Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2025 ОНЫ 1-Р САРЫН 8 ӨДӨР
УЛААНБААТАР
МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.4, 12.5 дахь хэсгийг нэмсүгэй:
“12.4.Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын энэ хуулийн 6.1-д заасан хугацаанаас өмнө гаргасан мэдээллийг үндэслэн даатгагч энэ хуулийн 4.1.8-д заасан гэрээний хугацаанд нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно.”
“12.5.Энэ хуулийн 12.4-т заасан нөхөн төлбөрийг энэ хуулийн 26.2-т заасан журмын дагуу олгоно.”
2 дугаар зүйл. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт:
“4.1.9.“давхар даатгалын компани” гэж энэ хуулийн 18.1-д заасан давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэн явуулах, тусгайлсан чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;”
2/7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг:
“7.2.Энэ хуулийн 7.1-д заасан босго үзүүлэлтийг энэ хуулийн 18.1-д заасан давхар даатгалын компанийн саналыг харгалзан тогтооно.”
3/12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:
“12.2.Даатгагч нөхөн төлбөрийг энэ хуулийн 12.4-т зааснаас бусад тохиолдолд хэсэгчлэн олгохыг хориглоно.”
3 дугаар зүйл. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн “03 дугаар сарын 01-ний” гэснийг “04 дүгээр сарын 01-ний” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн "малын" гэснийг хассугай.
5 дугаар зүйл. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Гарын үсэг
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь