрхтэй.
24.8Эзэмшиж ашиглаж байгаа таримал ойг бусдад шилжүүлэх хүсэлтээ ойн мэдээллийн цахим системд гаргах ба ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бүртгэгдсэн мэдээллийг шалгаж, шийдвэрлэнэ.
24.9Ойжуулах зориулалтаар эзэмшиж байгаа газарт тарьсан таримал ойг эзэмшиж ашиглах хугацаа нь газар эзэмших хугацаатай нэгэн адил байна.
24.10Энэ хуулийн 24.1.3-т заасан улс, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөнд ойжуулалт хийхээр төлөвлөсөн газарт ойжуулалт хийх хуулийн этгээдийг төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгоно.
24.11Улс, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөнд ойжуулалт хийхээр төлөвлөсөн газарт тарьж ургуулсан таримал ойг тухайн этгээд хүсэлт гаргасан бол 10 жилийн давтамжтай 60 хүртэл жил гэрээгээр хариуцуулж болно.
24.12Гэрээгээр хариуцаж байгаа этгээд таримал ойн үр шимийг хүртэнэ.
24.13Таримал ойг өмчлөгч иргэн, эзэмшиж ашиглаж байгаа болон гэрээгээр хариуцаж байгаа этгээд нь тухайн ойг хамгаалах, түймэр, хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, доройтлоос хамгаалах болон ой зохион байгуулалтын арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хийх ба холбогдох стандарт, техникийн зохицуулалтыг мөрдөх үүрэг хүлээнэ.
25 дугаар зүйлАгро-ойн аж ахуй
25.1Агро-ойн аж ахуй нь мод, сөөг тариалалтыг тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд ашиг тустай, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн үйлдвэрлэл байна.
25.2Агро-ойн аж ахуйг дараах хэлбэрээр хөгжүүлнэ:
25.2.1мод, сөөг тариалалтыг тариалангийн үйлдвэрлэлтэй хослуулан;
25.2.2мод, сөөг тариалалтыг мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан;
25.2.3мод, сөөгийг тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан.
25.3Агро-ойн аж ахуй нь хөдөө аж ахуйн эдэлбэр газарт хэрэгжинэ.
25.4Төрөөс агро-ойн аж ахуйд санхүүжилт, сургалт, технологи, арга зүйн дэмжлэг үзүүлж болно.
26 дугаар зүйлБүх нийтээр мод, сөөг тарьж ургуулах ажлыг зохион байгуулах
26.1Аймаг, нийслэл,сум, дүүргийн Засаг дарга улс орон даяар бүх нийтээр мод тарих ажлыг жил бүрийн хавар, намрын улиралд зохион байгуулна.
26.2Тухайн шатны Засаг дарга, түүний Тамгын газар нь мод тарих, мод сонгох асуудлаар сум, сум дундын ойн ангиас урьдчилан зөвлөгөө авч, иргэдийг оролцуулах ажлыг өргөнөөр зохион байгуулна.
27 дугаар зүйлНөхөн сэргээлт
27.1Нөхөн сэргээлт нь ой, хээрийн түймэр, хөнөөлт организм, байгалийн болон хүний үйл ажиллагааны улмаас доройтсон, эвдэрсэн ойн экосистемийг сэргээхэд чиглэнэ.
27.2Нөхөн сэргээлтийг дараах талбайд хэрэгжүүлнэ:
27.2.1доройтсон ойн талбайд;
27.2.2арчилгаа, цэвэрлэгээ хийсэн талбайд;
27.2.3үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэсэн талбайд;
27.2.4гол, мөрний урсац бүрэлдэх эх, татмын ойд.
27.3Тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь энэ хуулийн 27.2-т заасан нөхөн сэргээлтийг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хийнэ.
27.4Арчилгаа, цэвэрлэгээ болон үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэл эхлэхээс өмнө тухайн талбайд хийх нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг сум, сум дундын ойн анги батална.
27.5Арчилгаа, цэвэрлэгээ болон үйлдвэрлэлийн мод, дагалт баялаг бэлтгэж байгаа тусгай зөвшөөрөл бүхий этгээд ойг нөхөн сэргээх баталгаа гаргаж, нөхөн сэргээх төлөвлөгөөнд хавсаргана.
27.6Ой, хээрийн түймэр, ойн хөнөөлт организмд нэрвэгдсэн газарт ойн орчны нөхцөл өөрчлөгдөхөөс өмнө байгалийн сэргэн ургалтыг дэмжих нөхөн сэргээлтийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийнэ.
28 дугаар зүйлОйн төлөв байдлыг сайжруулах
28.1Ойн төлөв байдлыг сайжруулах зорилгоор ойн арчилгаа, цэвэрлэгээг хийнэ.
28.2Сум, сум дундын ойн анги энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан хуваарь, байршил, талбайд хийх ойн арчилгаа, цэвэрлэгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, гүйцэтгүүлнэ.
28.3Энэ хуулийн 28.2-т заасан гэрээнд дараах зүйлийг тусгана:
28.3.1арчилгаа, цэвэрлэгээ хийх зориулалт, байршил, талбайн хэмжээ, хугацаа;
28.3.2цэвэрлэх модны төрөл, хэмжээ;
28.3.3арчилгаа, цэвэрлэгээ хийх бэлтгэлийн талбай тусгаарласан материал, мод бэлтгэх технологийн карт болон ойн нөөцийн тодорхойлолт;
28.3.4арчилгаа, цэвэрлэгээ хийсэн талбайг хүлээлгэн өгөх, гэрээний биелэлтийг дүгнэх.
28.4Хот айл, нөхөрлөл хариуцаж байгаа ойн санд байгаа унасан мод, гишүү, мөчрийг сум, сум дундын ойн ангийн хяналт доор өөрийн хөрөнгөөр цэвэрлэж болно.
28.5Арчилгаа, цэвэрлэгээний явц болон гүйцэтгэлд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч хяналт тавина.
28.6Арчилгаа, цэвэрлэгээ хийх техникийн зохицуулалтыг Засгийн газар батална.
29 дүгээр зүйлОй ашиглалт
29.1Ой ашиглалт нь ойн баялгийн нөөц, даац, нөхөн сэргэх чадавхад тулгуурласан, байгаль орчинд халгүй, тогтвортой хэрэглээний зарчимд нийцсэн байна.
29.2Ой ашиглалтад дараах үйл ажиллагаа хамаарна:
29.2.1үйлдвэрлэлийн мод бэлтгэх;
29.2.2ахуйн зориулалтаар мод бэлтгэх;
29.2.3ойн дагалт баялгийг түүж бэлтгэх.
29.3Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэрийнхээ ой сан бүхий газрын доройтсон хэсэгт ойн санг хамгаалах зорилгоор ашиглалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож болно.
ТАВДУГААР БҮЛЭГ
ОЙН ЭДИЙН ЗАСАГ
30 дугаар зүйлОйн эдийн засгийн үйл ажиллагаа
30.1Ойн эдийн засгийн үйл ажиллагаанд ойн нөөц, ойн дагалт баялаг, ойн экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс бий болох үр өгөөжийг тогтвортой байдлаар хүртэхэд чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ хамаарна.
30.2Ойн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож байгаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь холбогдох стандарт, техникийн зохицуулалтыг мөрдөнө.
30.3Ойн эдийн засгийн үйлдвэрлэл, үйлчилгээнд дараах нийтлэг шаардлага тавина:
30.3.1тухайн ойн бүсийн ангилал, дэглэмд нийцсэн байх;
30.3.2ойн менежментийн төлөвлөгөөнд үндэслэсэн байх;
30.3.3дэвшилтэт, ногоон технологи ашигласан байх;
30.3.4ойн баялгийн нөөцийг хаягдалгүй, үр ашигтай, тогтвортой ашиглах, хаягдлыг бууруулах, үлдэгдэл биомассыг био-эдийн засгийн эргэлтэд оруулах;
30.3.5ул мөрийг мөшгөх тогтолцоог нэвтрүүлсэн байх;
30.3.6үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нөхөн сэргээх, хамгаалах санхүүжилтийн эх үүсвэртэй байх;
30.3.7орон нутгийн иргэн, нөхөрлөлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзсан байх;
30.3.8хуульд заасан бусад.
30.4Ойн баялгийн нөөцийн гарал үүсэл, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын тоо хэмжээг цахим системд бүртгүүлж, тайлагнана.
Тайлбар:Энэ зүйлд заасан “ойн экосистемийн үйлчилгээ” гэдэгт ой болон ойн экосистемээс хүн, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлж байгаа шууд болон шууд бус үр өгөөжийг ойлгоно.
31 дүгээр зүйлОйн баялгийн нөөцийг ашиглах дээд хэмжээг тогтоох
31.1Сум, сум дундын ойн анги нь тухайн жилийн модны болон дагалт баялгийн нөөцийг ашиглах хэмжээг тооцож, саналаа ойн мэдээллийн цахим системд илгээнэ.
31.2Өөр сумын нутаг дэвсгэрт мод бэлтгэх тохиолдолд холбогдох сумын Засаг дарга нар урьдчилан тохиролцож, тухайн жилийн мод бэлтгэлийн хуваарьт тусгуулах саналыг холбогдох сум, сум дундын ойн ангид хүргүүлнэ.
31.3Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь баялгийн нөөцийн хэмжээг улсын хэмжээнд нэгтгэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахим системээр илгээнэ.
31.4Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн жилд улсын хэмжээнд ашиглах ойн баялгийн нөөцийн хэмжээг цахим мэдээллийн системд баталгаажуулна.
31.5Ойн баялгийн ашиглах нөөцийг тогтоохтой холбоотой журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
31.6Энэ хуулийн 31.5-д заасан журамд ойн нөөцийн биологийн ургац, ашиглах нөөц, ашиглах хугацаа, тайлагнахтай холбогдсон харилцааг тусгана.
32 дугаар зүйлОйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
32.1Ойн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь ойн модны нөөц, ойн дагалт баялаг, ойн биомасст суурилсан байна.
32.2Ойн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мод бэлтгэх, боловсруулах, худалдах, ойн дагалт баялгийг түүж бэлтгэх, боловсруулах, био-эдийн засгийн үйлдвэрлэл болон энэ хуулийн зорилго, зарчимд харшлахгүй бусад үйлдвэрлэл хамаарна.
33 дугаар зүйлМод бэлтгэх
33.1Сумын болон сум дундын ойн анги нь энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан хэмжээнд багтаан бэлтгэх модны нөөцийн хэмжээг дараах байдлаар хуваарилна:
33.1.1иргэдийн ахуйн болон уламжлалт хэрэглээнд зориулсан модыг баг тус бүрээр;
33.1.2арчилгаа, цэвэрлэгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд тус бүрээр;
33.1.3үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх модны нөөцийг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд тус бүрээр.
33.2Зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн бэлтгэх, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэхийг хориглоно.
33.3Ахуйн зориулалтаар бэлтгэсэн түлээний модыг ашиг олох зорилгоор худалдахыг хориглоно.
33.4Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ:
33.4.1гэрээ, эрхийн бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн;
33.4.2зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн.
34 дүгээр зүйлҮйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх, боловсруулах, худалдах
34.1Төсөл сонгон шалгаруулалтад тэнцсэн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдтэй сум, сум дундын ойн анги, сумын Засаг дарга модны нөөц ашиглах хэмжээнд багтаан үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх гурвалсан гэрээ байгуулна.
