Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Энхбатын БОЛОРМАА
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 1-Р САРЫН 23 ӨДӨР
УЛААНБААТАР

САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санхүүгийн хэрэглэгчид хүргэхэд тавигдах нийтлэг шаардлагыг тогтоох, түүнтэй холбоотой гомдол, маргааныг хянан шийдвэрлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрхийг хамгаалах замаар санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд оршино.
2 дугаар зүйлСанхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж
2.1Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хуулиар санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаар сонирхож байгаа, эсхүл авсан санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1"санхүүгийн хэрэглэгч" гэж санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаар сонирхож байгаа, эсхүл авсан этгээдийг;
4.1.2"санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч" гэж зохицуулагч байгууллагаас хуульд заасны дагуу олгосон зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийг;
4.1.3"санхүүгийн үйлчилгээ" гэж санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс санхүүгийн хэрэглэгчид санал болгож, нийлүүлж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг;
4.1.4“санхүүгийн боловсрол” гэж санхүүгийн хэрэглэгч өөрийн хэрэгцээ, шаардлагад тохирсон санхүүгийн үйлчилгээг сонгох, санхүүгийн нөөцийг зохистой удирдах мэдлэг, чадварыг;
4.1.5“санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаа” гэж олон нийтэд санхүүгийн боловсрол олгох, дээшлүүлэх цогц арга хэмжээг;
4.1.6"хариуцлагатай санхүүгийн үйлчилгээ" гэж санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг;
4.1.7“санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналт шалгалт” гэж Зохицуулагч байгууллагаас өөрийн хянан зохицуулах чиг үүргийн хүрээнд энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хийх хяналт шалгалтын бие даасан цогц арга хэмжээг;
4.1.8"зохицуулагч байгууллага" гэж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороог;
4.1.9”санхүүгийн үйлчилгээний бодит өртөг” гэж санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс санал болгож байгаа тухайн санхүүгийн үйлчилгээний нийт зардлыг багтаасан санхүүгийн хэрэглэгчээс гарах дүнг;
4.1.10“зээлийн бодит өртөг” гэж зарласан хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардлыг багтаасан дүнг жилийн 365 хоногоор тооцсон хувиар илэрхийлсэн үзүүлэлтийг.
5 дугаар зүйлСанхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаандаа баримтлах зарчим
5.1Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
5.1.1ил тод байх;
5.1.2санхүүгийн хэрэглэгчид чөлөөт сонголт хийх боломжийг олгох;
5.1.3гомдлыг шуурхай шийдвэрлэх тогтолцоотой байх;
5.1.4хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй байх;
5.1.5мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах;
5.1.6санхүүгийн үйлчилгээ нь санхүүгийн хэрэглэгчийн ашиг сонирхолд нийцсэн, хүртээмжтэй байх;
5.1.7олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
6 дугаар зүйлСанхүүгийн хэрэглэгчийн эрх
6.1Санхүүгийн хэрэглэгч нь бусад хууль тогтоомжид зааснаас гадна дараах эрхтэй:
6.1.1санхүүгийн үйлчилгээг өөрийн санхүүгийн боломж, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн чөлөөтэй сонгох;
6.1.2санхүүгийн үйлчилгээний үнэ, нөхцөл, эрсдэлийн талаар ойлгомжтой, харьцуулж болохуйц мэдээллийг үнэ төлбөргүйгээр авах;
6.1.3талуудын хооронд үүсэж болох маргааныг шийдвэрлэх хувилбарын тухай саналаа гэрээнд тусгахыг шаардах;
6.1.4хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч, хуульд заасан маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хандан гомдол, маргаанаа шийдвэрлүүлэх;
6.1.5зээлийн төлбөрийг зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө нэмэлт торгууль, нэмэлт хураамж, шимтгэл, төлбөргүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн төлөх;
6.1.6санхүүгийн үйлчилгээ авснаас хойш ажлын 3 хоногийн дотор торгууль, хураамж, шимтгэл, төлбөргүйгээр буцаах, гэрээг цуцлах.
7 дугаар зүйлСанхүүгийн хэрэглэгчийн үүрэг
7.1Санхүүгийн хэрэглэгч нь бусад хууль тогтоомжид зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:
7.1.1санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс санхүүгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан хуульд заасны дагуу шаардсан мэдээллийг үнэн зөвөөр мэдээлэх;
7.1.2энэ хуулийн 7.1.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт орсон нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулсан гэрээнд үр дагавар үүсгэхээр бол тухайн мэдээллийг тухай бүр шинэчлэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид гаргаж өгөх;
7.1.3хуульд заасан маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад гомдол гаргасан өдрөөс эхлэн маргаан шийдвэрлэх хүртэлх хугацаанд санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс хохирол барагдуулахыг шаардахгүй байх.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ҮҮРЭГ БА ХОРИГЛОХ ЗҮЙЛ
8 дугаар зүйлСанхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг
8.1Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь бусад хууль тогтоомжид зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:
8.1.1санхүүгийн хэрэглэгчийн санхүүгийн чадамж, хэрэгцээнд үндэслэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх;
8.1.2гэрээнд өөрчлөлт оруулах санал гаргах, татгалзах эрхтэй болохыг гэрээ байгуулахаас өмнө санхүүгийн хэрэглэгчид мэдэгдэх;
8.1.3санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг санхүүгийн хэрэглэгчид мэдэгдэх;
8.1.4санхүүгийн хэрэглэгчтэй гэрээ байгуулахдаа тухайн гэрээний агуулга, нөхцөл, хүү, хураамж, шимтгэл, нэмэлт төлбөр, тэдгээрийг тооцсон аргачлалыг танилцуулж, тайлбарлах;
8.1.5санхүүгийн хэрэглэгчтэй харилцах, гомдлыг хянан шийдвэрлэх дотоод журам, бүтэцтэй байх;
8.1.6санхүүгийн хэрэглэгчийн гомдлыг энэ хуульд заасан хугацаанд үнэ төлбөргүйгээр шийдвэрлэж, шийдвэрийн талаар санхүүгийн хэрэглэгчид бичгээр эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх;
8.1.7санхүүгийн хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн тухай нэгдсэн тайлан, мэдээг тогтоосон хугацаанд зохицуулагч байгууллагад хүргүүлж, өөрийн цахим хуудсанд байршуулах;
8.1.8санхүүгийн хэрэглэгчид хохирол учруулсан нь маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллагаас тогтоогдсон тохиолдолд хохирлыг барагдуулах;
8.1.9санхүүгийн хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, нууцлал, аюулгүй байдлыг хуульд заасны дагуу хангах;
8.1.10зохицуулагч байгууллагаас шаардсан баримт бичиг, мэдээллийг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж, хүргүүлэх;
8.1.11санхүүгийн хэрэглэгчид санхүүгийн үйлчилгээ, зээлийн бодит өртгийг танилцуулах;
8.1.12санхүүгийн үйлчилгээний гэрээтэй уншиж танилцах нөхцөл, боломжоор санхүүгийн хэрэглэгчийг хангах;
8.1.13эрх бүхий албан тушаалтан, ажилтныг энэ хуулийн 23.1-т заасан хөтөлбөрийн дагуу сургалтад хамруулах;
8.1.14энэ хуулийн 6.1.6-д заасан нөхцөл бий болоход санхүүгийн хэрэглэгчийн авсан санхүүгийн үйлчилгээтэй холбогдуулан санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид төлсөн аливаа хураамж, шимтгэл, төлбөрийг буцаан олгох;
8.1.15санхүүгийн хэрэглэгч санхүүгийн үйлчилгээтэй холбогдуулах санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргасан бол санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч өөрийн буруугүй болохыг нотлох үүрэгтэй.
9 дүгээр зүйлСанхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид хориглох зүйл
9.1Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид бусад хууль тогтоомжид зааснаас гадна дараах зүйлийг хориглоно:
9.1.1санхүүгийн хэрэглэгчид төөрөгдүүлэхүйц, бодит бус мэдээлэл өгөх, түгээх;
9.1.2санхүүгийн хэрэглэгчид санхүүгийн үйлчилгээ авах, бусад санхүүгийн үйлчилгээг давхар авах, гэрээ байгуулахыг тулган шаардах;
9.1.3санхүүгийн хэрэглэгчийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийг чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлах;
9.1.4хууль тогтоомжоор тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд энэ хууль болон бусад хуулиар тогтоосон хариуцлагаас өөрийгөө чөлөөлөх, эсхүл хариуцлагыг хязгаарласан нөхцөлтэй гэрээг санхүүгийн хэрэглэгчтэй байгуулах;
9.1.5гэрээнд зааснаас бусад аливаа хүү, анз, хураамж, шимтгэл, нэмэлт төлбөр шаардах;
9.1.6энэ хуулийн 6.1.6-д заасан нөхцөл бий болоход санхүүгийн хэрэглэгчээс торгууль, хураамж, шимтгэл, тэдгээртэй адилтган тооцох аливаа төлбөр авахыг хориглоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА БА МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
10 дугаар зүйлСанхүүгийн үйлчилгээнд тавигдах шаардлага
10.1Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь санхүүгийн үйлчилгээг сурталчлах, санхүүгийн хэрэглэгчийн оновчтой шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор санхүүгийн үйлчилгээний танилцуулгыг олон нийтэд мэдээлнэ.
10.2Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь санхүүгийн үйлчилгээний нөхцөл, бодит өртөг, түүний задаргаа, төлбөрийн хуваарь, онцлог, эрсдэл болон үр дагаврын талаарх бүрэн гүйцэд, үнэн зөв, ойлгомжтой, харьцуулж болохуйц мэдээллээр санхүүгийн хэрэглэгчийг хангана.
10.3Санхүүгийн үйлчилгээний танилцуулгад энэ хуулийн 10.2-т заасан мэдээллээс гадна санхүүгийн хэрэглэгчийн гомдол барагдуулах журам, бүтцийн талаарх мэдээллийг тусгана.
10.4Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч санхүүгийн хэрэглэгчтэй гэрээ байгулахдаа энэ хуулийн 10.2-т заасан мэдээллээр хангаснаа нотолж, хяналтын хуудсаар баталгаажуулна.
10.5Санхүүгийн үйлчилгээний танилцуулгад орсон өөрчлөлтийг тухай бүр олон нийтэд мэдээлнэ.
10.6Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 10.5-д заасан өөрчлөлт нь санхүүгийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөлийг өөрчлөхөөр бол санхүүгийн хэрэглэгч уг нөхцөлийг бичгээр зөвшөөрсөн тохиолдолд хүчин төгөлдөр болно.
10.7Санхүүгийн үйлчилгээний танилцуулгад тавигдах нийтлэг шаардлага, агуулгыг Зохицуулагч байгууллага тогтооно.
11 дүгээр зүйлМэдээллийн ил тод байдал
11.1Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь хуульд заасан болон Зохицуулагч байгууллагаас тогтоосон бусад мэдээллийг нийтлэх, өөрийн цахим хуудсанд байршуулах зэргээр олон нийтэд нээлттэй байлгана.
11.2Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэдээллийн илт тод байдлын журмыг Зохицуулагч байгууллага батална.
ТАВДУГААР БҮЛЭГ
ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
12 дугаар зүйлСанхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид гомдол гаргах
12.1Санхүүгийн хэрэглэгч санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль болон гэрээгээр олгогдсон өөрийн эрх зөрчигдсөн гэж үзвэл санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид гомдол гаргана.
12.2Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч энэ хуулийн 8.1.5-д заасан журмыг үйлчилгээний нэгж болон өөрийн цахим хуудсанд байршуулна.
12.3Энэ хуулийн 8.1.5-д заасан журамд санхүүгийн хэрэглэгчийн гомдлыг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа, түүний дараалал, гомдлыг шийдвэрлэсэн хариуг хүргэх арга, хэлбэрийг тодорхой тусгана.
12.4Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч гомдлыг амаар, утсаар, бичгээр, цахим шуудан болон цахим хуудас зэргээр үнэ төлбөргүй хүлээн авна.
12.5Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч санхүүгийн хэрэглэгчийн гомдлыг хүлээн авснаас хойш шууд шийдвэрлэх боломжтой бол ажлын гурав хүртэл өдөр, бусад гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.
12.6Гомдол шийдвэрлэсэн шийдвэрийг санхүүгийн хэрэглэгч эс зөвшөөрсөн, эсхүл энэ хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй талаар санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч санхүүгийн хэрэглэгчид мэдэгдэнэ.
12.7Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллагатай харилцах эрх бүхий ажилтанг томилж ажиллуулна.
12.8Санхүүгийн хэрэглэгч нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, эсхүл энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасан хугацаанд гомдлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол шийдвэрлэх хугацаа дууссанаас хойш зургаан сарын дотор Санхүүгийн маргаан шийдвэрлэх гомдол гаргаж болно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ БАЙГУУЛЛАГА
13 дугаар зүйлСанхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллагын эрх зүйн байдал
13.1Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч болон санхүүгийн хэрэглэгчийн хооронд гарсан санхүүгийн үйлчилгээнд холбогдох маргааныг үнэ төлбөргүйгээр түргэн шуурхай, хараат бусаар шийдвэрлэх чиг үүргийг бие даасан, мэргэшсэн Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллага хэрэгжүүлнэ.
13.2Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллага нь төрөөс үүсгэн байгуулсан, ашгийн төлөө бус хуулийн этгээд байна.
13.3Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллага нь Удирдах зөвлөл, маргааныг хянан шийдвэрлэх омбудсман (цаашид “омбудсман” гэх) болон ажлын албанаас бүрдэнэ.
13.4Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллага албан татвар, хураамж шимтгэлээс чөлөөлөгдөнө.
14 дүгээр зүйлСанхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллагын санхүүжилт
14.1Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллагын эхлэллийн санхүүжилтийг Монголбанкнаас бүрдүүлнэ.
14.2Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллагын санхүүжилт нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч бүх салбарын оролцогчдын жилийн хураамж, үйлчилгээний шимтгэл, бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
14.3Жилийн хураамж, үйлчилгээний шимтгэлийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн актив хөрөнгө, шийдвэрлэсэн маргааны тоонд үндэслэн санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллагын Удирдах зөвлөл тогтооно.
14.4Удирдах зөвлөлийн дарга, гишүүний цалин хөлсний хэмжээг Улсын Их Хурал тогтооно.
14.5Шаардлагатай тохиолдолд Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Монголбанк болон улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.
15 дугаар зүйлУдирдах зөвлөл
15.1Удирдах зөвлөл нь долоон гишүүнтэй байх бөгөөд Улсын Их Хурлаас томилж, чөлөөлнө.
15.2Удирдах зөвлөлийн дарга нь орон тооны, бусад гишүүд (цаашид хамтад нь “гишүүн” гэх) орон тооны бус байна.
15.3Гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд нэг удаа улируулан томилж болно.
15.4Гишүүний бүрэн эрх Улсын Их Хурлаас томилсноор эхэлж, дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно.
15.5Удирдах зөвлөлийн дарга нь Улсын Их Хурлын Даргын нэр дэвшүүлсэн орон тооны гишүүн байна.
15.6Гишүүн нь банк, санхүү, эдийн засаг, хууль зүйн чиглэлээр мэргэшсэн, эдгээр салбарын хяналт зохицуулалт, ажлын дадлага туршлагатай, ёс зүйн хувьд төлөвшсөн, дараах шаардлагыг хангасан иргэн байна:
15.6.1Монгол Улсын 30 нас хүрсэн иргэн, ял шийтгэлгүй;
15.6.2банк, санхүү, эдийн засаг, хууль зүйн мэргэжлээр магистрын болон түүнээс дээш зэрэг, цолтой.
15.6.3Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, төрийн улс төрийн бусад албан тушаалтан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, төрийн захиргааны албан тушаалтан бус байх;
15.6.4сүүлийн таван жилийн хугацаанд санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байгаагүй байх.
15.7Гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хамтран батална.
15.8Гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 60-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
15.9Энэ хуулийн 15.7-т заасан шаардлагыг хангасан иргэн сонгон шалгаруулалтыг нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор нэр дэвших тухай хүсэлтээ Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ.
15.10Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо нь ажлын хэсэг байгуулж, 60 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулна. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэдээс сул орон тоо гарсан гишүүний тоогоор нэр дэвшүүлж, Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна.
15.11Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж, гишүүнээр томилох саналаа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, томилох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
15.12Гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол 14 хоногийн дотор энэ хуульд заасан журмын дагуу дахин сонгон шалгаруулалт зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан иргэдээс дарааллын зарчмаар өөр иргэний нэрийг дэвшүүлнэ.
15.13Гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол тухайн иргэнийг дахин нэр дэвшүүлэхгүй.
15.14Гишүүнийг томилохдоо жендэрийн тэгш байдлыг харгалзан үзэх бөгөөд энэ хуулийн 15.1-д заасан гишүүний 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна.
15.15Гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө хуульд заасан үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, огцорсон, нас барсан тохиолдолд Улсын Их Хурал 60 хоногийн дотор энэ хуульд заасны дагуу нөхөн томилно.
15.16Удирдах зөвлөлийн даргын түр эзгүйд гишүүдээс хамгийн удаан жил ажилласан гишүүн, энэхүү шаардлагыг хэд хэдэн гишүүн хангаж байвал тэдгээрийн хамгийн ахмад настай гишүүн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.
15.17Удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг дор дурдсанаас бусад тохиолдолд үүрэгт ажлаас чөлөөлөхийг хориглоно:
15.17.1ёс зүйн ноцтой зөрчил гаргасан;
15.17.2эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
15.17.3өөрөө хүсэлт гаргасан;
15.17.4гэмт хэрэг үйлдсэн болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон.
15.18Удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь омбудсманы маргаан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглоно.
15.19Удирдах зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
15.19.1омбудсманы хараат бус, бие даасан байдлыг хангах;
15.19.2омбудсманы үйл ажиллагааны үр дүн болон үр ашигт байдалд хяналт тавих;
15.19.3омбудсман болон ажлын албаны орон тоо, цалин хөлсний хэмжээг үндэслэлтэй тогтоох;
15.19.4омбудсманы сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, омбудсманыг томилох, чөлөөлөх;
15.19.5омбудсманы ёс зүйн дүрэм, маргаан шийдвэрлэх журмыг батлах;
15.19.6санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллагын гүйцэтгэлийн жилийн төлөвлөгөөг батлах;
15.19.7санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг Улсын Их Хуралд хүргүүлэх;
15.19.8Зохицуулагч байгууллагатай зөвшилцөн Санхүүгийн омбудсманы үйл ажиллагааны журмыг батлах.
15.20Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байх бөгөөд дэгээ өөрөө тогтооно.
15.21Удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.
15.22Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллага гомдол, маргаан шийдвэрлэсэн талаарх статистик мэдээллийг улирал тутам гаргаж дараа улирлын эхний 10 хоногийн дотор Улсын Их Хурал, Зохицуулагч байгууллагад хүргүүлнэ.
15.23Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллага энэ хуулийн 15.22-т заасан статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийж санал, дүгнэлтийг Зохицуулагч байгууллагад хүргүүлнэ.
16 дугаар зүйлОмбудсман
16.1Омбудсман нь энэ хуулийн хүрээнд санхүүгийн хэрэглэгчээс гаргасан санхүүгийн үйлчилгээтэй холбоотой гомдол, маргааныг хянан шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
16.2Омбудсман нь энэ хуулийн 15.3-т заасан шаардлагыг хангасан иргэн байна.
16.3Омбудсманыг дор дурдсанаас бусад тохиолдолд үүрэгт ажлаас чөлөөлөхийг хориглоно:
15.3.1ёс зүйн ноцтой зөрчил гаргасан;
15.3.2эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
15.3.3өөрөө хүсэлт гаргасан;
15.3.4гэмт хэрэг үйлдсэн болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон.
16.4Омбудсман нь хараат бус, бие даасан байдлаар ажиллаж, гомдол, маргааныг түргэн шуурхай, шударгаар шийдвэрлэх үүрэгтэй.
16.5Удирдах зөвлөл энэ хуулийн 16.4-т заасан үүргээ биелүүлээгүй омбудсманыг нэн даруй чөлөөлнө.
17 дугаар зүйлОмбудсманы эрх зүйн хамгаалалт, баталгаа
17.1Омбудсман нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах баталгаагаар хангагдана:
17.1.1эрх хэмжээнийхээ хүрээнд хууль ёсны дагуу гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, эсхүл түүнийг биелүүлснээс санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгч, гуравдагч этгээдэд учирсан хохирлыг хариуцахгүй;
17.1.2хуулиар хүлээлгэсэн албан үүрэгтэй нь холбоотойгоор заналхийлэх, сүрдүүлэх, амь бие, эрүүл мэндэд нь халдах аливаа хууль бус үйлдлээс омбудсман, түүний гэр бүлийн гишүүдийг төр хамгаалах;
17.1.3үүргээ гүйцэтгэх үедээ эрүүл мэнд нь хохирсон буюу амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний гэр бүлд Удирдах зөвлөлөөс тогтоосон журмын дагуу тэтгэвэр, тэтгэмж, зардлыг олгох.
17.2Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр омбудсманы бүрэн эрхийг хязгаарлах, түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглоно.
