Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 4-Р САРЫН 23 ӨДӨР
УЛААНБААТАР
БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Банкны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.21 дэх заалт:
“3.1.21.“гадаадын банк” гэж нийт гаргасан хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасных нь 50-иас дээш хувийг гадаад улсад бүртгэлтэй банк эзэмшдэг энэ хуулийн 3.1.1-т заасан хуулийн этгээдийг.”
2/19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь заалт:
“19.1.6.олон улсын аливаа хориг арга хэмжээний жагсаалтад ороогүй, эсхүл хориг арга хэмжээний жагсаалтад орсон улсад бүртгэлгүй байх.”
3/19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг:
“19.2.Гадаад улсын банкны салбар, төлөөлөгчийн газрын үүсгэн байгуулагчид энэ хуулийн 19.1.4-д заасан шаардлага хамаарахгүй.”
4/27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэг:
“27.6.Монголбанк гадаад улсын банкны салбар байгуулах зөвшөөрлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно:
27.6.1.салбарын үйл ажиллагааг зогсоох тухай эрх бүхий этгээд шийдвэр гарсан; Тайлбар: Эрх бүхий этгээд гэдэгт шүүх, гадаад улсын санхүүгийн хянан зохицуулах байгууллага, гадаад улсын банкны салбарын удирдлагыг ойлгоно.
27.6.2.салбарыг байгуулсан гадаад улсын банкны хэвийн үйл ажиллагаа, төлбөрийн чадвар алдагдсан, эсхүл алдагдах гарцаагүй нөхцөл байдал үүссэн;
27.6.3.салбар байгуулах зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тухайн салбар, нэгжийг бүртгүүлснээс хойш илэрсэн;
27.6.4.энэ хуулийн 19.1.6-д заасан шаардлагыг хангахгүй болсон.”
2 дугаар зүйл. Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь хэсгийн “хүсэлт гаргасан” гэсний дараа “эсхүл цагдаагийн байгууллага цахим залилах болон мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот таавар зохион байгуулах гэмт хэргийг мөрдөн шалгах хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд шаардсан,” гэж, 48 дугаар зүйлийн 48.1.17 дахь заалтын “банк” гэсний дараа “, банкны салбар” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Банкны тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг:
“22.4.Монголбанк нь гадаадын банк, гадаад улсын банкны салбар, төлөөлөгчийн газрын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.4.1.банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн хөрөнгө, хөрвөх чадвар, төвлөрлийн эрсдэл, активын чанар, засаглалын болон бусад шаардлага тогтоох;
22.4.2.хяналт шалгалт, албадлагын арга хэмжээг гадаад улсын банк, санхүүгийн хянан зохицуулагч байгууллагатай хийсэн харилцан ойлголцлын санамж бичиг, эсхүл хамтран ажиллах гэрээний дагуу хэрэгжүүлэх;
22.4.3.энэ хуулийн 43, 48 дугаар зүйлд заасан хяналт шалгалтын арга хэмжээ авах;
22.4.4.аливаа гадаадын банк, гадаад улсын банкны салбарын активын хэмжээ нь банкны тогтолцооны нийт актив, эсхүл банкны тогтолцооны нийт өөрийн хөрөнгийн 33 хувиас дээш болсон тохиолдолд Монголбанк зохистой харьцааны тусгай шалгуур үзүүлэлт тогтоох.”
2/34 дүгээр зүйлийн 34.2.2 дахь заалт:
“34.2.2.банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй сонирхлын зөрчилгүй байх;”
3/36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг:
“36.1.Банкны эцсийн өмчлөгч дангаар, эсхүл холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ нь банкны системд нөлөө бүхий банкны хувьд нийт гаргасан хувьцааны 34 хувиас, бусад банканд нийт гаргасан хувьцааны 51 хувиас тус тус хэтрэхгүй байна.”
4 дүгээр зүйл. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтын “тав” гэснийг “10” гэж өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.e, 3.1.2.з дэх дэд заалтыг, 36 дугаар зүйлийн 36.13 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл. Энэ хуулийг 20... оны ... дугаар сарын ... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Бусад