34.2Гэрээнд дараах зүйлийг тусгана:
34.2.1үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх шийдвэр;
34.2.2бэлтгэх модны тоо хэмжээ, хугацаа, талбайн хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг;
34.2.3мод бэлтгэлийн талбай тусгаарласан материал, мод бэлтгэх технологийн карт болон ойн нөөцийн тодорхойлолт;
34.2.4талуудын эрх, үүрэг, хариуцлага;
34.2.5ойг нөхөн сэргээх, ой, хээрийн түймэр, хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх төлөвлөгөө;
34.2.5ойг нөхөн сэргээх, ой, хээрийн түймэр, хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх төлөвлөгөө;
34.2.6гэрээний биелэлтийг дүгнэх, цуцлах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох нөхцөл;
34.2.7шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.
34.3Энэ хуулийн 34.2.5-д заасан нөхөн сэргээлтийн төлөвлөгөө нь гэрээний салшгүй хэсэг байна.
34.4Гэрээг тухай бүрд дүгнэж, гэрээний үүргээ биелүүлээгүй, эсхүл ойд хохирол учруулсан бол гэрээг цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна.
34.5Үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэгч нь бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан модны хэмжээ, бусад холбогдох мэдээллийг ойн мэдээллийн цахим системд тухай бүрд бүртгэнэ.
34.6Ашиглалтын бүсийн ойгоос бэлтгэсэн, гарал үүсэл нь тодорхой түүхий эдэд тулгуурлан холбогдох стандарт, техникийн зохицуулалтын дагуу мод боловсруулах үйлдвэрлэлийг явуулна.
34.7Үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэгч, мод боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу баталгаажуулалт хийлгэж болно.
34.8Засгийн газар дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор боловсруулаагүй модны экспортод хязгаарлалт тогтоож болно.
35 дугаар зүйлОйн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх
35.1Тусгай зөвшөөрөл бүхий этгээд ойн дагалт баялгийг түүж, бэлтгэх хуваарь, байршил, тоо хэмжээ, хугацааг мөрдөнө.
35.2Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ойн дагалт баялгийг түүж бэлтгэхэд хязгаарлалт тогтоож болно.
35.4Байгалийн сэргэн ургалтад сөрөг нөлөө үзүүлэх арга хэлбэрээр ойн дагалт баялгийг түүж, бэлтгэхийг хориглоно.
35.5Боловсруулаагүй ойн дагалт баялгийг экспортлохыг хориглоно.
35.6Дагалт баялгийн дунд ургацын жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө.
36 дугаар зүйлХушин ойн менежмент
36.1Хуш модны самрын биологийн ургацыг тухайн жилд хушин ойд ургасан самрын нийт ургацаар тогтооно.
36.2Хуш модны самрын биологийн ургацаас хамааран ашиглах нөөцийг энэ хуулийн 31.5-д заасан журмын дагуу тогтооно.
36.3Экологийн хувьд эмзэг, эдийн засгийн ач холбогдолтой хушин ойд менежментийн дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
36.3.1самрын нөөц, ашиглах хэмжээ, хугацаа, тоо хэмжээг тогтоох;
36.3.2байгальд ээлтэй дэвшилтэт технологи ашиглах;
36.3.3байгалийн сэргэн ургалтыг дэмжих;
36.3.4хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хяналт тавих;
36.3.5түймэр, хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх;
36.3.6хөрс, үндсийг хамгаалах;
36.3.7самрыг хуваарилалтын дагуу түүж бэлтгэх;
36.3.8доройтсон талбайд нөхөн сэргээлт хийх.
36.4Хушин ойд байгальд халтай, механик аргаар самар түүж бэлтгэх, байгалийн сэргэн ургалтыг алдагдуулах, хөрс, үндэс гэмтээх, зөвшөөрөлгүй болон зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн ашиглахыг хориглоно.
37 дугаар зүйлОйн баялгийн нөөц бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох
37.1Мод, модон материал, үр, боргоцой, үржлийн материал болон ойн дагалт баялгийн эрхийн бичгийг сум, сум дундын ойн анги цахим системээр олгоно.
37.2Эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, хуулийн этгээдийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана.
37.2Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад сум, сум дундын ойн анги цахим эрхийн бичгийг үндэслэн гарал үүслийн гэрчилгээ олгоно.
37.3Эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
37.4Гарал үүслийн гэрчилгээг урьдчилан болон нөхөн олгохгүй.
37.5Мод болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэсэн ойн дагалт баялагт олгосон цахим гарал үүслийн гэрчилгээ 7 хоногийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
37.5Байгалийн давагдашгүй хүчин зүйл болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар гарал үүслийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацааг хэтрүүлсэн бол тухайн нөхцөл байдлыг арилсан өдрөөс хойш 7 хоногийн хугацаагаар сунгаж болно.
37.6Бэлтгэсэн мод болон дагалт баялгийг тээвэрлэх явцад дамжин өнгөрөх хяналтын цэгүүдэд гарал үүслийн цахим гэрчилгээг байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаагийн ажилтан шалгаж, цахим системд тэмдэглэл үйлдэнэ.
37.7Цахим эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний загварыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
37.8Гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материал, үр, үржлийн материал болон ойн дагалт баялгийг боловсруулах, тээвэрлэх, худалдаалахыг хориглоно.
38 дугаар зүйлБио-эдийн засгийн үйлдвэрлэл
38.1Био-эдийн засгийн үйлдвэрлэлд био түлш, ойн химийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдэд суурилсан бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл хамаарна.
38.2Био-эдийн засгийн нэрээр байгалийн ойг хэт ашиглахыг хориглоно.