17.3Омбудсманы хараат бус байдалд халдсан, омбудсманы үйл ажиллагаанд саад учруулсан хэн боловч хуулийн хариуцлага хүлээнэ.
17.4Хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан шийдвэртэй нь холбоотой аливаа маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авах, холбогдох бусад зардлыг Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллага хариуцна.
18 дугаар зүйлАжлын алба
18.1Ажлын алба нь эдийн засаг, санхүү, банк, хууль эрх зүй, мэдээллийн технологи, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн ажилтнуудаас бүрдэх бөгөөд санхүүгийн боловсрол олгох, омбудсманы маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагааг явуулахад туслах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
18.2Ажлын албаны дарга, ажилтнуудыг Удирдах зөвлөл нээлттэй сонгон шалгаруулж, томилно.
19 дүгээр зүйлОмбудсманы гомдол, маргаан хянан шийдвэрлэх журам
19.1Санхүүгийн хэрэглэгчээс Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандан гомдол гаргах, гомдол, маргааныг судлах, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг Зохицуулагч байгууллагатай зөвшилцөж, олон нийтийн саналыг авсны үндсэн дээр Удирдах зөвлөл батална.
19.2Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллага дараах тохиолдолд хүлээн авсан гомдлоор маргаан үүсгэхээс татгалзана:
19.2.1энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй;
19.2.2тухайн гомдлыг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч шийдвэрлэж, гомдлыг бүрэн барагдуулсан;
19.2.3тухайн гомдлыг омбудсман, шүүх болон бусад хууль хяналтын байгууллага хянаж байгаа, эсхүл өмнө нь шийдвэрлэсэн;
19.2.4гомдлын шинж чанар нь шүүхээр шийдвэрлэхэд илүү зохимжтой гэж омбудсман үзсэн.
19.3Омбудсман маргаан үүсгэхээс татгалзсан бол санхүүгийн хэрэглэгчид үндэслэл бүхий шийдвэрээ ажлын 3 өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.
20 дугаар зүйлБаримт, мэдээлэл гаргуулах
20.1Омбудсман маргаан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг маргалдагч талуудаас шаардах эрхтэй.
20.2Маргалдагч талууд энэ хуулийн 20.1-д заасан шаардлагын дагуу омбудсманы тогтоосон хугацаанд баримт мэдээллийг хүргүүлэх үүрэгтэй.
20.3Энэ зүйлд заасан шаардлагыг маргалдагч талууд тогтоосон хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй бол омбудсман гомдлыг буцаах, эсхүл маргааныг аль нэг талд ашигтайгаар шийдвэрлэх эрхтэй.
20.4Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч энэ хуулийн 8.1.15-т заасны дагуу өөрийн буруугүй болохыг нотлох үүрэгтэй.
21 дугаар зүйлОмбудсманы шийдвэр
21.1Омбудсман нь энэ хуулийн 4.1.3-т заасан санхүүгийн үйлчилгээ болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүн бүхий гомдол, маргааныг хянан шийдвэрлэнэ.
21.2Омбудсманы хүлээн авсан гомдол, маргааныг талуудын харилцан зөвшилцөлд хүргэх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
21.3Омбудсман маргаан шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, санхүүгийн салбарын тогтсон жишгийг баримтлан, санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална.
21.4Талууд маргааныг зөвшилцлөөр шийдвэрлэж эвлэрсэн бол омбудсман эвлэрлийн гэрээний үндсэн нөхцөлүүдийг бүртгэн авна. Зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шударга ёс, эрх зүйн үндсэн зарчмуудыг баримтлан маргааныг хянан шийдвэрлэж, талуудад шийдвэрээ бичгээр хүргүүлнэ.
21.5Омбудсманы шийдвэрийг зөвхөн санхүүгийн хэрэглэгч хүлээн зөвшөөрөөгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.
21.6Энэ хуулийн 21.5-т заасан омбудсманы шийдвэрт холбогдох маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.
21.7Энэ хуулийн 21.5-д заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй бол омбудсманы шийдвэр эцсийнх болно.
21.8Омбудсманы шийдвэр энэ хуулийн 21.7-д заасны дагуу эцсийнх болсон тохиолдолд талууд шүүхэд энэ талаар гомдол гаргах эрхгүй.
21.9Омбудсманы шийдвэр гомдол, маргааныг гомдол гаргагчийн талд шийдвэрлэсэн бол санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид гомдол гаргагчийн хохирлыг барагдуулах, бусад замаар зөрчлөө арилгахыг даалгасан хэлбэртэй байж болно.
22 дугаар зүйлСанхүүгийн маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг олон нийтэд тайлагнах
22.1Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллага улирал бүр өөрийн үйл ажиллагаа, гомдол, маргаан хянан шийдвэрлэсэн шийдвэрийн тоо, төрөл болон чиг хандлагын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэнэ.
22.2Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллага маргаан хянан шийдвэрлэсэн шийдвэрийг хувь хүний нууцлалыг хамгаалж, санхүүгийн омбудсманы цахим хуудсанд нийтэлнэ.
22.3Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллага иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хүрээнд өөрийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчилна.
22.4Сангүүгийн маргаан шийдвэрлэх байгууллага энэ хуулийн 21.1-т зааснаас бусад төрлийн санхүүгийн үйлчилгээтэй төсөөтэй гомдолд дүн шинжилгээ хийж, санал дүгнэлтийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлж болно.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ
23 дугаар зүйлСанхүүгийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаа
23.1Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
23.2Энэ хуулийн 23.1-д заасан хөтөлбөр дараах шаардлагыг хангасан байна:
23.2.1үндэсний хөгжлийн бодлогод тулгуурлах;
23.2.2төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл зэрэг эдийн засаг, санхүүгийн салбарын хөгжилтэй холбоотой гарсан бодлогын баримт бичигтэй уялдах;
23.2.3олон улсын жишиг, шилдэг туршлагад нийцсэн байх.
23.3Санхүүгийн боловсрол дээшлүүлэх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
23.3.1хүртээмжтэй байх;
23.3.2цогц мэдээ, мэдээллийг агуулсан байх;
23.3.3тасралтгүй байх;
23.3.4хяналт, үнэлгээг тогтмол хийдэг байх;
23.3.5олон нийт, хүний нөөцийг чадавхжуулах зорилготой байх.
23.4Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх бүхий албан тушаалтан, ажилтныг мэргэшүүлэх, ёс зүйн болон санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлийн сургалтын агуулга, төлөвлөгөөг зохицуулагч байгууллага болон салбар бүрийн мэргэжлийн холбоо энэ хуулийн 23.1-т заасан хөтөлбөрт нийцүүлэн хамтран батална.
23.5Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь санхүүгийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг энэ хуулийн 23.4-т заасан төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.
23.6Мэргэжлийн холбоо нь энэ хуулийн 23.1-д заасан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн маргаан таслах байгууллага, зохицуулагч байгууллагатай хамтран ажиллана.
23.7Мэргэжлийн холбоо санхүүгийн боловсролыг дээшлүүлэх асуудал хариуцсан салбар зөвлөлтэй байх бөгөөд энэ хуулийн 23.4-т заасан төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, үнэлэх, санал боловсруулах, бусад зохион байгуулалтын арга хэмжээ авах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
23.8Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь жил бүр үйл ажиллагааны цэвэр ашгийн нэг хувиас доошгүй хувийг олон нийтэд санхүүгийн боловсрол олгох ажилд зарцуулна.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ЗОХИЦУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА
24 дүгээр зүйлЗохицуулагч байгууллагын бүрэн эрх
24.1Зохицуулагч байгууллага нь хуульд заасан чиг үүргээс гадна санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хүрээнд санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
24.2Зохицуулагч байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.2.1санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;
24.2.2санхүүгийн боловсрол дээшлүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
24.2.3санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналт шалгалтыг хэрэгжүүлэх;
24.2.4санхүүгийн үйлчилгээнд хамрагдах хэлбэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн зан төлөвийг үнэлж, үйл ажиллагаанд хяналт тавих;
24.2.5санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр бусад эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах;
24.2.6санхүүгийн хэрэглэгч, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа хууль тогтоомж зөрчсөн нь гэмт хэргийн шинжтэй байвал эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
24.2.7хуульд заасан бусад.
24.3Зохицуулагч байгууллага энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд дараах дүрэм, журам, заавар, аргачлалыг батална:
24.3.1санхүүгийн үйлчилгээнд тавигдах нөхцөл, шаардлага, хязгаарлалт;
24.3.2санхүүгийн хэрэглэгчийг мэдээллээр хангасныг нотлох хяналтын хуудасны жишиг загвар;
24.3.3санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг үнэлэх аргачлал;
24.3.4санхүүгийн хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн тайлан, мэдээний загвар;
24.3.5хуульд заасан бусад.
