ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ҮЕИЙН ХООЛЛОЛТ

Нийтэд ил харагдахгүй. Админ урдчилан харж байна.
Нийтлэгдэх огноо: 2023.09.11 20:38

Та энэхүү линк дээр дарах буюу QR кодыг гар утсаараа уншуулан асуумжийг бөглөнө үү.

Жирэмслэлт нь эмэгтэйчүүдийн амьдралын чухал үе бөгөөд эх болон ургийн эрүүл мэндэд хоол тэжээл чухал үүрэг гүйцэтгэдэг. Жирэмсэн эмэгтэйн бодисын солилцоо, эд эсийн нөхөн төлжилт, ураг эхэс бүрэлдэн хөгжих зэрэг шаардлагын улмаас эрдэс бодис, шим тэжээлийн бодисын хэрэгцээ нэмэгддэг. Иймд жирэмсэн болон хөхүүл эхчүүд энгийн үеэсээ илүү шим тэжээллэг хоол хүнс хэрэглэх шаардлагатай болдог.

Хүн амын хоол тэжээлийн байдалд хийсэн судалгаагаар манай улсын жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд Д аминдэмийн дутал 75,4%, төмрийн дутал 29,4%, цус багадалт 21,4% байна. Иймд жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ) нь бичил тэжээлийн дутлаас сэргийлэх жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд нэн хэрэгтэй бэлдмэл юм.

Монгол улс эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийг дэмжих бодлогын хүрээнд ОНБТБ-ийн зардлыг 2019 оноос эхлэн орон нутгийн төсөвт тусгаж 2000 оноос 06-23 сартай хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдийг ОНБТБ-ээр тогтвортой хангах боломжийг бүрдүүлж эхэлсэн. Гэвч өнөөгийн байдлаар олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн түгээлт хангалтгүй байгаа ба жирэмсэн эмэгтэйчүүдийн тал орчим хувь нь л тус бэлдмэлийг хэрэглэж байна.

Энэхүү асуумжаар жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн хооллолтын байдал, хоол тэжээлийн талаарх мэдлэг, дадал болон шим тэжээлтэй хүнсний хэрэглээ, нэмэлт аминдэм, эрдэс бодис, бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээний талаарх ерөнхий мэдээллийг цуглуулж, судалгааны үр дүнгээс эх хүүхдийн хоол тэжээлийг дэмжих чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлого арга хэмжээнд  тусган хэрэгжүүлэх зорилготой. Асуумжийн хүрээнд 21 аймаг 9 дүүргийн жирэмсэн болон төрсөн эмэгтэйчүүдийг цахимаар оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.

Энэхүү асуумж нь эх хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн байдлыг дэмжих үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой тул эмэгтэйчүүд та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье.

2023-10-09-ний өдөр зохион байгуулагдах Цахим хэлэлцүүлэгт оролцох бол энэхүү линкээр орж бүртгүүлнэ үү