39 дүгээр зүйлТөрөөс үзүүлэх дэмжлэг
39.1Ойн чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээнд төрөөс дараах дэмжлэг үзүүлж болно:
39.1.1ойжуулалт, мод үржүүлгийн автоматжуулалт, ой хамгаалал, ойн арчилгаа, цэвэрлэгээ, мод бэлтгэлд ашиглах байгаль орчинд ээлтэй машин механизм, тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд хуульд заасны дагуу татварын бодлогоор дэмжих;
39.1.2ойн баялгийг бэлтгэхээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх нэмэгдсэн өртгийн сүлжээ бүхий кластер, логистикийн төв, үлдэгдэл биомассын боловсруулах үйлдвэрлэл, агро-ойн аж ахуй байгуулахад дэд бүтэц, хөнгөлөлттэй зээл, татварын бодлогоор дэмжих;
39.1.3аймаг, нийслэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу мод тарьж ургуулсан иргэн, хуулийн этгээдэд мөнгөн урамшуулал олгох, техник, тоног төхөөрөмж, үр, суулгацаар дэмжих.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
40 дүгээр зүйлЗасгийн газрын бүрэн эрх
40.1Засгийн газар нь аймаг, нийслэлийн ойн асуудал хариуцсан нэгж буюу ойн асуудал хариуцсан албан тушаалтан, сум, сум дундын ойн ангийн бүтэц, байршлыг тогтоох болон хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
41 дүгээр зүйлБайгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
41.1Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ойн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
41.1.1ойн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;
41.1.2ойн модны нөөц, ойн дагалт баялгийг ашиглах, импортлох, экспортлох хэмжээг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;
41.1.3ойн экологи, эдийн засгийн үнэлгээг батлах;
41.1.4хуульд заасан бусад бүрэн эрх.
42 дугаар зүйлХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ойн талаарх бүрэн эрх
42.1Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ойн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
42.1.1ойн баялгийн нөөцийг иж бүрэн боловсруулах үйлдвэрлэлийг бодлого, зохицуулалтаар хангах;
42.1.2ойн баялгийн нөөц ашиглалтын нэмэгдсэн өртгийн сүлжээг хөгжүүлэх, зах зээлийн тэнцвэрт байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх;
42.1.3мод боловсруулах салбарын хүний нөөцийн урт хугацааны бодлогыг салбарын эрэлт, хэрэгцээнд үндэслэн боловсруулах, хэрэгжүүлэх;
42.1.4тариалангийн талбай, бэлчээр хамгаалах ойн зурвас байгуулах, агро-ойн аж ахуйг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
42.1.5мод боловсруулах, модон бүтээгдэхүүний түүхий эдийн гарцыг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах технологийн судалгаа хийх, технологи дамжуулалтад санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх.
43 дугаар зүйлОйн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын тогтолцоо
43.1Ойн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын тогтолцоо нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн ойн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан, сумын болон сум, сум дундын ойн ангиас бүрдэнэ.
43.2Ойн салбарын үйл ажиллагаа нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна.
43.3Сум, сум дундын ойн ангийн дарга, ажилтан нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч байна.
43.4Сум, сум дундын ойн ангийн даргыг харьяалах сумын Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө.
43.5Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
43.5.1ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах;
43.5.2ойн ашиглалт, нөхөн сэргээлт, ойн төлөв байдлыг сайжруулах, ойжуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих;
43.5.3ойн мэдээллийн цахим системийг хөтлөх, хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэх;
43.5.4сум, сум дундын ойн анги, улсын ойн үрийн нөөцийн сан, итгэмжлэгдсэн лабораторийг удирдлага, зохион байгуулалтаар хангах;
43.5.5ашиглалтын бүсийн ойд замын хайгуул хийж, зураг, төсөв боловсруулах, ойн төв зам барьж байгуулах ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулах;
43.5.6ойн экологи, эдийн засгийн үнэлгээ хийх аргачлалыг батлах;
43.5.7ойн үрийн нөөцийн сан бүрдүүлэх, модлог ургамлын амьд цуглуулгыг үржүүлэх, хамгаалах, хадгалах үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;
43.5.8түймрийн аюулын эрсдэл, хуурайшилтын зэрэглэлийг үндэслэн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт ойн аж ахуйн үйл ажиллагааг зогсоох, хязгаарлах тухай саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад тавьж, шийдвэрлүүлэх;
43.5.9ойн салбарт судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлж, судалгааны үр дүн, шинэ санаа, дэвшилтэт техник, технологийг боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
43.5.10хуульд заасан бусад бүрэн эрх.
43.6Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ холбогдох төрийн болон орон нутгийн байгууллага, мэргэжлийн холбоотой хамтран ажиллана.
44 дүгээр зүйлСум, сум дундын ойн ангийн чиг үүрэг
44.1Сум, сум дундын ойн анги нь ойн менежментийн төлөвлөгөөнд туссан ойн аж ахуйн арга хэмжээг өөрийн хариуцсан ойн санд зохион байгуулах, зохицуулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавина.
44.2Сум, сум дундын ойн анги дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
44.2.1Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа явуулах;
44.2.2сум, сум дундын ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах, ойн мэдээллийн цахим системд тайлагнах;
44.2.3гэрээний үндсэн дээр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр ойжуулалт, нөхөн сэргээлт, арчилгаа, цэвэрлэгээг хийлгэх, гүйцэтгэлийг хянах;
44.2.4бэлтгэх модны болон дагалт баялгийн нөөцийн хэмжээг тогтоосон хэмжээнд багтаан хуваарилах, хянах, тайлагнах;
44.2.5мод бэлтгэлийн талбайг тусгаарлах, тэмдэгжүүлэх, гүйцэтгэлийг хянах, талбайг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан тухай акт үйлдэх;
44.2.6энэ хуульд заасны дагуу гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгох;
44.2.7.агро-ойн аж ахуй эрхлэх болон мод, сөөг тариалах арга хэмжээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
44.2.8хуульд заасан бусад.
44.3Сум, сум дундын ойн анги нь ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд аймаг, нийслэлийн ойн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан, сумын Засаг даргатай хамтран ажиллана.
45 дугаар зүйлАймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
45.1Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
45.1.1ойн менежментийн төлөвлөгөөг аймаг, нийслэлийн хөгжлийн болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
45.1.2ой, хээрийн түймэр, байгалийн гамшгийн үед салбар дундын зохион байгуулалтыг хангах;
45.1.3ой, хээрийн түймрийг унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, шаардагдах зардлыг шийдвэрлэх, хохирол тооцох ажлын хэсэг томилж ажиллуулах, хохирлыг нэхэмжлэх;
45.1.4хуульд заасан бусад бүрэн эрх.