24.4Зохицуулагч байгууллага энэ хуулийн 24.3-т заасан дүрэм, журам, заавар, аргачлалыг батлахдаа санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс гарах холбогдох зардал, санхүүгийн хэрэглэгчид хүрэх үр ашиг, санхүүгийн хүртээмжид үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан үзнэ.
24.5Зохицуулагч байгууллагууд зээлийн бодит өртгийг тооцох аргачлалыг хамтран батална.
24.6Зохицуулагч байгууллага санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилгоор санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид дараах арга хэмжээг авах эрхтэй:
24.6.1энэ хуульд заасан үүргээ зөрчсөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс гаргасан алдаа дутагдлыг арилгахыг шаардах;
24.6.2санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч санхүүгийн хэрэглэгчид хохирол учруулсан бол хохирлыг арилгах, санхүүгийн хэрэглэгчийн үндэслэлгүйгээр болон илүү төлсөн төлбөрийг буцаан олгохыг даалгах;
24.6.3санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн буруу ташаа мэдээлэл, мэдэгдэл, зар сурталчилгааг залруулахыг шаардах;
24.6.4санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийг тодорхой санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, түдгэлзүүлэх, зогсоох;
24.6.5санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны зөвшөөрлийг хуульд заасны дагуу түдгэлзүүлэх, хүчингүй болгох хасах;
24.6.6шаардлагатай гэж үзсэн бусад арга хэмжээ.
24.7Зохицуулагч байгууллага энэ хуулийн 24.6-д заасныг хэрэгжүүлэхдээ тус тусын хуульд заасан албадлагын арга хэмжээг авна.
24.8Зохицуулагч байгууллага санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, олон нийтэд санхүүгийн боловсрол олгох, дээшлүүлэх чиг үүрэг бүхий бие даасан нэгж, орон тоотой байна.
24.9Зохицуулагч байгууллага санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилгоор төрийн бусад эрх бүхий байгууллагатай хамтарсан хяналт шалгалт хийж болно.
24.10Зохицуулагч байгууллага энэ хуулийн 24.2.4-т заасныг хэрэгжүүлэхдээ шаардлагатай тохиолдолд гэрээний үндсэн дээр бусад этгээдээр гүйцэтгүүлж болно.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД
25 дугаар зүйлШударга бус зээлийн эсрэг арга хэмжээ 25.1.Банк, эрх бүхий хуулийн этгээд болон бусад зээлдүүлэгч этгээд нь зээлдэгчийн орлого, бусад төлбөрийн үүргийг харгалзан зээлдэгчийн төлбөрийн чадварт нийцүүлэн зээл олгоно.
25.2Энэ хуулийн 25.1-д заасан зээлдүүлэгчээс зээл олгоход дараах зүйлийг хориглоно:
25.2.1зээлийн хүүг урьдчилан авах;
25.2.2зээлийн бодит өртгөөс бусад аливаа хураамж, шимтгэл, нэмэлт төлбөр авах;
25.2.3зээл авахыг тулган шаардах;
25.2.4зээлийн нөхцөлийн талаарх мэдээллийг нуун дарагдуулах, худал мэдээлэл өгөх, зээлдэгчийг төөрөгдөлд оруулах.
25.3Банк, зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлж байгаа эрх бүхий хуулийн этгээдээс бусад хувь хүн, хуулийн этгээд аливаа зар сурталчилгаа, бусад мэдээллийн хэрэгслийг ашиглаж, олон нийтэд санал болгон, зээл олгохыг хориглоно.
25.4Зээлдүүлэгч зээлийн төлбөр барагдуулахдаа хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх ёс суртахууны хэм хэмжээг баримтлан, зээлдэгчийн хууль ёсны эрх, нэр хүндийг хүндэтгэн, хувийн нууцыг хадгалж, хамгаална.
25.5Зээлийн гэрээг бичгээр эсхүл цахим хэлбэрээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол зээлдүүлэгч хүү авах эрхээ алдана.
26 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
26.1Энэ хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
27 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
27.1Энэ хуулийг 2027 оны ... сарын ... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(2026.01.20 Үзэл баримтлал.docx)