45.2Сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
45.2.1сумын ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг иргэн, нөхөрлөл, хуулийн этгээд, байгууллагын оролцоотойгоор зохион байгуулахад ойн ангид дэмжлэг үзүүлэх;
45.2.2ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах;
45.2.3хууль бус ашиглалт, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
45.2.4хуульд заасан бусад.
46 дугаар зүйлСалбар дундын уялдаа, хамтын ажиллагаа
46.1Ойн баялгийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах, хууль бус ашиглалттай тэмцэхэд төрийн болон орон нутгийн холбогдох байгууллага өөрийн чиг үүргийнхээ хүрээнд хамтран ажиллана.
46.2Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дараах асуудлаар холбогдох байгууллагатай хамтран ажиллана:
46.2.1ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, түймрийн үед шуурхай хариу арга хэмжээ авах асуудлаар онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай;
46.2.2ой, хээрийн түймрийн аюултай үед ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлэх, эргүүл, харуул ажиллуулах, бүх нийтийг татан оролцуулах талаар нутгийн захиргааны байгууллагатай;
46.2.3ойн сан бүхий газар, ойн баялгийн нөөцтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох асуудлаар цагдаагийн байгууллагатай.
46.3Төрийн болон орон нутгийн байгууллага нь ойн баялгийн нөөц, ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлттэй холбоотой мэдээллийг энэ хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцан солилцоно.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ОЙГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХЭД ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ОРОЛЦОО
47 дугаар зүйлИргэн, харьяалалгүй хүний эрх, үүрэг
47.1Монгол Улсын болон гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн түр хугацаагаар ойд чөлөөтэй нэвтрэх, зорчих, амрах эрхтэй.
47.2Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн ойг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:
47.2.1ойн тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх;
47.2.2ойн баялгийг хууль бусаар ашигласан, гэмтээсэн, устгаж сүйтгэсэн зөрчлийн талаар тухайн шатны Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх;
47.2.3ойг хамгаалах үндэсний уламжлал, ёс заншлыг сахиж, хүүхдэдээ экологийн хүмүүжил олгох;
47.2.4гэр, байшин, хураасан өвс, хашаа, саравчны эргэн тойронд хамгаалалтын зурвас татах болон түймэр унтраах байнгын багаж хэрэгсэлтэй байх;
47.2.5өрх бүр үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж, түймэр гарах, түүнийг алдахгүй байх нөхцөлийг хангах;
47.2.6ой, хээрийн түймрээс амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, түймэр унтраах анхан шатны арга ажиллагааг эзэмшсэн байх, хүүхдээ түймрээс сэрэмжлүүлж сургах;
47.2.7тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглох, галын аюултай бодис, шатах, тослох материалыг хадгалах горимыг чанд мөрдөх;
47.2.8хуурай өвс, ургамлын хучаас, тариалангийн талбайн сүрэл, хог ургамал, өтөг бууцыг шатаахгүй байх.
48 дугаар зүйлОй бүхий нутгийн иргэний эрх
48.1Ой бүхий нутагт байнга оршин суугч иргэн дараах эрхийг эдэлж болно:
48.1.1ахуйн зориулалтаар хуульд заасан нөхцөл, тоо хэмжээнд мод бэлтгэх;
48.1.2ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэлэлцэх, санал өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;
48.1.3гэрээ, зөвшөөрөл, нөхөн сэргээлт, самрын менежмент, нүүрстөрөгчийн төсөлтэй холбоотой мэдээлэл авах;
48.1.4ойн сангийн доройтол, хууль бус ашиглалт, ой, хээрийн түймэр, хөнөөлт организмын гаралт, тархалт, зөрчлийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлэх;
48.1.5нөхөрлөл, хуулийн этгээд байгуулж ойн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох;
48.1.6ойн дагалт баялгийг хуульд заасан нөхцөл, хэмжээнд ашиглах, түүнээс үүсэх эдийн засгийн үр өгөөжийг хүртэх.
48.2Энэ хуулийн 48.1-д заасан эрхийг хэрэгжүүлэхдээ тухайн ойн бүсийн ангилал, менежментийн төлөвлөгөө, тоо хэмжээ, хуваарийг мөрдөнө.
48.3Иргэн нь хууль ёсны оролцоо, мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гомдол гаргах эрхтэй.
48.4Ой бүхий нутгийн нөхөрлөл, хот айл, малчин өрхийн анхдагч холбоо дараах үйл ажиллагаанд давуу эрх эдэлж болно:
48.4.1ойн дагалт баялгийг ахуйн зориулалтаар түүж, бэлтгэх;
48.4.2байгалийн аялал жуулчлал, экологийн боловсролын үйлчилгээ эрхлэх;
48.4.3анхан шатны болон нэмэгдсэн өртөг шингээсэн боловсруулах үйлдвэрлэл эрхлэх;
48.4.4агро-ойн аж ахуй, био-эдийн засгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх.
48.5Энэ хуулийн 48.4-т заасан давуу эрхийг эдлэхэд дараах шаардлага тавина:
48.5.1тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх;
48.5.2хууль ёсны бүртгэлтэй байх;
48.5.3сумын ойн менежментийн төлөвлөгөөнд туссан ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх чадавхтай байх;
48.5.4байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй байх, эсхүл ял, шийтгэлгүйд тооцогдсон байх.
48.6Орон нутгийн давуу эрх нь зөвхөн ашиглалт, оролцоо, эдийн засгийн боломжид давуу байдал олгоно.
48.7Ойн баялгийн нөөц ашигласны төлбөр, дагалт баялгийн ашиглалтын төлбөр, ойн нүүрстөрөгчийн кредитийн орлого болон хуульд заасан бусад орлогын тодорхой хэсгийг ой хамгаалалт, нөхөн сэргээлт, нөхөрлөлийн үйл ажиллагаанд зарцуулна.
48.8Орон нутгийн давуу эрх олгох шалгуур, журам, хуваарилалтын мэдээллийг ойн мэдээллийн цахим системд бүртгэж, олон нийтэд ил тод мэдээлнэ.
49 дугаар зүйлОйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх
49.1Хуулийн этгээд ойн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх бол Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл авна.
49.2Ойн мэргэжлийн үйл ажиллагаа нь дараах төрөлтэй байна:
49.2.1ой зохион байгуулалт, ойн тооллого хийх;
49.2.2ойжуулах, ойг нөхөн сэргээх;
49.2.3ойн хөнөөлт организмын судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх;
49.2.4ойн төлөв байдлыг сайжруулах.
49.3Ойн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд дараах нийтлэг шаардлага тавина:
49.3.1мэргэжлийн хүний нөөцтэй байх;
49.3.2зориулалтын программ хангамж, техник, машин механизм, тоног төхөөрөмж, багаж, хэмжих хэрэгсэлтэй байх;
49.3.3стандарт шаардлагад нийцсэн агуулахтай байх, эсхүл агуулах түрээслэх гэрээтэй байх.
49.4Мэргэжлийн үйл ажиллагаа тус бүрд тавих тусгай шаардлагыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
49.5Тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь Зөвшөөрлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлд зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:
49.5.1үйл ажиллагааныхаа сөрөг нөлөөллийг бууруулах болон ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээний зардлыг жил бүр төсөвтөө тусган хэрэгжүүлэх;
49.5.2ойн хөнөөлт организмын судалгаа хийх, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг стандартын дагуу хэрэгжүүлэх;
49.5.3сум, сум дундын ойн ангид мэргэжлийн үйл ажиллагааны талаарх мэдээ, тайлан хүргүүлэх;
49.5.4ой, хээрийн түймэр унтраахад хүн хүч, тээврийн болон бусад хэрэгслийг гаргаж өгөх;
49.5.5ажил гүйцэтгэхдээ хууль тогтоомжид заасны дагуу сум, сум дундын ойн анги, байгаль хамгаалагчид мэдэгдэх;
49.5.6галын аюултай бодис, шатах, тослох материалыг хэрэглэх, тээвэрлэх, хадгалах журам, горимыг чанд мөрдөж ажиллах;
49.5.7бүх төрлийн тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглох, ажилд гаргахдаа шалгаж байх;
49.5.8ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулах, нөхөн сэргээх, ойжуулах, зохистой ашиглах талаар сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ОЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ СИСТЕМ, ХЯНАЛТ
50 дугаар зүйлОйн мэдээллийн цахим систем
50.1Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь улсын хэмжээний ойн мэдээллийн цахим системийг ажиллуулна.
50.2Ойн мэдээллийн цахим системийн хуулиар нууцад хамааруулснаас бусад мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байна.
50.3Ойн мэдээллийн цахим систем дараах мэдээллээс бүрдэнэ:
50.3.1ойн бүсийн ангилал, хилийн зааг, байршил, талбай;
50.3.2ой зохион байгуулалт, ойн тооллогын тайлан, мэдээ;
50.3.3улс, аймаг, нийслэл, сумын ойн менежментийн төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тайлан, мэдээ;
50.3.4зөвшөөрөл болон гэрээний талаарх мэдээлэл;
50.3.5ойн баялгийн нөөц, биологийн ургац, ашиглах хэмжээ, тэдгээртэй холбогдох тайлан;
50.3.6ойн нүүрстөрөгчийн шингээлт, ялгаралтын бүртгэл, зах зээл болон төслийн хэрэгжилтийн тайлан мэдээ;
50.3.7ой хээрийн түймэр, хөнөөлт организм, байгалийн аюулт үзэгдлийн мэдээлэл, учирсан хохирол, нөхөн төлбөр;
50.3.8хяналт шалгалт, зөрчил, авсан арга хэмжээний мэдээлэл;
50.3.9ойн туршилт судалгааны байнгын болон түр талбайн байршил;
50.3.10хөрөнгө оруулалтын болон техникийн туслалцааны төсөл, санхүүжилтийн мэдээлэл;
50.3.11ойн мониторингийн үндэсний тайлан;
50.3.12хуульд заасан бусад мэдээлэл.
50.4Төрийн байгууллага, сум, сум дундын ойн анги, ойн баялгийн нөөцийг ашиглагч, төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэт, хугацаанд нь ойн мэдээллийн цахим системд оруулах үүрэг хүлээнэ.
50.5Ойн мэдээллийн цахим систем нь газар, байгаль орчин, кадастр, уур амьсгал, статистикийн мэдээллийн системтэй харилцан уялдаатай байна.
50.6Ойн мэдээллийн цахим системд мэдээ, мэдээлэл, тайлан оруулах аргачлалыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална
51 дүгээр зүйлОйн салбарын хяналт, ил тод байдал
51.1Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч энэ хууль, холбогдох хууль тогтоомж, стандарт, техникийн зохицуулалт, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хяналт, шалгалт хийнэ.
51.2.Байгаль хамгаалагч нь хуульд заасан үндэслэлээр тээврийн хэрэгслийг зогсоох, шалгах, хууль бусаар хэрэглэж байгаа багаж, хэрэгслийг түр хураан авах эрхтэй.
51.3Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, ойн нөөцийн өөрчлөлт, доройтол, нөхөн сэргээлтийг тасралтгүй хянах, ил тод байдлыг хангах зорилгоор мониторинг хийнэ.
51.4Сум, сум дундын ойн анги нь ойн менежментийн төлөвлөгөөнд тусгасан ойн аж ахуйн арга хэмжээ, түүний хэрэгжилттэй холбоотой мэдээллийг бүрдүүлж, ойн мэдээллийн цахим системд оруулна.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ САНХҮҮЖИЛТ, САН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
52 дугаар зүйлСанхүүжилт
52.1Улсын төсвөөс ойн аж ахуйн арга хэмжээний дараах зардлыг санхүүжүүлнэ:
52.1.1ой зохион байгуулалт, ойн тооллого хийх зардал;
52.1.2ой, хээрийн түймрийн тархалтын голомт хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан тохиолдолд түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгахтай холбогдсон зардал;
52.1.3ойн хөнөөлт организмын судалгаа хийх зардал;
52.1.4хөнөөлт организмын тархалтын голомт хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан тохиолдолд түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгахтай холбогдсон зардал;
52.1.5улсын ойн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан нөхөн сэргээлт, ойжуулалт, ой хамгааллын зардал;
52.1.6ойн мэдээллийн цахим систем хөгжүүлэх, бүрдүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах зардал;
52.1.7Засгийн газраас санхүүжүүлэх шаардлагатай гэж үзсэн ойн аж ахуйн арга хэмжээний бусад зардал.
52.2Аймаг, нийслэл, сумын төсвөөс ойн аж ахуйн арга хэмжээний дараах зардлыг санхүүжүүлнэ:
52.2.1ойн хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал;
52.2.2хөнөөлт организмын, эсхүл ой, хээрийн түймрийн тархалтын голомт тухайн аймгийн хэд хэдэн сумын нутаг дэвсгэрийг хамарсан тохиолдолд түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгахтай холбогдсон зардал;
52.2.3аймаг, нийслэл, сумын ойн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ойн нөхөн сэргээлт, ойжуулалт, ой хамгааллын зардал;
52.2.4ойн зам гаргах, түүний зураг төсөв боловсруулах зардал;
52.2.5сум, сум дундын ойн ангийн албан хаагчдын цалин, үйл ажиллагааны урсгал зардал;
52.2.6аймаг, нийслэл, сумын Засаг даргаас санхүүжүүлэх шаардлагатай гэж үзсэн ойн аж ахуйн арга хэмжээний бусад зардал.
52.3Ойн аж ахуйн арга хэмжээний дараах зардлыг аймаг, нийслэл, сумын төсвөөс Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 21.1.4-т заасан ойн баялгийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос санхүүжүүлнэ:
52.3.1аймаг, нийслэл, сумын ойн менежментийн төлөвлөгөөнд туссан тухайн жилийн ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал;
52.3.2ойн модны нөөцийг ашиглах талбайн зураглал гаргах, ашиглалтад хяналт тавих арга хэмжээг хэрэгжүүлэх зардал;
52.3.3ойн дагалт баялгийн нөөц, төлөв байдлын жил бүрийн судалгаа хийлгэх зардал;
52.3.4тухайн сумын нутаг дэвсгэрт гарсан хөнөөлт организмын тархалтын голомттой тэмцэх, хор уршгийг арилгахтай холбогдсон зардал;
52.3.5тухайн сумын нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийг унтраах, хор уршгийг арилгахтай холбогдсон зардал
52.3.6аймаг, нийслэл, сумын Засаг даргаас санхүүжүүлэх шаардлагатай гэж үзсэн ойн аж ахуйн арга хэмжээний бусад зардал.
52.4Ойн аж ахуйн арга хэмжээг бусад эх үүсвэрийн хөрөнгөөр санхүүжүүлж болно.
53 дугаар зүйлОйжуулалтын сан
53.1Ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх, мониторинг хийх, ойн мэдээллийн цахим системийн хэвийн үйл ажиллагааг хангах, салбарын тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор ойжуулалтын сантай байж болно.
53.2Ойжуулалтын сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
55.1.1ойн баялгийн нөөц ашигласны төлбөр;
55.1.2олон улсын хөтөлбөр, төсөл, буцалтгүй тусламж, хандив;
55.1.3экосистемийн үйлчилгээний орлого;
55.1.4ойн баялагт учирсан хохирлын нөхөн төлбөр;
55.1.5хуульд нийцсэн бусад эх үүсвэр.
53.6Ойжуулалтын сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:
53.6.1ой хамгаалалт, ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах;
53.6.2нөхөн сэргээлт, ойжуулалт, арчилгаа, цэвэрлэгээ хийх;
53.6.3ой зохион байгуулалт, ойн тооллого;
53.6.4нөхөрлөл, орон нутгийн иргэдийн чадавхыг бэхжүүлэх;
53.6.5хамгаалалтын бүсийн ой, тусгай зориулалтын ой, хушин ойд хэрэгжүүлэх тусгай арга хэмжээ;
53.6.6ойн санд хяналт, шалгалт хийх;
53.6.7байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг ойн санд хяналт, шалгалт хэрэгжүүлэхэд шаардлагатай холбоо, техник хэрэгсэл, уналгаар хангах;
53.6.8хуульд заасан бусад.
53.7Ойжуулалтын сангийн хөрөнгийг энэ хуулийн 53.6-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
53.3Ойжуулалтын сангийн зохион байгуулалт, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.
54 дүгээр зүйлНүүрстөрөгчийн сан
54.1Ойн нүүрстөрөгчийн шингээлт, ялгаралтай холбоотой төсөл, бүртгэл, баталгаажуулалт, зах зээлийн оролцоог дэмжих зорилгоор ойн нүүрстөрөгчийн худалдааны орлогоос бүрдсэн ойн нүүрстөрөгчийн сантай байж болно.
54.4Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нүүрстөрөгчийн сангийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
54.4.1нүүрстөрөгчийн төсөл, бүртгэл, баталгаажуулалтын техникийн санал боловсруулах;
54.4.2төсөл, арга хэмжээний хэрэгжилт, мониторинг, мэдээллийг нэгтгэх;
54.4.3орлогын хуваарилалтын шалгуур, тооцоог боловсруулах.
54.5Нүүрстөрөгчийн сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:
54.5.1нүүрстөрөгчийн хэмжилт, бүртгэл, тайлагнал, баталгаажуулалт;
54.5.2нүүрстөрөгчийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх;
54.5.3орон нутгийн оролцогчдын чадавхыг бэхжүүлэх;
54.5.4орлогын хуваарилалт;
54.5.5эрсдэлийн нөөц, хамгаалалтын тогтолцоо;
54.5.6хуульд заасан бусад.
55 дугаар зүйлОйн хөрөнгө оруулалт
55.1Ойн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн татна.
55.2Дараах чиглэлд тэргүүн ээлжид хөрөнгө оруулалтыг дэмжинэ:
55.2.1ойжуулалт, нөхөн сэргээлт, үржүүлэг;
55.2.2нүүрстөрөгчийн төсөл, экосистемийн үйлчилгээ;
55.2.3био-эдийн засаг, инновац;
55.2.4нэмэгдсэн өртөг шингээсэн мод боловсруулах үйлдвэрлэл;
55.2.5байгалийн аялал жуулчлал;
55.2.6дагалт баялгийн боловсруулалт, логистик, маркетинг;
55.2.7мэдээллийн систем, мониторинг, мэргэжлийн үйлчилгээ.
55.3Хувийн хэвшил, нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоо, мэргэжлийн холбоо, судалгааны байгууллага нь түншлэлийн хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж, хамтарсан төсөл хэрэгжүүлж болно.
АРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД
56 дугаар зүйлБаталгаажуулалт
56.1Ойн менежментийн төлөвлөгөөнд тусгасан мод бэлтгэл, боловсруулах үйлдвэрлэлийн үйл явц нь Монгол Улсын, эсхүл олон улсын ойн тогтвортой менежментийн стандартыг хангаж байгааг нотлох үйл явцыг ойн тогтвортой менежментийн баталгаажуулалт гэнэ.
56.2Монгол Улсын ойн тогтвортой менежментийн үндэсний стандартыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага боловсруулж, стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар батлуулна.
56.3Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хоёр болон олон талт олон улсын гэрээнд ойн тогтвортой менежментийн баталгаажуулалтын дүнг харилцан хүлээн зөвшөөрөх заалтыг тусгах асуудлыг хариуцна.
56.4Ойн тогтвортой менежментийн баталгаажуулалтыг мод бэлтгэл, боловсруулах үйлдвэрлэл эрхэлж байгаа хуулийн этгээд хийлгэж болно.
56.5Ойн тогтвортой менежментийн баталгаажуулалтыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу итгэмжлэгдсэн, эсхүл бүртгүүлсэн баталгаажуулалтын байгууллага /цаашид "баталгаажуулалтын байгууллага" гэх/ гүйцэтгэнэ.
56.6Ойн мэдээллийн цахим системд бүртгэлгүй баталгаажуулалтын байгууллага ойн тогтвортой менежментийн баталгаажуулалт хийхийг хориглоно.
56.7Ойн тогтвортой менежментийн баталгаажуулалт хийлгэх хүсэлтэй хуулийн этгээд ойн мэдээллийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх хүсэлт илгээж, хэрэглэгчээр бүртгүүлнэ.
56.8Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас шаардлага хангасан хуулийн этгээдийг хэрэглэгчээр бүртгэж, мэдээллийн санд хандах эрх олгоно.
56.9Хуулийн этгээд нь ойн мэдээллийн цахим системд бүртгэлтэй баталгаажуулалтын байгууллагаас сонгож, өөрийн үйл ажиллагааг баталгаажуулах хүсэлт, холбогдох бусад мэдээллийг илгээнэ.
56.10Хүсэлт хүлээн авсан баталгаажуулалтын байгууллага баталгаажуулалтыг хийж, цахим гэрчлэх тэмдэг олгоно.
56.11Ойн тогтвортой менежментийн баталгаажуулалтын гэрчилгээ, гэрчлэх тэмдэг /лого/-ний загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
56.12Баталгаажуулалтын байгууллага нь баталгаажуулалт хийлгэсэн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага тооцох, баталгаажуулалтыг хүчингүй болгох арга хэмжээ авна.
57 дугаар зүйлОйд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх
57.1Хүн, хуулийн этгээд, нөхөрлөл дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө:
57.1.1хориглосон үйл ажиллагаа явуулсан;
57.1.2хууль бусаар мод бэлтгэсэн;
57.1.3зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн;
57.1.4ойн санд хортой нөлөөлөл үзүүлсэн;
57.1.5үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, ашигт малтмал олборлох зэрэг үйл ажиллагаа явуулахдаа ойг устгасан;
57.1.6хууль бус бусад үйл ажиллагаа явуулсан.
57.2Энэ хуулийн 57.1-д заасан хохирол болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулж, холбогдох хуулийн дагуу гүйцэтгүүлнэ.
57.3Ойд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 47.4.1-т заасны дагуу тухайн ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно.
57.4Ойн санд учирсан хохирлын талаарх мэдээ, тайланг ойн мэдээллийн цахим системд тухай бүр оруулна.
57.5Ойд учруулсан хохирлын нөхөн төлөлтийн байдалд ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хагас, бүтэн жил тутам хяналт тавьж, хэрэгжилтийг хангах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
57.6Сум, сум дундын ойн анги ойд учирсан хохирлын ойн экологи, эдийн засгийн үнэлгээг баталсан аргачлалын дагуу тогтооно.
57.7Ойн тухай хууль тогтоомжийн зөрчлийн талаар зөрчлийг илрүүлсэн, мэдээлэл өгсөн, илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн этгээдэд урамшуулал олгох асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 53.6-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
58 дугаар зүйлХууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага
58.1Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
58.2Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
59 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
59.1Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.6 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.3.6 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.5.2 дахь заалт, 17 дугаар зүйлийн 17.3.6 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.2.2 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалт, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулыг үзэл баримтлал
(1.ОЙ үзэл баримтлал 02.06.2026.docx)